2 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг дуулгавартай дагаж, Түүнд захирагдсан тухай (I хэсэг)

I. Ноа бүхээг барьсан нь

Өнөөдөр Би та нарт хэдэн түүх ярьж эхэлье. Сонсоод, Намайг ямар сэдвийн талаар ярьж байгааг, мөн энэ нь бидний өмнө нь үзсэн сэдвүүдтэй ямар нэгэн холбоотой эсэхийг хараарай. Эдгээр түүх гүн гүнзгий биш бөгөөд та нар бүгд ойлгох байх. Бид эдгээр түүхийг өмнө нь ярьж байсан, эдгээр нь хуучин түүхүүд юм. Хамгийн эхнийх нь Ноагийн түүх. Ноагийн үед хүн төрөлхтөн туйлын завхарсан байв: Хүмүүс шүтээн шүтэж, Бурханыг эсэргүүцэж, бүх төрлийн муу үйл хийж байлаа. Тэдний муу үйл Бурханы нүдэнд өртөж, хэлсэн үг нь Бурханы чихэнд хүрч, Бурхан энэ хүн төрөлхтнийг үерээр сүйрүүлж, энэ дэлхийг устгахаар шийджээ. Тэгвэл бүх хүнийг устгаж, нэг ч хүн үлдээхгүй байх байсан уу? Үгүй. Нэг хүн азтай байж, Бурханы нүдэнд тааллыг олсон бөгөөд Бурханы устгалын бай болохгүй байв: Энэ хүн бол Ноа байлаа. Бурхан дэлхийг үерээр устгасны дараа Ноа үлдэх байв. Энэ эрин үеийг эцэслэж, энэ хүн төрөлхтнийг устгахаар шийдсэнийхээ дараа Бурхан нэг зүйл хийсэн. Тэр нь юу байсан бэ? Нэгэн өдөр Бурхан тэнгэрээс Ноаг дууджээ. Тэрээр “Ноа, энэ хүн төрөлхтний ёрын муу байдал Миний чихэнд хүрсэн тул Би энэ дэлхийг үерээр устгахаарр шийдлээ. Чи гофер модоор бүхээг барих ёстой. Би чамд бүхээгийн хэмжээг өгөх бөгөөд чи бүхээг дотор оруулахаар төрөл бүрийн амьд амьтныг цуглуулах ёстой. Бүхээг баригдаж дуусаад, Бурханы бүтээсэн амьд амьтан бүрийн эр, эм нь дотор нь цугларсан байх үед Бурханы өдөр ирнэ. Тэр үед Би чамд дохио өгнө” гэж айлдав. Эдгээр үгийг айлдсаныхаа дараа Бурхан явжээ. Бурханы үгийг сонссоныхоо дараа Ноа Бурханы хэлсэн даалгавар нэг бүрийг орхигдуулалгүйгээр хэрэгжүүлж эхлэв. Тэр юу хийсэн бэ? Тэр Бурханы хэлсэн гофер мод болон бүхээг барихад шаардлагатай янз бүрийн материалыг хайжээ. Тэр бас төрөл бүрийн амьд амьтныг цуглуулж, тэжээхэд бэлдсэн. Энэ хоёр агуу үйл хэрэг хоёулаа түүний зүрх сэтгэлд сийлэгдсэн байв. Бурхан бүхээг барь гэж өөрт нь даалгасан үеэс хойш Ноа, “Бурхан ертөнцийг хэзээ сүйрүүлэх бол? Сүйрүүлнэ гэх дохиогоо хэзээ надад өгөх бол?” гэж дотроо хэзээ ч бодоогүй. Тийм асуудлыг тунгаан бодохын оронд Ноа Бурханы өөрт нь хэлсэн юм бүрийг зүрх сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүлээн авч, дараа нь нэг бүрчлэн хэрэгжүүлсэн. Бурханы даалгасан зүйлийг хүлээн авсныхаа дараа Ноа Бурханы ярьсан бүхээгийг барих нь өөрийнх нь амьдралын хамгийн чухал зүйл гэж үзэн үл ойшоохх ямар ч сэдэлгүйгээр хэрэгжүүлж, гүйцэтгэж эхлэв. Өдрөөс өдөрт, жилээс жилд өдөр хоног өнгөрч, он жилүүд урсан одлоо. Бурхан Ноаг шалгаж, шавдуулаагүй боловч энэ бүх хугацаанд Ноа Бурханы даалгасан чухал даалгаварт тууштай хандсан юм. Бурханы айлдсан үг, хэллэг бүр чулуун самбарт сийлсэн үг мэт Ноагийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байлаа. Гадаад ертөнцийн өөрчлөлт, эргэн тойрныхоо хүмүүсийн доог тохуу, нүүрлэсэн бэрхшээл, тулгарсан хүндрэлийг үл харгалзан тэрээр хэзээ ч хулчийж, бууж өгөх талаар бодолгүй, Бурханы өөрт нь даалгаж өгсөн зүйлд эхнээс нь дуустал тууштай байсан юм. Бурханы үг Ноагийн зүрх сэтгэлд сийлэгдэж, түүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж байлаа. Ноа бүхээг барихад хэрэгцээтэй материал бүрийг бэлдэж, Бурханы тушаасан бүхээгийн хэлбэр, үзүүлэлтүүд Ноагийн алх, цүүцний нямбай цохилт бүрээр аажмаар хэлбэрээ олжээ. Салхи, борооны үеэр, хүмүүс өөрийг нь яаж дооглож, гүжирдэхээс үл хамааран Ноагийн амьдрал жилээс жилд ийм маягаар үргэлжиллээ. Бурхан Ноад дахин ганц ч үг айлдалгүй үйлдэл бүрийг нь нууцхан ажигласан ба Ноа зүрх сэтгэлийг нь хөдөлгөсөн юм. Харин Ноа үүнийг нь мэдээ ч үгүй, мэдрээ ч үгүй. Бурханы үгийг тууштай даган эхнээс нь дуустал бүхээгээ л барьж, төрөл бүрийн амьд амьтныг цуглуулжээ. Ноагийн зүрх сэтгэлд Бурханы үг нь түүний дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой хамгийн дээд заавар байсан бөгөөд энэ нь түүний бүх насаараа эрэлхийлсэн зорилго, чиглэл байв. Тиймээс Бурхан түүнд юу ч хэлсэн, Бурхан түүнээс юу ч хийхийг хүссэн, юу ч тушаасан бай, Ноа үүнийг бүрэн хүлээн авч, зүрх сэтгэлдээ хадгалсан; тэр үүнийг амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж үзэж, тэр дагуу нь үйлдсэн. Тэр үүнийг мартаагүйгээр үл барам, зүрх сэтгэлдээ хадгалаад зогсохгүй, өдөр тутмын амьдралдаа бодит байдал болгож, Бурханы даалгаврыг амьдралаараа хүлээн авч, хэрэгжүүлсэн юм. Ийм маягаар бүхээгийг банз банзаар нь барьжээ. Ноагийн үйлдэл бүр, өдөр бүр нь Бурханы үг болон тушаалд зориулагдсан байв. Ноа ертөнцийг донсолгосон, асар чухал үйл хэрэг бүтээж байгаа мэт харагдаагүй байж болох ч Бурханы нүдэнд Ноагийн алхам бүр, тэр ч байтугай алхам тутамдаа хийхийг оролдсон бүхэн, түүний гараар хийгдсэн хөдөлмөр бүр нь бүгд үнэ цэнтэй, дурсахуйц байсан бөгөөд энэ хүн төрөлхтөн үүнээс үлгэр дуурайл авах ёстой байв. Ноа Бурханы даалгасан зүйлийг даган мөрдсөн юм. Тэрээр Бурханы айлдсан үг болгон үнэн гэдэгт тууштай итгэсэн; үүнд тэр огт эргэлзээгүй. Үүний үр дүнд бүхээг баригдаж дуусаад, төрөл бүрийн амьд амьтан үүн дээр амьдарч чадсан юм. Бурхан дэлхийг устгахаасаа өмнө Ноад дохио өгсөн, энэ дохио нь үер хаяанд ирсэн бөгөөд тэрээр нэн даруй бүхээгт орох ёстой гэж Ноад хэлжээ. Ноа яг л Бурханы хэлснээр хийсэн. Ноаг бүхээгт орох үед, тэнгэрээс асар их аадар бороо цутгах үед Бурханы үг биелж, Түүний үг гүйцэлдсэнийг Ноа харсан: Бурханы уур хилэн ертөнцөд буусан бөгөөд хэн ч энэ бүхнийг өөрчилж чадаагүй юм.

Ноа бүхээг барихад хэдэн жил орсон бэ? (120 жил.) Өнөөгийн хүмүүсийн хувьд 120 жил юуг төлөөлдөг вэ? Энэ нь хэвийн хүний амьдрах хугацаанаас урт. Магадгүй бүр хоёр хүн амьдрах хугацаанаас ч урт. Гэвч энэ 120 жилийн туршид Ноа нэг юмаа хийж, өдөр бүр адилхан зүйл хийсэн. Аж үйлдвэржилтийн өмнөх тэр цаг үед, мэдээллийн харилцаа холбооноос өмнөх тэр эринд, бүх зүйл хүний хоёр гар, биеийн хүчний хөдөлмөрт түшиглэдэг байсан тэр эрин үед Ноа өдөр бүр адилхан юм хийдэг байсан. 120 жилийн турш тэр бууж өгөөгүй, бас зогсоогүй. Зуун хорин жил: үүнийг бид яаж төсөөлж болох вэ? Хүн төрөлхтний дундаас өөр хэн нэгэн 120 жилийн турш нэг зүйлийг тууштай хийж чадах байсан уу? (Үгүй.) Хэн ч 120 жилийн турш нэг юмыг тууштай хийж чадаагүй гэдэгт гайхах зүйлгүй. Гэхдээ Бурханы даалгасан зүйлд 120 жилийн турш хувиралгүй тууштай байж, хэзээ ч гомдоллож, бууж өгөлгүй, гаднын ямар ч орчныг хайхралгүй, эцэстээ яг Бурханы хэлснээр гүйцэлдүүлсэн нэг хүн байв. Энэ нь ямаршуу асуудал байсан бэ? Хүн төрөлхтний дунд энэ нь ховор, онцгой, бүр цор ганц байсан. Хүмүүний түүхийн урт удаан хугацаанд, Бурханыг дагаж байсан бүх хүн төрөлхтний дунд үүнтэй жиших зүйл огт байгаагүй. Инженерчлэлийн далайц, хүндрэл, шаардлагатай биеийн хүчний хөдөлмөр, хичээл зүтгэлийн түвшин, үргэлжилсэн хугацааны хувьд энэ нь амаргүй ажил байсан, иймээс Ноа энэ зүйлийг хийх үед, энэ нь хүн төрөлхтний дунд давтагдашгүй байсан бөгөөд Ноа Бурханыг дагадаг бүх хүний дуурайл, үлгэр жишээ юм. Ноа цөөн хэдэн үг л сонссон бөгөөд тухайн үед Бурхан олон үг илэрхийлээгүй тул Ноа олон үнэнийг ойлгоогүй байсанд эргэлзэх юмгүй. Тэрээр орчин үеийн шинжлэх ухаан, орчин цагийн эрдэм мэдлэгийг ойлгодог байгаагүй. Ноа дэндүү эгэл жирийн хүн, хүн төрөлхтний онцгойрох юмгүй нэг гишүүн байсан юм. Гэхдээ нэг талаар Ноа хэнтэй ч адилгүй байсан: Тэр Бурханы үгийг дуулгавартай дагахаа мэддэг, Бурханы үгийг хэрхэн дагаж, баримтлахаа мэддэг, хүний зөв зохистой байр суурь юу болохыг мэддэг, мөн Бурханы үгэнд үнэхээр итгэж, дуулгавартай дагаж чаддаг байсан—тэгээд л тэр. Ноад Бурханы даалгасан бүхнийг гүйцэлдүүлэх боломж олгоход эдгээр цөөн хэдэн энгийн зарчим хангалттай байсан, Ноа үүнд ердөө хэдхэн сар, хэдэн жил, хэдэн арван жил ч биш, зуу гаруй жилийн турш тууштай явсан. Энэ тоо гайхмаар биш байна уу? Ноагаас өөр хэн үүнийг хийж чадах байсан бэ? (Хэн ч чадахгүй.) Яагаад тэр вэ? Зарим хүн үүнийг үнэнийг ойлгоогүйгээс үүдэлтэй гэдэг—гэхдээ энэ нь баримттай нийцдэггүй. Ноа хичнээн үнэнийг ойлгосон бэ? Ноа яагаад энэ бүхнийг хийж чадсан бэ? Өнөөгийн итгэгчид Бурханы олон үгийг уншсан, зарим үнэнийг ойлгодог—тэгвэл тэд яагаад үүнийг хийж чаддаггүй юм бэ? Бусад нь үүнийг хүмүүсийн завхарсан зан чанараас болсон гэдэг—гэхдээ Ноа завхарсан зан чанартай байгаагүй гэж үү? Ноа үүнийг хийж чадсан байхад өнөөгийн хүмүүс яагаад чаддаггүй юм бэ? (Яагаад гэвэл, өнөөгийн хүмүүс Бурханы үгэнд итгэдэггүй, Бурханы үгийг үнэн гэж үздэггүй, бас үнэн гэж баримталдаггүй.) Тэд яагаад Бурханы үгийг үнэн гэж үзэж чаддаггүй юм бэ? Тэд яагаад Бурханы үгийг баримталж чаддаггүй юм бэ? (Тэд Бурханаас эмээдэг сэтгэлгүй.) Тэгвэл хүмүүс үнэнийг ойлгодоггүй, олон үнэнийг сонсоогүй байх үед тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл хэрхэн төрөх вэ? (Тэд хүн чанартай, мөс чанартай байх ёстой.) Зөв. Хүмүүсийн хүн чанарт хамгийн үнэ цэнтэй хоёр зүйл байх ёстой: Нэгдүгээрт мөс чанар, хоёрдугаарт хэвийн хүн чанарын эрүүл ухаан. Мөс чанар болон хэвийн хүн чанарын эрүүл ухааныг эзэмших нь хүн байхын хамгийн наад захын стандарт; энэ бол хүнийг хэмжих хамгийн наад захын, хамгийн үндсэн стандарт юм. Гэвч өнөөгийн хүмүүст энэ нь байхгүй, тиймээс тэд хэчнээн олон үнэнийг сонсож, ойлгосон ч Бурханаас эмээдэг сэтгэлийг эзэмших нь тэдэнд боломжгүй юм. Тэгвэл өнөөгийн хүмүүс болон Ноагийн хоорондох мөн чанарын ялгаа юу вэ? (Тэд хүн чанаргүй.) Тэгвэл энэхүү хүн чанаргүй байдлын мөн чанар нь юу вэ? (Тэд бол араатнууд, чөтгөрүүд.) “Араатнууд, чөтгөрүүд” гэдэг нь тийм ч сайхан сонсогдохгүй байгаа ч энэ нь баримттай нийцдэг; үүнийг арай эелдэгээр хэлбэл тэд хүн чанаргүй. Хүн чанар, эрүүл ухаангүй хүмүүс бол хүн биш, тэд араатнаас ч дор. Ноа Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж чадсаны шалтгаан нь Ноа Бурханы үгийг сонсох үедээ үүнийг зүрх сэтгэлдээ бат хадгалж чадсан явдал юм; түүний хувьд Бурханы даалгавар нь бүх насаараа хийх үйл хэрэг байсан бөгөөд түүний итгэл гуйвшгүй, хүсэл зориг нь зуун жилийн турш хувирашгүй байсан. Учир нь түүнд Бурханаас эмээдэг сэтгэл байсан, тэр жинхэнэ хүн байсан бөгөөд дээд зэргийн эрүүл ухаантай байсан учраас л Бурхан бүхээг барих ажлыг түүнд даалгасан юм. Ноа шиг тийм их хүн чанар, эрүүл ухаантай хүмүүс маш ховор бөгөөд өөр нэгийг олоход тун хэцүү байх болно.

Ноа үнэндээ ганцхан зүйл л хийж чадсан. Энэ нь маш энгийн байсан: Бурханы үгийг сонссоныхоо дараа тэрээр үүнийг хэрэгжүүлж, ягштал хийсэн. Тэр хэзээ ч эргэлзэж, хэзээ ч бууж өгч байгаагүй. Бурхан түүнээс юу ч хийхийг хүссэн бай тэр үүнийг хийсээр байсан бөгөөд яагаад гэж, эсвэл өөрийнхөө ашиг, алдагдлыг огт бодолцолгүйгээр Бурханы хэлсэн арга замаар ягштал гүйцэтгэж, хэрэгжүүлсэн. Тэрээр Бурханы үгийг санаж байсан: “Бурхан дэлхийг устгах гэж байна. Чи нэн даруй бүхээг барих ёстой, үүнийг барьж дуусаад үерийн ус ирэх үед та нар бүгд бүхээгт орох ёстой, харин бүхээгт ороогүй хүмүүс бүгд мөхөх болно.” Бурханы айлдсан зүйл хэзээ биелэхийг тэр мэдээгүй, гагцхүү Бурханы айлдсан зүйл биелэх ёстой, Бурханы бүх үг үнэн бөгөөд үүний дунд ганц ч худал үг байхгүй, мөн энэ нь хэзээ биелэх, ямар цаг үед хэрэгжих нь Бурханаас хамаарна гэдгийг л мэдэж байсан. Тухайн үед түүний цорын ганц даалгавар бол Бурханы хэлсэн бүхнийг зүрх сэтгэлдээ бат хадгалж, дараа нь цаг алдалгүй хэрэгжүүлэх явдал гэдгийг тэр мэдэж байв. Ноагийн бодол ийм л байсан. Тэр ингэж л бодож, ингэж л хийсэн бөгөөд эдгээр нь баримт юм. Тэгвэл та нар болон Ноагийн хоорондох мөн чанарын ялгаа юу вэ? (Бид Бурханы үгийг сонсох үедээ үүнийг хэрэгжүүлдэггүй.) Энэ бол зан авир, мөн чанарын ялгаа нь юу вэ? (Бид хүн чанараар дутуу дулимаг.) Энэ нь, Ноа хүнд байх ёстой хамгийн наад захын хоёр зүйл болох мөс чанар болон хэвийн хүн чанарын эрүүл ухааныг эзэмшсэн байсан явдал юм. Та нарт эдгээр зүйл байхгүй. Ноаг хүн гэж нэрлэж болно, харин та нар тэгж нэрлэгдэх эрхгүй гэж хэлэх нь шударга уу? (Тийм.) Би яагаад ингэж хэлж байна вэ? Баримт нь бэлхнээ байна: Ноагийн хийсэн зүйлийн талыг нь байтугай, өчүүхэн хэсгийг нь ч та нар хийж чадахгүй байсан. Ноа 120 жилийн турш тууштай байж чадсан. Та нар хэдэн жил тууштай байж чадах вэ? Зуу? Тавь? Арав? Тав? Хоёр уу? Хагас жил үү? Та нараас хэн нь хагас жил тууштай байж чадах вэ? Гадагш гарч, Бурханы хэлсэн модыг хайж, түүнийг тайрч, холтосыг нь хуулж, модыг хатааж, дараа нь янз бүрийн хэлбэр, хэмжээгээр тайрах—та нар үүнийг хагас жилийн турш хийж чадах уу? Та нарын ихэнх нь толгой сэгсэрч байна—та нар хагас жил ч болж чадахгүй. Тэгвэл гурван сар яах вэ? Зарим хүн: “Гурван сар ч бас хэцүү байх гэж би бодож байна. Би жижигхэн, эмзэг биетэй. Ойд шумуул болон бусад хорхой шавж, бас шоргоолж, бөөс байдаг. Тэд бүгд намайг хазвал би тэвчиж чадахгүй. Түүгээр ч барахгүй, өдөр бүр мод цавчиж, тэр заваан, ядаргаатай ажлыг гадаа нар шарж, салхи исгэрч байхад хийвэл хоёр хонолгүй би наранд түлэгдэнэ. Энэ бол миний хийхийг хүсэж байгаа ажил биш—надад даалгаж болох арай амархан зүйл байна уу?” гэдэг. Бурхан чамд юу даалгахыг чи сонгож чадах уу? (Үгүй.) Хэрвээ чи гурван сар тууштай байж чадахгүй бол чамд жинхэнэ дуулгавартай байдал байна уу? Чи дуулгавартай байдлын бодит байдлыг эзэмшдэг үү? (Үгүй.) Та нар гурван сар ч тэсэж чадахгүй. Тэгвэл хагас сар тэсэж чадах хүн байна уу? Зарим хүн: “Би гофер модыг таньж, мод тайрч чадахгүй. Модыг тайрах үед аль зүгт унахыг нь ч би мэдэхгүй—хэрвээ над дээр унавал яах вэ? Түүнээс гадна, модыг тайрсны дараа би хамгийн ихдээ нэг юм уу хоёр модны их биеийг л үүрч чадна. Үүнээс илүү гарвал миний нуруу, мөр тэсэхгүй биз дээ?” гэдэг. Та нар хагас сар ч тэсэж чадахгүй. Тэгвэл та нар юу хийж чадах вэ? Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханы үгэнд захирагдаж, Түүний үгийг хэрэгжүүлэхийг та нараас шаардах үед та нар юунд хүрч чадах вэ? Компьютер ашиглаж, тушаал өгөхөөс өөр та нар юу хийж чадах вэ? Хэрвээ энэ Ноагийн үе байсан бол та нар Бурханы дуудсан хүн байх байсан уу? Яавч үгүй! Та нар Бурханы дуудсан хүн биш байх байсан; та нар Бурханы таашаан үзсэн хүн биш байх байсан. Яагаад? Яагаад гэвэл, чи Бурханы үгийг сонссоныхоо дараа дуулгавартай дагаж чаддаг хүн биш. Хэрвээ чи тийм хүн биш бол амьдрах эрхтэй юу? Үер болох үед чи амьд үлдэх эрхтэй юу? (Үгүй.) Хэрвээ үгүй бол чи устгагдах болно. Хэрвээ чи Бурханы үгийг хагас сар ч хэрэгжүүлж чадахгүй бол чи ямар гээч хүн бэ? Чи Бурханд үнэхээр итгэдэг хүн мөн үү? Хэрвээ чи Бурханы үгийг сонссоныхоо дараа үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол, хэрвээ чи хагас сар ч тэсэж чадахгүй, хоёр долоо хоногийн бэрхшээлийг ч давж чадахгүй бол чиний ойлгодог тэр жаахан үнэн чамд ямар нөлөө үзүүлж байна вэ? Хэрвээ энэ нь чамайг хазаарлах өчүүхэн төдий ч нөлөө үзүүлэхгүй бол чиний хувьд үнэн бол зүгээр л хэдэн үг бөгөөд ямар ч ашиггүй юм. Хэрвээ чи тэр бүх үнэнийг ойлгодог хэрнээ Бурханы үгийг хэрэгжүүлж, 15 хоногийн бэрхшээлийг туулахыг чамаас шаардах үед чи тэвчиж чадахгүй бол чи ямар гээч хүн бэ? Бурханы нүдэнд чи стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл мөн үү? (Үгүй.) Ноагийн зовлон зүдүүр болон 120 жилийн тууштай байдлыг бодож үзвэл та нарын хооронд зүгээр нэг багахан зай байгаа юм биш—харьцуулахын аргагүй юм. Бурхан Ноаг дуудаж, хийхийг хүссэн бүхнээ түүнд даалгасан шалтгаан нь Бурханы үзэж байгаагаар Ноа Түүний үгийг дуулгавартай дагаж чаддаг байсан, тэрээр агуу үйл хэргийг даалгаж болох хүн, найдвартай, Бурханы хийхийг хүссэн зүйлийг бодит байдал болгож чадах хүн байсан юм; Бурханы нүдэнд энэ жинхэнэ хүн байв. Харин та нар яах вэ? Та нар эдгээр зүйлийн алиныг нь ч хийж чадахгүй. Бурханы нүдэнд та нар бүгд юу болохыг төсөөлөхөд хэцүү биш. Та нар хүн мөн үү? Та нар хүн гэж нэрлэгдэхэд тохирох уу? Хариулт нь тодорхой: Та нар биш! Би хугацааг аль болох богиносгож, 15 хоног, ердөө хоёр долоо хоног болгосон ч та нарын хэн нь ч үүнийг хийж чадна гэж хэлээгүй. Энэ нь юуг харуулж байна вэ? Та нарын итгэл, үнэнч байдал, дуулгавартай байдал бүгд юу ч биш гэдгийг харуулж байна. Та нарын итгэл, үнэнч байдал, дуулгавартай байдал гэж боддог зүйлийг Би юу ч биш гэж хардаг! Та нар өөрсдийгөө нэлээд сайн гэж гайхуулдаг ч Миний нүдэнд та нар туйлын дутмаг байна!

Ноагийн түүхэнд хамгийн гайхалтай, хамгийн бахархмаар, хамгийн их үлгэр дуурайл авмаар зүйл бол түүний 120 жилийн тууштай байдал, 120 жилийн дуулгавартай, үнэнч байдал юм. Хар даа, Бурхан хүн сонгохдоо алдаа гаргасан уу? (Үгүй.) Бурхан бол хүний хамгийн гүн дэх дотоод сэтгэлийг ажигладаг Бурхан юм. Тэр хүн далай дундаас Ноаг сонгож, Ноаг дуудсан бөгөөд Бурхан сонголтдоо алдаа гаргаагүй: Ноа Түүний хүлээлтэд хүрч, Бурханы өөрт нь даалгасан зүйлийг амжилттай гүйцэтгэсэн. Энэ бол гэрчлэл. Энэ л Бурханы хүссэн зүйл, энэ бол гэрчлэл! Гэвч та нарт үүний ямар нэгэн шинж тэмдэг, ул мөр байна уу? Байхгүй. Та нарт ийм гэрчлэл байхгүй нь тодорхой байна. Та нараас илчлэгддэг зүйл, Бурханы хардаг зүйл бол ичгүүрийн тэмдэг юм; ярих үед хүмүүсийн нулимсыг унагах нэг ч зүйл байхгүй. Ноагийн янз бүрийн илрэл, ялангуяа, зуун жилийн турш эргэлзэж, өөрчлөгдөөгүй түүний Бурханы үгэнд итгэх бат итгэл, мөн зуун жилийн турш ганхаагүй бүхээг барих түүний тууштай байдал, түүнчлэн түүний энэ итгэл, хүсэл зоригийн хувьд орчин үед хэн ч харьцуулагдашгүй, хэн ч түүнтэй дүйцэхгүй. Гэсэн ч Ноагийн үнэнч, дуулгавартай байдлыг хэн ч тоодоггүй, үүнд хүмүүсийн нандигнаж, үлгэр дуурайл авмаар зүйл байна гэж хэн ч итгэдэггүй. Харин одоо хүмүүст юу илүү чухал байна вэ? Уриа лоозон давтаж, хоосон сургаал ярих нь чухал байна. Тэд олон үнэнийг ойлгож, үнэнийг олж авсан мэт харагддаг ч Ноатай харьцуулахад тэд түүний хийсэн зүйлийн зууны нэг, мянганы нэгд ч хүрээгүй. Тэд ямар дутуу дулимаг байна вэ! Тэнгэр газар шиг ялгаа байна. Ноа бүхээг барьснаас та нар ямар хүмүүс Бурханд хайрлагддагийг олж мэдсэн үү? Бурханд хайрлагддаг хүмүүст яг ямар чанар, зүрх сэтгэл, ёс жудаг байдаг вэ? Ноад байсан бүх зүйл та нарт байна уу? Хэрвээ чи өөртөө Ноагийн итгэл, зан араншин байна гэж бодож байвал Бурханд нөхцөл болзол тавьж, Түүнтэй наймаалцах гэж оролдох чинь бага зэрэг уучлагдаж болох юм. Хэрвээ чи тэдгээр нь чамд огт байхгүй гэж бодож байвал Би чамд үнэнийг хэлье: Өөрийгөө бүү дөвийлгө—чи юу ч биш. Бурханы нүдэнд чи өтнөөс ч дор. Гэсэн хэрнээ чи Бурханд нөхцөл болзол тавьж, наймаалцах гэж оролдох зүрхтэй хэвээр байна уу? Зарим хүн: “Хэрвээ би өтнөөс ч дор юм бол Бурханы гэрт нохой болж үйлчилбэл ямар вэ?” гэдэг. Үгүй, чи үүнд тохирохгүй. Яагаад? Чи Бурханы гэрийн үүдийг ч сайн манаж чадахгүй, тиймээс Миний нүдэнд чи манаач нохойтой ч дүйцэхгүй. Эдгээр үг та нарт гомдмоор байна уу? Үүнийг сонсох нь та нарт тааламжгүй байна уу? Энэ нь та нарын өөрийгөө хүндлэх үзлийг эмзэглүүлэх зорилгогүй; энэ бол баримтад тулгуурласан мэдэгдэл, нотолгоонд суурилсан баталгаа бөгөөд өчүүхэн төдий ч худал биш юм. Та нар яг ингэж л авирладаг, та нараас яг энэ л харагддаг; та нар Бурханд яг ингэж л ханддаг, мөн Бурханы та нарт даалгасан бүхэнд та нар ингэж л ханддаг. Миний хэлсэн бүхэн үнэн бөгөөд зүрх сэтгэлээс гарсан юм. Бид Ноагийн түүхийн талаарх хэлэлцүүлгээ үүгээр дуусгая.

II. Абрахам Исаакийг өргөсөн нь

Ярихад үнэ цэнтэй өөр нэг түүх бий: энэ бол Абрахамын түүх юм. Нэгэн өдөр хоёр элч Абрахамын гэрт ирэхэд тэр тэднийг бахдалтайгаар хүлээн авчээ. Элчүүд Бурхан түүнд хүү хайрлана гэдгийг Абрахамд хэлэх даалгавартай байв. Үүнийг сонсмогцоо Абрахам маш их баярлаж: “Эзэндээ талархъя!” гэв. Харин тэдний ард Абрахамын эхнэр Сара дотроо шоолон инээж байлаа. Түүний шоолон инээсэн нь “Энэ боломжгүй, би хөгширсөн—би яаж хүүхэд төрүүлж чадах юм бэ? Надад хүү хайрлана гэдэг ямар инээдтэй юм бэ!” гэсэн утгатай байв. Сара үүнд итгэсэнгүй. Элчүүд Сарагийн инээхийг сонссон уу? (Тийм.) Мэдээж тэд сонссон, Бурхан ч бас үүнийг харсан. Тэгээд Бурхан юу хийсэн бэ? Бурхан үзэгдэхгүйгээр харж байлаа. Тэрхүү мунхаг эмэгтэй Сара үүнд итгээгүй—гэхдээ Бурханы хийхээр шийдсэн зүйл хүмүүсийн үймээнд өртөх үү? (Үгүй.) Энэ нь ямар ч хүний үймээнд өртөхгүй. Бурханыг ямар нэг зүйл хийхээр шийдэх үед зарим хүн “Би үүнд итгэхгүй байна, би эсэргүүцэж байна, би татгалзаж байна, би дургүйцэж байна, надад энэ нь асуудалтай байна” гэж хэлж магадгүй. Тэдний үг үндэслэлтэй юу? (Үгүй.) Тэгвэл санал нийлдэггүй, хэлэх зүйлтэй, итгэдэггүй хүмүүс байгааг Бурхан харах үедээ тэдэнд тайлбар өгөх шаардлагатай юу? Тэр хийж буй зүйлийнхээ яагаад, яаж гэдгийг тэдэнд тайлбарлах хэрэгтэй юу? Бурхан тэгдэг үү? Тэр тэгдэггүй. Энэ мунхаг хүмүүсийн юу хийж, юу хэлэхэд Тэр огт анхааралд хандуулдаггүй бөгөөд тэдний хандлага ямар байх нь Түүнд хамаагүй. Бурханы хийхээр шийдсэн зүйл Түүний зүрх сэтгэлд эртнээс бат тогтсон байдаг: Энэ бол Түүний хийх зүйл юм. Бүх зүйл, үйл явдал Бурханы гарын хяналт, дээд эрх дор байдаг бөгөөд хүн хэзээ хүүхэдтэй болох, ямар хүүхэдтэй болох нь ч үүнд багтана—энэ ч бас Бурханы гарт байдаг гэдгийг хэлэх илүүц биз ээ. Бурхан Абрахамд хүү хайрлана гэдгээ хэлүүлэхээр элчүүдийг илгээх үедээ үнэн хэрэгтээ дараа нь хийх олон зүйлээ аль хэдийн төлөвлөчихсөн байв. Тэр хүү ямар үүрэг хариуцлага үүрэх, ямархуу амьдралтай байх, үр удам нь ямар байхыг Бурхан эртнээс төлөвлөчихсөн байсан бөгөөд ямар ч алдаа, өөрчлөлт гарахгүй байлаа. Тэгвэл ямар нэгэн мунхаг эмэгтэйн шоолон инээх нь ямар нэг зүйлийг өөрчилж чадах уу? Энэ нь юуг ч өөрчилж чадахгүй. Тэгээд цаг нь болоход Бурхан төлөвлөснийхөө дагуу хийсэн бөгөөд энэ бүхэн Бурханы айлдаж, тогтоосны дагуу биелсэн юм.

Абрахамыг 100 настай байхад Бурхан түүнд хүү хайрлав. 100 жилийн турш хүүгүй амьдарсан Абрахамын өдрүүд нэгэн хэвийн, ганцаардмал байсан. Үр хүүхэдгүй, ялангуяа хүүгүй 100 настай хүнд ямар санагдах бол? “Миний амьдралд ямар нэг зүйл дутуу байна. Бурхан надад хүү хайрласангүй, амьдрал минь бага зэрэг ганцаардмал, жаахан харамсалтай санагдаж байлаа.” Гэвч Бурхан элчүүдээ илгээн түүнд хүү хайрлана гэдгээ хэлүүлэх үед Абрахамын сэтгэл санаа ямар байсан бэ? (Баяр хөөртэй.) Тэрээр баяр хөөрөөр бялхаж байснаас гадна мөн хүлээлтээр дүүрэн байв. Үлдсэн насандаа хүүхэд өсгөх боломж олгосон Бурханы нигүүлслийн төлөө тэр Түүнд талархсан. Ямар гайхалтай хэрэг байв аа, тэгээд энэ нь яг ийм байдлаар болсон юм. Тэгвэл түүнд баярлах ямар зүйлс байсан бэ? (Тэр үр удамтай болж, гэр бүлийнх нь хэлхээ үргэлжлэхээр болсон.) Энэ бол нэг зүйл нь. Өөр нэг хамгийн их баярласан зүйл байсан—тэр нь юу байсан бэ? (Энэ хүүхдийг Бурхан биечлэн хайрласан.) Яг зөв. Жирийн хүн хүүхэдтэй болох үед Бурхан ирж тэдэнд хэлдэг үү? Тэр: “Миний чамд амласан энэ хүүхдийг Би биечлэн хайрлаж байна” гэж хэлдэг үү? Бурхан ингэж хийдэг үү? Үгүй. Тэгвэл энэ хүүхдийн хувьд онцлой зүйл нь юу байсан бэ? Бурхан элчүүдээ илгээж Абрахамд: “100 насандаа чи Бурханы биечлэн хайрласан хүүхдийг хүлээн авах болно” хэмээн биечлэн хэлүүлсэн. Энэ бол тэр хүүхдийн хувьд онцлой зүйл нь байв: Түүний талаар Бурхан айлдсан бөгөөд Бурхан биечлэн хайрласан. Энэ юутай баяр хөөртэй хэрэг байв аа! Тэгээд энэ хүүхдийн онцгой ач холбогдол нь хүмүүсийн толгойд түмэн бодол эргэлдэхэд хүргэхгүй гэж үү? Энэ хүүхэд төрөхийг нүдээрээ үзээд Абрахамд ямар санагдсан бэ? “Би эцэст нь хүүхэдтэй боллоо. Бурханы үг биелэв; Бурхан надад хүүхэд өгнө гэж айлдсан, Тэр үнэхээр өглөө!” Энэ хүүхэд төрж, тэрээр түүнийг өөрийн гар дээрээ тэврэх үедээ хамгийн түрүүнд: “Би энэ хүүхдийг хүний гараас биш, харин Бурханы гараас хүлээж авлаа. Энэ хүүхэд яг цагаа олж ирлээ. Түүнийг Бурхан хайрласан, тэр Бурханаас ирсэн учраас би түүнийг сайн өсгөж, сайн хүмүүжүүлж, Бурханыг шүтэн мөргүүлж, Бурханы үгийг дуулгавартай дагадаг болгох ёстой” гэж бодсон. Тэр энэ хүүхдийг маш их нандигнасан уу? (Тийм.) Энэ бол онцгой хүүхэд байлаа. Дээрээс нь Абрахамын насыг бодож үзвэл тэр энэ хүүг хэчнээн их нандигнаж байсныг төсөөлөхөд бэрх биш юм. Жирийн хүний үр хүүхдээ гэх хайр, энхрийлэл, энэрэл бүгд Абрахамд ч бас байсан. Абрахам Бурханы айлдсан үгэнд итгэсэн бөгөөд Түүний үг биелэхийг өөрийн нүдээр гэрчилсэн. Тэрээр эдгээр үгийг айлдахаас эхлээд биелэх хүртэл нь гэрчлэгч байсан юм. Бурханы үг хэчнээн эрх мэдэлтэй, Түүний үйл хэрэг хэчнээн гайхамшигтай, хамгийн чухал нь Бурхан хүнийг хэчнээн их халамжилдгийг тэр мэдэрсэн. Хэдийгээр хүүхдийг хараад Абрахамд олон давхар, хүчтэй мэдрэмжүүд төрсөн ч зүрх сэтгэлд нь Бурханд хэлэх ганцхан зүйл байв. Тэр юу гэж хэлсэн гэж та нар бодож байна, Надад хэл дээ? (Бурханд талархъя!) “Эзэндээ талархъя!” Абрахам талархаж, мөн Бурханд гүн талархал, магтаалаа өргөсөн. Бурхан болон Абрахамын хувьд энэ хүүхэд онцгой ач холбогдолтой байв. Учир нь Бурхан Абрахамд хүүхэд өгнө гэж хэлсэн тэр мөчөөс эхлэн Бурхан ямар нэг зүйлийг гүйцэлдүүлэхээр төлөвлөж, тогтоосон байлаа: Түүнд энэ хүүхдээр дамжуулан гүйцэлдүүлэхийг хүссэн чухал асуудал, агуу хэрэг байсан юм. Бурханы хувьд энэ хүүхдийн ач холбогдол ийм байв. Харин Абрахамын хувьд, Бурхан түүнд онцгой нигүүлсэл үзүүлж, хүүхэд хайрласан учраас бүхэл бүтэн хүн төрөлхтний түүхийн явцад болон бүх хүн төрөлхтний хувьд түүний оршин байх үнэ цэн, ач холбогдол нь онцгой, эгэл бус байсан юм. Тэгээд түүх үүгээр дууссан уу? Үгүй. Хамгийн чухал хэсэг нь хараахан эхлээгүй байна.

Абрахам Бурханаас Исаакийг хүлээн авсныхаа дараа Бурханы тушааж, шаардсаны дагуу Исаакийг өсгөв. Тэрхүү эгэл жирийн он жилүүдийн өдөр тутмын амьдралдаа Абрахам Исаакийг дагуулан тахил өргөж, тэнгэр дэх Бурханы түүхүүдийг Исаакт ярьж өгдөг байв. Яваандаа Исаак учир мэддэг болов. Тэрээр Бурханд хэрхэн талархаж, Бурханыг хэрхэн магтахыг сурсан бөгөөд хэрхэн дуулгавартай дагаж, өргөл өргөхийг сурчээ. Хэзээ өргөл өргөдөг, тахилын ширээ хаана байдгийг тэр мэддэг байв. Үргэлжлүүлээд түүхийн чухал хэсэг рүү орцгооё. Нэгэн өдөр, Исаак учир мэддэг болж эхэлсэн ч хараахан насанд хүрээгүй байх үед Бурхан Абрахамд: “Энэ тахилд Би хурга хүсэхгүй байна. Оронд нь Исаакийг өргө” гэж айлдав. Исаакийг тийм их нандигнадаг Абрахамын хувьд Бурханы үг цэлмэг тэнгэрээс аянга буух мэт байсан уу? Тийм өндөр настай Абрахам байтугай идэр насандаа яваа—30, 40-өөд насны—хэдэн хүн энэ мэдээг сонсоод тэсэж чадах байсан бол? Хэн нэгэн чадах уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы үгийг сонсоод Абрахам ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? “Айн? Бурхан айлдахдаа эндүүрсэн юм болов уу? Бурхан хэзээ ч эндүүрдэггүй, тэгэхээр миний хөгшин чих буруу сонссон хэрэг үү? Би дахин нэг лавлая.” Тэрээр: “Бурхан минь, Та надаас Исаакийг өргөхийг шаардаж байна уу? Исаак бол Таны хүсэж буй тахил мөн үү?” гэж асуув. Бурхан: “Тийм ээ, яг зөв!” хэмээн айлдав. Баталгаажуулсныхаа дараа Абрахам Бурханы үг буруу биш, бас өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэв. Энэ нь яг л Бурханы санаа байлаа. Үүнийг сонсоход Абрахамд хэцүү байсан уу? (Хэцүү байсан.) Хэр хэцүү байсан бэ? Абрахам дотроо: “Энэ олон жилийн дараа эцэст нь хүүхэд минь эцэст нь өсөж том болж эхэлсэн. Хэрвээ түүнийг амьд тахил болгон өргөвөл тэр нядлуулах хурга шиг тахилын ширээн дээр нядлуулна гэсэн үг. Нядлуулна гэдэг нь тэр алагдана гэсэн үг, харин алагдана гэдэг нь өнөөдрөөс эхлээд би энэ хүүхэдгүй болно гэсэн үг...” хэмээн боджээ. Бодол нь иймдээ тулсан Абрахам цааш нь бодож зүрхэлсэн үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Цааш нь бодох нь зүрх зүсэгдэх мэт бүр ч их шаналал авчрах байв. Цааш бодох нь баяртай зүйлсийн талаар бодох биш, харин тарчлаан байх байлаа. Хүүхдийг авч яваад хэдэн өдөр юм уу хэдэн жил нүднээс далд байлгах ч амьд сэрүүн байсаар байх хэрэг биш байлаа; Абрахам түүнийг байнга санагалзаж байгаад, өсөж том болсных нь дараа ямар нэг тохиромжтой мөчид хүүхэдтэйгээ дахин уулзахтай адилгүй байлаа. Тийм биш байв. Хүүхдийг тахилын ширээн дээр өргөмөгц тэр байхгүй болж, дахин хэзээ ч харагдахгүй бөгөөд Бурханд тахил болон өргөгдөж, Бурхан руу буцах байлаа. Бүх зүйл өмнө байсан шигээ болох байв. Хүүхэдтэй болохоос өмнө амьдрал ганцаардмал байсан. Тэгээд тэр хэзээ ч хүүхэдтэй болохгүйгээр бүх зүйл тэр чигтээ үргэлжилсэн бол шаналах байсан уу? (Тэгтлээ их шаналахгүй байх байсан.) Хүүхэдтэй болчхоод дараа нь түүнийгээ алдах—энэ бол асар их шаналалтай. Энэ бол сүйрэл мэт зүйл! Энэ хүүхдийг Бурханд буцааж өгнө гэдэг нь түүнээс хойш хүүхдийг дахин хэзээ ч харахгүй, дуу хоолойг нь дахин хэзээ ч сонсохгүй, Абрахам түүний тоглохыг дахин хэзээ ч харахгүй, түүнийг өсгөх боломжгүй, түүнийг инээлгэх боломжгүй, өсөж том болохыг нь харахгүй бөгөөд түүнийг байснаар ирсэн гэр бүлийн бүхий л баяр баясгаланг эдлэх боломжгүй болно гэсэн үг байв. Зөвхөн шаналал, бэтгэрэл л үлдэх байлаа. Абрахам энэ тухай бодох тусам улам хэцүү болж байв. Гэхдээ хэчнээн хэцүү байсан ч түүний зүрх сэтгэлд нэг зүйл тодорхой байлаа: “Бурханы айлдсан болон Бурханы хийх гэж буй зүйл тоглоом биш, энэ нь буруу байх боломжгүй, өөрчлөгдөх бүр ч боломжгүй байлаа. Түүнчлэн, хүүхэд Бурханаас ирсэн тул түүнийг Бурханд өргөх нь тун жам ёсны, үндэслэлтэй хэрэг бөгөөд Бурхан хүсэх үед би түүнийг ямар ч болзолгүйгээр Бурханд буцааж өгөх үүрэгтэй. Өнгөрсөн арван жилийн гэр бүлийн баяр баясгалан бол онцгой бэлэг байсан бөгөөд би үүнийг хангалттай эдэлсэн; би Бурханд талархах ёстой бөгөөд Бурханд зүй бус шаардлага тавих ёсгүй. Энэ хүүхэд Бурханд хамаардаг, би түүнийг өөрийнхөө гэж заргалдах ёсгүй, тэр бол миний хувийн өмч биш. Бүх хүн Бурханаас ирдэг. Надаас өөрийнхөө амийг өргөхийг шаардсан ч би Бурхантай маргах юм уу нөхцөл болзол тулгах гэж оролдох ёсгүй, харин ч энэ хүүхдийг Бурхан биечлэн айлдаж, хайрласан байхад бүр ч тэгэх ёсгүй. Хэрвээ Бурхан түүнийг өргө гэж айлдсан бол би өргөх л болно!”

Минут, секундээр цаг хугацаа ийнхүү өнгөрч, тахил өргөх мөч улам бүр ойртсоор байв. Харин улам их шаналахын оронд Абрахам улам бүр тайвширч байлаа. Юу түүнийг тайвшруулсан бэ? Юу Абрахамыг шаналлаас ангижруулж, болох гэж буй зүйлд зөв хандлагатай байх боломжийг олгосон бэ? Бурханы хийсэн бүхэнд хандах хүний хандлага нь Бурхантай маргах гэж оролдох биш, харин зөвхөн дуулгавартай байдал байх ёстой гэж тэр бодсон. Бодол нь иймдээ тулсан тэрээр цаашид шаналсангүй. Тэр бяцхан Исаакийг дагуулан тахилын ширээний дэргэд алхам алхмаар ойртон очив. Тахилын ширээн дээр юу ч байсангүй—хурга аль хэдийн хүлээж байдаг ердийн үеийнх шиг байсангүй. Исаак: “Аав аа, та өнөөдрийн тахилыг хараахан бэлдээгүй байгаа юм уу? Хэрвээ бэлдээгүй бол өнөөдөр юуг тахил болгон өргөх юм бэ?” гэж асуув. Исаакийг ингэж асуухад Абрахам юу мэдэрсэн бэ? Тэр баярласан байх боломжтой юу? (Үгүй.) Тэгвэл тэр яасан бэ? Тэр зүрх сэтгэлдээ Бурханыг үзэн ядсан уу? Бурханд гомдоллосон уу? Эсэргүүцсэн үү? (Үгүй.) Аль нь ч биш. Үүнийг юу харуулдаг вэ? Дараа нь болсон бүхнээс харахад Абрахам үнэхээр тийм зүйл бодоогүй нь тодорхой. Тэрээр асаах гэж байсан түлээгээ тахилын ширээн дээр тавиад, Исаакийг дуудав. Абрахам Исаакийг тахилын ширээ рүү дуудаж байгааг хараад тэр мөчид хүмүүс юу гэж боддог вэ? “Чи ямар өрөвдөх сэтгэлгүй өвгөн бэ. Чамд хүн чанар алга. Чи хүн биш юм! Тэр чиний хүү байхад чи үнэхээр үүнийг хийж тэсвэрлэжж чадна гэж үү? Чи үүнийг үнэхээр хийж чадна гэж үү? Чи үнэхээр тийм хэрцгий юм уу? Чамд ер нь зүрх сэтгэл байна уу?” Тэд ингэж боддог бус уу үү? Тэгвэл Абрахам эдгээр зүйлийг бодсон уу? (Үгүй.) Тэр Исаакийг хажуудаа дуудаж, нэг ч үг хэлж чадалгүй, бэлдсэн олсоо гаргаж ирээд Исаакийн гар, хөлийг хүлсэн. Эдгээр үйлдэл нь уг өргөл жинхэнэ байх байсан уу, эсвэл хуурамч байх байсан уу гэдгийг хэлж өгдөг үү? Энэ нь үнэн бодит, хуурамч өнгө аясгүй, харуулахын төлөө бишбайх ёстой байсан. Тэр Исаакийг мөрөн дээрээ өргөсөн бөгөөд бяцхан хүүхэд хэчнээн тийчлэн уйлж, хашхирсан ч Абрахам болих тухай огт бодоогүй. Тэрээр өөрийн бяцхан хүүгээ тахилын ширээн дээр шатаахаар түлээн дээр эргэлт буцалтгүй тавив. Исаак уйлж, хашхирч, тийчигнэж байсан ч Абрахам Бурханд тахил өргөх үйлдлээ хийж, тахилд зориулан бүхнийг бэлдэж байлаа. Исаакийг тахилын ширээн дээр тавьсныхаа дараа Абрахам ихэвчлэн хурга нядлахад ашигладаг хутгыг гаргаж ирээд, хоёр гараараа чанга атган, хутгыг толгой дээрээ өргөж, Исаак руу чиглүүлэв. Тэр нүдээ аньсан бөгөөд хутга буухын даваан дээр Бурхан Абрахамд айлдав. Бурхан юу гэж айлдсан бэ? “Абрахам, гараа тат!” Исаакийг Түүнд буцааж өгөх гэж байхад нь Бурхан ийм зүйл айлдана гэж Абрахам хэзээ ч төсөөлөхгүй байсан. Энэ нь түүний бодож зүрхлэх зүйл биш байлаа. Гэсэн ч Бурханы үг түүний зүрх сэтгэлд нэг нэгээрээ хүчтэй тусав. Ингэж Исаак аврагджээ. Тэр өдөр Бурханд үнэхээр өргөх тахил Абрахамын ард байсан; тэр нь хурга байлаа. Үүнийг Бурхан аль эртнээс бэлдсэн байсан ч Бурхан Абрахамд урьдчилан ямар ч дохио өгөөгүй, харин түүнийг хутгаа өргөөд буулгахад бэлэн болох яг тэр үед боль гэж хэлсэн юм. Үүнийг хэн ч, Абрахам ч, Исаак ч төсөөлж чадахааргүй байсан. Абрахам Исаакийг тахил болгон өргөж байгааг харахад, Абрахам үнэхээр хүүгээ тахил болгон өргөх бодолтой байсан уу, эсвэл дүр эсгэж байсан уу? (Тэр үнэхээр үүнийг хийх бодолтой байсан.) Тэр үнэхээр үүнийг хийх бодолтой байсан. Түүний үйлдэл цэвэр байсан бөгөөд ямар ч хууран мэхлэлт холбогдоогүй.

Абрахам өөрийн мах цусны тасархайг Бурханд тахил болгон өргөсөн—Бурхан түүгээр энэ өргөлийг өргүүлэх үед Абрахам: “Өөр хүн ашиглаж болохгүй гэж үү? Би өөрөө, эсвэл өөр ямар ч хүн болно” гэж хэлэн Түүнтэй маргах гэж оролдоогүй. Абрахам ийм зүйл хэлэхийн оронд хамгийн их нандигнадаг, үнэ цэнтэй хүүгээ Бурханд өгсөн. Тэгээд энэ өргөлийг хэрхэн өргөсөн бэ? Тэр Бурханы айлдсаныг сонсоод, зүгээр л шууд хийсэн. Хэрвээ Бурхан Абрахамд хүүхэд хайрлаад, хүүхдийг өсөж том болсны дараа Абрахамаас хүүхдийг буцааж өгөхийг шаардаж, хүүхдийг авахыг хүссэн бол хүмүүст энэ нь утга учиртай санагдах уу? (Үгүй.) Хүний өнцгөөс харвал энэ нь яавч байж боломчгүй зүйл байх байсан биш үү? Бурхан Абрахамаар тоглож байгаа мэт санагдахгүй гэж үү? Бурхан нэг өдөр Абрахамд энэ хүүхдийг хайрлаад, ердөө хэдхэн жилийн дараа түүнийг авахыг хүссэн. Хэрвээ Бурхан хүүхдийг хүссэн бол зүгээр л авах ёстой байсан; хүүхдийг тахилын ширээн дээр өргөхийг шаардаж тэр хүнд тийм их шаналал учруулах шаардлагагүй байсан. Хүүхдийг тахилын ширээн дээр өргөнө гэдэг нь юу гэсэн үг байсан бэ? Абрахам түүнийг нядалж, дараа нь өөрийн хоёр гараар шатаах ёстой гэсэн үг байв. Энэ нь хүний хийж тэсвэрлэж чадах зүйл мөн үү? (Үгүй.) Энэ тахилыг шаардах үедээ Бурхан юу хэлэх гэсэн бэ? Абрахам эдгээр зүйлийг биечлэн хийх ёстой байсан: хүүгээ биечлэн хүлж, түүнийг тахилын ширээн дээр биечлэн тавьж, хутгаар биечлэн алж, дараа нь Бурханд өргөл болгон биечлэн шатаах ёстой байлаа. Хүмүүсийн хувьд үүний аль нь ч хүний мэдрэмжийг бодолцсон хэрэг мэт санагдахгүй; тэдний үзэл, сэтгэлгээ, ёс зүйн гүн ухаан, эсвэл ёс суртахуун, зан заншлын дагуу эдгээр зүйлийн аль нь ч утга учиртай санагдахгүй. Абрахам хоосон орон зайд амьдраагүй, уран зөгнөлийн ертөнцөд ч амьдраагүй; тэр хүний ертөнцөд амьдарч байсан. Түүнд хүний бодол, хүний итгэл үнэмшил байсан. Тэгээд энэ бүхэн түүнд тохиолдох үед тэр юу бодсон бэ? Түүний зовлон шаналлаас гадна, гайхшралыг нь төрүүлсэн зарим зүйлийг эс тооцвол тэр дотроо тэрсэлж эсвэл голсон уу? Тэр Бурханыг үг хэлээр дайрч, доромжилсон уу? Огтхон ч үгүй. Яг эсрэгээрээ: Бурхан түүнд энэ зүйлийг хийхийг тушаасан мөчөөс эхлэн Абрахам үүнд хөнгөхнөөр хандаж зүрхлээгүй; харин ч тэр даруй бэлдэж эхэлсэн. Тэгээд эдгээр бэлтгэлийг хийж эхлэх үед түүний сэтгэл санаа ямар байсан бэ? Тэрээр баясгалантай, баяр хөөртэй, жаргалтай байсан уу? Эсвэл шаналсан, гунигтай, сэтгэл нь хүнд байсан уу? (Тэр шаналж, гунигласан байсан.) Тэр шаналж байсан! Түүний алхам бүр хүнд байлаа. Энэ хэргийг мэдсэнийхээ дараа Бурханы үгийг сонссныхоо дараа Абрахамд өдөр бүр нэг жил шиг санагдаж байв; тэр шаналалтай, баярлаж чадахааргүй байсан бөгөөд сэтгэл нь хүнд байв. Гэвч түүний цорын ганц итгэл үнэмшил юу байсан бэ? (Бурханы үгийг дуулгавартай дагах ёстой гэдэг нь.) Яг зөв, тэр Бурханы үгийг дуулгавартай дагах ёстой байсан. Тэр өөртөө: “Миний Эзэн Еховагийн нэр алдаршиг; би бол Бурханы ардын нэг бөгөөд Бурханы үгийг дуулгавартай дагах ёстой. Бурханы хэлсэн зүйл зөв эсвэл буруу байхаас үл хамааран, Исаак надад хэрхэн ирснээс үл хамааран, хэрвээ Бурхан шаардвал би өгөх ёстой; энэ бол хүнд байх ёстой эрүүл ухаан, хандлага юм” гэж хэлсэн. Бурханы үгийг хүлээн авсныхаа дараа Абрахам шаналал юм уу бэрхшээлээс ангид байгаагүй; тэр шаналж, өөрийн гэсэн бэрхшээлтэй байсан бөгөөд эдгээрийг даван туулах амар байгаагүй! Гэсэн хэдий ч эцэст нь юу болсон бэ? Бурханы хүссэнээр Абрахам өөрийн хүү, бяцхан хүүхдээ тахилын ширээнд авчирсан бөгөөд түүний хийсэн бүхнийг Бурхан харсан. Бурхан Ноаг харж байсан шигээ Абрахамын алхам бүрийг харж байсан бөгөөд түүний хийсэн бүхэнд Түүний сэтгэл хөдөлсөн юм. Хэдийгээр бүх зүйл хүмүүсийн бодсон шигээр төгсөөгүй ч Абрахамын хийсэн зүйл бүх хүн төрөлхтний дунд хосгүй байсан. Тэр Бурханыг дагадаг бүх хүнд үлгэр жишээ болох ёстой юу? (Тийм.) Тэр бол Бурханыг дагадаг хүн төрөлхтний дундах бүх хүний хувьд үлгэр дуурайл юм. Би яагаад түүнийг хүн төрөлхтний үлгэр дуурайл гэж хэлж байна вэ? Абрахам олон үнэнийг ойлгодоггүй байсан, мөн Бурханы түүнд биечлэн айлдсан ямар ч үнэн юм уу номлолыг сонсож байгаагүй. Тэр ердөө л итгэж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагасан. Түүний хүн чанарт тийм хосгүй юу байсан бэ? (Бүтээгдсэн зүйлийн эрүүл ухаан.) Энэ нь ямар үгээр илэрдэг вэ? (Тэр: “Миний Эзэн Еховагийн нэр алдаршиг; би Бурханы үгийг дуулгавартай дагах ёстой бөгөөд тэдгээр нь хүний үзэлтэй нийцдэг эсэхээс үл хамааран би дуулгавартай дагах ёстой” гэж хэлсэн.) Үүгээрээ Абрахам хэвийн хүн чанарын эрүүл ухаантай байсан. Түүгээр ч барахгүй тэр бас хэвийн хүн чанарын мөс чанартай байлаа. Тэгээд энэ мөс чанар нь юугаар илэрсэн бэ? Исаакийг Бурхан хайрласан, тэр бол Бурханы зүйл, тэр Бурханд хамаардаг, Бурханыг шаардах үед Абрахам түүнээс үргэлж зууралдахын оронд түүнийг Бурханд буцааж өгөх ёстой гэдгийг Абрахам мэдэж байв; энэ бол хүнд байх ёстой мөс чанар юм.

Өнөөдрийн хүмүүст мөс чанар, эрүүл ухаан бий юу? (Үгүй.) Энэ нь юугаар илэрдэг вэ? Бурхан хүмүүст хэчнээн их нигүүлсэл хайрласан ч, тэд хэчнээн их ерөөл юм уу нигүүлсэл эдэлсэн ч, Бурханы хайрыг хариулахыг шаардах үед тэдний хандлага ямар байдаг вэ? (Эсэргүүцдэг, заримдаа бэрхшээл, зүдэргээнээс айдаг.) Бэрхшээл, зүдэргээнээс айх нь мөс чанар, эрүүл ухаан дутмаг байгаагийн тод илрэл юм. Шалтаг тоочих, нөхцөл болзол тавьж, наймаалцах гэж оролдох нь бас л тод илрэл мөн биз дээ? (Тийм.) Түүнчлэн гомдоллох, хааш яаш, зальжин арга барилаар аливааг хийх, махан биеийн тав тухад шунах зэрэг нь бүгд тодорхой илрэл юм. Өнөөдрийн хүмүүс мөс чанаргүй атлаа Бурханы нигүүлслийг байнга магтаж, тийм бүх нигүүлслийг тоолж, тоолохдоо сэтгэл нь хөдөлж нулимс унагадаг. Гэвч тоолж дууссаныхаа дараа тэгээд л болоо; тэд хааш яаш байсаар, хэлбэрдсээр, мэхэлсээр, заль гаргаж, залхуурсаар байдаг бөгөөд гэмшлийн ямар ч тодорхой илрэл байдаггүй. Тэгвэл чиний тоолсны утга учир юу байсан бэ? Энэ бол мөс чанаргүй байдлын илрэл юм. Тэгвэл эрүүл ухаангүй байдал хэрхэн илэрдэг вэ? Бурхан чамайг засах үед чи гомдоллож, гомдож, цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, Бурханд хайр алга гэж хэлдэг; үүргээ гүйцэтгэж байхдаа бага зэрэг зовох үед, эсвэл Бурханы чамд зориулан бүрдүүлсэн орчин бага зэрэг хэцүү, бага зэрэг сорилттой, эсвэл бага зэрэг хүнд байх үед чи цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй; Бурханы бүрдүүлсэн янз бүрийн орчны алинд ч чи дуулгавартай байхыг эрж хайж чаддаггүй, зөвхөн махан биеэ л бодолцдог бөгөөд гагцхүү дураараа авирлаж, дур зоргоороо байхыг л хүсдэг. Энэ нь эрүүл ухаангүй хэрэг мөн үү, биш үү? Чи Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй бөгөөд Түүнээс зөвхөн ашиг тус л олж авахыг хүсдэг. Жаахан ажил хэрэгжүүлж, бага зэрэг зовох үедээ чи чадвараа гайхуулж, байр суурийн ашиг тусыг эдлэх зуураа өөрийгөө бусдаас илүү гэж бодон, албан тушаалтан юм шиг аашилж эхэлдэг. Чамд ямар нэгэн бодитой ажил хийх хүсэл байдаггүй, ямар ч бодитой ажил хэрэгжүүлж чаддаггүй—чи зөвхөн тушаал буулгаж, албан тушаалтан байхыг л хүсдэг. Чи дураараа дургиж, хүссэн бүхнээ хийж, бодлогогүйгээр буруу үйл үйлдэхийг хүсдэг. Дураараа авирлаж, дур зоргоороо байхаас өөр юу ч чамд илэрдэггүй. Энэ нь эрүүл ухаантай хэрэг үү? (Үгүй.) Хэрвээ Бурхан та нарт сайн хүүхэд хайрлаад, дараа нь өнөө хүүхдээ авч одох гэж байна гэдгээ чамд шууд хэлбэл чиний хандлага ямар байх вэ? Чи Абрахамтай адил хандлагатай байж чадах уу? (Үгүй.) Зарим хүн “Би яагаад чадахгүй гэж? Хүү минь хорин настай, би түүнийг Бурханы гэрт өргөсөн, одоо тэр тэнд үүрэг гүйцэтгэж байгаа!” гэж хэлж магадгүй. Энэ тахил мөн үү? Чи, сайндаа л, хүүхдээ зөв замд оруулсан—гэхдээ чамд бас далд сэдэл бий: Эс бөгөөс хүүхэд чинь гамшгийн дунд мөхчих вий гэхээс чи айдаг. Тийм биш гэж үү? Чиний хийж байгаа зүйлийг тахил өргөх гэж нэрлэдэггүй; энэ нь Абрахам Исаакийг өргөсөнтэй огтхон ч адилгүй. Үүнийг харьцуулахын ч аргагүй. Бурхан өөрт нь тушаасан зүйлийг Абрахам сонсох үед энэ зааварчилгааг хэрэгжүүлэх нь түүнд—эсвэл хүн төрөлхтний өөр ямар ч гишүүнд—хэр хэцүү байх байсан бэ? Энэ нь дэлхий дээрх хамгийн хэцүү зүйл байх байсан; үүнээс илүү хэцүү зүйл гэж үгүй. Энэ нь хурга юм уу бага зэрэг мөнгө өргөхтэй адилгүй байсан бөгөөд ертөнцийн эд хөрөнгө, эсвэл материаллаг зүйл биш байв, мөн өргөл өргөж буй хүнтэй холбоогүй амьтан ч биш байв. Тэдгээр нь хүний түр зуурын хүчин чармайлтаар өргөж чадах зүйлс юм—харин Бурханы Абрахамаас шаардсан тахил нь өөр хүний амь байлаа. Энэ нь Абрахамын өөрийнх нь мах цусны тасархай байсан юм. Тэр нь хэчнээн хэцүү байсан байж таарах вэ! Уг хүүхэд бас онцгой гарал үүсэлтэй буюу тэр хүүг Бурхан хайрласан байв. Бурхан түүнд хүүхэд хайрласан зорилго юу байсан бэ? Ингэснээр Абрахам насанд хүртэл нь өсгөж, гэрлүүлж, үр хүүхэдтэй болгож, улмаар гэр бүлийнхээ нэрийг үргэлжлүүлэх хүүтэй болох байлаа. Гэвч одоо энэ хүүхдийг насанд хүрэхээс нь өмнө Бурханд буцааж өгөх ёстой болсон бөгөөд тэдгээр зүйл хэзээ ч тохиохооргүй байв. Тэгвэл Бурхан Абрахамд хүүхэд хайрласны утга учир юу байсан бэ? Үүнийг харж байгаа хүн үүнийг ойлгож чадах уу? Хүмүүсийн үзлийн үүднээс харвал энэ нь ямар ч утгагүй. Завхарсан хүн төрөлхтөн аминч; хэн ч үүний учрыг ойлгож чадахгүй. Абрахам ч бас үүний учрыг олж чадаагүй; түүнээс Исаакийг тахил болгон өргөхийг шаардсанаас өөрөөр эцсийн дүндээ Бурхан юу хийхийг хүссэнийг тэр мэдээгүй. Тэгвэл Абрахам ямар сонголт хийсэн бэ? Түүний хандлага ямар байсан бэ? Хэдийгээр тэр энэ бүхний учрыг олж чадаагүй ч Бурханы тушаасныг хийж чадсан; тэр Бурханы үгийг дуулгавартай дагаж, эсэргүүцэх юм уу сонголт шаардалгүйгээр, тэр ч бүү хэл Бурханд нөхцөл болзол тулгах, эсвэл маргах гэж оролдолгүйгээр Түүний шаардсан үг бүрд дуулгавартай байсан. Абрахам болж буй бүх зүйлийн учрыг олж чадахаасаа өмнө дуулгавартай дагаж, дуулгавартай байж чадсан—энэ нь туйлын ховор бөгөөд сайшаалтай хэрэг бөгөөд энд сууж буй та нарын хэний ч чадвараас давсан зүйл юм. Абрахам юу болоод байгааг мэдээгүй бөгөөд Бурхан түүнд бүх түүхийг хэлээгүй; гэсэн хэдий ч тэр энэ бүхнийг нухацтай авч үзэж, хүмүүс Бурханы хийхийг хүссэн бүхэнд дуулгавартай байх ёстой, асуулт асуух ёсгүй, хэрвээ Бурхан өөр юу ч хэлэхгүй бол энэ нь хүмүүсийн ойлгох шаардлагатай зүйл биш гэж итгэсэн. Зарим хүн: “Гэхдээ мэдээж үүнийг эцсийг нь хүртэл ухах ёстой биз дээ? Үхэх байлаа ч гэсэн шалтгааныг нь мэдэх хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ нь бүтээгдсэн зүйлд байх ёстой хандлага мөн үү? Бурхан чамд ойлгохыг зөвшөөрөөгүй байхад чи ойлгох ёстой юу? Чамаас ямар нэг зүйл хийхийг шаардах үед чи үүнийг хийдэг. Яагаад аливааг тийм төвөгтэй болгодог юм бэ? Хэрвээ Бурхан чамайг ойлгоосой гэж хүссэн бол аль хэдийн чамд тайлбарлах байсан; Тэр тэгээгүйгээс хойш чи ойлгох шаардлагагүй. Чамаас ойлгохыг шаардаагүй, чи ойлгох чадваргүй байх үед бүх зүйл чиний хэрхэн үйлдэх, Бурханд дуулгавартай байж чадах эсэхээс хамаардаг. Энэ нь та нарт хэцүү, тийм биз дээ? Ийм нөхцөл байдалд та нар дуулгавартай дагадаггүй бөгөөд та нарт гомдоллох, буруугаар ойлгох, эсэргүүцэхээс өөр юу ч байдаггүй. Абрахам бол та нарт илэрдэг зүйлийн яг эсрэг нь байсан. Та нарын адилаар тэр Бурхан юу хийх гэж байгааг мэдээгүй, мөн Бурханы үйлдлийн цаадах учир шалтгааныг ч мэдээгүй; тэр ойлгоогүй. Тэр асуухыг хүссэн үү? Тэр юу болоод байгааг мэдэхийг хүссэн үү? Хүссэн, гэхдээ Бурхан түүнд хэлээгүй бол тэр өөр хаашаа очиж асууж чадах байсан бэ? Тэр хэнээс асууж чадах байсан бэ? Бурханы хэрэг явдал бол нууц юм; Бурханы хэрэг явдлын талаарх асуултад хэн хариулж чадах вэ? Хэн тэдгээрийг ойлгож чадах вэ? Хүмүүс Бурханыг орлож чадахгүй. Өөр хэн нэгнээс асуулаа ч тэд бас л ойлгохгүй. Чи үүнийг эргэцүүлэн бодож болох ч учрыг нь олж чадахгүй, энэ нь чамд ойлгохын аргагүй байх болно. Тэгвэл, хэрвээ чи ямар нэг зүйлийг ойлгохгүй байвал Бурханы хэлснээр хийх шаардлагагүй гэсэн үг үү? Хэрвээ чи ямар нэг зүйлийг ойлгохгүй байвал зүгээр л ажиглаж, хойшлуулж, боломж хүлээж, өөр сонголт хайж болох уу? Хэрвээ чи ямар нэг зүйлийг ойлгож чадахгүй бол—хэрвээ энэ нь чамд ойлгохын аргагүй байвал—чи дуулгавартай дагах шаардлагагүй гэсэн үг үү? Энэ нь чи хүний эрхээсээ зууралдаж: “Надад хүний эрх бий; би бол бие даасан хүн, тэгтэл надаар тэнэг зүйл хийлгэх Чи ямар эрхтэй юм бэ? Би тэнгэр, газрын хооронд сүндэрлэн зогсдог—би Чамд дуулгаваргүй байж чадна” гэж хэлж болно гэсэн үг үү? Абрахам ингэсэн үү? (Үгүй.) Тэр өөрийгөө зүгээр л эгэл жирийн, онцгойрох зүйлгүй бүтээгдсэн зүйл, Бурханы дээд эрх дор байдаг хүн гэж итгэж байсан учраас дуулгавартай дагаж, дуулгавартай байхыг сонгосон бөгөөд Бурханы ямар ч үгэнд хөнгөнөөр хандалгүй, харин тэдгээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн. Бурхан юу ч хэлсэн, Бурхан тэдэнд юу ч хий гэж хэлсэн хүмүүст өөр сонголт байхгүй; тэд сонсох ёстой бөгөөд сонссоныхоо дараа явж, түүнийг хэрэгжүүлэх ёстой. Түүгээр ч барахгүй, түүнийг хэрэгжүүлэх үедээ хүмүүс бүрэн дүүрэн, сэтгэл амар дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи Бурханыг өөрийнхөө Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг бол Түүний үгийг дуулгавартай дагаж, зүрх сэтгэлдээ Түүнд орон зай үлдээж, Түүний үгийг хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ Бурхан чиний Бурхан мөн бол Түүний чамд хэлсэн зүйлийг чи задлан шинжлэх гэж оролдох ёсгүй; Тэр аливааг юу гэж хэлнэ, тэр нь яг л тийм байдаг бөгөөд чи ойлгохгүй, ухамсарлахгүй байх нь хамаагүй. Хамгийн чухал нь чи Түүний хэлсэн зүйлийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Бурханы үгийн тухайд тал дээр Абрахамын хандлага энэ байв. Абрахам яг ийм хандлагатай байсан учраас л Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханы түүнд тушаасан зүйлд дуулгавартай байж чадсан бөгөөд Бурханы нүдэнд зөв шударга, төгс хүн болж чадсан юм. Ихэрхүү, дээгүүр зантай бүх хүний нүдэнд Абрахам итгэлийнхээ төлөө өөрийн хүүгийн амийг үл хайхран, түүнийг нядлуулахаар тахилын ширээн дээр хэнэг ч үгүй тавьснаараа мунхаг, мунгинасан мэт харагдаж байсан хэдий ч тэгсэн юм. Тэд энэ ямар хариуцлагагүй үйлдэл вэ; тэр ямар арчаагүй, цэвдэг эцэг вэ, итгэлийнхээ төлөө ийм зүйл хийдэг тэр ямар аминч юм бэ гэж бодож байв! Бүх хүний нүдэнд Абрахам ингэж л харагдаж байв. Гэвч Бурхан түүнийг тэгж харсан уу? Үгүй. Бурхан түүнийг хэрхэн харсан бэ? Абрахам Бурханы хэлсэн зүйлийг дуулгавартай дагаж, дуулгавартай байж чадсан. Тэр ямар хэмжээнд хүртэл дуулгавартай байж чадсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр тэгж чадсан. Бурхан түүнээс хамгийн үнэ цэнтэй зүйлийг нь шаардах үед Абрахам түүнийгээ Бурханд буцааж өгч, Бурханд өргөсөн. Абрахам Бурханы түүнээс шаардсан бүхнийг дуулгавартай дагаж, дуулгавартай байсан. Хүний үзлийн үүднээс харсан ч тэр, завхарсан хүмүүсийн нүдээр харсан ч тэр, Бурханы шаардлага туйлын үндэслэлгүй мэт санагдаж байсан ч Абрахам дуулгавартай байж чадсан хэвээр байв; энэ нь Бурханд хандах жинхэнэ итгэл, дуулгавартай байдлаар тодорхойлогддог түүний ёс жудагтай холбоотой байсан юм. Энэхүү жинхэнэ итгэл, дуулгавартай байдал нь хэрхэн илэрсэн бэ? Ердөө хоёрхон үгээр хэлбэл: түүний дуулгавартай байдлаар. Жинхэнэ бүтээгдсэн зүйлд үүнээс илүү үнэ цэнтэй юм уу эрхэм зүйл гэж үгүй бөгөөд үүнээс илүү ховор, илүү сайшаалтай зүйл гэж үгүй. Өнөөдөр Бурханыг дагагчдад яг энэхүү хамгийн үнэ цэнтэй, ховор, сайшаалтай зүйл маш их дутагддаг.

Өнөөдрийн хүмүүс боловсролтой, мэдлэгтэй. Тэд орчин үеийн шинжлэх ухааныг ойлгодог бөгөөд тэдэнд уламжлалт соёл болон нийгмийн завхарсан ёс суртахуун гүн гүнзгий халдварлаж, хэвшиж, нөлөөлсөн байдаг; оюун ухаан нь үймэрсэн, бөгөөд ээдрээтэй үзэл тээж, дотроо туйлын эмх замбараагүй байдаг. Олон жилийн турш номлол сонсож, Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэж байгаа ч тэд Бурханы үг бүрд үл тоосон, хайхрамжгүй хандлагатай хэвээр байдаг. Эдгээр үгэнд хандах тэдний хандлага бол тэдгээрийг үл тоох юм; тэдгээрт нүдэн балай, чихэн дүлий ханддаг. Энэ ямар төрлийн хүн бэ? Тэд бүх зүйлд “яагаад” гэж асуудаг; бүх зүйлийн учрыг олж, бүх зүйлийг нэвт шувт ойлгох шаардлагатай гэж үздэг. Тэд үнэнд маш нухацтай ханддаг мэт харагддаг; тэдний гадаад зан авир, хүчин чармайлт болон гаднаа хаяж орхисон зүйлс нь Бурханд итгэх итгэл, сүсэг бишрэлдээ гуйвшгүй хандлагатайг нь илтгэдэг. Гэвч өөрсдөөсөө ингэж асуу: Та нар Бурханы үг болон Түүний зааварчилгаа бүрийг баримталсан уу? Та нар тэдгээрийг бүгдийг нь хэрэгжүүлсэн үү? Та нар дуулгавартай хүмүүс мөн үү? Хэрвээ чи зүрх сэтгэлдээ эдгээр асуултад “үгүй”, “би тэгээгүй” гэж хариулсаар байвал чамд яг ямархуу итгэл байгаа юм бэ? Эцсийн дүндээ чи ямар зорилгоор Бурханд итгэдэг юм бэ? Түүнд итгэх итгэлээсээ чи яг юу олж авсан бэ? Эдгээр зүйлийг судалж шинжлэх нь зохистой юу? Ухаж үзэх нь зохистой юу? (Тийм.) Та нар бүгд нүдний шил зүүдэг; та нар бол орчин үеийн, соёлтой хүмүүс. Та нарын юу нь үнэхээр орчин үеийн юм бэ? Та нарын юу нь соёлтой юм бэ? “Орчин үеийн”, “соёлтой” байх нь чамайг Бурханы үгийг дуулгавартай дагадаг хүн гэдгийг баталдаг уу? Ийм зүйлс нь ямар ч утгагүй. Зарим хүн: “Би өндөр боловсролтой, теологи судалсан” гэж хэлдэг. Зарим нь: “Би сонгодог Библийг хэд хэдэн удаа уншсан, еврей хэлээр ярьдаг” гэдэг. Зарим нь: “Би Израильд олон удаа очиж байсан, мөн Эзэн Есүсийн үүрч байсан загалмайнд биечлэн хүрч байсан” гэдэг. Зарим нь: “Би Арарат ууланд очиж, бүхээгний үлдэгдлийг харсан” гэдэг. Зарим нь: “Би Бурханыг харсан”, “Би Бурханы өмнө өргөгдсөн” гэдэг. Энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ? Бурхан чамаас хэт хэцүү зүйл шаарддаггүй, гагцхүү Түүний үгийг чин сэтгэлээсээ дуулгавартай дагахыг л хүсдэг. Хэрвээ энэ нь чиний хэрээс хэтэрсэн зүйл бол бусад бүх зүйлийг март; чи юу ч хэлсэн нэмэргүй. Та нар бүгд Ноа, Абрахам хоёрын түүхийг мэднэ, гэхдээ зүгээр л уг түүхийг мэдэх нь өөрөө ямар ч нэмэргүй. Энэ хоёр хүнд хамгийн ховор, сайшаалтай зүйл нь юу байсан талаар та нар ер нь бодож үзсэн үү? Та нар тэдэн шиг байхыг хүсдэг үү? (Тийм.) Та нар үүнийг хэр их хүсэж байна вэ? Зарим хүн: “Би тэдэн шиг байхыг маш их хүсдэг; би хоол идэж байхдаа, зүүдэлж байхдаа, үүргээ гүйцэтгэж байхдаа, Бурханы үгийг уншиж, магтан дуу сурч байхдаа ч энэ тухай боддог. Би үүний төлөө маш олон удаа залбирсан, амлалт хүртэл бичсэн. Хэрвээ би Бурханы үгийг дуулгавартай дагахгүй бол Бурхан намайг харааг. Гагцхүү Бурхан хэзээ надтай ярьж байгааг би мэддэггүй; Тэр тэнгэрт аянга нижигнүүлж надад хэлдэггүй шүү дээ” гэдэг. Энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ? Чи “Би маш их хүсдэг” гэж хэлэх нь ямар утгатай вэ? (Энэ бол зүгээр л хий хоосон бодол; хүчтэй хүсэл төдий зүйл.) Хүчтэй хүсэл ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь өдөр бүр казино ордог мөрийтэй тоглоомчинтой адил; хамаг байдгаа алдсан ч гэсэн мөрийтэй тоглохыг хүссээр байдаг. Заримдаа тэд: “Дахиад ганцхан удаа л тоглочихъё, тэгээд би больж, дахиж хэзээ ч мөрийтэй тоглохгүй гэж амлая” хэмээн бодож магадгүй. Зүүдэлж байхдаа ч, хоол идэж байхдаа ч тэд яг ижил зүйл боддог боловч бодсоныхоо дараа казино руугаа буцаад л явдаг. Мөрийтэй тоглох бүрдээ тэд үүнийг сүүлчийн удаа байх болно гэж хэлдэг; мөн казиногийн хаалгаар гарах бүрдээ дахиж хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлдэг—гэвч үр дүн нь тэд насан туршдаа хичээгээд ч хэзээ ч больж дөнгөдөггүй. Та нар тэр мөрийтэй тоглоомчинтой адилхан уу? Та нар ямар нэг зүйлийг хийнэ гэж байнга шийдвэр гаргадаг, тэгээд дараа нь шийдвэрээсээ няцдаг, Бурханыг мэхлэх нь та нарын хувьд төрөлхийн мэт дадал болсон бөгөөд үүнийг өөрчлөх амар биш юм.

III. Өнөөгийн хүмүүс Бурханы үгэнд хэрхэн ханддагийг ил болгох нь

Миний сая ярьсан түүх ямар сэдвийн хүрээнд байсан бэ? (Бурханд хандах хандлагын тухай, мөн ямар нэгэн зүйл тохиолдох үед бид Бурханы үгийг хэрхэн дуулгавартай дагаж, Бурханд дуулгавартай байж болох тухай.) Энэ хоёр түүх та нарт гол нь юу заасан бэ? (Дуулгавартай дагаж, дуулгавартай байхыг, мөн Бурханы үгийн шаардлагын дагуу үйлдэхийг.) Дуулгавартай байж сурах, мөн Бурханы үгийг дуулгавартай дагаж хэрэгжүүлэх нь чухал. Чи өөрийгөө Бурханы дагагч, бүтээгдсэн зүйл, Бурханы нүдэнд хүн гэж хэлдэг. Гэвч чиний амьдран харуулж, үзүүлж буй зүйлд Бурханы үгийг сонссоны дараах дуулгавартай байдал юм уу хэрэгжүүлэлтийн шинж тэмдэг огт байдаггүй. Тэгвэл “бүтээгдсэн зүйл”, “Бурханыг дагадаг хүн”, “Бурханы нүдэнд хүн” гэх нэр томьёог чамд хамаатуулах үед эдгээрийн ард асуултын тэмдэг тавих ёстой юу? Энэхүү асуултын тэмдгээс үзвэл, чамд авралын найдвар чухам хэр их байна вэ? Энэ нь тодорхойгүй, боломж тун бага бөгөөд чи өөрөө ч үүнийг хэлж зүрхлэхгүй. Өмнө нь Би Бурханы үгийг хэрхэн дуулгавартай дагах тухай хоёр сонгодог түүх ярьсан. Библи уншиж, Бурханыг олон жил дагасан хэн бүхэн энэ хоёр түүхийг хэдийнээ сайн мэднэ. Гэвч эдгээр түүхийг уншаад хэн ч хамгийн чухал үнэнүүдийн нэгийг ойлгож аваагүй: тэр бол Бурханы үгийг дуулгавартай дагах юм. Бурханы үгийг хэрхэн дуулгавартай дагах тухай түүхүүдийг бид сонссон тул одоо Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй хүмүүсийн түүх рүү орцгооё. Бурханы үгийг дуулгавартай дагахгүй байх тухай дурдсан тул энэ нь өнөөгийн хүмүүсийн тухай түүх байх нь гарцаагүй. Миний хэлэх зарим зүйл сонсоход таагүй байж, та нарын бардам зан, өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг өвтгөж магадгүй, мөнө та нарыг ёс жудаг, нэр төрөөр дутмаг гэдгийг чинь харуулах болно.

Би хэсэг хүмүүсээр ногоо тариулсан нэг газар бий. Энэ нь үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийг органик хүнстэй байлгаж, пестицид цацсан органик бус хүнсний ногоо худалдаж авах шаардлагагүй болгохын тулд байсан юм. Энэ сайн зүйл биз дээ? Нэг талаар, хүн бүр том гэр бүл шиг хамтдаа амьдарч, нийгмийн чиг хандлага, зөрчилдөөнөөс зайдуу байж, бүгд хамтдаа Бурханд итгэх боломжтой. Ийм орчин бүрдүүлэх нь хүн бүрд тайван суурьшиж, үүргээ гүйцэтгэх боломж олгодог. Энэ бол жижиг хүрээний өнцгөөс харсан хэрэг. Илүү том хүрээний өнцгөөс харвал, үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн идэх хүнсний ногоог тарьж, Бурханы сайн мэдээг түгээхэд хувь нэмэр оруулах нь бас тохиромжтой юм. Намайг “Ойр хавьд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүст идүүлэх жаахан ногоо тарь” гэж хэлэхэд энэ үгийг ойлгоход тун амархан биш гэж үү? Би нэг хүнээс үүнийг хийхийг хүсэхэд тэрээр ойлгож, өргөн хэрэглээний зарим хүнсний ногоог тарьсан. Ногоо тарих зэрэг зүйл энгийн гэж Би боддог. Жирийн хүн бүр үүнийг хийж чадна. Энэ нь сайн мэдээ номлох, эсвэл чуулганы янз бүрийн ажил шиг хэцүү биш. Тиймээс Би үүнд нэг их анхаарал хандуулаагүй. Хэсэг хугацааны дараа Би тэнд очиж, бүгд өөрсдийн тарьсан ногоог идэж байгааг харсан бөгөөд заримдаа илүү гарсныг нь тахианд өгдөг гэж сонссон. Би: “Та нар тэр их ногоог тарьж, арвин ургац авчээ. Та нар чуулганууд руу явуулж байгаа юу? Бусад чуулганы хүмүүс бидний тарьсан ногооноос идэж чадсан уу?” гэж асуусан. Зарим хүн мэдэхгүй гэж хэлэв. Зарим нь бусад газар байгаа хүмүүс өөрсдөө ногоогоо худалдаж авдаг, эндхийнхийг иддэггүй гэж хэлэв. Хүн бүр өөр өөр зүйл ярьсан. Хэн ч үүнд санаа тавьсангүй; өөрсдөд нь л идэх ногоо байвал асуудал алга гэж тэд үзэж байв. Энэ зэвүүцмээр биш гэж үү? Дараа нь Би хариуцсан хүнд нь: “Та нар тарьсан зүйлээ идэх нь бүрэн зүй ёсны хэрэг, гэхдээ бусад хүн ч бас идэх ёстой. Та нар ийм ихийг тариад, бүгдийг нь идэж барахгүй байхад бусад газар ногоогоо худалдаж авсаар байх нь зөв үү? Энэ ногоог зөвхөн та нарт идүүлэх гэж тариагүй—чи ойр хавийн бусад чуулган руу ч бас явуулах ёстой гэж Би чамд хэлээгүй гэж үү?” хэмээн хэлсэн. Энэхүү жижигхэн асуудал дээр Би тэдэнд юу хийхийг нь байнга хэлж, илэрхий дүрэм журам гаргах ёстой байсан гэж та нар бодож байна уу? Би үүнийг сүр дуулиан болгож, хүн бүрийг дуудаж цуглуулан, номлол хийх шаардлагатай байсан уу? (Үгүй.) Би ч бас тэгж бодохгүй байна. Хүмүүст ийм өчүүхэн төдий бодолцох сэтгэл байхгүй байж болох уу? Хэрвээ тийм бол тэд хүн биш байх байсан. Тиймээс Би тэр хүнд дахин: “Хурдан бусад чуулган руу явуул. Явж үүнийг хий” гэж хэлсэн. Тэрээр: “За, би харъя” гэж хэлэв. Түүний хандлага ийм л байсан. Хэсэг хугацааны дараа Би тэнд дахин очиж, талбайд төсөөлж болох бүхий л төрлийн ногоо өргөн уудам талбайг бүрхсэн байхыг харсан. Би ногоо тарьсан хүмүүсээс арвин ургац авсан эсэхийг нь асуув. Тэд маш их байсан тул бүгдийг нь идэж баршгүй, зарим нь муудсан гэж хэлсэн. Би ойр хавийн чуулганууд руу явуулсан эсэхийг дахин асуулаа. Тэд мэдэхгүй, сайн мэдэхгүй байна гэж хариулав. Тэд үүнийг маш тодорхойгүй, хааш яаш байдлаар хэлсэн. Хэн ч энэ хэрэгт нухацтай хандаагүй нь тодорхой байв. Өөрсдөд нь л идэх хоол байвал тэд өөр хэнийг ч тоохгүй байлаа. Би дахиад л хариуцсан хүнийг хайж олов. Би түүнээс ногоо явуулсан эсэхийг нь асуулаа. Тэр явуулсан гэж хэлэв. Би хүргэлт хэрхэн явагдсаныг асуулаа. Тэр хүргэгдсэн гэж хэлэв. Энэ хүртэл сонсоход, та нарт энд ямар нэгэн асуудал байсан мэт санагдаж байна уу? Энэ хүмүүсийн хандлага зөв биш байсан. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэнч, хариуцлагатай хандлага гаргаагүй, энэ нь зэвүүцмээр—гэхдээ дараа нь болсон зүйл бүр ч зэвүүцмээр байлаа. Дараа нь Би ойр хавийн чуулгануудын ах эгч нараас ногоо хүлээж авсан эсэхийг нь асуусан. Тэд: “Явуулсан байсан, гэхдээ зах дээрх газар хаясан ногооноос ч дор байдалтай байсан. Элс, шороотой холилдсон муудсан навчнаас өөр юу ч байгаагүй. Идэхийн аргагүй байсан” гэж хариулав. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Та нарын зүрх сэтгэлд уур хилэн буцалж байна уу? Та нарын уур маш их хүрч байна уу? (Тийм.) Хэрвээ та нарын уур ингэж их хүрч байгаа бол Намайг уурласан гэж та нар бодож байна уу? Тэд харамлан барин хэдэн ногоо явуулсан боловч үүнийгээ маш муу хийсэн. Энэ муу үйлдлийн шалтгаан нь хэн байсан бэ? Тэнд нэг ёрын муу хүн байсан бөгөөд тэр тэднийг ногоо явуулахад саад болсон. Намайг ногоо явуул гэж тушаасны дараа тэр юу гэж хэлсэн бэ? “Чи намайг үүнийг хий гэж байгаа юм чинь бидний идэхийг хүсэхгүй байгаа муудсан навч, ногоог нийлүүлээд тэдэн рүү явуулчихъя. Тэгвэл явуулсанд тооцогдоно биз дээ?” Үүнийг мэдээд Би энэ чөтгөрийн хог шаарыг хөөж гаргахыг тушаасан. Тэр энд дураараа дургиж зүрхэлдэг, энэ ямар газар байсан бэ? Энэ бол Бурханы гэр. Энэ бол нийгэм биш, чөлөөт зах зээл ч биш. Хэрвээ чи энд ааш гаргаж, дураараа дургивал чамайг энд хүлээж авахгүй, Би чамайг нүднийхээ өмнө байлгахыг тэвчиж чадахгүй, хурдан тонилоод өг! Надаас аль болох холдож, ирсэн газар руугаа буц! Намайг ингэж зохицуулсан нь зөв байсан гэж та нар бодож байна уу? (Тийм.) Яагаад? (Ийм хүн хүн чанараар дэндүү дутмаг.) Тэгвэл хүн чанараар дутмаг зарим хүн яагаад хөөгдөөгүй юм бэ? Зарим хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй ч тэд муу зүйл хийж, чуулганы ажлыг үймүүлж, бусдын үүрэг гүйцэтгэлд нөлөөлж, эсвэл чуулганы амьдралд нөлөөлдөггүй. Ийм хүнийг үйлчлэл үзүүлүүлэхээр одоогоор үлдээх хэрэгтэй, харин тэд мууг үйлдэж, саад тотгор, үймээн учруулах үед нь хөөж гаргахад оройтохгүй. Тэгвэл Би яагаад энэ хог шаарыг хөөж гаргах ёстой байсан бэ? Тэр Бурханы гэрт дураараа дургиж, эзэн суухыг хүссэн. Тэрээр ах эгч нарын хэвийн амьдралд нөлөөлж, Бурханы гэрийн ажилд муугаар нөлөөлсөн. Зарим хүн түүнийг дэндүү аминч, дэндүү залхуу, үүргээ хааш яаш гүйцэтгэсэн гэж хэлсэн. Тийм байсан гэж үү? Тэр бүх ах эгч нарын эсрэг, үүрэг гүйцэтгэдэг бүх хүний эсрэг, мөн Бурханы эсрэг сөрөн зогсохыг хүссэн. Тэр Бурханы гэрийг гартаа оруулахыг хүссэн. Тэр Бурханы гэрт эзэн суухыг хүссэн. Хэрвээ тэр эзэн суухыг хүссэн юм бол ямар нэг сайн зүйл хийх ёстой байсан. Гэвч тэр ямар ч сайн зүйл хийгээгүй. Түүний хийсэн бүхэн Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хохироосон. Та нар ийм хүнийг тэвчиж чадах уу? (Үгүй.) Та нарын хэн нь ч тэвчиж чадахгүй юм бол Намайг чадна гэж бодож байна уу? Тэр ёрын муу хүнийг зайлуулсанд өнөөдөр ч сэтгэл дундуур байгаа хүмүүс бий. Тэд түүнийг нэвт харж чаддаггүй бөгөөд оюун санаандаа Надтай тэмцэлдээр байгаа. Өнөөдөр ч гэсэн тэр хүнийг дурдах төдийд Намайг энэ хэргийг зүй ёсоор зохицуулаагүй, Бурханы гэрийг зөвт биш гэж боддог хүмүүс бий. Энэ ямар гээчийн бүлэглэл вэ? Энэ хүн тарьсан байцаагаа яаж хураасныг та нар мэдэх үү? Уг нь идэхийн тулд бүхлээр нь үндэстэй нь сугалж авдаг биз дээ? Зүгээр л навчийг нь тасдаж авдаг хүн байдаг уу? (Үгүй.) Гэтэл энэ гаж нөхөр бусдад ургамлыг бүхлээр нь үндстэй нь сугалж авахыг зөвшөөрөөгүй; тэр зүгээр л навчийг нь тасдаж ав гэж тэдэнд хэлсэн. Би ийм зүйлтэй анх удаа л таарч байлаа. Тэр яагаад ингэсэн гэж та нар бодож байна вэ? Тэр яагаад бусдад ургамлыг бүхлээр нь сугалж авахыг зөвшөөрөөгүй вэ? Яагаад гэвэл, хэрвээ тэд ургамлыг бүхлээр нь сугалж авбал талбай хоосорч, газрыг дахин хагалж, дахин тарих хэрэгтэй болно. Төвөг удахгүйн тулд тэр навчийг нь тасдахыг бусдаас шаардсан. Түүнийг хүмүүст ингэж хэлэхэд хэн ч түүнийг эсэргүүцэж зүрхлээгүй. Тэд яг л түүний боолууд шиг байсан—түүний хэлсэн бүхнийг хийсэн. Тэр тэнд эзэн сууж байв. Тэгвэл түүнийг зайлуулахгүй байх нь хүлээн зөвшөөрч болохуйц байсан гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Ийм хүнийг үлдэхийг зөвшөөрөх нь гай гамшиг болох байсан. Заримдаа тэр ямар нэг сайн зүйл харуулдаг бол энэ нь түүний өөрийнх нь ашиг сонирхолтой холбоогүй учраас тэр юм. Түүний хийдэг бүхнийг сайтар хар: Бусдыг үймүүлж, ашиг сонирхлыг нь хохироодоггүй ганц ч зүйл байхгүй, Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулдаггүй ганц ч зүйл байхгүй. Энэ хүн төрөлхийн чөтгөр, тэр өөрийгөө Бурханы эсрэг тавьдаг бөгөөд тэр бол антихрист. Ийм хүнийг Бурханы гэрт үлдэхийг зөвшөөрч болох уу? Тэр үүрэг гүйцэтгэх эрхтэй юу? (Үгүй.) Гэсэн ч зарим хүн ийм хүнийг өмгөөлөхийг оролддог. Тэд чухамдаа ямар мунгинасан юм бэ? Энэ зэвүүцмээр биш гэж үү? Чамд хайр байдаг гэдгээ харуулахыг хичээгээд байгаа юм уу? Хэрвээ чамд хайр байдаг юм бол чи түүнийг ханга; хэрвээ чамд хайр байдаг юм бол өөрийгөө хохироохыг түүнд зөвшөөр—харин Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг түүнд бүү зөвшөөр! Хэрвээ чамд хайр байдаг юм бол түүнийг цэвэрлэгдэх үед нь хамт яв—чи энд эргэлдээд юу хийгээд байгаа юм бэ? Энэ хүмүүс үгэнд орж, дуулгавартай байдаг уу? (Үгүй.) Тэд бол төрөлхийн чөтгөрүүдийн бүлэглэл юм. Тэр хүн Миний хэлсэн бүхнийг дуулгавартай дагаагүй. Намайг баруун тийшээ гэвэл тэр зүүн тийшээ явж, Намайг зүүн тийшээ гэвэл тэр баруун тийшээ явдаг байв. Тэр бүх зүйл дээр Надтай сөргөлдөх гэж зүтгэсэн. Намайг жаахан ч гэсэн дуулгавартай дагах нь түүнд яагаад тийм хэцүү байсан юм бэ? Бусад ах эгч нар руу ногоо явуул гэж Намайг хэлэхэд энэ нь түүний хувийг хасна гэсэн үг байсан уу? Би түүний энэ ногоог идэх эрхийг нь булааж байсан уу? (Үгүй.) Тэгвэл тэр яагаад явуулаагүй юм бэ? Тэр өөрөө зөөх шаардлагагүй, үүнд түүнээс ямар ч хүч хөдөлмөр шаардахгүй байсан. Гэвч тэр бусдад сайнаас нь өгөөгүйгээр үл барам муудсаныг нь өгсөн. Ийм зүйл хийдэг тэр чухам хэр зэрэг муу хүн бэ? Түүнийг хүн гэж үзэж болох уу? Би түүнд хог биш, ногоо явуул гэж хэлсэн. Ийм энгийн, ийм амархан, зүгээр л гараа хөдөлгөх төдий зүйлийг хүртэл тэр хийж чадаагүй. Энэ хүн мөн үү? Хэрвээ ийм зүйл хүртэл чиний хэрээс хэтэрсэн юм бол Бурханд дуулгавартай байдаг гэж чи яаж хэлж чадах юм бэ? Чи сөргөлдөж, эсэргүүцдэг, тэгсэн мөртлөө Бурханы гэрт үнэгүй идэж уухыг оролдсоор байдаг. Ийм зүйл байж болох уу? Өнөөдөр ч гэсэн үүнийг мартаагүй хүмүүс бий: “Чи нэгэн цагт биднийг гомдоосон. Чи нэгэн цагт биднээс хэд хэдийг нь хөөсөн, гэхдээ бид зөвшөөрөөгүй байсан; бид тэднийг үлдээхийг хүссэн ч чи тэдэнд боломж олгоогүй. Чи зөвт бурхан мөн үү?” Чөтгөрүүд хэзээ нэгэн цагт Бурханыг зөвт гэж хэлнэ гэж та нар бодож байна уу? (Хэзээ ч үгүй.) Тэд амаараа Бурханыг зөвт гэж хэлж болох ч Бурханыг үйлдэх үед энэ нь тэдний таалалд нийцдэггүй; тэд Бурханы зөвт байдлыг магтаж чаддаггүй. Эдгээр нь чөтгөрүүд бөгөөд хоёр нүүртэнгүүд юм.

Ногоо хүргэх зэрэг ийм өчүүхэн хэрэг хүртэл юуг харуулж байна вэ? Хүмүүс Бурханд дуулгавартай байж, Бурханы үгийг дуулгавартай дагах нь амархан уу? (Үгүй.) Хүмүүс Бурханы хангасан хоолыг идэж, Бурханы хангасан байшинд амьдарч, Бурханы хангасан зүйлсийг ашигладаг, гэвч Бурхан тэднээс илүү гарсан ногоогоо бусадтай хуваалцахыг хүсэхэд тэд дуулгавартай байдаг уу? Эдгээр үг тэдний дотор биеллээ олж чадах уу? Хүмүүсийн дотор бол чадна. Тэдгээрийг хэрэгжүүлж болно. Гэвч чөтгөрүүд, Сатанууд, антихристүүдийн хувьд эдгээр нь хэзээ ч биеллээ олохгүй. Тэр хүн дотроо: “Хэрвээ би энэ ногоог явуулбал миний сайн зүйл хийснийг хэн нэгэн санах болов уу? Хэрвээ бусад хүн энэ ногоог идээд, үүнийг бурхны нигүүлсэл, бурхан надаар үүнийг хийлгэсэн гэж хэлбэл, хэрвээ тэд бүгд бурханд талархал өргөвөл хэн надад талархах юм бэ? Хөшигний ардах баатар нь би, хөдөлмөрлөсөн хүн нь би байсан. Ногоо тарьсан хүн нь би байсан. Чи надад талархах ёстой. Хэрвээ чи талархахгүй бол, хэрвээ үүнийг хийсэн хүн нь би гэдгийг чи мэдэхгүй юм бол миний тарьсан ногоог иднэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй!” гэж бодсон. Тэр ингэж бодсон бус уу? Энэ нь ёрын муу биш гэж үү? Энэ бол маш ёрын муу! Ёрын муу хүн яаж үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг дуулгавартай дагаж чадах юм бэ? Энэ хүн төрөлхийн чөтгөр, Сатан юм. Тэр Бурханыг эсэргүүцэн зогсож, үнэнийг эсэргүүцэж, үнэнийг жигшдэг. Тэр Бурханы үгийг дуулгавартай дагах чадваргүй, тэгвэл үүнийг дуулгавартай дагах шаардлага түүнд байна уу? Үгүй. Тэгвэл ийм хэргийг хэрхэн зохицуулах ёстой вэ? Түүнийг хөөж гаргаад, дуулгавартай байж чадах хэн нэгнийг олоод оронд нь тавь. Ингээд л болоо, энэ ийм энгийн. Аливаа зүйлийг ийм маягаар зохицуулах нь тохиромжтой юу, үгүй юу? (Тохиромжтой.) Би ч бас тэгж бодож байна. Хэрвээ тэр явахгүй бол төвөг удаж, бусдыг хохирооно. Зарим хүн: “Тэр Таны үгийг дуулгавартай дагаагүй учраас Та сэтгэл дундуур байгаа юм уу? Түүний хийсэн зүйл ердөө л Танд дуулгаваргүй байсан явдал—энэ тийм ноцтой байсан гэж үү? Ийм ялихгүй зүйлээс болж Та түүнийг явуулсан, гэхдээ тэр үнэндээ ямар ч муу зүйл хийгээгүй. Тэр зүгээр л хэдэн муудсан ногоо явуулсан, мөн хэдэн удаа юу ч явуулаагүй, Танд дуулгавартай байгаагүй. Энэ бол зүгээр л жижиг хэрэг биз дээ?” гэдэг. Энэ үнэн гэж үү? (Үгүй.) Тэгвэл Би үүнийг хэрхэн үздэг гэж та нар бодож байна вэ? Тэр ийм жижиг зүйл дээр хүртэл дуулгавартай байж чадаагүй атлаа энд зүй бусаар юманд саад хийхийг оролдсон. Энэ бол Бурханы гэр, эндэх ямар ч зүйл түүнд харьяалагддаггүй байсан. Эндэх өвс, мод, толгод, ус гээд— эдгээр зүйлийн алиныг нь ч хянаж, эзэн суух эрх мэдэл түүнд байхгүй. Тэр эзэн сууж, зүй бусаар саад хийхийг оролдсон. Тэр юу байсан юм бэ? Түүний юуг ч аваагүй, ашиглаагүй, түүнд харьяалагдах юуг ч явуулаагүй байсан; түүнээс ердөө гараа хөдөлгөж, биелүүлэх ёстой хариуцлагаа биелүүлэхийг л хүссэн, гэвч тэр үүнийг ч хийж чадаагүй. Тэр үүнийг хийж чадаагүй учраас Би түүнийг итгэгч гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэр Бурханы гэрээс гарах ёстой, түүнийг зайлуулах ёстой байсан! Миний ингэж хийсэн нь үндэслэлтэй байсан уу? (Тийм.) Эдгээр нь Бурханы гэрийн захиргааны зарлиг юм. Хэрвээ Би ийм ёрын муу хүн мууг үйлдэж байгаатай таараад, түүнийг цэвэрлэхгүй, түүнд ямар нэгэн хандлага илэрхийлэхгүй байсан бол хэчнээн хүн хохирох байсан гэж та нар бодож байна? Энэ нь Бурханы гэрийг эмх замбараагүй байдалд оруулах байсан бус уу? Мөн Бурханы гэрийн захиргааны зарлиг хоосон үг болох байсан бус уу? Тэгвэл дуулгаваргүй байж, үймээн дэгдээж, үндэслэлгүйгээр юманд саад хийж, ичгүүргүй авирладаг эдгээр антихрист болон ёрын муу чөтгөрүүдийн талаар Бурханы гэрийн захиргааны зарлигт юу гэж заасан байдаг вэ? Тэднийг зайлуулж, Бурханы гэрээс хөө. Тэднийг ах эгч нарын эгнээнээс цэвэрлэ. Тэд Бурханы гэрийн гишүүнд тооцогдохгүй. Тэдэнтэй ингэж харьцах талаар та нар юу гэж бодож байна? Ийм төрлийн хүмүүсийг цэвэрлэсний дараа бүх ажил саадгүй урагшилна. Чөтгөрүүд болон Сатанууд ногоо идэх зэрэг ийм жижиг зүйлийг хүртэл ашиглах гэж эрж хайдаг. Үүн дээр хүртэл тэд эзэн сууж, хүссэн зүйлээ хийхийг оролддог. Бидний ярьсан бүхэн жижиг зүйл боловч, тийм байлаа ч гэсэн энэ нь бүх үнэний хамгийн үндсэн суурийг хөнддөг. Үнэний хамгийн үндсэн суурь бол Бурханы үгийг дуулгавартай дагах явдал юм. Үүнийг хүртэл хийж чаддаггүй хүмүүсийн зан чанар ямар байдаг вэ? Тэдэнд хэвийн хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаан байдаг уу? Огтхон ч үгүй. Эдгээр нь хүн чанаргүй хүмүүс юм.

Хүмүүс өдөр тутмын амьдралдаа хүнсний ногооноос гадна мах, өндөг хэрэглэх ёстой. Тиймээс Би зарим хүнд хэдэн тахиа тэжээж, тэр тахиануудад үр тариа, хүнсний ногоо гэх мэтийг өг гэж хэлсэн. Тэдгээрийг сул тавьж тэжээх ёстой байв. Тэгвэл тэд зах дээр зардаг өндөгнөөс илүү сайн өндөг гаргана. Тахианы мах нь ч бас органик байх болно; хамгийн наад зах нь ямар ч дааваргүй байх бөгөөд хүмүүс идэх үед хор хөнөөлгүй байна. Тахианууд маш их өндөг, мах гаргахгүй байж болох ч чанар нь баталгаатай байх болно. Үүгээрээ Би юу хэлэх гэснийг та нар ойлгож байна уу? (Тийм.) Тэгвэл Миний сая хэлсэн зүйлд хэдэн мэдээлэл агуулагдаж байгааг Надад хэл дээ? Нэгдүгээрт, тахиаг ингэж өсгөвөл бид органик өндөг идэх болно. Бид хэчнээн ихийг идэж чадах нь хамаагүй ядаж антибиотик агуулсан өндөг идэх шаардлагагүй болно. Өндгөнд тавигдсан шаардлага энэ байв. Хоёрдугаарт, маханд тавигдсан шаардлага нь даавар агуулаагүй байх явдал байсан бөгөөд ингэснээр хүмүүс үүнийг идэхдээ ямар ч эргэлзээгүй байх байлаа. Энэ хоёрын аль нэг нь хэтэрхий их зүйл шаардсан хэрэг байсан уу? (Үгүй.) Миний тавьсан шаардлага хэтрээгүйгээр үл барам, бас бодитой байсан, тийм биз дээ? (Тийм.) Дараа нь дэгдээхий худалдаж авч, тэжээсэн. Тэд өндөглөж эхлэх үед бид өндгийг нь идсэн; гэхдээ супермаркетаас худалдаж авдаг өндөгтэй маш төстэй, антибиотик үл ялиг амтагдаж байв. Би энэ талаар бодлоо: Тэд антибиотик агуулсан тэжээл өгч байсан юм болов уу? Дараа нь Би тахиа хариулдаг хүмүүсээс тахианууд ямар тэжээл идэж байсныг асуухад тэд ясны гурил гэж хэлэв. “Бид энэ тахиануудыг эрт өндөглүүлэх шаардлагагүй. Тэднийг энгийн органик аргаар, сул тавьж тэжээ. Тэднийг хэвийн өндөглүүл” гэж Би хэлсэн. “Бид их өндөг авахын тулд биш, зүгээр л органик өндөг идэхийн тулд тэднийг тэжээж байгаа юм. Шаардлагатай зүйл нь ердөө л энэ.” Үүнийг хэлэхдээ Би ямар санаа хэлэх гэсэн бэ? Тахианд антибиотик, даавар гэх мэт зүйл агуулсан ямар ч зүйл бүү өг гэж Би тэдэнд хэлж байсан юм. Тахиануудад бусад газрын тахиануудын иддэгээс өөр тэжээл өгөх ёстой байв. Бусад газар тахиа ердөө гурван сарын дараа бүрэн томорч, өдөр бүр өндөглөж, нядлуулах өдөр хүртлээ өндөг гаргадаг машин шиг ашиглуулдаг. Энэ нь сайн өндөг гаргадаг уу? Мах нь амттай байдаг уу? (Үгүй.) Би тахиануудыг сул тавьж, гадаа бэлчээж, шавж, зэрлэг өвс идүүлж, дараа нь зарим нэг үр тариа, будаа гэх мэтээр тэжээхийг хүссэн. Хэдийгээр ингэснээр цөөн өндөг гаргах ч чанар нь илүү сайн байх байсан; энэ нь тахианд ч, хүмүүст ч сайн байх байв. Миний хүссэн зүйлд хүрэх амархан байсан уу? (Амархан байсан.) Ойлгоход амархан байсан уу? Миний хэлснийг дуулгавартай дагахад ямар нэг хэцүү зүйл байсан уу? (Ойлгоход амархан байсан. Хэцүү байгаагүй.) Үүнд ямар ч хэцүү зүйл байхгүй гэж Би бодсон. Энэ амархан байсан. Би гаргах өндөгний тоонд биш, зөвхөн чанарт нь шаардлага тавьсан. Хэвийн эрүүл ухаантай, хэвийн сэтгэлгээтэй хүмүүс үүнийг сонсмогцоо ойлгох байсан. Энэ нь энгийн, хийж болохуйц зүйл байна гэж тэд бодоод, удалгүй үүнийг хэрэгжүүлэх байсан. Үүнийг дуулгавартай байх гэж хэлдэг. Тэгвэл тахиа өсгөж байсан хүмүүс ингэж хийсэн үү? Тэд үүнийг хийх чадвартай байсан уу? Үүнийг хийж чадна гэдэг нь хэвийн хүн чанарын эрүүл ухаантай байна гэсэн үг. Үүнийг хийж чадахгүй байна гэдэг нь асуудал байна гэсэн үг. Намайг ингэж хэлсний дараахан цаг агаар хүйтэрсэн. Байгалийн хэвийн хуулиар бол энэ нь тахиануудыг өндөглөхөө болиход хүргэх байв. Гэхдээ маш тодорхой харуулсан нэг зүйл байсан нь хүйтрэх үед тахиануудын өндөглөх нь цөөрөөгүй, харин ч ихэссэн. Өдөр бүр идэх өндөг байсан ч шар нь урьдынх шигээ шар биш, цагаан нь улам бүр хатуурч байв. Өндөг улам бүр амтгүй болж байлаа. Юу болоод байв аа? Би: “Чухам юу болоод байна аа? Энэ тахианууд өвлийг давах нь хэдийнээ нэлээн хэцүү болсон байхад та нар одоо тэднээр хүмүүст зориулж өндөг гаргуулах гэж оролдоод юу хийгээд байгаа юм бэ? Энэ чинь жаахан хэрцгий байна!” гэж хэлсэн. Дараа нь Би очиж асуугаад тахиануудад өөр газраас худалдаж авсан тэжээл өгсөөр байгааг олж мэдсэн бөгөөд тэр тэжээл нь хавар, зун, намар, өвөл аль нь ч байсан хамаагүй тахиануудыг баталгаатай өндөглүүлсээр байжээ. “Ер нь тахиа энэ улиралд өндөглөдөггүй. Бид өндөггүй байж болно. Зүгээр л тэднийг үргэлжлүүлэн хариул. Хавар болоход тэд дахин өндөглөж эхлэх бөгөөд өндөг нь сайн чанартай байх болно” гэж Би хэлсэн. “Бүү ховдог шунахай бай. Би чамаас тэднийг байнга өндөглүүл гэж шаардаагүй, өвөл ч гэсэн өндгөөр ханга гэж шаардаагүй. Би чамаас үүнийг шаардаагүй байхад чи яагаад худалдаж авсан тэжээлээ тахиануудад өгсөөр байсан юм бэ? Тахиануудад тэр тэжээлийг дахиж өгөхийг хориглож байна.” Миний хэлсэн ойлгомжтой юу? Нэгдүгээрт, Би ямар ч улирал байсан хамаагүй заавал идэх өндөгтэй байх ёстой гэж шаардаагүй. Хоёрдугаарт, Би тэдэнд тэр тэжээлийг тахианд битгий өгөөрэй, өндөглөх явцыг нь битгий хурдасгаарай гэж хэлсэн. Энэ жижигхэн шаардлагыг биелүүлэхэд хэцүү байсан гэж үү? (Үгүй.) Гэвч үр дүн нь, хэсэг хугацааны дараа Би манай тахиануудын гаргасан өндөгнөөс дахиад идэв. Би дотроо: Энэ хүмүүс ямар мунгинасан юм бэ, тэд яагаад Миний хэлснийг дуулгавартай дагаагүй юм бол? гэж хэлсэн. Тахианууд өндөглөсөөр байсан тул тэд тэжээлийг нь гарцаагүй өөрчлөөгүй байсан—ийм л зүйл болж байлаа.

Тахиа тэжээсэн явдлаас та нар юуг ялган таньж чадах вэ? (Хүмүүс Бурханы үгэнд дуулгавартай байдаггүй, дуулгавартай дагадаггүй гэдгийг.) Зарим хүн: “Бурхны үгийг дуулгавартай дагах гэдэг нь бурхны хүслийг дагах гэсэн үг. Агуу, эрхэм дээд хэрэг явдлууд буюу бурхны хүсэл, бурхны ажлын гүйцэтгэл болон түүний томоохон ажилтай холбоотой зүйлсийн тухайд бид дуулгавартай дагах ёстой. Чиний яриад байгаа бүхэн өдөр тутмын амьдралын ялихгүй хэрэг явдлуудтай холбоотой, энэ нь бурхны хүслийг дагахтай ямар ч хамаагүй—тиймээс бид чиний хэлснээр хийх албагүй. Чиний яриад байгаа зүйл бидний үүрэгтэй ч, бурхны үгэнд дуулгавартай байж, дуулгавартай дагахтай ч холбоогүй, тиймээс бид чамтай сөргөлдөх, дуулгавартай дагах эсэхээ сонгох эрхтэй. Түүнчлэн хэвийн хүний амьдрал, гэр бүлийн хэрэг явдлын талаар чи юу мэдэх юм бэ? Чи ойлгохгүй, тиймээс чамд ярих эрх байхгүй. Бидэнд дэмий зүйл бүү чалч—бид энэ тал дээр чамайг дуулгавартай дагах албагүй” гэж хэлсэн. Тэд ингэж бодож байсан бус уу? Ингэж бодох нь зөв байсан уу? (Үгүй.) Алдаа нь хаана байсан бэ? (Бурханы хүслийг дагах нь хэрэг явдлыг том, жижиг гэж ялгадаггүй. Бурханы үг мөн л бол хүмүүс дуулгавартай дагах ёстой, мөн дуулгавартай байж, түүнийг хэрэгжүүлэх ёстой.) Зарим хүн: “Би үнэн болох бурхны үгийг дуулгавартай дагадаг. Үнэн биш үгийг дуулгавартай дагах шаардлагагүй. Би зөвхөн үнэнд дуулгавартай байдаг. ‘Бурхны замыг дагах’ гэдэг нь бурхны амнаас гарсан үнэн болох тэр хэсэг үгийг дагаж, дуулгавартай дагаж, дуулгавартай байхыг хэлнэ. Хүмүүсийн амьдралтай холбоотой, үнэнтэй хамааралгүй үгсийг үл тоож болно” гэж хэлсэн. Ийм ойлголт зөв үү? (Үгүй.) Тэгвэл та нар үнэн болон Бурханы үгийг хэрхэн авч үздэг вэ? Тэд Бурханы үг болон үнэний хооронд ялгаа гаргаагүй гэж үү? Энэ нь үнэнийг ердөө л бэлгэ тэмдэг төдий болгоогүй гэж үү? Тэд үнэнийг маш хоосон зүйл гэж үзээгүй гэж үү? Бурхан бүх зүйлийг бүтээсэн явдал, модны навчны хэлбэр болон өнгө, цэцгийн хэлбэр болон өнгө, бүх зүйлийн оршин тогтнол болон үржил—энэ бүхэн үнэнтэй ямар нэгэн холбоотой юу? Энэ нь хүний авралтай ямар нэгэн холбоотой юу? Хүний биеийн бүтэц үнэнтэй холбоотой юу? Эдгээрийн аль нь ч үнэнтэй холбоогүй боловч бүгд Бурханаас гаралтай. Хэрвээ эдгээрийн аль нь ч үнэнтэй хамаагүй юм бол чи зөв зүйтэй байдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байж чадах уу? Чи зөв зүйтэй байдлыг нь үгүйсгэж чадах уу? Чи Бурханы бүтээлийн хуулийг дураараа сүйтгэж чадах уу? (Үгүй.) Тэгвэл чиний хандлага ямар байх ёстой вэ? Чи зүй тогтлыг нь дагаж мөрдөх ёстой. Ойлгохгүй зүйл байгаа үед Бурханы амнаас гарсан үгэнд итгэх нь зөв. Чи түүнийг судлах, эсвэл хэт гүнзгий ойлгох гэж хичээх шаардлагагүй—чи ердөө зүй тогтлыг нь зөрчихгүй байх хэрэгтэй. Итгэж, дуулгавартай байх гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд Бурханы шаарддаг, хүний авралыг хөнддөггүй дадал зуршил, эрүүл ухаан, өдөр тутмын амьдралын дүрэм журам гэх мэт зүйлсийн тухайд, хэдийгээр эдгээр нь үнэнтэй ижил түвшин, эсвэл зэрэглэлд байхгүй байж болох ч бүгд эерэг зүйлс юм. Бүх эерэг зүйл Бурханаас ирдэг тул хүмүүс тэдгээрийг хүлээн авах ёстой—эдгээр үг зөв юм. Үүнээс гадна, хүн байхын тухайд түүнд ямар эрүүл ухаан, мөс чанар байх ёстой вэ? Нэгдүгээрт, тэр хэрхэн дуулгавартай дагахыг сурах ёстой. Хэний үгийг дуулгавартай дагах вэ? Диаволууд болон Сатаны үгийг дуулгавартай дагах уу? Хүмүүсийн үгийг дуулгавартай дагах уу? Агуу хүмүүс, гарамгай хүмүүсийн үгийг дуулгавартай дагах уу? Антихристүүдийн үгийг дуулгавартай дагах уу? Эдгээрийн аль нь ч биш. Тэд Бурханы үгийг дуулгавартай дагах ёстой. Бурханы үгийг дуулгавартай дагах зарчмууд болон тодорхой хэрэгжүүлэлтүүд нь юу вэ? Тэдгээр нь зөв үү, буруу юу гэдгийг чи задлан шинжлэх шаардлагагүй, мөн яагаад гэдгийг асуух шаардлагагүй. Чи тэдгээрийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлнэ гэж хүлээх шаардлагагүй. Үүний оронд чи эхлээд сонсож, хэрэгжүүлж, гүйцэтгэж, дагаж мөрдөх ёстой бөгөөд энэ нь бас чиний анхны хандлага байх ёстой. Тэгж байж л чи бүтээгдсэн зүйл, мөн зөв зохистой, нийцэхүйц хүн байх болно. Хэрвээ хүн байхын эдгээр хамгийн суурь стандарт хүртэл чиний хэр хэмжээнээс хэтэрдэг бол, мөн Бурхан чамайг хүн гэж хүлээн зөвшөөрдөггүй бол чи Түүний өмнө очиж чадах уу? Чи Бурханы үгийг сонсоход зохистой юу? Чи үнэнийг сонсоход зохистой юу? Чи аврагдахад зохистой юу? Чи эдгээр зүйлийн алинд нь ч тэнцэхгүй.

Миний сая ярьсан тахиа, өндөгтэй холбоотой тэр хүмүүс дуулгавартай байж, дуулгавартай дагасан уу? (Үгүй.) Тэд Бурханы үгийг юу гэж авч үзсэн бэ? Чихнийх нь хажуугаар өнгөрөх салхи мэт үзэж, оюун санаанд нь ийм нэг үзэл бодол байсан: “Чи хэлэх ёстойгоо л хэл, харин би хийх ёстойгоо л хийнэ. Чиний шаардлага надад хамаагүй! Би чамайг идэх өндгөөр хангаж байгаа нь хангалттай—чиний ямар өндөг идэх нь хэнд хамаатай юм. Чи органик өндөг идмээр байна уу? Горидолтгүй. Битгий мөрөөд! Чи намайг тахиа тэжээ гэсэн, би ингэж л тэжээнэ, гэхдээ чи үүн дээр нэмээд өөрийнхөө шаардлагыг тавиад байна—энэ талаар ярих эрх чамд байгаа юм уу?” Энэ хүмүүс дуулгавартай дагаж, дуулгавартай байдаг хүмүүс мөн үү? (Үгүй.) Тэд юу хийхийг оролдож байна вэ? Тэд тэрслэхийг оролдож байна! Бурханы гэр бол Бурхан үг хэлж, ажилладаг газар, мөн үнэн ноёрхдог газар—хэрвээ Бурханыг нүүрэн дээр нь юм хэлэхэд энэ хүмүүс үгэнд нь ороогүй, дуулгавартай дагаагүй бол нүднээс нь далд Бурханы үгийг хэрэгжүүлж чадах уу? Тэр бүр ч бүтэшгүй! Бүтэшгүйгээс ч бүтэшгүй: энэ хоёр зүйлээс харахад Бурхан тэдний Бурхан мөн үү? (Үгүй.) Тэгвэл тэдний бурхан хэн бэ? (Өөрсдөө.) Яг зөв—тэд өөрсдийгөө бурхан мэт үздэг, өөрсдөдөө итгэдэг. Тийм юм бол тэд энд юу хийж эргэлдээд байгаа юм бэ? Тэд өөрсдийнхөө бурхан юм бол Бурханд итгэх итгэлийн туг далбаа намируулан юу хийж байгаа юм бэ? Энэ нь бусдыг мэхэлж байгаа хэрэг биш үү? Өөрсдийгөө мэхэлж байгаа хэрэг биш үү? Хэрвээ ийм хүмүүс Бурханд ингэж ханддаг бол тэд дуулгавартай дагаж чадах уу? (Яавч үгүй.) Ийм өчүүхэн зүйл дээр ч тэд Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд дуулгавартай байж чаддаггүй, Бурханы үг тэдэнд нөлөөлдөггүй бөгөөд тэд үүнийг хүлээн авдаггүй, дуулгавартай дагаж чаддаггүй. Ийм хүмүүс аврагдаж чадах уу? (Үгүй.) Тэгвэл тэд авралаас хэр хол байна вэ? Хэтэрхий хол, дөхөө ч үгүй! Бурханы үгэнд дуулгавартай байдаггүй, Түүнтэй сөргөлддөг хүмүүсийг аврахыг Тэр дотроо хүсэх үү? Яавч үгүй. Хүмүүс хүртэл үүнийг өөрсдийнхөө бодлоор хэмжиж үзлээ гэхэд ингэхийг хүсэхгүй. Хэрвээ ийм диаволууд болон Сатанууд чиний эсрэг зогсож, бүх талаар чамтай сөргөлдвөл чи тэднийг аврах уу? Боломжгүй. Хэн ч ийм хүмүүсийг аврахыг хүсэхгүй. Хэн ч ийм хүмүүстэй найзлахыг хүсэхгүй. Тахиа тэжээх гэх мэт ийм өчүүхэн явдал дээр хүмүүсийн уг чанар ил болсон; ийм өчүүхэн зүйл дээр хүмүүс Миний хэлсэн зүйлийг дуулгавартай дагаж чадаагүй. Энэ ноцтой асуудал биш гэж үү?

Дараа нь хоньтой холбоотой нэгэн хэрэг явдлын талаар ярилцацгаая. Мэдээж энэ нь хүмүүстэй л холбоотой. Хавар болсон байлаа. Цаг агаар дулаарч, цэцэгс дэлгэрэв. Ногоо ургаж, өвс ногоорч байв. Бүх зүйл амиар бялхаж эхэлж байлаа. Хонинууд өвөлжин хадсан өвс идсэн болохоор цаашид идэхийг хүсэхгүй байсан бөгөөд өвс ногоорч, шинэхэн өвс идэх үеийг тэсэн ядан хүлээж байв. Яг энэ үеэр эм хонинууд хургалсан тул тэд ногоон өвс идэх бүр ч их хэрэгтэй байлаа. Өвсний чанар хэдий чинээ сайн, хэмжээ нь хэдий чинээ их байна, төдий чинээ их сүү гарч, хурганууд төдий чинээ хурдан өснө; үүнийг хараад хүмүүс ч бас баярлах бөгөөд энэ нь намар болоход тарган сайхан хурга идэх хүлээлт үүсгэж байв. Хүмүүст ийм хүлээлт байсан болохоор тэд хургануудад илүү сайн өвс идүүлж, хүчтэй, тарган болгож тэжээх арга сүвэгчлэх ёстой байсан биш үү? Тэд “Одоогоор бэлчээрийн өвс сайн биш байна. Хурганууд үүнийг идвэл удаан өснө. Хаана сайн өвс байгаа бол?” гэж бодож үзэх ёстой байсан биш үү? Үүний төлөө тэд бага зэрэг хүчин чармайлт гаргах ёстой байсан биш үү? Гэвч хонь хариулж байсан хүн юу бодож байсныг хэн мэдлээ. Нэг өдөр Би хонинуудыг очиж харлаа. Хурганууд сайн байгааг Би харсан бөгөөд тэд хүн хараад дээш үсэрч, урд хөлөөрөө хүний шилбэн дээр тулан дээшээ тэмүүлж, тэдэнтэй ярилцахыг хүсэж байв. Зарим хурганд эвэр ургасан байсан тул Би жижигхэн эврээс нь барьж, тэдэнтэй тоглолоо. Тэр хурганууд сайн байсан ч маш туранхай, эцэнхий байв. Хурга зөөлөн, ноос нь зузаан биш ч дулаахан байдгийг Би бодоод, тэднийг жаахан таргалуулбал хэр илүү дээр байх болно гэж бодлоо. Би дотроо энэ талаар бодоод, хонь тэжээж байсан хүнээс “Энэ өвс чанар муутай байна уу? Бэлчээрт хонинд идэх юм хангалтгүй байна уу? Тэдэнд идэх юм хангалттай байлгахын тулд газрыг нь хагалж, шинэ өвс тарих хэрэгтэй юү?” гэж асуув. Тэр хүн “Идэх ногоон өвс хангалттай биш байна. Одоогоор хонинууд хадсан өвс идсээр байгаа” гэж хэлэв. Үүнийг сонсоод Би “Одоо ямар улирал болж байгааг чи мэдэхгүй байна уу? Яагаад тэдэнд хадсан өвс идүүлсээр байгаа юм бэ? Хонинууд хургалсан болохоор тэд сайхан ногоон өвс идэх ёстой. Яагаад чи тэдэнд хадсан өвс идүүлсээр байгаа юм бэ? Та нар үүнийг шийдэх арга бодож үзсэн үү?” гэж хэллээ. Тэр баахан шалтаг тоочив. Бэлчээрийг хагал гэж Намайг хэлэхэд тэр боломжгүй гэлээ—хэрвээ тэгвэл хонинуудад одоо идэх юм байхгүй болно гэв. Энэ бүхнийг сонсоод та нар юу гэж бодож байна вэ? Та нарт ямар нэгэн ачаа мэдрэгдэж байна уу? (Би сайн өвстэй бэлчээр олох арга сүвэгчлэх, эсвэл өөр газраас өвс хадах байсан.) Энэ бол үүнийг шийдвэрлэх нэг арга. Чи шийдэл бодож олох ёстой. Зөвхөн өөрийнхөө гэдсийг цатгаад бусад бүх зүйлийг битгий март—хонинууд ч бас цадах хэрэгтэй. Дараа нь Би өөр хэдэн хүнд “Энэ бэлчээрийг хагалж болох уу? Намар тарилаа ч гэсэн хонинууд ирэх жил ногоон өвс идэж чадна шүү дээ. Түүнчлэн, өөр газруудад хоёр бэлчээр байгаа, хонинуудыг өдөр бүр тийш нь тууж, шинэхэн өвс идүүлж болохгүй гэж үү? Энэ хоёр бэлчээрийг ээлжилбэл хонинууд шинэхэн өвс идэж чадах бус уу?” гэж хэлсэн. Миний хэлсэн зүйлийг хийхэд амархан байсан уу? (Амархан байсан.) Зарим хүн “Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Чи дандаа л аливааг хийхэд амархан гэх юм—яаж тийм амархан байх юм бэ? Маш олон хонь байгаа, нааш цааш гүйх үед нь тэднийг тууж хариулах огтхон ч амар биш” гэж хэлсэн. Зүгээр хонь хариулах нь л тэдний хувьд маш төвөгтэй байсан, тэдэнд маш олон шалтаг, бэрхшээл байсан ч эцэст нь тэд зөвшөөрөв. Хэд хоногийн дараа Би дахин очиж харлаа. Өвс маш өндөр ургаж, бараг л бүсэлхийгээр татахаар болсон байв. Хонинууд идэж байхад яаж ийм өндөр ургаж чадсаныг Би гайхлаа. Хэдэн зүйл асуусны дараа Би олж мэдэв: Хонинуудыг энд огт бэлчээгээгүй байжээ. Тэр хүмүүст бас шалтаг байлаа: “Тэр бэлчээрт саравч байхгүй болохоор хонинууд хэтэрхий их халууцаж байсан” гэв. Би “Тэгвэл яагаад тэдэнд саравч бариад өгчхөж болохгүй гэж? Хэдхэн л хонь байна шүү дээ. Та нар энд юу хийхээр байгаа юм бэ? Ийм энгийн зүйлсийг зохицуулах ёстой биш гэж үү?” гэлээ. Тэд “Үүнийг барих хүн олдохгүй байна” гэж хариулав. Би “Бусад зүйлийг хийх хүн байхад яагаад үүнийг хийх хүн байдаггүй юм бэ? Чи хүн хайж үзсэн юм уу? Чи хонинуудыг тэжээхэд биш идүүлэхэд л санаа тавьдаг. Чи яаж ийм аминч байж чаддаг байна аа? Чи хурганы мах идмээр байгаа хэрнээ тэдэнд ямар ч ногоон өвс идүүлдэггүй—чи яаж ийм ёс зүйгүй байж чадаж байна аа!” гэж хэлэв. Тэднийг шахаж шаардсаны эцэст саравч баригдаж, хонинууд ногоон өвс идэхээр болов. Хонинууд жаахан шинэхэн өвс идэх амархан байсан уу? Ийм энгийн зүйлийг хэрэгжүүлэх нь энэ хүмүүсийн хувьд маш хэцүү байлаа. Тэд алхам тутамдаа шалтаг тоочиж байв. Шалтаг гарах үед, ямар нэгэн бэрхшээл тулгарах үед тэд бууж өгөөд, Намайг ирж зохицуулахыг хүлээж байлаа. Би үргэлж юу болж байгааг хянаж, үүнд үргэлж анхаарал хандуулж, тэднийг үргэлж шахаж шаардах ёстой байсан—Би тэднийг шахаж шаардахгүй байж болоогүй. Хонь тэжээх шиг ийм ялихгүй зүйлд Би яагаад санаа зовох ёстой юм бэ? Би та нарт бүх зүйлийг бэлдэж өгдөг байтал та нарыг Миний хэдхэн үгийг дуулгавартай дагадаг байлгахын тулд яагаад ийм их хүчин чармайлт шаарддаг юм бэ? Би чамаас хутган уул өөд авирч, галан далайд сэл гэж шаардаж байна уу? Эсвэл үүнийг хэрэгжүүлэхэд хэтэрхий хэцүү байна уу? Энэ чиний үүрэг хариуцлага биш гэж үү? Энэ бүхэн чиний хийж чадах зүйл, энэ бол чиний чадварын хүрээнд багтах зүйл. Энэ нь хэтэрхий ихийг шаардсан хэрэг биш. Чи яахаараа үүнийг биелүүлж чаддаггүй юм бэ? Асуудал нь хаана байна вэ? Би чамаас бүхээг хий гэж шаардсан уу? (Үгүй.) Тэгвэл чамаас шаардсан зүйл болон бүхээг хийх хоёрын хооронд хэр их ялгаа байна вэ? Асар их ялгаа бий. Чамаас хийхийг шаардсан ажил ердөө нэг, хоёрхон өдөр л шаардах байсан. Хэдхэн үг хэлэхэд л хангалттай байсан. Үүнийг хийх боломжтой байсан. Бүхээг хийх нь асар том үйл хэрэг, 100 жилийн үйл хэрэг байсан. Хэрвээ та нар Ноатай нэг эрин үед төрсөн бол та нарын хэн нь ч Бурханы үгийг дуулгавартай дагаж чадахгүй байх байсан гэдгийг Би баттай хэлж чадна. Ноа Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханы тушааснаар бүхээгийг бага багаар барьж байх үед та нар нэг хажууд нь зогсоод, Ноаг хойш татаж, тохуурхаж, дооглож, шоолж байх хүмүүс байх байсан. Та нар яг тийм төрлийн хүмүүс мөн. Та нарт дуулгавартай байж, дуулгавартай дагах хандлага огтхон ч байхгүй. Харин эсрэгээрээ Бурханаас чамд онцгой нигүүлсэл үзүүлж, чамайг онцгойлон ерөөж, гэгээрүүлэхийг чи шаарддаг. Чи яаж ийм ичгүүргүй байж чадаж байна аа? Та нар хэл дээ, Миний сая ярьсан зүйлсийн аль нь Миний үүрэг хариуцлага вэ? Алийг нь Би хийх ёстой вэ? (Алийг нь ч биш.) Энэ бүх зүйл хүний хэрэг явдал. Эдгээр нь Миний ажил биш. Би та нарыг зүгээр орхиж болох л байсан. Тэгвэл Би яагаад оролцох ёстой юм бэ? Энэ нь Миний үүрэг учраас Би үүнийг хийдэг юм биш, харин та нарын сайн сайхны төлөө юм. Та нарын хэн нь ч үүнд санаа тавьдаггүй, хэн нь ч энэ хариуцлагыг үүрээгүй, хэн нь ч ийм сайн санаа зорилго өвөрлөдөггүй—тиймээс Би үүнд илүү их хүч хөдөлмөр гаргах ёстой болдог. Та нараас шаардагдах ганц зүйл бол дуулгавартай дагаж, хамтран ажиллах явдал бөгөөд энэ нь маш энгийн—гэвч та нар үүнийг ч хийж чаддаггүй. Та нар ер нь хүн мөн үү?

Илүү ноцтой өөр нэг хэрэг явдал бас гарч байсан. Нэг газар барилга баригдаж байв. Тэр барилга нэлээд өндөр бөгөөд нэлээд том талбайг хамарч байлаа. Дотор нь харьцангуй олон тооны эд хогшил суурилуулахаар байсан бөгөөд тэдгээрийг зөөхөд дөхөм байлгахын тулд хамгийн багадаа л хоёр хавтастай хаалга шаардлагатай, хаалга нь дор хаяж найман фут өндөртэй байх ёстой байв. Хэвийн хүмүүс энэ бүхнийг бодолцох л байсан. Гэвч нэг хүн зургаан футын өндөртэй, дан хаалга суулгана гэж зүтгэжээ. Хэн ч гаргасан бай Тэрээр бусдын саналыг үл тоосон. Энэ хүн мунгинасан байсан уу? Тэр бол үнэхээрийн адгийн шаар байв. Дараа нь хэн нэгэн Надад энэ тухай хэлэхэд Би тэр хүнд “Чи хоёр хавтастай хаалга суулгах ёстой, бас илүү өндөр байх хэрэгтэй” гэж хэллээ. Тэр дурамжхан зөвшөөрөв. Өнгөн дээрээ тэр зөвшөөрсөн ч цаагуураа юу гэж хэлсэн бэ? “Тийм өндөр байхын хэрэг юу байна? Намхан байлаа гээд юу нь болохгүй гэж?” гэсэн. Дараа нь Би дахин очиж харлаа. Зүгээр л нэг хаалга нэмж хийсэн байсан ч өндөр нь яг адилхан байв. Яагаад өндөр нь адилхан байсан бэ? Илүү өндөр хаалга хийх боломжгүй байсан юм уу? Эсвэл хаалга нь таазанд тулчих гээд байсан уу? Ямар асуудал байсан бэ? Асуудал нь тэр дуулгавартай дагахыг хүсээгүй юм. Түүний дотроо үнэхээр бодож байсан зүйл нь: “Энэ чиний мэдэх хэрэг үү? Энэ хавьдаа би дарга нь, би бүхнийг мэднэ. Бусад хүн миний хэлснээр хийдэг болохоос биш, би тэдний хэлснээр хийдэггүй. Чи юу мэддэг юм бэ? Чи барилга мэддэг юм уу?” гэх бодол байлаа. Барилга мэддэггүй байлаа гээд харьцаа нь ямар харагдаж байгааг Би харж чадахгүй гэсэн үг үү? Тийм өндөр барилгад тийм намхан хаалга байхад, 6 фут 2 инчээс өндөр хүн түүгээр орохдоо бөхийхгүй бол толгойгоо хаалганы хүрээнд цохино. Энэ одоо ямар гээчийн хаалга вэ? Би барилга мэддэг байх шаардлагагүй—Надад хэл дээ, энэ талаарх Миний бодол үндэслэлтэй байсан уу? Энэ бодитой байсан уу? Гэвч тийм бодитой байдал тэр хүнд ойлгохын аргагүй байв. Түүний мэддэг ганц зүйл нь дүрэм журам дагах явдал байсан бөгөөд тэрээр: “Манай тэндэхийн хаалганууд бүгд ийм байдаг. Би яахаараа чиний хэлсэн шиг тийм өндөр хийх ёстой юм? Чи намайг үүнийг хийгээдэх гэсэн, би ингэж л хийлээ. Би чамд хэрэггүй бол мартаж орхи! Би аливааг ингэж л хийдэг, би чамд дуулгавартай байхгүй шүү!” гэж хэлсэн. Энэ хүн ямар гээч юм бэ? Түүнийг Бурханы гэр ашигласаар байж болно гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Тэгвэл түүнийг ашиглаж болохгүйгээс хойш яах ёстой вэ? Ийм хүмүүс Бурханы гэрт бага сага хүчин чармайлт гаргадаг бөгөөд тэр даруй хөөгддөггүй ч гэлээ, ах эгч нар тэднийг тэвчиж чаддаг, Би ч бас тэднийг тэвчиж чаддаг ч гэлээ, үнэнийг ойлгодог эсэхийг нь түр хойш тавиад хүн чанарынх нь хувьд авч үзвэл—тэд Бурханы гэр шиг ийм орчинд ажиллаж, амьдрахдаа тогтож үлдэх магадлалтай юу? (Үгүй.) Бид тэднийг хөөх шаардлагатай юу? (Үгүй.) Тэд чуулганд удаан хугацаагаар үлдэх магадлалтай юу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэдэнд хэлсэн зүйлийг ойлгож чаддаг эсэхийг нь түр орхиё. Зан чанар нь тийм болохоор тэд бага сага хүчин чармайлт гаргасныхаа дараа их зан гаргаж, бүхнийг шийдэх гэж оролдож эхэлдэ. Энэ нь Бурханы гэрт бүтэх үү? Тэд хэн ч биш байж өөрсдийгөө нэлээд сайн, Бурханы гэрийн тулгуур, гол багана гэж бодож, тэндээ увайгүйгээр буруу үйл хийж, бүхнийг шийдэх гэж оролддог. Тэд гарцаагүй асуудалд орох бөгөөд удаан тогтохгүй. Ийм хүмүүсийг Бурханы гэр хөөхгүй байсан ч, энд хэсэг хугацаанд байсныхаа дараа Бурханы гэрт хүмүүс үргэлж үнэний талаар, зарчмын талаар ярьдгийг тэд анзаарах болно; тэд үүнд огт сонирхолгүй байх бөгөөд тэдний арга барил энд ямар ч ашиггүй байдаг. Тэд хаана ч явж, юу ч хийж байсан бусадтай хамтран ажиллах чадваргүй байдаг бөгөөд үргэлж бүхнийг шийдэхийг хүсдэг. Гэвч тэр нь бүтдэггүй бөгөөд тэд бүх талаар хязгаарлагдсан байдалд ордог. Цаг хугацаа өнгөрөх тусам ихэнх ах эгч нар үнэн болон зарчмуудыг ойлгодог болдог; харин энэ хүмүүс өөрдийн хүссэнээр хийж, дарга болж, бүхнийг шийдэхийг оролдон, зарчмын дагуу үйлддэггүй байхад нь олон хүн тэднийг жигшсэн харцаар хардаг—тэд үүнийг тэсэж чадах уу? Тэр цаг нь ирэхэд тэд энэ хүмүүстэй нийцэхгүйгээ, угаасаа энд харьяалагддаггүйгээ, буруу газартаа байгаагаа мэдрэх болно: “Би яаж яваад бурханы гэрт санаандгүй орчихсон юм бэ? Миний бодол хэтэрхий гэнэн байж. Бага зэрэг хүчин чармайлт гаргачихвал би гамшгаас зайлсхийж, ерөөгдөнө гэж бодсон юм. Ийм биш байхын гэж санасангүй!” Тэд угаасаа Бурханы гэрт харьяалагддаггүй; хэсэг хугацаанд байсныхаа дараа тэд сонирхлоо алдаж, хайхрамжгүй болдог бөгөөд тэднийг хөөх шаардлагагүй болдог—тэд өөрсдөө алга болдог.

Зарим хүн “Чамд хошуу дүрж ордоггүй зүйл гэж байдаггүй юм уу? Чи их хэрэгт дуртай юм аа, тийм ээ? Чи бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох замаар зүгээр өөрийнхөө нэр хүндийг тогтоож, оршин байгаагаа мэдрүүлж, өөрийнхөө төгс хүчнийг хүмүүст мэдүүлэх гэдэг биз дээ?” гэж хэлдэг. Надад хэл дээ, хэрвээ Би эдгээр зүйлд санаа тавихгүй байсан бол болох байсан уу? Үнэндээ Би эдгээр зүйлд санаа тавихыг хүсдэггүй, эдгээр нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, гэвч хэрвээ Би санаа тавихгүй бол асуудал үүсэж, цаашдын ажилд нөлөөлөх болно. Хэрвээ та нар тэдгээрийг шийдвэрлэж чаддаг байсан бол, хэрвээ та нар Миний хэлснээр хийсэн бол Би Өөрөө ийм хэрэг явдалд оролцох шаардлагатай байсан гэж үү? Хэрвээ Би Өөрөө та нарт санаа тавихгүй байсан бол, та нар ямар ч хүний төрх амьдран харуулахгүй, бас сайн амьдрахгүй байх байсан. Та нар өөрсдөө юу ч хийж чадахгүй байх байсан. Ийм байгаа ч гэсэн та нар бас л Намайг дуулгавартай дагадаггүй. Би та нарт маш энгийн нэг зүйлийн талаар ярья: ариун цэвэр болон амьдрах орчиндоо санаа тавих гэсэн туйлын ялихгүй зүйлийн талаар. Энэ явдал дээр та нар хэрхэн авирладаг вэ? Хэрвээ Би урьдчилж мэдэгдэхгүйгээр нэг газар очтол, тэнд маш их замбараагүй байх бөгөөд та нар тэндхийг цэвэрлэх шаардлагатай болж, энэ нь та нарыг бухимдуулж, тухгүй болгоно. Хэрвээ Би очих гэж байгаагаа та нарт урьдчилж хэлсэн бол нөхцөл байдал тийм ч муу байхгүй байх байсан—гэхдээ хөшигний ард юу болж байгааг Намайг мэддэггүй гэж та нар боддог уу? Эдгээр нь бүгд ялихгүй зүйлс, хэвийн хүн чанарын хамгийн энгийн бөгөөд хамгийн суурь зүйлс юм. Гэвч та нар ийм залхуу. Та нар үнэхээр үүргээ сайн гүйцэтгэж чаддаг уу? Би эх газрын Хятадын зарим газарт арван жил байхдаа тэндхийн хүмүүст хөнжлөө хэрхэн эвхэж, наранд хатаахыг, гэрээ хэрхэн цэвэрлэхийг, мөн гэртээ зуухаа хэрхэн галлахыг заадаг байсан. Гэвч арван жил заагаад ч Би тэдэнд зааж сургаж чадаагүй. Би заах чадваргүй дээ тэр үү? Үгүй, энэ хүмүүс зүгээр л хэтэрхий олиггүй. Дараа нь Би заахаа больсон. Би нэг газар очоод эвхээгүй хөнжилтэй таарах үедээ зүгээр л эргээд явчихдаг байв. Энэ газар хэтэрхий заваан; харахад л Миний дотор муухайрдаг. Хальт харахад л араатан амьдардаг газар гэдэг нь мэдэгдэх бөгөөд гахайн хороо юм уу нохойн үүрнээс ялгаагүй. Тэндхийн хүмүүс ийм назгай—тэдэнд хүн чанар гэж байна уу? Дээр дурдсан ялихгүй асуудлууд нь өөрчилж болох нь тодорхой зүйлс байтал тэд яагаад өөрчилж чаддаггүй юм бэ? Ийм хэв чанартай ийм хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд Бурханы хүсэл болон Бурханы замыг дагах түвшинд хүрч чадах уу? Тэдний хувьд энэ нь бүтэшгүй зүйл юм. Одоо Би та нарт шуудхан хэлье: Та нарын хэв чанар хэтэрхий муу—та нар үнэнд дөхөж ч чадахгүй. Өнөөдөр Миний хэлж байгаа гол санаа юу вэ? Бурханы үгийг дуулгавартай дагах нь маш чухал бөгөөд та нар үүнийг үл тоож болохгүй. Бурханы үгийг дуулгавартай дагах гэдэг нь чи Бурханы үгийг задлан шинжилж, судалж, хэлэлцэж, ухаж төнхөх ёстой гэсэн үг биш, эсвэл түүний цаад шалтгааныг нягтлан үзэж, учир начрыг нь олох гэж оролдох ёстой гэсэн үг биш; харин чи Түүний үгийг хэрэгжүүлж, биелүүлэх ёстой. Бурхан чамд үг хэлэх үедээ, ямар нэг ажил гүйцэтгэхийг чамд тушаах юм уу ямар нэг зүйл даалгах үедээ, Бурханы дараа нь харахыг хүсдэг зүйл бол чамайг үйлдэл хийж байгааг, үүнийг алхам алхмаар хэрхэн хэрэгжүүлж байгааг харах юм. Чамайг энэ хэрэг явдлыг ойлгож байгаа эсэхийг Бурхан тоодоггүй, мөн чи зүрх сэтгэлдээ энэ талаар сонирхож байгаа эсэх, эсвэл үүнд эргэлзэж байгаа эсэхийг ч Тэр тоодоггүй. Бурханы хардаг зүйл бол чи үүнийг хийж байгаа эсэх, чамд дуулгавартай дагаж, дуулгавартай байх хандлага байгаа эсэх явдал юм.

Би санамсаргүйгээр зарим хүнтэй тоглолтын хувцасны талаар ярилцаж байлаа. Үндсэн зарчим нь хувцасны өнгө, загвар зохимжтой, эрхэмсэг, мэдрэмжтэй, дэгжин байх ёстой байв. Этгээд гаж хувцас шиг харагдах ёсгүй байв. Түүнчлэн, хэтэрхий их мөнгө зарцуулах шаардлагагүй байлаа. Тэдгээр нь заавал тодорхой нэг загвар зохион бүтээгчийнх байх албагүй, өндөр зэрэглэлийн брэндийн дэлгүүрүүд рүү явж худалдаж авах шаардлага бүр ч байхгүй байв. Миний үзэл бодол бол хувцас нь жүжигчдийг дэгжин, зохимжтой, эрхэмсэг харагдуулах ёстой, мөн үзэмжтэй харагдахаар байх ёстой байв. Тайзан дээр хэтэрхий бүдэг юм уу бараан харагдах аливаа зүйлээс зайлсхийхээс өөрөөр өнгөн дээр ямар ч хязгаарлалт байсангүй. Бусад ихэнх өнгө зүгээр байсан: улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх, нил ягаан—үүнд ямар ч дүрэм журам байсангүй. Яагаад ийм зарчимтай байсан бэ? Бурханы бүтээлд бүх өнгө багтдаг. Цэцэгс өнгө өнгөөр ургадаг, мод, ургамал ч мөн адил, шувууд ч бас өнгө өнгөөр байдаг. Тиймээс бидэнд өнгөний талаар ямар нэгэн үзэл юм уу дүрэм журам байх ёсгүй. Үүнийг хэлснийхээ дараа Би тэднийг ойлгохгүй байх вий гэж айсан. Би тэднээс дахин лавлаж асуусан бөгөөд Намайг сонссон хүмүүс бүгд ойлгосон гэж хэлэхэд л Миний санаа амарсан юм. Тэдэнд үлдсэн зүйл нь Миний хэлсэн зарчмын дагуу ажлыг хэрэгжүүлэх явдал байв. Энэ энгийн хэрэг явдал байсан уу? Энэ ямар нэгэн том зүйл байсан уу? Энэ нь бүхээг барихаас илүү том ажил байсан уу, жижиг ажил байсан уу? (Жижиг.) Абрахам Исаакийг өргөсөнтэй харьцуулахад энэ нь хэцүү байсан уу? (Үгүй.) Үүнд хэцүү зүйл огт байгаагүй, энэ нь энгийн—зүгээр л хувцасны хэрэг явдал байв. Хүмүүс төрсөн цагаасаа л хувцастай харьцдаг; энэ нь хэцүү хэрэг явдал биш байлаа. Намайг тодорхой нэг зарчим тогтоож өгсөн үед аливаа зүйлийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд бүр ч амархан байсан. Хамгийн гол нь тэд дуулгавартай дагадаг эсэх, үүнийг хийхэд бэлэн байдаг эсэх явдал байв. Хэсэг хугацааны дараа, хэд хэдэн тоглолт, кино бүтээгдэх үед гол дүрүүдийн бүх хувцас цэнхэр өнгөтэй байгааг Би харсан. Би энэ талаар бага зэрэг бодлоо: “Энэ тоглолтуудыг гаргаж байгаа хүмүүсийн ухаан санаанд ямар нэг асуудал байна уу? Би хэлэх зүйлээ маш тодорхой хэлсэн шүү дээ. Хувцас заавал цэнхэр байх ёстой, цэнхэр хувцас өмсөөгүй хэнийг ч тайзан дээр гаргахгүй гэсэн дүрэм Би тогтоогоогүй. Энэ хүмүүс чинь яачаавэ? Юу тэднийг хатгаж, ноёрхож байв аа? Гадаад ертөнцийн чиг хандлага өөрчлөгдөөд, хүмүүс одоо зөвхөн цэнхэр өнгө өмсдөг болчихсон юм уу? Үгүй ээ. Гадаад ертөнцөд өнгө, загварын талаар ямар ч дүрэм байдаггүй, хүмүүс бүх төрлийн өнгийн хувцас өмсдөг. Тиймээс манай чуулганд ийм нөхцөл байдал гарна гэдэг хачирхалтай хэрэг. Хувцасны эцсийн шалгалтыг хэн хийж байгаа юм бэ? Энэ асуудлыг хэн хянаж байна вэ? Хөшигний араас хэн нэгэн удирдаж байна уу?” Үнэхээр хөшигний араас нэг хүн удирдаж байлаа; үр дүнд нь загвараас үл хамааран бүх хувцас нэг ч үлдэлгүй цэнхэр өнгөтэй болсон байв. Миний хэлсэн зүйл ямар ч нэмэргүй байлаа. Тэд бүх хувцас цэнхэр байх ёстой гэж хэдийнэ тогтоосон байв—хүмүүс зөвхөн цэнхэр өнгийг өмсөх байжээ. Цэнхэр өнгө нь сүнслэг байдал болон ариун байдлыг төлөөлж байсан; энэ нь Бурханы гэрийн бэлгэдэл өнгө байв. Хэрвээ хувцас нь цэнхэр биш бол тэдэнд тоглолт тавихыг зөвшөөрөхгүй бөгөөд тэд тэгж зүрхлэх ч үгүй байв. Би энэ хүмүүсийг авралгүй болжээ гэж хэлсэн. Энэ бол үнэхээрийн энгийн зүйл байсан бөгөөд Би санаа бүрийг маш тодорхой тайлбарлаж, тайлбарласныхаа дараа тэдний ойлгосон эсэхийг лавлан шалгасан; бид бүгд санал нийлсний дараа л Би энэ сэдвийг хаасан. Гэтэл эцсийн үр дүн нь юу байсан бэ? Миний хэлсэн зүйл бас л хоосон агаар мэт болсон байв. Хэн ч үүнийг чухал гэж авч үзээгүй. Тэд хүссэнээрээ үйлдэж, хэрэгжүүлсээр байсан; Миний хэлснийг хэн ч хэрэгжүүлээгүй, хэн ч биелүүлээгүй. Тэдний ойлгосон гэж хэлсэн нь үнэндээ ямар утгатай байсан юм бэ? Энэ хүмүүс Намайг аргацааж байжээ. Тэд гудамжны дунд эргэм насны авгайчууд шиг өдөржин хов жив хөөцөлдөж байв. Энэ нь бас тэдний Надтай ярьж байсан арга барил, тэдэнд байсан хандлага байлаа. Тиймээс Миний зүрх сэтгэлд нэг мэдрэмж төрсөн: Энэ хүмүүсийн Христэд хандах хандлага нь тэдний Бурханд хандах хандлага байсан бөгөөд энэ нь маш их санаа зовоосон хандлага, аюултай шинж тэмдэг, муу дохио байв. Энэ нь юуны дохио болохыг та нар мэдмээр байна уу? Та нар мэдэх учиртай. Би та нарт үүнийг хэлэх ёстой бөгөөд та нар анхааралтай сонсох ёстой: Та нараас гарч буй зүйл, Бурханы үгэнд хандах та нарын хандлагаас дүгнэхэд та нарын олонх чинь гамшигт унана; зарим чинь шийтгүүлэхийн тулд, зарим чинь цэвэршүүлэгдэхийн тулд гамшигт унах бөгөөд гамшгаас зайлсхийх боломжгүй. Шийтгүүлсэн хүмүүс тэр даруй үхнэ, тэд мөхнө. Гэхдээ гамшигт цэвэршүүлэгдсэн хүмүүсийн хувьд, хэрвээ гамшиг тэднийг дуулгавартай дагаж, дуулгавартай байж чаддаг, бат зогсож чаддаг болгож, тэд гэрчлэлтэй болбол хамгийн хэцүү шалгалт дуусах болно; эс бөгөөс ирээдүйд тэдэнд ямар ч найдвар байхгүй, тэд аюулд орж, тэдэнд дахин ямар ч боломж олдохгүй. Та нар Намайг тодорхой сонсож байна уу? (Тийм.) Энэ нь та нарт сайн зүйл шиг санагдаж байна уу? Товчхондоо, Миний хувьд энэ нь сайн зүйл ёрлохгүй байна. Би үүнийг муу дохио гэж мэдэрч байна. Би та нарт баримтуудыг хэллээ; ямар сонголт хийх нь та нараас хамаарна. Би энэ талаар өөр юу ч хэлэхгүй, дахиж давтахгүй, дахин сөхөхгүй.

Өнөөдөр Миний нөхөрлөж байгаа сэдэв бол Бурханы үгэнд хэрхэн хандах тухай юм. Бурханы үгийг дуулгавартай дагаж, дуулгавартай байх нь маш чухал. Түүнийг гүйцэтгэж, хэрэгжүүлж, үйл хэрэг болгож чаддаг байх нь маш чухал. Зарим хүн “Өнөөдөр ч гэсэн бид Христэд яг яаж хандахаа мэдэхгүй хэвээр байна” гэж хэлдэг. Христэд хэрхэн хандах нь маш энгийн: Христэд хандах чиний хандлага бол Бурханд хандах чиний хандлага юм. Бурханы нүдээр бол Бурханд хандах чиний хандлага бол Христэд хандах чиний хандлага юм. Мэдээж, Христэд хандах чиний хандлага бол тэнгэр дэх Бурханд хандах чиний хандлага. Христэд хандах чиний хандлага бол бүхнээс хамгийн бодитой нь—үүнийг харж болдог бөгөөд энэ нь яг Бурханы шинждэг зүйл. Бурханы хүсдэг арга барилаар Бурханд хэрхэн хандахыг хүмүүс ойлгохыг хүсдэг бөгөөд энэ нь энгийн зүйл юм. Гурван зүйл бий: Нэгдүгээрт, чин сэтгэлээсээ байх; хоёрдугаарт, хүндлэл буюу Христийг хүндэлж сурах; гуравдугаарт—энэ нь хамгийн чухал зүйл—Түүний үгийг дуулгавартай дагах. Түүний үгийг дуулгавартай дагах: энэ нь чихээрээ сонсох уу, эсвэл өөр зүйлээр сонсох уу? (Зүрх сэтгэлээрээ.) Чамд зүрх сэтгэл бий юү? Хэрвээ чамд зүрх сэтгэл байгаа бол түүгээр сонс. Зүрх сэтгэлээрээ сонсвол л чи ойлгож, сонссон зүйлээ хэрэгжүүлж чадна. Энэ гурван зүйл тус бүр маш энгийн. Тэдгээрийн яг таг буулгасан утгыг ойлгоход амархан байх ёстой буюу логикоор бол хэрэгжүүлэхэд амархан байх ёстой—гэхдээ та нар тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлж чадах эсэх нь та нараас хамаарна; Би цааш нь тайлбарлахгүй. Зарим хүн “Чи зүгээр л жирийн хүн. Бид яагаад чамд чин сэтгэлээсээ хандах ёстой юм бэ? Бид яагаад чамайг хүндлэх ёстой юм бэ? Бид яагаад чиний үгийг дуулгавартай дагах ёстой юм бэ?” гэж хэлдэг. Надад Өөрийн гэсэн шалтгаан бий. Бас гурван шалтгаан байгаа. Анхааралтай сонсоод, Миний хэлж байгаа зүйл утга учиртай эсэхийг хараарай. Хэрвээ утга учиртай байвал та нар үүнийг хүлээн авах ёстой; хэрвээ чи утгагүй гэж үзвэл хүлээн авах албагүй бөгөөд чи өөр зам хайж болно. Нэг дэх шалтгаан нь, Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авснаасаа хойш чи Миний хэлсэн үг бүрийг идэж, ууж, эдэлж, залбиран-уншиж байгаа. Хоёр дахь нь, чи Төгс Хүчит Бурханы дагалдагч, Түүнд итгэгчдийн нэг гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл чи Бурханы бие махбодтой болсон жирийн махбодын дагалдагч гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэж хэлж болох уу? Болно. Товчхондоо, хоёр дахь нь бол чи Төгс Хүчит Бурханы дагалдагч гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гурав дахь шалтгаан нь бүгдээс хамгийн чухал: Бүх хүн төрөлхтний дундаас Би л та нарыг хүн гэж хардаг. Энэ зүйл чухал уу? (Чухал.) Энэ гурван зүйлийн алийг нь та нар хүлээн авч чадахгүй байна вэ? Та нар хэл дээ, Миний сая ярьсан эдгээр зүйлээс аль нэг нь үнэн биш, бодитой биш, баримттай биш байна уу? (Үгүй.) Тэгэхээр нийтдээ зургаан зүйл байна. Би тэдгээрийн нэг бүрийнх нь талаар нарийн ширийн зүйл ярихгүй; та нар өөрсдөө тунгаан бодоорой. Би энэ сэдвүүдийн талаар хэдийнээ дэлгэрэнгүй ярьсан тул та нар ойлгож чадах учиртай.

2020 оны 7 дугаар сарын 4

Өмнөх:  10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (IV хэсэг)

Дараах:  3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг дуулгавартай дагаж, Түүнд захирагдсан тухай (II хэсэг)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger