Удирдагч, ажилчдын хариуцлага (13)

Бидний сүүлийн цуглааны нөхөрлөл удирдагч, ажилчдын арван нэг дэх үүрэг хариуцлагын тухай байсан. Бид тахилыг хадгалж хамгаалахдаа удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага, хийх ёстой ажлын талаар нөхөрлөсөн. Тахилыг хадгалж хамгаалахдаа удирдагч, ажилчид ямар ажил хийх ёстой вэ? (Эхний ажил бол тахилыг хадгалж хамгаалах. Хоёр дахь нь бүртгэлийг шалгах. Гурав дахь нь янз бүрийн зардлууд зарчимтай нийцэж байгаа эсэхийг хянан дагах, шалгах, судлах. Хатуу хяналт тавьж, үндэслэлгүй зардлуудыг чанд хязгаарлах ёстой. Үрэн таран хийж, гарздахаас урьдчилаад сэргийлэх нь хамгийн сайн. Аль хэдийн үрэгдэж, гарзадсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Анхааруулга өгөөд зогсохгүй, бас нөхөн төлбөр шаардах ёстой.) Үндсэндээ энэ мөн. Гол зүйл бол тэдгээрийг хадгалж хамгаалах, тэгээд данс бүртгэлийг шалгах, дараа нь зардлыг хянан дагаж, шалгах, тэдгээрийг зөв ашиглаж, зарцуулах явдал. Арван нэг дэх үүрэг хариуцлагын талаарх нөхөрлөл маань дууссан болохоор одоо хүмүүс тахилын талаар үнэн зөв ойлголт, мэдлэгтэй болж, тахилыг хадгалж хамгаалахдаа удирдагч, ажилчдын хийх хэрэгтэй ажлыг одоо мэдэж авч, түүнчлэн хуурамч удирдагчид энэ ажлыг хэрхэн хийдэг, үүнийг хийхдээ ямар тодорхой зан авир гаргадгийг мэддэг болсон. Бидний нөхөрлөл удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын тухай байсан ч бай, удирдагч, ажилчдын янз бүрийн зан авирын талаар байсан ч бай, эерэг зүйлийн тухай юм уу сөрөг зүйлийг ил болгох тухай нөхөрлөл байсан ч бай, гол зорилго нь тахилыг хадгалж хамгаалах ажлыг хэрхэн зөв зохистой хийх, тахилыг хадгалж хамгаалах, зарцуулах, хуваарилах үндэслэлгүй хэрэгжүүлэлтийг хэрхэн арилгахыг хүмүүст ойлгуулах явдал юм. Бурханы сонгосон бүх хүн—удирдагч, ажилчин мөн ч бай биш ч бай—тахилыг хадгалж хамгаалах үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Тэгвэл энэ нь ямар үүрэг хариуцлага вэ? Хяналт тавьж, ямар нэг асуудал олбол цаг тухайд нь мэдээлэх—өөрөөр хэлбэл, хяналт тавьж, мэдээлэх чиг үүргээ биелүүлэх. “Тахилыг хадгалж хамгаалах нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, жирийн итгэгч бидэнд ямар ч хамаагүй” гэж бүү бод. Ийм үзэл бодол буруу. Хүмүүс эдгээр үнэнийг ойлгосон тул үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Удирдагч, ажилчдын олж тогтоож чаддаггүй асуудал буюу мэдэхгүй зүйл, олж тогтооход амаргүй газруудын тухайд тахилыг хадгалж хамгаалах, хуваарилах, ашиглахад зохисгүй байдал, зарчмыг зөрчиж буй аливаа асуудал байгааг хэн нэгэн хүн олж илрүүлбэл тахилыг зохистой хадгалалт хамгаалалт, зохистой ашиглалт, зохистой хуваарилалтаар хангахын тулд эдгээр асуудлыг удирдагч, ажилчдад даруй мэдээлэх ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүн нэг бүрийн үүрэг хариуцлага юм.

12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс суралцдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (I хэсэг)

Арван нэг дэх үүрэг хариуцлагын талаарх нөхөрлөл дууссан болохоор удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын талаарх нөхөрлөл рүү оръё: “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс суралцдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.” Энэ үүрэг хариуцлагын гол агуулга нь юу вэ? Энэ нь голчлон, чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болж, хохирол учруулдаг, чуулган дахь янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс—түүнчлэн янз бүрийн асуудлыг зохицуулахыг удирдагч, ажилчдаас шаардах тухай юм. Эдгээр асуудлыг үр дүнтэйгээр зохицуулж, шийдвэрлэж, энэ ажлыг сайн хийхийн тулд удирдагч, ажилчид эхлээд юуг ойлгох ёстой вэ? Энэ үүрэг хариуцлага нь “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх”; энэ нь уг ажлын цар хүрээ юм. Зорилго, цар хүрээ байснаар аль асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй, удирдагч, ажилчид ямар ажил, үүрэг хариуцлагыг хариуцах шаардлагатай нь тодорхой болдог. Арван хоёр дахь үүрэг хариуцлагын дотроос удирдагч, ажилчдад тавигдах гол шаардлага юу вэ? Үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэхийн сацуу Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс суралцдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх. Үүнийг хийхийн тулд ямар урьдач нөхцөлийг хангасан байх ёстой вэ? Хэрвээ чи чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болж, хохирол учруулдаг янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг хардаг хэр нь үүнийг асуудал биш гэж боддог бол энэ нь асуудалтай. Чи асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй, өөрөөр хэлбэл, чуулганы амьдралыг үймүүлж, саад болох нь чуулганы ажилд ямар хор хохирол учруулж болохыг, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод ямар үр дагавар, үр нөлөө үзүүлж болохыг ойлгодоггүй гэдгийг энэ нь илтгэдэг. Ийм удирдагч, ажилчид чуулганы ажлыг сайн хийж чадна гэж үү? Тэд асуудлыг шийдвэрлэж, нөхцөл байдлыг эргүүлж чадах уу? (Үгүй.) Тэгвэл энд нөхөрлөх гол зүйл юу вэ? Эхлээд үнэн-зарчмыг ойлгосноор л удирдагч, ажилчид янз бүрийн асуудлын мөн чанарыг нэвт харж, янз бүрийн бодитой асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чадна. Удирдагч, ажилчид чуулганы ажлыг сайн хийхийн тулд чуулганы ажилд ямар асуудлууд ихэвчлэн гардгийг эхлээд мэдэх шаардлагатай. Дараа нь, гарч буй асуудлуудын уг чанар, тэдгээр нь чуулганы ажил болон чуулганы амьдралын хэвийн дэг журамд нөлөөлж байгаа эсэх, чуулганы ажлыг үймүүлж, саад болдог уг чанартай эсэхийг үнэн зөв ойлгож, ялган таньж, дүгнэх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын эхлээд ойлгох ёстой маш чухал асуудал юм. Үүнийг ойлгосны дараа л эдгээр асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж, арван хоёр дахь үүрэг хариуцлагад дурдсанчлан “тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлж” чадна. Товчхондоо, асуудлыг шийдвэрлэхээсээ өмнө чи асуудал нь хаана байгаа, ямар байдал, нөхцөлүүдийг хамарч байгаа, асуудлын уг чанар, ноцтой байдал болон үүнийг хэрхэн задлан шинжилж, ялган таних, хэрхэн зөв хэрэгжүүлэхийг эхлээд ойлгох шаардлагатай. Удирдагч, ажилчид үүнийг эхлээд ойлгох хэрэгтэй. Удирдагч, ажилчид эдгээр зүйлийг эхлээд ойлгох хэрэгтэй тул тэр талаар хэд хэдэн талаас нь тусгайлан нөхөрлөцгөөе, ингэснээр удирдагч, ажилчид болон Бурханы сонгосон хүмүүсийн аль аль нь ийм асуудал гарах үед хэрхэн нүүр тулах, тэдгээрийг Бурханы үгтэй хэрхэн хамаатуулах, шийдвэрлэхийн тулд үнэн-зарчмыг хэрхэн ашиглахыг ойлгож чадна. Ийм маягаар, удирдагч болон ажилчдад шийдвэрлэж чадахгүй бэрхшээл тулгарах үед Бурханы сонгосон бүх хүн хамтдаа тэдгээртэй нүүр тулж, шийдэл олохын тулд үнэнийг эрж хайж чадах бөгөөд чуулганы ажлыг үймүүлж, саад болдог асуудалтай тулгарах үедээ хүн бүр тэрийг зогсоож, хязгаарлаж чадна. Үүний зэрэгцээ, сөрөг хүмүүс, хэрэг явдлын тухайд тэд ил тод задлан шинжилж, ялган таньж, тодорхойлж, улмаар эдгээр асуудлыг үндсээр нь зогсоож, хязгаарлаж, арилгана. Тэгэхээр хамгийн тодорхой асуудлаас эхлээд нөхөрлөцгөөе.

Чуулганы амьдралыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс

Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог асуудлыг олж тогтоохын тулд удирдагч, ажилчид юунаас эхлэх ёстой вэ? Тэд эдгээр асуудлыг олж илрүүлэхийн тулд чуулганы амьдралыг шалгахаас эхлэх ёстой. Чуулганы амьдралд үймээн, саад учруулахаар шинжтэй ямар асуудлууд ихэвчлэн гардаг талаар та бүхэн бага зэрэг мэдэх үү? Чуулганд хэдий чинээ олон хүн байна, чуулганы ажлыг үймүүлж, саад болох хүн нэлээд олон байх нь гарцаагүй. Та нар үймүүлж, саад болох ямар үйлдлүүдийг олж мэдсэн бэ? (Цуглаан дээр үнэнийг нөхөрлөх үед гол асуудал дээр төвлөрөлгүй, үргэлж сэдвээс халих.) (Бас, сурсан зангаараа бичиг үсэг, хоосон сургаал ярих.) Үнэнийг нөхөрлөх үед сэдвээс халих. Жишээ нь, бусад хүн үүргээ гүйцэтгэхдээ хэрхэн үнэнч байх тухай нөхөрлөх үед тэд нөхөр (эсвэл эхнэр), хүүхдүүдээ хэрхэн сайн халамжлах талаар ярина. Бусад нь үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байх нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүнийг дуулгавартай дагана гэсэн утгатай тухай нөхөрлөж байхад тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байх гэдэг нь гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө ерөөл хүртэх гэсэн утгатай гэж ярина. Энэ нь сэдвээс хальж байгаа хэрэг бус уу? (Тийм.) Яриаг нь таслахгүй бол тэд эцэс төгсгөлгүй чалчина. Хэрвээ тэднийг хязгаарлавал уурлаж, ичсэнээсээ болоод хилэгнэж, улмаар муу зан авир нь цааш ахина. Тэгэхээр энэ асуудал нь угаасаа үймүүлж, саад болох түвшинд байгаа бөгөөд энэ нь тун ноцтой. Үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээс халих нь түгээмэл асуудал мөн хэдий ч бодитоор яривал энэ нь чуулганы амьдралыг үймүүлж, саад болж чадна. Энэ бол эхний асуудал. “Бичиг үсэг, хоосон сургаал ярих” хэмээх хоёр дахь асуудлын тухайд гэвэл үүнийг үймүүлэх, саад болох гэж тооцох эсэх нь хэргийн ноцтой байдлаас хамаарна. Зарим хүн үнэн-бодит байдалгүй учраас бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг; тэд ам нээмэгцээ бичиг үсэг, хоосон сургаал, ердөө хоосон онол л ярьдаг. Гэсэн ч тэдний санаа зорилго бусдыг төөрөлдүүлж, хүндлэлийг нь олж авахын төлөө байдаггүй. Хязгаарлаж, ятгавал тэд өөрсдийгөө мэдэж авч, дараа нь бичиг үсэг, хоосон сургаал арай бага ярьж, ах эгч нарын амь-оролтод саад хийхээ болино. Үүнийг үймүүлэх, саад болох гэж тооцохгүй. Харин бусдыг төөрөлдүүлэх санаархал тээн зориуд бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг хүмүүс өөрсдийнх нь хэлдэг зүйл бичиг үсэг, хоосон сургаал гэдгийг сайн мэдэж байх үедээ ч тийнхүү ярьдаг. Тэд бусдын хүндлэлийг хүлээх зорилгоор ингэдэг; тэд хүмүүсийг өөрсдийнхөө талд оруулж, төөрөлдүүлж, байр суурьтай болохыг хүсдэг. Энэ нь уг чанартаа нэлээд ноцтой. Энэ нь үнэнийг ойлгодоггүйн улмаас бичиг үсэг, хоосон сургаал л ярьж чаддаг байхаас уг чанартаа өөр. Ийм зан авир нь үймээн, саад учруулдаг. Чуулганы амьдралд үймээн, саад учруулдаг янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс өргөн хүрээтэй байдаг. Тэдгээр нь зүгээр ч нэг бичиг үсэг, хоосон сургаал ярих юм уу сэдвээс халих асуудал биш. Өөр юу байдаг вэ? (Бүлэглэл үүсгэх, хагалан бутаргах, бусдын эерэг байдлыг мохоох.) (Бас сөрөг байдал гаргах, төвөг удаж, хүмүүсийг зогсолтгүй залхаах.) (Зарим хүн Бурханы гэрийн ажлын зохицуулалтын талаар үзэлтэй байх үедээ эдгээр үзлийг тарааж, сөрөг байдлаа гаргаж, бас бусдыг ажлын зохицуулалтын талаар үзэлтэй болоход хүргэдэг.) Тийм зүйлс саад, үймээн гэж тооцогдоно. Бүлэглэл үүсгэх бол үүний нэг нь, хагалан бутаргах өөр нэг нь, мөн хүмүүсийг тарчлааж, дайрч давшлах, үзэл тараах, сөрөг байдал гаргаж, үндэслэлгүй цуу яриа тарааж, байр суурийн төлөө өрсөлдөх—энэ бүхэн саад болж, үймүүлэх юм. Эдгээр асуудал нь уг чанартаа, үнэнийг нөхөрлөх үед сэдвээс халихаас хамаагүй илүү ноцтой. Түүнчлэн, сонгуультай холбоотой асуудал байдаг. Сонгуулийн үеэр үймээн, саад учруулахтай холбоотой ямар асуудлууд гардаг вэ? Санал аргалах, жишээ нь өөртөө санал өгүүлэхийн тулд ашиг тус амлах. Энэ нь сонгуулийг нураах нэг арга зам юм. Мөн далд үйлдлүүд—хүмүүсийг өөрийнхөө талд оруулж, төөрөлдүүлж, өөртөө санал өгүүлэхийн тулд нууцаар хүмүүсийн сэтгэл санаан дээр ажиллах. Эдгээр нь бүгд сонгуулийн үеэр гардаг асуудлууд юм. Эдгээр нь саад болж, үймүүлэх мөн үү? (Мөн.) Эдгээр асуудлыг нийтэд нь сонгуулийн зарчмыг зөрчих гэж нэрлэдэг. Өөр нэг асуудал нь гэр бүлийн явдлаа чалчих, хувийн харилцаа тогтоох, хувийн хэрэг явдлаа зохицуулах. Хүн ийм зүйлийн төлөө—үнэнийг ойлгож, Бурханы үгийг нөхөрлөх гэж биш, харин хувийн хэрэг явдлаа зохицуулах гэж цуглаанд ирдэг байж болно. Ийм асуудал нь ноцтой юу? (Тийм.) Үүнийг бас үймээн, саад учруулах гэж тооцно.

Одоо чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг янз бүрийн асуудлыг нэгтгэн дүгнэцгээе: Нэгдүгээрт, үнэнийг нөхөрлөх үед үргэлж сэдвээс халих; хоёрдугаарт, хүмүүсийг төөрөлдүүлж, хүндлэлийг нь хүлээхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал ярих; гуравдугаарт, гэр бүлийн явдлаа чалчих, хувийн харилцаа тогтоох, хувийн хэрэг явдлаа зохицуулах; дөрөвдүгээрт, бүлэглэл байгуулах; тавдугаарт, байр суурийн төлөө өрсөлдөх; зургаадугаарт, хагалан бутаргах; долоодугаарт, хүмүүсийг дайрч давшилж, тарчлаах; наймдугаарт, үзэл тараах; есдүгээрт, сөрөг байдал гаргах; аравдугаарт, үндэслэлгүй цуу яриа тараах; арван нэгдүгээрт, сонгуулийн зарчмыг зөрчих. Нийтдээ арван нэг боллоо. Энэ арван нэгэн илрэл нь чуулганы амьдралд ихэвчлэн гардаг саад болж, үймүүлдэг асуудал юм. Чуулганы амьдралаар амьдрах үед ийм асуудлууд гарах юм бол удирдагч, ажилчид босож, тэдгээрийг зогсоож, хязгаарлах шаардлагатай, хяналтаас гаргаж болохгүй. Хэрвээ удирдагч, ажилчид тэдгээрийг хязгаарлаж чадахгүй бол ах, эгч нар бүгд хамтдаа хязгаарлах ёстой. Хэрвээ тухайн хүн ёрын муу хүн чанартай биш, зориуд үймээн, саад учруулаагүй, харин зүгээр л үнэний талаарх ойлголт дутмаг бол түүнд үнэнийг нөхөрлөснөөр тусалж, дэмжиж болно. Хэрвээ саад, үймээн учруулж буй хүн ёрын муу бөгөөд хэрэг нь бага байвал нөхөрлөж, ил болгосноор дамжуулан түүний саад, үймээнийг зогсоож, хязгаарлах ёстой. Хэрвээ тэр гэмшихэд бэлэн бөгөөд цаашид үймүүлж, саад болох байдлаар ярьж, үйлдэхгүй, чуулганд хамгийн өчүүхэн гишүүн байхад бэлэн байгаа, үгэнд орж, үүргээ ухамсарлан дуулгавартай дагаж чаддаг, чуулганы зохицуулсан юм бүхнийг хийж, ах эгч нарын тавьсан хязгаарлалтыг хүлээн авч чаддаг бол чуулганд түр зуур байж болно. Харин тэд хүлээн авахгүй, харин ч эсэргүүцэж, олонход дайсагнавал хоёр дахь алхмыг авах буюу тэднийг цэвэрлэх ёстой. Энэ арга тохиромжтой юу? (Тийм.)

I. Үнэнийг нөхөрлөх үед үргэлж сэдвээс халих

Одоо чуулганы амьдралд гарч ирдэг, угаасаа үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын талаар нөхөрлөцгөөе. Эхнийх нь үнэнийг нөхөрлөх үед үргэлж сэдвээс халих явдал. Үнэнийг нөхөрлөх үед үргэлж сэдвээс халих гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? Сэдвээс хальсан нөхөрлөлийн үгийг бид хэрхэн тодорхой ухан ойлгож болох вэ? Та нар үнэнийг нөхөрлөхдөө ихэвчлэн сэдвээс хальдаг уу? (Тийм.) Энэ асуудал уг чанартаа үймээн, саад гэж тооцогдохын тулд хэр хол явах ёстой вэ? Хэрвээ үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээс халих тохиолдол бүрийг үймүүлж, саад болж байна гэж тодорхойлбол хүмүүс цаашид чуулганы амьдралд юм ярих юм уу нөхөрлөхөөс айх бус уу? Хэрвээ хүмүүс нөхөрлөхөөс айдаг бол асуудлыг тодорхой ухан ойлгоогүй гэсэн үг биш үү? (Тийм.) Иймээс үнэнийг нөхөрлөж байхдаа яаж сэдвээс халивал үймүүлж, саад болсон болдгийг үнэн зөв тодорхойлбол ихэнх хүн баригдмал байдлаасаа чөлөөлөгдөнө. Та нар ердийн харилцан ярианы үеэр ч сэдвээсээ хальдгаас харахад, үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээсээ хальдаг нь тун түгээмэл харагддаг. Тиймээс та нарыг баригдмал байдалд орохоос сэргийлэхийн тулд энэ талаар тун тодорхой нөхөрлөх шаардлагатай. Сэдвээс хальж, үймүүлж, саад болсон болох вий гэсэн айдсаасаа болоод ярихаа бүү боль, мэдэж байсан ч гэсэн нөхөрлөж зүрхлэхгүй бүү бай, эсвэл нөхөрлөхийг хүсэх үедээ эхлээд өөрийн эрхгүй ингэж бүү бод: “Миний хэлэхийг хүсэж буй зүйл сэдэвтэй холбоотой юу? Сэдвээс хальж байна уу? Би ярихаасаа өмнө бодол санаагаа боловсруулж, тоймлоод, дараа нь юу ч боллоо гэсэн сэдвээсээ халихгүйн тулд тоймоо баримтлах ёстой юу? Хэрвээ би сэдвээс халивал хэнд ч тус болохгүй, цуглааны нандин цагийг үрж, ах эгч нарын үнэний талаарх ойлголтод нөлөөлнө. Хэрвээ ноцтой бол бүр чуулганы амьдралыг үймүүлж, саад болно.” Тэгвэл сэдвээс халих явдлыг бид хэрхэн авч үзэх ёстой вэ? Юун түрүүнд бид, сэдвээс халих нь ах, эгч нарт ашиг тустай эсэхийг бодолцон үзэх хэрэгтэй бөгөөд дараа нь сэдвээс халих нь чуулганы амьдралд ямар үр дагавартайг тодорхой харах ёстой. Ийм маягаар бид сэдвээс халих нь жижиг асуудал биш гэдгийг тодорхой харж чадна; ноцтой тохиолдолд, энэ нь бүр чуулганы амьдрал болон чуулганы ажлыг үймүүлж, саад болж ч магадгүй. Зарим сэдэв дээр чи мэдлэг, ухаарлаа нөхөрлөхийн тулд Бурханы үгийн нэг хэсгийг хайлаа гэе; эсвэл зарим сэдэв дээр чи олж авсан мэдлэг, ойлгосон үнэн, туулсан зүйлээсээ өөрийнхөө ойлгосон Бурханы санаа зорилгын талаар нөхөрлөлөө гэж бодъё; аль эсвэл тодорхой сэдвийн талаарх нөхөрлөл чинь бага зэрэг нуршуу, өөрийгөө тодорхой илэрхийлэхгүй, ахин дахин давтан ярьдаг бол—эдгээр нөхцөл байдалд чи сэдвээс хальж байна уу? Эдгээрийн алийг нь ч сэдвээс хальсан гэж тооцохгүй. Тэгвэл сэдвээс халих гэж юу вэ? Сэдвээс халих гэдэг нь чиний ярьж байгаа зүйл нөхөрлөлийн сэдэвтэй хамаарал багатай, эсвэл ямар ч хамаагүй, зүгээр л өнгөцхөн хэрэг явдлын талаар чалчиж, хүмүүсийг огт босгон байгуулахгүй байх явдал юм. Тэр нь сэдвээс бүрэн хальж буй хэрэг. Одоо үймээн, саад учруулах гэж юу болохыг ярьцгаая. Үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээс халих тохиолдол дээр ямархуу үг, зан авир үймүүлж, саад болсон болдог вэ? Энд буй асуудлын мөн чанар юу вэ? Сэдвээс халих нь уг чанартаа хэрхэн үймүүлж, саад болдог вэ? Үүнийг нөхөрлөх нь зохистой биш үү? Энэ тухай нөхөрлөмөгц сэдвээс халих гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар ойлгох уу? (Тийм.) Тэгвэл та нар энэ асуултад хариул даа. (Хэн нэгний нөхөрлөл жишээ нь дэмий хов жив, гэр бүлийн асуудлын талаарх яриа гэх мэт үнэнтэй ямар ч хамаагүй сэдвийн талаар байж, хүмүүсийн зүрх сэтгэлийг үймүүлдэг нийгмийн чиг хандлагатай холбоотой зүйлсийн талаар хэлэлцэж, Бурханы өмнө тайван байх, Бурханы үгийг тунгаан бодоход нь саад хийдэг бол тэр нөхөрлөл сэдвээс хальжээ.) Энд хэдэн гол зүйлийг дурдсан бэ? (Нэг нь, сэдэв үнэнтэй хамаагүй байх.) Үнэнтэй хамаагүй байх—энэ бол маш чухал зүйл. Нэг нь дэмий хов жив, гэр бүлийн асуудлын талаар чалчих. Нөгөө нь, уламжлалт соёл, хүний ёс суртахууны сэтгэлгээ, хүмүүсийн эрхэм гэж тооцдог зүйлийг үнэн мэт ярих. Энэ нь гажууд ойлголтын асуудал юм; энэ бүх зүйл үнэнтэй хамаагүй. Жишээ нь, Бурханы үгэнд “Залуус хүсэл эрмэлзэлгүй байх ёсгүй” гэдэг. Хэн нэгэн хүн: “Эрт үеэс хойш баатрууд залуугаасаа гарч ирдэг байсан” эсвэл “Амбиц насаар хязгаарлагддаггүй” гэж нөхөрлөдөг. Эсвэл чамайг Бурханаас эмээх тухай ярих үед тэд: “Чамаас гурван тохой өндөрт бурхан байдаг”; “Хүнийг үйлдэх үед Тэнгэр харж байдаг”; “Хэрвээ мөс чанар чинь цэвэр бол сүнснүүд хаалгыг чинь тогшихоос эмээх шаардлагагүй”; эсвэл “Хүний зүрх сэтгэл сайн сайхан руу хандах ёстой” гэж нөхөрлөдөг. Энэ нь сэдвээс хальж байгаа хэрэг биш үү? Эдгээр үг үнэнтэй ямар ч хамаагүй биш үү? Эдгээр үг юу вэ? (Сатанлаг гүн ухаан.) Тэдгээр нь сатанлаг гүн ухаан, бас тодорхой угсаатан ястны уламжлалт соёл юм. Сэдвээс халихын эхний илрэл нь ярьж буй сэдэв үнэнтэй хамаагүй байх явдал; хүн шүтлэггүй хүмүүсийн зөв, өндөр дээд гэж үздэг гүн ухаан, онолыг ярьж, тэрийгээ үнэнтэй хүчээр холбох явдал. Ингэх нь сэдвээс хальж буй хэрэг. Уг сэдэв үнэнтэй хамаагүй—энэ илрэлийг ойлгоход амархан байх ёстой. Хоёр дахь илрэл нь хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэх сэдвийг ярилцах явдал. Цуглаан дээр үнэнийг нөхөрлөхгүй, мэдлэг, эрдэм, гүн ухаан, хууль, нийгмийн үзэгдэл, хүн хоорондын янз бүрийн цогц харилцааны талаар нөхөрлөх үед энэ нь хүмүүсийн сэтгэл санааг үймүүлдэг. Энэ үед хүн уг үндсээрээ үнэнтэй холбоогүй, үнэнтэй ямар ч хамаагүй асуудлыг үнэн мэт нөхөрлөдөг. Энэ нь бусдын сэтгэл санааг будилуулдаг бөгөөд сонсох явцдаа тэдний бодол санаа нь үнэний талаарх нөхөрлөлөөс гадаад хэрэг явдал руу шилждэг. Тэгээд энэ хүмүүс хэрхэн авирладаг вэ? Тэд мэдлэг, эрдэмд анхаарлаа төвлөрүүлж эхэлдэг. Хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэх нь уг чанартаа ноцтой зүйл. Гурав дахь илрэл нь ярилцаж буй сэдэв хүмүүст Бурханыг буруугаар ойлгуулж, үзэгдлийн талаар тодорхой мэдэхгүй байхад хүргэх явдал юм. Зарим хүн үнэний талаар өөрсдөө төдийлөн тодорхой мэддэггүй хэр нь тодорхой мэддэг, ойлгодог мэт дүр эсгэхийг хүсдэг. Тиймээс үнэний талаар нөхөрлөхдөө тэд ярьж байгаа зүйлдээ зарим гүн гүнзгий хоосон сургаалыг нэмж, өөрсдийнхөө сонсож, ойлгосон шашны хоосон сургаалтайгаа хольж, үндэслэлгүй, хэтрүүлэгтэй байдлаар ярьдаг. Тэднийг сонссоныхоо дараа хүмүүс үзэгдлийн талаар тодорхой мэдэхээ больдог; уг хүн яг ямар үнэнийг ярилцах гэснийг тэд мэддэггүй. Тэд сонсох тусмаа улам мунгинаж, Бурханд итгэх итгэл нь багасаж, тэр ч бүү хэл Бурханы талаар буруу ойлголттой болж магадгүй. Хүмүүс энэ ярианаас зүгээр ч нэг үнэнийг ойлголгүй өнгөрдөг юм биш—тэдний сэтгэл санаа мунгинадаг. Ингэх нь сөрөг үр дагавартай. Сэдвээс халих үед ийм зүйл болдог.

Үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээс халих нь хэд хэдэн арга замаар илэрдэг бөгөөд тус бүр нь уг чанартаа хүмүүсийн амь-оролтыг үймүүлдэг. Хүмүүс тийм нөхөрлөлийг сонсоод зөвхөн үнэний талаар тодорхой ойлголтгүй, хэрэгжүүлэлтийн замгүй болдог юм биш. Харин ч тэдний сэтгэл санаа мунгинаж, үнэний талаар улам эргэлзэж, зарим нэг буруу тайлбар, төөрөлдсөн ойлголттой ч болдог. Үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээс халихын хүмүүст үзүүлдэг үр нөлөө, сөрөг үр дагавар энэ юм. Энэ гурван илрэл нь тус бүрдээ уг чанартаа нэлээд ноцтой. Жишээ нь, эхнийх нь “ярьж буй сэдэв үнэнтэй хамаагүй байх”. Зөв юм шиг санагддаг ч зөв биш зүйлийг ярьж, хүний мэдлэг, гүн ухаан, онол, уламжлалт соёл, нэрд гарсан хүмүүсийн алдартай үг гэх мэт сатанлаг зүйлсийг чуулганд авчран номлож, задлан шинжилж, үнэнийг нөхөрлөх боломжийг ашиглан хүмүүсийг төөрөлдүүлэх нь хүмүүсийг үймүүлж буй хэрэг. Ингэх нь уг чанартаа маш ноцтой. Хэрвээ ялган таних чадвартай хүн тийм нөхөрлөлийг сонсвол “Чиний ярьж байгаа чинь буруу; энэ бол үнэн биш. Чиний ярьж байгаа зүйл бол ёс суртахууны зан байдал, шүтлэггүй хүмүүсийн сайн гэж боддог үг байна. Тэр нь шүтлэггүй хүмүүсийн биеэ авч явах, дэлхий ертөнцтэй харилцах зарчим, энэ нь уг үндсээрээ үнэнтэй хамаагүй” гэж хэлнэ. Гэвч зарим хүн ялган таних чадваргүй байдаг бөгөөд эдгээр төөрөгдлийг сонсоод бүр санал нийлж, үнэн мэт баримталдаг. Хэрвээ удирдагч, ажилчид үүнийг зогсоож, тухайн үед нь хязгаарлахгүй бол, хүмүүсийг ялган таних чадвартай болгохын тулд энэ талаар нөхөрлөж, задлан шинжлэхгүй бол Бурханы сонгосон хүмүүсийн зарим нь төөрөлдөх боломжтой. Төөрөлдөхийн үр дагавар юу вэ? Тэд шүтлэггүй ертөнцийн алдартай хүмүүсийн номлосон зүйл, хүмүүсийн зөв, сайн, гүн гүнзгий гэж боддог ардын зүйр цэцэн үгс, алдартай хүмүүсийн онч мэргэн үг, биеэ авч явах тухай онолууд гэх мэт нь бүгд зөв, яг л Бурханы үг шиг үнэн гэж бодно. Тэд төөрөлдсөн биш үү? Гаднаа тэд үнэнийг нөхөрлөж байгаа мэт байдаг ч үнэн хэрэгтээ энэ нь хүний зарим санаа бодол, Сатаны зарим төөрөлдүүлсэн гүн ухаантай холилдсон бөгөөд мэдээж хүмүүсийг үймүүлдэг. Хэрвээ хүн Сатаны гүн ухаан болон хүний мэдлэгийг үнэн мэт ярьж хүмүүсийг төөрөлдүүлбэл удирдагч, ажилчид энэ явдлыг ил болгож, задлан шинжлэх ёстой, ингэснээр ах, эгч нар ялган таних чадвараа нэмэгдүүлж, үнэн яг юу болохыг ойлгоно. Энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юм. Хоёр дахь илрэл нь “хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэх” явдал. Зарим хүн үргэлж үнэнийг нөхөрлөх боломжийг шүүрэн авч, зөв юм шиг санагддаг хэр нь зөв биш зүйлсийн талаар ярьж, хүний мэдлэг, эрдэм, авьяас билиг, ур чадварыг өргөмжилдөг. Тэд бас ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт соёл гэх мэтийн талаар ярьдаг. Тэд Сатанаас ирсэн эдгээр зүйлийг эерэг зүйл мэт, үнэн мэт ярьдаг ба энэ нь эдгээр зүйлийг дэмжих, чуулганд түгээх, шагшин магтах, хүн бүр дагаж мөрдөх ёстой гэсэн буруу итгэл үнэмшилтэй болоход хүмүүсийг хүргэж; хүмүүсийн сэтгэл санаан дахь зөв мэт санагддаг хэр нь зөв биш төөрөгдөл, тэрс үзлийг нэмэгдүүлж; хүмүүсийн сэтгэл санааг самууруулж, тэднийг төөрөлдүүлж, үнэндээ үнэн гэж юу болох, асуудалтай тулгарах үедээ хэрхэн зөв хэрэгжүүлэх, эсвэл аль зам нь зөв зам болохыг мэдэхгүй болгодог. Энэ нь тэдний зүрх сэтгэлийг харанхуйд автуулдаг. Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тэрс үзэл, төөрөгдөл түгээхийн үр дагавар юм. Гурав дахь илрэлийн тухайд бид энэ талаар дэлгэрэнгүй нөхөрлөхгүй. Товчхондоо сэдвээс гадуурх зарим хэлэлцүүлэг нь мэдлэгтэй холбоотой, зарим нь хүний үзэлтэй холбоотой, зарим нь ёс суртахууны сайн зан байдалтай холбоотой гэх мэт байдаг. Гэхдээ эдгээрийн аль нь ч үнэнтэй хамаагүй—бүгд үнэний эсрэг байдаг. Тиймээс ийм асуудал гарах үед удирдагч, ажилчид зогсоож, хязгаарлах ёстой. Хэн нэгний нөхөрлөлийг сонсоод хүмүүс зүрх сэтгэлдээ үнэнийг тодорхой ойлгохгүй байгаа төдийгүй бас үймэрч, нэгэнтээ саруул тунгалаг байсан сэтгэл санаа нь мунгинаж, хэрхэн зөв хэрэгжүүлэхээ мэдэхгүй байгаа бол тийм хүний нөхөрлөлийг зогсоож, хязгаарлах ёстой. Жишээ нь, хэвийн хүн чанарын талаарх үнэнийг нөхөрлөхдөө зарим хүн: “Хэвийн хүн чанараас Бурханд хамгийн их таалагддаг зүйл бол бэрхшээлийг тэсвэрлэх, махан биеийн таашаал, тав тухад шунахгүй байх, амттай хоолыг умартах, эдлэх ёстой зүйлээ юм уу Бурханы бэлдсэн зүйлийг эдлэхгүй байх, махан биеийн эдгээр хүслээс урваж чаддаг байх, махан биеийн бүх хүслийг хазаарлах, биеэ захирах, махан биеийг дур зоргоор нь байлгахгүй байх чадвар. Тиймээс шөнө унтмаар байгаа үедээ махан биеэс урвах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол махан биеэ хазаарлах арга зам олох шаардлагатай. Махан биеэс урвах шийдэмгий байдал чинь хэдий чинээ их байна, чи махан биеэс төдий чинээ урваж, үнэнийг хэрэгжүүлэх төдий чинээ илрэлтэй, Бурханд төдий чинээ үнэнч гэдэг чинь нотлогдоно. Хэвийн хүн чанарын хамгийн тод илрэл—хамгийн их дэмжих ёстой илрэл нь—биеэ захирах, махан биеийн хүслээс урвах, махан биеийн тав тухад шунахгүй байх, материаллаг таашаалд хэмнэлттэй байх явдал гэж би боддог. Чи хэдий чинээ хэмнэлттэй байна, тэнгэрийн хаанчлалд төдий чинээ их ерөөл хуримтлуулна” гэж хэлдэг. Эдгээр үг нэлээд эерэг сонсогдож байгаа биш үү? Энд алдаа байна уу? Хүний логик, зарчим, үзлээр хэмжвэл эдгээр үг шашны юм уу нийгмийн ямар ч бүлэгт хүлээн зөвшөөрөгдөнө; хүн бүр эрхий хуруугаа гозойлгон хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, түүний хэлсэн зүйл зөв, түүний итгэл сайн, цэвэр юм гэж хэлнэ. Чуулганд ч бас ингэж үзэх зарим хүн байдаг биш үү? Хүний үзлээр хэмжвэл энэ бүх үг зөв—юу нь зөв бэ? Зарим хүн: “Бурхан тийм хүмүүст дуртай. Бурхан ч бас тийм хэмнэлттэй байдлаар амьдардаг” гэж хэлж магадгүй. Энэ нь хүний үзэл биш гэж үү? Хүмүүс иймэрхүү үзэл тээдэг тул хэрвээ зарим хүн үнэхээр ийм төрлийн нөхөрлөл хийвэл тэр нь зүгээр л олонхын үзэлтэй нийцэх бус уу? (Тэгнэ.) Хүмүүс иймэрхүү үзлийг хүлээн авахдаа тухайн хүний үзэл бодолтой санал нийлдэг биш үү? Чи уг хүний үзэл бодолтой санал нийлж, хүлээн авах үедээ түүний үйлдэлтэй санал нийлж байгаа бус уу? Тэгээд чи түүнийг дуурайхаар оролдох бус уу? Дуурайж чаддаг болсон үед чиний дагадаг зам, хэрэгжүүлэлтийн зам тогтворжих бус уу? Тогтворжино гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи тийм маягаар үйлдэж, хэрэгжүүлнэ гэж шийдсэн гэсэн үг. Бурхан тийм хүмүүсийг хайрладаг, ийм маягаар үйлдэх үед дуртай байдаг, зөвхөн ингэснээр л Бурханы хүлээн авдаг хүн, тэнгэрийн хаанчлалд орж, тэнгэрт ерөөгдөж чадах хүн, сайн хүрэх газартай хүн болж чадна гэж зүрх сэтгэлдээ бодох учраас чи ийм маягаар үйлдэх шийдвэр гаргана. Ийм шийдвэр гаргах үед иймэрхүү бодол санаа, үзэл бодолд оюун санаа чинь аль хэдийн үймэрч, төөрөлдсөн байх биш үү? Энэ бол бодит баримт; энэ бол үр дагавар. Чиний сэтгэл санаа үймэрсэн бөгөөд чи бүр үүнийгээ ч ухаардаггүй. Энд бас өөр нэг асуудал бий: Ийм бодол санаа, үзэл бодлоос болж сэтгэл санаа чинь саажиж, үймэрмэгц Бурханы санаа зорилго, шаардлага чамд ойлгомжтой байхаа больдог биш үү? Тэгээд чи Бурханы талаар буруу ойлголттой болж, Бурханаас холддог биш үү? Энэ нь үзэгдлийн талаар тодорхой мэдэхгүй байгааг чинь илтгэдэг бус уу? Сайтар бодоод үз: Хүмүүсийн зөв гэж үздэг ч эндүү ташаа зарим бодол санаа, үзэл бодолд төөрөлдөх үедээ сэтгэл санаа чинь үймэрдэг биш үү? Чиний зүрх сэтгэл дэх үзэгдэл тэр үед тодорхой хэвээр байж чадах уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы талаарх мэдлэг чинь үнэн зөв үү, эсвэл буруу ойлголт уу? Мэдээж энэ нь буруу ойлголт. Тэгвэл чиний ойлгодог зүйл, зөв гэж үздэг зүйл үнэхээр үнэн мөн үү? Үгүй, биш—энэ нь Бурханы үг, үнэнтэй зөрчилдөж, тэдгээрт харшилдаг. Тиймээс үнэнийг нөхөрлөх үедээ ингэж сэдвээс халих нь үнэхээр хүмүүсийн сэтгэл санааг үймүүлдэг. Ингэж сэдвээс халих нь хүмүүсийн сэтгэл санааг асар их үймүүлдэг юм чинь, энэ нь Бурханы ажлыг үймүүлдэг гэж хэлж болох уу? Энэ нь хүмүүсийг үзэл рүү, Сатаны гүн ухаан болон логик руу хөтөлдөг тул хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулдаг биш үү? Хүмүүс Бурханыг буруугаар ойлгох үедээ, мөн Бурханы санаа зорилгыг ойлгохгүй, Бурханы санаа зорилго, шаардлагын дагуу хэрэгжүүлж чадахгүй, харин оронд нь Сатаны логик, хүний үзлийн дагуу хэрэгжүүлэх үедээ Бурханд илүү ойртдог уу, эсвэл Бурханаас холддог уу? (Тэд Бурханаас холддог.) Тэд Бурханаас холддог. Тиймээс иймэрхүү төрлийн сэдвээр нөхөрлөхийг цуглааны үеэр хязгаарлах ёстой биш үү? (Тийм.) Ингэж сэдвээс халих нь уг чанартаа хүмүүсийг үймүүлдэг тул үүнийг үнэхээр хязгаарлах ёстой. Үүнийг зогсоож, хязгаарлахгүй бол хэв чанар муутай, хөшүүн—ялангуяа сүнслэг ойлголтгүй—сэдвээс хальдаг хүнийг дуурайж, дагах мунгинасан хүмүүс нэлээд олон байх болно. Энэ үед удирдагч, ажилчид цаг алдалгүй өндийн босож, таслан зогсоох ёстой. Тэд уг хүнийг үргэлжлүүлэн сэдвээс хазайгаад байхыг зөвшөөрч болохгүй; түүний нөхөрлөлийн сэдэв илүү олон хүнийг төөрөлдүүлж, улам олон хүний сэтгэл санааг үймүүлэхийг зөвшөөрч болохгүй. Энэ бол удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх ёстой чиг үүрэг юм.

Үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээс халих тухай сэдвээр хийсэн бидний нөхөрлөл ингээд дууслаа. Дараа нь бид үймээн, саад учруулах уг чанартай гэж тооцогдохын тулд үнэний талаарх нөхөрлөлдөө сэдвээсээ хэр хол хазайж болох, ямар сэдвээр нөхөрлөх ёстойг нэгтгэн дүгнэнэ. Сэдвээсээ халихын зарим хэлбэр нь илэрхий байдаг: Хүн сэдвээсээ бүрэн хазайж, дэмий хов жив ярих юм уу гэр бүлийн явдлаа хэлэлцэх үед тэрийг ялган танихад амархан. Жишээ нь, хүн бүр үүргээ хэрхэн гүйцэтгэх тухай нөхөрлөж байхад хэн нэгэн хүн өөрийнхөө “алдар цуутай” өнгөрсөн үеийн талаар нөхөрлөж, хийсэн сайн үйл, эсвэл ах эгч нарт хэрхэн тусалсан гэх мэтийг ярьж болох юм. Хэн ч үүнийг сонсохыг хүсэхгүй бөгөөд түүнийг ярих тусам тэд улам дургүйцэж, эцэст нь тэр хүнийг үл тооно. Тэгээд тэр хүнд ичгүүртэй санагдана. Олонх нь энэ хүнийг ялган таньж чадаж байгаа л бол тэр хүн үргэлжлүүлж чадахгүй. Ийм маягаар сэдвээс халих явдлыг ялган таньж чаддаг байхад үнэний талаарх ойлголт төдийлөн их шаардагдахгүй. Хов жив ярьж, гэр бүлийн асуудлын талаар чалчиж, өөрийгөө өргөмжилж, гайхуулж, нөхөрлөлийн сэдвийг далимдуулан өөрийнхөө “алдар цуутай” өнгөрсөн үеийн талаар ярих—ингэж сэдвээсээ халихыг ялган танихад амархан. Энэ нь үндсэндээ төдийлөн их үймүүлдэггүй, учир нь ихэнх хүн ийм зүйлд дургүйцэж, сонсохыг хүсдэггүй бөгөөд тэр хүн үнэнийг нөхөрлөхгүй, онгирч байна, сэдвээс хальж байна гэдгийг мэддэг. Бүлгийнхэн нь түүнийг ярьж эхлэнгүүт нь эвгүй байдалд оруулахгүйг хичээж болох ч түүнийг удаан ярих тусам хүмүүс дургүйцэж, цааш нь сонсохыг хүсдэггүй бөгөөд оронд нь Бурханы үгийг бие даан уншсан нь дээр санагддаг. Хэрвээ тэр хүн үргэлжлүүлбэл тэд босоод явцгаана. Нөхцөл байдал өөрчлөгдөж, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулж байгаагаа хараад тэр хүн үргэлжлүүлэн ярихгүй. Ямархуу байдлаар сэдвээс халих нь хүмүүст аль хэдийн сөрөг нөлөө үзүүлсэн ч хүмүүс үүнийг сөрөг зүйл гэж нэвт харж чадахгүй, харин ч сэдвээс гажсан агуулгыг үнэн мэт үзэж, анхааралтай сонсдог вэ? Ингэж сэдвээс халих нь хүмүүсийг үймүүлдэг бөгөөд ийм тохиолдлуудыг ялган салгаж чаддаг байх ёстой. Ингэж сэдвээс халихын жишээг хэл дээ. (Хүн засалт туулсныхаа дараа өөрийгөө эргэцүүлдэггүй, харин асуудлын зөв, буруу байдалд л төвлөрөн ярьдаг бол энэ нь хүн бүрийн сэтгэл санааг будилуулдаг. Энэ нь хүмүүсийг ялган таньж чадахгүй болгодог төдийгүй, харин ч энэ хүний ярьж байгаа зүйл үнэнд нийцдэг, түүний зөв гэж хүмүүст санагддаг. Энэ нь хүн бүрийг түүний талд оруулдаг.) Засалтыг хэрхэн хүлээн авах тухай нөхөрлөх нэрийдлээр тэрээр өөрийгөө өмгөөлж, зөвтгөж, өөрийгөө хилсээр засалт туулсан гэж хүмүүст бодогдуулж, хүмүүсийг өөрийнхөө талд оруулж, өөрийгөө өрөвдүүлж, түүнчлэн тийм нөхцөл байдалд засалтыг дуулгавартай дагаж, хүлээн авах чадвараа хүмүүсээр бишрүүлдэг. Энэ нь хүмүүсийг төөрөлдүүлдэг; энэ бол зориуд, санаатайгаар сэдвээс халих тохиолдол бөгөөд сонсогчдыг засалттай тулгарах үедээ дуулгавартай дагаж чадахгүй, засалтыг хүлээн авч, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авч чадахгүй болгоод зогсохгүй, мөн засалт туулахаас сэрэмжилж, эсэргүүцдэг болгож орхидог. Ийм нөхөрлөл нь засалт туулахын ач холбогдол, засалттай тулгарах үедээ ямар зөв хандлага баримтлах ёстой, засалтыг хэрхэн хүлээн авч, хэрхэн хэрэгжүүлэх ёстойг ойлгоход нь хүмүүст тусалж чаддаггүй. Үүний оронд, энэ нь хүмүүсийг засалттай харьцах өөр арга зам буюу үнэнийг хэрэгжүүлдэггүй, үнэн-зарчмын дагуу үйлддэггүй, харин тэднийг илүү зальжин болгодог арга замыг сонгоход хүргэдэг. Тийм нөхөрлөл нь хүмүүсийг төөрөлдүүлдэг. Үнэнийг нөхөрлөх үедээ сэдвээс халих нь чуулганы амьдралд гарч ирдэг нэг төрлийн асуудал юм. Хэрвээ ийм төрлийн асуудал үймүүлж, саад болох хэмжээнд хүрвэл удирдагч, ажилчид үүнийг зогсоож, хязгаарлаж, нөхөрлөж, задлан шинжлэх ёстой, ингэснээр ихэнх хүн ялган таних чадвартай болж, туршлагаас суралцаж, сургамж авна.

II. Хүмүүсийг төөрөлдүүлж, хүндлэлийг нь хүлээхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал ярих

Хүмүүс, үйл явдал, юмс чуулганы амьдралд үймээн, саад учруулахын хоёр дахь илрэл нь хүмүүсийг төөрөлдүүлж, хүндлэлийг нь хүлээхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал ярих явдал юм. Ихэвчлэн дийлэнх хүмүүс бага зэрэг бичиг үсэг, хоосон сургаал ярьж магадгүй. Ихэнх хүмүүс тэгж байсан. Хүн бичиг үсэг, хоосон сургаал ярих ердийн тохиолдлыг бид тухайн хүний биеийн хэмжээ жижиг, үнэнийг ойлгоогүйн үр дүн гэж үзэх ёстой. Тэр хүн төдийлөн их цаг авдаггүй, зориуд ингээд байдаггүй, ганцаараа л яриад байдаггүй, хүссэнээрээ ярихыг нь өөгшүүлэхийг хүн бүрээс шаарддаггүй, өөрийг нь сонсохыг хүн болгоноос шаарддаггүй, бусдыг төөрөлдүүлж, хүндлэлийг нь хүлээх гэж оролддоггүй л бол үймүүлж, саад болсон болохгүй. Ихэнх хүн үнэн-бодит байдалгүй байдаг учраас бичиг үсэг, хоосон сургаал ярих нь маш түгээмэл үзэгдэл юм. Бага зэрэг зохисгүй ярихыг уучлах боломжтой; үүнийг уучилж, хэтэрхий нухацтай авч үзэхгүй байж болно. Гэвч, онцлох нэг тохиолдол нь хүн санаатайгаар бичиг үсэг, хоосон сургаал ярих явдал юм. Тэд юуг санаатайгаар хийж байдаг вэ? Тэдэнд бас үнэн-бодит байдал байдаггүй учраас бичиг үсэг, хоосон сургаалыг зориуд ярьдаг юм биш. Бичиг үсэг, хоосон сургаал ярих, уриа лоозон хашхирах, онолын талаар ярих гэх мэт үйлдэл нь бусадтай л адилхан. Гэхдээ нэг ялгаа бий: Тэд бичиг үсэг, хоосон сургаал ярих үедээ үргэлж бусдаар хүндлүүлж, өөрсдийгөө удирдагч, ажилчид болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүстэй харьцуулахыг хүсдэг. Бүр ч ухаангүй зүйл гэвэл, тэд юу ч хэлж, яаж ч хэлж байсан зорилго нь ердөө хүндлүүлэхийн л төлөө хүмүүсийг өөртөө татаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг төөрөлдүүлэх явдал юм. Хүндлүүлэхээр чармайхын зорилго нь юу вэ? Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь, нэр хүндтэй байж, олны дундаас онцгойрсон хүн юм уу удирдагч болж, гоц гойд, эгэл бус нэгэн болж, онцгой хүн, үг нь зангаргатай хүн болохыг хүсдэг. Энэ нөхцөл байдал нь хүмүүс бичиг үсэг, хоосон сургаал ярьж, үймүүлж, саад болдог ердийн тохиолдлоос ялгаатай. Илүү түгээмэл харагддаг байдлаар бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг хүмүүсээс ийм хүмүүс юугаараа ялгаатай вэ? Байнга ярих хүслээрээ ялгаатай; боломж л олдвол тэд ярина. Цуглаан болж байх юм уу бүлэг хүмүүс цугласан л байвал—сонсох хүн л байвал—тэд ярина, тэдний ярих хүсэл тун хүчтэй байдаг. Тэд үнэнийг ойлгох юм уу үнэнийг хэрэгжүүлэх замтай болохын тулд зүрх сэтгэл дэх бодол, олж авсан зүйл, туршлага, ойлголт, мэдлэг ухаанаа ах эгч нартай хуваалцах зорилгоор ярьдаггүй. Харин тэдний зорилго бол хоосон сургаал ярих боломжийг ашиглан өөрийгөө гайхуулах, хэчнээн өргөн мэдлэгтэйгээ бусдад мэдэгдэж, ердийн хүнээс илүү ухаантай, мэдлэгтэй, эрдэмтэй, зиндаатай гэдгээ харуулах явдал юм. Тэд зүгээр нэг энгийн хүмүүс биш, чадварлаг хүмүүс гэдгээ мэдүүлэхийг хүсдэг. Ингэж хүсдэг нь аливаа хэрэг явдал дээр хүн бүр өөрт нь хандаж, өөртэй нь зөвлөөсэй гэснийх. Чуулган дахь ямар нэг асуудал, ах эгч нарт тулгарсан аливаа бэрхшээл дээр хувьд бусад хүн хамгийн түрүүнд өөрийг нь бодоосой гэж тэд хүсдэг; өөрийг нь байхгүй бол бусад нь юу ч хийж чадахгүй, ямар ч хэрэг явдлыг зохицуулж зүрхлэхгүй, хүн болгон өөрийнх нь тушаалыг хүлээж байгаасай гэж хүсдэг. Тэд ийм үр нөлөөг хүсдэг. Бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг нь хүмүүсийг урхидаж, хянах зорилготой юм. Тэдний хувьд бичиг үсэг, хоосон сургаал ярих нь ердөө л нэг арга барил, арга зам; тэд үнэнийг ойлгодоггүй учраас бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг юм биш, харин ч бичиг үсэг, хоосон сургаал ярьснаар хүмүүс өөрсдийг нь чин сэтгэлээсээ шүтэж, бишрэн харж, тэр ч бүү хэл өөрсдөөс нь айж, өөрсдөд нь хазаарлагдаж, хянуулаасай гэж зорьдог. Ингэж бичиг үсэг, хоосон сургаал ярих нь улмаар үймүүлж, саад болдог. Чуулганы амьдралд тийм хүмүүсийг хязгаарлах ёстой, бичиг үсэг, хоосон сургаал ярих ийм зан авирыг ч бас болиулах ёстой, зөнгөөр нь орхиж болохгүй. Зарим хүн: “Тийм хүмүүсийг хязгаарлах ёстой; тэгвэл тэдэнд ярих боломж өгч болох юм уу?” гэж хэлж магадгүй. Шударга байдлын үүднээс тэдэнд ярих боломж олгож болох ч амбиц нь дахин гарч ирж, онгирч гайхуулдаг хуучин байдалдаа ормогц нь даруй таслан зогсоож, ухаан саруул, тайван болгох хэрэгтэй. Тэд ийм маягаар үргэлж гайхуулж, амбиц нь үргэлж илчлэгдсээр, хүслийг нь дарахад хэцүү байвал яах ёстой вэ? Тэднийг бүрэн хязгаарлаж, яриулахгүй байлгах ёстой. Тэднийг ярих үед хэн ч сонсохыг хүсдэггүй, тэдний дууны өнгө, биеэ авч явах байдал, нүдний харц, дохио зангааг харж, сонсоод хүн бүр дургүйцдэг бол энэ нь ноцтой асуудал юм. Ингэсээр хүн бүр зэвүүцэж жигших хэмжээнд очдог. Чуулганд товойлгогчийн дүрд тоглодог тийм хүмүүс тэр үед тайзнаас буух ёстой биш гэж үү? Тэдний дүрийг хасах цаг болсон. Тэгэхээр тэд үйлчлэлээ үзүүлж дууссан гэсэн үг биш үү? Тэд сүүлчийн үйлчлэлээ үзүүлж дуусвал яах ёстой вэ? Тэднийг цэвэрлэх ёстой. Тэд ам нээмэгцээ өнөөх хуучин яриагаа ярьдаг, хязгаарлалт тавиад үүнийг зогсоож чадахгүй. Хүн бүр ийм яриаг сонсохоос залхдаг. Тэдний үзэшгүй муухай царай, Сатаны, диаволын царай илэрхий болдог. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол антихристүүд. Тэднийг хэтэрхий эрт цэвэрлэвэл ихэнх хүн үзэл тээж, зүрх сэтгэлдээ итгэхгүй “Бурханы гэрт хайр алга, тэр ч бүү хэл хэсэг хугацаанд ажиглахгүйгээр хэн нэгнийг цэвэрлэж, гэмших ямар ч боломж олгохгүй байна. Тэр хүн зүгээр л гаднын хүмүүсийн хэлдэг хэдхэн үгийг хэлж, жаахан завхарсан зан чанар илчилж, бага зэрэг ихэрхүү байсан ч санаа зорилго нь муу байгаагүй. Түүнд ингэж хандах нь шударга бус” гэж хэлнэ. Харин олонх нь ёрын муу хүмүүсийн мөн чанарыг ялган таньж, нэвт харж чадаж байгаа үед ийм ёрын муу хүмүүсийг чуулганд цадиггүй муу үйл, саад, үймээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрөх нь зохимжтой юу? (Үгүй.) Ингэх нь бүх ах, эгчид шударга бус. Иймэрхүү тохиолдолд тэднийг цэвэрлэх нь асуудлыг шийдвэрлэдэг. Тэд сүүлчийн үйлчлэлээ үзүүлж, ихэнх хүн тэднийг ялган таньдаг болмогц тэднийг цэвэрлэх үед чинь ихэнх хүн эсэргүүцэхгүй—тэд гомдоллохгүй, Бурханыг буруугаар ойлгохгүй. Тэднийг өмгөөлөх хүмүүс байсаар байвал чи: “Тэр хүн чуулганд олон ёрын мууг үйлдсэн. Түүнийг антихрист гэж тодорхойлоод, цэвэрлэсэн. Гэсэн ч чи түүнийг маш их өрөвдсөн хэвээр байна; чамд үзүүлсэн сайхан сэтгэлийг нь бодоод, түүнийг өмгөөлж байна. Чи хэтэрхий уян сэтгэлтэй, ямар ч зарчимгүй байна. Үүний үр дагавар юу вэ? Түүнээс жаахан тусламж аваад чи мартаж чаддаггүй; тэр юу ч гэж хэллээ гэсэн чи чин сэтгэлээсээ дуулгавартай дагаж, үргэлж ачийг нь хариулахыг хүсдэг. Түүнийг одоо цэвэрлэсэн. Чи түүнийг дагаад явахыг хүсэж байна уу? Хэрвээ чи ч бас цэвэрлэгдмээр байгаа бол тэгж болно шүү” гэж хэлж болно. Энэ нь нөхцөл байдлыг зохицуулах тохирсон арга зам мөн үү? Энэ үед бол тохиромжтой. Хэрвээ тийм хүмүүс бусдыг төөрөлдүүлэхийн тулд байнга бичиг үсэг, хоосон сургаал ярьж, хүмүүсийг тэсвэрлэхийн аргагүй болтол нь үймүүлснээр хүмүүс цуглаанд ирэхийг хүсэхээ боливол удирдагч, ажилчид хөшүүн, мулгуу, ялган таних чадваргүй, энэ хүмүүсийг цаг тухайд нь зохицуулж чадаагүйгээс болж байгаа хэрэг биш үү? Энэ бол ажлаа хийж чадахгүй, үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаа хэрэг юм.

Одоо, бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг тэр антихристүүдийг ихэнх хүн тодорхой хэмжээнд ялган таньдаг болсон. Тэд анхаарал татахгүй байхгүй, толгойгоо өндийлгөн янз бүрээр онцгой авир гаргаж эхэлмэгц, тэдний янз бүрийн илрэлээс антихрист гэдгийг нь хүмүүс олж тогтооход хангалттай байвал цаашид хойшлуулж, тээнэгэлзэх ёсгүй. Тэднийг цаг алдалгүй хязгаарлаж, тусгаарлах ёстой. Тэдний үйлчлэл ямар ч үнэ цэнгүй болбол тэднийг шууд цэвэрлэх ёстой. Бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг тийм хоёр нүүрт антихристүүдийг ялган танихад амархан, учир нь тийм хүмүүс харваас антихрист байдаг. Зүгээр л ийм төрлийн антихристүүд бичиг үсэг, хоосон сургаал ярих боломжийг ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, эрх мэдлийг атгах зорилгодоо хүрэхийг үргэлж хүсдэг. Энэ бол антихристүүдийн илэрдэг нэг арга зам бөгөөд ялган танихад амархан. Энэ сэдвийг өмнө нь аль хэдийн хангалттай хэлэлцсэн тул энд дэлгэрэнгүй ярихгүй. Товчхондоо удирдагч, ажилчид тийм хүмүүст сайтар анхаарал хандуулж, тэдний хөдөлгөөн, бодол, үзэл санаа, мөн төлөвлөгөө, үйлдэл, тэдний тараасан эндүү ташаа үгийг цаг тухайд нь, үнэн зөв ойлгож, ухамсарлаж, тэднийг зохих ёсоор даруй зохицуулах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Тиймээс энэ ажил дээр удирдагч, ажилчид хамгийн наад зах нь хөшүүн, мулгуу биш, сүнс нь гярхай, оюун санаа нь нягт нямбай байх ёстой. Хэрэв антихрист цуглааны үеэр бичиг үсэг, хоосон сургаал ярьж олон хүнийг төөрөлдүүлж, чуулганы удирдагчид антихрист гэдгийг нь танихгүй байсаар, даруй түүнийг ил болгож, зохицуулж чадахгүй бол энэ нь үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаа хэрэг юм. Хэрвээ олон хүн аль хэдийн антихристүүдэд төөрөлдөж, цуглаан дээр антихристүүдийн бичиг үсэг, хоосон сургаал ярихыг нь сонсож чадахгүй, цуглаан утга учиргүй санагдсаны улмаас цуглаанд оролцох хүсэлгүй болж, тэр ч бүү хэл Бурханы үгийг идэж, ууж, номлол сонсохыг хүсэхгүй, антихристүүдийн номлолыг сонсохыг илүүд үзэх юм бол—хүмүүс ингэтлээ антихристүүдэд төөрөлдөж, хянуулсан үед л чуулганы удирдагч, ажилчид нөхцөл байдал хүндэрснийг ухаарч, арга хэмжээ авч, нөхцөл байдлыг эргүүлж эхэлбэл—энэ нь ноцтой саатал учруулна! Тийм удирдагчдын хөшүүн, мунхаг байдлаас болж Бурханы сонгосон олон хүний амь-оролт хохирно. Антихристүүдийг задлан шинжилж, ялган таньж, цэвэрлэх үед зарим хүн төөрөлдөж, тэднийг дагаж болзошгүй. Зарим нь бүр “Хэрвээ чи түүнийг цэвэрлэх юм бол бид Бурханд цаашид итгэхгүй. Чи түүнийг явуулбал бид бүгд явна!” гэж хэлнэ. Энэ үед чуулганы удирдагчид ямар ч бодитой ажил хийгээгүй нь тов тодорхой болдог бөгөөд энэ нь үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг мөн.

Чуулганы амьдралд удирдагч, ажилчдын юун түрүүнд хийх ёстой зүйл бол янз бүрийн хүмүүсийн байр байдлыг ухамсарлах явдал юм. Тэд чуулганы гишүүн нэг бүртэй харилцсанаар ямар замаар явсныг нь болон зан чанар-мөн чанарыг нь анхааралтай ажиглаж, ойлгож, хэн антихристийн замаар явж байгаа, хэн антихристийн мөн чанартайг цаг алдалгүй, үнэн зөв илрүүлж, олж тогтоох ёстой. Дараа нь тэд энэ хүмүүс дээр төвлөрч, сайтар анхаарал хандуулж, тэдний тараадаг үзэл бодол, үгийг болон одоогоор ямар үйлдэл хийхээр төлөвлөж байгааг нь цаг алдалгүй ойлгож, ухаарах ёстой. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж, урхидаж, хянахыг хүсэх үед удирдагч, ажилчид идэвхгүй хүлээхийн оронд хурдан босож, тэднийг зогсоох ёстой. Антихристүүдийг ил болгохоосоо өмнө Бурхан тэднийг илчлэх хүртэл хүлээвэл, ах, эгч нарыг төөрөлдөх хүртэл, ах эгч нар тэднийг ойлгож, ялган таньдаг болтол хүлээвэл хэрэг явдал аль хэдийн саатсан байх болно. Тиймээс антихристүүдээс сэрэмжлэхдээ удирдагч, ажилчид санаачилга гарган эхлээд арга хэмжээ авч, урьдчилан бэлдэх ёстой. Эхний алхам нь харьцангуй шулуун шударга, үнэнийг эрэлхийлж чаддаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх явдал; өөрөөр хэлбэл, чуулганы янз бүрийн ажилд тэргүүлэх үүрэг роль гүйцэтгэх хүмүүсийг зөв зохистой усалж, хангаж, тэднийг чуулганы багана болгон боловсруулах явдал юм. Ийм маягаар л чуулганы төрөл бүрийн ажил жигдхэн, саадгүй явагдаж, сайн мэдээний ажил үргэлжлэн түгж чадна. Ямар ажил гэдгээс үл хамааран, аливаа ажилд сайн удирдагч байхгүй бол тухайн ажлыг явуулахад тун хэцүү болдог. Антихристүүд Бурханыг эсэргүүцэж буйн гол илрэл нь Бурханы гэр дэх ажил нэг бүрийг үймүүлж, саад болохын тулд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, араасаа дагуулах явдал. Чуулганд антихристүүд юун түрүүнд шударга ёсны мэдрэмжтэй, янз бүрийн ажил дээр тэргүүлэх үүрэг роль гүйцэтгэдэг хүмүүсийг хорлохоор зорьдог. Тэд өөрсдийнхөө төөрөлдүүлж, хянаж чадах хүмүүсийг өөрсдийнхөө талд татдаг бөгөөд төөрөлдүүлж, хянаж чадахгүй хүмүүсээ унагаж, эцэст нь тэднийг цэвэрлэдэг. Антихристүүд чуулганыг хяналтаа оруулах замаа ингэж засдаг. Тэд үнэнийг эрэлхийлж чадах цөөн хэдэн гол хүнийг эхлээд унагадаг; үлдсэн хүмүүсийн дийлэнх нь аялдан дагалдагсад байдаг. Үүний дараа тэдний хувьд удирдагч, ажилчидтай тусгайлан харьцахад илүү амархан болдог. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хамтын ажиллагаа, тусламж байхгүй бол удирдагч, ажилчид үндсэндээ ямар ч дэмжлэггүйгээр ганцаараа тэмцэж байгаа хэрэг юм. Чи ил байхад антихристүүд харанхуйд гэтэн, чамайг босож чадахгүй болгохын тулд хэдийд ч чам руу сэм дайрч, чамайг зохиомлоор буруутгаж, урхидаж, гүтгэж, түлхэн унагахад бэлэн байдаг. Дараа нь антихристүүд уначихсан байхад чинь чамайг өшиглөх хүмүүсийг олж, чамайг бүрэн мохоож, цөхрөөж орхино. Тиймээс үнэнийг эрэлхийлдэг хүмүүс антихристүүдийн эсрэг хүчээ нэгтгэхгүй бол антихристүүдийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд маш хэцүү байдаг. Чуулганы амьдралд удирдагч, ажилчдын эн тэргүүнд хийх ёстой зүйл бол чуулганы хэвийн дэг журмыг хадгалах явдал юм. Антихристүүдийн замаар алхдаг ийм ёрын муу хүмүүс байгаа үед чуулганы амьдралаас олигтой үр дүн гарахгүй, зөв замд ороход амаргүй байх бөгөөд ихэнх хүн үргэлж үймэрч, нөлөөнд нь автана. Тиймээс ёрын муу хүмүүс, антихристүүд болон антихристүүдийн замаар алхдаг хүмүүсийг олж илрүүлж, ойлгож, ухаарч, тодорхойлж тогтоох нь чуулганы амьдралтай холбоотойгоор удирдагч, ажилчдын хариуцах эн тэргүүний, хамгийн чухал ажил юм. Ийм хүмүүсийг хязгаарлаж, цэвэрлэснээр л чуулганы амьдралын хэвийн дэг журмыг хадгалж чадна. Хэрвээ тэднийг хязгаарлахгүй, дур зоргоороо цадиггүй авирлаж, үймээн учруулахыг зөвшөөрөх юм бол чуулганы янз бүрийн ажил зогсонги байдалд орно. Ихэнх хүн тэднийг ялган таньж чаддаггүй, мөн чанарыг нь нэвт харж чадахгүй, тэр ч байтугай тэдний янз бүрийн эндүү ташаа бодол санаа, үзэл бодолд үймэрч, төөрөлддөг тул Бурханы сонгосон хүмүүсийн хувьд чуулганы амьдралд зөв замд орж, үнэн-бодит байдалд ороход хэцүү байдаг. Хэрвээ энэ хугацаанд чуулганы амьдрал тун хэвийн байж, Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг нөхөрлөхдөө ололт, ахиц дэвшил гаргаж, эцэст нь бага зэрэг амь-оролттой, жаахан үнэн-бодит байдалтай болсон ч дараа нь антихристүүдийн ярьсан бичиг үсэг, хоосон сургаалд төөрөлдөж, үймэрсэн бол дөнгөж олж авсан бага зэрэг цэвэр ухаарал, жинхэнэ ойлголтоо алдаад зогсохгүй, мөн ихээхэн хуурамч тэрс үзэл, төөрөгдөлтэй болдог—тэд сэлүүрдэхээ болих хоромд усны урсгалд хойш түлхэгдэх сэлүүрчид мэт даруй дахин мунгинадаг нь тун төвөгтэй. Хүмүүсийн хувьд амиа өсгөх амаргүй байдаг; багахан ахиц гаргахын тулд хэдэн жил ч шаардагдаж магадгүй, энэ нь асар удаан юм. Өөрсдийн энэ багахан биеийн хэмжээгээ олж авахад хүмүүст хэцүү байдаг—үүнийг олж авахад амаргүй. Антихристүүд төөрөлдүүлж, үймүүлснээр хүмүүст байгаа багахан цэвэр ухаарал алга болдог. Үүнээс ч ноцтой зүйл гэвэл, Сатан болон антихристүүд үймүүлсний дараа хүмүүс Сатаны ихээхэн гүн ухаан, Сатаны явуулга, башир мэх, дотор нь Сатаны суулгасан хороор дүүрэн болдог. Эдгээр зүйл нь хүмүүсийг Бурханыг мэдэж, дуулгавартай дагадаг болгож чадахгүй төдийгүй, эсрэгээрээ хүмүүсийг Бурханы талаар үзэл, буруу ойлголттой болж, Бурханаас холдоход хүргэж, хүмүүсийн завхарсан зан чанарыг улам илүү ноцтой болгож, улмаар Бурханаас урвах боломжтой болгодог. Үүний үр дагавар маш ноцтой. Надад хэл дээ, ийм ноцтой үр дагавар тулгардаг байхад бичиг үсэг, хоосон сургаалаар хүмүүсийг төөрөлдүүлдэг хүмүүсийг зогсоож, хязгаарлах шаардлагатай юу? Энэ нь чуулганы удирдагчдын хариуцах ёстой чухал ажил биш гэж үү? (Мөн.) Тиймээс ёрын муу хүмүүс болон үл итгэгчдийг хязгаарлах нь чуулганы хувьд чухал ажил юм. Зарим хүн: “Би ялган таних чадваргүй. Яаж ялган танихаа мэддэггүй” гэдэг. Үнэндээ чи хүсэл эрмэлзэлтэй, анхааралтай ажиглаж, хүмүүсийн санаа зорилго, сэдлийг үргэлж шалгадаг байх л юм бол аажмаар ялган таних чадвартай болно. Энэ үл итгэгчид болон ёрын муу хүмүүс гарч ирмэгцээ, хүмүүсээр өөрсдийгөө бишрүүлж, шүтүүлэх, хүмүүсийг хэлсэн бүхнийг нь сонсдог болгоход чиглэсэн өөрсдийн гэсэн санаа зорилго, сэдэлтэй байдаг. Хэрвээ чи тэдний санаа зорилго, сэдлийг ухан ойлгож чаддаг бол аль хэдийн бага зэрэг ялган таних чадвартай болсон гэсэн үг. Чи сайн мэдэхгүй байгаа бол үнэнийг харьцангуй ойлгодог зарим хүнтэй энэ хэрэг явдлын талаар нөхөрлөж болно. Нэг талаар, нөхөрлөлийн үеэр чи хүн бүрийн ойлгосон үнэн болон олж авсан нотлох баримтын янз бүрийн хэсгээр дамжуулан шийдвэр гаргаж болно. Нөгөө талаар, нөхөрлөлийн үеэр Бурханы өгсөн гэгээрэл, удирдамж болон гэрлээр дамжуулан энэ хэрэг явдлын талаар бататгаж, тухайн хүн үнэхээр антихрист мөн эсэх, тэр үнэхээр хязгаарлах ёстой хүн мөн эсэхийг баталгаажуулж чадна. Нөхөрлөлөөр дамжуулан хүн бүр баталгаажуулж, санал нэгтэйгээр зөвшөөрч, энэ хүн бол үнэхээр хязгаарлагдах ёстой антихрист мөн гэж хэлбэл—ах, эгч нартай зөвшилцөлд хүрч, хүн бүр нэгдмэл үзэл бодолтой болбол—удирдагч, ажилчдын дараагийн алхам нь үнэн-зарчмын дагуу энэ хүнийг хурдхан зохицуулж, цэвэрлэх явдал юм. Энэ бол зарчим. Хүмүүс энэ зарчмыг ойлгомогцоо бодитой ажил хийх учиртай, энэ нь үүрэг хариуцлагаа биелүүлж, үнэнч байна гэсэн үг юм. Номлохын төлөө, тархиа үүгээр дүүргэхийн төлөө зарчмыг ойлгодог юм биш, харин үүргийнхээ бодитой ажилд хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Бодитой ажил дээр зарчмыг ойлгох нь үүрэг, хариуцлагаа илүү сайн, илүү нэгд нэггүй гүйцэтгэх боломж олгодог. Тиймээс энэ нь ч бас удирдагч, ажилчдын ажлын нэг хэсэг юм. Чуулганы амьдралын хэвийн дэг журмыг хадгалж, ах эгч нарыг чуулганы амьдралаар хэвийн амьдруулж, Бурханы шаардсан бүх үнэнд оруулахын тулд удирдагч, ажилчид бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг антихристүүд гарч ирэх үед хамгийн түрүүнд босож, тэднийг зогсоож, хязгаарлах ёстой. Бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг тэр антихристүүдийн тухайд бол хэдхэн буруу юм хэлснээс нь болж хязгаарлаж байгаа юм биш. Удаан хугацааны ажиглалт, эсвэл олонхын санал хүсэлт, мөн антихристүүдийн тодорхой илрэл нь тэд үнэхээр антихристийн төрлийнх гэдгийг тодорхойлоход хангалттай бол удирдагч, ажилчид гарч ирж тэднийг зогсоон, хязгаарлах ёстой бөгөөд үргэлжлүүлэн жолоогүй авирлахыг зөвшөөрч болохгүй. Тэднийг өөгшүүлэх нь диаволууд, Сатанууд, ад чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүдийг чуулганд дураар нь авирлуулахтай адилхан бөгөөд энэ нь тэрхүү удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа цалгардуулж, үндсэндээ Сатаны төлөө ажиллаж байна гэсэн үг юм. Чуулганы амьдрал дахь саад, үймээнтэй холбоотой хоёр дахь төрлийн асуудлын талаарх нөхөрлөл ингээд дууслаа.

III. Гэр бүлийн явдлаа чалчих, хувийн харилцаа үүсгэх, хувийн хэрэг явдлаа зохицуулах

Гэр бүлийн явдлаа чалчих, хувийн харилцаа үүсгэх, хувийн хэрэг явдлаа зохицуулах хэмээх гурав дахь асуудлын талаар одоо нөхөрлөцгөөе. Нөхөрлөлөөрөө бидний ярилцах эдгээр асуудал нь гурав дахь асуудалд багтдаг бөгөөд мэдээж чуулганы амьдралд тохиолдох ёсгүй. Чуулганы амьдралаар амьдарч байхдаа хүмүүс Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийг хуваалцаж, үнэнийг нөхөрлөж, хувийн туршлагын гэрчлэлээ нөхөрлөхийн сацуу, мөн Бурханы санаа зорилгыг эрж хайж, үнэний талаарх ойлголтыг эрж хайдаг болдог. Тиймээс чуулганы амьдралд гэр бүлийн явдлаа чалчих, хувийн харилцаа үүсгэх, хувийн хэрэг явдлаа зохицуулах зэрэг асуудлыг зогсоож, хязгаарлах ёстой юу? (Тийм.) Зарим хүн: “Бие биетэйгээ мэндэлж болохгүй гэж үү? Хэрвээ хоёр хүн харьцангуй ойр дотно, хэдийнээ танил бөгөөд чуулганы амьдралын үеэр уулзаж, бага зэрэг ярилцвал тэр нь гэр бүлийн явдлаа чалчиж буй хэрэг мөн үү? Үүнийг ч бас хязгаарлах ёстой юу?” гэдэг. Гурав дахь асуудал ийм төрлийн асуудлуудыг хэлж байгаа юу? (Үгүй.) Мэдээж, үгүй. Хэрвээ энгийн, эелдэг мэндчилгээг хүртэл хязгаарлах юм бол хүмүүс цаашид уулзах үедээ юм ярихаас айна. Гэр бүлийн явдлаа чалчих, хувийн харилцаа үүсгэх, хувийн хэрэг явдлаа зохицуулах хэмээх гурав дахь асуудал нь зөвхөн энэ гурван нэр томьёоноос бүрдэж болох ч эдгээр нэр томьёогоор илэрхийлдэг асуудлууд нь энгийн, найрсаг мэндчилгээ, яриа хөөрөө биш. Тэдгээр нь чуулганы амьдралыг үймүүлж, саад болж, хохироож чадах ёрын муу үйлдлүүд юм. Тэдгээр үйлдлүүд нь саад болж, үймүүлдэг тул нөхөрлөвөөс зохилтой. Юуг нөхөрлөх ёстой вэ? Яг ямар асуудал, хүмүүсийн ярьдаг ямар үг, хийдэг ямар зүйл, хүмүүсийн ямар яриа, зан авир, биеэ авч явах байдал чуулганы амьдралыг үймүүлж, саад болох түвшинд хүрч чадахыг. Эдгээр асуудал нь ноцтой эсэх, үймээн, саад учруулж чадах эсэх, зогсоож, хязгаарлах ёстой эсэхийг харахын тулд зарим нэг тодорхой жишээн дээр ярилцацгаая.

Чуулганы амьдралд зарим хүн аахар шаахар гэр бүлийн хэрэг явдал, өөрсдийн үзэл, санааг хэлэлцүүлгийн гол сэдэв мэт үргэлж ярьдаг. Тэрээр: “Одоо нийгэм маш харанхуй байна; шүтлэггүй хүмүүстэй харилцаж, тэдний дунд амьдрах маш ядаргаатай юм. Шүтлэггүй хүмүүс юу ч хийж мэднэ; үнэхээр тэвчихийн аргагүй!” гэдэг. Тэгэхэд нь зарим ах, эгч: “Бид Бурханд итгэдэг; ямар ч нөхцөл байдалтай нүүр тулсан бай, бид ялган таних чадвартай байж, үнэнийг болон хэрэгжүүлэлтийн замыг эрж хайх ёстой. Ингэж амьдрах юм бол чи ядарч туйлдахгүй” гэж хэлдэг. Гэсэн ч тэр эгч: “Бурханы үг бол үнэн мөн боловч бүхнийг анагаагч эм биш. Миний нөхөр хүнтэй явалдах вий гэж би санаа зовдог байсан чинь энэ нь үнэн болж таарсан—нөхөр маань надаас залуухан, илүү хөөрхөн эмэгтэй олж авсан. Би яаж амьдрах болж байна аа?” гэж хэлнэ. Ингэж чалчаад тэрээр гунигтайхан уйлж эхэлнэ. Тэр эгч ийм маягаар ярьж зарим хүнд уй гашуу төрүүлдэг. Түүний зовлонг хуваалцах гэсэн зарим хүн түүнтэй даруй хэл амаа ололцож, тэр дороо ярилцаж эхэлнэ. Хоёр цагийн цуглааны туршид тэрээр амрагийн харилцаа үүсгэснийх нь дараа нөхөртэйгөө хэрхэн маргалдсан, дундын хөрөнгөө шилжүүлж авах арга зам бодож олохоор хэрхэн оролдсон, гэрлэлтээ цуцлуулсны дараа хохирол амсахгүйн тулд хуульчтай хэрхэн зөвлөлдсөн гэх мэт зүйлийг нэгд нэггүй ярина. Чуулганы амьдралд ярилцах ёстой сэдэв энэ мөн гэж үү? (Биш.) Хэрвээ гэр бүлийн харилцаа чинь тогтворгүй, цуглаанд оролцоход анхаарал чинь сарниж байгаа бол ирэхгүй байсан нь дээр. Чуулганы цуглаан болдог газар бол хувийн гомдол дургүйцлээ илэрхийлэх газар чинь биш, гэр бүлийн явдлынхаа талаар чалчих газар ч биш. Хэрвээ гэрт чинь бэрхшээл тулгарсан бөгөөд чи эдгээр асуудалтай орооцолдож, ийм зүйлд хүлэгдэж, хязгаарлагдахыг хүсэхгүй, Бурханы санаа зорилгыг ойлгохын тулд үнэнийг эрж хайхыг хүсэж, энэ бүхнийг орхихыг хүсэж байгаа бол цуглааны үеэр өөрийнхөө асуудлыг товчхон нөхөрлөж болно, ингэснээр ах, эгч нар чамд туслах үнэнийг нөхөрлөх боломжтой. Бурханы санаа зорилгыг ойлгож, хүчтэй болж, эдгээр асуудалд хазаарлагдалгүй, сөрөг, сул дорой байдлаас гарч, өөрт хамгийн тохиромжтой, зөв замыг сонгоход чинь энэ чамд тусалж чадна. Чиний нөхөрлөх ёстой зүйл бол энэ. Харин чамайг гэр орныхоо ийм залхмаар аар саар явдлыг чуулганы амьдралд авчран ярьж, номлоход ихэнх хүн ичсэнээсээ болоод чамайг болиулж, яриаг чинь таслахгүй, харин зүгээр л тэвчээрээ шавхан, биеэ хүчлэн ийм залхмаар аар саар явдлын талаар ярихыг чинь сонсох нь зохистой юу? Ингэх нь хайр харуулж байгаа хэрэг үү? Хүлээцтэй, тэвчээртэй байгаа хэрэг үү? Чиний энэ зан авир чуулганы амьдралд аль хэдийн үймээн үүсгэсэн. Үүнээс хэн хохирол амсдаг вэ? Бурханы сонгосон хүмүүс. Ялангуяа, цуглаан хийхэд амаргүй, итгэгчид хаа сайгүй нуугдаж, тэр ч байтугай юмыг урьдаас товлох шаардлагатай болдог эх газрын Хятадын орчинд хэрвээ хэн нэг нь энэ бүх залхмаар гэр бүлийн явдлаа цуглааны газарт ярьж хүнд бүрд сонсгон, санал бодлыг нь яриулах нь зохистой юу? Ихэнх хүн үнэнийг болон Бурханы санаа зорилгыг ойлгохын тулд цуглаанд ирдэг болохоос эдгээр залхмаар аар саар асуудлыг сонсох гэж, гэр бүлийн явдлынхаа талаар чалчихыг чинь сонсох гэж ирдэггүй. Зарим хүн: “Надад өөр ойр дотнын хүн байхгүй юм чинь тэр талаар ах, эгч нарт ярихад юу нь буруу байгаа юм бэ?” гэж хэлдэг. Чи тэр талаар ярьж болох ч хэзээ ярих вэ гэдэг чухал. Цуглааны цагаас гадуур, нөгөө хүн чинь сонсохыг хүсэж байгаа л бол чи тэр талаар ярьж болно; чи чөлөөтэй тэгж болно, Бурханы гэр чамайг хязгаарлахгүй. Гэхдээ ийм хэрэг явдлын талаар ярихаар одоо чиний сонгосон газар, цаг нь буруу байна. Чуулганы амьдралд, цуглааны үеэр гэр бүлийн хэрэг явдлын талаарх эцэс төгсгөлгүй чалчих чинь ах, эгч нарыг байнга үймүүлдэг бөгөөд үүнийг хязгаарлах ёстой. Энэ дүрэм биш гэж үү? Энэ бол үнэхээр дүрэм. Дүрмийг ойлгохгүй байх нь эрүүл ухаангүй авирлаж, бусдыг үймүүлэхэд хүргэж болох учраас үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Үймээн үүсгэдэг зан авир, үг яриа, биеэ авч явах байдлыг хязгаарлах ёстой; энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага, мөн бүх ах, эгч нарын үүрэг хариуцлага. Зарим хүн ихэвчлэн цуглааны үеэр нөхөрлөх зүйл багатай байдаг ч гэр бүлийнх нь амьдралд асуудал гарч ирэх бүрд эдгээр залхмаар аар саар асуудлаа бусдад сонсгох гэж ярьдаг. Бусад хүн сонсох үүрэгтэй юу? Тэд чиний төлөө зөв, бурууг шүүх үүрэгтэй юу? Тэдэнд тийм үүрэг байхгүй. Тэдгээр зүйл бол чиний хувийн асуудал, чи тэрийг өөрөө зохицуулах учиртай; цуглааны цагаар хувийн асуудлынхаа талаар ярих ёсгүй. Энэ бол дүрэмд харш, үндэслэлгүй бөгөөд тийм зан авирыг хязгаарлах ёстой.

Зарим хүний хүүхдүүд их сургуульд явдаг бөгөөд тэд хүүхдүүдийнхээ хэтийн ирээдүйд санаа зовж эхлэн, тэдний төлөө холбоо сүлбээ хайж, “Манай гэр бүлд ямар ч төрийн албан хаагч байхгүй; хүү минь их сургууль төгссөнийхөө дараа ямар ажил олж чадах бол? Ирээдүй нь яах бол? Өтөл насанд минь намайг тэжээж тэтгэж чадах болов уу? Би хүүгээ төгссөнийх нь дараа баараггүй сайн ажилтай болгох арга зам олох хэрэгтэй” хэмээн байнга бодлогоширдог. Цуглаанд оролцох үедээ тэд: “Миний хүү маш дуулгавартай. Бурханд итгэх итгэлийг минь дэмждэг төдийгүй, их сургуулиа төгссөнийхөө дараа Бурханд итгэхийг хүсдэг. Гэхдээ нэг зүйл байна, бид Бурханд итгэлээ ч гэсэн амин зуулгаа залгуулах ёстой биз дээ? Хүү минь төгссөнийхөө дараа ямар ажил олж чадахыг би мэдэхгүй. Одоо ямар ажил өндөр цалинтай вэ? Хэн эгч ээ, танай нөхөр менежер гэж би сонслоо. Танай нөхөрт туслах арга чарга байгаа болов уу? Миний хүү боловсролтой, юм үзэж нүд тайлсан, надаас илүү дээр хэв чанартай, компьютер дээр сайн ажилладаг; ирээдүйд Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж чадна. Харин одоо ажил олох асуудлыг эхлээд шийдвэрлэх хэрэгтэй байна; ажил олж чадахгүй бол хүүд минь хэцүү байх болно” гэдэг. Тэрээр цуглаанд ирэх бүрдээ энэ асуудлыг хөндөж, ийм яриа эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Хэн өөрийг нь өрөвдөж магадгүй вэ гэдгийг хараад, дараа нь тэр хүмүүстэй холбоо тогтоохоор чармайдаг. Цуглааны үеэр тэрээр тэдэнтэй ойртох гэж, таалалд нь нийцүүлэх гэж оролдон, тэр ч байтугай бэлэг өгч, заримдаа тэдэнд амттай хоол авчирч, жижиг сажиг зүйл худалдаж авч өгдөг. Энэ нь хувийн харилцаа үүсгэж, суурь тавьж байгаа хэрэг биш үү? Суурь тавихын зорилго юу вэ? Энэ нь өөрийн хувийн хэрэг явдлыг зохицуулж, өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд бусдыг ашиглах явдал юм. Цуглааны үеэр тэрээр ах, эгч нарыг туршлагын гэрчлэлээ хуваалцахад сонсохыг хүсдэггүй, өөрсдөд нь зориулж Бурханы гэр ямар ч ажил зохицуулсан бай үл тоодог, өөрсдийнх нь байдлын талаар тусалж, зөвлөгөө өгөх гэж оролдсон ах, эгч нарыг сонсохыг хүсдэггүй. Тэр зөвхөн хүү нь ажилд орох тухайд л онцгойлон анхаарч, энэ талаар эцэс төгсгөлгүй ярьдаг. Тэрээр уулзсан хүн болгондоо яриад зогсохгүй цуглааны үеэр ч бас ярьдаг. Товчхондоо тэрээр энэ хэрэг явдалд тун их анхаарч, асар их хичээл чармайлт гаргадаг. Цуглаан бүр дээр тэрээр ах, эгч нарын цагаас заавал жаахан авч энэ хэрэг явдлын талаар ярьдаг. Өөрийнхөө туршлагыг нөхөрлөхдөө ч гэсэн энэ тухай дурдахаа мартдаггүй бөгөөд ихэнх хүн дэндүү их ичсэнээсээ болоод тэднийг болиулдаггүй болохоор хүн бүрийн тэвчээр алдарч, зэвүүцэх хүртэл нь ярьдаг. Энэ үед удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлэн, түүнийг хязгаарлаж, “Нөхцөл байдлыг чинь хүн бүр мэдэж байгаа. Хэрвээ аль нэг ах, эгч туслахад бэлэн байгаа бол тэр нь та нарын хувийн харилцаа. Бусад хүн туслахыг хүсэхгүй бол чи тэднийг хүчилж болохгүй. Хүүд чинь ажил олоход туслах нь ах, эгч нарын даалгавар, үүрэг хариуцлага биш; энэ бол чиний хувийн асуудал бөгөөд ах, эгч нар Бурханы үгийг идэж ууж, үнэнийг нөхөрлөх үнэт цагийг үрж болохгүй. Өөрийнхөө хувийн асуудлыг нөхөрлөж бусдынхаа Бурханы үгийг идэж, уухад нь бүү саад бол. Цуглааны дараа чи хүссэн хүнтэйгээ ярьж, хүссэн хүнээсээ тусламж гуйж болно, харин энэ талаар ярихдаа цуглааны цагийг бүү ашигла. Хувийн хэргээ зохицуулахын тулд цуглааны цагийг ашиглах нь эрүүл ухаангүй, ичгүүртэй хэрэг; энэ бол чуулганы амьдралыг үймүүлж буйн илрэл. Энэ явдал ингээд зогсох ёстой” гэж хэлэх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хийх учиртай зүйл юм.

Цуглааны үеэр зарим настай эмэгтэйчүүд зочин хүлээн авагч гэр бүлийн залуухан эгч нар царайлаг, үнэнч шударга, Бурханд жинхэнээсээ итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг болохыг олж мэдээд таалагдаж, энэ залуу эгч нарыг бэрээ болгохыг хүсдэг. Тэд цуглааны үеэр байнга энэ талаар яриад зогсохгүй бас цуглаанд ирэх бүрдээ залуу эгч нарт багахан ач тус хүргэж, илүү их санаа тавьдаг. Залуу эгч нар санал нийлэхгүй байх үед ч гэсэн тэд үглэж, залхаагаад, тэднийг зүгээр орхидоггүй. Тэд ямархуу хүмүүс вэ? Тэд ёс жудаг муутай биш үү? Тэд бүгдээрээ итгэл нэгт эгч нар болохоор ихэнх хүн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн Бурханы санаа зорилго болон Бурханы үгийг л нөхөрлөж чадна. Харин зарим хүн мөс чанаргүй, эрүүл ухаангүй, өөрийгөө мэддэггүй, тоймгүй их хувийн хүсэлтэй байдаг бөгөөд ямар ч ичгүүр сонжуургүйгээр аминч хүслээ биелүүлэхийг хүсдэг. Тиймээс зарим хүн цуглааны үеэр хохирогч болж, эвгүй байдалд ордог. Энэ нь бусдыг үймүүлж байгаа хэрэг биш үү? Ийм нөхцөл байдалд яах ёстой вэ? Чуулганы удирдагчид урагш гарч, иймэрхүү хэрэг явдлыг чуулганы амьдрал болон ах, эгч нарын дундаас хязгаарлаж, таягдан хаях ёстой. Үүнээс гадна, зарим хүн цуглаанд элдэв янзын ааш зантай ирдэг—хүү нь ачлалгүй, бэр нь үргэлж эцэг эхийнхээ гэр лүү юм зөөдөг, хадам эх, бэрийн хоорондох зөрчил гэх мэт…. Тэд эдгээр залхмаар аахар шаахар явдлаа цуглаан бүр дээр ярьж, гомдлоо ийм оршлоор эхлүүлдэг: “Бурханы хэлдэг бүхэн үнэн; хүн төрөлхтөн одоо маш их завхарсан! Зүгээр л манай хүү, бэр хоёрыг хар, мөс чанаргүй, эрүүл ухаангүй—энэ бол Бурханы ярьдаг хүн чанаргүй байдал, тэд бүр амьтдаас ч долоон дор. Хурга хүртэл сүүгээ хөхөхдөө өвдөг сөгдөх ёстойгоо мэднэ, гэтэл миний хүү эхнэртэй болмогцоо эхийгээ мартчихсан!” Тэд цуглаанд оролцох болгондоо ингэж гомдоллодог. Түүнчлэн, цуглаанд оролцохдоо компанийнхаа хэрэг явдлын талаар ярьдаг хүмүүс бий—хэн ажил дээрээ гүйцэтгэл өндөртэй, илүү их урамшуулал авдаг; хэн огт найдваргүй атлаа дараа сард тушаал дэвших гэж байгаа; хэн хамгийн сайхан хувцаслаж, хамгийн их брендийн бараа худалдан авдаг; хэн чинээлэг эртэй гэрлэсэн гээд л... Бурханд илүү удаан хугацаанд итгэж, бага зэрэг суурьтай болсон хүмүүсийн хувьд ийм яриаг сонсохыг хүсдэггүй, үүнд эгдүүцдэг. Гэтэл хараахан суурьтай болоогүй юм уу Бурханы үгийг сонирхож эхлээгүй зарим шинэ итгэгчид ийм сэдэв урамтай санагдаж, ярьж хөөрч, хувийн харилцаа үүсгэх газартай боллоо гэж боддог. Цуглааны үеэр хоёр хүн ярьж хөөрч байгаад, аажмаар бие биедээ таалагдаж, холбоо тогтоож, улмаар хувийн харилцаа үүсгэдэг. Цуглааны газар нь арилжаа наймааны газар, хүмүүс дэмий ярьж хөөрч, хувийн харилцаа үүсгэж, бизнес хийж, арилжааны үйл ажиллагаа явуулах газар болсон. Эдгээр асуудал бол удирдагч, ажилчдын цаг тухайд нь олж тогтоож, зогсоож байх ёстой зүйл юм.

Зарим хүн өөртөө сайн ажил олох зорилгоор, зарим нь нөхрөө тушаал дэвшихэд нь туслахаар, зарим нь хүүхдүүддээ сайн ажил олохоор, зарим нь хямдралтай бараа худалдан авахаар цуглаанд оролцдог. Зарим нь бөөн бэлэг сэлт өгөх шаардлагагүйгээр гэр бүлийнхээ өвчтэй хүнд сайн их эмч олох гэж ирдэг. Товчхондоо, үнэнийг эрэлхийлдэггүй, далд сэдэл өвөрлөдөг эдгээр үл итгэгч чуулганы цуглааны цагийг хувийн харилцаа үүсгэж, хувийн ажил хэргээ зохицуулах хамгийн аятайхан цаг гэж үздэг. Бурханы үгийг нөхөрлөх, энэ хорон муу ертөнц болон энэ завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг мэдэж авах нэрийдлээр үргэлж өөрийн бэрхшээл болон ярихыг хүссэн асуудлаа гаргаж ирж, эцэст нь далд аминч сэдлээ болон бүтээхийг зорьж буй хувийн ажил хэргээ бага багаар ил болгодог. Тэд санаархлаа ил болгож, тэдэнд бэрхшээл тулгараад байгаа гэж бусад хүн андуурч итгэхэд хүргэж, хүн бүр тэдэнд хайраа харуулж, болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр туслах ёстой гэж итгүүлдэг. Тэд Бурханд итгэх далбаан дор янз бүрийн цоорхойг ашиглаж, нөхөрлөхийг хүссэн хүмүүс болон өөрт нь юм хийж өгч чадах хүмүүсийг цуглааны газраас хайдаг. Зарим нь дотоод үнээр автомашин худалдан авахыг хүсэж, автомашин худалдааны газарт ажилладаг, эсвэл автомашин худалдааны газрын эзэнтэй холбоо сүлбээтэй хүнийг ах, эгч нарын дундаас хайдаг. Тэд байгаа олж тогтоомогцоо тэр хүндээ ойртож, тал засаж, холбоо тогтоодог. Хэрвээ тухайн хүн Бурханы үгийг унших дуртай бол тэд Бурханы үгийг хамт уншихын тулд гэрт нь байнга зочлон очиж, цуглааны үеэр хажууд нь сууж, холбоо барих мэдээллээ солилцдог. Дараа нь тэд дайралтаа эхлүүлж, зорилгодоо хүрэхээс нааш болихгүй гэж шийддэг. Энэ бүхэн нь чуулган дотор болон хүмүүсийн дунд байнга гарч ирдэг асуудлууд юм. Хэрвээ ийм асуудал цуглааны газарт болон цуглааны үеэр гарвал энэ нь үнэндээ чуулганы амьдралд үймээн, саад учруулж, чуулганы амьдралд нөлөөлнө. Хэрвээ чуулганд удаан хугацааны турш чуулганы амьдрал байгаагүй бол уг чуулган нийгмийн нэг бүлэг, арилжаа наймаа хийх газар, хувийн харилцаа үүсгэх, арын хаалгаар тусламж гуйх, хувийн ажил хэргээ зохицуулах газар болж хувирдаг. Энэ газрын уг чанар өөрчлөгддөг, үүний үр дагавар нь юу вэ? Хамгийн наад зах нь, чуулганы амьдрал алдагдахад хүргэдэг, өөрөөр хэлбэл, ах, эгч нартай хамт Бурханы үгийг залбиран-уншиж, үнэнийг ойлгож өнгөрүүлэх үнэт цаг алдагддаг. Цаашлаад хамгийн чухал нь, Ариун Сүнс ажиллаж, үнэнийг ойлгоход нь хүмүүсийг гэгээрүүлэх эрхэм нандин боломж алдагдахад хүрдэг. Энэ бүхэн нь хүмүүсийн амь-оролтод хохирол учруулдаг. Тиймээс Бурханы сонгосон хүмүүсийн тусын тулд, тэдний амь-оролтын төлөө, мөн хүн бүрийн аминд хариуцлагатай хандахын тулд тийм хүмүүсийг зогсоож, хязгаарлах шаардлагатай; энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юм. Мэдээж, хэрвээ жирийн ах, эгч нар энэ хүмүүсийг, тэдний үйлдлийг нэвт харж чадвал бас өндийн босож татгалзан, тэдэнд “үгүй” гэж хэлэх ёстой. Ялангуяа хүмүүсийн хувьд хамгийн чухал цаг болох чуулганы амьдралаар амьдрах явцад хэрвээ хэн нэгэн хүн цуглааны цагийг ашиглан ийм хэрэг явдлын талаар ярьж, зохицуулах гэвэл ах, эгч нар түүнийг үл тоох эрхтэй, тэр ч байтугай тийм зүйлийг зогсоох, татгалзах эрхтэй. Ингэх нь зөв үү? (Зөв.) Бурханы гэр ийм юм хийж байгаа нь хүний халуун дулаан сэтгэл байхгүйг харуулж байна гэж зарим хүн боддог. Хүний халуун дулаан сэтгэл хэвийн хүн чанар мөн үү? Хүний халуун дулаан сэтгэл үнэнтэй нийцдэг үү? Хэрвээ чи хүний халуун дулаан сэтгэлтэй бөгөөд хувийн хэрэг хэрэгтээ чуулганы цагийг ашиглаж, тэр ч бүү хэл ихэнх хүнийг өөрийнхөө талд оруулж, тэднээр өөрийгөө дэмжүүлж, хувийн асуудлаа зохицуулах зорилгодоо хүрч, Бурханы сонгосон хүмүүсийн Бурханы үгийг унших, үнэнийг нөхөрлөх хэвийн дэг журмыг үймүүлж, энэ үнэт цагаа алдахад тэднийг хүргэж байгаа бол энэ нь тэр хүмүүсийн хувьд шударга уу? Ингэх нь хүний халуун дулаан сэтгэлтэй нийцэх үү? Энэ бол хамгийн хүнлэг бус, ёс суртахуунгүй хандлага бөгөөд хүмүүс өндийн босож буруушаах ёстой. Хэрвээ удирдагч, ажилчид урагшгүй дорой, нэмэргүй хүмүүс бөгөөд тийм зан авирыг цаг тухайд нь зогсоож, хязгаарлаж чаддаггүй, бодитой ажил хийдэггүй бол шударга ёсны мэдрэмжтэй ах, эгч нар нэгдэн тийм зан авир, ийм уур амьсгал чуулганд тархахаас сэргийлэх ёстой. Хэрвээ чи Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөх үнэт цагаа алдахыг хүсэхгүй, амь-оролт чинь үймэрч, хохирол амсаж, аврагдах боломжоо сүйтгэхийг хүсэхгүй байгаа бол өндийн босож татгалзан, ийм явдлыг зогсоож, хязгаарлах ёстой. Ингэх нь зохистой бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэг. Та нарын зарим нь ийм юм хийхээс ичдэг; чи ичиж магадгүй, гэхдээ муу хүмүүс ичдэггүй. Тэд үнэ цэнтэй цуглааны цагийг чинь, Ариун Сүнсний ажиллах, Бурхан чамайг гэгээрүүлэх цагийг чинь ашиглах зориг зүрхтэй байдаг. Хэрвээ чи тэдэнд татгалзахаас ичдэг бол аминд чинь хохирол учирвал таарна! Хэрвээ чи Сатанууд, диаволууд, үл итгэгчдийг хайрлаж, тэдэнд тусалж, бусдын төлөө өөрийгөө золиосолж, зарчмыг үл ойшооход бэлэн байгаа бол аминд чинь учирсан хохиролд хэнийг буруутгах вэ? Тиймээс хувийн харилцаа үүсгэж, хувийн асуудлаа зохицуулах бүх тохиолдлыг чуулганы амьдралаас бүрэн арилгах ёстой. Хэрвээ хэн нэгэн өөрийнхөөрөө зүтгэж, цуглааны цагаар гэр бүлийн асуудлынхаа талаар чалчиж, дэмий хов жив ярьж, хувийн асуудлаа зохицуулах, эсвэл бусдад ажил, амраг хос олж өгөх гэж зүтгээд, ийм маягаар цуглааны цагийг өнгөрөөх элдэв янзын шалтаг хайж олох гээд байвал тийм хүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ? Эхлээд тэднийг зогсоох ёстой; хэрвээ үгэнд орохгүй байвал тусгаарлаж, хязгаарлах ёстой. Тэд ар хударгаар үргэлжлүүлэн үймээн үүсгэж, хэн боломжтойд нь тал засаж, ах эгч нарын хэвийн амьдралыг хаа сайгүй зовоогоод байвал тэднийг цэвэрлэж, ах, эгч гэж үзэхгүй байх ёстой. Тэд чуулганы амьдралаар амьдрах шаардлагыг хангахгүй, цуглаанд оролцоход зохисгүй. Тийм хүмүүсийг хязгаарлаж, голох ёстой. Мэдээж энэ ажил нь бүх түвшний удирдагч, ажилчдын хийх ёстой чухал ажил юм. Ийм хэрэг явдал, нөхцөл байдал үүсэх үед удирдагч, ажилчид хамгийн түрүүнд өндийн босож, тэднийг зогсоох ёстой. Тэднийг хэрхэн зогсоох ёстой вэ? Тэдэнд “Энэ зан авир чинь чуулганы амьдралд хэдийнээ үймээн, саад учруулсныг мэдэж байна уу? Энэ бол бүх ах, эгч нарын жигшиж, үзэн яддаг зүйл, үүнийг бас Бурхан ялладаг. Чи энэ зан авираа зогсоох ёстой. Хэрвээ ятгалгыг сонсохгүй, өөрийнхөөрөө хийх гэж зүтгээд байвал чуулганы амьдралыг чинь зогсоож, Бурханы үгийн номыг чинь хурааж авч, чуулган чамайг хүлээн зөвшөөрөхөө болино шүү!” гэж хэлэх ёстой. Мэдээж хэрэг, жижиг биеийн хэмжээтэй, үнэний талаар ойлголтгүйн улмаас зарим хүн хааяа гэр бүлийн явдлынхаа талаар ярьж, хэн нэгэнтэй харилцаа үүсгэх юм уу зарим жижиг ажил хэргийг зохицуулж болзошгүй бөгөөд энэ нөхцөл байдал төдийлөн ноцтой бус байдаг. Энэ зүгээр үү? (Зүгээр.) Хүн бүрд ямар ч үймээн үүсгэхээргүй нөхцөлд ах эгч нар бие биедээ тусалж, нэг нэгнээ бага зэрэг хайрлахыг зөвшөөрч болно. Гэхдээ бид юуны талаар нөхөрлөж байна вэ? Тийм зан авир, үйлдэл нь чуулганы хэвийн амьдралд хэдийнээ үймээн, саад учруулсан байхыг; тийм тохиолдолд холбогдох хүмүүсийг зогсоож, хязгаарлах ёстой. Чуулганы амьдралыг үргэлжлүүлэн үймүүлж, саад болохыг бид тэдэнд зөвшөөрч болохгүй. Ийм арга хэмжээ авах нь ах, эгч нарын амь-оролтод ашиг тустай. Зарим хүн үүнтэй төстэй зан авир гаргадаг ч нөхцөл байдал ноцтой биш байдаг бөгөөд үймүүлж, саад болдоггүй; энэ нь ердөө ах, эгч нарын хоорондох хэвийн харилцаа, бие биедээ тусалж, хэвийн байдлаар мэдээллээ зөвлөлдөж, эсвэл өөрийнхөө ойлгохгүй байгаа ерөнхий мэдлэгийн талаар асууж лавлаж байгаа хэрэг юм. Цуглааны цагаас авахгүй, хоёр тал хоёулаа зөвшилцөж, нэг нэгнээ шахахгүйгээр хүслээрээ хийж, энэ харилцаа нь хэвийн хүн чанарын цар хүрээнд байх л юм бол үүнийг зөвшөөрөх бөгөөд чуулган үүнийг хязгаарлахгүй. Гэхдээ нэг л зүйл бий: Чуулганы амьдралд хэн нэгний хөнгөн хуумгай үг, үйлдэл ах, эгч нарыг зовоож, үймүүлээд, зарим хүн үүнийг жигшиж, эсэргүүцлээ илэрхийлсэн бол удирдагч, ажилчид урагш гарч энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Эсвэл, бусад нь хэн нэгнийг аль хэдийн мэдээлж, энэ хүн цуглааны цагаар Бурханы үгийг нөхөрлөдөггүй, харин оронд нь гэр бүлийн явдлынхаа талаар чалчиж, хувийн харилцаа үүсгэж, цуглааны газрыг хувийн харилцаа үүсгэх, хувийн хэрэг явдлаа зохицуулах газар мэт үзэж, бусдаас ач тус гуйж, ашиглаж болох хэнийг ч ашигладаг; энэ хүн ёс жудаг муутай, аминч, жигшүүртэй, олиггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, харин хаа сайгүй давуу тал эрж, өөрсдийнхөө ашиг тусын төлөө янз бүрийн боломжийг хайдаг гэж хэлсэн бол тийм хүнийг тусгаарлах ёстой.

Зарим хүн өөрсдийнхөө төлөө юм хийлгэхийн тулд зарим чинээлэг, нөлөө бүхий ах, эгч нарыг ашигладаг бөгөөд хүсэлтийг нь биелүүлэхгүй бол ар хударгаар нь тэднийг үргэлж шүүж, энэ хүмүүс хайргүй, жинхэнэ итгэгчид биш хэмээн хэлж, тэр ч байтугай тэднийг мэдээлэхийг хүсдэг. Та нар ийм хүмүүстэй таарч байсан уу? Тийм хүмүүсийг авч үзэх ёстой биш үү? Ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ юу хийх ёстой вэ? Удирдагч, ажилчид оролцон энэ асуудлыг шийдвэрлэж, зарчмын дагуу үйлдэж, ах эгч нарыг үймүүлэхгүй байх ёстой. Хэн нэгэн тэдэнд юм хийж өгөхөөс татгалзах нь буруу юу? Тэдэнд туслахаас татгалзах нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байхтай, эсвэл Бурханыг хайрлахгүй байхтай адилхан гэж үү? (Үгүй.) Хэн нэгэнд туслах эсэх нь тэдний өөрсдийнх нь дур; тэд сонголт хийх эрхтэй. Чуулганы амьдрал дунд ах, эгч нар гэр бүлийн хүндрэл бэрхшээлээ шийдэхэд нь бие биедээ туслах ёстой гэж Бурханы гэр заадаггүй. Чуулганы амьдрал бол гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх газар биш, харин Бурханы үгийг идэж, ууж, амиа өсгөх цуглааны газар юм. Зарим хүн асуудлаа шийдвэрлэхийн тулд чуулганы амьдралыг ашигладаг—энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж, ууж, өөрсдийгөө үнэнээр зэвсэглэхэд нөлөөлдөг биш үү? Хувийн амьдралын асуудлуудаа ах, эгч нартай хамт хувиараа шийдвэрлэж болно; энийг шийдвэрлэхийн тулд чуулганы амьдралд авчрах шаардлагагүй. Бурханы сонгосон хүмүүс чуулганы амьдралаар амьдрахад хувийн асуудлаа зохицуулах явдал саад болох үед ямар үр дагавар гардгийг хүн бүр мэдэж байх ёстой. Удирдагч, ажилчид ийм явдлыг олж илрүүлмэгцээ тэдгээрт оролцож шийдвэрлэх ёстой. Тэд чуулганд үүргээ хэвийн гүйцэтгэж чадах хүмүүсийг хамгаалж, үнэнийг үнэхээр эрэлхийлдэг хүмүүсийг хамгаалж, ёрын муу хүмүүсийг хязгаарлаж, тэднийг зорилгодоо хүрэхэд нь саад хийх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Гурав дахь асуудлын хэвийн тохиолдлуудад хэрхэн хандах, ямар илрэлүүд нь ноцтой уг чанартай, нөхцөл байдалтай, аль төрөл, илрэлүүд нь үймээн, саад учруулдаг талаар тодорхой ялгаж зааглах ёстой. Нөхцөл байдал хэр ноцтойг тодорхой ялгамагцаа уг чанарынх нь дагуу зохицуулах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын ойлгох хэрэгтэй зүйл, мөн хүн бүрийн ухамсарлах ёстой зүйл юм.

IV. Бүлэглэл үүсгэх

Чуулганы амьдралд саад учруулж, үймүүлэхийн дөрөв дэх илрэл нь бүлэглэл үүсгэх явдал бөгөөд энэ нь маш ноцтой шинж чанартай. Ямар зан авир бүлэглэл үүсгэдэг вэ? Хэрэв Бурханд итгэдэг хоёр хүн ойролцоо хугацаанд итгэгч байсан, нас, гэр бүлийн байдал, сонирхол, зан төлөв гэх мэт нь төстэй, хоорондоо их эвтэй, цуглааны үеэр ихэвчлэн хамт сууж, бие биетэйгээ дотно танилцсан бол үүнийг бүлэглэл үүсгэсэн гэж тооцох уу? (Үгүй.) Энэ бол хэвийн хүн хоорондын харилцааны түгээмэл үзэгдэл бөгөөд бусдыг ямар нэгэн байдлаар үймүүлдэггүй; тиймээс үүнийг бүлэглэл үүсгэсэн гэж үздэггүй. Тэгвэл энд дурдсан бүлэглэл үүсгэх гэдэг нь юуг хэлдэг вэ? Жишээлбэл, хамт цуглаж буй таван ах, эгчийн гурав нь хотын ажилчин, хоёр нь хөдөөний фермер. Хотын гурван ажилчин ихэвчлэн нийлж, хотын амьдрал илүү сайхан, харин хөдөөнийх муухай, хөдөөнийхөн боловсролгүй, өргөн мэдлэггүй, хүмүүжилгүй гэж ярьдаг. Тэд хөдөөний хүмүүсийг дорд үзэж, хөдөөний хоёртой үргэлж дээрэнгүй байдлаар ярьдаг тул нөгөө хоёр нь гомдож, тэдэнтэй сөргөлдөхийг хүсэн, хотынхон шалихгүй зантай, юм бүхнийг тооцоолдог, харин хөдөөнийхөн өглөгч гэж хэлдэг. Цуглааны үеэр тэд хэзээ ч санаа нийлдэггүй тул ихэвчлэн дэмий маргаж, мэтгэлцэхэд хүрдэг. Энэ таван хүн эв найртай харилцаж байна уу? Тэд Бурханы үгэнд нэгдмэл байна уу? Тэд бие биетэйгээ нийцтэй байна уу? (Үгүй.) Хотынхон үргэлж “бид хотынхон” гэж ярьдаг, хөдөөнийхөн үргэлж “бид хөдөөнийхөн” гэж хэлдэг, тэд яаж байна вэ? (Бүлэглэл үүсгэж байна.) Энэ бол бидний нөхөрлөх гэж буй дөрөв дэх асуудал болох бүлэглэл үүсгэх явдал юм. Энэхүү бүлэглэх зан авир нь бүлэг, фракц үүсгэхийг хэлнэ. Бүс нутаг, эдийн засгийн байдал, нийгмийн анги давхарга, түүнчлэн үзэл бодлын зөрүүтэй байдалд үндэслэн янз бүрийн бүлэг, фракц, бусад жижиг хүрээллийг үүсгэх нь бүлэглэл үүсгэж буй хэрэг юм. Эдгээр бүлэглэлийг хэн толгойлж байгаагаас үл хамааран, чуулган дотор өөр өөр бүлэг, фракц үүсэх, хоорондоо таарамжгүй бүлгүүд бий болох нь бүгд бүлэглэл үүсгэх үзэгдэл юм. Зарим газар хамаатан саднаараа бүгд Бурханд итгэдэг бөгөөд цуглаан болж буй газарт өөр овогтой хоёр хүнээс бусад нь бүгд тэр гэр бүлийнхэн байдаг. Ингээд энэ гэр бүл фракц юм уу бүлэг үүсгэж, өөр овогтой нөгөө хоёр хүнээ гадуурхдаг. Энэ гэр бүлийн хэн нь ямар нэг асуудалтай тулгарах юм уу засалт туулахаас үл хамааран, нэг нь гомдоллоход л үлдсэн нь даган шуугьдаг. Хэрэв хэн нэг нь зарчмын эсрэг үйлдэл хийвэл бусад нь түүнийг өмгөөлж, үйлдлийг нь нуун дарагдуулах ба үүнийг ил болгохыг хэнд ч зөвшөөрөхгүй; засалт туулах нь бүү хэл, энэ асуудлыг өчүүхэн төдий ч дурдаж болдоггүй. Энд ямар асуудал байна вэ? Та нар үүнийг ялган таньж чадах уу? Энэ гэр бүлийн гишүүд цугларахдаа бүгд нэг амтай мэт үгсэн нийлж, аяыг нь харж, дохиог нь хүлээж байж үг хэлдэг. Хэрэв тэдний толгойлогч тодорхой байр суурь баримталбал бусад нь бүгд даган дуурайдаг бөгөөд бусад хүн тэдэнтэй сөргөлдөж, эсэргүүцэл илэрхийлж зүрхэлдэггүй. Чуулганы амьдралд ийм үзэгдэл гарах нь чуулганы хэвийн дэг журамд саад учруулж, үймүүлдэг биш гэж үү? Цуглааны үеэр Бурханы үгийн аль хэсгийг идэж, уухыг энэ бүлгийн хүмүүс мэддэг бөгөөд бүгд үгэнд нь орох ёстой; чуулганы удирдагчид хүртэл тэдэнд хүндлэл үзүүлэх ёстой ба эсэргүүцэж чаддаггүй. Тэд хэнийг удирдагч, ажилчнаар сонгох ёстойг тунхагладаг бөгөөд чуулганы удирдагчид тэдний саналыг хамгийн чухалд тооцох ёстой, огтхон ч хөнгөн хуумгай хандаж болохгүй. Үүний зэрэгцээ тэд “авьяастнуудыг” тасралтгүй элсүүлж, өөрсдийнх нь үгийг сонсдог, итгэл хүлээлгэж болох, өөрсдөд нь хэрэг болох хүмүүсийг бүлэгтээ татан оруулж, бүлгийнхээ зорилгод ашиглан, нөлөөллөө тасралтгүй тэлж байдаг. Энэ бүлэглэл чуулганы амьдралыг хяналтдаа авахыг зорьдог; тэдний толгойлогч чуулганыг бүхэлд нь хянахыг хүсдэг. Энэ бүлэг ихээхэн эрх мэдэлтэй; тэд чуулган дотор бүлэглэн үйл ажиллагаа явуулдаг. Чуулганд юу ч тохиолдсон, тэд оролцохыг хүсдэг. Бусад хүн үг хэлэх юм уу ажил хэрэг явуулахаасаа өмнө тэдний тэдний царайг харах ёстой болдог, тэр ч бүү хэл, цуглаан бүрийн идэж, уух агуулга нь тэдний зохицуулалт, хүсэлд нийцэх ёстой. Чуулганы удирдагчид ямар нэг зүйл хийхийг хүссэн ч гэсэн эхлээд тэдний санал бодлыг зөвлөлдөж, санааг нь сонсох ёстой болдог. Ихэнх ах, эгч нар тэдний хяналтад байдаг, чуулганы ажлын олон хэрэг явдал ч мөн тэдний хяналт дор байдаг. Бүлэглэл үүсгэдэг энэ хүмүүс чуулганы амьдрал болон чуулганы ажилд ноцтой саад учруулж, үймүүлдэг. Энэ асуудал ноцтой юу? Ийм үйлдлийг хязгаарлах ёстой юу? Арга хэмжээ авах ёстой юу? Эдгээр бүлэглэлийн толгойлогчдыг хязгаарлаж, цэвэрлэх юм уу хөөх ёстой, харин сохроор дагадаг мунгинасан хүмүүстэй эхлээд нөхөрлөж, туслах ёстой. Хэрэв тэд гэмшихгүй, замналаа өөрчлөхгүй бол тэднийг хязгаарлах ёстой. Тэдэнд бүү найр тавь!

Юуг бүлэглэл үүсгэх гэдэг вэ—үүнийг ойлгоход хялбар уу? Хэрэв нэг хүн асуудал дэвшүүлж, өөр хэдэн хүн түүний санааг даган дуурайвал үүнийг бүлэглэл үүсгэсэн гэж тооцох уу? (Үгүй.) Харьцангуй их ачаатай, шударга ёсны мэдрэмжтэй зарим ах, эгч чухал ажлыг гүйцэлдүүлэхийн тулд бусдыг өөртэй нь нэгдэхийг уриалбал, эсвэл цуглаан дээр үр дүнд хүрч, чухал сэдвийн талаарх үнэнийг болон Бурханы санаа зорилгыг ойлгохын тулд хүн бүрийг нөхөрлөл дээр удирдан чиглүүлж, бүгд тэдний санаа бодлыг даган нөхөрлөж, Бурханы үгийг залбиран-уншвал үүнийг бүлэглэл үүсгэсэн гэж тооцох уу? (Үгүй.) Чуулганд ямар хүмүүс бүлэглэл үүсгэх хандлагатай байдаг вэ? Ямар зан авир бүлэглэл үүсгэдэг вэ? (Хэдэн хүн бие биеэ өмгөөлж, өөгшүүлж, эсвэл атаархаж, тэмцэлдэж, энэ бүхэн нь чуулганы ажилд саад болж, үймүүлэх—энэ бол бүлэглэл үүсгэх явдал юм.) Энэ бол нэг тал нь. Гол зүйл нь юу вэ? Харилцан нэгнээ өмгөөлж, өөгшүүлэх нь саад тотгор, үймээнд хүргэдэг; ямар нэг зүйл хийх нь буруу, үнэн-зарчимд нийцэхгүй гэдгийг мэдэж байгаа хэр нь зориуд нуун дарагдуулж, үг мушгин маргаж, үнэнийг хэлэлгүй, зүгээр л хэн нэгний нэр нүүр, байр суурийг хамгаалахын тулд чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг илүүд үзэж, мууг үйлддэг, саад учруулж, үймүүлдэг хүмүүсийг Бурханы гэрийн ашиг сонирхлыг золиослон байж өмгөөлөх нь бүлэглэл үүсгэж буй хэрэг юм. Өөр нэг дүр зурагт Бурханы гэрийн зохицуулалтыг нийтээрээ эсэргүүцэхийн тулд хүмүүсийг өдөөн турхирч, уруу татах хамаарна. Энэ нь уг чанартаа ноцтой бөгөөд Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад учруулж, үймүүлэхийн нэг хэлбэр мөн. Бүлэглэл үүсгэхийн гол зорилго юу вэ? Чуулганыг хянаж, Бурханы сонгосон хүмүүсийг хянахын тулд юм.

Бүлэглэл үүсгэхийн өөр нэг хэлбэрт янз бүрийн хүнийг өөртөө татахын тулд хүмүүсийг уран үгээр урхидах хамаарна. Гаднаас нь харахад ийм бүлгийн хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй ярьж, санал бодлоо илэрхийлж чаддаг мэт санагддаг. Гэвч эцсийн үр дүнг харахад тэд үнэндээ нэг хүний ярианы аясыг дагадаг бөгөөд тэр хүн нь тэдний дарцаг болдог. Тэгвэл энэ хүн яаж хүмүүсийг өөрийнхөө талд татдаг вэ? Өөртөө татаж болох, татагдахад амархан хүмүүсийг харж, тэдэнд бага сага ач тус үзүүлж, хайраар тусалж дэмждэг. Дараа нь тэдний талаар мэдээлэл цуглуулж, юунд дуртай, яаж ярих дуртай, зан төлөв, сонирхдог зүйл нь юу болохыг мэдэж авдаг. Үүний зэрэгцээ зүрх сэтгэлийг нь өөртөө татахын тулд ярихдаа үргэлж тэдэнтэй санал нийлж, эцэст нь аажмаар тэдний “сэтгэлийг бага багаар хөдөлгөж”, өөрийн мэдэлгүйгээр бүлэглэлд нь орж, багийнх нь нэг гишүүн болоход тэднийг хүргэдэг. Ерөнхийдөө хүмүүсийг өөртөө татахын тулд уран үгээр урхидах энэ арга нь маш зөөлөн, “хүнлэг халуун дулаанаар” дүүрэн бөгөөд амархан үр дүнд хүрдэг. Жишээлбэл, хэрэв хэн нэгэн өөр нэг хүнд байнга хайр энэрэл үзүүлж, яриагаараа санал нийлж, ойлгож, хүлээцтэй хандвал тэр хүнд өөрийн мэдэлгүй сайхан сэтгэгдэл төрж, ойртон дотносож, дараа нь түүний хүчинд нэгддэг. Ийм бүлэг, фракц ямар нөхцөл байдалд хэрэгжиж эхэлдэг вэ? Үнэнч дагагчдаас нь хэн нэг нь ил болох, хэлмэгдсэн санагдах, эсвэл бүлгээс нь гадуурх ямар нэг зүйл юм уу хэн нэгнээс болж тэдний ашиг сонирхол, байр суурь, нэр хүнд хөндөгдөж, хохирол амсмагц ийм хүмүүс өндийн босож, тэднийг өмөөрч, ашиг сонирхол, эрх ашгийнх нь төлөө тэмцдэг—энэ бол бүлэглэл үүсгэж буй хэрэг юм. Бүлэглэл үүсгэх илэрхий хоёр хэлбэр нь хүмүүсийг өмгөөлж, өөгшүүлэх, нийтээрээ эсэргүүцэх явдал юм. Гэвч хүмүүсийг уран үгээр урхидаж бүлэглэл үүсгэх нь дөнгөж сая дурдсан хоёр төрөл шиг тийм ч хүчтэй харагддаггүй бөгөөд ийм бүлэглэлийн гишүүд ихэвчлэн чуулган дотор анзаарагддаггүй. Гэвч хүмүүс сонголт хийх, тодорхой байр суурь баримтлах шаардлагатай болох үед ийм фракцууд тод харагддаг. Жишээлбэл, хэрэв фракцын толгойлогч чуулганы тодорхой нэг удирдагчийг хэв чанартай гэж хэлбэл түүнийг дагагчид тэр даруй тухайн удирдагч ийм хэв чанарыг хэрхэн харуулдаг талаар олон жишээ татна. Хэрэв фракцын толгойлогч чуулганы удирдагчийг ажлын чадамжгүй, хэв чанар муутай, хүн чанаргүй гэж хэлбэл бусад гишүүд нь аясыг нь дагаж, чуулганы удирдагч хэчнээн чадваргүй, үнэнийг яаж нөхөрлөж чаддаггүй, бичиг үсэг, хоосон сургаал яаж ярьдаг талаар ярьж, оронд нь бүгдээрээ зөв хүнийг сонгох ёстой гэж хэлнэ. Энэ бол нэг төрлийн үл үзэгдэх бүлэглэл юм. Хэдийгээр тэд чуулганд эрх мэдэл булаан авч, хүмүүсийг хянах гэж ил тод гарч ирдэггүй ч ийм фракц, бүлэг дотор чуулганы амьдрал болон чуулганы дэг журмыг хянадаг үл үзэгдэх хүч байдаг. Энэ бол бүр ч аймшигтай, далд хэлбэрийн бүлэглэл үүсгэх явдал юм. Чуулганы удирдагчдын шийдвэрлэх ёстой асуудал болох, өмнө дурдсан ялган танихад амархан хоёр төрлийн бүлэглэл үүсгэх явдлаас гадна, энэ далд хэлбэрийн бүлэглэлийг чуулганы удирдагчид бүр ч илүү шийдвэрлэж, арга хэмжээ авах ёстой. Тэд үүнийг яаж хийх ёстой вэ? Тэд иймэрхүү бүлгийн толгойлогчтой шууд тулж нөхөрлөх ёстой. Яагаад эхлээд энэ толгойлогчтой нөхөрлөхөд анхаарах ёстой вэ? Гаднаас нь харахад ийм бүлэглэлийн гишүүдийг хэн ч хянадаггүй мэт боловч үнэн хэрэгтээ тэд хэнийг дуулгавартай дагахаа зүрх сэтгэлийнхээ гүнд бүгд мэддэг, тэр хүнийг дуулгавартай дагахыг хүсдэг. Тиймээс тэдний шүтдэг, тэднийг хянадаг тэр хүнтэй харьцаж, шийдвэрлэх ёстой бөгөөд үйлдлийнх нь уг чанарыг ойлгуулахын тулд түүнтэй үнэнийг нөхөрлөх ёстой. Хэдийгээр толгойлогч нь Бурханы гэрийг ил тод эсэргүүцэж, удирдагчдын эсрэг дургүйцлээ илэрхийлээгүй ч энэ хүмүүсийн үг хэлэх эрх, бодол санаа, үзэл бодол, явдаг замыг хянадаг. Тэд бол далд антихрист юм. Ийм хүмүүсийг заавал олж тогтоож, дараа нь ялган таньж, задлан шинжлэх ёстой. Хэрэв тэр гэмшихгүй бол түүнийг хязгаарлаж, тусгаарлах ёстой. Дараа нь түүний гишүүдийг нэг нэгээр нь шалгаж, тэдний дундаас хэн толгойлогчтой адилхан төрлийнх болохыг харах ёстой. Эхлээд тэр хүмүүсийг тусгаарлах ёстой, дараа нь төөрөлдсөн, аймхай, хулчгар будилсан хүмүүстэй нөхөрлөх ёстой. Хэрэв тэд гэмшиж, антихристийг дагахаа больж чадвал чуулганд үлдэж болно; хэрэв болихгүй бол тэднийг тусгаарлах ёстой. Ингэх нь тохиромжтой арга мөн үү? (Мөн.) Чуулган дотор ийм үзэгдэл бий юу? Иймэрхүү асуудлыг шийдвэрлэх ёстой юу? (Шийдвэрлэх ёстой.) Яагаад шийдвэрлэх ёстой вэ? Бурханы гэр сайн мэдээг түгээж эхэлснээс хойш чуулганы амьдрал дотор антихристүүдийн хүчин хаа сайгүй байсаар ирсэн бөгөөд Бурханы сонгосон олон хүн эдгээр хүчний нөлөө, хазаарлалт, хяналтад янз бүрийн түвшинд өртсөөр ирсэн. Энэ хүмүүс ярьж, үйлдэх бүрдээ, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байдалтай биш, харин зарим хүний бодол санаа, үзэл бодлын нөлөөнд нь автаж, гуйвж, хяналтад орж, хоригддог. Энэ хүмүүс тодорхой байдлаар ярьж, үйлдэхээс өөр аргагүйд хүрдэг; хэрэв тэгэхгүй бол гарах үр дагавраас нь айж, санаа зовдог. Энэ нь чуулганы амьдралд нөлөөлж, үймүүлсэн бус уу? Энэ нь хэвийн чуулганы амьдралын илрэл мөн үү? (Биш.) Ийм чуулганы амьдрал хэвийн дэг журамтай байдаггүй, харин ёрын муу хүмүүсийн хяналтад байдаг. Ёрын муу хүмүүс чуулганд эрх барьж байгаа л бол тэнд Бурханы үг юм уу үнэн захирдаггүй. Үнэнийг ойлгодог удирдагч, ажилчид болон ах, эгч нар дарлагдана. Ийм чуулганыг антихристүүдийн хүчин хянаж байдаг. Энэ нь бас Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад учруулж, үймүүлдэг асуудал, үзэгдэл бөгөөд удирдагч, ажилчид үүнийг зохицуулж, шийдвэрлэх ёстой. Антихристийн бүлэгт байгаа зарим хүн бүлгийнхээ итгэлийг алдах, түшиг тулгуураа алдах, найз нөхдөө алдах, хэрэгтэй үед дэмжих хүнгүй байх гэх мэтээс айдаг тул тэр бүлэгтээ үлдэхээр туйлын их хичээдэг. Энэ нөхцөл байдал ноцтой биз дээ? Шийдвэрлэх ёстой биз дээ? (Тийм.) Чуулган дотор ийм нөхцөл байдал үүсэх үед ихэнх хүн үүнийг мэдэрдэг үү? Ихэнх хүн ялган таньдаг уу? Зарим хүн өөрийн мэдэлгүй хэн нэгний хяналтад орж, тэр хүний бодол санаа, үзэл бодол, үг, үйлдэл, сургаалыг үргэлж дагаж, “үгүй” гэж хэлэхээс айдаг, тэр хүний эсрэг явахаас айдаг, түүнийг гомдоох вий гэж эмээсэндээ ярихад нь хүртэл худлаагаасаа толгой дохин зөвшөөрч, инээмсэглэдэг. Ийм нөхцөл байдал байдаг уу? Энд шийдвэрлэх ёстой асуудал юу вэ? Чуулганы удирдагч хүмүүсийг төөрөлдүүлж, хянах чадвартай антихрист толгойлогчтой харьцаж, зохицуулах ёстой. Юун түрүүнд ихэнх хүнийг энэ антихристийг ялган таньдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөж, дараа нь антихристийг өөрийг нь хязгаарлах ёстой. Хэрэв антихрист гэмшихгүй бол чуулганы хэвийн дэг журмыг үргэлжлүүлэн үймүүлэхээс нь сэргийлж даруй цэвэрлэх ёстой.

Товчхондоо, хэвийн чуулганы амьдралд ах, эгч нар Бурханы үг болон өөрсдийн хувийн танин мэдэхүй, ойлголт, туршлага, бэрхшээлийн талаар чөлөөтэй, хязгаарлагдалгүйгээр нөхөрлөж чаддаг байх ёстой. Мэдээж, тэд бас удирдагч, ажилчдын зарчмыг зөрчсөн аливаа үйлдлийн талаар санал хэлж, шүүмжилж, ил болгох эрхтэй байхын зэрэгцээ тусламж, зөвлөгөө өгөх эрхтэй байх ёстой. Энэ бүхэн чөлөөтэй байх ёстой бөгөөд энэ бүх тал хэвийн байх ёстой; ямар нэг хувь хүний хяналтад орж, Бурханы сонгосон хүмүүсийг хазаарлагдахад хүргэх ёсгүй—тэгэх нь хэвийн чуулганы амьдрал биш байх болно. Ах, эгч нар хэрхэн ярьж, үйлдэж, чуулганы амьдралд хэрхэн биеэ авч явж, хэвийн хүн хоорондын харилцаа тогтоох гэх мэтэд зориулсан шаардлага, дүрэм журам, зарчим Бурханы гэрт байдаг бөгөөд эдгээр зүйлийг ямар нэг хувь хүн тогтоодоггүй. Ах, эгч нар юм хийхдээ ямар нэг хүний нүүрний хувирлыг харах шаардлагагүй, ямар нэг хүний тушаалыг дагах, ямар нэг хүнд хазаарлагдах шаардлагагүй. Хэн ч дарцаг юм уу залуурч байх ёсгүй; чиглэл өгч чадах цорын ганц зүйл бол Бурханы үг, үнэн юм. Тиймээс Бурханы сонгосон хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл бол Бурханы үг, үнэн болон цуглаан дээр үнэнийг нөхөрлөх зарчим юм. Хэрэв чи үргэлж өөр хүнд хазаарлагдаж, үргэлж тэр хүний аясыг дагаж, дургүйцсэн, хөмсөг зангидсан царайг нь хараад цааш нь ярьж зүрхэлдэггүй бол, Бурханы үг болон хувийн туршлагаар олж авсан ойлголтынхоо талаар нөхөрлөж байхдаа үргэлж тэр хүнээр хязгаарлагдаж, үргэлж хазаарлагдаж, үнэн-зарчмын дагуу үйлдэж чадахгүй, тэр хүний үг, харц, нүүрний хувирал, дууны өнгө болон үг яриан дахь далд заналхийлэл чамайг байнга хүлж байвал чи энэ хүний толгойлсон бүлэглэлийн хяналтад орсон байна. Ингэх нь төвөгтэй; энэ бол чуулганы амьдрал биш, харин антихристийн захирдаг фракцын амьдрал юм. Иймэрхүү асуудлын тухайд нэг талаас удирдагч, ажилчид урагш гарч үүнийг шийдвэрлэх ёстой, нөгөө талаас ах, эгч нар чуулганы хэвийн дэг журмыг хамгаалах үүрэг болон эрхтэй. Чуулганы амьдралд саад учруулж, үймүүлдэг хүмүүсийг, ялангуяа бүлэглэл үүсгэж, чуулганыг хянахыг хүсдэг хүмүүсийг зогсоож, ил болгож, задлан шинжилж, хүн бүрийг ялган таних чадвартай болгож, асуудлын мөн чанар нь бие даасан хаанчлал байгуулахыг оролдож буй явдал гэдгийг нэвт харуулах ёстой. Чуулган ямар ч шалтгаанаар бүлэглэл үүсгэж, чуулганыг хуваахыг зөвшөөрдөггүй. Жишээлбэл, нийгмийн ялгамж чанар, байр суурь, хороолол, бүс нутаг, шашны урсгалд үндэслэн бүлэгт хуваагдах, эсвэл боловсролын түвшин, баян ядуу, арьсны өнгө, үндэс угсаагаар бүлэгт хуваагдах зэрэг нь бүгд үнэн-зарчимд харшилдаг бөгөөд чуулганд байх ёсгүй. Хүмүүсийг эдгээр шатлал, зиндаа, фракц, бүлэглэлд хуваахдаа ямар ч шалтаг ашигласан бай, энэ нь чуулганы ажил болон чуулганы амьдралын хэвийн дэг журамд саад болж, үймүүлэх бөгөөд энэ бол удирдагч, ажилчдын цаг алдалгүй шийдвэрлэх ёстой асуудал юм. Товчхондоо, хүмүүс ямар ч шалтгаанаар бүлэглэл, фракц, бүлэгт хуваагдсан бай, хэрэв тэд тодорхой хүч хуримтлуулж, чуулганы ажил болон чуулганы амьдралын дэг журмыг үймүүлж байвал тэднийг зогсоож, хязгаарлах ёстой. Хэрэв ийм бүлэглэлийн гишүүдийг ятгаж болиулж чадахгүй бол энэ мууг үйлдэгчдийг тусгаарлаж, цэвэрлэж болно. Эдгээр асуудлыг зохицуулах нь ч бас удирдагч, ажилчдын хийх ёстой ажил, биелүүлэх ёстой үүрэг хариуцлага юм. Тэгвэл энд юуг ойлгох хэрэгтэй вэ? Зарим хүн чуулганд хүчээ бүрдүүлж, чуулганы удирдагч, чуулганы ажил, Бурханы үгтэй тэмцэлдэж, эсэргүүцэх чадвартай, чуулганы амьдралын хэвийн дэг журмыг үймүүлж, хохироох чадвартай болох үед ийм зан авир, илрэл, нөхцөл байдлыг цаг алдалгүй хязгаарлаж, арга хэмжээ авах ёстой. Бүлэглэл үүсгэх тухайд бол хүмүүсийн тооны олон цөөн ялгаагүй. Хэрэв хоёр хүн сайн харилцаатай, чуулганд ямар ч үймээн үүсгэдэггүй бол хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Гэвч тэд үймээн үүсгэж, чуулганыг хянахын тулд хүчээ бүрдүүлж эхэлбэл энэ хүмүүсийг зогсоож, хязгаарлах ёстой. Хэрэв тэд гэмшихгүй бол даруй цэвэрлэх юм уу хөөх ёстой. Энэ бол зарчим юм.

2021 оны 5 дүгээр сарын 22

Өмнөх:  Удирдагч, ажилчдын хариуцлага (11)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger