Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (27)

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын сэдвээр үргэлжлүүлэн нөхөрлөх болно. Өмнө нь бид арван дөрөв дэх үүрэг хариуцлага хүртэл нөхөрлөсөн бөгөөд энэ үүрэг хариуцлагын дор нөхөрлөөгүй хэд хэдэн дэд сэдэв байсаар байгаа. Нөхөрлөхөөсөө өмнө эхлээд удирдагч, ажилчдын хэдэн үүрэг хариуцлага байгааг эргэн санацгаая. (Арван тав байдаг.) Тэдгээрийг уншаарай.

(Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага:

1. Бурханы үгийг идэж, ууж, ойлгож, Бурханы үгийн бодит байдал руу ороход хүмүүсийг хөтлөх.

2. Төрөл бүрийн хүний байдлыг танин мэдэж, бодит амьдралд нь тулгарч байгаа амь-оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх.

3. Үүрэг тус бүрийг сайн гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөх.

4. Төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнууд болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдалтай байнга танилцаж, тохиромжгүй хүмүүсийг ашигласнаас үүдэн гарах хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангахын тулд шаардлагатай үед үүргийнх нь хуваарилалтыг даруй тохируулах юм уу чөлөөлөх.

5. Ажлыг саадгүй явуулахын тулд төрөл бүрийн ажлын байдал болон ахиц дэвшлийг байнга цаг тухайд нь ойлгож мэдэх, ажил дээрх асуудлыг даруй шийдвэрлэж, гажуудлыг засаж, дутагдлыг залруулж чаддаг байх.

6. Үнэнийг эрэлхийлдэг хүн бүхэнд сургалтад хамрагдаж, аль болох хурдан үнэн-бодит байдалд орох боломж бүрдүүлэхийн тулд бүх төрлийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх.

7. Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу талд нь үндэслэн оновчтой хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих.

8. Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх.

9. Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв дамжуулж, тарааж, хэрэгжүүлж, хэрэгжилтийнх нь төлөв байдлыг зааварчлан чиглүүлж, хянаж, шавдуулж, шалгаж, хянан дагах.

10. Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг (ном, төрөл бүрийн хэрэгсэл, үр тариа гэх мэт) зүй ёсоор хамгаалж, зохистой хуваарилж, эвдрэл гэмтэл, үргүй зардлыг бууруулахын тулд тогтмол үзлэг шалгалт, техник үйлчилгээ, засвар хийх; түүнчлэн ёрын муу хүмүүс тэдгээрийг эзэмшихээс сэргийлэх.

11. Ялангуяа тахилыг системтэйгээр бүртгэж, тоолж, хамгаалах ажилд стандартад нийцсэн хүн чанартай, найдвартай хүмүүсийг сонгох; үрэлгэн байдал, үргүй зардал, мөн үндэслэлгүй зардлын тохиолдлуудыг даруй илрүүлж чаддаг байхын тулд орлого, зарлагыг тогтмол нягталж, шалгах—иймэрхүү зүйлийг эцэс болгож, үндэслэлтэй нөхөн төлбөр шаардах; дээр нь нэмээд, тахил муу хүмүүсийн гарт орж, тэдний эзэмшилд очихоос бүхий л аргаар сэргийлэх.

12. Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.

13. Бурханы сонгосон хүмүүсийг антихристийн үймээн, төөрөгдөл, хяналт, хор хөнөөлөөс хамгаалж, тэднийг антихристийг ялган таньж, зүрх сэтгэлээсээ авч хаядаг болгох.

14. Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулж, хөөх.

15. Бүх төрлийн чухал ажилтнуудыг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлан, ажлын янз бүрийн чухал зүйлсийг эмх цэгцтэй байдлаар явуулж чаддаг байлгахын тулд аюулгүй байдлыг нь хангах.)

Энэ арван таван үүрэг хариуцлагыг бүгд тодорхой сонссон уу? (Тийм ээ.) Удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлага бол “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулж, хөөх” юм. Тэгвэл янз бүрийн ёрын муу хүмүүсийг яаж ялган таних вэ? Эхний шалгуур нь тэдний Бурханд итгэх зорилгод үндэслэдэг. Бид хүмүүсийн Бурханд итгэх зорилгыг хэдэн зүйлд хуваасан бэ? Бид есөн зүйлд хуваасан: Нэгдүгээрт, албан тушаалтан болох хүслээ хангах; хоёрдугаарт, эсрэг хүйстнээ хайх; гуравдугаарт, гамшгаас зайлсхийх; дөрөвдүгээрт, завшааныг ашиглах; тавдугаарт, чуулганыг шулж амьдрах; зургаадугаарт, хоргодох; долоодугаарт, хүчирхэг ар тал олох; наймдугаарт, улс төрийн зорилгоор хөөцөлдөх; есдүгээрт, чуулганыг хянах. Энэ бол Бурханд итгэх сэдэл, зорилгод нь үндэслэн янз бүрийн хүмүүсийн мөн чанарыг ялган таних явдал юм. Зайлуулж, хөөх шаардлагатай янз бүрийн хүмүүсийг ялган таних хоёр дахь шалгуур нь тэдний хүн чанар-мөн чанарын янз бүрийн талууд дахь илрэлд үндэслэдэг. Энэ шалгуурт хэдэн илрэл багтдаг вэ? Нэгдүгээрт, хов жив ярих дуртай; хоёрдугаарт, завшааныг далимдуулах дуртай; гуравдугаарт, цадиггүй, биеэ барьдаггүй байх; дөрөвдүгээрт, өшөө авах хандлагатай байх; тавдугаарт, хэл амаа захирч чадахгүй байх; зургаадугаарт, бодлогогүй, зориуд төвөг уддаг, хэн ч дургүйг нь хүргэж зүрхэлдэггүй байх; долоодугаарт, байнга садар самуун үйлдэх; наймдугаарт, хэдийд ч урваж чаддаг байх; есдүгээрт, хэдийд ч орхиод явж чаддаг байх; аравдугаарт, шийдэмгий бус байх; арван нэгдүгээрт, хулчгар, сэжигч байх; арван хоёрдугаарт, төвөг удах хандлагатай байх; арван гуравдугаарт, ээдрээтэй гарал үүсэлтэй байх. Нийт арван гурван илрэл бий. Удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлага бол “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулж, хөөх” юм. Эхний шалгуур буюу хүний Бурханд итгэх зорилготой холбоотой асуудлуудыг аль хэдийн нөхөрлөсөн. Бид бас хоёр дахь шалгуур болох тэдний хүн чанарын эхний долоон асуудлын талаар аль хэдийн нөхөрлөсөн. Өнөөдөр бид тэдний хүн чанарын найм дахь илрэл болох “Хэдийд ч урваж чаддаг байх” гэдгээс эхлэн нөхөрлөх болно.

14-р зүйл: Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулж, хөөх (VI хэсэг)

Янз бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт ба үндэслэл

II. Хүн чанарт нь үндэслэх

Ж. Хэдийд ч урваж чаддаг байх

Чуулганаас хэдийд ч урвах чадвартай нь илт харагддаг хүмүүс—ийм төрлийн хүмүүсийг та нар таньж чадна биз дээ? Энэ хүмүүсийн асуудал маш ноцтой юу? (Тийм.) Зарим хүн хулчгар зангаасаа болж чуулганаас урвадаг бол зарим нь ёрын муу хүн чанар, эсвэл өөр асуудлаас болж урвадаг. Шалтгаан нь юу ч байсан, ийм төрлийн хүмүүс хэдийд ч ах эгч нараас урваж, Бурханаас урваж чаддаг баримт нь тэд бол найдваргүй гэдгийг харуулдаг. Хэрвээ тэд чуулганы тухай зарим чухал мэдээлэл, эсвэл ах эгч нарын хувийн мэдээллийг, жишээлбэл, ах эгч нар хаана амьдардаг, чуулганы удирдагчид хэн болох, чуулган ямар ажил хийдэг, эсвэл хэн ямар чухал ажил, үүрэг гүйцэтгэдэг зэргийг мэдвэл аюул тулгарах үед, эсвэл тодорхой онцгой нөхцөл байдалд энэ мэдээллийг задруулж, чуулган болон ах эгч нараас урваж болзошгүй. Тэдний ингэж үйлддэг нь нэг талаар, өөрсдийгөө хамгаалж, аюулгүй байдлаа хангах явдал юм. Нөгөөтээгүүр, тэд зориуд ийм маягаар авирлаж, энэ мэдээлэлд нухацтай хандалгүй, хувийн ашиг хонжооныхоо төлөө хэдийд ч задруулж, урваж чадна. Жишээлбэл, зарим хүн агуу улаан лууд баривчлагддаг ба байцаалтын үеэр агуу улаан луу тэднийг сүрдүүлж, уруу татаж, эсвэл бүр эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхээр албадан, хэргээ хүлээвэл суллана гэж хэлдэг, тиймээс тэд эрх чөлөөгөө олж авахын тулд ах эгч нар болон чуулганы талаар мэдэх бүх мэдээллээ задруулан урвадаг. Ийм төрлийн хүмүүс бол жинхэнэ Иудас юм. Надад хэл дээ, жинхэнэ Иудас болсон ийм төрлийн хүмүүст хэрхэн хандаж, тэднийг яаж зохицуулах ёстой вэ? (Ийм төрлийн хүмүүсийг даруй хөөж, бас хараах ёстой.) Ихэвчлэн, энэ жинхэнэ Иудасууд—санаатай ч бай, санамсаргүй ч бай—чуулганы тодорхой нөхцөл байдлын талаар асууж сураглаж, эсвэл олж мэдээд, үүнийгээ санаж явдаг. Хожим нь, ямар нэгэн нөхцөл байдалтай тулгарч, баривчлагдах үедээ тэд энэ мэдээллийг задруулдаг. Гаднаа тэд эдгээр нарийн ширийн зүйлийг асууж сураглаж, мэдэж авч байгаа нь агуу улаан лууд мэдээллийг зориуд өгөх зорилготой биш мэт санагдаж болох ч баривчлагдах үедээ тэд өөрсдийгөө хянаж чаддаггүй. Үүний үр дүнд тэдний мэдээлэл задруулсан нь чуулганд зарим сөрөг үр дагаврыг авчирдаг. Тиймээс, тэд эдгээр нарийн ширийн зүйлийг санамсаргүй мэт асууж сураглаж, мэдэж авч байгаа нь ердийн яриа юм уу дэмий чалчихтай адил шинжтэй биш; харин тэд үүнийг санаатайгаар, зорилготойгоор хийж байгаа хэрэг юм. Энэ нь хожим тэднийг Иудас болох нөхцөлийг бүрдүүлдэг. Бусдын мэдээллийг хэнэг ч үгүй задруулдаг хүмүүсийн асуудлыг үнэнийг нөхөрлөх, эсвэл анхааруулга өгөх зэрэг аргаар шийдвэрлэж болох уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Яагаад гэвэл ийм төрлийн хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй байдаг бөгөөд үнэнийг хүлээн авахгүй тул тэдэнтэй үнэнийг нөхөрлөх нь хэрэггүй юм.) Бусдыг хэнэг ч үгүй хорлож чаддаг ийм төрлийн ёрын муу хүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ? Ганцхан шийдэл байдаг нь тэднийг зайлуулах явдал юм, учир нь тэдний хийсэн зүйл ах эгч нарыг хорлоод зогсохгүй чуулганы ажлыг үймүүлдэг. Иймэрхүү зан авирыг ах эгч нараас урваж, чуулганаас урвасан хэрэг гэж тодорхойлж болох тул ийм төрлийн хүмүүсийгзайлуулж, хөөх ёстой. Хэдийгээр ийм төрлийн хүмүүсийг антихристүүд гэж тодорхойлж болохгүй ч тэднийг чуулганы ажилд саад болж, үймүүлдэг ёрын муу хүмүүс гэж тодорхойлох хангалттай үндэслэл бий. Тиймээс, ийм хүмүүсийг зайлуулах нь зарчимд бүрэн нийцнэ. Энэ хүмүүс үнэнийг сонирхдоггүй; тэд зүгээр л удирдагч, ажилчид болон зарим ах, эгчийн талаарх нарийн ширийн зүйлийг хаа сайгүй асууж сураглах дуртай байдаг. Тэд Бурханд хэдэн жил итгэсэн бөгөөд олон үнэнийг ойлгоогүй—тэгсэн хэр нь удирдагч, ажилчид болон ах эгч нарын гэр бүлийн талаар нэлээд их мэдээлэл цуглуулсан байдаг. Аль ч ах, эгчийг дурдсан бай, тэд түүний талаарх зарим мэдээллийг хэлж өгч чаддаг бөгөөд энэ нь бусдыг нэлээд цочирдуулдаг. Хэдийгээр тэд удирдагч, ажилчид биш ч захиргааны ажил, янз бүрийн хэлтсийн дарга нар, гадаад хэрэг явдалтай холбоотой зарим ажил зэрэг чуулганы тодорхой дотоод асуудлын талаар асууж сураглахдаа үргэлж хорхойсож байдаг. Тэд хэн үүргээ гүйцэтгэхээр ямар газар луу явсан, хэзээ явсан, хэн дэвшсэн, хэн чөлөөлөгдсөн, чуулганы ажлын тодорхой талууд хэрхэн явагдаж байгааг байнга асуудаг. Эдгээр зүйлийг асууж сурагласныхаа дараа тэд мэдээллийг хаа сайгүй тараадаг. Бүр ч жигшмээр нь, зарим хүн асууж сурагласныхаа дараа цуглуулсан мэдээллээ бүр бичиж тэмдэглэдэг. Энэ нь тэдэнд далд сэдэл байгааг харуулж байгаа биш гэж үү? (Тийм.) Агуу улаан лууны улсад өөрсдийнхөө хэргийг тэмдэглэхдээ тэд код юм уу далд утгатай үг ашиглахаа мэддэг боловч бусдын мэдээллийг тэмдэглэхдээ өчүүхэн төдий ч мэргэн ухаантай арга ашигладаггүй, харин ч ах эгч нарын жинхэнэ нэр, гадаад төрх, нас, утасны дугаар болон бусад нарийн ширийн зүйлийг зүгээр л бичиж тэмдэглэдэг. Тэд урвахаар санаархаж байгаа биш үү? Тэд муу санаа зорилготой байдаг бөгөөд үнэхээр урвахаар санаархдаг. Аюултай зүйл тохиолдож, цагдаа нар тэдний тэмдэглэсэн мэдээллийг хурааж авмагц цагдаа нар тэднийг эрүүдэн шүүх ч шаардлагагүй зөвхөн сүрдүүлж, айлган сүрдүүлэхэд л хангалттай бөгөөд тэд юу ч нуулгүйгээр бүх зүйлийг нэгд нэггүй мэдүүлдэг. Мартсан зүйлээ тэд бүр тархиа гашилган байж санахыг хичээдэг бөгөөд ямар нэг зүйл санамагцаа тэр даруй цагдаа нарт хэлдэг. Тэд бүр цагдаа нарыг ах эгч нарын гэр лүү, удирдагч, ажилчдын гэр лүү, чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн байрлаж буй газар луу дагуулж очин, тэднийг баривчлуулдаг. Ийм хүмүүс туйлын өөдгүй гэж та нар бодохгүй байна уу? (Тийм.) Бусдаас урвахаас нь өмнө тэдний зан авир ёрын муу хүнийх шиг харагддаггүй, антихристийнх шиг бүр ч харагддаггүй—энэ нь зүгээр л ердийн нэг завхарсан хүний илрэл байж магадгүй—гэвч тэд баривчлагдмагцаа аль ч ах, эгчээс амарханурваж чаддаг. Ганц энэ илрэл л тэднийг ёрын муу хүмүүс болон антихристүүдээс ч илүү өөдгүй болгодог. Тэдний махан бие хэтэрхий сул дорой, цаашид тэвчиж чадахгүй учраас ноцтой албадлага, эрүү шүүлт, хавчлагын дор ялихгүй бага мэдээллийг өөрийн эрхгүй задруулдаг юм биш. Харин ч тэд ах эгч нарын аюулгүй байдлыг огтхон ч хайхрахгүйгээр, чуулганы ажлыг бүр ч бодолцохгүйгээр, мэдэх бүх мэдээллээ санаачилгаараа, юу ч бодолгүйгээр задруулдаг. Энэ бол туйлын өөдгүй хэрэг! Энэ бол Иудас шиг төрлийн хүмүүсийн илрэлүүдийн нэг юм.

Бага зэрэг өдөөн хатгахад л чуулган болон ах эгч нарыг мэдээлэхээр эрмэлздэг өөр нэг төрлийн хүмүүс бий. Жишээлбэл, тэд байгалийн гамшиг, өвчин эмгэг, хулгай дээрэмтэй тулгарах үедээ Бурханы талаар гомдоллодог бөгөөд ах эгч нар хайраар дутмаг, бэрхшээлээ шийдвэрлэхэд нь тусалдаггүй гэж бас гомдоллодог. Энэ нь тэднийг чуулган болон ах эгч нараас урвахыг хүсэхэд хүргэдэг. Зарим хүн болчимгүй муу үйл хийж засалт туулдаг бөгөөд ах эгч нар ч бас тэднээс зайгаа барьдаг; энэ нь тэдэнд Бурханы гэрт хайр дутмаг гэсэн мэдрэмж төрүүлдэг тул тэд: “Та нар бүгд надад дургүй болчихсон биз дээ? Та нар бүгд намайг дорд үздэг биз дээ? Би бурханд итгээд үнэхээр ерөөл хүртэж чадах уу? Хэрвээ би ерөөл хүртэхгүй бол та нарыг бүгдийг чинь мэдээлнэ дээ!” хэмээн ам алддаг. Энэ бол ийм хүмүүсийн хамгийн “сонгодог” үг юм. “Хэрвээ би ерөөл хүртэхгүй бол та нарыг бүгдийг чинь мэдээлнэ дээ!” гэх энэ үг тэдний хувьд “сонгодог” үг гэж Би яагаад хэлж байна вэ? Яагаад гэвэл энэ үг тэдний хүн чанарыг төлөөлдөг. Тэд сэтгэлд нийцэхгүй олон зүйлтэй тулгарсан юм уу, эсвэл гүн хорсож зэвүүцсэндээ уураа гаргаж энэ үгийг хэлж байгаа юм биш, мөн түр зуурын сэтгэл хөдлөлдөө автаж байгаа ч юм биш. Харин ч энэ нь тэдний зүрх сэтгэлийг дүүргэж, хэдийд ч илчлэгдэж болох зүйл юм. Энэ нь эртнээс тэдний зүрх сэтгэлд оршиж байсан, хэдийд ч дэлбэрч болох зүйл юм. Энэ л тэдний хүн чанарыг төлөөлдөг. Тэдний хүн чанар ийм доройтмол байдаг—хэрвээ хэн нэгэн тэднийг өдөөн хатгаж, гомдоовол тэд тэр хүнээс хэдийд ч урваж чадна. Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэх зуураа ажлын зохицуулалт, зарчмыг зөрчиж, удирдагч, ажилчид юм уу ах эгч нар тэднийг бага зэрэг засвал тэд дургүйцэж, уурлаж, сэтгэл дундуур болдог бөгөөд дараа нь “Би та нарыг мэдээлнэ дээ! Би хаана амьдардгийг чинь мэднэ, овог, нэрийг чинь мэднэ!” гэх мэт зүйл хэлдэг. Хэрвээ чи ийм хүмүүсийг аргадахгүй бол тэд үнэхээр чамаас урваж магадгүй. Тэд хэн нэгнийг айлгах гэж оролдоогүй, тухайн хоромд уурлаж бухимдсандаа ч ингэж хэлээгүй; хэрвээ хэн нэгэн үнэхээр тэднийг гомдоож, уурлуулбал тэд тэр хүнээс урваж бүрэн чадна. Зарим хүн: “Тэднээс юундаа айдаг юм бэ?” гэж хэлдэг. Бид тэднээс айсан юм биш. Хэрвээ энэ нь ардчилсан, эрх чөлөөт улсад тохиолдсон бол бид тэдний урвалтаас айхгүй. Гэвч агуу улаан лууны улсад хэрвээ тэд үнэхээр урвавал энэ нь ах эгч нарт төвөг удаж, чуулганы ажилд нөлөөлөх боломжтой. Хэрвээ ах эгч нар үнэхээр баривчлагдвал агуу улаан луу үүгээр далимдуулан том хэрэг мандаах болно. Тэд цоорхой олмогцоо хүмүүсийг эцэс төгсгөлгүй баривчилсаар байх болно. Ийм зүйл тохиолдвол хэчнээн ч хүний чуулганы амьдралд нөлөөлж, хэчнээн ч хүн үүргээ хэвийн гүйцэтгэхэд нөлөөлж болзошгүй. Энэ нь нэлээд ноцтой үр дагавар биш гэж үү? Та нар эдгээр зүйлийг бодолцох ёстой! Ийм төрлийн хүмүүс бусадтай харилцахдаа үргэлж муухай аашилдаг. Хэрвээ хэн нэгэн тэдний дургүйг хүргэх зүйл хэлбэл, эсвэл асуудлыг нь ил болгож уурлуулбал тэд тэр хүнд уурлаж, бүр хэдэн өдөр дуугарахгүй байж ч магадгүй бөгөөд очиж уулзаад, үүргээ гүйцэтгэхийг гуйх үед чинь тэд хүсэлтийг үл тоодог. Ийм хүмүүстэй эвтэй байх боломжгүй. Тэд ёрын муу хүмүүс биш гэж үү? Бүлэг хүмүүсийн дунд ёрын муу хүмүүс: “Хэрвээ хэн нэгэн миний дургүйг хүргэвэл би зүгээр өнгөрөөхгүй! Би хаана амьдардгийг чинь сайн мэднэ, бүр цонхны чинь хөшигний өнгийг ч мэднэ. Би та нарын хаана цуглардаг, удирдагч, ажилчид хаана амьдардгийг маш сайн мэднэ!” гэх мэт зүйл хэлэх нь байнга сонсогддог. Ийм хүмүүс аюултай хүмүүс гэж та нар хэлэх үү? (Тийм.) Тэд бол жинхэнэ Иудас. Бүх зүйл хэвийн байхад ч тэд зориуд урваж магадгүй. Мөн ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол тэд хамгийн түрүүнд үсрэн гарч ирж, Иудас болно. Тиймээс, хэрвээ чуулганд ийм хүмүүс байгааг олж илрүүлбэл тэднийг аль болох эртхэн зайлуулж, хөөх ёстой. Ийм төрлийн хүмүүст өөр ямар илрэл байдаг вэ? Жишээлбэл, цуглааны үеэр ах эгч нар бие биетэйгээ байнга уулздаг тул мэнд усаа мэдэлцэх шаардлагагүй байдаг. Цаг нь болоход тэд цуглаанаа эхлүүлж, Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөдөг. Гэвч муухай аашилдаг хүмүүс хэн ч өөрсдөд нь анхаарал хандуулахгүй, мэндлэхгүй байгааг хараад уурладаг. Тэд: “Та нар бүгд намайг дорд үзэж байна уу? Хм! Та нарын хэн нь ч намайг угтаж авахгүй байна—за яах вэ, зүгээр; надад та нартай тооцоо бодох арга бий. Чуулганы удирдагчид хаана амьдардгийг би мэднэ, та нарын хэн нь хаана үүргээ гүйцэтгэж, ямар ажил хийж байгааг мэднэ, удирдагч, ажилчдыг хэн гэртээ байлгаж байгааг, тахилыг хэн хамгаалж байгааг, ном хэвлэх ажлыг хэн хариуцаж байгааг, номны тээвэрлэлтийг хэн хариуцаж байгааг би мэднэ. Би та нарыг бүгдийг чинь мэдээлнэ дээ! Би чуулганы талаарх бүх зүйлийг цагдаад мэдээлнэ!” хэмээн ам алддаг. Хэрвээ хүмүүс тэдэнд туйлын хүндэтгэлтэй хандвал бүх зүйл зүгээр байдаг. Гэвч хэн нэгэн тэднийг уурлуулах юм уу өдөөн хатгамагц энэ нь асуудал болдог—тэд өшөө авч, урвахаар эрж хайна. Тэд аз жаргалгүй, сэтгэл дундуур байх бүрдээ ах эгч нар болон чуулганы удирдагчдыг хатуу үгээр сүрдүүлдэг. Ийм хүмүүс аймшигтай, аюултай гэж та нар хэлэх үү? (Тэд аюултай.) Ийм хүмүүс бол хэдийд ч урваж чаддаг Иудас юм; тэд бол аюултай хүмүүс.

Хэдийд ч урваж чаддаг хүмүүсийн өөр нэг илрэл бий. Жишээлбэл, агуу улаан лууны улсад янз бүрийн муж, хотуудад байгуулагдсан чуулганы тоо, чуулган бүрд хэдэн хүн харьяалагддаг, удирдагчид нь хэн болох, чуулган ямар ажил эрхэлж байгаа зэрэг эдгээр зүйлийг чанд нууцлах ёстой. Тэр ч бүү хэл шүтлэггүй гэр бүлийн гишүүд, хамаатан саднаас ч сэрэмжлэх ёстой бөгөөд чуулганд ирээдүйд асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд энэ мэдээллийг хэзээ ч задруулж болохгүй. Гэвч далд сэдэл өвөрлөдөг энэ аюултай хүмүүс үргэлж ийм зүйлийг асууж сураглахаар оролддог. Хэрвээ ах эгч нар тэдэнд хэлэхээс татгалзвал тэд “Яагаад та нар бүгд эдгээр зүйлийг мэддэг байхад би л ганцаараа юу ч мэдэхгүй үлддэг юм бэ? Яагаад надад хэлдэггүй юм бэ? Та нар намайг ах эгч нарын нэг шиг биш, гаднын хүн шиг үзэж байна уу? За яах вэ, би та нарыг мэдээлнэ дээ!” гэж боддог. Харж байна уу, тэд ямар ч нөхцөл байдалд чуулган болон ах эгч нарыг мэдээлж чадна. Хэн ч тэднийг гомдоогоогүй байхад бага зэргийн сэтгэл дундуур байдал л тэдэнд чуулганыг мэдээлэх хүсэл төрүүлдэг. Жишээлбэл, Бурханы үгийн номыг ах эгч нарт тараах үед хүн бүр уг номд Бурханы үгийн хэдэн бүлэг байгаа, хэдэн хуудастай, хэвлэлтийн чанар ямар байгааг хорхойсон харж эхэлдэг. Тэд бүгд номыг гартаа барьсандаа баярлаж, догдолж байдаг. Харин Иудас шиг төрлийн хүмүүс “Энэ номыг хаана хэвлэсэн бэ? Нэг ном хэвлэхэд ямар үнэтэй вэ? Хэвлэх ажлыг хэн хариуцаж байгаа вэ? Хэвлэсний дараа тээвэрлэлтийг хэн хариуцдаг вэ? Энэ номууд манай чуулганд яаж хүргэгдэж ирсэн бэ? Номуудыг хаана хадгалж байгаа вэ? Хэн тэдгээрийг хариуцан хадгалж байгаа вэ?” гэж боддог. Угтаа эдгээр нь эмзэг сэдэв юм. Ерөнхийдөө ухаалаг, хүн чанартай хүмүүс иймэрхүү хэрэг явдлын талаар асууж лавладаггүй, харин урваж чаддаг энэ аюултай хүмүүс л үүнийг асууж сураглахаар тэсэж ядаж байдаг. Тэгвэл чи юу гэж бодож байна—тэд эдгээр зүйлийн талаар байнга асуух үед чи тэдэнд хэлэх ёстой юу, эсвэл үгүй юу? (Бид хэлэх ёсгүй.) Хэрвээ чи тэдэнд хэлбэл тэд энэ мэдээллийг задруулж, урваж чадна. Хэрвээ чи тэдэнд хэлэхгүй бол тэд: “Яагаад би энэ талаар мэдэж болохгүй гэж? Бурханы гэр шударга биш байна! Би бурханы гэрийн нэг хэсэг, би аливаа хэрэг явдлын талаар мэдээлэл авах эрхтэй! Та нар намайг гаднын хүн шиг үзэж байна. За яах вэ, би та нарыг мэдээлнэ дээ!” гэж хэлнэ. Тэд дахиад л чуулганыг мэдээлэхийг хүснэ. Тэд ёрын муу хүмүүс биш гэж үү? Хэрвээ тэд үнэхээр чуулганыг цагдаад мэдээлбэл ямар үр дагавар гарах вэ? Ах эгч нар баривчлагдвал амь насанд нь аюул заналхийлэх бус уу? Түүнчлэн, цагдаа нар баривчилгаа явуулсны дараа энэ нь ах эгч нар болон чуулганы ажилд маш их бэрхшээл учруулна. Энэ нь мөн Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод янз бүрийн хэмжээгээр нөлөөлнө—үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй хүмүүс сөрөг болж, цуглаанд оролцохоо бүрмөсөн больж ч магадгүй. Тэд энэ бүхнийг огтхон ч бодолцдоггүй. Тэгвэл тэд мөс чанар, эрүүл ухаантай юу? Чуулган ямар ч ажил хийж байсан, тэд үргэлж эхлээд мэдэхийг хүсдэг. Чуулганд болж буй бүх зүйлийг мэдэж байх үедээ л тэд баяртай байдаг. Хэрвээ тэдэнд хэлээгүй ганц ч атугай зүйл байвал тэд үүнийг зүгээр өнгөрөөж чаддаггүй бөгөөд явж чуулганыг мэдээлэхийг хүсдэг, энэ нь асар том асуудал үүсгэж болзошгүй. Ийм хүн ямархуу адгийн шаар вэ? Тэд бол диавол! Хэрвээ диавол чуулган дахь ямар нэгэн зүйлд үргэлж санаа тавьж байвал энэ нь гарцаагүй төвөг удах болно. Жишээлбэл, хэрвээ боломжийн амьдралтай, их хэмжээний өргөл өргөдөг зарим ах эгч байвал тэд энэ талаар бодохоо хэзээ ч больдоггүй бөгөөд тэднээс “Чи хэдийг өргөсөн бэ?” гэж асуудаг. Нөгөө хүн нь: “Би чамд яаж хэлэх юм бэ? Зүүн гарын хийснийг баруун гар мэдэх ёсгүй. Би чамд хэлж чадахгүй—энэ бол нууц!” гэж хариулдаг. Тэд: “Энэ ч гэсэн нууц юм уу? Чи надад итгэхгүй байна. Чи намайг ах эгч нарын нэг гэж үзэхгүй байна!” гэж хариулдаг. Тэд зүрх сэтгэлдээ нөгөө хүндээ дургүйцэж, “Хм, чи их өргөл өргөснөөрөө өөрийгөө мундаг гэж бодож байна уу! Чи хэдийг өргөснөө надад хэлэхгүй байна. Танай гэр бүл бизнес эрхэлдгийг би мэднэ. Хэрвээ миний дургүйг хүргэвэл би чамайг бурханд итгэдэг гээд мэдээлнэ, тэгвэл чиний бизнес дампуурна! Тэгээд чи сохор зоос ч өргөж чадахгүй!” гэж боддог. Харав уу, тэд дахиад л хүмүүсийг мэдээлэхийг хүсэж байна. Тэдэнд хэлээгүй жижиг зүйл гарах бүрд тэд чуулган болон ах эгч нарыг мэдээлэхийг хүсдэг. Чухал үүрэг гүйцэтгэж байгаа тодорхой хүмүүсийн амьдардаг газрыг цөөхөн хүн л мэддэг. Энэ нь хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг санаатайгаар нуух, эсвэл бусдын ар хударгаар сэжигтэй зүйл хийх явдал биш; учир нь орчин нөхцөл хэтэрхий аюултай бөгөөд аюулгүй байдлын үүднээс ийм зохицуулалт хийх шаардлагатай байдаг. Энэ урвагч, энэ Иудас тодорхой нэг айл айлчилж яваа зарим ах эгчийг гэртээ байлгаж байгааг сонсох үедээ, үүнийг мэдээлэхэд зохистой зүйл гэж боддог—магадгүй цагдаа нар өөрсдийг нь шагнаж байх! Тэд хаалганы цаана нуугдан чагнаж, ямар нэг зүйл сонссоныхоо дараа уурладаг: “Та нар миний ар хударгаар, надад хэлэлгүйгээр чуулганы хэргийг хэлэлцэж байна. Та нар намайг урванах гэж айсандаа надаас сэрэмжилж, надаас юм нууж, намайг бурханы гэрийн нэг хэсэг гэж үзэхгүй байна. За яах вэ, би та нарыг мэдээлнэ дээ!” Дахиад л, тэд бусдыг мэдээлэхийг хүсэж байгааг чи харж байна. Энэ хүнийг чи том асуудал гэж хэлэх үү? (Тийм.) Тэд ах эгч нар юм уу чуулгантай холбоотой бүх нөхцөл байдлыг хүн бүрд мэдэгдэх ёстой, хүн бүр—ялангуяа өөрсдөө мэдээлэл авах эрхтэй гэж тэд үздэг. Хэрвээ тэдэнд хэлээгүй ганцхан зүйл байвал тэд хүмүүсийг мэдээлнэ гэж сүрдүүлдэг. Тэд ах эгч нар болон чуулганы удирдагчдыг сүрдүүлэхийн тулд мэдээлэх үйлдлийг байнга ашигладаг бөгөөд өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд үүнийг үргэлж ашигладаг. Ийм хүмүүс бол чуулган дахь асар том далд аюул, цагийн механизмтай тэсрэх бөмбөг юм. Тэд хэдийд ч ах эгч нар болон чуулганы ажилд хор хөнөөл, гамшиг авчирч чадна. Ийм хүмүүсийг олж илрүүлэх үедээ зайлуулах ёстой—тэднийг өөгшүүлэх ёсгүй.

Чуулганд ч бас Иудас шиг зарим хүн байдаг бөгөөд тэд Бурханы гэрт хэр их мөнгө байгааг, чуулганд хэн хамгийн их өргөл өргөдгийг байнга асууж сураглах гэж оролддог. Бусад нь тэдэнд, “Энэ хэргийг чамд хэлж болохгүй. Үүнийг мэдэх нь чамд ашиггүй, түүнээс гадна энэ хэрэг бол чиний асууж сураглах ёстой зүйл биш” гэж хэлдэг. Үүнийг сонсоод тэд дайсагнаж, “Та нар бүгд надаас сэрэмжилж, намайг дорд үзэж, ах эгч нарын нэг гэж үзэхгүй байна; та нар намайг гаднын хүн шиг үзэж байна. Чуулганы мөнгө хэнийд хадгалагдаж байгааг би мэднэ. Би та нарыг мэдээлнэ, цагдаагаар бүгдийг нь хураалгана—тэгээд би хэр их мөнгө байгааг мэдэж авна!” гэдэг. Ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд бусдаас урвах юм уу бусдыг мэдээлэхийг хүсдэг; гагцхүү чуулган дахь хуурамч удирдагч, антихрист, ёрын муу хүмүүсийн учруулсан үймээний тухайд л тэд хэзээ ч, юу ч мэдээлдэггүй. Эсвэл, хуурамч удирдагч, антихристүүд тахил хулгайлж, булаан авч байгааг харсан ч тэд эдгээр үйлдлийг хэзээ ч ил болгож, мэдээлдэггүй, Бурханы гэрт ч мэдэгддэггүй. Тэд ийм хэрэг явдалд санаа тавьдаггүй. Гэвч хэрвээ аль нэг ах эгч тэднийг өдөөн хатгаж, гомдоож, эсвэл үл тоомсорловол тэд очиж мэдээлнэ. Эсвэл Бурханы гэрийн зарим ажлын зохицуулалт тэдний үзэлтэй нийцэхгүй, тэднийг ичээх юм уу эвгүй байдалд оруулбал тэд: “Би чамайг мэдээлнэ дээ! Би чамайг чуулганы удирдагчийн байр сууриа алдахад хүргэнэ, би чуулганы ажлыг заавал бүтэлгүйтүүлж, чуулганыг тараана!” гэж бодож эхэлдэг. Харж байна уу? Тэд үүнээс болоод хүртэл чуулганы удирдагчийг мэдээлэхийг хүсдэг. Зарим чуулган гадаадад үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой хэд хэдэн хүнийг сонгодог—тэдний гэр бүл болон хувийн нөхцөл байдал нь зөвшөөрдөг, тэд Бурханы гэрийн шаардлагыг хангадаг бөгөөд ах эгч нар бүгд санал нийлдэг. Иудас шиг хүмүүс үүнийг хараад, “Ийм сайхан зүйл надад хэзээ ч тохиолддоггүй. Би та нарыг мэдээлэх ёстой! Манай чуулганы зарим хүн гадаад руу явж үүргээ гүйцэтгэх гэж байгааг би цагдаад хэлнэ. Би та нарыг яасан ч хил давуулахгүй. Би агуу улаан луугаар та нарыг баривчлуулна, эсвэл засгийн газраар та нарыг хянуулна, тэгвэл та нар гэртээ ч харьж чадахгүй!” гэж боддог. Ах эгч нар гадаад руу явж чадахгүй байгаа цагт тэдний сэтгэл ханадаг. Та нар юу гэж бодож байна—ийм хүмүүсийн үйлдлийн уг чанар нь хааяа саад болж, үймүүлдэг хүмүүсийнхээс илүү ноцтой биш гэж үү? (Тийм.) Ийм хүн бол том асуудал юм. Тэд Бурханаас эмээдэг сэтгэлгүй бөгөөд Бурханаас огт айдаггүй. Ямар ч нөхцөл байдал, шалтгаантай байх нь хамаагүй, юмс өөрсдийнх нь хүссэнээр болохгүй бол тэд чуулганыг мэдээлж, ах эгч нараас урвахыг хүсдэг—тэд бол диаволууд! Чуулган ийм хүмүүсийг олж илрүүлмэгцээ ирээдүйд гарах төвөг чирэгдлээс сэргийлэхийн тулд тэднийг аль болох эртхэн зайлуулах юм уу хөөх ёстой. Хэрвээ одоогийн орчин нөхцөл үүнийг зөвшөөрөхгүй, эсвэл нөхцөл нь хараахан бүрдээгүй бол тэднийг хатуу хянаж, цагдаж, тэднээс сэрэмжлэх ёстой. Нөхцөл байдал зөвшөөрөх үед ийм аюултай хүмүүсийг яавч тэвчиж болохгүй—тэднийг аль болох эртхэн, хурдан зайлуулах юм уу хөө. Тэд чуулганаас урваж, үр дагавар учруулахыг хүлээлгүйгээр арга хэмжээ ав. Нэгэнт тэд урваад, бодитой үр дагаварт хүргэвэл хохирол нь их байх болно. Хэчнээн ах эгч харих гэр оронгүй болж, эсвэл бүр баривчлагдаж, шоронд хоригдохыг хэн мэдэх билээ. Олон ах эгч цаашид үүргээ гүйцэтгэж, чуулганы амьдралаар амьдарч чадахгүй болж магадгүй. Үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байх болно. Тиймээс, удирдагч, ажилчдын хувиар та нар чуулган дотроос Иудас шиг хүмүүсийг олж илрүүлбэл тэднийг цаг тухайд нь зайлуулах юм уу хөөх ёстой. Хэрвээ ах эгч нарын нэгний хувиар чи ийм хүмүүсийг олж илрүүлбэл аль болох эртхэн чуулганы удирдагч, ажилчдад мэдээлэх ёстой. Энэ хэрэг явдал чуулганы ах эгч нарын, түүнчлэн чиний өөрийн аюулгүй байдалд хамаатай. “Тэд яг үнэндээ хараахан урваагүй байгаа болохоор энэ нь сүртэй зүйл биш; тэд зүгээр л уурласандаа ингэж хэлж байгаа юм” гэж бүү бод. Хүн бүр уурладаг—зарим хүн уурлах үедээ сайндаа л хэдэн хатуу үг хэлж, бага зэрэг бухимдан, эсвэл хэд хоног сөрөг болж магадгүй, гэхдээ тэд Бурханаас эмээдэг сэтгэлтэй, зүрх сэтгэлдээ Бурханаас айдаг, бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай, түүнчлэн биеэ зөв авч явах наад захын зааг хязгаартай л бол юу ч болж байсан бусдад хор хөнөөл учруулах зүйл хэзээ ч хийхгүй. Гэвч төрөлхийн Иудас шиг хүмүүсийн хувьд бол өөр. Тэд юу юугүй чуулган болон ах эгч нарыг мэдээлж чадах бөгөөд Сатаны хүчийг ашиглан ах эгч нар болон чуулганыг сүрдүүлж, зорилгодоо хүрэхийг үргэлж хүсдэг. Энэ хүмүүс ёрын муу чөтгөрүүдтэй нийцэлтэй байдаг—тэдэнд биеэ зөв авч явах наад захын зааг хязгаар байдаггүй. Тиймээс чуулганы удирдагчид болон ах эгч нарын аль аль нь чуулганыг нүд ирмэх зуур мэдээлж чадах хүмүүсийн тухайд гойд сонор сэрэмжтэй байх ёстой. Хэрвээ хэн нэгэн эрүүл ухаангүй, дураараа авирлаж төвөг уддаг, учирлаад нэмэргүй ийм хүмүүсийг олж илрүүлбэл тэднийг даруй удирдагч, ажилчдад мэдээлж, дараа нь тэднийг ажиглаж, хяналт тавих ёстой. Хэрвээ чуулганы удирдагчид ийм хүмүүсийг олж илрүүлбэл нөхцөл байдлыг зохицуулж, шийдвэрлэх төлөвлөгөөг аль болох эрт боловсруулах ёстой. Тэд ах эгч нарыг хамгаалж, чуулганы амьдрал болон чуулганы ажлыг ийм хүмүүсээр сүйтгүүлж, үймүүлэхээс хамгаалах ёстой. Ийм хүмүүс чуулганыг юм уу ах эгч нарыг мэдээлнэ гэж хэлэх үед үүнийг зүгээр л уурласан үедээ хэлсэн үг гэж бүү үз, мөн үүнээс болоод сонор сэрэмжээ бүү сулруул. Үнэн хэрэгтээ, тэд байнга ийм зүйл хэлдэг нь энэ санаа аль хэдийн тэдний оюун ухаанд байгааг нотолдог. Хэрвээ тэд ингэж бодож байгаа бол үүнийгээ үйлдэл болгож чадна. Заримдаа тэд “Би чамайг мэдээлнэ дээ” гэж хэлснийхээ дараа үүнийгээ хэрэгжүүлэхгүй байж болох ч хэзээ үнэхээр үүнийгээ хийхийг хэн мэдэх билээ. Нэгэнт тэгвэл үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байх болно. Тиймээс, хэрвээ чи тэдний “Би чамайг мэдээлнэ дээ” гэх үгийг уурласан үедээ хэлсэн үг төдийхнөөр үргэлж хүлээж авбал чи мэдлэггүй, мунхаг байгаа хэрэг. Чи эдгээр үгээр дамжуулан тэдний хүн чанарын мөн чанарыг нэвт харж чадаагүй бөгөөд энэ нь алдаа юм. Тэд бусдыг сүрдүүлэхийн тулд шуудхан л “Би чамайг мэдээлнэ дээ” гэж хэлж чаддаг—энэ нь яавч зүгээр нэг уурласан үг биш; энэ нь тэд Иудасын уг чанартайг, мөн биеэ зөв авч явах наад захын зааг хязгааргүй болохыг харуулж байна. Биеэ авч явах наад захын зааг хязгааргүй хүн яг ямар гээчийн адгийн шаар вэ? Мөс чанаргүй, эрүүл ухаангүй хүн. Мөс чанаргүй бол тэд ямар ч муу үйл хийж чадах бөгөөд эрүүл ухаангүй бол эрүүл ухааны хязгаараас даван үйлдэж, элдэв янзын тэнэг зүйл хийж чадна. Тэд чуулганыг мэдээлж, ах эгч нарыг баривчлагдаж, чуулганы ажил сүйдэхийг харсныхаа дараа нулимс унагаж, гэмшиж байгаагаа илэрхийлж магадгүй. Гэвч ухаалаг бус, дураараа авирлаж төвөг уддаг энэ хүмүүс эрүүл ухаангүй үйлддэг; ирээдүйд ижил төстэй нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд чуулганыг мэдээлсээр л байх болно. Энэ нь тэдний уг чанарт асуудал байгааг илтгэж байгаа биш үү? Энэ нь чухамдаа тэдний уг чанар-мөн чанар юм. Зарим чуулганы удирдагчид тэдний хэлдэг зүйл бол зүгээр л уурласан үедээ хэлсэн үг, тэдний уг чанар муу биш гэж үзсээр байдаг. Энэ нь тэдний хүн чанарын төрөлхийн илчлэл биш бөгөөд хүн чанарыг нь төлөөлдөггүй гэж тэд боддог. Энэ үзэл бодол буруу юу? (Тийм.) Хэдийгээр тэд ихэвчлэн олиггүй ёс жудаг харуулсан зан авир гаргадаггүй ч ах эгч нарыг мэдээлнэ гэж байнга хэлдэг, өөрсдөд нь таалагдахгүй өчүүхэн төдий зүйл ч тэднийг мэдээлэх тухай бодоход хүргэж чаддаг гэдэг баримт нь тэдний ёс жудаг дорд, олиггүй бөгөөд тэд итгэл даахгүй гэдгийг нотлоход хангалттай. Ийм хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй байдаг. Тэд мөс чанарын ямар ч зааг хязгааргүйгээр, өөрсдийн ашиг сонирхол, дур сонирхолд үндэслэн хүссэн бүхнээ хийж, биеэ дураараа авч явдаг. Ийм хүмүүсийг зайлуулж шийдвэрлэх ёстой бөгөөд тэдэнд өршөөл үзүүлэх шаардлагагүй, учир нь тэд хүүхэд биш; тэд насанд хүрсэн хүмүүс бөгөөд ах эгч нар болон чуулганыг мэдээлэхийн үр дагаврыг мэдэж байх ёстой. Энэ бол хамгийн харгис, хамгийн үр дүнтэй алхам гэдгийг тэд бүрэн ухамсарладаг. Тэд үүнийг өөрсдийнхөө гол хөзөр, ах эгч нар болон чуулганаас өшөө авах эцсийн арга зам гэж хардаг. Надад хэл дээ, ийм хүмүүс ёрын муу диаволууд биш гэж үү? (Мөн.) Тэгвэл яагаад ёрын муу диаволуудад өршөөл үзүүлнэ гэж? Чи тэднийг агуу улаан лууд ах эгч нар болон зочин хүлээн авагч айлуудыг ил тод зааж өгөхийг харах хүртлээ хүлээснийхээ дараа тэд бол Иудас гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Эдгээр баримтыг харж, тэднийг тодорхойлох үед аль хэдийн хэтэрхий оройтсон байх болно. Үнэндээ, тэд ямар нэг асуудалтай тулгарах үедээ чуулганыг мэдээлэх талаар хашхичиж эхлэх тэр мөчид л тэдний уг чанар-мөн чанар аль хэдийн ил болдог. Тэднийг ялган таньж, зайлуулахын тулд үйлдэл хийхийг нь бүү хүлээ—тэгэх юм бол хэтэрхий оройтно. Чуулганы удирдагч ч бай, ах эгч нар ч бай, хэн ч тэднийг ах эгч нарыг мэдээлэх талаар ярихыг сонсоогүй, хэн ч тэднийг сайн мэддэггүй бөгөөд тэд хэн нэгэнд уурлаж, гомдох үедээ мэдээлснээс болж ах эгч нар нуугдаж, аюулаас зайлсхийхээс өөр аргагүй болж, үүргээ гүйцэтгэж байгаа зарим хүн хурдан нүүх шаардлагатай болбол, ийм нөхцөлд ах эгч нарыг мунхаг, тэднийг нэвт харж чадсангүй гэж буруутгаж болохгүй. Гэвч хэрвээ тэд ах эгч нарыг мэдээлнэ гэж байнга хэлдэг байхад хүмүүс үүнийг нухацтай авч үзэхгүй хэвээр байвал энэ нь үнэхээр тэнэг хэрэг юм. Ийм их үнэнийг сонсчхоод хүмүүсийг ялган таньж чадахгүй хэвээр байна—тэд мунхаг биш гэж үү? (Тийм.) Хэдийд ч Иудас болж чадах хүмүүсийн тухайд бол, тэдний урвалт үнэнийг бага ойлгодгоос нь, эсвэл Бурханд богино хугацаанд итгэснээс нь, эсвэл өөр ямар нэг шалтгаанаас үүдэлтэй гэж бүү бод. Эдгээрийн аль нь ч шалтгаан биш. Үндсэндээ энэ нь тэдний зан араншин олиггүйгээс үүдэлтэй; угаасаа тэд ёрын муу хүмүүсийн мөн чанартай. Тэднийг ийм маягаар ялган таньж, тодорхойлоод, дараа нь ёрын муу хүмүүсийн хувиар зайлуулах юм уу хөөх нь бүхэлдээ зөв юм. Ингэх нь ах эгч нарыг хамгаалдаг, үүний зэрэгцээ чуулганы ажлыг ч бас хохирлоос хамгаалдаг. Энэ бол чуулганы удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Тиймээс, удирдагч, ажилчид ийм хүмүүсээс даруй сэрэмжилж, тэдэнд хяналт тавих ёстой бөгөөд дараа нь ах, эгч нартай нөхөрлөх ёстой, ингэснээр хүн бүр тэднийг ялган таньж чадна. Ах эгч нар болон чуулганд ямар нэгэн асуудал учрахаас урьдчилан сэргийлэхийн тулд явуулга нь амжилттай болохоос өмнө ийм хүмүүсийг цэвэрлэхээр чармайх ёстой. Энэ бол ийм хүмүүстэй тулгарах үед удирдагч, ажилчдад байх ёстой ялган таних чадвар, асуудлыг зохицуулах зарчим бөгөөд энэ нь ийм нөхцөл байдалд тэдний хэрэгжүүлэх ёстой арга зам юм. Ойлгомжтой юу? (Тийм.) Мэдээж, ийм хүмүүстэй ухаалаг байдлаар харьцаж, тэднийг зайлуулснаар чуулганд ирээдүйд асуудал үүсгэхгүй байхыг баталгаажуулбал хамгийн сайн. Хэрвээ нэг далд аюулыг шийдвэрлэх нь хожим бүр ч олон аюулд хүргэж байвал үүнийг хийсэн чуулганы удирдагч туйлын чадваргүй бөгөөд стандартад огт хүрэхгүй байна; тэд ажлыг хэрхэн хийхээ мэддэггүй, мэргэн ухаангүй байдаг. Нөгөөтээгүүр, хэрвээ чуулганы удирдагч сөрөг үр дагавраас зайлсхийж, чуулганы ажилд ашиг тусаа өгч, түүнчлэн ах эгч нарын ялган таних чадварыг өсгөхөд туслахуйц байдлаар далд аюулыг шийдвэрлэж чадвал тэр нь ажлыг яаж хийхээ жинхэнээсээ мэдэж байгаа хэрэг юм. Ийм төрлийн удирдагч юм уу ажилчин л стандартад нийцдэг.

Хэрвээ удирдагч юм уу ажилчин чуулганаас урваж чадах хүмүүстэй таарах үедээ тэднийг ялган таньж чаддаггүй, эсвэл тэд ямархуу хүн чанартайг, чуулган болон ах эгч нарт ямар төвөг учруулж болохыг мэдэрдэггүй, зүрх сэтгэлдээ энэ бүх зүйлийг тодорхой мэддэггүй, ийм хүмүүстэй хэрхэн харьцаж, зохицуулахаа мэддэггүй, энэ ажлыг хэрхэн хийхээ, эсвэл бүр энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой ажил гэдгийг ч мэддэггүй бол—эсвэл мэддэг байлаа ч ийм хүмүүсийг гомдоохыг хүсэхгүй, зүгээр л хараагүй царайлж, тэднийг зайлуулах юм уу хөөдөггүй бол—тэр ямар гээчийн удирдагч эсвэл ажилчин бэ? (Хуурамч.) Тэд удирдагч юм уу ажилчны стандартад нийцдэггүй. Нэг талаар, тэд мунхгаар хүн бүрд туслахыг хичээж, хүн бүрд хайр, тэвчээр харуулж, бүгдийг нь ах эгч нар гэж үздэг. Энэ бол мунгинуу хүн, хуурамч удирдагч юм уу хуурамч ажилчин юм. Түүнчлэн, чуулган дотроос Иудас шиг хүмүүсийг олж илрүүлэх үедээ тэд асуудлыг даруй зохицуулж, шийдвэрлэхийн тулд юу ч хийдэггүй. Харин ч хараагүй царайлж, юу ч анзаараагүй дүр эсгэдэг. Тэд зүрх сэтгэлдээ “Миний өөрийн байр сууринд аюул заналхийлээгүй л бол зүгээр. Чуулганы ажил, ах эгч нарын аюулгүй байдал, эсвэл бурханы гэрийн ашиг сонирхол надад хамаагүй. Би энэ байр суурийг эзэлж, өдөр бүр ашиг тусыг нь эдэлж байхад л надад хангалттай” гэж боддог. Тэд ямар ч бодитой ажил хийдэггүй, асуудал харах үедээ шийдвэрлэдэггүй; зүгээр л байр суурийнхаа ашиг тусыг эдэлдэг. Энэ хуурамч удирдагч мөн үү? (Мөн.) Жишээ нь, хэдийд ч хамаагүй урваж чадах төрлийн хүн чуулганд удаан хугацааны турш түрэмгий авирлаж, чуулганыг болон ах эгч нарыг мэдээлнэ гэж байнга сүрдүүлдэг байлаа гэе. Зарим хуурамч удирдагч үүнийг хардаг ч юу ч хийдэггүй. Хэн нэгэн энэ хүнийг мэдээлж, дээд түвшний удирдагчид нь тэднийг зайлуулж шийдвэрлэх үед ч хуурамч удирдагчид үүнийг нухацтай авч үздэггүй, эсвэл юман чинээ боддоггүй. Тэд “Хүссэн хүнээ мэдээлж л байг. Намайг мэдээлэхгүй, эсвэл чуулганы удирдагчийн үүрэг рольд минь нөлөөлөхгүй л бол болно” гэж боддог. Ийм төрлийн удирдагч юм уу ажилчин хуурамч удирдагч, ажилчин мөн үү? (Мөн.) Тэд ямар ч бодитой ажил хийлгүйгээр зөвхөн ашиг тусыг нь эдлэхийн тулд байр суурь эзэлдэг бөгөөд ах эгч нараас хэдийд ч урваж чадах хүнийг анзаарсан ч тэднийг зайлуулдаггүй эсвэл хөөдөггүй—тэд бол хуурамч удирдагч бөгөөд үүрэг ролиос нь даруй чөлөөлөх ёстой. Зарим хуурамч удирдагч чөлөөлөгдсөнийхөө дараа ч эсэргүүцсээр байдаг. Тэд: “Та нар намайг чөлөөлөх ямар эрхтэй юм бэ? Би тэр хүнийг зайлуулаагүйгээс л болж ингэж байгаа юм уу? Та нар өөрсдөө тэднийг зайлуулчихвал асуудал шийдэгдэх биш үү? Түүнээс гадна, тэд ах эгч нарыг мэдээлнэ гэж л хэлсэн болохоос яг үнэндээ мэдээлээгүй шүү дээ. Бас чуулганд ямар ч төвөг удаагүй. Яагаад тэднийг шийдвэрлэх ёстой юм бэ?” гэж хэлдэг. Тэд бүр өөрсдийгөө нэлээд хэлмэгдсэн гэж боддог. Тэд ямар ч бодитой ажил хийдэггүй; зөвхөн байр суурийнхаа ашиг тусыг л эдэлдэг бөгөөд чуулганд ийм илэрхий Иудас гарч ирэх үед тэднийг зохицуулдаг ч үгүй, зайлуулдаг ч үгүй. Зарим ах эгч байнга айж, “Бидний дунд Иудас байна, ах эгч нарыг мэдээлнэ гэж үргэлж сүрдүүлдэг—энэ маш аюултай! Энэ хүнийг хэзээ зайлуулах юм бэ?” гэдэг. Тэд энэ асуудлын талаар чуулганы удирдагчид хэд хэдэн удаа хэлдэг боловч удирдагч нь үүнийг шийдвэрлэдэггүй, харин ч “Энэ юу ч биш. Зүгээр л хувийн маргаан бөгөөд чуулганы ажил юм уу ах эгч нарын аюулгүй байдалтай холбоогүй” гэж хэлдэг. Тэд энэ хэргийг зохицуулдаггүй. Тэд зөвхөн ямар ажил хийдэг вэ? Нэг нь дээд түвшний удирдагчдынх нь даалгасан ажил бөгөөд үүнийг тэд хийхээс өөр аргагүй байдаг. Нөгөөх нь, хэрвээ хийхгүй бол байр сууринд нь нөлөөлөх юм уу аюул учруулах ажил бөгөөд энэ тохиолдолд тэд өөрсдийг нь сайн харагдуулах зарим ажлыг дурамжхан хийдэг. Гэвч хэрвээ байр сууринд нь нөлөөлөхгүй бол тэд боломжтой үедээ үргэлж ажлаас зайлсхийдэг. Энэ хуурамч удирдагч мөн үү? (Мөн.) Тэд хэцүү орчин нөхцөлтэй, эсвэл баривчилгаатай үнэхээр тулгарах үедээ хамгийн түрүүнд зугтаж нуугддаг бөгөөд ах эгч нар аюулгүй байгаа эсэхэд огт санаа зоволгүй зөвхөн өөрсдийн аюулгүй байдлыг л боддог, мөн тэд чуулганы ажил юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй. Тэд юу ч хийсэн, бүгд өөрсдийн байр суурийг хадгалахын төлөө байдаг. Дээрх өөрсдийг нь чөлөөлөхгүй л бол, дараагийн сонгуулиар ах эгч нар өөрсдийнх нь төлөө санал өгсөөр, өөрсдөө удирдагчаар үлдэж чадаж л байвал тэд зарим ажлыг дурамжхан хийнэ. Хэрвээ тэдний хийсэн ямар нэг зүйл Дээрх тэднийг хэрхэн харахад нөлөөлж, улмаар Дээрх тэднийг чөлөөлөхөд хүргэж болзошгүй бол, эсвэл тэдний үйлдэл, илрэл нь ах эгч нарт тэдний талаар муу сэтгэгдэл төрүүлж, дахин сонгохгүй байхад хүргэж болзошгүй бол тэд ядаж л яг өмнөө байгаа зарим ажлыг хийснээр нэр нүүрээ аврахаар оролдоно. Ийм маягаар тэд дээд, доод хүмүүстээ тайлагнаж чадна—ганцхан Бурханд л тэд тайлагнаж чадахгүй. Тэдний хийдэг бүхэн зүгээр л нүд хуурахын төлөө байдаг. Дээд түвшний удирдагчид тэднийг чөлөөлөхгүй, ах эгч нар тэднийг дэмжсээр байх л юм бол тэд сэтгэл хангалуун байдаг. Чуулганы удирдагчаар ажиллах хугацаандаа тэд томоохон муу үйл хийдэггүй бөгөөд гаднаа үргэлж завгүй ажилладаг мэт харагддаг ч ямар ч бодитой ажил хийдэггүй. Ялангуяа ёрын муу хүмүүс чуулганыг үймүүлж байгааг харах үедээ тэд юу ч хийдэггүй. Тэд эдгээр ёрын муу хүнийг гомдоох вий гэхээс айдаг тул боломжтой үедээ тэднийг аргадаж, тэдэнтэй тохиролцохыг хичээдэг бөгөөд зөвхөн эвтэй байхыг л эрж хайдаг. Тэд хэнийг ч гомдоохыг хүсдэггүй; энэ хүмүүс чуулганы ажилд саад болж, эсвэл ах эгч нарын аюулгүй байдалд заналхийлсэн ч гэсэн тэд юу ч хийдэггүй. Энэ бол жинхэнэ утгаараа хуурамч удирдагч юм.

Бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчдын тухайд, хэрвээ ах эгч нар тэдэнд ахин дахин сануулж, асуудлыг шийдвэрлэхийг хүссэн ч тэд бодитой ажил хийхгүй хэвээр байвал, бодитой асуудлыг шийдвэрлэхгүй, алдаагаа засахгүй бол та нар үүнийг дээш нь мэдээлэх ёстой. Хэрвээ дээд түвшний удирдагч, ажилчид уг асуудлыг шийдвэрлэхгүй бол та нар эдгээр хуурамч удирдагчийг зайлуулахын тулд боломжтой бүх аргыг сүвэгчлэх ёстой. Би үнэндээ эдгээр үгийг олон жил хэлсэн боловч доорх хүмүүсийн ихэнх нь бусдыг гомдоохын оронд хувийн хохирол амсаж, хор хөнөөл тэвчихийг илүүд үздэг боолууд юм. Нөхцөл байдал ямар ч байсан хамаагүй, тэд үргэлж дундыг барьж, бялдууч авирладаг бөгөөд хэнийг ч хэзээ ч гомдоодоггүй. Хүмүүсийг гомдоохгүй байхын төлөөс нь юу вэ? Энэ нь Бурханы гэрийн ажил болон ашиг сонирхлыг золиосолж, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулж, ах эгч нарыг үймүүлэх явдал юм. Хэрвээ ёрын муу хүмүүсийг шийдвэрлэхгүй бол үүргээ гүйцэтгэж байгаа олон хүнд нөлөөлнө. Энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлөхтэй адил биш гэж үү? (Тийм.) Бурханы гэрийн ажилд нөлөөлж байхад хэн ч санаа зовж, түгшдэггүй, тийм ч учраас ихэнх хүн бусадтай эв найртай байхын тулд Бурханы гэрийн ажил болон ашиг сонирхлыг золиосолж байна гэж Би хэлдэг. Тэд удирдагчид болон ах эгч нарыг гомдоохоос зайлсхийдэг; тэд хэнийг ч гомдоодоггүй. Хүн бүр бялдууч авирладаг. Тэдний сэтгэлгээ бол “Чи сайн, би сайн, хүн бүр сайн—эцсийн эцэст бид байнга л бие биетэйгээ таардаг шүү дээ” гэдэг юм. Үр дүн нь юу вэ? Энэ нь ёрын муу хүмүүст нөхцөл байдлыг далимдуулах боломж олгодог; тэд ахин дахин түрэмгий авирлаж, дураараа дургидаг. Тиймээс, хэрвээ чуулганы удирдагчид найдваргүй бөгөөд ёрын муу хүмүүсийг цэвэрлэдэггүй бол ах эгч нар өөрсдийгөө хамгаалахын тулд боломжтой бүх аргыг сүвэгчлэх ёстой; тэд ёрын муу хүмүүсийг харах үедээ тэднээс зайлсхийж, холдож, тэднийг тусгаарлах ёстой. Зарим хүн: “Хэрвээ бид тэднийг тусгаарлаад, тэд уурлавал биднийг дахиад мэдээлэх юм биш үү?” гэдэг. Хэрвээ тэд үнэхээр мэдээлбэл чи айх уу? (Үгүй. Энэ нь тэднийг ёрын муу хүмүүс гэдгийг илчилнэ.) Хэрвээ тэд дахин мэдээлбэл, энэ нь тэднийг төрөлхийн Иудас, ёрын муу диаволууд гэдгийг л улам нотолно. Чи тэднээс айх ёсгүй. Хэрвээ удирдагч, ажилчид сохор, аливааг нэвт харж чаддаггүй, мунгинуу, хэрэггүй амьтад бол, эсвэл тэд шийдэмгий бус, хэнийг ч хэзээ ч гомдоодоггүй, бодитой ажил хийлгүйгээр байр суурийнхаа ашиг тусыг л эдэлдэг бол ах эгч нар тэдэнд цаашид ямар ч найдвар тавих ёсгүй. Тэд ёрын муу хүмүүсийг шийдвэрлэхийн тулд нэгдэж, зарчмын дагуу Иудасуудаас салах ёстой. Энэ хүмүүсээс болж үймрэхгүйн тулд тэд цуглааны байршлыг өөрчлөх юм уу ухаалаг арга ашиглан тэднийг цэвэрлэх шаардлагатай болж магадгүй. Чуулганы амьдралын хэвийн үйл ажиллагаа болон чуулганы бүх ажлын хэвийн ахицыг баталгаажуулах нь хамгийн чухал зүйл юм. Хэрвээ чуулганы удирдагч бодитой ажил хийдэг, хангалттай хэв чанартай, хүн чанар нь ч бас нэлээд сайн бол, тэд ажлын зохицуулалтын дагуу ажлаа гүйцэтгэж байгаа цагт хүн бүр тэднийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ тэд бодитой ажил хийдэггүй бол тэдэнтэй харилцаж, тэдэнд найдах ёсгүй. Тэр үед асуудлыг Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу шийдвэрлэх ёстой. Удирдагчийг чөлөөлөх шаардлагатай бол чөлөөлөх ёстой; дахин сонгууль явуулах шаардлагатай бол явуулах хэрэгтэй. Хэрвээ энэ хуурамч удирдагч Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй, ах эгч нарын үүргээ гүйцэтгэх орчныг баталгаажуулдаггүй, ах эгч нарын аюулгүй байдалд санаа тавьдаггүй бол тэд стандартад нийцэхгүй; тэд чадваргүй, ямар ч бодитой чиг үүрэг гүйцэтгэдэггүй зүгээр л том хог новш юм—ах эгч нар тэднийг сонсох юм уу тэдэнд хазаарлуулах ёсгүй. Шаардлагатай үед Иудасуудыг цэвэрлэж чаддаггүй ямар ч удирдагч, ажилчид бол хуурамч удирдагч, хуурамч ажилчид юм; тийм хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг дээр дурдсан байдлаар шийдвэрлэх ёстой. Хэрвээ тэднийг даруй шийдвэрлэхгүй бол ах эгч нараас бүгдээс нь Иудасууд урваж, чуулган оршин тогтнохоо болино. “Хэдийд ч урваж чаддаг байх” гэх найм дахь илрэлийн талаарх бидний нөхөрлөл ингээд өндөрлөж байна.

З. Хэдийд ч орхин явж чаддаг байх

Ес дэх илрэл бол: “Хэдийд ч орхин явж чаддаг байх” юм. Бурханы гэрийг хэдийд ч орхин явж чаддаг ийм төрлийн хүн бол зөвхөн онцгой нөхцөл байдалтай тулгарах үедээ, эсвэл дундаж хүний тэвчиж чадахаас давсан, хязгаараас нь хэтэрсэн агуу гамшигтай тулгарах үедээ л орхин явдаг хүн биш юм. Харин ч тэд хэдийд ч орхин явж чаддаг—ялихгүй хэрэг ч тэднийг орхин явахад хүргэж чадна; жижигхэн хэрэг явдал л тэднийг үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, Бурханд итгэхийг хүсэхээ больж, Бурханы гэрийг орхин явахыг хүсэхэд хүргэж чадна. Ийм төрлийн хүн ч бас том асуудал юм. Өнгөн дээрээ тэд Иудас шиг хүмүүсээс арай дээр мэт харагдаж болох ч Бурханы гэрийг хэдийд ч, хаана ч орхин явж чаддаг. Тэд ах эгч нараас урваж чадах эсэх нь тодорхойгүй. Та нар ийм хүнийг найдвартай гэж бодож байна уу? (Үгүй.) Тэгвэл тэд биеэ авч явах зарчимтай юу? Бурханд итгэх итгэл нь суурьтай юу? (Үгүй.) Тэд жинхэнээсээ итгэж буй ямар нэг шинж тэмдэг харуулдаг уу? (Үгүй.) Тэгвэл тэд ямар төрлийн хүн бэ? (Үл итгэгч.) Тэд Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхдээ яг л тоглоом хийж байгаа мэт ханддаг. Тэд хийвэл зохих ажлаа хийдэггүй хүн цуу худалдаж авахаар гараад, гудамжны акробатчид юм уу жүжигчид хөгжилтэй үзүүлбэр үзүүлж байхыг харан, зугаа цэнгэлд автсандаа цуу авахаа мартан, эцэст нь зүй зохистой хэрэг явдлыг саатуулдагтай адил юм. Ийм төрлийн хүмүүс юуг ч удаан тууштай хийдэггүй; тэд хоёрдмол сэтгэлтэй, хувирамтгай байдаг. Тэдний Бурханд итгэх итгэл ч бас сонирхолд нь үндэслэдэг—Бурханд итгэх нь нэлээд зугаатай гэж тэд боддог боловч хэзээ нэгэн цагт сонирхол нь буурах үед огт дургүйцэхгүйгээр шууд л орхин явна. Орхин явдаг зарим хүн шууд л бизнес хийж эхэлдэг бол зарим нь албан тушаал хөөж, зарим нь хайр дурлалын харилцаа тогтоон гэрлэхээр бэлдэж, хурдан баяжихыг хүссэн зарим хүн шууд л казино руу зүглэдэг. Хүнийг гурав хоног хараагүй бол өөр нүдээр харах хэрэгтэй гэж хүмүүс хэлдэг. Бурханы гэрийг хэдийд ч орхин явж чаддаг хүний хувьд, ганцхан өдөр уулзахгүй байгаад дахин тааралдах үед тэд шал өөр хүн шиг болсон байдаг. Өчигдөр тэд аятайхан, зөв боловсон хувцаслаж, томоотой, үзэмжтэй харагдаж байсан. Тэр ч бүү хэл, нулимсаа урсган Бурханд залбирч, тэд Бурханы төлөө залуу насаа зориулж, цусаа урсгаж, Бурханы төлөө үхэж, үхэн үхтлээ үнэнч байж, хаанчлалд орохыг хүсэж байна хэмээн хэлж байсан. Тэд тийм сүржин уриа лоозон хашхирч байсан ч төд удалгүй казино руу явсан. Өчигдөрхөн тэд үүргээ баяртайгаар гүйцэтгэж, цуглааны үеэр гэрэлтсэн царайтайгаар Бурханы үгийг уншиж, урам зоригоор бялхан, нулимсаа урсган уйлахдаа тултал сэтгэл нь хөдөлж байсан. Тэгвэл өнөөдөр яагаад казино руу явж одов оо? Тэд гэртээ харихыг ч хүсэхгүй шөнө дүл болтол мөрийтэй тоглож, маш их хөгжилдөн, урам зоригоор бялхаж байсан. Өчигдөр тэд цуглаанд оролцож байсан, харин өнөөдөр казино руу гүйчихсэн—тэгвэл аль илрэл нь тэдний жинхэнэ төрх вэ? (Сүүлийнх нь тэдний жинхэнэ төрх.) Хэрвээ хүн үнэнийг ойлгохгүй бол энэ хүн яг ямар хүн болохыг үнэхээр нэвт харж чадахгүй. Өмнөх болон дараах энэ хоёр илрэлийг үнэндээ нэг л хүн харуулдаг—тэгвэл яагаад хоёр өөр хүний илрэл мэт санагддаг вэ? Ийм хүнийг ихэнх хүн нэвт харж чаддаггүй. Бурханд итгэгчийн хувьд тэд байнга цуглаанд оролцдог, мууг үйлддэггүй, үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээл туулж, төлөөс төлж нэлээд сайн чаддагийг чи хардаг. Компьютерын ард суух үедээ тэд анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүй байдаг бөгөөд шаргуу ажиллаж, зүрх сэтгэлээ зориулдаг. Бурханд итгэдэг хүний хувьд тэд маажан тоглох ёсгүй гэж чи бодно, тийм үү? Гэвч ганцхан өдөр уулзахгүй байх хооронд тэд маажангийн газар юм уу казино руу мөрийтэй тоглохоор явчихсан байдаг. Тэд бол нэгдүгээр зэрэглэлийн маажан тоглогч—Бурханд итгэдэг хүн шиг огт харагддаггүй! Тэд чамайг бүрэн гайхшируулдаг—тэд Бурханд итгэдэг хүн үү, эсвэл маажан тоглодог шүтлэггүй хүн үү? Тэд яаж ийм хурдан дүрээ сольж чадаж байна аа? Тэгвэл тэд Бурханд итгэх үедээ зүрх сэтгэлдээ Бурхантай байдаг уу? (Үгүй.) Тэд зүгээр л зугаацаж, цаг нөхцөөхийн тулд, мөн Бурханд итгэх гэдэг нь чухам юу болох, амьдралд нь аз жаргал авчирч чадах эсэхийг харахын тулд Бурханд итгэдэг. Хэрвээ тэд аз жаргалгүй байвал хэдийд ч орхин явж чадна. Тэд бүх насаараа итгэнэ гэж хэзээ ч төлөвлөөгүй бөгөөд бүх насаараа үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагана гэж бүр ч төлөвлөөгүй. Тэгвэл тэд юу төлөвлөсөн бэ? Тэдний оюун ухаанд, хэрвээ тэд Бурханд жинхэнээсээ итгэнэ гэвэл энэ нь хамгийн наад зах нь зугаацах чадварт нь саад болох ёсгүй, ямар нэгэн ажил хийхтэй холбоогүй байх ёстой бөгөөд аз жаргалтай амьдрах баталгааг нь хангасан хэвээр байх ёстой. Хэрвээ өдөр бүр Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөх ёстой бол тэд сонирхохгүй, бас аз жаргалтай байж чадахгүй. Тэд үүнээс залхмагцаа чуулганыг орхин явж, ертөнц рүү буцаад гүйнэ. Тэд “Амьдрал амар биш, тиймээс хүмүүс өөрсдөдөө зүй бус хандах ёсгүй. Бид хувь заяаныхаа эзэн байх ёстой, махан биедээ зүй бус хандах ёсгүй. Бид өдөр бүр аз жаргалтай байх баталгааг хангах ёстой—ингэж байж л эрх чөлөөтэй амьдарна. Бурханд итгэхдээ гуйвшгүй байж болохгүй. Намайг хэчнээн санаа амар байгааг хар л даа—хаана аз жаргал байна, би тийшээ л явдаг. Хэрвээ би аз жаргалгүй байвал орхиод л явна. Би яагаад өөрийгөө тавгүйтүүлэх ёстой гэж? Хэдийд ч орхин явж чаддаг байх нь миний биеэ авч явах хамгийн дээд итгэл үнэмшил, ‘чөлөөт итгэгч’ байх явдал юм—ингэж амьдрах нь маш тухтай, санаа зовох зүйлгүй байдаг!” гэж боддог. Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн ямар дуу дуулдаг вэ? “Намайг хаанаас ирснийг бүү асуу, миний төрөлх нутаг алс хол.” Эсвэл тэд өөр юу дуулдаг вэ? “Ганцхан удаа яагаад эрх чөлөөтэй амьдарч болохгүй гэж?” Тэдэнд уйтгартай юм уу зугаатай биш санагдах үед тэд хурдхан орхин явж, “Ертөнцөд үзэх зүйл маш их байхад яагаад нэг газартаа зууралдана гэж?” хэмээн боддог. Тэдний ашигладаг өөр нэг алдартай үг юу вэ? “Ганцхан модноос болж яагаад бүхэл бүтэн ойг орхих ёстой гэж?” Та нар юу гэж бодож байна—ийм төрлийн хүмүүст жинхэнэ итгэл байдаг уу? (Үгүй, тэд бол үл итгэгчид.) Үл итгэгчдийн тухайд, нэгэнт бид тэдний асуудал бол бүгд хүн чанарын асуудал гэж ярьж байгаа тул ийм хүмүүсийн хүн чанарын чухам юу нь буруу байна вэ? Ийм төрлийн хүмүүс хүн хэрхэн биеэ авч явах ёстой, ямар замаар алхах ёстой, эсвэл амьдралдаа ямархуу амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлтэй байх ёстой зэрэг асуултын талаар хэзээ нэгэн цагт бодолцон үзэж байсан гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Тэгвэл ийм төрлийн хүний хүн чанарын асуудал юу вэ? (Ийм төрлийн хүнд хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан байдаггүй; тэд ийм асуултуудыг бодож үздэггүй.) Тэр бол гарцаагүй. Үүнээс гадна, нарийн яривал ийм төрлийн хүнд сүнс байдаггүй; тэд зүгээр л алхаж буй үхдэл юм. Тэдэнд хэрхэн биеэ авч явах, эсвэл ямар замаар алхах талаар өөрсдийн гэсэн шаардлага байдаггүй, тэд эдгээр зүйлийн талаар боддоггүй. Тэд эдгээр зүйлийн талаар боддоггүйн шалтгаан нь хэдийгээр тэд гаднаа хүний дүр төрхтэй боловч мөн чанар нь үнэндээ амьд үхдэл, хоосон хальс юм. Ийм төрлийн хүн хүний амьдрал, оршин тогтнолын хэрэг явдлын тухайд зүгээр л урсгал даган хөвөх хандлагатай байдаг. Тодруулбал, “урсгал даган хөвөх” гэдэг нь зүгээр л аргацааж, үхлээ хүлээх, эрдэм мэдлэггүй, хоосон толгойлж, өдөр хоногийг идэж, ууж, зугаацаж өнгөрүүлэхийг хэлнэ. Тэд хаана аз жаргал байна, тийшээ явдаг бөгөөд аз жаргалтай, баяр баясгалантай, махан биед нь тухтай санагдсан юуг ч хамаагүй хийнэ. Гэвч тэд махан биеийг нь зовоох, эсвэл дотоод шаналал авчрах аливаа зүйлээс зайлсхийж, хол байх болно; тэд махан биеэ бэрхшээл туулаасай гэж ер хүсдэггүй. Гэвч бэрхшээл амсах замаар амьдралыг туулдаж зарим хүн бий. Эсвэл янз бүрийн зүйлийг туулж, мэдэрснээрээ тэд амьдралаа хоосон биш болгож, үүнээс ямар нэг зүйл олж авч чаддаг. Эцэст нь тэд хүн ямар замаар алхах ёстой, ямар хүн байх ёстой талаар дүгнэлтэд хүрдэг. Амьдралын туршлагаараа тэд ихийг олж авдаг. Нэг талаар, тэд тодорхой хүмүүсийг нэвт харж чаддаг; түүнчлэн, янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсэд хандахдаа хүн ямар зарчим, арга барил ашиглах ёстой, насан туршдаа хэрхэн амьдрах ёстой талаар дүгнэлт хийж чаддаг. Тэдний эцсийн дүгнэлт үнэнтэй нийцэж байгаа эсэх, эсвэл үнэнд харшилж байгаа эсэхээс үл хамааран, ядаж л тэд энэ талаар бодож үзсэн байдаг. Нөгөө талаар, Бурханы гэрийг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлэх, эсвэл үүргээ гүйцэтгэх ямар ч сонирхолгүй байдаг. Тэд тачаангуйхүсэл болон дур сонирхлоо хангах боломжийг үргэлж хайж байдаг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ур чадварт хичээнгүйлэн суралцах, үүргээ сайн гүйцэтгэх, эсвэл утга учиртай амьдралыг амьдран харуулахыг хэзээ ч хүсдэггүй. Тэд зүгээр л шүтлэггүй хүмүүс шиг өдөр бүр аз жаргалтай, баяр баясгалантай байхыг хүсдэг. Тиймээс тэд хаашаа ч явсан зөвхөн өөрсдийн дур сонирхол, сониуч занг хангахын тулд зугаа цэнгэл, таашаал хайдаг. Хэрвээ тэд нэг л үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой бол сонирхол нь буурч, цаашид үргэлжлүүлэн хийх урам зориггүй болдог. Ийм төрлийн хүмүүсийн хувьд амьдралд хандах хандлага нь зүгээр л аргацаах явдал юм. Гаднаа тэд бусадтай маргалдахгүй, маш чөлөөтэй, санаа амар амьдарч байгаа мэт харагддаг. Тэд өдөр бүр хөгжилтэй, санаа зовох зүйлгүй мэт харагддаг бөгөөд хаашаа ч явсан нөхцөл байдалд дасан зохицож чаддаг. Зарим нь бүр ертөнцийн зан заншил юм уу хүмүүсийн харилцааны хэв маягт автдаггүй, баригддаггүй мэт санагдаж, гаднаасаа эгэл жирийн хүмүүсээс дээгүүр, ер бусын мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч үнэндээ тэдний мөн чанар бол алхаж буй үхдэл, сүнсгүй зүйл юм. Бурханд итгэдэг боловч чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүс хийж буй зүйлдээ хэзээ ч тууштай байдаггүй—тэд түр зуур л урам зоригоо хадгалж чаддаг. Харин мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс өөр. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, үүнийгээ нухацтай суралцаж, сайн хийхээр чармайдаг. Тэд ямар нэгэн зүйлийг гүйцэлдүүлж, тодорхой үнэ цэнийг бий болгож чаддаг. Нэг талаар, тэд эргэн тойрныхоо хүмүүсийн сайшаалыг хүртэж чаддаг бөгөөд үүний зэрэгцээ дотроо өөртөө итгэлтэй байж, ямар нэгэн зүйл хийж чаддаг, хэрэггүй биш, хэрэгтэй хүмүүс гэдгээ харж чаддаг. Энэ бол хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай хүний хүрч чадах хамгийн наад захын зүйл юм. Гэвч урсгал даган хөвдөг хүмүүсийн тухайд тэд эдгээр зүйлийн талаар хэзээ ч боддоггүй. Тэд хаашаа ч явсан зөвхөн идэж, ууж, зугаацдаг. Гаднаа тэд маш эрх чөлөөтэй, санаа амар амьдарч байгаа мэт харагдаж болох ч үнэндээ ийм хүмүүсийн толгойд ямар ч бодол байдаггүй. Тэд хийдэг бүх зүйлдээ хэзээ ч нухацтай ханддаггүй; тэд үргэлж өнгөцхөн хандаж, түр зуурын урам зоригт хөтлөгдөн, хэзээ ч, юу ч гүйцэлдүүлдэггүй. Тэд бүх насаараа аргацааж амьдрахыг хүсдэг бөгөөд хаашаа ч явсан энэ хандлагаа тээж явдаг—тэдний Бурханд итгэх итгэл ч ялгаагүй. Тодорхой хугацаанд тэд үүргээ гүйцэтгэхдээ нэлээд нухацтай хандаж, бэрхшээл туулж, төлөөс төлж чадаж байгаа мэт харагдаж болох ч хэн тэдний асуудлыг зааж өгч, эсвэл аливааг хэрхэн хийхийг хэлж өгөх нь хамаагүй, тэд хэзээ ч нухацтай ханддаггүй, үнэнийг огт хүлээж авдаггүй. Тэд аливааг зүгээр л өөрсдийнхөө хүссэнээр хийдэг—өөрсдөө аз жаргалтай байх л юм бол бүх зүйл зүгээр байдаг. Хэрвээ аз жаргалгүй байвал тэд хэний ч зөвлөгөөг сонсохгүйгээр зугаацахаар явдаг. Тэд зүрх сэтгэлдээ “Би угаасаа бурханд урт хугацаагаар итгэнэ гэж хэзээ ч төлөвлөөгүй” гэж боддог. Хэрвээ хэн нэгэн тэднийг засвал тэд шууд л орхин явж чаддаг. Энэ бол чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүсийн нэг илрэл юм.

Чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүст өөр нэг төрлийн илрэл байдаг. Зарим хүн—Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч бай, суурьтай мэт харагддаг ч бай, үгүй ч бай, мөн өмнө нь ямар үүрэг гүйцэтгэж байсан ч бай хамаагүй—хувийн ашиг сонирхолтой нь холбоотой онцгой нөхцөл байдалтай тулгармагцаа зүгээр л алга болчихдог. Хэдийд ч бусад хүмүүс тэдэнтэй холбоо тасарч, тэд чуулганд дахин харагдахаа больж, тэдэнд юу тохиолдсоныг бусад нь огт мэдэхгүй байх боломжтой. Зарим хүн эсрэг хүйсийн хүн өөрсдийг нь уруу татах үед үүргээ гүйцэтгэхээ больж, болзоонд явж, огт холбоо барих боломжгүй болдог. Мөн хүүхдүүд нь гэрлэх насанд хүрч, хүүхдүүдийнхээ гэрлэлтийг зохицуулах гээд завгүй болж, үүргээ гүйцэтгэхээ больж, цуглаанд оролцохоо больдог хүмүүс ч бий. Хэн ч тэднийг хайсан бай, хаалга мөргөдөг. Зарим хүн эцэг эх, эсвэл хань ижил нь өвдөж эмнэлэгт хэвтэх үед, эсвэл гэрт нь ямар нэгэн томоохон зүйл тохиолдох юм уу гэнэтийн гамшиг тохиолдох үед—хэрвээ тэд Бурханд жинхэнээсээ итгэдэг бол—тайлбар өгч, “Сүүлийн үед гэрт маань зохицуулах шаардлагатай зарим явдал гарсан тул би цуглаанд оролцож чадахгүй нь. Би чөлөө авах хэрэгтэй байна, хэрвээ та нар тохиромжтой хүн олж чадвал миний үүргийг цаг алдалгүй түр хариуцуулаарай” гэж хэлдэг. Ядаж л тэд ямар нэгэн мэдэгдэл, тайлбар өгнө. Гэвч чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүс ганц ч үг хэлэлгүйгээр чуулгантай холбоогоо тасалдаг бөгөөд ах эгч нар хэчнээн хичээсэн ч тэдэнтэй холбогдож чаддаггүй. Ах эгч нар тэдэнтэй холбогдох аргагүй байдаг юм биш—ямар ч аргаар тэдэнтэй холбогдож болно—гэхдээ тэд зүгээр л ах эгч нартай холбоо барихыг, эсвэл хариу өгөхийг хүсдэггүй. Тэд: “Би яагаад чамтай холбоо барих ёстой гэж? Би үүргээ сайн дураараа гүйцэтгэдэг; үүнийхээ төлөө цалин авдаггүй. Хэрвээ би явахыг хүсвэл явна! Хэрвээ гэрт ямар нэгэн зүйл тохиолдвол энэ нь миний хувийн асуудал. Би чамд мэдэгдэх үүрэг хүлээдэггүй, чамд үүнийг мэдэх эрх байхгүй!” гэж хэлдэг. Зарим хүн нэг, хоёр сар явчхаад, дараа нь юу ч болоогүй мэт ичиж зовох ч үгүй буцаж ирээд тайлагнадаг. Бусад нь хоёр, гурван жилээр яваад, огт холбоо барих боломжгүй болдог. Чуулганы хүмүүс нөхцөл байдлыг мэдэхгүй тул энэ хүн Бурханд олон жил итгэсэн учраас чуулганыг орхин явах боломжгүй гэж боддог. Тэд ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдсон байх гэж таамаглаж, ХКН-д баривчлагдсан эсэхэд нь санаа зовдог. Үнэн хэрэгтээ, тэр хүн зүгээр л Бурханд итгэхийг хүсэхээ больж, ах эгч нарт мэдэгдэлгүйгээр орхин явсан байдаг. Зарим хүн арав орчим хоног яваад буцаж ирдэг; энэ нь тэд итгэхээ больсон гэсэн үг биш юм. Зарим хүн яваад хоёр, гурван жилээр алга болдог—тэднийг итгэхээ больсон гэж та нар хэлэх үү? (Тэгнэ.) Тэд үнэхээр итгэхээ больсон бөгөөд тэднийг нэрсийн жагсаалтаас хасах ёстой. Энэ бол зүгээр нэг явж буй хэрэг биш; тэд итгэхээ больсон. Хүний өнцгөөс үүнийг цаашид итгэхээ болих гэж нэрлэдэг. Бурхан үүнийг хэрхэн үздэг вэ? Бурханы нүдээр бол энэ нь Бурханыг үгүйсгэж, Бурханыг дагахгүй байх явдал бөгөөд Бурханыг голж байгаа хэрэг юм. Гэвч тэдний өнцгөөс бол, тэд “Би бурханыг голоогүй; зүрх сэтгэлдээ бурханд итгэсэн хэвээр байгаа!” гэж боддог. Харж байна уу? Тэд зүгээр л үүнийг хөнгөн хуумгай байдлаар үл ойшоодог. Мөн зүгээр л сэтгэл санаа нь тавгүйтэж, эсвэл дотроо бухимдсан учраас, үүргээ гүйцэтгэх хэтэрхий хэцүү, ядаргаатай гэж бодсон учраас, эсвэл бага зэрэг засалт туулсан учраас цуглаанд оролцохоо больж, үүргээ гүйцэтгэхээ больдог хүмүүс ч бий. Тэд хариуцаж байсан ажлынхаа талаар ямар ч тайлбар хийлгүйгээр, “Надтай хэн ч битгий холбоо барь. Би аз жаргалгүй байна, би дахиж итгэмээргүй байна!” гээд орхин явдаг. Тэднийг бухимдах үед энэ нь жил орчим үргэлжилж болно. Тэдний уур бухимдал үнэхээр онцгой—тэд жил орчим үүнээсээ гарч чаддаггүй! Зарим хүн чуулганд удирдагч, ажилчдын ажлыг хариуцаж авдаг ч ажлаа сайн хийж чаддаггүйгээр үл барам, бодлогогүйгээр муу үйл хийж, чуулганы ажилд саад тотгор, үймээн учруулдаг. Дараа нь ах эгч нар тэднийг сонгодоггүй бөгөөд нөхөрлөлөөр тэднийг ялган таньж, ил болгодог. Тиймээс тэд “Энэ над руу чиглэсэн шүүмжлэлийн цуглаан юм уу? Би зүгээр л ажлаа сайн хийгээгүй, энэ үнэхээр тийм сүртэй хэрэг гэж үү? Тэд яагаад намайг ингэж нөхөрлөж, ил болгож байгаа юм бэ? Би энэ олон жилийн хугацаанд хэзээ ч ингэж гомдож байсангүй! Бурханд итгэхээсээ өмнө би үргэлж бусдыг загнадаг байсан; хэн ч намайг загнаж байгаагүй. Би өмнө нь хэзээ ийм бэрхшээл туулж байсан юм бэ? Та нар бүгд намайг дээрэлхэж, намайг шившиглэж байна. Би цаашид итгэхгүй!” гэж бодож эхэлдэг. Тэгээд л тэд итгэхээ больдог. Ингэж хэлдэг хүмүүс зөвхөн залуучууд ч биш—зарим нь Бурханд найм юм уу арван жил итгэсэн, дөч, тавь орчим насны хүмүүс байдаг хэр нь аз жаргалгүй байх үедээ ийм зүйл хэлж чаддаг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зай бий юу? Тэд Бурханд итгэхийг амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж үздэг үү? Засалт туулах үедээ, эсвэл гамшиг, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ бага зэрэг сөрөг, сул дорой болох нь хэвийн боловч эдгээр зүйл нь хүнийг Бурханд итгэхээ болиход хүргэх ёсгүй. Ийм хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс баривчлагдаж, хавчигдах үедээ ч итгэлдээ тууштай байж чаддаг—энэ хүмүүс л гэрчлэлтэй хүмүүс юм. Зарим хүн багахан байгалийн гамшигтай тулгарах үедээ, хэрвээ ах эгч нар үүнийг нь мэдээгүй бол, аль эсвэл бага зэрэг оройтож мэдээд цаг тухайд нь туслаагүй бол “Намайг бэрхшээлтэй тулгараад байхад хэн ч надад анхаарал хандуулахгүй байна. Тэгэхээр тэд намайг дорд үзэж байна! Бурханд итгэх нь утгагүй. Би цаашид итгэхгүй!” гэж бодож эхэлдэг. Иймхэн жижиг зүйлээс болоод л тэд Бурханд итгэхээ больж чадна. Энэ бол чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүсийн нэг илрэл юм.

Чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүст өөр нэг нөхцөл байдал бий. ХКН тэднийг өөрийнхөө талд оруулахын тулд сайн ажил санал болгож, “Чи бурханд итгээд юу ч олж авахгүй. Чамд ямар хэтийн ирээдүй байж таарах вэ? Бид чамд өндөр цалинтай, сайн тэтгэмжтэй, хөдөлмөрийн даатгалтай гадаадын компанид ажил оллоо. Бурханд итгээд чамд ямар ч ирээдүй байхгүй; ажиллаж, мөнгө олж, сайхан амьдарсан нь дээр” гэж хэлдэг. Эцэст нь тэд чуулганыг орхиж, ажилдаа явдаг. Хэн нэгэн хүн: “Өчигдөр энэ хүн чуулганд үүргээ гүйцэтгэж байсан. Яагаад өнөөдөр юмаа баглаад явчхав?” гэдэг. Тэд ажиллаж, мөнгө олохоор явж байгаа; тэд цаашид Бурханд итгэхээ больсон. Тэд ганц ч үг хэлэлгүйгээр орхин явдаг бөгөөд тэр цагаас хойш ах эгч нараас тусдаа замаар явж, өөр замаар алхдаг хүмүүс болдог. Тэд алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөж, өндөрт гарч, олноос онцгойрохыг хүсдэг бөгөөд цаашид Бурханд итгэдэггүй. Мөн сайн мэдээ номлож байхдаа таалагдсан хүнтэйгээ таарч, түүнтэй орооцолдон, хамтдаа амьдрахаар явдаг хүмүүс ч бий. Тэд үүргээ гүйцэтгэхээ болиод зогсохгүй, Бурханд итгэхээ ч больдог. Гэрт нь байгаа эцэг эх нь үүнийг мэдэхгүй хэвээр, тэднийг Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байгаа гэж боддог. Үнэн хэрэгтээ тэд аль хэдийн алга болсон—хэн мэдлээ, тэд одоо бүр хүүхэдтэй болсон ч байж магадгүй. Үүргээ гүйцэтгэх нь маш чухал атал тэд сайн мэдээ номлох мэтийн ийм чухал ажлыг хүртэл орхиж чадна. Тэд өөрт нь таалагдсан хүн юм уу өөрт нь дуртай хүнтэй таарах үед тэр хүний хэдхэн энгийн сээтэгнэсэн, өдсөн үг тэднийг дагуулан явахад хангалттай байдаг. Тэд маш хөнгөмсөг, хайхрамжгүй бөгөөд хэдийд ч, хаана ч Бурханыг орхин явж, Бурханаас урваж чаддаг. Ийм хүмүүс Бурханд хэчнээн олон жил итгэсэн, эсвэл хэчнээн олон номлол сонссон ч бай хамаагүй, үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй хэвээр байдаг. Тэдний хувьд Бурханд итгэх нь зүгээр л чухал биш, үүргээ гүйцэтгэх нь ч хамаагүй байдаг—ерөөл хүртэхийн тулд эдгээр зүйлийг хийхээс өөр аргагүй гэж тэд боддог. Хувийн асуудал юм уу гэр бүлийн асуудал гармагц л тэд шууд л орхин явж чаддаг. Бага зэргийн байгалийн гамшигтай тулгарах үедээ тэд шууд л итгэхээ больж чаддаг. Юу ч тэдний Бурханд итгэх итгэлд саад болж чадна; ямар ч хэрэг явдал тэднийг сөрөг болж, үүргээ орхиход хүргэж чадна. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Энэ асуултыг үнэхээр гүнзгий эргэцүүлбээс зохилтой!

Чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Нэг төрөл нь Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч бай, яагаад Бурханд итгэдгээ огт мэддэггүй оюун ухаангүй, бодлогогүй, мунгинуу хүмүүс юм. Тэд Бурханд итгэх гэдэг нь чухам юу болохыг огт мэддэггүй. Өөр нэг төрөл нь Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй, Бурханд итгэхийн утга учир, үнэ цэнийг ойлгодоггүй үл итгэгчид юм. Номлол сонсож, Бурханы үгийг унших нь тэдний хувьд теологи судлах, эсвэл ямар нэгэн мэргэжлийн мэдлэг эзэмшихтэй адил байдаг—тэд ойлгож, энэ талаар ярьж чаддаг болмогцоо үүнийг дууссан гэж үздэг. Тэд үүнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Тэдний хувьд Бурханы үг бол зүгээр л нэг төрлийн онол, уриа лоозон бөгөөд хэзээ ч тэдний амь болж чадахгүй. Тиймээс энэ хүмүүсийн хувьд Бурханд итгэхтэй холбоотой юу ч сонирхлыг нь татдаггүй. Үүргээ гүйцэтгэх, үнэнийг эрэлхийлэх, Бурханы үгийг хэрэгжүүлэх, ах эгч нартай хамт цугларч, чуулганы амьдралаар амьдрах гэх мэт зүйлс тэднийг огт татдаггүй бөгөөд эдгээрийн аль нь ч идэж, ууж, зугаацах шиг аз жаргал, сэтгэл хөөрөл авчирдаггүй. Нөгөөтээгүүр, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс ах эгч нартайгаа хамт байж үнэнийг нөхөрлөх, эсвэл чуулганы амьдралаар амьдрах нь тэдэнд үргэлж ашиг тус, ололт авчирдаг гэж боддог. Хэдийгээр заримдаа тэд аюул, хавчлагатай тулгардаг, эсвэл сайн мэдээ номлохдоо эрсдэл үүрч, үүргээ гүйцэтгэхдээ тодорхой хэмжээний бэрхшээл туулдаг ч ямар ч байсан, бэрхшээл туулж, төлөөс төлснөөрөө тэд үнэний талаар ойлголттой болж, Бурханыг танин мэдэх үр дүнд хүрдэг бөгөөд энэ бэрхшээл, төлөөс нь тэдний амь зан чанарт өөрчлөлт авчирдаг. Энэ бүхнийг дэнсэлж, үнэлснийхээ дараа тэд Бурханд итгэх нь сайн зүйл, үнэнийг ойлгож чадна гэдэг нь маш үнэ цэнтэй зүйл гэж боддог. Тэдний зүрх сэтгэл чуулганд онцгойлон татагддаг бөгөөд чуулганы амьдралыг орхино гэж хэзээ ч боддоггүй. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс, чуулганы ажилд саад болсныхоо төлөө цөөн хэдэн хүн Б бүлэг рүү илгээгдэж, тусгаарлагдаж, эсвэл зайлуулагдаж байгааг харвал зүрх сэтгэлдээ бага зэрэг шаналдаг. Тэд “Би үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэх хэрэгтэй. Би яавч зайлуулагдаж болохгүй. Зайлуулагдана гэдэг нь шийтгүүлэхтэй адилхан, там руу явах төгсгөл гэсэн үг! Тэгвэл амьдрахын хэрэг юу байх билээ?” гэж боддог. Ихэнх хүн чуулганыг орхин явахаас айдаг; чуулганыг орхин явж, Бурханыг орхимогц цаашид амьдарч чадахгүй, бүх зүйл дуусна гэж тэд боддог. Гэвч чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүс чуулганыг орхин явах нь нэлээд хэвийн зүйл, өөр ажил олохын тулд ажлаасаа гарахтай л адилхан гэж үздэг. Тэд хэзээ ч зовж шаналдаггүй, дотроо ямар ч өвдөлт мэдэрдэггүй. Та нар юу гэж бодож байна—чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай байдаг уу? Ийм хүмүүс үнэхээр итгэмээргүй! Зарим хүний үүргийн гүйцэтгэл стандартад нийцдэггүй бөгөөд тэд үргэлж бодлогогүйгээр муу үйл хийж, чуулганы ажилд саад тотгор, үймээн учруулдаг. Тэгээд чуулган тэднийг үүрэг гүйцэтгэхийг нь болиулж, жирийн чуулган руу илгээдэг. Тэгвэл үр дүнд нь юу болдог вэ? Маргааш нь л тэд шал өөр хүн шиг авирлаж, цоо шинэ амьдрал эхлүүлдэг. Зарим нь болзож, гэрлэж эхэлдэг, зарим нь ажил хайж эхэлдэг, зарим нь коллежид суралцахаар явж, харин зарим нь хуучин найзуудтайгаа дахин холбогдож, шинэ харилцаа тогтоож, баяжих боломж хайдаг. Энэ хүмүүс асар уудам ертөнцөд хурдан уусаж, хүмүүний далайд алга болдог—энэ нь яг л тийм хурдан болдог. Зарим ах эгч үүргээ гүйцэтгэхдээ муу үр дүн гаргасны улмаас жирийн чуулган руу илгээгдсэнийхээ дараа хэсэг хугацаанд шаналдаг боловч өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийнхөө асуудлыг таньж мэдэж чаддаг бөгөөд эргэж буцах хандлага харуулдаг. Харин чуулганыг хэдийд ч орхин явж чаддаг хүмүүс зарим нэг бэрхшээлтэй тулгармагцаа л үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, маргааш нь чуулганыг орхин явж, шүтлэггүй хүний амьдрал руу буцдаг. Тэд огтхон ч шаналдаггүй бөгөөд бүр “Бурханд итгэх нь юу нь тийм сайн байгаа юм бэ? Бусад хүмүүст байнга дооглуулж, гүтгүүлдэг, тэр ч байтугай баривчлагдаж, шоронд хоригдох магадлалтай. Хэрвээ агуу улаан луу намайг зодож албал миний амьдрал талаар өнгөрөх биш үү? Би энэ олон жил бурханд итгэхдээ маш их бэрхшээл туулсан ч юу олж авсан юм бэ? Хэрвээ би бурханд итгээгүй байсан бол одоо аль хэдийн албан тушаалтан болж, мөнгө олж, нэр хүндтэй амьдрах байсан! Өнөөг хүртэл бурханд итгэсэндээ би бүр харамсаж байна—хэрвээ ийм байна гэдгийг нь мэдсэн бол би аль эрт явчих байсан юм! Үнэнийг ойлгоод ямар хэрэгтэй юм бэ? Тэр ойлголт чинь чамайг хооллож, эсвэл төлбөрийн нэхэмжлэлийг чинь төлж чадах уу?” гэж боддог. Харж байна уу? Тэд харамсдаггүйгээр үл барам, чуулганыг орхин явж чадсандаа өөрсдийгөө бүр азтайд тооцдог. Энэ нь тэдний үл итгэгчийн жинхэнэ дүр төрх ил болж байгаа хэрэг биш үү? (Тийм.)

Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ сурсан зангаараа хааш яаш хандаж, болчимгүй муу үйл хийдэг. Чуулганаас зайлуулагдсаныхаа дараа ах эгч нарыг харах үедээ тэднийг дайсан мэт үздэг. Ах эгч нар тэдэнтэй эелдгээр ярилцахыг оролдсон ч тэд үл тоож, үзэн ядсан харцаар хараад, “Та нар л намайг чуулганаас зайлуулсан. Одоо намайг хар! Би та нараас хамаагүй дээр байна! Одоо би алт мөнгөөр гангарсан, том дарга болсон! Би хорвоо дэлхийгээр маш тухтай хөлхөж байхад, харин та нар бурханд итгээд ямар ядуу зүдүү, туйлдсан байгаагаа хар даа! Та нар бүгд үнэнийг олж авахыг байнга эрэлхийлдэг ч би та нарыг надаас илүү ухаантай гэж бодохгүй байна! Үнэнийг олж авах юу нь тийм сайн байгаа юм бэ? Үүнийг хоол шиг идэж, эсвэл мөнгө шиг үрж болох юм уу? Үнэнийг эрэлхийлэхгүй байсан ч би нэлээд сайн амьдарсаар байгаа биз дээ? Та нар намайг зайлуулсан нь миний аз байж—би үүний төлөө та нарт талархах учиртай!” гэж хэлдэг. Тэдний үгээс харахад, тэд бол үл итгэгчид гэдэг нь илэрхий бөгөөд үүргээ гүйцэтгэсэн нь тэднийг илчилсэн юм. Бурханд зөвхөн амаараа итгэдэг шүтлэггүй хүн үүргээ дуртайяа гүйцэтгэж чадах уу? Үүргээ гүйцэтгэнэ гэдэг нь цалин авахгүй, мөнгө олохгүйгээр хариуцлага, хүлээсэн үүргээ биелүүлэх явдал юм. Тэд үүнийг хохирол гэж үздэг тул үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй. Ийнхүү тэдний үл итгэгч гэх жинхэнэ дүр төрх ил болдог; энэ бол Бурханы ажил үл итгэгчдийг илчилж, таягдан хаядаг арга зам юм. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш хандлагатай байж, зүгээр л өдөр хоногийг урсгалаараа өнгөрөөдөг. Ертөнцөд мөнгө олох юм уу тушаал дэвших боломж олдмогц тэд хэдийд ч чуулганыг орхидог—тэд үргэлж ийм санаархал өвөрлөж байсан. Үүргээ гүйцэтгэхдээ байнга хааш яаш хандаж, болчимгүй муу үйл хийснээсээ болж жирийн чуулган руу шилжвэл тэд өөрсдийгөө эргэцүүлэхгүйгээр үл барам, харин ч “Намайг бүтэн цагийн үүрэгтэй чуулганаас цэвэрлэсэн нь чиний хувьд гарз, миний хувьд олз” гэж боддог. Тэд бүр өөрсдөдөө нэлээд сэтгэл хангалуун байдаг. Ийм хүмүүс үл итгэгчид биш гэж үү? Надад хэл дээ, болчимгүй муу үйл хийснээрээ чуулганы ажилд ноцтойгоор саад болж, үймүүлсэн учраас цэвэрлэгдсэн тэр үл итгэгчдийг Бурханы гэр ингэж цэвэрлэх нь зарчимд нийцэх үү? (Тийм.) Энэ нь зарчимд бүрэн нийцдэг; энэ нь тэднийг өчүүхэн төдий ч хилсдүүлж байгаа хэрэг биш. Бурханд болон үүргээ гүйцэтгэхэд хандах тэдний хандлага нь хэдийд ч хаяж, урваж чадах хандлага юм. Энэ нь тэд зүрх сэтгэлдээ эерэг зүйлийг огтхон ч сонирхдоггүй гэдгийг нотлоход хангалттай. Тэд Бурханд маш олон жил итгэж, маш олон номлол сонссон хэр нь Бурханд итгэхийн үнэн болон Бурханы сонгосон хүмүүсийн туршлагын гэрчлэлийн аль нь ч тэдний зүрх сэтгэлийг тогтоон барьж чаддаггүй. Эдгээр зүйлийн нэг нь ч тэдний сонирхлыг татдаггүй, сэтгэлийг нь хөдөлгөдөггүй, эсвэл салж ядахад хүргэдэггүй. Энэ бол тэдний хүн чанарын мөн чанар юм, өөрөөр хэлбэл, тэд эерэг зүйлийг огтхон ч сонирхдоггүй. Тэгвэл тэд юу сонирхдог вэ? Тэд идэж ууж, зугаацах, махан биеийн таашаал, ёрын муу чиг хандлага болон Сатаны гүн ухааныг сонирхдог. Тэд нийгэм дэх бүх сөрөг зүйлийг онцгойлон сонирхдог; гагцхүү үнэн болон Бурханы үгийг л тэд сонирхдоггүй. Тийм учраас тэд хэдийд ч Бурханы гэрийг орхиж чаддаг. Тэд Бурханы үгийг байнга унших, эсвэл Бурханы гэрийн цуглааны үеэр үнэнийг байнга нөхөрлөхийг огтхон ч сонирхдоггүй. Тэд үүрэг гүйцэтгэхийг онцгойлон зэвүүцдэг бөгөөд тэр ч бүү хэл, үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бол бүгд тэнэгүүд гэж боддог. Энэ ямар гээчийн сэтгэлгээ, ямар гээчийн хүн чанар вэ? Тэд үнэнийг, эсвэл Бурханы хүмүүсийг аврах авралыг сонирхдоггүй бөгөөд чуулганы амьдралд огтхон ч хоргоддоггүй. Хэдийгээр тэд Бурханы үгийг ил тод шүүж, яллаагүй ч хэдэн жилийн турш номлол сонссон хэр нь үнэнийг өчүүхэн төдий ч ойлгоогүй—энэ нь асуудал байгааг тодорхой илтгэж байна. Хэн ч эерэг болон сөрөг зүйлийн аль алинд зэвүүцдэггүй. Чи эерэг зүйлд дургүй л бол сөрөг зүйлийг онцгойлон сонирхох болно. Хэрвээ чи сөрөг зүйлийг онцгойлон сонирхдог бол эерэг зүйлийг гарцаагүй сонирхохгүй. Ийм төрлийн хүн эерэг зүйлийг огтхон ч сонирхдоггүй тул Бурханы гэрт тэдний хоргодох, дурлах, эсвэл хүсэж тэмүүлэх юу ч байдаггүй. Ертөнцийн ёрын муу чиг хандлага, мөнгө, алдар нэр, ашиг хонжоо, албан тушаал, баяжих явдал болон түгээмэл тархсан янз бүрийн тэрс үзэл, төөрөгдөл нь тэдний хамгийн их сонирхдог зүйлс юм. Тэдний зүрх сэтгэл Бурханы гэрт биш, харин ертөнц рүү тэмүүлдэг, тийм учраас тэд хэдийд ч орхин явж чаддаг. Бурханы гэрийг болон чуулганы амьдралыг орхих нь тэдэнд ямар ч харамсал, шаналал, зовлон авчирдаггүй, харин ч бүрэн тайвшрал авчирдаг. Тэд дотроо “Би эцэст нь өдөр бүр үнэний талаарх номлол, нөхөрлөлийг сонсох шаардлагагүй боллоо, би цаашид эдгээр зүйлд хязгаарлагдах шаардлагагүй. Одоо би алдар нэр, ашиг хонжоог зоригтойгоор хөөцөлдөж, мөнгө хөөцөлдөж, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хөөцөлдөж, хувийн ирээдүйгээ хөөцөлдөж чадна. Эцэст нь, би бусдад зоригтойгоор худал хэлж, хууран мэхэлж, явуулга, арга мэх хэрэглэж, элдэв төрлийн хорон муу арга залийг санаа зовох зүйлгүйгээр хэрэгжүүлж чадна. Би хүмүүстэй харилцахдаа ямар ч арга саам ашиглаж чадна!” гэж боддог. Бурханы гэрт номлол сонсож, үнэнийг нөхөрлөх нь тэдний хувьд шаналгаатай байдаг бөгөөд Бурханы гэрийг орхих нь тайвшрал мэт санагддаг. Энэ нь эдгээр эерэг зүйл тэдний зүрх сэтгэлд хэрэгтэй зүйл биш гэсэн үг юм. Тэдэнд хэрэгтэй зүйл бүгд ертөнц болон нийгмийн зүйлс юм. Үүнээс, чуулганыг орхисон шалтгаан нь тэдний эрэлхийлэл, дур сонирхолтой шууд холбоотой гэдэг нь тодорхой байна.

Хэдийд ч Бурханы гэрийг орхиж чаддаг энэ хүмүүсийн уг чанар-мөн чанар юу вэ? Та нар одоо үүнийг харж байна уу? (Тийм ээ. Тэд бол үл итгэгчдийн төрлийн хүмүүс. Энэ хүмүүсийн ихэнх нь дахин төрсөн араатнууд бөгөөд бүгд уураг тархигүй, бодолгүй мунгинуу хүмүүс юм.) Тийм ээ. Тэд итгэлийн хэрэг явдлыг ойлгодоггүй. Тэд хүний амьдрал үнэндээ юу болох, хүмүүс ямар замаар явах ёстой, ямар зүйл хийх нь хамгийн утга учиртай, биеэ авч явахад хэрэгжүүлэлтийн ямар зарчмыг баримтлах ёстой гэх мэтийг ойлгодоггүй бөгөөд тэдгээрийн учрыг олохын тулд үнэнийг эрж хайхыг ч хүсдэггүй. Тэд юу эрэлхийлэх дуртай вэ? Тэдний оюун ухаанд өдөржингөө, ашиг тус олж, бусдаас дээгүүр амьдралаар амьдрахын тулд юу хийж болох талаар л эргэлдэж байдаг. Зарим хүн ертөнцөд ажил хийж байхдаа Бурханд итгэж эхэлдэг. Гэвч ахлах юм уу менежер болж дэвшмэгцээ, эсвэл дарга болмогцоо тэд итгэхээ больдог. Ах эгч нар тэдэнтэй холбогдох үед тэд: “Одоо би албан тушаалтай, нэр хүндтэй, нийгэмд эзлэх байр суурьтай хүн болсон. Та нартай хамт бурханд итгэх нь хэтэрхий ичгэвтэр байна. Та нар бүгд надаас хол бай, надтай уулзах гэж дахиж бүү ир! Хүсвэл та нар намайг нэрсийн жагсаалтаас хасаж, эсвэл хөөж болно. Ямартай ч, миний бурханд итгэх хэрэг явдал үүгээр дууссан, би цаашид та нарт ямар ч хамаагүй!” гэж хэлдэг. Тэдний юу хэлж байгааг харав уу? Тэд ямар төрлийн хүн бэ? Та нар тэдэнтэй холбогдсоор байх уу? (Үгүй.) Тэд ийм шулуухан хэлсэн байтал чуулганы зарим удирдагч тэднийг явахыг хараад харамсаж, тэднийг ятгахын тулд олон удаа холбогдож, “Чи ийм сайн хэв чанартай, тэр ч байтугай өмнө нь удирдагч, ажилчин байсан шүү дээ. Чи үнэнийг эрэлхийлээгүй учраас л чөлөөлөгдсөн. Хэрвээ чи үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлбэл аврагдах нь гарцаагүй, ирээдүйд Бурханы гэрийн багана, гол түшиг тулгуур байх нь лавтай!” гэдэг. Удирдагчид эдгээр зүйлийг хэлэх тусам нөгөө хүнийхээ зэвүүцлийг улам их төрүүлдэг. Чуулганы зарим удирдагч мунгинуу, ялган таних чадваргүй байдаг; энэ хүн ертөнцөд тушаал дэвшсэн байтал эдгээр удирдагч тэдэнд атаархсаар, тэдэнтэй холбоо тогтоохыг хүссээр байдаг—энэ нь өөрийгөө хүндлэх хүндлэлгүйг харуулж байгаа биш үү? Үнэнийг ойлгодог хүмүүс энэ хэргийг тодорхой харж чадна: Нийгэмд тушаал дэвших нь сайны тэмдэг биш; энэ бол хүний алхах ёстой зөв зам биш! Зарим хүн нийгэмд бага зэрэг байр суурьтай болмогцоо Бурханд итгэхээ больдог—энэ нь ердөө л тэднийг илчилж, тэд бол Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, эсвэл үнэнийг хайрладаг хүмүүс биш гэдгийг нотолдог. Хэрвээ тэд чин сэтгэлээсээ итгэдэг байсан бол нийгэмд тушаал дэвшиж, ирээдүйтэй байсан ч Бурханыг орхихгүй байх байсан. Тэд одоо Бурханаас урвасан байтал чуулган тэдэнтэй холбогдож, тэдэн дээр ажиллах шаардлагатай юу? Ямар ч шаардлагагүй, учир нь тэд аль хэдийн үл итгэгчид гэж илчлэгдсэн. Бурханд итгэхгүй байснаараа тэд л хохирдог—тэдэнд зүгээр л ерөөл байдаггүй. Тэд бол зүгээр л өрөвдмөөр амьтад; хэрвээ чи тэднийг Бурханд итгүүлэхээр татах гэж зүтгээд байвал энэ нь тэнэг хэрэг биш үү? Чи тэднийг ингэж татахыг оролдох тусам тэд чамайг улам дорд үзнэ. Бурханд итгэдэг бүх хүн бол нийгмийн гарал үүсэл доогуур, хэв чанараар дутмаг хүмүүс гэж тэд боддог. Тийм учраас тэд онцгойлон биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөн, хүн бүрийг басамжлан хардаг. Хэрвээ хэн нэгэн тэдэнд санаа тавьж, анхаарал халамж тавибал тэд үүнийг өөрсдөд нь зусардах гэж оролдож байна гэж үздэг. Энэ ямар гээчийн сэтгэлгээ вэ? Энэ нь ах эгч нарыг зөвөөр харж чадахгүй байгаа хэрэг юм. Тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн мөн үү? Ийм хүнтэй тулгарах үедээ чи түүнийг голох ёстой. Тэднийг “Би одоо ахлах зааварлагч болсон. Дахиж намайг хайж бүү ир. Хэрвээ та нар надтай холбогдсоор байвал би та нарын эсрэг хандана шүү! Ялангуяа манай компани дээр ирж намайг бүү эвгүй байдалд оруул—би бурханд итгэдэг хүмүүстэй ямар ч холбоогүй!” гэж хэлмэгц—тэднийг ийм үг хэлмэгц та нар даруй явж, тэднийг нэрсийн жагсаалтаас хасаж, ийм хүнтэй дахин хэзээ ч бүү холбогд. Тэд биднийг амжилтыг нь далимдуулна гэж айдаг; тиймээс бид өөрсдийгөө мэддэг байх хэрэгтэй. Тэд цэцэглэн хөгжиж, илүү өндөр түвшинд гарч байна; тэд бидний зиндааны хүмүүс биш. Бид бол зүгээр л жирийн хүмүүс, нийгмийн хамгийн доод давхаргын хүмүүс. Бид тэдэнтэй холбоо тогтоох гэж оролдох ёсгүй—битгий ингэж доошоо ор! Мөн хүүхдүүд нь хотод тансаг зэрэглэлийн байшин худалдаж авдаг настайвтар хүмүүс байдаг. Нүүж орсныхоо дараа тэд ах эгч нартай салах ёс гүйцэтгээд, “Надтай уулзах гэж дахиж бүү ир. Та нар бүгд хөдөөнийх. Хэрвээ та нарыг надтай уулзах гэж ирвэл хүмүүс намайг бас хөдөөнийх, хөдөөний хамаатан садантай гэж бодно. Энэ ямар ичгэвтэр байна гээч! Миний хүү ямар хүн болохыг та нар мэдэх үү? Тэр бол мөнгөтэй, баян хүн, олонд танигдсан хүн! Хэрвээ та нар надтай холбоотой байвал хүүд минь гутамшигтай байх биш үү? Тиймээс ирээдүйд надтай уулзах гэж дахиж бүү ирээрэй!” гэдэг. Тэднийг ийм үг хэлмэгц зүгээр л “Чиний хандлага ийм байгаа болохоор бид ойлголоо. Тэгвэл чамд аз жаргал, баяр баясгалан хүсье!” гэж хариул. Тэр үед хэрвээ чи ганц ч болов илүү үг хэлбэл тэнэг, дорд хүн шиг харагдах болно. Зүгээр л даруйхан явах нь зөв зүйл юм. Үл итгэгчдийг хүчээр ятгах гэж хэзээ ч бүү оролд—энэ бол зүгээр л тэнэг зан авир. Та нар ойлгов уу? (Тийм.) Зарим хүн хэр тэнэг байж чадах вэ? Тэд: “Тэр хүний хүү бол баян хүн, нийгэмд байр суурьтай, мөнгөтэй хүн. Тэр ч байтугай засгийн газрын албан тушаалтнуудтай холбоотой. Хэрвээ бид тэднийг Бурханд үргэлжлүүлэн итгэхийг ятгавал гэр бүл нь ах эгч нарыг ч гэртээ байлгаж магадгүй!” гэж хэлдэг. Энэ санаа хэр сонсогдож байна? Хэрвээ чи үүнийг чуулганы ажлыг бодолцон үзэх, ах эгч нарыг бодолцон үзэх, аюулгүй байдлыг бодолцох үүднээс бодож үзвэл энэ нь төгс тохирно. Гэхдээ чи тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг эсэхийг харах ёстой. Хэрвээ Бурханд итгэхийг хүсэхгүй, ах эгч нартай холбоотой байх дургүй байхад нь чи тэднийг ятган Бурханд итгүүлэхийг хүссээр байвал энэ нь тэнэг хэрэг биш үү? Өөрийгөө хүндлэх хүндлэлгүй байгаагаа харуулах зүйл бүү хий. Бурханд итгэхдээ бид Бурханы хамгаалалт, Бурханы удирдамжтай байдаг. Бид ямар ч орчинд амьдарч байсан, энэ бүхэн Бурханы дээд эрх, зохицуулалт дор байдаг. Бид ямар ч зовлон туулсан, нэр төртэй амьдрах ёстой. Зарим хүн бүр Бурханы гэрийг орхин явсан энэ хүнд атаархаж, түүнийг чадвартай гэж хэлдэг—энэ үзэл бодол зөв үү? Бид энэ хэрэг явдлыг хэрхэн харах ёстой вэ? Тэд том байшинд нүүж ормогцоо Бурханд итгэхээ больсон. Нийгэмд тэд байр суурь, нэр хүндтэй бөгөөд зүрх сэтгэлдээ ах эгч нарыг дорд үзэж, ах эгч нарыг өөрсөдтэй нь харилцахад зохисгүй, нийгмийн хамгийн доод давхаргын хүмүүс гэж хардаг. Тиймээс бид өөрсдийгөө мэддэг байх ёстой, ийм хүмүүстэй холбоо тогтоох, эсвэл тэдэнд зусардах гэж оролдох ёсгүй, тийм биз? (Тийм.)

Хэдийд ч Бурханы гэрийг орхиж чаддаг хүмүүсийн хувьд, тэд үл итгэгчид, эсвэл зүгээр л залхуу хойрго хүн байх нь хамаагүй, ерөөл хүртэхийн тулд, эсвэл гамшгаас зайлсхийхийн тулд Бурханд итгэдэг байх нь хамаагүй—нөхцөл байдал ямар ч байсан—хэдийд ч Бурханы гэрийг орхиж чаддаг л бол, мөн орхисных нь дараа ах эгч нарыг өөрсөдтэй нь холбогдоход дургүйцэж, ах эгч нарын тусламж, дэмжлэгт бүр ч их дургүйцэж, өөрсөдтэй нь үнэнийг нөхөрлөсөн хэнд ч дайсагнаж байвал ийм хүмүүст ямар ч анхаарал хандуулах шаардлагагүй. Ийм төрлийн үл итгэгчдийг олж илрүүлбэл цаг тухайд нь ил болгож, зайлуулах ёстой. Зарим хүн үнэнийг хайрладаггүй байж болох ч сайн хүн байх дуртай, ах эгч нартай хамт амьдрах дуртай байдаг; энэ нь тэднийг баяр баясгалантай болгодгоос гадна тэд ад үзэгдэхээс зайлсхийдэг. Тэд жинхэнэ Бурханд итгэдэг гэдгээ зүрх сэтгэлдээ мэддэг, хичээнгүйлэн хөдөлмөрлөхөд бэлэн байдаг. Хэрвээ тэд үнэхээр ийм хандлагатай бол тэднээр үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх ёстой гэж та нар бодож байна уу? (Тийм.) Хэрвээ тэд хөдөлмөрлөхөд бэлэн, саад болж, үймүүлэхгүй бол үргэлжлүүлэн хөдөлмөрлөж болно. Гэвч хэрвээ нэг л өдөр тэд хөдөлмөрлөхийг хүсэхээ больж, Бурханы гэрийг орхихыг хүсэн, “Би ертөнцөд гарч, амжилт олох гэж оролдоно. Би цаашид та нартай хамт бурханд итгэхгүй. Энд ямар ч зугаа цэнгэл алга, заримдаа үүргээ хааш яаш гүйцэтгэх үедээ би засуулдаг. Энд байх үнэхээр хэцүү байна; би явмаар байна” гэвэл ийм хүнийг үлд гэж ятгах ёстой юу? (Үгүй.) Бид түүнээс ганцхан асуулт асууж болно: “Чи сайн бодож үзсэн үү?” Хэрвээ тэд: “Би энэ талаар удаан бодсон” гэвэл чи: “Тэгвэл чамд хамгийн сайн сайхныг хүсье. Биеэ бодоорой, баяртай!” гэж хэлж болно. Энэ арга зүгээр үү? (Тийм.) Эдгээр нь ямар төрлийн хүмүүс гэж та нар бодож байна вэ? Тэд бол өөрсдийгөө эгэл жирийн хүмүүсээс дээгүүр гэж боддог, ертөнц болон ертөнцийн арга замыг жигшдэг, “Ханцуйгаа даллаад би ганц ч үүлийг авч явахгүй” гэх мэт алдартай хүмүүсийн шүлгийг байнга уншдаг төрлийн хүмүүс юм. Тэд өөрсдийгөө цэвэр ариун байлгадаг, энэ ертөнцтэй нийцдэггүй гэж боддог бөгөөд Бурханд итгэснээрээ ямар нэгэн тайтгарал олохыг хүсдэг. Тэд өөрсдийгөө үргэлж ер бусын хүн гэж үздэг ч үнэн хэрэгтээ зөвхөн идэж уух, зугаацахын төлөө л амьдардаг хамгийн хар бор хүмүүс юм. Тэдэнд ямар ч бодитой бодол, бодитой эрэлхийлэл байдаггүй. Тэд өөрсдийгөө эрхэмсэг нэгэн гэж хардаг бөгөөд хэн ч тэдний бодлыг ойлгож, эсвэл сэтгэхүйнх нь түвшинд хүрч чадахгүй мэт байдаг. Тэд өөрсдийн оюун санааны цар хүрээг жирийн хүнийхээс өндөр хэмээн үзэж, “Та нар бүгд эгэл жирийн хүмүүс, харин намайг хар—би өөр. Хэрвээ чи надаас хаанаас ирсэн бэ гэж асуувал би чамд төрөлх нутаг минь алс хол байдаг гэж хэлнэ” гэх мэт зүйл хэлдэг. Тэд чамд хаанаас ирснээ хэлсэн үү? Энэ “алс хол” гээч газар нь хаана байдгийг чи мэдэх үү? Хэдийд ч чуулганыг орхин явж чаддаг хүмүүс яг ийм төрлийн хүмүүс юм. Тэдэнд хаана ч сэтгэл хангалуун байж чадахгүй мэт санагддаг бөгөөд тэд үргэлж ямар нэгэн бодит бус, тодорхойгүй, хий хоосон зүйлийн талаар бодож байдаг. Тэд бодит байдалд төвлөрдөггүй, хүний амьдралын утга учрыг, эсвэл хүмүүс ямар зам сонгох ёстойг ойлгодоггүй. Тэд эдгээр зүйлийг ойлгодоггүй—тэд зүгээр л хачин хүмүүс юм. Хэрвээ ийм төрлийн хүн чуулганыг орхихоор шийдэж, энэ талаар удаан бодсон гэж хэлбэл тэднийг үлд гэж ятгах шаардлагагүй. Өөр үг бүү хэл—зүгээр л тэднийг нэрсийн жагсаалтаас хас, тэгээд л болно. Ийм хүмүүсийг ингэж шийдвэрлэх ёстой; энэ нь хүмүүст хандах зарчимд нийцдэг. Хэдийд ч чуулганыг орхин явж чаддаг хүмүүсийн талаарх нөхөрлөл үүгээр өндөрлөж байна.

И. Шийдэмгий бус байх

Арав дахь илрэл нь: “Шийдэмгий бус байх.” Шийдэмгий бус хүмүүс ямар тодорхой илрэлүүд харуулдаг вэ? Юун түрүүнд, Бурханд итгэх итгэлийн талаарх энэ хүмүүсийн хамгийн том эргэлзээ нь: “Бурхан үнэхээр оршин байдаг уу? Сүнсний ертөнц гэж байдаг уу? Там гэж байдаг уу? Бурханы хэлсэн эдгээр үг үнэн үү? Хүмүүс энэ хүнийг бие махбодтой болсон бурхан гэдэг, гэхдээ би түүнийг бие махбодтой болсон бурхан шиг харагдуулах ямар ч талыг олж хараагүй! Тэгвэл, бурханы сүнс яг хаана байдаг юм бэ? Үнэхээр бурхан оршин байдаг уу, үгүй юу?” Тэд эдгээр асуултын учрыг хэзээ ч тодорхой ойлгож чаддаггүй. Тэд Бурханд итгэдэг олон хүн байгааг хараад, “Бурхан оршин байх ёстой. Тэр оршин байдаг байх. Би түүнийг оршин байдаг гэж найдаж байна. Ямартай ч бурханд итгэлээ гээд надад ямар ч хохирол учраагүй; хэн ч надад зүй бус хандаагүй. Үүргээ гүйцэтгэх нь ерөөл, сайн хүрэх газар авчирч, ирээдүйд намайг үхэхгүй болгоно гэж би сонссон. Тиймээс би зүгээр л дагаад итгэе дээ” гэж боддог. Хэсэг хугацаанд итгэснийхээ дараа тэд зарим хүн шалгалт, зовлон бэрхшээлтэй тулгарахыг хараад, ингэж тунгаан бодож эхэлдэг: “Бурханд итгэх нь ерөөл авчрах ёстой биш гэж үү? Зарим хүн хүндээр өвчилж үхсэн, зарим нь агуу улаан лууд баривчлагдаж, үхтлээ хавчигдсан, бусад нь үүргээ гүйцэтгэж байхдаа өвдсөн эсвэл гэр бүлд нь гамшиг нүүрлэсэн. Яагаад бурхан тэднийг хамгаалаагүй юм бэ? Тэгвэл бурхан үнэхээр оршин байдаг уу, үгүй юу? Хэрвээ тэр оршин байдаг бол эдгээр зүйл тохиолдох ёсгүй байсан!” Сайхан сэтгэлтэй зарим хүн тэдэнтэй үнэнийг нөхөрлөж, “Бурхан бүх зүйлийг захирдаг, хүмүүсийн хувь заяаг Бурханы гар зохион байгуулдаг. Хүмүүс эдгээр хэрэг явдлыг Бурханаас хүлээн авч, Бурханы зохион байгуулалтад өөрсдийгөө даатгах ёстой. Бурханы хийдэг бүхэн сайн” гэж хэлдэг. Үүний хариуд шийдэмгий бус энэ хүмүүс: “Би сайн юм харахгүй байна! Гамшиг амсах нь сайн гэж үү? Хүндээр өвчлөх юм уу эдгэршгүй өвчин тусах сайн гэж үү? Үхэх нь бүр ч дор. Ер нь бурхан оршин байдаг юм уу, үгүй юу? Би мэдэхгүй” гэдэг. Тэд үргэлж Бурханы талаарх эргэлзээгээр дүүрэн байдаг. Олон хүн үүргээ гүйцэтгэж, Бурханы гэрийн ажил улам бүр өргөжиж, чуулган өдөр ирэх тусам цэцэглэн хөгжиж байгааг хараад тэдэнд Бурхан оршин байх ёстой гэж санагддаг. Ялангуяа ах эгч нар Бурханы харуулсан тэмдэг, гайхамшгууд болон Бурханаас хүртсэн нигүүлслийнхээ талаар гэрчлэл хийхийг сонсох үедээ шийдэмгий бус энэ хүмүүс бүр ч хүчтэйгээр ингэж мэдэрдэг: “Бурхан гарцаагүй оршин байдаг! Хэдийгээр хүмүүс бурхны сүнсийг харж чадахгүй ч бие махбодтой болсон бурхны хэлсэн үгийг хүмүүс сонссон, маш олон хүн бурхны үгийг нөхөрлөж, бурхны үгийг туулж байгааг би бас сонссон. Тиймээс, бурхан гарцаагүй оршин байх ёстой!” Чуулган цэцэглэн хөгжиж, бүх зүйл саадгүй явагдаж, өөдлөн дэвжиж, чуулганы ажил улам бүр өргөжиж байх үед, ялангуяа ах эгч нар зарим нэг онцгой нөхцөл байдал, онцгой хэрэг явдлыг туулж, эдгээр зүйлээр дамжуулан Бурханы хамгаалалт, дээд эрх, удирдлагыг харах үедээ Бурхан оршин байдаг бөгөөд Бурхан үнэхээр сайн гэдгийг мэдэрдэг. Гэвч хэсэг хугацааны дараа тэд бухимдал, бэрхшээлтэй тулгарч магадгүй, зарим нь бүтэлгүйтэл, ухралт туулж магадгүй, эсвэл Бурханы гэр хэсэг хүмүүсийг таягдан хаяж магадгүй; эдгээр зүйл, ялангуяа сүүлийнх нь тэдний үзэлтэй ноцтой зөрчилдөж, санаанд нь багтамгүй байдаг. Тэдэнд “Хэрвээ бурхан оршин байдаг юм бол эдгээр зүйл яаж тохиолддог байна аа? Эдгээр нь тохиолдох ёсгүй! Шүтлэггүй хүмүүсийн дунд ийм зүйл тохиолдох нь хэвийн хэрэг, гэхдээ бурхны гэрт бас яаж тохиолдож чадаж байна аа? Хэрвээ бурхан оршин байдаг бол эдгээр хэрэг явдлыг шийдвэрлэж, эдгээр зүйлийг тохиолдохоос сэргийлэх ёстой, учир нь тэр төгс хүчит, эрх мэдэлтэй, хүч чадалтай шүү дээ! Тэгэхээр бурхан үнэхээр оршин байдаг юм уу, үгүй юу? Хүмүүс бурхны сүнсийг харж чадахгүй. Бие махбодтой болсон бурхны хэлсэн үгийн тухайд бол, хүмүүс бүгд тэдгээрийг үнэн, зам бөгөөд хүмүүсийн амь болж чадна гэж хэлдэг. Гэхдээ яагаад надад тэдгээр нь үнэн гэж санагдахгүй байна вэ? Би маш удаан хугацаанд номлол сонссон ч миний амь огтхон ч өөрчлөгдөөгүй! Би маш их зовсон—би юу олж авсан юм бэ?” гэж санагддаг. Тэд Бурханы талаар эргэлзэж эхэлдэг бөгөөд үүргээ гүйцэтгэх урам зориг нь буурч, хөрдөг. Дараа нь тэд Бурханы гэрээс явж, ажил хийж, мөнгө олон, аятайхан амьдрах талаар боддог—иймэрхүү идэвхтэй бодол төрж эхэлдэг. Тэд дотроо ингэж боддог: “Хэрвээ миний итгэдэг бурхан жинхэнэ бурхан биш бол, бурханд итгэх энэ бүх хугацаандаа ажил хийж, мөнгө олоогүй минь маш том хохирол байх болно! Үгүй ээ, ингэж бодох нь буруу. Би зөв итгэх хэрэгтэй шүү дээ. Бурхны үгийг илүү их унших нь үнэнийг ойлгож, бүх асуудлыг шийдвэрлэж, цаашид сул дорой биш байх боломж олгоно гэж хүмүүсийн хэлэхийг би сонссон. Гэвч би бурхны үгийг уншсан ч үнэнийг ойлгоогүй л байна. Яагаад би сөрөг мэдрэмжтэй хэвээр байна вэ? Яагаад надад үргэлж үүргээ гүйцэтгэх эрч хүч байхгүй юм шиг санагддаг юм бэ? Бурхан миний дотор ажиллахгүй байна! Надад маш олон бэрхшээл байгаа ч бурхан надад гарах гарц нээж өгсөнгүй. Тэгэхээр, бурхан үнэхээр оршин байдаг юм уу, үгүй юу? Хэрвээ энэ нь үнэн зам юм бол бурхан үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийг амар амгалан, саадгүй, хэвийн байлгаж ерөөх ёстой. Тэгвэл яагаад сайн мэдээ номлож, үүргээ гүйцэтгэхэд ийм том бэрхшээлүүд тулгарсаар байгаа юм бэ? Хэдийгээр шашны ертөнц хоцрогдож, төгс хүчит бурханд итгэх нь Хаанчлалын эрин үед орж байгааг би мэддэг ч ариун сүнс яаж ажилладгийг би яагаад хараагүй байдаг билээ?” Эдгээр нь ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол сүнслэг ойлголтгүй хүмүүс юм. Тэд Бурханы үгийг уншдаг ч үнэнийг ойлгодоггүй. Үнэнийг хэчнээн их нөхөрлөлөө ч тэд утгыг нь ухамсарлаж чаддаггүй. Тэд үргэлж үзэл, төсөөлөлдөө үндэслэн аливааг авч үздэг бөгөөд Бурханы талаарх эргэлзээгээр байнга дүүрэн байдаг. Ийм хүн яаж үнэнийг ойлгож чадах юм бэ? Зарим хүн сайн мэдээ номлох нь нэлээд хэцүү гэдгийг хараад, “Хэрвээ энэ нь үнэн зам байсан бол ариун сүнс асар их ажиллах байсан. Ах эгч нар сайн мэдээ номлохоор хаашаа ч явсан саадгүй, чөлөөтэй байх байсан. Үүнээс ч илүүтэйгээр, засгийн газрын албан тушаалтнууд ч бас итгэж эхлэн, бүх зүйлд дэмжлэг үзүүлэх байсан. Энэ л үнэхээр жинхэнэ бурхны хийх зүйл байх байсан. Гэтэл одоо баримтуудыг харахад огт тийм биш байна. Дэлхийн улс орнуудын ерөнхийлөгч, албан тушаалтнууд бурханд итгэдэггүйгээр үл барам, бурханд итгэх итгэлийг дэмждэггүй. Зарим улс оронд засгийн газар нь бүр итгэгчдийг хавчиж, хүмүүсийг бурханд итгэхэд саад болдог. Тэгэхээр, бидний итгэдэг бурхан үнэхээр жинхэнэ бурхан мөн үү? Би мэдэхгүй; хэлэхэд хэцүү юм” гэж боддог. Тэдний зүрх сэтгэлд үргэлж асар том асуултын тэмдэг байдаг. Ямар нэг мэдээ сонсох бүрд, нөлөө нь их ч биш, бага ч биш “газар хөдлөлт” мэт тэдэнд санагдаж, тэднийг шийдэмгий бус болоход хүргэдэг. Зарим хүн: “Тэд Бурханд итгээд удаагүй байгаа болохоороо үргэлж шийдэмгий бус байдаг юм болов уу?” гэж хэлдэг. Тийм биш—зарим хүн гурван жил, таван жил, эсвэл бүр арваас ч олон жил итгэсэн байдаг. Үүнийг богино хугацаа гэж үзэх үү? Хэрвээ хэн нэгэн Нигүүлслийн эрин үеийн ажлын үеэр гурав юм уу таван жил итгэсэн бол үүнийг удаан гэж үзэхгүй байсан, учир нь тэд эцсийн өдрүүд дэх Бурханы айлдвар, үгийг сонсоогүй; тэд Библиэс болон хүмүүсийн номлолоос бага зэрэг библийн мэдлэг, сүнслэг онолыг л ойлгосон. Энэ нь олж авсан зүйл гэхэд хэтэрхий бага юм. Одоогийн үе шатны ажлыг хүлээн зөвшөөрсөн хүний хувьд энэ нь өөр—тэд үүргээ гүйцэтгэж, Бурханыг гурван жил дагахад л туршлагажиж, ойлгож, олж авдаг зүйл нь Нигүүлслийн эрин үед Эзэнд хорь, гучин жил, эсвэл бүр насан туршдаа итгээд олж авч чадах зүйлээс давдаг. Гэвч шийдэмгий бус энэ хүмүүс гурав, тав, эсвэл бүр арваас ч олон жил итгэсэн хэр нь ажлын энэ үе шатыг Бурхан хийж байгаа эсэхийг тодорхойлж чаддаггүй хэвээр бөгөөд Бурханы оршин тогтнолд ч эргэлздэг. Ийм хүмүүс маш төвөгтэй гэж чи хэлэх үү? Тэд үнэнийг ухамсарлах чадвартай юу? (Үгүй.) Тэд хэвийн хүн чанарын сэтгэлгээтэй юу? (Үгүй.) Тэд үнэнийг ухамсарлаж чаддаггүй. Чуулганд ямар ч нөхцөл байдал үүссэн, тэр нь үргэлж тэднийг шийдэмгий бус байхад хүргэж чаддаг—зүрх сэтгэл дэх асуултын тэмдэг нь тэдэнд байнга “газар хөдлөлт” үүсгэдэг. Хэрвээ антихристүүд чуулганд үймээн дэгдээж, зарим хүн төөрөлдвөл, эсвэл тэдний шүтдэг хэн нэгэн тахил хулгайлах юм уу садар самуун үйлдэх гэх мэт тэдний төсөөлөөгүй зүйлийг хийж, зайлуулагдвал энэ нь тэдний зүрх сэтгэлийг шийдэмгий бус болгож, тэд Бурханд эргэлзэж эхэлдэг: “Энэ нь бурхны ажлын урсгал биш гэж үү? Тэгвэл чуулганд яаж ийм ёс бус зүйл тохиолдож чадаж байна аа? Бурхан яаж антихристүүд болон ёрын муу хүмүүс гарч ирэхийг зөвшөөрч чадаж байна аа? Энэ үнэхээр үнэн зам мөн үү?” Чуулганд тохиолддог, өөрсдийнх нь үзэлтэй зөрчилддөг бүхэн тэдэнд эргэлзээ төрүүлж, энэ нь үнэн зам мөн эсэх, Бурханы ажил мөн эсэх, Бурхан үнэхээр оршин байдаг эсэхэд эргэлзэж эхлэхэд хүргэдэг. Тэд хэрэг явдлыг зөвөөр харахын тулд үнэнийг огт эрж хайдаггүй. Энэ үе шатны ажлыг Бурхан хийж байгаа гэдэгт тэд эхнээсээ дуустал үндсэндээ хэзээ ч итгэж байгаагүйг батлахад энэ нь дангаараа хангалттай. Үнэн гэж юу болохыг, эсвэл Бурхан яагаад үнэнийг илэрхийлдгийг тэд эхнээсээ дуустал хэзээ ч мэдээгүй. Бурхан маш олон үг хэлж, маш их ажил хийсэн—энэ бүхэн бол Бурханы хийсэн зүйл. Маш олон хүн үүнийг баталж, баттай болсон ч тэд эдгээр зүйлд үндэслэн хэрэг явдлыг харахаас татгалздаг. Тэд үргэлж хүний үзэл бодол, хүний сэтгэлгээг ашиглан дүгнэлт хийдэг—тэд өөрсдөдөө хэтэрхий их итгэдэг. Чуулганы ажил юм уу чуулганы амьдралд зарим нэг цоорхой, гажуудал гарах үед, эсвэл чуулганыг засгийн газар дарж, хавчих үед тэд дахиад л “Энэ үнэхээр үнэн зам мөн үү?” гэж эргэлзэж эхэлдэг. Чуулганд антихристүүд болон хуурамч удирдагчид гарч ирэх үед тэд бас л эргэлзэж эхэлдэг. Тэд: “Шашны чуулгануудын тэр пастор, ахлагч нарыг хар даа—тэд эзэнийг үнэхээр хайрладаг, тэдний чуулганд ямар ч антихристийн хэрэг гардаггүй. Тэр чинь л үнэн зам шүү дээ. Хэрвээ танай эндхийн зам үнэн зам юм бол яагаад ийм зүйл тохиолдсоор байгаа юм бэ?” гэж хэлдэг. Тэд ингэж л харьцуулалт хийдэг. Тэгвэл бусад мулгуу хүн яаж харьцуулалт хийдэг вэ? Тэд: “Гурван-Өөрөө Сүмд бурханд итгэдэг тэр хүмүүсийг хар даа—тэд төрийн зөвшөөрөлтэй, төрөөс тэдэнд бүр гэрчилгээ олгож, сүм барих газар өгдөг. Энэ нь бүхэлдээ зүй ёсны, хууль ёсных. Та нар олон нийтийн чуулгантай юу? Танай чуулганууд бүртгэлтэй юу? Төрөөс Гурван-Өөрөө сүмүүдэд бүр пастор томилж өгдөг, тэр пасторууд нь лицензтэй байдаг. Танай удирдагч, ажилчид лицензтэй юу? Төрөөс та нарыг бурханд итгэхийг зөвшөөрдөггүй; та нарыг баривчилж, хавчдаг. Та нарт бүр цуглах тогтсон газар ч байхгүй; та нар үргэлж нууцаар цуглардаг. Энэ үнэхээр үнэн зам мөн үү? Хэрвээ энэ үнэн зам мөн бол та нар яагаад үргэлж ингэж нууцаар цугларч, үүргээ гүйцэтгэдэг юм бэ?” гэж хэлдэг. Тэд энэ хэрэг явдлыг ч нэвт харж чаддаггүй. Ямар ч нөхцөл байдал тэднийг шийдэмгий бус болоход хүргэж, Бурханд эргэлзэх эргэлзээ төрүүлж чаддаг. Надад хэл дээ, ийм хүн бат зогсож чадах уу? (Үгүй.) Хэдийгээр тэд гаднаа чуулганыг орхиогүй ч зүрх сэтгэлдээ аюулын ирмэг дээр байдаг. Тэд Бурханы ажил болон Бурханы илэрхийлсэн үнэнүүдэд хэзээ ч баттай итгэж чадахгүй, үргэлж хагас итгэж, хагас эргэлзэж байдаг; энэ нь тэднийг жинхэнэ итгэлтэй байх боломжгүй болгодог. Бурханы ажлын энэ олон жилд тохиолдсон хавчлага, дарангуйлал, баривчилгаа нь бүгд Бурханы дээд эрхийн дор байсан бөгөөд бүгд Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад багтдаг гэдгийг тэд харж чаддаггүй. Тийм учраас тэд үзэл тээж, Бурхан бүх зүйлийг захирч чадах эсэхэд эргэлзэж чаддаг. Бурханы гэрийн бүх ажлыг хүмүүс хийдэг гэж тэд үргэлж үзэн, Бурханы үйл хэргийн өчүүхэн төдий ч шинж тэмдгийг харж чаддаггүй. Тэд үл итгэгч биш гэж үү? Хэрвээ ийм хүн дөнгөж зургаан сар юм уу нэг жил шинээр итгэж байгаа бөгөөд янз бүрийн үнэнийг тодорхой ухамсарлаж амжаагүй бол үзэлтэй нь зөрчилдөх зүйлсийг хараад эргэлзэж, шийдэмгий бус болох нь ойлгомжтой. Гэвч зарим хүн Бурханд итгээд хэдэн жил болсон, олон номлол сонссон бөгөөд бэрхшээлтэй тулгарах үед нь тэдэнтэй үнэнийг нөхөрлөсөн байдаг. Тухайн үедээ тэд сонссон зүйлээ хоосон сургаалын хувьд ойлгосон. Гэвч дараа нь дахин асуудалтай тулгарах үедээ тэд Бурханд болон Бурханы ажилд эргэлзсээр л байдаг. Энэ нь ийм хүмүүс үнэнийг ухамсарлах чадваргүй, хэвийн хүн чанарын сэтгэлгээгүй, хүн байх стандартад нийцдэггүйг харуулж байна.

Шийдэмгий бус хүмүүстэй хэрхэн харьцах ёстой вэ? Хүн чанарын хувьд энэ хүмүүс ёрын муу хүмүүсийн хэмжээнд хүрэхгүй ч үнэхээр төвөгтэй төрлийн хүмүүс мөн, учир нь тэд үнэнийг ухамсарлах чадваргүй, хэвийн хүн чанарын сэтгэлгээгүй. Хамгийн чухал нь, тэд Бурханы илэрхийлсэн олон үнэнийг ч баталгаажуулж чаддаггүй, эдгээр үг нь үнэн мөн эсэх, эсвэл Бурханы илэрхийлэл, Бурханы ажил мөн эсэхийг ч мэддэггүй. Ухамсарлах чадвараас нь авч үзвэл тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэднийг үл итгэгчид гэж хэлэх нь зөв, бас мунхаг хүмүүс гэж хэлэх нь ч зөв. Хэдийгээр энэ төрлийн хүмүүс илэрхий ёрын мууг үйлдээгүй, ёрын муу хүмүүс гэж тооцогдохгүй ч ийм хэмжээнд мунхаглаж, саад болж, үймүүлдэг олон зүйлийг хийж чаддагаас нь харвал тэд ямар ч хэрэггүй хүмүүс биш гэж үү? (Тийм.) Тэд Бурханд хэчнээн удаан итгэсэн, эсвэл хэчнээн олон номлол сонссон нь хамаагүй, үнэнийг хэзээ ч ойлгож чаддаггүй. Тэд Бурханы оршин тогтнол юм уу Бурханы дээд эрхийг ч баталгаажуулж чаддаггүй. Энэ ямар гээчийн хэв чанар вэ? Энэ хүмүүст үнэнийг ухамсарлах чадвар огт байхгүй. Тэд маш муу хэв чанартай хүмүүс; эсвэл тэднийг ямар ч хэв чанаргүй—уураг тархигүй, хэрэггүй хүмүүс гэж хэлж болно. Надад хэл дээ, хэрэггүй хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? (Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй.) Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй бөгөөд үргэлж эргэлзэж, шийдэмгий бус байдаг. Тэгвэл ийм хүмүүст хэрхэн хандаж, зохицуулах ёстой вэ? Ийм хүмүүстэй харьцах хамгийн тохиромжтой арга бол тэднээр ямар ч үүрэг гүйцэтгүүлэхгүй байх явдал юм. Тэд үүрэг гүйцэтгэхийг хүссэн ч зөвшөөрөх ёсгүй. Яагаад болохгүй гэж? Яагаад гэвэл, ийм хүмүүс үүрэг гүйцэтгэж эхэлмэгцээ, ялангуяа бэрхшээл туулж, тодорхой төлөөс төлөх үедээ эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы гэртэй тооцоо бодохыг хүснэ. Хэрвээ тэд баривчлагдвал, эсвэл байгалийн гамшиг, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гай гамшигтай тулгарвал Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадсандаа харамсана; тэд гашуунаар гомдоллож, “Би чуулганы ажлын төлөө, үүргээ гүйцэтгэхийн төлөө маш их зовсон. Би хэчнээн бага хоол идэж, хэчнээн бага унтаж, өчнөөн бага мөнгө олсон. Хэрвээ би үүрэг гүйцэтгээгүй бол олсон мөнгөө банкинд хадгалуулж, хүү авч болох байсан! Би маш их эрсдэл хүлээсэн—эрсдэлтэй цаг тутам нь хэр их үнэтэй вэ? Хөдөлмөрийн хөлс хэд вэ?” гэх мэт үг тараана. Тэд Бурханы гэртэй санхүүгийн тооцоо бодохыг оролдох бөгөөд хэрвээ Бурханы гэр нөхөн төлбөр олгохгүй бол Бурханы гэрийг мэдээлнэ гэж ч сүрдүүлнэ. Ийм хүмүүсээр үүрэг гүйцэтгүүлэх нь эцэс төгсгөлгүй төвөг удах биш үү? Ийм дорд хүмүүстэй харьцах нь шийдвэрлэх боломжгүй ээдрээтэй байдалд хүргэнэ. Тэд чуулганы төлөө хэчнээн олон зүйлийг зохицуулсан ч зүрх сэтгэлдээ жижигхэн тооцооны дэвтэр хөтөлж, данс бүртгэл бүрийг тодорхой тэмдэглэж байдаг. Тэд чуулганы төлөө юу ч хийсэн, хэзээ ч дуртайяа хийдэггүй. Тэд дургүй байдаг учраас тооцоо бодохыг хүсдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, зүрх сэтгэлдээ тэд Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл Бурханы оршин тогтнолд итгэдэггүй. Тэд Бурханы үг бол үнэн гэдгийг, эсвэл Бурханы ажил хүмүүсийг аварч чадна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл өөрсдийнхөө оюун санаанд төсөөлсөн тэрхүү бурхан гэгчийнхээ төлөө бага зэрэг төлөөс төлж, жаахан зовж, зарим үүрэг гүйцэтгэж, хүн хүч, эд материалын нөөцөө бага зэрэг зарцуулсныхаа төлөө сэтгэл хангалуун байхын тулд тэдэнд ямархуу шагнал өгвөл сэтгэл хангалуун байх вэ? Хэрвээ тэд хариуд нь юу ч авахгүй бол сэтгэл хангалуун байх уу? Хэрвээ нэг л өдөр тэд үнэнийг эрэлхийлээгүйнхээ төлөө таягдан хаягдсанаа ухаарвал үр дагавар нь юу байх вэ? Тэд Бурханы гэр өөрсдийг нь мэхэлсэн, удирдагч, ажилчид өөрсдийг нь хуурсан, өөрсдөө юу ч мэдэхгүй байсаар луйврын хохирогч болсон гэж бодно. Тэгээд тэд Бурханы гэртэй заргалдаж, нөхөн төлбөр шаардаж, эцэс төгсгөлгүй сунжруулна. Бурханы гэр ийм хүнтэй орооцолдохыг хүснэ гэж чи бодож байна уу? Бурханы гэр ийм тэнэг зүйл яавч хийхгүй! Бурханы сонгосон хүмүүс бүтээгдсэн зүйлийн хариуцлагыг биелүүлэхийн тулд үүргээ гүйцэтгэдэг—энэ нь бүхэлдээ өөрсдийнх нь сонголт, дуртайяа хийдэг зүйл нь юм. Бурханы гэр хэзээ ч хэнийг ч хүчилж, албаддаггүй. Гэвч үл итгэгчид үүрэг гүйцэтгэж эхэлмэгц л асуудал гарах нь цаг хугацааны асуудал болдог. Тэд сэтгэл дундуур байх үедээ гарцаагүй үглэж, гомдоллож эхлэх бөгөөд бусдад “Та нар бүгд маш сайхан ярьж, бурханд итгэснээр үнэн болон мөнх амийг олж авна гэж намайг хуурсан. Гэхдээ чуулганд хүмүүсийг төөрөлдүүлдэг антихристүүд, чуулганы ажилд саад болж, үймүүлдэг ёрын муу хүмүүс байдаг, эсвэл чуулган хүмүүсийг зайлуулж, хөөдөг гэж та нарын хэн нь ч дурдаагүй. Чуулганд ийм зүйл тохиолдоно гэж та нар надад хэзээ ч хэлээгүй шүү дээ!” гэж хэлнэ. Тэд бүр эргэж хараад, чамайг буруутгаж, “Чи надад эдгээр зүйлийг хэзээ ч тодорхой тайлбарлаж өгөөгүй. Би зүгээр л та нарыг дагаж бурханд итгэж, үүргээ гүйцэтгэсэн. Үр дүнд нь, одоо надад ертөнцөд ямар ч хэтийн ирээдүй алга; та нар их мөнгө олоход минь саад болсон. Та нар миний хохирлыг нөхөн төлөх ёстой!” гэж хэлж чадна. Тэднийг тооцоо бодож эхлэх үед чамд зэвүүцмээр санагдахгүй гэж үү? Чи тэдэнтэй орооцолдохыг хүсэх үү? (Үгүй.) Ийм хүмүүст хэн юмыг тодорхой ойлгуулж ер нь чадах юм бэ? Тэд үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы оршин тогтнолыг харж чаддаггүй, туршлагаараа дамжуулан Бурханы оршин тогтнолыг мэдэрч чаддаггүй. Надад хэл дээ, хэн энэ баримтыг тэдний оюун ухаанд чихэн оруулж чадах вэ? Хэн ч чадахгүй. Тэд үнэнийг хүлээн авах чадваргүй тул тэднээс үнэнийг эрэлхийлэхийг шаардах нь тэдэнд маш их хүндрэл учруулж, тэднийг хэцүү байдалд оруулна—ингэх нь зүгээр л бодитой бус. Тэд зөвхөн ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгэдэг. Тэд жаахан үүрэг гүйцэтгэж л байвал шагнал нэхдэг. Хэрвээ тэд хүссэнээ авч чадахгүй бол “Намайг хуурч мэхэлсэн! Та нар бүгд луйварчид!” хэмээн харааж зүхэж эхэлдэг. Надад хэл дээ, та нар ийм доромжлолыг тэвчихийг хүсэх үү? (Үгүй.) Тэднийг хэн хуурсан юм бэ? Тэд өөрсдөө амбиц, хүсэлтэй бөгөөд ерөөл хүртэхийг хүсдэг биз дээ? Тэд чухамдаа ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгээгүй гэж үү? Тэд одоо ерөөл хүртээгүй ч энэ нь үнэнийг эрэлхийлдэггүйгээс нь болсон биш үү? Энэ нь өөрсдийнх нь асуудал биш гэж үү? Тэд Бурханд итгэдэг ч үгүй хэр нь Бурханаас ерөөл хүртэхийг хүссээр байдаг—ерөөл хүртэх нь яаж тийм амархан байж болох юм бэ? Тэднийг үүрэг гүйцэтгэж эхлэхээс нь хамаагүй өмнө эдгээр явдлыг тэдэнд тодорхой тайлбарлаагүй гэж үү? (Тайлбарласан.) Гэхдээ чи тэдэнд учирлаж чадах уу? Чадахгүй—тэд зүгээр л чамайг өөрсдийг нь хуурсан гэж хэлнэ. Надад хэл дээ, Бурханы гэрт ах эгч нар хэчнээн удаан хугацаанд Бурханд итгэсэн байхаас үл хамааран тэдний дунд сайн дураараа үүрэг гүйцэтгэдэггүй хэн байна вэ? Хэдийгээр хүүхдүүд нь Бурханд итгэдэггүй, эцэг эх, хамаатан садан нь тэднийг чирж гулдран итгүүлж, үүрэг гүйцэтгүүлдэг ховор тохиолдол байдаг ч энэ нь маш цөөн. Эцэг эх чинь чамайг үүнд чирч оруулсан байлаа ч энэ нь чиний л сайн сайхны төлөө юм—чи үүнийг ойлгох ёстой. Гэхдээ энэ бол гэр бүлийнхэн чинь чамайг чирч байгаа хэрэг—Бурханы гэрийн ах эгч нар чамайг чирдэггүй, хүчилдэггүй. Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэх нь бүхэлдээ сайн дурын хэрэг юм. Яг одоо явахыг хүссэн хэн боловч явж болно; Бурханы гэрийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Гэхдээ чи нэг л явсан бол буцаж ирэхэд тийм ч амар байхгүй. Бурханы гэрт бүтэн цагаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг анхааралтай сонгодог—хэнийг ч хамаагүй хүлээж авдаггүй. Шаардлагатай стандартууд болон зарчмууд байдаг бөгөөд зөвхөн шалгуур хангасан хүмүүс л бүтэн цагийн үүрэгтэй чуулганд үлдэж чадна. Шийдэмгий бус хүмүүс “Та нар ийм чухал хэрэг явдлыг надад тодорхой тайлбарлаж өгөөгүй. Тухайн үед би будилсан учраас л үүрэг гүйцэтгэсэн” гэж боддог. Юуг тодорхой тайлбарлаагүй гэж? Ах эгч нар үүрэг гүйцэтгэж байхдаа өдөр бүр хамтдаа үнэнийг нөхөрлөдөг—хэрвээ энэ хүмүүс ойлгоогүй бол энэ нь тэд мунхаг, сохроос болж байгаа юм. Тэд үүнийхээ төлөө өөр хэнийг ч буруутгаж болохгүй. Гэвч тэд энэ талаар чамд учирлахгүй; тэдэнд зүгээр л их хохирол амссан гэж санагдаад, Бурханы гэртэй тооцоо бодож, маргалдахыг хүсдэг. Ийм хүмүүс эрүүл ухаангүй, туйлын жигшмээр биш гэж үү? Тиймээс, та нар ийм хүмүүсийн үнэн төрхийг мэдэж, тэд бол мунхаг, ямар ч хэрэггүй, ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй, байнга ерөөл хүртэхэд анхаардаг, зүрх сэтгэл нь ерөөл хүртэх бодолд автсан, үүрэг гүйцэтгэх нь ерөөл, аврал, хаанчлалд орох оролт, мөнх амь авчирч чадна гэдгийг л мэддэг, өөр юу ч ойлгохгүйгээр зөвхөн энэ хэдэн үг хэллэгийг л мэддэг—үнэн гэж юу болох, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, Бурханыг хэрхэн дуулгавартай дагахыг мэддэггүй гэдгийг тодорхой хармагцаа, тэд үүрэг гүйцэтгэхийг хүссэн ч, эсвэл үүрэг гүйцэтгэх хүсэлт тавьсан ч гэсэн тэднийг үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулж болох уу? (Үгүй.)

Шийдэмгий бус хүмүүс үнэндээ эсэн мэнд, аюулгүй байхдаа ч эргэлзэж, үргэлж ажиглаж байдаг. Хавчлага, баривчилгаатай тулгармагцаа тэд шийдэмгий бус болж эхэлдэг. Энэ нь тэд ердийн үед Бурханд итгэхдээ жинхэнэ итгэлтэй байдаггүйг харуулж байна. Нөхцөл байдал үүсэх үед тэд илчлэгддэг. Энэ нь тэд Бурханы ажилд хэзээ ч итгэлтэй байгаагүй бөгөөд үргэлж эргэлзэж, ажигласаар ирснийг харуулдаг. Тэд яагаад чуулганыг орхин яваагүй вэ? Тэд “Би бурханд олон жил итгэж, маш их зовлон зүдүүр амссан. Хэрвээ би одоо ямар ч ашиг тус хүртэлгүйгээр явбал энэ нь хохирол болох биш үү? Тэр бүх зовлон зүдүүр талаар болохгүй гэж үү?” хэмээн боддог. Тэд ингэж л боддог. Чи тэднийг лавтай мэддэг, жинхэнэ итгэлтэй, үнэнийг ойлгодог гэж бодож магадгүй ч үнэн хэрэгтээ тэд тэгдэггүй. Тэд эргэлзсэн хэвээр, ажигласан хэвээр байдаг. Зүрх сэтгэлдээ тэд Бурханы гэрийн ажил үнэхээр цэцэглэн хөгжиж байгаа эсэх, ажил бүр нь үр дүнд хүрч байгаа эсэх, дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлсэн эсэхийг л харахыг хүсдэг. Тэдний онцгойлон мэдэхийг хүсдэг зүйлс нь дараах зүйлс юм: Төрөл бүрийн улс орон дахь чуулганууд сайн мэдээг хэрхэн түгээж байна вэ? Энэ нь цар хүрээтэй, нөлөөтэй юу? Энэ урсгалыг олон улсад хүлээн зөвшөөрсөн үү? Ямар нэгэн алдартай хүмүүс юм уу нөлөө бүхий хүмүүс ажлын энэ үе шатыг хүлээн авсан уу? Төгс Хүчит Бурханы Чуулганыг НҮБ-аас хүлээн зөвшөөрч, сайшаасан уу? Төрөл бүрийн улс орны засгийн газрын дэмжлэгийг авсан уу? Төрөл бүрийн улс орон дахь ах эгч нарын улс төрийн орогнол хүссэн өргөдөл батлагдсан уу? Эдгээр нь ийм хүмүүсийн үргэлж анхаардаг зүйлс бөгөөд шийдэмгий бус байдлынх нь тодорхой нэг илрэл юм. Бурханы гэр хүч чадалтай болж, сайн мэдээний ажил түгснийг хармагцаа тэд Бурханы гэрийг орхиогүйдээ өөрсдийгөө азтайд тооцож, Бурханд эргэлзэхээ больдог. Гэвч Бурханы гэрийн ажил үймүүлэгдэж, саад тотгортой тулгарч, эсвэл хохирол амсаж, ах эгч нарын үүргийн гүйцэтгэлд ч мөн нөлөөлж, чуулган дэлхий ертөнцөд гадуурхагдаж, үгүйсгэгдэж байгааг хармагцаа тэд Бурханы гэрийг орхих талаар бодож эхэлдэг. Тэд үргэлж “Бурхан үнэхээр энэ бүхнийг захирдаг гэж үү? Яагаад би бурхны төгс хүчинг харж чадахгүй байна вэ? Бурханы үг үнэхээр үнэн гэж үү? Тэдгээр нь хүмүүсийг үнэхээр цэвэрлэж, аварч чадах уу?” хэмээн эргэлздэг. Тэд сүнслэг ойлголтгүй, Бурханы үгийг ойлгож чаддаггүй учраас эдгээр хэрэг явдлыг хэзээ ч нэвт харж чаддаггүй бөгөөд эргэлзсээр байдаг. Тэд хэчнээн олон номлол сонссон ч энэ бүхний талаар ямар ч дүгнэлтэд хүрч чаддаггүй. Үр дүнд нь тэд үргэлж энд тэндээс сураглаж, алс холыг сонсдог чихтэй, мянган бээрийн цаадахыг хардаг нүдтэй болохыг хүсдэг, ингэснээр тэд алс хол юу болж байгааг мэдэж, мэдээлэл авч чадна. Тэгвэл тэд үлдэх үү, явах уу гэдгээ эртхэн шийдэж чадна. Ийм хүмүүс тэнэг биш гэж үү? (Тийм.) Энэ төрлийн хүмүүс ядаргаатай амьдралаар амьдарч байгаа биш гэж үү? (Тийм.) Тэдэнд хэвийн хүн чанарын сэтгэлгээ байдаггүй, тэд үнэнийг ч ойлгодоггүй. Аливаа зүйл тохиолдох тусам тэд улам бүр сандарч, будилдаг. Тэд эдгээр хэрэг явдлыг хэрхэн ялган таних, эсвэл хэрхэн тодорхойлохоо мэддэггүй; мөн эдгээр хэрэг явдлаас зөв, бурууг хэрхэн ялган таних, эсвэл тэдгээрээс сургамж авч, дараа нь Бурханы үгэн дотроос хэрэгжүүлэлтийн зарчмыг хэрхэн олохоо лавтайяа мэддэггүй. Тэд эдгээр зүйлийг хэрхэн хийхээ мэддэггүй. Тэгвэл тэд яадаг вэ? Жишээ нь, чуулганд антихристүүд болон ёрын муу хүмүүс гарч ирээд хүмүүсийг төөрөлдүүлэх үед тэд “Яг хэнийх нь зөв, хэнийх нь буруу юм бэ? Энэ зам үнэхээр үнэн гэж үү? Хэрвээ би эцсийг нь хүртэл үргэлжлүүлэн итгэвэл ерөөгдөх болов уу? Би хэдэн жилийн турш үүргээ гүйцэтгэж байна—энэ зовлон зүдүүр үнэ цэнтэй байсан уу? Би үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой юу?” хэмээн гайхаж эхэлдэг. Тэд бүх зүйлийг өөрсдийн ашиг сонирхлын үүднээс авч үздэг бөгөөд өмнөө байгаа хүн, үйл явдал, зүйлсийн алиныг нь ч ойлгож чаддаггүй, маш болхи харагддаг. Тэд зөв бодол санаа, үзэл бодолгүй бөгөөд хөндлөнгөөс ажиглаж, юмс хэрхэн өрнөхийг харахыг хүсдэг. Тэднийг хараад чамд өрөвдмөөр бас инээдтэй санагддаг. Юу ч болоогүй үед тэд нэлээд хэвийн авирладаг боловч ямар нэгэн томоохон зүйл тохиолдмогц энэ хэрэг явдлыг ямар байр сууринаас харахаа мэддэггүй бөгөөд тэдний хэлдэг зүйл шүтлэггүй хүмүүсийн бодол санаа, үзэл бодлыг тусгадаг. Бүх зүйл дууссаны дараа тэд үүнээс юу олж авсныг хэн ч харж чаддаггүй. Ийм хүмүүс маш тэнэг биш гэж үү? (Тийм.) Тэнэг хүмүүс яг ингэж авирладаг. Тэгвэл, энэ төрлийн хүмүүстэй зохицуулах зарчим юу вэ? Илрэлд нь үндэслэвэл тэднийг туйлын ов мэхтэй, хорон муу хүмүүс гэж үзэж болохгүй. Гэхдээ тэдэнд нэг хөнөөлт сул тал байдаг нь энэ хүмүүс ямар ч бодолгүй, сүнсгүй бөгөөд юуг ч нэвт харж чаддаггүй. Эргэн тойронд нь юу ч тохиолдсон тэд мухардалд орж, хэнд итгэх, хэнд найдах, эсвэл асуудлыг хэрхэн авч үзэх, хаанаас эхэлж шийдвэрлэхээ мэддэггүй—тэд зүгээр л сандарсан байдалтай байдаг. Сандарсныхаа дараа тэд эргэлзэж, эсвэл түр зуур тайвширч болох ч тэдний зуршил болсон шийдэмгий бус байдал өөрчлөгддөггүй. Тэдний илрэлээс харахад, тэднийг ёрын муу хүмүүс гэж ангилж болохгүй тул хэрвээ тэд одоогоор багахан үүрэг гүйцэтгэж, дуртайяа хөдөлмөрлөж чадаж байвал үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлж болно. Гэсэн хэдий ч энэ нь тэдний үүрэг ядаж зарим нэг үр дүн гаргах ёстой гэсэн нөхцөл дээр үндэслэдэг. Хэрвээ тэд үнэнийг огт хүлээн авахгүйгээр үүргээ гүйцэтгэж, үргэлж хааш яаш байдаг бол тэднийг гэр лүү нь буцаах ёстой. Харин тэд алдаагаа засахад бэлэн байвал Бурханы гэрт үлдэж, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг нь зөвшөөрөх ёстой. Тэдэнд тохирсон үүргийг нь хуваарилах ёстой. Хэрвээ тэд ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй, зүгээр л хэрэггүй хүмүүс бол тэднийг өөрсдөд нь тохирсон газар руу явуулах ёстой. Энэ тохиолдолд, тэд хөдөлмөрлөхөд бэлэн, хөдөлмөрлөх хүсэлтэй байгаа эсэх нь хамаагүй. Аливааг зохицуулах энэ арга зам энгийн биш гэж үү? (Тийм.)

Та нар шийдэмгий бус хүмүүсийг ялган таньж чадах уу? Та нарын эргэн тойронд ийм хүмүүс бий юу? Өнгөрсөн хугацаанд зарим хүн чуулганаас цэвэрлэгдсэн. Тэдний нэг нь ингэж хэллээ гэж бодъё: “Би сайнаар өөрчлөгдсөн. Би шийдэмгий байхаа больсон. Бурхны гэр хилийн чанадад ажлаа дөнгөж эхэлж байх үед бүх зүйл үнэхээр хэцүү байсан учраас би үнэн замын тухайд үргэлж шийдэмгий бус байсан. Тэр үед чуулган дахь ах эгч нарын хувьд сайн мэдээ номлох маш хэцүү байсан, хилийн чанадад үнэн замыг хүлээн авсан хүн цөөхөн байсан. Түүнчлэн, сайн мэдээний ажил түгэх ямар ч хэтийн ирээдүй байхгүй мэт санагддаг байв. Тиймээс би тэр үед бурхны ажилд үргэлж эргэлздэг байсан. Одоо би бурхны гэрийн сайн мэдээний ажил түгж, төрөл бүрийн ажил сайжирч, үр дүнд хүрч, янз бүрийн улс орон дахь чуулганууд улам цэцэглэн хөгжиж байгааг харж байгаа болохоор цаашид эргэлзэж, шийдэмгий бус байхгүй. Намайг үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрөөч. Намайг зайлуулагдсан юм уу хөөгдсөн хүмүүсийн эгнээнд бүү оруулаач!” Ийм хүнд боломж олгох нь зүгээр үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Тэдний үг худал. Тэд Бурханы гэрийн ажил түгэх хандлагатай болж, хүчээ авсныг харсан учраас л дахин чуулганд наалдахыг хүсэж байна. Гэвч тэдний үзэлтэй нийцэхгүй ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд дахин шийдэмгий бус болно.) Та нар энэ хэрэг явдлыг нэвт харсан уу? (Тийм.) Зарим хүн төрөлхөөсөө шийдэмгий бус байдаг. Өнөөдөр салхи нэг тийшээ үлээвэл тэд тэр зүгт дагадаг; маргааш өөр тийшээ үлээвэл өнөөх зүгт дагадаг—салхигүй байсан ч гэсэн тэд өөрсдөө шийдэмгий бус байсаар л байдаг. Ийм хүмүүст хэвийн хүнд байх ёстой сэтгэн бодох чадвар байдаггүй тул тэд хүн байх стандартад нийцдэггүй. Энэ зөв үү? (Зөв.) Хэрвээ хүн хэвийн хүний сэтгэн бодох чадвартай, хүмүүст байх ёстой ухамсарлах чадвартай бол Бурхан маш олон үнэнийг илэрхийлснийг харж, энэ бол Бурханы ажил мөн гэдгийг баталгаажуулж чадна. Түүгээр ч барахгүй, Бурханд итгэдэг маш олон хүн байгаа—тэд өдөр бүр Бурханы ажил болон Ариун Сүнсний ажил, түүнчлэн Бурханы гайхалтай үйлсийг хардаг; тэдний итгэл улам хүчтэй болж, үүргээ гүйцэтгэх эрч хүч нь нэмэгддэг. Энэ нь хүний ажлаар хүрч чадах зүйлс мөн үү? Хүний сэтгэн бодох чадваргүй хүмүүст чи эдгээр хэрэг явдлыг хэчнээн тодорхой тайлбарласан ч тэд үүнийг Бурханы ажил гэж баталгаажуулж чадахгүй. Тэдэнд тийм шүүн тунгаах чадвар байдаггүй. Одоо Бурханы хийж байгаа ажил хэчнээн агуу байх, Тэр хэчнээн их ярих, хэчнээн олон хүн Түүнийг дагах, хэчнээн олон хүн энэ нь Бурханы ажил гэдэгт бат итгэлтэй байх, эсвэл хүн төрөлхтний хувь заяа Бурханы дээд эрх, зохицуулалт дор байдаг бөгөөд Бурхан бол Бүтээгч гэдэгт хэчнээн олон хүн бат итгэлтэй байх нь хамаагүй, энэ бүхэн тэдэнд чухал биш. Тэгвэл тэдэнд юу хамгийн чухал вэ? Тэд тэнгэрээс Бурхан өөрсдөд нь харагдахыг биечлэн харах хэрэгтэй, бас Бурхан амаа нээж ярихыг, Тэр тэнгэр, газар, бүх зүйлийг биечлэн бүтээж, биечлэн тэмдэг, гайхамшиг үйлдэхийг харах хэрэгтэй, Түүнийг ярих үед үг нь аянга мэт дуугарах ёстой. Тэгж байж л тэд Бурханд итгэх болно. Тэд яг л Томас шиг—Эзэн Есүс газар дэлхий дээр байх хугацаандаа хэчнээн олон үг хэлж, хэчнээн их үнэнийг илэрхийлж, эсвэл хэчнээн олон тэмдэг, гайхамшиг үйлдсэн нь хамаагүй, аль нь ч Томаст чухал биш байсан. Эзэн Есүс үхсэнийхээ дараа дахин амилсан нь бодитой эсэх л чухал байсан. Тэр үүнийг хэрхэн баталгаажуулсан бэ? Тэр Эзэн Есүсээс “Гараа сунга, хадаасны ормыг чинь би харъя. Хэрвээ чи үнэхээр амилсан эзэн Есүс мөн бол чиний гарт хадаасны ором байх болно, тэгвэл би чамайг эзэн Есүс гэж хүлээн зөвшөөрнө. Хэрвээ би чиний гар дахь хадаасны ормыг тэмтэрч чадахгүй бол би чамайг эзэн Есүс гэж хүлээн зөвшөөрөхгүй, бурхан ч гэж хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн шаардсан. Тэр мангар байсан биш үү? (Тийм.) Ийм хүмүүс зөвхөн өөрсдийн нүдээр харж чадах баримтууд болон өөрсдийн төсөөлөл, оюун дүгнэлтэд л итгэдэг. Тэд Бурханы үгийг сонсож, Бурханы ажлыг туулж, Бурханы ажлын мандалт, өсөлт, цэцэглэлтийг харсан ч гэсэн энэ нь Бурханы ажил гэдэгт итгэхгүй хэвээр байдаг. Тэд Бурханы агуу хүч чадлыг харж чаддаггүй, Бурханы эрх мэдлийг харж чаддаггүй, Бурханы үгийн хүч чадал юм уу хүмүүст гаргаж чадах үр дүнг нь ялган таньж чаддаггүй. Тэд эдгээр зүйлийн алиныг нь ч харж, ялган таньж чаддаггүй. Тэд ганцхан зүйлд л найддаг: “Чи тэнгэрээс аянга мэт дуугаар ярьж, бүтээгч гэдгээ тунхаглах ёстой. Чи бас тэмдэг, гайхамшиг үйлдэж, агуу хүч чадлаа харуулахын тулд тэнгэр, газар, бүх зүйлийг биечлэн бүтээх хэрэгтэй. Тэгвэл би бурхан гэдэгт чинь итгэж, чамайг бурхан гэж хүлээн зөвшөөрнө.” Ингэж хүлээн зөвшөөрөхийг Бурхан үнэлдэг үү? Тэр ийм итгэлийг үнэлдэг үү? (Үгүй.) Бурхан Бурхан байхын тулд чамаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай юу? Түүнд чиний зөвшөөрөл хэрэгтэй юу? Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, маш олон хүн Бурханы ажлыг хүлээн авч, өмнөх аль ч үеийнхнээс давсан маш олон туршлагын гэрчлэл байсаар байтал чи үүнийг Бурханы илрэлт, ажил мөн эсэхийг баталгаажуулж чадахгүй хэвээр байна. Чи Бурханы аль хэдийн гүйцэлдүүлсэн баримтуудыг ч, Бурханы амлалтын биелэлтэд ч итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл чи ямар гээчийн амьтан бэ? Чи бүр хүн ч биш—чи бол мангар! Тэгсэн хэр нь Бурханаас ерөөл хүртэхийг хүссээр байдаг—бүтэшгүй хэрэг! Чи зүгээр л мөрөөдөж байна! Чи алхам тутамдаа Бурханд эргэлзэж, үгүйсгэдэг, үргэлж Бурханы гэрийн зовлон зүдгүүрийг шоолохыг хүсдэг. Чи Бурханы оршин тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрч, итгэж байгаагүй, Бурханы үг, ажлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч, итгэж, хүлээн авч байгаагүй. Тиймээс Бурханы амлалт чамд ямар ч хамаагүй, чи юу ч олж авахгүй. Зарим хүн: “Гэхдээ тэд үүргээ гүйцэтгэсээр байгаа шүү дээ. Тэд яаж юу ч олж авахгүй байх юм бэ?” гэж хэлдэг. Тэгвэл бид тэдний үүргээ гүйцэтгэх зорилго нь юу болох, тэд хэний төлөө үүнийг хийж байгаа, үүргээ гүйцэтгэхдээ ямар зарчим баримталдгийг тодорхой болгох ёстой. Хэрвээ чи Бурханы үгийг хүлээн авдаггүй бол үүргээ гүйцэтгэсэн ч гэсэн зүгээр л хөдөлмөрлөж байгаа хэрэг—энэ нь жинхэнэ дуулгавартай байдал биш. Бурхан чиний хийдэг зүйлийг үүргээ гүйцэтгэж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Бурханы нүдэнд чи сүнсгүй үхсэн хүнээс цаашгүй. Үхсэн хүн ерөөл горьдсоор байдаг—энэ нь зүгээр л хоосон мөрөөдөл биш гэж үү? Чи ядаж л багахан үүрэг гүйцэтгэж дөнгөж байгаа нь ерөөл хүртэх санаархалдаа хөтлөгдсөнийх юм. Тэгээд чи байнга эргэлзэж, дотроо үргэлж Бурханыг шүүж, яллаж, үгүйсгэж, мөн Бурханы үг, ажлыг шүүж, үгүйсгэдэг. Энэ нь чамайг Бурханы дайсан болгодог. Бурханы дайсан хүн бүтээгдсэн зүйлийн стандартад нийцэж чадах уу? (Үгүй.) Чи алхам тутамдаа өөрийгөө Бурханы дайсан болгож, Түүнийг болон Түүний ажлыг сүүдэр дундаас нууцаар ажиглаж, зүрх сэтгэлдээ Бурханы эсрэг нууцаар хашхичиж, Түүнийг шүүж, яллаж, Түүний үг, ажлыг шүүж, ялладаг. Хэрвээ энэ нь Бурханы дайсан байх явдал биш юм бол өөр юу юм бэ? Энэ бол Бурханд илт дайсагнаж байгаа хэрэг юм. Чи үл итгэгч ертөнцөд Бурханы дайсан болж байгаа хэрэг биш—чи үүнийг Бурханы гэр дотор хийж байна. Энэ нь бүр ч уучилшгүй хэрэг!

Шийдэмгий бус энэ хүмүүсийн хүн чанар-мөн чанар эсвэл илрэлийн алийг ч харсан бай, тэд үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы үг, ажлыг хүлээн авдаггүй. Тэд зөвхөн ерөөл хүртэж чадах эсэхдээ л анхаардаг. Тэд Бурханд эсвэл Түүний ажилд хэзээ ч бат итгэлтэй байдаггүй, үргэлж хөшигний ард ажиглаж, байнга шийдэмгий бус байж, эргэлздэг. Тэд Бурханыг дагангаа ажиглаж, алхаад зогсож, зогсоод алхдаг. Энэ хүмүүс нэлээд төвөгтэй! Ялангуяа одоо, чуулган хүмүүсийг байнга цэвэрлэж байгаа болохоор тэд үргэлж сэтгэл түгшин, “Би үргэлж шийдэмгий бус байдаг. Нэг л өдөр хэн нэгэн үүнийг анзаарч, намайг чуулганаас зайлуулах байх. Би бурхны талаарх дотоод эргэлзээгээ ил гаргаж болохгүй. Би энэ талаар хэнд ч хэлж болохгүй” гэж боддог. Тиймээс тэд хөшигний ард нууцаар ажигладаг; тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Бурханы шинжилтэд бүр ч итгэдэггүй учраас Бурханаар илчлэгдэхээс айдаггүй. Ах эгч нар Бурхан өөрсдийг нь хэрхэн залж чиглүүлсэн, хэрхэн сахилгажуулсан, хэрхэн хүмүүсийг илчилсэн, хэрхэн хүмүүсийг аварсан, Бурхан өөрсдөд нь хэрхэн нигүүлсэл, ерөөл хайрласан, мөн Бурханыг дагах явцдаа Түүний ажлыг хэрхэн туулж, юу мэдэрч, харж, эсвэл ухаарсан гэх мэт зүйлсийн талаар нөхөрлөхийг энэ хүмүүс байнга сонсдог. Ах эгч нар туршлагаар олсон энэ ойлголтынхоо талаар нөхөрлөхийг сонсох үедээ тэд дотроо “Та нарын ярьж байгаа тэр туршлага зүгээр л та нарын төсөөлөл үү? Зүгээр л хүний мэдрэмж үү? Би яагаад эдгээр зүйлийг мэдрээгүй юм бэ? Ялангуяа туршлагын гэрчлэлийн нийтлэл бичдэг хүмүүсийг би танихгүй, эдгээр туршлагаар дамжуулан тэд үүнд хэрхэн хүрснийг би хараагүй. Тэд үнэхээр үнэн-бодит байдалтай эсэх нь тодорхойгүй хэвээр байна!” гэж боддог. Зарим мангарууд Бурханы гэрийн ажлыг ажиглаж, эргэлзсээр байдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн бичсэн туршлагын гэрчлэлийн нийтлэлд ямар үнэн-бодит байдал агуулагдаж байгааг харж чаддаггүй, өөрсдийн шийдэмгий бус, итгэлгүй байдалд шалтаг шалтгаан, үндэслэл олохоор оролддог. Тэд өөрсдөө шийдэмгий бус байгаа учраас бусдыг ч бас шийдэмгий бус байж таарна гэж боддог. Хэрвээ хэн нэгэн хэзээ ч шийдэмгий бус байдаггүй, огт эргэлздэггүй бөгөөд үнэний талаарх ердийн нөхөрлөл нь үргэлж нэлээд бодит байдаг, ямар ч асуудалтай тулгарсан шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг бол энэ тэнэгүүдийн зүрх сэтгэлд ялгаатай байдлын мэдрэмж, тавгүйтэх мэдрэмж төрдөг. Өөрсдөд нь тавгүй санагдах үед тэд хэрхэн тайвшрал олдог вэ? Тэд өөрсөдтэйгөө яг адилхан хүнийг хайж, сэтгэл нэгтэй хүн олохоор оролддог. Хэн нэгэн сөрөг, сул дорой байгааг хармагцаа тэд өөрсдийн бодлыг цухуйлгаж, түүнийг тандаж, “Заримдаа би ч бас сөрөг болдог. Сөрөг байх үедээ би тэгэх ёсгүй гэдгээ мэддэг ч заримдаа бурхан үнэхээр оршин байдаг эсэхэд эргэлздэг” гэж хэлдэг. Хэрвээ нөгөө хүн нь тэдэнд хариу өгөхгүй бөгөөд тэр хүн зүгээр л сөрөг, сул дорой байгаа боловч Бурханд эргэлздэггүйг харвал тэд явж, өөр хүнийг тандахын тулд чин сэтгэлийн бус өөр зүйл хэлнэ: “Надад юу тохиолдоод байна гэж чи бодож байна? Би уг нь бурханд сайн л итгэж байгаа, гэхдээ би яагаад үргэлж түүнд эргэлздэг юм бэ? Энэ тэрслүү хэрэг биш гэж үү? Ийм байх ёсгүй шүү дээ!” Тэд нөгөө хүндээ тал засаж, тэднийг тандахын тулд л ийм юм хэлдэг. Бусад хүмүүс ч бас өөрсөдтэй нь адил Бурханд эргэлзэнэ гэж тэд маш их найддаг—ингэвэл тэд баярлана! Хэрвээ тэд Бурханд үргэлж эргэлздэг, Түүний талаар байнга үзэл тээдэг өөр хэн нэгнийг олбол сэтгэл нэгтэй хүн олсондоо өөрсдийгөө азтайд тооцдог. Ижилхэн муухай сэтгэлгээтэй тэр хоёр бие биедээ үргэлж сэтгэлээ уудалдаг. Тэд ярилцах тусмаа Бурханаас улам бүр холддог. Ярилцах тусмаа тэд үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, Бурханы үгийг уншихыг хүсэхээ больж, тэр ч бүү хэл чуулганы амьдралд оролцохоо болихыг хүсдэг. Яваандаа тэр хоёр ертөнцөд гарч ажиллахаар болж, салшгүй хамтрагчид шиг бие биетэйгээ зууралдан, хүзүү сээрээрээ хэлхэлдэн хамтдаа явдаг. Тэд явахдаа Бурханы үгийн ганц ч ном авч явдаггүй. Хэн нэгэн тэднээс “Чи Бурханд итгэхээ больсон юм уу?” гэж асуухад тэд “Үгүй ээ, би итгэдэг” гэж хариулдаг. Тэд зөрүүдлэн үгүйсгэсээр байдаг. Нөгөө хүн нь: “Тэгвэл чи яагаад Бурханы үгийн ном авч яваагүй юм бэ?” гэж асуухад тэд “Ном хэтэрхий хүнд, бас надад тавих газар байхгүй” гэж хариулдаг. Тэдний хэлж байгаа бүхэн зүгээр л нөгөө хүнээ аргалахын төлөө байдаг. Үнэн хэрэгтээ тэд зүгээр л ертөнц рүү буцаж, ажил олж, амьдралаа залгуулахаар бэлтгэж байгаа. Би та нарт үнэнийг хэлье: Ийм төрлийн хүмүүс бол үл итгэгчид бөгөөд энэ нь тэдний эцсийн төгсгөл байх болно—тэд үнэндээ ийм л хүмүүс. Тэдний Бурханд итгэх итгэл удаан үргэлжлэхгүй. Өөрсдөд нь таалагддаг, дотоод сэтгэлээ уудалж болох хэн нэгнийг олмогцоо тэд “Эцэст нь би миний арыг даах хүн, найдаж болох хүн оллоо. Явцгаая! Бурханд итгэх үнэхээр уйтгартай. Ямартай ч энэ ертөнцөд бурхан гэж байхгүй. Оршин байдаггүй зүйлд бодитой мэт хандах нь тэвчихийн аргагүй юм. Өнгөрсөн жилүүд үнэхээр хэцүү байлаа!” гэж боддог. Тэд өөрсдөө явж, итгэхээ больдог бөгөөд тэр ч байтугай ах эгч нарт өөрсдийг нь битгий хай хэмээн хэлж, “Бид ажил хийхээр явлаа. Бидэн рүү дахиж битгий залгаарай, эс бөгөөс бид цагдаад мэдэгдэнэ шүү!” гэдэг. Энэ хоёр мулгуу, хоёр тэнэг илжиг зүгээр л ингээд явчихдаг. Ашгүй дээ л гэж Би хэлдэг—ингэснээр Бурханы гэр тэднийг хөөх юм уу зайлуулах гэж төвөг удахгүй. Надад хэл дээ, ийм төрлийн хүмүүсийг дэмжиж, туслахын тулд тэдэнтэй үнэнийг нөхөрлөх шаардлага бий юу? Тэдэнд учирлаж, ятгахаар оролдох шаардлагатай юу? (Үгүй.) Хэрвээ та нар тэднийг ятгах гэж оролдвол туйлын тэнэг хэрэг болно. Ийм төрлийн хүмүүс бол яс махандаа тулсан үл итгэгчид—тэд бол алхаж буй үхдэл, уураг тархигүй мунхгууд юм. Хэрвээ чи тэднийг ятгах гэж оролдвол чи ч бас тэнэг. Чи ийм төрлийн хүмүүст хурдхан шиг баяртай гэж хэлэх хэрэгтэй—тэгээд дараа нь тэднийг хайх шаардлагагүй. Тэд цаашид Бурханд итгэхгүй гэдгээ, чамайг дахин залгавал цагдаад мэдэгдэнэ гэдгээ тодорхой хэлсэн. Хэрвээ чи тэдэнтэй холбогдох гэж оролдсоор байвал зүгээр л өөртөө гай дуудаж байгаа хэрэг биш үү? Хэрвээ тэд үнэхээр цагдаа дуудаад, чамайг амар заяа үзүүлээгүй гэж буруутгавал, хэрвээ энэ яриа тархвал сайн нэр хүнд авчрах уу? (Үгүй.) Чи ийм тэнэг зүйл хийж яавч болохгүй! Тэд өөрсдийгөө халамжлаад, чимээгүй яваг—энэ нь хамаагүй дээр арга барил юм! Хүн бүр өөрийн замаар явдаг; хүн бүрийн зам хэн бэ гэдгээр нь тодорхойлогддог. Тэд ерөөгдөөгүй, тэдний амьдрал зүгээр л ялзарсан, үнэ цэнгүй амьдрал юм. Ийм агуу ерөөлийг тэд өвлөж эсвэл эдэлж чадахгүй—тэдэнд үүнийг хүлээн авах хувь заяа ер байхгүй. Бурханы үгийн хангалтыг хүлээн авч, үнэнийг амь болгон хүлээн авах нь бүхий л орчлон ертөнц болон бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу ерөөл юм. Үнэнийг хүлээн авч чаддаг хэн боловч ерөөгдсөн хүн, үнэнийг хүлээн авч чаддаггүй хэнд ч ийм ерөөл байхгүй. Нэг л өдөр үнэнийг хүлээн авсан хүмүүс их сүйрлээс амьд үлдэж, асар ихээр ерөөгдөнө, харин үнэнийг хүлээн аваагүй хүмүүс сүйрэлд мөхөж, гай гамшигт нэрвэгдэх бөгөөд тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Чи одоо Бурханы үг бол үнэн, Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн хэрвээ үнэнийг эрэлхийлэхгүй, үнэнийг хүлээн авахгүй, үнэн рүү орохгүй бол ийм ерөөлийг олж авч чадахгүй хэвээр байх болно! Энэ ерөөлийг тийм амархан олж авч чадна гэж бодоо юу? Энэ бол цаг хугацаа эхэлснээс хойш хэзээ ч оршин байгаагүй, дахин хэзээ ч оршин байхгүй ерөөл юм—чи үүнийг яаж тийм амархан олж авч чадах юм бэ? Бурхан хүн төрөлхтөнд ийм ерөөл амласан боловч энэ нь жирийн хүмүүсийн олж авч чадах зүйл биш. Энэ ерөөл нь Бурханы сонгосон хүмүүст зориулагдсан бөгөөд зарим тэнэг илжиг, алхаж буй үхдэл, адгийн шаар, эсвэл өөдгүй амьтан сонгогдох боломжгүй. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд ажлын гурван үе шатыг хэрэгжүүлдэг бөгөөд эцэст нь Тэр бүлэг ялагчдыг бий болгож, энэ хүмүүсийг бүх зүйлийн эзэн, шинэ хүн төрөлхтөн болгоно. Энэ нь хүн төрөлхтний хувьд хэчнээн агуу ерөөл билээ! Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын энэ үе шат хэдэн жил үргэлжилж байна вэ? (Гуч гаруй жил.) Зөвхөн энэ гуч гаруй жилийг харахад л Бурхан хэчнээн их төлөөс төлж, хэчнээн их ажил хийснийг харж болно, тиймээс эцэст нь Бурханы олж авах хүн төрөлхтөн хэчнээн их үнэ цэнтэй, хэчнээн эрхэмсэг байх нь, мөн хүн төрөлхтөн Бурханы нүдэнд эрхэм нандин, туйлын чухал болох нь тодорхой байна! Тэгвэл та нар ямар азтай юм бэ; энэ бол та нарын хувьд үнэхээр агуу ерөөл юм! Тиймээс, энэ мөчид шийдэмгий бус байсаар байгаа зарим хүний хувьд, тэд үнэхээр ерөөгдөөгүй! Хэдийгээр тэд шийдэмгий бус байгаагүй, дагана гэж бүрэн шийдсэн байсан ч үнэнийг эрэлхийлээгүй бол энэ ерөөлийг мөн л олж авахгүй. Тэгэхээр эцэст нь энэ ерөөлийг олж авдаг хүмүүс бол жирийн хүмүүс биш—тэд бол Бурханы хатуу чанд, ахин дахин шалгаж, анхааралтай сонгосон хүмүүс юм; тэд бол эцэст нь Бурханаар авхуулж чадах хүмүүс билээ.

Шийдэмгий бус хүмүүсийн гол илрэл нь чухамдаа эдгээр асуудал юм. Тэдний эцсийн төгсгөл ямар байх нь хамаагүй, ямартай ч чуулган доторх ийм хүмүүсийг олж тогтоомогц тэднийг зарчмын дагуу зохицуулах ёстой. Тэднийг ах, эгч гэж үзэх ёсгүй. Хэрвээ тэд Бурханд итгэх талаар эерэг мэдрэмжтэй, эсвэл бага зэрэг хүчин чармайлт гаргаж чаддаг, бага зэрэг хөдөлмөрлөхөд бэлэн бол тэд сайндаа л чуулганы найз бөгөөд тэднийг ах эсвэл эгч гэж тооцож болохгүй. Тиймээс тэд “Дуулгавартай байдал” эсвэл “Чин сэтгэл” гэх мэт шинэ нэр авсан ч гэсэн чи тэднийг ах эсвэл эгч гэж дуудах ёсгүй—тэднийг шинэ нэрээр нь дуудахад л хангалттай. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, ийм хүмүүс ах эсвэл эгч байх хэмжээнд хүрдэггүй. Та нар одоо ойлгож байна уу? (Тийм.) Тэгэхээр та нар одоо энэ төрлийн хүмүүсийг зохицуулах зарчимтай боллоо, тийм үү? (Тийм.) Өнөөдрийн нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Баяртай!

2024 оны 6 дугаар сарын 29

Өмнөх:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (26)

Дараах:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (28)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger