14-р зүйл: Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг
Сүүлийн цуглаанаар бид антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахаас гадна чуулганы санхүүг хянадаг гэдэг баримтын талаар нөхөрлөсөн. Бидний нөхөрлөсөн гол санаанууд юу байсан бэ? (Бид хоёр гол санааны талаар нөхөрлөсөн: Эхнийх нь, чуулганы өмч хөрөнгийг эзэмшиж, ашиглахыг нэн тэргүүнд тавих, харин хоёр дахь нь өргөлийг үрэн таран хийх, шамшигдуулах, зээлдүүлэх, залилан ашиглах, хулгайлах явдал байсан.) Бид энэ хоёр гол санааны талаар нөхөрлөсөн. Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн арван дөрөв дэх зүйл болох: Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг гэдгийн талаар нөхөрлөх болно. Антихристүүд антихристийн мөн чанартай гэдгийг баталдаг ямар илрэлүүд тэдэнд байдгийг энэ зүйлээс харцгаая. Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг: Өнгөн дээрээ “Бурханы гэр”, “хувийн эзэмшил” гэх энэ хоёр нэр томьёо нь антихристүүд ямар ёрын муу зүйл хийж чадахыг илтгэдэггүй. “Антихристүүд Бурханы гэрийг өөрсдийнхөө гэр шиг үздэг” гэсэн үгэнд энэ “гэр” гэдгээр яг юу хэлж байгаа, энэ нь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү, үүнийг магтаалын утгаар ашиглаж байна уу, буруушаасан утгаар ашиглаж байна уу гэдэг нь гаднаасаа мэдэгдэхгүй. Гэхдээ “гэр” гэдгийг “хувийн эзэмшил” гэдгээр солисноор тодорхой асуудал байгааг харуулж байна уу? Юун түрүүнд, “хувийн эзэмшил” гэдэг нь бидэнд юу хэлж байна вэ? (Антихристүүд эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг.) Өөр юу байна? (Тэд Бурханы гэрийг өөрсдийн нөлөөллийн хүрээ мэт үзэж, дотны найз нөхөд болон өөрсдийн гэр бүдийн хүмүүсийг хөгжүүлж, дараа нь чуулганыг хяналтдаа авдаг.) Энэ бас антихристүүдийн нэг илрэл мөн. Өөр зүйл байна уу? Энэ үгийн өнгөц утга нь энэ бол антихристүүдийн нөлөөллийн хүрээ, антихристүүдийн эрх мэдлийг гартаа атгаж, ноёрхдог газар, бүх зүйлийг антихристүүд хянаж, монопольчилж, хязгаарладаг газар, антихристүүд бүхнийг шийддэг газар гэдгийг илтгэж байна уу? (Тийм.) Бид энэ үгээс тийм утгыг харж болно; учир нь өмнө нь антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаар ярилцахдаа бид антихристүүдийн мөн чанарыг задлан шинжилж, ил болгох талаар ихээхэн нөхөрлөсөн. Эдгээр илрэлийн хамгийн том нь хүмүүсийг хянаж, эрх мэдлийг гартаа атгах гэсэн антихристүүдийн оролдлого юм—мэдээж өөр янз бүрийн илрэл ч бас бий.
Тэгэхээр бид антихристүүдийн “хувийн эзэмшил” тогтоож байгаагийн ерөнхий утгыг нөхөрлөсөн тул “Бурханы гэр” гэдгээр яг юуг хэлж байгааг нөхөрлөцгөөе. Та нарт Бурханы гэр гэж юу болох талаарх ойлголт байна уу—та нар үүнийг үнэн зөв тодорхойлж чадах уу? Хэсэг бүлэг ах эгч нар хамтдаа цугларах нь Бурханы гэр мөн үү? Христ болон Бурханыг дагадаг хүмүүсийн цугларалт юм уу чуулганыг Бурханы гэр гэж үзэх үү? Чуулганы удирдагчид, санваартнууд болон янз бүрийн багийн удирдагчдыг багтаасан цугларалтыг бас Бурханы гэр гэж үзэх үү? (Үгүй.) Бурханы гэр гэж яг юу вэ? (Христийн захирдаг чуулган л Бурханы гэр мөн.) (Бурханы үгийг хэрэгжүүлэлтийнхээ зарчим болгодог хүмүүсийн цугларалтыг л Бурханы гэр гэж үзэж болно.) Энэ хоёр тодорхойлолт үнэн зөв үү? Та нар үүнийг тайлбарлаж чадахгүй байна. Та нар өчнөөн олон номлол сонссон байж ийм энгийн тодорхойлолт өгч чадахгүй л байна. Та нар эдгээр сүнслэг нэр томьёо, нэршилд нухацтай хандаж, зохих ёсоор анхаарч үздэг зуршилгүй нь илт байна. Та нар ямар хайнга юм бэ! Тиймээс эргэцүүлээд үзээрэй: Бурханы гэр гэж яг юу вэ? Онолын хувьд тодорхойлбол, Бурханы гэр бол үнэн ноёрхдог газар, хэрэгжүүлэлтийн зарчим нь Бурханы үг байдаг хүмүүсийн цугларалт юм. Энэ тохиолдолд, антихристүүд Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үзэх нь асуудал юм; тэд Бурханыг дагадаг ах эгч нарын цугларалтыг өөрсдийн хувийн нөлөөллийн хүрээ, эрх мэдлээ хэрэгжүүлдэг газар, эрх мэдлээ хэрэгжүүлэх бай болгон үзэж байна. Энэ бол антихристүүд Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэг гэдгээс харж болох шууд утга юм. Ямар ч өнцгөөс тайлбарлаж, харсан бай антихристүүд Бурханы гэрийг хувийн эзэмшил шиг үзэж байгаа нь хүмүүсийг төөрөлдүүлж, хянаж, үнэмлэхүй эрх мэдлийг атгах гэсэн тэдний уг чанар-мөн чанарыг харуулдаг. Бурханы гэр бол Бурхан ажиллаж, айлддаг газар, Бурхан хүмүүсийг авардаг газар, Бурханы сонгосон хүмүүс Бурханы ажлыг туулж, ариусгагдаж, авралд хүрдэг газар, Бурханы хүсэл, санаа зорилго саадгүй хэрэгжиж чадах газар, мөн Бурханы удирдлагын төлөвлөгөө хэрэгжиж, биелж чадах газар юм. Товчхондоо, Бурханы гэр бол Бурхан эрх мэдлийг атгадаг, Бурханы үг болон үнэн ноёрхдог газар юм; энэ нь ямар нэгэн хувь хүн эрх мэдлээ хэрэгжүүлж, өөрийн хүсэл, агуу төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хувийн ажил хэргээ явуулдаг газар биш. Гэвч антихристүүдийн хийдэг зүйл Бурханы хүсдэг зүйлийн яг эсрэг байдаг: Тэд Бурхан юу хийхийг хүсэж байгаад анхаардаггүй, үл хайхардаг бөгөөд Бурханы үг хүмүүсийн дунд биеллээ олж байгаа эсэх, эсвэл Бурханы үг болон үнэн-зарчим хүмүүсийн дунд ойлгогдож, хэрэгжиж, туулагдаж чадаж байгаа эсэхийг тоодоггүй; тэд зөвхөн өөрсдөд нь байр суурь, эрх мэдэл, эцсийн шийдвэр гаргах эрх байгаа эсэх; тэдний санаа зорилго, үзэл санаа, хүсэл хүмүүсийн дунд хэрэгжиж чадах эсэхийг л бодолцон үздэг. Өөрөөр хэлбэл, тэдний нөлөөллийн хүрээнд хэдэн хүн үгийг нь сонсож, тэднийг дуулгавартай дагаж байна, тэдэнд ямар дүр төрх, нэр хүнд, эрх мэдэл байна гэдэг нь яг тэдний удирдахыг оролддог гол зүйлс бөгөөд эдгээр нь зүрх сэтгэлдээ хамгийн их санаа тавьдаг зүйлс нь юм. Бурхан хүмүүсийн дунд айлдаж, ажилладаг, Тэрээр хүмүүсийг аварч, хүмүүсийг хөтөллж, хүмүүсийг хангадаг бөгөөд тэднийг Бурханы өмнө ирж, Түүний санаа зорилгыг ойлгож, үнэн-бодит байдалд алхам алхмаар орж, аажмаар Бурханд дуулгавартай байдалд хүрэхэд нь залж чиглүүлдэг. Антихристүүдийн хийдэг бүхэн үүний яг эсрэг байдаг. Бурхан хүмүүсийг Бурханы өмнө ирэхэд нь хөтөлдөг бол антихристүүд энэ хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөж, тэднийг өөрсдийнхөө өмнө авчрахыг оролддог. Бурхан хүмүүсийг үнэн-бодит байдалд орж, Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханы ноёрхолд алхам алхмаар захирагдахад чиглүүлдэг бол, антихристүүд хүмүүсийг алхам алхмаар хянаж, хөдөлгөөнийг нь хяналтандаа байлгаж, тэднийг өөрсдийнхөө эрх мэдэл дор баттай оруулахыг оролддог. Товчхондоо, антихристүүд Бурханыг дагагчдыг өөрсдийнхөө дагагч болгохын тулд бүхнийг хийдэг; үнэнийг эрэлхийлдэггүй мунхаг хүмүүсийг эрхшээлдээ оруулж авсныхаа дараа тэд цаашлаад Бурханыг дагаж, үүргээ үнэнчээр гүйцэтгэж чаддаг хүмүүсийг эрхшээлдээ оруулахын тулд бүх аргыг хэрэглэн, чуулганы хүн бүрийг өөрсдийнхөө үгийг сонсдог болгож, тэднийг антихристүүдийн хүслийн дагуу амьдарч, үйлдэж, биеэ авч явж, бүх зүйлийг хийдэг болгодог бөгөөд ингэснээр тэд эцэст нь антихристүүдийн хэлсэн бүхнийг дуулгавартай дагаж, тэдний хүслийг дуулгавартай дагаж, тэдний шаардлагыг дуулгавартай дагадаг болдог. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийхийг хүснэ, Бурхан ямар үр дүнд хүрэхийг хүснэ, тэр нь антихристүүдийн бас хүрэхийг хүсдэг үр дүн юм. Тэдний хүрэхийг хүсдэг үр дүн нь хүмүүсийг Бурханы өмнө ирүүлж, Бурханыг шүтэн мөргөдөг болгох биш, харин өөрсдийнхөө өмнө ирүүлж, өөрсдийг нь шүтэн мөргөдөг болгох явдал юм. Ерөнхийдөө, антихристүүд эрх мэдэлтэй болмогцоо өөрсдийнх нь нөлөөллийн хүрээнд байгаа бүх хүн, бүх зүйлийг хянахыг оролддог, тэд хянаж чадах хүрээгээ хянахыг оролддог, тэд чуулган, Бурханы гэр болон Бурханыг дагадаг хүмүүсийг эрх мэдлээ хэрэгжүүлж, ноёрхож чадах хүрээгээ болгохыг оролддог. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийг Өөрийнхөө өмнө залж чиглүүлдэг бол антихристүүд хүмүүсийг төөрөлдүүлж, бас тэр хүмүүсийг өөрсдийнхөө өмнө залж чиглүүлэхийг хүсдэг. Энэ бүхнийг хийх антихристүүдийн зорилго нь Бурханы дагагчдыг өөрсдийн дагагч болгох, Бурханы гэр болон чуулганыг өөрсдийн гэр болгон хувиргах явдал юм. Антихристүүд ийм сэдэл, мөн чанартай байдаг тул эдгээр антихрист нь антихрист, Бурханы дайснууд, Бурхан болон үнэнд дайсагнадаг диаволууд болон Сатанууд мөн гэдгийг илтгэдэг ямар тодорхой илрэл, зан авир тэдэнд байдаг вэ? Дараа нь бид антихристүүд Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэг гэдгийг батлах ямар тодорхой илрэл, арга барил тэдэнд байдгийг бодитоор задлан шинжлэх болно.
I. Антихристүүд эрх мэдлийг монопольчилдог
Антихристүүд Бурханы гэрийг хэрхэн өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэгийн эхний илрэл бол бидний байнга нөхөрлөдөг зүйл бөгөөд энэ нь зөвхөн антихристүүдэд байдаг мөн чанарын илрэл юм: Антихристүүд юунаас ч илүү байр сууринд дуртай. Яагаад тэд байр сууринд хамгийн их дуртай байдаг вэ? Байр суурь юуг төлөөлдөг вэ? (Эрх мэдлийг.) Тийм ээ—энэ бол гол зүйл. Байр суурьтай байж л тэд эрх мэдэлтэй байж чадна, эрх мэдэлтэй байж л тэд аливааг амархан бүтээж чадна; эрх мэдэлтэй байж л тэдний янз бүрийн хүсэл, амбиц, зорилго биелж, бодит байдал болох найдвар төрнө. Тиймээс антихристүүд маш зальтай, тэд ийм хэрэг явдалд маш гярхай байдаг; хэрвээ тэд Бурханы гэрийг хувийн эзэмшлээ болгох гэж байгаа бол эхлээд эрх мэдлийг монопольчлох ёстой. Энэ бол тод илрэл юм. Та нарын таарч байсан, сонсож байсан, эсвэл нүдээрээ харж байсан антихристүүдийн дундаас хэн нь эрх мэдлийг монопольчлохыг оролдоогүй вэ? Тэд заль, ов мэхээр ч бай, гаднаа төлөв түвшин, найрсаг харагдах байдлаар ч бай, эсвэл илүү харгис, онцгой өөдгүй арга хэрэгсэл ашиглах байдлаар ч бай, эсвэл хүчирхийллээр ч бай ямар ч арга хэрэглэсэн бай, антихристүүдэд ганцхан зорилго бий: Байр суурьтай болж, дараа нь эрх мэдлээ хэрэгжүүлэх. Тиймээс миний нөхөрлөхийг хүсэж байгаа эхний зүйл бол антихристүүд бүхнээс урьтаж эрх мэдлийг монопольчлохыг оролддог явдал юм. Антихристүүдийн эрх мэдлийн төлөөх хүсэл нь хэвийн хүмүүсийнхээс давж гардаг; энэ нь завхарсан зан чанартай жирийн хүмүүсийнхээс давдаг. Завхарсан зан чанартай жирийн хүмүүс зөвхөн бусад хүн өөрсдийг нь өндрөөр үнэлж, тэдний талаар сайн бодолтой байгаасай гэж хүсдэг; тэд ярихдаа давамгайлах дуртай байдаг ч эрх мэдэл байхгүй, хүмүүс шүтэн мөргөхгүй байлаа гээд тийм ч их шаналдаггүй; тэд эрх мэдэлтэй байсан ч, үгүй ч амьдраад л байдаг; тэдэнд эрх мэдэлд дурлах, эрх мэдлийг хүсэмжлэх зүйл бага зэрэг байдаг ч антихристүүдийнх шиг тийм түвшинд хүрдэггүй. Тэгвэл тэр нь ямар түвшин бэ? Эрх мэдэлгүй бол тэд байнга түгшиж, амар амгаланг олж чаддаггүй, идэх унтах нь муудаж зовдог, өдөр бүр зөвхөн уйтгар гуниг, тайван бус байдлыг авчрах мэт санагддаг бөгөөд зүрх сэтгэлд нь тэд ямар нэг зүйлд хүрч чадахгүй байгаа мэт, бас ямар нэг зүйлээ алдсан мэт санагддаг. Жирийн завхарсан хүмүүс эрх мэдэлтэй байхдаа баяртай байдаг ч эрх мэдэлгүй байлаа гээд хэтэрхий их бухимддаггүй; тэд бага зэрэг урам хугарч болох ч жирийн хүн байхдаа ч сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ антихристүүд жирийн байх ёстой бол амьд үлдэж чадахгүй, үргэлжлүүлж чадахгүй, тэд амьдралынхаа чиг баримжаа, зорилгыг алдсан мэт болж, цаашдын амьдралын замаар хэрхэн үргэлжлүүлэхээ мэддэггүй. Зөвхөн байр суурьтай байхад л амьдрал нь гэрлээр дүүрэн, зөвхөн байр суурь, эрх мэдэлтэй байхад л амьдрал нь алдар суутай, амар амгалан, аз жаргалтай болдог гэж тэд үздэг. Энэ нь хэвийн хүмүүсээс өөр биш гэж үү? Байр суурьтай болмогцоо антихристүүд ер бусын их догдолдог. Бусад хүн үүнийг хараад: Тэд яагаад өмнөхөөсөө өөр байна вэ? Тэд яагаад ийм гэрэлтсэн, гялалзсан байна вэ? Тэд яагаад ийм баяртай байна вэ гэж боддог. Асуусны дүнд, энэ нь тэд байр суурьтай болсон, эрх мэдэлтэй болсон, эцсийн шийдвэр гаргадаг болсон, хүмүүсийг захирч чаддаг болсон, эрх мэдлээ хэрэгжүүлж чаддаг болсон, нэр хүндтэй болсон, дагагчидтай болсон учраас тэр гэдэг нь тодорхой болдог. Байр суурь, эрх мэдэлтэй байх үед антихристүүдийн оюун санааны байдалд ямар нэгэн зүйл өөрчлөгддөг.
Антихристүүдийн эрх мэдлийн төлөөх хүсэл нь тэдний мөн чанар жирийн биш гэдгийг харуулдаг; энэ нь жирийн завхарсан зан чанар биш юм. Тиймээс антихристүүд хэний дунд байхаас үл хамааран онцгойрч, гайхуулж, өөрсдийгөө сурталчилж, хүн бүрд өөрсдийн давуу тал, сайн чанарыг харуулж, анхаарлыг нь татаж, чуулганд өөрсдөдөө ямар нэгэн байр суурь олж авах арга замыг хайх гэж оролддог. Чуулганы сонгууль болох үед антихристүүд өөрсдийнх нь боломж ирлээ гэж мэдэрдэг: Өөрсдийгөө сурталчлах, хүсэл мөрөөдлөө бодит байдал болгох, дур хүслээ хангах боломж нь ирдэг. Тэд удирдагчаар сонгогдохын тулд чадах бүхнээ хийдэг, эрх мэдэлтэй болохын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд эрх мэдэлтэй болсноор аливааг бүтээхэд илүү хялбар болно гэж итгэдэг. Яагаад илүү хялбар болно гэж? Антихристүүд эрх мэдэлгүй байх үед чи тэдний амбиц, хүсэл, мөн чанарыг гаднах төрхөөс нь олж мэдэж чадахгүй байж магадгүй, учир нь тэд эдгээрийг нууж, дүр эсгэдэг тул чи тэднийг нэвт харж чаддаггүй. Гэхдээ тэд байр суурь, эрх мэдэлтэй болмогцоо хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Тэд байр сууриа бэхжүүлж, гартаа байгаа эрх мэдлийг өргөжүүлж, батжуулахыг оролддог. Тэгвэл тэд эрх мэдлээ батжуулж, байр сууриа бэхжүүлэхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ? Антихристүүдэд олон арга бий; тэд ийм боломжийг алдахгүй, эрх мэдлийг хэдийнээ гартаа оруулсан байхдаа зүгээр суухгүй. Тэдний хувьд ийм боломж ирэх нь маш их аз жаргалын цаг мөч байдаг—түүнчлэн заль мэхээ ашиглаж, чадвараа бүрэн дүүрэн харуулах үе байдаг. Антихрист сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд өөрийн гэр бүл, хамаатан саднаа шүүж, хэн өөртэй нь ойр холбоотой байдаг, хэн өөрт нь тал засдагг, хэн өөртэй нь ойр дотно байдаг, хэн өөртэй нь сайн зохицож, санаа нийлдгийг шалгадаг. Тэр бас хэн нь шулуун шударга, хэн нь өөрийнх нь талд орохгүй, Бурханы гэрийн дүрэм, зарчмын эсрэг зүйл хийвэл хэн нь өөрийг нь матахыг шалгадаг—эдгээр нь түүний зайлуулах хүмүүс юм. Тэднийг шүүснийхээ дараа тэр: “Миний хамаатан садны ихэнх нь надтай сайн харилцаатай, бид сайн зохицдог, нэг хэлээр ярьдаг; хэрвээ тэд миний харьяат болж, би тэднийг ашиглаж чадвал миний нөлөө өсөхгүй гэж үү? Энэ нь чуулган дахь миний байр суурийг тогтворжуулахгүй гэж үү? ‘Хамаатан саднаас зайлсхийлгүйгээр чадвартайг нь дэвшүүл’ гэдэг үг байдаг. Үл итгэгч албан тушаалтнуууд бүгд ойр дотнын найз нөхөд, хамтрагчдынхаа туслалцаанд найдах учиртай байдаг—одоо би албан тушаалтан болсон учраас адилхан зүйл хийх ёстой, энэ бол сайн санаа. Эхлээд би хамаатан саднаа дэвшүүлэх ёстой. Эхнэр, хүүхдүүд маань бол ойлгомжтой; миний хамгийн түрүүнд хийх зүйл бол тэдэнд ямар нэгэн албан тушаал зохицуулж өгөх. Эхнэр маань юу хийх вэ? Чуулганд өргөлийг хариуцах нь амин, чухал үүрэг—санхүүгийн эрх мэдэл бидний гарт байх ёстой, тэгж байж л би мөнгийг чөлөөтэй, амархан зарцуулж чадна. Энэ мөнгийг гаднын хүний гарт өгч болохгүй; хэрвээ тэгвэл энэ нь эцсийн эцэст тэднийх болж, зарлагыг хянаж, зохицуулах бөгөөд энэ нь тохиромжгүй. Одоо данс удирдаж байгаа хүн миний талд байгаа юу? Тэр гаднаа дажгүй юм шиг харагддаг ч дотроо юу бодож байгааг хэн мэдлээ. Үгүй ээ, би түүнийг сольж, эхнэрээрээ данс хариуцуулах арга олох ёстой” гэж боддог. Антихрист эхнэртэйгээ ярилцахад эхнэр нь “Энэ чинь гайхалтай! Одоо чи чуулганы удирдагч болсон юм чинь чуулганы өргөлийн талаар эцсийн шийдвэрийг гаргана биз дээ? Хэн үүнийг хариуцахыг чи шийднэ” гэж хэлдэг. Антихрист: “Гэхдээ одоогоор данс удирдаж байгаа хүнийг зайлуулах сайн арга алга” гэж хэлдэг. Эхнэр нь хэсэг бодсоноо: “Энэ амархан биш гэж үү? Түүнийг энэ ажлыг хэтэрхий удаан хийж байна гээд хэлчих. Энэ муу; найдваргүй өр, замбараагүй данс, эсвэл хээл хахуулийн хэрэг гарч болно. Хүнд ямар нэг зүйлийг удаан хугацаагаар даатгах үед алдаа амархан гардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр өөртөө эрдэж, бусдын үгийг сонсохоо больдог. Түүгээр ч барахгүй данс удирдаж байгаа хүн нэлээд хөгшин, амархан мунгинаж, байнга юм мартдаг. Хэрвээ ямар нэгэн хайхрамжгүй байдал гарвал хохиролд хүргэнэ. Энэ бол маш чухал үүрэг—түүнийг солих ёстой” гэж хэлдэг. Тэгвэл түүнийг солих ёстой гэж хэн хэлэх ёстой вэ? Энэ хүнийг солих тухай ямар ч яриа чуулганы удирдагч болох түүний амнаас гарах ёсгүй; антихристийн эхнэрийг санал болгохыг ах эгч нарт өөрсдөд нь үлдээх ёстой. Эхнэр нь санал болгомогц чуулганы өргөлийг түүнд даатгадаг. Гэхдээ чуулганы зарчимд өргөлийг хадгалах ажлыг нэг хүн ганцаараа биш, харин хоёр юм уу гурван хүн хамтран хийх ёстой гэж заасан байдаг, энэ нь хэн нэгэн хүн цоорхойг ашиглаж, Бурханы гэрийн санхүүг завших явдлаас зайлсхийхэд тусалдаг. Тиймээс антихрист үеэлийгээ хамтран өргөл хадгалж хамгаалахыг санал болгож, түүнийг Бурханд олон жил итгэсэн, олон өргөл өргөсөн, сайн нэр хүндтэй, итгэж болох хүн гэж хэлдэг. Хүн бүр “Энэ хоёр хоёулаа чиний хамаатан. Танай гэр бүлээс гадуурх хүн бас оролцох ёстой” гэж хэлдэг. Тэгэхээр антихрист санхүүг удирдаж, хянахад туслуулахаар мунгинуу настай эгчийг санал болгодог. Эхлээд антихрист санхүүг гэр бүлийнхээ хяналтад оруулдаг, үүний дараа гэр бүл нь энэ мөнгийг яг хэрхэн зарцуулахыг болон тодорхой орлого зарлагыг удирддаг—энэ бүхний хяналт түүний гарт байдаг.
Санхүүгийн эрх мэдлийг монопольчилж, өмч хөрөнгийг хяналтдаа авсныхаа дараа антихрист зорилгодоо хүрсэн үү? Хараахан үгүй. Хамгийн чухал нь чуулганы янз бүрийн ажлын зааварлагчдыг хянаж, тэднийг өөрийн талд оруулж, эцсийн шийдвэр гаргах явдал юм. Энэ нь хамгийн чухал зүйл гэж антихрист боддог; энэ нь доод түвшний бүх багийн хүмүүс түүний хэлснийг хийдэг эсэх, түүний эрх мэдэл хамгийн доод түвшинд нэвтэрч хүрдэг эсэхтэй холбоотой байдаг. Тэгвэл тэр үүнийг хэрхэн хийдэг вэ? Тэрээр өргөн хүрээний шинэчлэлт хийдэг. Эхлээд тэр нөхөрлөж, баг бүрийн ажилд тийм, ийм буруу зүйл байсан гэж хэлдэг. Жишээлбэл, видеоны багт тодорхой асуудлууд гарч ирсэн бөгөөд антихрист “Эдгээр асуудлыг зааварлагч үүсгэсэн. Түүний ажил дахь эдгээр асар том хайхрамжгүй байдал, түүний учруулсан асар том асуудлууд нь зааварлагч стандартад нийцэхгүй байгааг нотолж байгаа бөгөөд түүнийг солих ёстой; хэрвээ түүнийг солихгүй бол энэ ажлыг зохих ёсоор хийж чадахгүй. Тэгвэл түүнийг хэн орлох вэ? Та нарын бодож байгаа хүн байна уу—нэр дэвшигч байна уу? Баг дотроо хэн нь ажилдаа хамгийн сайн бэ?” гэж хэлдэг. Хүн бүр бодож үзээд, хэн нэгэн “Маш сайн нэг ах байгаа, гэхдээ би түүнийг тохирох эсэхийг мэдэхгүй байна” гэж хэлдэг. Антихрист хариуд нь: “Хэрвээ та нар мэдэхгүй байгаа бол түүнийг сонгох боломжгүй. Би та нарт нэг хүн санал болгоё. Миний хүү байгаа—тэр 25 настай, компьютерын шинжлэх ухаанаар төгссөн, тусгай эффект, видео продакшны чиглэлээр мэргэшсэн. Тэр Бурханд шинээр итгэсэн, үнэнийг нэг их эрэлхийлдэггүй ч мэргэжлийн ур чадвар нь та бүгдийнхээс илүү. Та нарын дунд мэргэжлийн хүн байна уу?” гэдэг. Тэгээд хүн бүр “Биднийг мэргэжлийн гэж хэлэхгүй ч бид үүргээ удаан хугацаанд гүйцэтгэж байгаа, Бурханы гэрийн энэ ажлын зарчмыг ойлгодог. Тэр ойлгодог уу?” гэж хариулахад “Ойлгохгүй байсан ч хамаагүй; тэр сурч чадна” гэдэг. Энэ нь хүн бүрд зөв сонсогдож, тэд түүний хэлснийг дагаж, түүний таалсан хэнийг ч дэвшүүлсэн бүгд зөвшөөрдөг бөгөөд ингэснээр антихрист дахин нэг чухал үүргийг хянадаг. Дараа нь антихристэд сайн мэдээний ажил Бурханы гэрт чухал бөгөөд зааварлагч нь түүний талын хүн биш болох нь санаанд нь ордог. Түүнийг солих ёстой. Түүнийг хэрхэн солих вэ? Нөгөө л аргаараа: өө сэв хайх замаар. Антихрист “Өнгөрсөн удаагийн сайн мэдээний бай яасан бэ?” гэж асуудаг. Хэн нэгэн “Нэг сар итгэснийхээ дараа тэр зарим нэг сөрөг суртал ухуулга сонсож, түүндээ итгэсэн учраас цаашид итгэхээ больсон” гэж хариулахад антихрист “Тэр яаж зүгээр л ингээд итгэхээ больж чадаж байна аа? Та нар үзэгдлийн үнэнийг тодорхой нөхөрлөөгүйгээс болсон юм уу? Эсвэл та нар залхуурсан, эсвэл таагүй орчноос айж, өөрсдийгөө аюулд оруулахаас айсандаа юмыг тодорхой нөхөрлөөгүй юм уу? Эсвэл та нар түүнд цаг тухайд нь санаа тавиагүй юм уу? Эсвэл та нар бэрхшээлийг нь шийдвэрлэхэд нь түүнд тусалж чадаагүй юм уу?” гэж асуудаг. Тэр дарааллуулан бөөн асуулт тавьдаг. Бусад нь яаж ч хариулсан, эсвэл ямар ч тайлбар өгсөн ялгаагүй; антихрист сайн мэдээний багийн зааварлагчийг хэтэрхий олон асуудалтай, алдаа дутагдал нь хэтэрхий ноцтой, хариуцлагагүй, энэ ажилд тэнцэхгүй гэж зүтгэж, улмаар түүнийг хүчээр чөлөөлдөг. Түүнийг чөлөөлсний дараа антихрист “Тэр гэдэг эгч өмнө нь сайн мэдээ номлож байсан, бас туршлагатай—би түүнийг сайн хийнэ гэж бодож байна” гэдэг. Үүнийг сонсоод хүмүүс “Тэр чинь чиний эгч шүү дээ! Тэр ярьж чаддаг байж болох ч хүн чанар нь сайн биш. Тэр үнэхээр нэр хүнд муутай, түүнийг ашиглаж болохооргүй” гэж хэлээд ах эгч нар санал нийлдэггүй. Антихрист “Хэрвээ та нар зөвшөөрөхгүй бол сайн мэдээний багийг тараана. Та нар цаашид сайн мэдээ номлох ёсгүй, та нар энэ үүргийг зохих ёсоор гүйцэтгэх чадваргүй. Эсвэл тохирох багийн удирдагчийг сонго, тэгвэл миний эгч багийн туслах удирдагч болно!” гэж хэлдэг. Ах эгч нар хэн нэгнийг сонгодог бөгөөд антихрист эгчийгээ багийн туслах удирдагч болгох нөхцөлтэйгөөр дурамжхан зөвшөөрдөг. Ийнхүү зөвшилцөлд хүрснээр сайн мэдээний баг дөнгөн данган хэвээр үлдэж чаддаг.
Хаана байх, ямар ажилтай холбоотой байхаас үл хамааран антихристүүд ойр дотныхноо, өөрсдийнхөө талын хүмүүсийг шургуулах ёстой байдаг. Антихристүүд удирдагч болж, байр суурьтай болмогцоо хамгийн түрүүнд бүх багийн гишүүдийн амь-оролт хэрхэн явагдаж байгааг шалгадаггүй, эсвэл ажил нь хэрхэн явагдаж байгааг, эсвэл ажилд нь тулгарсан янз бүрийн бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж болохыг, мөн шийдэгдээгүй асуудал, бэрхшээл байгаа эсэхийг олж мэддэггүй; оронд нь боловсон хүчний байдал, баг бүрийн ахлагч хэн болох, баг бүрд хэн тэдний эсрэг байгаа, ирээдүйд хэн тэдний байр сууринд аюул учруулахыг хардаг. Тэд ийм хэрэг явдлын талаар нэлээд сайн мэдээлэлтэй байдаг ч чуулганы ажлын нөхцөл байдлын талаар хэзээ ч асуудаггүй. Тэд ах эгч нарын байдал, амь-оролт, эсвэл чуулганы амьдрал хэрхэн явагдаж байгаа талаар хэзээ ч асуудаггүй бөгөөд бүр ч бага анхаарал тавихыг хүсдэг. Гэхдээ тэд баг болгоныг хариуцдаг хүмүүсийг: гар хөл бологсод нь мөн эсэх, тэдэнтэй сайн зохицдог эсэх, тэдний эрх мэдэл, байр сууринд аюул учруулж байгаа эсэхийг маш сайн мэддэг. Тэд эдгээр бүх нарийн ширийн зүйлийг мэддэг бөгөөд маш тодорхой бодож боловсруулсан байдаг. Бүлэг доторх харьцангуй шулуун шударга, үнэнийг хэлдэг хэн ч бай ийм хүнээс сэрэмжлэх ёстой бөгөөд ямар ч байр суурь өгөх ёсгүй гэж тэд үздэг; гэсэн ч тэд зусардахад гарамгай, хэрхэн бялдуучлахаа мэддэг, бусад хүнд тааламжтай үг хэлдэг, юм хийхдээ дохио зангаа дагаж чаддаг хүмүүсийг таалдаг. Антихрист тэдэнд нааштай хандаж, тэднийг дэвшүүлж, чухал албан тушаалд тавихаар төлөвлөдөг. Тэр бүр хаашаа ч явсан тэднийг дагуулж явах, илүү олон номлол сонсгож, гар хөл бологсдоо болгон хөгжүүлэх талаар боддог. Чуулган дахь үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй, үнэнийг хэлж зүрхэлдэг, Бурханыг тууштай өргөмжилж, Түүнийг гэрчилдэг, хорон муу хүч, байр суурь, эрх мэдэлд бөхийдөггүй хүмүүсийн хувьд гэвэл—тэд зүрх сэтгэлдээ тэднээс сэрэмжилж, тэднийг жигшиж, гадуурхаж, ад үздэг. Гэвч өөрсдөд нь зусарддаг хүмүүсийг, ялангуяа гэр бүлийн гишүүдээ, холын хамаатан саднаа—өөрсдийг нь тойрон эргэлдэж чаддаг энэ хүмүүсийг өөрсдийн хүмүүс гэж үзэж, гэр бүл гэж ханддаг. Антихристийн эрхшээл дор байгаа, тэднийг тойрон эргэлдэж, дохио зангааг нь дагаж, аливааг хийхдээ заавар чиглэлийг нь авч, тэдний хүслийн дагуу аливааг гүйцэтгэж чаддаг бүх хүндт мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, өчүүхэн төдий ч Бурханаас эмээдэг сэтгэл байдаггүй. Тэд бол үл итгэгчдийн сүрэг юм. Тэд ямар ч муу зүйл хийсэн бай, антихрист тэднийг хөгжүүлж, хамгаалж, өөрийн гэр бүл шиг үзэж, тэднийг эрхшээлдээ оруулдаг—ийм байдлаар антихристийн эзэмшил бүрэлдэн тогтдог.
Тэгвэл антихристийн хувийн эзэмшлийг хэн бүрдүүлдэг вэ? Юун түрүүнд, антихрист бол энэ эзэмшилд үнэмлэхүй эрх мэдэлтэй тэргүүн, удирдагч, хаан бөгөөд түүний үгэнд хэн ч эргэлзэж болохгүй байдаг. Түүнтэй цусан төрлийн холбоотой хүмүүс, түүний өөрийнх нь гэр бүл, гар хөл бологсод, найзууд, үнэнч шүтэн бишрэгчид, түүнийг баяртайгаар дагаж, тушаал авдаг хүмүүс, түүнтэй баяртайгаар нийлж, муу үйлд нь нэгддэг хүмүүс, мөн Бурханы гэрийн зохицуулалт, захиргааны зарлиг хэрхэн зохицуулагдсан байхаасн, Бурханы үг болон үнэн-зарчимд юу гэж хэлснээс үл хамааран, түүний төлөө баяртайгаар эцсээ хүртэл зүтгэж, түүний төлөө эрсдэл үүрч, түүний төлөө хөдөлмөрлөдөг хүмүүс нь антихристийн эзэмшлийн гишүүд юм. Тэд бүгд нийлээд антихристийн үнэнч дагагчид болдог. Тэгвэл антихристийн эзэмшлийн энэ бүх гишүүн юу хийдэг вэ? Тэд үүргээ болон ажил бүрийг Бурханы гэрийн дүрэм журам, зарчмын дагуу хийдэг үү? Тэд Бурханы шаардсанаар хийж, Түүний үг болон үнэнийг бүх зарчмын хамгийн дээд нь гэж үздэг үү? (Үгүй.) Чуулганд ийм хүмүүс байх үед үнэн болон Бурханы үг саадгүй урагшилж чадах уу? Чадахгүйгээр барахгүй, антихристийн бүлэглэлийн үймээн, төөрөгдөл, хорлон сүйтгэх ажиллагаанаас болоод Бурханы үг, Түүний илэрхийлдэг үнэн, хүмүүст тавьдаг шаардлага нь чуулганд биеллээ олж чаддаггүй; хэрэгжиж чаддаггүй. Антихристийн эзэмшил оршин байх үед Бурханы сонгосон хүмүүс чуулганы хэвийн амьдралаар амьдарч чаддаггүй, үүргээ ч хэвийн гүйцэтгэж чаддаггүй, үнэн-зарчмын дагуу аливааг хийж бүр ч чаддаггүй; чуулганы ажил бүрийг антихрист хянадаг. Энэ нь хөнгөн түвшинд байх үед антихристийн үймээнээс болж эмх замбараагүй байдал үүсэж, хүмүүс түгшүүртэй байдалд орж, ажил урагшлахгүй, хүмүүс ажлаа хэрхэн сайн хийх, эсвэл үүргээ хэрхэн зохих ёсоор гүйцэтгэхээ мэддэггүй; бүх зүйл эмх замбараагүй байдалд ордог. Ноцтой тохиолдолд бүх ажил зогсож, хэн ч санаа тавьж, анхаардаггүй. Хэдхэн хүн асуудал байгааг анзаарч чаддаг ч энэ бэрхшээлийг антихрист үүсгэсэн гэдгийг ялган таньж чаддаггүй; антихрист тэднийг ч бас үймүүлж, төөрөлдүүлж, тэд хэний зөв, хэний бурууг мэддэггүй; зарим асуудлыг олж харж чаддаг, дуугарахыг хүсдэг, эсвэл ажлыг хариуцаж авахыг хүсдэг зарим нэг хүн байдаг ч тэд ажлыг үүрч чаддаггүй. Антихрист өөрийг нь ил болгохыг оролдсон, эсвэл шударга ёсны мэдрэмжтэй, ажлыг өөрөө хариуцаж авахыг оролдсон хэнийг ч бай дарладаг. Тэр хүмүүсийг дарлахдаа хэр хол явдаг вэ? Хэрвээ чи дуугарч зүрхэлдэггүй бол, хэрвээ чи өршөөл гуйвал, хэрвээ чи түүний талаар мэдээлж зүрхэлдэггүй бол, хэрвээ чи түүнийг дээд шатныханд матаж, эсвэл ажилтай нь холбоотой асуудал дэвшүүлж, эсвэл үнэнийг нөхөрлөж, эсвэл “Бурхан” гэдэг үгийг хэлж зүрхэлдэггүй бол антихрист чамайг өршөөнө. Хэрвээ чи зарчмыг баримталж, түүнийг ил болговол тэр чамайг тарчлаахын тулд боломжтой бүхнийг хийнэ, чамайг яллаж, дарлахын тулд бүх аргыг хэрэглэнэ, тэр ч байтугай өөрийн эзэмшлийн гишүүд болон, бусад завсрын байр суурьтай хүмүүс болон хулчгар, зориггүй, антихристийн хүчнээс айдагхүмүүсийг хамтад нь турхирч чамайг гадуурхаж, дарланана. Эцсийн эцэст, итгэл, биеийн хэмжээ багатай зарим хүнийг антихрист өвдөг сөхрүүлнэ. Энэ нь антихристийг баярлуулдаг; тэр зорилгодоо хүрсэн байдаг. Тэр эрх мэдэлтэй болмогцоо энэ эрх мэдлийг монопольчилж, байр сууриа баталгаажуулахын тулд чуулганы бүх чухал ажлыг хамаатан садан болон өөртэй нь сайн харилцаатай хүмүүст өгөөд зогсохгүй, үүний зэрэгцээ өөртэй нь ямар ч хамаагүй бусад хүнийг элсүүлэн өөртөө үйлчлэл үзүүлж, өөрийнхөө төлөө яс маханд нь тултал зүтгүүлдэг, зорилго нь ирээдүйд байр сууриа хадгалж, үргэлж эрх мэдлийг гартаа атгах юм. Түүний бодлоор, эзэмшилд нь хэдий чинээ олон хүн байна, хүч нь төдий чинээ томорч, эрх мэдэл нь төдий чинээ их байна. Мөн түүний эрх мэдэл их байх тусам түүнийг эсэргүүцэж чадах, үгүй гэж хэлж чадах, түүнийг ил болгож зүрхлэх хүмүүс түүнээс илүү их айна. Ийм хүмүүс ч бас улам бүр ховорддог. Хүмүүс түүнээс айх тусам түүнд Бурханы гэр болон Бурхантай сөргөлдөх давуу тал илүү их байна; тэр цаашид Бурханаас айхаа больж, Бурханы гэрийн харьцалтаас айдаггүй. Антихристийн эрх мэдлийн төлөөх хүсэл, үүгээр юу хийдэг, түүний янз бүрийн зан авираас дүгнэхэд мөн чанартаа антихрист бол Бурханы дайсан; тэр бол Сатан, диавол юм.
Антихрист өөрийн эзэмшлийг тогтоосныхоо дараа юу хийдэг вэ? Тэр чуулганы сайн мэдээний ажил хэрхэн явагдаж байгаад тэгтлээ их санаа зовдог уу? Тэр үүнд санаа тавьдаг уу, эсвэл араас нь асууж сурагладаг уу? Тэр зөвхөн хяналт шалгалтын тойрон аялал хийж, хэлбэрдэж, хэдхэн үгээр хааш яаш аргацаадаг бөгөөд өөр юу ч хийдэггүй. Түүний хяналт шалгалтын аяллын зорилго юу вэ? Тэр ямар зорилгоор ах эгч нарыг хэр байгааг харах энэ өргөн хүрээний аялалд гардаг вэ? Тэдний амь-оролт хэр явагдаж байгаад санаа тавьдаг учраас тэр үү? Үгүй. Тэр өөрийнх нь нөлөөллийн хүрээн дотор түүнийг эсэргүүцэх санаа зорилготой хэн нэгэн байгаа эсэх, түүнийг сэжиглэн хардаг, эсвэл түүнд “үгүй” гэж хэлж зүрхэлдэг, эсвэл буулт хийхгүй байж, хэлснээр хийхгүй байж зүрхэлдэг хэн нэгэн байгаа эсэхийг харж хайдаг; тэр өөрийн нүдээр харах ёстой, нөхцөл байдалтай биечлэн танилцах ёстой байдаг. Энэ бол нэг тал нь юм. Түүгээр ч барахгүй, антихрист эзэмшлээ тогтоосныхоо дараа өөрийгөө хууль ёсны хаан болгодог—хэрвээ чи түүнийг дарангуйлагч, хотын дээрэмчин, дээрэмчдийн толгойлогч гэж хэлбэл тэр байр суурь, эрх мэдэлтэй байгаа л тоодоггүй. Түүний нөлөөллийн хүрээнд, түүний эзэмшил дотор бүх эрх мэдэл түүний гарт байдаг, тэр ганцаараа эцсийн шийдвэрийг гаргадаг. Үүний зэрэгцээ, тэр бас өөрийн бүлэглэлийнхний шүтэн бишрэл, бахдал, хүндлэл, түүнчлэн тэдний зусардалт, бялдуучлал, тэр ч байтугай тэднээс хүртдэг бүх давуу байдлын мэдрэмж, онцгой хандлагыг ч эдэлдэг. Антихрист эрх мэдлээ монопольчлохдоо зөвхөн өндөр байр сууринаас ярихын тулд тэгдэг гэж чи бодож байна уу? Зөвхөн ийм хүслийг хангахын тулд байдаг уу? Үгүй. Тэр илүү бодитой зүйлийг хүсдэг: эзэмшилдээ эдэлдэг байр суурь, эрх мэдэлтэй нь хамт ирдэг бүх хандлагыг хүсдэг. Антихрист эзэмшлээ тогтоомогц, тэр үнэнч дагагчидтай болмогц түүний өдрүүд эртний эзэн хаадаас илүү тав тухтай өнгөрдөг. Тэр юу ч хийх шаардлагагүй: Ганцхан үг хэлэхэд л хүсэл нь биелдэг; ганцхан үг хэлэхэд л түүний хүссэн зүйлсийг авчирдаг. Жишээлбэл, антихрист “Өнөөдөр цаг агаар сайхан байна; би яагаад тахианы мах идмээр санагдаад байна аа?” гэж хэлдэг. Үдээс өмнө гэхэд хэн нэгэн аль хэдийн тахианы махаар шөл хийсэн байдаг. Үдийн хоолны үеэр антихрист “бурханд итгэгч бид архи ууж болохгүй, гэхдээ жаахан сэргээх зүйл байвал ямар вэ?” гэж хэлдэг. Удирдагчийнхаа үгийг сонсоод антихристийн дагагчид хэн нэгнийг яаран явуулж, сэргээх зүйл худалдаж авахуулдаг. Тэр хүссэн бүхнээ авдаггүй гэж үү? Тэр зүгээр л гараа сунгаж, амаа нээхэд л бүх зүйлийг түүнд авчирч, бүх хүсэл нь биелдэг. Түүний өдрүүд маш тав тухтай өнгөрдөг. Тэгээд антихрист “Өнөөдөр хүйтэн байна. Ноднингийн цамцыг цагаан эрвээхий цоолчихсон, өмсөхөөр эвгүй юм—муухай харагдаж байна. Энэ жилийн цамц хаана байгааг би мэдэхгүй байна” гэж хэлдэг. Хэн нэгэн нь түүнд хэд хэдэн цамц авч өгөхийг санал болгоход, тэрээр дур зоргоороо худалдаж авч болохгүй, би ариун хүмүүсийн ёс журамд нийцэх ёстой, мөнгийг зарчмын дагуу зарцуулах ёстой гэж хэлдэг. Үүнийг хэлсний дараахан хэн нэгэн түүнд хэд хэдэн цамц худалдаж авч өгдөг. Тэднийг авчирсны дараа антихрист хэрвээ юу ч хэлэхгүй бол энэ бүхэн санаатай мэт санагдана гэж мэдэрдэг тул: “Хэн эднийг худалдаж авсан юм бэ? Энэ чинь зарчим зөрчиж байгаа хэрэг биш үү? Энэ нь намайг буруутан болгохгүй гэж үү? Хэн тэдгээрийг худалдаж авсан юм бэ? Би түүнд мөнгийг нь өгнө” гэж хэлдэг. Тэр эхнэрээсээ чуулганы өргөлөөс эхлээд жаахан мөнгө гаргаж өгөхийг хүсээд, дараа нь мөнгөтэй болохоороо буцааж өгнө гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тэр үүнийг хайнга хэлдэг; түүнд буцааж төлөх ямар ч төлөвлөгөө байдаггүй. Антихрист үнэхээр хүссэн бүхнээ авч, бэлэн бүхнийг эдэлдэг. Тэгээд зүрх сэтгэлд нь эдгээр зүйлийг эдэлсний дараа өөрийгөө буруутгах ямар нэгэн мэдрэмж төрдөг үү? Мөс чанар нь буруутгаж байгаа мэт санагддаг уу? (Үгүй.) Түүнд яаж буруутгагдаж байгаа мэт санагдах юм бэ? Энэ бол яг л түүний зорьж байгаа зүйл, энэ бол түүний өдөр шөнөгүй хүсэн хүлээсэн зүйл—тэр яаж үүнээс татгалзаж чадах юм бэ? Энэ давуу талыг дэмий үрж болохгүй, хэрвээ тэр үүнийг далимдуулахгүй бол хугацаа нь дуусаж, юу ч үгүй болно; үүнийг далимдуулсныхаа дараа тэр бас л чихэнд чимэгтэй зүйл хэлж, мөнгө зарцуулж байгаа хүнийг дуртайяа үүнийг хийсэн болгож, энэ талаар юу ч бодож зүрхлэхгүй болгодог.
Өөрсдийн хувийн эзэмшилдээ антихристүүд харьяат хүмүүсийнхээ үзүүлдэг янз бүрийн онцгой хандлага, үйлчилгээг аваад зогсохгүй, мөн эзэмшил дэх хүмүүсээ өөрсдийг нь туйлын дуулгавартай дагадаг болгон сургадаг. Жишээлбэл, хэрвээ антихрист бүх хүнийг өглөөний 5 цагт босохыг шаардвал хүн бүр 5 цагаас өмнө босох ёстой. Оройтож боссон хүмүүс засуулна—тэд антихристийн ааш аягийг харах ёстой болдог. Хоолны үеэр түүнийг суух хүртэл хэн ч ширээнд сууж зүрхэлдэггүй, түүнийг савхдаж эхлэхээс өмнө өөр хэн ч савхдаж зүрхэлдэггүй. Түүний хийхээр шийдсэн юуг ч бай хийх л ёстой; түүний ямар нэг зүйлийг хийхээр шийдсэн тэр л янзаар бусад нь дагах ёстой бөгөөд дуулгаваргүй байхыг тэвчдэггүй. Өөрийн хувийн эзэмшилдээ тэр бол удирдагч, хаан бөгөөд түүний үг эцсийнх байдаг—дагаж мөрдөөгүй хэн боловч тарчлаагдана. Харьяат хүмүүс нь түүний тушаалыг үг дуугүй дагаж, түүнийг өчүүхэн төдий ч сөрж зүрхлэхгүй байж, түүний тушаасан бүхэн үндэслэлтэй, үнэ цэнтэй, энэ нь тэдний үүрэг, хариуцлага гэж үздэг болж сургагдсан байдаг. Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэх нэрийн дор антихристийн харьяат хүмүүс түүнийг үг дуугүй дуулгавартай дагаж, гарынхаа алган дээр бөмбөрүүлэн, түүнд өөрсдийнхөө хаан, эзэн мэт ханддаг. Хэрвээ хэн нэгэнд антихристийн талаар бодол, санал байвал, хэрвээ түүнд антихристийнхаас өөр үзэл бодол байвал тэрээр түүнийг няцааж, басамжилж, задлан шинжилж, шүүж, яллаж, дарлахын тулд бүхий л аргыг хэрэглэх бөгөөд тухайн хүн өөрт нь бүрэн дуулгавартай болох үед л санаа амардаг. Антихрист хувийн эзэмшилдээ дураараа дургидаг бөгөөд тэнд гайхалтай тав тухтай байдаг. Ах эгч нарын өргөсөн мөнгө бүгд антихристэд очдог бөгөөд антихристэд дутагдсан бүхнийг тэд хангах ёстой. Ах эгч нар антихристийг сэтгэл хангалуун, баяртай байлгахын тулд хэрэгцээг нь цаг тухайд нь хангах ёстой. Антихрист энэ хүмүүсийг бараг л боол болгон сургасан байдаг. Түүний хамгийн их номлодог зүйл нь тэр хэрхэн зовж шаналж, үнэнч байсан тухай байдаг бөгөөд Бурханыг баярлуулж, үнэн-зарчимд нийцэхийн тулд хүмүүс өөрийг нь хэрхэн ойлгож, дуулгавартай дагах ёстойг онцолдог. Антихрист хүний үзэл, төсөөлөлтэй бүрэн нийцсэн сүржин номлол айлдаж, уриа лоозон хашхирч, хоосон сургаал илтгэж, бусдын шүтэн бишрэл, бахдалыг олж авдаг. Үүний зэрэгцээ, тэрээр өөрийнх нь эсрэг ямар нэгэн сэжиг, эргэлзээ, эсвэл ялган танилт бий болохоос үр дүнтэйгээр сэргийлдэг, мөн хүмүүсийг өөрийг нь ил болгох юм уу ялган таних бодолтой болохоос, эсвэл урвах тухай өөрсдийн гэсэн бодолтой болохоос сэргийлдэг. Ингэснээр түүний эрх мэдэл үүрд мөнх үргэлжилж, ямар ч өөрчлөлтгүйгээр чуулганд бэхжих болно. Антихрист нэлээд холыг харж бодож байгаа биш үү? Тэгвэл энэ бүх үйлдлийн ардах зорилго юу вэ? Ганцхан үгээр бол—эрх мэдэл юм. Түүний хувийн эзэмшил доторх хүмүүс байна уу, эсвэл гаднах хүмүүс байна уу, түүний үнэнч дагагчид байна уу, эсвэл түүнийг ялган таньдаг ах эгч нар байна уу хамаагүй антихрист юунаас хамгийн их айж, санаа зовдог вэ? Тэр нь энэ хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы өмнө ирж, өөрийг нь ялган таньж, голох вий гэдэг юм. Энэ бол түүний хамгийн их айдаг зүйл. Хүн бүр түүнийг голмогц тэрээр цэрэггүй жанжин болж, байр суурь, нэр хүндээ алдаж, эрх мэдлээ хураалгана. Тиймээс, хувийн эзэмшлээ хамгаалж, үнэнч дагагчдаа түгжиж, өөрийг нь дагадаг хүмүүсийг сайтар төөрөлдүүлж, хянаж, тэднийг бат чанга атгандаа байлгаснаар л эрх мэдлээ бэхжүүлж чадна гэж тэр итгэдэг. Ингэснээр тэрээр эдлэхийг хүсдэг онцгой хандлага, эрх мэдлийнх нь өөрт нь авчирдаг онцгой хандлагыг бат бөх атгадаг. Зарим антихрист биеэ авч явах болон харилцахдаа онцгой арга зальтай байж, хүмүүсийг өөртөө татахдаа гарамгай байдаг. Тэдний удирддаг хувийн эзэмшилд тэдний төлөө ойр зуурын ажил хийдэг хүмүүс, тэдний материаллаг хэрэгцээг хангадаг хүмүүс, мөн тэдэнд мэдээлэл цуглуулж өгдөг, эсвэл тэдний өмнөөс асуудлыг намжаадаг хүмүүс гээд олон янзын өөр өөр хүмүүс байдаг. Антихристийн нөлөөллийн хүрээнд, хэрвээ сайн хэв чанартай хүн, үнэнийг эрэлхийлдэг хүн, үнэн-зарчмыг баримталдаг хүн байхгүй бол антихрист чуулганд урт хугацааны хяналт тогтоож чадах бөгөөд энэ чуулган доторх хүмүүс засаршгүй хэмжээнд нэвт шувт ялзарч, төөрөлдөх болно. Дээрхээс хэн нэгнийг ажил шалгуулахаар илгээсэн ч энэ нь үр дүнгүй болох болно. Чуулган нь антихристийн хяналт дор нэвтэршгүй, нөлөөлөхийн аргагүй, түүний бат бөх цайз болсон байдаг. Хэн ч антихристийг ил болгож, задлан шинжиллээ ч, эсвэл хэн ч үнэн-зарчмыг нөхөрлөлөө ч төөрөлдсөн хүмүүс тэднийг сонсохгүй. Оронд нь тэд антихристийн талд зогсож, үнэнийг эсэргүүцэн, антихристийг ил болгох, задлан шинжлэхийг яллан буруутгах болно.
Антихрист, түүний үнэнч дагагчид болон түүний хувийн эзэмшлийн гишүүд үргэлж Бурханы гэрийн хэрэг явдлыг хэлэлцэж, судалж байдаг: Хэн хаашаа шилжсэн бэ? Хэнийг чөлөөлсөн бэ? Дээрхээс ийм, тийм зүйлийг ил болгох тухай өөр нэг нөхөрлөл, номлол гаргалаа—бид үүнийг түгээх ёстой юу? Мөн бид үүнийг хэрхэн түгээх вэ? Үүнийг эхлээд хэнд, дараа нь хэнд түгээх вэ? Бид хөндлөнгөөс оролцож, зарим нэг хянан боловсруулалт, засвар хийх хэрэгтэй юу? Сүүлийн үед хэн гаднын хүмүүстэй холбоотой байсан бэ? Дээрхээс хэн нэгнийг доош илгээсэн үү? Тэр хүмүүсийн хэн нэг нь манай доод хүмүүстэй холбоотой байсан уу? Тэд байнга иймэрхүү зүйлийг хамтдаа хэлэлцдэг; тэд ихэвчлэн хуйвалдаж, сүлбэлдэн, Дээрхийн бүх ажлын зохицуулалтад хариу өгөх сөрөг арга хэмжээ, явуулга, арга хэрэгслийг хэлэлцдэг; мөн тэд доорх ах эгч нарынхаа нөхцөл байдлыг байнга хэлэлцэж, судалдаг. Антихрист болон түүний хувийн эзэмшлийн гишүүд яг л нэг тэрэгний дугуйнууд шиг өдөржингөө хамтдаа хуйвалддаг. Тэд хамт байхдаа үнэнийг, эсвэл Бурханы санаа зорилгыг нөхөрлөдөггүй, чуулганы ажлын талаар, эсвэл үүргээ хэрхэн гүйцэтгэх, чуулганы ажлыг хэрхэн урагшлуулах, эсвэл ах эгч нарыг Бурханы үгийн бодитой байдалд ороход хэрхэн чиглүүлэх, эсвэл гаднын нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар бүр ч нөхөрлөдөггүй. Тэд эдгээр зөв зүйтэй зүйлийн талаар хэзээ ч нөхөрлөдөггүй, харин хэн нь хэнтэй илүү дотносож байгааг, энэ хүмүүс хамт байхдаа хэний тухай ярьдгийг, тэд удирдагчдын тухай ар хударгаар нь ярьсан эсэхийг судалдаг; мөн тэд хэний гэр бүл баян болохыг, тэд ямар нэгэн өргөл өргөсөн эсэхийг анхаарч үздэг. Эдгээр нь тэдний далд ярьдаг зүйлс бөгөөд тэд ах эгч нарыг, мөн Дээрхийн ажлын зохицуулалтыг үргэлж шүүж байдаг—ах эгч нар болон Дээрхийг аргалахын тулд чадах бүхнээ үргэлж хийж байдаг. Тэдний далд хийдэг зүйл нь шившигтэй: Хэрвээ энэ нь чуулганд хор хөнөөлгүй бол ах эгч нарт хор хөнөөлтэй байдаг; тэд хэв чанар сайтай, үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарын талаар үргэлж хуйвалдаан зохиож, эсвэл сүр дуулиан дэгдээдэг, тэд сайн хүмүүсийг унагаж, нэрийг нь харлуулахыг үргэлж оролддог. Антихристүүд юу ч хийсэн бай, өөрсдийн хүрээний хүмүүстэйгээ үргэлж хэлэлцдэг—энд хуйвалдаан, арга мэх ордог. Антихристийн бүлэглэлийн хэлсэн юу ч задлан шинжлэлийг тэсэхгүй; хэрвээ анхааралтай задлан шинжилбэл бүгдээс нь асуудал олддог. Эзэмшлээс гадуурх хүмүүстэй тэд биеэ барьж, сэрэмжилдэг; антихристийн эзэмшил дотор хязгаарлалт зүйл гэж үгүй: Тэд ах эгч нарыг, Бурханы гэрийн ажлыг, дээд удирдагчдыг—бүр Бурханыг хүртэл шүүдэг. Бүх зүйл бай болдог. Гэвч эзэмшлээс гадуурх хэн нэгэн байх үед тэд үгээ нууж, түгдэрч, биеэ барьж, тэр ч байтугай гаднын хүмүүс ойлгохгүй нууц хэлээр ярьдаг. Тэд тодорхой утгаар харж, ямар нэгэн утгаар зальтай инээмсэглэж, тэр ч байтугай ямар нэгэн утгаар хамраа дуугаргаж, ханиалгадаг—эдгээр нь бүгд тэдний нууц код юм. Заримдаа тэд толгойгоо маажиж, заримдаа чихээ зулгааж, заримдаа хөлөө дэвсэж, заримдаа гараа үрдэг; эдгээр нь бүгд ямар нэгэн утгатай. Эдгээр нь антихристийн бүлэглэлийн нийтлэг илрэлүүд бөгөөд чуулганд эрх мэдлийг монопольчлох даруйдаа тэдний харуулдаг янз бүрийн зан авир юм. Тэдний янз бүрийн зан авир, илрэлээс дүгнэж, хүн чанарынх нь үүднээс задлан шинжилбэл энэ хүмүүс юу вэ? Тэд ов мэх, хорон муугийн үйлчлэгч нар биш гэж үү? (Тийм.) Тэгээд энэ хүмүүст шударга ёсны мэдрэмж байдаг уу? Тэдэнд мөс чанар, ёс суртахуун байдаг уу? Тэд үнэнч үү? Үгүй. Энэ хүмүүст ичгүүр сонжуур байдаггүй. Тэд ах эгч нарын өргөсөн зүйлийг хэрэглэж, үүнийг өөрсдийнхөө эрх гэж боддог; үүний зэрэгцээ, тэд Бурханы гэрт дураараа дургиж, дур зоргоороо авирлаж, ах эгч нарт хор хөнөөл авчирдаг—тэгээд тэд чуулганыг түр хугацаанд шулж амьдраад зогсохгүй, өдөр бүр, үеийн үед тэгж амьдардаг. Эдгээр нь хүний мах идэж, хүний цус уудаг диаволууд биш гэж үү? Тэдэнд ичгүүр сонжуур байдаггүй! Антихрист болон түүний бүлэглэл хамтдаа үргэлж “үндэсний хэрэг явдлыг” хэлэлцэж байдаг. Гэвч хаалттай хаалганы цаана хийдэг тэдний хэлэлцүүлэг шившигтэй юү? (Тийм.) Тэд юуны тухай ярьдаг вэ? Тэд чуулганы ажлыг нөхөрлөдөг үү? Тэд чуулганы ажлын ачааг үүрдэг үү? Зарим газарт чуулган хяналт дор байж, ах эгч нарыг агуу улаан луу, засгийн газар мөрдөж, хянаж байдаг бөгөөд тэр ч байтугай ихэнх ах эгч нар засгийн газрын хяналтад орж, баривчлагдах, шоронд хоригдох аюултай нүүр тулдаг. Тэд тоодог уу? Тэд ах эгч нарыг хамгаалах, хавчлага болон шоронгийн гай зовлонгоос зайлсхийхэд нь туслах арга олохыг оролддог уу? Тэд чуулганыг хохирол амсахаас хамгаалахын тулд чуулганы ном, эд зүйлс гэх мэтийг хэрхэн хамгаалах талаар далд хэлэлцдэг үү? Хэрвээ чуулганд Иудас гарч ирвэл тэд даруй хариу үйлдэл үзүүлж, өртсөн ах эгч нарыг хамгаалахын тулд тэдэнд аюулгүй газар хурдан зохицуулж өгдөг үү? Тэд ийм зүйл хийх үү? (Үгүй.) Хүмүүс эрх мэдэлтэй байхдаа сайн зүйл ч хийж чадна, муу зүйл ч хийж чадна. Тэгвэл антихрист эрх мэдэлтэй байхдаа юу хийдэг вэ? (Муу зүйл.) Тэр ямар муу зүйл хийдэг вэ? (Тэр үгийг нь сонсдоггүй хэнийг ч бай тарчлаах арга олдог. Бурханы гэрээс зарим нэг удирдагч, ажилтныг ажлын талаар асуулгахаар илгээх үед тэр тэднээс зайлсхийх арга, эсвэл барьц олж, тэднийг шүүх, яллах, мөн ажлын талаар асууж, түүнээс асуудал илрүүлэхийг зогсоохын тулд тэднийг хөөх шалтгаан олох арга хайдаг.) Зарим антихрист яг эсрэгээр нь хийдэг: Ах эгч нар асуудлыг нь мэдээлэх вий гэж айсандаа тэд Дээрхээс илгээсэн удирдагчдыг харж хянаж, тэднийг сайн хоол ундаар дайлж, доорх ах эгч нартай холбоо тогтоохыг нь зогсоодог. Удирдагчид ах эгч нарын талаар асуухад тэд “Тэд бүгд сайн байгаа. Одоогоор манай сайн мэдээний ажил саадгүй урагшилж байна. Бид таагүй орчноос үүдэн гарсан тэр бүх асуудлыг шийдвэрлэж, биднээс урвасан Иудасуудыг хөөсөн; бид чуулганы ажлыг үймүүлэхийг оролдсон хүмүүсийг зохицуулж, бүгдийг нь цэвэрлэсэн, бурхны үгийн номууд хэвийн тараагдсан. Ямар ч асуудал байхгүй” гэж хариулдаг. Ингэж хэлэхдээ тэд бусад хүний талаар ч бас хэд хэдэн зүйлийг мэдээлдэг. Дээрхээс тэднийг шалгахаар хэн нэгнийг илгээх үед, хэрвээ тэд хэн нэгэн өөрсдийнх нь талаар мэдээлсэн гэж бодвол—дээд удирдагчдыг төөрөгдүүлж, антихристийн талаар мэдээлсэн хүнд асуудал байгаа гэж бодогдуулж, удирдагчдыг чуулганы ажил яг юу болж байгааг мэдэж, антихристийн асуудлыг олж илрүүлэхээс сэргийлэхийн тулд тэр хүний асуудлыг зориуд мэдээлдэг бөгөөд ингэснээр эцсийн эцэст тэд чөлөөлөгдөхгүй, цаашид аюулд орохгүй. Эзэмшлээ хамгаалах антихристийн зорилго нь эрх мэдлээ бэхжүүлж, үр дүнтэй болгох явдал бөгөөд тиймээс тэд олон дагагч, бялдуучлагч, үнэнч дагагч, гар хөл бологчийг хөгжүүлдэг. Ийм хүмүүсийг хөгжүүлэх тэдний зорилго нь эрх мэдлээ сулруулах, эсвэл хураалгахаас сэргийлсэндээ эрх мэдлийг сайтар монопольчлох юм.
Антихристүүд Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэг бөгөөд удирдагч болсныхоо дараа хамгийн түрүүнд хийдэг зүйл нь эрх мэдлийг монопольчлох юм. Та нар антихристүүд эрх мэдлийг монопольчилж байгаатай холбоотой ямар нэгэн жишээ бодож олсон уу? (Өмнө нь антихрист байсан нэг чуулганы удирдагч байсан. Хэн нэгэн түүний асуудлыг онцолж, эсвэл түүнийг ил болгох бүрд тэрээр тэр хүнийг дарлаж, Бурханы үгийн номыг нь хурааж авдаг байсан. Би нөхцөл байдлын талаар илүү ихийг мэдэхийн тулд түүний чуулгануудын зарим цуглааны бүлэгт очсон. Тэр антихрист муу үйл нь илчлэгдэх вий гэж айсандаа намайг хөөхийг оролдож, зөвшөөрөлгүйгээр нууцаар цуглаанд оролцсон гэж намайг буруутгах боломжийг барьж авсан. Дараа нь дээд удирдагчид шалгуулахаар хэн нэгнийг илгээхэд антихрист намайг гүтгэж, миний талаар муугаар ярьж, тэр ч байтугай намайг гэрийн хорионд оруулж, ах эгч нарт надтай нийлэхгүй байхыг зааварласан. Тэр үед энэ антихрист нэг удирдагч, нэг ажилчинтай хамтран найман чуулганыг хянаж байсан. Эцэст нь, хэдэн сар нөхөрлөж, ялган таньсны дараа ах эгч нар эцэст нь энэ бүлэг антихристийг хөөсөн.) Антихристүүд ингэж ажилладаг. Тэд чуулганд юу ч хийсэн бай, энэ нь эрх мэдлийг гартаа оруулж, хүмүүсийг хянахад чиглэдэг. Тэд өөрсдийнх нь байр суурь, эрх мэдэлд аюул учруулж буй хэнд ч бай онцгой мэдрэмжтэй ханддаг. Ийм хэрэг явдлыг үнэрлэх тэдний хамар маш хурц бөгөөд эдгээр хэрэг явдал өөрсдөд нь тааламжгүй, байр сууринд нь аюул учруулж байгааг тэд даруй ухаардаг. Энэ нь хорон муу биш гэж үү? Антихристүүд яагаад ийм хэрэг явдалд тийм мэдрэмтгий ханддаг вэ? Яагаад бусад хүн үүнийг анзаардаггүй вэ? Энэ нь тэдний уг чанартай холбоотой; зөвхөн антихристүүд л эдгээр зүйлийг мэдэж чадна. Энэ нь нэг зүйлийг баталдаг нь антихристүүд ийм мөн чанартай. Тэдний эрх мэдлийн төлөөх хүсэл нь ер бусын бөгөөд тэд гойд хүсэл шуналтай байдаг. Өөрсдийнх нь хариуцдаг чуулганд хэн нэгэн ирэх үед тэд “Энэ хүн миний байр суурь, нэр хүндэд аюул учруулах уу? Тэр намайг дэвшүүлэх гэж энд ирсэн үү, эсвэл намайг чөлөөлөх гэж үү? Тэр миний асуудлыг шалгах гэж энд ирсэн үү, эсвэл ажлын талаар хэвийн байдлаар нөхөрлөх гэж үү?” хэмээн бодож түүнийг судалдаг. Тэд эхлээд эдгээр зүйлийг олж мэдэхийг оролддог. Тэд ийм хэрэг явдалд онцгой мэдрэмтгий ханддаг, учир нь тэдэнд байр суурь, эрх мэдлийн төлөөх онцгой сэтгэл татагдалт, хүсэл байдаг; тэд эрх мэдэл, байр суурийн төлөө амьдардаг. Хэрвээ эрх мэдлээ алдаж, дагагчид нь цөөрч, цэрэггүй жанжин болбол амьдрал утга учраа алдана гэж тэд боддог. Тиймээс, олж авсан байр суурь, эрх мэдлийнх нь тухайд, гурван чуулган, таван чуулган, эсвэл арван чуулган хариуцдаг эсэхээс үл хамааран антихристүүд илүү олон байх тусмаа сайн гэж итгэдэг. Тэд эрх мэдлээ бусад хүнд яавч шилжүүлж өгөхгүй. Тэд үүнийг өөрсдийнх нь зүй ёсны зүйл, өөрсдөө тэмцэж олж авсан зүйл, хувьсгал, стратегиар дамжуулан олж авсан зүйл гэж боддог. Хэрвээ бусад хүн үүнийг олж авахыг хүсвэл оронд нь амиа өгөхөд бэлэн байх ёстой. Энэ нь яг л агуу улаан луутай адил—хэрвээ хэн нэгэн дарангуйллыг нь эцэслэхийн тулд ардчилсан өөрчлөлт хийхийг санал болгож, Коммунист намыг шударга сонгууль явуулахыг шаардвал агуу улаан луу юу гэж хэлэх вэ? “Ардчилал гэнэ ээ? Чи үүнийг хорин сая хүний толгойгоор солих хэрэгтэй болно! Коммунист нам эрх мэдлээ тоо томшгүй олон хүний цусаар олж авсан. Хэрвээ чи эрх мэдлийг булааж авахыг хүсвэл тэр олон хүний цус, амиар солих хэрэгтэй болно!” Антихристүүд ч бас адилхан. Хэрвээ чи тэднийг эрх мэдлээсээ татгалзаасай гэж хүсвэл тэднийг буулт хийлгэхийн тулд үнэнийг нөхөрлөх нь хангалтгүй; тэд чамтай тэмцэлдэж, тулалдах болно. Тэдний арга барил, арга хэрэгсэл хэчнээн жигшмээр байсан ч тэд эрх мэдлээ хамгаалах ёстой. Бурханы сонгосон хүмүүс бүгд сэрж, нэгдэн тэднийг ил болгож, зайлуулахгүй л бол тэд тэгэхгүй. Антихристүүд дэндүү хорон муу биш гэж үү? Энэ нь антихристүүдийн хорон муу, харгис зан чанарыг бүрэн баталж, харуулж байна. Хянагдаж буй хүмүүс нь хүсэж байгаа эсэх, чин сэтгэлээсээ буулт хийж байгаа эсэх, дуртайяа дуулгавартай байж, дагаж байгаа эсэхийг антихристүүд тоодоггүй. Тэд хүмүүсийг дарлаж, хянахын тулд эрх мэдлээ хүчээр ашигладаг. Хэн ч дуулгаваргүй байж болохгүй: Буулт хийгээгүй хэнийг ч бай шийтгэнэ. Эд нар бол антихристүүд юм.
Сая бид антихристүүд эрх мэдлийг хэрхэн монополчилдгийн зарим тодорхой хэрэгжүүлэлт, илрэлийн талаар нөхөрлөлөө. Эдгээр хэрэгжүүлэлт, илрэлээс антихристүүдэд харгис, хорон муу зан чанар, мөн чанар байдаг гэдгийг бид харж чадах бус уу? Хэн нэгэн тэднийг өөрчилж чадах уу? Тэдэнд учирлаж ярьсан ч, сэтгэлийг нь хөндөн ятгасан ч, Бурханы үгэн дэх үнэнийг танилцуулсан ч, тэднийг засаж, эсвэл жинхэнэ мэдрэмжээр дамжуулан тэднийг өөрчлөх гэж эрж хайсан ч, эдгээр аргын аль нэг нь тэднийг эрх мэдлийг монополчлох хэрэгжүүлэлтээсээ татгалзахад хүргэж чадах уу? (Үгүй.) Зарим хүн: “Антихристүүд бол зүгээр л завхарсан зан чанартай хүмүүс. Хүмүүст хүний сэтгэл хөдлөл байдаг. Хэрвээ чи тэдний сэтгэлийг нь хөндөн ятгаж, аливааг логикоор тайлбарлаж, давуу болон сул талыг нь тодруулж өгвөл тэд учир шалтгааныг ойлгох үедээ ингэж авирлахгүй байж магадгүй. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, антихристүүдийн замаар алхахаа больж магадгүй. Тэд Бурханы гэрт өөрсдийн эзэмшлийг тогтоохгүй, Бурханы гэрт эрх мэдлийг монополчлох гэж өөрсдийн үнэнч дагагчдыг татахгүй, хүн чанар, ёс суртахуунд нийцэхгүй эдгээр үйлдлийг хийхгүй байж магадгүй” гэж хэлдэг. Антихристүүдэд ингэж нөлөөлж чадах уу? (Үгүй.) Хэн нэгэн антихристийг өөрчилж байсан уу? Зарим хүн: “Магадгүй ээж нь тэднийг бага наснаас нь зохих ёсоор хүмүүжүүлээгүй, тэд буруу эрхэлсэн байх. Одоо хэрвээ ээж нь тэдэнтэй ярьж үзвэл, эсвэл гэр бүлд нь хамгийн их нэр хүндтэй хүн, эсвэл хамгийн удаан хугацаанд итгэгч байсан хүн тэдэнд учирлаж хэлбэл тэд антихристүүдийн хийдэг зүйлийг хийхээ больж магадгүй” гэж хэлдэг. Энэ үнэн үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Тэдэнд учирлаад бүтэхгүй; чамайг хэдий чинээ их ярина, тэд төдий чинээ их дургүйцнэ. Хэрвээ чи дараа нь тэднийг ил болгож, засвал тэд чамайг үзэн ядна.) Зөв. Тэд Бурханы үг болон үнэнийг нэлээдгүй сонссон биш үү? Зарим антихрист ямар ч өөрчлөлтгүйгээр арав, хорин жил итгэсэн байдаг. Тэд Бурханы үгийг нэлээд их уншсан ч яагаад ямар ч өөрчлөлт гарсангүй вэ? Учир нь тэдний зүрх сэтгэл ёрын муугаар дүүрэн байдаг—Бурхан ч тэднийг аврахгүй байхад хүмүүс өөрсдөдөө байгаа өчүүхэн мэдлэг, хоосон сургаалаар тэднийг өөрчилж чадах уу? Хүний нийгэмд, улс орнуудад боловсрол, нийгэмд хууль байдаг бөгөөд энэ бүхэн нь хүмүүсийг сайн байхад суралцаж, гэмт хэрэг үйлдэхээс зайлсхийхийг урамшуулан зоригжуулдаг. Гэхдээ яагаад энэ нь хүмүүсийг өөрчилж чаддаггүй вэ? Үндэсний боловсрол, тогтолцоо нь нийгэмд ямар нэгэн эерэг нөлөө үзүүлсэн үү? Үндэстний сурталчилдаг эдгээр зүйл нь хүн төрөлхтний хувьд ямар нэгэн боловсролын ач холбогдол, үнэ цэнтэй юу? Тэдгээр нь үр дүнтэй байсан уу? (Үгүй.) Хүмүүсийг сахилгажуулах хамгийн дээд, хамгийн хатуу газар болох насанд хүрээгүй хүүхдүүдийг засан хүмүүжүүлэх байгууллага, шорон зэрэг улс орон бүрийн хууль эрх зүйн байгууллагууд хүртэл хүмүүсийн мөн чанарыг өөрчилсөн үү? Зарим нэг хүчирхийлэгч, хулгайч, дээрэмчдийг аваад үзье—тэд шоронд маш олон удаа орж, гарч, засаршгүй гэмт хэрэгтэн болдог—тэд эцэст нь өөрчлөгддөг үү? Үгүй, хэн ч тэднийг өөрчилж чадахгүй. Хүний мөн чанарыг өөрчлөх боломжгүй. Үүнтэй адилаар антихристүүдийн мөн чанарыг ч бас өөрчлөх боломжгүй. Эрх мэдлийг монополчлох хэрэгжүүлэлт нь антихристүүдийн мөн чанарыг илэрхийлдэг бөгөөд энэ мөн чанарыг өөрчлөх боломжгүй. Энэхүү өөрчлөгдөшгүй төрлийн хүнд ханддаг Бурханы хандлага ямар вэ? Тэднийг өөрчилж, аврахын тулд чадах бүхнээ хийж, дараа нь тэдний уг чанарт өөрчлөлт гаргадаг уу? Бурхан ийм ажил хийдэг үү? (Үгүй.) Одоо та нар Бурхан ийм төрлийн ажил хийдэггүй гэдгийг ойлгосон тул антихристүүдтэй хэрхэн харьцах ёстой вэ? (Тэднийг жигшин гол.) Эхлээд ялган таньж, задлан шинжил; тэднийг нэвт харсан бол жигшин гол. Хэн нэгнийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, антихрист шиг байна гэж бодон, зөвхөн өөрийн үзэл, төсөөлөлд үндэслэн бүү жигшин гол. Ингэж болохгүй; чи харалган байж болохгүй. Харилцаж, судалж, ялган таних замаар хэн нэгнийг антихрист гэдгийг аажмаар тогтоож, баталгаажуул. Эхлээд, хүн бүрд тэдний талаар нөхөрлөж, задлан шинжил, тэднийг ялган тань, дараа нь чуулган дахь үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүстэй нэгдэн тэднийг жигшин гол. Эхлээд тэднийг ялган таньж, задлан шинжил, дараа нь тэднийг жигшин гол—энэ бол антихристүүдтэй харьцах хамгийн сайн арга юм. Хоёр нүүр гаргахдаа сайн, нэлээд зальжин зарим антихристийн хувьд, хэрвээ чи тэдэнтэй харилцах замаар тэднийг судалж, ялган таньж, антихрист гэдгийг нь баталгаажуулсан ч ах эгч нар тэднийг сайн мэддэггүй, жинхэнэ ялган таних чадваргүй хэвээр байвал, чамайг тэдний талаар нөхөрлөж, задлан шинжлэх үед ах эгч нар антихрист гэдэгт нь итгэхгүй, эсвэл хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй “Чи тэдний талаар өрөөсгөл үзэлтэй байна; энэ бол чиний хувийн үзэл бодол” гэж хүртэл хэлдэг бол чи яах ёстой вэ? Хэрвээ чи: “Ямартай ч, би тэднийг ялган таньсан, би тэдэнд төөрөлдөхгүй, хазаарлуулахгүй, тэдний хэлснийг сонсохгүй, бас тэднийг яавч дуулгавартай дагахгүй. Та нар тэднийг ялган таних эсэх нь надад хамаагүй. Би тэдний илрэл, хийдэг зүйлсийнх нь талаар та нарт хэлсэн, та нар итгэх эсэх, сонсох эсэхээс үл хамааран би үүрэг хариуцлагаа ямартай ч биелүүлсэн. Хэрвээ та нар тэдэнд төөрөлдөж, хянуулбал, хэрвээ та нар тэдний хэлснийг сонсож, тэднийг дагавал үр дагаврыг нь амсах ёстой бөгөөд жинхэнэ хохь чинь!” гэж хэлбэл энэ арга барил хүлээн зөвшөөрөхүйц байна уу? Энэ нь үүрэг хариуцлагаа биелүүлж байгаад тооцогдох уу? Энэ нь Бурханд үнэнч байгаад тооцогдох уу? (Үгүй.) Тэгвэл чи яах ёстой вэ? Ийм зүйлээс зайлсхийх боломжгүй; ийм хэрэг явдал гарцаагүй гарч ирнэ. Зарим хүн хэчнээн олон номлол сонссон ч үнэнийг ойлгож чаддаггүй бөгөөд тэд антихристүүдийн илрэлийг сонссон номлолтойгоо холбож, эсвэл тэднийг ялган таньж чаддаггүй. Хэн нэгэн антихрист гэдэг нь өдөр мэт тодорхой байхад тэд зүгээр л түүнийг нэвт харж чаддаггүй, төөрөлдсөн хэвээр байдаг. Антихристүүд тэднийг өөрийн биеэр хохироож, өөрсдөө тэднийг дарлаж, загнаж, засаж, эсвэл яг нүдэн дээр нь харуулахгүй л бол тэд антихрист гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Бусад хүн баримтыг хэлж, эсвэл нотлох баримт гаргаж ирсэн ч тэд итгэхгүй. Тэд антихристүүдийн юу хийдгийг өөрийн нүдээр харж, антихристүүдийн хүчирхийллийг өөрийн биеэр туулж байж л хүлээн зөвшөөрч чаддаг. Энэ нөхцөл байдалд юу хийх ёстой вэ? (Тэдэнд антихристүүдийг дагаж, хүчирхийллийг нь туулахыг зөвшөөр; тэд хүчирхийлүүлснийхээ дараа л сэрнэ.) Энэ арай хатуудахгүй юу? (Энэ нь тэдэнд хатуу хандаж байгаа хэрэг биш. Ийм хүмүүс нөхөрлөлөөр дамжуулан үнэнийг ойлгож чаддаггүй, тэд хүчирхийллийг өөрийн биеэр туулж байж л ухамсартай болж, сэрж чадна. Тиймээс энэ бол ийм хүмүүстэй харьцах цорын ганц арга зам юм.) Энэ бол нэг зарчим юм. Зарим хүн чамайг өөрсөдтэй нь эерэг байдлаар ярихад ойлгодоггүй; тэдэнд үүнийг ухамсарлах чадвар дутмаг байдаг. Жишээлбэл, хэрвээ чи тэдэнд: “Тэр газар аюултай; хэрвээ чи шөнө ганцаараа явбал дээрэмчидтэй таарч магадгүй. Ийм зүйл хэд хэдэн хүнд тохиолдсон. Шөнө битгий яв; эрт буцаж ирээрэй!” гэж хэлэхэд тэд итгэдэггүй бөгөөд хань болох хүнгүйгээр шөнө ганцаараа явна гэж зүтгэдэг. Энэ тохиолдолд, чи тэднийг ганцааранг нь явуул, гэхдээ нууцаар хамгаалж, тэднийг үнэхээр асуудалд оруулахгүй байлга. Энэ бол үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг. Жинхэнэ асуудал гарах үед чи тэднийг хамгаалж, ямар нэгэн асуудалд орохоос нь сэргийлж, сургамж аваад, түүнийгээ ой тоондоо оруулахад нь тусалж чадна. Эцэст нь тэд чиний хэлсэн зүйл зөв байсан гэдэгт итгэх болно. Тиймээс, антихристүүдэд төөрөлдсөн, үнэнийг яаж ч нөхөрлөсөн тэднийг ялган таньж чаддаггүй хүмүүс ялган таних чадвартай болохын тулд ноцтой хор хохирол амсаж, сургамж авч, түүнийгээ ой тоондоо оруулах ёстой болдог. Мунхаг, зөвлөгөөг үл тоодог хүмүүс антихристүүдийн хорон муу, харгис байдлыг нэвт харж чаддаггүй бөгөөд антихристүүдэд ах эгч нар шиг хандаж, ийм маягаар тэдэнтэй харилцаж, тэр ч байтугай тэдэнд хайраар тусалж, чин сэтгэлээсээ хандаж, тэдэнтэй зүрх сэтгэлээсээ ярьдаг. Үр дүнд нь тэд антихристүүдийн золиос болдог. Зарим хүн нэг биш, хэд хэдэн удаа хохирч байж ялган таних чадвартай болдог. Тэгээд чамайг тэдэнтэй нөхөрлөж, дэмжих үед тэд чамд итгэдэг. Энэ бол үр дүнтэй арга бөгөөд зарим хүн ийм зүйл дээр зовох ёстой байдаг. Өмнө нь ялган таних чадваргүй, Бурханы гэр нэг антихристийг чөлөөлөхөд үүнийг таатай хүлээж аваагүй мунхаг нэгэн байсан. Антихристийн муу үйл нь илэрхий байсан бөгөөд тэр ч байтугай тэд түүнийг антихрист гэж тодорхойлсон байв. Түүнээс бусад нь бүгд үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэн ч түүнтэй нөхөрлөж чадахгүй байв. Эцэст нь тэрээр антихристийг дагаж гарсан. Хэсэг хугацааны дараа ноцтой хор хохирол амссан тэрээр антихристийг үнэхээр аймшигтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрч уйлсаар буцаж ирсэн. Үнэн хэрэгтээ, антихрист үргэлж тийм муу байсан боловч тэр антихристийн талаар сайхан сэтгэгдэлтэй байж, тааллыг нь олохыг хүссэн учраас антихристийн хийсэн бүхнийг тэвчиж, өөгшүүлсэн. Антихрист байр сууриа алдахад тэрээр антихристтэй эрх тэгш харилцаж, антихристийн хийсэн зарим зүйлийн талаар санал бодолтой болж эхэлсэн. Түүний үзэл бодол өөрчлөгдөж, асуудлыг харж эхэлсэн. Эцэст нь, антихристийг дахин дагаач гэж түүнээс шаардсан ч тэр шууд татгалзсан—тэрээр маш их хор хохирол амсаж, антихристийг нэвт харсан учраас антихристийг дагаснаас үхсэн нь дээр гэж үзсэн. Үнэн хэрэгтээ, түүний нэвт харсан зүйлийг түүнд аль эрт хэлсэн байсан ч тэр буулт хийх юм уу, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Яах ч аргагүй байсан. Ийм хүмүүсийн хувьд тэд бартаатай замаар явж, илүү их бэрхшээл туулах ёстой байдаг—тэдний зовлон хүртэх ёстой зүйл нь юм. Яагаад би үүнийг хүртэх ёстой зүйл гэж хэлж байна вэ? Чамд ерөөл байсаар атал чи эдлэхээс татгалзаж, зовох гэж зүтгэдэг бол—яах ч аргагүй—чи эхлээд бэрхшээл туулж, зовох ёстой гэсэн үг юм. Энэ бол хүртэх ёстой зовлон юм.
Эрх мэдлийг монополчлохдоо антихристүүд юун түрүүнд өөрсдийг нь үг дуугүй дуулгавартай дагадаг хүмүүст чухал даалгавруудыг даатгадаг. Дараа нь тэд эргэлзсээр байгаа, оюун бодолд нь нөлөөлж болохуйц хүмүүсийг сургаж, өөрсдийнхөө талд оруулдаг. Энэ хүмүүс хангалттай сургагдаж, антихристийн эзэмшлийн гишүүд болмогц антихрист санаа амарч чадна. Өөрөө ашиглах боломжгүй бусад хүний хувьд антихрист тэднийг бүрмөсөн орхиж, өөрийн эзэмшлээс гаргадаг. Түүнийг үг дуугүй дуулгавартай дагадаг бүх хүнийг өөрийн үнэнч дагагчид, өөрийнх нь эзэмшлийн итгэмжит гишүүд гэж үздэг. Тэр энэ хүмүүсийг өөрийн дагагчид, өөрийн талынхан, итгэлт хүмүүс гэж үздэг. Түүний эрх мэдэл энэ бүлэг дотор ноёрхдог; өөрөөр хэлбэл, тэднээр дамжин үр дүнтэй хэрэгждэг. Тиймээс антихристүүд эрх мэдлийг монополчилж, Бурханы гэрийг өөрсдийн эзэмшил болгон хувиргахдаа ихээхэн хүчин чармайлт гаргадаг гэж хэлж болно. Тэд янз бүрийн үйлдэл хийж, үүнийхээ төлөө ихээхэн төлөөс төлдөг боловч энэ төлөөсний үр дүнд Бурхантай, үнэнтэй, мөн үнэнийг эрэлхийлдэг бүх ах эгч нартай дайсагналцдаг. Энэ эрх мэдлийн үнэ цэн, ач холбогдол юу вэ? Энэ нь антихристүүд Бурхан болон Түүний гэртэй тэмцэлдэх давуу тал олж авч, өөрсдийн бэхлэлтийг тогтоон, бие даасан хаанчлал байгуулж, асар их эрх мэдлийг бие даан хэрэгжүүлдэгт оршдог.
II. Антихристүүд нөхцөл байдлыг залдаг
Өмнө нь бид антихристүүд Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэгийн эхний илрэл болох эрх мэдлийг монопольчлох талаар нөхөрлөсөн. Эрх мэдлийг монопольчлохтой холбогдуулан бид антихристүүд хэрхэн эрх мэдэлтэй болдог, эрх мэдэлтэй болсныхоо дараа байр сууриа хэрхэн тогтворжуулж, тэр эрх мэдлээ цаашид хэрхэн бэхжүүлдэг, эцэст нь тэр эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай тодорхой агуулгыг голчлон нөхөрлөсөн. Антихристүүд эрх мэдлийг монопольчлохоос гадна Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэг хоёр дахь бодитой хэрэгжүүлэлт нь нөхцөл байдлыг залах явдал юм. Нөхцөл байдлыг залах гэдгийн шууд утгыг ойлгоход хялбар байх ёстой, тэгвэл “нөхцөл байдал” гэж юуг хэлж байна вэ? Антихрист эрх мэдлийг монопольчилж, өөрийн эзэмшлийг тогтоож, үнэнч дагагчид, гар хөл бологсод болон нөлөөллийн хүрээгээ бүрдүүлснийхээ дараа бусдыг өөрийнх нь ажилд хутгалдахыг зөвшөөрч чадах уу? Тэр бусдыг өөрийнхөө хариуцдаг хэрэг явдал, нөлөөллийн хүрээнд хутгалдах юм уу оролцохыг зөвшөөрч чадах уу? (Тэр үүнийг зөвшөөрдөггүй.) Антихристийн хувьд эрх мэдэл бол түүний амь юм. Түүний нөлөөллийн хүрээнд бүх зүйл түүний үгээр байх ёстой. Түүний нөлөөллийн хүрээнд юу ч тохиолдсон бай, холбогдсон хүмүүс, хэрэг явдлыг, түүнчлэн тухайн хэрэг явдлын эцсийн үр дүнг бүгдийг нь тэр зохион байгуулж, хянах ёстой. Энэ нь түүний хүсэлтэй нийцэж, хэрэгцээг нь хангах ёстой бөгөөд түүнд ямар ч хохирол учруулах ёсгүй. Жишээлбэл, хэрвээ тэр тодорхой нэг хэрэг явдалд хөндлөнгөөс оролцохгүй, хутгалдахгүй, эсвэл залахгүй, харин өөрөөр нь хэвийн байдлаар явуулбал тэр муу нэр зүүж, эсвэл хэн нэгн түүниыг матаж, тэр чөлөөлөгдөж магадгүй, энэ тохиолдолд түүний байр суурь аюулд орж, эзэмшиж буй эрх мэдэл нь алга болж магадгүй юм. Тиймээс чуулганд тохиолддог том, жижиг бүх төрлийн хэрэг явдлыг антихрист өөрөө зохицуулах ёстой. Эдгээр хэрэг явдал нь түүний нэр хүнд, байр суурь, түүнчлэн эрх мэдэлтэй нь холбоотой байдаг. Эрх мэдэлтэй нь холбоогүй хэрэг явдлын тухайд тэр түүнийг шалгахгүй байх, эсвэл нүдэн балай өнгөрөөхийг сонгож магадгүй. Ялангуяа Бурханы гэрийн ажил, ах эгч нарын амь-оролт, чуулганы амьдрал болон иймэрхүү янз бүрийн хэрэг явдлын тухайд эдгээр нь түүний байр суурь, эрх мэдлийг хөндөхгүй л бол, Дээрхтэй харилцах харилцаанд нь хамаарахгүй л бол тэр тэдгээрийг тоодоггүй, шалгадаггүй, эсвэл анхаардаггүй. Жишээлбэл, сайн мэдээний багийн сар бүр олж авсан хүний тоо түүнд маш чухал, учир нь энэ нь түүний байр сууринд нөлөөлдөг. Хэрвээ сар бүр тайлагнасан тоо нь түүний байр суурийг баталгаажуулж чадвал тэр байр сууриа хамгаалахын тулд тэр тоонд хүрэх гэж бүхнийг хийх бөгөөд бусад хэрэг явдал түүнд хамаагүй үлддэг. Жишээлбэл, түүний хариуцдаг бүс хэвийн нөхцөлд сард зуун хүн олж авах ёстой гэж бодъё. Гэвч орчин нөхцөл зөвшөөрөхгүй байх, тэр сард онцгой нөхцөл байдал үүсэх, эсвэл зарим хүн судалгааны хугацаандаа байгаа зэргээс шалтгаалан олж авсан хүний тоо зууд хүрэхгүй бол антихрист энэ хэрэг дээр зүтгэл гаргаж, сэтгэл нь түгшдэг. Тэр юунд түгшдэг вэ? Бурханы сайн мэдээг түгээх ажил саадгүй явагдахгүй байгааг хараад тэр ачаа мэдэрч, түгшдэг үү? Сайн мэдээ номлож байгаа хүмүүст ачааны мэдрэмж дутагдаж, хааш яаш байгаа бөгөөд тэднийг хэрхэн усалж, үүнийг шийдвэрлэх талаар тэр санаа зовж байна уу? Эсвэл сайн мэдээ номлох хүн хүч хангалтгүй байгаа бөгөөд үүнийг хэрхэн тохируулж, нэмэгдүүлэх талаар санаа зовж байна уу? Үгүй, тэр эдгээр зүйлд түгшдэггүй. Тэр Дээрхэд өөрийнхөө өөдгүй аргыг мэдэгдэхгүйгээр тэр тоог хэрхэн зуу болгох талаар түгшдэг. Хэрвээ бодит тоо нь зуу биш ная байгаад тэр үүнийг үнэнээр нь тайлагнавал Дээрхээс хэн нэгнийг илгээж, нөхцөл байдлыг шалгаж, илүү ихийг олж мэдэж магадгүй тул Дээрх ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар тэрхүү тоог хэрхэн тайлагнаж болох вэ? Тэр ерэн найман хүн гэж тайлагнадаг. Хэн нэгэн “Чи ингэж хуурамчаар үйлдэж болохгүй; энэ бол мэхлэлт, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж хэлэхэд, тэр “Зүгээр ээ. Би эцсийн шийдвэрийг гаргадаг; хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдвол би хариуцлагыг нь хүлээнэ” гэж хариулдаг. Тэр яагаад яг энэ тоог тайлагнасан бэ? Үүний цаана ямар нэгэн гүн гүнзгий утга учир байна уу? Тэр үүнийг сайтар бодож үзсэн үү? Тэгсэн. Бодит тоо ердөө ная байхад зуун хүн гэж тайлагнах нь хэтэрхий том зөрүү бөгөөд дараа нь худлаа ярьснаа аргалахад хэцүү болдог. Гэхдээ хэрвээ тэр ерэн найм гэж тайлагнавал Дээрх үүнийг зууд хүрэхгүй байгааг харах боловч энэ нь үнэмшилтэй тоо мэт санагдаж, Дээрхээс шалгалт хийхэд хүргэхгүй бөгөөд энэ нь түүний байр суурийн аюулгүй байдлыг хангадаг. Заримдаа тэр зуун хүн олж авбал хоёр зуу гэж тайлагнаж зүрхэлдэг бөгөөд хэрвээ Дээрхээс хэн нэгнийг илгээж шалгуулбал түүнд үүнийг зохицуулах арга байдаг. Тэр илүү зуун хүнийг одоогоор судалж байгаа бөгөөд дараа сард олж авна гэж баталдаг. Хэрвээ Дээрхээс үүнийг шалгуулахаар хэнийг ч илгээхгүй бол тэр өөрийн хувь нэмрийг гайхуулах арга олдог. Заримдаа тэр нэг сарын дотор ганц ч хүн олж аваагүй бол гуч юм уу тавин хүн олж авсан гэж бүр хуурамчаар тайлагнаад, дараа сард нь үүнийг нөхөх арга олдог. Товчхондоо, сайн мэдээ номлосноор олж авсан хүний тоог тайлагнах үед антихрист тэрийг хуурамчаар үйлдэж, тэр талаар худлаа ярьж, мэхэлж, өөдгүй арга хэрэглэж чаддаг. Тоог хэрхэн тайлагнах, ямар тоо тайлагнахыг антихрист шууд зааварладаг. Энэ нь нөхцөл байдлыг залж байгаа хэрэг биш гэж үү?
Антихрист байр суурь, эрх мэдлээ ашиглан Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэхэд байнга хөндлөнгөөс оролцож, үймүүлдэг. Тэр зарчимд үндэслэн ажилладаг, үүргээ үр дүнтэй гүйцэтгэдэг хэнийг ч бай дарлаж, гадуурхдаг. Түүний ингэж үйлдэхийн зорилго юу вэ? Энэ нь нөхцөл байдлыг залах юм; тэрээр бүрэн хяналтаа тогтоож, доорх хүмүүсээ буулган авч, Дээрхийг хуурах юм. Нөхцөл байдлыг залах зорилго нь юу вэ? Энэ нь үнэн илчлэгдэхээс сэргийлэх, хүмүүст үнэнийг мэдүүлэхгүй байх, Дээрхийг хуурах, доорх ажлынхаа бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулах, мөн ямар нэгэн бодит ажил хийсэн эсэх, ажлаа хэрхэн хийснээ нуун дарагдуулах явдал юм. Нөхцөл байдлыг залах түүний зорилго нь баримтыг нуун дарагдуулах, үнэнийг халхлах, өөрийн ёрын муу санаа зорилгыг далдлах, түүнчлэн өөрийн ёрын муу үйл, улайрсан тэрслүү үйлдэл болон ямар ч бодит ажил хийдэггүй, хийж чаддаггүй тухай үнэнийг нуух зэрэг юм. Жишээлбэл, Бурханы гэрт тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болж, чуулганд нь хэр их өргөл хадгалагдаж байгааг асуух үед антихрист эхлээд Бурханы гэрт хэр их мөнгө хэрэгтэй байгааг асуудаг. Хэрвээ чи хэдэн мянга хэрэгтэй гэж хэлбэл тэр ердөө хэдэн зуу л байгаа гэдэг; хэрвээ чи хэдэн арван мянга хэрэгтэй гэж хэлбэл тэр ердөө хэдэн мянга л байгаа гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тэрээр чуулганы өргөлөөс хэдэн арван мянган юань хадгалж байгаа бөгөөд үүнийг өгөхийг хүсдэггүй. Тэр ёрын муу санаа зорилго өвөрлөж байгаа хэрэг биш үү? Тэр юу хийхийг хүсдэг вэ? Тэр эдгээр өргөлийг өөрийнхөө хэрэгцээнд зориулан булаан авахыг хүсдэг. Энэ нь нөхцөл байдлыг залж байгаа явдал гэж тооцогдох уу? (Тийм.) Антихрист өргөлийг ч өгөхгүй байх хэмжээнд нөхцөл байдлыг залдаг. Хэрвээ чи чуулганд нь бичгийн, хөгжмийн, эсвэл видео продакшны ур чадвартай хүн байгаа эсэхийг асуувал тэр “Манайд далан найман настай, ходоодны хүнд өвчтэй, өмнө нь сэтгүүлч байсан бичгийн ур чадвартай хүн бий” гэж хэлж магадгүй. Үнэн хэрэгтээ энэ хүн дөнгөж гуч гаруй настай, ид насандаа яваа, ходоодны ямар ч ноцтой өвчин тусаагүй байдаг. Антихрист яагаад атгасан гараа сулладаггүй вэ? Тэр яагаад худал мэдээлэл өгдөг вэ? Тэр нөхцөл байдлыг залахыг хүсдэг. Ийм авьяастнаа явуулах нь түүний засаглалд нөлөөлнө гэж тэр итгэдэг; мөн тэр энэ авьяастай хүмүүсийг авч үлдэхийг хүсдэг. Энэ авьяастай хүмүүс үнэхээр түүнд харьяагддаг уу? (Үгүй.) Тэгвэл тэр яагаад тэднийг явуулдаггүй вэ? Бурханы гэрийн ажилд хэрэгтэй байхад яагаад энэ ур чадвартай хүмүүсийг гаргаж өгөхгүй, тэр ч байтугай бүр худал мэдээлэл өгдөг вэ? Тэр байр сууриа баталгаажуулахын тулд хүмүүсийг төөрөлдүүлэхийг хүсдэг—үнэндээ тэр нөхцөл байдлыг залж байгаа хэрэг юм. Тэр холбогдох хүмүүсээс эдгээр үүргийг гүйцэтгэх хүсэлтэй байгаа эсэхийг нь асуудаггүй, мөн энэ хүмүүсийн нөхцөл байдлыг Бурханы гэрт үнэнээр танилцуулдаггүй. Оронд нь тэднийг өөрийнхөө хэрэгцээнд зориулан авч үлддэг, эсвэл ашиглахгүй байсан ч Бурханы гэрт өгдөггүй. Жишээ нь, Бурханы гэрт чуулганаас видео бүтээгч хэрэгтэй болсон үед антихрист үүнийг хараад “Видео бүтээх ур чадвартай хүн гаргаж өгөх—би ийм сайхан боломжийг алдаж болох уу? Хүн бүр өөртөө ашигтайг хардаг: Миний охин, хүү болон хэд хэдэн хамаатан видео продакшны талаар бага сага зүйл мэддэг тул тэд бурханы гэрийн шаардлагыг хангаж байгаа эсэхээс үл хамааран би тэднийг гаргаж өгнө” гэж боддог. Хүн гаргаж өгөх гэх мэт сайхан боломжтой тулгарах үедээ тэр хамаатан садан, найз нөхдөө урьтал болгож, гаднын хүмүүст юу ч үлдээдэггүй. Энэ нь нөхцөл байдлыг залж байгаа хэрэг биш гэж үү?
Дээр дурдсан жишээнүүдээс харахад антихрист нөхцөл байдлыг залдаг гэдэг нь яг юуг хэлж байна вэ? Энэ нь антихрист бүх хүнийг, бүх зүйлийг хянаж, залж, бүрэн ноёрхлоо тогтоодог гэсэн үг биш үү? Бүх зүйл түүний гарт байдаг бөгөөд бүх зүйлд тэр эцсийн шийдвэрийг гаргадаг; тэр бол хөлгийг хянаж, хөшигний араас чиглүүлж, залдаг хүн. Энэ бол нөхцөл байдлыг залах явдал юм. Дээрхээс нөхцөл байдлыг ойлгохын тулд чуулганд нь хэн нэгнийг илгээж, энэ хүн нь хэд хэдэн хүнтэй ярилцаж, ах эгч нарын амь-оролт хэр ахицтай байгаа, үүргээ хэр гүйцэтгэж байгааг харахыг, мөн Бурханы үгийн ном, номлолын бичлэг зэрэг материалыг Бурханы сонгосон хүн бүрд тараасан эсэхийг шалгахыг хүсэх үед антихрист “Асуудалгүй, би чамайг нэг ах, нэг эгчийн гэрт хүргэж өгье” гэдэг. Энэ хоёр хүн нь хэн бэ? Тэд хоёулаа антихристийн эзэмшлийн хүмүүс биш гэж үү? (Тийм, мөн.) Энэ хоёр хүн бол түүний охин дүү, эхнэрийнх нь эрэгтэй дүү юм. Дээрхээс илгээсэн хүнийг энэ хоёр айлд аваачсаны дараа энэ хоёр хүн “Манай чуулганы амьдрал гайхалтай, бидэнд бүх төрлийн номлол, нөхөрлөл, гэрчлэлийн видео байдаг. Манай чуулганы удирдагч чуулганы ажлаар нэлээд хэд хоног яваад гэртээ буцаж ирээгүй байна” гэж хэлдэг. Түүний чуулганд хэн ч очсон бай, тэр бодит нөхцөл байдлын өчүүхэн жаахан хэсгийг ч ойлгож чаддаггүй. Антихрист чуулган дахь жинхэнэ нөхцөл байдал, гарч ирсэн асуудлууд, саад тотгор, үймээн учруулж буй ёрын муу хүмүүс, хэн үүргээ хааш яаш гүйцэтгэж байгаа, ямар ажил дээр алдаа гарсан гэх мэт бүх зүйлийг нуун дарагдуулдаг. Чи тийшээ очихдоо зөвхөн тааламжтай харагдах дүр зургийг л хардаг—энэ бүхэн хуурамч дүр төрх юм. Нэг л анхаарал татах зүйл байгаа: Хэрвээ Дээрхээс илгээсэн хүн чуулганы өргөлийг хадгалах тохиромжтой газар байгаа эсэх, зарим өргөлийг авч явах шаардлагатай эсэхийг асуувал антихрист чуулганы өргөл тийм ч их биш байгаа гэж бушуухан хэлдэг. Бусад бүх ажлын тухайд тэр эергээр ярьдаг, харин өргөлтэй холбоотой нөхцөл байдлын тухайд—нөгөө хүнийг үг хэлэхээс өмнө яриаг таслан зогсоодог. Антихрист бүх төрлийн үүргийг гүйцэтгэхэд тохиромжтой чуулганы боловсон хүчнийг хянаж, харин өөрийнхөө дуртай зарим хүнийг, эсвэл Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хангаагүй хүмүүсийг, ялангуяа хүн чанар муутай, муу ёрын сүнс ажиллаж байгаа тодорхой хүмүүсийг, эсвэл сүнслэг ойлголт огт байхгүй, хүн чанар нь зэвүүцмээр, үүргээ хааш яаш гүйцэтгэдэг, Бурханд итгэх итгэлийн суурьгүй, яг л шүтлэггүй хүмүүс шиг зарим нэг хүнийг санал болгодог. Үүргээ хааш яаш гүйцэтгэхээс гадна энэ хүмүүс үймээн, саад тотгор учруулж, цадиггүй зан авир гаргадаг бөгөөд зарим нь бэрхшээл туулж чаддаггүй, Бурханы гэрээс явахыг хүсдэг. Зарим нь бүр үндэслэлгүй цуу яриа тарааж, үзэл дэлгэрүүлдэг бол зарим нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэггүй, өдөржин олон ангит кино эсвэл өөр олон утга учиргүй бичлэг үзэж өнгөрөөдөг. Тэгээд эцэст нь юу болдог вэ? Энэ хүмүүсийн заримыг нь буцаадаг. Буцаагдсан хүмүүсийн ерэн тав гаруй хувь нь хүн чанар муутай байдаг. Тэдний хүн чанар хэр муу вэ? Маш муу—тэдэнд хүн чанар байдаггүй, зарим нь Бурханд огт итгэдэггүй. Энэ хүмүүс хаанаас ирсэн бэ? Тэднийг бүгдийг нь чуулганаас гаргаж өгсөн биш гэж үү? Тэднийг чуулганаас гаргаж өгсөн тул гаргаж өгсөн хүмүүст нь асуудал байх ёстой. Эдгээр хүний зарим нь антихрист байж болох бөгөөд гаргаж өгсөн хүмүүс нь антихристүүдийн хамаатан садан, гар хөл бологсод, эсвэл үнэнч дагагчид байж болохыг үгүйсгэх аргагүй. Ийм биш гэж үү? Жинхэнэ хүн чанартай, бага ч гэсэн мөс чанартай хүн авьяастай хүмүүсийг гаргаж өгөх чухал хэрэгт анхааралтай хандаж чадах уу? Тэр бага ч гэсэн хариуцлагатай байж чадах уу? Тэр аминчхан сэдлээ заримыг нь ч гэсэн орхиж чадах уу? Хүн чанар, мөс чанартай хүн үүнийг гарцаагүй хийж чадна, харин ганцхан төрлийн хүн л чаддаггүй, тэр нь антихрист юм. Тэд бүх сайн зүйлийг өөрсдөдөө нөөцлөхийг хүсдэг бөгөөд өөрсдөд нь ашиггүй ямар ч зүйлийг эрс няцааж, хамтран ажиллахаас татгалздаг—антихристүүд ийм л байдаг.
Антихристүүд чуулганд үргэлж бүрэн хяналтаа тогтоож, хэрэг явдлыг зааварлахыг хүсдэгээс гадна нөхцөл байдлыг залдаг бүр ч жигшүүртэй тал байдаг. Антихристүүд үнэнч дагагчидтайгаа хамтран хуйвалдаад Бурханы гэрийн зохицуулалтад захирагдаж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Бурханы гэрийн ажлыг дэмжиж, үүрэг, хариуцлагаа биелүүлж чадах уу? (Үгүй, тэд чадахгүй.) Тийм ч учраас би тэднийг хамтран хуйвалддаг гэж хэлсэн. Тэднийг хамтран хуйвалддаг гэж хэлэнгүүт тэдний хамтдаа хэлж, хийдэг бүхэн нь далд харилцаа гэдэг нь илэрхий болдог. Өнгөн дээрээ энэ хүмүүс нөхөрсөг, ахмадаа хүндэлдэг, бие биенээ туйлын их хайрладаг, эелдэг, хүндэтгэлтэй, мөн боловсон, сайн зан араншинтай мэт харагддаг. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нь өнгөц, хоёр нүүртэй, хуурамч байдаг. Тэд яагаад бие биедээ тийм эелдэг, дээд зэргээр хүндэтгэлтэй, боловсон хандаж чаддаг вэ? Үүнд шалтгаан бий. Хамтран хуйвалдаж байгаагийн зорилго нь сул талаа нөхөхийн тулд бие биенээсээ суралцах, эсвэл Бурханы хүслийг дагаж, чуулганы ажлыг сайн хийхийн тулд үнэн-бодит байдалд ороход нь бие биенээ дэмжих биш. Харин харилцан ашиг хонжоо хайж, түшиглэж, туслахын төлөө байдаг. Илүү олон хүн гэдэг нь илүү их эрх мэдэл гэсэн үг бөгөөд илүү их эрх мэдэл нь аливааг зохицуулахад хялбар болгож, хувийн хэрэг явдлын зохицуулалтыг хөнгөвчилдөг учраас тэд хамтран хуйвалддаг. Тиймээс тэд хамт байхдаа ойр дотно гэр бүл шиг маш эвсэг харагддаг. Тэд ахмад хүмүүстэй эелдэг харьцаж, ойролцоо насныхныг “эгч” эсвэл “ах” гэж дуудан, эдгээр үгийг дотночлон, нийгмийн хэв маягт бүрэн нийцүүлэн хэлдэг. Хэрвээ хэн нэгэн нөхцөл байдлын бодит үнэнийг мэдэхгүй бол тэднийг хайр энэрэлтэй, харилцан тусалдаг, бие биедээ түшиглэдэг гэж магтаж ч магадгүй; тэд бэрхшээлтэй үед тусламжийн гараа сунгахад бэлэн мэт санагддаг бөгөөд тэд маш баяртай, сэтгэл хангалуун байж, “Бид бүгд гэр бүл; бид нэг бурханд итгэдэг” гэж хэлдэг. Тэд ярихдаа утга учиртай харцаар хайраа хуваалцаж, үнэхээр нэг гэр бүл, ойр дотно бүлэг гэдгээ улам баталдаг. Тэгвэл тэд хамтран хуйвалдахдаа яг юу хийдэг вэ? Жишээлбэл, ахмад эгч нарын нэг нь компанид ерөнхий менежер хийдэг бөгөөд нийгмийн өргөн харилцаа, холбоо сүлбээтэй байдаг. Тэрээр антихристийн эзэмшлийн хүмүүсийн төлөө олон зүйл хийсэн бөгөөд ихэнх хүн түүнээс тусламж авсан тул түүнийг “том эгч” гэж нэрлэдэг. Хэрэв хэн нэгний хүү нь их сургуульд орох, эсвэл охин нь ажил хайх гэх мэт ар гэрт нь ямар нэгэн зүйл тохиолдох бүрд тэрээр гарцаагүй уг эгчээс зөвлөгөө авч, асуудлыг шийдвэрлэхэд тусламж хүсдэг. Хэрэв хэн нэгэн эмнэлэгт хэвтэж, чуулганд эмнэлэгт ажилладаг, импортын эм авахад нь тусалж чадах хүн байвал антихрист тэр хүнийг даруй ойр дотнын итгэлт хүн, гэр бүлийн нэг хэсэг гэж үздэг. Тэд ийм ажлыг зохицуулж, бие биедээ харилцан ашигтай байж, хоёр талдаа ашигтай нөхцөл байдлыг бий болгохын тулд хамтран хуйвалддаг. Тиймээс тэд хамт байхдаа хоорондоо гайхалтай сайн харилцаатай, эв найртай, маш баяртай байдаг бөгөөд хэзээ ч муудалцдаггүй. Гэсэн хэдий ч энэ эв найрамдлын цаана хүн бүр нууцаар далд санаа өвөрлөж, нөгөө талыг хэрхэн мөлжиж, бусдыг хэрхэн ашиглах, мөн харилцан ашигтай байдлыг бий болгож, бусдын ачийг хариулахын зэрэгцээ бусдад хэрхэн тусалж болох талаар боддог. Антихрист эзэмшлээ тогтоож, үнэнч дагагчидтай болсныхоо дараа өдөр тутмын амьдралын бүх жижиг сажиг хэрэг явдалд нь туслах өөрийн гэсэн баг, “гэр бүл”-тэй болдог. Жишээ нь, ажил олох, коллежид орох, албан тушаал ахих, ноцтой өвчинтэй тэмцэх, нүүх, эсвэл бүр баривчлагдсаныхаа дараа шоронгоос суллагдахын тулд зуучлагчийн хувиар мөнгө төлөх хүн олох зэрэг энэ бүх хэрэг явдлыг зохицуулах хүн байдаг. Антихристийн өнцгөөс харвал энэ “гэр бүлийн гишүүд” хэрэгтэй биш гэж үү? Тэдэнд найдаж болох бус уу? Тэд бие биедээ түшиглэж, тусалж болох бус уу? (Тийм.) Тиймээс ийм эзэмшил дотор хэн нэгний хардаг зүйл бол Бурханы үгийг зарчмаа болгон хамтдаа харилцдаг хүмүүс юм уу, мөс чанарынхаа дагуу үйлдэж, Бурханы үгийн дагуу амьдарч, Бурханыг шүтэн мөргөж, бие биетэйгээ хэвийн харилцаж, чин сэтгэлээсээ нөхөрлөж, зүрх сэтгэлээ нээж, илэн далангүй байж, өөрсдийнхөө завхарсан зан чанарын талаар нөхөрлөж, танин мэдэж, эсвэл дутагдлаа нөхөхийн тулд бие биенээсээ суралцдаг хүмүүс биш юм—тийм зүйл огт байдаггүй. Энэ бүлэг, энэ эзэмшил бол үнэн ямар ч эрх мэдэлгүй, Ариун Сүнс ажилладаггүй, Бурханы үг хүмүүсийн зүрх сэтгэлд оршдоггүй антихристийн бүлэглэлийн эзэмшил юм. Харин антихристийн бүлэглэл энд сэтгэл хангалуун, тав тухтай, тааламжтай амьдарч, үүнийг өөрсдийн гэр шиг үздэг. Үнэн хэрэгтээ энэ нь Бурханы гэр ч биш, чуулган ч биш; энэ бол нийгэм, антихристийн бүлэглэл юм.
Антихристүүд чуулганыг өөрсдийн эзэмшил болгож, нийгмийн бүлэг болон өөрсдийн бүлэглэл болгон хувиргадаг. Тэд сүйтгэгч, жигшим үйл хэрэгт оролцдог бөгөөд шүтлэггүй хүмүүсийн арга, аргачлалаар бүрэн ярьж, үйлддэг. Тэд бүгд хэлэмгий үгтэй, хөнгөм хуумгай яриатай, өөдгүй зангаар дүүрэн, хорлонтой, хорон муу бөгөөд үнэнийг хүлээн авахаас татгалздаг. Гаднаа тэд өөрсдийгөө боловсон, соёлтой, эелдэг, сахилга баттай, тэр ч байтугай хүмүүжил сайтай, хэв чанартай, ёс жудагтай мэтээр өнгөлөн далдалдаг. Гэсэн хэдий ч тэдний хүн нэг бүр нь үнэндээ хорлонтой, ов мэхтэй, өөдгүй, хорон муу этгээд юм. Тэд бие биетэйгээ хуйвалдаж, холбоо сүлбээ тогтоож, нөлөөгөөрөө өрсөлдөж, тансаглалд анхаарч, нийгмийн харилцаа холбоо болон хүмүүс хоорондын харилцааг чухалчилдаг. Тэд нийгэмд хэн илүү их нөлөөтэй, илүү өндөр байр суурьтай, илүү их нэр хүндтэй, мөн хэн арга тактикт хамгийн сайн болохыг анхаардаг. Тэдний яриа, зан авираас чи ямар ч жинхэнэ итгэлийг ялган таньж чадахгүй; зүрх сэтгэлд нь Бурханы үг болон үнэнд зориулсан өчүүхэн төдий орон зай байгааг бүр ч харж чадахгүй. Тэдний итгэл бол тоглоом, луйвраас өөр юу ч биш юм. Энэ хорон муу этгээдүүд чуулганыг нийгмийн бүлэг, хорон муу этгээдүүд хамтдаа хуйвалддаг эзэмшил болгон хувиргасан бөгөөд энэ бүх хугацаанд тэд “Бид бурханд итгэдэг, бурхны гэрт үүргээ гүйцэтгэдэг, бурхныг ингэж дагадаг, ах эгч нарынхаа сайн сайхны төлөө тэгж хувь нэмэр оруулдаг, тэдэнд ингэж тусалж, дэмждэг, мөн ийм, тийм байдлаар бие биенээ хайрладаг” хэмээн сүржин үгээ зогсолтгүй илэрхийлсээр байдаг. Хүмүүсийг төөрөлдүүлж, урхиддаг хорон муу арга, янз бүрийн өөдгүй аргачлалаар дамжуулан тэд ах эгч нарыг хорлодог ч өөрсдийгөө үүргээ гүйцэтгэж, ах эгч нарт тусалж, Бурханыг алдаршуулж, Түүнийг гэрчилж байна гэж итгэдэг. Эдгээр үйлдэл, зан авирын цаана нөхцөл байдлыг залдаг антихристүүдийн мөн чанар оршдог гэдгийг тэд огт ухаардаггүй. Антихристүүд Бурханыг дагадаг хүмүүсийг эрхшээлдээ оруулж, чуулганыг өөрсдийн эзэмшил, нийгмийн бүлэг, Сатаны эрхшээл дэх хүмүүсийн байгууллага болгон хувиргадаг. Ийм байгууллагыг чуулган гэж үзсээр байж болох уу? Мэдээж үгүй. Антихристүүдийн зан авир туйлын ой гутмаар биш гэж үү? Та нар ийм антихристийн бүлэглэлийг харж байсан уу? Тэдний дунд байх үед чамд юу мэдрэгддэг вэ? Гаднаа тэд эелдэг, найрсаг мэт харагддаг—гэхдээ чамайг тэдэнтэй үнэн болон Бурханы санаа зорилгыг нөхөрлөхөд тэдний гаргадаг хандлага нь гаднах эелдэг, найрсаг байдлынх нь эсрэг гойд зэвүүцэл, сонирхолгүй байдал байдаг. Чамайг тэдэнтэй үнэнийг нөхөрлөхөд тэд чамайг гаднын хүн гэж мэдэрдэг бөгөөд чамайг чуулганы ажлыг нөхөрлөхөд тэд бүр ч их тэгж мэдэрдэг; чамайг цааш нь үүрэг гүйцэтгэхдээ хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчмын талаар нөхөрлөх үед тэд бухимдаж, сонирхолгүй болдог бөгөөд тэр үед л тэд чөтгөрлөг дүр төрхөө илчилж, толгойгоо маажиж, эвшээлгэж, нүднээс нь нулимс гардаг. Энэ нь хэвийн бус биш гэж үү? Чамайг үнэнийг нөхөрлөмөгц яагаад тэдний чөтгөрлөг дүр төрх гарч ирдэг вэ? Тэдний хүн нэг бүрийн зүрх сэтгэлд их хайр байдаггүй гэж үү? Чамайг үнэний талаар нөхөрлөж эхлэх үед тэд яаж сонирхлоо алдаж чадаж байна вэ? Үүгээрээ тэд илчлэгдэж байгаа хэрэг биш үү? Гаднах ажил хэргийг гүйцэтгэхэд тэд асар их урам зоригтой, үнэнч байдаг бус уу? Мөн тэд үнэнч юм бол бодит байдалтай бус уу? Хэрвээ тэд бодит байдалтай юм бол хүмүүс үнэнийг нөхөрлөхийг сонсох үедээ баяртай байх ёстой, үүнд хүсэн тэмүүлэх ёстой. Яагаад тэдний байдал үргэлж хэвийн бус байж, тэр ч байтугай муу ёрын сүнсэнд эзэмдүүлэх явдал гардаг вэ? Тэдний ердийн эв найртай харилцаа, эелдэг, найрсаг байдал нь бүхэлдээ хуурамч гэдгийг энэ нь харуулдаг. Бурханы шүүлтийн үг болон Түүний илэрхийлдэг үнэн л тэднийг бүрэн илчилдэг. Тэгээд тэдний уур хилэн оргилж, нөхцөл байдал нь ердийнхөөсөө тэс өөр болж, тэд мууг үйлдэж, үймээн дэгдээж эхэлдэг. Тэгээд Бурхан тэднийг Сатанд тушааж, цаашид тэдэнд санаа тавихаа больдог. Түмэн зүйлийн диаволын үйл хэргээрээ тэд үнэн нүүр царайгаа харуулсан.
Антихристүүд нөхцөл байдлыг залах нь үнэхээр бодит байдал юм. Хөнгөн тохиолдолд нэг хүн тодорхой тооны хүмүүсийг залдаг; ноцтой тохиолдолд нэг бүлэглэл тодорхой тооны хүмүүсийг, түүнээс гадна хэрэг явдал бүрийг залдаг. Нэг хүний залж чадах зүйл, нөхцөл байдлын тоо хязгаарлагдмал байдаг; тиймээс хүчээ өргөжүүлж, байр сууриа баталгаажуулахын тулд антихристүүд хэсэг хүнийг сургах ёстой. Тэд өөрсдөдөө туслуулж, байр суурь, эрх мэдлээ баталгаажуулж, нөхцөл байдлыг залахад нь туслуулахын тулд хэсэг хүнийг татаж, хянах хэрэгтэй болдог. Антихристүүд бүлэглэлээ байгуулмагц тэдний нөлөөллийн хүрээ томорч, илүү олон зүйлийг залах боломжтой болж, тэдний оролцоо өргөждөг. Үүний үр дүнд хохирогчдын тоо нэмэгддэг. Хэрвээ та нар нөхцөл байдлыг залж чадах антихристийн бүлэглэлтэй таарвал яах ёстой вэ? Та нар ийм бүлэглэлийг харж байсан уу? Энэ бүлгийн гол гишүүд ихэвчлэн дөрөв, тав, эсвэл арав гаруй хүнээс бүрддэг. Хүн бүр янз бүрийн ажил хариуцдаг. Жишээ нь, хүн хүчний тохируулгаар мэргэшсэн, санхүү хариуцдаг, Дээрхтэй харилцдаг, юу ч тохиолдсон антихристийн өмнөөс аливааг даруй нуун дарагдуулдаг хүмүүс байдаг; түүнчлэн хөшигний араас зөвлөгөө өгдөг, хүмүүсийг хорлох муу зүйл сэддэг; цуу яриа тараахаар мэргэшсэн, хагарал үүсгэдэг, мууг үйлдэгчдэд мууг үйлдэхэд нь тусалдаг, мэдээлэл цуглуулдаг хүмүүс, тэр ч байтугай ашиг тус олж авч, тэднийг эмчилдэг хүмүүс байдаг. Товчхондоо, энэ бүлэгт бүх төрлийн дүрд тоглох хүн байдаг. Антихристүүд нөлөөлөлгүй, заль мэхгүй, гэнэн цайлган, нийгэмд асуудлыг зохицуулах чадваргүй хүмүүсийг үл тоомсорлодог. Харин тэд нийгэмд байр суурь, нэр хүнд, нөлөөтэй, албан тушаалтан байсан эсвэл том бизнес хийж байсан туршлагатай итгэгчдийг—амьдрал үзсэн, ажил хэргийг бүтээж чаддаг, өөрсдөд нь сайн сайхан зүйл олж өгч чадах хүмүүсийг тусгайлан онилдог. Жишээ нь, хэрвээ машин 400,000 юанийн үнэтэй бол зах зээлийн учрыг сайн олж чаддаг хүн антихристэд шинэ машинтай дүйцэхүйц хуучин машиныг хагас үнээр нь олж өгч чадна. Хэрвээ ийм хүн антихристтэй ойртвол тэр түүнийг элсүүлэх үү? (Тийм.) Антихристүүд ийм хүмүүсийг элсүүлдэг. Тэдний зорилго юу вэ? Тэд Бурханы ажлын газар болох Бурханы гэрийг нийгмийн бүлэг болгон хувиргаж, Бурханы ажил болон үнэнийг хүмүүсийн дунд хэрэгжүүлэх боломжгүй болгохыг зорьдог—тэд өөрсдийн зорилгодоо хүрэхийг хүсдэг. Хэрвээ жирийн нэг итгэгч Бурханд бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг, гэр бүл, карьераа орхиж чаддаг, заль мэхгүй, гэнэн цайлган, аливааг зохицуулах чадваргүй бол антихрист түүнийг хүсэх үү? (Үгүй.) Хэрвээ нөхөр, хүү хоёр нь бизнесээр мөнгө олж чаддаг, нийгэмд нөлөөтэй, хэн ч тэднийг дээрэлхэж зүрхэлдэггүй бол ийм настай эмэгтэй антихристэд ямар нэгэн үнэ цэнтэй юу? Хэдийгээр тэрээр антихристийн нүдэнд өөрийн үнэ цэнгүй байж болох ч гэр бүлийн хувьд маш үнэ цэнтэй юм. Тэр мөнгөөр дутагддаггүй, гэр нь ах эгч нарыг зочноор хүлээн авч чаддаг, хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдвол гэр бүл нь тусалж, зохицуулж чаддаг. Ийм хүн антихристэд үнэ цэнтэй байдаг. Антихрист ийм хүнийг татаж, төөрөлдүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийж, түүнийг өөрийнхөө талд зогсоож, ашигладаг. Антихрист өөрт нь хэрэгтэй хүмүүсийг үнэн зөв үнэлдэг. Тэр жинхэнэ итгэлтэй, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, эсвэл зан араншин сайтай, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг, хариулуулж, услуулсныхаа дараа ахиц дэвшил гаргаж, жинхэнээсээ төлөөс төлж чаддаг хүмүүсийг тоодоггүй, үнэлдэг ч үгүй. Чи хэдий чинээ шулуун шударга, хэдий чинээ мөс чанар, эрүүл ухаантай байна, тэр чамд төдий чинээ их зэвүүцдэг. Хэрэв чи үнэнийг хэлж, шулуухан ярьдаг бол тэр чамд зэвүүцэж, жигшдэг. Тэр чамайг харах үедээ чамаас зай барьдаг. Хэрвээ чи түүнтэй харилцвал тэр өнгөцхөн эелдэг үг солилцох боловч чи түүнд үнэ цэнтэй биш л бол чин сэтгэлээсээ ярьдаггүй. Тэр өөрт нь үнэ цэнтэй, эрх мэдэл, байр сууринд нь ашигтай хүмүүсийг илүүд үздэг. Хэрвээ хэн нэгэн түүнд ашиглуулж, аливааг хэрэгжүүлэхэд, жинхэнэ баримтыг нуун дарагдуулахад, муу зүйл хийхэд нь тохиромжтой шалтаг олоход, хэнд ч анзаарагдахгүйгээр, хэн ч ил болгож, эсвэл нэвт харж чадахгүйгээр ах эгч нарыг төөрөлдүүлэхэд тусалж чадвал тэр хүн түүний ашиглах, элсүүлэх бай болдог. Хэрвээ хэн нэгэн хэнтэй ч ярьсан үргэлж зусардсан үг хэлдэг, эрх мэдэлтэй хүмүүсийг магтан дуулдаг, байр суурьтай хэнийг ч дагадаг, хэнийг ч ялган таних чадваргүй бол антихрист түүнийг ашигладаг уу? Ийм хүн антихристэд үнэ цэнтэй байдаг ч тэр бас түүнд болгоомжтой ханддаг. Тэр өөрт нь зусарддаг хүмүүст бүрэн итгэдэггүй бөгөөд тодорхой зүйлсийг тэдэнд мэдэгдэхгүй. Хэрвээ уулзалтуудыг шатлалаар ангилбал тэр ийм хүмүүсийг илүү чухал цуглаанаас хасдаг. Ийм туйлбаргүй хүмүүс ач холбогдол багатай эсвэл жирийн цуглаанд л оролцож болдог. Учир нь өөр удирдагч гарч ирвэл энэ туйлбаргүй хүмүүс хэзээ ч хамаагүй түүнээс урваж, түүнийг ил болгож магадгүй. Антихрист ийм хүмүүстэй харьцахдаа зальтай байдаг бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан тэднийг ашигладаг. Тиймээс нөхцөл байдлыг залах тал дээр антихрист маш болгоомжтой байдаг. Тэр ийм хэрэг явдалд системтэй, хэмжүүртэй хандаж, хэрхэн үйлдэх, ямар хүмүүсийг ашиглахаа сайтар бодож үздэг. Тэрээр зүрх сэтгэлдээ ойрын гар хөл бологсод болон жирийн гар хөл бологсдыг ялгадаг.
Антихрист дээд шатны удирдагч эсвэл өөртэй нь сайн танил биш хүн гэх мэт танихгүй хүнтэй харилцахдаа эхлээд тэр хүний зан араншинг, түүнийг тодорхой эрэлхийлэл, хоббитой эсэх, жинхэнэ итгэлтэй эсэх, Бурханд хэдэн жил итгэсэн, үнэн-бодит байдалтай эсэх, эсвэл өөрийг нь ялган таних чадвартай эсэх, амь-оролтын ачаа үүрдэг эсэхийг нь танддаг. Тэр бүх талыг үнэлж, ажиглаж, дараа нь янз бүрийн арга ашиглан үгийг нь ухаж, түүнийг шалгадаг. Хэрвээ хэн нэгнийг мунхаг болохыг нь харвал тэр сэрэмжээ сулруулж, түүнийг үл тоомсорлодог. Гэсэн хэдий ч хэрвээ хэн нэгэн гярхай, мэдэхэд амаргүй мэт санагдвал тэр болгоомжлох ёстой гэж үздэг. Антихрист нөхцөл байдлыг хянана гэдэг нь бүх зүйлийг хяналтдаа авч, бүх зүйлд эцсийн шийдвэрийг гаргахыг хүсэж, бүх төрлийн хүнийг өөрийн хяналтдаа байлгахыг хэлдэг. Бурханы гэрийн дүрэм журам түүний хувьд ямар ч утгагүй, хаягдал цааснаас ялгаагүй болж, Бурханы захиргааны зарлиг, зан чанар огт байхгүй, агаар адил болдог. Түүний амбиц, хүсэл нь хүмүүсийг хянаж, үгэндээ оруулахаар хязгаарлагддагүй; тэр бүр хүн бүрд тохиолдож буй бүх үйл явдал, түүнчлэн өөрийнх нь нөлөөллийн хүрээн дотор ч бай, бүр гадна ч бай хамар дор нь болж буй бүх хэрэг явдлыг хянах хэмжээнд хүрдэг. Энэ хяналтын зорилго юу вэ? Өөрийн эрх мэдэл, байр суурь, түүнчлэн нэр хүндээ баталгаажуулах юм. Антихрист нөхцөл байдлыг залдаг гэдгийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл: Бүх зүйл түүний хяналтад байдаг. Тиймээс антихрист том, жижиг ямар ч хэрэг явдлыг харалгүй өнгөрөөж зүрхэлдэггүй. Тэр юуг ч харалгүй өнгөрөөж зүрхэлдэггүй, байр суурьтай нь, эсвэл нөлөөллийн хүрээтэй нь холбоотой ямар ч зүйлд оролцож, хутгалдахыг хүсдэг бөгөөд ямар ч ашиг хонжооноос хоцрохгүй. Тэр чуулган доторх олон хэрэг явдалд идэвхтэй оролцож, аливаа зүйл хэрхэн өрнөж байгаа нөхцөл байдлыг атгандаа байлгахыг хүсдэг. Жишээ нь, зарим хүн түүний үгэнд үнэхээр орохгүй, эсвэл түүнд дуулгавартай байхгүй, үргэлж түүний талаар үзэл бодолтой байвал тэр тэднийг тарчлаах арга олдог. Гэхдээ тэр тэднийг засах ямар ч шалтаг олж чадахгүй бол яадаг вэ? Тэр Бурханы гэрээс илгээсэн ном, номлолын бичлэгийг хянах арга олдог. Тэр өөрт нь хэн дуулгавартай байгаагаас шалтгаалан эдгээр материалыг хэн цаг тухайд нь хүлээж авахыг тодорхойлдог. Хэрвээ чи тэр хугацаанд түүний үгэнд орохгүй, эсвэл таагүй зан авир гаргавал тэр нөөц хязгаарлагдмал байна гэж хэлээд чам руу илгээхгүй. Антихрист чиний зан авирыг ажигладаг. Хэрвээ чи энэ талаар тодорхой бодож, нэвт харж, антихристийн сэтгэл зүйг ойлговол; хэрвээ чи сайн дураараа алдаагаа хүлээн зөвшөөрч, антихристтэй ойртвол тэр “Энэ удаад бурхны гэр хүн бүрд хангалттай нөөц илгээсэн, чи ч бас багтсан” гэж хэлэх шалтаг олох болно. Гэсэн хэдий ч тодорхой хугацааны дараа чамайг дахин зай барьж байгааг харвал тэр чамайг тарчлаасаар л байх болно. Шинэ нөөц ирэх үед тэр бүр чамд мэдэгдэхгүй, чамд юм өгөхгүй, тэр байтугай чамд анх байсан зүйлийг хурааж авах шалтаг ч олж магадгүй. Ялангуяа хэн нэгэн хөшигний ар дахь муу үйлсийнх нь талаар мэдэж, түүнийг матаж магадгүй гэдгийг антихрист олж мэдвэл тэр урьдчилан арга хэмжээ авч, алдаагаа санаачилгаараа хүлээн зөвшөөрч, өөрийгөө танин мэдсэнээ хуваалцаж, эхлээд зөөлөн арга хэрэглэдэг. Антихрист зөөлөн арга бүтэхгүйг хараад, зүрх сэтгэлдээ бага зэрэг тайван бус болж, энэ хүн түүнийг матаж магадгүй гэж бодвол тэр энэ хүнийг бүсэлж, хүчээр сүрдүүлэхийн тулд илүү олон хүнийг цуглуулахаар бүхнийг хийх болно. Энэ нь тэр хүн буулт хийж, түүнийг матахгүй гэсэн байр сууриа мэдэгдэх хүртэл үргэлжилдэг бөгөөд зөвхөн тэр үед л антихрист гараа татдаг. Зарим тохиолдолд антихрист бүр бусдыг түрүүлж ил болгож магадгүй; бусад хүн өөрийг нь ил болгож, матахаас айсандаа тэр урьдчилан арга хэмжээ авч, бусад хүнд худал гүтгэлэг гаргаж, урхи тавихын тулд тэднээсзориуд барьц олж авдаг. Дараа нь тэр тухайн хүнийг тусгаарлаж, хөөх шалтаг олж, Дээрхтэй болон чуулгантай харилцах харилцааг нь тасалдаг. Одоо антихристэд аюулгүй санагдаж, цаашид санаа зовох шаардлагагүй болдог. Энэ нь нөхцөл байдлыг залж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Ийм хэрэг явдалд антихристийн үйлдэл нь ганц, хоёр салангид тохиолдол эсвэл ердөө ганц, хоёр арга хэрэглэх төдийгөөр хязгаарлагдахгүй гэж хэлж болно. Нөхцөл байдлыг залж, байр сууриа баталгаажуулж, эзэмшлээ ганхуулахгүйн тулд антихрист олон муу үйл хийдэг. Жишээ нь, тэр чуулган доторх хүн хүчний систем, зохицуулалтыг өөрчилдөг. Илүү олон хүнийг хянахын тулд тэр ах эгч нарын дунд хагарал үүсгэж, ах эгч нарыг бие бие рүүгээ дайрч, шүүхэд хүргэдэг. Тэр ч байтугай дагагчдаа шударга ёсны мэдрэмж илүүтэй зарим ах эгчийг бүслэхэд турхирдаг; тэр бас Дээрх өөрийг нь хэчнээн өндрөөр үнэлдэг талаар ах эгч нарын өмнө баталдаг. Түүгээр ч барахгүй тэр Дээрх рүү захидал бичиж, өөрийгөө гойд сайн ажилладаг гэж сайрхаж, өөрийгөө танин мэдсэн, асуудлаа сайн дураараа илэн далангүй ярьж чаддаг гэх мэтээр баталдаг. Тэр Дээрхийн тааллыг олж авах гэсэндээ захидал бичиж, өөрийнхөө бүх асуудлын талаар мэдээлдэг. Тэр нөхцөл байдлыг залж, үнэнч дагагчдаа хянаж, ах эгч нарыг мэхэлж, үүний зэрэгцээ Бурханы гэрийг мэхлэхийн тулд янз бүрийн арга, аргачлал ашигладаг. Эдгээр нь чуулган доторх нөхцөл байдлыг хянахын тулд антихристүүдийн ашигладаг янз бүрийн хэрэгжүүлэлт юм. Мэдээж өөр олон тодорхой хэрэгжүүлэлт байдаг ч тэдгээрийг энд жагсаахгүй. Дүгнэж хэлэхэд, антихристүүд чуулганыг хэрхэн хянадаг тухайд эдгээр хэрэг явдал түгээмэл байдаг бөгөөд тэдний харуулдаг янз бүрийн хэрэгжүүлэлт ч бас түгээмэл байдаг.
III. Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг тандаж, хяналтдаа авдаг
Эрх мэдлийг монопольчилж, нөхцөл байдлыг залахаас гадна өөр ямар үйлдэл антихристүүд Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэгийг баталж чадах вэ? Эрх мэдлийг монопольчлох тухайд бид голчлон боловсон хүчний хэрэг явдлын талаар нөхөрлөсөн бол нөхцөл байдлыг залах нь голчлон үйл явдлын өрнөлийг хянах тухай юм. Антихристүүд эрх мэдлийг монопольчилдог нь гадаад үйлдэл бөгөөд нөхцөл байдлыг залах нь бас хүмүүсийн харж чадах гадаад зүйл юм—эдгээр талыг хянахад хялбар байдаг. Гэхдээ хүн бүрийн хувьд хянахад туйлын хэцүү нэг зүйл бий. Тэр нэг зүйл юу вэ? (Хүмүүсийн зүрх сэтгэл болон хүмүүсийн бодлыг хянах явдал.) Надад хэл дээ, тэр зөв үү? (Тийм ээ, зөв.) Библид ингэж хэлсэн байдаг: “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч” (Иеремиа 17:9), өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэл бол хянахад хамгийн хэцүү зүйл. Антихристүүд хамгийн хэцүү зүйлийг хянах гэж оролдох уу? Тэд: “Хүний зүрх сэтгэл бол хамгийн ов мэхтэй, хянахад хамгийн хэцүү учраас би үүнийг хянахгүй. Тэд хүссэнээ бодог; надад эрх мэдэл байгаа цагт, би хүмүүсийг хянаж байгаа цагт тэр нь хангалттай. Би зүгээр л тэдний үйлдэл, зан авирыг хянана, харин бодлыг нь Бурханы удирдлагад үлдээж болно; надад чадвар байхгүй учраас би тэр зүйлд санаа зовохгүй” гэж хэлж магадгүй юу? Антихристүүд ингэж буулт хийх үү? (Үгүй, тэд тэгэхгүй.) Антихристүүдийн мөн чанараас дүгнэхэд тэдний амбиц бол хүнийг бүхэлд нь хянах явдал юм. Тэдний хувьд хянахад хамгийн хэцүү зүйл нь хүний зүрх сэтгэл боловч энэ нь бас тэдний хамгийн их хянахыг хүсдэг зүйл юм. Тэд хүмүүсийг эрхшээлдээ оруулж, бүх зүйлийг буюу үйл явдал ямар чиглэлд өрнөх, хэдэн хүн оролцох, ямар хэрэг явдлыг хөндөх, эдгээр үйл явдал бүхэлдээ яаж өрнөх, үр дүн нь ямар байхыг бүрэн хяналтдаа авдаг— бүгд тэдний эхлүүлснээр, тэдний зүрх сэтгэлийн хүслийн дагуу өрнөдөг. Гэсэн хэдий ч нэг зүйл бий, дурдвал, хүмүүс зүрх сэтгэлдээ үнэндээ юу гэж бодож байна вэ? Тэд антихристүүдийн талаар юу гэж бодож байна вэ? Тэд тэдний талаар сайхан сэтгэгдэлтэй байна уу, үгүй юу? Тэд тэдэнд дуртай юу, үгүй юу? Зүрх сэтгэлдээ хүмүүс тэднийг антихристүүд гэж итгэдэг үү? Хүмүүс антихристүүдийн үйлдлийг ялган таньдаг уу эсвэл зэвүүцдэг үү? Хүмүүс гаднаа тэднийг хүндэлж, тэдэнд зусардаж байх үед тэд зүрх сэтгэлдээ үнэндээ юу бодож байдаг вэ? Зүрх сэтгэлд нь байгаа зүйл гаднах харагдах байдалтай нь үнэхээр нийцэж байна уу? Тэд үнэхээр тэдэнд дуулгавартай байна уу? Энэ бол антихристүүдийн санааг маш их зовоодог хэрэг явдал юм. Тэд хэдий чинээ их санаа зовно, төдий чинээ хариулт хайдаг. Энэ бол антихристүүд Бурханы гэрийг өөрсдийн хувийн эзэмшил шиг үздэгийн гурав дахь илрэл буюу хүмүүсийн зүрх сэтгэлийг тандаж, хяналтдаа авах явдал юм.
Хүмүүсийн зүрх сэтгэлийг тандаж, хяналтдаа авах нь амархан уу? Тандах, хяналтдаа авах нь ямар нэгэн зүйл хийх үеийн үйлдэл эсвэл зан авирын хоёр өөр түвшнийг төлөөлдөг. Антихрист эрх мэдлийг атгаж, үйл явдлын өрнөлийн бүх явц болон түүний үр дүнг хяналтдаа авах үед, тэр эдгээр зүйлийг хяналтдаа авах үед түүний дор эсвэл нөлөөллийн хүрээнд байгаа хүмүүс зүрх сэтгэлдээ үнэндээ юу бодож байгааг—түүнд Бурхан шиг эсвэл төгс хүн шиг ханддаг эсэх, түүнийг үзэн яддаг, түүний талаар үзэл бодол, эсвэл үзэл өвөрлөдөг эсэх, мөн түүнийг ялган таньдаг эсэхийг—хүмүүс зүрх сэтгэлдээ үнэндээ юу бодож байгааг, эдгээр зүйлийг тандахад нэлээд хэцүү байдаг. Тэгвэл тэр юу хийдэг вэ? Тэр доороо байгаа хүмүүсийг ажиглаж, ялган таних чадваргүй, ашиглагдахад амархан бүх хүнд ашиг тус өгч, эсвэл чихэнд чимэгтэй хэдэн үг хэлдэг. Энэ хүмүүс яг л резинэн бөмбөг шиг байдаг: тэднийг цохих бүрд улам өндөрт үсэрч, илүү их эрч хүч цуглуулдаг. Тэр ийм хүмүүсийг гар хөл болгон ашигладаг. Тэр тэднийг юу хийлгэхээр ашигладаг вэ? Тэр эдгээр гар хөлөөр хүмүүсийн зүрх сэтгэлийг тандуулдаг. Тэр гар хөлдөө: “Сүүлийн үед манай чуулганы Ли эгч охинтойгоо бага өргөл өргөж байна. Тэд өмнө нь нэлээд ихийг өргөдөг байсан ч одоо нэг их ирэхээ больсон. Тэд сүүлийн үед юу хийж байна вэ? Тэд гаднын хүмүүстэй холбоо барьсан уу? Гэрт нь ямар нэгэн зүйл тохиолдсон уу? Очоод хараадах, жаахан дэмжлэг үзүүл” гэж хэлж магадгүй. Тэр хүн Ли эгчийн гэрт очиж, эргэн тойрныг ажиглаад, “Энд танил бус царай алга. Энэ хоёр эгч нэлээд тайван амьдарч байгаа бололтой. Тэдэнд ямар нэгэн бэрхшээл тулгарсан шинж алга. Тэд яагаад манай цуглаанд явахгүй байна вэ? Би цааш нь лавлая” гэж боддог. Энэ хүн “Та нар сүүлийн үед гэртээ ямар нэгэн шинэ гэрэл олж авсан уу? Би сүүлийн үед сул дорой байна; надтай хэсэг нөхөрлөөч” гэж асуудаг. Тэр хүн үнэнийг эрж хайж, тусламж хүсэхээр ирснийг хараад эгч нар түүнтэй нөхөрлөж, “Сүүлийн үед бид Бурханд итгэгчид бусад хүнийг дагаж, эсвэл үргэлж тэдэнд найдах ёсгүй; бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханы өмнө очиж залбирах ёстой; энэ бол хамгийн дээд мэргэн ухаан гэсэн шинэ гэрэл олж авсан. Хүмүүс найдваргүй, гагцхүү Бурханд л найдаж болно; Тэр хүмүүст үнэн, амь болон тэдний алхах ёстой замыг хайрлаж чадна—хүмүүс үүнийг хийж чадахгүй. Би өмнө нь үргэлж бусдад найддаг байсан ч дараа нь нэг эгчтэй нөхөрлөснөөр….” гэж хэлдэг. Тэр “Нэг эгчтэй нөхөрлөснөөр өө? Тэр эгч хаана байна вэ? Тэр гаднын хүн үү?” гэж хариу асуудаг. Эгч нар “Тэр яг ч гаднын хүн биш; тэр бол хэдэн жил хол үүргээ гүйцэтгэж байгаад буцаж ирсэн манай чуулганы эгч” гэж хэлдэг. Тэр “Энэ чинь гаднын хүнтэй холбоо барьж байгаа хэрэг биш үү? Чи гаднын хүмүүстэй бодлогогүйгээр холбогдсон байна; чи энэ асуудлыг чуулганд мэдээлэх хэрэгтэй!” гэж хариулдаг. Энэ мэдээллийг цуглуулсны дараа тэр хүн хоёр чухал мэдээллийг олж мэддэг: Нэгдүгээрт, тэр хоёр эгч удирдагчтай ойр байхыг хүсэхгүй байгаа бөгөөд түүнийг ялган таньж эхэлсэн; хоёрдугаарт, тэд гаднын хүнтэй холбоо барьсан бөгөөд тэр гаднын хүн тэдэнд ямар нэгэн зүйл хэлсэн; нарийн ширийн зүйл нь тодорхойгүй, эгч нар тэр талаар юу ч хэлэхгүй, тэд үүнийг зориуд нуун дарагдуулж байгаа бөгөөд энэ нь удирдагчид үнэнч байх байдал нь ганхаж, түүнээс сэрэмжилж эхэлсэн гэсэн үг. Энэ хүн буцаж ирээд антихристэд тайлагнах үед антихрист үүнийг сонсоод баярлах уу? Тэр “Гайхалтай, миний харьяатууд эцэст нь намайг ялган таньж эхэллээ” гэж бодох уу? (Үгүй, тэгэхгүй.) Тэр юу гэж бодох вэ? “Энэ муу шүү. Тэр хоёр эгч өмнө нь дуулгавартай байсан, тэд чуулганы жинхэнэ итгэгчид байсан бөгөөд их зүйл өргөдөг байсан. Энэ танихгүй хүн тэдэнтэй харилцаж эхэлснээс хойш энэ хоёр бага зэрэг дуулгаваргүй болсон байна. Тэд цаашдаа өргөл өгсөөр байх болов уу? Энэ ярвигтай бөгөөд эрсдэлтэй байна.” Антихрист тайван бус болдог. Тэр яагаад тайван бус болдог вэ? (Хүмүүс түүнийг ялган таньдаг болж, цаашид түүнийг сонсохоо больсон.) Яг тийм, хүмүүсийн зүрх сэтгэл цаашид түүний залалт, хяналтад байхаа больж, зүрх сэтгэл нь өөрчлөгдөж байгаа учраас тэр тайван бус болдог. Өмнө нь энэ хоёр заль мэхгүй, гэнэн цайлган, нэлээд дуулгавартай байсан бөгөөд түүнийг ялган таних чадвар багатай, түүний хэлсэн бүхнийг эргэлзэхгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо тэдний зүрх сэтгэл өөрчлөгдөж, ялган таних чадвартай болж, зай барьж, магадгүй түүнийг няцааж, тэр ч байтугай түүнийг матах санаа зорилготой байж магадгүй—энэ нь ярвигтай байдал үүсгэнэ. Энэ бол антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хэрхэн тандаж, хяналтдаа авдгийн тодорхой илрэл биш гэж үү?
Антихрист ямар нэгэн хачин жигтэй зүйл анзаарах үедээ нөхцөл байдал болон түүний цаад шалтгааныг олж мэдэхээр гар хөл бологсод юм уу хамсаатнуудаа яаран илгээдэг. Хэрвээ ямар ч өөрчлөлт гараагүй, хүмүүс хэвээрээ бөгөөд зүрх сэтгэл нь өөрчлөгдөөгүй бол тэр сэтгэл амарч, цаашид тэвдэж, түгшихээ больдог. Гэхдээ хэрвээ тэр өөрийнх нь мэдээгүй, хяналт, залалтад нь ороогүй, төсөөлж байснаас нь өөр ямар нэг хачин жигтэй зүйл олж мэдвэл энэ нь ярвигтай хэрэг юм. Тэр санаа зовж, түгшиж, яаран арга хэмжээ авна. Түүний үйлдлийн зорилго юу вэ? Тэр хүмүүсийг өөртэй нь нэг санаатай байж, зүрх сэтгэл нь өөрчлөгдөхгүй байгаасай гэж хүсдэг. Хүмүүс бодлоо түүнд мэдэгдэж, түүнд байнга тайлагнаж, өөрсдийн үнэнч байдал, шийдэмгий байдал, чин сэтгэлийг илэрхийлж байх ёстой. Тэр хүмүүсийн зүрх сэтгэл дэх өөрчлөгдөж буй бодол, санаа, мөн тэдний бодлын чиглэл, зарчмыг цаг ямагт хянаж байх ёстой. Хэн нэгэн эсэргүүцсэн бодол тээж байгааг илрүүлмэгцээ тэр түүнийг өөрчлөхийн тулд хөдлөх ёстой байдаг. Хэрвээ тэр өөрчлөгдөж, найз болж чадахгүй бол оронд нь дайсан болно. Дайсан нь болохын үр дагавар юу вэ? Тэр тарчлаал, дарангуйлалд өртөнө. Энэ бол нэг арга юм. Өөр нэг арга бас бий. Антихрист эргэн тойрныхоо хүмүүсээс үргэлж болгоомжилж, тэднийг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй бөгөөд хүмүүс өөрийг нь ялган таньж, матаж магадгүй гэж айж, зүрх сэтгэлдээ: “Намайг өргөл хулгайлж, өөрийнхөөрөө аливааг хийж байхыг чи харсан уу? Хэрвээ чи харсан юм бол ялган таньж чадсан уу? Чи намайг матаж чадах уу?” гэж хэлдэг. Зарим антихрист хөшигний ард бүр садар самуун явдалтай байдаг бөгөөд тэд “Энэ зүйлийн талаар хэн мэддэг билээ? Үүнийг мэддэг хүмүүс юу гэж бодож байгаа бол? Би ямар нэгэн байдлаар дүр эсгэж, худал сэтгэгдэл төрүүлээд, дараа нь энэ хүмүүсийг шалгаж, доторх далд бодлыг нь ухан гаргаж, үнэндээ юу бодож байгааг нь харах ёстой юу?” гэж боддог. Антихристүүд ийм зүйл хийх үү? Антихристүүд шиг хорон муу хүмүүсийн хувьд ийм зүйл хийх нь төрөлхийн мэт байдаг; тэд үүнд угаасаа гаргууд—үүнийг гайхалтай сайн хийдэг. Антихрист хүмүүсийг цуглуулаад, “Өнөөдөр би сүүлийн үед чуулганд хийсэн ажилдаа гаргасан дутагдлаа шинжилж, өөртөө илчилсэн завхарсан зан чанарынхаа талаарх ойлголтыг ярих зорилготойгоор л бүгдийг нь энд дуудлаа. Та бүхэн илэн далангүй яриарай, битгий биеэ бариарай. Би та нарыг яллахгүй. Нүүр нүүрээ харж, зүрх сэтгэлээсээ илэн далангүй нөхөрлөцгөөе. Хэрвээ би ямар нэгэн зүйл хийсэн бол өөрчлөгдөнө; хийгээгүй бол би үүнийг хийхгүй байх сануулга болгон өөртөө авна. Бурхны гэрийн бүх зүйл нээлттэй, нууж хаасан зүйлгүй, ил тод байдаг. Бид бүх зүйлийг бурхны өмнө хийдэг бөгөөд хэн ч хэнээс ч сэрэмжлэх шаардлагагүй. Ах эгч нар аа, санаа зоволтгүй. Би өөрийгөө шинжлэхээс эхэлье. Сүүлийн үед би өөрийн залхуурал, махан биеийн тав тухад шунадагаас болж ажлаа сайн хийж чадсангүй. Сүүлийн үед сайн мэдээний ажил сайн явахгүй байгаа, би чуулганы амьдралд нэг их анхаарал хандуулсангүй. Би сайн мэдээний ажилтай завгүй байсан тул бусад хэрэг явдалд цаг гаргаж чадсангүй. Мэдээж би хариуцлага хүлээнэ. Би өөрийн төсөөлөлдөө тулгуурлан чуулганы амьдралыг ах эгч нар өөрсдөө зохицуулна, би нэг их санаа зовох шаардлагагүй гэж таамагласан. Та нар бүгд насанд хүрсэн хүмүүс, бурхны үг маш тодорхой тул би сайн мэдээний ажилд бүх зүрх сэтгэлээрээ өөрийгөө зориулсан. Гэсэн хэдий ч би сайн мэдээний ажлыг ч бас сайн хийж чадсангүй. Би ах эгч нарын өмнө алдаагаа хүлээн зөвшөөрч, та нараас уучлал гуйж, бурхнаас өршөөл гуйх хэрэгтэй. Би та бүгдийн өмнө бөхийе” гэж хэлдэг. Хүн бүр үүнийг хараад, дотроо “Тэр өөрчлөгдсөн байна; өмнөх шигээ ов мэхтэй харагдахгүй байна. Тэр өнөөдөр яагаад ийм чин сэтгэлээсээ байна вэ? Ямар нэг зүйл биш л байна даа. Би яаран дүгнэлт хийх ёсгүй; тэр цааш нь юу хэлэхийг харъя” гэж боддог. Антихрист үргэлжлүүлэн өөрийгөө диавол, Сатан болохыг таньж мэдсэнээ хэлж, ямар ч бодитой ажил хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч, Дээрхийн мэдэлд байж, ах эгч нарын ямар ч шүүмжлэл, зэмлэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлдэг. Тэр цааш нь: “Тэд намайг чөлөөлж, удирдахыг зөвшөөрөхгүй байсан ч би хамгийн дорд нэгэн байхад бэлэн байна. Би манай чуулганы Ли эгч, түүний охин хоёрыг миний ажлыг хариуцан аваасай гэж санал болгож байна” гэж хэлдэг. Тэр аль хэдийн залгамжлагчаа сонгосон байдаг. Түүний хандлага нэлээд чин сэтгэлийнх биш гэж үү? Бүр сэжиглэх шаардлага байна уу? Үүнийг хэлж байхдаа тэр бүр уйлж эхэлдэг. Дараа нь тэр эхнэрээ авчирч, “Энэ хугацаанд чи ч бас ямар ч бодитой ажил хийсэнгүй, зөвхөн саад тотгор, үймээн учруулж, тэр ч байтугай ах эгч нарыг сохроор заслаа. Чамайг ч бас чөлөөлөх ёстой” гэж хэлдэг. Антихрист өөр лүүгээ, дараа нь гэр бүл рүүгээ хуруугаа зааж, хүмүүст өөрийгөө чин сэтгэлээсээ байна гэж мэдрүүлдэг. Бүгд үүнийг сонсох үед хэн нэгэн нь: “Үнэндээ бид та нарыг ялган таниад удаж байна. Та нар хэрэг явдлыг бидэнтэй зөвлөлддөггүй; цөөн хэдүүлээ хоорондоо далдуур ярилцаж, шийдвэр гаргадаг. Энэ нь Бурханы гэр дэх ажлын зарчимтай нийцэхгүй байна. Түүгээр ч барахгүй, та нар бидэнд мэдэгдэхгүйгээр хэн удирдагч болохыг өөрсдийнхөө дунд эцэслэн шийдсэн—бидэнд мэдэх эрх ч алга. Та нарын сонгосон хүн бодитой ажил хийдэггүйгээр барахгүй үймээн дэгдээдэг ч та нар түүнийг чөлөөлдөггүй” гэж хэлдэг. Ах эгч нар ээлж дараалан үзэл бодлоо илэрхийлдэг. Антихрист үүнийг сонсоод: “Энэ муу шүү! Гэхдээ тэд жинхэнэ бодлоо нэг дор уудалж байгаа нь сайн хэрэг. Энэ нь миний ирээдүйн ажилд ашигтай байх болно. Хэрвээ тэд үнэнийг хэлэхгүй, харин миний ар хударгаар хутга шааж, надад мэдэгдэхгүйгээр дээрх рүү шууд захидал бичиж матсан бол би сүйрэх байсан биш үү? Аз болоход би энэ аргыг ашигласан, би ухаантай, хурдан сэтгэж, тэдний үзэл бодлыг яг цагт нь олж мэдлээ” гэж боддог. Тэгээд тэр үргэлжлүүлэн: “Ах эгч нар аа, надад итгэж, өнөөдөр миний алдааг чин сэтгэлээсээ шүүмжилсэнд баярлалаа. Би цаашид үүнийг гарцаагүй өөрчлөх болно. Хэрвээ би өөрчлөхгүй бол шийтгэл, хараал миний толгой дээр буух болтугай” хэмээн бялдууч өнгөөр тунхагладаг. Антихрист хүмүүсийн зүрх сэтгэлийг тандаж, хяналтдаа авах нь зөвхөн нууцаар чагнаж, хаалганы завсраар сэм харахаар хязгаарлагддаггүй. Ноцтой нөхцөл байдалд тэр нууц хөзөртэй байдаг. Ямар нууц хөзөр вэ? Тэр ардчилал, эрх чөлөөг хэрэгжүүлж, хүмүүст үг хэлэх хангалттай эрх чөлөө өгч, үзэл бодол болон сэтгэлийн гүн дэх бодлоо илэрхийлэх бүрэн эрх чөлөөг олгож, хүмүүст дотроо тээж явдаг сэтгэлээ, гомдол санал байсан ч илэрхийлэхийг уриалдаг. Дараа нь тэр өөртэй нь санал зөрдөг, эсвэл өөрийнх нь талаар үзэл бодолтой хүмүүсийн эмзэг байдлыг барьж авч, тэднийг нэг мөсөн устгадаг. Антихристийн арга барил хэр сонсогдож байна? Энэ нь үнэхээр хорон муу юм! Энэ нь агуу улаан лууныхтай бага зэрэг төстэй биш гэж үү? Тэд үндсэндээ нэг бүлэг бөгөөд ижил уг чанар-мөн чанартай юм. Агуу улаан луу ингэж ажилладаг биш үү? Антихрист хэрхэн үйлдэж байгааг харах нь агуу улаан лууны муухай царайг харахтай адил юм.
Антихристүүд хүмүүсийг урхидаж, өөрсдөд нь итгэж найддаг болгохын тулд чихэнд чимэгтэй, зөв үг ашиглахдаа гаргууд байдаг. Хүмүүсийн жинхэнэ нөхцөл байдлыг тандаж, ухаж мэдсэний дараах үр дүн нь юу байдаг вэ? Хүмүүс антихристүүдэд эдгээр үнэн үгийг хэлсэн учраас тэд гэмших үү? Тэд бууж өгч, мууг үйлдэхээ больж, эрх мэдлээ тавьж явуулан, эрх мэдлийн төлөөх хүслээ орхиж, эзэмшлээ тараах уу? Хэзээ ч үгүй. Оронд нь тэд хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ. Хүмүүсийн зүрх сэтгэлийг хяналтдаа авахын тулд чадах бүхнээ хийснийхээ дараа тэд өөрсөдтэй нь нийцдэг хүмүүсийг авч үлдэж, нийцдэггүй бүх хүнийг зайлуулдаг. Ийм нөхцөлд чуулганы зарим ах эгч цэвэрлэгдэж, хөөгдөж, эсвэл Бурханы үгийн номоо хураалгасан байж болохыг бид үгүйсгэх аргагүй. Энэ хүмүүс хилсдсэн. Хилсдсэн энэ ах эгч нар юу хийх ёстой вэ? Бурханы гэрт тэднийг ингэж тарчлааж, итгэх боломжгүй болгосон антихрист гарч ирсэн учраас тэд Бурханд итгэхээ болих ёстой юу? Тэд тэгж болох уу? (Үгүй, тэд тэгж болохгүй.) Антихристүүдэд, эсвэл харанхуй юм уу хорон муу хүчинд буулт хийж, толгой бөхийх нь зохистой юу? Энэ нь та нарын сонгох ёстой зам мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл та нар ямар зам сонгох ёстой вэ? (Антихристүүдийг ил болгож, матах.) Хэн нэгнийг антихрист гэдгийг олж мэдэх үедээ, хэрвээ түүний нөлөө их, олон удирдагч, ажилчин түүнийг сонсдог мөртөө чамайг сонсдоггүй бол, мөн хэрвээ чи түүнийг ил болгосноор тусгаарлагдах юм уу цэвэрлэгдэх магадлал маш өндөр бол стратегиа сайтар бодож үзэх ёстой гэдгийг Би чамд хэлье. Түүнтэй ганцаараа битгий тэмц; давуу байдал чиний талд биш байна. Үнэнийг ойлгодог, ялган таних чадвартай хэдэн хүнтэй холбоо тогтоож, тэдэнтэй нөхөрлөхийг эрж хайхаас эхэл. Хэрвээ та нар санал нэгдвэл үнэнийг хүлээн зөвшөөрч чадах өөр хоёр удирдагч юм уу ажилчинд хандаж, тохиролцоорой. Хэд хэдэн хүн хамтран хөдөлж, антихристийг хамтдаа ил болгож, зохицуул. Ийм маягаар та нар амжилтад хүрэх бололцоотой. Хэрвээ антихристийн нөлөө хэтэрхий их байвал та нар Дээрх рүү мэдээлэх захидал бичиж бас болно. Энэ бол хамгийн сайн арга юм. Хэрвээ цөөн хэдэн удирдагч, ажилчин та нарыг үнэхээр дарлахыг оролдвол та нар тэдэнд: “Хэрвээ та нар бидний ил болгож, мэдээлж байгааг хүлээж авахгүй бол бид энэ асуудлыг Дээрхэд уламжилж, тэднээр та нарыг зохицуулуулна!” гэж хэлж болно. Тэд та нарын эсрэг хөдөлж зүрхлэхгүй тул энэ нь та нарын амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлнэ. Антихристүүдтэй харьцах үедээ чи энэ найдвартай аргыг хэрэгжүүлэх ёстой—хэзээ ч ганцаараа битгий зүтгэ. Хэрвээ чамд хэдэн удирдагч, ажилчны дэмжлэг байхгүй бол чи мэдээлэх захидал бичиж, Дээрхэд гардуулж өгч чадахгүй л бол чиний хүчин чармайлт бүтэлгүйтэх нь гарцаагүй. Антихристүүд туйлын хорлонтой, ов мэхтэй байдаг. Хэрвээ чамд хангалттай нотлох баримт байхгүй бол тэдний эсрэг хөдлөхөөс зайлсхий. Тэдэнд учирлаж, тэдэнтэй мэтгэлцэх нь нэмэргүй, тэднийг өөрчлөхийг оролдон хайр харуулах нь нэмэргүй, тэдэнтэй үнэний талаар нөхөрлөх нь бүтэхгүй; чи тэднийг өөрчилж чадахгүй. Чи тэднийг өөрчилж чадахгүй нөхцөлд чиний хийж чадах хамгийн сайн үйлдэл бол тэдэнтэй илэн далангүй ярилцаж, учирлаж, гэмшихийг нь хүлээх биш юм. Оронд нь тэдэнд мэдэгдэхгүйгээр тэднийг ил болгож, мэдээлж, Дээрхээр тэднийг зохицуулуулж, илүү олон хүнийг тэднийг ил болгож, мэдээлж, голоход уриалж, эцэст нь тэднийг чуулганаас үндсээр нь устгахад хүргэх юм. Энэ нь сайн арга биш гэж үү? Хэрвээ тэр чиний доторх бодлыг ухаж, чамайг тандаж, чамд түүнийг ялган таних чадвар байгаа эсэхийг харахыг зорьж байгаа бөгөөд чи түүнийг антихрист гэдгийг аль хэдийн таньж мэдсэн бол юу хийх ёстой вэ? (Би түүнтэй үнэнээсээ ярих ёсгүй, харин түр зуур үгийг нь дагаж, ялган таних чадвараа түүнд мэдэгдэхгүй байж байгаад, дараа нь түүнийг нууцаар ил болгож, мэдээлэх хэрэгтэй.) Энэ арга ямар байна? (Сайн.) Чи диаволууд болон Сатануудын далд явуулгыг нэвт харж, занганд нь орох, эсвэл нүхэнд нь унахаас зайлсхийх ёстой. Сатанууд болон диаволуудтай харьцахдаа чи мэргэн ухаан ашиглах ёстой бөгөөд тэдэнтэй үнэнээсээ ярихаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь чиний үнэнээсээ ярьж болох нэгэн бол Бурхан болон жинхэнэ ах эгч нар юм. Чи Сатанууд, диаволууд, эсвэл антихристүүдтэй хэзээ ч үнэнээсээ ярих ёсгүй. Зөвхөн Бурхан л чиний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, зүрх сэтгэлийг чинь захирч, шинжихэд зохистой. Хэн ч, ялангуяа диаволууд болон Сатанууд чиний зүрх сэтгэлийг хянаж, шинжих эрхгүй. Тиймээс, хэрвээ диаволууд болон Сатанууд чамаас үнэнийг ухаж гаргахыг оролдвол чамд “үгүй” гэж хэлэх, хариулахаас татгалзах, мэдээлэл өгөхгүй байх эрх бий—энэ бол чиний эрх. Хэрвээ чи: “Чи диавол, чи миний үгийг ухаж гаргахыг хүсэж байна, гэхдээ би чамтай үнэнээсээ ярихгүй, би чамд хэлэхгүй. Би чамайг мэдээлэх болно—чи намайг яаж чадах юм бэ? Хэрвээ чи намайг тарчлааж зүрхэлбэл би чамайг мэдээлэх болно; хэрвээ чи намайг тарчлаавал Бурхан чамайг харааж, шийтгэх болно!” гэж хэлбэл энэ нь бүтэх үү? (Үгүй, бүтэхгүй.) Библид ингэж хэлсэн байдаг: “Тиймээс та нар могой мэт ухаантай, тагтаа мэт гэм хоргүй бай” (Матай 10:16). Ийм нөхцөлд та нар могой мэт ухаантай байх ёстой; та нар ухаантай байх ёстой. Бидний зүрх сэтгэлийг зөвхөн Бурхан л шинжиж, эзэмшихэд тохирох бөгөөд үүнийг зөвхөн Түүнд л өгөх ёстой. Зөвхөн Бурхан л бидний зүрх сэтгэлийг эзэмших эрхтэй, Сатанууд болон диаволууд хүртэх эрхгүй! Тиймээс, бидний зүрх сэтгэлд байгаа зүйлийг, эсвэл бид юу бодож байгааг мэдэх эрх антихристүүдэд бий юу? Тэдэнд тийм эрх байхгүй. Чамаас үнэнийг ухаж гаргаж, чамайг тандах тэдний зорилго юу вэ? Тэд чамайг хяналтдаа авахыг зорьдог; чи үүнийг тодорхой таньж мэдэх ёстой. Тиймээс тэдэнтэй үнэнээсээ битгий ярь. Чи илүү олон ах эгчийг нэгтгэж, тэднийг ил болгож, голж, байр сууринаас нь буулгаж, хэзээ ч амжилтад хүргэхгүй байх арга замыг олох ёстой. Тэднийг чуулганаас үндсээр нь устгаж, Бурханы гэрт дахин үймээн дэгдээж, эрх мэдлээ хэрэгжүүлэх ямар ч боломж бүү олго.
Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг тандаж, хяналтдаа авах нь нүцгэн үнэн юм. Антихристүүдийн мөн чанараас дүгнэхэд ийм үйл ажиллагаанд оролцох нь тэдний хувьд төрөлхийн бөгөөд нэлээд түгээмэл байдаг нь илэрхий байна. Янз бүрийн чуулганд антихристүүд хамсаатнуудаа ах эгч нарын дунд шургалж, мэдээ мэдээлэл тандаж, дотоод мэдээлэл цуглуулан авчруулахаар байнга илгээдэг. Заримдаа тэдний цуглуулсан мэдээлэл нь огт ач холбогдолгүй гэр бүлийн жижиг сажиг зүйлс эсвэл хүмүүс хоорондын энгийн яриа байдаг. Гэсэн хэдий ч антихристүүд эдгээр хэрэг явдал дээр үргэлж сүржигнэж, хүмүүсийн бодол санаа, үзэл бодол өөрчлөгдсөнийг даруй барьж авахын тулд тэдгээрийг бүр бодол санаа, үзэл бодлын түвшинд хүртэл дээшлүүлдэг. Ингэснээр тэд нөхцөл байдал болон хүн бүрийн байдлыг төвөггүй хяналтдаа авч, тус бүрд цаг алдалгүй хариу арга хэмжээ авч чадах юм. Антихристүүд эрх мэдэл, байр суурьтай холбоотой үйлдэлдээ онцгойлон яг таг тодорхой ханддаг. Хэр тодорхой гэж? Хүн бүр аливаа хэрэг явдлыг хэрхэн зохицуулдаг, түүнчлэн эд материал, мөнгө, байр суурь, Бурханд итгэх, үүргээ гүйцэтгэх, ажлаас гарах зэрэгт ямар үзэл бодолтой байдгийг, тэд энэ бүхнийг гарын таван хуруу шигээ мэдэхийг хүсдэг. Антихристүүд үүнийг гарын таван хуруу шигээ мэдсэнийхээ дараа хүмүүсийг хангаж, хүмүүсийн буруу үзэл бодлыг өөрчилж, эсвэл асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг ашигладаггүй. Оронд нь тэд өөрсдийн байр суурь, эрх мэдэл, эзэмшилд үйлчлүүлэхийн тулд үүнийг ашигладаг. Энэ бол антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг тандаж, хяналтдаа авах зорилго юм. Антихристүүдийн хувьд хийдэг бүхэн нь утга учиртай, үнэ цэнтэй мэт санагддаг ч яг үнэндээ энэ утга учиртай, үнэ цэнтэй гэгддэг бүх зүйлийг Бурхан ялладаг. Эдгээр нь яг үнэндээ Бурхантай тэрсэлж, Түүнд дайсагнадаг.
2020 оны 11 дүгээр сарын 7