15-р зүйл: Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг (I хэсэг)
I. Антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй
Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн 15-р зүйл буюу тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг гэдгийн талаар нөхөрлөнө. Энэ зүйл нь антихристүүд Бурхан болон Христэд хэрхэн ханддаг талаарх хоёр илрэлийг ил болгодог бөгөөд антихристүүдийн мөн чанарыг төлөөлдөг. Энэ хоёр илрэл хоёулаа Бурханд Өөрт нь хамаатай, ба нэг нь Бурханы Сүнстэй, нөгөө нь Бурханы бие махбодтой болсон махбодтой холбоотой. Антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Түүний бие махбодтой болсон махбодыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь антихристүүдийн Бурханд ханддаг үзэл бодол бөгөөд тэд Бурханд хэрхэн ханддагийн үндсэн илрэлүүд юм. Одоогоор бид энэхүү хоёр үндсэн илрэлийн мөн чанарын талаар нөхөрлөхгүй, оронд нь эхлээд антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй нь хэрхэн илэрдэг, өөрөөр хэлбэл тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүйг нотолдог, Бурханд хандах ямар бодол санаа, үзэл бодол, хандлага болон тодорхой зан авир, илрэл, арга барил антихристүүдэд байдаг талаар хэлэлцье. Энэхүү үл итгэх байдлын тодорхой илрэлүүд байдаг уу? Зарим хүн: “Антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй гэдэг нь ердөө л тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг гэсэн үг. Тэд зүрх сэтгэлдээ Бурхан байдаггүй, Бурханы Сүнс, Бурхан Өөрөө болон Бүтээгч нь үл үзэгдэх бөгөөд оршин тогтнодоггүй гэж боддог. Тэдний хувьд ‘Бурхан’ гэх нэр цол нь хоосон бөгөөд хүний төсөөллийн зохиомол зүйл юм. Энэ нь тайлбарлаж, нөхөрлөхөд энгийн зүйл биш гэж үү? Энэ нь антихристүүдийн мөн чанартай ямар хамаатай юм бэ? Үүний тодорхой илрэлүүд яаж байх юм бэ? Ялихгүй зүйлийг сүр болгож байгаа хэрэг биш үү? Энэ үнэхээр тийм төвөгтэй гэж үү?” гэж хэлж магадгүй. Ийм бодол зөв үү? Хэрвээ та нараас антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй гэх сэдвээр нөхөрлөхийг хүсвэл та нар үүний талаар хэрхэн нөхөрлөж, задлан шинжлэх вэ? Жишээлбэл, онцгой ов мэхтэй хүнийг аваад үзье. Чи тэдний ов мэхтэй байдлын тодорхой илрэлүүдийн талаар ярьж чадах уу? Хэрвээ чи зүгээр л “Энэ хүн маш ов мэхтэй, үргэлж худал хэлдэг, ганц ч үнэн үг хэлдэггүй” гэж хэлбэл чи нөхөрлөсөн болох уу? Ов мэхтэй байдлын тодорхой байдал, илрэлүүд юу вэ? Тэр хүний ов мэхтэй байдлыг чи хэрхэн задлан шинжилж чадах вэ? Өдөр тутмын амьдралдаа биеэ авч явах, асуудлыг зохицуулахдаа тэд ямар арга барил ашигладаг вэ? Тэд ертөнцтэй харилцахдаа ямар арга ашигладаг вэ? Тэдний зан араншин ямар байдаг вэ? Хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийн талаарх тэдний үзэл бодол юу вэ? Энэ хүн маш ов мэхтэй гэдгийг хэрхэн нотолж болох вэ? Энд тодорхой илрэлүүд байхгүй гэж үү? Үүний тодорхой илрэлүүд гарцаагүй бий. Энэ нь зүгээр л ов мэхтэй байдал гэж юу болох, эсвэл ямар үйлдэл ов мэхтэй болохыг хэлэх төдий зүйл биш, мөн энэ нэр томьёог тайлбарлах төдий зүйл биш, оронд нь чи тэдний тодорхой илрэл, зан авир, бодол санаа, үзэл бодол, асуудлыг зохицуулах арга барил, зан араншин гэх мэтийг задлан шинжлэх хэрэгтэй. Ов мэхтэй хүний гол онцлог бол тэд хэзээ ч хэнтэй ч зүрх сэтгэлээ нээж нөхөрлөдөггүй, хамгийн сайн найздаа ч зүрх сэтгэлээ уудалдаггүй. Тэд ер бусын тооцоотой, таашгүй байдаг. Үнэндээ тийм хүн заавал хөгшин, эсвэл ертөнцийг их үзсэн байх албагүй бөгөөд туршлага багатай байж болох ч туйлын тооцоотой, таашгүй байдаг. Тэд насандаа баймгүй маш зальтай. Энэ нь уг чанараасаа ов мэхтэй хүн биш гэж үү? Тэд өөрсдийгөө маш гүн нуудаг тул хэн ч тэднийг нэвт харж чаддаггүй. Хэчнээн их үг хэлсэн ч аль нь үнэн, аль нь худал болохыг ялгахад бэрх ба хэзээ үнэн хэлж, хэзээ худал хэлж байгааг нь хэн ч мэддэггүй. Үүнээс гадна, тэд өнгөлөн далдлах болон зальдаж мэлзэхдээ онцгой чадварлаг. Тэд ихэвчлэн хүмүүст хуурамч сэтгэгдэл төрүүлж, үнэнийг нуудаг тул хүмүүсийн хардаг зүйл нь зөвхөн тэдний хуурамч гаднах байдал байдаг. Тэд өөрсдийгөө эрхэмсэг, сайн, шударга журамтай, заль мэхгүй хүн, бусдад таалагдаж, сайшаагдсан хүн болгон өнгөлөн далдалдаг бөгөөд эцсийн дүндээ хүн бүр тэднийг шүтэн мөргөж, хүндэлдэг. Чи ийм хүнтэй хэчнээн удаан хамт байсан ч юу бодож байгааг нь хэзээ ч мэдэхгүй. Бүхий л төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлийн талаарх тэдний үзэл бодол, хандлага зүрх сэтгэлд нь нуугдмал байдаг. Тэд эдгээр зүйлийг хэнд ч хэзээ ч хэлдэггүй. Хамгийн дотнын итгэлтэй хүндээ ч эдгээр зүйлийн талаар хэзээ ч нөхөрлөдөггүй. Тэд Бурханд залбирахдаа ч зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ, эсвэл өөрсдийнхөө тухай үнэнийг итгэж хэлдэггүй байж магадгүй. Үүгээр зогсохгүй, тэд өөрсдийгөө сайн хүн чанартай, маш сүнслэг, үнэнийг эрэлхийлэхэд бүхнээ зориулдаг хүн болгон өнгөлөн далдлахыг хичээдэг. Ямар зан чанартай, ямархуу хүн болохыг нь хэн ч харж чадахгүй. Эдгээр нь ов мэхтэй байдлын илрэлүүд юм. Жишээлбэл, залхуу хүнийг аваад үзье. Залхуу байдлын тодорхой илрэлүүд юу вэ? Зарим хүн: “Залхуу байдал гэдэг нь ямар ч ажил хийхгүй, өдөржингөө зүгээр сууж, хөдлөхийг, эсвэл юунд ч санаа зовохыг хүсэхгүй, бас ярихыг ч хүсэхгүй байх явдал юм” гэж хэлж магадгүй. Эдгээр нь залхуу байдлын тодорхой, үндсэн илрэлүүд мөн үү? (Биш, эдгээр нь ердөө л зарим нэг өнгөц үзэгдэл юм.) Тэгвэл залхуу байдлын үндсэн илрэлүүд юу вэ? Үндсэндээ хоёр гол илрэл байдаг: нэгдүгээрт, ямар ч хатуу бэрхийг тэвчих хүсэлгүй байх, юу ч хийсэн ачаа, эсвэл хариуцлага үүрэхгүй байх, бие нь бага зэрэг эвгүйрхэх, эсвэл өчүүхэн төдий бэрхшээл, ядаргаатай тулгарах үедээ гомдоллох; хоёрдугаарт, ямар нэгэн ажил хийхээс зэвүүцэх, зугаа цэнгэл хөөсөн амьдралыг хүсэх, амрахыг илүүд үзэх, хөдөлмөрт дургүй байх, цагийг дэмий үрэх, өдөр хоногийг аргацаах, түүнчлэн ажиллах шаардлага гарах бүрд эцэс төгсгөлгүй гонгинох, хэн ч олохгүй газар өөрсдийгөө нуух. Эд бол залхуу байдлын хоёр гол илрэл юм; бид энд тодорхой илрэлүүдийг нь хэлэлцэхгүй. Жишээлбэл, ховдог хүнийг аваад үзье. Ховдог байдлын тодорхой илрэлүүд юу вэ? Энэ бол хүн чанар доторх задлан шинжилж, ялган танихад хялбар байх ёстой зүйл, тийм биз? (Махан биеийн зугаа цэнгэлийг байнга эрэлхийлж, үргэлж амттай хоол идэхийг хүсэж, хорхойгоо дарах.) (Амттай хоолны тухайд ханаж цаддаггүй дуршилтай байх.) Эд бол ховдог байдлын илрэлүүд юм. Нэг газар амттай хоол байна гэж дуулаад, түүнийг олохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг хүмүүс байдаггүй гэж үү? Жишээлбэл, нэг газар шинэ зоогийн газар нээгдэж, олон төрлийн амттай хоолоор үйлчилдэг ч бага зэрэг үнэтэй бөгөөд хол, тийшээ очиход машинаар нэг цаг явдаг гэж бодъё. Ихэнх хүн ердөө л хоол идэхийн тулд тийм хол явах нь дэмий гэж бодно. Гэвч идэх дуртай хүмүүс энэ зоогийн газрын талаар сонсмогцоо: “Нэг цаг явах нь хол биш. Амьдрал гэдэг чинь идэж, ууж, хөгжилдөхийн нэр биш гэж үү? Явж идэцгээе!” гэж бодно. Гэсэн ч хэрвээ мөнөөх хүнээс зүй ёсны ажлаа хийхийн тулд нэг цаг машин барихыг хүсвэл тэд: “Тийшээ яваад би ядарчихгүй байгаа? Тэнд очиж ажиллахын тулд тийм их цаг зарцуулах нь надад сайн үр дүнтэй байх уу? Хэрвээ би муу хүмүүстэй таарвал яах вэ? Машины бензин дуусчихвал яах вэ? Би тэнд юу идэх вэ? Бэлэн савласан хоол байх болов уу? Хэрвээ би тэр орон нутгийн орчинд дасаж чадахгүй бол яах вэ? Шөнө унтаж чадахгүй бол яах вэ?” хэмээн эргэцүүлж эхэлнэ. Тэд зүй ёсны ажлынхаа тухайд хэтрүүлж боддог бөгөөд хаа сайгүй бэрхшээл хардаг. Харин ямар нэг амттай зүйл идэх болохоор тэд бүх саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байдаг; саад бэрхшээл бүр нь асуудал биш болж, хэтрүүлж бодохоо больдог. Эд бол ховдог байдлын тодорхой илрэлүүд юм. Би энд үүнийг зүгээр л товч дурдаж байна; цааш нь дэлгэрүүлэхгүй.
Өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв рүүгээ эргэн орцгооё. Антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүйн илрэлүүд юу вэ? Тэд ямар тодорхой бодол санаа, үзэл бодол, байдлыг харуулдаг вэ? Өөрсдөд нь ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд Бурханы оршин тогтнолд үнэхээр итгэдэггүйг нь нотлох ямар хандлага, үзэл бодол, санаатай байдаг вэ? Энэ нь нөхөрлөхөөр үнэ цэнтэй биш гэж үү? Антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй; энэхүү үл итгэх байдлын нарийн ширийн зүйл болон тодорхой илрэлүүд юу вэ? (Юу ч тохиолдсон, тэд үүнийг Бурхан зохион байгуулж, зохицуулсан гэдэгт итгэдэггүй, үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүй.) (Тэд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэдэг гэдэгт итгэдэггүй тул ичгүүргүйгээр мууг үйлддэг.) Эдгээр нь зарим нэг тодорхой илрэл юм. Антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй. Бурханы оршин тогтнолд итгэхгүй байх энэ байдал нь үгүйсгэл юм. Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг болохыг нь нотлох юуг тэд үгүйсгэдэг вэ? (Тэд Бүтээгч гэх Бурханы ялгамж чанарыг үгүйсгэдэг.) (Тэд Бурхан бүхнийг хянаж, бүх зүйлийг захирдаг гэдгийг үгүйсгэдэг.) (Тэд Бурханы үг бол үнэн гэдгийг үгүйсгэж, Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил нь хүмүүсийн завхралыг ариусгаж, тэднийг Сатанаас аварч чадна гэдгийг үгүйсгэдэг.) Эдгээр үгийн аль нь төлөөлөхүйц бөгөөд илүү нэн чухал вэ? Бурханы ялгамж чанар болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрхийг үгүйсгэх нь төлөөлөхүйц биш гэж үү? Эдгээр нь нэн чухал асуудал биш гэж үү? (Мөн.) Бурханы оршин тогтнолд итгэнэ гэдэг нь нэг талаар Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрч буй явдал юм. Цаашлаад, энэ нь Бурханы ялгамж чанар, мөн чанарт итгэх суурин дээр Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ нь Бурханы оршин тогтнолд бүрэн итгэж байгаа хэрэг биш гэж үү? Энэ хоёр зүйл нэн чухал биш гэж үү? (Чухал.) Энэ хоёр бол хамгийн шийдвэрлэх асуудал юм. Тиймээс антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүйг задлан шинжлэхийн тулд бид эхлээд хоёр зүйлийг задлан шинжлэх хэрэгтэй: нэгдүгээрт, антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг; хоёрдугаарт, антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Бусад тал нь энэ хоёр зүйлд агуулагддаг. Өмнө нь бид антихристүүд Бурханыг үнэн гэж, Бурханы үгийг үнэн гэж, эсвэл Бурхан хүмүүсийг аварч чадна гэдгийг хэрхэн хүлээн зөвшөөрдөггүй талаар нөхөрлөсөн. Энэ ч бас баримт. Гэвч энд би, антихристүүд Бурхан байдаг гэдэгт үндсэндээ итгэдэггүй бөгөөд Бурханы оршин тогтнолд үндсэндээ итгэдэггүй гэж хэлж байна. Үүнийг антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, мөн бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гэдэг өнцгөөс задлан шинжлэх нь илүү хүчтэй бөгөөд төлөөлөхүйц байх болно.
А. Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг
Эхний зүйлийг нөхөрлөж эхэлцгээе: Антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Бурханы ялгамж чанар юу вэ? Бүх бүтээгдсэн зүйлийн хувьд Бурхан бол Бүтээгч, тэгвэл бүх зүйлийн хувьд Түүний ялгамж чанар юу вэ? (Бүх зүйлийн Захирагч.) Энэ нэр цол нь бас үнэн зөв боловч Бурханы жинхэнэ ялгамж чанар юу вэ? Бурханыг дуудахдаа чи Түүнийг шууд “бүх зүйлийн Захирагч” гэж дуудаж чадах уу? Энэ нь чиний хувьд ээжийн чинь ялгамж чанар бол чамайг төрүүлж, өсгөсөн хүн байдагтай адил боловч чи ээжийгээ “намайг төрүүлж, өсгөсөн хүн” гэж дуудаж чадах уу? (Үгүй.) Чи түүнийг юу гэж дууддаг вэ? (Ээж.) Энэ бол ээжийгээ дууддаг чиний нэр томьёо юм. Тиймээс Бүтээгч, бүх зүйлийн Захирагчийн нэр цол нь Бурхан бөгөөд зөвхөн Бурханыг Өөрийг нь л Бурхан гэж нэрлэх боломжтой. Бүх бүтээгдсэн болон бүтээгдээгүй зүйлийн хувьд Бурхан бол Бурхан; Түүний ялгамж чанар нь бүх зүйлийн Захирагч бөгөөд Түүний нэр цол нь Бурхан юм. Энэхүү нэр цолыг эзэмшдэг Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр бол Бурхан юм. Бурхан хэмээх нэр цолд зохистой Тэр л Бурханы ялгамж чанар, мөн чанарыг эзэмшдэг. Одоохондоо “мөн чанар” гэх үгийн талаар ярихаа азнаж, харин ялгамж чанарын талаар ярилцъя. Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг Бурхан Өөрөө Бурханы зүйлсийг хийж, Бурханы зан чанарыг илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, Бурханы арга барилыг ашиглан бүх хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирдаг. Бурханд итгэж, Бурханы ялгамж чанарыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд Бурханы хийдэг бүхний талаарх тэдний үзэл бодол антихристүүдийнхээс тэс өөр байдаг. Бүх зүйлийн дунд Бурханы хийдэг бүхнийг зөвөөр ойлгож чаддаг хүмүүс үүнээс Түүний үйлдлийн арга барилыг харж, бүх зүйлийн дунд Тэр оршин тогтнодог гэдгийг өөрсдөдөө улам батлах болно. Эсрэгээрээ, энэ бүх зүйлийг хардаг антихристүүдийн үзэл бодол, байр суурь, өнцөг нь Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүсийнхээс яг эсрэгээрээ байдаг. Үүнээс болоод антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэхээс, эсвэл энэ бүх зүйлийг хийж чадах Нэгэн нь Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг Нэгэн бөгөөд Тэр л Бурхан хэмээн нэрлэгдэхэд зохистой, хүмүүс Түүнийг Бурхан хэмээн дуудахад зохистой гэдэгт итгэснээс үхсэн нь дээр гэж үздэг.
Бүх зүйл болон бүх хүн төрөлхтний дунд оршин байдаг, нүцгэн нүдэнд харагдахуйц эсвэл үл харагдахуйц олон хэрэг явдлыг хүмүүс Бурханы үг болон хэвийн хүн чанарын эрүүл ухаанаар харж, ойлговол Бурхан бүх зүйлийн дунд хүн төрөлхтнийг удирдаж байгааг, мөн Тэр үнэхээр оршин тогтнодгийг олж мэдэх болно. Бүх зүйлийн хууль болон бүх зүйлийн хөгжил үл үзэгдэх, үгээр илэрхийлэхийн аргагүй дүрмийн дагуу зохион байгуулагдаж, зохицуулагдаж байдаг, тэгвэл хэн энэ бүхнийг зохион байгуулж, зохицуулж чадах вэ? Ямар ч агуу хүн биш, ямар ч баатар биш, мөн мэдээж байгалийн жам ч биш юм. Харин үл үзэгдэх, баригдашгүй боловч хүн мэдэрч чаддаг Нэгэн энэ бүхнийг захирдаг. Энэ хэн бэ? Энэ бол Бурхан. Бурханы оршин тогтнолд итгэх нь хүмүүст байх ёстой хамгийн наад захын эрүүл ухаан биш гэж үү? Энэ бол хүмүүсийн аливааг харах ёстой хамгийн наад захын, үндсэн үзэл бодол, өнцөг биш гэж үү? Гэвч антихристүүдэд энэ эрүүл ухаан байдаггүй тул аливааг ийм үзэл бодол, өнцгөөс хардаггүй. Тиймээс Бурханы зохион байгуулсан, зөвхөн хүн төрөлхтөн л мэдэрч чадах, Бурхан хүн төрөлхтөнд тодорхой хэлээр ил тод хэлээгүй зүйлсийг антихристүүд тохиолдлын, хүний гараар бүтсэн, аяндаа бий болсон, эсвэл бүр хүмүүсийн төсөөлж, зохиосон зүйл гэж үздэг. Чи Бурханы оршин тогтнолыг яаж ч гэрчилсэн ч, Бурхан бүх зүйлийн дунд байдаг, Бурхан Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг, Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг Нэгэн л эдгээр зүйлийг хийж, бүх зүйлийг эмх цэгцтэйгээр зохицуулж чадна, тийм Захирагч бол Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг Нэгэн мөн гэдгийг нотлохын тулд хэчнээн олон баримт ашигласан ч антихристүүд үүнийг ингэж харах уу? Антихристүүд үүнийг ингэж ойлгох уу? (Үгүй.) Үүнийг нотлохын тулд чи хэчнээн олон баримт дэлгэсэн ч антихристүүд үүнд итгэхгүй, хүлээн зөвшөөрөх ч үгүй. Тэд өнгөн дээрээ юу ч хэлэхгүй байсан ч, үүнийг няцаах ямар ч нотлох баримт гаргаж чадахгүй байсан ч угтаа бол санал нийлэхгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс зуун удаа татгалзаж, ард нь хэд хэдэн асуултын тэмдэг тавьж байдаг. Тэд Бурханы ялгамж чанарт итгэдэг хүмүүсийг мунхгууд, тэд төөрөлдсөн, энэ бол зөвхөн төлөвшсөн бодолгүй хүмүүсийн л хийж, бодох зүйл гэж боддог. Тэднийхээр бол хүний чөлөөт хүсэл зоригийг хүн өөрөө хянаж, чөлөөтэй илэрхийлэх ёстой. Хүмүүс бүх зүйлийн дунд тохиолддог үйл явдлын талаар хүссэнээрээ дүгнэлт хийх ёстой бөгөөд эдгээр үйл явдлыг шинжлэх ухааны арга барил, шинжлэх ухааны өнцгөөс харах ёстой, хүмүүс тийм мухар сүсэгтэй байж, эсвэл бүх зүйлийг тайлбарлахдаа Бурханы дээд эрхийг ашиглаж, эсвэл бүх зүйлд Бурханы дээд эрхийн өнцгөөс хандах ёсгүй гэж тэд боддог. Жишээлбэл, чуулганд олон ах, эгч Бурханы авралыг хүлээн авснаасаа хойш Түүний үйлдсэн олон тэмдэг, гайхамшгийг туулсан байдаг. Тэд тэр үед Бурхан өөрсдийг нь хэрхэн удирдсан, эдгээр үйл явдлаар дамжуулан Бурхан Өөрөө үнэхээр оршин тогтнодгоо, мөн эдгээрийг үнэхээр Өөрөө үйлдсэнийг Бурхан тэдэнд хэрхэн харуулсан талаар, түүнчлэн эдгээр үйл явдлаар дамжуулан хүлээн авсан асар их ерөөл, нигүүлслийнхээ талаар гэрчилдэг. Нотлох баримт нь гэрчлэлд ч, бодит баримтад ч байдаг. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүсийн итгэл нь эдгээр гэрчлэл болон бодит баримтаар бэхэждэг боловч Бурханы оршин тогтнолд итгэдэггүй антихристүүдийн үзэл бодол тэдгээрийг сонссоны дараа өөрчлөгддөг үү? (Үгүй.) Чи үүнийг яаж хэлж мэдэх юм бэ? Учир нь, чи хэчнээн үнэн ярьсан ч, эсвэл чиний гэрчлэлийг биечлэн батлах хэчнээн хүн байсан ч антихристүүд итгэхгүй. Тэд “Би өөрөө туулаагүй л бол, би хараагүй л бол энэ нь оршин байдаггүй. Та нарын туулсан зүйл ердөө л тохиолдол, санамсаргүй хэрэг байсан. Хүн бүрийн амьдралд аюултай эсвэл санамсаргүй үйл явдал тохиолддоггүй гэж үү? Эдгээр тохиолдол, санамсаргүй хэрэг гарах нь тэдгээрийг бурхан хийсэн гэдгийг нотолдог уу? Эдгээр зүйлийг хийж байгаа нэгэн нь бурхан гэдгийг нотолдог уу? Магадгүй энэ нь зүгээр л чиний төсөөлөл байх, магадгүй чамд туслах ямар нэгэн ачтан байсан нь чиний аз байх, эсвэл магадгүй чиний үхэх цаг нь болоогүй байсан болохоор чи азтай мултарсан байх” гэж хэлнэ. Харж байна уу, тэд Бурханы эдгээр хүнд хийсэн зүйлсийг хүлээн зөвшөөрдөг үү? (Тэд хүлээн зөвшөөрдөггүй.) Тэд Бурханы ах, эгч нарт хийсэн зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл итгэдэггүй, мөн Бурхан ийм үйлс бүтээж чадна, эсвэл ах, эгч нарын туулсан зүйл үнэхээр болсон гэдэгт ч итгэдэггүй. Тэд: “Ертөнцөд яаж ийм зүйл байх юм бэ? Хэрвээ байдаг бол эдгээр нь ердөө л хүний төсөөллийн зохиомол зүйл. ‘Өдөр бодсон зүйл шөнө зүүдэнд ордог’ гэдэг дээ. Эдгээр зүйл бүгд зүгээр л хий хоосон зүйл” гэж боддог. Антихристүүд ах, эгч нар зарим тэмдэг, гайхамшиг, Бурханы зарим онцгой нигүүлсэл, ерөөл, мөн жирийн хүмүүсийн хүрч чадашгүй зарим зүйлийг хэрхэн туулсан талаар сонсох үедээ үүнд итгэдэггүй. Тэгвэл антихристүүд ах, эгч нарын Бурханы үгийг туулахдаа олж авдаг гэгээрэл, удирдамжид итгэж чадах уу? Тэд үүнд ч бас итгэдэггүй. Тэд Бурхан хүмүүсийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, залж чиглүүлдэг гэдэгт итгэдэггүй. Энэ бүхэн хүний оюун ухаанаас, хүний мэдлэгт суурилсан дүн шинжилгээ, ойлголтоос гардаг бөгөөд энэ нь эдгээр туршлагын гэрчлэлийг бий болгодог гэж тэд боддог. Тэд: “Хэрвээ хүмүүс энэ чиглэлд шаргуу бодож, шаргуу чармайвал ямар нэгэн мэдлэг олж авахгүй гэж үү? Хэрвээ би ч бас хүчин чармайлт гаргаж, энэ талаар шаргуу бодож, шаргуу эргэцүүлбэл нийтлэл бичихтэй адил би ч бас ямар нэгэн туршлагын гэрчлэл бодож олж чадна” гэж боддог. Тиймээс ах, эгч нарын туршлагын гэрчлэлийн тухайд, тэд Бурхан өөрсдийг нь хэрхэн залж чиглүүлсэн, хэрхэн гэгээрүүлж, гэрэлтүүлсэн, хэрхэн шүүж, гэсгээж, засаж, сахилгажуулсан, мөн Бурхан өөрсдийг нь шалгаж, цэвэршүүлэхийн тулд хэрхэн нөхцөл байдал бүрдүүлсэн, түүнчлэн тэд үүнээс Бурханы санаа зорилгыг хэрхэн ойлгож авсан гэх мэтийг гэрчлэх үед антихристүүд Бурханы эдгээр үйлийн алийг нь ч хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл алинд нь ч итгэдэггүй. Энэ бүх зүйл боломжгүй гэж тэд боддог. Антихристүүд ах, эгч нарын дунд тохиолддог эдгээр үйл явдлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл итгэдэггүй. Энэ нь антихристүүд Бурханы ялгамж чанарыг бүрэн хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг мөн чанартай болохыг баталж байна уу? Үнэндээ энэ бол антихристүүд Бурханы ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг мөн чанартай болохыг нотлох хамгийн хүчтэй нотлох баримт биш юм.
Чуулган болон ах, эгч нарын хүрээнээс түр гарч, хүмүүсийн дунд хийгээд бодит амьдралд тохиолддог янз бүрийн хэрэг явдлын талаарх антихристүүдийн үзэл бодлыг шинжилцгээе. Эдгээр нь ямар хэрэг явдал вэ? (Хүмүүсийн төрөх, хөгшрөх, өвдөх, үхэх, түүнчлэн нийгмийн өөрчлөлт, улс төрийн эргэлт, гамшиг тохиолдох. Антихристүүд эдгээр зүйлийн алинаас нь ч Бурханы дээд эрхийг таньж мэдэж чаддаггүй.) (Антихристүүд хүмүүсийн хувь заяа Бурханы гарт байдаг гэдэгт итгэдэггүй, оронд нь тэд өөрсдийн хоёр гараар сайхан гэр орныг бүтээхийг хүсдэг.) Эд бол уг асуудлын мөн чанарыг хөндсөн тодорхой илрэлүүд юм. Антихристүүд хүний хувь заяа, амьдрал, үхэл болон хүн бүрийн амьдралдаа туулдаг бүхэн нь Бурханы дээд эрх дор байдгийг харж чадах уу? Тэд харж чаддаггүй. Жишээлбэл, нийгэмд: “Гүүр барьж, зам зассан хүмүүс эцэстээ сохордог бол алуурчид, галдан шатаагчдын үр удам өсөж үрждэг” гэх түгээмэл үг байдаг. Энэ үг ямар нэгэн зүйлийн бодит дүрэм мөн үү? Энэ үнэн үү? Энэ гүн ухааны онол уу? (Үгүй.) Тэгвэл энэ үг хаанаас гаралтай вэ? Бурханд итгэдэг хүмүүсээс гараагүй нь лавтай; энэ нь хүн төрөлхтний хөгжлийн явц дахь янз бүрийн хүмүүсийн амьдралын нөхцөл байдал дахь өнгөц үзэгдэл юм. Хүмүүс ертөнцөд шударга ёс дутагддаг, хүн хэчнээн их сайн зүйл хийнэ, төдий чинээ сохрох магадлалтай, мөн төдий чинээ үйлээ эдэлдэг, харин хүн хэчнээн их мууг хийнэ, төдий чинээ ертөнцөд цэцэглэн хөгжиж, амжилт олдог гэж боддог. Хүн төрөлхтний дундах янз бүрийн зүйлийн хөгжлийн хууль энэ үгтэй ямар нэгэн байдлаар нийцдэг үү? Мөн “Сайн нь эрт үхэж, муу нь мянга насалдаг” гэх үг бий. Ямар төрлийн хүмүүс энэ үгийг зохиосон бэ? Иймэрхүү үгсийг хүмүүс ардын зүйр цэцэн үг гэж мэддэг; ямар төрлийн хүмүүс эдгээр зүйр цэцэн үгийг хэлж чаддаг вэ? Тэд Бурханд итгэгчид үү? Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс үү? (Үгүй.) Нийгэмд болон хүмүүсийн дунд амжилт олдоггүй, хаа сайгүй саад бэрхшээлтэй тулгардаг, хэцүү хувь заяатай, хүсэл эрмэлзэл нь биелээгүй, хаашаа ч явсан цэцэглэн хөгждөггүй тодорхой төрлийн гутранги үзэлтнүүд байдаг. Тэд өөрсдийгөө бага зэрэг чадварлаг, чадамжтай гэж боддог ч нэрээ дуурсгаж, цэцэглэн хөгжиж, бусдаас илүү гарч, эсвэл өвөг дээдсээ алдаршуулж чадаагүй байдаг. Тэд хаашаа ч явсан гадуурхагдаж, дээрэлхүүлж, дарлуулдаг бөгөөд энэ бүхнээс салах чадваргүй байдаг. Эцэст нь тэд: “Нийгэмд эсвэл хүн төрөлхтөнд шударга байдал гэж байдаггүй, сайныг шагнаж, мууг шийтгэх, эсвэл үйлээ эдлэх гэж байдаггүй. Муу хүмүүс муу зүйл хийсэн ч шийтгүүлдэггүй, харин хандив өгч, ядууст туслах гэх мэт олон сайн зүйл хийсэн сайн хүмүүс эцэст нь шагнал хүртдэггүй. Иймээс сайн байх хэрэггүй; ингээд ямар ч нэмэргүй. Сайн хүмүүс эцэстээ сохордог—түүний оронд муу хүн байх ёстой” гэж дүгнэдэг. Тэд ертөнцөд болон хүмүүсийн дунд амжилт олоогүй учраас ертөнцөд шударга байдал, шударга ёс дутагдаж, ертөнцөд аврагч байхгүй талаар гомдоллодог. Хэн ч тэдний давуу тал эсвэл ур чадварыг хардаггүй, хэн ч тэднийг чухал албан тушаалд тавьдаггүй учраас хүн бүр өөрсдөд нь шударга бус хандсан гэж тэд боддог. Тиймээс тэд хүн төрөлхтөн болон ертөнцийн талаар гомдоллохын тулд ийм төрлийн гажууд онолыг бий болгодог. Үнэндээ эдгээр янз бүрийн зүйл тохиолдож буйн ард шалтгаан байдаг уу? Шалтгаан үр дагаврын хамаарал байдаг уу? Гарцаагүй байдаг! Антихристүүд эдгээр хүнтэй ижил үзэл бодолтой байдаг; тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй, мөн—Бурханы ялгамж чанартай—Бурханы захирдаг бүхэн зөвт гэдэгт ч итгэдэггүй. Тиймээс антихристүүд Бурханы хийдэг бүхэн Түүний ялгамж чанарыг төлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй төдийгүй, нийгэмд тархсан гажууд онол, тэрс үзэлд итгэдэг. Тэд эдгээр гажууд онол, тэрс үзлийг үнэн гэж итгэдэг бөгөөд энэ ертөнцөд цэцэглэн хөгжиж, шүтэгдэж, дагуулдаг хүмүүс л зүрх сэтгэлийнх нь бурхад хэмээн нэрлэгдэж чадна, мөн зүрх сэтгэлд нь бурхдын ялгамж чанарыг эзэмшдэг хүмүүс гэж тэд боддог. Жишээлбэл, Хятадын домогт Барууны Хатан эх, Хаш Эзэн хаан, Найман үхэшгүй мөнх, Гуаньинь, Будда зэрэг дүрүүд байдаг—эдгээр нь антихристүүдийн зүрх сэтгэлдээ үнэхээр шүтэн мөргөдөг шүтээнүүд юм. Эдгээр домогт Хаш Эзэн хаан хамгийн агуу нь, тэрээр тэнгэрийн оронд нүгэлтнүүдийг мөнх бус ертөнц рүү унагаж шийтгэх эрх мэдэлтэй байдаг. Антихристүүд үүнийг сонсоод түүнийг маш их биширч, “Хаш Эзэн хаан бол үнэхээр бурхан юм! Тэр бурхны байр байдал, зан төрх, чадвартай!” гэж боддог. Эдгээр домог болон олон нийтийн өргөл барьдаг үхэшгүй мөнх гэгддэг хүмүүс хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг. Тэд: “Эдгээр үхэшгүй мөнх гэгддэг хүмүүс агуу ур чадвар, хүч чадалтай. Тэд бурхад гэх нэр цолыг хүртэх эрхтэй. Тэд ертөнцөд тохиолддог бүх шударга бус, тааламжгүй зүйлийн талаар тэнгэрийн оронд шударга шийдвэр гаргаж чаддаг бөгөөд хэрвээ хүн шударга ёсыг эрж хайвал тэднээс хариулт олж чадна. Жишээлбэл, Бао Гон, Гуань Гон зэрэг түүхэн хүмүүс сүнсний ертөнцөд хүн төрөлхтний төлөө шударга ёсыг тогтоодог. Хүн хилсдэж, шүүх шударга бус байх үед хэрвээ тэд Бао Гон эсвэл Гуань Гоны өмнө хэргээ авчирвал шударга ёсыг олж авах нь гарцаагүй” гэж боддог. Ардын үлгэрийн эдгээр дүр хүн төрөлхтний төлөө шударга ёсыг тогтоож, муу хүмүүсийг шийтгэж, ертөнц дэх бүх шударга бус байдлыг залруулж, зовж зүдэрч, тэмцэж буй хүмүүсийг нулимс унагахаа болиход хүргэж чадна гэж хүмүүс итгэдэг. Нийгмийн хамгийн доод давхаргын ядуу хүмүүс, чадваргүй, дээрэлхүүлдэг хүмүүс бүх зовлон зүдгүүрээсээ мултарч, тулгарч буй бүх хүчирхийлэл, дарангуйллыг шийдвэрлэхийн тулд эдгээр дүрд өргөл барьж, итгэж, дагахад л хангалттай гэж тэд боддог. Үүнтэй адилаар, антихристүүд зүрх сэтгэл, оюун ухаандаа бурхад нь Бодьсадва, Будда гэгчтэй адил байж, хүний бүх зовлон зүдгүүрийг шийдвэрлэж, хүмүүсийг зовлонгийн далайгаас аврах ёстой гэж боддог. Жишээлбэл, ээж нь эдгэршгүй өвчтэй, эмнэлгийн тусламж авах боломжгүй болсон нэгэн эр маш элбэрэлтэй бөгөөд ээжийгээ үхээсэй гэж хүсээгүй тул өдөр бүр Гуаньинь Бодьсадвагийн шүтээнд гурван хүж асааж, амттай хоол, унд өргөдөг байв. Тэгээд тэрээр ам тангараг өргөв: Хэрвээ ээжийнх нь өвчин эдгэрч, дахин 30 жил амьдарч чадвал тэрээр оронд нь өөрийнхөө амьдралын 30 жилийг дуртайяа өгч, үлдсэн амьдралдаа цагаан хоолтон болж, амьд амьтны аминд дахин хүрэхээс цээрлэнэ. Хүж асааж, сөгдөн мөргөж, энэ ам тангаргийг өргөж, чин сэтгэлээ өргөсний дараа ээжийнх нь өвчин эдгэрэв. Энэ нь түүний ам тангаргийг Бодьсадва сонссон гэсэн үг үү? Энэ нь түүний ээж дахин 30 жил амьдарч, тэрээр 30 жилээр бага амьдарна гэсэн үг үү? Үгүй. Гэвч тэр итгэсэн учраас үүнийг үнэн гэдэгт бат итгэсэн. Тэгээд тэрээр цагаан хоолтон болж ам тангаргаа биелүүлж эхэлсэн. Нэгэн өдөр тэрээр: “Ээж минь эдгэрсэн, ээжийн урт наслах эсэх нь одоо асуудал биш болсон тул би ирээдүйд ам тангаргаа зөрчиж болох уу? Би тахианы гуя идэж болох уу? Хэрвээ би идмээр байвал идэж болно” гэж боджээ. Тахианы гуя идсэний дараа түүнд сайхан санагдаж, зүрх сэтгэл нь амар амгалан байсан боловч маргааш нь бөөлжиж, суулган, хэд хоног өвдөж, огтхон ч дээрдсэнгүй. Дөрөв дэх өдөр нь тэрээр: “Энэ Бодьсадвагийн шийтгэл юм болов уу? Тэр надад мах идэхийг зөвшөөрөхгүй байгаа юм болов уу? Миний өмнө нь хэлсэн үг үнэхээр хүчинтэй байсан бололтой—би мах идэж болохгүй юм байна!” гэж боджээ. Ингэж бодмогцоо яаран дахин гурван хүж асааж, олон амттай хоол өргөж, нүглээ хүлээн зөвшөөрөв. Маргааш нь түүний өвчин эдгэрчээ. Бодьсадва ийм үр дүнтэй байгааг хараад тэрээр: “Хүмүүсийг үйлдэл хийх үед Бодьсадва харж байдаг. Би түүнийг хуурах гэж оролдох ёсгүй, ам тангаргаа биелүүлэх ёстой, эс бөгөөс түүний шийтгэлтэй нүүр тулна!” гэдэгт улам бат итгэсэн байна. Тэр үеэс хойш түүнд “Бодьсадва” гэх нэр цол нь ариун бөгөөд зөрчишгүй мэт бүр ч их санагдах болжээ. Тэрээр өдөр бүр гурван хүж асааж, баяр ёслолын үеэр өргөл барьдаг байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Хаш Эзэн хаан, Гуаньинь Бодьсадва, Гуань Гон гэх мэт хүмүүсийн өргөл барьдаг шүтээнүүд нь бурхад мөн гэх итгэл үнэмшил ийм хүнд бэхэждэг. Түүний зүрх сэтгэл дэх тэдгээрийн байр суурь ямар ч эргэлзээ, сэжиггүйгээр улам бүр ганхашгүй болдог. Антихристүүд эдгээр зүйлийг туулаагүй, эсвэл гэртээ эдгээр шүтээн эсвэл шавар барималд өргөл бариагүй байсан ч нийгмийн хүрээллээсээ ийм зүйлийн талаар хааяа сонсож, эсвэл таардаг. Жишээлбэл, Будда хэн нэгний өвчнийг хэрхэн эдгээсэн, эсвэл муу хүмүүст үйл лайг нь эдлүүлж шударга ёсыг хэрхэн тогтоосон тухай, эсвэл Фэнг Шүйгийн мастер гэрт нь зарим зүйлийг өөрчилж тавьсны дараа хэн нэгэн хэрхэн баяжсан тухай, эсвэл хэн нэгэн Фэнг Шүйгийн мастер эсвэл Инь Янгийн мастераас булш болон оршуулгын газрын сонголтын талаар зөвлөгөө авсны үр дүнд үр удам нь өндөр албан тушаалтан болсон, эсвэл ажил мэргэжилдээ асар их амжилт гаргасан гэх мэтчилэн тэд сонсдог. Эдгээр зүйл нь бурхад нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа таарч, хардаг эдгээр будда, эзэн хаад гэгчтэй адил чадвар, хүч чадалтай байх ёстой гэх сэтгэгдлийг антихристүүдийн оюун ухаанд үлдээдэг. Тэр ч байтугай бурхад нь хүмүүсийн өргөл барьдаг тэдгээр шүтээнтэй адил байж, хүмүүсийн дунд айдас, гайхширал төрүүлэхүйц зарим тэмдэг, гайхамшгийг харуулах ёстой гэж тэд боддог. Хэрвээ бурхан үүнийг хийдэггүй бол түүнийг бурхан гэж үзэх ёсгүй гэж тэд боддог. Бурхдын талаарх ийм үзэл бодол, ойлголттой үед бурхан гэх ухагдахуун антихристүүдийн хувьд юу болж хувирдаг вэ? Тэднийхээр бол, тэнгэрийн хуулийг зөрчсөн хүмүүсийг хэзээ ч, хаана ч мөнх бус ертөнц рүү унагахын тулд тэнгэрийн цэргүүдийг илгээж чаддаг Хаш Эзэн хаан гэх мэт оршихуй нь үнэхээр бурхан бөгөөд бурхны ялгамж чанарыг эзэмшдэг нэгэн юм. Эсвэл хүмүүсийг баяжуулж, өндөр албан тушаалтан болгож чаддаг, хүмүүсийн өргөл барьдаг шүтээн нь антихристүүдийн хувьд бурхдын ялгамж чанарыг эзэмшихэд зохистой гэж тооцогддог. Энэ бол бурхдын ялгамж чанарын талаарх антихристүүдийн дотоод ойлголт, ухаарал юм. Тиймээс Бурхан агуу улаан лууны оршдог газар нутагт ажиллаж, зарим ах, эгч баривчлагдаж, чуулган хохирол амсаж, Бурханы ажилд саад тотгор, үймээн учрах үед антихристүүд юу гэж боддог вэ? “Хэрвээ энэ бурхан юм бол чуулганд яагаад ийм зүйл тохиолддог байна аа? Ах, эгч нарыг баривчилж байх үед бурхан тэнгэрт үзэгдэл харуулж, аянга цахилгаан, уур хилэнгээ илгээж, ах, эгч нарыг баривчилж буй ёрын муу цагдаа нарыг айсан харх шиг балмагдан зугтахад хүргэх ёстой. Ийм үйл явдал болсон талаар би яагаад хэзээ ч сонсоогүй юм бэ? Энэ хүмүүс бурхныг дагадаг, бурхны сонгосон хүмүүс юм чинь яагаад бурхан тэднийг аварч, хамгаалдаггүй юм бэ? Агуу улаан луу бурхныг дагадаг хүмүүсийг маш галзуу, хэрцгийгээр хавчдаг. Яагаад бурхан хүн төрөлхтний төлөө шударга ёсыг тогтоохоор дэлхийд ирдэггүй юм бэ? Яагаад бурхан агуу улаан луунд саад болдоггүй юм бэ? Яагаад тэр агуу улаан лууг шийтгэдэггүй юм бэ? Яавч бурхны ялгамж чанартай бурхан зөвхөн үг хэлж, үнэнийг л хангаж чаддаг байна гэж баймааргүй юм? Хаш Эзэн хаан, Гуаньинь Бодьсадва, Будда нартай харьцуулахад бурхан агуу чадвар, ур чадваргүй юм шиг санагдаж байна. Хүмүүс бурхныг хүч чадал, эрх мэдэлтэй гэдэг, тэгвэл тэр хүч чадал, эрх мэдэл нь хаана байна вэ? Зөвхөн үнэнийг л хангаж чаддаг, бурхны хүч чадал, эрх мэдэлгүй нэгэн үнэхээр бурхан мөн үү? Ах, эгч нарыг баривчлах гэж байх үед бурхан ёрын муу цагдаа нарын өмнө хана босгох, эсвэл тэднийг сохор, доголон болгож, галзууруулах эсвэл тэнэг болгох ёстой. Аюул ойртохоос өмнө бурхан хүн бүрд айсуй эрсдэлийн талаар тодорхой мэдэгдэж, тэд дуу хоолой сонсож, хүчтэй мэдрэмж мэдэрч, тодорхой бодолтой болох ёстой. Яагаад бурхан ийм зүйл хийдэггүй юм бэ? Ийм нөхцөл байдал ойртох үед тэр яагаад ямар ч дохио өгдөггүй юм бэ? Хүмүүс баривчлагдаж, эрүүдүүлж, хавчигдаж байхад яагаад бурхан эдгээр диавол болон ёрын муу цагдаа нарыг зогсоож, эсвэл шийтгэдэггүй юм бэ? Тэд ах, эгч нарыг гавлаж байхад, бороохойгоороо цохиж байхад яагаад бурхан юу ч хийдэггүй юм бэ? Хэрвээ Хаш Эзэн хаан эсвэл Гуаньинь Бодьсадва байсан бол тэд дагагчдаа хэзээ ч ингэж зовоохгүй байсан. Тэд лавтай хөндлөнгөөс оролцож, тусалж, ёрын муу цагдаа нарыг сохор болгож, царайг нь гажуудуулж, галзууруулж, гар хөлийг нь ялзруулж, эдгэршгүй өвчин тусгаж, бие биеэ хөнөөхөд хүргэх байсан. Яагаад бурхан үүнийг хийдэггүй юм бэ? Бурхан яг хаана байна вэ? Тэр ер нь оршин тогтнодог юм уу? Асуудал болох үед хүмүүс түүнд залбирсан ч бурхан тэднийг авардаггүй, тэднийг аюулаас мултрах нөхцөл байдлыг ч бүрдүүлдэггүй. Ёрын муу цагдаа нар эдгээр хамгаалалтгүй хүнийг эрүүдэн шүүж байхад бурхад ертөнц дэх шударга бус байдлыг харах дургүй бөгөөд бурхад хүмүүсийг зовлонгоос аварч, бүх амьтныг шаналлаас чөлөөлөх ёстой байдаг тул бурхан хөндлөнгөөс оролцож, тусалж, зүгээр л гар хумхин зогсох ёсгүй гэдгийг эрүүл ухаан заадаг. Миний одоо итгэдэг энэ бурхан яагаад ийм зүйл огт хийдэггүй юм бэ? Миний итгэдэг бурхан үнэхээр оршин тогтнодог уу?” гэж боддог. Олон зүйлийг туулсныхаа дараа антихристүүд байнга будилж, эргэлздэг. Тэд Бурханд итгэх хугацаандаа ирээдүйд нь юу тохиолдохыг, шоронд орох эсэх, ажил нь бүтэлтэй байх эсэх, өөдгүй хүн өөрсдөөс нь өшөө авах гэж оролдох эсэх, эсвэл хувь заяанд нь шоронд орох тавилан байвал түүнээс зайлсхийх арга зам бий эсэхийг мэдэхийн тулд үзмэрч, Инь Янгийн мастерууд дээр хүртэл очдог.
Бурханд итгэж, дагах үйл явцын туршид антихристүүдэд Бурханы ялгамж чанар, мөн чанарын талаарх үзэл үргэлж төрдөг бөгөөд яагаад Бурхан зөвхөн үг хэлж, ямар ч тэмдэг, гайхамшиг харуулдаггүй юм бэ гэж тэд үргэлж асуудаг. Хэдийгээр антихристүүд бас Бурханы үгийг уншдаг ч тэдний санаа зорилго нь үнэнийг эрж хайх, эсвэл хүлээн авах явдал биш юм, оронд нь тэд судалж, эргэцүүлэх сэтгэлгээгээр уншдаг. Үүний үр дүнд тэд жинхэнэ итгэлтэй болж чаддаггүйгээр үл барам, харин ч улам бүр эргэлзэж, хэчнээн их шинжлэх тусам бие махбодтой болсон Бурханы талаар төдий чинээ их үзэл тээдэг. Тэдний гол үзэл нь христ ер бусын хүн чанартай байх ёстой гэж боддог явдал юм. Тэд: “Хэрвээ христ хэвийн хүн чанартай ба ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй юм бол түүнийг бурхан гэдгийг яаж батлах юм бэ?” гэж боддог. Антихристүүдийн зүрх сэтгэлд зөвхөн бурхны сүнс л бурхан, тэмдэг, гайхамшиг харуулж чаддаг махбод л бурхан юм. Хэрвээ махбод зөвхөн хэвийн хүн чанартай бөгөөд тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй бол үнэнийг илэрхийлж чаддаг байсан ч түүнийг бурхан гэж үздэггүй. Тиймээс антихристүүд бие махбодтой болсон Бурханы мөн чанарт үргэлж эргэлздэг нь гайхмаар зүйл биш юм. Тэдэнд хэчнээн олон зүйл тохиолдсон ч антихрист төрлийн хүн Бурханы үгнээс үнэнийг эрж хайх замаар тэдгээрийг шийдвэрлэхийг хэзээ ч оролддоггүй, юун тэр Бурханы үгээр дамжуулан аливааг харахыг оролдох битгий хэл—энэ нь бүхэлдээ тэд Бурханы үгийн мөр бүрийг үнэн гэдэгт итгэдэггүйгээс болдог. Бурханы гэр үнэнийг яаж ч нөхөрлөсөн антихристүүд хүлээж авдаггүй, үүний үр дүнд ямар ч нөхцөл байдалтай тулгарсан зөв хандлагагүй байдаг; ялангуяа тэд Бурханд болон үнэнд хэрхэн хандах тухайд антихристүүд үзлээ хойш тавихаас зөрүүдлэн татгалздаг. Тэдний итгэдэг бурхан бол тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бурхан, ер бусын бурхан юм. Тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаг хэнийг ч бай—Гуаньинь Бодьсадва, Будда, эсвэл Мазу байна уу хамаагүй—тэд бурхад гэж нэрлэдэг. Тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддагууд нь л бурхдын ялгамж чанарыг эзэмшдэг бурхад мөн бөгөөд тэгж чаддаггүйчүүд нь хэчнээн их үнэн илэрхийлсэн ч заавал бурхад байх албагүй гэж тэд боддог. Тэд үнэнийг илэрхийлэх нь Бурханы агуу хүч чадал, төгс хүчин гэдгийг ойлгодоггүй; оронд нь зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь л бурхдын агуу хүч чадал, төгс хүчин гэж боддог. Тиймээс хүмүүсийг байлдан дагуулж, аврахын тулд үнэнийг илэрхийлэх, Бурханы сонгосон хүмүүсийг услах, хариулах, хөтлөх, тэднийг Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг бодитоор туулж, үнэнийг ойлгож, завхарсан зан чанараа хаяж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг шүтэн мөргөдөг хүмүүс болох боломжоор хангах гэх мэт бие махбодтой болсон Бурханы бодит ажлын тухайд—антихристүүд энэ бүхнийг Бурханы биш, хүний ажил гэж үздэг. Антихристүүдийн оюун ухаанд бурхад тахилын ширээний ард нуугдаж, хүмүүсээр өргөл бариулж, хүмүүсийн өргөсөн хоолыг идэж, тэдний асаасан хүжний утаагаар амьсгалж, хүмүүсийг асуудалд орох үед тусламжийн гараа сунгаж, өөрсдийгөө маш хүчирхэг гэдгээ харуулж, хүмүүс тусламж гуйж, чин сэтгэлээсээ хүсэх үед тэдэнд ойлгомжтой байх хүрээнд даруй тусламж үзүүлж, хэрэгцээг нь хангах ёстой байдаг. Антихристүүдийн хувьд ийм бурхан л жинхэнэ бурхан юм. Харин Бурханы өнөөдөр хийж буй бүхэн антихристүүдийн басамжлалтай тулгардаг. Яагаад тэр вэ? Антихристүүдийн уг чанар-мөн чанараас дүгнэвэл, тэдний шаарддаг зүйл бол Бүтээгч бүтээгдсэн зүйлс дээр гүйцэтгэдэг усалгаа, хариулга, авралын ажил биш, харин бүх зүйлд цэцэглэн хөгжиж, хүслээ биелүүлэх, энэ амьдралдаа шийтгүүлэхгүй байх, ирэх ертөнцөд тэнгэрт очих явдал юм. Тэдний үзэл бодол, хэрэгцээ нь үнэнийг үзэн яддаг мөн чанарыг нь баталдаг. Антихристүүд хорон муу байдал, ер бусын зүйл, гайхамшигт дурладаг, бүр Сатан болон муу ёрын сүнснүүдийн үйлдэл, диаволын үг буюу сөрөг, хорон муу зүйлсийг бурханлаг, үнэн хэмээн шүтэн мөргөдөг. Тэд эдгээрийг насан туршийн шүтлэг, эрэлхийллийнхээ бай болгож, ертөнцөд дээдэлж, түгээх ёстой зүйлс гэж үздэг. Үүний үр дүнд Бурханы ялгамж чанарын талаарх тэдний үзэл, бодол Бурханыг дагах хугацаанд нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ ийм хүмүүс Бурханы гэрт амбицаа биелүүлж чадахгүй бол, хэрвээ дэвшиж эсвэл ашиглагдахгүй, хурдан, асар их амжилтад хүрч чадахгүй бол хэзээ ч, ямар ч үед, хаана ч Бурханаас урвахад бэлэн байх болно. Энэ хүмүүсийн зарим нь 10 жил, зарим нь 20 жил итгэсэн бөгөөд чи тэднийг суурьтай болсон, Бурханыг орхихгүй гэж бодож магадгүй ч үнэн хэрэгтээ тэд хэзээ ч Бурханаас урваж, шашнаас ангид ертөнц рүү буцахад бэлэн байдаг. Тэд чуулганыг орхихгүй байсан ч зүрх сэтгэл нь хэдийнээ Бурханаас холдож, урвасан байдаг. Нөхцөл байдал зөвшөөрөх, эсвэл боломж гарах үед тэд явж, хуурамч бурхад болон муу ёрын сүнснүүдэд итгэх болно. Хэрвээ тэдэнд гэрлийн хурдаар амжилтад хүрэх, өндөр албан тушаалтан болох, алдарших, алдар нэр, эд баялаг эдлэх боломж олдвол тэд эргэлзэхгүйгээр чуулганыг орхиж, шашнаас ангид ертөнцийн чиг хандлагыг дагах болно. Зарим антихрист: “Хэрвээ тэр бурхан юм бол яагаад агуу улаан луунд хавчигдаж, мөшгүүлдэг юм бэ? Хэрвээ тэр бурхан юм бол яагаад агуу улаан лууг устгах тэмдэг, гайхамшиг харуулдаггүй юм бэ? Бурхны сонгосон маш олон хүн агуу улаан луунд баригдаж, хавчигдсан. Яагаад бурхан тэднийг Сатаны хавчлагаас хамгаалж, авардаггүй юм бэ?” гэж эргэлздэг. Энэ нь яг л Иудаизмын фарисайчууд: “Хэрвээ Есүс бурхан юм бол яагаад цовдлогдож таарах юм бэ? Тэр яагаад өөрийгөө аварч чадаагүй юм бэ?” гэж бодож байсантай адил юм. Антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй, мөн Бурханы үг бүх зүйлийг биелүүлнэ гэдэгт итгэдэггүй учраас үүнийг хэзээ ч ойлгодоггүй. Тэд зөвхөн харсан зүйлдээ л итгэдэг бөгөөд Бурханы хийсэн бүх ажлын харуулсан үнэ цэн, эсвэл ач холбогдолд итгэдэггүй. Тэд Бурханы илэрхийлсэн үг бүр үнэн, Түүний үг бүр биелж, хэрэгжинэ гэдэгт итгэдэггүй; тэд Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэх дээр үндэслэн хэрэгждэг, эсвэл Бурхан Өөрийнхнь төгс хүчин, мэргэн ухааныг илчилдэг товойлгогч болгон үйлчлэл үзүүлэхэд агуу улаан лууг ашигладаг гэдэгт итгэдэггүй. Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурханы үг бүх зүйлийг биелүүлдэг гэдэгт итгэдэггүй, тэгвэл антихристүүд Бурханд итгэгчид хэвээрээ юу? Тэд итгэгчид биш. Антихристүүд бол Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг хүмүүс; тэд бол цэвэр үл итгэгчид юм.
Антихристүүд Бурханы ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гол шалтгаан юу вэ? Нэг нь гэвэл, антихристүүдийн үзэлдээ Түүнийг тэгэх ёстой гэж төсөөлдөг шигээр Бурхан ертөнц дэх бүх шударга бусыг залруулдаггүй, хүн төрөлхтний төлөө шударга ёсыг тогтоодоггүй, эсвэл мууг үйлддэг хүмүүсийг даруй шийтгэдэггүй; Бурханы захирдаг бүх зүйлийн дунд өдөр бүр олон шударга бус үйл явдал тохиолддог ч Бурхан үүнд хайхрамжгүй ханддаг мэт санагддаг бөгөөд хариуд нь ганц ч үг хэлж, ганц ч зүйл хийдэггүй. Антихристүүдийн нүдээр бол, тэдэнд тулгардаг зүйлсийн хүрээнд дэлхийд болж буй гэж тэдний хардаг бүхэн тэдний үзэлтэй нийцдэггүй бөгөөд тохиолдох ёсгүй байдаг. Тэд яагаад эдгээр зүйлийг тохиолдох ёсгүй гэж боддог вэ? Тэд: “Хэрвээ бурхан оршин тогтнодог юм бол яагаад эдгээр зүйлд анхаарал хандуулдаггүй юм бэ? Хэрвээ бурхан оршин тогтнодог юм бол яагаад маш олон ёрын муу хүн сайн амьдарсаар байдаг юм бэ? Яагаад баячууд нь улам баяжиж, ядуус нь улам ядуурдаг юм бэ? Яагаад баян хүмүүс өдөр бүр тансаг хоол идэж, маш их хөгжилдөж байхад маш олон хүн хоол гуйж амьдарсаар байдаг юм бэ? Яагаад заль мэхгүй хүмүүс дээрэлхүүлж, дарлуулж, мөлжүүлдэг юм бэ? Яагаад зарим хүн тийм бага цалингийн төлөө өдөрт наймаас дээш цаг ажиллаж, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байхад, зарим нь хүний насаараа ч олж чадахаас их мөнгийг нэг цагийн дотор олдог юм бэ? Яагаад бурхан нийгмийн болон ертөнцийн эдгээр шударга бусыг шийдвэрлэдэггүй юм бэ? Яагаад зарим нь эрх дархтай, эд баялагтай айлд төрдөг байхад, зарим нь ядуурал, хоосрол дунд төрдөг юм бэ? Яагаад зарим хүн насан туршдаа алдар нэр, эд баялаг, гэр бүлийнхээ халуун хайрыг эдэлж чаддаг байхад, нийгмийн ижил орчинд төрсөн бусад хүн тэгж чаддаггүй юм бэ?” гэж боддог. Эдгээр нь антихристүүдийн зүрх сэтгэл дэх үүрд тайлагдашгүй оньсого юм. Тэд Бурханд итгэдэг юм чинь нэвт харж, ойлгож чаддаггүй бүх зүйлээ болон тайлж чадахгүй байгаа эдгээр бүх оньсогоо Бурханд даатгаж, Түүгээр шийдлийг нь гаргуулах ёстой бөгөөд Бурханы үгнээс эдгээрийн хариултыг олох ёстой гэж тэд боддог. Гэвч тэд Бурханд гурваас таван жил итгэснийхээ дараа эдгээр хариултыг олж чаддаггүй бөгөөд наймаас арван жил итгэснийхээ дараа ч олж чаддаггүй хэвээр байдаг. Хорин жил итгэснийхээ дараа тэд: “Яагаад би ямар ч хариулт аваагүй хэвээр байна вэ? Яагаад бурхан эдгээр асуудлыг шийдвэрлээгүй юм бэ? Яагаад бурхан Гуаньинь Бодьсадва эсвэл Хаш Эзэн хаан шиг авирладаггүй юм бэ? Бурхан хүч чадал, эрх мэдэлтэй, бурхны ялгамж чанартай тул эдгээр зүйлийг хийж байх ёстой! Ялангуяа чуулганд яагаад муу хүмүүс байнга гарч ирж, саад, үймээн учруулдаг юм бэ, зарим нь бүр өргөл хулгайлчхаад ямар ч үр дагавар амсдаггүй шүү дээ? Зарим хүн байнга худал хэлж, зарим нь үзэл, үндэслэлгүй цуу яриа тараачхаад бурхны сахилгажуулалт, эсвэл шийтгэлийг амсдаггүй; зарим нь бурханд итгэхээ гэнэт больж, нийгэмд ажиллахаар яваад, хэдэн жилийн дараа хэзээ ч хүнд байдалд оролгүйгээр баяждаг. Зарим итгэгч бурханд итгэдэггүй хүмүүсээс ч дор амьдардаг. Үнэндээ бурханд итгэгчид зовж шаналж, тэдний олонх нь хавчигдаж, гэртээ харьж чадахгүй, ядуурал, зовлон зүдүүр дунд амьдарч байна. Энэ нь мэдээж бурханд итгэхийн утга учир биш биз дээ? Мэдээж бурхныг дагахын үнэ цэн биш биз дээ? Мэдээж бурхны хүмүүст өгөхийг хүсдэг өдөр тутмын амьдрал биш биз дээ? Хүмүүс хийж чадахгүй зүйлтэйгээ тулгарах үед яагаад бурхан тэднийг ойлгуулж, даруй ухааруулахын тулд ямар нэгэн ер бусын зүйл хийдэггүй юм бэ? Хүмүүсийн ойлгодоггүй, бурхан яагаад тэгж авирладгийг мэддэггүй олон зүйл байдаг. Яагаад бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг гэрэлтүүлэхийн тулд дэнлүү асаадаггүй юм бэ? Яагаад тэр хүмүүст урам зориг өгдөггүй юм бэ? Хүмүүс мууг үйлдэж, саад, үймээн учруулах үед бурхан босож, тэр ёрын муу хүмүүсийг шууд харааж, үйл лайг нь эдлүүлдэггүй. Бурхан ийм зүйл хийж байгаа тохиолдлыг би олон харж байгаагүй. Заримдаа хүмүүст бурхны гэгээрэл, гэрэлтүүлэлт, хангалт хэрэгтэй байдаг, тэгвэл тэд яагаад бурхныг мэдэрч, эсвэл харж чаддаггүй юм бэ? Бурхан хаана байна вэ?” гэж гайхдаг. Иймэрхүү бүх “яагаад” гэх асуулт антихристүүдийн зүрх сэтгэлд хариултгүй үлддэг. Тэд эдгээр зүйл болон үзэгдэл сайжрах нь байтугай яагаад хэзээ ч өөрчлөгдөж, эргэдэггүйг ойлгодоггүй. Бурханд итгэх нь хүмүүсийг бүхэлд нь өөрчлөх ёстой бөгөөд тэдний бүхий л амьдрал, зан байдал, бодол санаа, ялангуяа амьдралын чанар, чадвар, ур чадвар нь бүгд эерэг чиглэлд хөгжих ёстой гэж тэд боддог. 10 эсвэл 20 жил ажигласны дараа тэд яагаад эдгээр өөрчлөлтийг харж чаддаггүй юм бэ? Хүмүүсийн уран зөгнөлдөө боддог, эсвэл үзэлдээ мөрөөддөг зүйлс нь Бурханд итгэснийх нь дараа хэзээ ч шийдвэрлэгдэж, эсвэл хэрэгждэггүй. Тэгвэл Бурханд итгэхийн утга учир юу вэ? Бурханд итгэж, дагахын үнэ цэн юу вэ? Эдгээр асуулт антихристүүдийн зүрх сэтгэлд шийдэгдээгүй, хариулагдаагүй хэвээр үлддэг бөгөөд тэдгээр нь антихристүүдийн төсөөлдөг шиг хэрэгжиж, биелдэггүй тул антихристүүдийн санаанд байдаг бурхан хэзээ ч оршин тогтнодоггүй. Мөн Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг Нэгэн нь антихристүүдийн оюун ухаанд үүрд үгүйсгэгддэг нь мэдээж хэрэг юм.
Антихристүүдийн Бурханд итгэх итгэлд хэтэрхий их хольц байдаг. Үнэндээ антихристүүд Бурханд үнэхээр итгэдэггүй; энэ нь бүгд дүр эсгэлт юм. Тэд яг л шүтлэггүй хүмүүс диавол болон шүтээнүүдэд мөргөдөгтэй адилаар Бурханд итгэдэг. Бурханы хийдэг бүхнийг хүлээн авахад тэдэнд хэцүү санагддаг бөгөөд тэд үргэлж эргэлзээ, асуулт тээж байдаг. Тэд эдгээр эргэлзээ, асуултыг зүрх сэтгэлдээ нууж, илэрхийлэхээс зүрхшээдэг ба дүр эсгэхдээ ч гаргууд байдаг тул Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч цагаандаа гарсан үл итгэгчид хэвээр үлддэг. Тэд Бурхан болон Түүний бүх үйлдлийг өөрсдийн уран зөгнөл, Бурханы талаарх янз бүрийн төсөөлөл, үзэл, түүнчлэн хүний зарим нэг уламжлалт мэдлэг, ёс суртахууны үзлээр хэмждэг. Тэд Бурханы ялгамж чанар болон Тэр оршин тогтнодог эсэхийг хэмжихийн тулд эдгээр зүйлийг ашигладаг. Тэгээд эцсийн үр дүн нь юу вэ? Тэд Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, бие махбодтой болсон Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй. Бие махбодтой болсон Бурхан Бурханы ялгамж чанар, мөн чанартай эсэхийг хэмждэг антихристүүдийн стандарт буруу биш гэж үү? Илэн далангүй хэлэхэд, антихристүүд мэдлэг болон алдартай, агуу хүмүүсийг дээдэлдэг тул эдгээр алдартай, агуу хүнээс гарсан зүйлсийг хэзээ ч эсэргүүцдэггүй, эсвэл зэвүүцдэггүй. Тэгвэл тэд Христийг хэвийн, эгэл хүн болохыг харах үедээ яагаад Түүнийг жигшдэг, мөн Христ маш олон үнэнийг илэрхийлэхийг харах үедээ яагаад зэвүүцэж, үзэн ядаж эхэлдэг вэ? Учир нь тэдний дээдэлж, биширдэг зүйлс огтхон ч эерэг биш, өчүүхэн төдий ч эерэг зүйл байдаггүй. Антихристүүд юунд дуртай вэ? Тэд хачин жигтэй байдал, хорон муу байдал, гайхамшиг, ер бусын зүйлст дуртай байдаг бол Бурханы хэвийн, бодит байдал, хүнийг гэх Бурханы жинхэнэ хайр, Бурханы мэргэн ухаан, үнэнч байдал, ариун байдал, зөвт байдал нь бүгд антихристүүдийн нүдэнд яллагддаг. Жишээлбэл, ах, эгч нарыг ялган таних чадвартай болгож, бодитоор сургамж авхуулахын тулд Бурхан нэгэн нөхцөл байдал бүрдүүлсэн. Энэ нь ямар нөхцөл байдал байсан бэ? Тэрээр чөтгөрт эзэмдүүлсэн нэг хүнийг тэдний дунд амьдруулахаар зохицуулсан. Эхэндээ энэ хүний ярих, үйлдэх арга барил, мөн эрүүл ухаан нь хэвийн байсан; тэр огтхон ч асуудалтай харагдаагүй. Гэвч хэсэг хугацаанд харилцсаны дараа түүний хэлсэн бүхэн утгагүй, зөв бүтэц, дэс дараалалгүй болохыг ах, эгч нар олж мэджээ. Хожим нь зарим нэг ер бусын зүйл тохиолдсон: Тэрээр ах, эгч нарт өөрийгөө ийм, тийм үзэгдэл харсан, ийм, тийм илчлэл хүлээн авсан гэж үргэлж хэлдэг байв. Жишээлбэл, нэг өдөр түүнийг мантуу жигнэх ёстой—заавал хийх ёстой—гэж түүнд илчилсэн байсан бөгөөд маргааш нь тэрээр гадагш гарах хэрэгтэй болж таарсан тул мантуугаа авч явжээ. Хожим нь түүнийг өмнө зүг рүү явах ёстой, зургаан бээрийн зайд нэг хүн түүнийг хүлээж байгаа гэж зүүдэнд нь түүнд илчилсэн байна. Тэрээр очиж хартал яг тэнд төөрчихсөн нэг хүн байсан; тэр хүн энэ хүнд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчилж, өнөөх нь хүлээн авчээ. Тэр үргэлж илчлэл авч, үргэлж дуу хоолой сонсож, түүнд үргэлж ер бусын зүйл тохиолддог байв. Өдөр бүр юу идэх, хаашаа явах, юу хийх, хэнтэй харилцах тухайд тэрээр хэвийн хүн төрөлхтний амьдралын хуулийг дагадаггүй, Бурханы үгийг үндэслэл эсвэл зарчим болгон эрж хайдаггүй, эсвэл нөхөрлөх хүмүүсийг хайдаггүй байв. Тэр үргэлж мэдрэмждээ найдаж, дуу хоолой, эсвэл илчлэл, эсвэл зүүд хүлээдэг байлаа. Энэ хүн хэвийн байсан уу? (Үгүй.) Түүний өдөрт иддэг гурван хоол, өдөр тутмын хэвшилд нь тогтмол зүй тогтол байх шиг байсан ч тэр үргэлж дуу хоолой сонсдог байв. Зарим хүн түүнийг ялган таньж, эдгээр нь муу ёрын сүнсэнд эзэмдүүлсний илрэл гэж хэлжээ. Ах, эгч нар түүнийг бага багаар ялган таньдаг болсоор нэг өдөр түүний сэтгэцийн өвчин хөдөлж, галзуу зүйл ярьж эхлэн, нүцгэн, үсээ арзайлгаад, солиотой хүн шиг гүйж оджээ. Ингэснээр энэ хэрэг эцэст нь нэг юм дууссан. Одоо ах, эгч нар муу ёрын сүнсний ажил болон чөтгөрт эзэмдүүлэхийн тодорхой илрэлүүдийг ойлгож, ялган таньдаг болсон биш үү? Мэдээж тэдний зарим нь өмнө нь ийм зүйлтэй таарч байсан бөгөөд хэдийнээ ялган таних чадвартай байсан бол бусад нь Бурханд итгээд удаагүй, ийм зүйл туулаагүй байсан тул төөрөлдөх магадлалтай байв. Гэхдээ тэд төөрөлдсөн эсэх, эсвэл ялган таних чадвартай байсан эсэхээс үл хамааран, хэрвээ Бурхан энэ орчныг бүрдүүлээгүй бол тэд муу ёрын сүнсний ажил эсвэл эзэмдэлтийг үнэхээр ялган таньж чадах байсан уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан энэ орчныг бүрдүүлж, эдгээр зүйлийг хийсний зорилго, ач холбогдол яг юу байсан бэ? Энэ нь тэдэнд бодитоор ялган таних чадвартай болох, сургамж авах, мөн муу ёрын сүнсний ажилтай, эсвэл чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг хэрхэн ялган танихыг мэддэг болох боломжийг олгохын тулд байсан. Хэрвээ хүмүүст муу ёрын сүнсний ажил гэж юу болохыг зүгээр л хэлж өгсөн бол—багш номоос зааж, сурагчдаараа ямар ч бодит дасгал, сургуулилалт хийлгэхгүйгээр зөвхөн сурах бичгийн онол ярьдагтай адилаар—хүмүүс зөвхөн зарим нэг хоосон сургаал, үг хэллэгийг л ойлгох байсан. Чи биечлэн үзэж, өөрийн нүдээр харж, чихээрээ сонссон үедээ л муу ёрын сүнсний ажил яг юу болох, үүний тодорхой илрэлүүд юу болохыг тодорхой тайлбарлаж чадна. Тэгээд дараа нь ийм хүмүүстэй дахин таарах үедээ чи тэднийг ялган таньж, голж чадна; чи ийм хэрэг явдлыг зүй зохистой шийдвэрлэж, зохицуулж чадна. Тэгэхээр ийм орчноос чиний олж авдаг зүйл өдөржингөө цуглаанд сууж, номлол сонсоод олж авдаг зүйлээс чинь хамаагүй илүү бодитой биш гэж үү? Хэвийн сэтгэлгээ, ухаалаг байдалтай, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы эдгээр зүйлийг хийдэг арга барилыг зөвөөр ойлгоно. Тэд: “Бурхан яагаад чуулганд муу ёрын сүнснүүд гарч ирэхийг зөвшөөрдөг юм бэ? Бурхан яагаад надад урьдчилж анхааруулаагүй юм бэ? Тэр яагаад муу ёрын сүнснүүдийг цэвэрлэдэггүй юм бэ?” гэж гомдоллохгүй. Тэд эдгээр зүйлийн талаар гомдоллохгүй, оронд нь Бурханыг онц, мэргэн ажлынх нь төлөө магтаж, Бурхан хүнийг маш их хайрладаг гэж хэлэн талархах болно! Гэвч антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй, үүний зэрэгцээ зүрх сэтгэл нь Бурханы талаарх үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг, дээрээс нь тэд зүрх сэтгэлдээ диавол болон шүтээнүүдийг үнэхээр шүтдэг ба үнэн Бурханы хийдэг бүхнийг шүтээнүүдтэйгээ харьцуулж, хэмждэг. Тиймээс ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд эхлээд: “Энэ бурхны ажил мөн үү? Та нар яаж ийм тэнэг байж чадаж байна аа? Яаж бурхан чуулганд муу ёрын сүнснүүд гарч ирэхийг зөвшөөрч чадаж байна аа?” гэж гайхдаг. Энэ нь эндүү ташаа ойлголт биш гэж үү? Нэгдүгээрт, тэд үүнийг Бурханы ажил гэдгийг үгүйсгэж, мөн: “Бурхан гарцаагүй ингэхгүй байсан. Бурхад хүмүүсийг зовоохыг хүсдэггүй. Гуаньинь Бодьсадва хүмүүсийн зовж байгааг хараад хөшөө нь нулимс унагадаг; тэрээр бүх амьтныг тарчлаанаас аварч, хүн бүрийг Буддагийн нэр дор авчирч, тэднийг хүний ертөнцийн бүх зовлонгоос ангижруулахыг хүсдэг. Бурхад энэрэнгүй байж, сонгосон хүмүүстээ санаа тавьж, чуулганд муу ёрын сүнснүүд гарч ирэхийг зөвшөөрөх ёсгүй. Энэ яав ч бурхны үйлдэл байж таарахгүй” гэж боддог. Ийм зүйл тохиолдмогц зүрх сэтгэлдээ антихристүүд Бурханы ялгамж чанарт эхлээд бүр ч их эргэлзэж, үүний зэрэгцээ Бурханы үйлсийг зуу, мянган удаа хүлээн авахаас дургүйцэж, тэр ч байтугай шүүж, ялладаг. Тэд бас энэ хэрэг явдлыг Бурханаас хүлээн авсан ах, эгч нарыг дооглож: “Мунхгууд та нар бүх зүйлийг бурхны үйлдэл гэж итгэсээр л байна. Бурхан ингэж авирлахгүй байх байсан! Бурхан хургануудаа хамгаалж, халамжилж, гараараа халхлах ёстой. Бурхад бол хүмүүсийн хоргодох газар; хүмүүс энэ бүх хатуу бэрхийг амсах ёсгүй. Бүх сөрөг, муу зүйл хүмүүст тохиолдох ёсгүй, бурхад тэгж л ажилладаг” гэж хэлдэг. Антихристүүдийн зүрх сэтгэл Бурханы талаарх эргэлзээ, үгүйсгэл, үзэл, яллалтаар дүүрэн байдаг. Үүний үр дүнд Бурханы хийдэг бүхэн тэдний нүдээр бол буруу бөгөөд Бурханы хийх ёстой зүйл биш байдаг, мөн энэ нь тэдний хувьд Бурханыг яллаж, үгүйсгэх нотлох баримт, хөшүүрэг болдог. Үүнд антихристүүдийн Бурханыг эсэргүүцдэг уг чанар-мөн чанар бүрэн илчлэгддэг. Жишээлбэл, ах, эгч нар ХКН-ын эрүү шүүлт, хавчлагыг тэвчиж байх үед цагдаа нар цахилгаан тамгыг улайстал нь халааж, биед нь наадаг, энэ нь маш их өвдөлт үүсгэж, тэднийг ухаан алдахад хүргэж, тэнд байсан бүх хүний цусыг царцаадаг. Энэ дүр зургийг хараад антихристүүд юу гэж боддог вэ? “Энэ Сатанууд, диаволууд хэтэрхий харгис юм! Тэдэнд хүн чанар, өрөвдөх сэтгэл, энэрэл алга. Тэдний арга барил хэтэрхий хэрцгий юм, би харж тэвчихгүй нь! Хэрвээ би тэнд байсан бол тамгыг хөргөж, хөвөн болгон хувиргаж, бурхны гар хургануудаа илбэж байгаа мэт хүмүүсийн биед зөөлөн, дулаан, аяархан хүргэж, хүмүүст түүний энэрэнгүй зүрх сэтгэл, хайр, халуун дулааныг мэдрүүлж, түүнийг дагах илүү их итгэл, шийдэмгий байдлыг тэдэнд төрүүлэх байсан. Гэвч хүн гэдэг ердөө л хүн—ах, эгч нар болон элэг нэгт хүмүүс маань ингэж их зовж байгааг харж байхдаа бид юу ч хийж чадахгүй хүчин мөхөс байна. Тэгтэл бурхан хаана байна вэ? Яагаад бурхан энэ мөчид эдгээр Сатан, диаволын гарыг зогсоохгүй байна вэ? Яагаад тэр улайссан тамгыг хөргөхгүй байна вэ? Тамга ах, эгч нарт хүрэх үед яагаад бурхан тэдэнд өвдөлт мэдрүүлэхгүй байж болохгүй гэж? Хэрвээ Гуаньинь Бодьсадва байсан бол тэр гарцаагүй ингэх байсан; тэр амьд амьтад бие биеэ хүчирхийлж, хөнөөхийг харахыг хүсдэггүй, тэдний хэн нь ч өчүүхэн төдий ч дээрэлхүүлж, өвдөж шаналахыг харахыг хүсдэггүй. Тэр бүх амьтныг санаж явдаг, зүрх сэтгэл нь тэнгэрээс ч уудам, хайр нь хязгааргүй. Энэ бол үнэхээр бурхан юм! Яагаад бурхан ингэж үйлдэггүй юм бэ? Би бурхан биш, надад ийм чадвар байхгүй. Хэрвээ би бурхан байсан бол хүмүүсээ ингэж зовохыг зөвшөөрөхгүй байх байсан” гэж боддог. Тэдэнд юу ч тохиолдсон, антихристүүдэд өөрсдийн гэсэн үзэл бодол, байр суурь, санал, тэр ч байтугай “гайхалтай санаа” байдаг. Тэдэнд юу ч тохиолдсон, тэд үүнийг хэзээ ч Бурханы үгтэй холбодоггүй, Бурханыг ойлгох, Бурханыг гэрчлэх, Бурханы ялгамж чанарыг батлах, Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы мөн чанар хаана, хэрхэн илэрхийлэгддэгийг батлахын тулд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй—антихристүүд ингэж хэрэгжүүлдэггүй. Оронд нь тэд алхам тутамдаа Сатаны, янз бүрийн муу ёрын сүнснүүдийн, эсвэл Гуаньинь Бодьсадва болон Буддагийн өнцгөөс Бурханыг хэмжиж, Бурхантай өрсөлддөг. Үүний эцсийн үр дүн юу вэ? Антихристүүд алхам тутамдаа Бурханыг үгүйсгэж, Түүний үйлдэл болон мөн чанарыг, Түүний хийдэг бүхний утга учир, үнэ цэнийг, мөн энэ нь хүмүүсийг хэрхэн босгон байгуулдгийг үгүйсгэдэг. Тэд ингэж ажилласнаар хүмүүсийн тухайд хүрэхийг зорьдог Бурханы үр нөлөөг болон Бурханы санаа зорилго оршин байдгийг үгүйсгэдэг. Бурханы хийдэг бүхний ач холбогдол, үнэ цэнийг үгүйсгэснээрээ антихристүүд Бурханы ялгамж чанарыг үгүйсгэж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Антихристүүдийн эдгээр илрэл, мөн чанар, тэдний харуулдаг бодол санаа, мөн тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханд ханддаг уур хилэн, шаардлага, сэтгэл ханамжгүй байдал, асуулт гэх мэт нь бүгд антихристүүд Бурханы ялгамж чанарыг хүлээн зөвшөөрдөггүйн бодит илрэлүүд юм. Эд бол баримт билээ.
Антихристүүд Бурханы ялгамж чанарыг үгүйсгэдгийн илрэл болон эх сурвалжийн талаар бидний сая хийсэн нөхөрлөл, задлан шинжилгээнээс та нар антихристүүдийн ямар мөн чанарыг ажигласан бэ? Антихристүүд энэ ертөнцийн талаар гутранги үзэлтэй байж, шударга байдал, зөвт байдлыг хайрладаг гэдгийг та нар ажиглаж чадах уу? Антихристүүд сайн хүн чанар, энэрэл, өршөөл, агуу хайртай, мөн хорон муу байдлыг үзэн яддаг хүмүүс мөн үү? (Биш.) Тэгвэл антихристүүд ямар төрлийн хүмүүс вэ? (Тэд үнэнийг үзэн ядаж, зэвүүцдэг, алхам тутамдаа Бурхантай дайсагнадаг ёрын муу хүмүүс юм.) Энэ бол нэг тал нь. Өөр юу байна? Антихристүүд нийгмийн: “Гүүр барьдаг, зам засдаг хүмүүс эцэстээ сохордог бол алуурчид, галдан шатаагчдын үр удам өсөж үрждэг” гэх үгийг нэлээд сайшаадаггүй гэж үү? Энэ нь тэд ертөнцийн байдалд халаглаж, хүн төрөлхтнийг өрөвдөж байна гэсэн үг биш үү? Тэд энэ үгтэй санал нийлж байгаагийн шинж чанар юу вэ? Энэ үгэнд Тэнгэрийн шударга бус байдлын талаарх гомдол агуулагдаагүй гэж үү? Хэдийгээр тэд энэ талаар юу ч хийж чадахгүй ч антихристүүд ийм дургүйцэл, сэтгэл хөдлөл тээж, Тэнгэр шударга бус байна хэмээн гомдоллож: “Тэнгэр шударга, тэнгэр нүдтэй гэдэг биз дээ? Тэгвэл энэ ертөнцөд яагаад сайн үйл хийдэг хүмүүс шагнал хүртдэггүй байхад, муу хүмүүс цэцэглэн хөгждөг юм бэ? Энэ ертөнцөд шударга байдал хаана байна вэ? Энэ ертөнцөд шударга бус хэрэг явдлууд хэрхэн тохиолдсон бэ? Учир нь тэнгэр сохор бөгөөд шударга бус байна!” гэж хэлдэг. Үүний далд утга нь Бурханд шударга байдал байхгүй, зөвхөн Будда болон Гуаньинь л шударга гэсэн үг юм. Тиймээс антихристүүдийн зүрх сэтгэл жинхэнэ Бурханы хийдэг зүйлсийн талаарх дургүйцэл, гомдол, үгүйсгэл, яллалтаар дүүрэн байдаг. Энэ бүхнийг юу үүсгэдэг вэ? Үүний шалтгаан юу вэ? Энэ нь антихристүүдийн мөн чанараас үүдэлтэй. Энэ нь ямар мөн чанар вэ? Тодорхой хэлбэл, антихристүүдийн зүрх сэтгэл бурхны тодорхойлолтын талаарх үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг; тэд жинхэнэ Бурхан хэрхэн ажиллаж, хүмүүсийг авардгийг мэддэггүй, ойлгодоггүй. Бурханы хийдэг бүхнийг үнэлэх тэдний үнэлгээ нь өөрсдийнх нь үзэл, төсөөлөлд үндэслэдэг. Тэгвэл эдгээр нь юунд үндэслэдэг вэ? Эдгээр нь бүхэлдээ Сатан болон диавол хаадын хүн төрөлхтөнд суулгасан янз бүрийн тэрс үзэл, гажууд онолд үндэслэдэг. Эдгээр тэрс үзэл, гажууд онол хэчнээн хорон муу, эсвэл өрөөсгөл байсан ч хүмүүсийн үзэл, сэтгэл зүйн шаардлага, сэтгэл хөдлөлийн хэрэгцээнд нийцдэг бөгөөд яг эдгээр зүйл нь антихристүүдийн биеэ авч явах, бүх зүйлийг хэмжих стандарт, түүнчлэн Бурханыг хэмжих стандарт нь болдог; антихристүүд уг үндсээрээ буруу байдаг. Өөр нэг илүү чухал шалтгаан нь антихристүүд эрх мэдэл болон сүрлэг зүйлст дуртай байдаг. Жишээлбэл, нэг хүн ордонд төрж, өдөр бүр дээд зэргийн хангамж эдэлж, хамгийн сайн хоол идэж, хамгийн сайн хувцас өмсөж, юу ч хийх шаардлагагүй, хүссэн бүхнээ авдаг гэж бодъё. Бурханд итгэдэг хүмүүс ийм амьдралыг эрэлхийлдэг үү? Хэвийн хүнд өчүүхэн төдий атаархал, эсвэл жөтөөрхөл төрөх боловч дараа нь тэд: “Энэ бүхнийг Бурхан тогтоосон. Бурхан биднийг хаана байрлуулна, бид тэнд л амьдардаг. Ийм амьдрал бидэнд заавал тохирох албагүй. Ийм орчинд хүн Бурханд итгэж чадах уу? Үнэнийг ойлгож, аврагдаж чадах уу? Энэ нь хэцүү байх болно. Бурханы бидэнд өгсөн зүйл хангалттай; бид Бурханд итгэж, Бурханы үгийг унших, үүргээ гүйцэтгэх, эцэст нь аврал хүртэх зөв нөхцөлд байж л байвал энэ нь хамгийн баяр баясгалантай зүйл юм” гэж бодно. Харин антихристүүд ингэж бодох уу? (Үгүй.) Тэд: “Яагаад миний аав эзэн хаан байгаагүй юм бэ? Хэрвээ миний аав баян хүн, эсвэл эзэн хаан байсан бол миний амьдрал үнэхээр амьдрах үнэ цэнтэй байх байсан. Яагаад түүний аав эзэн хаан байгаа юм бэ? Яагаад тэр хоол хүнс, хувцас хунарт санаа зовохгүйгээр санаа амар амьдарч, хүссэн бүхнээ авч, мөнгө, эрх мэдэл үргэлж гарт нь байдаг юм бэ? Уг нь тэнгэр шударга бус байна! Тэр тийм ч чадварлаг биш, түүнд ямар ч авьяас, боловсрол, ухаан байхгүй. Тэр ямар үндэслэлээр энэ бүх зүйлийг авсан юм бэ? Яагаад би эдгээрийг авч чаддаггүй юм бэ? Хэрвээ би эдгээр зүйлийг авч чадахгүй, бусад нь авч чадаж байвал би тэднийг үзэн ядна! Хэрвээ би тэднийг үзэн ядаж чадахгүй бол шударга бус байж, надад муу хувь заяа зохицуулсных нь төлөө тэнгэрийг, азгүйдлээ, замд минь саад болж буй өөдгүй хүнийг, гэрийнхээ муу фэнг шүйг үзэн ядна!” гэж бодно. Тэдний толгойд юу эргэлдэж байна вэ? Антихристүүдийн зүрх сэтгэлд үзэн ядалт төрмөгц тэдний амнаас бүх төрлийн гажууд үндэслэл гарч ирдэг.
Өнгөн дээрээ антихристүүд маш буянтай мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэдний шүтдэг, эрэлхийлдэг зүйлсийн аль нь ч эерэг биш байдаг. Тэдний номлодог зүйр үг, хэллэг нь ертөнцийн байдалд халаглаж, хүн төрөлхтнийг өрөвдөж байгаа мэт, зүрх сэтгэлдээ сайн санаа тээж байгаа мэт сонсогдож болох ч үнэн хэрэгтээ тэд бол цагаандаа гарсан диаволууд, Сатанууд юм. Хэрвээ тэд эрх мэдэлтэй болж, энэ ертөнцөд мандвал мууг үйлдэж чадах уу? Тэд сайн хүн байж чадах уу? Тэд бол жигшүүрт нүглээр дүүрэн өөдгүй амьтад юм. Тэд эрх мэдэлтэй болж чадахгүй, ертөнцөд нэг их цэцэглэн хөгжихгүй байгаа учраас бага зэрэг гомдож, улмаар Бурханд итгэж, дагадаг. Гэвч мөн чанартаа тэд үнэнийг эрэлхийлэхийг огт хүсдэггүй бөгөөд ялангуяа эерэг зүйлийг хайрладаггүй; оронд нь эерэг зүйлд зэвүүцэж, муу ёрын хүч, эрх мэдэл, тансаг амьдрал, ертөнцийн муу чиг хандлагад дурладаг. Тиймээс тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг эзэмшдэг Бурханы илэрхийлсэн, хийсэн бүхнийг үл тоомсорлож, эдгээр зүйлийг яллаж, шүүж, гүтгэдэг. Бурханы ажил хүмүүсийн хувьд хэчнээн үнэ цэнтэй, эсвэл ач холбогдолтой байсан ч тэд хүлээн зөвшөөрдөг ч үгүй, хүлээн авдаг ч үгүй. Тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн авдаггүйгээр үл барам, бурхны дүр эсгэж, бүх амьтныг зовлонгоос аварч чадах, гүүр барьж, зам засдаг хүмүүсийг сохрохгүй байхыг, алуурчид, галдан шатаагчид шийтгүүлж, өсөж үржих үр удамгүй байхыг, мөн нийгмийн хамгийн доод давхаргад, зовж буй хүмүүсийг цаашид зовохгүй байж, гомдлоо барагдуулах газартай байхыг баталгаажуулж чадах аврагчийн дүр эсгэхийг хүсдэг. Тэд ертөнц дэх бүх шаналанг арилгаж, хүмүүсийг зовлонгоос аврахыг хүсдэг. Антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд үнэхээр “бүх нийтийг хайрлах хайр” болон хязгааргүй “агуу хайр”-ыг тээдэг! Эцсийн эцэст, антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүйн цаад шалтгаан яг юу вэ? Тэд: “Бурхан юу ч хийсэн, бурхан шиг биш. Би хамгийн бурхан шиг; би бурхан байх хамгийн тохирно. Учир нь бурхны хийдэг зүйл миний таашаал, эсвэл олон нийтийн таашаал, хэрэгцээнд нийцдэггүй; би л олон нийтийн хэрэгцээ, оюун ухааныг ойлгож чадна, би л бүх амьтныг зовлонгоос аварч чадна, би л хүн төрөлхтний аврагч байж чадна” гэж хэлдэг. Тэдний амбиц, мөн чанар ил болсон, тийм биз дээ? Ийм амбиц, мөн чанартай антихристүүдийн жинхэнэ хэлбэр яг юу вэ? Энэ бол тэргүүн тэнгэрэлч, диавол Сатан юм. Тэд өөрсдөө бурхан байхыг хүсдэг учраас Бурханы ялгамж чанарыг үгүйсгэж, Бурханы оршин тогтнолд итгэдэггүй. Тэд өөрсдийнх нь бодол бол бурхны бодох ёстой зүйл бөгөөд тэдний илрэл, зан чанар болон агуу хайрынх нь мөн чанар нь бурхны эзэмших ёстой зүйл гэж боддог. Ертөнц дэх бүх шударга бус байдлыг хараад ертөнцийн байдалд халаглаж, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлгээтэй хүн л бурхан мөн гэж тэд боддог. Тэдний итгэдэг Бурханд эдгээр чанар байдаггүй, зөвхөн өөрсдөө л ийм оюун бодол, ийм уудам зүрх сэтгэлтэй, ийм сайн чанар, агуу хайртай гэж тэд боддог. Энэ бол антихристүүдийн мөн чанар, Бурханы ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздагийнх нь янз бүрийн илрэл, мөн чанар юм. Тиймээс, хэрвээ чи антихристүүдийг бурхад мэт дээдэлж, тэднийг шүтэн мөргөвөл тэд чамд дургүйцэхгүй. Хэрвээ чи тэднийг дагаж, тэдний ялгамж чанар, мөн чанар бол бурхдынх, тэд Буддатай адил оюун бодол, агуу хайртай, иймээс тэд бол бурхад гэж хэлбэл тэд баярлаж, чамд бүрэн сэтгэл хангалуун байх болно. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм. Антихристүүдийн харуулдаг энэ мөн чанар хорон муу биш гэж үү? Чи Бурханы нэр болон Түүний гайхалтай үйлсийг хэчнээн их өргөмжилж, хүнийг аврахын тулд Бурханы хийсэн бүхэн болон төлсөн төлөөсийг нь гэрчиллээ ч тэд зүрх сэтгэлдээ эсэргүүцэж: “Би үүнийг магтаж чадахгүй. Би тэгж бодохгүй байна; энэ бүгд хүмүүсийн гэнэн хүсэл, төсөөлөл юм” гэж хэлнэ. Чи Бурханыг, Түүний мэргэн ухаан, төгс хүчин, хүн төрөлхтнийг аврах гэсэн уйгагүй санаа зорилго, мөн Түүний төлсөн төлөөсийг гэрчилж, Түүний мөн чанар, ялгамж чанар болон хүн төрөлхтөнд Бүтээгчийн хийсэн бүхнийг гэрчлэх үед нэг л төрлийн хүнд таагүй санагддаг бөгөөд тэдгээр нь антихристүүд юм. Тэгээд тэд юу гэж боддог вэ? “Чи яагаад үргэлж бурхны тухай ярьдаг юм бэ? Би ч бас чамайг маш их усалж, дэмжсэн. Чамайг өвчтэй байхад чинь би чамайг хайрлаж, тусалж, эм авч өгч, бусад хүн чамайг орхих үед би чамайг дэмжиж, чамтай нөхөрлөж, чамд хань болсон. Чи яагаад намайг магтдаггүй юм бэ?” гэж боддог. Хэн нэгэн Бурханыг гэрчлэх эсвэл магтмагц антихристүүдэд бухимдаж, атаархсандаа тэднийг үзэн яддаг. Бурханд итгэдэг хэвийн хүмүүс хэн нэгэн Бурханыг магтаж байгааг сонсоод юу мэдэрдэг вэ? Эхлээд тэд тэр хүний хэлсэн үг болон нөхөрлөсөн туршлагын гэрчлэлд “Амен” гэж хэлнэ. Үүнээс гадна, тэд анхааралтай сонсож: “Бурхан тэдэнд тэгж хандсан байна—Бурхан үнэхээр агуу, хүнийг үнэхээр хайрладаг юм байна! Ирээдүйд үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарвал би ч бас үнэнийг эрж хайх болно. Тэд тэгж үйлдсэнээрээ Бурханыг гомдоосон байна; би ч бас өнгөрсөнд тэгж үйлдэж байсан ч түүнийгээ мэдээгүй юм байна. Би Бурханд өртэй! Бурхан ингэж үйлдэх нь хүмүүст ашиг тустай байхад би үүнийг ухаараагүй байна. Миний биеийн хэмжээ энэ хүнээс жижиг, миний ойлголт цэвэр биш, хэв чанар минь муу юм байна. Биеийн хэмжээ жижигтэй намайг Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж би залбирч байна. Тэд шалгалттай тулгарах үедээ яагаад сул дорой болоогүй юм бэ? Тэдэнд Бурханы үгийн удирдамж байсан байна. Хэрвээ би ийм нөхцөл байдалтай тулгарсан бол сул дорой болж, бүр бүдрэх ч байсан байх. Бурхан миний биеийн хэмжээ жижиг байгааг анзаарч, намайг тийм нөхцөл байдалтай хараахан нүүр тулуулаагүйгээрээ надад нинжин сэтгэл гаргасан байна. Бурханы хийдэг бүхэн сайн!” гэж бодно. Гэвч антихристүүд үүнийг сонсоод баярладаггүй: “Юу? Энэ бурхны хийдэг бүхэн сайн гэж үү? Энэ сайн тал нь хаана байгаа юм бэ? Хэрвээ бурхны хийдэг бүхэн тийм сайн юм бол хүмүүс яагаад сөрөг, сул дорой байдаг юм бэ? Хэрвээ бурхны хийдэг бүхэн сайн юм бол яагаад зарим хүн хөөгддөг юм бэ? Хэрвээ бурхны хийдэг бүхэн сайн юм бол сайн мэдээ номлож, үүргээ гүйцэтгэх явцад яагаад үргэлж саад, үймээн гардаг юм бэ? Би маш олон сайн зүйл хийсэн; би өөрийгөө дайчилсан, өргөл өргөсөн, сайн мэдээ номлохдоо хүмүүсийг олж авсан. Яагаад хэн ч намайг магтдаггүй юм бэ? Яагаад бурхан надад хариуд нь ямар нэгэн зүйл, ямар нэг шагнал өгөөгүй юм бэ? Хэрвээ хүмүүс намайг нүүрэн дээр минь магтахаас санаа зовдог бол ар хударгаар минь магтсан ч болно шүү дээ. Яагаад хэн ч намайг магтаж, сайшаадаггүй юм бэ? Надад ямар ч гавьяа байхгүй гэж үү?” хэмээн тэд бухимддаг. Хэрвээ хэн нэгэн эгэл хүнийг магтвал антихристүүдэд нэг их зүйл мэдрэгдэхгүй. Гэвч хэн нэгэн Бурханы агуу хүч чадал, агуу хайр, мэргэн ухааныг, эсвэл Бурханы ялгамж чанарыг гэрчилмэгц антихристүүд үзэн ядаж, атаархдаг. Хэн нэгэн Бурханыг дуулгавартай дагаж, зүй зохистой бүтээгдсэн зүйл байж, хэрээс хэтэрдэггүй, Бүтээгчийн ноёрхол дор дуулгавартай дагадаг хүн байхад бэлэн байх бүрд антихристүүд үүнд дургүйцэж: “Чи яагаад бурхныг ийм дуртайяа, идэвхтэйгээр дуулгавартай дагадаг юм бэ? Миний хэлсэн юуг ч сонсох чамд яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Миний хэлдэг зүйл буруу биш шүү дээ!” гэж хэлдэг. Тэд хүмүүсийг өөрсдийнх нь дагагч байж, алхам тутамдаа тэднийг магтаж, нэрийг нь уруул дээрээ байлгаж, зүрх сэтгэлдээ тээж, сайн тал, давуу талынх нь талаар бүр зүүдэлж, таарсан хүн бүрдээ тэднийг магтдаг байхад дуртай байдаг. Хэрвээ тэд өвдөж, царайгаа харуулахгүй бол хүмүүс: “Чи байхгүй бол бид яах юм бэ? Чи байхгүй бол бид тарж бутарна; бид цаашид итгэж, эсвэл амьдарч чадахгүй!” гэж хэлэх болно. Хэрвээ антихристүүд үүнийг сонсвол маш их баярлах бөгөөд үүнийг сонсохын тулд тэд ямар ч зовлонг тэвчиж, хэдэн өдөр ч хамаагүй хоол идэхгүй, унтахгүй байхад бэлэн байдаг. Гэвч хэн ч тэднийг магтахгүй, үлгэр дуурайл болгохгүй, шүтэхгүй, эсвэл нухацтай авч үзэхгүй бол тэд бухимдаж, зүрх сэтгэлдээ үзэн ядалт тээдэг—энэ бол жинхэнэ антихрист юм. Товчхондоо, антихристүүд Бурханы ялгамж чанарыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн авдаггүй, тэр ч байтугай Бурханы ялгамж чанар, мөн чанарыг эзэмшдэг Нэгэний тэдэнд хийсэн ажлыг ч хүлээж авдаггүй, мөн хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн бүх ажлыг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүлээж авдаггүй.
Б. Бурхан бүх зүйлийг захирдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг
Одоо, “Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг” гэдгийн хоёр дахь илрэл болох антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг талаар нөхөрлөцгөөе. Антихристүүдийн хувьд Бурханы ялгамж чанарыг эзэмшдэг Бүтээгч ердөө оршин тогтнодоггүй, Тэр зүгээр л нэг домог юм. Тэгвэл антихристүүд Бүтээгч бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрч чадах уу? Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрдөггүй нь мэдээж. Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд энэ нь ч бас баримтад үндэслэдэг. Бурханы талаарх антихристүүдийн итгэл, мэдлэг, ухамсарлалт нь хүмүүсийн үзэл, төсөөлөл, шүтээнүүдийн талаарх хүмүүсийн зарим нэг ойлголт, ухаарал, түүнчлэн тэр шүтээнүүдийн хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд ашигладаг гажууд онол, тэрс үзэлд үндэслэдэг. Антихристүүдийн зүрх сэтгэл дэх үзэл, төсөөлөл, гажууд онол, тэрс үзэл зэрэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримттай нийцдэг үү, эсвэл зөрчилддөг үү? Мэдээж тэдгээр нь энэ баримттай зөрчилддөг. Хүмүүсийн өргөл барьдаг шүтээнүүд нь хүн төрөлхтний дунд бат бөх байр суурьтай болохын тулд хүний үзэл, төсөөлөл, таашаалд нийцсэн зарим гажууд онол, тэрс үзлийг дэвшүүлж тэднийг төөрөлдүүлдэг, “Будда бол буянтай”, “Тэнгэр амьд амьтдыг хайрладаг”, “Хүний амийг аврах нь долоон давхар суварга босгосноос дээр”, “Тавилантай зүйл биелэх ёстой, харин тавилангүй зүйлийг хүчлэх ёсгүй” гэх мэт. Өөр юу байна? (Чамаас гурван тохой дээр бурхан бий.) Чамаас гурван тохой дээр гэж хаана вэ? Тэр нь Сатаны амьдардаг агаар юм. Энэ “бурхан” гэж юу вэ? (Энэ бол Сатан.) Тэгвэл Буддын шашинтнуудын байнга хэрэглэдэг үг юу вэ? (Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус; өнөөдөр биш бол дараа болно.) Хүмүүс ертөнцөд байнга хэлэгддэг эдгээр харьцангуй эерэг үг, гүн ухааны онолыг үнэн гэж үздэг, гэвч үнэндээ эдгээр үг үнэн мөн үү? Тэдгээр нь үнэнтэй ямар нэгэн холбоотой юу? (Үгүй.) Жишээ нь: “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус; өнөөдөр биш бол дараа болно”— “сайн санааны үзүүрт тос” гэдэг нь юу гэсэн үг вэ? “Сайн” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь шударга ёс, үнэн, эсвэл хүний өчүүхэн төдий сайн санаа юу? (Энэ бол хүний сайн санаа.) Хүний өчүүхэн төдий сайн санааны хариуд үнэхээр сайн зүйл ирдэг үү? Заавал тийм байх албагүй. “Гүүр барьдаг, зам засдаг хүмүүс эцэстээ сохордог”—гүүр барьж, зам засах нь сайхан сэтгэлийн үйлдэл атал тэд яагаад эцэстээ сохордог юм бэ? Эдгээр үйлдлийн төлөөх шагнал гэж байна уу? (Үгүй.) “Муу санааны үзүүрт цус”—хүн алах, галдан шатаах нь муу үйл, тэгвэл тэдгээрийн хариуд муу зүйл ирдэг үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? “Алуурчид, галдан шатаагчдын үр удам өсөж үрждэг”—энэ үг “муу санааны үзүүрт цус” гэдгийг няцаадаг. “Өнөөдөр биш бол дараа болно”—“Дараа болно” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүс үнэнийг ойлгодоггүй үедээ эдгээр үг, хэллэгийг эерэг зүйл, үнэн гэж үздэг. Зүрх сэтгэл нь хоосон, сүнслэг тэжээлийн эх үүсвэргүй хүмүүс эдгээр зөв гэгддэг үгийг сүнслэг тэжээлээ, нэг төрлийн сүнслэг тайтгарал болгон авч, “Зүгээр дээ, амьдралд найдвар бий, энэ ертөнцөд шударга байдал, зөв шударга байдал байсаар байгаа, мөн шударга ёсыг тогтоох хүн байсаар байгаа. Шударга үр дүнд хүрэх боломжтой хэвээр байгаа бөгөөд эцсийн дүндээ энэ бүхний талаар шийдвэрийн мэдэгдэл гарах болно” хэмээн өөрсдийгөө тайтгаруулдаг. Эдгээр үг нь Бурхан бүх зүйлийг захирдгийн талаарх жинхэнэ ойлголт мөн үү? Эдгээр нь Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүмүүсийн хүлээн зөвшөөрдгийн жинхэнэ илрэл мөн үү? (Үгүй.) Хүмүүсийн хэлдэг эдгээр үг эсвэл зүйр үг нь Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримттай холбоотой юу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Эдгээр үг нь үнэн биш.) Та нарын хариулт үүнийг онолын түвшинд баталж байна, гэхдээ үндсэн шалтгаан нь юу вэ? Үндсэн шалтгаан нь энэ хоосон сургаал шиг энгийн байхаас хол бөгөөд үүнийг ганцхан энэ өгүүлбэрээр тайлбарлах ямар ч боломжгүй юм. Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэг нь тийм ч энгийн зүйл биш юм чинь үүнийг хэрхэн ойлгох ёстой вэ? Өмнө нь бидний нөхөрлөснөөр, антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Антихристүүд юуг ч харсан, хөндлөнгийн ажиглагчийн, мөн мөнгө, эрх мэдлийг амьдрал хэмээн үздэг материалистуудын өнцгөөс үргэлж шинжилж, задлан шинжилдэг. Хэрвээ хүн аливаа зүйлийг ийм өнцөг, байр сууринаас харвал асуудлын мөн чанар өөрчлөгдөхгүй гэж үү? Энэ нь өөр байхгүй гэж үү? Хэрвээ хэн нэгэн бүх зүйлийн хөгжлийн хууль, дүрмийг материалистуудын өнцгөөс харвал эцсийн үр дүн нь юу байх вэ? Материалистуудын ертөнцийг үзэх үзэл нь хүний ертөнцийн гүн ухаан, стратеги, арга барил, хандлагыг бий болгохгүй гэж үү? Энэ нь тоглоомын дүрмийг бий болгохгүй гэж үү? (Тийм.) Үр дүн нь энэ, иймээс асуудлын мөн чанар энд байна.
Материалистууд эрх мэдлийг хэрхэн хардаг вэ? Хэрвээ хүн эрх мэдэлтэй болохыг хүсвэл нэгдүгээрт, стратегитай байх хэрэгтэй, хоёрдугаарт, бүх төрлийн хүнд явуулга хийж чаддаг байх хэрэгтэй, гуравдугаарт, хэрцгий байх хэрэгтэй, дөрөвдүгээрт, хувирамтгай байх ёстой гэж тэд боддог. Энэ нь материалистуудын үзэл бодол биш гэж үү? Үүнд Бурханы дээд эрхэд дуулгавартай байх өчүүхэн төдий ч шинж байна уу? (Үгүй.) Материалистууд эрх мэдлийн талаарх эдгээр үзэл бодлыг хэрхэн гаргаж ирсэн бэ? Эдгээр үзэл бодлыг антихристүүдийн мөн чанар бий болгоогүй гэж үү? (Тийм.) Антихристүүдийн ямар мөн чанар вэ? Надад хэл дээ, хэрвээ антихристүүд хорон муу мөн чанаргүй байсан бол “хүмүүст явуулга хийж чаддаг байх” гэх үгийг гаргаж ирэх байсан уу? Тэд “стратегитай байх хэрэгтэй” гэж бодох байсан уу? Тэд “хувирамтгай байх ёстой” гэж хэлэх байсан уу? Хэрвээ тэд харгис мөн чанаргүй байсан бол “хэрцгий байх хэрэгтэй” гэж хэлэх байсан уу? (Үгүй.) Энэ нь антихристүүдийн мөн чанараар тогтоогддог. Тэдний мөн чанараас үүдэн гарсан янз бүрийн бодол нь зөвхөн тэдний оюун ухаанд оршдог санаа юу, эсвэл ертөнцтэй харилцах зарчим, өдөр тутмын амьдралдаа биеэ авч явах байдал нь ч бас тийм байдаг уу? (Тэдний ертөнцтэй харилцах зарчим нь адилхан.) Тэд өдөр тутмын амьдралдаа болон бүлгүүдийн дунд байнга дүгнэлт хийж байдаг тул стратеги нь улам бүр боловсронгуй, туршлагатай болж, эцэстээ ад зэтгэрийн болдог. Ад зэтгэрийн гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хангалттай хэрцгий, хангалттай өршөөлгүй, хангалттай хорон санаатай байна гэсэн үг. Тэдний хэрцгий, өршөөлгүй, хорон санаатай байдлын илрэл нь тэднийг Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байлгаж чадах уу? Яавч үгүй. Тиймээс антихристүүд хөгшин, залуу байхаас үл хамааран бүх зүйлийг өөрсдийн гүн ухаан, хууль, тоглоомын дүрэм, стратеги, туршлагад үндэслэн хийдэг. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримттай нийцдэг үү, эсвэл зөрчилддөг үү? (Зөрчилддөг.) Антихристүүд өөрсдийн гаргаж авсан эдгээр бүх хуулийг хэрэгжүүлэх үедээ ямар зарчим, зорилготой байдаг вэ? Тэдний сэдэл юу вэ? Тэд: “Хэрвээ чи хүссэн зүйлээ авахыг хүсвэл, ‘Жижгээр сэтгээд сайн хүн болохгүй, эр хүнд хор шар илүүдэхгүй’ гэдэг үгийн адилаар, шаардлагатай бүхнийг хийж, юу ч хийхээс буцахгүй байж, мөн хангалттай хэрцгий, хангалттай өршөөлгүй, хангалттай хорон санаатай байж сурах ёстой” гэж хэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь: “Юун бурхны дээд эрх? Юун тэнгэрийн зохицуулалтыг хүлээх? Тийм зүйл байхгүй! Харгис, хэрцгий аргаар одоогийн байгаа байр сууриндаа очоогүй ямар албан тушаалтан эсвэл хаан байдаг юм бэ? Эдгээр байр суурийг тэмцэж, хөнөөж байж олж авдаггүй гэж үү?” гэсэн үг юм. Энэ үзэл бодлыг нь харвал, антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрч байна уу? (Үгүй.) Үл итгэгч ертөнцөд антихристүүд амьд үлдэх энэ хуулийн талаар ийм үзэл бодолтой байдаг. Тэгвэл тэд чуулганд байхдаа үйлдэл хийхдээ ижил стратеги ашиглах уу? Тэд амьдралын ижил дүрмийг дагах уу? Энэ нь өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Антихристүүд чуулганд ирэхдээ ч өөрсдийгөө хэзээ ч хазаарладаггүй, эсвэл шинэчилдэггүй, тэд үүнийг яавч хийдэггүй. Тэд: “Хэрвээ чи бусдаас илүү гарахыг хүсвэл стратегитай байж сурах ёстой. Хүн бүр байх үед, ялангуяа нэр хүндтэй хүмүүс байх үед чи гайхуулахын тулд чадах бүхнээ хийх ёстой ба хариуцаж буй хүмүүс, удирдагчид болон Дээрхэд үүнийгээ харуулах ёстой. Тэгвэл чамд дэвшиж, чухал албан тушаалд очих боломж олдож, бусдаас илүү гарах боломжтой болно. Үүнээс гадна, чи хүмүүсийн хажууд байхдаа хүмүүс байхгүй үеийнхээс өөрөөр авирлаж сурах ёстой, мөн ов мэх гаргаж сурах ёстой. Хүмүүсийн нүдэн дээр сайн зүйл хийж, харин далдуур муухай, муу, харанхуй, хүмүүсийн дургүй зүйлийг хий. Хэнд ч өөрийг чинь нэвт харах боломж бүү олго. Чи хүмүүст хамгийн сайн талаа харуулах ёстой бөгөөд өөрийгөө сайн өнгөлөн далдлах ёстой. Чи үнэндээ хэчнээн муу байсан ч үүнийгээ сайн нуух ёстой. Хүмүүсийн дэмжлэгийг бүү алд. Нэгэнт дэмжлэгийг нь алдвал хэтэрхий оройтсон байх болно—тэгвэл чамд ямар ч боломж олдохгүй” гэж хэлдэг. Антихристүүд чуулганд ч бас амьд үлдэх ийм стратеги, хуулиар амьдардаг.
Бурхан бүх зүйлийг захирдгийг туулж, мэдэж авсан бүх ах, эгчийн гэрчлэлийг антихристүүд хэрхэн хардаг вэ? Антихристүүд: “Хүмүүст ухаан, бодол санаа, боловсрол байдаг тул найруулж, зохиох замаар тэд эдгээр туршлагын гэрчлэлийг гаргаж ирсэн. Үнэндээ эдгээр туршлагын гэрчлэлийг бүгдийг нь хүмүүс төсөөлсөн, бүгд хуурамч, мөн бүгд боломжгүй зүйл. Хэрвээ би зохиосон бол би ч бас туршлагын гэрчлэл гаргаж чадна. Би 10 эсвэл 20 туршлагын гэрчлэлийн нийтлэл гаргаж чадна. Би зүгээр л тэгэхээс төвөгшөөж байна. Та нарын өчүүхэн заль мэхийг би нэвт харж чадахгүй гэж бодоо юу? Та нар зүгээр л гайхуулах гэж үүнийг хийж байгаа биш үү? Та нар үүнийг бурхныг гэрчлэх, бурхны нэрийг гэрчлэх, бурхан бүх зүйлийг захирдгийг гэрчлэх гэх мэт сайхан нэрээр нэрлэж, бурхны төлөө гэрчлэл хийж байна гэж хэлдэг ч үнэндээ та нар зүгээр л өөрсдийгөө гэрчилж, бусдаас илүү гарахын тулд үүнийг хийж байгаа” гэж хэлдэг. Бурханы хүмүүс дээр хийсэн ажлын талаарх бүх гэрчлэлийн үнэн байдлыг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Гадаад ертөнц дэх янз бүрийн орчин, нөхцөл байдал болон улс орон бүрийн нөхцөл байдлын тухайд антихристүүд Бурхан хэрхэн ажиллаж байгааг нэвт харж чаддаггүй бөгөөд Бурхан гадаад ертөнцийн орчныг хадгалах, өөрчлөх, эсвэл бүрдүүлэхийн тухайд энэ бүхнийг хийж байгаагийнх нь утга учир юу болохыг тэд нэвт харж чаддаггүй. Тэд: “‘бурхан бүх зүйлийг захирдаг’ гэдэг нь зүгээр л нэг хоосон, сүржин мэдэгдэл юм. Үнэндээ чи аль ч улсад очсон тэр улсынхаа засгийн газарт дуулгавартай байх ёстой биз дээ? Чи тэр улсын засгийн газар, хууль тогтоомжийн хязгаарлалтад захирагддаг биз дээ? Энэ нь бурхан бүх зүйлийг захирдаг гэх мэдэгдэл худлаа болж байна гэсэн үг биш үү? Тэр дээд эрхээ хэрхэн хэрэгжүүлдгээс үл хамааран энэ нь аль ч улсын засгийн газар, хууль тогтоомжоос давж чадах уу?” гэж боддог. Тиймээс гадаад ертөнцийн орчин, нөхцөл байдал чуулганд болон чуулганы ажилд тааламжгүй болмогц антихристүүд дотроо баярлаж, үүнд баясан инээж, чөтгөрийн царайгаа илчилдэг. Чуулганы ажил саадгүй явагдаж, Бурхан үүнийг ерөөж, удирдаж, бүх зүйл ёсоороо болж, гадаад ертөнцийн орчноос ямар ч саад тотгор байхгүй, ах, эгч нарын байдал улам бүр сайжрах үед антихристүүдийн зүрх сэтгэл тайван бус, тэвчээргүй болж, тэд маш их атаархаж, эвгүйрхэж, үзэн яддаг. Тэд яагаад үзэн яддаг вэ? Бурхан энэ бүхнийг захирч чадна гэдэгт тэд итгэдэггүй. Чуулган бол Бурханы гэр, Бурхан удирдлагын ажлаа хийдэг, Бурхан хүн төрөлхтнийг авардаг, Бурханы хүсэл саадгүй хэрэгждэг, Бурханы үг хүмүүст хэрэгжиж, батлагдаж чаддаг газар юм. Чуулган сайн байх үед энэ нь Бурханы эрх мэдлийн бодитой байдлыг харуулахаас гадна Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримт оршин байдаг бөгөөд үнэн гэдгийг баталдаг. Энэ баримт оршин байж, батлагдмагц энэ нь антихристүүдийн хувьд нүүр рүү нь алгадсан хэрэг болдог. Нүүр лүүгээ алгадуулсныхаа дараа антихристүүд зүрх сэтгэлдээ баяр баясгалан, амар амгалан, тайтгарлыг мэдэрдэг үү, эсвэл эсэргүүцэж, эгдүүцдэг үү? (Тэд эсэргүүцэж, эгдүүцдэг.) Тэд зүрх сэтгэлдээ юу бодож байдаг вэ? Тэд Бурханыг үзэн ядаж, Бурханыг үгүйсгэдэг. Хэрвээ өнгөн дээрээ чуулган болон ах, эгч нарын нөхцөл байдал тийм ч сайн биш, энэ хүмүүс хавчигдаж, дарамтлуулж, гадуурхагдаж, нийгэмд ямар ч байр суурьгүй байвал антихристүүд зүрх сэтгэлдээ маш их баярлаж, сэтгэл хангалуун байдаг, харин Бурханы ажил болон чуулганы амьдрал бүгд цэцэглэн хөгжиж, байнга хөгжиж байх үед антихристүүд баярладаггүй. Яагаад тэд баярладаггүй вэ? Учир нь энэ нь тэдний үзэлтэй хэтэрхий зөрчилддөг, энэ нь тэдний хүлээгээгүй зүйл байдаг. Бурханы дээд эрх болон Бурханы үг биелж, хэрэгжиж, тэдний үзэл бодлыг үгүйсгэдэг тул тэд гунигладаг. Антихристүүдийн харуулдаг бодол, үзэл, түүнчлэн сэтгэл ханамжгүй байдалд нь үндэслэвэл тэд агуу улаан луутай ижил үзэл бодол тээдэггүй гэж үү? Тэдний уг чанар-мөн чанар нь агуу улаан лууныхтай адилхан биш гэж үү? Тэр чигтээ адилхан.
Бүхий л ертөнц, бүх зүйл болон бүх бүтээгдсэн зүйлийн дагадаг хууль, дүрмийн тухайд антихристүүд: “Байгаль болон улирал аль эрт бүрэлдэн тогтсон. Удаан хугацаанд хүйтэн байвал халдаг; удаан хугацаанд халуун байвал хүйтэрдэг. Навчис унах цаг нь болох үед салхи салхилахад тэд унадаг. Энэ бүхэн маш хэвийн биш гэж үү? Энэ нь яахаараа бурхны дээд эрх байдаг юм бэ? Энэ нь яахаараа бурхны тогтоосон хууль байдаг юм бэ? Бурхны хууль юу хийж чадах юм бэ? Хүмүүс маш олон амьтныг хөнөөсөн ч нэг их үр дагавар амсаагүй; хүн төрөлхтөн урьдынх шигээ амьдарсаар л байна, тийм биз дээ? Хүмүүс бурхныг бүх зүйлийг захирдаг гэдэг, тэгвэл би яагаад бурхан тэдгээрийг хэрхэн захирдгийг харахгүй байгаа юм бэ? Хүмүүс бурхныг бүх зүйлийг захирдаг гэдэг ч яагаад ёрын муу хүмүүс үргэлж цэцэглэн хөгжиж байхад сайн хүмүүс хэзээ ч давуу байдал олж авдаггүй юм бэ?” гэж боддог. Эцэст нь тэд: “Энэ ертөнцөд аврагч гэж байхгүй; хүн төрөлхтөн л ертөнцөд явуулга хийдэг. Дэлхийн улс орнуудын агуу хүмүүс болон удирдагчид л энэ ертөнцийг захирдаг бөгөөд тэр хүмүүс л энэ ертөнцийн өнгө төрхийг өөрчилдөг. Тэр агуу, чадварлаг хүмүүсгүйгээр ертөнц сүйрэх болно. Харин бурхан бүх зүйлийг захирдгийн тухайд бол, би үүнийг харж чадахгүй байна. Тэдгээрийг бурхан хэрхэн захирдаг юм бэ? Би яагаад үүнийг мэдэрч чадахгүй байна вэ? Би яагаад үүнийг ойлгож чадахгүй байна вэ? Яагаад бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт хүний үзэлтэй зөрчилддөг маш олон зүйл агуулагддаг юм бэ?” гэж дүгнэдэг. Тэд үүнийг хүлээн зөвшөөрч ч, хүлээж авч ч чаддаггүй. Бурхан бүх зүйлийг захирдаг явдал, Бурхан бүх зүйлийг захирдаг арга зам, бүх зүйлийг захирахдаа Бурханы харуулдаг зан чанар, Бурханы үйлдлийн зарчим, Бурханы мөн чанар гэх мэт зүйлсийн тухайд, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс амьдралынхаа туршид үүний өчүүхэн хэсгийг л ухамсарлаж чаддаг. Гэсэн ч энэ нь тэднийг Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагадаг, Бүтээгчийн айлдсан бүх үгийг дуулгавартай дагадаг, Бүтээгчийг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрдөг болгоход хангалттай юм. Хэдий зарим хүн үүний өчүүхэн хэсгийг ойлгож чаддаг байсан ч бүрэн ойлгох боломжгүй юм, учир нь Бурханы олон ажил Түүний байр суурь, ялгамж чанараас хэрэгждэг бөгөөд эдгээр ажил болон бүтээгдсэн хүмүүсийн бодол санаа, танин мэдэхүйн хооронд үргэлж зөрүү байх болно. Хүмүүсийн амьдралынхаа туршид туулдаг зүйлсээрээ дамжуулан ойлгож чадах тэрхүү өчүүхэн зүйлийг үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, нэвтэрхий ухаантай, үнэнийг ухамсарлах чадвартай хүмүүс л ухамсарлаж чадна. Хэв чанар муутай, нэвтэрхий ухаангүй, үнэнийг огт хайрладаггүй хүмүүсийн хувьд энэ өчүүхэн ойлголтод ч хүрэх боломжгүй юм. Бурханы бодол санаа хүнийхээс илүү өндөр гэж үргэлж хэлдэг. Энэ нь хүмүүс Бүтээгчийн бодол санаанд хэзээ ч хүрч чаддаггүй ба тэд өчүүхэн төдий ойлголт олж авах нь Бурханы нигүүлсэл юм гэсэн үг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд Бурханы ажлын эцсийн үе шатыг хүлээн авсан хүмүүс Бурханы олон үгийг сонсож, олон үнэнийг ойлгож, туулсныхаа дараа л үүнд хүрч чадах ба үүнд насан туршийн хүчин чармайлт шаардлагатай. Бурханы ялгамж чанарыг үндсэндээ үгүйсгэдэг антихристүүдийн хувьд мөн чанарынхаа хувьд тэд үнэнийг эсвэл эерэг зүйлсийг хайрладаггүй, Бурханы ялгамж чанар, мөн чанартай холбоотой юуг ч бүр ч хайрладаггүй тул Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрөх цэгт хэзээ ч хүрэхгүй. Энэ баримтыг хүлээн зөвшөөрөх нь үнэнийг ойлгож, эрэлхийлэх суурин дээр тогтдог боловч антихристүүд үнэнийг үгүйсгэж, үнэнийг зэвүүцэж, Бурханыг үзэн яддаг, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг бүр ч их үзэн яддаг. Тиймээс тэдний хувьд Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримт хэзээ ч оршин байхгүй. “Оршин байхгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь эдгээр мунхаг хүн Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хэзээ ч харж, ойлгохгүй гэсэн үг юм. Тиймээс тэд үүнийг ухамсарлаж чадахгүй. Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтад олон зүйл агуулагддаг бөгөөд энэ нь олон үнэн, түүнчлэн Бурханы мэргэн ухаан, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хөнддөг. Бурхан Өөрийн захирдаг бүхний дунд бүх зүйлийг хэрхэн зохион байгуулдаг вэ? Арга барил, цаг хугацаа болон энэ хэрэг явдлын талаарх Бурханы бодолцох зүйлсийн тухайд Түүний оюун ухаан үүнийг хэрхэн төлөвлөж, ашигладаг вэ? Эдгээр тал дээр үндэслэн дүгнэвэл, Бурхан бүх зүйлийг захирах нь энгийн хэрэг биш юм; үүнд нэлээд төвөгтэй харилцаа холбоо ордог. Зүгээр л сүнслэг ойлголтгүй, үнэнийг хүлээж авдаггүй антихристүүд шиг мунхаг хүмүүс Бурхан бүх зүйлийг захирдаг арга замыг хэзээ ч ойлгохгүй. Тэд үүнийг хэзээ ч ойлгохгүй юм чинь хүлээн зөвшөөрч чадах уу? (Тэд чадахгүй.) Зарим хүн: “Тэд ойлгож чаддаггүй учраас хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ тэд ойлгож чаддаг байсан бол хүлээн зөвшөөрөхгүй гэж үү?” хэмээн хэлдэг. Энэ бол зүгээр л таамаглал; таамаглал нь ердөө логиктой нийцдэг бөгөөд заавал баримттай нийцэх албагүй. Тэгвэл баримтын үнэн юу вэ? Антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор антихристүүдийн талаар ярихаа азнаж, оронд нь тэргүүн тэнгэрэлч, Сатан, диавол, агуу улаан лууны талаар ярилцъя. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг хавчиж, чуулганд хохирол учруулж, Бурханы ажлыг үймүүлдэг. Бурхан түүнд гамшиг авчирч, түүнийг сандран гүйж, ухаан жолоогүй болгож, арга мухардахад хүргэх үед тэрээр үүнийг даван туулж чаддаггүй, эцэст нь “Би дахиж хэзээ ч тэнгэрийн эсрэг тэмцэхгүй” хэмээн өршөөл гуйдаг. Энэ мэдэгдлээс ямар мэдээлэл мэдэж авч болох вэ? Агуу улаан луу Тэнгэр оршин тогтнодгийг, Бурхан оршин тогтнодгийг хүлээн зөвшөөрдөг боловч уг чанар нь өөрчлөгддөггүй; Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг ч Бурханы эсрэг явж, Түүнийг эсэргүүцсээр байдаг. Бурханыг дийлж чадахгүй үедээ тэрээр өршөөл гуйж, Тэнгэртэй дахиж тэмцэхгүй гэж хэлдэг. Гэвч тэр үнэхээр бууж өгч, өршөөл гуйж байгаа юу? Үгүй, тэр тэнхрэх үедээ үргэлжлүүлэн тэмцэх болно; энэ бол түүний уг чанар бөгөөд түүний уг чанар өөрчлөгддөггүй. Антихристүүд ийм л уг чанартай байдаг.
Бурхан бүх зүйлийг захирдгийн хүрээнд хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдгийг антихристүүд хэрхэн хардаг вэ? Энэ нь маш бичил зүйлийг хамардаг. Бурхан бүх зүйлийг захирдгийн тухайд, “бүх зүйл” гэх ухагдахуун нь макро түвшний ба хэтэрхий өргөн цар хүрээтэй юм; антихристүүд үүнийг хүлээж авч чаддаггүй, тэд үүнд сохор байдаг бөгөөд үүнийг нэвт харж чаддаггүй. Тэгвэл антихристүүд Бурхан өөрсдийнх нь хувь заяаг хэрхэн захирдгийг дуулгавартай дагадаг уу? Тэд үүнийг ухамсарладаг уу? Тэд үүнийг ойлгодог уу? Тэд үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? Бүр ч үгүй. Бодит амьдрал дахь бүх сайн зүйлээ өөрсдийн хүчин чармайлтаар олж авсан гэж антихристүүд боддог. Жишээлбэл, хэрвээ тэд их сургуульд орвол үүнийгээ хичээлдээ сайн байсантайгаа холбон тайлбарлаж, өөрсдийгөө нэр хүндтэй их сургуульд сурахаар төрсөн гэж боддог. Хэрвээ тэд сайхан амьдарч, мөнгө олсон бол үзмэрчид тэднийг цэцэглэн хөгжсөн амьдралтай байж, албан тушаалтан болж, санхүүгийн хувьд сайн байх хангалттай азтай байна гэж хэлсэн тул өөрсдийгөө баяжих учиртай гэж үздэг. Юм буруугаар эргэж, эсвэл хүссэнээр нь болохгүй, зовж шаналах үедээ тэд: “Яагаад миний хувьд бүх зүйл ийм муугаар эргэж байна вэ? Миний хувь заяа яагаад ийм муу байна вэ? Би ямар азгүй юм бэ!” хэмээн гомдоллож эхэлдэг. Тэд эдгээр зүйлийг хүний өнцгөөс тайлбарлаж, хардаг. Хэрвээ бүх зүйл саадгүй байвал тэд их зантай болж, алхам тутамдаа гайхуулж, ширүүн, заналхийлсэн дүр үзүүлж, биеэ тоосон, нүүрэмгий байдлаар биеэ авч явдаг; харин юм санаснаар нь болохгүй үед тэд Бурхан болон бусад хүнийг буруутгаж, байдлыг эргүүлж, уг нөхцөл байдлаас мултрах арга зам хайдаг. Бурханы тогтоосон, хийдэг бүхэн сайн гэж тэд хэлдэг ч далдхан тархиа гашилгаж, байдлыг эргүүлэх, уг нөхцөл байдлаас мултрах, эсвэл өөрчлөхийн тулд бүх аргыг ашиглахыг оролдон: “Миний хувь заяа ийм муу, би ийм азгүй гэдэгт би итгэхээс татгалзаж байна. Ертөнц ийм шударга бус, над шиг чадварлаг хүн эцэстээ гэрэл гэгээ харахгүй, миний гялалзах цаг хэзээ ч ирэхгүй гэдэгт би итгэхээс татгалзаж байна. Үнэндээ хувь заяа бол зүгээр л хоосон бүрхүүл, энэ нь зүгээр л нэг үг; энэ бүхэн хүний өөрийнх нь хүчин чармайлт, тэмцлээс хамаарна. ‘Хамгийн агуу хүн болохын тулд хамгийн их бэрхшээлийг тэвчих ёстой’ гэдэг дээ. Энэ бол хамгийн дээд итгэл үнэмшил; би үүнийг хэзээ ч мартах ёсгүй, би үүнийг өөртөө урам зориг өгөхөд ашиглах ёстой” гэж хэлдэг. Бурханы хийдэг бүхэн сайн, Бурхан бүх зүйлийг захирдаг, өөрсдийгөө Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагадаг гэж ахин дахин хэлдэг боловч тэд эцэст нь “Хамгийн агуу хүн болохын тулд хамгийн их бэрхшээлийг тэвчих ёстой” гэж хэлдэг. Тэд өнгөн дээрээ сүнслэг үг хэлдэг боловч далдхан хэрэгжүүлж, дагадаг зарчим нь Сатаны ертөнцийн гүн ухаан, логик, сэтгэлгээ байдаг. Үүнд ямар нэг дуулгавартай байдал байна уу? (Үгүй.) Антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг ингэж харж, ойлгож, ханддаг. Эдгээр илрэл, жишээнд үндэслэвэл антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрч, үүнд итгэдэг үү, эсвэл эргэлзэж, ялладаг уу? (Тэд эргэлзэж, ялладаг.) Тэд юу ч гэж хэлсэн, бодит илрэлд нь үндэслэвэл антихристүүд үндсэндээ Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг басамжилдаг бөгөөд үүнд итгэдэггүй. Зарим антихрист бүр: “Чи яаж юуны ч төлөө чармайхгүйгээр, зүгээр л бурхны дээд эрхийг идэвхгүй хүлээж чадаж байна аа? Чи өөрөө хоолоо хийх ёстой биш үү? Чи тэнгэрээс бялуу унаж ирэхийг амаа ангайгаад хүлээж чадах уу? Бурхан хэрхэн захирдгаас үл хамааран хүмүүс шаргуу ажиллаж, арга хэмжээ авах хэрэгтэй биз дээ?” гэх мэт утгагүй мэдэгдэл хийдэг. Антихристүүд Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад зогсохгүй үүнийг үгүйсгэж, буруугаар тайлбарладаг. Үүнийг буруугаар тайлбарлах зорилго нь юу вэ? Тэд хүссэн бүх ашиг тусынхаа төлөө ичгүүргүйгээр тэмцэх үндэслэл, шалтаг хайж байдаг. Антихристүүдийн янз бүрийн илрэлд үндэслэвэл Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтын талаарх тэдний жинхэнэ үзэл бодол юу вэ? Үл итгэх, үгүйсгэх, яллах явдал—энэ бол тэдний жинхэнэ үзэл бодол юм.
Өнөөдөр бидний нөхөрлөсөн хоёр зүйлд бид юун антихристүүд Бурханы оршин тогтнолд итгэдэггүйн илрэлийг голчлон задлан шинжилсэн. Энэ нөхөрлөлийг сонссоныхоо дараа та нар ямар нэгэн ойлголттой болсон уу? Ямар хүмүүст эдгээр асуудал байдаг вэ? Ямар хүн антихристүүдийн зан чанартай боловч антихристүүдийн мөн чанаргүй тул өөрчлөгдөж чадах вэ? Ямар хүмүүс ижил асуудалтай боловч антихристүүдийн мөн чанартай, өөрчлөгдөж чадахгүй, үүрд Бурханы дайсан байх бөгөөд авралын бус, сүйрлийн бай байдаг вэ? Та нар ч бас эдгээр илрэлийг харуулдаг уу? Та нар өөрсдийгөө өөрчлөгдөж чадна гэж бодож байна уу? Та нар үнэнийг хүлээн авч, үүнийг ашиглан эдгээр бодлыг өөрчилж, орлуулж чадах уу? (Тийм.) Ямар хүмүүс өөрчлөгдөж чадахгүй вэ? Тансаг амьдардаг, ордон шиг засал чимэглэлтэй том байшинд амьдардаг, хэд хэдэн тансаг зэрэглэлийн машинтай үл итгэгчдийг хараад уруу татагдаж, “Баян, албан тушаалтан, чадварлаг байх үнэхээр сайхан юм! Тэр яагаад ийм чадварлаг юм бэ? Тэр яагаад ийм азтай юм бэ? Тэр мөнгөө яаж олсон юм бэ?” хэмээн гасалдаг төрлийн хүн байдаг. Хэн нэгэн нийгмийн байр суурьтай байгааг харах бүрдээ тэд тэр хүнийг онцгойлон зусардаж, бялдуучилж, тал засахыг оролдон, тэдний төлөө юу ч хийхэд, ямар ч хэмжээгээр боолчлогдоход бэлэн байдаг. Тэд нийгэм дэх ёрын муу чиг хандлагад онцгой дуртай, ихэнхдээ үүний нэг хэсэг байхыг хүсдэг, Бурханд итгэх итгэл нь тэднийг тэгэхэд саад болох үед шаналдаг. Үүгээр ч зогсохгүй, өөрсдийг нь ертөнц хаясан мэт тэдэнд санагддаг; тэд ганцаардаж, арчаагүй болж, тэднийг тэтгэх юу ч байхгүй, тайтгарал олж чадахгүй мэт санагдаж, ихэнхдээ зүрх нь шимширдэг. Өөр нэг төрлийн хүн мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс нийгэмд ажил хэргээ зохицуулахдаа амжилт олж байгааг хараад маш их биширдэг бөгөөд үүнийг байнга сайшааж: “Тэд хүн алсан ч мөнгө, танил талтай учраас шоронд хэдхэн хоног суугаад л гарч ирсэн. Энэ бол жинхэнэ чадвар!” гэж хэлдэг. Тэд нийгэм дэх ийм хүмүүсийг маш их хүндэлж, дээдэлдэг. Өөр нэг төрлийн хүн нийгэм дэх улс төрийн эмзэг сэдвүүдэд онцгой анхаарал хандуулж, гүнээ санаа тавьдаг, улс төртэй холбоотой зарим хэрэг явдалд оролцож, өөрсдийгөө зориулахыг маш их хүсдэг. Ийм төрлийн болон бусад төстэй төрлийн хүмүүс сэтгэлийнхээ гүнд Бурханд хандахдаа антихристүүдтэй ижил хандлагатай байдаг: Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Бурханы ялгамж чанар, эсвэл Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүмүүс антихристүүдтэй нэг бүлэглэлд харьяалагддаг. Тэд чуулганд эсвэл Бурханы гэрт харьяалагддаггүй ба эцсийн дүндээ цэвэрлэгдэнэ. Тэд Бурханд итгэдэг хүмүүстэй нийцэж чаддаггүй, тэдний алхдаг зам Бурханы шаардлагатай зөрчилддөг. Энэ хүмүүс бүгд аюултай; хэдийгээр тэд хараахан ямар ч муу зүйл хийгээгүй, Бурханыг ил тод үгүйсгэж, шүүж, эсвэл яллаагүй, эсвэл хүмүүсийг ил тод төөрөлдүүлж, чуулганд байр суурийн төлөө өрсөлдөөгүй байсан ч Бурханы ялгамж чанарыг үндсэндээ хүлээн зөвшөөрдөггүй, Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй учраас тэд антихристүүдийн мөн чанартай байдаг. Тэд бол хорон муу хүчний нэг хэсэг бас Сатаны бүлэглэлийн нэг хэсэг юм. Тэд хорон муу байдал болон диаволууд, Сатаны сурталчилдаг аливаа гажууд онол, тэрс үзэл, түүнчлэн ертөнцөд гарч ирж, түгээмэл болж, эсвэл тархаж буй аливаа ёрын муу чиг хандлагыг дээдэлдэг. Тэд Бурханы гэрт эсвэл чуулганд харьяалагддаггүй бөгөөд Бурханы авралын бай биш. Энэ хүмүүс бол Бурханы жинхэнэ дайснууд, тэд бол антихристүүд юм.
2020 оны 11 дүгээр сарын 14