8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг (III хэсэг)
Хавсралт: Дорно, Өрнийн уламжлалт соёлыг задлан шинжлэх нь
Үнэн гэж юу вэ, Надад хэл дээ? Бид өмнө нь энэ сэдвээр нөхөрлөж байсан бус уу? (Тийм.) Тэгвэл үнэн гэж юу болохыг өөрсдийнхөө үгээр Надад хэл дээ. (Үнэн бол бүх хүн, үйл явдал, зүйлийг хэмжих зарчим, шалгуур юм.) Сайн байна. Өөр хүн байна уу? Өөрөөр хэлэх арга байна уу? Хариулахдаа хоосон сургаалын ямар үг ашиглах, эсвэл Бурханы үгийн аль мөрийг сонгох талаар битгий бодоорой, зүгээр л өөрсдийн бодитой туршлага, бодит ойлголтоос урган гарсан үгээр хариулаарай. Тийм гүн гүнзгий биш байсан ч зүгээр. Зарим хүн: “Бурханы үг бол үнэн” гэж хэлдэг. Энэ нь зөв боловч, хэрвээ чи зөвхөн энэ үгийг л хэлж чаддаг, харин бодит утга учрыг нь ойлгодоггүй бол энэ нь чамд ердөө л хоосон сургаал юм. Одоо нэг алхам урагшилцгаая—үнэн гэж юу вэ? Бурханы үг гэж юу вэ? Бурханы үгийн мөн чанар юу вэ? Үнэн гэдэг нь хүмүүсийн бодож, тунгаах замаар бий болгодог шалгуур уу? (Үгүй.) Үнэн гэдэг нь хүмүүсийн гаргаж авсан туршлага, олж эзэмшсэн мэдлэг үү, эсвэл нийгмийн нэг төрлийн соёл уу, эсвэл нийгмийн тодорхой нөхцөл байдалд бий болсон уламжлалт соёл уу? (Үгүй, биш.) Тэгвэл үнэн гэдэг нь хүмүүсийн биеэ авч явах байдал, үйлдэлдээ зориулан өөрсдөө гаргаж авсан зарчим уу? (Үгүй.) Тэгвэл яг юу юм бэ? Энд яригдсан зарчмуудыг тодорхой утгатай болгож, хүмүүс сонсмогцоо үнэн гэдгийг нь мэддэг байлгахын тулд бид хэрхэн тодорхойлох вэ? Хүмүүст товч бөгөөд оновчтой санагдахаар үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? (Хүнд тавьдаг Бурханы шаардлага бүхэн үнэн юм.) Хүнд тавьдаг Бурханы шаардлага бүхэн үнэн, энэ нь зөв, гэхдээ үүнийг яаж бүр илүү оновчтой хэлж болох вэ? (Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал.) Үүнийг өмнө нь байнга хэлдэг байсан. Бурханы үг, хүнд тавьдаг Түүний шаардлага, бүх эерэг зүйлийн бодит байдлыг үнэн гэж бид байнга хэлдэг байсан—өөр юу байгаа вэ? (Үнэн бол хүмүүс хэрэг явдлыг хэрхэн зохицуулж, биеэ хэрхэн авч явах ёстойн шалгуур болон зам.) Үнэн бол хүмүүс хэрэг явдлыг хэрхэн зохицуулж, биеэ хэрхэн авч явах ёстойн шалгуур болон зам, энэ ч бас зөв. Одоо энэ бүх талыг нэгтгээд үнэнийг нэг товч өгүүлбэрээр тодорхойлоорой. (Бурхан бол үнэн.) Бурхан бол үнэн; энэ нь арай л өргөн хүрээтэй, хэтэрхий ерөнхий байна. Хүмүүс сонсох үед тэдэнд хоосон биш, харин маш бодитой бөгөөд амьдралд ойр, оновчтой тодорхойлолт шиг санагдаж, зохимжтой сонсогдож байна гэж бодогдохуйц илүү нарийвчилсан байх шаардлагатай. Дахиад нэг товч илэрхийлээд үз дээ; яг яаж үүнийг илүү оновчтой хэлж болох вэ? (Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм гэж Дээрх өмнө нь нөхөрлөсөн.) Энэ нь товч хэлсэн байгаа бус уу? (Тийм.) Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм. Яагаад үүнийг шалгуур гэж тодорхойлдог вэ? Бид энэхүү “шалгуур” гэдэг үгийг шууд утгаар нь хэрхэн ойлгох ёстой вэ? (Оновчтой зарчим гэж.) Оновчтой зарчим юм уу дүрэм гэж; үүнийг бас дүрэм журам гэж хэлж болно. Тэгвэл “шалгуур” гэж юуг хэлж байна вэ? (Стандартыг.) Энэ нь стандарт, оновчтой дүрэм болон зарчмыг хэлдэг. Үүнийг бид шалгуур гэж нэрлэдэг. Хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур—хэрвээ эдгээр тодорхойлолт үнэн зөв бол энэ шалгуур юутай холбоотой вэ? Энд юуг хэлж байна вэ? Энэ нь өмнө нь тодорхойлсончлон: хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур. Энэ бол үнэн. Тэгвэл, хэн нэгэн тэр өгүүлбэрийг унших үедээ “Бидний уламжлалт соёл ч бас үнэн” гэж бодож болох уу? Үүнийг үнэний ангилалд оруулж болох уу? (Үгүй, болохгүй.) Болохгүй. Тэд: “Бидэнд үнэн болох эрдэм шинжилгээний дүгнэлт бий”, эсвэл “Манай ард түмэнд ч бас үнэн болох соёл, эсвэл туршлага, эсвэл ёс суртахууны сайн стандарт бий” гэж хэлж болох уу? Үнэнийг ингэж тодорхойлж болох уу? (Үгүй.) Яагаад бид үнэнийг тодорхойлохын тулд эдгээр зүйлийг ашиглаж болохгүй гэж? Яагаад бид эдгээр зүйлийг үнэнтэй ямар ч хамаагүй гэж хэлдэг вэ? (Тэдгээр нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй.) Зөв. Тэдгээр нь хүмүүсийн биеэ авч явахтай холбоотой байж болох ч Бурханыг шүтэн мөргөхтэй холбоогүй. Тэдний ярьдаг биеэ авч явах гэдэг нь юуг хэлдэг вэ? Тэдний стандарт, дүрэм юу вэ? Сатанаас гарч ирдэг сайн зан үйл. Тэдгээр нь Бурханыг шүтэн мөргөх тухай биш, Сатаныг шүтэж, өмгөөлөх тухай байдаг. Тэдгээр нь хүний төсөөлөл болон үзлээс, мөн хүмүүсийн сайн ёс суртахуун эсвэл зан үйл гэж итгэдэг зүйлсээс урган гарсан биеэ авч явах тухай онч үг юм уу соёлын цогц юм. Тэдгээрт үнэн юм уу Бурханыг шүтэн мөргөх тухай ордоггүй—Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй.
Хятадууд зөвхөн хятад хүмүүст л тохирох, өрнөдийнхний хүлээн зөвшөөрч чадахгүй уламжлалт соёлыг нэгтгэн дүгнэсэн. Өрнөдийнхөн өөрсдийн гэсэн үндэсний баатрууд, үндэсний хэв шинжийн ёс суртахууны жудаг, үндэсний соёлтой ч хэрвээ тэд соёлоо дорно зүгт авчирвал тэндхийн хүмүүс хүлээн авах уу? (Үгүй.) Тэд мөн л хүлээн авахгүй. Тиймээс, хүмүүс эдгээр соёлыг хэчнээн өндөрт авч үзэж, эдгээр уламжлалыг хэчнээн эрхэм дээд гэж ойлгодог ч эдгээрийн болон үнэний хооронд ямар нэгэн холбоо хамаарал байх уу? (Үгүй.) Ямар ч холбоо хамаарал байхгүй. Жишээ нь, дорно дахинд шар шувууг ээлтэй амьтан биш гэж үздэг нэг төрлийн уламжлалт соёл бий. Хүмүүс юу гэж хэлдэг вэ? “Шар шувууг уйлахаас нь биш, инээхээс нь айх хэрэгтэй. Шар шувуу дуугарахыг сонсвол гарцаагүй муу зүйл тохиолдоно.” Дорнын уламжлалт соёлд шар шувууг ээлтэй биш, муу ёртой гэж үздэг. Тэгвэл дорнынхон энэ “муу ёртой” амьтанд дуртай юу? (Үгүй.) Юунд үндэслэн дургүй байдаг вэ? Дорнын уламжлалт соёлд, мөн “Шар шувуу дуугарахыг сонсвол гэр бүлд хүн үхэхийн ёр” гэж үеэс үед уламжлагдан ирсэн зүйлд үндэслэдэг. Энэ нь хүмүүсийн гаргаж ирсэн хууль, эсвэл хүний төсөөлөл, эсвэл тохиолдол байж болох бөгөөд үүнээс хойш хүмүүс зүрх сэтгэлдээ шар шувууг муу гэж итгэдэг. Шар шувууг хэн ч шүтэх ёсгүй, эсвэл ээлтэй амьтан гэж үзэх ёсгүй, мөн шар шувуу харвал хурдан хөөж явуулах ёстой, таатай хүлээж авах ёсгүй гэж тэд боддог. Энэ нь нэг төрлийн соёл биш гэж үү? (Тийм.) Ийм соёл эерэг байна уу, сөрөг байна уу гэдгээс үл хамааран энэ нь нэг төрлийн ардын өв юм. Одоогоор энэ нь зөв үү, буруу юу гэдгийг ярилгүй, энэ төрлийн соёлыг дорнын, ялангуяа Хятадын хүн бүр бүрэн зөвшөөрдөг гэдгийг л хэлье. Тэндхийн хүн бүр зүрх сэтгэлдээ шар шувууг муу, ээлтэй амьтан биш гэж итгэдэг тул харвал яаран зайлсхийдэг. Гэвч өрнөдөд зарим хүн шар шувууг ээлтэй амьтан гэж итгэдэг бөгөөд шар шувууны баримал, зургийг чимэглэл болгон ашигладаг. Төрөл бүрийн хатгамал, тотем мөн шар шувууны дүрстэй байдаг бөгөөд тэдгээрийг ээлтэй амьтан гэж үздэг. Ээлтэй амьтан байна гэдэг нь ямар утгатай вэ? Энэ амьтан чамд аз авчирч магадгүй, мөн дуугарахыг нь сонсох юм уу харсны дараа чи гай зовлонтой учрахгүй гэсэн үг. Энэ бол өрнөдөд байдаг түгээмэл уламжлалт соёлын нэг төрөл юм. Бид эдгээр соёлын аль нь зөв, аль нь буруу болох талаар шүүлт хийхгүй; энэ талаар бид шүүхгүй. Гэхдээ энэ хэргээр дамжуулан Бурханы бүтээсэн нэг л амьтанд дорно, өрнөдөд эрс тэс ялгаатай өөр өөр үзэл, ойлголтоорр ханддаг гэдгийг бид харж болно. Дорнынхон үүнийг сайн зүйл гэж үздэггүй, шар шувуу инээсэн ч, уйлсан ч хамаагүй тэдэнд сайн зүйл гэж тооцогддоггүй, харин өрнөдийнхөн уйлж, инээж байгаагаас нь үл хамааран ээлтэй гэж боддог бөгөөд зүгээр л харах нь тэдэнд аз авчирч магадгүй гэж үздэг тул шар шувуунд ээлтэй амьтан мэт ханддаг. Шар шувууны талаарх энэ хоёр үзэл бодол, шар шувуутай харьцах арга барил нь уламжлалт соёлоос үүдэлтэй: нэг нь шар шувууг муу ёртой гэж үздэг бол нөгөө нь ээлтэй гэж үздэг. Одоо харахад аль нь үнэнд нийцэж, аль нь нийцэхгүй байна вэ? (Аль нь ч үнэнд нийцэхгүй байна.) Та нар юунд үндэслэн тэгж баталж байна вэ? (Аль ч үзэл бодол нь Бурханаас гараагүй.) Зөв. Хүмүүс юунд үндэслэн шар шувууг ээлтэй амьтан биш гэж хэлдэг вэ? Дорнын уламжлалт соёлд; ээлтэй эсвэл ээлтэй биш, эсвэл гай гамшиг, муу ёр, эсвэл аз авчирна гэж итгэдэг зүйл нь уламжлалт соёлоор хэмжигддэг. Энэ нь төсөөлөл, үзлээс гаргаж авсан аливааг харах арга зам бөгөөд үүнээс ийм төрлийн соёл урган гардаг. Өрнөдийнхөн энэ төрлийн амьтныг хүмүүст аз авчирч чадна гэж боддог бөгөөд мэдээж энэ нь үүнийг муу ёртой гэж үзэж, хандахаас арай дээр, илүү дэвшилттэй юм. Ингэснээр хүмүүс үүнийг нэлээд сайн амьтан гэж үздэг бөгөөд хамгийн наад зах нь үүнийг харсны дараа тэд муу ёр гэж бодохоос илүүтэй тайван, тогтвортой байдлыг мэдэрнэ. Гэхдээ ингэж ойлгосноор чи юу олж авч чадах вэ? Шар шувуу чамд үнэхээр аз авчирч чадах уу? (Үгүй.) Хэрвээ чи Хятадад төрсөн бол шар шувуу чиний азыг үнэхээр тодорхойлж чадах уу? Бас л үгүй. Тэгвэл чи үүнээс юу харж болох вэ? Энэ амьтан чамд муу ёр эсвэл аз авчирч чадна гэж чи итгэдэг эсэхээс үл хамааран энэ нь баримт биш, зүгээр л хүний итгэл үнэмшил, үзэл юм. Энэ нь юуг баталж байна вэ? (Уламжлалт соёл бол үнэн биш гэдгийг.) Зөв; ямар ч соёл үнэн биш. Тэгвэл чи шар шувуунд хэрхэн үнэнд нийцэх байдлаар хандах ёстой вэ? Энэ нь хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуурыг хөнддөг. Энд шалгуур нь юу вэ? Өөрөөр хэлбэл, чи энэ бүтээгдсэн зүйлийг ямар өнцгөөс харах ёстой, мөн уйлж, инээж байгаагаас нь үл хамааран чиний өмнө гарч ирэх үед нь чи хэрхэн хандах ёстой вэ—эдгээр зүйл нь шалгууртай холбогддог. Шалгуур нь юу вэ? (Үнэн.) Шалгуур бол үнэн. Шар шувуунд хэрхэн хандах ёстой тухайд чи юунд үндэслэх ёстой вэ? (Бурханы үгэнд.) Тэгвэл энэ төрлийн бүтээгдсэн зүйлтэй харьцах талаар Бурханы үгэнд юу гэж хэлдэг вэ? Түүний үгэнд: “Чи шар шувуунд зөв хандах ёстой бөгөөд энэ хэрэгт өрөөсгөл хандаж болохгүй. Чи шар шувууг муу ёртой, эсвэл чамд аз авчирна гэж хэлж болохгүй. Чи шар шувуунд бодитой, шударгаар хандах ёстой” гэж тусгайлан хэлдэггүй. Бурхан ингэж хэлээгүй. Тэгвэл шар шувууны талаарх үзэл бодол чинь шалгуурт, үнэнд нийцэхийн тулд чамд ямар үндэслэл байх хэрэгтэй вэ? (Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэх баримт.) Чиний үндэслэл бол Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэх баримт байх ёстой, энэ бол үнэн. Бурханы гарт бүх зүйл өөрийн гэсэн оршин байхын чиг үүрэг, даалгавар, үнэ цэнтэй байдаг. Өөр юу байна вэ? (Бурханы өнцгөөс бүх зүйл сайн.) Зөв, Бурханы бүтээсэн бүх зүйл сайн, оршин байх үнэ цэнтэй бөгөөд оршин байх шаардлагатай. Ямар нэг зүйл Бурханаас гарсан, Түүгээр бүтээгдсэн л бол хэзээ ч илүүц байхгүй. Энэхүү “хэзээ ч илүүц байхгүй” гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь хүмүүст гэнэтийн тохиолдлоор гай зовлон авчрахгүй гэсэн үг. Бяцхан шар шувуу чамд үнэхээр гэнэтийн тохиолдлоор гай зовлон авчирч чадах уу? Энэ нь шар шувууг хэтэрхий хүчирхэг болгохгүй гэж үү? Хүн, шар шувуу хоёрын аль нь илүү дээд вэ? Хүн бүх зүйлийн эзэн бөгөөд тэд шар шувууны хувь тавиланг хянадаг, мөн хүсвэл шууд л бүх шар шувууг устгаж чадна гэж хэлэх нь илүү оновчтой. Шар шувууны хувьд хүний хувь заяаг өөрчлөх боломжгүй. Тэгвэл энэ бүтээгдсэн зүйлд ямар байдлаар хандах нь үнэнд нийцдэг вэ? Бурханы үгийн дагуу хандах. Бурхан бүх зүйлийг, бүх өөр өөр бүтээгдсэн зүйлийг, мөн хүмүүсийг ч бүтээсэн. Шар шувуу бол бүтээгдсэн зүйл, тиймээс бид бүх бүтээгдсэн зүйлсэд ханддаг өнцгөөсөө тэдэнд хандах ёстой. Нэгдүгээрт, бид тэдний амьд үлдэх хуулийг дур зоргоороо сүйтгэж болохгүй. Жишээ нь, өдөр нь унтаж, шөнө нь ан хийж, идэвхтэй байх нь шар шувууны зуршил, онцлог юм. Хэрвээ чи шархадсан шар шувуутай таарч, сайхан сэтгэлээр өөртөө авбал хэрхэн хандах ёстой вэ? (Зуршлынх нь дагуу.) Зөв, чи түүний амьдардаг хуулийг хүндэтгэх ёстой. Унтахгүй бол нойрны эм өгч, шөнө унтуулна гэж бүү бод. Энэ нь буруу. Хэрвээ шөнөжин шуугиж, чиний амралтыг үймүүлдэг бол чамд саад болохгүй газар луу шилжүүлж болно, гэхдээ чи түүний амьдардаг хуулийг үймүүлж, амьдрах арга барилыг нь зөрчиж болохгүй. Энэ нь түүнд хандах зөв арга биш гэж үү? (Тийм.) Бурханы бүтээсэн бүх зүйлд чи энэ өнцгөөс хандах ёстой. Нэгдүгээрт, зөв өнцөгтэй бай. Энэ бол аливааг хийхдээ чиний авах ёстой хамгийн эхний алхам юм. Хоёрдугаарт, чи аливааг хийж, хэрэг явдлыг зохицуулахдаа энэ зөв өнцгийг ашиглах ёстой, тэгвэл чиний хийдэг зүйл үнэнд нийцнэ. Эдгээр нь шалгуур юм. Шалгуур гэдэг нь энгийнээр хэлбэл, оновчтой дүрэм, хууль юм. Жишээ нь, муур хулгана хараад барихыг хүсдэг. Хулгана бас л Бурханы бүтээл гэж бодоод, муурыг хорьж, хулгана бариулахгүй байхыг чи хүслээ гэж бодъё—энэ буруу юу? (Тийм.) Энэ арга барилын талаар чи юу гэж бодож байна? (Энэ нь хуулийг зөрчдөг.) Энэ нь байгалийн хуультай зөрчилддөг. Зарим хүн усанд байгаа загасыг хараад: “Загас усгүйгээр амьдарч чадахгүй гэж бүх хүн хэлдэг. Гэхдээ би түүнийг уснаас гаргаж, хуурай газар дээр амьдруулахын тулд бүхнийг туршиж үзнэ” гэж дотроо боддог. Үр дүнд нь загас удалгүй үхдэг. Үүнийг юу гэж хэлдэг вэ? (Мунхаглал.) Энэ бол мунхаглал. Шар шувууны талаар ярилцсанаар та нар шалгуур гэж юу болох, тэр нь юунд үндэслэдгийг бага ч болов ойлгож чадсан уу? (Тэр нь Бурханы үгэнд үндэслэдэг.) Зөв, тэр нь Бурханы үгэнд үндэслэдэг. Тэгвэл ирээдүйд та нар шар шувуунд хэрхэн хандах ёстой вэ? Хэрвээ нэг орой цонхны чинь гадаа шар шувуу уйлж байвал чи яах ёстой вэ? Наад зах нь, түүнд уйлах эрх бий гэдгийг бид мэднэ, бид түүнд тэр эрхийг нь олгох ёстой. Хэрвээ хэтэрхий шуугиантай байвал чи хөөж явуулж болно, гэхдээ маргааш нь гай зовлонтой учрах болов уу гэж санаа зовох шаардлагагүй. Хүний хувь заяа, амь, үхэл бүгд Бурханы гарт, Түүний дээд эрх дор байдаг тул ингэж бодох хэрэггүй. Хүмүүс үнэнийг ойлгодоггүй учраас аливаа зүйлд амархан өрөөсгөл ханддаг, тэр ч байтугай төсөөлөл, үзэлтэй болж, эсвэл бага зэрэг мухар сүсэгт автдаг. Энэ нь хүмүүсийг олон зүйлийн талаар буруу үзэл бодолтой болоход, мөн үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэж чадахгүй байх, эсвэл бүх зүйл дээр хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуурыг хангаж чадахгүй байхад хүргэдэг. Үүний шалтгаан юу вэ? (Үнэнийг ойлгодоггүйгээс.) Энэ нь үнэнийг ойлгодоггүйгээс үүдэлтэй.
Дорнын зарим хүн өрнөдийнхөнтэй харилцахдаа тэдний онцлог шинж болох өндөр хамар, том нүд, янз бүрийн үсний өнгө, бүгд ямар дэгжин харагддаг зэргийг хараад, өөрийн эрхгүй атаархах юм уу бишрэх сэтгэл төрдөг. Тэгээд үргэлжлүүлэн харилцсанаар тэд өрнөдийн соёлыг байнга хүлээж авдаг. Яагаад тэд үүнийг хүлээж авч чаддаг вэ? Зүрх сэтгэл дэх атаархал, мөн тэдэнтэй адилхан болох хүслээс нь болдог. Гадаад төрхийг Бурхан тогтоодог бөгөөд өөрчлөх боломжгүй боловч хэрвээ өрнөдийнхний амьдралын хэв маяг, тухайлбал, хэрхэн хооллож, хувцаслаж, эд зүйлсийг ашигладаг арга барил, түүнчлэн ярианы хэв маяг, сэтгэхүй, соёлтой нь хөл нийлүүлж чадвал үнэлж хүндлэгдэнэ гэж тэд боддог. Иймэрхүү санааны талаар та нар юу гэж бодож байна? Хүн бүрд ийм санаа байдаг уу? (Тийм, байдаг.) Дорнын зарим хүн өрнөдийнхнийг дуурайх дуртай бөгөөд хамгийн түрүүнд дуурайдаг зүйл нь кофе уух юм. Дорнынхны цай уух явдал нь хэтэрхий болхи гэж тэд боддог тул өрнөдийнхнөөс кофе ууж сурдаг. Ялангуяа дорнын зарим хүн өрнөдийн олон хүнийг өглөө бүр аягатай кофегоо бариад ажил руугаа яарч байгааг хардаг бөгөөд цаг хугацааны явцад тэд ч бас үүнийг хийж сурдаг, заримдаа бүр үнэндээ завтай байхдаа ч тэгдэг. Үүнийг дуурайх гэж нэрлэдэг. Дорнынхонд угтаа ийм зуршил байдаггүй боловч өрнөдийнхний заншил сайн, дээд зэргийн, дэгжин гэж тэд боддог. Хэрвээ тэд ийм зуршилгүй бол сурч, дуурайх ёстой, хэрвээ тэд үүнийг сурч, энэ зуршлын дагуу амьдарвал гарцаагүй өрнөдийнхний зиндаанд нэгдэж, өөрсдөө ч тийм хүн болно гэж тэд итгэдэг. Энэ нь нэг төрлийн өрнөдийнхнийг шүтэх явдал юм. Хэрвээ чи ямар нэг зүйлд үнэхээр дуртай бол заавал суралц, гэхдээ чи бусдад гайхуулахын тулд ийм заншлыг зүгээр л өнгөн талдаа сурч байгаа бол тэр чинь дуурайж байгаа хэрэг. Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй бол хийдэг бүх зүйлд нь ямар ч шалгуур байхгүй бөгөөд тэд ямар ч зорилго, чиглэлгүй, толгойгүй ялаа шиг байх болно. Өрнөдийнхнийг харахдаа тэд өрнөдийнхөн хэрхэн авирладгийг судална; ертөнцөд юу моодонд орж байгааг харахдаа тэд үүнийг судална. Шүтлэггүй хүмүүс ийм байдаг бөгөөд хэрвээ Бурханд итгэдэг хүн ингэдэг бол тэд ямар төрлийн хүн бэ? (Үл итгэгч.) Зөв. Тэд аливааг хийхдээ ямар нэг стандарт, эсвэл зарчимтай байдаг уу? (Үгүй.) Тэдэнд ямар ч зарчим байдаггүй. Яагаад? Яагаад гэвэл тэд ертөнцийн чиг хандлага, хорон муу байдлыг биширдэг; тэд Бурханыг биширдэггүй, зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаггүй, үнэнийг хүлээн авч, эрэлхийлдэггүй. Ийм хүмүүс бүгд үл итгэгчид юм. Энэ төрлийн хүн ийм мөн чанартай учраас хэдийгээр чуулганд Бурханы үгийг уншиж, номлол сонсдог байсан ч хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуурыг бас л хэзээ ч олж чадахгүй. Энэ нь тэд үнэнийг хэзээ ч олж авч чадахгүй гэдгийг далд утгаараа илэрхийлдэг. Тийм биз дээ? (Тийм.) Бусдыг дуурайн кофе уух нь тухайн хүний юуг илүүд үздэг, ямар замаар явдаг, үйлдлийнх нь зарчим юу болохыг илчилж чадна. Надад хэл дээ, цай уух нь үнэн үү, эсвэл кофе уух нь үнэн үү? (Аль нь ч үнэнтэй холбоогүй.) Сайхан хэллээ. Тэгвэл үнэн гэж юу вэ? Зарим хүн: “Бурханаас гарсан бүхэн үнэн юм. Улирлын чанартай зүйлсийг идэх нь чамд сайн гэж хэлсэн Бурханы үг бол үнэн” гэж хэлдэг. Энэ нь зөв. Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм. Тэгвэл биеэ авч явах шалгуурт юу багтдаг вэ? Энэ нь биеэ авч явахтай холбоотой үнэний бүх талыг хөнддөг. Аливааг хийх шалгуурын тухайд юу хэлж болох вэ? Энэ нь чиний аливааг зохицуулдаг арга барил, арга зам юм. Бурханыг шүтэн мөргөх шалгуурыг бид бүгд мэднэ гэдгийг хэлэх нь илүүц биз. Энэхүү шалгуурын хамрах хүрээ нь эдгээр зүйлийг хэлдэг бөгөөд бүгд үнэнтэй холбоотой. Хэн нэгэн “Чи яагаад цайнд дургүй юм бэ?” гэж хэлэхэд чи “Би цайнд дургүй байгаа нь үнэнтэй нийцэхгүй байна уу?” гэж хэллээ гэж бодъё. Өөр нэг хүн: “Чи өрнөдөд байгаа байж яагаад кофе ууж сураагүй юм бэ? Кофе уухгүй байх чинь ямар мэдрэмжгүй хэрэг вэ!” гэхэд чи “Чи намайг яллах гээд байна уу? Кофе уухгүй байх нь нүгэл үү? ‘Мэдрэмж’ гэдэг нь үнэн үү? Мэдрэмж хэр үнэ цэнтэй вэ?” гэж хэлнэ. Энэ нь ямар ч үнэ цэнгүй, тийм биз? Үнэнийг ойлгохгүй байх л үнэхээр үнэ цэнгүй хэрэг! Хүмүүс энэ жишээгээр дамжуулан юуг ойлгох ёстой вэ? Бурханы шаардсан стандартыг хангахын тулд энэ хүмүүс, үйл явдал, зүйлсийн талаар ямар үзэл бодолтой байх, тэдгээрийг Бурханы шаардлагын дагуу хэрхэн зохицуулах ёстойгоо тэд ойлгох ёстой. Энэ бүхнээс хүмүүс юуг ойлгож, эрж хайх ёстой вэ? Төрөл бүрийн зүйлтэй харьцахдаа тэд ямар шалгуур дагах ёстойг.
Уламжлалт соёл эсвэл үндэсний үзэл санаа нь “шалгуур” гэх нэр томьёонд тэнцэнэ гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Жишээлбэл, “Хүн байна гэдэг нь эх орноо хайрлах ёстой гэсэн үг”—энэ нь шалгуур мөн үү? (Үгүй.) “Хүн байна гэдэг нь эцэг эхээ ачлах ёстой гэсэн үг”—энэ нь шалгуур мөн үү? (Үгүй.) Зарим нь бас “Эмэгтэйчүүд ариун журамтай байх ёстой”, эсвэл “Эмэгтэйчүүд гурван дуулгавартай байдал, дөрвөн ариун журмыг дагах ёстой” гэж хэлдэг, гэхдээ эдгээр нь шалгуур мөн үү? (Үгүй.) “Эрэгтэй хүн зөвхөн нэг эхнэртэй байж болох бөгөөд үнэнч байх ёстой”—энэ нь шалгуур мөн үү? Энэ нь үнэн байх шалгуурыг хангадаг уу? (Үгүй.) Энэ нь зөв зан авир, ёс суртахуун бөгөөд хүн чанар дахь хамгийн наад захын, үндсэн зүйл боловч үнэнээс хол дутдаг. Энэ нь хэвийн хүн чанарын ёс суртахуун, зан авирын стандартад нийцдэг боловч үүнийг шалгуур гэж үзэж болох уу? Шалгуур гэж юуг хэлдэг вэ? (Үнэнийг.) Шалгуур нь үнэнийг хэлдэг бөгөөд үнэнд нийцэхгүй юу ч байсан шалгуур биш юм. Та нар ойлгож байна уу? Миний сая дурдсан уламжлалт соёл дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүст тавьдаг шаардлага нь Бурханы шаардлага мөн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан эрэгтэйчүүдээс юу шаарддаг вэ? Библид юу гэж хэлдэг вэ? (Тэд гэр бүлээ тэжээхийн тулд хөдөлмөрлөж, хөлсөө урсгах ёстой гэж.) Энэ бол эрэгтэйчүүдэд тавьдаг Бурханы шаардлага бөгөөд эрэгтэй хүний хийж чадах хамгийн наад захын зүйл юм. Эмэгтэйчүүдэд зориулсан Бурханы дүрэм юу вэ? (Тэдний хүсэл нөхөртөө чиглэх болно гэж.) Энэ нь Бурханы үгэнд байдаг тул үнэн бөгөөд хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл юм. Хүний уламжлалт соёл эсвэл ёс суртахууны судраас гарсан юу ч байсан, хэчнээн зөв байсан ч үнэн биш. Яагаад Би үүнийг үнэн биш гэж хэлдэг вэ? (Яагаад гэвэл Бурхан тэгж хэлээгүй.) Бурханы хэлээгүй зүйл гарцаагүй үнэн биш, Бурханы үгийн шаардлагатай ямар ч хамаагүй зүйл ч мөн адил үнэн биш. Дорнынхон эмэгтэйчүүдийг ямар стандартаар тодорхойлдог вэ? Сайн эмэгтэйчүүд хамгийн түрүүнд дөлгөөн, ариун журамтай, соёлтой, боловсон, эгдүүтэй, жижигхэн байх ёстой бөгөөд гэрлэснийхээ дараа гэр бүлийнхээ хөгшин залуу бусад бүх хүнийг гомдоллохгүйгээр халамжлах ёстой гэж тэд үздэг. Тэд зүгээр л хөлийн алчуур юм. Энэ бол дорнынхны бүтээсэн эмэгтэйчүүдийн дүр төрх; энэ нь тэдний эмэгтэйчүүдэд тавьдаг стандарт юм. Одоо өрнөдийнхний эмэгтэйчүүдэд тавьдаг стандарт юу болохыг, өөрөөр хэлбэл, тэд бодол санаа, үзэл бодлоороо дамжуулан юуг сургаж, дэмждэгийг харцгаая. Эмэгтэйчүүд бие даасан, эрх чөлөөтэй, эрх тэгш байх ёстой гэж өрнөдийнхөн үздэг—энэ нь үндсэндээ өрнөдийн дэмждэг эмэгтэйчүүдийн эрх юм. Эдгээр эрх нь эмэгтэйчүүдийн хувьд үндсэн тодорхойлолт, шаардлагыг агуулдаг, өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний амьдралын хэв маяг, гадаад төрх байдлын үндсэн ойлголтыг танилцуулдаг. Энэ ойлголт нь юу вэ? Эмэгтэйчүүд өдөржин хөлийн алчуур шиг дуулгавартай, өрөвдмөөр, томоотой байх ёсгүй. Үүнийг муу бөгөөд эмэгтэйчүүд хүчтэй, зоригтой байх ёстой гэж тэд боддог. Эдгээр нь өрнөдийнхний зүрх сэтгэл дэх эмэгтэйчүүдэд тавьдаг стандартууд юм. Эмэгтэйчүүд өдөр бүр зовлон зүдгүүрт номхон хүлцэнгүйгээр захирагдаж, бусдаар загнуулах юм уу тушаал өгөхийг хүлээдэг хүүхэлдэй шиг байх шаардлагагүй гэж тэд үздэг. Ингэх шаардлагагүй гэж тэд боддог. Өрнөдийнхөн эмэгтэйчүүдийг идэвхтэй, бие даасан, үйлдэлдээ зоригтой байхыг дэмждэг. Мэдээж бидний ойлгож байгаа зүйл тэдний сэтгэхүйтэй бүрэн нийцэхгүй байж болох ч энэ нь үндсэндээ дорно, өрнийн эмэгтэйчүүдийн гол ялгаа юм. Энэ хоёр үзэл бодлын аль нь зөв бэ? (Аль нь ч зөв биш.) Үнэндээ энэ нь зөв, буруугийн тухай биш юм. Дорнын нийгмийн нөхцөл байдалд, тийм нийгмийн бүлэг дотор чи тэгж амьдрах ёстой болдог. Чи хүсвэл эсэргүүцэж чадах уу? Гэр бүл дотроо хэрвээ чи эсэргүүцвэл үхэх эрсдэлтэй. Өрнөдөд чи өрнөдийн эмэгтэй шиг амьдарч болох боловч ямар нийгмийн нөхцөл байдалд эсвэл ямар нийгмийн бүлэгт яаж амьдрах нь хамаагүй аль үзэл бодол нь үнэнд нийцдэг вэ? (Аль нь ч үнэнд нийцдэггүй.) Аль ч үзэл бодол нь үнэнд нийцдэггүй, хоёулаа үүнийг зөрчдөг. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Дорнынхон эмэгтэйчүүдийг үргэлж томоотой байж, Гурван дуулгавартай байдал, Дөрвөн ариун журмыг биелүүлж, ариун журамтай, дөлгөөн байхыг хүсдэг—ямар зорилгоор тэр вэ? Тэднийг хянахад хялбар байлгахын тулд. Энэ бол дорнын уламжлалт соёлоос урган гарсан хорт үзэл суртал бөгөөд энэ нь үнэндээ хүмүүст хор хөнөөлтэй, эцсийн дүндээ эмэгтэйчүүдийг ямар ч чиглэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй амьдрахад хүргэдэг. Энэ эмэгтэйчүүд юу хийх ёстой, яаж хийх, ямар үйлдэл зөв, буруу болохыг мэддэггүй. Тэд бүр гэр бүлдээ амьдралаа зориулдаг ч хангалттай хийгээгүй мэт тэдэнд санагдсаар байдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд учруулж буй нэг төрлийн хор хөнөөл мөн үү? (Тийм.) Тэд өөрсдийнх нь эдлэх ёстой эрхийг булааж авахад ч эсэргүүцдэггүй. Яагаад тэд эсэргүүцдэггүй вэ? Тэд: “Эсэргүүцэх нь буруу, энэ нь ариун журамтай хэрэг биш. Тэр хүнийг хар л даа, тэр надаас хамаагүй сайн хийдэг, хамаагүй их зовсон атлаа хэзээ ч гомдоллодоггүй” гэж хэлдэг. Тэд яагаад ингэж боддог вэ? (Тэд уламжлалт соёлын сэтгэлгээнд автсан байдаг.) Энэхүү уламжлалт соёл нь тэдний дотор гүн гүнзгий үндэслэж, тэдэнд ихээхэн зовлон учруулсан. Тэд ийм тарчлалыг хэрхэн тэвчиж чаддаг вэ? Ийм тарчлал нь шаналгаатай, өөрийг нь арчаагүй мэт мэдрүүлж, зүрх сэтгэлийг нь өвтгөдөг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа яаж үүнийг тэвчиж чаддаг вэ? Бодит шалтгаан нь юу вэ? Энэ нь тэдний нийгмийн нөхцөл байдал учраас тэд салж чаддаггүй, харин номхон хүлцэнгүйгээр л үүнд буулт хийдэг. Тэд өөрсдөө ч бас үүнийг ингэж мэдэрдэг. Тэд үнэнийг, эсвэл эмэгтэйчүүд хэрхэн нэр төртэй амьдрах ёстойг, эсвэл эмэгтэйчүүдийн амьдрах зөв арга замыг ойлгодоггүй. Хэн ч тэдэнд эдгээр зүйлийг хэлж өгөөгүй. Тэдний мэддэгээр бол эмэгтэйчүүдийн биеэ авч явах, аливааг хийх шалгуур нь юу вэ? Уламжлалт соёл. Үеэс үед уламжлагдан ирсэн зүйл нь зөв бөгөөд хэрвээ хэн нэгэн үүнийг зөрчвөл мөс чанар нь яллагдах ёстой гэж тэд боддог. Энэ бол тэдний “шалгуур” юм. Гэхдээ энэ шалгуур үнэхээр зөв үү? Үүнийг хашилтад оруулах ёстой юу? (Тийм.) Энэ шалгуур үнэнд нийцдэггүй. Ийм сэтгэлгээ, үзэл бодлын хяналт дор хэн нэгний зан авир хэчнээн сайшаалтай эсвэл таатай байсан ч энэ нь үнэхээр шалгуур мөн үү? Энэ нь үнэн болон хүн чанартай зөрчилддөг тул шалгуур биш юм. Дорнын эмэгтэйчүүд удаан хугацааны турш гэр бүлээ бүхэлд нь халамжлах ёстой байж ирсэн бөгөөд бүх жижиг сажиг хэрэг явдлыг хариуцсаар ирсэн. Энэ шударга уу? (Үгүй.) Тэгвэл тэд үүнийг хэрхэн тэвчиж чаддаг вэ? Учир нь тэд ийм сэтгэлгээ, үзэл бодолд хүлэгдсэн байдаг. Үүнийг тэвчиж чадаж байгаа нь тэд зүрх сэтгэлийнхээ угт үүнийг хийх зөв зүйл бөгөөд хэрвээ зүгээр л тэвчвэл уламжлалт соёлын стандартыг хангаж чадна гэдэгт 80 хувь итгэлтэй байдаг гэдгийг харуулдаг. Тиймээс тэд тэр зүг рүү, тэр стандартууд луу гүйж байна. Хэрвээ тэд зүрх сэтгэлийнхээ угт үүнийг буруу, хийх ёсгүй, энэ нь хүн чанарт нийцэхгүй, мөн хүн чанар болон үнэнтэй зөрчилдөж байна гэж бодсон бол үүнийг хийгээд байж чадах уу? (Үгүй.) Тэд тэр хүмүүсээс салж, тэдний боол болохгүй байх арга замыг бодож олох ёстой болно. Гэвч ихэнх эмэгтэйчүүд ингэж зүрхлэхгүй—тэд юу гэж боддог вэ? Нийгмийн бүлэггүйгээр амьд үлдэж чадах боловч хэрвээ орхин явбал аймшигтай муу нэр зүүж, тодорхой үр дагавар амсана гэж тэд боддог. Дэнсэлж үзсэнийхээ дараа, хэрвээ тэгвэл хамтран ажиллагсад нь тэднийг ариун журамгүй гэж хов жив ярьж, нийгэм тэднийг тодорхой арга замаар яллаж, тэдний талаар тодорхой үзэл бодолтой болох бөгөөд энэ бүхэн ноцтой үр дагавар авчирна гэж тэд боддог. Эцэст нь тэд үүнийг тунгаан бодож: “Зүгээр л тэвчсэн нь дээр. Эс бөгөөс яллалтын хүнд ачаа намайг няц дарах болно!” гэж боддог. Дорнын эмэгтэйчүүд үеэс үед ийм л байдаг. Энэ бүх сайхан зан авирын ард тэд юуг тэвчих ёстой байдаг вэ? Өөрсдийнхөө хүний нэр төр, эрхийг хасуулахыг. Эдгээр бодол санаа, үзэл бодол нь үнэнд нийцдэг үү? (Үгүй.) Тэдгээр нь үнэнд нийцдэггүй. Тэд нэр төр, хүний эрхээ хасуулж, ёс жудаг хийгээд бие даан амьдрах, сэтгэх орон зай, өөрсдийн хүслийг илэрхийлэх, ярих эрхээ алдсан—тэдний хийдэг бүхэн гэрт байгаа тэр хүмүүсийн төлөө л байдаг. Үүнийг хийх тэдний зорилго юу вэ? Уламжлалт соёлоос эмэгтэйчүүдэд тавьдаг стандартыг хангаж, бусад хүнээр магтуулж, сайн эхнэр, сайн хүн гэж дуудуулахын тулд. Энэ нь нэг төрлийн тарчлал биш гэж үү? (Тийм.) Энэ сэтгэхүй зөв үү, эсвэл гажууд уу? (Гажууд.) Энэ нь үнэнд нийцдэг үү? (Үгүй.) Бурхан хүн төрөлхтөнд чөлөөт хүсэл зоригийг бүтээсэн бөгөөд энэхүү чөлөөт хүсэл зоригоос урган гардаг бодол юу вэ? Тэдгээр нь хүн чанарт нийцдэг үү? Эдгээр бодол хамгийн наад зах нь хүн чанарт нийцэх ёстой. Үүнээс гадна Тэрээр хүмүүсийг амьдралынхаа туршид бүх хүн, үйл явдал, зүйлийн талаар зөв үзэл бодол, ойлголттой байж, улмаар зөв замыг сонгон амьдарч, Бурханыг шүтэн мөргөөсэй гэж хүссэн. Ингэж амьдрах амьдралыг Бурхан өгсөн бөгөөд үүнийг эдлэх ёстой. Гэвч хүмүүс эдгээр уламжлалт соёл, ёс суртахууны судар гэгчид насан туршдаа хязгаарлагдаж, хүлэгдэж, гажуудаж, эцэст нь юу болдог вэ? Тэд уламжлалт соёлын хүүхэлдэй болдог. Энэ нь хүмүүс үнэнийг ойлгодоггүйгээс үүдэлтэй биш гэж үү? (Тийм.) Та нар ирээдүйд энэ замаар алхахыг сонгох уу? (Үгүй.) Тэгвэл чи яах ёстой вэ? Чи: “Би тэдэнтэй тэмцэнэ” эсвэл “Би цаашид тэдэнд үйлчлэхгүй. Надад хүний эрх бий, надад ёс жудаг бий” гэж хэллээ гэж бодъё. Ингэж болох уу? (Үгүй.) Ингэж болохгүй. Энэ нь нэг туйлшралаас нөгөө рүү шилжиж байгаа хэрэг бөгөөд Бурханд гэрчлэл хийх юм уу Түүнийг алдаршуулж байгаа хэрэг биш юм. Тэгвэл чи хэрхэн үйлдэх ёстой вэ? (Зарчимд нийцүүлэн.) Мэдээж зарчимд нийцүүлэн үйлдэх нь зөв бөгөөд чи хүн бүрд зарчимд нийцүүлэн хандаж, хэрвээ тэд Бурханд итгэдэг бол ах эгч гэж, харин итгэдэггүй бол шүтлэггүй хүмүүс гэж хандах ёстой. Тэдний төлөө амьдралаа золиослон байж өөрийгөө хохироох, ёс жудгаа гажуудуулах, эсвэл нэр төр, эрхээ орхих шаардлагагүй. Тэд үүнийг хүртэх эрхгүй. Энэ ертөнцөд амьдралаа зориулахад үнэ цэнтэй ганц л Нэгэн бий. Тэр хэн бэ? (Бурхан.) Яагаад? Учир нь Бурхан бол үнэн бөгөөд Түүний үг хүмүүсийн оршин тогтнох, биеэ авч явах, аливааг хийх шалгуур юм. Чамд Бурхан, мөн Бурханы үг байгаа цагт чи хазайхгүй бөгөөд биеэ хэрхэн авч явах, аливааг хэрхэн хийх тал дээр чи үнэн зөв байх болно. Энэ бол хүн аврагдсаны дараа Бурханы үг түүнд эцэст нь бий болгодог үр дүн юм.
“Үнэн гэж юу вэ?” гэдэг нь хэтэрхий өргөн хүрээтэй сэдэв юм. Бид сая хэдэн жишээ татсан бөгөөд тэдгээрийн нэг нь шар шувуунд хэрхэн хандах тухай байсан. Өөр ямар жишээ байсан бэ? (Дорнынхон өрнөдийнхнийг дуурайж кофе уух.) (Дорно, өрнийнхний эмэгтэйчүүдэд тавьдаг стандартууд.) Эдгээр нь хамгийн тод жишээнүүд юм. Тэгвэл дорно, өрнийн хүмүүсийн янз бүрийн зүйлийн талаарх үзэл бодлын дундаас аль нь шалгуур вэ? (Аль нь ч биш.) Аль нь ч үнэнтэй холбоогүй, хоёулаа хүний үзэл бодол, санал юм. Илүү нарийн хэлбэл, тэдгээр нь хоёулаа эндүү ташаа үзэл бодол, төөрөгдөл. Тэдгээр нь шалгуур биш, харин хүмүүсийг хорлодог Сатаны стратеги, онол, гүн ухаан. Ингэж нөхөрлөсний дараа та нар энэ асуудлыг арай илүү ойлгож байна уу? (Тийм.) Хэрвээ Би энэ талаар яриагүй бол магадгүй та нар нэг л өдөр өрнөдийнхнийг дуурайн кофе ууж, гамбургер идэж, тэднийг үлгэрлэн дуурайх талаар бодох байсан байх. Энэ нь зарчимд нийцдэг үү? Чи өдөр бүр өрнөдийн хоол иддэг байсан ч үнэнийг эрэлхийлэхгүй бол энэ бүхэн ямар ч ашиггүй, чамд биеэ хэрхэн авч явах шалгуур байхгүй байсаар байх болно. Гол нь чи үнэнийг эрэлхийлж, зарчмын дагуу үйлдэж чаддаг эсэх юм—энэ нь чамд ашиг тустай. Намайг ингэж нөхөрлөснөөр та нар үнэн болон шалгуурын талаар бага ч болов ойлголттой болсон уу? (Тийм.) Хүмүүсийн уламжлалт соёл эсвэл ёс суртахууны шалгуур дотор үнэн байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Ёс суртахууны сударт үнэн байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Бурханы үг бол үнэн гэдэгт та нар одоо итгэлтэй байж чадах уу? (Тийм, чадна.) Түүний үгийг үнэн гэж баталсны дараа чи дараах зүйлийг бодолцох ёстой: Бурханы үг гэж юу вэ? Түүний үгэнд шаарддаг зарчим юу вэ? Түүний хүнд хэлсэн шалгуур юу вэ? Бурханы үгэнд нийцэхийн тулд тэр яг хэрхэн үйлдэх ёстой вэ, үүнийг хийх зөв зарчим нь юу вэ? Энэ бол чиний эрж хайх ёстой зүйл, гэхдээ одоо энэ сэдвийн тухай ингээд дуусгая.
Хавсралт:
Шяожягийн амьдралын нэг өдөр
Дараагийн сэдэв рүүгээ орцгооё. Энэ нь Юу байвал дээр вэ? Би нэг түүх ярьсан нь дээр байх. Түүх бас үнэн болон хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуурыг хөнддөг. Энэ түүх үнэнтэй болон хүний зан авирын шалгууртай ямар холбоотойг сонсоорой. Энэ нь Шяожягийн амьдралын нэг өдрийн талаар өгүүлдэг. Бидний баатар бол Шяожя бөгөөд энэ түүх ойролцоогоор хэр удаан хугацаанд өрнөдөг вэ? (Нэг өдөр.) Нэг өдөр. Зарим хүн “Нэг өдрийн үйл явдлыг ярих хэрэг байна уу?” гэж хэлж магадгүй. Энэ нь юу ярихаас чинь шалтгаална. Хэрвээ энэ нь тэр чигтээ хов жив, зөв буруугийн талаар байвал ярихад үнэ цэнгүй. Харин үнэнийг хөндөж байвал нэг өдөр байтугай нэг минутын үйл явдал ч ярихад үнэ цэнтэй, тийм биз дээ? (Тийм.)
Шяожя бол эрэлхийлэлдээ дур сонирхолтой, үүргээ гүйцэтгэхдээ урам зоригтой нэгэн бөгөөд түүний түүх нэгэн өглөө эрт түүнийг дөнгөж боссоны дараа эхэлдэг. Босож, Бурханы үгийг уншиж, сүнслэг үйл ажиллагаагаа хийснийхээ дараа Шяожя өглөөний цайгаа уухаар явж, нэг аяга будааны зутан, жаахан ногоо авав. Тэгээд тэр хэдэн өндөг хараад: “Би хоёрыг авах хэрэгтэй. Өдөрт хоёр өндөг идэхэд хангалттай тэжээл болно” гэж бодов. Гэвч гараа сунгах яг тэр үедээ тэрээр тээнэгэлзэж: “Хоёрыг авах уу, нэгийг авах уу? Хоёрыг авч байгааг минь бусад хүн харвал муухай. Энэ нь хэтэрхий шунахай хэрэг бөгөөд бусад хүн намайг ховдог гэж бодно. Нэгийг л авсан нь дээр” гэж бодов. Тэрээр гараа татаж аваад, дахин сунгаж нэг өндөг авав. Яг тэр үед өөр нэг хүн өндөг авахаар ирсэнд Шяожягийн зүрх нь пал хийв. Тэрээр: “Үнэндээ өндөг идэхгүй байсан нь дээр. Надад зутан, ногоо, бас хэдэн мантуу байгаа болохоор өглөөний цайнд хангалттай. Би ингэж шунахайрах ёсгүй. Бас яагаад өндөг идэхийг хүснэ гэж? Бусад хүн харвал ямар муухай байх вэ. Энэ чинь тав тухад ташуурч байгаа хэрэг биш үү? Би идэхгүй ээ” гэж бодов. Ингэж бодоод Шяожя өндгөө буцааж тавиад, хэдэн минутын дараа өглөөний цайгаа ууж дуусгаад үүргээ гүйцэтгэж эхлэв. Тэрээр хийх ёстой ажлуудаа хийгээд завгүй, нэгийг нь дуусгаад нөгөөхийг нь хийж байв. Цаг хугацаа хурдан өнгөрч, нүд ирмэхийн зуур өдрийн хоолны цаг болов. Бусад нь бүгд хоолондоо явжээ, харин Шяожя цагаа хартал 12:40 болж байв. “Түр хүлээе. Бусдыг хоолонд орох үед нь дагаж яарах хэрэггүй. Хэрвээ би бусадтай хамт яарч очвол тэдэнтэй л адилхан болж, ховдог харагдах биш үү? Би дахиад жаахан хүлээе.” Тэрээр хийж байсан зүйлээ үргэлжлүүлсэн боловч ходоод нь тэссэнгүй, хоржигнож эхлэв. Тэрээр ходоодоо дарж, компьютерын дэлгэц рүү гөлрөн: “Би өлсөж үхэх нь ээ! Өнөөдөр өдрийн хоолонд юу байгаа бол? Мах байгаа болов уу? Жаахан мах идчихвэл ч янзтай даа!” гэж бодов. Ингэж бодох зуур ходоод нь хоржигносоор байсан бөгөөд бусдыг өдрийн хоолноос буцаж иртэл тэр арайхийн тэсэж хүлээв. Нэг хүн: “Чи яагаад өдрийн хоолоо идээгүй юм бэ? Хурдан яв, хоол хөрлөө” гэв. Шяожя: “Зүгээр дээ. Би хийж байгаа зүйлээ дуусгаагүй байна. Дуусгачихаад явна аа” гэлээ. “Чи хоолоо идчихээд үргэлжлүүлж ажиллавал дээр биш үү?” “Зүгээр дээ. Би удахгүй дуусна.” Ингээд Шяожя өлсгөлөнгөө тэвчиж, ажлаа үргэлжлүүлэв. Үнэндээ тэр одоо маш их өлсөж байсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллах ямар ч хүсэлгүй байсан боловч өлсгөлөнгөө тэвчиж, дүр эсгэсээр байлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр дахин цагаа хартал 13:30 болж байгааг харж, “Одоо болно доо. Би одоо өдрийн хоолондоо орсон нь дээр байх” гэж бодов. Яг түүнийг босоод хоолондоо явах гэж байтал нэг эгч түүнд тавиуртай хоол авчирч өгөөд: “Ийм орой болчихоод байхад! Чи яагаад өдрийн хоолондоо ороогүй юм бэ? Хэчнээн завгүй байсан ч хоолоо идэх хэрэгтэй, цагтаа хооллож байхгүй бол ходоод чинь өвдөнө шүү дээ” гэв. Тэрээр: “Зүгээр дээ. Би дуусгачихаад иднэ ээ” гэж хариулав. “Чи явах хэрэггүй ээ. Би чамд хоолыг чинь авчирсан болохоор хурдан ид.” “Яарах юу байх вэ дээ? Би хараахан өлсөөгүй л байна.” Түүнийг өлсөөгүй байна гэж хэлэхтэй зэрэгцэн ходоод нь аянга мэт дуугаран хоржигнов. Шяожя ходоодоо дарж, ичингүйрэн инээмсэглээд, эгчид хандан: “Дахиж надад хоол авчрах гэж санаагаа битгий зовоорой” гэв. “Гэхдээ тэгэхгүй бол хоол хөрөөд дахиад халаах хэрэг гарна шүү дээ. Аль хэдийн нэг удаа халаачихсан.” “За тэгвэл баярлалаа!” Шяожягийн шүлс нь асгарч, эгчээс хоолоо авлаа. Тавиур луу хальт хараад тэр маш их баярлав: хоёр мантуу, ногоо, мах, бас шөл байлаа. Мантууг хараад Шяожяд өөр нэг бодол төрж, эгчид: “Би хоёр мантуу идэж чадахгүй ээ. Сүүлийн үед би дэндүү завгүй, сайн унтаж чадахгүй байгаа болохоор хоолны дуршил муу байна. Чи надад хоёр мантуу өгвөл хайран биш үү? Нэгийг нь буцаагаад ав” гэлээ. “Зүгээр ээ. Хэрвээ чи үнэхээр идэж барахгүй бол буцааж болно шүү дээ” гэж эгч хариулаад явав. Шяожя дотроо: “Хурдан яваасай. Би өлсөж үхэх нь ээ” гэж бодов. Тэрээр аягыг авч, эргэн тойронд хэн ч байхгүйг харсан ч бага зэрэг ичсэн хэвээр, болгоомжтойгоор нэг балгав. Тэгээд тэр мах руу харж, “Хөөх! Жигнэсэн гахайн махны үнэр холын холоос ч үнэртэж байсан шүү. Гэхдээ би шууд идэж болохгүй, эхлээд ногоогоо идэх хэрэгтэй. Ногоо идэж цадвал би бага мах иднэ, үгүй бол би аяганы тал махыг идчихнэ, тэгвэл ичгэвтэр биш үү?” Тэрээр хэсэг бодсоны эцэст яг тэгж хийв. Тэр мантуу, ногоо хоёроо зажилж, шөлөө уулаа. Идэж байхдаа тэр жаахан мах идмээр санагдаж, нэг хэрчим жигнэсэн гахайн мах авав. Амандаа хийхдээ тэр нүдээ аньж, амтыг нь сайтар мэдрэн, “Ямар амттай юм бэ! Мах үнэхээр сайхан шүү, гэхдээ би хэт их идэж болохгүй. Ганц үмхэхэд л хангалттай, тэгээд дахиад ногоо, дахиад шөл” гэв. Тэр мантуугаа үргэлжлүүлэн идсэн боловч ногоо идэх зуураа мах руу ширтсээр, “Би энэ махыг идэх үү? Ийм сайхан байхад идэхгүй бол үнэхээр хайран юм” гэж бодов. Түүний шүлс дахин асгарч, “Мэдлээ! Би мантуугаа хэсэглэж хуваагаад шөлөнд дүрье. Энэ чинь мах идсэнтэй адилхан биш гэж үү? Ингэвэл бусад хүн намайг мах идэхгүй байгааг харах боловч би тэр махны амтыг мэдэрсэн хэвээр байх болно. Янзтай!” гэж бодов. Ингэж бодоод тэрээр мантуунаасаа жаахныг таслан шөлөндөө хийгээд, буцааж гаргаж ирэн идсэнд маш амттай, яг л махтай адилхан байв. Тэгээд Шяожя тэр даруй бүтэн мантуугаа хэсэглэж хуваагаад шөлөндөө хийв... Арван минут хүрэхгүй хугацаанд тэр бүгдийг нь идэж, шөлөө ч бас ууж дуусгалаа. Тэр нөгөө мантуугаа идэх хүслээ тэвчиж, өөрийгөө хазаарлан ганцхан мантуу л идсэн байв. Төлөвлөснийхөө дагуу бүх хоолоо идэж дууссаны дараа Шяожя ерөнхийдөө цадсан бөгөөд дахиж идэх шаардлагагүй гэж бодов. Тэгээд тэрээр: “Өө, өлсөж үхэх гэж байгаа юм шиг ингэж хурдан идэх нь тийм ч тохиромжтой биш. Би үнэхээр их өлссөн байсан ч хүмүүс намайг ийм байдалтай харах нь сайн хэрэг биш. Би удаан идэх хэрэгтэй. Гэхдээ нэгэнт идээд дуусчихсан юм чинь одоо яах вэ? За, надад нэг санаа байна. Би үүнийг арван минутын дараа буцааж өгье” гэж бодлоо. Тэрээр цагаа бариад, нүүр лүү нь ширтэн: “Таван минут... арван минут... арван таван минут... За, хоёр цаг боллоо. Маш сайн, буцааж өгье!” хэмээв. Тэр баяртайгаар үлдсэн жигнэсэн гахайн мах, мантуугаа буцааж өглөө.
Шяожяг буцаж ирэхэд 14 цаг өнгөрч байлаа. Ах эгч нар нь үдээс хойших амралтаа авахаар явсан бөгөөд түүнд ганцаараа хийх зүйл байсангүй тул үнэхээр уйтгартай байв. Тэрээр: “Би ч бас дугхийх үү? Хоол идсэний дараа дугхийх нь үргэлж сайн байдаг. Гэхдээ үгүй ээ, бусад хүн унтаж байхад би ч бас унтвал би чинь хэн болох билээ? Би унтаж болохгүй. Тэсэх хэрэгтэй. Гэхдээ яаж сэргэг байх вэ? Би зогсоогоороо унтаж чадахгүй, гэхдээ үргэлж зогсоод байвал хэн нэгэн гэнэт орж ирвэл цочно. Үгүй ээ, би зогсож болохгүй. За, тэгвэл компьютерынхоо өмнө л сууя. Хэн нэгэн намайг харвал ажиллаж байна л гэж бодно, гэхдээ үнэндээ би амарч байх болно. Сайн арга байна шүү” гэж бодов. Тиймээс тэрээр компьютерынхоо өмнө энгийнээр сууж, түүн рүү гөлөрсөн боловч таван минутын дотор унтаад өгсөн бөгөөд товчлуур дээрээ хурхирч байлаа. Дөчин минутын дараа Шяожя гүн нойрноосоо гэнэт сэрж, үсрэн босоод: “Би зогсож байсан биш бил үү? Яагаад унтчихав аа?” гэлээ. Тэрээр цаг хараад, оройтож байгааг мэдэн, хэн ч байхгүй байх хойгуур нүүрээ угаахаар явав. Ариун цэврийн өрөөнд өөрийгөө хараад тэрээр: “Өө, үгүй ээ! Миний нүүр тэр чигтээ товчлуурын ором болчихож! Яаж ийм байдалтай харагдаж болох юм бэ?” хэмээв. Тэрээр яаран нүүрээ үрж, алгадаж угаасан бөгөөд ариун цэврийн өрөөнд нэлээд удав. Тэгээд тэр толинд хараад товчлуурын ором бараг арилсныг харж, дотроо: “Үнэхээр анхааралтай харахгүй л бол хэн ч анзаарахгүй юм байна” хэмээн баярлав. Үүний дараа тэрээр үсээ самнаж, захаа янзалсан бөгөөд цайвар өнгийн цамцных нь зах бага зэрэг тос болсон байгааг гэнэт анзаарч, сайтар ажиглатал ханцуй нь ч бас жаахан бохир байлаа. Тэрээр дотроо: “Би хэдэн өдөр усанд орж, хувцсаа солиогүй ч угаахгүй байхын бас нэг ашиг тус байна. Жаахан хир буртаг хэнд ч хэзээ ч хор хүргэхгүй, би ч жаахан хирнээс төвөгшөөхгүй. Ямартай ч, жаахан халтар байх нь илүү сүнслэг харагддаг биш гэж үү?” хэмээн бодов. Тэрээр цамцныхаа зах, ханцуйг зүгээр л эргүүлж, хүрэмнийхээ ханцуйг шууж, бохир болсон бүх хэсгийг ил гаргав. Сэтгэл нь ихэд ханаж, сэргэг цовоо болсон тэрээр тайван алхсаар ариун цэврийн өрөөнөөс гарав. Хэсэг хугацааны дараа ихэнх хүн байрандаа ирж, ажилдаа дарагдаж эхлэв. Шяожя бусад бүх хүн ирснийг хараад: “Та нар удаан дугхийсэнгүй шүү дээ! Та нар үнэхээр зовж, төлөөс төлж чадах юм аа! Би бүр дуг ч хийсэнгүй, нүдээ ганц минут амраачихаад, нүүрээ жаахан усаар шавшсан. Тэгэхгүй бол би ямар ч эрч хүчгүй байх байсан” гэлээ. Хэн ч хариулсангүй. Түүнд нэлээд уйтгартай санагдсан тул тэр ч бас ажилдаа оров. Өдрийн хоолондоо маш их шөл уусан болохоор тэр ариун цэврийн өрөө ормоор байсан ч хүслээ тэвчиж: “Хэрвээ би явбал хүмүүс намайг залхуу гэж бодох биш үү? Тийм нэртэй болбол сайн биш болохоор би явж болохгүй” гэж бодов. Тиймээс тэр тэвчиж, өөр хэн нэгэн ариун цэврийн өрөө рүү явах хүртэл хүлээсэн бөгөөд эцэст нь боломж гарч ирэхийг харав. Тэрээр хурдан цуваанд нэгдэж, “Олонхыг дагах нь маш сайн хэрэг, тэгвэл хэн ч миний талаар юу ч хэлэхгүй” гэж бодлоо.
Үдээс хойш завгүй байлаа. Шяожя маш их ажил хийж, энэ хүнтэй нөхөрлөж, тэр хүнээс асуулт асууж, эх сурвалж хайж, үүрэгтэйгээ холбоотой бүхий л төрлийн ажлыг хийв. Энэ их бужигнааны дараа эцэст нь оройн хоолны цаг боллоо. Энэ удаад Шяожя бусдаас арай л оройтсон боловч ерөнхийдөө цагтаа хооллож дууслаа. Оройн хоолны дараах үе бол Шяожягийн хувьд өдрийн хамгийн баяртай мөч байв, учир нь энэ бол тэрээр өөрийгөө зэмлэхгүйгээр, бусдын шүүмжлэлд өртөхгүйгээр, харин амар тайван зүрх сэтгэлээр нэг аяга дуртай кофегоо тайван ууж чадах цорын ганц цаг байлаа. Яагаад тэр вэ? Учир нь түүнд кофе уух шаардлагатай хангалттай олон шалтгаан байсан бөгөөд эдгээр шалтгаан нь бусад бүх хүний нүдээр бол бүрэн зүй ёсны хэрэг байв. Тиймээс энэ нь түүний хамгийн баяртай мөч байлаа. Тэрээр кофегоо чанах зуураа “За яах вэ, өнөөдөр дахиад л илүү цагаар ажиллах хэрэгтэй боллоо. Хэр удаан гэдгийг ч мэдэхгүй юм. Энэ кофе намайг хэр удаан сэргэг байлгахыг харъя даа” хэмээн өөртөө бувтнав. Тэрээр “Тэгээд яах юм? Би кофегоо ууж байна, чи яах юм бэ?” гэж хүн бүрд хэлэх гэж байгаа мэт дөнгөж чанасан кофегоо ширээн дээр тасхийлгэн тавив. Тэр эргэн тойрныхоо хүмүүс рүү хальт харав. Хэн ч түүн рүү хараагүй боловч тэрээр бас л тоосон шинжгүйгээр аягагаа авч, кофеноосоо нэг балгаад, “Тэд бүгд кофе сайн гэж хэлдэг, үнэхээр ч тийм шүү. Өдөр бүр өөр амттай байж, өөр мэдрэмж төрүүлдэг. Ямар гайхалтай юм бэ!” гэж бодлоо. Баярласан тэрээр бахархалтайгаар кофегоо шимж, дараа нь оройн ажлаа хийхээр гөлрөн харав. Түүнд ерөнхийдөө ямар ч зорилго байсангүй, завгүй өдрийн дараа ядарч туйлдсан байсан ч үргэлжлүүлэн ажиллахаар өөрийгөө хүчлэв. Тэр үүрэглэж болохгүй, бас ядарч байгаагаа, эсвэл ажилдаа юм уу үүрэгтээ хааш яаш, хариуцлагагүй, эсвэл хүндэтгэлгүй хандаж байгаагаа бусдад харуулж болохгүй байлаа. Тэрээр өөрийгөө хүчлэн сэргээж, үргэлжлүүлэн ажиллахаар компьютерынхоо ард суусан бөгөөд мэдээж ар араас нь кофе уулаа. Тэр кофе уух тусмаа улам сэргэг болж, нойрмоглох нь багасаж байв. Шяожя үе үе цагаа хараад, “Нэг цаг өнгөрч байна, гэхдээ би өөртөө гурван цаг гэсэн зорилго тавьсан болохоор унтаж болохгүй. Би бүр 02:50-д ч унтаж болохгүй, тэгвэл амлалтаа зөрчсөн хэрэг болж, Бурханд тайлбарлах аргагүй болно. Энэ бол бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой амлалт, тиймээс би үүнийг хүндэтгэх ёстой. Би 03:00 цагт унтана гэж хэлсэн болохоор маш их кофе уух хэрэг гарсан ч хамаагүй 03:00 цагт л унтана” гэж бодов. Тиймээс тэр кофе ууж, ядарсан ч тэсэж, оюун санаандаа өөрийгөө хазаарлаж, хянаж байлаа. Гурван цагт Шяожяд хийх чухал ажил байсан тул тэр утсаа аваад: Хэн хэн эгч ээ, Шяожя байна. Танд нэг чухал зүйл сануулах гэсэн юм. Маргааш өглөө 10:00 цагт бүлгийн цуглаантайг битгий мартаарай. Заавал оролцох ёстой тул битгий хоцроорой. Доор гарын үсэг зурсан: Шяожя гэсэн зурвас илгээв. Зурвасаа илгээснийхээ дараа санаа амрахтай зэрэгцэн Шяожя бас: “Илгээх бол нэг хэрэг, гэхдээ тэр хүлээж аваагүй бол яах вэ? Намайг зурвас илгээснийг тэр мэдэж байгаа болов уу? Би одоохондоо унтаж болохгүй. Түүнийг хариу бичих эсэхийг хүлээж харах хэрэгтэй” гэж бодлоо. Хагас цаг хүлээсний дараа хариу ирэхгүй хэвээр байсанд тэрээр: “Тэр унтчихсан юм байх даа? Яаж ийм эрт унтдаг байна аа? Ямар арчаагүй юм бэ, гурван цагт аль хэдийн унтчихсан байх гэж” хэмээн бодов. Тэр хүлээсний эцэст 03:50 цагт эгчээс: Маргааш 10:00 цагийн цуглааныг би мартаагүй ээ. Чамайг ч бас марталгүй, цагтаа ирнэ гэж найдаж байна гэсэн хариу ирэв. Шяожя үүнийг уншаад, “Өө, энэ чинь ямар гээч хүн бэ? Яаж надаас орой унтаж чаддаг байна аа?” гэж бодлоо. Гэвч тэр цаашид тэсэж чадсангүй. “Дахиж кофе уухгүй ээ! Хэрвээ дахиад уувал би өнөө шөнө огт унтахгүй. Би унтах хэрэгтэй байна, учир нь би 05:30-д, оройтлоо гэхэд 06:00 цагт босох ёстой. Би бусад ах эгчээсээ оройтож болохгүй, учир нь тэд боссоныхоо дараа намайг залбирч, Бурханы үгийг уншиж, номлол сонсож байгааг минь бүгд харах ёстой. Тиймээс би оройтож босож болохгүй. Энэ зурвасаас л болоод би эрт унтаж чадсангүй. Гэхдээ хамаагүй ээ, бусад нь намайг орой унтсаныг мэднэ. Гэхдээ би зорилгодоо хүрсэн, маргааш дөрвөн цаг гээд унтахыг хичээнэ дээ.” Шяожя бодохыг хичээх зуураа маш их манарсан байсан тул өрөөндөө буцаж ирээд хувцсаа ч тайлсангүй. Тэрээр орон дээрээ унаж, бараг унтах шахсанбайсан ч өөрийгөө хүчлэн: Өглөө өндөг идэж болохгүй, өдрийн хоолонд ганцхан мантуу иднэ, жигнэсэн гахайн мах идэж болохгүй, 03:00 цагт унтана, илгээх зурвасууд байсаар байгаа... гэдгийг санах гэж хичээлээ. Шяожя бодож бодсоор эцэст нь хөдөлгөөнгүй хэвтэж, ядаргаа, туйлдалт, зүүд, төөрөгдөл дунд унтаад өгөв. Энэ бол Шяожягийн амьдралын нэг өдөр байлаа.
Надад хэл дээ, энэ бүхэн юуны тухай байсан бэ? Шяожяд үргэлж тэгж дүр эсгэх нь ядаргаатай биш байсан гэж үү? (Тийм ээ, ядаргаатай байсан.) Роботод мэдрэхүй, хүртэхүй байдаггүй тул өдөржин нэг зүйлээ хийгээд ядардаггүй, харин хүмүүсийн хувьд энэ нь туйлдмаар. Шяожя тийм их ядарсан байж яагаад тэгж амьдарсан юм бэ? Тэр яагаад тэгсэн бэ? Түүнд төлөвлөгөө байсан уу? (Тийм ээ, байсан.) Түүний төлөвлөгөө юун дээр төвлөрч байсан бэ? (Бусдад гайхуулах.) Гайхуулах нь түүнд ямар нэгэн ашиг тустай байсан уу? (Хүмүүсээр өөрийгөө бишрүүлж чадах байсан.) Хүмүүсээр өөрийгөө бишрүүлж чадах байсан. Шяожягийн арга барил та нарт танил байна уу? Ямар төрлийн хүмүүс тэгж авирладаг вэ? (Фарисайчууд.) Яг зөв. Фарисайчууд сайн зан авир, хүмүүсийн үзэлд нийцэх зан авир, хэрэгжүүлэлтийг авч, сайн харагдаж, шүтүүлэхийн тулд тэдгээрийг бусдын өмнө хийдэг. Тэд хүмүүсийг төөрөлдүүлэх зорилгодоо хүрэхийн тулд энэ аргыг ашигладаг. Тэдний ийнхүү дүр үзүүлж, бусад хүнд гайхуулахын тулд элдэв янзын сайн зан авир гаргадгийн үндсэн шинж чанар юу вэ? Энэ нь дүр эсгэх, арга заль гаргах, төөрөлдүүлэх шинжтэй байдаг—өөр юу байна? (Сүнслэг дүр үзүүлэх.) Шяожягийн нэг өдөрт зан чанартай холбоотой, дүр үзүүлж чаддаг бүх хүнд нийтлэг байдаг хэдэн зүйл байсан бэ? Өндөг, мантуу, жигнэсэн гахайн мах идэх, бас кофе уух. Эдгээр нь бүгд гадаад зүйлс боловч чи тэдгээрээс ямар мөн чанарыг харж чадах вэ? Дүр эсгэлт болон өөрийгөө хянах байдал. Ямар дүр эсгэлт вэ? (Зовлон туулж байгаа дүр эсгэлт.) Хүмүүс зовлон туулахыг сайн зүйл гэж үздэг үү, эсвэл муу зүйл гэж үздэг үү? (Сайн зүйл.) Зовлон туулах нь хүн бүрийн маш их биширдэг сайн зан авир юм. Хүмүүс үүнийг юу гэж үздэг вэ? Тэд үүнийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үздэг. Тиймээс Шяожя зовлон туулж, төлөөс төлөх гэж тээнэгэлзээгүй. Түүний зовлонд юу багтсан бэ? Сайхан хоол идэхгүй байх, оройтож унтаж, эрт босох, биеэ сахилгажуулах. Иймэрхүү зовлонгийн уг чанар юу вэ? Тэдгээр нь бүгд дүр эсгэлт юм. Тэрээр үнэн юм уу зөв шударга байдлын төлөө бус, харин бусдын хүндлэл, бишрэл, өөрийнхөө сайн нэр хүнд, нэр төрийн төлөө зовсон. Тэр үнэний төлөө зовсон уу? (Үгүй, тэгээгүй.) Түүний ямар үйлдэл үнэн-зарчимд нийцэж байсан бэ, ямар үйлдэл нь үнэний төлөө өөрөөсөө урваж, хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан хэрэг байсан бэ? Тэдгээрийн аль нэг нь тийм байсан уу? (Үгүй.) Түүний зовлонгийн уг чанар юу байсан бэ? Энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг байсан уу? Энэ нь түүний үнэнийг хайрлах хайрын илрэл байсан уу? (Үгүй, байгаагүй.) Тэгвэл э юу байсан бэ? (Хоёр нүүр гаргасан явдал.) Энэ бол хоёр нүүр гаргасан явдал байсан, үнэнээс зэвүүцсэн явдал байсан, энэ бол арга заль, дүр эсгэлт, хуурамч байдал, төөрөгдөл байсан; энэ нь цэвэр өөрийнх нь төсөөлөл, үзэлд үндэслэсэн, өөрийнх нь ашиг сонирхолд нь төвлөрсөн үйлдэл, сонголт байсан бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй байв. Тэр үнэнийг эрж хайгаагүй, тиймээс түүний үйлдэл ч бас үнэн биш байсан; тэр нь үнэнтэй ямар ч хамаагүй байгаад зогсохгүй, түүний зүрх сэтгэлийн гүнд байсан хүн чанарын хэвийн хэрэгцээтэй нь бүрэн зөрчилдөж байлаа. Өндөг идэх нь нүгэл үү? (Үгүй, нүгэл биш.) Гэвч Шяожя өндөг идэхийг ховдоглол гэж үзсэн. Өндөг бол Бурханы хүнд зориулан бүтээсэн нэг төрлийн хоол хүнс юм. Хэрвээ чамд идэх боломж байгаа бол үүнийг идэх нь ховдоглол биш, харин идэх боломжгүй байж чи бусдын өндгийг хулгайлж идвэл энэ нь ховдоглол болно. Шяожя энэ хэргийг хэрхэн тодорхойлсон бэ? Тэрээр өндөг идэх нь ховдоглол бөгөөд хэрвээ бусад хүн харвал бүр ч илүү ховдоглол болно гэж итгэсэн. Хэрвээ хэнд ч харуулахгүйгээр, бусдын ар хударгаар өндөг идэж чадвал энэ нь ховдоглол биш гэж тэр бодсон. Ховдог сэтгэлийг хэмжих түүний стандарт юу байсан бэ? Энэ нь хэн нэгэн харсан эсэхэд үндэслэж байв. Тэр үүнийг Бурханы үгэнд үндэслэсэн үү? Үгүй, энэ нь түүний хувийн үзэл бодол байсан. Үнэндээ өндөг идэх энэ хэрэг явдал дээр бусад хүнд ямар нэгэн бодол санаа, үзэл бодол байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Энэ нь цэвэр Шяожягийн өөрөө зохиосон онол байв. Тэрээр өглөөний цайндаа өндөг идэх нь ховдоглож, тав тухад ташуурч, махан биеэ бодолцон үзэж байгаа хэрэг гэж итгэсэн. Тэгвэл түүний үзэл бодлоор өндөг иддэг бүх хүн тав тухад ташуурч, махан биеэ бодолцон үзэж байгаа хэрэг биш үү? Түүний цаад санаа нь: “Та нар бүгд өндөг идэхдээ махан биеэ бодолцон үзэж байна. Би махан биеэ бодолцон үздэггүй, би өөрийгөө хазаарлаж чаддаг болохоор өндөг иддэггүй. Миний яг өмнө өндөг тавьсан ч би авсныхаа дараа буцаагаад тавьж чадна. Энэ бол миний шийдэмгий, тууштай байдал бөгөөд би үнэнийг ингэж хайрладаг. Та нар тэгж чадах уу? Хэрвээ та нар чадахгүй бол үнэнийг хайрладаггүй юм байна” гэсэн санаа байв. Тэрээр өөрийнхөө санааг юу гэж үзсэн бэ? Зөв, бурууг хэмжих стандарт гэж үзсэн. Энэ хуурмаг байдал байсан бус уу? (Тийм ээ, байсан.) Энэ бол хуурамч байдал байсан.
Шяожягийн харуулсан өөр нэг илрэл бол тэр өдрийн хоолны цаг болоход хоолондоо яваагүй явдал юм. Оронд нь тэр юу хийсэн бэ? (Тэр хойшлуулсан.) Тэр өлсгөлөнгөө дарж, хоолондоо явахаа хойшлуулсан. Гэхдээ яагаад? (Бусдад гайхуулахын тулд.) Тэр жүжиглэж, бусдад харуулахын тулд үүнийг хийсэн. Тэр үүнээс бусад хүнийг юу харж, ойлгоосой гэж хүссэн бэ? Тэр бусдад хэчнээн их зовлон тэвчиж чаддагаа, мөн ажилдаа хэчнээн хичээнгүй, үнэнч, чин сэтгэлээсээ, хариуцлагатай ханддагаа харуулахыг хүссэн! Тэр хүмүүст өөрийгөө үнэхээр ер бусын хүн гэдгийг харуулахыг хүссэн! Тэгвэл тэр зорилгодоо хүрчих байсан; энэ бол түүний хүссэн үнэлгээ байв. Энэ үнэлгээ түүний хувьд ямар утгатай байсан бэ? Энэ нь түүний амьдрал, амин судас нь байсан. Энэ нь үнэнийг хайрлах хайр мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл түүн шиг хүмүүс юунд дуртай байдаг вэ? Тэд тээнэгэлзэхгүйгээр бусдад гайхуулж, явуулга хийж, арга мэх сэдэж, дүр эсгэн бусдыг мэхэлдэг бөгөөд хэчнээн их зовж чадахаа харуулан, улмаар тэднээс: “Чи үнэхээр зовлон тэвчиж чадах юм аа. Чи бол Бурханыг үнэхээр хайрладаг хүн бөгөөд үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг” гэх мэт үг сонсдог. Тэд бусдаас сайхан үг, эсвэл таатай үнэлгээ авахын тулд л хуурамч дүр төрх, арга заль ашиглан бодит баримтыг нуун дарагдуулж, Бурханыг мэхэлж, бусад хүнийг хууран мэхлэхдээ тээнэгэлздэггүй. Энэ ямар төрлийн зан чанар вэ? (Хорон муу зан чанар.) Энэ бол хорон муу. Тэд дүр эсгэх, жүжиглэх, арга заль хэрэглэхдээ үнэхээр сайн! Ердөө л хоол шүү дээ, тайван очоод хоолоо идэхэд ямар асуудал байна вэ? Хоол иддэггүй амьд хүн гэж байх уу? Цагтаа хооллох нь нүгэл үү? Өлссөн үедээ ямар нэг идэх юм олж авах нь нүгэл үү? (Үгүй, нүгэл биш.) Энэ бол бие махбодын хэрэгцээ; энэ нь эрүүл ухаанд нийцнэ. Ийм хүмүүс эрүүл ухаанд нийцэх бүх хэрэгцээг эрүүл ухаанд нийцэхгүй мэтээр үзэж, ялладаг. Тэд юуг сурталчилдаг вэ? Тэд биеэ байнга сахилгажуулахыг, бодит баримтыг нуун дарагдуулахыг, мөн хэрхэн зовж байгаагаа, тав тухад ташуурахаас хэрхэн татгалзаж байгаагаа, ямар ч төлөөс төлж, цаг хугацаа, эрч хүч болон өөрт байгаа бүхнээ ажилдаа хэрхэн зориулж байгаагаа бусдад харуулахын тулд дүр эсгэхийг сурталчилдаг. Энэ бол тэдний хүмүүст харуулахыг хүсдэг зүйл юм. Энэ нь тэдний бодитоор хийдэг зүйл мөн үү? Үгүй, биш. Тэд хуурамч дүр төрхөөр бусдыг төөрөлдүүлдэг бөгөөд энэ нь хорон муу зан чанарын илрэл юм. Тэд хоол идэх мэт өчүүхэн зүйл дээр ингэж их сүр бадруулдаг—тэд ямар гээч хүмүүс вэ? Энэ нь хэвийн хүн чанартай хүний хийх ёстой зүйл мөн үү? (Үгүй, биш.) Биш. Энэ нь дэндүү хорон санаатай хэрэг! Хэн нэгэн ялихгүй зүйл дээр ингэж их гайхуулж байгааг сонсвол ихэнх хүн сайшаах уу, эсвэл зэвүүцэх үү? (Тэд зэвүүцнэ.) Та нар ер ньингэж авирлаж чадах уу? (Заримдаа.) Ийм ноцтойгоор уу? (Үгүй.) Өлсөх нь тэвчихэд хэцүү мэдрэмж боловч зарим хүн энэ зовлонг тэвчиж чаддаг. Хэрвээ чи тэднээс Бурханы үгийг дуулгавартай дагаж, Түүний үгэнд хүчин чармайлт гаргаж, Бурханы үгийн зарчмын дагуу үйлдэж, үнэнч шударгаар ярихыг шаардвал тэдэнд энэ нь хэтэрхий зүдэргээтэй, хэцүү санагдана. Ийм хүмүүсийн хувьд өөрийнхөө ашиг сонирхол, бардам занг орхих нь тэнгэрт гарахаас ч хэцүү байх боловч тэд ямар ч үнээр хамаагүй Бурханы үгийг хойш тавьж, өөрсдийн төсөөллийн дагуу үйлдэж, махан биеийнхээ ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байдаг. Энэ нь үнэнийг хайрладаггүйн илрэл биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Энэ бол нэг тал нь юм.
Шяожя өөр ямар илрэл харуулсан бэ? Маш их нойр нь хүрч байсан ч тэр унтахаар яваагүй. Надад хэл дээ, хэрвээ хүн нойр нь хүрээд хэсэг зуур орондоо орж унтах юм уу түрхэн зуур дугхийчихээд дараа нь ажиллах хүч чадал нь нэмэгдвэл энэ нь эрүүл ухаанд нийцэх биш үү? (Тийм ээ, нийцнэ.) Энэ нь эрүүл ухаанд нийцнэ. Унтлаа гээд хэн нэгэн Шяожяг яллах уу? (Үгүй, яллахгүй.) Тэгвэл хэн ч түүнийг яллахгүй байхад тэр яагаад тэгж их айсан юм бэ? Тэр юунаас айсан бэ? (Илчлэгдэхээс.) Зөв, тэр илчлэгдэхээс айсан. Тэрээр төсөөлөлдөө, хүн бүр өөрийг нь өндрөөр үнэлдэг бөгөөд зовлон бэрхшээлийг үнэхээр сайн тэсвэрлэдэг, мөн онцгой сүсэг бишрэлтэй гэж боддог хэмээн итгэсэн. Хэрвээ түүний үнэн төрх ил болж, түүнийг тийм хүн биш гэдгийг бүгд мэдвэл түүний сайн дүр төрх тэр чигтээ нуран унана гэж тэр бодсон. Тэр энэ талаар бодохыг ч тэвчиж чадахгүй байсан, тиймээс дугхийхээс хүртэл өөрийгөө барьж байв. Тэр өөртөө тийм хатуу хандсан. Тэр ямар гээч хүн бэ? Тэр сэтгэцийн өвчтэй биш гэж үү? Ийм хүмүүс байнга номлол сонсож, Бурханы үгийг уншиж, нөхөрлөхөөр цуглардаг байж яагаад үнэн дээр анхаарлаа төвлөрүүлдэггүй юм бэ? Үнэн-зарчмын талаар тунгаан бодох нь чиний хувьд маш сайн хэрэг. Бурханы үг юу гэж хэлдгийг хар: Бурханы үгэнд хүмүүс дуг хийх талаар ямар нэгэн мэдэгдэл байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Бурхан энэ хэрэг ямар ч мэдэгдэл хийгээгүй, үүнийг бүр дурдаа ч үгүй. Хэвийн хүн чанарын сэтгэлгээтэй хэн боловч үүнийг хэрхэн зохицуулахаа мэдэх ёстой. Нойрмоглосон үедээ дуг хийх нь эрүүл ухаанд нийцнэ. Зуны халуун өдөр үд дунд амрах нь эрүүл ухаанд нийцнэ. Ялангуяа бие махбод, эрч хүчний түвшин зэрэг талаасаа дийлэхээ больсон зарим ахмад настан өдрийн хоолны дараа хэсэг зуур унтах шаардлагатай байдаг. Энэ нь тэдний амьдралын хэв маягийн дадал зуршилд бус, харин бие махбодынх нь хэрэгцээнд үндэслэдэг. Бурхан чамд хэвийн хүн чанарын ухамсар, мэдрэмж, хариу үйлдлийг өгсөн нь чи өөрийнхөө ажил, орчин нөхцөлийн дагуу өдөр тутмын хоол хүнс, хөдөлмөр, амралтаа зохицуулахын тулд бөгөөд чи өөрийгөө буруугаар ашиглах ёсгүй. Жишээ нь, чи элбэг дэлбэг хоол идэлгүй: “Бурхан хүмүүсийг сайхан хоол идэхийг зөвшөөрдөггүй; үргэлж сайхан хоол идэх нь хүмүүсийг ховдог шунахай болгодог” гэж хэллээ гэж бодъё. Бурхан хэзээ ч ингэж хэлээгүй бөгөөд Тэр хүмүүст ийм шаардлага тавьдаггүй. Гэвч Шяожя ингэж бодсон бөгөөд Бурхан ч бас тэгж боддог байх гэж тэр тооцоолсон. Хэрвээ хэн нэгэн хэт эрт унтвал энэ нь тав тухад ташуурч байгаа хэрэг бөгөөд Бурханд таалагддаггүй гэж тэр бодсон. Энэ нь үнэнийг ойлгохгүй байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Шяожя үнэнийг ойлгоогүй үедээ үүнийг эрж хайж болох байсан ч тэр тэгээгүй, тэр зүгээр л өөрийнхөө субъектив хүслийн дагуу үйлдсэн. Тэр үүнийг ямар хэмжээнд хүргэсэн бэ? Зүгээр оройтож унтахын тулд л тэр өдөрт гурав, дөрвөн аяга кофе уусан. Зарим хүн: “Би үүргээ гүйцэтгэж байхдаа маш их кофе уусан, тэгж байж Бурханы гэрийн ажлыг хийж чадсан” гэж хэлдэг. Хэрвээ өөр нэг хүн, “Хэн чамайг кофе уу гэсэн юм бэ? Чи өөрөө л уухаар сонгосон биз дээ?” гэж хэлвэл тэд дотроо: “Би яагаад кофе уудгийг чи мэдэх үү? Энэ нь оройтож унтахын тулд биш, жин хасахын тулд юм. Чи үүнийг мэдээгүй юм уу? Гэхдээ би чамд үүнийг хэлж болохгүй, учир нь тэгвэл чи мэдчихнэ. Хэрвээ чи надаас туранхай болчихвол би туранхай харагдах уу?” гэж бодно. Энэ үнэхээр нарийн тооцоотой байгаа хэрэг, тийм биз? Үүн дотор ямар үзэл бодол, санаа агуулагдаж байна вэ? Хэвийн хүн чанарын ойлголт, ухаалаг байдлын аль нэг нь байна уу? (Үгүй, байхгүй.) Үгүй, үүн дотор зөвхөн оюун санааны тулаан, арга заль, хуйвалдаан, дүр эсгэлт, хуурамч байдал болон төөрөгдөл л бий. Ийм л зүйл байна. Ямар нэг зүйл тохиолдох бүрд нарийн тооцоотой хандаж байгаа хэрэг. Тэд үнэн сэтгэлийн үзэл бодол, бодол санаагаа хэнд ч огт хэлэхгүй бөгөөд бүх хүнд мэдэгдэх, эсвэл Бурханд харуулахыг бүр ч зөвшөөрөхгүй. Тэдний сэтгэлгээ нь “Би өөрийгөө уудлан харуулдаг. Миний үйлдэл бодолтой минь нийцдэг бөгөөд би зүгээр л ийм хүн” гэх мэт байдаггүй. Тэдний сэтгэлгээ гарцаагүй ийм биш, тэгвэл ямар юм бэ? Бусдад харагддаг дүр төрх нь хангалттай агуу, үнэн сүсэгтэй, эсвэл сүнслэг биш байх вий гэхээс айж тэд чадах чинээгээрээ нуун дарагдуулж, дүр эсгэдэг.
Шяожя яагаад оройтож унтахыг хүссэн бэ? Олон төрлийн ажил шөнө дөл болтол суухыг шаарддаггүй бөгөөд хүмүүс ихэнхдээ оройны 10:00 цагаас хойш нойрмоглодог. Тэд үргэлжлүүлэн ажиллалаа ч энэ нь үр дүнтэй байхгүй, учир нь хүмүүс хязгаарлагдмал энергитэй. Гэвч Шяожя үр дүнгүй гэдгийг нь маш сайн мэдэж байсан ч үр дүнтэй эсэхийг нь тоолгүйгээр үргэлж өөрийгөө хүчилдэг байв. Тэр яагаад унтахаасаа өмнө зурвас илгээсэн бэ? (Бусад хүн анзаараасай гэсэндээ.) Өөрийгөө гурван цагт унтсаныг бусдад харуулахын тулд. Шөнөжингөө унтахгүй байлаа ч эцсийн эцэст чи өөрөө л нойрмоглох биш үү? Тэгээд чи л өөртөө гай дуудсан хэрэг болох биш үү? Зарим хүн шөнө дөлөөр сэрүүн байж, шөнийн 03:00 цагт зурвас илгээдэг. Хүлээн авагч нь 04:00 цагт хариу бичих үед өөрийгөө бүр ч орой унтдаг гэж харуулахын тулд 05:00 цаг хүртэл хүлээж байгаад хариу бичдэг. Тэд ийм маягаар өөрсдийгөө тарчлааж, бие биенээ хорлодог бөгөөд эцэст нь тэдний хэн нь ч шөнөжингөө унтдаггүй. Тэд хоёулаа бодлогогүй мангарууд биш гэж үү? Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ бол тэнэг зан авир. Ийм төрлийн зан авир хаанаас гардаг вэ? Энэ бүхэн завхарсан зан чанараас гардаг. Одоогоор бид энэ зан авир ямар завхарсан зан чанараас үүдэлтэйг авч үзэхгүй, зүгээр л энэ нь ямар инээдтэй болохыг хэлнэ. Энэ хүмүүс Бурханы үгийн алиныг нь ч хамаагүй сонгож хэрэгжүүлснээр ийм инээдтэй зан авир, хэрэгжүүлэлтийг өөрчилж чадна. Түүний ямар ч үг тэднийг тайван амгалан, аюулгүй байдалд амьдруулж, амьдралыг нь илүү бодитой, хэрэгжихүйц болгож чадна. Тэд яагаад Бурханы үгийн дагуу амьдрахыг сонгодоггүй юм бэ? Тэд яагаад өөрсдийгөө ингэж тарчлаадаг юм бэ? Тэд өөрсдийн тарьсан үрээ хурааж байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, тийм.) Ийм хүн хэчнээн их зовсон ч энэ нь үргэлж дэмий хоосон байх бөгөөд хэчнээн их зовлон тэвчсэн ч үр дагаврыг нь тэд өөрсдөө үүрнэ. Зарим хүн: “Би Бурханд энэ олон жил итгэж, 20 жил удирдагч байсан. Би үргэлж шөнө дөл хүртэл сэрүүн байж, унтахгүй байсаар эцэст нь мэдрэлийн ядаргаанд орсон” гэж хэлдэг. Би: “Мэдрэлийн ядаргаанд орсон чинь харин ч хөнгөн тусаж. Хэрвээ чи өөрийгөө мунхгаар тарчлааж, тэгж авирласаар байвал сэтгэцийн өвчин тусах ч холгүй байна даа” гэж хэлдэг. Шөнө унтдаггүй, үргэлж түгшүүртэй байдаг, биеийн үйл ажиллагаа нь хэвийн бус байвал хүн эрүүл байж чадах уу? Тэд өөрсдөө л өөрсдөдөө гай дуудсан! Чи тэдэнд: “Тэгж авирлах нь бүтэхгүй. Ажлаа өдрийн цагаар зохицуулахыг чадах чинээгээрээ хичээж, бүтээмжээ нэмэгдүүл. Хүн бүр ажил ярилцаж байх үед дэмий зүйл бага ярьж, чухал биш зүйлийн талаар тэгж их битгий ярь. Чи хэлэлцүүлгийн гол санаа, цөм, сэдвийг барьж авах ёстой, дуусах үед хүн бүр өөрсдийн ажилдаа орох ёстой. Битгий нуршаад бай, бас битгий цаг үр” гэж хэллээ гэж бодъё. Тэд чамайг сонсохгүй. Тэд өөрсдийгөө илэрхийлэхдээ маруухан боловч туршлага хуримтлуулдаггүй, шөнийн нэг, хоёр цаг хүртэл дэмий чалчин цаг үрж, өөрсдөө ч унтахгүй, бусдыг ч унтуулдаггүй. Энэ нь бусдыг тарчлааж, хорлож байгаа хэрэг биш үү? Эцэст нь тэд: “Бурхан минь, чи харсан биз дээ? Гурван цаг болж байхад би унтаагүй л байсан!” гэж боддог. Бурхан үүнийг харсан. Тэрээр тэдний гаднах байдлыг төдийгүй дотоод зүрх сэтгэлийг нь харсан бөгөөд Тэрээр: “Чиний зүрх сэтгэл бохир заваан байна. Чи шөнөжингөө дэмий хоосон тарчилж унтахгүй байгаа ч Бурхан үүнийг хэзээ ч санахгүй. Унтах цаг болоход чи орондоо ордоггүй, харин өөрийгөө хүчлэн тэсдэг. Чи өөрөө л өөртөө энэ зовлонг дуудсан!” гэж айлддаг. Хүмүүс нойр нь хүрэх үед нүд нь аяндаа анилддаг. Энэ бол зөн совин, тиймээс хэрвээ чи үргэлж зөн совин, байгалийн хуулийг сөрвөл зовж шаналах нь зүйн хэрэг! Бурхан чамаас дэмий хоосон, эсвэл байгалийн хуулийг зөрчсөнөөс, эсвэл зарчим юм уу үнэнийг зөрчсөнөөс үүдэлтэй зовлонг тэвчихийг шаардахгүй. Хэрвээ чи ийм зовлон амсахаар зүтгэсээр байвал тэрүүгээр чинь болог. Зарим хүн, хэн нэгнийг шөнийн 03:00 цаг хүртэл унтдаггүй гэдгийг сонсоод: “Энэ чинь надтай яг адилхан биш үү? За, цаашид би 03:30-д унтаж байя” гэж боддог. Тэгээд тэд хэн нэгнийг 03:30-д унтдаг гэдгийг сонсоод 04:00 цагт унтахыг хүсдэг. Энэ чинь сэтгэцийн өвчин биш гэж үү? Чи юугаар ч өрсөлдөж болох байтал хэн хамгийн орой унтах вэ гэдгээр өрсөлдөхийг сонгож байна—энэ нь чи сэтгэцийн хувьд хэвийн бус байна гэсэн үг. Ийм хүмүүст ухамсарлах чадварын асуудал байна уу? (Тийм ээ, байна.) Тэд үнэнийг ухамсарлаж чаддаггүй. Цаг гарах үед гадаад зан авир, дүр эсгэлт, хуурамч байдал зэрэг зүйлсэд хүчин чармайлт гаргаж, тархиа гашилгаж, санаа тавихаа боль. Тэгвэл чи юунд хүчин чармайлт гаргах ёстой вэ? Бурханы үг хүн төрөлхтний завхарсан уг чанар, хорон муу зан чанарыг хэрхэн илчилдэг, мөн хүмүүс хааш яаш байдгийг Тэрээр хэрхэн илчилдгийг хар. Хүнийг ил болгодог Бурханы эдгээр үгтэй өөрийгөө харьцуулахад хүчин чармайлт гаргаж, Бурханы ил болгодог илрэлүүдийн хэд нь чамд байгааг, мөн тэдгээрийн хэдийг нь чи байнга үйлдэж, илчилдгээ эргэцүүл. Эдгээр зүйлийг эргэн харах нь маш сайн хэрэг! Хүн хэдэн өндөг юм уу мантуун дээр, эсвэл шөлөнд юм дүрэх дээр үргэлж хүчин чармайлт гаргах нь ямар жигшүүртэй хэрэг вэ! Энэ юу вэ? Энэ бол нарийн тооцоотой, мэргэн ухаангүй байгаа хэрэг. Ийм хүн ямар вэ? (Усан тэнэг.) Сайн хэллээ. Хэдэн өндөг идэхээ үргэлж бодолцдог, эсвэл шөнө сэрүүн байхын тулд кофе уух талаар үргэлж боддог хүмүүсийн тухайд тэднийг хоолонд донтсон усан тэнэгүүд гэж дуудахад хэтрүүлсэн болохгүй. Тэд ямар тал дээрээ тэнэг вэ? Бид яагаад энэ хүмүүсийг тэнэг гэж хэлдэг вэ? (Тэдний амсаж буй зовлон огт үнэ цэнгүй.) Энэ нь яахын аргагүй үнэ цэнгүй. Чи яагаад ийм хүүхдийн гэмээр зүйл хийхийг хүснэ гэж? Насан туршдаа өндөг идэхгүй байх нь чамд үнэнийг ойлгох боломж олгоно гэж чи бодож байна уу? Ингэж авирлах нь мунхаг хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Мунхаг зүйл битгий хий. Ямархуу хүмүүс мунхаг зүйл хийх хандлагатай байдаг вэ? (Сүнслэг ойлголтгүй хүмүүс.) Энэ хүмүүст үнэнийг ухамсарлах чадвар байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Зарим хүн: “Тэдний хэв чанар сайн бөгөөд тэд маш чадварлагаар номлол хийж чаддаг” гэж хэлдэг. Тэд чадварлагаар номлодог байж болох ч үйлдэх цаг ирэхэд яагаад үргэлж хүүхдийн гэмээр үйл ажиллагаанд оролцдог юм бэ? Тэд яагаад ийм төлөвшөөгүй, инээдтэй байдлаар авирладаг вэ? Энд юу болоод байна вэ? Тэд нэг янзаар яриад тэс өөрөөр үйлддэг. Тэдний ярьдаг зүйл бол хоосон сургаалын ойлголт нь бөгөөд тэдний үйлдэж харуулдаг зүйл бол үнэхээр ойлгож, хүлээн авч чаддаг тэр зүйлс нь юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд номлодог хоосон сургаалаа сайшааж, хүлээн зөвшөөрдөг үү? (Үгүй, тэд хүлээн зөвшөөрдөггүй.) Тэд эдгээр зүйлийг үнэн, эсвэл өөрсдийнх нь хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой шалгуур гэж хүлээн зөвшөөрдөггүй. Үнэндээ тэд зүрх сэтгэл нь байгаа заль мэх, үзэл, хуурамч санаа, хэрэгжүүлэлт, мөн бусдын сайн гэж үздэг зан авирыг л жинхэнэ шалгуур, хэрэгжүүлэлтийн зам гэж итгэдэг. Ийм хүмүүс өөрсдийгөө хэзээ ч өөрчлөхгүй бол хаягдан орхигдох биш үү? Тэдэнд аврагдах ямар нэгэн боломж байх уу? Найдвар тун бага.
Надад хэл дээ, халуун наранд шүхэр барих, эсвэл сүрлэн малгай өмсөх нь эрүүл ухаанд нийцэх үү? (Тийм ээ, эрүүл ухаанд нийцнэ.) Наранд ажиллаж байгаа хүмүүс малгай өмсөхгүй бол хурдан түлэгдэнэ, тиймээс малгай өмсөх нь бүрэн эрүүл ухаанд нийцнэ. Зарим хүн ингэж боддоггүй бөгөөд “Сүрлэн малгай өмсөх өө? Энэ чинь намайг доромжилж байгаа хэрэг биш үү? Би малгай өмсөнө гэж үү? Би зовохоос, эсвэл борлохоос айдаггүй. Үнэндээ энэ нь эрүүл мэндэд сайн” гэж хэлдэг. Хэрвээ тэд үнэхээр ингэж боддог бол энэ нь асуудал биш, гэхдээ гол нь зарим хүн зүрх сэтгэлийнхээ гүнд ингэж боддоггүй. Тэд: “Өөрсдийгөө хар даа, халуун өдөр борлох, эсвэл наранд түлэгдэхээс айсандаа сүрлэн малгай өмсөж байна. Би лав өмсөхгүй! Борлох, эсвэл наранд түлэгдэхэд айх юу байна? Бурхан ийм зүйлд дуртай, тийм болохоор би бусад хүн юу гэж бодохыг тоохгүй!” гэж боддог. Ингэж хэлдэг хүмүүсийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Тэднийг жаахан ов мэхтэй, жаахан хуурмаг гэж та нар бодож байна уу? Үнэндээ тэд малгай өмсөхөөс татгалзаж байгаагийн цаана нэг сэдэл байдаг бөгөөд тэр нь зовлон тэвчиж чаддаг, үнэхээр сүнслэг гэдгээ хүмүүст харуулах юм. Ийм хоёр нүүр гаргасан зан авир нь жигшмээр! Ингэж сайн дүр эсгэж чаддаг хүмүүс үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Тэд үүргийнхээ төлөө зовж, төлөөс төлж чадах уу? Тэд борлож, эсвэл наранд түлэгдмэгцээ гомдоллож, Бурханыг буруутгах биш үү? Хоёр нүүрт фарисайчууд үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй, харин сүнслэг дүр эсгэдэг. Тэд үнэхээр зовж, төлөөс төлж чадах уу? Хоёр нүүртнүүдийн мөн чанараас та нар тэдэнд үнэнийг хайрлах хайр огт байдаггүй бөгөөд үүний төлөө зовж, төлөөс төлөх чадвар бүр ч байдаггүйг харж болно. Түүгээр ч үл барам, тэд үнэний үгсийг хэчнээн их сонссон ч хэзээ ч үнэн гэж сонсож, ойлгодоггүй, оронд нь үүнийг нэг төрлийн сүнслэг онол мэт үзэж, номлодог. Ийм хоёр нүүртнүүд хүмүүс яагаад Бурханд итгэдэг, Тэр яагаад хүмүүст үнэнийг өгөхийг хүсдэг, хүмүүс Бурханы авралыг хүлээн авах үйл явц ямар байдаг, үүний ач холбогдол юунд оршдог, аврал гэж Бурхан үнэндээ юуг хэлж байгааг ойлгодоггүй. Тэд эдгээр үнэний алийг нь ч ойлгодоггүй. Хэрвээ чуулганд үнэнийг хайрладаггүй ч хуурмаг байх дуртай хоёр нүүртэн байвал тэр бол жинхэнэ фарисай юм. Тэд зүрх сэтгэлдээ зан авир, гадаад байдал, хүмүүсийн үнэлгээнд анхаардаг бөгөөд хэчнээн их үнэн сонссон ч хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Тэдний хэлдэг бүхэн зөв байдаг бөгөөд тэд бүх төрлийн хоосон сургаалыг ярьж чаддаг ч номлодог зүйлээ хэрэгжүүлдэггүй. Хэрвээ хэн нэгэн тэдэнтэй үнэхээр хөл нийлүүлж байвал тэд адилхан төрлийн хүн мөн үү? (Тийм ээ, мөн.) Хэвийн сэтгэлгээтэй хүн энэ хоёр нүүртний илрэлийг хэрхэн үзэх вэ? Тэд: “Тэдний хэрэгжүүлэлтийн арга барил буруу байна, тийм биш үү? Яагаад ийм хачин юм бэ? Хоолны цаг болоход тэд зүгээр л очоод идэх ёстой байтал яагаад үүнийг ингэж их тойруулдаг юм бэ?” гэж бодно. Тэд энэ хүнийг хачин, аливааг бусдаас өөрөөр, гажууд байдлаар ойлгодог гэж хэлэх бөгөөд тэдний нөлөөнд автахгүй. Гэхдээ хэрвээ хэн нэгэн энэ хоёр нүүртэнтэй адилхан төрлийн хүн байж, гадаад зан авир, хүмүүсийн санаа бодолд онцгойлон анхаардаг бол өөрийгөө түүнтэй харьцуулж, өрсөлдөнө. Энэ нь яг л Шяожя шөнийн 03:00 цагт зурвас илгээхэд хүлээн авагч нь 04:00 цагт хариу бичиж, “Чи над руу 03:00 цагт зурвас илгээсэн болохоор би 04:00 цагт хариу бичье” гэж бодож, тэгээд Шяожя “Чи над руу 04:00 цагт хариу бичсэн болохоор би 05:00 цагт хариу илгээнэ” гэж бодсонтой адил юм. Цаг хугацаа өнгөрөх тусам ингэж өрсөлдсөөр хүн бүр аажмаар хоёр нүүртэн болдог. Хэрвээ чуулганы удирдагч ийм хүн байж, ах эгч нар ялган таних чадваргүй бол тэд аюулд орно, тэд хэзээ ч төөрөлдөж магадгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Үнэнийг ойлгодоггүй хүн бусдын гадаад сайн зан авирт төөрөлдөж, нөлөөнд нь автах амархан байдаг. Тэд юу зөв болохыг мэддэггүй учраас ийм зан авирыг сайн гэх үзэлдээ итгэдэг. Хэрвээ өөр хэн нэгэн тэдгээр зан авирыг хэрэгжүүлж чадвал тэр хүн тэдний бишрэлийн бай болж, тэр хүнийг удирдагч байх ёстой, төгс болгуулах ёстой, Бурханаар хайрлуулах ёстой гэж тэд бодно. Тэд ийм зан авирыг сайшааж, зүрх сэтгэлийнхээ гүнд үүнийг зөв гэж батална. Хэрвээ тэд үүнийг зөв гэж баталвал юу болох вэ? Тэд тэр хүнийг дагана. Хэрвээ тэд хоёулаа удирдагч бол бие биетэйгээ барьцаж, өрсөлдөнө. Нэг удаа, өөр өөр улс орны чуулганы удирдагч, ажилчид цахимаар цугларсан юм. Би цахимд орж, хэсэг зуур сонссоныхоо дараа ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн. Би: “Энэ хүмүүс энд юу хийж байгаа юм бэ? Тэд номлож байна уу?” гэж бодсон. Нөхцөл байдлыг ойлгосныхоо дараа би тэднийг залбирч байсныг ойлгосон. Тэд яагаад тэгж залбирч байгаа юм бол гэж Би дотроо гайхсан. Аймшигтай сонсогдож байсан, яг л тэд соёогоо ярзайлгаж, савраа далайж байгаа мэт байсан. Энэ нь өөрөө тийм ч том асуудал биш, тэгвэл гол асуудал нь юу байсан бэ? Тэд Бурханы өмнө бус, нүдээ нээлттэйгээр залбирч, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлэхгүй байх шиг санагдсан. Харин тэд хэн нь хамгийн уран цэцэн болох, хэн нь илүү их хоосон сургаал ярьж чадах, хэн нь хамгийн өргөн хүрээтэй, гүн гүнзгий ярьж байгааг үзэхээр өрсөлдөж байсан. Энэ нь Бурханд хандсан залбирал бус, харин дэвжээн дээрх тулаан мэт сонсогдож байлаа. Энэ хүмүүс дууссан бус уу? Тэд хаягдан орхигдсон бус уу? Ийм хүмүүс удирдагчаар ажиллаж байхад тэдний дор байгаа хүмүүс хэчнээн их зовлон тэвчих ёстой вэ? Тэдний дор байгаа хүмүүс хорлогдож байгаа биш үү? Хүн бүр дор хаяж 20 минут идэвхтэйгээр залбирсан бөгөөд цуглааныг хэн нэгэн хүн дангаараа ноёрхож болохгүй, хүмүүс зөвхөн 5-аас 10 минут л нөхөрлөж болно гэсэн Дээрхийн тогтоомжийг үл харгалзан тэд ичгүүргүйгээр тийм их цагийг залбирахад зарцуулсан. Хожим нь би олон цуглаан яагаад өглөөнөөс шөнө хүртэл үргэлжилдгийг эцэст нь ойлгосон: Эдгээр удирдагч гэгдэх хүмүүс ар араасаа зөвхөн залбирахад л маш их цаг зарцуулдаг бөгөөд энэ хооронд дор нь байгаа хүмүүс зовдог. Энэ хуурамч удирдагчид үгээр тулалдаж, дэмий чалчих гэж тэнд байсан бөгөөд зарим нь бүр ямар нэг зүйл аль хэдийн хэлсэн эсэхээ мартах хүртлээ маш зарчимгүй байв. Тэдний хувьд бусдаасаа илүү удаан ярьж л байвал бүх зүйл зүгээр байлаа. Би гайхсан: Хүн залбирахдаа нүдээ аниад Бурханд залбирах ёстой байтал тэд яагаад нүдээ нээлттэй байлгасан юм бэ? Нүдээ нээлттэй байлгаж, бусад хүн хэрхэн залбирч байгааг харах нь тэдний оюун санааг үнэхээр үймүүлэхгүй байсан гэж үү? Ялангуяа бусад хүн хэрхэн залбирч, ямар үг ашиглаж байгааг бодож, тэднээс илүү гарахыг хүсэх шаардлагатай байхад—иймэрхүү зүйлээр дүүрэн зүрх сэтгэлтэйгээр Бурханд залбирч, чин сэтгэлээсээ ярих боломжтой юу? Энэ нь хэвийн бус эрүүл ухаан биш гэж үү? Энэ бүхэн хуурамч удирдагч, хуурамч ажилчдын хуурамч сүнслэг байдлын илрэл биш гэж үү? Хүн бүр хамтдаа цугларч, Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөх нь сайн хэрэг боловч зарим хүн: “Өө, чи мэдэхгүй байна. Тэр удирдагчдыг цугларч залбирах үед яг л судар уншиж байгаа юм шиг байдаг; тэд нэг л зүйлийн талаар ярьсаар байдаг бөгөөд биднийг цугларах бүрд адилхан байдаг. Би үүнийг сонсохоос залхаж байна” гэж мэдээлсэн. Иймэрхүү цуглаан хүмүүсийг хэрхэн босгон байгуулдаг вэ? Хуурамч удирдагч, ажилчид үргэлж ингэдэг; тэд Бурханы санаа зорилгод нийцэж чадах уу? Тэд хүмүүст үнэнийг ойлгоход нь туслахын тулд үнэний талаар нөхөрлөхөд, мөн үнэний талаар нөхөрлөснөөр асуудлыг шийдвэрлэхэд анхаардаггүй; оронд нь шашны хуурамч сүнслэг байдалд оролцдог. Энэ нь хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг биш үү? Энд юу нь асуудалтай байна вэ? Тэд Бурханы санаа зорилгыг, мөн Түүний хүмүүст тавьдаг шаардлагыг огт ойлгодоггүй. Тэд зүгээр л шашны зан үйлд оролцож, гайхуулдаг! Бүр долоон дор нь, тэд бусдыг ил болгох, дайрах, яллахын тулд залбирлыг ашигладаг бол зарим нь өөрсдийгөө зөвтгөх гэж залбирлыг ашигладаг. Тэдний залбирал Бурханы чихэнд зориулагдсан мэт харагддаг ч үнэндээ хүнийхэд зориулагдсан байдаг. Тиймээс энэ хүмүүст Бурханаас эмээдэг сэтгэл өчүүхэн төдий ч байдаггүй, тэд бүгд Бурханы гэрийн ажлыг үймүүлж буй үл итгэгчид юм. Энэ хуурамч удирдагчид залбиралдаа маш их муухай байдлыг илчилдэг. Зарим нь залбирахдаа: “Бурхан минь, зарим хүн намайг буруугаар ойлгосон. Би тэгж хэлэх гээгүй. Би чамд залбирч байна, би сөрөг болоогүй, бусад хүн юу дуртайгаа бодож болно” гэх мэт зүйл хэлдэг. Зарим нь хоосон сургаал ярьдаг бол зарим нь хэн нь илүү олон номлол сонсдог, хэн нь магтан дууны үг юм уу Бурханы үгийг хамгийн их санадаг, хэнийх нь залбирал хамгийн удаан үргэлжилдэг, хэн нь хамгийн уран цэцэн, эсвэл хэн нь хамгийн олон янзын залбирах арга барилтай гэдгээр өрсөлдөж, олон янзын залбиралд оролцдог. Энэ нь залбирал мөн үү? (Үгүй, биш.) Энэ юу вэ? Энэ бол ичгүүргүйгээр мууг үйлдэж байгаа хэрэг! Энэ бол үнэнээр тоглож, үнэнийг уландаа гишгэж, Бурханыг гутааж, доромжилж байгаа хэрэг! Энэ диаволууд болон үл итгэгчид залбирлаар дамжуулан юу ч хэлж зүрхэлдэг—Надад хэл дээ, тэд жинхэнэ итгэгчид мөн үү? Тэдэнд ямар нэгэн сүсэг бишрэл байна уу? (Үгүй, байхгүй.) Ийм хүмүүс удирдагчийн байр сууринаасаа чөлөөлөгдөх үед сөрөг болдог, тэд өөрсдийнхөө талаар огт эргэцүүлдэггүй, харин хаа сайгүй гомдоллож: “Би бурхны төлөө ажиллахдаа маш их зовсон байтал тэд намайг ямар ч бодитой ажил хийгээгүй, хуурамч удирдагч байсан гэж хэлээд чөлөөлсөн. Түүгээр ч барахгүй, над шиг ингэж дэлгэрэнгүйгээр хоосон сургаал ярьж чадах хүн хэд байгаа вэ? Над шиг хайр энэрэлтэй хүн хэд байгаа вэ? Би гэр бүл, карьераа орхиж, өдөр бүрийг чуулганд ах эгч нартайгаа цугларч өнгөрүүлэн, нэг дор гурав юм уу таван өдөр ярьдаг байсан. Тэд яаж намайг зүгээр л ингээд чөлөөлж чадаж байна аа?” гэдэг. Тэд дуулгаваргүй байж, гомдол тээдэг. Түүнчлэн: “Бурхны гэрт удирдагч битгий бол. Хэрвээ чи удирдагчаар сонгогдвол асуудалд орно, чөлөөлөгдмөгцөө жирийн итгэгч байх боломж ч чамд олдохгүй” гэх мэдэгдлийг тараадаг хүмүүс бас бий. Энэ ямар үг вэ? Энэ бол хамгийн утгагүй, инээдтэй үг бөгөөд үүнийг бас дуулгаваргүй байдлын, сэтгэл хангалуун бус байдлын хийгээд Бурханыг доромжилсон үг ч гэж хэлж болно. Энэ үгний утга нь тэр биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Энэ үгэн дотор юу агуулагдаж байна вэ? Дайралт—тэр үг бол жирийн нэг шүүлт биш! Энэ хүмүүс муу зүйл хийж, дураараа дургиж, ямар ч бодитой ажил хийж чадаагүйнхээ төлөө чөлөөлөгдсөн гэж хэлдэггүй, харин Бурхан тэдэнд зөвт бусаар хандсан, Тэр үйлдэхдээ тэдний бардам занг бодолцоогүй, мөн Тэр тэдний юу мэдэрч байгааг болон сэтгэл санааны хөрөнгө оруулалтыг нь ойлгоогүй хэмээн гомдоллодог. Тэдний сэтгэлгээ бол шүтлэггүй хүнийх бөгөөд тэдэнд үнэн-бодит байдал огт байдаггүй!
Та нар цуглааны үеэр ихэвчлэн хэр удаан залбирдаг вэ? Хүн бүрийн цагийг хэтэрхий их үрдэг үү? Та нарын залбирал хүмүүст ер нь төвөгтэй санагддаг уу? Зарим хүн залбирахдаа маш их цаг авдаг бөгөөд бүх хүн тэднийг сонсохоос залхдаг ч энэ хүмүүс өөрсдийгөө хамгийн сүнслэг нь гэж бодсоор, үүнийг Бурханд итгэсэн олон жилийнхээ туршид олж авсан, биелүүлсэн зүйлээ гэж итгэдэг. Тэд хэдэн цаг ч залбирсан ядардаггүй бөгөөд энэ хугацаандаа зүгээр л нөгөө л нэг хуучин, хамааралгүй зүйлсээ давтаж, мэддэг бүх бичиг үсэг, хоосон сургаал, уриа лоозонгоо, эсвэл бусдаас сонссон зүйлээ, эсвэл өөрсдийнхөө зохиосон зүйлийг ярьдаг. Хүн бүр залхсан эсэх, эсвэл тэдэнд таалагдаж байгаа эсэхээс үл хамааран тэд ингэдэг. Та нар ингэж залбирдаг уу? Надад хэл дээ, товчхон залбирах нь зөв үү, эсвэл урт залбирах нь зөв үү? (Зөв, эсвэл буруу гэж байхгүй.) Яг зөв. Эдгээрийн аль нь зөв, аль нь буруу болохыг чи тогтоож чадахгүй, чи зүгээр л зүрх сэтгэлийнхээ хэрэгцээний дагуу Бурханд залбирах ёстой. Заримдаа залбиралд ямар ч ёс жаяг шаардагддаггүй бол заримдаа шаардагддаг; энэ нь орчин нөхцөл, юу тохиолдсоноос шалтгаалдаг. Хэрвээ чи залбирал бага зэрэг удаж магадгүй гэж бодож байвал хувийн хэрэг явдлынхаа талаар Бурханд ганцаарчлан залбир. Цуглаан дээр тэр бүхний талаар битгий залбир, хүн бүрийн цагийг битгий үр. Үүнийг эрүүл ухаан гэнэ. Бардам зан, нэр хүндийнхээ төлөө зарим хүн үүнийг огт тоодоггүй. Энэ бол мунхаг, эрүүл ухаангүй хэрэг. Эрүүл ухаангүй хүмүүст ичих нүүр байдаг уу? Тэдний залбирахыг харахаас хүн бүр зэвүүцдэг гэдгийг тэд бүр мэддэг ч үгүй. Ийм өчүүхэн төдий ч мэдрэмж, ухамсаргүй хүмүүс үнэнийг ухамсарлаж чадах уу? Чадахгүй. Хүмүүсээс хэрэгжүүлэхийг Бурханы шаарддаг үнэн-зарчим бүгд Түүний үгэнд байдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх талаарх Бурханы нөхөрлөдөг бүх үг зарчим агуулдаг, мөн зарчим юм, хүмүүс зүгээр л тэдгээрийг анхааралтай тунгаан бодох хэрэгтэй. Бурханы үгэнд үнэнийг хэрэгжүүлэх талаар маш олон зарчим байдаг; бүхий л төрлийн хэрэг явдал, нөхцөл байдал, орчин нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх зарчим, зам байдаг бөгөөд гол нь чамд сүнслэг ойлголт байгаа эсэх, ухамсарлах чадвар байгаа эсэх явдал юм. Хэрвээ хэн нэгэнд ийм ухамсарлах чадвар байвал тэд үнэнийг ойлгож чадна. Харин байхгүй бол Бурханы үг хэчнээн дэлгэрэнгүй байсан ч тэдний ухамсарлах бүхэн нь зөвхөн дүрэм журам байх бөгөөд энэ нь үнэнийг ойлгож байгаа хэрэг биш юм. Тиймээс Бурхан чамд зарчим өгдөг, ингэснээр чи үүнийг өөр өөр нөхцөл байдалд тохируулан ашиглаж чадна. Түүний үгийг сонсож, Түүнийг таньж мэдсэнээр, янз бүрийн туршлага, нөхөрлөлөөр, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан чи Түүний айлддаг зарчмын нэг талыг, мөн нэг төрлийн хэрэг явдалд Түүний шаарддаг стандартыг ойлгох болно. Тэгээд чи үнэний тэр талыг ойлгосон байх болно. Хэрвээ Бурхан бүх зүйлийг нарийвчлан тайлбарлаж, тэр хэрэг явдалд, эсвэл энэ хэрэг явдалд хэрхэн үйлдэхийг хүмүүст хэлэх ёстой байсан бол Түүний айлддаг зарчим хэрэггүй байх байсан. Хэрвээ Бурхан энэ аргыг ашиглаж, хүн төрөлхтөнд ар араас нь дүрэм журам хэлсэн бол хүмүүс эцэст нь юу олж авах байсан бэ? Зөвхөн зарим нэг хэрэгжүүлэлт, зан авирыг л олж авна. Тэд Бурханы санаа зорилго, эсвэл Түүний үгийг хэзээ ч ойлгохгүй. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг ойлгохгүй бол үнэнийг хэзээ ч ойлгож чадахгүй. Ийм байдаг биш гэж үү? (Тийм ээ, ийм байдаг.) Та нар үнэнийг ойлгож чаддаг уу? Ихэнх хүн чаддаггүй бөгөөд сүнслэг ойлголттой, үнэнийг хайрладаг цөөн хэдэн хүн л үүнд үнэхээр хүрч чаддаг. Тэгвэл үүнд хүрч чаддаг хүмүүсийн урьдчилсан нөхцөл юу вэ? Хэрвээ тэд сүнслэг ойлголттой, ухамсарлах чадвартай, чин сэтгэлээсээ эрэлхийлдэг, үнэн болон эерэг зүйлсийг хайрладаг бол үүнд хүрч чадна. Үүнд хүрч чаддаггүй үлдсэн хүмүүсийн тухайд, нэг талаар энэ нь тэдний хэв чанар юм уу ухамсарлах чадварын асуудалтай холбоотой, нөгөө талаар энэ нь цаг хугацааны асуудал юм. Энэ нь хориод насны хүмүүстэй адил—хэрвээ чи тэднээс 50 гаран насны хүний хүрч чадах, хүрэх ёстой зүйлд хүрэхийг шаардвал энэ нь чадвараас нь хэтэрсэн зүйл хийхийг тэдэнд албадаж байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Одоо бодоод үз, хүний үнэнийг ухамсарлах чадвар юутай холбоотой вэ? (Тэдний хэв чанартай.) Энэ нь тэдний хэв чанартай холбоотой. Өөр юутай холбоотой вэ? (Тэд үнэнийг эрэлхийлдэг эсэхтэй.) Энэ нь тэдний эрэлхийлэлтэй тодорхой хэмжээнд холбоотой. Зарим хүн үнэндээ ойлгоц, сэтгэх хурд, IQ-ийн хувьд хангалттай байж, үнэнийг ойлгож чаддаг боловч үнэнийг хайрладаггүй, эсвэл эрэлхийлдэггүй. Тэд зүрх сэтгэлдээ үнэний талаар юу ч мэдэрдэггүй бөгөөд энэ тал дээр ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Ийм хүмүүст үнэн үргэлж бүрхэг, танигдашгүй зүйл байх бөгөөд тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч ямар ч нэмэргүй.
За, Би түүхүүдээ ярьж дууслаа. Энэ түүхүүдийн өрнөл, агуулга та нарт зарим үнэнийг ойлгоход тусалж чадах болов уу? (Тийм.) Би яагаад эдгээр түүхийг ярьдаг вэ? Хэрвээ эдгээр түүх хүмүүсийн амьдралын нөхцөл байдал, тэдний харуулдаг зан чанар, бодит амьдрал дахь бодол санаанаас хол хөндий байсан бол эдгээрийг ярих шаардлагатай байх байсан уу? (Үгүй.) Шаардлагагүй байх байсан. Бидний ярилцсан зүйлс бол хүмүүсийн амьдралдаа байнга харуулдаг нийтлэг үзэгдэл, байдал бөгөөд тэдгээр нь хүний зан чанар, үзэл бодол, бодол санаатай холбоотой байдаг. Хэрвээ эдгээр түүхийг сонссоныхоо дараа та нар, эдгээр нь зүгээр л түүх, бага зэрэг хошин, бас бага зэрэг сонирхолтой ч өөр юу ч байхгүй гэж бодоод, тэдгээр дэх үнэнийг ойлгож чадахгүй бол эдгээр нь та нарт ямар ч нэмэргүй байх болно. Та нар эдгээр түүхээс зарим үнэнийг ойлгох ёстой—энэ нь наад зах нь та нарын зан авирыг, ялангуяа тодорхой зүйлсийн талаарх та нарын үзэл бодлыг засах нөлөө үзүүлж, гажуудаар ойлгох арга барилаасаа буцаж, иймэрхүү зүйлийн талаар цэвэр ойлголттой болох боломжийг та нарт олгоно. Энэ нь зөвхөн та нарын зан авирыг өөрчлөхийн тулд бус, харин завхарсан зан чанараас үүдэн бий болдог эдгээр байдлыг уг үндсээр нь шийдвэрлэхийн тулд юм. Та нар ойлгож байна уу? Одоо гол сэдвийнхээ талаар нөхөрлөцгөөе.
Антихристүүд бусдаар үнэнийг юм уу Бурханыг биш, харин зөвхөн өөрсдийгөө дуулгавартай дагуулдгийг задлан шинжлэх нь
IV. Антихристүүд өчүүхэн туршлага, мэдлэгтэй болмогцоо үнэний биелэл мэт дүр эсгэдгийг задлан шинжлэх нь
Өнгөрсөн удаа бид тэд бусдаар үнэнийг юм уу Бурханыг биш, харин зөвхөн өөрсдийгөө дуулгавартай дагуулдаг хэмээх антихристүүдийн илрэлийн найм дахь зүйлийн талаар нөхөрлөсөн. Найм дахь зүйл нийтдээ дөрвөн дэд сэдэвт хуваагддаг. Бид эхний гурван дэд сэдвийн талаар нөхөрлөж дууссан, тэгвэл дөрөв дэх нь юу вэ? (Антихристүүд өчүүхэн туршлага, мэдлэгтэй болж, зарим нэг сургамж авмагцаа үнэний биелэл мэт дүр эсгэдэг.) Энэ бол найм дахь зүйлийн дөрөв дэх дэд сэдэв юм. Мэдээж, үүнд бас найм дахь зүйлийн сэдвийн илрэлүүдийн нэг тал хамаардаг—эдгээр нь хоорондоо холбоотой. Энэ сэдэв юу вэ? Тэд бусдаар үнэнийг юм уу Бурханыг биш, харин зөвхөн өөрсдийгөө дуулгавартай дагуулдаг гэдэг сэдэв. Энэхүү дэд сэдвийг хэдэн хэсэгт хувааж, хэсэг хэсгээр нь ярилцацгаая. Туршлага, мэдлэг, сургамж гэдэг нь тус бүрдээ юу вэ? Ямар хүмүүст эдгээр нь байдаг вэ? Ямар хүмүүс өөрсдийгөө эдгээрээр зэвсэглэх дуртай байдаг вэ? Ямар хүмүүс үнэнээр биш, харин эдгээр зүйлээр өөрсдийгөө зэвсэглэхийг чухалчилдаг вэ? Ямар хүмүүс эдгээр зүйлийг үнэн гэж үздэг вэ? Нэгдүгээрт, нэг зүйл лавтай: Энэ хүмүүсийн хэв чанар ямар байх, тэдний ухамсарлах чадвар ямар байхаас үл хамааран тэд мэдлэгт маш их дуртай байдаг, мэдлэгийг хайрлах хайр нь үнэн-бодит байдлыг хайрлах хайраас нь давдаг. Бурханд итгэх итгэлдээ тэдний эрэлхийлдэг зорилго, чиглэл нь туршлага, мэдлэг гэгчийг бага сага олж авах юм. Тэд энэхүү мэдлэг, туршлагыг ашиглан өөрсдийгөө зэвсэглэж, өнгөлөн далдалж, ингэснээрээ илүү мэдрэмжтэй, илүү ганган, илүү соёлжсон, мөн илүү их хүндлэгдэж, шүтэгдэж чаддаг болохыг хүсдэг. Ийм мэдлэг, туршлагатай байх үед амьдрал нь илүү үнэ цэнтэй, илүү сэтгэлд нийцсэн, өөртөө итгэх итгэлээр илүү дүүрэн болдог гэж тэд боддог. Тэднийхээр бол, тэд өөрсдийгөө энэхүү мэдлэгээр, мөн шашны онол болон амьдралын ухаан, мэдлэг, сургамжийн янз бүрийн талтай холбоотой үг хэллэгээр зэвсэглэхийн тулд Бурханд итгэдэг. Өөрсдийгөө эдгээр зүйлээр зэвсэглэснээр Бурханы гэрт болон энэ бүлэг хүний дунд байр суурь эзэлж чадна гэж тэд итгэдэг. Тиймээс тэдний өдөр бүр зүрх сэтгэлдээ бодож, шүтэж, дагадаг зүйлс нь бүгд мэдлэг, туршлага гэх мэттэй холбоотой байдаг.
Ямар төрлийн мэдлэг, туршлага, сургамж байдгийг, мөн эдгээрээс алийг нь үнэний биелэл мэт дүр эсгэх гэж нэрлэж болохыг эхлээд харцгаая. Нэгдүгээрт, эдгээр зүйл үнэнтэй ямар ч хамаагүй, үнэнд нийцдэггүй, үнэний эсрэг байдаг гэдгийг баттай хэлж болно. Эдгээр нь хүмүүсийн үзлээр бол зөв зүйл байж магадгүй, тэдний үзлээр эерэг, үзэсгэлэнтэй, сайн зүйлс байж магадгүй. Гэвч үнэн хэрэгтээ Бурханы нүдээр бол эдгээр зүйл үнэнтэй холбоогүй, эдгээр зүйл нь бүр үндсэндээ хүмүүсийн үнэнийг яллахын эх сурвалж, хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх, Түүний талаарх үзлийнх нь уг үндэс, эх сурвалж болдог. Туршлага, мэдлэг, сургамж—эдгээр зүйлийг олж авдаг хүмүүсийн дунд нас, хүйсийн ялгаа байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Байдаггүй байх хамгийн магадлалтай. Зарим хүн билиг авьяастай байдаг. Билиг авьяас гэж юу вэ? Жишээлбэл, зарим хүн ямар нэг онол юм уу үг хэллэгийг сонсоод, тийм онолын гол цөм юм уу үндсэн ухагдахууныг ухамсарласны дараа оюун ухаан нь маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Тэд тийм онол юм уу үг хэллэгийг хэрхэн тайлбарлахыг, мөн тэрийг бусад хүнтэй ярихдаа ашигладаг өөрсдийн хэллэг болгон хэрхэн хувиргахыг тэр дор нь мэддэг. Тэд эдгээр зүйлийг сонссоныхоо дараа хурдан тогтоодог; энэ нь тэдний ухамсарлах чадвар өндөр байгаа хэрэг огт биш, тэд ердөө л маш сайн ой санамжтай бөгөөд энэ нь нэг төрлийн онцгой билиг авьяас юм. Ийм билиг авьяастай хүн байдаг уу? (Байдаг.) Чамайг нэг зүйл хэлсний дараа тэр зүйлийг ашиглан өөр зүйлийн талаар тэр даруй дүгнэлт хийж чаддаг ийм хүмүүс байдаг. Тэдэнд сэдвийн нэг талын талаарх мэдээллийг өгөхөд түүнийг тэд бусад талбарт ашиглаж чаддаг. Тэд хэлэлцэж буй сэдвийг ашиглан өөрсдийн санааг дэвшүүлэхдээ маш сайн байдаг. Гадаад зүйлс болон онол—эдгээр логик болон хэл шинжлэлийн зүйлсийн тухайд тэд маш сайн. Өөрөөр хэлбэл, тэд үгээр тоглохдоо, мөн онол ашиглан бусдыг өөртөө татаж, үнэмшүүлэхдээ гаргууд байдаг. Ийм төрлийн билиг авьяастай зарим хүн байдаг. Тэд маш уран цэцэн, туйлын шаламгай сэтгэж, хариу үйлдэл хийдэг. Үнэний нэг талыг сонсмогцоо тэд өөрсдийн шалихгүй овсгоо, билиг авьяасаар үнэний энэ талыг нэг төрлийн мэдлэг, эрдэм гэж ойлгодог бөгөөд дараа нь энэ төрлийн эрдмээ ашиглан бусадтай нөхөрлөж, услах, хариулах гэгч ажлыг хийдэг. Энэ нь хүмүүст ямар үр нөлөө үзүүлдэг вэ? Ямар нэгэн сайн үр дүн гардаг уу? (Үгүй, гардаггүй.) Яагаад тэр вэ? (Энэ нь бодитой биш бөгөөд хүмүүс үүнийг сонсоод хэрэгжүүлэх замтай болдоггүй.) Энэ хүмүүсийн хэлснийг сонссоныхоо дараа бусад нь тэдний хэлсэн бүхэн зөв, нэг ч буруу үг байхгүй, зарчмын эсрэг нэг ч үг байхгүй—бүгд зөв гэж боддог. Гэвч эдгээр үгийг хэрэгжүүлэх үедээ тэдгээр нь хоосон, хэрэгжүүлэх үед ямар ч зорилго, чиглэл байхгүй, эдгээр үгийг хэрэгжүүлэлтийн зарчим болгон ашиглах боломжгүй гэдгийг мэдэрдэг. Тэгвэл эдгээр үг юу вэ? (Хоосон сургаал.) Тэдгээр нь нэг төрлийн хоосон сургаал, нэг төрлийн мэдлэг юм. Антихристүүдийн ийм илрэл маш тодорхой бөгөөд илэрхий байдаг. Тэд үнэнийг мэдлэг, академик зүйл, онол гэж үздэг. Тэд аливааг дөнгөж хагас хугас ойлгодог атлаа бусдаас үргэлж түүнийг ч хий, үүнийг ч хий гэж шаарддаг. Бусад нь ойлгохгүй, тэднээс дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсэх үед антихристүүд тодорхой тайлбарлаж чаддаггүй бөгөөд оронд нь: “Чи үнэнийг хайрладаггүй. Хэрвээ чи үнэнийг хайрладаг байсан бол миний хэлснийг ойлгож, хэрэгжүүлэх замтай байх байсан” хэмээн сөргүүлэн хариулдаг. Үүнийг сонсоод мунгинасан, ялган таних чадваргүй зарим хүн: “Тэр зөв. Хэрвээ би үнэхээр үнэнийг хайрладаг байсан бол тэдний үгийг ойлгох байсан” гэж боддог. Ялган таних чадваргүй хүмүүст энэ хүний хэлж байгаа зүйл зөв—өөрсдөө үнэнийг ойлгохгүй байна гэж санагддаг. Тэд хариуцлагыг өөрсдөдөө тохож, ийнхүү антихристүүдэд төөрөлдөж чиг баримжаагаа алддаг.
Одоо туршлагын талаар ярилцацгаая. Туршлага гэдэг бол аливааг туулж өнгөрүүлэх урт удаан хугацааны явцад нэгтгэн дүгнэсэн арга барил юм. Хоёр өдөр ажилласан хүмүүст ямар нэгэн туршлага байх уу? (Байхгүй.) Тэгвэл 10 юм уу 20 жил ажилласан хүмүүст гарцаагүй туршлага байгаа. Зарим хүн өөрсдийгөө олон жил ажилласан туршлагатай, тодорхой асуудалтай тулгарах үедээ юу хийх ёстойгоо, тодорхой төрлийн хүмүүстэй хэрхэн харьцахаа, мөн ямар хүмүүст ямар төрлийн хоосон сургаал ярих ёстойгоо бүгдийг нь мэднэ гэж боддог. Үүний үр дүнд, нэг л өдөр тэдний мэддэггүй шинэ зүйл тохиолдох үед тэд өнгөрсөн 20 жилийн ажлынхаа тэмдэглэлийг сөхөж хараад, тунгаан бодож, өнгөрсөн үеийн эдгээр үг хэллэг, хэрэгжүүлэлтийг хаа хамаагүй ашигладаг. Тэднийг ингэж үйлдэх үед үнэнийг ойлгодоггүй хүмүүс хийж байгаа зүйлийг нь үнэнд нийцэж байна гэж бодсоор байдаг бол, үнэнийг ойлгодог хүмүүс хараад л: “Энэ хүн сохроор үйлдэж байна. Тэдний ажилд зарчим алга; тэд бүхэлдээ туршлагад найддаг бөгөөд Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, хүмүүстэй хэрхэн харьцах талаарх Бурханы гэрийн зарчимд нийцсэн байдлаар хэрхэн үйлдэхээ ч ойлгодоггүй. Тэд дүрэм журмыг сохроор хэрэглэж байна” гэж хэлдэг. Энд нэг асуудал байна. Хэрвээ жирийн хүн богино хугацаанд л ажилласан бол тэдэнд: “Надад туршлага бий; би айхгүй байна. Би маш олон жил ажилласан. Би ямар төрлийн хүн хараагүй, ямар асуудал зохицуулаагүй гэж?” хэмээн хэлэх үндэслэл байхгүй байж магадгүй. Гэвч энэ хүмүүс ингэж хэлж зүрхэлдэг. Чи маш олон зүйлийг зохицуулж, цөөнгүй өөр төрлийн хүмүүстэй харьцсан байлаа ч асуудал бүрийг зохицуулахдаа, хүн бүртэй харьцахдаа үнэн-зарчмын дагуу үйлдэж байгаа гэдгээ баттай хэлж чадах уу? Үнэн хэрэгтээ, энэ бол чиний баттай хэлж зүрхлэх зүйл биш юм. Гэвч туршлага, дадсан арга барилыг үнэн гэж үздэг хүмүүсийн хувьд, хэн нэгэн өөрсдийг нь эсэргүүцвэл тэд: “Би маш олон жил ажиллаж байна. Би чиний явсан замаас ч олон гүүрээр гарсан байхад чи надтай санал нийлэхгүй байж зүрхэлнэ гэнэ ээ? Гэртээ хариад залбирахгүй юу чи!” гэж хэлдэг. Тэдний өмнө хэн ч “үгүй” гэж хэлж, өөр санал бодол дэвшүүлж, эсвэл санал зөрсөн нэг ч үг хэлж зүрхэлдэггүй. Энэ нь ямар зан авир вэ? Энэ бол туршлагыг үнэн гэж үзэж, өөрийгөө үнэний биелэл мөн гэж итгэх явдал юм. Зарим нь: “Би өөрийгөө үнэний биелэл гэж үздэггүй—хэн ийм цол хэргэм зүүж зүрхлэх юм бэ? Зөвхөн бурхан л үнэн. Би хэзээ ч тэгж авирлаж байгаагүй, бас хэзээ ч тэгж бодож байгаагүй” гэж хэлдэг. Субьектив байдлаар бол чи тэгж боддоггүй, тэгж үйлдэхийг ч зорьдоггүй. Гэвч бодит байдал дээр чиний аливааг хийх арга барил, зан авир, үйлдлийн мөн чанар чинь эцсийн дүндээ чамайг өөрийгөө үнэний биелэл гэж үздэг хүн хэмээн тодорхойлдог. Чи яагаад хүмүүсээр өөрийнхөө саналыг яг таг дагуулдаг юм бэ? Хэрвээ чи өөрийгөө Бурхан гэж үздэггүй, зүгээр л жирийн хүн юм бол чи бусдыг өөртөө дуулгавартай байлгах шалгуур хангасан уу? (Үгүй, хангаагүй.) Хүмүүс чамайг дуулгавартай дагаж болох ганц л нөхцөл байдаг, тэр нь чи үнэнийг ойлгодог бол—хэрвээ чи үнэнийг ойлгодог хүн бол. Гэхдээ нөгөөтээгүүр, чи үнэнийг ойлгодог хүн байлаа ч гэсэн зүгээр л жирийн хүн хэвээрээ бөгөөд жирийн хүн үнэний биелэл байж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Хэрвээ хүн Бурханы айлдсан бүх үг болон хүнийг ойлгоосой гэж Бурханы шаарддаг бүх үнэнийг ойлгож чадвал тэр хүн үнэний биелэл болж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Зарим нь: “Магадгүй тэд төгс болгуулаагүйгээс болсон байх. Петр бол төгс болгуулсан хүн байсан. Петрийг үнэний биелэл гэж нэрлэж болох уу?” гэж хэлдэг. Төгс болгууллаа гээд хүн үнэний биелэл болдоггүй, яагаад гэдгийг та нар мэдэх үү? (Мөн чанарын ялгаа бий.) Мөн чанарын ялгаа бий; энэ бол нэг тал нь. Хүн үнэний биелэл болж чадах эсэх—энэ бол бидний хэлэлцэх ёстой асуудал юм. Хүн үнэний биелэл байх боломжгүй гэж яагаад хэлдэг вэ? Үнэний биелэл гэдэг нь ердөө л мөн чанарын асуудал уу? Зарим хүн: “Хүн бүтээгдсэн зүйл болж төрдөг, харин тэнгэр дэх Нэгэн бол угаас Бүтээгч. Энэ асуудлаар бид маргах шаардлагагүй—Бурхан үргэлж үнэний биелэл байх болно. Тэгвэл Христ үнэнийг ойлгодог, Түүнд үнэн байдаг учраас Тэр үнэний биелэл мөн хэрэг үү? Хэрвээ бид Бурханаас бүх үнэнийг олж авсан бол бид бас үнэний биелэл гэж нэрлэгдэж чадах уу?” гэж хэлдэг. Бусад нь: “Бид чадахгүй. Хүмүүс илүү их үнэнийг ойлгох үедээ христ болж, бурхан болж чадна гэж би урьд нь боддог байсан. Харин энэ мөн чанар бол орлуулшгүй, өөрчлөгдөшгүй гэдгийг би одоо мэднэ” гэж хэлдэг. Тэдний ойлголт энэ хэмжээнд хүрсэн. Тэгвэл та нар энэ асуудлыг бүр илүү гүнзгий ойлгож чадах уу? Намайг та нартай нөхөрлөж дуусмагц та нар энэ асуудлыг ойлгох учиртай. Бид үнэний биеллийн талаар ярих үед энэ “биелэл” гэдэг нь яг юу юм бэ? Энэ нэр томьёо бага зэрэг хийсвэр тул үүнийг хамгийн энгийн үгээр тайлбарлая. Бурхан Өөрөө үнэн бөгөөд Тэр бүх үнэнийг эзэмшдэг. Бурхан бол үнэний эх сурвалж юм. Аливаа эерэг зүйл бүхэн, үнэн бүхэн Бурханаас ирдэг. Тэр бүх зүйл, үйл явдлын зөв бурууг шүүж чадна; Тэр болж өнгөрсөн зүйлс, одоо болж буй зүйлс болон хүнд хараахан мэдэгдээгүй ирээдүйн зүйлсийг шүүж чадна. Бурхан бол бүх зүйлийн зөв бурууг шүүж чадах цорын ганц Шүүгч бөгөөд энэ нь бүх зүйлийн зөв бурууг зөвхөн Бурхан л шүүж чадна гэсэн үг юм. Тэр бүх зүйлийн шалгуурыг мэддэг. Тэр хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж чадна. Бурхан бол үнэний биелэл бөгөөд энэ нь Тэр Өөрөө үнэний мөн чанарыг эзэмшдэг гэсэн үг юм. Хүн олон үнэнийг ойлгож, Бурханаар төгс болгуулсан ч гэсэн үнэний биелэлтэй ямар нэгэн хамаатай байх уу? Үгүй. Энэ нь лавтай юм. Хүн төгс болгуулах үедээ Бурханы одоогийн ажил болон хүнээс шаарддаг Бурханы янз бүрийн стандартын тухайд үнэн зөв шүүлт, хэрэгжүүлэх арга замтай болж, Бурханы санаа зорилгыг бүрэн ойлгоно. Тэр юу нь Бурханаас, юу нь хүнээс гарсныг, юу нь зөв, юу нь буруу болохыг ялгаж салгаж чадна. Гэсэн ч хүн хүрч чадашгүй, хүнд тодорхойгүй хэвээр үлддэг зарим зүйл байдаг бөгөөд хүн тэдгээрийг Бурхан хэлсний дараа л мэдэж чадна. Бурханы хараахан хэлээгүй, хараахан мэдэгдээгүй зүйлсийг хүн мэдэж, эсвэл урьдчилан таамаглаж чадах уу? Яавч үгүй. Түүгээр ч барахгүй, хүн Бурханаас үнэнийг олж авч, үнэн-бодит байдлыг эзэмшиж, олон үнэний мөн чанарыг мэдэж, зөв бурууг ялгах чадвартай болсон байлаа ч бүх зүйлийг хянаж, захирах чадвартай байх уу? Түүнд ийм чадвар байхгүй. Энэ бол Бурхан, хүн хоёрын ялгаа юм. Бүтээгдсэн зүйлс зөвхөн үнэний эх сурвалжаас л үнэнийг олж авч чадна. Тэд хүнээс үнэнийг олж авч чадах уу? Хүн үнэн мөн үү? Хүн үнэнээр хангаж чадах уу? Тэр чадахгүй, үүнд л ялгаа нь оршдог. Чи үнэнийг хангаж биш, зөвхөн хүлээн авч л чадна—тэгвэл чамайг үнэнийг эзэмшдэг хүн гэж нэрлэж болох уу? Чамайг үнэний биелэл гэж нэрлэж болох уу? Яавч үгүй! Үнэний биеллийн мөн чанар яг юу вэ? Энэ бол үнэнээр хангадаг эх сурвалж, бүх зүйлийг захирч, дээд эрхээ хэрэгжүүлэх эх сурвалж бөгөөд бүх зүйл, үйл явдлыг шүүх цорын ганц шалгуур, стандарт юм. Энэ бол үнэний биелэл. Антихристүүд энэ санааг хүлээн авахаас байнга татгалздаг. Мэдлэг бол хүч чадал, туршлага бол хүмүүсийн хүчирхэг болохын тулд өөрсдийгөө зэвсэглэдэг зэвсэг бөгөөд хүмүүс туршлага, мэдлэг, эдгээр сургамжтай байх үедээ бүх зүйлийг хянаж чадна гэж тэд итгэдэг. Тэд хүмүүсийн хувь заяаг хянаж, хүмүүсийн бодол санааг хянаж, нөлөөлж, тэр ч байтугай хүмүүсийн зан авирт ч нөлөөлж чадна. Эсвэл, эдгээр зүйл хүмүүст зааварлаж, хүмүүсийн бодол санааг өөрчилж, хүмүүсийн зан чанарыг өөрчилж чадна гэж зарим хүн боддог. Эдгээр нь ямархуу бодол вэ? (Антихристүүдийн бодол.) Эдгээр нь антихристүүдийн бодол юм. Бурхан яагаад хүн төрөлхтний хувь заяаг захирч чаддаг вэ? Бурхан бол бүх эерэг зүйлийн бодит байдал бөгөөд Түүний үг бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Бурханы мөн чанар юу вэ? Түүний мөн чанар бол үнэн, тийм учраас Тэр хүн төрөлхтний хувь заяаг захирч чаддаг. Антихристүүд энэ санааг олж хардаггүй, хүлээн зөвшөөрдөггүй, хүлээж авах нь бүр ч үгүй. Тэд хүмүүсээс, мэдлэгээс, нийгмээс гаралтай, ёрын муу хүн төрөлхтний дээдэлдэг тэр зүйлсийг үнэн гэж үздэг бөгөөд эдгээр зүйлийг ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, хянаж, чуулганд болон Бурханы сонгосон хүмүүсийн дунд байр суурь олж авахыг оролддог. Хүмүүсийг төөрөлдүүлэх тэдний зорилго юу вэ? Эдгээр зүйлийг судалж, өөрсдийгөө эдгээрээр зэвсэглэх тэдний зорилго юу вэ? Хүмүүсийг өөрсдөдөө дуулгавартай байлгаж, өөрсдийнхөө үгийг сонсдог болгохын тулд юм. Хүмүүсийг өөрсдийнхөө үгийг сонсдог болгох тэдний зорилго юу вэ? (Тэднийг хянахын тулд.) Зөв, тэдний зорилго бол хүмүүсийг хянах юм. Энэ нь тэднийг ямар нэг үг айлдах үед хүмүүс дагаж мөрдөн, тэдний арганд автаж, тэдний багаж хэрэгсэл, боол нь болно гэсэн үг юм. Хүмүүс тэдний үзэл бодлыг хүлээн авч, тэдний туршлага, мэдлэг, сургамж гэгчийг нь хүлээн авдаг учраас энэ хүмүүс дараа нь тэднийг шүтдэг. Тэднийг шүтнэ гэдэг нь үгийг нь сонсоно гэсэн үг биш гэж үү? (Тийм.) Үгийг нь сонсоно гэдэг нь энэ хүмүүсийг амархан аргандаа оруулж болно гэсэн үг биш гэж үү? Антихристүүд амжилтад хүрсэн биш үү? (Тийм байна.) Хэн нэгэн тэдний үгэнд ормогц тэр хүн Бурханаас холдсон гэсэн үг биш гэж үү? (Тийм.) Энэ нь антихристүүдийг баярлуулдаг; энэ бол тэдний зорилго юм. Үнэндээ тэд зүрх сэтгэлийнхээ угаас өөрсдийгөө үнэний биелэл, өөрсдийгөө үнэн мөн гэдэгт заавал эргэлзээгүйгээр итгэдэггүй байж болох ч тэд тэгж бодож, тэгж үйлддэг. Тэд яагаад тэгж бодож, үйлддэг вэ? Тэд өөрсдийн мэдлэг, туршлага, билиг авьяасаас нь урган гарсан бүхнийг зөв гэж итгэдэг бөгөөд эдгээр зүйлийг ашиглан хүмүүсийг хянаж, гартаа бат оруулахыг хүсдэг. Тэдний зарим мэдлэг, туршлага, сургамж нь хүмүүсийг мэхлэх зорилготой диаволын үг болох нь илэрхий байдаг. Зарим нь илэрхий биш ч гэлээ дотроо явуулга, зальжин төлөвлөгөө, хуйвалдаан нуусан байдаг бөгөөд тэдгээрийг нэвт харж чаддаггүй хүмүүс төөрөлдөнө. Төөрөлдөхийн үр дагавар юу вэ? Хүмүүс Бурханаас улам бүр холдож, үнэнийг ойлгохоо больж, хүний мэдлэг, туршлага, сургамжийг үнэн гэж үзэн, Бурханы үгийг хойш тавьдаг. Хүмүүст Бурханы үг маш бүдэг бадаг болдог хэр нь энэхүү мэдлэг, туршлагад маш их санаа тавьж, дээдэлдэг, тэр ч байтугай тэдгээрийг хэрэгжүүлж, биелүүлэхэд хүчин чармайлт гаргадаг. Энэ бол антихристүүдийн үйлдлийн зорилго юм. Хэрвээ тэдэнд хүмүүсийг аргандаа оруулж, хянаж, дуулгавартай байлгах ийм амбиц байгаагүй бол тэд өөрсдийгөө эдгээр зүйлээр зэвсэглэх байсан уу? Тэд үүнд ямар ч хүчин чармайлт гаргахгүй байсан. Тэдэнд зорилго бий; тэдний зорилго маш тодорхой. Энэ тодорхой зорилго нь юу вэ? (Хүмүүсийг хянах.) Энэ бол хүмүүсийг хянах. Тэд бүхэл бүтэн бүлэг хүнийг хянадаг байна уу, эсвэл зөвхөн нэг хэсгийг нь хянадаг байна уу гэдгээс үл хамааран, онолын суурьгүйгээр хэн нэгнийг хянаж чадах байсан уу? Тэд эхлээд хүмүүсийн үзэл, төсөөлөлд хамгийн их нийцдэг, хүмүүсийн сонирхолд хамгийн их таардаг хэсэг бодол санаа, онолыг олж, тэдгээрийг хүмүүсийн дунд түгээхийн тулд боломжтой бүх аргыг ашиглах ёстой. Энэ нь хүмүүсийн тархийг угааж, бодол санаан дээр нь ажиллаж, байнга үзэл суртал суулгаж, хүмүүсийг эдгээр бодол санаа, үзэл бодлыг байнга сонсдог болгож, танил болгож, хүлээн авдаг болгоно гэсэн үг юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс идэвхгүйгээр үзэл суртал суулгуулж, идэвхгүйгээр тархиа угаалгадаг бөгөөд эдгээр үзэл бодлыг өөрийн эрхгүй хүлээн авдаг. Хүмүүст зөв бурууг ялгах дотоод чадвар байдаггүй учраас үнэнийг ойлгохоосоо өмнө тэдэнд эдгээр зүйлийг эсэргүүцэх чадвар байдаггүй—тэдэнд үүний эсрэг дархлаа байдаггүй. Хүмүүс эдгээр эндүү ташаа үзэл бодлыг хүлээн авах үедээ тэдгээрт хурдан олзлогддог. “Олзлогдох” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь эдгээр үзэл бодлыг хүлээн авсныхаа дараа хүмүүс эдгээр зүйл зөв гэдэгт улам бүр хатуу итгэж, өөрсдийгөө болон бусдыг үнэмшүүлэхийн тулд эдгээр үзэл бодлыг байнга ашигладаг болно гэсэн үг юм. Тэд төөрөлдөж, хяналтад орсон бөгөөд Сатан хүмүүсийг төөрөлдүүлэхдээ ингэж л зорилгодоо хүрдэг.
Ертөнцөд ямар нэг тусгай мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, эсвэл нийгэмд тодорхой байр суурьтай зарим хүн Бурханы гэрт ирснийхээ дараа нийтлэг нэг бодолтой болдог бөгөөд үүний улмаас тэдэнд нэгэн нийтлэг илрэл гарч ирдэг. Энэ бодол нь юу вэ? Тэд өөрсдийгөө нийгмийн элитүүд гэж үздэг. Элитүүд гэж юу вэ? Тэд бол бүлэг хүн дундаас онцгойрдог хүмүүс юм. Тэд ямар нэг тусгай дээд боловсрол эзэмшсэн бөгөөд авьяас, хэв чанар, билиг авьяас нь бусдаас хавьгүй илүү байдаг. Бусдаас хавьгүй илүү байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бүлэг хүний дундаас тэд гарамгай сэтгэхүй, оюун ухаан, уран цэцэн үг хэллэгтэй, тодорхой зүйл, ур чадварыг ойлгох онцгой чадвартай байдаг гэсэн үг юм. Үүнийг бусдаас хавьгүй илүү байх гэдэг бөгөөд энэ хүмүүсийг нийгмийн элитүүд гэж нэрлэдэг. Улс орон бүр ийм хүнийг хөгжүүлдэг. Тэднийг хөгжүүлэх зорилго юу вэ? Улс орныг илүү хурдан хөгжүүлэхийн тулд. Ийм хүмүүс янз бүрийн албан тушаалд өөрсдийгөө зориулах үед нийгмийн бүх давхаргад хөгжил хурдасдаг. Нийгэмд ийм хүмүүсийн байр суурь өндөр үү, эсвэл доогуур уу? (Өндөр.) Тэд гарцаагүй жирийн байр суурьтай байдаггүй. Тэд ямар нэг онцгой авьяастай, ямар нэг онцгой мэдлэг сурсан, ямар нэг онцгой боловсрол эзэмшсэн байдаг. Тэдний хэв чанар, авьяас, сурсан мэдлэг нь жирийн хүмүүсийнхээс өндөр байдаг. Хэрвээ энэ хүмүүс чуулганд ирвэл тэдний сэтгэлгээ ямар байдаг вэ? Тэдний анхны бодол юу вэ? Нэгдүгээрт, тэд: “Турж үхсэн ч тэмээ тугалганаас хүнд гэдэг. Бурханд итгэснийхээ дараа би ертөнцийг эрэлхийлэхгүй, тэнд алдар нэр эдлэхгүй ч гэлээ эзэмшсэн онцгой боловсрол, түүнчлэн сурсан мэдлэг, зэвсэглэсэн авьяасаа бодвол би та нарын дунд удирдагч байх ёстой. Бурхны гэрт би гол түшиг тулгуур, багана байх ёстой. Би залж чиглүүлж, удирддаг хүн байх ёстой” гэж боддог. Тэд ингэж боддоггүй гэж үү? Энэ бодол юунд үндэслэдэг вэ? Хэрвээ тэд дорд тариачин байсан бол ингэж бодож зүрхлэх байсан уу? (Тэгэхгүй байсан.) Яагаад үгүй гэж? (Тэдэнд үндэслэл байхгүй.) Тэдэнд ингэж бодох үндэслэл байхгүй. Тэгвэл ямар хүмүүс ингэж бодож чаддаг вэ? Тэд бүгд тодорхой мэдлэг, авьяас, билиг авьяас, хэв чанар гэгчтэй хүмүүс юм. Бурханы гэрт ирэх үедээ тэд: “Би цаашид ертөнцийг эрэлхийлэхгүй. Ертөнц хэтэрхий ёрын муу учраас оронд нь би бурхны гэрт ирж, тэнд эрэлхийлнэ. Бурхны гэрт би ядаж л удирдагч юм уу ажилчны байр суурийг олж авч чадна” гэж боддог. Тэд сайн санаа зорилго өвөрлөдөг үү? (Өвөрлөдөггүй.) Яагаад тэд сайн санаа зорилго өвөрлөдөггүй вэ? Тэдний сурсан зүйл болон нийгмийн байр суурь нь тэднийг аймшигтайгаар хорлодог. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлэхгүй бол амьдралдаа ийм байр сууриасаа хэзээ ч буухгүй. Тэд үргэлж өөрсдийгөө үүлэн дээр байгаа мэт өндөрт мэдрэх боловч үнэн хэрэгтээ Бурханы өнцгөөс бол тэд жирийн бүтээгдсэн зүйлээс ямар ч ялгаагүй. Тэд үргэлж өөрсдийгөө үүлэн дээр өндөрт тавина. Энэ нь аюултай биш гэж үү? Хэрвээ тэд унавал хатуу унах бөгөөд аминд нь аюул учирч магадгүй! Яагаад ийм хүмүүс өөрсдийгөө өндөр байр суурьтай байх ёстой, шүтэгдэх ёстой, олон хүн өөрсдийг нь тойрон эргэлдэж байх ёстой, бүх зүйл дээр өөрсөдтэй нь зөвлөлдөж, санал бодлыг нь сонсох ёстой, мөн бүх зүйлд өөрсдийг нь бодолцож, нэн тэргүүнд тавих ёстой гэж боддог вэ? Яагаад тэд маш олон “ёстой” гэж боддог вэ? Учир нь тэд нийгмийн байр суурь, мэдлэг, сурсан онцгой зүйлсдээ маш их ач холбогдол өгдөг. Тэд: “Үнэнийг хэчнээн их, эсвэл хэчнээн өндрөөр ярьсан ч миний энэ зүйлс үнэ цэнтэй хэвээр байх болно; эдгээр нь үнэнээс илүү үнэ цэнтэй, үнэнээр орлуулж болохгүй. Нийгэмд би компанийн захирал. Би мянга мянган хүнийг удирддаг. Намайг гараа даллах төдийд хүн бүр үгийг минь сонсох ёстой. Надад ийм их эрх мэдэл бий—тэгэхээр ямархуу албан тушаал, байр суурьтайг минь бодоод үз дээ! Бурханы гэр дэх энэ өчүүхэн хүмүүс дунд надаас дээгүүр хүн хэд байна вэ? Эргэн тойрноо харахад онцгой хүн нэг их харагдахгүй байна. Хэрвээ би тэднийг удирдвал энэ нь асуудал болохгүй байсан; энэ нь сүртэй зүйл биш байх байсан!” гэж боддог. Чи тэдэнд: “За. Чамд ийм амбиц байгаа нь сайн хэрэг. Би чиний хүслийг хангаж, чамайг чуулганы удирдагчаар санал болгоё. Энэ хүмүүсийг Бурханы үгийг хэрхэн уншиж, үнэнийг хэрэгжүүлэхийг мэддэг болгохын тулд чи тэднийг Бурханы өмнө авчир, мөн чи сул дорой, сөрөг, үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүсийг тусалж дэмж” гэж хэллээ гэж бодъё. Тэд: “Тэр чинь амархан. Би бизнес хийдэг байхдаа хүмүүсийн сэтгэлгээний талаар зөвлөгөө өгөх иймэрхүү ажлыг бүгдийг нь хийж байсан. Энэ бол миний сайн хийдэг зүйл” гэж хэлнэ. Нэг чуулган дахь гучаас илүү хүнийг тэдний гарт өгсний дараа юу болох вэ? Хоёр сар хүрэхгүй хугацаанд сул дорой байсан хүмүүс улам сул дорой болж, сөрөг байсан хүмүүс улам сөрөг болж, сайн мэдээ номлодог хүмүүс хүн олж авч чадахгүй. Бурханы үгийг хэрхэн уншихаа мэддэггүй хүмүүс цуглааны цаг болмогц нойрмоглож, Дээрхийн номлолыг ч сонсохыг хүсэхээ болино. “Чи нэлээд чадвартай биш бил үү?” гэж асуухад тэд: “Тийм ээ, би захирал байсан. Миний чадвар илэрхий шүү дээ!” гэж хэлдэг. Ертөнцөд чи ямар ч төрлийн захирал байлаа гээд ямар ч хэрэггүй. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол чуулганы ажил хийхдээ мэргэжлийн бус хүн юм. Хэрвээ энэ хүмүүсээр сайн мэдээний ажлыг хариуцуулбал тэд зөвхөн хэрэггүй, өнгөц ёс төдий зүйл хийнэ, ямар ч үр дүнд хүрэхгүй, хэдэн арван хүнтэй чуулган сайн услагдахгүй. Энд юу болоод байна вэ? Ийм мэдлэгтэй хүмүүс нэгэн цагт нийгэмд корпорацын захирал, удирдах ажилтан байсан атлаа Бурханы гэрт ирэхээрээ яагаад ур чадвараа харуулж чаддаггүй юм бэ? (Ариун Сүнс тэднийг хамгаалдаггүй.) Ариун Сүнс тэднийг хамгаалдаггүй гэдэг нь нэг тал, гэхдээ гол шалтгаан нь юу вэ? Тэд үнэнийг ойлгодоггүй учраас хүмүүсийн байдал, хүмүүсийн завхарсан зан чанар, хүнд тавьдаг Бурханы шаардлага, хүнийг ил болгодог Бурханы үг болон Бурханы айлддаг арга барилын тухайд тэд сүнслэг ойлголтгүй байдаг бөгөөд эдгээр зүйлд юу болоод байгааг нэвт харж чаддаггүй, зүгээр л сохроор, өнгөцхөн үйлддэг. Тэд чуулганы ажлыг ертөнцөд бизнес эрхлэхтэй адилхан, хүмүүсийн оюун санааг зоригжуулж, урам зоригийг нь бадрааж л байвал сайн ажилласан хэрэг болно гэж боддог. Тэд нэг талаар хүмүүст сэтгэлгээнийх нь талаар зөвлөгөө өгч, нөгөө талаар дээд тушаалын хүмүүстээ хахууль өгч, доод тушаалын хүмүүсээ худалдаж авахыг оролдон, ертөнцөд аливааг зохицуулдаг тогтсон арга барилаа сайн ашиглах ёстой гэж боддог. Хүмүүст баталгаатай мөнгө өгч л байвал тэд үгийг чинь сонсож, чамайг дагана гэж тэд итгэдэг—энэ ийм л энгийн зүйл гэж тэд боддог. Гадаад зүйлс үнэнтэй холбоогүй байдаг. Бурханд итгэхэд хүний хийдэг бүхэн үнэн болон зан чанарын өөрчлөлттэй холбоотой байдаг. Ертөнцөд ашиглаж байсантайгаа адилхан арга барил ашиглаад бүтэх үү? (Үгүй.) Бүтэхгүй. Хүмүүсийн байдлыг хэрхэн зохицуулах, хүмүүсийн сул талыг хэрхэн зохицуулах, хүмүүсийг хэрхэн сайн дэмжих, Бурханы талаарх хүмүүсийн үзлийг хэрхэн зохицуулах, завхарсан зан чанараа харуулах үед нь хүмүүсээр өөрсдийг нь хэрхэн танин мэдүүлэх, мөн хүмүүсийг хэрхэн үнэнч шударга болгох тухайд тэд ямар ч ойлголтгүй байдаг, тэр ч бүү хэл дэмий чалчиж, дүрэм журмыг сохроор тулгадаг. Жишээлбэл, хэрвээ хэн нэгэн сүнслэг ойлголтгүй, сонирхогчийн түвшний зүйл хэлбэл тэд энэ хүнийг хэв чанар муутай, үнэнийг эрэлхийлдэггүй гэж хэлнэ. Тэд зүгээр л дүрэм журмыг сохроор хэрэгжүүлдэг бөгөөд бусдыг урагшлах замгүй болтол нь ингэж тэгж хэрэгжүүлэн, тэднийг үймүүлж, урам зориггүй болгодог. Үүргээ гүйцэтгэдэг хүмүүс үүрэгтээ зориулах ямар ч эрч хүчгүй болж, сөрөг байсан хүмүүс бүр ч илүү сөрөг болдог. Ийм хүн чуулганыг нь удирддаг бол Бурханы үгийг гэртээ уншсан нь дээр гэж зарим хүн хэлдэг. Юу үүнд хүргэсэн бэ? Тэд чуулганыг удирдах үедээ хүмүүсийг урам зориггүй болгож, Бурханд итгэх хүсэлгүй болгодог. Хүмүүс яагаад итгэхийг хүсдэггүй вэ? Учир нь хүмүүст уг нь бага зэрэг тодорхой үзэгдэл байсан боловч энэ хүний үйлдэл тэднийг үймүүлж, төөрөлдүүлдэг. Анхнаасаа энэ хүмүүсийн зүрх сэтгэлд ямар ч үнэн байгаагүй—зөвхөн хоосон сургаалын ойлголт л байсан. Энэ хүн үймүүлсний дараа тэд бүр ч илүү мунгинаж, Ариун Сүнсний ажлыг ухамсарлаж чадахаа больдог. Бурхан Өөрөө оршин байдаг гэдэг нь ч бас бага зэрэг тодорхойгүй болдог. Тэгвэл тэд хүмүүсийг ийм хэмжээнд хүргэхийн тулд ямар арга барил ашигладаг вэ? Жишээлбэл, “Хүнийг Бурхан бүтээсэн” гэдэг үг үнэн мөн үү? (Тийм.) Чи өөрийн мэдлэг ухаан, ойлголт, туршлагыг ашиглан энэ үгийг батлах ёстой, ингэснээр ах эгч нар энэ үгийг үнэн бөгөөд зөв гэдэгт илүү бат итгэж, хүн төрөлхтөн Бурханаас гаралтай гэдэгт үнэмшиж, улмаар Бурханд итгэх итгэл нь нэмэгдэж чадна. Хүн Бурханд итгэх итгэлтэй болмогцоо сахилгажуулалт хүлээн авах, эсвэл ямар нэгэн бэрхшээл, хавчлага туулах үедээ зүрх сэтгэлдээ хүч тэнхээтэй байна. Энэ бол баримт. Гэвч энэ хүмүүс юу гэж хэлдэг вэ? “Хүмүүс 100 сая жилийн өмнө овог аймгаар амьдарч байсныг олж илрүүлсэн гэж нэг телевизийн нэвтрүүлгээр ярьж байна лээ” гэдэг. Тэд мэдлэгээ гайхуулж, түүхийн талаар ингэж ярих үед сонссон хүн бүр: “Хүнийг Бурхан бүтээсэн гэж хэлдэг биз дээ? Чиний тэгж хэлж байгааг сонсоход тийм биш юм шиг байна. Хүн сармагчнаас үүссэн юм уу?” хэмээн будилдаг. Хар даа, тэд хүмүүсийг хааш нь хөтөлсөн байна вэ? Энэ нь хүмүүсийг хорлож байгаа хэрэг биш үү? (Мөн.) Тэд боломж гарах бүрд мэдлэгээ гайхуулж, түүх, гүн ухаан, ертөнцөд төрийн албан тушаалтнуудтай хэрхэн харьцаж, хуйвалддаг талаараа ярьж, зүгээр л эдгээр зүйлийг гайхуулдаг. Тэднийг ингэж гайхуулах үед биеийн хэмжээ балчир, сул дорой, итгэл багатай зарим ах эгч эдгээр зүйлийг сонсоод зүрх сэтгэл нь хаашаа чиглэдэг вэ? (Ертөнц рүү чиглэдэг.) Зөв. Энэ нь юунд хүргэдэг вэ? Өөрсдөд нь даатгасан энэ хүмүүсийг тэд алддаг. Тэд мэргэжлийн бус хүн гэдэг нь илэрхий. Тэд амь-оролтын хэрэг явдлыг ойлгодоггүйгээр үл барам, өөрсдийнх нь ажил юу болохыг ч ойлгодоггүй, амийн сүнслэг хэрэг явдал, эсвэл зан чанарын өөрчлөлтийн талаар бүр ч ойлгодоггүй. Тэд үүнийг огт ойлгодоггүй атлаа үнэнийг ойлгодог хүний дүр эсгэсээр байдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хөтлөх хоньчин байхыг хүсдэг. Энэ нь утгагүй биш гэж үү? Хэрвээ чи амийн сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй бол удирдагчаар сонгогдох үедээ юу хийх ёстой вэ? Чи: “Би бол мэргэжлийн бус хүн, би хэзээ ч чуулган удирдаж байгаагүй. Би энэ талаар ажлын зохицуулалтад юу гэж заасныг эрж хайж, үзэх хэрэгтэй, мөн ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нөхөрлөхийн тулд үүнийг ойлгодог хүмүүсийг олох, эсвэл үнэнийг ойлгодог ах эгч нарыг олж, тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэй” гэж хэл. Энэ зөв хандлага мөн үү? (Мөн.) Гэвч зарим хүн тэгдэггүй. Тэд ихэрхэж: “Та нар намайг бусадтай хамтран ажиллаасай гэж хүсэж байна—хэн надаас илүү дээгүүр эрдэм чадалтай юм бэ? Хэн надаас илүү өндөр нийгмийн байр суурьтай юм бэ? Би нийгэмд нэлээд алдартай. Надтай уулзсан хэн боловч бага зэрэг хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй” гэж хэлдэг. Тэд зүгээр л онгирч, чадвараа ингэж гайхуулдаг. Тэд чуулганыг ингэж удирдах үед үнэн-бодит байдалд орох найдвар ах эгч нарт байх уу? (Байхгүй.) Тэдэнд байхгүй. Хэдийгээр ийм байдаг ч энэ хүмүүс бусдаар бүх зүйлийг өөрсдөдөө тайлагнуулсаар байдаг. Энэ диаволууд хэсэг хугацаанд их сургуульд сурсан, тэд бага зэрэг мэдлэг эзэмшсэн бөгөөд үүний улмаас тэд нийгэмд сагсуурч, залилан мэхэлж, бүх төрлийн муу зүйл хийж зүрхэлдэг. Тэдэнд амьд үлдэх зарим нэг арга хэрэгсэл байдаг тул Бурханы гэрт ирж ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсдэг. Байр суурь олж авч, өвөг дээдэстээ алдар нэр авчрахын тулд тэр ч бүү хэл үнэний биелэл мэт дүр эсгэхийг тэд хүсдэг, ингэснээр Бурханы сонгосон хүмүүс тэдний үгийг сонсож, тэднийг дагах болно. “Үнэний биелэл” гэдэг нь тэдний хувьд ямар утгатай вэ? Энэ нь: “Миний бодол, арга барил, санал бодол бүрийг та нар бүгд үнэн гэж баримтлах ёстой. Би чамд зориулж нэг дүрэм гаргасан: Бүх тооцоо, тэр ч байтугай таван доллароос бага үнийн дүнтэйг нь ч надад тайлагнах ёстой” гэсэн үг юм. Бусад нь: “Таван долларыг тайлагнах шаардлагагүй баймаар юм. Бидэнд бас эрх мэдлийн хүрээ бий. Бид зүгээр л зарчмын дагуу үйлдэж болохгүй гэж үү?” хэмээн хэлдэг. Тэд юу гэж боддог вэ? “Тэгэх нь яаж зүгээр байх юм бэ? Энэ бол чухал асуудал. Би бол удирдагч. Зөвхөн би л эцсийн шийдвэрийг гаргана!” Тэд үүнийг хэлдэггүй ч зүрх сэтгэлдээ ингэж боддог. Тэд хүмүүсийг ингэж хянадаг. Тэд ямар ч муу, эсвэл бусдыг мэхлэх зүйлийг хийж чадна. Бусдыг мэхэлж, хорлох үедээ тэд нүд ч цавчдаггүй, зүрх нь ч түгшдэггүй, дотор нь огтхон ч тавгүйрхдэггүй. Бурханы гэрт албан тушаал өгөх үед тэд авч зүрхэлдэг. Нэгэнт авсан бол тэд буухыг хүсдэггүй бөгөөд бусдыг дуулгавартай байлгахын тулд үнэний биелэл мэт дүр эсгэхийг хүсдэг. Ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.)
Бурханд итгэдэг хэдий ч Түүний төлөө өөрсдийгөө сайн дураараа, баяртайгаар зарлагаддаггүй, харин үүргээ дурамжхан гүйцэтгэдэг зарим хүн байдаг. Тэд ерөөл хүртэхийн тулд л хөдөлмөрлөж үйлчлэх талаар боддог боловч үнэнийг эрмэлзэхийг хүсдэггүй. Үүргээ гүйцэтгэх үедээ тэд байнга хааш яаш үйлдэж, нягт нямбай байдаггүй бөгөөд зайлуулагдахгүйн тулд бага зэрэг үр дүнд хүрэх төдийд л сэтгэл ханадаг. Гэхдээ хүмүүс Өөрт нь үнэхээр итгэж, Өөрийнх нь төлөө өөрсдийгөө зарлагаддаг эсэхээс үл хамааран Бурхан хүмүүст гэмших боломж олгодог. Чи үнэнийг ойлгодоггүй, эсвэл үүргээ гүйцэтгэх үедээ хааш яаш үйлддэг гээд Бурхан чамайг яллахгүй. Үнэнийг хүлээн авч чадах эсэх, мөн үнэхээр гэмшиж, амийн зөв замаар замнаж чадах эсэхийг чинь харахын тулд Бурхан чамайг байнга шинжинэ. Энэ нь яаж сонгохоос чинь хамаарна. Зарим хүн үүргээ гүйцэтгэж эхлэх үедээ ямар ч үнэнийг ойлгодоггүй байсан ч байнга номлол сонсож, байнга цугларч, нөхөрлөдгөөсөө болоод аажмаар үнэнийг ойлгодог болдог. Тэдний зүрх сэтгэл улам бүр цэлмэж, өөрсдөд нь дэндүү их зүйл дутагдаж байгааг, ямар ч үнэн байхгүйг, мөн үүргээ гүйцэтгэхдээ ямар ч зарчимгүй, зөвхөн өөрсдийн хүслээр бага сага ажил хийдгээ олж хардаг. Үүргээ ингэж гүйцэтгэх нь Бурханы санаа зорилгод нийцэхгүй байна гэж тэд мэдэрч, зүрх сэтгэлдээ гэмшдэг. Тэд үнэнийг эрмэлзэж эхэлдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ улам бүр сайн үр дүнд хүрдэг. Ийм маягаар тэд нэг талаар амь-оролттой болж, нөгөө талаар үүргээ гүйцэтгэхдээ аажмаар стандартад нийцдэг болдог. Энэ бол үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хүлээн авч чаддаг хүн юм. Үнэний талаарх ойлголт нь аажмаар тодорхой болохын хэрээр тэд өөрсдийгөө завхрал харуулдаг болохыг тодорхой харж чаддаг. Тэд Бурханд залбирч, зүрх сэтгэлдээ Бурханд найдаж чаддаг бөгөөд завхралаа хаяж, үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлэх замаар алхахад бэлэн байдаг. Энэ бол үүргээ гүйцэтгэх явцдаа амиа аажмаар өсгөж буй хэрэг юм. Бурханыг дагадаг хүмүүс бүгд үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд ордог. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бол ийм өөрчлөлт гарч чадах уу? Яавч үгүй. Зарим хүн онцгойлон биеэ тоосон, ихэрхүү байдаг. Тэд Бурханы гэрт ирэх үед, ялангуяа үүргээ гүйцэтгэсний дараа хэр зэрэг биеэ тоосон, ихэрхүү гэдэг нь илэрхий болдог. Тэд энгэртээ гараа зөрүүлж, эсвэл ташаагаа тулаад, эсэргүүцэл, сэтгэл дундуур байдлаа харуулдаг. Тэд яагаад ийм биеэ тоосон байдаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ: “Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхийн тулд би ертөнц, гэр бүл, ажил төрлөө орхисон. Энэ төлөөс өндөр биш гэж үү? Би бурхны төлөө маш их зүйлийг орхисон. Бурхан надад ямар нэгэн нөхөн төлбөр өгөх ёстой биш үү? Түүнээс гадна, нийгэм дэх миний байр суурь, орлогын дагуу ядаж л бурхны гэр намайг яг тэгж үнэлж, хандах ёстой биш үү? Одоо би үүргээ гүйцэтгэж байгаа юм чинь бурхан надад ямар нэгэн онцгой ивээл үзүүлж болохгүй гэж үү? Би бол жирийн хүмүүсээс хавьгүй илүү онцгой авьяастан. Би бурхны гэрт байр суурьтай байх ёстой. Бусад нь удирдаж чадаж байхад би ч бас удирдаж чадна. Миний байр суурь бусдаас дор байх ёсгүй, би жирийн хүмүүсээс илүү дээгүүр хандлагыг эдлэх ёстой. Хамгийн чухал нь, ирээдүйд би ерөөл хүртэж, сайн хүрэх газартай болно гэдэгт бурхан надад баталгаа гаргаж чадах уу?” гэж хэлдэг. Зүрх сэтгэл дэх бодлоос нь үзвэл тэд Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадах гэж биш, харин Түүнтэй наймаацах гэж ирсэн гэдгийг бид харж болно. Тэд яг л Паул шиг боддог, Бурханы ерөөлийн хариуд үүргээ гүйцэтгэхийг хүсдэг. Гэвч тэдний эрүүл ухаан Паулынхаас хавьгүй дор—Паулынхаас хамаагүй дорд юм. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, Паул олон жилийн турш сайн мэдээ номлохдоо үнэхээр их зовж шаналсан бөгөөд сайн мэдээ номлосны үр шим нь жирийн хүмүүсийнхээс хавьгүй илүү байсан. Ядаж л түүний хөлийн мөр Европын ихэнх хэсгээр явсан; тэрээр Европ даяар олон чуулган байгуулсан. Энэ тал дээр жирийн антихристүүд Паулын эрүүл ухаан, эсвэл түүний хэчнээн их хөдөлмөрлөсөнтэй харьцуулшгүй юм. Гэвч миний сая дурдсан хүн үүргээ гүйцэтгэснийхээ дараа ер бусын их биеэ тоодог. Энэ нь эрүүл ухаанаар хэтэрхий дутмаг байгаа хэрэг биш үү? Тэд туйлын эрүүл ухаангүй бөгөөд дээрэмчин шиг, ерөөл хүртэх боломжийг шүүрч авмагцаа тавьж явуулж чаддаггүй. Ийм хүмүүс Бурханы гэрт олны анхаарлын төвд орох боломжийг үргэлж дураараа хайж байдаг, ердөө багийн удирдагч юм уу зааварлагч болох байсан ч хамаагүй. Товчхондоо, Бурханы гэрт ирэхдээ тэд жирийн нэг дагагч байхыг хүсдэггүй. Хэн өөрийгөө жирийн нэг бүтээгдсэн зүйл, бусад бүх амьд зүйлсийн адилаар зүгээр л нэг жирийн бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг байх нь хамаагүй тэд энэ үзэл бодлыг хэзээ ч хүлээн авахгүй—тэд өөрсдийгөө хэзээ ч ингэж хохироохгүй. Өөрсдөө онцгой хандлагыг хүртэх ёстой, Бурхан өөрсдөд нь онцгой нигүүлсэл, ерөөл өгөх ёстой гэж тэд итгэдэг. Тэд бас Бурханы гэрт байр суурийн онцгой ашиг тус эдлэхийг хүсдэг. Тэд Бурханы гэр авьяас чадварт нь эргэлзэхийг зөвшөөрдөггүй, хүмүүс ажлынх нь талаар асуухыг бүр ч зөвшөөрдөггүй—тэд Бурханы төлөө бүхнийг орхиж, Түүнд туйлын үнэнч байдаг учраас хүн бүр тэдэнд туйлаас итгэдэг байх ёстой гэж үздэг. Энэ нь эрүүл ухаангүй шаардлага биш гэж үү? Энэ хүнд ямар нэгэн эрүүл ухаан байна уу? Ийм хүн хэр олон байдаг вэ? Чуулганы хэдэн хувь нь байж болох вэ? Ийм хүмүүс өөрсдийгөө ямар нэгэн чадвар, авьяастай гэж үргэлж боддог тул хэчнээн гайхалтай талаараа онгирдог. Тэгвэл энэ авьяас гэгч нь ямар утгатай вэ? Энэ нь тэд том дуугарч, маш их дэмий зүйл чалчиж, хэнтэй ярьж байгаагаасаа шалтгаалан ярих арга барилаа өөрчилж чаддаг, мөн жирийн хүмүүсээс илүү өндөр мэхлэх ур чадвартай гэсэн үг юм. Тэд үүнийг авьяас, чадвар гэж итгэдэг бөгөөд энэ чадвараа ашиглан онгирч сагсууран, бусдыг мэхлэхийг хүсдэг. Жинхэнэ авьяас гэж юуг хэлдэг вэ? Онцгой ур чадвартай байхыг хэлдэг. Бурхан хүнийг бүтээхдээ янз бүрийн төрлийн хүмүүст өөр өөр онцгой чадвар өгсөн. Зарим хүн уран зохиолд сайн, зарим нь анагаах ухаанд сайн, зарим нь ур чадвар судлахдаа сайн, зарим нь шинжлэх ухааны судалгаанд сайн гэх мэт байдаг. Хүмүүсийн онцгой чадварыг Бурхан өгдөг бөгөөд үүнд гайхуулаад байх зүйл юу ч байхгүй. Хүнд ямар ч онцгой чадвар байсан, энэ нь тэр үнэнийг ойлгодог гэсэн үг биш, үнэн-бодит байдалтай гэсэн үг яавч биш юм. Хүмүүст тодорхой онцгой чадвар байдаг бөгөөд хэрвээ тэд Бурханд итгэдэг бол эдгээр онцгой чадвараа ашиглан үүргээ гүйцэтгэх ёстой. Үүнийг Бурхан хүлээн авдаг. Тодорхой нэг онцгой чадварынхаа талаар сайрхах, эсвэл түүнийгээ ашиглан Бурхантай наймаацахыг хүсэх нь эрүүл ухаанаар хэтэрхий дутмаг байгаа хэрэг юм. Бурхан ийм хүмүүсийг таашаадаггүй. Зарим хүн тодорхой нэг ур чадвар мэддэг болохоороо Бурханы гэрт ирэх үедээ бусдаас хавьгүй илүү гэж мэдэрч, онцгой хандлага эдлэхийг хүсдэг, мөн насан туршийн найдвартай ажилтай боллоо гэж боддог. Тэд энэ ур чадварыг нэг төрлийн үндэслэл гэж үздэг—ямар их биеэ тоосон зан бэ! Тэгвэл чи эдгээр билиг авьяас болон онцгой чадварыг хэрхэн үзэх ёстой вэ? Хэрвээ эдгээр зүйл Бурханы гэрт хэрэгтэй бол ердөө л үүргээ биелүүлэхэд чинь туслах арга хэрэгсэл юм. Тэдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй. Чамд хэчнээн олон билиг авьяас, авьяас чадвар байх нь хамаагүй тэдгээр нь зөвхөн хүний онцгой чадвар бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй. Билиг авьяас, онцгой чадвартай байлаа гээд чи үнэнийг ойлгодог гэсэн үг биш, чамд үнэн-бодит байдал байгаа гэсэн үг яавч биш. Хэрвээ чи билиг авьяас, онцгой чадвараа ашиглан үүргээ гүйцэтгэж, үүргээ сайн гүйцэтгэвэл тэдгээрийг зөв газартаа ашигласан хэрэг бөгөөд тэдгээрийг ашиглахыг Бурхан сайшаадаг. Гэвч хэрвээ чи билиг авьяас, онцгой чадвараа ашиглан гайхуулж, өөрийгөө гэрчилж, бие даасан хаанчлал байгуулбал чиний нүгэл асар их байх бөгөөд чи Бурханыг эсэргүүцсэн ноцтой хэрэгтэн болно. Билиг авьяасыг Бурхан өгдөг. Хэрвээ чи тэдгээрийг ашиглан үүргээ гүйцэтгэж, Бурханыг гэрчилж чадахгүй бол хэтэрхий мөс чанаргүй, эрүүл ухаангүй байгаа хэрэг бөгөөд Бурханд маш их өртэй байх болно—энэ бол жигшүүртэй тэрслүү байдал юм! Гэхдээ чи билиг авьяас, онцгой чадвараа хэчнээн сайн ашигласан ч энэ нь чи үнэн-бодит байдалтай гэсэн үг биш юм. Үнэнийг хэрэгжүүлж, зарчимтай үйлдвэл чи үнэн-бодит байдалтай гэсэн үг. Билиг авьяас, авьяас чадвар нь үргэлж л билиг авьяас, авьяас чадвар байдаг. Тэдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй. Чамд хэчнээн олон билиг авьяас, авьяас чадвар байх, нэр хүнд чинь хэчнээн өндөр, байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй энэ нь чи үнэн-бодит байдалтай гэсэн үг хэзээ ч биш. Билиг авьяас, авьяас чадвар хэзээ ч үнэн болохгүй. Тэдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй. Гэвч антихристүүд ингэж боддоггүй бөгөөд эдгээр зүйл бол тэдний маш их үнэлдэг яг тэр зүйлс юм. Жишээлбэл, зарим хүн жүжиглэх авьяастай байдаг. Бурханы гэрт зураг авсан киноны гол дүрд тоглосныхоо дараа тэд ихэрхэж эхэлдэг. Тэдэнд нүүр будалт хийхэд гурван хүн тусалсан ч хэрэгцээг нь хангахад хангалтгүй байдаг. Тэд урьд нь жирийн л нэг хүн байсан боловч одоо Бурханд итгэдэг болохоороо, жүжигчний үүргээ гүйцэтгэснийхээ дараа ихэрхэж эхэлдэг. Тэд үхлээ эрж байгаа хэрэг биш үү? Би тэднийг яг үхлээ эрж байна гэж бодож байна! Тэд гадаад төрхөөрөө онцгой биш, жүжиглэх ур чадвар нь дундаж. Тэд зөвхөн тодорхой дүрүүдэд тоглоход л тохиромжтой тул тэдэнд дахин нэг дүр өгсөн—энэ нь тэднийг өргөмжилж байгаа хэрэг биш үү? Үүргээ гүйцэтгэх боломж олгогдох үед тэд бүр ихэрхдэг. Жүжиглэх үедээ тэд цай авчир, ус аягал гэж хүмүүсийг зааварлан өөрсдөдөө үйлчлүүлж, харсан бүх ах эгч нарыг уурлуулдаг. Би: “Тэднийг цэвэрлэ!” гэж хэлсэн. Тэгээд чуулган тэднийг цэвэрлэсэн. Энэ хүмүүсийг зайлуулах ёстой биш үү? Тэд өөрсөдгүйгээр нь чуулган кино хийж чадахгүй гэж бодсон учраас ихэрхэж зүрхэлсэн. Тэд ийм үр дагавар гарна гэж бодоогүй. Тэд уг чанартаа хөтлөгдсөн. Ийм хүмүүс мэдлэг, авьяас, эрдэм, туршлагыг нандигнадаг. Тэд эдгээр зүйлд хэтэрхий их ач холбогдол өгдөг боловч хамгийн үнэ цэнтэй зүйл болох үнэнийг үл тоомсорлодог. Бурханы гэрт үнэн ноёрхдогийг тэд ухаардаггүй. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлэхгүй бол хэчнээн өндөр мэдлэгтэй, хэчнээн агуу уран цэцэн үгтэй байлаа ч бат зогсож чадахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд илчлэгдэж, таягдан хаягдах болно. Хүмүүс энэхүү өчүүхэн хоосон сургаалыг ойлгоход амархан уу? Бурханд олон жил итгэсэн атлаа үүнийг ч нэвт харж чаддаггүй хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй, зүгээр л мунгинасан хүмүүс юм. Хэрвээ тэд бага зэрэг ухаалтай байсан бол тэгж биеэ тоохгүй байсан. Ийм хүмүүс бол өөрсдийгөө илчилж буй диаволууд, Сатанууд юм. Та нарыг бас үүнийг тодорхой ойлгоосой гэсэндээ; энэ асуудлыг бага зэрэг ялгаж салган, нэвт хараасай гэсэндээ одоо Би энэ асуудлыг шууд зааж хэлж өглөө. Хэрвээ Би үүнийг тодорхой зааж хэлж өгөөгүй бол та нар үүнийг ингэж ялгаж салгаж чадах байсан уу? Та нар тэднийг зайлуулж чадах байсан уу? Хүмүүс асуудлыг олж харж чадахгүй байгаа учраас Би шулуухан хэлэх хэрэгтэй болж байна. Хэрвээ Би шулуухан хэлээгүй бол асуудал шийдвэрлэгдэж чадахгүй байсан. Та нарын ойлгодог цөөхөн хэдэн хоосон сургаалд найдаад ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
Антихристүүд өөрсдийгөө үргэлж онцгой авьяастай гэж боддог. Тэд өөрсдийгөө гүн гүнзгий сурч мэдсэн, арвин их мэдлэг эзэмшсэн их сургууль төгсөгчид гэж боддог. Тэд мэдлэг болон сурч мэдсэн сүнслэг онолоо маш их нандигнадаг, тэр ч байтугай эдгээр зүйлд үнэн мэт ханддаг. Түүгээр ч барахгүй, тэд зөв гэж итгэдэг энэ мэдлэг, туршлагаа байнга барьж аваад, эргэн тойрныхоо хүмүүст зааварлаж, төөрөлдүүлж, эсвэл дасгахдаа ашигладаг. Ялангуяа тэд бусдыг ятгаж, үнэмшүүлж, мөн тэднээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн тулд ашигладаг “алдар суут” өнгөрсөн үеийнхээ талаар байнга ярьдаг. Тэгвэл тэдний энэ “алдар суут” өнгөрсөн үе нь юу вэ? Тэдний зарим нь: “Би нэгэн цагт их сургуулийн багш байсан. Миний бүх оюутан магистрант, докторантууд байсан. Намайг лекц унших бүрд нэг ч сул суудал байдаггүй байсан; оюутан бүр чив чимээгүй сууж, биширч, бахархсан харцаар намайг хардаг байсан. Би бүр сандардаг ч үгүй байлаа. Энэ бүхэн ямар гайхалтай, сүрлэг байсан гээч! Би ийм авьяастай, ийм зориг зүрхтэй төрсөн” гэж хэлнэ. Нөгөө зарим нь: “Би 14 настай байхдаа машин барьж сурсан. Би одоо 40 гаруй жил машин барьж байгаа, миний жолоо барих ур чадвар дээд зэргийнх” гэж хэлнэ. Тэд үүгээр юу хэлэх гэсэн юм бэ? Тэд: “Та нар машин бариад хэдхэн л хонож байна. Та нар юугаа мэдэх юм бэ? Над шиг туршлагатай жолооч насаараа машин барьж байна. Надад бүх л төрлийн туршлага бий. Ирээдүйд, чамд ойлгохгүй зүйл гарвал надаас асуух хэрэгтэй. Чи миний хэлэхийг сонсох ёстой” гэж хэлж байгаа хэрэг юм. Антихристүүд ямар нэгэн ур чадвартай болох үедээ өөрсдийгөө гайхалтай гэж боддог, өөрсдийгөө нууцлаг болгож харагдуулдаг бөгөөд өөрсдийгөө гайхуулж, гэрчилж, бусдаар өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлдэг. Ийм төрлийн хүмүүс бага зэрэг давуу тал, эсвэл билиг авьяастай болох үедээ өөрсдийгөө бусдаас дээр гэж бодоход хүрч, бусдыг удирдахыг эрмэлздэг. Бусад хүн хариулт авахаар тэдэн дээр ирэх үед антихристүүд тэдэнд дээрээс сургаал айлддаг бөгөөд хэрвээ тэр хүмүүс дараа нь ойлгохгүй хэвээр байвал хэдийгээр үнэн хэрэгтээ антихристүүд өөрсдөө тодорхой тайлбарлаж өгөөгүй байдаг ч тэд үүнийг ердөө л өөрсдөө хэв чанар муутайгаас болсон гэж үздэг. Жишээлбэл, хэн нэгэн эвдэрсэн машиныг засаж чадахгүй байгааг хараад антихрист: “Чи яагаад үүнийг яаж хийхийг одоо болтол мэддэггүй юм бэ? Үүнийг яаж хийхийг би чамд аль хэдийн хэлээгүй гэж үү? Би маш тодорхой тайлбарласан байхад чи ойлгохгүй л байна. Чи үнэхээр хэв чанар муутай юм. Чамд үүнийг яаж хийхийг заах бүрд чи сурч чаддаггүй” гэж хэлнэ. Гэвч тэр хүн өөрсдөөс нь машиныг засаад өгөөч гэж гуйх үед тэд үүнийг маш удаан харах боловч хэрхэн засахаа мөн л мэдэхгүй, тэр ч бүү хэл үүнийг хэрхэн засахаа мэдэхгүй байгаагаа тэр хүнээс нуудаг. Тэр хүнийг явуулсныхаа дараа антихрист нууцаар судалж, машиныг хэрхэн засахаа ойлгохыг оролдох боловч засаж чадахгүй л байх болно. Тэд эцэст нь машиныг задалж, бүрэн сүйтгэж, буцааж угсарч чадахгүй. Тэгээд үүнийг бусад хүн харчих вий гэж айсандаа эд ангиудыг нь нууна. Зарим зүйлийг яаж хийхийг мэдэхгүй байх нь ичгэвтэр хэрэг үү? Бүх зүйлийг хийж чаддаг хүн байдаг уу? Зарим зүйлийг яаж хийхийг мэдэхгүй байхад ичгэвтэр юм юу ч байхгүй. Чи зүгээр л жирийн нэг хүн гэдгээ бүү март. Хэн ч чамайг хүндэлдэггүй, эсвэл шүтдэггүй. Жирийн хүн бол ердөө л жирийн хүн юм. Хэрвээ чи ямар нэг зүйлийг яаж хийхийг мэдэхгүй бол яаж хийхийг мэдэхгүй гэдгээ л хэл. Чи яагаад өөрийгөө өнгөлөн далдлах гэж оролдоно вэ? Хэрвээ чи үргэлж өөрийгөө өнгөлөн далдлах юм бол хүмүүс чамаас зэвүүцэх болно. Эрт орой хэзээ нэгэн цагт чи өөрийгөө барьж өгөх бөгөөд тэр үед чи нэр төр, ёс жудгаа алдах болно. Энэ бол антихристийн зан чанар юм—тэд өөрсдийгөө үргэлж бүхнийг чадагч, юм бүхнийг хийж чаддаг, бүх зүйлд чадвартай, мэдлэгтэй хүн гэж боддог. Энэ нь тэднийг асуудалд оруулахгүй гэж үү? Хэрвээ тэд үнэнч хандлагатай байсан бол юу хийх байсан бэ? Тэд: “Би энэ техникийн ур чадварт тийм ч сайн мэргэшээгүй; надад бага зэрэг туршлага л бий. Би мэддэг бүхнээ ашигласан боловч бидэнд тулгарч буй эдгээр шинэ асуудлыг ойлгохгүй байна. Тиймээс, бид үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байвал зарим нэг мэргэжлийн мэдлэг сурах ёстой. Мэргэжлийн мэдлэгийг эзэмшсэнээр бид үүргээ үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болно. Бурхан энэ үүргийг бидэнд даалгасан тул үүнийг сайн гүйцэтгэх хариуцлага бидэнд бий. Бид үүрэгтээ хариуцлагатай хандах хандлагад үндэслэн энэ мэргэжлийн мэдлэгийг явж сурах ёстой” гэж хэлэх байсан. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг юм. Антихристийн зан чанартай хүн ингэхгүй. Хэрвээ хүнд бага зэрэг эрүүл ухаан байвал тэр: “Би энэ зэргийг л мэднэ. Чи намайг хүндлэх шаардлагагүй, би ч ихэрхэх шаардлагагүй—энэ нь аливааг хялбар болгохгүй гэж үү? Үргэлж өөрсдийгөө өнгөлөн далдлах нь зовлонтой. Хэрвээ бидний мэдэхгүй зүйл байвал бид хамтдаа суралцаж, дараа нь үүргээ сайн гүйцэтгэхийн тулд эвтэй найртай хамтран ажиллаж чадна. Бид хариуцлагатай хандлагатай байх ёстой” гэж хэлнэ. Үүнийг хараад хүмүүс: “Энэ хүн биднээс дээр юм; асуудалтай тулгарах үедээ тэр сохроор өөрийгөө аль байдгаараа хэтрүүлэн хүчилдэггүй, бусдад тохдоггүй, эсвэл хариуцлагаас бултдаггүй. Харин ч тэр үүнийг өөртөө үүрч, нухацтай, хариуцлагатай хандлагаар ханддаг. Энэ бол ажил, үүрэгтээ нухацтай, хариуцлагатай ханддаг сайн хүн байна. Тэр найдвартай хүн юм. Бурханы гэр түүнд энэ чухал даалгаврыг даалгасан нь зөв байжээ. Бурхан үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг!” гэж бодно. Үүргээ ингэж гүйцэтгэснээр тэд ур чадвараа сайжруулж, хүн бүрийн сайшаалыг хүртэх болно. Энэхүү сайшаал хэрхэн төрдөг вэ? Нэгдүгээрт, тэд үүрэгтээ нухацтай, хариуцлагатай хандлагаар хандаж байна; хоёрдугаарт, тэд үнэнч шударга хүн байж чаддаг, бодитой, хичээнгүй хандлагатай байдаг; гуравдугаарт, тэдэнд Ариун Сүнсний удирдамж, гэгээрэл байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Ийм хүнд Бурханы ерөөл байдаг; энэ бол мөс чанар, эрүүл ухаантай хүний хүрч чадах зүйл юм. Хэдийгээр тэдэнд завхарсан зан чанар, дутагдал, сул тал байдаг, олон зүйлийг яаж хийхийг мэддэггүй ч гэсэн тэд хэрэгжүүлэлтийн зөв зам дээр байсаар байна. Тэд өөрсдийгөө өнгөлөн далдлах юм уу мэхэлдэггүй; тэд үүрэгтээ нухацтай, хариуцлагатай ханддаг, үнэнд хүсэн тэмүүлж, сүсэглэн ханддаг. Антихристүүд хэзээ ч эдгээр зүйлийг хийж чадахгүй, учир нь тэдний сэтгэлгээний арга барил үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүсийнхээс үргэлж өөр байх болно. Яагаад тэд өөрөөр сэтгэдэг вэ? Учир нь тэдний дотор Сатаны уг чанар байдаг; тэд Сатаны зан чанараар амьдарч, үргэлж нэр хүнд, байр суурийг эрэлхийлж, эрх мэдлийг атгах зорилгодоо хүрэхийг байнга хүсдэг. Тэд янз бүрийн арга хэрэгсэл ашиглан явуулга, заль мэх хийж ямар ч аргаар хамаагүй хүмүүсийг төөрөлдүүлэн өөрсдийг нь шүтэж, дагадаг болгохоор үргэлж эрж хайдаг. Тиймээс хүмүүсийн нүдийг хуурахын тулд тэд бүх төрлийн аргыг хайж олон өөрсдийгөө өнгөлөн далдалж, зальдаж, худал хэлж, мэхлэн, бүх зүйл дээр зөв, бүх зүйл дээр чадвартай, юуг ч хийж чадна; бусдаас илүү ухаантай, бусдаас илүү мэргэн, бусдаас илүү ихийг ойлгодог; бүх зүйл дээр бусдаас илүү сайн, бүх талаараа бусдаас илүү—тэр ч бүү хэл ямар ч бүлэгт шилдгийн шилдэг нь гэж өөрсдийгөө бусдад итгүүлдэг. Тэдэнд ийм хэрэгцээ байдаг; энэ бол антихристүүдийн зан чанар юм. Тиймээс тэд шал өөр хүний дүр эсгэж сурдаг бөгөөд эдгээр янз бүрийн хэрэгжүүлэлт, илрэл бүрийг гаргадаг.
Бодоод үз дээ: Шал өөр хүний дүр эсгэх дуртай хүмүүс ямар зан чанартай байдаг вэ? Тэд ямар дүр эсгэдэг вэ? Тэд диавол юм уу сөрөг хүний дүр эсгэдэггүй; тэд хүмүүсийн хүндэлж, биширдэг ямар нэгэн эрхэмсэг, сайн, сайхан, сайхан сэтгэлтэй зүйлийн дүр эсгэдэг—тэд хүмүүсийн магтдаг, эсвэл сайшаадаг эдгээр зүйлийн дүр эсгэдэг. Тэд бүхнийг мэддэг, ойлгодог мэт дүр эсгэдэг; тэд үнэнийг эзэмшдэг, эерэг дүр, үнэн-бодит байдал мэт дүр эсгэдэг. Энэ нь өөрсдийнхөө сүйрлийг эрж байгаа хэрэг биш үү? Тэдэнд тэрхүү бодит байдал бий юу? Тэдэнд тэрхүү мөн чанар бий юу? Үгүй. Яг байхгүй учраас л тэднийг дүр эсгэж байна гэж хэлдэг. Тэгвэл хэн нэгэн тэднийг үнэн-бодит байдлыг эзэмшдэг учраас үнэний биелэл гэж хэлэх үү? Энэ үг үндэслэлтэй юу? (Үгүй, үндэслэлгүй.) Хэдий зарим нэг үнэн-бодит байдлыг эзэмшдэг ч гэсэн чи яавч үнэний биелэл биш. Тиймээс, үнэний биелэл мэт дүр эсгэж буй хэн боловч биеэ тоосон хүн бөгөөд утгагүй төрлийн хүн юм! Үнэн-бодит байдлаас өчүүхэн төдийг л эзэмшдэг атлаа үнэний биелэл мэт дүр эсгэж зүрхэлдэг хүн бол өөрийгөө уудам, зах хязгааргүй далай гэж зарлаж буй ердөө л ганц дусал устай адил юм. Энэ нь биеэ тоосон зангийн туйл биш гэж үү? Энэ нь увайгүй ичгүүргүй хэрэг биш үү? Хүн үнэний биелэл мэт дүр эсгэхийн тулд түүнд тэгэх үндэслэл байх ёстой. Тэгвэл антихристүүд үнэний биелэл мэт дүр эсгэхийн тулд юу ашигладаг вэ? Энэ бол Миний сая дурдсан зүйлс—мэдлэг, туршлага, сургамж юм. Үүнд хүмүүсийн суралцаж олж авсан онцгой ур чадвар, авьяас чадвар, түүнчлэн төрөлхийн билиг авьяас нь багтдаг. Зарим хүн харь хэлээр ярих билиг авьяастай байхад зарим нь номлох билиг авьяас юм уу уран цэцэн үгтэй байдаг. Бусад нь тодорхой нэг онцгой мэргэжлийн ур чадварт суралцсан, эсвэл эзэмшсэн байдаг. Жишээлбэл, зарим хүн бүжиг, хөгжим, дүрслэх урлаг, хэл, эсвэл уран зохиолд онцгой гарамгай байдаг бол зарим нь улс төрд чадварлаг байдаг, энэ нь тэд хүмүүсийг аргандаа оруулахдаа онцгой сайн, дипломат харилцаандаа гарамгай гэх мэт гэсэн үг юм. Товчхондоо, үүнд нийгмийн бүх давхаргын онцгой авьяас чадвартай хүмүүс багтдаг. Онцгой авьяас чадвар, эсвэл билиг авьяастай энэ хүмүүс нийгэмд заавал тодорхой байр суурьтай, эсвэл тогтсон ажил мэргэжилтэй байх албагүй. Зарим хүн жижиг байранд амьдардаг ч өнгөрснөөс өнөөг хүртэлх өргөн хүрээний асуудлын талаар тодорхой, логиктой, онцгой уран цэцэн байдлаар ярьж чаддаг. Хэрвээ эдгээр онцгой авьяас чадвартай хүмүүс антихристийн зан чанартай бол Бурханы гэрт ирэх үедээ байгаа байдалдаа сэтгэл хангалуун байхгүй; тэд тодорхой амбиц, хүсэл өвөрлөх бөгөөд аажмаар илчлэгдэх болно.
Антихристүүд өчүүхэн туршлага, мэдлэгтэй болж, зарим нэг сургамж авмагцаа үнэний биелэл мэт дүр эсгэдэг гэх зүйлийн тухайд бид сая ийм мэдлэг, туршлага, сургамжийн цар хүрээний талаар хэлэлцлээ. Тэгвэл энэ хэлэлцүүлгийн гол сэдэв юу байсан бэ? (Дүр эсгэх.) Зөв. Хамгийн гол нь антихристүүд үнэний биелэл мэт дүр эсгэдэг явдал юм. Мэдлэг, туршлага, сургамж—эдгээр зүйлийн аль нь ч үнэн биш; эдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй. Тэр ч бүү хэл эдгээр зүйл нь үнэний эсрэг байдаг бөгөөд Бурхан ялладаг. Мэдлэгийг жишээ болгон авч үзье, түүх нь мэдлэгийн нэг хэлбэрт тооцогдох уу? (Тооцогдоно.) Хүн төрөлхтний түүх, тодорхой улс орон юм уу угсаатны бүлгүүдийн түүх, орчин үеийн түүх, эртний түүх, тэр ч байтугай зарим нэг албан бус түүхийн талаарх мэдлэг, түүхийн ном хэрхэн бий болсон бэ? (Тэдгээрийг хүмүүс бичсэн.) Тэгвэл хүмүүсийн бичсэн зүйлс үнэн түүхтэй нийцдэг үү? Хүмүүсийн санаа, үзэл бодол нь Бурханы үйлдлийн зарчим, арга зам, арга хэрэгсэлтэй зөрчилддөггүй гэж үү? Хүний хэлсэн эдгээр үг үнэн түүхтэй холбоотой юу? (Үгүй.) Ямар ч холбоогүй. Тиймээс түүхийн номд агуулагдсан тэмдэглэл хэчнээн үнэн зөв байхаас үл хамааран тэдгээр нь ердөө л мэдлэг юм. Тэрхүү түүхчид хэчнээн уран цэцэн байх, эдгээр түүхийг хэчнээн логиктой, тодорхой хүүрнэхээс үл хамааран тэднийг сонссоны дараа чи ямар дүгнэлтэд хүрэх вэ? (Бид тэдгээр үйл явдлын талаар мэдэх болно.) Тийм ээ, та нар тэр үйл явдлын талаар мэдэх болно. Гэхдээ тэд эдгээр түүхийг зөвхөн чамд тэр үйл явдлын талаар мэдээлэх зорилгоор хүүрнэдэг үү? Чамд суулгахыг хүсдэг тодорхой нэг санаа тэдэнд байдаг. Тэгвэл тэдний суулгадаг үзэл суртлын гол цөм нь юу вэ? Энэ бол бидний дүн шинжилгээ хийж, задлан шинжлэх ёстой зүйл юм. Тэд хүмүүст ямар үзэл суртал суулгахыг хүсдэг болохыг та нарт ойлгуулахын тулд Би нэг жишээ хэлье. Эртнээс өнөөг хүртэлх түүхийг эргэн харсныхаа дараа хүмүүс эцэст нь нэгэн үг хэллэг гаргаж ирсэн; тэд хүн төрөлхтний түүхээс нэгэн баримтыг ажигласан бөгөөд энэ нь: “Ялсан нь хаан, ялагдсан нь гэмт хэрэгтэн болдог” гэх үг юм. Энэ нь мэдлэг мөн үү? (Мөн.) Энэ мэдлэг нь түүхэн баримтаас гаралтай. Энэ үг хэллэг Бурханы бүх зүйлийг захирдаг арга зам, арга хэрэгсэлтэй ямар нэгэн хамаатай юу? (Үгүй.) Үнэн хэрэгтээ энэ нь эсрэгээрээ; тэдгээртэй зөрчилдөж, эсрэг байдаг. Тэгэхээр чамд энэ үг хэллэгийг суулгасан бөгөөд хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, эсвэл шүтлэггүй хүн бол үүнийг сонсоод чи юу гэж бодох вэ? Чи энэ үг хэллэгийг хэрхэн хүлээж авах вэ? Юун түрүүнд, эдгээр түүхч эсвэл түүхийн ном энэ төрлийн бүх үйл явдлыг жагсааж, хангалттай нотлох баримт, түүхэн үйл явдлуудыг ашиглан энэ үг хэллэгийн үнэн зөв болохыг баталдаг. Эхлээд чи энэ үг хэллэгийг зөвхөн номоос сурсан байж болно, зүгээр л үг хэллэгийг нь л мэддэг байж магадгүй. Эдгээр үйл явдлыг мэдэх хүртлээ чи үүнийг зөвхөн нэг түвшинд, эсвэл тодорхой хэмжээнд л ойлгож магадгүй. Гэвч эдгээр түүхэн баримтыг сонсмогцоо энэ үг хэллэгийг танин мэдэх, хүлээн зөвшөөрөх чинь улам гүнзгийрнэ. Чи хэзээ ч “Зарим зүйл тийм биш” гэж хэлэхгүй. Харин чи: “Тийм л байдаг; эртнээс өнөөг хүртэлх түүхийг харахад хүн төрөлхтөн ийм маягаар хөгжиж ирсэн—ялсан нь хаан, ялагдсан нь гэмт хэрэгтэн болдог!” гэж хэлнэ. Чи асуудлыг ийм байдлаар хүлээж авах үедээ өөрийнхөө биеэ авч явах байдал, ажил мэргэжил, өдөр тутмын амьдрал, түүнчлэн эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлсийн талаар ямар үзэл бодол, хандлагатай байх вэ? Ийм ойлголт чиний хандлагыг өөрчлөх үү? (Өөрчилнө.) Юу юунаас илүүтэйгээр өөрчлөх болно. Тэгвэл энэ нь чиний хандлагыг хэрхэн өөрчлөх вэ? Энэ нь чиний амьдралын зүг чиг болон ертөнцөд аливааг зохицуулах арга барилыг чинь залж чиглүүлж, өөрчлөх үү? Магадгүй чи өмнө нь “Эв эе эрдэнэ; тэвчээр бол ухаан”, мөн “Сайн хүмүүс амар тайван амьдардаг” гэж итгэдэг байсан байх. Одоо чи: “‘Ялсан нь хаан, ялагдсан нь гэм хэрэгтэн болдог’ юм чинь, хэрвээ би албан тушаалтан болохыг хүсвэл тэр хүнийг сайтар бодолцох хэрэгтэй юм байна. Тэр миний талд биш учраас, хэдийгээр түүнийг дэвшүүлбэл зохих байсан ч би дэвшүүлж болохгүй” гэж бодно. Чи аливааг ингэж бодох үед чиний хандлага өөрчлөгдөнө—маш хурдан өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлт хэрхэн бий болох вэ? Чи “Ялсан нь хаан, ялагдсан нь гэмт хэрэгтэн болдог” гэсэн санаа, үзэл бодлыг хүлээн зөвшөөрснөөс болно. Олон баримт сонсох нь хүний бодит амьдрал дахь энэ үзэл бодлын зөв болохыг чамд улам бүр батлах болно. Ирээдүйн амьдрал, хэтийн төлөвөө эрэлхийлэхийн тулд чи өөрийн үйлдэл, биеэ авч явах байдалдаа энэ үзэл бодлыг хэрэгжүүлэх ёстой гэдэгтээ гүнээ итгэх болно. Тэгвэл энэ санаа, үзэл бодол чамайг өөрчилсөн байх биш үү? (Тийм.) Энэ нь чамайг өөрчлөхийн сацуу бас чамайг завхруулах болно. Ийм л байдаг. Ийм мэдлэг чамайг өөрчилж, завхруулдаг. Тиймээс энэ асуудлын уг үндсийг харах үед эдгээр түүхийг хэчнээн үнэн зөв гаргаж тавьсан байхаас үл хамааран эцсийн дүндээ тэдгээрийг энэ үг хэллэгээр нэгтгэн дүгнэгдэж, чамд энэ санааг суулгадаг. Энэ мэдлэг үнэний биелэл үү, эсвэл Сатаны логик уу? (Сатаны логик.) Зөв байна. Би үүнийг хангалттай дэлгэрэнгүй тайлбарласан уу? (Тийм.) Одоо тодорхой боллоо. Хэрвээ чи Бурханд итгэдэггүй бол хоёронтоо амьдарсан ч үүнийг ойлгохгүй хэвээр байх болно—чи хэдий чинээ удаан амьдарна, төдий чинээ өөрийгөө тэнэг гэж мэдэрч, өөрийгөө хангалттай харгис биш байна, илүү харгис хэрцгий, илүү зальжин, илүү хорон санаатай, илүү муу, илүү ёрын муу хүн байх ёстой гэж бодох болно. Чи дотроо: “Хэрвээ тэр алж чадаж байвал би галдан шатаах ёстой. Хэрвээ тэр нэг хүн албал би 10 хүн алах ёстой. Хэрвээ тэр ул мөр үлдээлгүй алдаг бол би хүмүүсийг мэдэгдэхгүйгээр хорлоно—тэр ч бүү хэл үр удам нь надад гурван үеэрээ талархахаар болгоно!” гэж бодно. Энэ бол Сатаны гүн ухаан, мэдлэг, туршлага, сургамжийн хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөө юм. Үнэн хэрэгтээ энэ нь ердөө л хүчирхийлэл, завхрал юм. Тиймээс энэ ертөнцөд ямар ч төрлийн мэдлэг номлож, дэлгэрүүлж байсан хамаагүй, энэ нь чамд нэг санаа, үзэл бодлыг суулгах болно. Хэрвээ чи үүнийг ялган таньж чадахгүй бол хорлогдох болно. Ерөнхийдөө одоо нэг зүйл лавтай байна: Энэ мэдлэг жирийн ард түмнээс гаралтай юу, эсвэл албан ёсны эх сурвалжаас гаралтай юу, цөөнх нь дээдэлдэг үү, эсвэл олонх нь дээдэлдэг үү гэдэг нь хамаагүй—үүний аль нь ч үнэнтэй хамаагүй. Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Үүний зөв эсэх нь үүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн тоогоор тодорхойлогддоггүй. Эерэг зүйлсийн бодит байдал нь өөрөө үнэн юм. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Үнэн үргэлж үнэн байх болно.
Бүх зүйлийг Бурхан захирдаг гэх баримтын талаар ярилцацгаая. Бурхан хүн төрөлхтнийг удирдаж эхэлснээсээ хойш бас түүх, тэмдэглэл хөтөлсөөр ирсэн. Бурхан хүний түүхийг хэрхэн хардаг вэ? Бурхан хүмүүст үнэнийг харуулахыг хүсдэг бөгөөд аливаа зүйлийн талаар гаргадаг хүмүүсийн үнэлгээ, дүгнэлт нь үнэн биш юм. Гэхдээ хүн төрөлхтөн яагаад түүхийг Бурханы үг, үнэнд үндэслэн хардаггүй вэ? Учир нь хүн төрөлхтөн үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг, үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Тийм ч учраас тэд хуурамч, утгагүй, инээдтэй онолуудыг сэдэж чаддаг. Жишээлбэл, Эзэн Есүс Ариун Сүнсээр олдсон. Энэ бол эерэг зүйл. Гэсэн ч Сатан энэ талаар юу гэж хэлдэг вэ? Ариун Сүнсээр олдсон гэх баримтыг Сатан хүлээн зөвшөөрдөггүй, тэр ч байтугай Эзэн Есүсийг бутач, хүнээс төрсөн хэмээн доромжилдог. Сатан хүн төрөлхтний хамгийн бохир заваан үг, хүмүүсийн зэвүүцэж, жигшдэг хэллэгийг авч, Эзэн Есүсийн төрөлтөд ашигладаг. Энэ нь баримтыг гуйвуулж байгаа хэрэг биш гэж үү? (Мөн.) Ариун Сүнсээр олдсон нь Бурханы ажил юм. Ямар хэлбэртэй байхаас үл хамааран Бурханы ажлын талаар нэг зүйл лавтай: Энэ бол үнэн, хөдөлшгүй үнэн. Тэгвэл Сатан яагаад Бурханы урьдчилан тодорхойлж, гэрчилсэн ийм илэрхий баримтыг хүлээн авдаггүй вэ? Яагаад Сатан үүнийг үл тоомсорлож, тэр ч байтугай Эзэн Есүсийг хүнээс төрсөн хууль бус хүүхэд гэж тодорхойлдог вэ? (Тэр үнэнийг үзэн яддаг, эерэг зүйлсийг үзэн яддаг.) Тэр санаатайгаар Бурханыг гутааж байна! Сатан энэ баримтыг хамгийн сайн мэддэг; тэр сүнсний ертөнцөд үүнийг маш тодорхой хардаг. Тэгвэл тэр яагаад ингэдэг вэ? Түүний сэдэл юу вэ, санаа зорилго нь юу вэ? Яагаад тэр ийм үг тараадаг вэ? Тэр санаатайгаар Бурханыг гүжирдэж, гутааж байна. Бурханыг гутаах зорилго нь юу вэ? Есүсийг хууль бус хүүхэд гэдэгт хүмүүсийг итгүүлж, хүмүүсээр үүнийг шившигтэй зүйл гэж бодуулан, улмаар Түүнд итгэхээ болиход хүргэх юм. Сатан: “Хэрвээ хүмүүс чамд итгэхгүй бол чи ажлаа дуусгаж чадахгүй биз дээ?” гэж боддог. Үнэн хэрэгтээ, үнэн үргэлж үнэн байх болно. Тухайн үедээ бүх хүн төрөлхтөн үүнийг голсон ч гэсэн хоёр мянган жилийн дараа Эзэн Есүс эцэстээ дэлхий даяар дагагчидтай, Өөрийг нь магтан алдаршуулдаг хүмүүстэй болж, загалмай хаа сайгүй ил тод харагдах болсон бөгөөд Сатан бүтэлгүйтсэн. Сатаны хэлсэн үг бүтсэн үү? (Үгүй, бүтээгүй.) Тиймээс энэ нь үнэн биш; энэ нь баттай биш бөгөөд Түүнийг гутаагаад ямар ч нэмэргүй. Бурханы хийсэн энэ зүйл хүмүүсийн үзэл, төсөөлөлд нийцдэг эсэх, эсвэл хүн төрөлхтний уламжлалт соёл, үг хэллэг, ёс суртахуунд харшилдаг эсэхээс үл хамааран, Бурхан тоодоггүй. Бурхан яагаад тоодоггүй вэ? Энэ нь юуг хөнддөг вэ? Бурхан бүх зүйлийг захирдаг тул Сатаны эдгээр диаволын үг Бурханы ажлыг сүйтгэж чадах уу? Та нар үүнийг нэвт харж чадахгүй байна, тийм үү? (Тийм ээ, бид чадахгүй байна.) Надад хэл дээ, бүх зүйл Бурханы гарт байдаггүй гэж үү? (Байдаг.) Сатаны диаволын үг, ердөө тэр хэдхэн үг Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйтгэж чадах уу? Энэ боломжтой юу? (Үгүй, боломжгүй.) Сатан амжилтад хүрэхийг хүсдэг ч тэгж чадах уу? Үнэн үргэлж үнэн байх болно. Энэ бол үнэний хүч чадал юм. Үнэний хүч чадал бол хэн ч—Сатан ч гэсэн—өөрчилж чадахгүй зүйл юм. Одоо ч гэсэн Сатан тэр үгээ тараасаар байна. Энэ нь бүтдэг үү? Үгүй, бүтдэггүй. Нигүүлслийн эрин үеийн ажил дууссан; Эзэн Есүсийн сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрд түгж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн шинэ ажил олон жилийн турш өрнөсөөр байна. Сатан аль хэдийн бүтэлгүйтэж, гутамшиг болсон. Тэгвэл одоо Сатан уурлаж, бухимдаад хэрэг байна уу? Үгүй, ямар ч хэрэггүй. Тиймээс үзэл бодол нь ямар байх, мэдлэгийн түвшин нь хэр өндөр байх, эсвэл уг үзэл бодлыг хэчнээн хүний дунд хэрэглэж, тараахаас үл хамааран энэ бүхэн ямар ч хэрэггүй; энэ нь баттай байж чадахгүй. Бурханы ажил зогсошгүй; Сатан ч үүнийг зогсоож чадахгүй. Бурханы ажлыг зогсоож чадна гэж хэдхэн өчүүхэн хүн үнэхээр боддог гэж үү? Энэ бол дэмийрэл! Та нарын олонх нь эдгээр үндэслэлгүй цуу яриаг сонсож өсөн, Сатаны төөрөлдүүлсэн үзэл бодлыг хүлээн авсан; та нарын толгой Сатаны логик, гүн ухаан, мэдлэг, шинжлэх ухаан зэрэг зүйлсээр дүүрсэн байсан. Тэгээд дараа нь юу болсон бэ? Бурханы үг та нар дээр ирэх үед та нар Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы өмнө эргэн ирсэн. Сатаны цуу яриа, диаволын үг ямар ч нэмэргүй байсан. Тэдгээр нь Бурханы ажлыг урагшлахад өчүүхэн төдий ч саад болоогүй. Бүх улс орны Бурханы сонгосон хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч эхэлсэн. Тэд өдөр бүр Бурханы үгийг идэж, ууж, номлол сонсож, нөхөрлөдөг. Тэд Бурханы төлөө үүргээ гүйцэтгэж, Түүнийг гэрчилдэг. Сатан үүнийг тунгаан бодоод: “Миний төөрөлдүүлсэн олон үг яагаад үйлчлэхгүй байна вэ? Би бурхны сонгосон хүмүүсийг дарангуйлж, баривчилж, хүчирхийлэх маш олон зүйл хийсэн атал яагаад тэдгээр нь бараг ямар ч үр дүнд хүрсэнгүй вэ? Яагаад харин ч бурханд итгэгчдийн тоо нэмэгдээд байна вэ?” гэж хэлдэг. Тэгээд тэр Бурхан үнэхээр төгс хүчит гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж, үүнийхээ дараа бүрмөсөн гутамшиг болдог—тиймээс: “Сатан үргэлж Бурханы гарт ялагдана” гэдэг үг гарсан юм. Энэ баримт уу? (Тийм.) Бүх зүйлийг гүйцэлдүүлж чаддаг зүйл бол үнэхээр Бурханы үг юм! Сатан болон бүх диаволын хаад Бурханд үйлчлэл үзүүлж байна. Бурханы гарт тэд үйлчлэлийн бай, товойлгогч юм. Эдгээр үйлчлэлийн бай болон товойлгогч бидэнтэй ямар нэгэн хамаатай юу? (Үгүй.) Үгүй, хамаагүй. Бид зүгээр л Бурханд итгэхэд анхаарах хэрэгтэй, бид тэдэнтэй ямар ч хамаагүй. Хаад ч бай, гэмт хэрэгтнүүд ч бай, тэд Сатаных бөгөөд устгагдах болно. Бид бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг дагаж, үүрд Сатанаас урваж, зөвхөн Бурхантай хамт явах хэрэгтэй. Энэ бол хийх ёстой зөв зүйл юм.
Би мэдлэг, туршлагын жишээг өгсөн тул та нар одоо эдгээр зүйлийг арай илүү зөв ойлгох учиртай. Эдгээр зүйлийн талаар нөхөрлөхийн зорилго юу вэ? Нэг талаар, антихристүүдийг ялган таньж, мөн өөрсдөдөө байгаа антихристүүдийн зан чанарын энэ талыг танин мэдэхэд эдгээр баримт, жишээг ашиглах боломжийг та нарт олгохын тулд юм. Нөгөө талаар, иймэрхүү хэлэлцүүлэг зарим хүний бодлогогүй үйлдлийг нь хазаарлаж чадахгүй гэж үү? (Чадна.) Өнгөрсөнд зарим нэг хүн үүргээ гүйцэтгэхдээ туршлага, хуучинсаг арга барилд найдах хандлагатай байсан бөгөөд аливааг хийх өөрсдийн арга барилтай зууралдсанаас болж Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлсэн тул улмаар арга хэмжээ авхуулсан. Тэд хуучирсан хэрэгжүүлэлт, туршлагаа юу юунаас илүүд үнэлж, Бурхан юу хэлсэн, хүмүүсээс юу шаардсан, эсвэл үнэн-зарчмыг хэрхэн баримтлах зэрэг хамгийн чухал зүйлсийг хэзээ ч бодолцож үзээгүй. Тэд бас хуучирсан хэрэгжүүлэлттэйгээ зөрүүдлэн зууралдсан, цаашлаад үүнийхээ суурь болгон: “Бид үргэлж ингэж хийсээр ирсэн”, “Манай нутагт үргэлж ингэж хийсээр ирсэн. Бидний өвөг дээдэс ингэж л хийдэг байсан” гэсэн утгагүй логик ашиглаж байсан. Тэд яагаад үргэлж иймэрхүү зүйлийг онцолдог байсан бэ? Энэ нь тэд шинэ зүйлийг хүлээн авдаггүй; үнэнийг хүлээн авдаггүй болохыг баталсан. Тэд эдгээр хуучирсан арга барилын болхи, хоцрогдсон, инээдтэй байдлыг нэвт харж чадаагүй. Тэд аливааг хийх шинэ арга барил, илүү дэвшилттэй, илүү зөв, илүү тохиромжтой арга барил байдгийг мэдээгүй. Тэд үргэлж хуучинсаг арга барилтайгаа зууралдаж, хуучин туршлагадаа найдан, өөрсдийгөө нэлээд дэвшилттэй; үнэнийг хэрэгжүүлж байна гэж боддог байв. Эдгээр нь утгагүй төрлийн хүмүүс биш гэж үү? “Манай нутагт үргэлж ингэж хийсээр ирсэн”, “Миний өмнө нь хийж байсан арга барил”, “Бид үргэлж ингэж хийсээр ирсэн”—эдгээр хуучин арга барил, эдгээр үеэ өнгөрөөсөн зүйлс үнэн-зарчмыг орлож чадах уу? Хэн нэгэн аливааг хуучинсаг аргаар хийнэ гэдэг нь үнэнийг хэрэгжүүлж байна гэсэн үг үү? Тэр хүмүүс юу ч ойлгоогүй, юуг ч нэвт харж чадаагүй. Тэд хуучин арга барилтайгаа зууралддаг, зөрүүд, хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүс үнэнийг хүлээн авахад хэтэрхий хэцүү! Надад хэл дээ, аливаа зүйл шинэ, эсвэл хуучин байхаас үл хамааран чи үүнд хэрхэн ханддаг вэ? Чи тэрийг хэрхэн зохицуулдаг вэ? Тэрийг зохицуулах чиний үндэслэл юу вэ? Хэрвээ хүн бүр ямар нэг зүйлийн талаар зөвхөн хязгаарлагдмал мэдлэгтэй байвал үүнд хэрхэн зөв, зарчимд нийцсэн байдлаар хандах вэ? Чи эхлээд энэ чиглэлээр харьцангуй мэргэшсэн хүнээс асуух ёстой. Мэдлэгтэй хүнийг олсон цагт чамд зам байх болно. Хэрвээ чи мэдлэгтэй хүн олж чадахгүй бол онлайнаар зөвлөгөө эрж, эсвэл мэдээлэл хайж олон асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна. Тэгээд хайж байхдаа чи Бурханд залбирч, Түүнд найдсаар байх хэрэгтэй; Бурханаар урагшлах замаа нээлгэ. Бид үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Бид үүнийг хэрэгжүүлэлтийн зарчим гэж нэрлэдэг. Та нарын зарим нь дотроо: “Би бол арвин туршлагатай, энэ чиглэлийн мэргэжилтэн. Би үүнийг хийснийхээ төлөө бүр шагнал авч байсан, тиймээс надад энэ үндэслэл бий. Энэ ажлыг надад даатгасан учраас би хариуцсан хүн нь. Надад шийдвэр гаргах эрх мэдэл байгаа, бүх зүйл надаас хамаарна. Хүн бүр миний тушаалыг дагаж, намайг дуулгавартай дагах ёстой. Өөр хэний ч хэлсэн зүйл хамаагүй, надтай санал нийлэхгүй байгаа хэн боловч амаа хамхих хэрэгтэй!” гэж боддог. Ийм сэтгэлгээ зөв үү? Энэ нь гарцаагүй зөв биш. Чиний хандлага болон чиний харуулж буй зан чанарт асуудал байна. Энэ даалгаврыг хүлээн авснаараа эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхтэй болсон гэж чи зүрх сэтгэлдээ боддог. Чи бүхнийг шийдэхийг хүсдэг бөгөөд өөр хэнд ч үг хэлэх боломж олгодоггүй. Чамд бусад хүмүүсийн хамтын ажиллагаа хэрэггүй мэт, эсвэл хүн бүр санал бодлоо илэрхийлэх шаардлагагүй мэт байдаг; бүх зүйл чиний хэлсний дагуу явагдаж, бүх зүйл чамаас хамаарна. Энэ ямархуу зан чанар вэ? Энэ нь хэтэрхий биеэ тоосон, эрүүл ухаангүй хэрэг биш гэж үү? Энэ бол антихристийн зан чанар юм. Чи бусдаас арай дээр хэв чанартай, чамд бага зэрэг ухамсарлах чадвар, мөн энэ хэрэг явдал дээр бага зэрэг туршлага байж болох юм. Гэвч чиний тодорхой ойлгох ёстой нэг зүйл бий: Чамд байгаа эдгээр зүйлийн аль нь ч үнэн биш. Хэрвээ чи өөрийгөө арай дээр хэв чанартай, бага зэрэг ухамсарлах чадвар, бага зэрэг авьяастай, мөн бага зэрэг мэдлэгтэй гэж итгэж, эдгээр зүйлийг үнэн гэж үзэн, өөрийгөө үнэн гэж итгэж, хүн бүр чиний тушаалыг дагаж, чиний зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой гэж боддог бол энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? Хэрвээ чи аливааг үнэхээр ийм байдлаар хийдэг бол чи антихристээс өөр юу ч биш. Билиг авьяасаа үнэн гэж үздэг чи чинь яачихаа вэ? Чиний эзэмшдэг хэв чанар, ухамсарлах чадвар, авьяас, мэдлэг буруу биш. Тэгвэл бид энд юуг задлан шинжилж байна вэ? Бидний задлан шинжилж байгаа зүйл бол чиний зан чанар—эдгээр зүйлийн ард чиний тээж явдаг завхарсан зан чанар; биеэ тоосон зан чанар, өөрийгөө зөвтгөдөг зан чанар юм. Чи билиг авьяасаа үнэн гэж үзэх үедээ эдгээр билиг авьяасыг эзэмшдэг учраас өөрт чинь үнэн байгаа гэж итгэдэг. Чи үнэнийг тийм билиг авьяасаар орлуулдаг, тэгвэл энэ ямархуу зан чанар вэ? Энэ нь антихристийн зан чанар биш гэж үү? Антихристүүд бүгд өөрсдийн бодол санаа, өөрсдийн эрдэм, билиг авьяас, авьяас чадварыг үнэн гэж үздэг. Тэд эдгээр билиг авьяасыг эзэмшсэнээрээ үнэнийг эзэмшдэг гэж боддог. Тиймээс тэд өөрсдийг нь дуулгавартай дагаж, тушаалыг нь дагаж, эрх мэдэлд нь захирагдахыг бусдаас шаарддаг. Антихристүүд энд л бурууддаг. Чи үнэхээр үнэнийг эзэмшдэг үү? Чамд Бурханы талаарх жинхэнэ ойлголт байхгүй, Бурханаас эмээдэг сэтгэл ч байхгүй, чи Бурханд дуулгавартай хүн бүр ч биш, мөн чамд үнэн өчүүхэн төдий ч байхгүй, гэсэн атлаа чи биеэ тоосон, ихэрхүү, өөрийгөө зөвтгөдөг бөгөөд өөрийгөө үнэнийг эзэмшдэг, бусад хүн чамайг дуулгавартай дагаж, чиний тушаалыг дагах ёстой гэж боддог. Чи бол жинхэнэ антихрист.
Сайн мэдээ түгээх ажил нь хүмүүсээс янз бүрийн ур чадвар, мэргэжлийг судалж, суралцахыг шаарддаг төрөл бүрийн төслийг хамардаг; гэвч зарим хүн Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй бөгөөд амархан төөрөлддөг. Тэд өчүүхэн ч болов үнэнийг хүлээн авалгүйгээр зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвар л судалдаг. Энэ ямар төрлийн хүн бэ? (Билиг авьяасад анхаардаг, антихристийн зан чанартай хүн.) Зөв. Энэ бол бидний ил болгож байгаа төрлийн хүн; ийм төрлийн хүн антихристийн зан чанартай бөгөөд ноцтой тохиолдолд тэд антихрист байдаг. Тэд энэ боломжийг ашиглан эдгээр зүйлийг сурч, улмаар энэ мэргэжил, эсвэл ур чадварыг мэддэг бүх хүний дундаас хамгийн шилдэг нь болж, энэ чиглэлээр хамгийн эрдэмтэй, чадварлаг нь болохыг хүсдэг, ингэснээр бусад нь бүх зүйл дээр тэдэнд найдаж, үнэнийг хэрэгжүүлэхийн оронд тэдний үгийг сонсож, харин тэд энэ бүлэг дотор удирдах үүрэг роль гүйцэтгэдэг. Асуудал энд оршдог. Ямар хүмүүс ийм байдаг вэ? Зөвхөн бүх төрлийн мэдлэг, эрдэм, туршлагыг судалж, өөрсдийгөө тэдгээрээр зэвсэглэхийг эрж хайдаг; бүх зүйлийг хийхдээ өөрсдийн хэв чанар, авьяас чадвар, билиг авьяасад найддаг хүмүүс. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд бүгд ийм замаар алхах болно. Энэ бол гарцаагүй. Энэ бол Паулын зам юм. Чи ямар салбар, чиглэлд байгаагаас үл хамааран бусдаас арай илүү мэдлэг, туршлага, эсвэл сургамжтай байх нь чамайг үнэнийг ойлгодог, эсвэл үнэн-бодит байдалд орсон гэдгийг харуулахад хангалтгүй бөгөөд чи үнэнийг олж авсан гэсэн үг яавч биш. Тэгвэл юу үүнийг хангалттай харуулдаг вэ? Эдгээр мэргэжлийн ур чадварыг суралцах явцдаа ийм төрлийн үүрэг гүйцэтгэх зарчим, түүнчлэн энэ үүргийг гүйцэтгэхэд Бурханы гэрийн шаарддаг стандартыг илүү сайн ойлгож авах. Өөрсдийг нь мэргэжлийн мэдлэгтэй болгох гэж оролдох тусам улам эсэргүүцдэг зарим хүн байдаг бөгөөд тэд үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж бодон, тэр ч байтугай “Бурханд итгэх нь үл итгэгч ертөнцөөс салах явдал байх ёстой, тэгвэл бид яагаад үл итгэгч ертөнцийн ур чадвар, мэдлэгийг сурах ёстой юм бэ?” гэж хэлдэг. Тэд сурахыг хүсдэггүй. Энэ бол залхуу зан. Тэд ажилдаа хариуцлагатай ханддаггүй, үнэнч зан байхгүй, ийм хэрэг явдалд ямар ч хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар сурахын зорилго бол үүргээ сайн гүйцэтгэх явдал юм. Чамд хараахан тулгараагүй, сурах шаардлагатай маш олон мэдлэг, амьдралын ухаан бий. Энэ бол хүнд тавих Бурханы шаардлага, даалгавар юм. Тиймээс эдгээр зүйлийг сурах нь хий дэмий хэрэг болохгүй; энэ бүхэн үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө юм. Ийм ур чадвар сурсныхаа дараа Бурханы гэрт хөлөө олж чадна гэж зарим хүн боддог. Ийм сэтгэлгээ асуудал дагуулах биш үү? Энэ үзэл бодол буруу. Энэ замаар алхаж чадах хүн байна уу? Ийм хүнд өгсөн эрх мэдэл нь хэчнээн их, ажлын цар хүрээ нь хэчнээн том, хариуцлага нь хэчнээн их байна, тэд төдий чинээ их аюулд ордог. Энэ аюул хэрхэн үүсдэг вэ? Мэдээж хэрэг, тэд завхарсан зан чанартай, антихристийн зан чанартай учраас тэр юм. Аливааг хийхдээ тэд ажлыг хэрхэн хийх, хэрхэн хэлбэрдэхэд л анхаардаг. Тэд зарчмыг эрж хайдаггүй. Тэд үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй, үнэн-зарчмыг улам ойлгож, улам ухамсарладаг ч үгүй. Тэд зарчмыг эрж хайдаггүй, харуулдаг завхрал, өөрсдөд нь төрдөг буруу үзэл бодол, эсвэл үүргээ гүйцэтгэж байхдаа автдаг буруу байдлаа шинжилж, шалгадаг ч үгүй. Тэд зөвхөн өнгөц хэрэгжүүлэлтэд анхаарч, үүрэгт нь шаардлагатай янз бүрийн мэдлэгийг эзэмшиж, өөрсдийгөө зэвсэглэхэд л анхаардаг. Ямар ч чиглэлээр ажилладаг байсан мэдлэг бүхнийг хөтөлдөг; мэдлэгтэй бол хүчирхэгжиж, бүлэг дотор хөлөө олно; ямар ч бүлэгт байсан мэдлэгийн түвшин өндөр, эрдмийн зэрэг өндөртэй хүмүүс өндөр байр суурьтай байдаг гэж тэд үздэг. Жишээлбэл, эмнэлэгт эмнэлгийн дарга нь ерөнхийдөө мэргэжлийн бүх тал дээр хамгийн шилдэг нь байж, хамгийн гүнзгий техникийн ур чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд Бурханы гэрт ч бас тийм байдаг гэж ийм хүмүүс боддог. Аливааг ингэж ойлгох нь зөв үү? Үгүй, буруу. Энэ нь “Бурханы гэрт үнэн ноёрхдог” гэсэн үгтэй зөрчилддөг. Ийм хүмүүс Бурханы гэрт мэдлэг ноёрхдог, хэн мэдлэг, туршлагатай байна, хэн хангалттай өндөр зиндаатай, хангалттай хөрөнгөтэй байна, тэр хүн Бурханы гэрт хөлөө олно, хүн бүр тэдний үгийг сонсох ёстой гэж итгэдэг. Энэ үзэл бодол буруу биш үү? Зарим хүн дотоод ухамсартаа ингэж бодож, үйлддэг байж магадгүй; тэд үүнийг эрэлхийлдэг бөгөөд нэг л өдөр мухардмал байдалд орж магадгүй. Тэд яагаад мухардмал байдалд орж магадгүй вэ? Үнэнийг хайрладаггүй, эрэлхийлдэггүй, үнэнийг бүрмөсөн үл тоодог хүн өөрийгөө ойлгож чадах уу? (Чадахгүй.) Тэд өөрсдийгөө ойлгохгүй байхдаа маш их мэдлэгээр өөрсдийгөө зэвсэглэж, Бурханы гэрийн төлөө зарим нэг төлөөс төлж, жаахан хувь нэмэр оруулсан байдаг—тэд эдгээрийг юу болгон хувиргасан бэ? Тэд эдгээрийг хөрөнгө болгон хувиргасан. Тэдний хувьд энэ хөрөнгө нь юу вэ? Энэ нь тэд үнэнийг хэрэгжүүлж буйн тэмдэглэл, үнэн-бодит байдалд орж, үнэнийг ойлгож буйн нотолгоо юм. Тэд эдгээр зүйлийг ийм болгон хувиргасан. Хүн бүр зүрх сэтгэлдээ үнэнийг ойлгох, үнэн-бодит байдалд орохыг сайн, эерэг зүйл гэж үздэг. Мэдээж, ийм төрлийн хүний нүдээр ч бас энэ нь үнэн. Гэвч тэд мэдлэгийг үнэн гэж эндүүрсэн нь харамсалтай. Гэсэн ч тэд энэ эндүүрэлдээ сэтгэл хангалуун байсаар байдаг. Энэ бол аюулын дохио юм. Ямар төрлийн хүн ингэж үйлдэх вэ? Сүнслэг ойлголтгүй хүмүүс бүгд ингэж үйлдэж, өөрөө ч мэдэлгүй буруу замд ордог. Нэгэнт тэд ийм замд орсон бол чи тэднийг татан гаргаж чадахгүй. Хэрвээ чи тэдэнтэй үнэний талаар нөхөрлөж, байдлыг нь хэлж өгч, тэднийг ил болговол тэд ойлгохгүй, үүнийг өөрсөдтэйгөө холбож чадахгүй. Энэ бол сүнслэг ойлголт ноцтой дутмаг байгаа хэрэг юм. Ийм хүн мэдээжийн хэрэг мэдлэг, туршлага, сургамжаа үнэн гэж үздэг. Тэд эдгээр зүйлийг үнэн гэж авч үзмэгц эцэст нь тодорхой нэг нөхцөл байдал үүснэ. Энэ бол гарцаагүй. Бурхан нэг зүйл хэлж, харин ийм төрлийн хүн өөр зүйл хэллээ гэж бодъё—тэдний үзэл бодол гарцаагүй өөр байх болно. Тэгвэл ийм төрлийн хүн хэний үзэл бодлыг зөв гэж үзэх вэ? Тэд өөрсдийн үзэл бодлыг зөв гэж үзэх болно. Тэгвэл тэд Бурханыг дуулгавартай дагаж чадах уу? (Үгүй.) Тэд яах вэ? Тэд өөрсдийн үзэл бодолтой зууралдаж, Бурханы хэлснийг үгүйсгэх болно. Ингэснээрээ тэд өөрсдийгөө үнэний биелэл гэж үзэж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Яг л Буддын шашинтан шиг өөрсдийгөө хөгжүүлээд эцэст нь амжилтад хүрлээ гэж тэд боддог; тэд Бурханыг үгүйсгэхийн хэрээр хүмүүсийг өөрсдөд нь Бурхан мэт ханддаг болгодог бөгөөд өөрсдийгөө үнэний биелэл болсон гэж боддог. Энэ ямар утгагүй хэрэг вэ! Жишээлбэл, хэн нэгэн тодорхой нэг мэдлэгийн салбар, эсвэл ажлын чиглэлээр онцгой чадварлаг байлаа гэж бодъё. Энэ чиглэлээр мэргэжлийн бус хүн учраас Би түүнээс энэ салбартай холбоотой асуулт асуух үед тэр гайхуулж эхэлдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Надад хэл дээ, Би түүнээс асуулт асуусан нь буруу юу? (Үгүй.) Тэгвэл Би яагаад түүнээс асуулт асуудаг вэ? Учир нь зарим хэрэг явдал ажил, мэргэжилтэй холбоотой байдаг бөгөөд Би тэдгээрийг ойлгодоггүй тул өөр хүнээс асуух ёстой. Түүнчлэн, тэр туршлагатай, эдгээр хэрэг явдлыг ойлгодог гэдгийг Би мэднэ. Би түүнээс асуулт асуух нь туйлын зөв юм. Миний санаа зорилго, арга барил зөв үү? (Зөв.) Үүнд ямар ч буруу зүйл байх ёсгүй, тийм биз дээ? Тэгвэл тэр хүн энэ хэрэг явдалд ямар зөв хандлагаар хандах ёстой вэ? Тэр ойлгодог бүхнээ Надад хэлэх ёстой. Тэгээд тэр энэ талаар юу гэж бодох ёстой вэ? Энэ талаар юу гэж бодвол зөв байх вэ? Юу гэж бодвол буруу байх вэ? Хэвийн, ухаалаг хүн энэ талаар юу гэж бодох вэ? Антихристийн зан чанартай хүн энэ талаар юу гэж бодох вэ? Зарим хүн Намайг ойлгохгүй байгааг сонсмогцоо “Өө, чи ойлгохгүй байгаа юм уу! Үүнийг хийхэд бидэнд ямар хэцүү байсныг чи мэдэхгүй! Чи үүнийг мэдэхгүй, үүнийг ойлгохгүй байна!” гэж хэлдэг. Тэд ярьж байхдаа гайхуулж эхэлдэг. Ингэж гайхуулж байгаа нь юуг илтгэж байна вэ? Асуудал байгааг илтгэж байна. Энэ хүмүүс ихэвчлэн маш боловсон, сүсэгтэй байдаг атлаа яагаад гэнэт гайхуулж эхэлдэг вэ? (Тэд багахан мэдлэгийг ойлгож, бага зэрэг туршлагатай болсон учраас өөрсдийгөө үнэн гэж үздэг.) Тийм ээ. Өмнө нь бусад хүн тэднээс асуулт асуухад тэд үүнийг сүртэй зүйл гэж боддоггүй байсан. Гэвч Намайг асуулт асуухад тэд “Чи үнэн биш гэж үү? Чи бүх зүйлийг ойлгох ёстой биш гэж үү? Чи ийм хэрэг явдлыг ойлгохгүй байж яаж чадаж байна аа? Хэрвээ чи үүнийг ойлгохгүй байгаа бол би чамаас илүү дээр юм байна” гэж боддог. Тэд бага зэрэг гайхуулахыг хүсдэг. Тэдний бодож байгаа зүйл энэ биш гэж үү? (Мөн.) Тэд үүнийг нэр төрийн хэрэг гэж боддоггүй, харин нэг төрлийн сатанлаг зан чанар тэднээс тэсрэн гардаг. Гэнэт тэд өөрсдийгөө газар, тэнгэрийн хооронд маш хүчирхэг юм байна гэж боддог! Энэ нь эндүү ташаа ойлголт биш гэж үү? Тэд мулгуу амьтад биш гэж үү? (Мөн.) Би ч бас тэгж бодож байна. Зөвхөн мулгуу амьтад л ингэж бодно. Тэд энэ салбарын талаар ердөө бага зэрэг л ойлгодог биш үү? Хүмүүсийн мэддэггүй маш олон зүйл байдаг; тэд өөрсдийгөө бага зэрэг мэддэг байх ёстой. Зарим хүн даавууны талаар бага зэрэг мэддэг, ердөө хүрээд л материалынх нь төрлийг бараг хэлж чаддаг. Хэрвээ чи тэднийг магтаж, “Чи даавуу сайн мэддэг бололтой” гэж хэлбэл тэд: “Тийм шүү. Та нар үүнийг сураагүй болохоор мэдэхгүй. Би үүнийг сурсан, би энэ талаар та нараас илүү мэргэжилтэн. Би чамайг дорд үзэж байгаа юм биш, чи зүгээр л үнэхээр илүү их суралцах хэрэгтэй” хэмээн хариулна. Энэ нь нэлээд ой гутмаар биш гэж үү? Тэгээд бас бага зэрэг хоол хийдэг атлаа бөгөөд хэдэн төрлийн хоол хийж чаддагаа, хэдэн удаагийн хоол хийж чаддагаа гайхуулж эхэлдэг хүмүүс байдаг. Зарим хүн хөдөө орон нутагт хэсэг хугацаанд хөл нүцгэнанхан шатны мэдлэгтэй эмчээр ажиллаж байсан. Ах эгч нь бага зэрэг өвдөөд, иллэг хийж, эсвэл зүү тавьж, бумба тавьж өгөхийг гуйнж, энэ нь тэднийг эдгээж чадах эсэхийг асуухад тэд: “Үүнийг ингэж амархан эмчилж болно гэж чи бодоо юу? Та нар ойлгохгүй байна. Анагаах ухааны салбарын бид бүгдээрээ хүний бие ярвигтай гэдгийг мэднэ. Хүнийг бүтээсэн бурхны нууц гэж бий. Тиймээс зүү, эсвэл бумба тавьж болох эсэх нь нөхцөл байдлаас шалтгаална” хэмээн хариулдаг. Үнэн хэрэгтээ, тэд ч бас маш бага зүйл мэддэг. Тэд ямар ч өвчнийг тодорхой тайлбарлаж, эсвэл олон өвчнийг эмчилж чаддаггүй. Гэсэн ч нэр нүүрээ хамгаалахын тулд ихэрхэж, дүр эсгэж, мэргэжилтэн шиг авирласаар байдаг. Эдгээр өөр өөр төрлийн хүмүүсийн илрэл нь завхарсан хүмүүс бүгд Сатаны зан чанар, антихристийн зан чанартайг харуулдаг. Гэхдээ хүмүүс өөрсдийгөө өнгөлөн далдалж, эцсээ хүртэл дүр эсгэдэг бүр ч ноцтой тохиолдлууд байдаг. Бусад нь тэднийг магтдаг эсэхээс үл хамааран тэд сэтгэлийнхээ гүнд харанхуй бодол тээдэг. Энэ бодол юу вэ? “Би жинхэнэ хэн болох, жинхэнэ чадвараа хэнд ч хэзээ ч мэдэгдэхгүй.” Жишээлбэл, хэрвээ тэд анхан шатны мэдлэгтэй л эмч байсан бол бусдад өөрсдийгөө алдартай эмч гэж бодуулахыг үргэлж хичээдэг бөгөөд өөрсдийгөө анхан шатны мэдлэгтэй эмч гэдгийг, эсвэл үнэхээр өвчин эмчилж чаддаг эсэхийг нь хэн нэгэн мэдээсэй гэж хэзээ ч хүсдэггүй. Тэд нөхцөл байдлынх нь үнэнийг бусад хүн мэдэх вий гэхээс айдаг. Тэгээд тэд өөрсдийгөө ямар хэмжээнд хүртэл өнгөлөн далдалдаг вэ? Тэдэнтэй харилцсан хүн бүр тэднийг хэзээ ч алдаа гаргадаггүй, ямар ч дутагдалгүй; сурсан бүх зүйлдээ чадварлаг, бусдад хэрэгтэй юуг ч хийж чадна гэж бодох хэмжээнд хүртэл өнгөлөн далдалдаг. Хэрвээ бусад нь тэднээс хоол хийж чадах эсэхийг асуувал тэд чадна гэж хэлнэ. Манж-Хятад зоог бэлдэж чадах эсэхийг асуухад тэд дотроо “Би хийж чадахгүй” гэж боддог ч цааш лавлан асуухад “Тийм ээ!” гэж хариулна. Гэсэн ч энэ зоогийг хийхийг тэднээс хүсэх үед тэд татгалзах шалтаг олно. Энэ нь мэхлэлт биш гэж үү? Тэд бүхнийг мэддэг, бүхнийг хийж чаддаг, юуг ч хийх чадвартай мэт дүр эсгэдэг—тэд мулгуу амьтад биш гэж үү? Гэхдээ тэд мулгуу амьтан байна уу, эсвэл бага зэрэг хэв чанар, зарим нэг чадвар, эсвэл билиг авьяастай байна уу хамаагүй, антихристүүдэд нийтлэг байдаг нэг зүйл юу вэ? Энэ нь бүхнийг ойлгодог мэт дүр эсгэх, үнэн мэт дүр эсгэх хүсэл нь юм. Хэдийгээр тэд өөрсдийгөө үнэн гэж шууд мэтгэдэггүй ч бүх эерэг зүйлийн бодит байдал, бүхнийг хийж чаддаг мэт дүр эсгэхийг хүсдэг. Тэгэхээр энэ нь тэд үнэний биелэл гэсэн далд санааг илэрхийлж байгаа биш гэж үү? Тэд өөрсдийгөө үнэний биелэл, хэлсэн бүхэн нь зөв, энэ нь үнэн гэж итгэдэг.
Дээрхээс тусгай даалгавар авдаг зарим хүн байдаг. Энэ талаар мэдээд тэд дотроо: “Энэ даалгаврыг дээрх надад даалгасан, тиймээс миний эрх мэдэл илүү их боллоо. Би одоо авьяас чадвар, эрх мэдлээ харуулах боломжтой болно. Би доорх хүмүүстээ өөрийгөө ямар айхтар болохыг харуулна” гэж боддог. Ах эгч нартай харилцахдаа тэд: “Явж, үүнийг хий!” хэмээн тэдэнд тушаадаг. Үүнийг яаж хийхийг асуухад тэд: “Чи үүнийг хийх юм уу, үгүй юм уу? Хэрвээ үгүй бол би чамтай тооцоо бодно шүү! Энэ бол дээрхээс өгсөн тушаал. Чи үүнийг саатуулж түүнд халдаж чадах юм уу? Дээрх хариуцлага нэхэх үед хэн энэ хариуцлагыг үүрч чадах вэ?” гэж хэлдэг. Ах эгч нар: “Бид хааш яаш хийж, өөрсдийнхөө зөв гэж үзсэн ямар ч хамаагүй арга барилыг ашиглахын оронд зүгээр л үүнийг ойлгож, хийх зарчмуудыг нь эрж хайхыг хүсэж байна. Бүх зүйлийг зарчмын дагуу хийх ёстой. Ямар хэрэг явдал байхаас, эсвэл хэчнээн яаралтай, чухал байхаас үл хамааран; хэн үүнийг даалгаснаас үл хамааран зарчмыг баримтлах нь хөдөлшгүй үнэн юм. Энэ бол бидний үүрэг, бид хариуцлагатай байх ёстой. Зарчмыг эрж хайх нь Бурханы биднээс шаарддаг зүйл. Бид хариуцлагатай хандлагаар эрж хайж, тодруулахыг хүсэж байна. Үүнд буруу зүйл байхгүй. Чи энэ хэрэг явдлыг бидэнд тодруулж өгөх хэрэгтэй” гэж хариулдаг. Гэсэн ч тэд: “Энэ хэрэг явдлын талаар ярих юу байна вэ? Дээрхийн хэлсэн зүйл буруу байж таарах уу? Хурдхан, үүнийг хийж дуусга!” хэмээн хариулдаг. Үүнд нь ах эгч нар: “Дээрх тэгж хэлсэн болохоор бид гарцаагүй үүнийг яаралтай хийнэ. Гэхдээ чи үүнийг яаж хийх ёстойг бидэнд тодорхой хэлж өгч болох уу? Ямар нэгэн тодорхой дүрэм журам, зааварчилгаа байна уу?” гэж хариулдаг. Тэд: “Та нар өөрсдөө зөв гэж үзсэнээрээ хий. Дээрхээс өгсөн зааварчилгаа тийм ч дэлгэрэнгүй байгаагүй. Өөрсдөө учрыг нь ол!” гэж хэлдэг. Энэ ямархуу хүн бэ? Үүнийг хийх болсон тэдний сэдэл, эсвэл уг шалтгааныг түр мартъя; харин эхлээд тэдний зан чанарыг шинжилцгээе. Тэдний энэ арга барил сайн уу? (Үгүй.) Тэд яаж ийм арга барил бодож олж чадав аа? Энэ нь хэвийн арга барил уу? (Үгүй, тийм биш.) Энэ нь хэвийн биш. Энэ нь тэдний сэтгэл санааны байдлын асуудал уу, эсвэл зан чанарын асуудал уу? (Зан чанарынх нь асуудал.) Зөв, тэдний зан чанар асуудалтай байна. “Цагийг нь хүлээх” гэдэг хэллэг байдаг. Энэ нь өнгөрсөнд тэдэнд эрх мэдлээ нэмэгдүүлэх зөв боломж хэзээ ч байгаагүй; гэвч одоо ийм боломж гарч ирсэн тул тэд үүнийг шүүрэн авч, үйлдэх шалтаг болгон ашиглана гэсэн үг юм. Энэ ямархуу зан чанар вэ? Дээрхээс чи ямар ч үүрэг хүлээн авсан бай, чиний үйлдлийн зарчим өөрчлөгдөж болохгүй. Дээрх чамд ямар нэгэн ажил, эсвэл даалгавар даалгаж өгөх үед энэ нь ердөө л чамд даалгасан даалгавар юм. Мөн үүнийг хийх нь чиний үүрэг юм. Гэвч Дээрхээс даалгавар хүлээн авч, ажлыг хариуцаж авсныхаа дараа чи өөрийгөө бүрэн эрхт элчин сайд, үнэний мэргэжилтэн гэж хэлж чадах уу? Чи одоо бусдад тушааж, хүссэнээрээ үйлдэх эрх мэдэлтэй болсон уу? Зүгээр л өөрийнхөө дур сонирхлыг дагаж, өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу, өөрийнхөө арга барилаар хүссэнээрээ үйлдэхийг чинь зөвшөөрөх үү? Дээрхээс чамд ямар нэг зүйл хийхийг шууд даалгах болон ердийн үүргээ чи ердийнх шигээ гүйцэтгэх хоёрын хооронд ямар нэгэн ялгаа бий юу? Ямар ч ялгаа байхгүй; хоёулаа чиний үүрэг юм. Хоёулаа чиний үүрэг учраас аливааг хийх зарчим өөрчлөгдсөн үү? Үгүй, өөрчлөгдөөгүй. Тиймээс, үүргээ хаанаас хүлээн авснаас үл хамааран үүргийн чинь мөн чанар, шинж чанар адилхан байдаг. Би үүгээр юу хэлэх гэсэн юм бэ? Энэ нь чи ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамааран зарчмын дагуу үйлдэх ёстой гэсэн үг юм. Дээрхээс чамд ямар нэг зүйл хийхийг шууд даалгасан учраас л чи үүнийг хүссэнээрээ хийж болно, мөн чиний хийсэн бүхэн зөв, үндэслэлтэй байна гэсэн үг биш. Чамд зарим нэг чадвар байсан ч гэсэн чи үнэн-зарчмыг эрж хайх замаас хазайж болох уу? Чи завхарсан хүн хэвээрээ байгаа. Чи бурхан болоогүй; чи онцгой бүлэгт байдаггүй. Чи бол чи хэвээрээ бөгөөд чи үргэлж хүн байх болно. Библид Бурханы биечлэн дуудсан олон хүн: Мосе, Ноа, Абрахам, Иов болон бусад олон хүн байдаг. Бурхантай ярилцсан олон хүн ч бий; гэвч энэ хүмүүсээс нэг нь ч өөрийгөө онцгой хүн, эсвэл онцгой бүлгийн гишүүн гэж үзэж байгаагүй. Энэ хүмүүсийн дундаас зарим нь Бурхан галын дөлөнд илрэхийг биечлэн харсан, нөгөө зарим нь Бурханы айлдварыг чихээрээ сонссон, зарим нь элч нар Бурханы үгийг дамжуулахыг сонссон бол зарим нь Бурханы шалгалтыг биечлэн хүлээж авсан. Тэгвэл тэдний дунд жирийн хүмүүсээс өөр гэж Бурханы үзсэн хүн байсан уу? (Үгүй.) Үгүй. Бурхан үүнийг тэгж хардаггүй. Гэвч хэрвээ чи үүнийг тэгж ойлгож, үргэлж өөрийгөө онцгой хүн гэж үздэг бол чамд ямархуу зан чанар байна вэ? (Антихристийн зан чанар.) Энэ бол үнэхээр антихристийн зан чанар бөгөөд энэ нь аймшигтай! Бурхан чиний толгой дээр мутраа тавьж, чамд бурханлаг хүчээр тэтгэгдсэн гайхамшгийг үйлдэх, эсвэл тодорхой даалгавруудыг биелүүлэх хүч чадал хайрлалаа ч гэсэн чи үргэлж хүн хэвээр үлдэх болно; чи үнэний биелэл болж чадахгүй. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь чи Бурханы нэрийг ашиглан үнэний эсрэг явж, хүссэнээрээ үйлдэх эрхийг хэзээ ч эдлэхгүй гэсэн үг бөгөөд тэр бол тэргүүн тэнгэрэлчийн зан авир юм. Заримдаа Бурхан онцгой арга барил, эсвэл онцгой сувгийг ашиглан тодорхой хүмүүст онцгой зүйл хийх, онцгой ажил гүйцэтгэх, эсвэл онцгой хэрэг явдал, даалгаврыг дамжуулахыг даалгадаг. Учир нь Бурхан энэ хүмүүсийг ийм ажил хариуцаж чадна, Бурханы даалгасан ажлыг гүйцэлдүүлж чадна, Бурханы итгэлийг хүлээвэл зохистой гэж итгэдэг—өөр юу ч биш. Бурхан Өөрөө биечлэн тэдэнд даалгаж, Бурханы амнаас гарсан айлдварыг тэд сонсож, эсвэл Бурхантай ярилцсан байлаа ч гэсэн тэд жирийн хүнээс өөр юу ч болохгүй; мөн тэд жирийн бүтээгдсэн зүйлээс цор ганц, эсвэл илүү өндөр дээд бүтээгдсэн зүйл болж өргөгдөхгүй. Тийм зүйл хэзээ ч болохгүй. Тиймээс, хүн төрөлхтний дунд, Бурханы гэрт хүний авьяас чадвар, ялгамж чанар, байр суурь, туршлага, авсан сургамж болон бусад иймэрхүү зүйл хэчнээн онцгой байлаа ч тэр хүн үнэний биелэл болон хувирч чадахгүй. Хэрвээ хэн нэгэн маш цадиггүйгээр ийм дүр эсгэдэг бол тэр хүн эргэлзээгүй антихрист юм. Хэдийгээр зарим хүн хааяа ийм зан чанар харуулдаг ч үнэнийг хүлээн авч, гэмшиж чаддаг хэвээр байдаг. Ийм хүмүүс антихристийн зан чанартай, антихристийн замаар алхдаг; гэхдээ тэдэнд аврагдах найдвар байсаар байгаа. Гэвч хэрвээ хэн нэгэн тууштайгаар үнэний биелэл мэт дүр эсгэж, өөрийнх нь зөв гэж итгэсээр, гэмшихээс татгалздаг бол тэр жинхэнэ антихрист юм. Антихрист хэн боловч үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авахгүй. Тэднийг илчилж, таягдан хаясан ч гэсэн тэд өөрсдийгөө танин мэдэж чаддаггүй; тэд үнэхээр гэмээ ухаарч бас чаддаггүй. Зарим удирдагч, ажилчинд антихристийн зан чанар л байдаг. Тэдний үйлдэх зарчим болон сонгодог зам нь антихристийнхтэй адилхан байдаг. Тэдэнд бас ухаалаг байдал байдаггүй бөгөөд үнэнийг ойлгодоггүй, үйлдлийнхээ шинж чанар, үр дагаврыг мэддэггүй, бодлогогүй үйлддэг. Гэвч тэднийг ялгадаг зүйл нь тэдний зарим нь Миний хэлсэн зүйлээс заримыг нь хүлээн авч чадсаар байдаг. Миний үг тэднийг урамшуулж, тэдэнд анхааруулга болж чадсаар байдаг. Хэдийгээр антихристийн зан чанартай ч тэд зарим үнэнийг хүлээн авч чаддаг; тэд зарим засалтыг хүлээн авч чаддаг, тэд үнэхээр гэмээ ухаарч, тодорхой хэмжээнд гэмшиж чаддаг. Тэд үүгээрээ антихристүүдээс ялгардаг. Эдгээр нь зөвхөн антихристийн зан чанартай хүмүүс юм. Антихристийн уг чанар-мөн чанартай байх болон антихристийн зан чанартай байх хоёрын хооронд нийтлэг зүйл бий. Тэдгээр нь үндсэндээ адилхан бөгөөд антихрист болон антихристийн зан чанартай хүний хоорондох нийтлэг шинж чанар нь тэд хоёулаа антихристийн зан чанартай байдаг явдал юм. Гэвч энэ хүмүүсийн зарим нь үнэнийг хүлээн авч, жинхэнээсээ гэмээ ухаарч байгаагаа харуулж чаддаг. Тийм хүн бол антихрист биш, харин антихристийн зан чанартай хүн юм. Энэ бол антихрист болон антихристийн зан чанартай хүн хоёрын хоорондох ялгаа юм. Үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авч чаддаггүй, жинхэнээсээ гэмээ ухаардаггүй хэн боловч жинхэнэ антихрист юм. Үнэнийг хүлээн авч чаддаг, жинхэнээсээ гэмээ ухаардаг хэн боловч антихристийн зан чанартай хүн бөгөөд аврагдаж чадна. Та нар энэ хоёр төрлийн хүнийг тодорхой ялган таньж чаддаг байх ёстой, сохроор тодорхойлж болохгүй. Та нар аль төрөл нь вэ? Зарим хүн: “Би яагаад өөрийгөө антихристтэй адилхан юм шиг мэдэрдэг юм бэ? Ямар ч ялгаа байхгүй юм шиг санагдаж байна” гэж хэлж магадгүй. Энэ мэдрэмж зөв, ямар ч илэрхий ялгаа байхгүй. Хэрвээ чи үнэнийг хүлээн авч, жинхэнээсээ гэмээ ухаарч байгаагаа харуулж чадвал энэ нь цорын ганц ялгаа юм; энэ нь бас хүн чанарын хувьд гарах ялгаа юм. Өөрөөр хэлбэл, антихрист бол ёрын муу хүн юм. Нөгөөтээгүүр, антихристийн зан чанартай хүн бол ёрын муу хүн биш; тэд зүгээр л завхарсан зан чанартай. Энэ бол цорын ганц ялгаа юм. Тэдний завхарсан зан чанарт ямар ч ялгаа байхгүй, энэ тал дээр тэд бүгд адилхан, энэ бол тэдний бүгдэд нь байдаг нийтлэг зүйл юм. Бурханы үгийн ил болгосон завхарсан хүн төрөлхтний янз бүрийн нөхцөл байдал бүрэн дүүрэн үнэн зөв бөгөөд бодит байдлаас өчүүхэн төдий ч хазайдаггүй. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг унших үедээ бүгд адилхан мэдэрдэг; тэд бүгд адилхан ойлголттой, зөвхөн туршлага нь хэр гүнзгий вэ гэдгээрээ л ялгаатай. Тэд бүгд биеэ тоосон зангаа, эрүүл ухаангүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Тэд бүгд өөрсдөд нь хэтэрхий олон завхарсан зан чанар байгааг, Сатан хүн төрөлхтнийг хэтэрхий гүнзгий завхруулсныг, мөн Бурхан хүн төрөлхтнийг аврах амаргүй болохыг ухаарч чаддаг. Хэдийгээр маш их зүйл хэлсэн ч хэлэх зүйл байсаар л байна. Тэд бүгд хүн төрөлхтөн ядуу, хөөрхийлөлтэй, харалган, мэдлэггүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүн төрөлхтнийг хэтэрхий гүнзгий завхруулсан нь Сатан бөгөөд хүн төрөлхтний завхрал, хорон муу байдлын уг үндэс нь Сатан хүн төрөлхтнийг завхруулж, хянадагт оршдог гэдгийг тэд бүгд мэддэг. Сатанд завхруулсны дараа хүн төрөлхтөн Сатаны хоронд бохирдож, улмаар Сатаны зан чанартай болж, хэвийн хүний ухаалаг байдал, мөс чанар, эрүүл ухааныг алдсан. Хүмүүст зөв бурууг ялгах чадвар байгаагүй. Хэрвээ Бурхан хүн төрөлхтөнд зориулж хууль тогтоогоогүй бол хүмүүс хэн нэгнийг цохих, алах; эсвэл хулгай хийх, садар самуун байх нь зөв үү, буруу юу гэдгийг мэдэхгүй байх байсан. Тэд өөрсдийн үйлдлийг зөв зүйтэй бөгөөд тийм байдлаар үйлдэх ёстой гэж итгэх байсан. Гэвч Бурхан хууль, тушаалуудыг тунхагласны дараа хүмүүс эдгээр зүйлийг хийх нь нүгэл гэдгийг мэддэг болсон; тэдний ухаалаг байдал бага зэрэг хэвийн болсон. Мэдээж, энэ нь ухаалаг байдлын хамгийн өнгөц түвшин байсан бөгөөд тэд үнэнийг ойлгомогц энэ нь аяндаа илүү гүнзгий болно. Одоо, хэрвээ хүмүүс янз бүрийн үнэнийг улам ойлгож, өөрсдийгөө танин мэдэж, зохих байраа олж, өөрсдийн хэв чанар, ойлголт, үнэнийг ухамсарлах чадварын хэмжээг үнэн зөв хэмжиж чаддаг бол, мөн хэрвээ тэд үнэнийг стандарт болгон ашиглаж, завхарсан хүмүүсийн Бурханд ханддаг янз бүрийн хандлагаас аль нь эерэг, аль нь эерэг биш болохыг, аль нь үзэл, төсөөлөл болохыг, аль нь үнэнд нийцдэгийг олж мэдэхийн тулд Бурханы үгэнд түшиглэж чаддаг бол тэдний ухаалаг байдал бүр ч хэвийн болно. Тиймээс зөвхөн үнэн л хүмүүст шинэ амь өгч чадна. Гэвч хэрвээ чи өөрийгөө мэдлэгээр зэвсэглэж, тодорхой хэрэгжүүлэлтийг чухалчилж, үргэлж гайхуулж, үргэлж өөрийгөө харуулж, тэрхүү жаахан ойлгомжгүй, шалихгүй мэдлэг, эрдмээ үргэлж дөвийлгөж, үнэнийг эрэлхийлдэггүй бол чи энэ шинэ амийг олж авч чадах уу? Үгүй, тэгэх нь төөрөгдөл болно. Чи шинэ амийг олж авч чадахгүйгээр үл барам аврагдах боломжоо алдах бөгөөд энэ нь маш аюултай!
Та нар дор бүрнээ үнэний талаар олон номлол сонссон бөгөөд одоо янз бүрийн хүмүүсийг бага сага ялган таних чадвартай болсон. Хэдийгээр та нар ёрын муу хүмүүс болон муу хүмүүсийг ялган таньж чаддаг ч хуурамч удирдагчид, антихристүүдийг ялган таньж чаддаггүй хэвээр байна. Одоо, Бурханы гэр үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, бодлогогүй үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад болдог бүх хүнийг чуулганаас аажмаар цэвэрлэж байна. Энэ нь Бурханы ажил энэ үе шатанд хүрч, Бурханы сонгосон хүмүүс сэрж эхэлж байгааг харуулж байна. Би өнгөрсөнд тодорхой хүмүүстэй харилцах үедээ тэднээс нэг төрлийн “үнэр” гарч байгааг байнга мэдэрдэг байсан. Ямар үнэр вэ? Энэ нь зэрлэг араатан, догшин амьтдад ойртохоос ч өмнө үсээ өрвийлгөж, архирдагтай яг адилхан үнэр байсан. Хүмүүс бас амьтадтай төстэй тодорхой зан авир гаргадаг. Энэ зан авир хэрхэн бий болдог вэ? Энэ нь хүмүүст байдаг сатанлаг завхарсан зан чанараас үүдэлтэй. Би “үнэр” гэдгээр юу хэлэх гэсэн бэ? Энэ нь чи тэдний нүд рүү харах үед чин сэтгэлийг олж хардаггүй; харин ч хоосон, гүйлгэнэсэн харцтай тулгардаг гэсэн үг юм. Тэд чамайг тандаж чадахгүй байгаа мэт санагддаг тул чам руу харахдаа нүд нь гүйлгэнэдэг. Чи тэдний хэлж буй үгнээс ямар ч илэн далангүй байдлыг мэдэрч чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэлийн гүнд тийм зүйл байдаггүй. Тэдэнд илэн далангүй зан байдаггүй гэж хэлэхдээ Би юуг хэлж байна вэ? Энэ нь тэд хэнтэй ч харилцсан бай, зүрх сэтгэлийнх нь гүнд хамгаалалтын хаалт байдаг гэсэн үг юм. Чи тэдний нүдний харц, дууны өнгө, ярих хэв маягаас нь энэ хамгаалалтын хаалтыг мэдэрч чадна. Тэдэнд байдаг нэг төрлийн үнэр нь энэ юм; энэ нь тэд олон номлол сонссон ч үнэнийг ойлгоогүй, авралын замд ороогүй хэвээр байгаа гэсэн мэдрэмжийг хүнд төрүүлдэг. Чи тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, эсвэл хүн төрөлхтний завхарсан зан чанарыг яаж ч ил болгосон; чи тэдэнд яаж ч чин сэтгэлээсээ хандаж, тэднийг яаж ч хангаж, хариулж, эсвэл тусалсан тэд чамд чин сэтгэлээсээ хандахгүй. Тэгвэл тэдний дотор юу байдаг вэ? Сэрэмжилсэн байдал, эргэлзээ—эдгээр нь хамгийн түгээмэл нь; түүнчлэн, нэг төрлийн өөрийгөө хамгаалдаг байдал, үргэлж бусдаар өндрөөр үнэлүүлэх хүсэл байдаг. Тиймээс тэдний үг, нүдний харц, нүүрний хувирал нь бүгд нэлээд хиймэл зүйлийг харуулдаг. Өөрөөр хэлбэл, тэдний нүд, нүүрний хувирлаас мэдэрдэг зүйл чинь тэдний зүрх сэтгэлийн гүндээ бодож байгаа зүйлээс өөр байдаг. Товчхондоо, тухайн хүн хулчгар, болгоомжтой, эсвэл дотроо бэрхшээлтэй байхаас үл хамааран, хэрвээ чи тэдний илэн далангүй байдлыг харж чадахгүй бол энэ нь асуудалтай биш гэж үү? (Тийм.) Үнэхээр энэ бол асуудал. Тэгвэл бид хэрхэн мэдэж чадах вэ? Бид тэдний зан авир, эсвэл ярих хэв маягаас нь мэдэж чадна. Тэд бодож байгаа зүйлээ хэлдэггүй; харин зохимжтой гэж бодсон үгээ сонгож, аль хэдийн тунгаан бодсон зүйлийнхээ талаар чамтай нөхөрлөдөг. Энэ бол шүтлэггүй хүмүүсийн өөрийгөө хамгаалах тактик юм. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд эхлээд зараа шиг өрвийж, өөрсдийгөө хамгаалдаг. Тэд үнэн, чадвар, авьяас, гаргасан алдаа, гайхширлаа—тэр ч байтугай заль мэх, хоёр нүүрээ хүртэл бүгдийг нь өргөсөндөө ороогоод, гадаад ертөнцөөс далдалж, Надаас хүртэл далдалдаг. Тэд өөрсдийгөө халхалж, өнгөлөн далдлах, мөн өөрсдийгөө хамгаалахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг. Эдгээр зүйл хаанаас гардаг вэ? Хүн төрөлхтөн Сатанд завхруулсныхаа дараа эдгээр зүйлийг олж авсан. Эхэндээ Бурхан Адам, Ева хоёрыг бүтээснийхээ дараа тэднийг Еден цэцэрлэгт амьдруулахаар хөтөлж аваачсан; Тэр тэдэнд аль модны ямар жимсийг идэж болох, алийг нь идэж болохгүйг хэлж өгсөн. Тэд Бурханы өмнө нүцгэн байсан бөгөөд ичдэггүй байв. Тэгээд тэд энэ талаар юу гэж бодсон бэ? Бурхан тэднийг ингэж бүтээсэн, Бурханы өгсөн болгон тэдэнд байгаа, Бурханаас нуугдах шаардлагагүй гэж тэд бодсон—тэд хэзээ ч нуугдах талаар бодож байгаагүй. Тиймээс тэд Бурханы өмнө яаж харагдахаас үл хамааран зүрх сэтгэл нь үргэлж нээлттэй байсан. Тэдний нүднээс чин сэтгэлийг харж чадах байсан; тэдний зүрх сэтгэлийн гүнд Бурханы эсрэг ямар ч хамгаалалт, хамгаалалтын хана байгаагүй. Тэд Бурханы өмнө өөрсдийгөө хамгаалах шаардлагагүй байсан, учир нь тэд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхан өөрсдөд нь ямар ч аюул занал учруулахгүй гэдгийг мэддэг байсан; тэд ямар ч аюулгүй байсан. Бурхан тэднийг зөвхөн хамгаалж, хайрлаж, нандигнах байсан. Бурхан тэднийг хэзээ ч хорлохгүй байсан. Зүрх сэтгэлийнх нь гүнд энэ бол тэдний хамгийн үндсэн, бат бөх бодол байсан. Гэвч энэ хэзээ өөрчлөгдөж эхэлсэн бэ? (Тэд сайн, мууг мэдүүлэгч модны жимсийг идэх үед.) Сайн, мууг мэдүүлэгч модноос идэх нь үнэндээ бэлгэдлийн чанартай юм. Энэ нь Сатан Еваг анх уруу татсан тэр мөчөөс эхлэн тэд бага багаар Сатанд уруу татагдаж, нүгэл үйлдэж, буруу зүйл хийж, буруу замаар алхсан; тэгээд Сатаны хор тэдэнд орсон гэсэн үг юм. Төд удалгүй, Бурханыг ирэхээс өмнө тэд Бурханаар олуулахыг хүсэхгүй, Бурханаас байнга нуугддаг болсон. Тэд яагаад ингэх болов? Бурханаас хөндийрсөн мэт тэдэнд санагдсан. Тэгээд энэ хөндийрөл хэрхэн бий болсон бэ? Тэдний дотор өөр зүйл байдаг болсноос үүдсэн. Сатан тэдэнд тодорхой бодол санаа, үзэл бодлыг өгсөн; тэдэнд нэг төрлийн амь өгч, тэднийг Бурханд эргэлзэж, Бурханаас сэрэмжлэхэд хүргэсэн. Тэгээд тэд өөрсдийг нь нүцгэн байгааг хараад Бурхан шоолох болов уу хэмээн тэр даруй дотроо бодож эхэлсэн. Энэ санаа хаанаас гарсан бэ? (Сатанаас.) Сатан тэднийг уруу татахаас өмнө тэд яагаад ингэж боддоггүй байсан бэ? Тэр үед Бурханы өгсөн хамгийн анхдагч амь тэдэнд байсан; Бурхан өөрсдийг нь шоолохоос тэд айдаггүй байсан, тэдэнд ийм бодол ч байгаагүй. Гэвч Сатанд уруу татагдсаных нь дараа бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Эхлээд тэд: “Бид юу ч өмсөөгүй байна. Бурхан биднийг шоолохгүй гэж үү? Энэ нь бид ямар ч ичгүүргүй гэсэн үг үү?” гэж бодсон. Тэдний оюун санаанд хэд хэдэн асуулт урган гарсан. Тэгээд эдгээр бодол урган гармагц тэд Бурханаас нуугдахаас өөр аргагүй болсон. Тэд дотроо гарцаагүй: “Бурхан хэзээ ирэх вэ? Хэрвээ Бурхан ирвэл би яах ёстой вэ? Би хурдан нуугдах хэрэгтэй!” гэж бодсон. Тэд үргэлж нуугдаж байх хэрэгтэй гэж мэдэрсэн. Энэ нь завхарсан зан чанар мөн үү? (Мөн.) Сатаны уруу таталт бол энэ завхарсан зан чанарын уг үндэс юм. Бурханаас сэрэмжилж, нуугдах үедээ тэд зүрх сэтгэлдээ Бурханд итгэсээр байсан уу? Тэд Түүнд найдсаар байсан уу? (Үгүй.) Тэгвэл юу үлдсэн бэ? (Сэрэмжилсэн байдал.) Зөвхөн сэрэмжилсэн байдал, сэжиг, түүнчлэн хөндийрөл, айдас, эргэлзээ л үлдсэн—энэ бүхэн бий болсон. Тэд тэр ч байтугай: “Бурхан биднийг хорлох болов уу? Бид нүцгэн байна, өөрсдийгөө хамгаалах юу ч бидэнд алга. Бурхан биднийг цохих болов уу? Тэр биднийг алах болов уу?” гэж бодсон. Амь насыг нь Бурхан тэдэнд өгсөн, Тэр тэднийг тийм амархан алахгүй гэж тэдний санаанд хэзээ ч ороогүй. Тэдний оюун ухаан балартаж, тэд мунгинасан байв. Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг нь өнөөг хүртэл үргэлжилж байна; хүн төрөлхтний Бурханд ханддаг хандлага хүмүүсийн нүднээс харагддаг бөгөөд хэзээ ч өөрчлөгдөөгүй. Чин сэтгэл нь алга болсон; жинхэнэ итгэл үнэмшил, итгэл найдвар, Бурханыг түшиглэдэг байдал нь алга болсон. Үүний уг үндэс хаана оршдог вэ? (Сатаны завхралд.) Зөв, Сатаны завхралд оршдог. Сатан хүн төрөлхтнийг аймшигтайгаар хорлосон! Хэдийгээр хүмүүс Сатан хүн төрөлхтнийг завхруулахаас өмнөх үеийг нэлээд сайн байсан гэж бодож магадгүй ч үнэн хэрэгтээ, аврагдаж, үнэнийг ойлгож, Бурханыг танин мэдсэний дараах үетэй харьцуулахад тэр үеийн байдал аврагдсаны дараах үеийнх шиг сайн байгаагүй. Хэрвээ та нар сонгож чаддаг байсан бол энэ хоёр хувилбараас алийг нь сонгох байсан бэ? (Аврагдсаны дараах үеийг.) Үнэндээ, хүмүүс аль нэгийг нь сонгох нь зохисгүй; хүмүүс сонгож чадахгүй. Үүнийг Бурхан тогтоосон, энэ бол хүн төрөлхтний хувь заяа юм. Сатанд завхруулахаасаа өмнө хүмүүс Бурханд итгэж, найддаг байсан ч анхны хүн төрөлхтөн үнэнийг ойлгодоггүй, Бурхан хэн болохыг мэддэггүй байсан. Өнөө үед хүмүүс ядаж л энэ талаарх ухагдахуунтай болсон; хүн төрөлхтөн Бурханаас гаралтай, тэд бол бүтээгдсэн зүйлс, Бурхан бол тэдний Бүтээгч гэдгийг тэд мэддэг. Бурхан бүх зүйлийг хянадаг гэдгийг тэд мэддэг. Гэвч тэр үеийн хүмүүс эдгээр зүйлийг ойлгодоггүй байсан. Тэд нэлээд гэнэн цайлган байсан бөгөөд энэ нь тэд Бурхан өөрсдийг нь харахаас, эсвэл шоолохоос айдаггүй байсан ба бүх зүйл дээр Бурханд ханддаг байсан гэсэн үг юм. Тэдний итгэл үнэмшил тийм л энгийн байсан. Гэсэн ч тэд Бурхан хэн болохыг мэддэг байсан уу? Үгүй. Тиймээс Бурханы хийсэн бүх ажил нь хүн төрөлхтний хувьд гүн гүнзгий үнэ цэнтэй, чухал ач холбогдолтой юм. Энэ бүхэн сайн. Хүн төрөлхтөн Бурханд тэрсэлсэн түүхийн талаар ярих үед та нарт нэлээд гунигтай санагддаг уу? Хүн төрөлхтөн болон Бурханы хоорондох нэгэн цагт дотно байсан харилцаа маш хөндий болсон. Бурхан хүн төрөлхтнийг чин сэтгэлээсээ хамгаалж, хайрладаг боловч хүмүүс Бурханд эргэлздэг; тэд Бурханаас нуугдаж, хөндийрч, тэр ч байтугай Бурханыг дайсан гэж хардаг. Ингэж хэлэх нь үнэхээр их уй гашуу авчирдаг. Гэвч бид үзэн ядалтаа зөвхөн Сатан руу л чиглүүлж чадна; Сатан л хүн төрөлхтнийг ийм аймшигтайгаар завхруулсан. Хэдийгээр Сатан хүн төрөлхтнийг ийм хэмжээнд завхруулсан ч Бурханд хүн төрөлхтнийг аврах арга зам бий. Сатан яаж ч үймүүлсэн энэ нь Бурханы хүн төрөлхтнийг аврах ажилд нөлөөлөхгүй. Энэ бол Бурханы төгс хүчин, Бурханы эрх мэдэл юм.
Антихристүүд өчүүхэн туршлага, мэдлэгтэй болж, зарим нэг сургамж авмагцаа үнэний биелэл мэт дүр эсгэдэг. Бид энэ сэдвийн талаар бараг л хангалттай нөхөрлөлөө. Та нар үүнээс ямар мэдээлэл олж авсан бэ? Та нар ямар үнэнийг ойлгосон бэ? (Бид мэдлэгийг үнэлэх ёсгүй.) Энэ бол нэг тал нь. Өөр байна уу? (Хүн төрөлхтөн хэзээ ч үнэн биш бөгөөд Бурханы дүр эсгэх ёсгүй.) Үнэний дүр эсгэх нь өөрөө эерэг зүйл биш. Үнэн бол хүний дүр эсгэж чадах зүйл биш; энэ бол Бурханы мөн чанар юм. Бурхан чамайг зарим үнэнээр хангадаг—үнэнийг бага сага олж авах нь хэдийнээ хангалттай сайн хэрэг юм. Гэсэн ч зарим хүн үнэний биелэл болохыг хүсдэг. Энэ бол боломжгүй. Ийм мэдэгдэл нь ямар ч үндэслэлгүй. Түүгээр ч барахгүй, хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан аврагдахыг хүсэж байвал даруу төлөв байдлаар биеэ авч явж сурах ёстой бөгөөд төгс байдлыг эрэлхийлэх ёсгүй. Хэдийгээр “төгс байдал” гэдэг үг байж болох ч бүтээгдсэн хүмүүс төгс болно гэдэг санаа нь үнэмшил муутай юм. Төгс байдлыг зөвхөн Бурханаас л олж болно. Завхралаар дүүрэн хүмүүсээс хэн нь төгс вэ? Бурханы бүтээсэн бүхэн өөгүй. Үүнийг бид “төгс байдал” гэж нэрлэдэг. Далай дахь загас, тэнгэр дэх шувууд, газар дэлхийгээр хэрэн хэсдэг жигүүртэн, араатан амьтдыг бодоод үз дээ—тэд бүгд төгс. Чи тэдний дундаас сайн биш нэгийг нь ч олж чадах уу? Тэгээд бүх амьд зүйлээс бүрдсэн биологийн гинжин хэлхээ байна—энэ нь ямар төгс гээч! Завхарсан хүмүүс зөвхөн сүйрэл л авчирч чаддаг бөгөөд энэ нь төгс бус, өө сэвтэй, дутагдалтай юм. Ямар аминч, жигшүүртэй гээч! Бурханы бүтээсэн бүхэн сайн. Модны навч бүх төрлийн хэлбэртэй байдаг; том, жижиг амьтад бүх төрлийн биеийн хэлбэр галбиртай байдаг бөгөөд тус бүрдээ өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Бурхан хүн төрөлхтөнд хэтэрхий их санаа тавьдаг; гэвч Сатанд завхруулсан хүн төрөлхтөн бүх зүйлийг удирдан зохицуулж чадаагүй. Харин ч хүн төрөлхтөн аливааг сүйтгэж, Бурханы уйгагүй санаа зорилгыг хий дэмий үрэгдүүлсэн. Хүмүүс энэ бүхнийг нандигнаагүй; харин ч үүнийг эрчимтэй сүйтгэж, бүх нөөц баялгийг туйлд нь хүртэл үрэн таран хийж, устгасан. Тэгээд үүний үр дүн нь юу вэ? Эцсийн төгсгөл нь юу вэ? Тэд тарьснаа л хураадаг! Байгаль орчин сүйдэж, хоол тэжээлийн гинжин хэлхээ тасалдаж, агаар бохирдож, ус бохирдсон. Байгалийн ямар ч хоол хүнс үлдээгүй; тэр ч байтугай уух цэвэр ус ч алга. Тиймээс Сатанд завхруулсан хүмүүсийн дунд “төгс байдал” гэдэг ухагдахуун байдаггүй. Үнэнийг эрэлхийлэх нэрийн дор өөрийгөө төгс, эсвэл төгс байдлыг эрэлхийлж байна гэж мэдэгддэг хэн боловч үндэслэлгүй мэдэгдэл хийж байгаа хэрэг—энэ бол хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн худал үг юм. Гэсэн ч ийм завхарсан хүмүүс үнэний биелэл мэт дүр эсгэхийг хүсдэг! Тэд маш олон муу зүйл хийсэн атлаа үнэний биелэл мэт дүр эсгэж чадна гэж бодсоор байдаг! Энэ нь тэдний сатанлаг уг чанар огт өөрчлөгдөхгүй байна гэсэн үг биш үү? (Тийм.) Ямар ч үнэнгүй атлаа үнэний биелэл мэт дүр эсгэхийг хүсдэг Сатаны төрлийнхөн ямар ичгүүргүй юм бэ!
2019 оны 11 дүгээр сарын 20