Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (19)
12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (VII хэсэг)
Чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс
Зохисгүй харилцаа үүсгэдэг хүмүүсийг зохицуулах зарчим
Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийн тухайд бид тэдгээрийг нийт арван нэгэн асуудалд хуваасан. Өмнө нь бид зургаа дахь асуудал болох зохисгүй харилцаа үүсгэх талаар нөхөрлөсөн. Энэ нь голчлон юуг хэлдэг вэ? Бусдыг цадиггүйгээр уруу татаж, тачаангуй хүслийн харилцаа үүсгэх явдал юм. Энэ тал дээр юу нөхөрлөсөн бэ? Чуулганд ийм хүмүүс гарч ирэх үед тэдэнтэй хэрхэн харьцах ёстой вэ? Ямар шийдлүүд байна вэ? Бид нүдээ аниад, зөнд нь орхих ёстой юу, эсвэл үнэн-зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой юу? Бид үүнээс зайлсхийх ёстой юу, эсвэл оролцсон хүмүүст хайраар нөлөөлөх ёстой юу? Бид тэдэнд үнэнийг нөхөрлөх ёстой юу, эсвэл тэдэнд анхааруулж, тэднийг зайлуулах ёстой юу? Үүнийг зохицуулах хамгийн зохистой арга юу вэ? (Оролцсон хүмүүст анхааруулж, хязгаарла. Хэрвээ тэднийг хязгаарлах боломжгүй бол зайлуул.) Тэднийг хэрхэн хязгаарлах ёстой вэ? Үүнийг хийх амархан уу? Ийм хэрэг явдал гарах үед оролцсон хүмүүсийг хязгаарлах нь ерөнхийдөө тийм ч амар байдаггүй. Зарим хүн ийм нөхцөл байдлыг анзаарч, зохисгүй гэж боддог ч дуугарахаасаа ичиж зовдог. Зарим хүн үүнийг тойруугаар цухуйлгаж магадгүй ч оролцсон хүмүүс нь тэр бүр сонсоод байдаггүй. Бусдыг цадиггүйгээр уруу татаж чаддаг бүх хүний хүн чанар ямар байдаг вэ? Тэд төлөв түвшин, чигч шударга хүмүүс үү? Тэд ариун хүмүүсийн ёс жудагтай хүмүүс үү? Тэд нэр төртэй, ичих мэдрэмжтэй хүмүүс үү? (Үгүй.) Хэрвээ хэн нэгэн тэдэнд зүгээр л үгээр сануулж, үнэнийг хэвийнээр нөхөрлөвөл энэ нь асуудлыг шийдэж чадах уу? Чадахгүй. Ийм хэрэг явдал гарах үед энэ нь үнэндээ тэдний зүрх сэтгэлд удаан хугацаанд бүрэлдсэн гэсэн үг юм. Тэр үед үүнийг хянахад амархан уу? Тэдэнд тусалж, хайраар нөлөөлөхийг оролдох нь асуудлыг шийдэж чадах уу? (Үгүй.) Тэгвэл хамгийн сайн шийдэл юу вэ? Ийм хүмүүсийг зайлуулж, Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үүргээ гүйцэтгэдэг хүмүүсээс тэднийг тусгаарлаж, бусдыг үргэлжлүүлэн үймүүлж, хорлохыг нь зөвшөөрөхгүй байх явдал юм.
Одоогоор зарим чуулганд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээ уруу татах явдал тасралтгүй гарсаар байна. Энэ хүмүүс боломж л гарвал бие биенээ уруу татаж, онцгой шалиг завхай, ямар ч ичих мэдрэмжгүй авирладаг. Олон эмэгтэйг уруу татсан нэг эрэгтэйн талаар Би сонссон; тэрээр нухацтай эргүүлээгүй, харин таарсан эмэгтэй бүрээ цадиггүйгээр уруу татаж, зууралддаг байсан. Зарим хүн: “Тэр зүгээр л хэвийн харилцаж байна; энэ бол зүгээр л түүний харилцах арга барил” гэж хэлдэг. Ихэнх хүнд тэрхүү харилцах арга барил нь босгон байгуулдаггүй, ой гутам, зэвүүцмээр санагддаг. Энэ асуудал биш гэж үү? Ийм харилцаа зохисгүй гэдгийг энэ нь баталж чадах уу? Хэрвээ болзож байгаа хоёр хүн өөрсдийнхөө үүргийн гүйцэтгэлд төдийгүй бусдынхад нөлөөлж байвал тэднийг хязгаарлах ёстой. Тэднийг чуулганы амьдрал дотор, ялангуяа бүтэн цагийн үүрэгтэй чуулганд болзохыг зөвшөөрөх ёсгүй, учир нь энэ нь бусдын үүргийн гүйцэтгэлд нөлөөлж, чуулганы ажилд хор хөнөөлтэй байдаг. Тэд үүрэгтээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг болох үедээ бүтэн цагийн үүрэгтэй чуулганд буцаж ирээд үүргээ гүйцэтгэж болно. Зарим хүн нухацтай болздоггүй, харин бусдыг цадиггүйгээр уруу татаж, зууралдан, тачаангуй хүслээрээ зугаацаж, чуулганы амьдралыг үймүүлж, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж, бусдыг үймүүлдэг. Энэ нөхцөл байдал нь чуулганы ажлыг үймүүлж байгаа хэрэг бөгөөд зарчмын дагуу шийдвэрлэж, зохицуулах ёстой; энэ хүмүүсийг цаг тухайд нь тусгаарлаж, зайлуулах ёстой. Энэ асуудлыг зохицуулахад амархан уу? Чуулганы амьдрал болон чуулганы ажлыг үймүүлж, саад болохыг хэнд ч зөвшөөрөх ёсгүй бөгөөд ийм асуудлыг зарчмын дагуу зохицуулах ёстой. Зарим хүн: “Хэрвээ тэдэнд арга хэмжээ авбал үүргийг нь авах хүн байхгүй нөхцөлд тэдэнд арга хэмжээ авч болохгүй; зүгээр л үргэлжлүүлэн, хүссэнээрээ бусдыг уруу татахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Тэд бусдыг яаж ч уруу татсан бай, үүнийг зөвшөөрөх ёстой” гэж хэлдэг. Бурханы гэрт ийм дүрэм журам байдаг уу? Ийм хүмүүст хэрхэн арга хэмжээ авах тухай өнгөрсөн цуглааны нөхөрлөлд ийм зарчим байсан уу? (Үгүй.) Ийм нөхцөл байдалтай тулгарах үед чуулганы удирдагч, зааварлагч нар мунгинаж, хэрхэн зохицуулахаа мэддэггүй бөгөөд энэ хүмүүст чуулган дотор бусдыг цадиггүйгээр уруу татахыг зөвшөөрдөг. Үүнээс болж ихэнх хүнд тавгүй санагдаж, босгон байгуулагдахгүй үлддэг бөгөөд хүмүүс зүрх сэтгэлдээ жигшиж байвч дуугарахаас зүрхшээж, тэвчихэд хүрдэг. Удирдагч, зааварлагч нар чуулганы ажил болон Бурханы гэр энэ хүмүүсгүйгээр байж чадахгүй, хэрвээ цадиггүйгээр уруу татдаг энэ хүмүүсийг явуулбал ажил хийх хүн хүч багасна гэж боддог. Энэ логик зөв үү? (Буруу.) Яагаад буруу вэ? (Энэ хүмүүс ажил хийж чадахгүй; тэд үүнд санаа тавьдаггүй.) Яг голыг нь олж хэллээ. Бусдыг цадиггүйгээр уруу татаж чаддаг хүмүүс ямар төрлийн хүмүүс байдаг гэж та нар бодож байна вэ? Тэдэнд ямар ч биеэ барих чадвар байдаггүй; тэд бол үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс юм. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэнийг зэвүүцдэг, итгэл багатай, залуу, суурь нимгэн байгаад зогсохгүй—зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Бурханд итгэдэггүй бүх шүтлэггүй хүн бусдыг цадиггүйгээр уруу татаж чадах уу? Тэд бүгд садар самуун явдалд оролцож чадах уу? Зөвхөн нэг хэсэг нь; цөөнх нь л ёс жудаг, нэр төрийг эрхэмлэж, нэр хүнддээ санаа тавьж, биеэ авч явах хэм хэмжээтэй байдаг. Бурханд итгэдэг гэх энэ хүмүүс шүтлэггүй хүмүүсээс дээрдэх зүйлгүй тул тэднийг шүтлэггүй хүмүүс, үл итгэгчид гэж нэрлэх нь хэтрүүлсэн хэрэг болох уу? (Үгүй.) Хэдийгээр энэ хүмүүс Бурханы гэрт бага сага хөдөлмөрлөж чадах ч уг чанарынхаа хувьд тэд бол үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс юм. Тэд хийдэг ямар ч зүйлдээ зарчимгүй бөгөөд ямар ч хэм хэмжээгүй, нэр төргүй, ичих мэдрэмжгүйгээр биеэ авч явдаг. Шүтлэггүй хүмүүс бүр “Модонд холтос хэрэгтэйн адилаар хүнд нэр нүүр хэрэгтэй” гэх үзэл санааг баримталдаг; гэтэл энэ хүмүүс нэр нүүрээ хамгаалахыг ч хүсдэггүй байхад үнэнийг хүсэж чадах уу? Тэд Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж чадах уу? Тэд үүрэгтээ зарчмын дагуу үйлдэж чадах уу? Яавч үгүй! Тэд ердөө л хөдөлмөрлөж байгаа хэрэг. Хөдөлмөрлөдөг хүмүүст ямар ч үнэн байдаггүй; тэдний хөдөлмөрлөх нь саад болж, үймүүлдэг бөгөөд үүрэг гүйцэтгэх стандартад нийцдэггүй. Хэдийгээр тэд гаднаа үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагддаг ч чи тэдэнтэй зарчмын талаар хэчнээн нөхөрлөлөө ч тэд огт сонсдоггүй. Тэд зарчмын дагуу үйлддэггүй, хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүмүүсийн номлол сонсох үедээ гаргаж буй байр байдал, царайны хувирал нь тэдний үл итгэгч гэх мөн чанарыг ил болгодог. Бусад нь цэх сууж, нухацтай, анхааралтай сонсдог байхад энэ хүмүүс яаж сонсдог вэ? Зарим нь ширээ налж, байнга суниаж, эвшээлгэн, зөв суухгүй, огт хүний төрхгүй харагддаг. Огт хүний төрхгүй харагддаг тэр хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Тэд огтхон ч хүн биш; тэд ердөө л хүний арьс нөмөрсөн байдаг. Эдгээр “хэвлээр явагчдын” бүлэг номлол сонсохоор ирж байгааг хараад та нарт ямар санагддаг вэ? Тавгүй санагддаггүй гэж үү? (Тийм.) Энэ бүлэг ой гутам харагддаг бөгөөд тэднийг хараад Миний ярих хүсэл төрдөггүй. Би “хэвлээр явагчидтай” биш, хүмүүстэй ярьдаг. Ингэж номлол сонсдог хүмүүсийн байдал үүрэг гүйцэтгэх тусам нь сайжирч чадах уу? Тэд үүргээ гүйцэтгэх тусам Бурханд итгэх итгэл нь өсөж, үнэнийг илүү тодорхой ойлгож чадах уу? Яавч үгүй! Тэд үүргээ яаж ч гүйцэтгэсэн биеийн хэмжээ, итгэл нь өсдөггүй. Тэд бүх зүйлийг дур зоргоороо, огт биеэ барихгүйгээр хийж, махан биеийн тачаангуй хүсэл болон завхарсан зан чанар дотроо ямар ч ухамсар, өөрийгөө зэмлэх сэтгэл, сахилга батгүйгээр амьдардаг—тэд хүн биш! Ийм хүмүүсийн хувьд, тэдний хийсэн бусад муу зүйл, зарчмыг зөрчиж, Бурханы гэрийн эрх ашигт хор хөнөөл учруулсан үйлдлийг нь авч үзэхгүй байлаа ч, зөвхөн зохисгүй харилцаа үүсгэсэн нь л тэднийг зайлуулахад хангалттай. Энэ бол маш энгийн хэрэг, гэтэл чуулганы удирдагч, зааварлагч нар толгойгоо маажиж, үүнийг хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Энэ асуудлыг зохицуулахад маш амархан; энэ талаар өмнө нь нөхөрлөсөн. Үүнийг зарчмын дагуу зохицуулах ёстой бөгөөд зайлуулах ёстой хүмүүсийг зайлуулах ёстой. Хэтрүүлж бүү бод; Бурханы гэрийн ажил тэдэнгүйгээр ч хэвийн үргэлжлэх болно. Хэрвээ хэн нэгэн хаа нэгтээгээс нохойн баас юм уу ялгадас олбол яах ёстойг Надад хэлээч? Тэд үүнийг даруй цэвэрлэх ёстой; хэрвээ цаг тухайд нь цэвэрлэхгүй бол ялаа, шумуул тэр даруй шавж, хүмүүс тийм газар амар тайван байж чадахгүй. Энэ бүхнээр Би юу хэлэх гэсэн бэ? (Чуулганд зохисгүй харилцаа үүсгэх асуудлыг шийдвэрлэх эхний алхам бол тэдгээр олиггүй үл итгэгчдийг цэвэрлэх явдал юм.) Тийм ээ, Миний хэлэх гэсэн зүйл яг энэ. Хэрвээ чуулганд “өмхий нохойн баас” шиг төрлийн хүмүүс байвал тэд гарцаагүй “өмхий ялаануудыг” татах болно. Өмхий нохойн баасыг цэвэрлэснээр эдгээр ялаа аяндаа алга болно. Энэ нь шийдэл биш гэж үү? Энэ шийдэл үндэслэлтэй юу? (Тийм.) Ийм асуудлыг зохицуулах үед зарим чуулганы удирдагч үргэлж санаа зовж: “Хэрвээ бид бусдыг цадиггүйгээр уруу татдаг хүмүүсийг цэвэрлэвэл ажил хийх хүн багасахгүй гэж үү?” хэмээн хэлдэг. Энэ асуудал мөн үү? (Биш.) Яагаад биш гэж? Ийнхүү санаа зовниж байгааг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Хүмүүст тавих шаардлага хэтэрхий хатуу байгаад, ажил хийж чадах хүмүүсийг цэвэрлэчихвэл энэ хэсгийн ажлыг хийх хүн байхгүй болно гэж тэд санаа зовниж байгаа нь үндэслэлтэй байлаа ч гэсэн, тэднийг орлох өөр чадвартай хүмүүсийг олох амархан биш гэж үү? (Тийм.) Орлох хүмүүс тэр даруй олдохгүй байлаа ч, тохиромжтой хүмүүс олдсон үед Бурханы гэрийн ажилд нөлөөлөхгүйгээр ажлыг дараа нь хийж болно. Бурханы гэр зөв зохистой ажил хийдэггүй энэ хүмүүсийг дэмждэггүй. Хэрвээ тэд гэмшиж, зөв зохистой ажилд анхаарал тавьж чадвал ажлаа үргэлжлүүлэн хийж болно, харин гэмшихгүй бол тэдний үүрэг гүйцэтгэх эрхийг хасах ёстой. Энэ нь зөв бөгөөд үндэслэлтэй биш гэж үү? Бурханы гэр үл итгэгчид болон шүтлэггүй хүмүүсийг дэмжсэнээс хөдөлмөрчдийг дэмжихийг илүүд үздэг. Энэ зарчим зөв үү? (Зөв.) Энэ нь ямар утгаараа зөв бэ? Хөдөлмөрчин үнэнийг эрэлхийлдэггүй байлаа ч хөдөлмөрлөхөд бэлэн байдаг бөгөөд тэд Бурханы гэрт номхон хүлцэнгүйгээр, дуулгавартай байдлаар хүчин чармайлт гаргаж чаддаг. Хэдийгээр тэд зүгээр л хүчин чармайлт гаргаж байгаа ч гэсэн үнэнч байдаг бөгөөд хамгийн наад зах нь тэд муу хүмүүс биш. Ийм л төрлийн хүмүүсийг Бурханы гэр авч үлддэг. Хэрвээ хүн муу, олиггүй, үргэлж шударга бус, олиггүй хэрэг үйлддэг бол, мөн тэд сайн ч хөдөлмөрлөж чаддаггүй, хөдөлмөрчний стандартад нийцдэггүй бол тийм хүмүүс шүтлэггүй хүмүүс бөгөөд Бурханы гэр тэднийг авч үлддэггүй. Тиймээс, Бурханы гэр тэднийг үлдээдэггүй нь тэднийг хөдөлмөрчид учраас тэр биш, харин тэдний хөдөлмөрлөж байгаа нь стандартад нийцдэггүй, тэдний хөдөлмөрлөж байгаа нь хүртэл наймаалцсан шинжтэй байдаг учраас тэр юм. Учир нь тэд үргэлж мууг үйлдэж, үймээн дэгдээхийг хүсдэг, чуулганд үргэлж шударга бус, олиггүй хэрэг үйлдэхийг оролдож, чуулганы ажлын дэг журмыг алдагдуулж, ихэнх хүний үүргийн гүйцэтгэлд нөлөөлдөг. Тэд чуулганы уур амьсгалыг завхруулж, Бурханы нэрийг гутаадаг—тэднийг цэвэрлэхээс илүү зохистой зүйл гэж үгүй. “Өмхий нохойн баас” шиг төрлийн хүмүүс хаана ч байсан, тэднийг даруй цэвэрлэх ёстой. Ойлгосон уу? (Тийм.)
XI. Сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэх
Өнөөдөр бид удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө: “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.” Энэхүү арван хоёр дахь үүрэг хариуцлагын арван нэг дэх асуудал юу вэ? (Сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэх.) Өмнө нь антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаар нөхөрлөж, ил болгох үедээ бид сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэх талаар бага зэрэг нөхөрлөсөн, тийм үү? (Тийм.) Бурханы гэрийн ажлын зохицуулалтад чуулганы сонгуулийн дүрэм журам багтдаг. Сонгуулийг жилд нэг удаа явуулж болох бөгөөд зарим онцгой нөхцөл байдалд ч бас сонгууль явуулж болно. Бүх чуулган Бурханы гэрээс тогтоосон зарчмын дагуу бүх түвшний удирдагч, ажилчдыг сонгох ёстой. Сонгуулийн дүрэм журамд сонгуулийн зарчим, хүн сонгох шалгуур, сонгуулийн арга барил, арга зам, түүнчлэн сонгуулийн үеэр ах эгч нарын анхаарах шаардлагатай янз бүрийн зүйлс багтдаг. Мэдээж, сонгууль бүрийн өмнө бүх түвшний удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүст тодорхой ойлгуулахын тулд сонгуулийн зарчмыг бүх талаас нь нөхөрлөх ёстой. Ингэвэл сонгуулийн үр дүн илүү сайн байх болно. Өнөөдөр бид сонгуулийн нарийн ширийн зүйлийн талаар нөхөрлөхгүй; өнөөдрийн нөхөрлөлийн гол сэдэв бол сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэхийн зарим илрэл юм.
A. Сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэхийн илрэлүүд
Чуулганы сонгуулийн үеэр удирдагч, ажилчин байхад хамгийн тохиромжтой нэр дэвшигчдийг сонгохын тулд Бурханы гэрээс тогтоосон сонгуулийн зарчмыг чанд дагах ёстой. Хэрвээ сонгуулийн зарчмыг зөрчиж, сонгуулийн өөр арга барил ашиглавал энэ нь хуурамч удирдагчид болон антихристүүдийн хийж буй хэрэг юм. Бурханы гэр ийм зөрчлийг хориглож, сонгуульд овжноор нөлөөлсөн гол хүмүүсийг шалгаж, тэдэнд арга хэмжээ авах ёстой. Чуулганы сонгуулийн үеэр янз бүрийн хүмүүс илчлэгдэж, хүмүүсийн янз бүрийн сэтгэлгээ ил болдог. Зарим хүн өөрсдийгөө удирдагчаар сонгуулах, эсвэл өөрсдөд нь ашигтай хүмүүсийг сонгуулахын тулд далдуур олон булхайтай арга мэх хэрэглэдэг. Жишээ нь, зарим хүн үнэнийг эрэлхийлдэг хүмүүс удирдагчаар сонгогдож, байр сууринд нь заналхийлэх вий гэж айдаг тул тэдний гаргасан сул дорой байдал, алдаа дутагдлынх нь талаар ар хударгаар нь шүүж, тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, антихристийн зан чанартай гэх мэтээр яллахын тулд хамаг байдгаараа хичээдэг бөгөөд энэ бүхэн нь тэднийг сонгуульд ялагдуулах гэсэн оролдлого юм. Өөр зарим нь удирдагчаар сонгогдохын тулд сонгуулийн үеэр сайхан зүйл худалдаж авч хүмүүст хахууль өгдаг, чихэнд чимэгтэй үгээр амлалт өгдөг, түүнчлэн хэний төлөө эсвэл хэний эсрэг санал өгөх тал дээр бусдыг өдөөн турхирч, хатгахын тулд янз бүрийн арга хэрэгсэл ашигладаг. Тэд ямар ч арга хэрэгсэл, арга барил ашигласан бай, энэ бүхэн нь сонгуульд овжноор нөлөөлж, сонгуулийн үр дүнг өөрчлөхийн төлөө байдаг. Хэдийгээр чуулган сонгуулийн зарчмын талаар—сайн хүн чанартай, үнэнийг эрэлхийлдэг, ах эгч нарыг үүргээ хэвийн гүйцэтгэх, Бурханы үгийг хэвийн унших, үнэн-бодит байдалд ороход нь хөтөлж чадах хүмүүсийг сонгох болон бусад ийм зарчмын талаар—дахин дахин нөхөрлөдөг ч энэ хүмүүс зүгээр л сонсдоггүй бөгөөд булхайтай арга мэх хэрэглэхийг хүсдэг. Булхайтай арга мэх хэрэглэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд үргэлж луйвардахыг хүсдэг гэсэн үг юм. Тэд хэн нь сайн, хэн нь сайн биш болохыг хэзээ ч ил тод үнэлдэггүй, үргэлж далдуур булхайтай арга мэх хэрэглэж, зальжин явуулга, башир арга хэрэглэхийг хүсдэг. Тэд хэнийг сонгох, хэнийг сонгохгүй байх талаар далдуур хуйвалдаж, хүн бүрийг нэгдсэн саналд хүргэхийг оролддог. Энэ нь булхайтай арга мэх биш гэж үү? Энэ нь луйвар биш гэж үү? (Тийм.) Энэ нь үнэн-зарчмын дагуу ил тод, шударгаар сонгуулийг хамгаалж байгаа хэрэг үү? Үгүй, тийм биш—тэд хүний арга мэх, арга барилыг ашиглан сонгуульд овжноор нөлөөлөхөөр увайгүй оролдож байна. Сонгуульд овжноор нөлөөлөх тэдний зорилго юу вэ? Тэд сонгуулийн үр дүнг хянахыг хүсдэг, өөрсдөө сонгогдохыг хүсдэг, хэрвээ сонгогдож чадахгүй бол хэн сонгогдохыг шийдэхийг хүсдэг, тиймээс тэд далдуур булхайтай арга мэх хэрэглэдэг. Тэд чуулганы ажил, ах эгч нарын амь-оролтыг бодолцон үздэггүй. Тэд Бурханы гэрийн эсвэл ах эгч нарын эрх ашгийн талаар боддоггүй; зөвхөн хувийн эрх ашгаа л боддог. Сонгууль болох үед тэдний өөрсдийнх нь санаархал, хүсэл тэргүүн зэрэгт тавигддаг. Тэгвэл тэд яагаад сонгуульд овжноор нөлөөлөхийг хүсдэг вэ? Хэрвээ хэн нэгэн ах эгч нарыг Бурханы өмнө болон үнэн-бодит байдалд үнэхээр авчрахыг хүссэн бол ингэж үйлдэх байсан уу? Тэдэнд ийм амбиц байх байсан уу? Тэд ийм зан авир гаргах байсан уу? Үгүй, тэгэхгүй байсан. Зөвхөн далд сэдэл, амбиц, хүсэлтэй, чуулганы сонгуульд овжноор нөлөөлөхийг хүсдэг хүмүүс л ингэж үйлдэнэ. Тэд чуулган дотор өөрсөдтэй нь харьцангуй эвтэй байдаг, үзэл бодол нийлдэг, ижил сэдэл, зорилготой зарим хүнийг өөртөө татаж, мөн ихэвчлэн сул дорой, үнэнийг нэг их эрэлхийлдэггүй, мунгинуу, мэдлэггүй, амархан гуйвж, арганд ордог зарим хүнийг урхидан, чуулганы сонгуулийн ажлыг үймүүлэх хүч бүрдүүлдэг. Чуулгантай сөргөлдөх тэдний зорилго бол өөрсдийгөө сонгуулах, сонгуулийн үр дүнд өөрсдөө эцсийн шийдвэр гаргах явдал юм. Тэд өөрсдийн урьдчилан тодорхойлсон, өөрсдөд нь ашигтай хүмүүсийг сонгохыг хүсдэг. Хэрвээ энэ хүмүүс сонгогдвол тэдний хуйвалдаан амжилттай боллоо гэсэн үг. Ийм сонгуулийн үр дүн зөв байх уу, эсвэл буруу байх уу? (Буруу.) Гарцаагүй буруу байна. Ёрын муу хүмүүсийн будлиантуулсан сонгуулиар сонгогдсон хүмүүс ёрын муу хүмүүст гарцаагүй ашигтай байх болно. Тэд яагаад энэ ёрын муу хүмүүст ашигтай байх вэ? Яагаад гэвэл, тэр үед ёрын муу хүмүүс дур зоргоороо, цадиггүй авирлаж, хэн ч тэднийг ил болгож, хязгаарлаж зүрхлэхгүй чуулганд дураараа дургиж чадна. Тэд зайлуулагдахгүй, харин үнэнийг эрэлхийлдэг хүмүүс тэдэнд гадуурхагдаж, хавчигдаж, чуулган ёрын муу хүмүүсийн эзэмшил болно. Ёрын муу хүмүүсийн овжноор нөлөөлсөн сонгуулийн эцсийн үр дүн гарцаагүй буруу байх нь тодорхой; энэ нь гарцаагүй олонхын санал бодлын эсрэг байж, зарчмыг зөрчдөг. Чуулганы удирдагчид болон ах эгч нар сонгуулийн үеэр энэ хүмүүсийн бүх зан авир, үйлдэлд анхааралтай, сонор сэрэмжтэй байх ёстой. Тэд энэ тал дээр мунгинуу байж болохгүй. Сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэх шинж тэмдэг илэрмэгц оролцсон хүмүүсийг хязгаарлах арга хэмжээг даруй авах ёстой бөгөөд хэрвээ энэ хүмүүсийг хязгаарлах боломжгүй бол тэднийг тусгаарлах хэрэгтэй. Энэ хүмүүс онцгой увайгүй, цадиггүй бөгөөд хянахад хэцүү байдаг. Сонгуулийг үймүүлж, үр дүнд нь овжноор нөлөөлөхийн тулд тэд гарцаагүй далдуур булхайтай арга мэх хэрэглэж, олон зүйл хэлж, хийнэ. Үүнийг яах ёстой вэ? Энэ асуудлыг зохицуулахад амархан. Хэрвээ чуулганы удирдагчид асуудлыг илрүүлбэл тэд үүнийг ил болгож, нийтэд зарлан, энэ асуудлын ноцтой байдал, үр дагаврын талаар, мөн ийм үйлдлийн уг чанар яг юу болох талаар ах эгч нараар нөхөрлүүлэх ёстой. Эцэст нь, тэд тодорхой арга хэмжээ авах ёстой. Ямар арга хэмжээ авах ёстой вэ? Үргэлж далдуур булхайтай арга мэх хэрэглэдэг, сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэхийг оролддог хэнд ч шуудхан арга хэмжээ авч, сонгуульд оролцохыг нь хориглох ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэдний санал тооцогдохгүй гэсэн үг юм. Сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэхэд хэчнээн хүн оролцсон бай хамаагүй, тэдний саналыг бүгдийг нь хүчингүй болгож, сонгуульд оролцохыг нь зөвшөөрөх ёсгүй. Хэн төөрөгдөлд орж, үймүүлэгдсэн байх нь хамаагүй, тэд сонгуульд овжноор нөлөөлж байгаа хүмүүсийн замыг дагаж, сонгуулийг санаатайгаар хорлохын тулд ёрын муу хүмүүстэй хуйвалдсан л бол Бурханы сонгосон хүмүүс босож, тэднийг ил болгож, сонгуульд оролцох эрхийг нь цуцлах ёстой. Энэ сайн арга зам уу? (Тийм.) Үүнийг бүхэлд нь чуулганы ажлыг хамгаалахын тулд хийдэг. Чи хязгаарлагдахаас татгалздаг биз дээ? Чи Бурханы гэрийн сонгуулийн зарчмыг хүлээж авдаггүй биз дээ? Чи эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг биз дээ? Хэрвээ чи эцсийн шийдвэрийг гаргавал Сатан эцсийн шийдвэрийг гаргаж байна гэсэн үг. Бурханы гэр болон чуулган бол үнэн ноёрхдог газар; Сатанаар шийдвэр гаргуулж болохгүй. Чи булхайтай арга мэх хэрэглэж, энэ сонгуульд санаатайгаар овжноор нөлөөлж, үймүүлэхийг хүсэж байгаа учраас энэ их энгийн—чиний санал хүчингүй болно. Чи хэний ч төлөө санал өгсөн, ямар ч нэмэргүй; чиний ямар ч санал бодол хүчингүй бөгөөд чи сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгэсэн ч тэр чинь бүтэхгүй. Бурханы гэрт захиргааны зарлиг, дүрэм журам байдаг бөгөөд энэ сонгуульд оролцох эрхийг чинь хасаж, цуцалсан. Хэрвээ чи дараагийн сонгуулийг дахиад л үймүүлбэл сонгуульд оролцох эрхийг чинь бүрмөсөн цуцлах бөгөөд чамайг оролцохыг цаашид яавч зөвшөөрөхгүй. Сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэхийн тулд үргэлж булхайтай арга мэх хэрэглэдэг хүмүүсийг ингэж л зохицуулах ёстой.
Чуулганы сонгууль болох бүрд үргэлж зарим нэг ёрын муу хүн хөдөлгөөнд орж эхэлдэг: Зарим нь сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэх гэж оролдон далдуур булхайтай арга мэх хэрэглэдэг бол, зарим нь удирдагчийн байр суурийн төлөө бусадтай ил тод өрсөлдөхийг эрмэлзэж, нүүрээ улайтлаа маргалдаж, бүр адгуу зан гаргах дөхөж, гар зөрүүлж, зодолдох дээрээ тулдаг тул ах эгч нар хэнийг сонсох, хэнийг сонгохоо мэдэхээ байдаг. Сонгуулийн үеэр тэд үнэнийг нөхөрлөдөггүй, мөн хэрвээ удирдагчаар сонгогдвол чуулганы ажлыг хэрхэн явуулах, ажилд ямар зам байх, ажлын ямар санаа, төлөвлөгөө дэвшүүлэх талаараа ярилцдаггүй. Харин ч тэд бусад нэр дэвшигчийн дутагдлыг зориуд илчилж, тэдэн рүү дайрч давшилахын зэрэгцээ нэг бүлэг хүнийг татаж өөр бүлгийн эсрэг сөрөг хүчин болгож, чуулганд хагалан бутаргах нөхцөл байдал үүсгэдэг. Ийм сонгууль юу болж хувирдаг вэ? Чуулганыг хагалан бутаргадаг зүйл болдог. Сонгуулийн үр дүн ч гараагүй байхад чуулган аль хэдийн хуваагдсан байдаг. Энэ нь чуулганы сонгуулийн үеэр гарах ёстой үзэгдэл мөн үү? Энэ хэвийн үзэгдэл үү? Үгүй, тийм биш. Хэрвээ чи удирдагч болохыг хүсэж, өөрийгөө тодорхой чадвартай, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, энэ ажилд тэнцэнэ гэж итгэж байвал Бурханы гэрийн зарчмын дагуу сонгуульд оролцож болно. Мэдээж, чи өөрийн давуу тал, сайн чанаруудаа хэлж, ойлголт, туршлагынхаа талаар нөхөрлөж болох бөгөөд ингэснээр ах эгч нар үнэмшиж, чуулганы удирдагчийн ажлыг хариуцаж чадна гэдэгт чинь итгэнэ. Гэхдээ чи бусад руу дайрч давшилж сонгогдох зорилгодоо хүрэх ёсгүй, учир нь энэ нь хүмүүсийг амархан төөрөгдүүлж, сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Биеийн хэмжээ жижиг, ялган таних чадваргүй ах эгч нар чиний төөрөгдөлд амархан орж, хэнийг сонгохоо мэдэхээ больж, чуулган ч бас эмх замбараагүй байдалд орж, хагаралд орж болзошгүй. Энэ нь Сатанд ашиглах боломж олгож байгаа хэрэг биш гэж үү? Товчхондоо, зарчмыг дагалгүйгээр сонгуульд оролцох, үргэлж амбиц, хүсэлтэй байж, сонгогдох зорилгодоо хүрэхийн тулд жигшүүртэй арга хэрэгсэл ашиглах нь бүгд сонгуульд овжноор нөлөөлж, үймүүлэх уг чанар бөгөөд сонгуулийн зохисгүй зан авир юм. Мэдээж, зарим хүнд зохистой зан авир байдаг бөгөөд үүнийг үүнээс ялгах ёстой. Жишээ нь, хэрвээ нэр дэвшигч сайн мэдээний ажил, бичвэрт суурилсан ажил, ерөнхий хэргийн ажил гэх мэт чуулганы ажлын янз бүрийн зүйлийг хэрхэн сайн хийх, эсвэл чуулганы амьдралыг хэрхэн сайжруулах, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх гэх мэт талаар нөхөрлөвөл энэ бүхэн зохистой юм. Өөрийн үзэл бодол, ойлголтыг зохих ёсоор илэрхийлэх, чуулганы ажлын талаарх бодол санаа, төлөвлөгөөгөө хуваалцах гэх мэт нь бүгд хэвийн үг яриа, зан авирын нэг хэсэг бөгөөд чуулганаас тогтоосон сонгуулийн зарчимд нийцдэг. Эдгээрээс гадна, сонгуулийн үеэр илэрсэн аливаа зохисгүй илэрхий онцгой зан авир хүмүүсийн анхаарлыг татах ёстой. Хүмүүс эдгээрт сонор сэрэмжтэй байж, тэдгээрийг ялган таних хэрэгтэй—хайнга байж болохгүй.
Зарим хүн ажил ихтэй, ар гэрийн асуудал ихтэй, эсвэл орчин нөхцөл тохиромжгүй байгааг байнга дурдаж үүргээ гүйцэтгэхгүй, чуулганы амьдралд оролцохгүй байх шалтаг болгодог. Гэвч чуулганы удирдагчдыг сонгох цаг болоход эдгээр бэрхшээл гэнэт алга болж, тэд энэ үйл явдалд зориулан нямбайлан гоё хувцаслаад, сонгуульд оролцохоор ирдэг. Тэд удаан хугацаанд үзэгдээгүй атлаа чуулганы сонгууль болох тухай сайхан мэдээг дуулмагцаа тэсэж ядан яаран гүйж ирдэг. Тэд юуны төлөө ирж байна вэ? Тэд сонгуулийн төлөө, чуулганы удирдагчийн байр суурийн төлөө, энэхүү “албан тушаал”-ын төлөө ирж байна. Ийм хүмүүс үйлдэлдээ онцгой овжин байдаг. Бусад хүн чуулганы удирдагч болохыг хүсэж байна гэж өөрийг нь сэжиглэх вий гэж айсандаа тэд сонгуулийн талаар дурдахаас зайлсхийж, хүмүүсийн бишрэлийг хүлээхийн тулд зөвхөн өөрсдийн ойлголт, туршлагын талаар нөхөрлөхөд л анхаардаг. Тэд бас олны өмнө Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийн талаар нөхөрлөхөд бүгдийг манлайлж, өөрсдийн туршлагын гэрчлэлийг хуваалцдаг. Үнэн хэрэгтээ, тэд ерөнхийдөө чуулганы амьдралд ховорхон оролцож, үнэнийг бараг нөхөрлөдөггүй, туршлагаар олж авсан ойлголтын талаар ч ярьж чаддаггүй. Гэвч сонгууль дөхөх үед тэд тэс өөр болдог. Тэд чуулганы амьдралд идэвхтэй оролцож, залбирч, магтан дуу дуулж, нөхөрлөхийн хүслэн болж, онцгой эрч хүчтэй, идэвх санаачилгатай харагдан, бусдаас тод ялгардаг. Цуглааны дараа тэд ах эгч нартай гэр бүлийн асуудлаар хууч хөөрч, харилцаа тогтоох боломж хайдаг. Чуулганы удирдагчийг хармагцаа тэд: “Сүүлийн үед чиний царай нэг л тааруу харагдаж байна. Манайд хэдэн хасарваань байгаа; чамд жаахныг аваад ирье” гэж хэлдэг. Тодорхой нэг эгчийг хармагцаа тэд: “Гэр бүл чинь санхүүгийн бэрхшээлтэй байгаа гэж би дуулсан. Чамд тусламж хэрэгтэй юу? Би чамд хэдэн хувцас өгч болно шүү” гэж хэлдэг. Тэд цуглаан бүр дээр онцгой идэвхтэй байж, урьдынхаас тэс өөр байдаг. Өмнө нь тэд зүгээр л бүртгүүлэхийн тулд хааяа нэг үзэгддэг байсан бөгөөд хэн ч тэднийг цуглаанд дуудсан, завгүй гэж шалтаглан бултдаг байв. Гэвч сонгуулийн үеэр тэд гэнэт гарч ирээд, нэгийг ч алгасалгүй цуглаан бүрд оролцдог. Цуглаан бүр дээр ах эгч нар сонгуультай холбоотой асуудал, зарчмын талаар нөхөрлөдөг бөгөөд мэдээж тэд ч бас үүнд оролцдог. Энэ хугацаанд тэд ах эгч нартай сайн харилцаа тогтоохын тулд хамаг байдгаараа хичээж, тэдний заримыг нь өөртөө татахыг чармайдаг. Тэд бүр ах эгч нарын нүдэн дээр хэд хэдэн удаа өргөл өргөдөг бөгөөд энэ нь ихэнх хүнийг гайхшируулж: “Тэд Бурханд ийм удаан итгэсэн мөртөө өмнө нь өргөл өргөж байхыг нь бид хэзээ ч хараагүй. Яагаад энэ удаад ийм өгөөмөр байна вэ? Тэд үнэхээр засарч, өөрчлөгдсөн юм байх даа?” гэж бодоход хүргэдэг. Асуудлыг үнэлж цэгнэж чаддаггүй зарим мунхаг, мэдлэггүй хүн энэ хүнийг үнэхээр засарсан байна, өмнө нь энэ хүнийг буруугаар дүгнэж байж гэж бодоод, өөрийн эрхгүй зүрх сэтгэлдээ түүний талаар таатай сэтгэгдэлтэй болж: “Энэ хүний гэр бүл боломжийн амьдралтай; түүнд танил тал, ажил бүтээх арга зам бий. Хэрвээ тэр чуулганы удирдагч болбол чуулганы төлөө олон зүйлийг хийж чадна. Энэ нь манай чуулганд сайн мэдээ түгээх болон мөрдөгдөж, бэрхшээлтэй байгаа зарим ах эгчийг зочин хүлээн авах айл олж байрлуулахад тус болохгүй гэж үү? Хэрвээ тэр энэ чигээрээ идэвхтэй байж чадвал үнэхээр сайн хэрэг, гэхдээ тэр энэ чигээрээ байж чадах эсэх, эсвэл манай чуулганы удирдагч болохыг хүсэх эсэхийг нь би сайн мэдэхгүй байна” хэмээн боддог. Зарим хүн төөрөгдөлд орж, мэхлэгдсэн биш гэж үү? Энэ хүний хийж байсан бүхэн үр дүнгээ өгч эхэлж байгаа биш үү? Бүх зүйлийн учир нь олдож, үр дүн нь удахгүй гарах гэж байна. Тэр үүнийг хүсэж байгаа биш гэж үү? (Тийм.) Түүнчлэн, тэрээр нэг хүнд хоёр хувцас, өөр нэгэнд сагс ногоо, бас нэг хүнд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн өгч, хүн бүрд анхаарал халамж тавьдаг. Энэ нь хүмүүсийг: “Хэрвээ энэ хүн чуулганы удирдагч болбол сайн хоньчин байх биш үү? Тэр ихэнх хүний найдаж түшихийг хүсдэг хүн биш гэж үү?” хэмээн бодоход хүргэдэг. Одоо цаг нь болсон биш гэж үү? Ах эгч нар ийм хүнийг амархан сонгох биш үү? Энэ хүн боловсролтой, уран цэцэн үгтэй, нийгэмд тодорхой байр суурьтай. Хэрвээ чуулган баривчилгаатай нүүр тулбал тэр ах эгч нарыг хамгаалж чадна. Хэрвээ аль нэг ах, эгчийн гэр бүлд бэрхшээл тулгарвал тэр тусламжийн гараа сунгаж чадах бөгөөд хүн хүч шаардлагатай үед тэр чуулганы ажилд ч бас тусалж чадна. Гэвч ихэнх хүний итгэлгүй байдаг нэг зүйл бий: “Тэр өмнө нь үнэнийг эрэлхийлдэггүй байсан бөгөөд удаан хугацаанд цуглаанд ховорхон оролцдог байсан. Гэвч одоо сонгууль болох гэж байхад тэр яаран сандран хэдэн цуглаанд оролцож байна. Хэрвээ тэр удирдагчаар сонгогдвол үнэнийг ойлгох болов уу? Хэрвээ тэр үнэнийг ойлгохгүй, зөвхөн энэ хүмүүсийг хамгаалж, тэдэнд ямар нэгэн ашиг тус өгч л чаддаг бол хүмүүст үнэнийг ойлгоход нь тусалж чадах уу? Тэр хүмүүсийг Бурханы өмнө авчирч чадах уу? Энэ нь эргэлзээтэй.” Зарим нь зүрх сэтгэлдээ эргэлздэг бол, зарим нь энэ хүний өгсөн ашиг тусын нөлөөнд аль хэдийн автаж, худалдагдсан байдаг. Энэ нөхцөл байдал маш аюултай биш гэж үү? Ганцхан санал л тэднийг сонгогдоход нөлөөлж мэднэ. Сонгуулийн эцсийн үр дүн ямар ч байсан, ийм хүмүүсийн үйлдэл, зан авир зохистой юу? (Үгүй.) Хамгийн тохиромжтой мөчид тэд өглөг өгч, өргөл өргөж, ах эгч нарын зарим нэг бодит бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалдаг. Зарим ах эгчийг нүүх үед тэд унаагаар хангаж, зарим ах, эгчийн гэр бүлд мөнгө дутагдах үед тэдэнд мөнгө зээлдэг. Заримд нь утас байхгүй бол утас худалдаж авч өгч, заримд нь компьютер байхгүй бол өөрийнхийгөө өгдөг. … Тэд эдгээр зүйлийг хамгийн тохиромжтой мөчид, хамгийн эгзэгтэй үед хийдэг. Энэ ямархуу зан авир вэ? Удирдагчийн ажлын төлөө өрсөлдөхийг санаархаж, хэлэхийн аргагүй нууц, зорилго өвөрлөн эдгээр зүйлийг хийж, сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм ээ.) Тэд эрт ч биш, орой ч биш, харин яг удирдагчийн сонгуулийн үеэр л гарч ирдэг. Тэд хэлэхийн аргагүй нууц өвөрлөж байгаа биш гэж үү? Энэ нь маш тодорхой; тэд хэлэхийн аргагүй нууц өвөрлөж байгаа нь гарцаагүй. Тэдний мөс чанар гэнэт сэргэж, сайн зүйл хийхийг хүссэндээ биш; тэдний зорилго бол чуулганы удирдагчид өрсөлдөх, чуулганыг хариуцсан хүн болох, чуулган болон Бурханы сонгосон хүмүүст овжиноор нөлөөлөх явдал юм. Тэд энэ хүмүүст үнэхээр ямар нэг зүйл хийж өгөх гэсэндээ тэдэнд овжиноор нөлөөлөхийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийхийг хүсдэг вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, чуулганыг хянаж, чуулганд албан тушаалтны үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргадаг байр суурь олж авахыг хүсдэг. Эдгээр хэвийн бус арга, хэрэгжүүлэлт нь сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж буй хэрэгт тооцогдохгүй гэж үү? (Тооцогдоно.)
Чуулганы сонгуулийн үеэр, хангалттай санал авч чадахгүй байх вий гэж айсан зарим хүн өөртөө санал өгдөг. Энэ нь хөгийн, хачирхалтай санагдахгүй байна гэж үү? Өөртөө санал өгч байгаа хүний уг чанар ямар байдаг вэ? Энэ нь өөртөө итгэлгүй, ичгүүргүй байдлын, эсвэл хэт их амбицын илрэл үү? Бүгдээрээ мөн. Тэд сонгогдохгүй байх вий гэж айдаг тул өөртөө санал өгөхөөс өөр сонголтгүй болдог—энэ бол өөртөө итгэлгүй байдал юм. Тэдэнд шаардлагатай чадвар байхгүй хэр нь удирдагч болохыг хүсдэг; бусад хүн өөрсдөд нь санал өгөхгүй байх вий гэж айсандаа тэд өөртөө санал өгдөг. Энэ нь ичгүүргүй байдал биш гэж үү? Түүнчлэн, тэдний хэт их амбиц нь бардам зангаа хөсөр хаяж, ёс жудаггүй, нэр төргүй болох хэмжээнд хүртэл эрүүл сэтгэлгээг нь булингартуулдаг: “Хэрвээ чи надад санал өгөхгүй бол би үүнийг тэвчихгүй; би заавал чуулганы удирдагч болох ёстой. Хэрвээ би удирдагч болж чадахгүй бол бурханд итгэхээ болино!” Тэд удирдагч байхыг, албан тушаалтны үүрэг гүйцэтгэнэ гэж шаардаж, байр суурьтай байх үедээ л амьдралдаа сэтгэл амар, сэтгэл хангалуун байдаг—тэд ямар их амбиц, хүсэлтэй юм бэ! Тэд байр суурийг хэтэрхий их нандигнадаг бөгөөд зөвхөн удирдагч болохын тулд л Бурханд итгэдэг. Удирдагч байх юу нь тийм сайхан юм бэ? Хэрвээ чи байр суурийн ашиг тусыг үнэлдэггүй, байр суурийн олгодог бүх давуу эрхийг эдэлдэггүй байсан бол энэхүү албан тушаалд шунах байсан уу? Чи өөртөө санал өгөх байсан уу? Чиний амбиц, хүсэл тийм их байх байсан уу? Чи байр суурийг тийм их нандигнах байсан уу? Үгүй, чи тэгэхгүй байх байсан. Ийм хүмүүс үргэлж сонгуулийг будлиантуулж, сонгуульд хүчин чармайлт гаргахыг хүсдэг бөгөөд ямар ч заль мэхтэй үйлдэл хийхээс буцдаггүй. Хэдийгээр тэдэнд өөрсдөө ингэж авирлах нь шившигтэй, ил тод, шударга биш, бас бага зэрэг гутамшигтай хэрэг гэж санагддаг ч хэсэг бодсоныхоо дараа: “Яадаг юм, удирдагчаар сонгогдох нь л чухал!” гэж боддог. Энэ бол ичгүүргүй байдал юм. Тэд бүр ардчилсан орнуудын сонгуульд ашигладаг мэтгэлцээний аргыг дуурайж, нэр дэвшигчид бие биеийнхээ дутагдлыг ил болгож, бие биеэ шүүж, дайрч давшилж, хэл амаар тулалддаг тактикийг чуулганы сонгуульд ашиглахыг хүсдэг—ингэх нь ноцтой алдаа биш гэж үү? Энэ нь ийм тактик ашиглахад буруу талбар биш гэж үү? Хэрвээ чи чуулганд эдгээр шударга бус, олиггүй үйлийг хийж, сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэх гэж оролдохоор ирж байгаа бол Би чамд хэлье, чи буруу газар сонгожээ! Энэ бол нийгэм биш, Бурханы гэр; сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлдэг хүн бүр нэгд нэгэнгүй яллагдах болно. Чуулганд сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэхээр оролдохдоо ямар ч шалтгаан, шалтаг, арга ашигласан бай, тэдгээр нь үндэслэлгүй бөгөөд муу үйл болно—энэ бол мөнхөд муу үйл юм! Сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэхээр оролддог бүх хүн яллагддаг. Ийм хүмүүсийг Бурханы гэрийн гишүүд, ах эгч нар гэж хүлээн зөвшөөрдөггүй, харин Сатаны зарц нар гэж тодорхойлдог. Сатаны зарц нар ямархуу зүйл хийдэг вэ? Тэд Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг бүхий л төрлийн зүйлийг хийхэд мэргэшсэн байдаг. Сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлдэг хүмүүс эдгээр сөрөг дүрд тоглож, Сатаны зарц нарын хийдэг зүйлийг хийж байна. Чуулган ямар ч ажил хийсэн бай, энэ хүмүүс Бурханы гэрийн ажлын зохицуулалт, дүрэм журмыг үл тоомсорлож, Бурханы захиргааны зарлигийг үл тоомсорлож, тэр ч байтугай Бурханыг ч үл тоомсорлон, тэрхүү ажилд саад болж, сүйтгэхээр босож ирдэг. Тэд Бурханы гэрт хүссэн бүхнээ хийхийг оролдож, чуулганы янз бүрийн хэрэг явдалд овжиноор нөлөөлж, бүр чуулганы гишүүдэд овжиноор нөлөөлж, тэр ч байтугай чуулганы сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэх хэмжээнд хүрдэг. Тэд ямар арга хэрэгслээр дамжуулан чуулганы ажилтнуудад овжиноор нөлөөлөхийг оролддог вэ? Тэд чуулганы сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэх боломж хайдаг. Сатаны энэхүү зарц нар сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлмэгц сонгууль бүтэлгүйтдэг. Хэрвээ Сатаны энэхүү зарц нар санасандаа хүрч, чуулганы удирдагчид болбол сонгуулийн үр дүн зөв үү, буруу юу? Мэдээж буруу. Үнэнийг нөхөрлөж, сургамж авсныхаа дараа дахин сонгууль явуулах ёстой.
Б. Чуулганы сонгуульд овжиноор нөлөөлдөг ёрын муу хүмүүсийг зохицуулах зарчим
Ёрын муу хүмүүс сонгуульд овжиноор нөлөөлсөн тохиолдол гарах үед дахин сонгууль явуулах шаардлагатай. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? (Сонгуулийн үр дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах ёстой.) Энэ бол нэг арга зам юм. Ёрын муу хүмүүс энэ сонгуульд хэрхэн овжиноор нөлөөлсөн тухай дотоод мэдээллийг нээлттэй, ил тод болгох ёстой бөгөөд ингэснээр сонгуулийн үйл явц ямар байсан, үр дүн нь хэрхэн гарсныг хүн бүр мэдэх болно. Энэхүү дотоод мэдээлэл ил болсны дараа сонгуулийн үр дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах ёстой. Ийм сонгуулийг Бурханы сонгосон хүмүүсийн олонх нь хүлээн зөвшөөрөх ёсгүй; хэн сонгогдсон нь хамаагүй—үр дүнг хүлээн авч боломжгүй. Ердийн нөхцөлд, үнэнийг нөхөрлөж, цаад үнэнийг ил болгосноор сонгуулийн үр дүнг үгүйсгэж, дахин сонгууль явуулж болно. Гэвч заримдаа, зарим нэг онцгой нөхцөл байдалд, Сатаны зарц нар сонгуулийн үр дүнд овжиноор нөлөөлсөн, сонгогдсон хүн ажлаа огт хийж чадахгүй, ердөө л нэг утсан хүүхэлдэй гэдгийг цөөн хэдэн хүн олж мэдсэн ч гэсэн, чуулганы олонх нь ёрын муу хүмүүсийн төөрөгдөлд орж, Сатаны зарц нарын талд зогссон хэвээр байхад цөөнх нь л жаахан ялган таних чадвартай, дотоод мэдээллийг мэддэг—мөн энэ цөөнхийг дуугарахад хэн ч тэдэнд итгэдэггүй, тэднийг сонсдоггүй учраас—тэд ганцаардаж, хүчин мөхсөддөг бөгөөд нөхцөл байдлыг эргүүлэх хүч чадал үндсэндээ байдаггүй. Ийм нөхцөл байдалд, сонгуульд овжиноор нөлөөлсөн тухай цаад үнэнийг ил болгохыг чи хүсэж болох ч нөхцөл байдлыг тодорхой ойлгоход амаргүй байдаг. Тийм тохиолдолд, үүнийг дээд түвшний удирдагч, ажилчдад мэдээлэхээс гадна та нар өөр юу хийж чадах вэ? Хэрвээ чи чуулганы амьдралаар үргэлжлүүлэн амьдарвал гадуурхагдах болно. Өөр чуулганы цуглаанд оролцох нь тохиромжтой санагдахгүй байна, учир нь тэндхийн хүмүүс танихгүй хүнийг хамаа намаагүй гэртээ хүлээн авч чадахгүй. Энэ нь чамайг үнэхээр мухардмал байдалд оруулдаг! Сонгогдсон чуулганы удирдагч муу хүн чанартай, диавол бөгөөд сонгогдох ёсгүй хүн байсныг чи олж хардаг тул түүнийг харах төдийд л чиний уур хүрдэг. Цуглаанд явах нь чамд эвгүй санагддаг ч, явахгүй байх сонголт байдаггүй. Хэрвээ чи явахгүй, чуулгантай харилцаагаа тасалбал чуулганы амьдралаа алдах бөгөөд чи тэгж чадахгүй шүү дээ. Тэгвэл энэ асуудалд сайн шийдэл байна уу? Үүнд мэргэн ухаан шаардлагатай. Хэрвээ чи тэднийг яаран ил болговол үр дагавар нь юу байх вэ? Тэр хүмүүс бүлэглэн чамайг хавчиж, хөөж, байдал үнэхээр буруугаар эргэвэл тэд чамайг зайлуулж, чамайг шударга бус байдлын хохирогч болгож магадгүй. Энэ бол хамгийн магадлалтай үр дагавар юм. Тэгвэл хамгийн сайн шийдэл юу вэ? (Ялган таних чадвартай зарим ах эгчтэй хүчээ нэгтгэж, далдуур сонгуульд овжиноор нөлөөлсөн энэ хүмүүсийн муу үйлийн бүх нотлох баримтыг цуглуулах. Үүнийг дээд түвшний удирдагч, ажилчдад мэдээлж, мөн төөрөгдөлд орсон ах эгч нарыг буцааж авчрахын тулд тэдэнтэй үнэнийг хурдан нөхөрлөх.) Үүнийг сайн шийдэл гэж үзэх үү? Ийм зүйлийг яаран хийж болох уу? Яарахын үр дагавар юу вэ? (Энэ нь санамсаргүйгээр дайсанд мэдэгдэхэд амархан болгодог.) Иймэрхүү хэрэг явдалтай тулгарах үедээ та нар айдаг уу, сандардаг уу? Та нар айж, сандрах ёстой юу? (Үгүй.) Онолын хувьд чи айх ёсгүй—чиний эрүүл ухаан чамд ингэж хэлдэг. Гэвч бодит байдал дээр хүмүүс ямар байдаг вэ? Хамгийн чухал нь хүмүүс үнэнийг ойлгодог эсэх юм. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгодоггүй, зөвхөн шийдэмгий байдалтай л байвал дотроо айсаар байх болно. Чи айсан үедээ юу ч хийсэн, яаж ч хийсэн үр дүнд хүрэх амархан байдаг уу? (Үгүй.) Чи айсан үедээ ямархуу байдалд байдаг вэ? Чи энэ хүмүүсийн хүч нөлөөнөөс айж, тэднийг ялган таньж, тэднээс сэрэмжилж байгааг чинь тэд олж мэдэх вий гэхээс айж, чамайг өөрсдийнхөө талд биш байгааг хараад чамайг хавчиж, гадуурхан, эцэст нь чуулганаас зайлуулах вий гэхээс айдаг. Чи зүрх сэтгэлдээ ийм зовнилтой байна. Чамд ийм зовнил байх үед, энэ хүмүүстэй харилцах, тэдний тарьсан асуудлыг шийдвэрлэх, эсвэл ах эгч нарыг ялган таних чадвартай болгож, төөрөгдүүлэхгүйн тулд тэдний муу үйлийг илчлэх мэргэн ухаан, эр зориг, арга хэрэгсэлтэй байж чадах уу? Үйлдэх хамгийн тохиромжтой арга зам юу вэ? Чи айсан үедээ сул дорой нөхцөлд байдаггүй гэж үү? Юун түрүүнд, чи сул дорой, идэвхгүй байдаг. Нэг талаар чамд Бурханд итгэх бат бөх итгэл дутдаг, нөгөө талаар чи: “Тэгэхээр, энэ ёрын муу хүмүүс санасандаа хүрчээ. Яагаад одоо би л ганцаараа энэ хэргийг ялган таньж байна вэ? Бусдад ямар нэгэн ялган таних чадвар байгаа болов уу? Хэрвээ би бусдад үнэн нөхцөл байдлын талаар хэлбэл тэд надад итгэх болов уу? Хэрвээ тэд надад итгэхгүй бол намайг ил болгох болов уу? Хэрвээ тэд намайг зохицуулахын бүгд бүлэглэж, би ганцаардаж, хүчин мөхсөдвөл тэр ёрын муу хүмүүс намайг зайлуулах элдэв шалтаг олох болов уу?” гэж боддог. Чамд ийм зовнил төрөхгүй гэж үү? Чамд ийм зовнил байх үед чи тэр хүмүүстэй яаж харьцаж чадах вэ? Чи тэдэнтэй хэрхэн хамгийн тохиромжтойгоор, хамгийн ухаалгаар харилцаж чадах вэ? Энэ үед чамд дагах ямар ч чиг баримжаа, зам байхгүй байдаг биш үү? Нарийн яривал, чи хамгийн их айж, хамгийн сул дорой байх үедээ тэдэнтэй тэмцэлдэж, тэдэнтэй харилцаж, тэдний тарьсан асуудлыг шийдвэрлэж огтхон ч чаддаггүй. Тэгвэл энэ үед чиний хувьд хамгийн сайн арга барил юу вэ? Өөрийгөө хамгаалахын тулд санаачилгыг гартаа авч, түрүүлж цохилт өгөн, тэдэнтэй нүүр тулж, муу үйлийг нь ил болгох явдал уу? Энэ арга тохиромжтой юу? (Үгүй.) Яагаад тохиромжтой биш вэ? Яагаад гэвэл чи хэрхэн үйлдэхээ сайтар бодож үзээгүй, тэдний мөн чанарыг нэвт харж чадахгүй бөгөөд тэднийг хэрхэн ил болгохоо мэддэггүй, төөрөгдөлд орсон хүмүүс үнэнийг хүлээн авч, замаасаа буцаж чадах эсэхийг бүр ч мэддэггүй. Чи энэ янз бүрийн зүйлийн алийг нь ч мэддэггүй бөгөөд чиний хувьд хамгийн ашиг тустай, үр дүнтэй шийдэл юу болохыг тодорхой мэддэггүй. Хэдийгээр чи тодорхой хэмжээний сөрөг байдалд хараахан ороогүй ч гэсэн, чиний одоогийн байдал наанадаж сул дорой, айдастай байгаа бөгөөд дотроо чи олон зовнилтой байна. Эдгээр зовнил нь үндэслэлтэй юу эсвэл чиний сул дорой байдал, айдас түгшүүрээс үүдэлтэй юу гэдгээс үл хамааран, товчхондоо энэ бол баримт юм. Ийм баримт гарч ирэх үед хамгийн сайн шийдэл бол хүлээж, юу ч хийхгүй байж сурах явдал юм. Юу ч хийхгүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь төөрөлдсөн хүмүүст сонгуулийн тухай үнэн нөхцөл байдлыг яаран ил болгохгүй байх, мөн шинээр сонгогдсон чуулганы удирдагчид юм уу сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлсэн бүлэг хүмүүстэй яаран сөргөлдөхгүй байхыг хэлж байгаа юм. Тэднийг бүү ил болго; энэ үед чи хүлээж сурах ёстой. Зарим хүн: “Хүлээх нь маш идэвхгүй хэрэг; би хэр удаан хүлээх ёстой юм бэ?” гэж хэлдэг. Хэтэрхий удаан хүлээх шаардлагагүй. Чи хүлээх зуураа Бурханы өмнө ирж залбирч, Бурханы үгийг уншиж, үнэнийг эрж хай. Ийм нөхцөл байдалд, чи хамгийн их айж, хамгийн сул дорой байх үед чиний залбирал хамгийн жинхэнэ, чин сэтгэлийнх байдаг. Чамайг залж чиглүүлж, хамгаалах Бурхан чамд хэрэгтэй; чи Бурханд найдах хэрэгтэй. Залбирах тусам чиний айдас бага багаар багассаар, эцэст нь алга болно. Чиний айдас алга болох үед чи бас арай бага сул дорой болохгүй гэж үү? (Тэгнэ.) Зовнил чинь ч бас улам багасна. Эдгээр айдас, сул дорой байдал, зовнил нь ор мөргүй алга болчихдоггүй; харин энэхүү өөрчлөлтийн явцад чи тодорхой зүйлсийг аажмаар ойлгож эхэлнэ. Чи юуг ойлгодог болох вэ? Нэг талаар чи энэ хүмүүсийг хэрхэн зохицуулах, хэнийг нь түрүүлж ил болгох, хэрхэн Бурханы гэрийн ажилд ашиг тустайгаар ярьж, үйлдэхээ мэддэг болно. Түүнчлэн, чи энэ хүмүүсийн зан авирын уг чанарыг мэддэг болно. Чи эдгээр зүйлийг яаж ойлгодог болох вэ? Хүлээх явцдаа үнэнийг эрж хайснаар чи тэдгээрийг аажмаар ойлгодог болно. Чи үүнийг тодорхой олж харах үедээ, хэрхэн мэргэн ухаан ашиглах ёстойгоо, хэнтэй ярилцах нь тохиромжтойг, тэдний сэтгэлийг хөдөлгөж, ёрын муу хүмүүс сонгуульд овжиноор нөлөөлсөн тухай баримтыг мэдүүлж, тэднийг замаасаа буцаж, сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлсэн хүмүүсийн үнэн нүүр царайг, мөн сонгогдсон гэх удирдагчид нь үнэндээ ямархуу хүмүүс болохыг ялган таньж чаддаг болгохын тулд яаж ярих ёстойг аяндаа тунгаан бодно. Чи ийм мэргэн ухаантай болж, үйлдэл чинь ч бас эмх цэгцтэй болно. Тэгвэл эдгээр эерэг зүйл яаж олддог вэ? Эдгээрийг бүгдийг нь хүлээх явцад чинь Бурхан чамд хайрладаг. Тэдгээрийн зарим нь Ариун Сүнсний ажил болон гэгээрлээс бий болдог, зарим нь Бурханы үгнээс Бурханы чамд харуулж, ойлгуулдаг зүйлс юм. Бурханы үгэнд бэлтгэлгүйгээр дайнд бүү морд гэж хэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи Сатантай тэмцэж байна уу, эсвэл Сатаны зарц нарын муу үйлийг ил болгож байна уу хамаагүй, Сатантай яаж ч тулалдсан бай, чи өөрөө хүчирхэг байж, үнэн-зарчмыг ойлгож, Сатан болон ёрын муу хүмүүсийн мөн чанар, муу үйлийг нэвт харж чаддаг байж, дараа нь тэднийг ил болгох ёстой гэсэн үг юм. Ингэж байж л чи эцэст нь сайн үр дүнд хүрнэ. Чи эдгээр зүйлийг ойлгомогц чиний айдас, сул дорой байдал, зовнил багасаж, бүдгэрэхгүй гэж үү? Чи маш их айхаа болино. Чиний мэдэрч буй зүйл аажмаар өөрчлөгдөнө; чи нөхцөл байдал анх үүсэх үеийнх шиг тийм ч сул дорой биш байгаагаа олж харна. Харин ч чи өмнөхөөсөө арай илүү хүчирхэг, өөртөө илүү итгэлтэй болсноо мэдэрч, юу хийхээ мэдэх болно. Энэ үед дахин Бурханд залбирч, зөв боломжийг бэлдэж өгөхийг Түүнээс гуй, тэгээд дараа нь арга хэмжээ ав. Нөхцөл байдлыг дээд түвшний удирдагч, ажилчдад мэдээлэхийн зэрэгцээ, сайн хүн чанартай, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг боловч үнэнийг ойлгоогүйн улмаас хууртаж, төөрөгдөлд орсон хүмүүстэй нөхөрлөж, ёрын муу хүмүүс сонгуульд овжиноор нөлөөлсөн тухай дотоод мэдээллийг тэдэнд ил болго. Чи энэ хүмүүсийн нэг, хоёрыг нь ятгамагц чиний айдас үндсэндээ алга болно. Энэ бүхнийг хүний хүч тэнхээнд түшиглэн хийх боломжгүй, адгуу байдалд түшиглэх нь бүр ч боломжгүй гэдгийг чи ухаарна; чи түр зуурын сэтгэл хөдлөл, уур хилэн, эсвэл түр зуурын, шударга ёсны мэдрэмж гэгчид найдаж болохгүй—эдгээр нь бүгд хэрэггүй зүйлс юм. Бурхан чамд зөв цагийг бэлдэж өгч, юу хэлэхийг чинь чамд гэгээрүүлэх бөгөөд чиний ойлгосон зүйлд үндэслэн Тэр чамайг алхам алхмаар залж чиглүүлж, чамд дагах зам өгнө. Анх сул дорой, айдастай байхаас авхуулаад зарчим болон замыг эрж хайж, ойлгох хүртэлх—энэ хугацаанд чи эдгээр ёрын муу хүмүүстэй хэвийн харилцсан хэвээр байж чадна. Хэвийн харилцааны үед хүмүүсийн оюун ухаан хоосон байдаггүй; тэдэнд өөрсдийн гэсэн бодол байдаг. Чи эрж хайж, залбирах зуураа энэ хүмүүсийг ажигла. Чамд юу ажиглагддаг вэ? Тэд яг ямар замаар явж байгааг, тэдний мөн чанар үнэндээ юу болохыг чи хардаг. Хэрвээ тэдний хэлж байгаа зүйл зөв бөгөөд чуулганы ажлын зарчимд нийцэж байвал чи тэднийг сонсож болно; хэрвээ тэдний хэлж байгаа зүйл чуулганы ажилд саад болж, үймүүлж байвал чи сонсохгүй байх шалтаг олж, эсвэл цаг хожиж, тэдэнд мэдэгдэхгүйгээр тэдэнтэй “найрсаг”-аар харилцах мэргэн арга ашиглаж болно. Тэдэнтэй “найрсаг”-аар харилцах зуураа чи тэдний муу үйлийн нотлох баримтыг цуглуулж, үнэн-зарчмыг зөрчсөн янз бүрийн үйлдэл, худал хуурмагт нь үндэслэн тэднийг ялган таньж, энэ хүмүүс Сатаны зарц нар мөн гэдгийг улам бүр баталгаажуулдаг. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чамайг тэдэнд хазаарлагдахгүй байхын зэрэгцээ үүрэг хариуцлагаа биелүүлэх боломж олгодог—энэ бол мэргэн ухаантай хүний хийдэг зүйл юм. Хүн чанар, мэргэн ухаантай, үнэнийг хайрладаг хүмүүс л зөв замаар алхаж чадна. Мэргэн ухаангүй, болчимгүй, хааш яаш үйлддэг, юу ч хийсэн, ямар ч нөхцөл байдалтай тулгарсан үргэлж адгуу байдал, сэтгэл хөдлөлдөө найддаг хүмүүсийн хувьд тэдний үйлдэл ихэвчлэн муу үр дүнд хүргэдэг. Ийм хүмүүс чуулганы ажилд саад болж, үймүүлээд зогсохгүй өөрсдөдөө маш их шаардлагагүй төвөг удаж, дургүйцэл авчирдаг. Харин мэргэн ухаантай хүмүүс өөр. Тэд юу ч хийсэн хүлээж, ажиглаж, эрж хайн, зөв цагийг, Бурханы зохицуулалт, зохион байгуулалтыг хүлээдэг. Хүлээх хугацаандаа тэд Бурханы санаа зорилгыг эрж хайж, Бурханы үгийг зорилготойгоор идэж, ууж, үнэн-зарчмыг илүү нарийн ухамсарлаж, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж чаддаг. Тэд адгуу байдлаасаа болж хүмүүстэй тэмцэлдэж, хэл амаар тулалдахын оронд Бурханы үгийг, үнэнийг ашиглан сайн тулаанаар тулалдаж, Бурханыг гэрчилдэг.
Ёрын муу хүмүүс сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэх үед хамгийн чухал зүйл бол чи энэ хүмүүсийг нэвт харж чадах эсэх, эсвэл тэднийг хэрхэн ил болгохоор төлөвлөж байгаа явдал биш; харин нөхцөл байдлыг цаг тухайд нь дээш нь мэдээлэх явдал юм. Чи тэдэнтэй тэмцэхийн тулд мэргэн ухаан ашиглаж, Бурханы товыг хүлээж, Бурханы санаа зорилгыг эрж хайн, үнэн-зарчмыг эрж хайхын зэрэгцээ үүргээ саатуулах ёсгүй. Ингэсний эцсийн үр дүн юу вэ? Чи хариуцлага, үүрэг хоёроо биелүүлнэ. Нөхцөл байдлыг дээш нь мэдээлж, шийдэл эрж хайснаар асуудал шийдвэрлэгдээд зогсохгүй, чи бас ойлголттой болж, ялган таних чадвар, мэргэн ухаанаа нэмэгдүүлж, биеийн хэмжээ чинь өсөж, Бурханд итгэх итгэл чинь бэхэждэг. Хүмүүс Сатантай нүүр тулж үзсэнээр маш их зүйлийг олж авдаг бөгөөд энэ нь тэдэнд асар их ашиг тустай байдаг. Эсрэгээрээ, чи адгуу байдал, сэтгэлийн хөөрлөөр үйлдэж, энэ хүмүүстэй ширүүн тэмцэлдэж, тэдэнтэй нүүр тулан маргалдаж: “Та нар сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж байна. Хэдийгээр та нар их эрх мэдэлтэй ч би та нарт бууж өгөхгүй, би та нараас айхгүй!” гэж хэллээ гэж бодъё. Энэ арга барилын үр дүнд чи чуулганаас хөөгдөж, хэдэн сарын турш гэртээ уйлж, шаналж үлдэнэ; гэсэн ч чи: “Би яагаад ийм холион бантанд орчхов оо? Бурхан минь, Та намайг хүсэхгүй байна гэж үү? Та надад санаа тавьдаггүй гэж үү?” гээд Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй. Хэдэн сарын турш чи шинэ номлол, магтан дуунаас хоцорч, чуулган ямар ажил хийж байгааг мэдэхгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй болж, бүрмөсөн тусгаарлагдан, туйлын харанхуйд унана. Өдөр бүр чи уйлахаас өөр хийх зүйлгүй, зөвхөн санаа л зовно. Төвөгтэй нөхцөл байдалд үнэн-зарчмыг эрж хайж сурах нь бүү хэл, ийм орчинд Бурханд залбирч, Түүний холбогдох үгийг идэж, ууж ч сурдаггүй; мэргэн ухаан чинь огт өсдөггүй. Хэдэн сар уйлсны эцэст, нэг л өдөр хэн нэгэн чамайг чуулганд буцааж авчраад, энэ хугацаан дахь туршлагаа хуваалцахыг чамаас хүсэхэд, чи зөвхөн нулимс дуслуулан: “Би маш их хэлмэгдсэн! Би чуулганыг үймүүлээгүй. Би ёрын муу хүн биш; ёрын муу хүмүүс намайг гүтгэсэн” гэж гомдоллодог. “Энэ хугацаанд чи ямар сургамж авсан бэ? Чи ямар нэгэн зүйл олж авсан уу?” гэж асуухад, чи: “Би юу олж авах юм бэ? Тэд намайг тусгаарлаж, Бурханы үгийн ном, магтан дууны номыг минь булаан авч, би ямар ч номлол сонсож чадаагүй. Миний хийж чадах ганц зүйл бол итгэлийн талаар ярьж, санаж байгаа хэдэн магтан дуугаа хааяа нэг дуулах л байсан. Би юу ч олж аваагүй. Азаар, Бурхан намайг буцааж авчрах цагийг бэлдсэн; эс бөгөөс, ямартай ч аврагдах найдваргүй болсон тул би гадагш гарч, бизнес хийж мөнгө олохоор төлөвлөж байсан. Бурхан намайг хүсэхээ больсон тул би үргэлжлүүлэн итгэж чадаагүй. Зүрх сэтгэл минь бүрмөсөн харанхуйлсан” гэж хариулдаг. Эцэст нь чи: “Бурханы хонийг Бурхан хэзээ ч орхихгүй” гэж нэмж хэлээд, ийм дүгнэлт гаргадаг. Ийм чухал, онцгой үйл явдлыг туулж өнгөрүүлээд ийм бага зүйл олж авна гэдэг бага зэрэг өрөвдмөөр биш гэж үү? Энэ нь зохисгүй биш гэж үү? Ийм том нөхцөл байдалтай нүүр тулаад, чи ямар ч сургамж аваагүй, мэргэн ухаан, итгэлээ нэмэгдүүлээгүй; хэдийгээр чи зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хэвээр боловч Сатанууд, диаволууд болон антихристүүдэд тамлагдсаар бараг л итгэхээ болих шахсан. Чи Бурханыг гэрчилж чадах уу? Чи хэрэггүй хулчгар амьтан биш гэж үү? Гэртээ уйлахын хэрэг юу байна? Чи сохортлоо уйллаа ч гэсэн, энэ нь тус болох уу? Энэ нь антихристүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадах уу? Ёрын муу хүмүүс амжилтад хүрч, эцэст нь чи өөр юу ч олж авалгүй, чамд зөвхөн “Бурханы хонийг Бурхан хэзээ ч орхихгүй” гэдэг үг л үлддэг. Чамд мэргэн ухаан байхгүй, хэрэгжүүлэх төлөвлөгөө байхгүй, мөн Бурханы өгсөн замын дагуу Бурханыг эрж хайж, Бурханы өмнө ирж Бурханы үг болон үнэнийг авч Сатантай тэмцэхээ чи мэддэггүй. Ердийн үед чиний чалчдаг тэр жаахан хоосон сургаал чамд ямар ч ашиггүй; ийм хэрэг явдалтай нүүр тулах үед уйлахаас гадна чи зөвхөн хэлмэгдсэн мэт санагдаж, гомдоллодог—хэрэггүй хулчгар амьтан юм. Хэрэггүй хулчгар амьтдад ихэвчлэн хэд хэдэн илрэл байдаг бөгөөд эдгээр нь бас тэдний гол шинж чанар юм. Нэгдүгээрт, тэд уйлдаг. Хоёрдугаарт, тэд хэлмэгдсэн мэт санагддаг. Гуравдугаарт, тэд зүрх сэтгэлдээ гомдоллодог. Зүрх сэтгэлдээ тэд бас: “Бурхан минь, Та хаана байна вэ? Та яагаад надад санаа тавихгүй байна вэ? Би Сатанд аймшигтай хорлогдлоо, би цаашид амьдарч чадахгүй нь. Намайг хурдан авраач!” гэж хэлдэг. Бурхан: “Чи бол хэрэггүй хулчгар амьтан, хүний арьс нөмөрсөн хог шаар. Чи Бурханд итгэдэг юм бол юунаас айдаг юм бэ? Сатанаас айх юу байна вэ?” гэж хэлдэг. Сатан үйлдэхдээ ямар ч хуйвалдаан, явуулга ашигласан бай, бид айдаггүй. Бидэнд Бурхан бий, бидэнд үнэн бий. Бурхан бидэнд мэргэн ухаан өгнө. Бурхан бүхнийг захирдаг; бүх зүйл Бурханы зохион байгуулалт дор байдаг. Чи юунаас айдаг юм бэ? Уйлах нь хулчгар, арчаагүй гэдгийг чинь л харуулдаг; чи бол хог шаар, хий дэмий агаар үрэгч! Уйлна гэдэг нь чи Сатанд буулт хийж, Сатанаас өршөөл гуйж байна гэсэн үг. Бурхан ийм хэрэггүй хулчгар амьтдад дуртай юу? (Үгүй.) Бурхан чамайг хэрэггүй хулчгар амьтан, усан тэнэг, хог шаар, ямар ч гэрчлэлгүй, ямар ч мэргэн ухаангүй гэж хардаг. Чиний ойлгосон үнэн юу болсон бэ? Бурханы ил болгодог антихристүүд болон Сатаны илрэлүүдийн талаар чи хангалттай сонсоогүй гэж үү? Чи эдгээр зүйлийг ойлгож, нэвт хардаггүй гэж үү? Тэд бол Сатанууд гэдгийг чи мэддэггүй гэж үү? Хэрвээ чи тэднийг Сатанууд гэдгийг мэддэг юм бол юунаас айдаг юм бэ? Чи яагаад Бурханаас айж, эмээдэггүй юм бэ? Сатанаас айснаараа Бурханд халдах вий гэж чи айдаггүй гэж үү? Энэ нь хорон муу үйлдэл биш гэж үү? Ийм нөхцөл байдал гарах үед чи айдаг, чамд ямар ч шийдэл, ямар ч мэргэн ухаан, хариу арга хэмжээ байдаггүй. Энэ олон жил номлол сонсоод чи юу олж авсан бэ? Энэ бүхэн дэмий хоосон байсан гэж үү? Ийм хэрэггүй хулчгар амьтад гэрчлэлдээ бат зогсож чадах уу? (Үгүй.) Сатанууд болон ёрын муу хүмүүс сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлдэг нөхцөл байдлын тухайд, чи ганцаараа, хүчин мөхөс байна уу, эсвэл өөртэй чинь нэгэн санаатай хэдэн ах эгч үнэхээр байна уу, аль нь ч бай, яаран үйлдэл бүү хий. Нэгдүгээрт, хүлээж сур. Хоёрдугаарт, эрж хайж сур. Хүлээж, эрж хайх хугацаандаа үүргээ бүү орхи. Хүлээх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан зөв цаг, боломжийг бэлтгэхийг хүлээх гэсэн үг юм. Тэгвэл чи юу эрж хайх ёстой вэ? Бурханд итгэж, Бурханыг дагахдаа хэрэгжүүлэх ёстой зарчим болон замыг эрж хай; Бурханы санаа зорилгод нийцүүлэхийн тулд хэрхэн үйлдэхийг, мөн Сатан болон антихристүүдийн хүчний эсрэг тэмцэж, эцэст нь Сатаны хүчийг ялан дийлж, ялагч болохын тулд хэрхэн үйлдэхийг эрж хай. Хэрвээ чи ганцаараа бол Бурханд илүү их залбирч, хүлээж, эрж хайх ёстой. Хэрвээ чамтай нэгэн санаатай өөр хоёр, гурван хүн байвал та нар хамтдаа нөхөрлөж, залбирч, хүлээж, эрж хайж болно. Бурхан тохиромжтой цагийг бэлтгэх үед, хийж буй бүхэн чинь, хэлж буй үг бүр чинь зохистой байхын тулд Бурханаас хүч тэнхээ, мэргэн ухаан гуй. Ингэснээр нэг талаар чи бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлнэ, нөгөө талаар чи Сатаныг хүчтэй, үр дүнтэйгээр ил болгож, Сатаны зарц нар болон антихристүүдийн хуйвалдааныг нэгд нэгэнгүй ил болгож, таслан зогсоож чадна. Энэ нь зохистой юу? Эдгээр арга барил, арга зам, зам болон зарчмуудыг та нарт хэлсэн, тиймээс тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх нь та нараас хамаарна. Энэ зам хангалттай тодорхой байна уу? (Тийм.) Тэгвэл, та нар ийм хэрэг явдалтай тулгарах үедээ энэ зарчмын дагуу хэрэгжүүл. Үүнд хүрэхэд амархан.
Чуулганы сонгууль бүрийн үеэр удирдагч, ажилчид, түүнчлэн Бурханы сонгосон хүмүүс аль аль нь сонгуулийн ажлыг хамгаалах үүрэг, хариуцлагатай байдаг. Удирдагч, ажилчид үнэн болон сонгуулийн зарчмыг нөхөрлөх ажлыг хариуцан авах ёстой; Бурханы сонгосон хүмүүс өөрсдөдөө байгаа аливаа асуудлыг гаргаж тавих ёстой бөгөөд дараа нь эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөх ёстой. Ингэж байж л сонгууль саадгүй явагдах баталгааг хангаж чадна. Нэг талаар, удирдагч, ажилчид Бурханы гэрийн сонгуулийн зарчмыг чанд баримталж, Бурханы гэр дэх сонгууль бүрийн ажлыг эдгээр зарчимд үндэслэн явуулах ёстой. Нөгөө талаар, тэд бас ёрын муу хүмүүс болон антихристүүд сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэхээс сэргийлэх ёстой. Энэ хүмүүс бол Сатаны зарц нар, Сатаны бүлэглэл юм. Удирдагч, ажилчид тэднээс чандлан сэргийлж, болгоомжтой байх ёстой бөгөөд сонгуулийн үеэр далдуур аливаад овжиноор нөлөөлж, үйл явцыг нууцаар будлиантуулахын тулд зарим нэг сэжиг бүхий, нууц үйлдэл хийх гэсэн оролдлогод нь сонор сэрэмжтэй байх ёстой. Ёрын муу хүмүүс үнэхээр сонгуульд овжиноор нөлөөлж, үр дүнд нь зүй ёсоор сонгогдох ёстой хүн гадуурхагдаж, ихэнх хүн төөрөлдсөнөөр зөв хүн биш, уг албан тушаалд тохирохгүй хүн удирдагчаар сонгогдлоо гэж бодъё. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл үүнийг шийдвэрлэх арга зам байгаа. Сонгогдсон хүний үнэн байдлыг ил болгох ёстой. Хэрвээ ихэнх хүн зөвшөөрвөл дахин сонгууль явуулж болно. Сатан болон ёрын муу хүмүүсийн овжиноор нөлөөлсөн сонгууль бол чуулганаас үнэн-зарчимд үндэслэн хэвийн явуулсан сонгуулийн үр дүн биш юм. Энэ нь эерэг зүйл биш бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэж, ил болж, хүчингүй болно. Үүнд итгэж байвал, хэрвээ чи ийм нөхцөл байдалтай тулгарвал хэрхэн үйлдэх ёстой вэ? Чи хэзээ ч, хаана ч Сатантай тэмцэхэд бэлэн байх ёстой бөгөөд зүгээр гар хумхин сууж болохгүй. Хэрвээ чи арчаагүй амьтан, мунхаг хүн, эсвэл хэрэггүй хулчгар амьтан бол тэдэнд буулт хийж, хуйвалдаж магадгүй, эсвэл тэдэнд хэтэрхий их дарамтлуулсандаа, сөрөг болж, дахин сэргэж чадахгүй болтлоо унаж магадгүй. Зарим хүн зүгээр л гар хумхин сууж: “Ямартай ч би чуулганы удирдагч болж чадахгүй. Хэн ч ажилласан ялгаагүй. Чадвартай хэн боловч ажиллаж л байг! Хэрвээ антихрист ажиллахыг хүсвэл надад ямар ч хамаагүй, тэд намайг зайлуулахгүй л бол болоо” гэж хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүс олигтой хүмүүс биш. Антихрист удирдагчаар ажиллавал ямар үр дагавар гарахыг, мөн энэ нь тэдний Бурханд итгэх итгэл болон авралд нь хэрхэн нөлөөлөхийг тэд төсөөлж чаддаггүй. Үнэнийг ойлгодог хүмүүс л үүнийг байгаагаар нь харж чаддаг. Тэд: “Хэрвээ антихрист чуулганы удирдагч болбол Бурханы сонгосон хүмүүс л зовно. Ялангуяа үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс, мөн үүргээ дуртайяа гүйцэтгэдэг хүмүүс бүгд хавчигдаж, гадуурхагдана. Зөвхөн тэрхүү мунхаг, бялдууч хүмүүс л таалалд нийцэж, тэд антихристийн хүчний эрхшээлд орж, хоригдсон байх болно” гэж хэлнэ. Гэвч үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эдгээр зүйлийг хэзээ ч бодолцдоггүй. Тэд: “Хүн аврагдахын тулд Бурханд итгэдэг. Хүн бүр өөрийнхөө замаар алхдаг. Антихрист удирдагч болсон ч надад нөлөөлөхгүй. Би муу зүйл хийхгүй л бол тэд намайг хавчиж, гадуурхаж, эсвэл чуулганаас зайлуулж чадахгүй” гэж боддог. Энэ нь зөв үзэл бодол мөн үү? (Үгүй.) Хэрвээ Бурханы сонгосон хүмүүсийн хэн нь ч чуулганы сонгуульд санаа тавьдаггүй бол тэд антихристэд эрх мэдлийг гартаа авах боломж олгомогц ямар үр дагавар гарах вэ? Энэ нь үнэхээр хүмүүсийн төсөөлдөг шиг тийм энгийн байх уу? Чуулганы амьдралд ямар өөрчлөлт гарах вэ? Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой шууд холбоотой. Хэрвээ антихрист чуулганд эрх мэдлийг атгавал юу болох вэ? Тэр чуулганд үнэн болон Бурханы үг цаашид ноёрхохгүй—харин үл итгэгчид болон Сатан тэнд эрх мэдлийг атгана. Хэдийгээр цуглаан дээр Бурханы үгийг уншсаар байж болох ч антихрист үг хэлэх эрхийг хянадаг. Антихрист үнэний талаар тодорхой нөхөрлөж чадах уу? Антихрист Бурханы сонгосон хүмүүст үнэний талаар чөлөөтэй, ямар ч хязгаарлалтгүйгээр нөхөрлөх боломж олгож чадах уу? Энэ бол боломжгүй. Антихрист эрх мэдлийг атгамагц саад болж, үймүүлэх нь улам бүр нэмэгдэж, чуулганы амьдралын үр дүн улам бүр буурч, Бурханы сонгосон хүмүүс цугларах үедээ их зүйл олж авахгүй бөгөөд энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод бэрхшээл учруулна. Бурханы сонгосон хүмүүсийн асуудал ч бас олширч, шийдвэрлэгдэхгүй бөгөөд үнэнийг хэрэгжүүлж чаддаг зарим хүн ч бас үймэрнэ; чуулганы амьдралын уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдөж, яг л хар үүлс гарч ирж нарыг халхалсан мэт болно. Тэр үед чуулганы амьдралд таатай зүйл байх уу? Таатай зүйл гарцаагүй багагүй хэмжээгээр алдагдана. Чуулганд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс цөөнх байдаг. Хэрвээ энэ цөөнх хавчигдаж, гадуурхагдвал цаашид чуулганы амьдрал байхгүй болно гэж хэлж болно. Хэрвээ хүмүүс энэ үр дагаврыг нэвт харж чадахгүй бол тэд сонгуульд анхаарал хандуулж, санаа тавихгүй. Хэрвээ ихэнх хүн сонгуульд нухацтай ханддаггүй, зарчмыг баримталдаггүй, сонгуульд тийм сөрөг хандаж, хуурамч удирдагчид болон антихристүүдийн аясаар байдаг бол ёрын муу хүмүүс эсвэл үнэнийг хайрладаггүй хүмүүс чуулганы удирдагч болмогц Бурханы сонгосон хүмүүсийн ихэнхийнх нь амь-оролт хохирол амсах болно. Тиймээс чуулганы сонгуулийн үр дүн Бурханы сонгосон хүмүүсийн амийн өсөлт болон чуулганы ирээдүйд шууд нөлөөлдөг. Бурханы сонгосон хүмүүсийн хувьд үүнийг тодорхой ухаарч, сөрөг хандлага яавч гаргаж болохгүй. Зарим мунхаг хүн энэ хэрэг явдлыг нэвт харж чаддаггүй; тэд үргэлж өөрсдийн төсөөлөлд найдаж: “Чуулганд байгаа хүн бүр чин сэтгэлийн итгэгч, тиймээс хэнийг ч сонгож болно; ах эсвэл эгч л байвал хэн ч удирдагч байж болно” гэж боддог. Тэд чуулганы сонгуулийг хэтэрхий энгийнээр хардаг нь олон сөрөг, эндүү ташаа санаа, үзэл бодолд хүргэдэг. Хэрвээ хуурамч удирдагчид болон антихристүүд үнэхээр удирдагч, ажилчнаар сонгогдвол чуулганы ажил сүйдэж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт гарцаагүй хохирно. Тэр үед хүмүүс зарчмын дагуу сонгууль явуулах нь хэчнээн чухал болохыг ухаарна.
Чуулган бүрд зарим нэг бялдууч хүн байдаг. Энэ бялдууч хүмүүс ёрын муу хүмүүс сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж байгааг ялган таних чадваргүй байдаг. Тэдэнд бага зэрэг ялган таних чадвар байлаа ч тэрийгээ үл тоодог. Чуулганы сонгуульд гарсан аливаа асуудалд хандах тэдний хандлага бол “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул” гэсэн хандлага байдаг. Хэн удирдагч болох нь хамаагүй, энэ нь өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж тэд боддог. Тэд өдөр тутмын амьдралаараа амар тайван амьдарч л байвал болох нь тэр. Та нар ийм хүмүүсийн талаар юу гэж бодож байна вэ? Тэд үнэнийг хайрладаг хүмүүс мөн үү? (Биш.) Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол бялдууч хүмүүс бөгөөд тэднийг бас үл итгэгчид гэж нэрлэж болно. Энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй; тэд махан биеийн тав тухад шунаж, зөвхөн амар хялбар амьдрахыг л эрж хайдаг. Тэд хэтэрхий аминч, хэтэрхий зальхай. Нийгэмд ийм хүмүүс олон байдаг уу? Ямар ч улс төрийн нам засгийн эрхэнд гарсан, хэн ч албан тушаалд очсон хамаагүй тэд бүгдэд таалагддаг, нийгмийн харилцаагаа маш амжилттай зохицуулж чаддаг бөгөөд тохь тухтай амьдардаг; ямар ч улс төрийн хөдөлгөөн өрнөсөн тэд түүнд өртдөггүй. Энэ ямар төрлийн хүмүүс вэ? Энэ бол хамгийн ов мэхтэй, хамгийн зальхай хүмүүс бөгөөд “зальт үнэгнүүд”, “хөгшин могойнууд” гэгддэг. Тэд Сатаны гүн ухаанаар амьдардаг бөгөөд өчүүхэн төдий ч зарчимгүй. Хэн эрх мэдэлтэй байна, тэд түүнд нийцүүлж, зусардаж, гавьяаг нь магтан дуулдаг. Тэд дээд албан тушаалтнуудаа өмгөөлөхөөс өөрийг хийдэггүй, хэзээ ч тэднийг гомдоодоггүй. Дээд албан тушаалтнууд нь хэчнээн их муу зүйл хийсэн ч тэд эсэргүүцдэг ч үгүй, дэмждэг ч үгүй, харин бодлоо сэтгэлийнхээ гүнд нуудаг. Хэн ч эрх мэдэлтэй байсан тэд бүгдэд таалагддаг. Сатан болон диаволын хаадууд ийм төрлийн хүнд дуртай байдаг. Диаволын хаадууд яагаад ийм төрлийн хүнд дуртай байдаг вэ? Яагаад гэвэл тэд диаволын хаадын хэргийг балладаггүй бөгөөд тэдэнд ямар ч аюул занал учруулдаггүй. Ийм төрлийн хүн зарчимгүй, биеэ авч явах суурь хэмжүүргүй бөгөөд ёс жудаг, нэр төргүй байдаг; тэд зүгээр л нийгмийн чиг хандлагыг дагаж, диаволын хаадын өмнө бөхөлзөж, тэдний таалалд нийцүүлдэг. Чуулганд ч бас ийм хүмүүс байдаг биш гэж үү? Ийм хүмүүс ялагчид байж чадах уу? Тэд Христийн сайн цэргүүд мөн үү? Тэд Бурханы гэрчлэгчид мөн үү? Ёрын муу хүмүүс болон антихристүүд толгой өндийлгөж, чуулганы ажлыг үймүүлэх үед ийм хүмүүс босож зогсоод тэдний эсрэг дайн хийж, тэднийг ил болгож, ялган таньж, тэднээс татгалзан, ёрын муу үйлийг нь төгсгөл болгож, Бурханыг гэрчилж чадах уу? Тэд гарцаагүй чадахгүй. Энэ зальт үнэгнүүд бол Бурханы төгс болгох хүмүүс биш, Түүний аврах хүмүүс биш юм. Тэд хэзээ ч Бурханыг гэрчилдэггүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй. Бурханы харж байгаагаар, энэ хүмүүс Түүнийг дагадаг, Түүнд дуулгавартай байдаг хүмүүс биш, харин сохроор олныг дагаж төвөг уддаг хүмүүс, Сатаны бүлэглэлийн гишүүд юм—Бурхан ажлаа дуусгах үедээ тэднийг л таягдан хаяна. Бурхан ийм адгийн шаарнуудыг нандигнадаггүй. Тэдэнд үнэн ч, амь ч байхгүй; тэд бол араатнууд, диаволууд юм; тэд Бурханы авралыг хүртэх, Түүний хайрыг эдлэх гавьяагүй. Тиймээс, Бурхан ийм хүмүүсийг төвөггүйхэн хаяж, таягдан хаядаг бөгөөд чуулган тэднийг үл итгэгчид хэмээн даруй зайлуулах ёстой. Тэдэнд Бурханыг гэх үнэн зүрх сэтгэл байдаггүй тул Бурхан тэднийг бодит тэжээлээр хангах уу? Бурхан тэднийг гэгээрүүлж, туслах уу? Тэр тэгэхгүй. Чуулганы сонгуулийн үеэр хөндлөнгөөс оролцож, саад болж, үймүүлж, сонгуулийн үр дүнг ёрын муу хүмүүс хянаж, нөлөөлөх үед энэ хүмүүс Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд Бурханы талд яавч зогсохгүй. Тэд ёрын муу хүмүүс болон антихристүүдийн эсрэг тэмцэж, Сатаны хүчний эсрэг эцсээ хүртэл тэмцэхийн тулд үнэн-зарчмыг яавч баримтлахгүй. Тэд үүнийг яавч хийхгүй, тэдэнд зориг дутдаг. Тиймээс, Бурханыг гэрчилж чадах хүмүүс энэ хүмүүсийг ялган таних ёстой бөгөөд өөрсдийн ойлгосон үнэн, Сатаныг ялган таньсан байдлаа энэ хүмүүстэй нөхөрлөх ёсгүй. Чи эдгээр зүйлийг тэдэнтэй нөхөрлөлөө ч гэсэн, нэмэргүй байх болно; тэд үнэний талд зогсохгүй. Хамтран ажиллагсад болон түншүүдээ сонгохдоо чи ийм хүмүүсийг хасаж, сонгох ёсгүй. Яагаад чи тэднийг сонгох ёсгүй вэ? Яагаад гэвэл тэд бол зальт үнэгнүүд; тэд Бурханы талд зогсохгүй, үнэний талд зогсохгүй, мөн чамтай нэгэн санаа, зорилгоор нэгдэж Сатантай тэмцэхгүй. Хэрвээ чи тэдэнд зүрх сэтгэлийнхээ үгийг уудалбал чи мунхаг байна, чи Сатаны элэг доог болно. Ийм хүмүүстэй үнэнийг нөхөрлөх ч хэрэггүй, тэдэнд сургамжлан ятгах ч хэрэггүй, мөн тэдэнд ямар ч найдвар бүү тавь, учир нь Бурхан энэ хүмүүсийг огт авардаггүй. Тэд бол Бурхантай нэг санаатай хүмүүс биш; тэд бол тулааныг холоос харж зогсдог үзэгчид; тэд бол зальт үнэгнүүд юм. Ийм төрлийн хүмүүс зүгээр л сонирхож харахын тулд, сохроор олныг дагаж төвөг удахын тулд Бурханы гэрт шургалдаг. Тэдэнд шударга ёсны мэдрэмж, хариуцлагын мэдрэмж байдаггүй; тэд ёрын муу хүмүүст хорлогдсон сайн хүмүүсийг өрөвддөг ч үгүй. Ийм хүмүүсийг диаволууд, Сатанууд гэж нэрлэх нь хамгийн тохиромжтой. Хэрвээ шударга ёсны мэдрэмжтэй хүн ёрын муу хүмүүсийг ил болговол тэд түүнийг уухайлан дэмжих ч үгүй. Тиймээс, энэ хүмүүст хэзээ ч бүү итгэ; тэд бол зальт үнэгнүүд, хамелеон, хөгшин могойнууд юм. Тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс биш, харин Сатаны зарц нар юм. Энэ хүмүүс хэзээ ч аврагдаж чадахгүй бөгөөд Бурхан тэднийг хүсдэггүй; энэ бол Бурханы тодорхой хүсэл юм. Ихэнх чуулганд ийм хүмүүс байдаг байх. Тэд хэн болохыг мэдэхийн тулд чуулган дотор эргэн тойрноо хар. Хэрэг явдал гарах үед тэдэнтэй үнэнийг хэзээ ч бүү нөхөрлө, мөн үнэндээ чамд юу болоод байгааг тэдэнд бүү мэдэгд. Ийм хүмүүсээс сэрэмжилж, тэдэнтэй бүү орооцолд. Бурханд үнэхээр итгэдэг, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүсийг хайж ол—Бурханы гэрийн ашиг сонирхол хохирч, чуулганы ажил болон чуулганы амьдралын дэг журам үймүүлэгдэж, эсвэл будлиантаж байгааг харах үедээ тэд сэтгэл түгшиж, уурладаг; тэд чуулганыг үймүүлдэг энэ ёрын муу хүмүүсийг гүнээ үзэн яддаг; тэд босож зогсоод ёрын муу хүмүүсийг ил болгохыг хүсдэг бөгөөд ёрын муу чөтгөрүүдийн эсрэг нэгдэж, тэмцэхийн тулд үнэнийг ойлгодог хүмүүсийг олохыг эрмэлздэг. Ийм хүмүүстэй нөхөрлөж, Сатантай тэмцэхийн тулд тэдэнтэй гар нийл. Энэ хүмүүс бол ялагчид, Христийн сайн цэргүүд юм; зөвхөн энэ хүмүүс л Христийн хаанчлалд хувь хүртэнэ. Тэрхүү бялдууч хүмүүс, хөгшин могойнууд, хамелеон, мөн хөшүүн, ухаан муутай хүмүүс бүгд илчлэгдсэн; тэд бол таягдан хаягдах бай юм. Тэд бол ах эгч нар биш, Бурханы гэрийн хүмүүс биш, харин итгэл хүлээх гавьяагүй үл итгэгчид, завшаан хайгчид юм. Энэ хүмүүсийг зохицуулах арга зам нь энэ юм: Хэрвээ тэд мууг үйлдэж чаддаг бол тэднийг цэвэрлэ; хэрвээ тэд ёрын муу хүмүүс биш бөгөөд ёрын муу хүмүүсийг дагаж чуулганыг үймүүлдэггүй бол гэмшихийг нь хүлээх зуураа тэднийг чуулганд түр зуур үлдээж болно. Нэг талаар, энэ хүмүүсийн зан чанар, хүн чанар, түүнчлэн янз бүрийн хэрэг явдалд хандах үзэл бодол, хандлагыг нь ажиглаж, ойлгож ав, мөн ялган таних чадвар ашиглаж, ийм хүмүүсийн мөн чанарыг ухаар. Үүний зэрэгцээ, ёрын муу хүмүүс сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэх үед энэхүү бялдууч хүмүүс ёрын муу хүмүүсийн талд зогсож, тэдний гар хөл, хамсаатан болохоос сэрэмжил. Товчхондоо, ёрын муу хүмүүсийн сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлдэг бүх зохисгүй зан авирыг Бурханы үгийн дагуу ялган таних шаардлагатай; тэдний мөн чанарыг тодорхой харах үедээ чи зарчмын дагуу тэднийг хэрхэн зохих ёсоор зохицуулахаа мэдэх болно.
Дөнгөж сая бид сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлдэг зарим үзэгдэл болон зарим хүний үйлдлийн талаар нөхөрлөлөө. Хэдийгээр бүх талыг нь хамарч чадаагүй ч эдгээр асуудлыг шийдвэрлэх зарчмуудын талаар үндсэндээ нөхөрлөсөн. Чуулган дотор сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж байгаа хүмүүсийг олж илрүүлмэгцээ та нар босож зогсоод тэднийг хязгаарлах ёстой. Бүү аялдан дага, бялдууч хүмүүс шиг бүү авирла. Хэрвээ хэн нэгэн үргэлж сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэхийг оролддог бол энэ хандлага гарч ирмэгц ах эгч нар хамтдаа босож зогсоод тэднийг зогсоож, ил болгох ёстой. Хэрвээ тэд үүнийгээ сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж байгаа хэрэг гэдгийг мэдэхгүй, мунгинан хийж байгаа бол та нар тэдэнд: “Чиний хийж байгаа зүйл бол сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж байгаа хэрэг. Сатаны зарцын үүрэг бүү гүйцэтгэ. Энэ бол хороо, хотын даргын сонгууль биш, чуулганы удирдагчдын сонгууль. Бурханы гэр өөрийн гэсэн дүрэм журамтай бөгөөд энэ ажлыг хийх зарчимтай. Хүний санаархал үүнд холилдох ёсгүй; бид энэ ажилд үнэн-зарчмыг чанд баримтлах ёстой. Хэрвээ хэв чанар чинь муу байгаад, чи үнэн-зарчмыг ойлгож чадахгүй бол, эсвэл чи хөгширч мунгинаад, сонгуульд оролцоход шаардагдах ухаан дутаж байгаа бол чи түдгэлзэж, зүгээр л үр дүнг нь хүлээж болно, гэхдээ яаж ч байсан сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлж, эсвэл хөндлөнгөөс оролцож, үймүүлж яавч болохгүй; эдгээр нь ёрын муу үйл бөгөөд Бурхан үүнийг жигшдэг. Ийм ёрын муу үйл үүрд яллагддаг; хэзээ ч ийм хүн бүү бай, энэ замаар бүү алх. Хэрвээ чи үнэхээр хүн юм бол сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлэхэд бүү оролц, учир нь энэ нь бодит баримт болмогц чамайг Сатаны зарц гэж тодорхойлж, чуулганаас зайлуулах болно” гэж тайлбарлаж болно. Хэрвээ сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлдэг хүмүүс илэрвэл, тэдний дундаас хэв чанар муутай, үнэндээ юу болсныг ойлгодоггүй хүмүүстэй хайраар нөхөрлөж, тэднийг дэмжиж, хангаж, тусалж болно. Гэвч үнэн-зарчмыг бүрэн мэдэж байсан ч санаатайгаар сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлсэн, тэр ч байтугай ингэхийн эсрэг сануулгыг үл тоосон хүмүүсийг яах вэ? Тэдэнд ч бас шийдэл бий: Цаашид сонгуульд оролцохыг тэдэнд зөвшөөрөхгүй; сонгуулийн эрхийг нь хас. Товчхондоо, нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд сонгуульд овжиноор нөлөөлж, үймүүлдэг бүх үйлдлийг нэг бүрчлэн ялган таньж, зогсоож, хязгаарлах ёстой. Сонгуулийн буруу үр дүн гарахаас болон чуулганы ажил үймж, хохирохоос сэргийлэхийн тулд ийм зан авир, үйлдлийг чуулганд байхыг зөвшөөрч яавч болохгүй.
Саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийн хураангуй
Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагад Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс хамаардаг. Бид эдгээрийг нөхөрлөхдөө арван нэгэн асуудалд хуваасан. Асуудал бүрд жагсаасан саад болж, үймүүлдэг асуудал, хэрэг явдал нь хүмүүсийн үүргийн гүйцэтгэл болон Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй холбоотой байдаг. Яагаад тэдгээрийг ингэж нарийн хуваасан бэ? Яагаад Би асуудал бүрийг нөхөрлөж, задлан шинжлэхээр хөнддөг вэ? Асуудал бүрийн гарчгаас харахад, эдгээр зүйлийг хийдэг хүмүүсийн хүн чанар сайн биш байна. Нэг дэх асуудал болох үнэнийг нөхөрлөхдөө байнга сэдвээсээ хазайхыг ноцтой гэж үздэггүй бөгөөд үүнээс бусад нь бүгд уг чанарын хувьд нэлээд ноцтой юм. Эдгээр илрэл бүгд саад болж, үймүүлэх уг чанартай бөгөөд бүгд чуулганы ажилд саад болж, үймүүлдэг учраас бид тэдгээрийг нэг бүрчлэн нөхөрлөж, задлан шинжлэхээр хөнддөг. Чуулганы амьдралд эсвэл үүргээ гүйцэтгэх явцад эдгээр асуудал гарах үед хүмүүс онцгой сэрэмжтэй байж, тэдгээрийг ялган таньж, нэвт харах ёстой. Хүмүүс саад болж, үймүүлдэг ийм хэрэг явдал гарахыг харах үедээ босож зогсоод тэдгээрийг зогсоож, хязгаарлах ёстой. Нэг дэх асуудал болох “үнэнийг нөхөрлөхдөө байнга сэдвээсээ хазайх”-ын тухайд, хүмүүс заримдаа үүнийг санамсаргүйгээр хийдэг бөгөөд үүнд хамаарах нөхцөл байдал болон уг чанар нь тийм ч ноцтой биш байдаг; гэвч хэрвээ тэд байнга сэдвээсээ хазайж, авцалдаагүй зүйл ярьж, сонсогчдоо залхааж, улмаар чуулганы амьдралд ямар ч сайн үр дүнд хүрэхгүй бол энэ нь чуулганы ажилд саад болж, үймүүлэх үр дагаварт хүргэдэг. Үлдсэн асуудлуудыг дурдах ч шаардлагагүй; тэдгээрийн аль нэг нь л чуулганы ажил болон чуулганы амьдралын дэг журамд саад болж, үймүүлэхэд хангалттай. Тиймээс эдгээр асуудал бүрийг нарийвчлан нөхөрлөж, дүн шинжилгээ хийж, задлан шинжлэх шаардлагатай. Хорлонтой хэрэг явдал гарах үед, хэрвээ чи чуулганыг үймүүлдэг ёрын муу үйлийг ялган таньж чаддаг, энэ талаар мэддэг бол босож зогсоод тэдгээрийг зогсоож, хязгаарлах ёстой. Өргөн утгаараа энэ нь бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг; явцуу утгаараа, ядаж л энэ нь чуулганы гишүүний үүрэг, хариуцлагыг биелүүлж байгаа хэрэг юм. Энэ нь чиний хийж чадах ёстой зүйл биш гэж үү? (Мөн.) Хэрвээ чи үүнийг хийж чадахгүй бол ямар үр дагавар гарах вэ? Үүнийг хийж чадахгүй байгаа чамайг бид хэрхэн тодорхойлох ёстой вэ? Наанадаж л энэ нь чи мунгинуу хүн гэсэн үг; цаашлаад, чи Сатанаас айдаг арчаагүй хулчгар амьтан юм. Түүнчлэн, Сатанууд болон диаволууд Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлэхээр гарч ирэх үед чи хайхрамжгүй, хүчин мөхөс хэвээр байж, ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй бөгөөд Сатаны эсрэг тулалдахаар босож зогсох, Бурханы төлөө гэрчлэлдээ бат зогсох итгэл, зоригоор дутмаг байдаг. Тийм тохиолдолд чи Бурханыг дагагч байх гавьяагүй, хэрэггүй хүн юм.
Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагад Бурханы ажлыг үймүүлж, саад болдог чуулган дахь янз бүрийн хэрэг явдлыг жагсаасан байдаг. Хэрэг явдал бүр нь удирдагч, ажилчид, түүнчлэн жирийн ах эгч нарын Бурханд хандах хандлагатай холбоотой байдаг. Энэ нь бас хүн бүрийн үүрэг, хариуцлагадаа хандах хандлага, түүнчлэн Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг эдгээр сөрөг үйл явдал, зүйлсэд хандах тэдний байр суурь, үзэл бодолтой холбоотой байдаг. Мэдээж, энэ нь олон жил Бурханд итгэж, номлол сонссон хүнд ийм сөрөг үйл явдал, зүйлс гарч ирэх үед Сатантай тулалдаж, Бурханы төлөө гэрчлэл хийх хангалттай биеийн хэмжээ, итгэл байгаа эсэхийг бас хамардаг. Энэ нь гол асуудлуудыг хөндөж байна уу? Энэ нь хүний байр суурь болон алхаж буй зам, түүнчлэн Бурханд хандах, үнэнд хандах, үүрэгтээ хандах хандлагыг хөнддөг. Тиймээс, эдгээр үгийг сонссоны дараа та нар энэ бүхэн нь хүмүүст тавьдаг Бурханы шаардлага гэдгийг ойлгох ёстой. Эдгээрийг гүйцэтгэж, хэрэгжүүлэх хоосон сургаал, дүрэм журам гэж бүү үз, харин үнэнийг ойлгохын тулд эдгээрийг илүү их эргэцүүлэн бодож, дараа нь хэрэгжүүлж, тэдгээрт орж, улмаар Бурханы шаардлагыг ханга. Ёрын муу хүмүүс чуулганы ажлыг үймүүлж, саад болох үед зүгээр бүү харж зогс, Бурханд итгээд удаагүй, биеийн хэмжээ жижиг, эсвэл арай л залуу байна гэх мэт янз бүрийн шалтаг тоочин хариуцлагаас бүү булт. Бурхан ажлыг шалгах үедээ, чиний хандлагыг харахаар орчин нөхцөл бүрдүүлэх үедээ Тэр чиний нас, Түүнд хэдэн жил итгэсэн, эсвэл нэгэн цагт ямар төлөөс төлж, ямар гавьяа байгуулсныг чинь хардаггүй; Бурхан тухайн үеийн хандлагыг чинь л хүсдэг. Ер нь чи эдгээр асуудлын талаар хэзээ ч эргэцүүлж, эрж хайж байгаагүй бөгөөд юу ч тогтоож авалгүй, үнэнийг эрж хайлгүй, сургамж авалгүй, Бурханы бүрдүүлсэн янз бүрийн орчин нөхцөлийг нухацтай авч үзэлгүйгээр асуудал бүрийг мунгинуу байдалтай өнгөрөөдөг бол, хэрвээ чи ёрын муу хүмүүс саад болж, үймээн дэгдээж байгааг хараад зугтдаг, үүнийг Бурханы гэрт хэзээ ч мэдээлдэггүй, эсвэл хандлагаа харуулдаггүй бол, хэдийгээр чи муу үйлд оролцоогүй ч энэ хэрэг явдал дээрх чиний зан авир чиний байр суурь, үзэл бодлыг аль хэдийн илчилсэн—чи бол Сатаны талд зогсож буй хөндлөнгийн ажиглагч юм. Бурхан бүх зүйлийг шинждэг бөгөөд чи Түүнийг мэхэлж чадахгүй. Тиймээс, эдгээр сөрөг хэрэг явдал гарах үед, чуулганы ажил болон чуулганы амьдралын хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг чи олж илрүүлэх үед энэ нь Бурханд хандах чиний хандлагыг тодорхой илчилдэг. Чи Бурханд итгээд удаагүй, нэлээд залуу, биеийн хэмжээ чинь жижиг байж болох ч, хэрвээ эдгээр зүйл тохиолдох үед чи зарчмын дагуу үйлдэж, ёрын муу хүмүүсийг зогсоох, хязгаарлах, эсвэл бүр ил болгохыг оролдон, эрсдэл үүрч, өөрийн аюулгүй байдлыг үл тоон босож зогсон, Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалбал—хэрвээ чамд ийм зүрх сэтгэл байвал Бурханд хандах чиний хандлага, түүнчлэн Бурханыг гэрчилж, Сатантай тулалдах чиний шийдэмгий байдал хүмүүст болон Бурханд харагдах гэрчлэл болно. Хүмүүсийн муу үйл, Бурханыг хуурч мэхлэх, Түүнээс нууж хаах, хариуцлагаасаа бултах, Сатан мууг үйлдэх үед түүнд бууж өгч, буулт хийх—Бурхан энэ бүхнийг харах болно, эдгээр муу үйлтэй нэг л өдөр тооцоо бодож, зохих шийтгэлийг нь хүртээх болно. Гэвч үүнтэй адилаар, хэрвээ Сатан саад болж, үймүүлэх үед хэн нэгэн босож зогсоод, Бурханы гэр болон ах эгч нарын өмнөөс дуугарч, Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалахын тулд Сатантай тулалдаж, Бурханыг гэрчлэх шийдвэртэйгээр үнэнийг эрж хайж чадвал—хэдийгээр тэд заримдаа хүчин мөхөс, ганцаардмал, мэргэн ухаанаар дутмаг, үнэний талаарх ойлголт нь ердөө л өнгөцхөн гэж мэдэрдэг байсан ч, мөн үнэний талаар нөхөрлөхийг хүсдэг ч өөрсдийгөө тодорхой илэрхийлж чаддаггүйгээс болж зарим хүнд шоолуулж, басамжлуулдаг байсан ч—Бурхан мэлмийдээ тэдний чин сэтгэлийг олж хардаг бөгөөд Тэр эдгээр үйлдэл, зан авирыг сайн үйл гэж үздэг. Нэг л өдөр Бурханы өмнө муу үйл шийдвэрээ сонсож, төгсгөлөө үзэх болно, сайн үйл ч мөн адил—гэхдээ энэ хоёр төрлийн зан авир тус бүрийн эцсийн төгсгөл нь тэс өөр байх болно. Муу үйл зохих хариугаа хүртэж, сайн үйл сайн хариу хүртэх болно. Бурхан үүнийг хүн бүрийн хувьд аль хэдийн тодорхойлсон бөгөөд сайныг шагнаж, мууг шийтгэхийнхээ өмнө Бурханы ажлын үеэрх хүмүүсийн янз бүрийн илрэл нь батлагдсан баримт болохыг л хүлээж байдаг.
Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагад чуулганы ажлыг үймүүлж, саад болдог хүмүүс, үйл явдал, зүйлсийн талаарх арван нэгэн асуудлыг жагсаасан байдаг. Энэ арван нэгэн асуудал чухал уу? Тэдгээр нь хүмүүсийг тодорхой илчилдэг үү? Та нар асуудал бүрийн талаар нөхөрлөхдөө үнэнийг тодорхой ойлгохын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүнд хүмүүс шударга ёс болон эерэг зүйлсийг хэрхэн хамгаалах, Бурханы гэрчлэлийг хэрхэн хамгаалах тухай хамаарна; түүнчлэн хүмүүс хэрхэн босож зогсоод Сатантай тулалдах, Сатаны нүүр царайг хэрхэн илчилж, ил болгох, Сатаны муу үйлийг хэрхэн зогсоож, хязгаарлах тухай хамаарна—эдгээр нь үүнд хамаарах хоёр тал юм. Сатан чуулганы ажлыг үймүүлж, саад болох үед чи ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг үү? Чи ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Бурханы чамаас шаарддаг зүйлийг чи хийсэн үү? Бурханыг дагадаг хүний биелүүлэх ёстой үүрэг, хариуцлагыг чи биелүүлсэн үү? Эдгээр асуудал гарах үед чи бялдууч хүний хувиар буулт хийж, асуудлыг аргацааж, дундыг баримталдаг уу, эсвэл босож зогсоод Сатаны муу үйлийг зогсоож, хязгаарлан, илүү олон жинхэнэ ах эгч нартай нэгэн санаагаар хамтран ажиллаж, Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалдаг уу? Чи юуг хамгаалдаг вэ? Чи ёрын муу хүмүүсийн эрх ашиг, Сатаны эрх ашгийг хамгаалдаг уу, эсвэл Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалдаг уу? Хэрвээ чуулганы ажлыг үймүүлж, саад болох ямар нэгэн зүйл тохиолдох үед чи юу ч хийлгүй, зөвхөн бялдууч хүн шиг авирлаж, өөрийгөө нөөж, хүмүүстэй харилцах харилцаагаа гарцаагүй амжилттай зохицуулж, хохирохгүй үлдэн, чуулганы ажлыг үймүүлж байгаад хэзээ ч санаа зовж, түгшдэггүй, ёрын муу хүмүүсийн муу үйлийг огт үзэн ядаж, уурладаггүй, Бурханы гэр болон бүх ах эгч нарын эрх ашгийн төлөө ямар ч ачаа үүрдэггүй, Бурханы өмнө өртэй гэж огт мэдэрдэггүй, өөрийгөө буруутгах сэтгэл огт төрдөггүй бол, чи аюулд оржээ. Хэрвээ Бурханы нүдээр чи тэр чигээрээ бялдууч нэгэн бөгөөд юу ч тохиолдсон гараа хумхин идэвхгүй ажиглаж, зайлсхийдэг, мөн өөрийн үүрэг, хариуцлагын алиныг ч огт биелүүлдэггүй бол чи үнэхээр аюулд орсон бөгөөд Бурханд таягдан хаягдвал зохино. Бурханы бодолд чамаар хөдөлмөрлүүлэх санаа ч байхгүй, Тэр чамаас залхсан бол энэ үед чи таягдан хаягдах тавилантай бөгөөд энэ нь туйлын аюултай! Бурхан чам шиг хүмүүсийг дахин харахыг хүсэхгүй байна, чам шиг хүмүүс Бурханы гэрт ямар нэгэн үүрэг гүйцэтгэх юм уу хөдөлмөрлөхийг Тэр үнэлдэггүй гэж хэлэх үед чи тийм ч холгүй ирээдүйн нэгэн өдөр, нэгэн мөчид чуулганаас таягдан хаягдаж магадгүй бөгөөд энэ нь чиний хувь заяаг өөрчлөх болно. Учир нь Бурхантай харилцах чиний харилцаа хэвийн байхаа больсон, чи Бурханаас холдож, Түүнээс урвасан бөгөөд энэ нь ийм үр дүнд хүргэсэн. Чи энэ баримтыг харж чадах уу? Чи энэ баримтыг ухаарах үедээ, үүнийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, чиний зүрх сэтгэл дэх бүх сайхан найдвар хормын дотор замхран алга болно.
Хүмүүс Бурханд анх итгэх үедээ бүгд оргилуун зүрх сэтгэлтэй байдаг. Хэдийгээр тэд ирээдүйн хүрэх газар юм уу хэтийн төлөвөө харж чаддаггүй ч үргэлж нэг тийм Бурханд найдах сэтгэл төрдөг. Тэд үргэлж сайн сайхан, эерэг зүйлс рүү тэмүүлдэг. Энэ хүч тэнхээ хаанаас гардаг вэ? Хүмүүс мэддэггүй; тэд: “Хүмүүс бүгд адилхан, бүгд л ижил агаараар амьсгалж, ижил нарны дор амьдардаг. Тэгвэл яагаад шүтлэггүй хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл байдаггүй атлаа бидэнд байдаг юм бэ?” хэмээн учрыг нь олж чаддаггүй. Энэ нь нууцлаг биш гэж үү? Энэхүү хүч тэнхээ Бурханаас ирдэг. Энэ бол дэндүү үнэ цэнтэй зүйл; энэ нь хүмүүст төрөлхөөс заяадаг зүйл биш юм. Хэрвээ хүн бүрд энэ нь төрөлхөөс байсан бол тэд бүгд адилхан байх байсан; хүн төрөлхтний дунд дээд, доод, эрхэмсэг, дорд гэх ялгаа байхгүй байх байсан, Бурханд итгэдэг, итгэдэггүй хүмүүсийн хооронд ямар ч ялгаа байхгүй байх байсан. Тэдэнд байхгүй зүйлийг чи эзэмшиж чадна; чи хүн төрөлхтний дунд оршдог хамгийн үнэ цэнтэй зүйлийг эзэмшиж чадна. Яагаад үүнийг хамгийн үнэ цэнтэй гэдэг вэ? Яг энэ найдвар, хүлээлтийн улмаас чи Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхэд анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Энэ бол хүн авралд хүрэх боломжтой байх хамгийн үндсэн нөхцөл юм. Энэ хүлээлтээс болоод л Бурханы төлөө зарлагадах, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэх, сайн хүн, аврагдсан хүн байх боломж чамд гарч ирж, багахан шийдвэрийг чи гаргадаг. Үүний авчирдаг ашиг тус үнэхээр агуу юм. Тэгвэл энэ зүйл хаанаас ирдэг вэ? Энэ нь Бурханаас ирдэг; үүнийг Бурхан өгдөг. Гэвч Бурхан хэн нэгнийг хүсэхээ болих үед энэ зүйлийг булааж авдаг. Тэд сайн сайхан зүйлсийг хүсэмжилж, хүлээхээ больдог; тэд тэдгээрт найдвараа тавихаа больдог. Тэдний зүрх сэтгэл харанхуйлж, бөхөж эхэлдэг. Тэд аливаа сайн сайхан, эерэг зүйлс, түүнчлэн Бурханы амлалтыг эрэлхийлэх урам зоригоо алддаг. Тэд яг л шүтлэггүй хүн шиг болдог. Энэ зүйл нэгэнт алдагдвал тэд Бурханы гэрт үлдэж, Бурханд үргэлжлүүлэн итгэж, Түүнийг дагаж чадах уу? Тэдний Бурханд итгэх итгэлийн зам төгсгөл болсон биш үү? Чи эрэлхийлэх шийдвэртэй байх энэ урьдчилсан нөхцөлийг алдах үедээ амьд үхдэл болж хувирдаг. “Амьд үхдэл” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи Бурханы үгийг ойлгож чадахаа болино гэсэн үг юм. Чамд энэ урьдчилсан нөхцөл байх үед чи Бурханы үгийг ойлгож чадна, найдвар тээж чадна, чиний итгэл бадарч чадна, мөн энэ урьдчилсан нөхцөл нь чамд үнэнийг эрэлхийлэх сэдэл өгч чадна. Гэвч чи энэ суурь урьдчилсан нөхцөлийг алдах үед энэ сэдэл алга болдог. Чамд Бурханы үгийг сонсох ямар ч урам зориг, сонирхол байхгүй болдог. Амлалт, хүлээлт чамд цаашид сонирхолтой санагдахаа больж, чамайг идэвхжүүлдэггүй. Чиний хувьд Бурханы үг дээд түвшний онол болжээ. Чи тэдгээрийг эрмэлздэггүй, Бурхан чамайг гэгээрүүлэхээ больсон. Чи Бурханы үгээс ямар ч үнэнийг олж авч чадахгүй. Бурханд итгэх энэ зам чиний хувьд төгсгөл болсон биш үү? Ийм байдалд хүрэх үед Бурхан чамайг аль хэдийн жигшин голсон байдаг; чи Бурханы бодлыг өөрчилж чадах уу? Ингэх амаргүй. Бурхан тодорхой нэг хүнийг хүсэхээ болино гэж шийдсэн үед тэр хүн дотроо үүнийг мэдэрдэг. Энэ зүйлийг хуулан авах үед Бурханд итгэх, үүргээ гүйцэтгэх, аврагдах зэрэг янз бүрийн асуудалд хандах чиний хандлага урьдынхаас тэс өөр болно. Нэгэнтээ халуун сэтгэлээр эрэлхийлж байснаа эргэцүүлэн бодоод энэ нь чамд тайлбарлахын аргагүй, ойлгохын аргагүй, итгэхийн аргагүй санагдана. Энэ нь чамд итгэхийн аргагүй санагдах үед өөрийнхөө одоо байгааг өмнөхтэйгөө харьцуулахад чиний дотоод байдалд чанарын өөрчлөлт гарсан байх болно; чи тэс өөр хүн болж, өмнөх шигээ байхаа болино. Яагаад ийм зүйл болох вэ? Энэ нь орчин нөхцөл өөрчлөгдсөнөөс болохгүй; чи нас ахиж, илүү зальтай болсноос болохгүй; чи илүү их туршлага, амьдралын хэрсүү ухаан олж авч, бодол санаа, үзэл бодлоо өөрчилснөөс болохгүй. Харин Бурхан санаагаа өөрчилж, Түүний бодол өөрчлөгдөж, чамд хандах хандлага, хүлээлт нь өөрчлөгдсөнөөс болно. Тиймээс чи өөрийн эрхгүй өөр хүн болжээ. Одоо харахад, хэрвээ хүн Бурханы өөрт нь өгдөг боловч өөрийнх нь хамгийн өчүүхэн, ялихгүй зүйл гэж үздэг зүйлийг алдвал, энэ үед тэр хүн яриад байх ямар ч аз жаргал байхгүй зовлон шаналалд баригдах болно. Тиймээс хэзээ ч тийм байдалд бүү хүр. Хэрвээ тэгвэл мөрнөөс чинь ачаа хөнгөрсөн мэт, эрх чөлөөтэй, тайвширсан мэт, Бурханд итгэх юм уу үүргээ гүйцэтгэх шаардлагагүй болсон мэт, шүтлэггүй хүмүүс шиг, торноос гарсан шувуу шиг эрх чөлөөтэй, дураараа амьдарч чадах юм шиг чамд санагдаж магадгүй. Гэвч энэ нь ердөө л түр зуурын тайтгарал, баяр хөөр, өөрийгөө зугаацуулж буй хэрэг юм. Чи цааш үргэлжлүүлэхдээ өмнөх замаа хар—чи ингэж баярласан хэвээр байх уу? Үгүй, чи тэгэхгүй. Чамайг урд чинь хэцүү цаг үе хүлээж байна! Чи Бүтээгчийн ноёрхол дор амьдрах үед Бүтээгч чамд зориулан аливааг хэрхэн зохион байгуулдаг, чамд юу хийдэг, хэрхэн хийдгээс, хэчнээн их шалгалт, гай зовлон авчирдгаас, чи хэчнээн их зовлон шаналал туулдгаас үл хамааран, эсвэл ойлгохгүй, буруу ойлгодог болон бусад зүйл гарч ирлээ ч гэсэн, ядаж л чи Бурханы гарт байгаагаа, Бурхан бол чиний түшиг тулгуур гэдгийг, зүрх сэтгэл чинь амар амгалан байгааг мэдрэх болно. Гэвч Бурхан чамайг хүсэхээ больж, Бурхан чамд яаж ханддагийг мэдэрч чадахаа больж, энэ түшиг тулгуураа алдах үед бүхэл бүтэн ертөнц чиний эргэн тойронд нурж унасан мэт санагдана. Энэ нь чи хүүхэд байхдаа зөвхөн “Ээж минь хамгийн хайр татам, Ээж минь намайг хамгийн их халамжилж, хайрладаг, Ээж минь үхэж болохгүй” гэж боддог байсантай адил юм. Ээжийгээ өвдсөн гэдгийг сонсоод чи тэвчиж чаддаггүй байсан. Хэрвээ ээж чинь үнэхээр үхвэл тэнгэр нурж, чи цааш амьдрах аргагүй болно гэж боддог байсан. Бурханд итгэхэд ч мөн адил тайлбар хэрэглэдэг. Хүний Бурханд итгэх итгэл дэх хамгийн агуу амар амгалан, баяр хөөр нь Бурханд найдаж, хувь заяагаа Бүтээгчийн гарт байгаа гэдэгт итгэхээс үүдэлтэй. Хүний тогтвортой байдлын мэдрэмж нь энэхүү жинхэнэ итгэл, түшиг тулгуураас үүдэлтэй. Энэ итгэл, түшиг тулгуур алга болж, зүрх сэтгэл чинь дөнгөж ухсан нүх шиг хоосорсон мэт санагдах үед чиний тэнгэр нураагүй гэж үү? Түшиг тулгуураа алдах үед чамд цааш амьдрах тэнхээ байх уу? Ийм хүмүүс яг л амьд үхдэл шиг, төгсгөлөө хүлээх зуураа зүгээр л ховдоглон идэж байдаг.
Тэгэхээр, зарим хүн байнга онцгүй зан авир гаргаж, үүргээ гүйцэтгэх үедээ тасралтгүй мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж, саад болж, хохироож, бүр Бурханы гэрийн эрх ашигт асар их хохирол учруулахдаа тулдаг. Тэд Бурханд хэзээ ч чин сэтгэл, үнэнч байдлаа харуулаагүй, дуулгавартай байдлын тухай бүр ярих ч юм биш. Тиймээс Бурхан тэднийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэд бол ерөөл хүртэх санаа зорилготойгоор Бурханы гэрт шургалсан ёрын муу хүмүүс юм. Бурханы сонгосон хүмүүсийг сургамж авч, ялган таних чадвараа нэмэгдүүлээсэй гэсэндээ Бурхан тэднийг орж ирэхийг нь зөвшөөрдөг. Хэдийгээр тэд бас дуудагдсан хүмүүст хамаардаг ч байнга гаргадаг зан авираасаа болоод сонгогдоогүй. Тэдний нөхцөл байдал ямар байдаг вэ? Та нар асууж сураглаж болно; тэдний хэнийх нь ч амьдрал сайнгүй байгаа. Бурханд найдаж, хэзээ ч, хаана ч Түүний хангалтыг хүртдэг хүмүүсийн амьдралын чанар нь Бурханы хангалт, тусламжийг хүртдэггүй, нөхцөл байдалтай тулгарах үедээ үргэлж ёроолгүй нүхэнд унадаг хүмүүсийнхээс эрс ялгаатай байдаг. Бурханы хангалтыг хүртдэггүй хүмүүст ямар ч амар амгалан, баяр хөөр байдаггүй бөгөөд тэд өдөржингөө айдас, түгшүүр, тайван бус байдал, санаа зовнилыг туулж мэдэрдэг. Тэд ямархуу өдрийг өнгөрөөдөг вэ? Ёроолгүй нүхэнд өдрийг өнгөрөөх амархан уу? Үгүй, амархан биш. Энэ ёроолгүй нүхийг анхаардаггүй юмаа гэхэд, чи хэдэн өдөр дараалан сөрөг байдалд орлоо ч гэсэн асар их зовно. Тиймээс одоо цагийг нандигнаж, энэ агуу боломжийг бүү алд. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажилд үүргээ гүйцэтгэх нь нэр төрийн хэрэг юм. Энэ бол хүн бүрийн хувьд нэр төрийн хэрэг. Энэ нь ичгүүртэй асуудал биш; гол нь чи Бурханаас хүлээн авсан энэ нэр төрд хэрхэн хандаж, хэрхэн хариу барих вэ гэдэг нь чухал юм. Бурхан чамайг өргөсөн; Түүний сайхан сэтгэлийг үнэлэхгүй байж болохгүй. Чи Бурханы нигүүлслийн хариуг барьж мэдэх ёстой. Чи хэрхэн хариу барих ёстой вэ? Бурхан чиний мөнгө юм уу амийг хүсдэггүй бөгөөд гэр бүлээс чинь уламжлагдан ирсэн ямар нэгэн өв хөрөнгийг хүсэмжилдэггүй. Бурхан юу хүсдэг вэ? Бурхан чиний чин сэтгэл, үнэнч байдлыг хүсдэг. Энэхүү чин сэтгэл, үнэнч байдал хэрхэн илэрдэг вэ? Бурхан юу ч хэлсэн бай, чи чин сэтгэлээ гаргаж, Бурханы үгийн дагуу үйлдэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой гэдгээр энэ нь илэрдэг. Бурханы үг гэж юу вэ? Тэдгээр нь үнэн юм. Чи үнэнийг хүлээн зөвшөөрч, хүлээж авсныхаа дараа хэрхэн хэрэглэх ёстой вэ? Чи үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх ёстой. Яг л Бурханы хэлснээр хий. Үнэнийг хэрэгжүүлнэ гэж амлачхаад, нөхцөл байдалтай тулгарах үедээ өөрийн хүслээр үйлдэж, дараа нь шалтаг тоочин, өнгөлөн далдалсан, хуурамч үг бүү хэл—ингэх нь чин сэтгэл, үнэнч байдалгүй байгаа хэрэг бөгөөд Бурхан үүнийг харахыг хүсдэггүй. Хүнд байдаг хамгийн үнэ цэнтэй зүйл бол чин сэтгэл юм. Чин сэтгэлтэй хүн хэрхэн авирлах ёстой вэ? Чи яг л Бурханы шаардсанаар хийж, Бурханы үгийг тууштай дагах ёстой. Хэдийгээр чи хэтрүүлж, дүрэм журам дагаж байгаа мэт авирлаж—үүнийг харсан бусад хүн чамайг бага зэрэг мунхаг гэж үзсэн ч—чи тоолгүй, Бурханы үгийн дагуу үйлдэхээ үргэлжлүүлбэл энэ нь Бурханы хүмүүсээс хүсдэг чин сэтгэл юм. Хэрвээ чи үргэлж явуулга хийж, зальжин байж, бусдын нүдэнд тэнэг харагдахыг, өөрийн эрх ашигт өчүүхэн төдий ч хохирол амсахыг хэзээ ч хүсдэггүй бол чин сэтгэлгүй учраас үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Чин сэтгэлгүй атлаа ов мэх хэрэглэхийг оролддог хүмүүс хэтэрхий овжин байдаг бөгөөд Бурхан тэдэнд дургүй. Тэд Бурханы үгийг хэрэгжүүлэхдээ шилж сонгож, зөвхөн өөрсдөдөө ашигтайг нь хэрэгжүүлж, ашиггүйгээс нь зайлсхийдэг. Тэд ихэвчлэн чихэнд чимэгтэй үг хэлж, сүржин санаанууд л чалчдаг боловч асуудал гарах үед нуугдаж, ор мөргүй алга болж, бусад хүн асуудлыг шийдвэрлэсний дараа л дахин гарч ирдэг. Ийм хүн ямар гээчийн адгийн шаар вэ? Ямар нэг зүйл тэдэнд ашигтай байх үед тэд санаачилга гарган урагш алхаж, хэнээс ч илүү идэвхтэй байдаг. Гэвч хувийн эрх ашиг нь хөндөгдөх үед тэд ухарч, сөрөг болдог. Тэдний чихэнд чимэгтэй үгс, байр суурь, үзэл бодол нь бүгд алга болдог. Бурхан ийм төрлийн хүнд дургүй. Тэр ийм зальтай хүнээс илүүтэй, бусдын нүдэнд мунхаг мэт харагддаг хүнийг илүүд үздэг.
XII. Улс төр ярих
Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагад багтсан арван нэгэн асуудлын талаар бид нөхөрлөж дууслаа. Энэ арван нэгэн асуудал дээр дахин нэгийг нэмье. Хэдийгээр энэ нь чуулганы амьдралд түгээмэл харагддаггүй ч үүнийг энд дурдах шаардлагатай бөгөөд энэ нь арван хоёр дахь асуудал болох улс төр ярих явдал юм. Чуулганы амьдралд улс төрийн сэдвээр ярилцах нь зохистой юу? (Үгүй.) Чуулганы амьдрал бол Бурханы үгийг унших, Бурханд мөргөх, Бурханы талаарх ойлголт болон Бурханы үгийн туршлагаар олсон мэдлэгээ хуваалцах зориулалттай. Гэвч энэ үеэр зарим хүн улс төрийн нөхцөл байдал, улс төрийн зүтгэлтнүүд, улс төрийн орчин, улс төрийн үзэл бодол, улс төрийн байр суурь гэх мэт улс төрийн талаар урт удаан ярьдаг. Ингэх нь зохистой юу? Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг захирдаг тухай сэдвээр ярилцах үед зарим хүн улс төрийн зүтгэлтнүүд ч бас Бурханы гарт байдаг гэх санааг механикаар хэрэглэж, зарим улс төрийн зүтгэлтэн ч бас Бурханд итгэж, дагадаг, тэр ч байтугай сүнслэг тэмдэглэл энэ тэр бичдэг гэж хэлдэг. Энэ нь бусдыг төөрөгдүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тэр ч байтугай: “Христэд итгэгчид бид энэ улс төрчийг дэмжих ёстой, учир нь тэр итгэгч төдийгүй бидэн шиг итгэгчдийн эрх ашгийг хамгаалдаг. Тэр бидэнтэй ижил бодолтой тул бид түүнийг дэмжиж, сонгох ёстой” гэж хэлдэг хүмүүс ч бий. Тэд бүр энэхүү улс төрийн зүтгэлтнийг чуулганы амьдралд нэлээд их сурталчилдаг. Ингэх нь зохистой юу? Христэд итгэгчид улс төрд оролцдог уу? (Үгүй.) Оролцохоос зайлсхийхийн тулд чи юу хийж болох вэ? Нэгдүгээрт, чи аль намыг дэмждэг, эсвэл чиний улс төрийн үзэл бодол ямар байхаас үл хамааран тэдгээрийг хэлэлцэхээр чуулганы амьдралд бүү оруулж ир. Мэдээж, өөр өөр улс төрийн үзэл бодолтой хүмүүсийн хоорондох маргаан ч бас чуулганы амьдралд гарах ёсгүй гэдэг нь бүр ч чухал юм. Жишээ нь, хэрвээ чи болон өөр хэн нэгэн өөр өөр үзэл бодолтой бөгөөд өөр өөр улс төрийн зүтгэлтнүүдийг дэмждэг бол та нар уулзахдаа энэ талаар ярилцахыг хүсэж магадгүй; үүнийг зөвшөөрч болно, гэхдээ цуглаан дээр ингэж яавч болохгүй. Та хоёр хувийн зурвас бичилцэж, уулзаж ярилцаж, эсвэл бүр нүүрээ улайтлаа маргалдаж болох бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцохгүй; энэ бол ардчилсан тогтолцоон дахь иргэний эрх юм. Гэвч чуулганы амьдралын үеэр чи зүгээр нэг улсын иргэн биш; хамгийн чухал нь, чи бол Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн юм. Энэхүү нөхцөл байдалд энэ бол чиний ялгамж чанар юм. Улс төрийн сэдэв эсвэл улс төрийн зүтгэлтнүүдтэй холбоотой сэдвийг чуулганд бүү оруулж ир. Чиний хэлэлцэж буй зүйл чуулганы биш, харин зөвхөн чиний хувийн байр суурь, үзэл бодлыг л төлөөлдөг. Чуулган улс төрийг сонирхдоггүй, ямар нэгэн улс төрийн тогтолцоо, зүтгэлтнүүд, удирдагчид, бүлэглэлийг ч бас сонирхдоггүй, учир нь эдгээр асуудал үнэнтэй холбоогүй бөгөөд Бурханд итгэхтэй ямар ч хамаагүй. Улс төртэй холбоотой ямар ч сэдвийг чуулганы амьдралд хөндөх ёсгүй. Зарим хүн: “Тэгвэл хүн бүр чуулганы амьдралаас гадуур уулзаад энэ талаар хэлэлцэх нь зүгээр үү?” гэж асуудаг. Тэгэхгүй байх нь хамгийн сайн. Хэрвээ чи өөр өөр улс төрийн үзэл бодолтой шүтлэггүй хүмүүсийн хэлэлцүүлэгт нэгдэхийг хүсвэл тэр нь чиний хэрэг; энэ бол чиний эрх чөлөө бөгөөд Бурханы гэр хөндлөнгөөс оролцохгүй. Гэвч чуулганы гишүүд цугларах үед, албан ёсны цуглааны цагаар эдгээр улс төрийн үзэл бодол, маргааныг гол сэдэв болгон бүү гаргаж ир, мөн чиний улс төрийн үзэл бодол Бурханы үг, үнэн, эсвэл Бурханы дээд эрхтэй хамаатай юм шиг бүү дүр эсгэ. Чиний улс төрийн үзэл бодол үнэнтэй огт хамаагүй, тэдгээрийн хооронд өчүүхэн төдий ч холбоо байхгүй, тиймээс тийм юм шиг бүү дүр эсгэ!
Зарим хүн улс төр ярихыг хүсдэг ч гэртээ энэ сэдвээр ярилцах хүн байдаггүй тул ийм яриа хэзээ ч болдоггүй. Ах эгч нар бүгд насанд хүрсэн хүмүүс гэдгийг хараад тэд улс төр ярьж, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх гарц оллоо гэж боддог. Тэд энэ сайхан боломжийг олсондоо догдолж, улс төрийн үзэл бодол, цаг үеийн үйл явдал, олон улсын нөхцөл байдлын талаар ярихыг хүсдэг. Эдгээрийг ярилцах үедээ тэд: “Энэ бүхэн Бурханы дээд эрх дор байдаг. Хүн төрөлхтний улс төр болон эдгээр улс төрч ч бас Бурханы дээд эрх дор байдаг. Тэднийг Бурхан тогтоосон” гэж эхэлдэг. Энэ оршлын дараа тэд улс төр, цаг үеийн үйл явдлын талаар урт удаан ярилцаж эхэлдэг бөгөөд “Улс төр Бурханы дээд эрхээс мултарч чадахгүй; энэ бүхэнд Бурханы сайн санаа зорилго бий” гэж төгсгөдөг. Хэрвээ хүмүүс эдгээр асуудлыг нэвт харж чадахгүй бол тэдгээрийн талаар хамаагүй ярих ёсгүй. Үнэнийг нөхөрлөнө гэдэг нь үнэнийг нөхөрлөхийн нэр юм; улс төр юм уу улс төрийн зүтгэлтнүүдийн талаар бүү ярилц. Улс төр ярих нь үнэнийг нөхөрлөж байгаа хэрэг биш, хүмүүсийг төөрөгдүүлж байгаа хэрэг юм. Хэрвээ чи улс төр ярихыг хүсэж байвал улс төрд дуртай бүлэг хүнийг олоод, өөрөө тэдэнтэй очиж ярь; чи хүссэнээрээ ярьж чадна. Чуулганд үргэлж ийм сэдвээр ярьснаараа чи юуг зорьж байна вэ? Чи санаатайгаар хүмүүсээр өөрийгөө бишрүүлж, өөрийгөө удирдагчаар сонгуулахыг оролдож байна уу? Энэ бол далд санаатай байгаа хэрэг! Улс төр ярих дуртай хүмүүс бол зүй ёсны ажлаа хийдэггүй, үнэнийг яавч эрэлхийлдэггүй хүмүүс юм. Чуулганы цуглаан дээр улс төрийн сэдвээр хэзээ ч бүү ярилц. Зарим хүн: “Хэрвээ бид эрх чөлөөт улс орнуудын ардчилсан сонгууль, улс төрийн тогтолцоо, бодлогын талаар ярилцаж болохгүй юм бол агуу улаан лууны улс дахь дээгүүр албан тушаалтнуудын улс төр болон авлигач албан тушаалтан хэчнээн их алт авсан, хэдэн нууц амрагтай байдаг зэрэг дуулиант хэргүүдийн тухайд яах вэ? Бид эдгээр зүйлийн талаар ярилцаж болох уу?” гэж асуудаг. Эдгээр сэдэв чамд зэвүүцмээр санагддаггүй гэж үү? Чи яагаад эдгээр зэвүүцмээр зүйлд ингэж их санаа тавьдаг юм бэ? Эдгээр асуудалд санаа тавьж, унших нь зэвүүцмээр гэж яагаад Надад санагддаг вэ? Зарим хүн эдгээр зүйлийг онцгойлон сонирхдог бөгөөд тэдэнд огтхон ч зэвүүцмээр санагддаггүй. Тэд зав гарах бүрдээ эдгээр зүйлийг онлайнаар унших хүсэлтэй байдаг. Эдгээр зүйлийг унших үед тэдний зүрх сэтгэлд таатай, аюулгүй, дүүрэн мэдрэмж төрдөг. Тэд Бурханы үгийг уншихдаа яагаад ингэж дүүрэн мэдрэмж авдаггүй юм бэ? Энэ нь бага зэрэг зэвүү хүрмээр хэрэг биш гэж үү? Энэ нь зүй ёсны ажлаа умартаж байгаа хэрэг биш гэж үү? Ийм сайхан цаг үед хашаандаа салхилж, цэвэр агаар амьсгалж, байгалийн сайхныг бишрэх нь хүртэл сэтгэл санааг чинь сэргээх болно. Гэвч зарим хүн эдгээр зүйлийг хийхээс татгалздаг; харин ч зав гарах бүрдээ тэд зүгээр л компьютер ширтэж, мэдээ шалгаж, хов жив цуглуулдаг—аль авлигач албан тушаалтан хэдэн нууц амрагтай байгаад баригдсан, аль авлигач албан тушаалтны гэрээс хэчнээн хэмжээний хөрөнгө хураагдсан, агуу улаан лууны аль дээгүүр албан тушаалтан хэнийг унагасан, эсвэл хэн хэний амь насанд халдсан гэх мэт. Эдгээр нь тэдний ихэвчлэн анхаардаг зүйлс юм. Энэ мэдээллийг цуглуулсныхаа дараа тэд мэдлэгээр дүүрэн мэт санагддаг бөгөөд дараа нь үүнийгээ цуглаан дээр хүн болгонд урсгадаг. Энэ нь хор тарааж байгаа хэрэг биш гэж үү? Тэр ёрын муу диаволууд муу үйл хийх нь дэндүү хэвийн зүйл биш гэж үү? Зарим хүн: “Тэд муу үйл хийх нь хэвийн зүйл боловч хийдэг зарим аймшигтай зүйлийг нь чи төсөөлж ч чадахгүй” гэж хэлдэг. Тэдгээрийг төсөөлөөд ямар ашигтай юм бэ? Тэд ямар хорон муу зүйл хийдгийг төсөөлж чаддаг байхын тулд чамд тархи заяасан хэрэг үү? Энэ нь зүй ёсны ажлаа умартаж байгаа хэрэг биш гэж үү? Зарим төсөөлөхийн аргагүй хорон мууг мэдэх нь чамайг илүү дээр болгодог гэж чи бодож байна уу? Үүнээс чи юу олж авч чадах вэ? Энэ нь чамд бүр ч их зэвүүцэл төрүүлэхгүй гэж үү? Зүй ёсны ажлаа умартдаг энэ хүмүүс улс төрийн тавцангийн эдгээр садар самуун, олиггүй хэрэг явдалд үргэлж санаа тавьдаг. Тэд тэнэгдүү биш гэж үү? Зүгээр л өөрийнхөө амьдралаар амьдрахын оронд яагаад үргэлж тэдний асуудалд санаа зовдог юм бэ? Энэ нь мунхаг хэрэг биш гэж үү? Энэ нь хийх өөр дээр зүйлгүй байгаа хэрэг биш гэж үү? Зарим хүн: “Агуу улаан луу итгэгчдийг хавчдаг. Тэд агуу улаан лууг үзэн яддаг байх. Итгэгчид агуу улаан лууны дээгүүр албан тушаалтнуудын дуулиант хэрэг, авлига, хүчирхийлэл, садар самуун байдал, түүнчлэн тэдний хийдэг сэжигтэй зүйлийг сонирхох нь гарцаагүй. Эдгээр дуулиант хэрэг ил болох үед итгэгчид баярлан алга таших ёстой биш үү?” гэж хэлдэг. Чи эдгээр зүйлийг олж авахын тулд Бурханд итгэж, дагадаг юм уу? Чуулганд улс төрийн асуудал, ялангуяа агуу улаан лууны дээгүүр албан тушаалтнуудын ил болсон дуулиант хэргийн талаар ярих нь хамгийн зэвүүцмээр зүйл юм. Чи энэ талаар ярилцаж яавч болохгүй! Мөн энэ талаар Надтай ч бүү ярь; энэ нь Миний зэвүүг хүргэдэг! Би чамд хэлье, энэ талаар бүү ярь, бүр бүү унш, эс бөгөөс эрт орой хэзээ нэгэн цагт чи тэдгээр зүйлийг уншсандаа харамсах өдөр ирнэ. Харамсах үедээ чи ямар мэдрэмж төрдгийг мэдэх болно; эдгээр зүйл хэчнээн зэвүүцмээр болж болохыг хэлэхийн аргагүй. Эдгээр зүйлийн талаар хэт их сонсож, унших нь ямар ч ашиг тус авчирдаггүй. Яагаад Би ямар ч ашиг тус авчирдаггүй гэж хэлж байна вэ? Учир нь эдгээр зэвүүцмээр зүйлээр оюун ухаанаа дүүргэх нь чамайг Бурханы үгийг сонсох ямар ч хүсэлгүй үлдээнэ. Хэдийгээр эдгээр сэдэв нь улс төртэй холбоотой ч тэдгээр асуудал бүр ч зэвүүцмээр байдаг. Хэрвээ чи эдгээр зүйлийн талаар ярихыг хүсэж байвал шүтлэггүй хүмүүстэй очиж зүрх сэтгэлээ уудал, тэдэнд хүссэнээ хэл, гэхдээ ямар ч байсан чуулганы амьдралд юм уу ах эгч нарын дунд энэ талаар бүү ярь. Зарим хүн: “Агуу улаан лууны дээгүүр албан тушаалтнуудын бузар, хорон муу үйлийн талаар ярих нь ах эгч нарын ялган таних чадварыг нэмэгдүүлж, уур хилэнгээ гаргах боломж олгодог” гэж хэлдэг. Уур хилэнгээ гаргах нь ямар ашигтай вэ? Уур хилэнгээ гаргах нь гэрчлэл хийж байгаа хэрэг үү? Энэ чиний хариуцлага, эсвэл үүрэг мөн үү? Тэдгээрийн талаар ярих нь хэрэггүй бөгөөд ямар ч үнэ цэнгүй. Чи агуу улаан лууны хорон муу үйлийг хэчнээн их ил болголоо ч Бурхан үүнийг санахгүй. Харин үүний оронд, чи агуу улаан лууны улсад түүний хавчлагыг хэрхэн туулж, сүрдүүлэг, заналхийллээс нь хэрхэн салж, даван туулсан тухайгаа, мөн ийм орчинд Бурханд хэрхэн найдаж, гэрчлэлдээ бат зогссон тухайгаа яривал Бурхан үүнийг хүлээн авдаг. Харин улс төр ярих нь амь-оролттой ямар ч хамаагүй бөгөөд Бурхан үүнийг хүлээн авдаггүй. Зарим хүн: “Би агуу улаан лууны албан тушаалтнуудын авлига, тэд хэрхэн ганцхан хоолонд хэдэн арван мянган юань зарцуулдаг, тансаг зочид буудалд хэчнээн их мөнгө үрдгийг ил болгодог; энэ нь зүгээр үү?” гэж хэлдэг. Энэ бүхэн чамтай ямар хамаатай байж таарах вэ? Энэ ертөнц, энэ нийгэм зүгээр л тийм биш гэж үү? Чи хэнийг өмөөрч байна вэ? Энэ нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг биш, агуу улаан лууны мөн чанарыг илчилж байгаа хэрэг ч биш, агуу улаан луунаас урваж буйн илрэл ч биш юм. Хүмүүсийг бүү төөрөгдүүл, хоёр нүүр бүү гарга; энэ бүхний аль нь ч үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Авлигач албан тушаалтнууд болон улс төрчдийн хээл хахууль бидэнд хамаагүй, мөн бидний ил болгох ёстой зүйл ч биш. Эдгээр асуудалд бүү санаа тавь. Эдгээр зүйл түүхийн туршид Сатаны дэглэмд оршин байсаар ирсэн бөгөөд тэдний хийдэг зүйл бид Бурханы ажлыг туулах, Бурханыг гэрчлэхтэй огтхон ч хамаагүй. Тиймээс, юу ч болсон бай, тэдгээр сэдвийг “агуу улаан луунаас урваж, Бурханыг гэрчлэхийн тулд түүнийг ил болгох” гэсэн сэдэвтэй бүү хольж хутга, мөн эдгээр хачин, зэвүүцмээр, хорон муу хэрэг явдлыг чуулганы амьдралд юм уу ах эгч нарын дунд хэлэлцэхээр бүү оруулж ир. Хэрвээ чи үнэхээр улс төр ярилцахыг хүсэж байвал шүтлэггүй хүмүүстэй ярилц. Чи ийм хобби, сонирхолтой хүмүүстэй хувиараа яаж ч ярилцсан зүгээр. Энэ бол чиний хувийн хобби, сонирхол; энэ бол чиний эрх чөлөө, эрх бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцохгүй. Гэвч цуглааны цагаар болон ах эгч нарын өмнө эдгээр асуудлыг бүү хэлэлц. Хэн нэгэн сонсох хүсэлтэй байсан ч тэдгээрийн талаар бүү ярь, учир нь энэ нь чуулганы амьдралд нөлөөлж, Бурханы сонгосон хүмүүсийн үнэний талаарх ойлголтод нөлөөлдөг.
Улс төр эсвэл улс төрчдийн хувийн амьдралын дуулиант хэрэгтэй холбоотой байх нь хамаагүй, эдгээр сэдвийг чуулганы амьдралд хэлэлцэхээр бүү оруулж ир. Хэрвээ хэн нэгэн чуулганы амьдрал дахь цуглааны агуулгыг сонирхдоггүй бөгөөд үргэлж эдгээр асуудлыг хэлэлцэх дуртай, цуглаан бүр дээр энэ талаар ярьдаг бол, ах эгч нар юм хийх ёстой вэ? Ах эгч нар: “Энэ бол цуглааны цаг, тэр хог шаар шиг зүйлсийнхээ талаар бүү ярь. Хэрвээ чи тэр талаар ярихыг хүсэж байвал гэртээ хариад ярь!” гэж хэлээд ийм хүмүүсийг хязгаарлах ёстой. Хэрвээ тэд хязгаарлагдахгүй, энэ талаар ярьсаар байвал яах вэ? Тэднийг хөөж гарга, тэгээд больсон үедээ буцаж ирээрэй гэж хэл. Бас нэг илүү үр дүнтэй арга бий: Тэднийг улс төр ярихаар ам нээмэгц ах эгч нар босоод өөр өрөө рүү явж, тэднийг ганцааранг нь яриулахаар үлдээ. Товчхондоо, улс төр ярих дуртай хүмүүс гарцаагүй байдаг. Ийм хүмүүс зүй ёсны ажлаа умартаж, үнэнийг эрэлхийлдэггүй, үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар эргэцүүлдэггүй, чуулганы ажилд болон ах эгч нарт ямар бэрхшээл тулгарч байгааг эргэцүүлдэггүй, мөн өөрсдийнхөө ямар бодит асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг эргэцүүлдэггүй—тэд эдгээр зүй ёсны асуудлыг эргэцүүлдэггүй. Харин ч тэд зөвхөн тэр олиггүй, шударга бус асуудлуудыг л эргэцүүлж, тэдгээрт онцгойлон урам зоригтой ханддаг. Ялангуяа одоо үед мэдээлэл өргөн тархаж, бүх төрлийн сувгаар олж авах боломжтой болсон нь энэ хүмүүст хобби, сонирхлоо хангах боломж олгож байна. Бид тэдний хобби, сонирхолд хөндлөнгөөс оролцдоггүй боловч Бурханы гэрт цуглаан дээр улс төрийн сэдвээр ярилцахыг чуулганы ажлыг үймүүлж, саад болох асуудалд ангилдаг дүрэм журам бий. Тиймээс чуулганы амьдралын үеэр болон ах эгч нарыг цугларах үед эдгээр сэдвийг хатуу хориглодог. Зарим хүн: “Эдгээр сэдвийг хориглодог юм байж, тэгвэл бидний янз бүрийн улс төрийн үзэл бодол, аль намыг дэмждэг, дэмждэггүй, хэнд санал өгдөг, өгдөггүй тухайд яах вэ? Чуулган хөндлөнгөөс оролцдог уу?” гэж асуудаг. Үүнийг тодорхой болгоцгооё: Хүссэн хүндээ санал өгч, хүссэн хүнээ дэмж—чуулган эдгээр асуудалд хөндлөнгөөс оролцдоггүй, энэ бол чиний эрх чөлөө. Ингэж хөндлөнгөөс оролцохгүй байгаа нь аль хэдийн нэлээд өршөөнгүй хандаж байгаа хэрэг биш гэж үү? Чи иргэний хувиар өөрийн үүрэг, хүний эрхээ бүрэн дүүрэн эдэлсэн; энэ нь хангалттай хүндэтгэл биш гэж үү? Энэ нь аль хэдийн хангалттай сайн байна; гэтэл чи чуулганд чөлөөтэй, хүссэнээрээ ярихыг хүссээр байна уу? Энэ нь дүрэм журмыг зөрчиж байна. Хэрвээ чи ийм хүмүүстэй таарвал тэднийг хязгаарлах арга ол. Эхлээд тэдэнтэй тодорхой нөхөрлөж: “Чи шинээр итгэж эхэлж байгаа хүн үү? Чи цуглаанд анх удаагаа ирж байна уу, Бурханы гэрийн дүрэм журмыг мэдэхгүй байна уу? Тэгвэл би чамд хэлэх ёстой: Энэ газар бол цуглааны газар, энэ цаг бол цуглааны цаг. Чамд ямар ч улс төрийн үзэл бодол, санаа байсан хамаагүй, чи тэдгээрийг чуулганд тарааж яавч болохгүй бөгөөд цуглаан дээр бүү ярилц. Бид үүнийг сонсохыг хүсэхгүй байна, мөн эдгээр зүйлийн талаар ярихыг чинь сонсох үүрэгтэй ч биш. Чи буруу газраа сонгосон байна. Цуглааны дараа, чи энэ газраас явах үедээ юу хүссэнээ хэлж болно; хэн ч хөндлөнгөөс оролцохгүй. Энэ бол чиний эрх чөлөө” гэж хэл. Хэрвээ тэд чиний хэлснийг ойлгож, санаад, дараагийн удаад энэ талаар ярихгүй бол зүгээр бөгөөд тэд тодорхой хэмжээний эрүүл ухаантай гэдгээ харуулж байна. Гэвч хэрвээ нөхөрлөсний дараа тэд ингэж ярьсаар, цуглаан бүр дээр үргэлж улс төрийн үзэл бодлоо хуваалцсаар байвал тэдний ярихыг хязгаарлах ёстой юу? (Тийм.) Улс төрд оролцдог эсэхээс үл хамааран, хэн нэгэн улс төрийн сэдвээр ярьж л байвал үүнийг бүлэглэл үүсгэх, байр суурийн төлөө өрсөлдөх, сөрөг байдал гаргах болон бусад ийм зан авиртай адилаар Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүсийн, үйл явдал, зүйлсийн ангилалд оруулах ёстой. Ийм хүмүүст ямар ч хүндэтгэл үзүүлж болохгүй; тэднийг зогсоож, хязгаарлах ёстой. Мэдээж, улс төр ярьдаг хүмүүс заавал ёрын муу эсвэл сайн байх албагүй; тэд зүгээр л ийм асуудал, сэдэвт дуртай байж магадгүй. Гэхдээ энэ хүмүүс үнэнийг үнэхээр эрэлхийлдэггүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Товчхондоо, энэ хүмүүсийг хэрхэн зохицуулах зарчмыг аль хэдийн тодорхой нөхөрлөсөн: Тэдэнд Бурханы гэрийн дүрэм журмыг хэлж өг. Хэрвээ тодорхой тайлбарласны дараа тэд улс төрийн сэдвээр үргэлжлүүлэн ярьсаар, анхааруулгыг үл тоовол тэднийг тусгаарла. Тэд гэмшсэнийхээ дараа л чуулганы амьдралаар үргэлжлүүлэн амьдарч болно. Хэрвээ тэд хэзээ ч гэмшихгүй бол тэднийг цуглаанд бүү ирүүл. Энэ асуудлыг зохицуулах нь ийм л энгийн байх ёстой. Энгийн асуудлыг бүү төвөгтэй болго, ингэх хэнд ч ашиггүй.
2021 оны 7 дугаар сарын 24