Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (22)

Өнгөрсөн удаа бид удирдагч, ажилчдын арван гурав дахь үүрэг хариуцлага болох “Бурханы сонгосон хүмүүсийг антихристийн үймээн, төөрөгдөл, хяналт, хор хөнөөлөөс хамгаалж, тэднийг антихристийг ялган таньж, зүрх сэтгэлээсээ авч хаядаг болгох” талаар нөхөрлөсөн. Одоо эргэн харъя: Удирдагч, ажилчдын арван гурав дахь үүрэг хариуцлагын тодорхой агуулгатай холбоотой ямар тодорхой зүйлсийн талаар бид нөхөрлөсөн бэ? (Бид ил болгох, засах, задлан шинжлэх, хязгаарлах, хянах гэсэн таван зүйлийн талаар нөхөрлөсөн.) Энэ таван зүйл бол удирдагч, ажилчдын энэ үүрэг хариуцлагад багтдаг тодорхой ажлууд юм; эдгээр нь антихристүүдтэй холбоотойгоор удирдагч, ажилчдын гүйцэтгэх хэрэгтэй тодорхой ажлууд юм. Тэгвэл эдгээр ажлын тухайд хуурамч удирдагчдад ямар илрэл байдаг вэ? Бид өнгөрсөн удаа бас зарим нарийн ширийн зүйлийн талаар нөхөрлөсөн үү? (Тийм ээ.) Хуурамч удирдагчдын илрэл дараах байдалтай байдаг: Нэг дэх нь, тэд хүмүүсийг гомдоохоос айдаг бөгөөд антихристүүдийг зайлуулах юм уу хөөж зүрхэлдэггүй. Хоёр дахь нь, тэд антихристүүдийг ялган таньж чаддаггүй. Гурав дахь нь, тэд антихристүүдийн хамгаалалтын шүхэр болдог. Дөрөв дэх нь, тэд Бурханы сонгосон хүмүүст хариуцлагагүй ханддаг. Хариуцлагагүй байдал нь яаж харагддаг вэ? Антихристүүдийн үймээн, төөрөгдөлтэй тулгарах үедээ хуурамч удирдагчид ах эгч нарыг хамгаалж чаддаггүй, антихристүүдийн муу үйлийг ил болгож чаддаггүй, Сатаны арга мэхийг ил болгож чаддаггүй, антихристүүдийг ялган танихад нь ах эгч нарт туслахын тулд үнэнийг нөхөрлөж чаддаггүй—тэд ийм ажил хийдэггүй. Түүнчлэн, антихристүүдэд төөрөлдсөн, биеийн хэмжээ жижиг, ялган таних чадваргүй хүмүүсийн төлөө тэд сэргээн засах ямар ч ажил хийдэггүйгээр үл барам, “Хохь нь” гэх зэрэг хүн чанаргүй зүйл хэлдэг. Энэ бол хариуцлагагүй байдлын тодорхой илрэл бөгөөд хуурамч удирдагчид чуулганы ажлын төлөө ачаа үүрэх сэтгэлгүй болохыг илтгэдэг. Эдгээр илрэл нь антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, үймүүлэх үед хуурамч удирдагчдын гаргадаг тодорхой үйлдэл, арга барил юм. Энэ ажилд хандах тэдний тодорхой хандлага нь хариуцлагагүй, үнэнч бус байдал юм. Тэд антихристүүдэд ногоон гэрэл асаахын тулд янз бүрийн шалтаг тоочиж, янз бүрийн арга хэрэглэн, антихристүүдийн хамгаалалтын шүхэр болдог бөгөөд чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүй. Хэрвээ хуурамч удирдагчид, антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг үймүүлж, төөрөлдүүлж, хянаж, ноцтойгоор хорлох зэрэг асуудлыг даруй шийдвэрлэж, дараа нь антихристүүдийг хязгаарлаж, тусгаарлаж, зайлуулж эсвэл хөөж чаддаг байсан бол Бурханы сонгосон хүмүүс хамгийн сайн хамгаалалтыг хүртэх байсан. Гэвч удирдагчийн хувиар тэд энэ ажилд чадваргүй байдаг. Тодорхой өнцгөөс харвал, тэд антихристүүдийг далдуур хамгаалж, замыг нь засаж өгдөг, ингэснээрээ Бурханы сонгосон хүмүүсийг үргэлжлүүлэн төөрөлдүүлж, хянаж, ноцтойгоор хорлож, чуулганы хэвийн амьдрал болон Бурханы сонгосон хүмүүсийн үүргийн гүйцэтгэлийг үймүүлэхэд тэднийг хүргэдэг гэж хэлж болно. Эдгээр нь хуурамч удирдагчдын янз бүрийн илрэл юм.

14-р зүйл: Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь цэвэрлэж, хөөх (I хэсэг)

Удирдагч, ажилчдын арван гурав дахь үүрэг хариуцлагын талаар нөхөрлөж дууссан тул өнөөдөр бид арван дөрөв дэхийнх нь талаар нөхөрлөнө. Арван дөрөв дэх үүрэг хариуцлагын агуулга нь зарим талаараа арван гурав дахьтай төстэй. Арван дөрөв дэх үүрэг хариуцлагын хүрээнд удирдагч, ажилчдын хийх хэрэгтэй тодорхой ажил нь зөвхөн антихристүүдтэй холбоотой төдийгүй, төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг хамардаг тул арван гурав дахь үүрэг хариуцлагаас илүү өргөн хүрээтэй байдаг. Арван дөрөв дэх үүрэг хариуцлагын талаар нөхөрлөхөөсөө өмнө эхлээд агуулгыг нь уншъя. (Удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлага: “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь цэвэрлэх юм уу хөөх.”) Энэ өгүүлбэр урт биш боловч удирдагч, ажилчдын хийх хэрэгтэй тодорхой ажлын тухайд энэ нь харагдаж байгаа шигээ тийм энгийн биш юм. Энэ өгүүлбэрт дурдсан удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага яг юу вэ? Удирдагч, ажилчдын гүйцэтгэх хэрэгтэй ажлын бай нь хэн бэ? (Төрөл бүрийн ёрын муу хүмүүс болон антихристүүд.) Хийгдэх хэрэгтэй тодорхой ажил нь юу вэ? (Тэднийг даруй ялган таних. Нэгэнт ялган таньсан бол тэднийг зайлуулах юм уу хөөх.) Хойшлуулж алгуурлалгүйгээр даруй ялган таних; шинж тэмдгийг нь олж тогтоомогцоо оновчтой дүгнэлт, тодорхойлолт гаргаж, дараа нь холбогдох хүмүүсийг зайлуулах замаар арга хэмжээ авах ёстой. Үнэндээ удирдагч, ажилчдын хийх хэрэгтэй тодорхой ажил нь хоёр зүйлээс бүрддэг: хүмүүсийг ялган таних, асуудлыг шийдвэрлэх. Өнгөн дээрээ энэ нь ийм энгийн мэт санагдана: Эхлээд ялган таньж, дараа нь Бурханы гэрийн зайлуулах юм уу хөөхийг шаарддаг төрөл бүрийн ёрын муу хүмүүс болон антихристүүдэд чиглэсэн шийдэл, арга хэмжээг даруй боловсруулах. Энэ өнцгөөс харвал, удирдагч, ажилчид энэ ажлыг сайн хийж, үүрэг хариуцлагаа биелүүлэх нь нэг их хүндрэлгүй, амархан мэт харагдаж байна, учир нь Бурханы гэр өмнө нь янз бүрийн хүмүүсийг ялган таньж, зайлуулах нарийн ширийн зүйлийн талаар өргөн хүрээтэй нөхөрлөж, энэ талаар их зүйл ярьсан. Өнгөн дээрээ арван дөрөв дэх үүрэг хариуцлагад хамаарах ажил нь өмнө нь нөхөрлөсөн арван хоёр, арван гурав дахь үүрэг хариуцлагын тодорхой агуулгатай зарим талаар төстэй мэт санагдавч арван дөрөв дэх үүрэг хариуцлагын хувьд удирдагч, ажилчдын хийдэг ажлын бай нь зөвхөн антихристүүд бус, мөн төрөл бүрийн ёрын муу хүмүүс байдаг. Энэ нь цар хүрээг тэлж, төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг багтаадаг тул системтэй, тодорхой нөхөрлөл шаарддаг. Учир нь энэ нь нэг төрлийн ёрын муу хүний илрэлийн тухай бус, харин төрөл бүрийнх байдаг тул удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлагын талаар нөхөрлөхдөө бид энэ ажлын байг тодорхойлоход анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ бол нэг тал нь. Түүнчлэн, энэ хүмүүст яг хэрхэн хандах—хязгаарлах уу, тусгаарлах уу, зайлуулах уу, эсвэл хөөх үү гэдэг нь бидний дараагийн дэлгэрэнгүй нөхөрлөх зүйл юм.

Чуулган гэж юу вэ

Энэ ажлын талаар дэлгэрэнгүй нөхөрлөхөөсөө өмнө эхлээд сэдвээс гадуурх нэг зүйлийн талаар нөхөрлөе. Сэдвээс гадуурх энэ зүйл нь сайн мэддэг зүйл байж магадгүй, эсвэл та нарын тодорхой ойлгодоггүй сэдэв байж ч магадгүй. Ямар сэдэв бэ? “Чуулган гэж юу вэ?” гэдэг сэдэв юм. Энэ сэдэв ямар сонсогдож байна? Зарим хүн: “Та удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаар нөхөрлөж байгаа юм чинь зөвхөн тэр талаар л тодорхой нөхөрлө л дөө. Чуулган гэж юу болох талаар яагаад нөхөрлөж байгаа юм бэ? Энэ нь энэ сэдэвтэй холбоотой юм уу?” гэж хэлж магадгүй. Өнгөн дээрээ энэ нь хамааралгүй мэт санагдаж магадгүй бөгөөд зарим нь бүр “Энэ огт хамааралгүй сэдэв байна. Яагаад үүнийг гаргаж ирж нөхөрлөж байгаа юм бэ?” гэж хэлж магадгүй. Та нар юу гэж бодохоос үл хамааран эдгээр бодлоо хойш тавиад, эхлээд чуулган гэж юу болохыг тунгаан бодоцгоо. Энэ үгийн тодорхойлолт болон “чуулган” гэх нэршлийг тодорхой нөхөрлөмөгц бид яагаад энэ сэдвээр нөхөрлөж байгааг та нар мэдэх болно.

I. Чуулганы талаарх хэд хэдэн ойлголт

Чуулган гэж юу болох талаар нөхөрлөх нь “чуулган” гэх нэршилд тодорхой, оновчтой тайлбар өгнө гэсэн үг; энэ нь “чуулган” гэх нэр томьёоны тодорхой, оновчтой тодорхойлолтыг хэлж өгнө гэсэн үг юм. Эхлээд та нар “чуулган” гэх нэр томьёог хэрхэн ойлгож, ухамсарлаж байгаагаа ярилцаж болно. Чуулган гэж юу вэ? Онолын тайлбараас эхлээд, дараа нь илүү тодорхой, харьцангуй бодит тодорхойлолт руу орцгооё. (Миний ойлгосноор, Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг эрэлхийлдэг ах эгч нар Бурханд шүтэн мөргөхөөр цуглардаг газрыг чуулган гэж нэрлэдэг.) Энэ тодорхойлолт нь чуулган ямар төрлийн газар болохыг зааж байна; энэ нь үндсэндээ материаллаг, биет зүйл юм. Энэ бол онолын тодорхойлолт. Энэ тодорхойлолт оновчтой юу? Ямар нэгэн алдаа байна уу? Онолын хувьд энэ тодорхойлолт нь хүлээн зөвшөөрөхүйц. Нэмж хэлэх хүн байна уу? (Би жаахан нэмье. Бурханы илрэлт, ажлаас үүдэн, мөн Бурхан үнэнийг илэрхийлснээс үүдэн Бурханыг дагадаг бүлэг хүмүүс бий болсон; тэдний бүрдүүлдэг хамт олныг чуулган гэж нэрлэдэг.) Энэ тодорхойлолт нь чуулган ямар төрлийн хамт олон болохыг тодорхойлж байна. Энэ нь бас албан ёсны, онолын тодорхойлолт юм. (Энэ бүлэг хүмүүс Ариун Сүнсний ажилтай, Бурханы үгийг уншихаар цугларах үедээ Ариун Сүнсний гэгээрэлтэй байдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, амиа өсгөж чаддаг гэдгийг би нэмж хэлмээр байна. Чуулган бол ийм хүмүүсийн цугларалт юм.) Чуулганы тодорхойлолт дээрх энэ нэмэлт нь ямар төрлийн цугларалт болохыг тодорхойлж байна—энэ цугларалтын тодотгол нь Бурханы үгийг идэж уух, Ариун Сүнсний ажилтай байх, амиа өсгөх явдал юм. Энэ нь бас үндсэндээ чуулганы албан ёсны, онолын тодорхойлолт юм. Өөр нэмэх зүйл байна уу? (Энэ бол Бурханы үгийг хэрэгжүүлэлтийн зарчим болгон үздэг, үнэн болон Христэд захирагддаг бүлэг хүмүүс юм. Энэ бүлэг Бурханы ажлыг туулж, үнэнийг хүлээн авч, амиа өсгөж, аврагдаж чадна. Ийм бүлгийг чуулган гэж нэрлэдэг.) Энэ “бүлэг” нь дөнгөж сая дурдсан “хамт олон”-той адилхан байна. Өөр нэмэх зүйл байна уу? Хэрвээ та нарт өөр нэмэх зүйл байхгүй бол дээр дурдсан дөрвөн ойлголтыг дахин хэлж болно; тухайлбал, Бурханд итгэж эхэлснээсээ хойш одоог хүртэл чи чуулганы тодорхойлолтыг яг юу гэж үзсээр ирснээ хэлж болно. Үүнийг онолын хувьд тодорхойлох нь амархан байх ёстой, тийм үү? Жишээ нь, Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, шүтэн мөргөдөг хамт олныг чуулган гэж нэрлэж болно; эсвэл Бурханы хүслийг дагаж, Бурханд дуулгавартай байхаар эрэлхийлж, Бурханыг шүтэн мөргөдөг бүлгийг чуулган гэж нэрлэж болно; эсвэл Ариун Сүнсний ажил, Ариун Сүнсний удирдамжтай, Бурханы өмнө байдаг бөгөөд Бурханыг шүтэн мөргөж чаддаг бүлгийг чуулган гэж нэрлэж болно. Эдгээр нь чуулганы онолын тодорхойлолт биш гэж үү? (Мөн.) Та нар бүгд чуулганы тодорхойлолт дахь эдгээр тодотголын агуулгыг ойлгож, мэдэж байгаа, тийм үү? (Тийм.) Тэгвэл давтаад хэлцгээ. (Чуулган гэдэг нь Бурханд чин сэтгэлээсээ итгэж, Христийг дагадаг хүмүүсийн хамт олныг хэлдэг. Жинхэнэ чуулган Ариун Сүнсний ажилтай, Бурханы удирдамжтай байдаг; энэ нь Христ болон үнэнд захирагддаг, тэнд Бурханыг дагагчид Бурханы үгийг идэж ууж, Бурханы ажлыг туулж, амь-оролттой байдаг. Энэ бол жинхэнэ чуулган юм. Чуулган нь шашны нийгэмлэгүүдээс ялгаатай. Чуулган нь шашны зан үйл үйлддэггүй, эсвэл Бурханыг гаднах хэлбэр төдий шүтэн мөргөдөггүй.) Энэ бол үндсэндээ чуулганы талаарх онолын тодорхойлолт юм. Жишээ нь, чуулган бол Бурханаар дуудагдсан хүмүүс цугладаг газар гэж тодорхойлох, эсвэл чуулган бол Бурханд чин сэтгэлээсээ итгэж, дагаж, дуулгавартай байж, шүтэн мөргөдөг хүмүүсийн хамт олон гэж тодорхойлох, эсвэл чуулган бол Бурханаар дуудагдсан хүмүүсийн цугларалт гэж тодорхойлох гэх мэт—эдгээр нэршил нь янз бүрийн бүлэг итгэгчдийн чуулганы талаарх зарим үндсэн ойлголт юм уу тодорхойлолтыг тусгадаг. Өөр өөр шашин, урсгалууд чуулганыг яг юу гэж тодорхойлдгийг ярихаа больё—Бурханыг дагадаг бидний хувьд чуулганы тодорхойлолт юу вэ? Энэ нь Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, Ариун Сүнсний ажилтай, Бурханы удирдамжтай, Бурханы үгийг идэж ууж, үнэнийг эрэлхийлж, Бурханд дуулгавартай байхаар эрэлхийлж, Бурханыг шүтэн мөргөж чаддаг бүлэг хүмүүсээс өөр юу ч биш юм. Үүнийг газар, хамт олон, цугларалт, нийгэмлэг, бүлгэм, эсвэл өөр юу ч гэж тодорхойлсон бай—ямар ч нэр томьёо ашигласан бай—тодорхойлолтын тодотголууд нь үндсэндээ эдгээр юм. Чуулганы талаарх хүмүүсийн үндсэн ойлголтоос, мөн “чуулган” гэх нэршлийг тодорхойлоход та нарын ашиглаж буй тодотголоос харахад, хүмүүс Бурханыг дагаж, зарим үнэнийг ойлгомогцоо чуулганыг жирийн нэг нийгэмлэг юм уу бүлэг гэж ойлгохоо больдог нь тодорхой байна. Харин энэ нь Бурханд чин сэтгэлээсээ итгэх, Бурханы үгийг унших, Ариун Сүнсний ажилтай байх, Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөж чадахтай холбоотой, эсвэл амь-оролт, зан чанарын өөрчлөлт, Бурханд гэрчлэл хийх болон бусад зүйлийг хамарсан талуудтай холбоотой байдаг. Ингэж харахад, Бурхан ажлаа хийж эхэлснээс хойш ихэнх хүний зүрх сэтгэл дэх “чуулган” гэх нэршлийн талаарх ойлголт, ухаарал илүү гүн гүнзгий, илүү тодорхой болсон бөгөөд энэ нь чуулганы талаарх Бурханы санаатай илүү нийцдэг. Энэ нь барилга, нийгмийн бүлгэм, хэлтэс, байгууллага, эсвэл өөр ямар нэгэн зүйл шиг энгийн зүйл байхаа больсон; харин Бурханд итгэх, Бурханы үг, үнэн, Бурханыг шүтэн мөргөх зэрэг зүйлтэй холбоотой байдаг.

II. Чуулганы оршин тогтнолын үнэ цэн ба хийдэг ажил

Чуулганы талаарх тодорхой ойлголт, тодорхойлолтын тухайд бид одоо яаран дүгнэлт хийхгүй. Та нар “чуулган” гэх нэршил юм уу үүний тодорхойлолтын талаар үндсэн ойлголттой болсныхоо дараа чуулганы оршин тогтнолын үнэ цэн, чуулган оршин тогтносноор бий болдог ажил, хүмүүсийн дунд чуулганы гүйцэтгэдэг үүрэг роль зэрэг зүйлийн талаар тодорхой мэдэж авсан уу? Эдгээр талын агуулга нь бас чуулганы тодорхойлолттой холбоотой юу? Энгийнээр хэлбэл, чуулганы хийдэг зүйл бол түүний оршин тогтнолын үнэ цэн юм. Жишээ нь, нэг байшинг авч үзье—энэ байшингийн зорилго юу вэ? Энд амьдарч, үүнийг ашигладаг хүмүүсийн хувьд үнэ цэн, ач холбогдол нь юу вэ? Ядаж л энэ нь салхи, борооноос нөмөрлөдөг бөгөөд энэ нь үнэ цэнийнх нь нэг юм; өөр нэг үнэ цэн нь гэвэл, ядарч туйлдан, очих газаргүй болох үед чинь гэр бол чиний амарч, амар тайван, сэтгэл хангалуун байж болох газар юм. Энэ байшинг гэр гэж нэрлэдэг боловч чамд зориулсан чиг үүрэг нь юу вэ? Энэ нь салхи борооноос нөмөрлөж, амарч, алжаалаа тайлж, эрх чөлөөг эдлэх боломж олгодог гэх мэт; эдгээр чиг үүрэг нь чамд зориулсан энэ байшингийн үнэ цэн юм. Тэгвэл дахиад хэлье, чуулганы үүрэг роль юу вэ? Чуулган бүрэлдэж, оршин тогтнохын үнэ цэн, ач холбогдол юу вэ? Энгийнээр хэлбэл, чуулган юу хийдэг вэ, ямар үүрэг роль гүйцэтгэдэг вэ? Та нар үүнийг тодорхой мэдэх үү? Чуулган гэж нэрлэгдэхийн тулд, энэ ажил нь жинхэнэ чуулганы хийх ёстой зүйл байхын тулд чуулган ямар тодорхой ажил, ямар төрлийн ажил хийх ёстой вэ, ажлынх нь цар хүрээнд юу багтах ёстой вэ? Энэ бол чуулганы тодорхойлолттой холбоотойгоор нөхөрлөх ёстой зарим тодорхой агуулга юм. Нэгдүгээрт, чуулган яг ямар ажил хийдэг вэ? (Голчлон Бурханы үгийг дэлгэрүүлж, Бурханы ажлыг гэрчилж, сайн мэдээг түгээж, илүү олон хүнийг Бурханы өмнө ирүүлж, Түүний авралыг хүлээн авхуулдаг.) Энэ нь тодорхой ажил мөн үү? (Мөн.) Энэ бол чуулганы оршин тогтнолын ач холбогдол, чуулганы хийх хэрэгтэй тодорхой ажлуудын нэг боловч бүх зүйл нь биш юм. Бурханы үгийг дэлгэрүүлж, Бурханы ажлыг гэрчлэх нь тодорхой ажил мөн. Энэ ажлыг хэн хариуцдаг вэ? Одоогийн сайн мэдээний баг хариуцдаг. Чуулган өөр ямар ажил хийдэг вэ? (Хамтдаа цугларч, Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийг нөхөрлөхөд нь ах эгч нарыг зохион байгуулж, үнэнийг тасралтгүй ойлгож, үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой болгох.) Энэ тодорхой ажил нь хүмүүсийг Бурханы үгийг идэж уух, үнэнийг ойлгох, үүргээ хэвийн гүйцэтгэхэд хөтлөх явдал юм. Бурханы үгийг дэлгэрүүлэх нь чуулганы томоохон, чухал ажил юм. Хүмүүсийг Бурханы үгийг идэж уух, үнэнийг ойлгох, үүргээ хэвийн гүйцэтгэхэд хөтлөх нь чуулганы үндсэн ажил юм; энэ нь дотоод талд чиглэсэн байдаг. Нэг нь гадаад, нөгөө нь дотоод энэ хоёр ажил нь чуулганы оршин тогтнолоос бий болдог ажил юм. Эдгээрийг бас чуулганы гүйцэтгэх ёстой хоёр чухал ажил гэж хэлж болно. Өөр ажил байна уу? (Өөр нэг ажил нь хүмүүсийг цэвэрлэгдэж, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд Бурханы шүүлтийг туулахад хөтлөх явдал юм.) Энэ бол чуулганы дотоодод хийгддэг тодорхой ажил юм. Та нарын дурдсан энэ бүх ажил үндсэндээ төлөөлөгч ажлууд юм. Төрөл бүрийн орчин нөхцөлийг туулах, шүүлт, гэсгээлт, засалт туулах гэх мэтээр Бурханы ажлыг туулж, эцэст нь зан чанарын өөрчлөлтөд хүрч, аврал хүртэх нь тодорхой ажил юм. Энэ бол чуулган бүрэлдэж, оршин тогтнохдоо хүмүүст үзүүлдэг үр нөлөө, нөлөөлөл юм. Бурханы үгийг дэлгэрүүлж, Бурханыг гэрчлэх ажлыг зөвхөн сайн мэдээний баг гүйцэтгэдэггүй; үүнийг мөн төрөл бүрийн туршлагын гэрчлэлийн нийтлэл, магтан дуу, төрөл бүрийн видео, кино зэргээр гүйцэлдүүлдэг бөгөөд эдгээр нь ч бас Бурханы үгийг дэлгэрүүлэх ажилд багтдаг тодорхой агуулга, төслүүд юм. Түүнчлэн, чуулганы амьдралтай холбоотой ажлууд бий: үнэнийг ойлгохын тулд Бурханы үгийг идэж уух, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг мэдэж чаддаг байх, зан чанарын өөрчлөлтөд хүрч, аврал хүртэхийн тулд үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханы ажлыг болон Бурханы бүрдүүлсэн төрөл бүрийн орчин нөхцөлийг туулах. Эдгээр нь чуулган бүрэлдэн бий болсны дараа чуулганы оршин тогтнол дээр үндэслэн бий болдог хэдэн ажил юм. Эдгээр гол ажлаас гадна дагалдах ажлууд гэж бий юу? Дагалдах ажил гэж юу вэ? Энэ нь чухал бус юм уу арын албаны ажлыг хэлдэг, гэхдээ энэ нь бас Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэхэд зарим талаар ашиг тустай байдаг; энэ ажил хүмүүсийн амийн өсөлт болон хэрэг явдлын талаарх үзэл бодлын өөрчлөлтөд эергээр нөлөөлж чаддаг. Онцгой нөхцөл байдалд, чуулганы ажлаас үүдэн гардаг, хүмүүсийн бие махбодын амьд үлдэхтэй холбоотой арын албаны ажил нь чуулганы зайлшгүй чухал ажилд тооцогдох уу? Жишээ нь, үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг шаардлагатай хоол хүнсээр хангах газар тариалан, мал аж ахуй болон бусад үйл ажиллагаа—эдгээр нь чуулганы үндсэн ажилд тооцогдох уу? (Үгүй.) Үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг компьютер, тоног төхөөрөмж болон бусад зүйлээр хангах тухайд—эдгээр нь чуулганы үндсэн ажилд тооцогдох уу? (Үгүй.) Тэгвэл чуулганы үндсэн ажил гэж юуг хэлдэг вэ? Энэ нь чуулганы тодорхойлолттой холбоотой. Чуулганы талаарх та нарын өмнөх тодорхойлолтууд сайн байсан; Би тэдгээрт нэлээд сэтгэл хангалуун байсан, учир нь та нарын тодорхойлолт дахь тодотголууд нь хүмүүсийн амь-оролт, Бурханд чин сэтгэлээсээ итгэж, дагах, Бурханыг мэдэх, тэр ч бүү хэл зан чанарын өөрчлөлт, Бурханыг дуулгавартай дагах, Бурханыг шүтэн мөргөх зэрэг илүү өндөр дээд үнэнтэй холбоотой байсан. Энэ өнцгөөс харвал, чуулганы оршин тогтнол нь хүмүүсийг дулаан байлгах, хооллох, эрүүл байлгах, хэтийн ирээдүйг нь анхаарах гэх мэт махан биеийн амьдрал, ашиг сонирхолтой нь холбоотой зүйлсийн төлөө огт байдаггүй. Чуулган нь хүмүүсийн бие махбодыг амьд үлдээх, эсвэл хүмүүст махан биеийн амьдралыг илүү сайн эдлүүлэхийн тулд оршин тогтнодоггүй. Зарим хүн: “Тэр чинь буруу. Бидний бие махбодын амьдрал, оршин тогтнолыг Бурханы үгэнд дурдсан байдаг бөгөөд бидэнд орчин үеийн урлаг болон эрүүл байх тухай мэдлэгт суралцахыг хэлдэг. Эдгээр нь бидний амь үлдэхтэй холбоотой биш гэж үү?” гэдэг. Эдгээрийг чуулганы үндсэн ажил гэж үздэг үү? (Үгүй.) Чуулган нь Бурханд итгэгчдээс бүрддэг бөгөөд хүмүүсийн амьдралд хоол хүнс, хувцас хунар, орон байр, унаа тэрэг, өдөр тутмын хэрэгцээт зүйлс аяндаа багтдаг тул явдлын далимд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нь чуулган хүмүүст тусалдаг. Эдгээр нь шийдвэрлэгдсэнээр хүмүүс “Чуулган бас бидний өдөр тутмын хэрэгцээг хариуцдаг. Энэ бол чуулганы ердийн ажил бөгөөд үндсэн ажил нь” гэж боддог. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? (Тийм ээ.) Юунаас болж ингэж буруу ойлгодог вэ? (Тэд чуулганы үндсэн ажил юу болохыг тодорхой мэддэггүй.) Тэд яагаад үүнийг тодорхой мэдэхгүй хэвээр байна вэ? Тэдний ухамсарлах чадварт асуудал байгаа юм биш үү? (Тийм.) Яагаад тэдний ухамсарлах чадварт асуудал байна вэ? Энэ бол хэв чанарын асуудал. Эцсийн эцэст энэ нь хэв чанар муутайгаас болдог.

Чуулганы үндсэн ажлын тухайд дөнгөж сая гурван зүйлийг дурдсан: Нэг нь Бурханы үгийг гэрчилж, дэлгэрүүлэх. Нөгөө нь хүмүүсийг Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийн бодит байдалд ороход хөтөлж, үнэнийг ойлгох, Бурханы үгийг хэрэгжүүлэх, үүргээ илүү сайн гүйцэтгэхэд нь туслах. Гурав дахь нь хүмүүсийг Бурханы ажлыг туулах, Бурханы дээд эрхийг мэдрэх, Бурханы үгийг ойлгосны үндсэн дээр зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд завхарсан зан чанараа хаяхад хөтлөх явдал юм. Энэ бүхэн нь хүмүүсийг аврал хүртэхэд хүргэх зорилготой. Та нар энэ гурван зүйлийг сайн нэгтгэн дүгнэлээ; эдгээр нь чуулганы хийх хэрэгтэй ажил бөгөөд хүн төрөлхтөн, чуулганы гишүүд, Бурханы сонгосон хүмүүсийн хувьд чуулганы оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдол юм. Гэхдээ энэ нь хангалттай иж бүрэн биш байна. Эдгээр үндсэн ажлаас гадна, чуулганы хийдэг энэ ажлыг туулж мэдрэхээс өөр ямар үндсэн ашиг тусыг хүмүүс олж авдгийг дахин бодоод үз. (Хүмүүс төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таньж сурдаг.) Төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таних нь бага зэрэг дөхөж очиж байна; энэ нь чуулганы үндсэн ажилтай холбоотой. Үндсэн ажлын тухай ярих үед бид төлөөлөл болох ажлуудыг ярьж байгаа юм. Бидний дөнгөж сая нөхөрлөсөн зүйл бол хүмүүсийн олж авдаг эерэг ололт, эсвэл хүмүүсийн оролцдог юм уу туулдаг, чуулганы гүйцэтгэдэг зарим ажил юм. Эдгээр үндсэн ажлаас гадна чуулганы оршин тогтнолын өөр нэг үнэ цэн бол хүмүүст хүн төрөлхтөн, ертөнц, харанхуйн нөлөөг ойлгоход туслах явдал юм. Энэ нь та нарын нөхөрлөсөн гурван ажлаас гаднах чуулганы үндсэн ажил мөн үү? Энэ нь тодорхой ажил мөн үү? (Мөн.) Эхний гурван ажилтай харьцуулбал энэ нь дагалдах ажилд тооцогддог. Яагаад үүнийг дагалдах гэж тооцдог вэ? Яагаад гэвэл, энэ нь эхний гурван ажлыг туулснаар хүмүүсийн хүрдэг үр дүн юм—үүнд Бурханы ажлыг туулж, Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгож, өөрийнхөө завхарсан зан чанарыг ойлгож, Бурханыг мэдсэнээр хүрдэг. Үр дүн нь гэвэл, хүмүүс энэ хорон муу хүн төрөлхтөн, энэ харанхуй ертөнц, харанхуйн нөлөөг ойлгож авдаг. Одоо энэ үр дүнд хэсэгчлэн хүрсэн үү? (Тийм.) Энэ нь чуулганы оршин тогтнолын үнэ цэн биш гэж үү? Энэ нь Бурханыг дагадаг хүмүүсийн хувьд чуулганы оршин тогтнолд байх ёстой чиг үүрэг, үр нөлөө биш гэж үү? (Мөн.) Нэг талаар, энэ нь ийм бодитой үр нөлөөтэй; түүнчлэн чуулганууд бас энэ ажлыг эергээр, идэвхтэйгээр гүйцэтгэж байгаа. Энэ ажилд ямар тодорхой төслүүд багтдаг вэ? Жишээ нь, Бурханы сонгосон хүмүүс баривчилгаа, эрүү шүүлт туулж байгаа тухай кинонууд—нэг талаар, эдгээр нь Бурханыг дагадаг хүмүүс Сатаны харгис хавчлагыг амсах үедээ бүтээсэн гэрчлэл юм; нөгөө талаар, эдгээр нь энэ хорон муу хүн төрөлхтөн, энэ харанхуй ертөнц, харанхуй нөлөө Бурханыг болон үнэнийг хэрхэн эсэргүүцэж, ялладгийг, түүнчлэн Бурханыг дагадаг хүмүүсийг харгисаар хавчдаг янз бүрийн аргыг ил болгодог. Эдгээр зүйлийг ил болгохын зэрэгцээ, кинонууд нь хүмүүст хүн төрөлхтөн, ертөнц, харанхуйн нөлөөг энэ өнцгөөс ойлгоход тусалдаг. Зарим хүн: “‘Хүн төрөлхтөн болон ертөнцийг ойлгох’ гэж Та юуг хэлж байна вэ?” гэж хэлдэг. Та нар бүгд үүнийг ямар утгатай гэж бодож байна? (Хүн төрөлхтөн болон ертөнцийн харанхуй, хорон муу байдлыг ойлгох, түүнчлэн бүх хүн төрөлхтөн Бурханд дайсагнадгийн мөн чанарыг ойлгох.) Зөв. Энэ нь хүн төрөлхтний хорон муу, харанхуй байдлыг ойлгох, Бурханы дайсны хувиар бүх хүн төрөлхтний муухай царай, үнэн дүр төрхийг ойлгох гэсэн үг юм. Эрүү шүүлтийн тухай видео эсвэл хувийн туршлагын гэрчлэл нь чуулганы хийдэг энэ ажлын тодорхой жишээ юм. Түүнчлэн, уламжлалт соёл, хүний ёс суртахууны үзэл бодол, тодорхой ястан угсаатан юм уу арьс өнгөтэй хүмүүсийн бодол санаа, түүнчлэн Хятад дахь Даосизм, Күнзийн сургаалын уламжлалт номлол, зарим хуурамч үнэн, хүмүүсийг хүлж, бодол санааг нь хорьдог гэрийн дүрэм, хүмүүжлийг ил болгох—эдгээрийг ил болгохын зорилго юу вэ? Энэ нь ажлын ямар ангилалд багтдаг вэ? Өмнө нь Миний “Хал үзэж, халуун чулуу долоох” түүхэнд задлан шинжилсэн агуулга нь дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, харанхуйн нөлөөг ойлгохын нэг хэсэг биш гэж үү? (Тийм.) Энэ бол энэхүү ажлын тодорхой агуулгын нэг жишээ юм. Тиймээс энэ ажил нь мөн чуулганы гүйцэтгэх ёстой тодорхой ажил юм. Дүгнэж хэлбэл, чуулганы ажил нь нэг талаар үнэнээр дамжуулан хүмүүсийг үнэн-бодит байдал руу эергээр залж чиглүүлж, Бурханыг дуулгавартай дагадаг болгох явдал юм. Нөгөө талаар, энэ нь сатанлаг харанхуй ертөнцийг ил болгож, үнэн болон Бурханд дайсагнадаг Сатаны төрөл бүрийн үйлдлийг ил болгож, хүний нийгэм дэх ёрын муу чиг хандлага, завхарсан хүн төрөлхтний төрөл бүрийн санаа бодол, үзэл, түүнчлэн тэдний тэрс үзэл, ташаарал гэх мэтийг ил болгох явдал бөгөөд ингэснээр хүмүүс энэ хорон муу эрин үеийн жинхэнэ мөн чанар, уг чанарыг ойлгож чадна. Энэ нь чуулганы үндсэн ажил биш гэж үү? (Тийм.) Үнэндээ та нар чуулганы ажлаас аль хэдийн ихийг олж авч, бодитой ашиг тус хүртсэн. Чуулган дахь хүмүүсийн тухайд бол, тэд үнэнийг сонирхдог ч бай, сонирхдоггүй ч бай, Бурханыг гурваас таван жил дагасны дараа үнэнийг нөхөрлөх цуглаан, Бурханы үгийг залбиран-унших, шүтлэггүй хүмүүсийн хавчлага, гүтгэлэг, ёрын муу хүмүүс болон антихристүүдийн үймээн, бусад бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг туулснаар дамжуулан энэ харанхуй ертөнц, хорон муу хүн төрөлхтөн, эрх баригчид, бүхий л ертөнцийн харанхуй нөлөөг өөрийн мэдэлгүй ялган таньж, ойлгодог болно. Эдгээр нь тэдний олж авдаг ололт юм. Тэгвэл эдгээр ололт хэрхэн бий болдог вэ? Эдгээр нь чуулганууд оршин тогтносноор бий болдог уу? Чуулганы хийдэг ажлаас үүдэн бий болдог уу? (Тийм.) Нэг талаар хүмүүс Бурханы үг, ажил, зан чанарын талаар зарим ойлголттой болсон; нөгөө талаар тэд бас дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, харанхуйн нөлөөний талаар зохих ухаарал, ялган таних чадвартай болсон. Энэ хоёр ололтын хүмүүст үзүүлдэг үр дүн, эерэг нөлөө нь аврал хүртэхийн тулд тэдний хүрэх ёстой зүйл юм.

Чуулганы ажил нь товчхондоо Бурханы үг, ажлыг дэлгэрүүлж, гэрчлэх, хүмүүсийг Бурханы үгийг идэж уухад хөтөлж, тэднийг үнэнийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлж, үүргээ илүү сайн гүйцэтгэж чаддаг болгох явдал юм. Түүнчлэн, үнэнийг ойлгосон үндсэн дээр тэд Бурханы ажлыг туулж, завхарсан зан чанараа хаяж, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Энэ гурван талаас гадна, хорон муу хүн төрөлхтөн, харанхуй ертөнц, харанхуйн нөлөөг хүмүүст ойлгуулах явдал үүнд багтдаг. Хэдийгээр чуулганы ажлын төслүүд олон биш ч тодорхой агуулга нь асар их байдаг. Агуулга нь бүгд Бурханы үг, үнэн, завхарсан зан чанараа хаях, Бурханыг дуулгавартай дагахтай холбоотой; мэдээж авруулахтай бүр ч их холбоотой байдаг. Энэ бол чуулганы чиг үүрэг, чуулганы оршин тогтнолын үнэ цэн юм. Чуулганы ажлын тал бүр нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой нягт холбоотой, учир нь энэ нь хүмүүсийн Бурханы үгэнд хандах хандлага, Бурханд хандах хандлага, тэдний аврал болон дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, харанхуйн нөлөөнд хандах үзэл бодол, хандлагыг хамардаг. Товчхондоо, чуулганы оршин тогтнол хүн бүртэй нягт холбоотой бөгөөд чуулганы ажил, чуулганы оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдол нь Бурханы авралыг хүлээн авдаг хүн бүртэй салшгүй холбоотой юм.

Чуулганы хийх хэрэгтэй тодорхой ажлын талаар нөхөрлөснийхөө дараа, “чуулган” гэх нэршил болон чуулганы оршин тогтнолын ач холбогдлын талаарх хүмүүсийн зохисгүй тодорхойлолт, үзэл бодлын тухай ярилцъя. Юун түрүүнд, хүмүүс чуулганыг харьцангуй таатай, дулаан уур амьсгал, нарны гэрлээр дүүрэн газар, зөрчил, дайн, аллага, цус урсгалтаас ангид, харьцангуй найрсаг газар—хүмүүсийн зүрх сэтгэлдээ хүсэн эрмэлздэг, аз жаргалаар дүүрэн хүслэнт газар гэж боддог. Энд үл итгэгч ертөнцөд байдаг атаа жөтөө, зөрчил тэмцэл, явуулга, ёрын муу чиг хандлага юм уу өөр бусад үзэгдэл байдаггүй. Энэ нь хүмүүс зүрх сэтгэлээ тогтоож болох хүслэнт хоргодох газар мэт харагддаг. “Чуулган” гэх нэршлийн талаарх хүмүүсийн төсөөлөл хэчнээн сайхан байхаас үл хамааран, ерөнхийдөө хүмүүс чуулганаас тодорхой хэмжээний сүнслэг хангалтыг олж авдаг. Энэ сүнслэг хангалт нь хүмүүсийн хувьд илүү бодитой тус нэмэртэй байдаг: Бэрхшээл тулгарах үед тэд чуулганд ирж зовлонгоо уудалж болох бөгөөд чуулган тэдний санаа зовнилыг намжааж, бэрхшээлийг нь шийдвэрлэхэд тусалж чадна. Жишээ нь, ажил дээр нь юм уу амьдралд нь бэрхшээл тулгарвал, хүүхдүүд нь дуулгаваргүй бол, нөхөр эсвэл эхнэр нь араар нь тавьдаг бол, хадам ээж, бэрийн хооронд зөрчил гарвал, хамт олон, хөршүүдтэйгээ маргалдвал, хүүхэд нь дээрэлхүүлбэл, газрыг нь орон нутгийн эзэрхэг этгээд булаан авсан бол гэх мэт—ийм зүйлс тохиолдох үед хүмүүс чуулган дахь хэн нэгэн өөрийнх нь талд зогсож, эдгээр асуудлыг шийдвэрлэж, цэгцлэхэд тусална гэж найддаг. Хүмүүсийн бодлоор чуулган бол ийм л газар юм. Хүмүүсийн бодлоор чуулган бол хоргодох газар, хүслэнт диваажин, санаа зовнилыг нимгэлж, бэрхшээлийг шийдвэрлэж, хүчирхийллийг арилгаж, сайхан сэтгэлтэй хүмүүсийг амар тайван амьдруулдаг, шударга ёсыг сахин хамгаалдаг газар гэдэг нь эргэлзээгүй. Амьдрал хэцүүдвэл чуулган тусламж үзүүлэх ёстой; идэх ногоогүй, агшаах будаагүй болбол чуулган тарааж өгөх ёстой; хувцас хунаргүй болбол чуулган худалдаж авч өгөх ёстой; хэн нэгэн өвдвөл чуулган эмчилгээнийх нь мөнгийг төлөх ёстой. Хэн нэгэнд ажил дээр нь бэрхшээл тулгарвал чуулганы ах эгч нар тусламжийн гараа сунгаж, ар өврийн хаалгаар хөөцөлдөж, танил талаа ашиглах юмуу удирдамж заавар өгөх ёстой. Хүүхдүүд нь коллежийн элсэлтийн шалгалт өгч байх үед тэд хүүхдүүдээ коллежид амжилттай орохыг нь баталгаажуулахаар чармайн, хүүхдүүдийнх нь төлөө залбирах илүү олон хүнийг олохоор чуулганд ханддаг. Ямар ч бэрхшээл тулгарсан бай, чуулганд л ирэх юм бол энэ бүх бэрхшээлийг шийдвэрлэж, цэгцэлж болно. Ёрын муу хүмүүст дээрэлхүүлсэн ч гэсэн олон хүнтэй, асар их нөлөө бүхий чуулган асуудлыг зохицуулж чадна. Олон хүний урам зориг, дэмжлэгээр дээрэмчдийн дээрэлхэлтээс айж хулчийхаа болино. Нийгэмд дээрэлхүүлж, гадуурхагдаж, амин зуулга залгуулах аргагүй байнга зүдрэх үедээ ч чуулганаас тусламж эрж, сайн зөвлөгөө асууж, тохирох ажил олж болно. Энэ бүхэн болон үүнээс ч олон зүйл бол чуулганы гүйцэтгэх ёстой үүрэг роль, хийх ёстой ажил гэж хүмүүс үздэг. Хүмүүсийн бодол санаа, үзэл, эсвэл чуулганаас шаарддаг зүйлээс нь харахад тэд чуулганыг нийгмийн халамжийн байгууллага, буяны байгууллага, гэр бүл зуучлалын юм уу ажилд зуучлах агентлаг, эсвэл Улаан Загалмайн Нийгэмлэг гэж эргэлзэх юмгүйгээр үздэг нь тодорхой байна. Зарим нь бүр хэчнээн чадварлаг байсан ч, нийгэмд болон хүн төрөлхтний дундах байр суурь нь ямар ч байсан, найдаж болох хүчирхэг этгээд өөрсдөд нь үргэлж хэрэгтэй гэж боддог. Нийгэмд бэрхшээл тулгарахад эсвэл эрх мэдэлтнүүдтэй нүүр тулах үедээ өөрсдийг нь дэмжиж, өмнөөс нь дуугарч, үйл хэргийг нь залуурдаж, эрхийнх нь төлөө, ашиг сонирхлынх нь төлөө тэмцэх хүчтэй хүчин тэдэнд хэрэгтэй болдог. Тэдний үзэж байгаагаар, чуулган энэ үүрэг ролийг гүйцэтгэж, хүсэж найдсан зорилгыг нь биелүүлж чадах тул чуулган тэдний цорын ганц сонголт болдог. Тэд чуулганыг багш нарын эвлэл, тээврийн эвлэл, тариаланчдын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо гэх мэт нийгмийн бүлэг, байгууллагууд болох нийгмийн эвлэл, холбоо гэж үздэг нь тодорхой. Чуулганы талаарх хүмүүсийн тодорхойлолт үнэндээ ямар байх нь хамаагүй, чуулганы хийдэг ажил болон чуулганы үнэн зөв тодорхойлолтоос харахад хүмүүсийн чуулганд хандах хандлага, шаардлага нь буруу, үндэслэлгүй бөгөөд хүмүүст байх ёсгүй гэдэг нь тодорхой. Чуулган бол “баячуудын хөрөнгийг хураан ядууст тараадаг”, хүчирхийллийг арилгаж, сайхан сэтгэлтэй хүмүүсийг амар тайван амьдруулдаг, эсвэл шударга ёсыг сахин хамгаалдаг газар биш, дэлхий ертөнцөд тусалж, хүмүүсийг авардаг, эсвэл хүмүүсийн санаа зовнилыг нимгэлж, бэрхшээлийг нь шийдвэрлэдэг газар бүр ч биш. Чуулган бол буяны байгууллага, нийгмийн халамжийн байгууллага, нийгмийн нэгдэл биш. Чуулганыг байгуулж, бий болгосон нь нийгмийн бүлэг, байгууллагын үүрэг гүйцэтгэхийн төлөө биш юм. Чуулганы хариуцах ёстой цөөн хэдэн мөн чанарын ажил буюу Бурханы үгийг гэрчилж, дэлгэрүүлэх, хүмүүсийг Бурханы үгийг идэж ууж, Бурханы ажлыг туулж, завхарсан зан чанараа хаяж, авралд хүрэхэд хөтлөхөөс гадна чуулган нийгэмд эсвэл ямар нэгэн угсаатны бүлэгт ямар нэгэн чиг үүрэг, тусламж үзүүлэх үүрэг хүлээдэггүй. Түүнчлэн, чуулган бол хүмүүс өөрсдийнхөө эрх, ашиг сонирхлын төлөө тэмцдэг газар биш бөгөөд хүмүүсийн махан биеийн амьдрал, нийгмийн байр суурь, албан тушаал, цалин, нийгмийн халамж гэх мэтийг баталгаажуулах үүрэг хүлээдэггүй. Хүмүүсийн үзлээр бол чуулганы чиг үүрэг нь хүчирхийллийг арилгаж, сайхан сэтгэлтэй хүмүүсийг амар тайван амьдруулах, шударга ёсыг сахин хамгаалах, хүмүүсийн санаа зовнилыг нимгэлж, бэрхшээлийг нь шийдвэрлэх, дэлхий ертөнцөд тусалж, хүмүүсийг аврах, хүмүүсийн эрх ашгийн төлөө тэмцэх явдал—үндсэндээ ийм чиг үүрэгтэй гэж тэд үздэг. Тиймээс хүмүүс чуулган бол өөрсдийнх нь шуурхай тусламж бөгөөд чуулган ямар ч бэрхшээлийг шийдвэрлэж, цэгцэлж чадна гэж боддог. Хүмүүс чуулганыг нийгмийн институт, байгууллага, эсвэл бүлэг гэж үздэг нь тодорхой. Гэхдээ чуулган тийм институт мөн үү? (Биш.) Хүмүүсийн боддогоор чуулганы оршин тогтнох чиг үүрэг, үүрэг роль нь хүчирхийллийг арилгаж, сайхан сэтгэлтэй хүмүүсийг амар тайван амьдруулах, шударга ёсыг сахин хамгаалах, хүмүүсийн санаа зовнилыг нимгэлж, бэрхшээлийг нь шийдвэрлэх, дэлхий ертөнцөд тусалж, хүмүүсийг аврах, хүмүүсийн эрх, ашиг сонирхлын төлөө тэмцэх гэх мэт бол энэ чуулганыг чуулган гэж нэрлэж болохгүй, учир нь энэ нь Бурханы үг, Ариун Сүнсний ажил, эсвэл хүмүүсийг аврах Бурханы ажилтай ямар ч холбоогүй. Тийм бүлэг, байгууллагыг зүгээр л бүлэг, эсвэл байгууллага гэж нэрлэх ёстой бөгөөд чуулгантай ямар ч хамаагүй, чуулганы ямар ч ажилтай холбоогүй. Хэрвээ нэг байгууллага Бурханд итгэх далбаан дор мөргөлийн үйл ажиллагаанд оролцох, Бурханд шүтэн мөргөх, Библи унших, залбирах, магтан дуу дуулах, магтах гэх мэт үйл ажиллагаа явуулдаг, эсвэл бүр албан ёсны цуглаан, мөргөлтэй, Библи судлалын цуглаан, залбирлын цуглаан, хамтран ажиллагсдын уулзалт, туршлага солилцох уулзалт гэх мэт зүйлтэй байлаа ч гэсэн ямар төрлийн гишүүд, бүтэцтэй байхаас үл хамааран эдгээр нь жинхэнэ чуулгантай ямар ч холбоогүй. Тэгвэл жинхэнэ чуулган гэж яг юу вэ? Энэ нь хэрхэн бий болдог вэ? Жинхэнэ чуулган нь Бурханы илрэлт, Бурханы ажил, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан үнэнийг илэрхийлснээс болж бий болдог. Хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож, Бурхан руу эргэж, Бурханы ажлыг дуулгавартай дагаснаар энэ нь бий болдог. Энэ бол жинхэнэ чуулган юм. Чуулганыг хүмүүсийн зохион байгуулж, үүсгэн байгуулдаг юм биш, харин Бурхан Өөрөө байгуулж, Бурхан Өөрөө удирдаж, хариулдаг. Тиймээс Бурхан Өөрийнхөө чуулгануудад даалгавар өгсөн байдаг. Чуулганы үүрэг даалгавар бол Бурханы үгийг дэлгэрүүлж, Бурханы ажлыг гэрчилж, хүмүүст Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы өмнө эргэн ирж, Бурханы авралыг хүлээн авч, Бурханы ажлыг туулж, Бурханы авралыг олж авч, Бурханд гэрчлэл хийхэд нь туслах явдал юм—ийм л энгийн байдаг. Энэ бол чуулганы оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдол юм.

III. Чуулганы тодорхойлолт

Чуулган гэж юу болох сэдвээр нөхөрлөсний дараа та нар одоо чуулганы үүсэл, чуулганы хийдэг ажил болон хүрдэг үр дүнгийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Та нар бас чуулганы оршин тогтнолын үнэ цэн, утга учрын заримыг ойлгож чадна. Тэгвэл одоо бид чуулган гэж яг юу болох талаар үнэн зөв тодорхойлолт гаргаж чадах уу? Юуны өмнө, чуулган бол хүмүүсийг сэтгэл санааны тайтгарлаар хангадаг газар биш, мөн хүмүүсийг идэх хоол, өмсөх хувцастай байлгахыг баталгаажуулдаг, эсвэл хүмүүст хоргодох газар өгдөг газар ч биш. Чуулган бол хүмүүсийн махан биеийн эрх, ашиг сонирхлыг баталгаажуулдаг, эсвэл амьдралд нь тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэдэг газар биш. Энэ нь хүмүүсийн сүнслэг хоосролыг дүүргэж, сүнслэг тэжээлээр хангадаг газар биш. Чуулган нь хүмүүсийн үзэл, төсөөллөөрөөтаамагладаг зүйл биш юм бол чуулганы тодорхой тодорхойлолт нь яг юу юм бэ? Чуулган гэж яг юу вэ? Библид Эзэн Есүс чуулган гэдэг нэршлийн талаар хамгийн үндсэн тодорхойлолтыг өгсөн. Тэр яг юу гэж хэлсэн бэ? (“Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно” (Матай 18:20).) Энэ үг нь, хэдэн хүн цугларах нь хамаагүй, Ариун Сүнсний ажилтай байж, Бурхан өөрсөдтэй нь хамт байгааг мэдэрч л байвал тэр газар чуулган мөн гэсэн утгатай—яг л энэ. Эцсийн өдрүүдэд Бурхан ажиллаж, үнэнийг илэрхийлэхээр гарч ирсэн. Хүмүүс Бурханы үгийг идэж ууж, залбиран-уншиж, нөхөрлөхөөр цугларах үед Бурхан тэнд байдаг, Ариун Сүнсний гэгээрэл ч бас байдаг бөгөөд энэ нь Бурхан үүнийг чуулган гэж хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Хэрвээ хүмүүс цугларахдаа Бурханы үгийг идэж уудаггүй, зүгээр л хоосон сүнслэг сургаалыг тоть шиг давтдаг, Ариун Сүнсний ажлыг мэдэрч чаддаггүй бол энэ нь чуулган биш юм, учир нь Бурхан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, тиймээс энд Ариун Сүнсний ажил байдаггүй. Бурхан байдаг цугларалтууд Бурханаар ерөөгдөж, удирдуулдаг бөгөөд хүмүүс тийм цуглаанд цугларах үедээ Бурханы үгийг идэж ууж, үнэнийг нөхөрлөж, эсвэл асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран эдгээр нь бүгд Бурханы шаардлага, удирдлагатай холбоотой байдаг, тиймээс бүгд Бурханаар ерөөгддөг. Тийм учраас, нэг төрлийн цугларалт Бурханы удирдамж, удирдлага, оршихуйтай л байвал түүнийг чуулган гэж нэрлэж болно. Энэ бол чуулганы хамгийн энгийн, хамгийн үндсэн тодорхойлолт бөгөөд Нигүүлслийн эрин үеийн чуулганы тодорхойлолт байсан. Энэ нь тухайн үеийн Бурханы ажлын нөхцөл байдлаас үүссэн тул үнэн зөв, хүчинтэй юм. Гэвч эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын энэ үе шатанд Бурхан илүү олон үг хэлж, илүү агуу ажил хийсэн учраас чуулганы тодорхойлолт Нигүүлслийн эрин үеийн тэрхүү үндсэн тодорхойлолтоос илүү гүнзгий байх ёстой. Бурханы ажил урагш ахисан. Чуулган зүгээр л Ариун Сүнсний ажилтай, Бурханы оршихуйтай байхаа больсон. Одоо Бурхан чуулганууддаа биечлэн ажиллаж, тэднийг залж чиглүүлж, хариулж байна; Бурханы сонгосон хүмүүс Түүний одоогийн үгийг идэж ууж, Христийг дагаж, гэрчилж чаддаг. Тиймээс эцсийн өдрүүдийн чуулганы тодорхойлолт Нигүүлслийн эрин үеийнхээс илүү дэвшилттэй; өмнөхөөсөө илүү гүн гүнзгий, илүү үнэн зөв, илүү тодорхой тайлбар бөгөөд мэдээж үнэн болон Бурханы үгээс салшгүй юм. Тэгвэл чуулганыг тодорхойлох хамгийн үнэн зөв, хамгийн тохиромжтой арга зам юу вэ? Нэгдүгээрт, үндсэн тодорхойлолт нь Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг бүлэг хүмүүс байх ёстой. Илүү тодорхой хэлбэл, чуулган гэдэг нь Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүний үгэнд захирагддаг, үнэнийг эрэлхийлдэг, Түүний үгийг хэрэгжүүлж, туулдаг, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, Түүний хүслийг дагаж, Түүний авралд хүрдэг бүлэг хүмүүс юм. Энэ тодорхойлолтын гол хэсэг нь “бүлэг хүмүүс” гэдэгт оршино. Чуулган бол газар, хамт олон, эсвэл нийгэмлэг биш, итгэлтэй хүмүүсийн зүгээр нэг цугларалт бүр ч биш. Энэ “бүлэг” нь арав гаруй хүн, гучаас тавин хүн, эсвэл мэдээж бүр үүнээс олон хүнээс ч бүрдэж болно. Тэд хамтдаа цуглаж, эсвэл жижиг бүлэгт хуваагдан цуглаж болно; энэ нь уян хатан, өөрчлөгдөх боломжтой. Товчхондоо, Бурханы энэ дагагчид Бурханыг өргөмжилж, гэрчилж, шүтэн мөргөж, Бурханы хүслийг дагах үедээ тэд чуулган болдог. Тэдний хэд нь цугларсан байх нь хамаагүй, тэд чуулган хэвээр байна. Жишээ нь, 50 хүнийг жижиг чуулган, 100 хүнийг том чуулган гэж нэрлэдэг—чуулганы хэмжээг гишүүдийн тоогоор тодорхойлдог. Том, дунд, жижиг хэмжээний чуулганууд байдаг бөгөөд чуулган дахь хүмүүсийн тоо тогтмол биш. Чуулган гэдгийн тодорхойлолтыг дахиад нэг харцгаая: Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, Бурханы үгэнд захирагдаж, үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, Бурханы хүслийг дагаж, Бурханы авралд хүрдэг бүлэг хүмүүс. Чуулганыг яагаад ингэж тодорхойлдог вэ? Яагаад гэвэл, Бурхан чуулгануудад ажиллахыг хүсдэг, тэр бүлэг хүмүүсийг аврахыг хүсдэг. Ийм төрлийн бүлэг хүмүүсийг л чуулган гэж нэрлэж болно. Ийм бүлэг хүмүүс цуглах үедээ л Бурханы үгийг хэвийн идэж ууж, хэрэгжүүлж, үнэхээр Бурханд залбирч, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чадна. Тэр бүлэг хүмүүс Бурханы үгэнд захирагдаж, удирдуулдаг; тиймээс ийм бүлэг хүмүүсээр дамжуулан чуулганы тодорхойлолт бий болдог. Шашны хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы ажлыг хүлээн авдаггүй, Бурхан тэднийг авардаггүй учраас тэд чуулган биш, харин шашны нийгэмлэг юм. Энэ бол чуулган ба шашны хоорондох хамгийн тодорхой ялгаа мөн. Зөвхөн чуулган л Бурханы үгэнд захирагддаг бөгөөд Христийн биечлэн хариулдаг чуулган л Бурханы үгэнд захирагддаг. Бурханы үгээр удирдуулна гэж юу гэсэн үг вэ? Энд Ариун Сүнсний ажил, эсвэл Ариун Сүнсний удирдамж, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг дурдах хэрэгтэй юу? (Үгүй.) Надад хэл дээ, аль нь илүү бодит вэ: Бурханы үгэнд захирагдах уу, эсвэл Ариун Сүнсний ажилтай байх уу? (Бурханы үгэнд захирагдах.) Бурханы үгээр удирдуулах нь илүү бодит, илүү тодорхой. Ариун Сүнсний ажил нь хүмүүст үнэнийг ойлгоход нь тусалж, Бурханы үгэн дотроос хэрэгжүүлэлтийн зарчмыг олоход нь тэднийг хөтлөхийн тулд зүгээр л зарим гэгээрэл, гэрэлтүүлэлтийг өгдөг. Хүрсэн үр дүн нь тэд Бурханы үгээр удирдуулдаг явдал юм. Хэрвээ Ариун Сүнс ажиллаагүй бол хүмүүс Бурханы үгийг ойлгож, зарчмуудыг ухамсарласнаар үүргээ сайн гүйцэтгэсээр байж чадах уу? (Чадна.) Одоо Бурханы үг маш их хэлэгдсэн; хүмүүс номлолыг байнга сонсож, Бурханы үгийг ойлгож чадна. Ариун Сүнсний ажилгүй байсан ч хүмүүс юу хийхээ мэддэг. Үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг ойлгож л байвал Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы ажлыг дуулгавартай дагаж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс Бурханы үгийг сонссон ч ойлгохгүй, бага зэрэг ойлгосон ч гэсэн хэрэгжүүлэхийг хүсэхгүй тул гагцхүү таягдан хаягдаж л чадна. Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг биечлэн удирдаж, хариулахын тулд үнэнийг шууд илэрхийлдэг. Ариун Сүнсний ажил зөвхөн туслах чанарын ажил юм. Энэ нь дөнгөж хөлд орж буй хүүхдэд том хүн хааяа тусламжийн гараа сунгадагтай адилхан. Хүүхэд тогтвортой алхаж, гүйж чаддаг болмогц түүнийг түших хэрэггүй болдог. Тиймээс Ариун Сүнсний ажил нь туйлын биш, шийдвэрлэх чухал ч биш. Хүмүүс Бурханы үгээр удирдуулна гэдэг нь тэд Бурханы үгийг ойлгож, үнэнийг ойлгож, Бурханы үг ямар утгатайг, хүмүүсээс Бурханы шаарддаг зарчим, стандарт юу болохыг мэддэг, эдгээр зарчим, стандартыг ойлгож, хэрэглэж чаддаг гэсэн үг. Хүмүүсийн зүрх сэтгэл Бурханы үгээр удирдуулна гэдэг нь энэ юм. Бурхан эдгээр зүйлийн талаар хангалттай тодорхой, ойлгомжтой хэлсэн тул энд Ариун Сүнсний ажлыг дурдах шаардлагагүй. Эцсийн өдрүүдэд Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, үнэн нэг бүрийг хүмүүст тодорхой, ойлгомжтой болгосон. Тиймээс Ариун Сүнсний ажил төдийлөн чухал биш бөгөөд зөвхөн туслах чанарын ажил юм. Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үед, эсвэл Бурхан маш олон үгийг ийм бүрэн гүйцэд, тодорхой айлдаагүй байх үед л Ариун Сүнс хүмүүст туслах, сэжүүр өгөх зарим ажлыг хийдэг ба энэ нь хүмүүст бага зэрэг энгийн гэрэл өгч, тэднийг бага зэрэг шавдуулж, амьдрал болон янз бүрийн орчинд зөв сонголт хийж, зөв замаар явахад нь тусалдаг. Одоо үе бол Бурхан биечлэн үг хэлж хүн төрөлхтнийг удирддаг, Бурханы үг бүх зүйлийг ноёрхдог Бурханы үгийн эрин юм. Ариун Сүнсний ажил зөвхөн туслах үүрэгтэй. Хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч чадах үед Бурханы санаа зорилго хангагдана.

Чуулганы үндсэн тодорхойлолт дахь эхний хэллэгийг харцгаая: “Бурханыг чин сэтгэлээсээ дагах.” Энэ “чин сэтгэлээсээ” гэдэг нь тодорхой утгатай. Энэ нь зүгээр л цаг нөхцөөж байгаа хүмүүс, нэр төдий орон тоо бөглөж байгаа хүмүүс, цадталаа талх идэж байгаа хүмүүс, аврагдахын тулд нигүүлсэлд найддаг хүмүүс, эсвэл ямар нэг далд сэдэл, зорилготой хүмүүсийг хэлдэггүй. Тэгвэл “чин сэтгэлээсээ” гэж юу гэсэн үг вэ? Хамгийн үндсэн, хамгийн энгийн тайлбар нь энэ: Хэн нэгэн хүн Бурхан, үнэн, эсвэл Бүтээгчийн тухай сонсох л юм бол зүрх сэтгэлдээ хүсэн тэмүүлж, дуртайяа өөрийгөө хаяж, дуртайяа өөрийгөө зориулж, дуртайяа зовлон бэрхшээл туулж, Бурханы өмнө ирэн Бурханы дуудлагыг хүлээн авч, Бурханыг дагахын тулд бүхнийг орхиход бэлэн байх явдал юм. Тэдэнд чин сэтгэл байхад л хангалттай. Зарим хүн: “Та яагаад үүнийг Бурханыг дагадаг, итгэлээр дүүрэн бүлэг хүмүүс гэж хэлэхгүй байна вэ?” гэдэг. Хүмүүс тэр түвшинд хүрч чадахгүй. Одоо үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн зарим нь арав орчим жил итгэсэн, зарим нь хорь, гучин жил итгэсэн; ийм чин сэтгэлтэй байхад үндсэндээ хангалттай. Үүнийг итгэлээр дүүрэн байх гэж тодорхойлох нь оновчтой биш. Чуулганы талаарх бидний тодорхойлолт нь үндсэн, тодорхой нөхцөл байдалд суурилсан, үгээс өө хайхгүй, эсвэл тодорхойлолт, стандартыг хэт өндөр тогтоохгүй байх ёстой, учир нь тэгэх нь бодит бус байх болно. Зарим хүн: “‘Чин сэтгэлээсээ’, ‘итгэлээр дүүрэн’ гэж хэлэх нь хангалтгүй. Үүнийг Бурханаас эмээж, муугаас зайлдаг зөв шударга бүлэг хүмүүс гэж нэрлэх ёстой—тэгвэл сайхан шүү дээ!” гэж хэлдэг. Хэрвээ бид стандартыг ийм өндөр тогтоовол “үнэнийг эрэлхийлэх, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах” гэсэн дараагийн хэллэгүүд бүгд хэрэггүй болно. Гол нь, чуулганы бүх гишүүн бол Бурханы аврахыг хүсдэг хүмүүс юм. Энэ бүлэг хүмүүс Сатаны завхарсан зан чанараар дүүрэн, Бурханы талаарх үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг. Илүү бодитоор яривал, тэд тэрслүү байдлаар дүүрэн, дуулгавартай байдал дутмаг, үнэнийг ойлгодоггүй, Бурханы талаар ямар ч мэдлэггүй байдаг—энэ бол хамгийн бодитой нөхцөл байдал юм. Тиймээс Бурханы нүдээр бол чуулганы гишүүд ийм бодитой нөхцөл байдал, жинхэнэ байр суурьтай байдаг. Бурхан хүмүүсийг сонгохдоо энэ үндсэн нөхцөлд суурилдаг: Тэд Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, жинхэнээсээ өөрсдийгөө зарлагадаж, орхиж чадах эсэх. Зарим хүн: “Хэрвээ тэд чин сэтгэлтэй юм бол яагаад хэрээс хэтэрсэн хүсэлтэй хэвээр байдаг юм бэ? Хэрвээ тэд чин сэтгэлтэй юм бол яагаад ерөөл олж авахыг хүссээр байдаг юм бэ?” гэж хэлдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулахын хэрээр эдгээр нь аажмаар өөрчлөгдөнө. Яг одоо бид чуулганы үндсэн ойлголтыг тодорхойлж байна. Энэ үндсэн ойлголт бол Бурхан хүмүүсийг сонгох хамгийн наад захын шаардлага, хамгийн доод стандарт юм. Эдгээр стандарт нь огтхон ч хоосон юм уу хэтрүүлэг биш; тэдгээр нь та нарын бодитой нөхцөл байдалд тун их нийцдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан та нарыг сонгож, та нарын хэнийг ч болов аврахаар шийдэх үедээ эдгээр шалгуурыг хардаг. Хэрвээ чи эдгээр шаардлагыг хангавал Бурханаар Бурханы гэрт хүргэгдэж, чуулганы гишүүн болдог. Энэ бол бодитой нөхцөл байдал. Тиймээс чуулганы тодорхойлолт дахь эхний хэллэг нь “Бурханыг чин сэтгэлээсээ дагах” юм; энэ нь харьцангуй оновчтой. Энэ бүлэг хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлах хэмжээнд хүрээгүй, харанхуйн нөлөөнөөс салж чадах хэмжээнд хүрээгүй, дэлхий ертөнц болон агуу улаан луунаас бүрэн урвах хэмжээнд хүрээгүй байдаг. Тэд энэ бүх зүйлд хүрээгүй. Яагаад? Учир нь уг тодорхойлолтод цааш нь Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрж хайж чаддаг байх тухай дурддаг. Эрэлхийлэх явцдаа хүмүүс үнэнийг хайрлаж, үнэнийг хүсэн тэмүүлдэг зүрх сэтгэлтэй байдаг учраас Бурханы үгийг туулж, хэрэгжүүлж чаддаг бөгөөд эцэст нь Бурханд шүтэн мөргөж чаддаг. Бурханд шүтэн мөргөхөд Бурханыг дуулгавартай дагах, Бурханы үгийг сонсох, Бурханы зохион байгуулалтыг хүлээн авах, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн авах явдал багтдаг. Эцэст нь энэ бүлэг хүмүүс авралд хүрч чадна. Энэ бол Бурханы нүдэн дэх чуулганы гишүүдийн жинхэнэ байр суурь юм. Энэ нь хамгийн үндсэн нөхцөл биш гэж үү? (Мөн.) Зарим хүн: “Та Сатаны завхарсан зан чанарыг хаяж, ариусгалтад хүрэх тухай дурдаагүй. Чуулганы энэ тодорхойлолтод эдгээр нь багтдаггүй” гэж хэлдэг. Тэдгээр нь энэ тодорхойлолтод багтдаг уу? (Тийм.) Аль хэсэгт нь багтдаг вэ? Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрэлхийлэх гэдэгт. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрэлхийлж чадвал завхарсан зан чанар чинь аажмаар шийдвэрлэгдэх биш үү? Чи Сатаны завхарсан зан чанарыг хаяж, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах биш үү? (Тийм.) Зан чанарын өөрчлөлтөд хүрэх хугацаандаа чи аажмаар Бурханы үгийг ойлгож, өөрийнхөө завхарсан зан чанарыг шийдвэрлэдэг. Завхарсан зан чанарынхаа заримыг шийдвэрлэх хэрээр Бурханд итгэх итгэл болон Бурханд дуулгавартай байдал чинь нэмэгддэг үү? Эдгээрийн хооронд холбоо байна уу? (Байна.) Чи Бурханд хэдий чинээ их шүтэн мөргөнө, Бурханд төдий чинээ их дуулгавартай байна. Бурханд дуулгавартай байдал чинь нэмэгдэхийн хэрээр чи авралд хүрэхэд улам ойртож байгаа биш үү? (Тийм.) Тэгвэл энэ бүлэг ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол аврал хүртэж чадах хүмүүс юм. Энэ бол чуулганы гишүүдийн жинхэнэ нөхцөл байдал. Зарим нь: “Чуулганы энэ тодорхойлолтод чуулганы эрхэлдэг ажлыг дурддаггүй” гэж хэлдэг. Энд чуулганы эрхэлдэг үндсэн ажилтай холбоотой ямар нэг хэсэг байна уу? (Авралд хүрэхээр эрэлхийлэх.) Энэ хэсэг нягт холбоотой. Чуулганы хийдэг ажил нь Бурханы үгийг дэлгэрүүлэх ч бай, эсвэл хүмүүсийг Бурханы үгийг идэж, уухад хөтөлж, өөрсдийгөө мэдэх, Сатаны завхарсан зан чанарыг хаяхад нь хүмүүст туслах ч бай, эцсийн эцэст авралд хүрэхэд нь хүмүүст туслах зорилготой байдаг. Тэгвэл та нар одоо чуулганы энэ хамгийн үндсэн, хамгийн энгийн ойлголтыг хүлээн авч чадах уу? (Тийм ээ.) Энэ тодорхойлолт нь хэтрүүлэгтэй юм уу хоосон биш, мөн сүржин нэр томьёо, үг хэллэг ашигладаггүй боловч чуулганыг байгуулах юм уу тодорхойлоход шаардлагатай хамгийн үндсэн хэрэгцээг багтаадаг.

Би та нарт тайлбарлаж өгсөн болохоор чуулганы тухай ойлголтын тодорхойлолтын цаад учрыг та нар одоо ойлгож байна уу? (Тийм ээ.) Хэрвээ би ингэж тайлбарлаагүй бол та нар чуулганы хийдэг үндсэн ажил болон чуулганы тодорхойлолтыг маш гүн гүнзгий гэж бодох байсан. Одоо та нар чуулганы тодорхойлолтыг ойлгосон болохоор чуулганы талаарх ойлголт чинь маш өнгөцхөн гэж та нарт санагдаж байгаа. Чуулганы тодорхойлолт тодорхой болсон—энэ нь ийм л бодит. Аливаа зүйл хэдий чинээ бодит байна, хүмүүс үүнийг төдий чинээ өнгөцхөн гэж боддог. Үнэндээ, хэрвээ чи нарийвчлан харвал энэ тодорхойлолтын үг бүр нь бодит, тодорхой нөхцөл байдалтай холбоотой, нягт уялдаатай бөгөөд огтхон ч өнгөцхөн биш. Чуулганы тодорхойлолт дахь эхний хэллэг бол “Бурханыг чин сэтгэлээсээ дагах” юм. Энэ “чин сэтгэл” бол Бурханы хүсдэг зүйл юм. Хэчнээн олон хүн ийм чин сэтгэлтэй байдаг вэ? Хүмүүс ийм чин сэтгэлтэй байх амархан уу? Амархан биш. “Бурханы үгэнд захирагдах” тухайд гэвэл, чи үүнд хүрсэн үү? Чи энэ хэллэгийг өнгөцхөн, хүрэхэд амархан гэж боддог. Хэрвээ Бурхан: “Бос, Намайг дага, үүргээ гүйцэтгэ” гэж хэлээд, хүмүүс дуулгавартай дагавал энэ нь тэд Бурханы үгэнд захирагдаж байна гэсэн үг үү? Энэ нь хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагахад л бэлэн болохоос биш, Бурханы үгэнд захирагдах хэмжээнд хүрээгүй гэсэн үг—тэд үүнээс хол хэвээр байна! Бурханы үгэнд захирагдахын тулд чамд юу байх хэрэгтэй вэ? Хамгийн наад захын шаардлага нь чи Бурханы үгийг ойлгох ёстой; Бурханы үгэн дэх шаардлага юуг хэлж байгааг, Бурханы үг ямар зарчим шаарддагийг, мөн янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах үедээ Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэх, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы үгийг хэрхэн өөрийн хэрэгжүүлэлт болгохыг мэдэх хэрэгтэй. Энэ амархан биш. Аажмаар Бурханы үгэнд тодорхой хэмжээнд захирагддаг болохын тулд Бурханы үгийг идэж уух, залбиран-унших, туулах, ойлгох, Бурханы санаа зорилго, Бурханы зан чанарыг ойлгох урт хугацаа шаардлагатай. Тиймээс “Бурханы үгэнд захирагдах” гэсэн хэллэг гаднаа энгийн бөгөөд ихэнх хүн Бурханы үгэнд захирагддаг мэт санагддаг ч үнэндээ тийм байдаггүй. Хүмүүсийн жинхэнэ нөхцөл байдлаас авч үзвэл энэ хэллэг нь ердөө л хүмүүст тавьдаг Бурханы шаардлага бөгөөд тэд үүнд огт хүрээгүй байгаа нь тодорхой байна. Дараагийн хэллэг болох “Түүний үгийг хэрэгжүүлэхээр эрж хайх” нь хүмүүст тавьдаг Бурханы шаардлага юм. Чи Бурханы үгийг хараахан хэрэгжүүлдэг болоогүй; чи зүгээр л Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрж хайж байгаа. Чи үүнийг яаж эрж хайх ёстой вэ? Нөхцөл байдалтай тулгарах үедээ Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүл. Бүү худал хэл; үнэнч шударга хүн бай. Чи тэгж чадах уу? Үүнийг хийх амархан биш. Засуулах үедээ чи дуулгавартай байж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж, үнэний дагуу хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Чи үүнд хүрч чадах уу? Хэрвээ энэ нь хүнд бэрх санагддаг бол, эсвэл чиний хүсэл хэтэрхий хүчтэй байгаад, чи үргэлж адгуу байдлаа гаргахыг хүсэж байвал зарчмын дагуу үйлдэхээр эрж хайж, адгуу байдлаа ил гаргахгүй, дураараа дургиж, хүссэнээрээ авирлахгүй байх ёстой; чи Бурханы үгэнд хэлсний дагуу хийж, засалтыг хүлээн авч, гэм буруугаа мэдэж авч, хаана алдаа гаргаснаа ойлгох ёстой. Үүнийг Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрж хайх гэдэг. Бурханы үгийг хэрэгжүүлж эхлэх нь тэр хүн өөрчлөгдсөн гэсэн үг үү? Энэ нь тийм ч энгийн биш. Хэрвээ чи удирдагч юм уу ажилчнаар сонгогдвол хүссэнээрээ, дур зоргоороо авирлахгүй байж чадах уу? Энэ амархан биш; энэ нь чамаас үнэнийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаг байхыг болон хэсэг хугацаанд туулж мэдрэхийг шаарддаг; тэгж байж л чи үүнд хүрч чадна. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлэхийг хүсдэг гэж хэлдэг ч зөвхөн аман дээрээ л хүсдэг, зүрх сэтгэлдээ ямар ч сэдэлгүй байдаг бол нэмэргүй. Зүрх сэтгэл чинь бэлэн бөгөөд чи үнэнийг хэрэгжүүлэхийг үнэхээр хүсдэг бол үнэнийг хэрэгжүүлж чадна. Зүрх сэтгэлдээ үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй үедээ чи тангараг өргөсөн ч, эсвэл бусад хүн чамайг дэмжсэн ч энэ нь ямар ч нэмэргүй. Чи шийдэмгий байдалтай байх ёстой, өөрөөр хэлбэл, чамд Бурханыг гэх асар их хүсэлтэй зүрх сэтгэл байх ёстой. Чи Бурхан хэрэг явдлыг хэрхэн тодорхойлдог, үүнтэй холбоотойгоор юу шаарддагийг мэдэж, энэ талтай холбоотой Бурханы бүх үгийг олж, цуглуулаад, дараа нь тэдгээрийг залбиран-уншиж, ойлгох хэрэгтэй. Тэдгээрийг тэмдэглэлийн дэвтэрт бичиж ав, эсвэл амархан харж болох газарт тавь. Ажлынхаа завсарлагаар тэдгээрийг харж, унш, тэгээд цаг хугацаа өнгөрөхөд чи Бурханы эдгээр үгийг цээжилж, зүрх сэтгэлдээ хадгалах болно. Өдөр бүр Бурханы үгийн жинхэнэ утга учрыг эргэцүүлж, яаж ярьж, үйлдвэл Бурханы үгийг хэрэгжүүлсэнд тооцогдохыг тунгаан бод. Үүнийг Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрж хайх гэдэг. Үүнд хүрэх амархан уу? Амархан биш; энэ нь нэг шөнийн дотор, эсвэл нэг удаагийн хүчин чармайлтаар гүйцэлдүүлж болох зүйл биш. Зарим хүн “Би цусан тангараг өргөе” гэж хэлдэг ч энэ нь нэмэргүй. Чи “Би идэж уухгүйгээр мацаг барьж, залбирна” гэж хэлдэг ч энэ нь нэмэргүй. Чи “Би шөнөжин унтахгүй, зовно” гэж хэлдэг ч энэ нь бас л нэмэргүй. Чи үнэнийг эрэлхийлэх ёстой; үнэнийг эрэлхийлэх илрэлтэй байх ёстой, үнэнийг эрэлхийлэх замтай байх ёстой; зөв арга зам, арга барилтай байх ёстой. Чи ямар ч арга зам, арга барилтай байсан, Бурханы үгээс салж болохгүй; чи Бурханы үгэнд хүчин чармайлт гаргаж, бүх зүйлийг Бурханы үгтэй харьцуулж, нөхцөл байдал бүрд Бурханы үгийг ашиглан асуудлыг шийдвэрлэж, Бурханы үгийг эн тэргүүнд тавих ёстой. Үүнийг үнэнийг эрэлхийлэх гэж нэрлэдэг. Жишээ нь, бусадтай харилцах тухайд гэвэл, чи Бурханы үгэнд энэ талаар юу гэж хэлснийг харж, бусадтай харилцахтай холбоотой Бурханы үгийг олох хэрэгтэй. Эв найртай хамтран ажиллахын тулд бас энэ талтай холбоотой Бурханы үгийг ол. Үүргээ үнэнчээр гүйцэтгэхийн тухайд үүргийг яаж стандартад нийцүүлэн гүйцэтгэх тухай Бурханы үгийг олж, Бурханы сонгодог үгийг цээжилж, зүрх сэтгэлдээ хадгал. Хуурамч удирдагч гэж юу болох, хуурамч удирдагчид ямар илрэлтэй байдаг, тэд мөс чанар, эрүүл ухаантай эсэх, Бурхан хуурамч удирдагчдыг хэрхэн тодорхойлдог тухайд гэвэл Бурханы эдгээр гол үгийг олж, тэмдэглэлийн дэвтэрт бичиж аваад, амархан харж болох газарт тавьж, зав гарах болгондоо залбиран-унш. Амь-оролт болон зан чанарын өөрчлөлттэй чинь холбоотой хэрэг явдал бүр дээр ийм маягаар хэрэгжүүлж, хүчин чармайлт гарга. Үүнийг үнэнийг эрэлхийлэх гэж нэрлэдэг. Хэрвээ чиний хүчин чармайлт энэ түвшинд хүрэхгүй бол үүнийг үнэнийг эрэлхийлэх гэж нэрлэхгүй; үүнийг хэлбэрдэх, өнгөцхөн хандах, өдөр хоногийг аргацаах гэдэг.

“Бурханд шүтэн мөргөх”-ийг авч үзье. Бурханд шүтэн мөргөх нь жинхэнэ айдас, эмээх сэтгэл, хүндлэл, чин сэтгэлийг агуулдаг бөгөөд түүнчлэн Бурханд Бурхан гэж хандах, зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайтай байх, Бурханы бүрдүүлсэн орчин нөхцөл болон Бурханы өгсөн даалгаварт ухаалгаар хандах, Бурханы хэлсэн үг бүрийг нухацтай, хариуцлагатайгаар авч үзэх зэргийг агуулдаг. Энэ бүх илрэлийг шүтэн мөргөх гэдэг. Бурханы чамд нүүр тулан хэлсэн үг ч бай, эсвэл Түүний илэрхийлсэн бүх үг ч бай хамаагүй, чи тэдгээрийг мэдэж, санаж байгаа л бол, зүрх сэтгэлдээ тэдгээрийг ойлгож, баталгаажуулж байгаа л бол тэдгээрийг биеэ хэрхэн авч явах, хэрхэн амьдрах гэх мэтийн шалгуур гэж үзэх ёстой—энэ бол Бурханд шүтэн мөргөж буйн илрэл юм. Хэрэг явдалтай тулгарах үедээ, энэ нь чиний дур сонирхол, хүсэл, эсвэл үзэлд нийцэж байгаа эсэхээс үл хамааран чи зүрх сэтгэлээ тайван байлгаж, “Үүнийг Бурхан хийсэн үү? Энэ нь Бурханаас эхтэй юу? Бурхан яагаад үүнийг хийсэн бэ? Бурхан миний дотор юуг цэвэршүүлэхийг хүсэж байна, миний дотор юуг өөрчлөхийг хүсэж байна вэ? Бурханы санаа зорилго яг юу вэ? Би Бурханы зохицуулалтыг яаж дуулгавартай дагах ёстой вэ? Би Бурханы санаа зорилгыг яаж хангах ёстой вэ? Би хүний хувьд хариуцлагаа яаж биелүүлэх ёстой вэ?” гэдгийг бодолцон үзэж чаддаг байх ёстой. Энэ бүх илрэл болон үүнтэй төстэй бусад илрэл нь Бурханд шүтэн мөргөж буйн илрэл юм. Чи илүү олон үнэнийг ойлгохгүй байлаа ч гэсэн хэвийн хүний хувьд, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүний хувьд, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүний хувьд энэ бол Бурханд хандах наад захын хандлага байх ёстой. Бурханд хамаатай бүх зүйл, Бурханы үгтэй холбоотой бүх зүйл, Бурханы чамд өгсөн даалгавар, чиний үүрэг, хариуцлагын талаарх бүх зүйлд чи хааш яаш, хайхрамжгүй, үл тоомсорлосон байдлаар биш, харин хянуур, болгоомжтой хандах ёстой—үүнийг Бурханд шүтэн мөргөх гэдэг. Бурхантай холбоотой бүх зүйлд болгоомжтой, хянуур, Бурханаас эмээдэг, Бурханаас айдаг зүрх сэтгэлээр хандахыг Бурханд шүтэн мөргөх гэдэг. Үүнд хүрэх амархан уу? Амархан биш. Бодитой туршлагагүйгээр “Бурханд шүтэн мөргөх” гэдэг гурван үгийг ойлгоход ч хэцүү байдаг, Бурханд шүтэн мөргөхийг бодитоор хэрэгжүүлэхэд бүр ч хэцүү байдаг. Чуулганы тодорхойлолтын сүүлийн хэллэг бол “Бурханы авралд хүрэх” юм. Үүнийг хэрхэн ойлгох ёстой вэ? Авралд хүрэх зам урт бөгөөд энд бүр ч их зүйл шаардагддаг. Нэгдүгээрт, чиний алхаж буй зам зөв байх ёстой; чи Бурханы үгэн дэх бүх үнэнийг хүлээн авч чаддаг байх ёстой бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрж хайж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Чиний амьдрал Бурханы үгэнд захирагдах ёстой. Чи Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй үнэнийг хайрлаж, үнэний дагуу үйлдэх ёстой; чи Бурханаас жинхэнээсээ эмээж, Бурханд дуулгавартай байж, зүрх сэтгэлдээ Бурханд байнга залбирч, Бурханд шүтэн мөргөх байдал руу аажмаар шилжих ёстой. Тэгвэл чи үнэнийг хайрлаж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн юм; чи чухамдаа Бурханы аврахыг хүсдэг төрлийн хүн мөн. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн зөв хүн байх ёстой. Зөв хүн байхын ашиг тус юу вэ? Ашиг тус нь гэвэл, авралд хүрэхэд чамд тийм ч хэцүү биш байх болно; чамд үүнд хүрэх найдвар байна. Чуулганы тодорхойлолтын тодорхой агуулгын талаарх бидний нөхөрлөл ингээд дууслаа.

IV. Чуулганы талаар хүмүүсийн тээдэг үзэл ба үзэл бодол

Сая бид чуулган гэж юу болох, чуулганы хийдэг үндсэн ажил юу болох, хүмүүсийн үзэл дэх чуулганы талаарх төсөөлөл, шаардлага юу болох талаар нөхөрлөлөө. Эцэст нь бид чуулган гэдэг ойлголтыг тодорхойлсон. Үүнийг тодорхойлсон болохоор одоо та нар “чуулган” гэдэг нэршлийн талаар үнэн зөв ойлголттой болсон байх ёстой; чуулганы хийх ёстой ажил, үнэнийг олж авч, авралд хүрэхэд нь хүмүүст туслахдаа чуулганы гүйцэтгэдэг үүрэг роль, Бурханыг дагадаг хүн бүрийн хувьд чуулган ямар ач холбогдолтой талаар үндсэн ойлголттой болсон байх ёстой. Бид бас хүмүүсийн үзэл дэх чуулганы оршин тогтнолын үнэ цэн, чуулганы хийх ёстой ажлын талаарх зарим ойлголтыг төлөөлөл болгон товчхон задлан шинжилж, ил болгосон. Хүмүүсийн үзэл дэх чуулганы талаарх тэрхүү ойлголт, тайлбарын тухайд та нарын нэвт харж чадахгүй, ухаарахгүй байгаа зүйл байна уу? Зарим хүн чуулган нийгмийн ямар нэг ажил эрхлэх ёстой, эсвэл шударга ёсыг сахих гэх мэтээр нийгэмд ямар нэг үүрэг роль гүйцэтгэх ёстой гэж боддог. Хүмүүсийн үзлээр чуулган эерэг дүр төрхийг төлөөлдөг тул яагаад шударга ёсыг сахиж болохгүй гэж? Шударга ёсыг сахих нь чуулганы ажилтай юм уу Бурханы шаардлагатай холбоотой юу? (Үгүй.) Хүмүүсийн ярьдаг энэ “шударга ёсыг сахих” гэдэг нь яг юуг хэлдэг вэ? (Хүмүүсийн шударга ёсыг сахих хэмээн нэрлэдэг зүйл нь жинхэнэ шударга ёс биш. Энэ нь зүгээр л махан биеийн ашиг сонирхлыг хамгаалдаг бөгөөд үнэнтэй нийцдэггүй.) Энэ шударга ёс үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Энэ бол хүн төрөлхтний шударга ёс гэж нэрлэдэг зүйл юм. Жишээ нь, зарим ёрын муу хүчнийг дарах, хүмүүс хэлмэгдэж, доромжлуулсан зарим шударга бус зүйл, хэргийг засаж залруулах, эсвэл ёрын муу хүмүүст зохих шийтгэлийг нь оноох, эмзэг бүлгийн ашиг сонирхлыг сэргээж, хамгаалах гэх мэт—эдгээр нь хүмүүсийн шударга ёсыг сахих гэж нэрлэдэг зүйл юм. Ингэж шударга ёсыг сахихын гол зорилго юу вэ? Энэ нь хүмүүс үнэнийг эрэлхийлэхтэй холбоотой юу? Хүмүүс аврагдахтай холбоотой юу? (Үгүй.) Энэ нь ердөө л ёс суртахуун, ёс зүйн үндсэн дээр гарч ирдэг яриа бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй. Үүнийг үнэний түвшинд хүрэхгүй гэж хэлж болох уу? (Болно.) Болох уу? (Үгүй, энэ хоёр хамааралгүй.) Тийм ээ, огт хамааралгүй; энэ хоёр бол өөр зүйл. Хүн төрөлхтөн ямархуу шударга ёсыг сахидаг вэ? Нийгмийн байр суурь үл ялиг доогуур эгэл жирийн хүн ёрын муу хүмүүст дарлагдах юм уу ямар нэг эрх, ашиг сонирхлоо хасуулсны дараа ёрын муу хүмүүс зохих шийтгэлээ хүлээж, жирийн ард, энгийн хүмүүс цаашид адлагдахаа больдог төрлийн шударга ёс юм. Энэ нь хүмүүсийн махан биеийн ашиг сонирхлыг сэргээж, баталгаажуулах, хүмүүсийн хооронд харьцангуй тэгш байдлыг бий болгох, нийгмийн анги давхаргын ялгааг арилгах, ёрын муу хүмүүсийн ёрын муу үйлийг амжилтад хүргэхгүй байх, хэлмэгдсэн хүмүүсийн гомдлыг барагдуулах явдал юм. Энэ бол хүн төрөлхтний ярьдаг шударга ёсыг сахих явдал бөгөөд үнэнтэй огтхон ч хамаагүй. Та нар яаж үүнийг үнэний түвшинд хүрэхгүй гэж хэлж чадаж байна аа? Энэ үнэнтэй холбоотой юу? Холбоогүй. Надад хэл дээ, уй гашуу амссан тэр энгийн, жирийн ардууд сайн хүмүүс гэдэг нь гарцаагүй юу? (Заавал тийм байх албагүй.) Тэдэнд уй гашуу амсуулахгүй байх нь—шударга ёс мөн үү? Тэр нь үнэнд нийцэх үү? Тэр хүмүүс тэгвэл аврагдаж чадах уу? Энэ хоёр бол илт өөр хэрэг—яаж хооронд нь хольж хутгаж болох юм бэ? Энд үнэний түвшинд хүрэх тухай ярих боломжгүй; энэ нь ерөөсөө үнэнтэй адилхан зүйл биш. Хэрвээ та нарт энэ асуудлын талаар санал зөрөлдөөнтэй зүйл байгаа бол магадгүй ихэнх чинь шударга ёсыг сахих явдлыг нэвт харж чадахгүй, үүнтэй тодорхой хэмжээнд зууралдсаар, “Энэ яаж буруу байж болох юм бэ? Энэ яаж чуулганы хийх ёстой ажил биш байх юм бэ?” хэмээн бодож байгаа байх. Үнэндээ энэ нь чуулганы ажилтай ямар ч хамаагүй. Бас зарим хүн чуулган бол мууг шийтгэж, сайныг дэмждэг газар байх ёстой, ийм үүрэг роль гүйцэтгэж, ёрын муу үйл болон ёрын муу, харанхуй хүчийг шийтгэж, сайн сайхан зүйлийг дэлгэрүүлэх ёстой гэж боддог. Тийм гэж үү? Ёрын мууг шийтгэж, сайныг дэмжих нь үнэний түвшинд хүрч чадах уу? Юу муу, юу сайн болох тухайд хүмүүс эдгээрийг тодорхой ялган салгаж чаддаггүй. Мууг шийтгэж, сайныг дэмжих гэдгээр хүмүүс юуг хэлдэг вэ? Энэ нь Бурханы хэлдэг мууг шийтгэж, сайныг шагнах, бүхнийг төрлийнх нь дагуу ангилахтай холбоотой юу? (Үгүй.) Холбоогүй. Муу болон сайныг тодорхойлох хүн төрөлхтний стандарт юу вэ? Хятад хүмүүсийн тодорхойлолтоор бол юу нь муу, юу нь сайн бэ? Муу болон сайныг тодорхойлох тэдний үндэс суурь юу вэ? Энэ бол Буддын соёл юм. Буддын шашин нь дэлхий ертөнцөд тусалж, хүмүүсийг аврах, амьтны амь таслахгүй байх гэх мэт ойлголтыг ярьдаг—эдгээрийг сайн гэж тооцдог, харин тахиа, загас, үхэр, хонины мах идэхийг муу гэж үздэг бөгөөд ингэдэг хүмүүс шийтгүүлэх ёстой байдаг. Ямар ч мах идэх ёсгүй, ямар ч амьд амьтныг алах ёсгүй. Амьтан алахыг муу гэж үздэг бөгөөд алсан хүмүүс Буддагийн өмнө нүглээ улайж, өршөөл гуйх ёстой. Энэ бол муугийн талаарх Буддын шашны тодорхойлолт; энэ нь Бурханы хэлдэг ёрын муутай адилхан уу? (Үгүй.) Энэ хоёр бол өөр зүйл, тиймээс муугийн талаарх тэр тодорхойлолт үнэнтэй огт хамаагүй бөгөөд үнэний түвшинд хүрч чадахгүй нь лавтай. Тэгвэл Буддын шашин сайныг юу гэж үздэг вэ? Энэ нь бүр ч утгагүй, өнгөц, хоёр нүүртэй байдаг. Буддын шашинтнууд ямар ч амьд амьтныг алахгүй байх нь сайн, олзлогдсон амьтдыг суллах нь сайн гэж үздэг. Ёрын муу хүн хэчнээн олон хүн алсан, хэчнээн их нүгэл үйлдсэн нь хамаагүй, хэрвээ нядалгааны хутгаа тавивал даруй Будда болж чадна—энэ нь сайн гэж тооцогддог. Бас “Хүний амийг аврах нь долоон давхар суварга босгосноос дээр” гэсэн үг байдаг бөгөөд энэ нь хүмүүсийг болзолгүйгээр, зарчимгүйгээр сохроор аврах—тэр ч бүү хэл диавол, ёрын муу хүмүүс, дээрэмчид, танхайрагчид, өөр хэнийг ч хамаагүй аврахыг сайн гэж үздэг гэсэн үг юм. Энэ ямар гээчийн сайн бэ? Ийм хүмүүс бол ямар ч ялган таних чадваргүй, байр суурьгүй, зарчимгүй мулгуунууд юм. Хэнийг ч хамаагүй аварч, хэнийг ч хамаагүй уучлах—үүнийг сайн гэж тооцож болох уу? Үүнийг үгээр хэлэхэд ч зохисгүй; энэ бол Сатан болон диаволуудын дүр эсгэлт юм. Тэд амьтан алдаггүй ч тоолж баршгүй олон сүнсийг залгисан. Энэ бол тэдний сайн гэгч нь бөгөөд үнэндээ зүгээр л дүр эсгэлт юм. Тэгвэл чуулган мууг шийтгэж, сайныг дэмжих үүрэг роль гүйцэтгэх ёстой гэсэн хүний үзэл үндэслэлтэй юу? (Үгүй.) Аль ч арьс өнгө, шашны соёлын суурь нөхцөлөөс үл хамааран мууг шийтгэж, сайныг дэмжих нь чуулганы ажилтай юм уу чуулганы гэрчлэлтэй ямар ч хамаагүй. Эдгээр нэр томьёо шударга, сайшаалтай санагддаг учраас чуулганы ажилтай холбоотой байх ёстой, эсвэл энэ бол нийгэмд чуулганы гүйцэтгэх ёстой үүрэг роль гэж бүү бод. Энэ бол хүний үзэл, төсөөлөл юм. “Шударга ёсыг сахих”, “мууг шийтгэж, сайныг дэмжих”-ээс гадна хүний үзэл дэх “хүмүүсийн эрх, ашиг сонирхлын төлөө тэмцэх”, “санаа зовнилыг нимгэлж, бэрхшээлийг шийдвэрлэх” гэх мэт бусад сайн нэр томьёо ч бас чуулганы ажилтай юм уу чуулганы гэрчлэлтэй ямар ч холбоогүй. Та нар бүгд үүнийг ойлгож чаддаг байх ёстой. Чуулганы тодорхойлолт, чуулганы хийх ёстой ажил, чуулганы оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдлын талаар үндсэндээ тодорхой нөхөрлөлөө.

Янз бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт ба үндэслэл

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван дөрөвдүгээр зүйл болох “Төрөл бүрийн ёрын муу хүмүүс, антихристүүдийг даруй ялган таньж, улмаар зайлуулах юм уу хөөх” гэдэг рүү буцан орцгооё. Удирдагч, ажилчдын хийх ёстой энэ ажил Миний сая нөхөрлөсөн чуулганы талаарх нарийн ширийн зүйл бүртэй холбоотой эсэхийг харцгаая. Бид яагаад эдгээр тодорхой нарийн ширийнийг нөхөрлөх хэрэгтэй вэ? Эдгээр нарийн ширийн зүйл болон удирдагч, ажилчдын хийх ёстой энэ ажлын хооронд ямар холбоо байна вэ? (Энэ ёрын муу хүмүүс, антихристүүд нь чуулганы гишүүн биш бөгөөд цэвэрлэгдэх шаардлагатай. Түүнчлэн тэдний оршин тогтнол нь чуулганы хийдэг ажилд саад болж, үймүүлдэг.) Тиймээс холбоо байдаг; энэ нөхөрлөл хий дэмий биш юм. Чуулган гэдэг нэршил юм уу тодорхойлолтын нарийн ширийн зүйл бүрийг ойлгосныхоо дараа, удирдагч ажилчид чуулганы гишүүдэд хэрхэн хандах ёстой, чуулганаас зайлуулах юм уу хөөх шаардлагатай төрөл бүрийн хүмүүст хэрхэн хандах ёстой, энэ ажлыг хэрхэн сайн хийж болох, үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж, чуулганы ажлыг хамгаалах ёстойг шинжилцгээе. Юуны өмнө, удирдагч ажилчид чуулганы тодорхойлолт юу болох, чуулган яагаад оршин тогтнох хэрэгтэй, чуулган ямар ажил хийх ёстойг ойлгох ёстой. Эдгээрийг ойлгосны дараа тэд одоогийн чуулганы гишүүдээс хэн нь чуулганы оршин тогтнодын үнэ цэн юм уу чуулганы хийдэг ажлын тухайд эерэг үүрэг роль гүйцэтгэдэггүй, эсвэл хэн чуулганы үндсэн ажилд саад тотгор, үймээн, сөрөг нөлөө учруулж болзошгүй, эсвэл бүр чуулганы нэр хүндэд ноцтой нөлөөлж, Бурханы нэрийг гутааж болзошгүйг харах ёстой. Энэ хүмүүсийг тодорхой ялган таньж, даруй зайлуулах юм уу хөөх нь—удирдагч, ажилчдын хийх ёстой ажил биш гэж үү? (Мөн.) Тэгвэл энэ ажлыг сайн хийхэд юу хамаатай вэ? Төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг зайлуулах юм уу хөөж, чуулганыг ариусгаж, чуулганы оршин тогтнолын үнэ цэнийг харуулж, биелүүлэх ёстой үүргийг нь чуулганаар гүйцэтгүүлж, үүний зэрэгцээ чуулганы ажлыг саадгүй урагшлуулахын тулд удирдагч, ажилчид эхлээд чуулган доторх яг ямар хүмүүс ёрын муу хүмүүс, антихристүүд болохыг ялган таних ёстой. Энэ бол удирдагч, ажилчид энэ ажлыг хийхдээ эхлээд ухамсарлах шаардлагатай мэдээлэл юм уу бодит нөхцөл байдал юм. Удирдагч, ажилчдад энэ ажил дээр тулгардаг эхний асуудал бол төрөл бүрийн хүмүүсийг ялган таних явдал юм. Төрөл бүрийн хүмүүсийг ялган танихын зорилго юу вэ? Энэ нь тэднийг төрлийнх нь дагуу ангилж, чуулганы жинхэнэ гишүүд болох хүмүүсийг хамгаалах явдал юм. Гэхдээ зөвхөн энэ хүмүүсийг хамгаалах нь арван дөрөвдүгээр үүрэг хариуцлагад заасан ажлыг амжилттай гүйцэтгэж байна гэсэн үг биш. Тэгвэл энэ ажлыг амжилттай гүйцэтгэхийн хамгийн чухал тал нь юу вэ? Энэ нь чуулганд харьяалагддаггүй төрөл бүрийн үл итгэгчид, ёрын муу хүмүүсийг зайлуулах юм уу хөөх явдал юм. Энэ хүмүүс ёрын муу хүмүүс юм уу антихристүүд гэж тодорхойлогдсон эсэхээс үл хамааран, хэрвээ зайлуулагдах, хөөгдөх нөхцөлийг хангаж байвал ийм ажил хийх хэрэгцээ гарч ирэх бөгөөд удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлэх цаг нь болжээ. Төрөл бүрийн хүмүүсийг хэрхэн ялган таних талаар эхлээд нөхөрлөцгөөе.

I. Бурханд итгэх зорилгод нь үндэслэх

Төрөл бүрийн хүмүүсийг хэрхэн ялган таних ёстой вэ? Нэгдүгээр шалгуур бол Бурханд итгэх зорилгынх нь дагуу ялган таних. Хоёр дахь нь хүн чанараар нь. Гурав дахь нь үүрэгтээ хандах хандлагаар нь. Хэрвээ энгийн, богино гарчиг ашиглан хэлбэл: нэгдүгээрт, Бурханд итгэх зорилго; хоёрдугаарт, хүн чанар; гуравдугаарт, үүрэгтээ хандах хандлага байна. Одоо бидэнд энэ гурван гарчиг байгаа болохоор тус бүрийнх нь талаар та нар ямар ойлголттой байна вэ? Бид өмнө нь хүмүүсийн Бурханд итгэх зорилгын талаар төдийлөн ярилцаагүй. Хүмүүсийн хүн чанар болон үүрэгтээ хандах хандлагын талаар бид илүү их ярьсан тул та нар эдгээр зүйлийг илүү сайн мэднэ. Хүмүүсийн Бурханд итгэх зорилго бол үнэндээ та нарын тийм ч мэддэггүй зүйл биш, учир нь та нар өөрсдөө зорилготойгоор Бурханд итгэдэг болсон. Зарим хүн тамд очихыг хүсдэггүй учраас, зарим нь диваажинд очихыг хүсдэг учраас, зарим нь үхэхийг хүсдэггүй учраас, зарим нь гамшгаас зайлсхийхийн тулд, зарим нь зүгээр л сайн хүн байхыг хүсдэг учраас, зарим нь дээрэлхүүлэхээс зайлсхийхийг хүссэн учраас гэх мэтээр Бурханд итгэдэг. Энэ сэдвийг та нар мэддэг байх ёстойг; зүгээр л Миний ярих нарийн ширийн зүйлсийг бага зэрэг мэдэхгүй байж магадгүй—та нар тэдгээрийн талаар сайн мэдэхгүй, Намайг юу хэлэх гэж байгааг, эсвэл хаанаас эхлэх гэж байгааг мэдэхгүй байж магадгүй. Тиймээс энэ талаар товчхон ярилцъя. Надад хэл дээ, Бурханд итгэхдээ ямар төрлийн сэдэл, зорилго өвөрлөдөг хүмүүсийг зайлуулах юм уу хөөх ёстой вэ? (Зөвхөн алдар нэр, байр суурь хөөцөлдөж, зөвхөн эрх мэдэл эзэмшихийг хүсдэг, байр суурийнхаа төлөө ичгүүр сонжуургүйгээр чуулганыг үймүүлдэг хүмүүс.) Энэ бол нэг төрлийн хүн. Өөр байна уу? (Зөвхөн ерөөл эрэлхийлж, цадталаа талх идэхээр эрж хайдаг үл итгэгчид.) Үл итгэгчид, энэ бол өөр нэг төрөл нь. Өөр байна уу? Та нар зарим хүний илрэлийг бодож байж магадгүй ч энэ хүмүүс зүгээр л завхарсан зан чанараа харуулж байна уу, эсвэл Бурханд итгэх цэвэр бус зорилготой, үнэхээр зайлуулагдаж, хөөгдөх ёстой хүмүүс үү гэдгийг тодорхой ялган таньж чадахгүй байж магадгүй. Та нар учрыг нь олж чадахгүй, бага зэрэг тодорхойгүй санагдаж байгаа тул санаагаа илэрхийлж чадахгүй байна. Хүмүүсийн Бурханд итгэх зорилгын тухай сэдэв нэлээд өргөн хүрээтэй. Бурханд итгэхдээ хүн бүр зарим нэг санаархал, зорилготой байдаг. Гэхдээ бидний энд ярьж байгаа Бурханд итгэх цэвэр бус зорилготой төрлийн хүмүүс Бурханаар авруулах нөхцөлийг хангадаггүй. Тэд авралд хүрч чадахгүй, бүр хөдөлмөрчин байх наад захын стандартад ч хүрч чадахгүй. Энэ хүмүүс Бурханд итгэх ямар ч зорилготой байсан хамаагүй, ямартай ч зорилго өвөрлөн Бурханд итгэдэг болсон энэ хүмүүс боломж олдвол зорилгодоо хүрэхийг хичээнэ, харин боломж олдохгүй бол мууг үйлдэж, үймээн учруулна. Энэ нь чуулганы ажил юм уу Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод төсөөлшгүй үр дагавар авчрах бөгөөд энэ хүмүүс зайлуулагдах юм уу хөөгдөх бай байх ёстой. Энэ хүмүүсийн хүн чанар, эсвэл үүрэгтээ ямар хандлага өвөрлөдгийг одоохондоо түр хойш тавиад, зөвхөн Бурханд итгэх зорилгынх нь тухайд ярихад энэ нь огтхон ч үнэнийг хүлээн авч, авралд хүрэхийн төлөө байдаггүй, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөхийн төлөө бүр ч байдаггүй. Тиймээс тэдний Бурханд итгэх итгэл мэдээж авралд хүргэхгүй. Энэ хүмүүсийг чуулганд байлгаж, Бурханы сонгосон хүмүүс буюу жинхэнэ ах эгч нарыг тасралтгүй үймүүлэхэд хүргэхийн оронд тэднийг аль болох эртхэн үнэн зөв ялган таньж, тодорхойлоод, дараа нь чуулганаас даруй зайлуулсан нь дээр. Тэднийг чуулганы гишүүд юм уу ах эгч нар гэж үзэх ёсгүй. Тэгвэл тэд ямар төрлийн хүмүүс вэ? Дөнгөж сая та нар зарим ойлголтын талаар ерөнхийд нь ярилаа. Би зарим бодитой жишээ хэлье, тэгвэл та нар сонсмогцоо ойлгоно.

A. Албан тушаалтан болох хүслээ хангах

Эхлээд чуулганаас зайлуулах юм уу хөөх ёстой эхний төрлийн хүний тухай ярилцъя. Зарим хүн нийгэмд албан тушаалтан болж, өвөг дээдсээ алдаршуулахыг үргэлж хүсдэг ч ажил төрөл нь бүтэлгүйтдэг. Гэвч албан тушаалтан болох хүсэл нь өчүүхэн төдий ч буурдаггүй. Гэхдээ гэр бүлийнх нь нийгмийн байр суурь өндөр биш тул амьдрал нь итгэл найдваргүй санагдаж, дэлхий ертөнц дэндүү шударга бус, энэ жаахан хүслээ ч биелүүлж чадахгүй гэж үздэг. Өөрсдөө бага зэрэг мэдлэг, чадвартай ч хэн ч өөрсдийг нь үнэлдэггүй гэж тэдэнд санагддаг. Тэд түшиг тулгуур олж чаддаггүй бөгөөд албан тушаалтан болох хэтийн ирээдүй нь маш бүрхэг санагддаг. Ийнхүү мухардалд орсон үедээ тэд чуулганыг олсон. Чуулганд удирдагч болж чадвал энэ нь бас л албан тушаалтан байхтай адил бөгөөд хүслээ хангаж чадна гэж тэд боддог. Тиймээс тэд агуу зүйл хийхийн хүсэн Бурханы гэрт ирдэг. Тэд өөрсдийнх нь чадвар, чадамж Бурханы гэрт ашиглагдахад яг тохирно, албан тушаалтан, эрхэм хүндтэй хүн болох найдвар нь биелж, улмаар насан туршийн хүслээ биелүүлнэ гэж боддог. Бурханд итгэх итгэлийн талаарх тэдний үзэл бодлыг “Ачийг ачаар хариулах”, “Жинхэнэ алт эцэстээ гялалзах заяатай”, “Ухаант шувуу суух модоо ухаалгаар сонгодог” гэх мэт үгээр нэгтгэн дүгнэж болох бөгөөд ийм нөхцөл байдлаас үүдэн тэд Бурханд итгэх замаар явахаар сонгосон байдаг. Энэ хүний мөн чанараас харвал тэрээр ертөнцөд үнэн оршдог гэдэгт итгэдэггүй, Аврагчийн оршин тогтнолд бүр ч итгэдэггүй нь тодорхой юм. Товчхондоо, тэрээр цор ганц жинхэнэ Бурханд итгэдэггүй, Бүтээгчийн оршин тогтнолд бүр ч итгэдэггүй. Библид бичигдсэн зүйл байсан ч, эсвэл шашны ертөнцөд номлодог зүйл буюу Бурхан дэлхий ертөнц болон хүн төрөлхтнийг бүтээсэн, Бурхан хүн төрөлхтнийг захирч, удирддаг гэдэг ч бай хамаагүй, энэ бүх яриа тэдний хувьд зүгээр л түүхэн тэмдэглэл юм. Хэн ч үүнийг судалдаггүй, хэн ч баталж чадахгүй; эдгээр нь зүгээр л домог, түүх, нэг төрлийн шашны соёл юм. Энэ бол итгэлийн талаарх тэдний хамгийн үндсэн ойлголт. Тэд ийм ойлголттойгоор Бурханд итгэдэг болж, өөрсдийгөө зөв замаар алхаж байгаа, харанхуйг орхин гэрэлд гарч, суух модоо ухаалгаар сонгосон “ухаант шувуу” гэж боддог. Мэдээж албан тушаалтан, эрхэм хүндтэй хүн болох сонголт, хүслээ тэд орхиогүй. Үй олон хүнтэй энэ уудам ертөнцөд өөрсдөд нь багтах газар байхгүй, гагцхүү Бурханы гэр л тэдэнд найдвар авчирч чадна гэж тэд үздэг. Зөвхөн чуулганд амьдрах нь л тэдэнд авьяас чадвараа ашиглаж, эрхэм хүндтэй хүн болох хүслээ биелүүлэх боломж олгоно. Учир нь өнөөгийн нөхцөл байдлыг харах тэдний өнцгөөс гадаад ертөнц улам хорон муу, харанхуй болж байна—зөвхөн чуулган л энэ дэлхий ертөнц дэх цэвэр ариун газар; чуулган бол хүмүүсийг сүнслэг тэжээлээр хангаж чадах ертөнц дэх цорын ганц газар бөгөөд зөвхөн чуулган л улам бүр цэцэглэн хөгжиж байгаа. Тэд ийм хүсэл, зорилго өвөрлөн Бурханд итгэдэг. Итгэж эхэлснийхээ дараа тэд Бурханд итгэх, үнэнийг эрэлхийлэх талаар, эсвэл үнэн, Бурханы зан чанар, Бурханы ажилтай холбоотой хэрэг явдлын талаар юу ч ойлгодоггүй. Тэд эдгээр хэрэг явдлыг эрэлхийлдэггүй, анхаардаг ч үгүй. Зүрх сэтгэлдээ тэд байр суурь, албан тушаалын төлөөх хүслээ огтхон ч орхиогүй байдаг; харин ч тэд эдгээр үзэл, үзэл бодлыг тээсээр чуулганд холилдон амьдардаг. Тэд чуулганыг нийгмийн байгууллага, шашны нийгэмлэг гэж үздэг бөгөөд Бурханы ажил, Бурханы үгийг итгэгчдийн мухар сүсгээс үүдэлтэй төөрөгдөл гэж хардаг. Тиймээс үнэнийг эрэлхийлэх тухайд, Бурханы үг болон Бурханы ажлын тухайд тэд зэвүүцэж, эсэргүүцдэг. Хэрвээ хэн нэгэн хүн ямар нэг зүйлийг Бурханы хийсэн зүйл, Бурханы дээд эрх, эсвэл Бурханы зохион байгуулалт гэж хэлбэл тэд зэвүүцдэг. Гэхдээ тэд хэчнээн зэвүүцлээ ч үнэнийг хүлээн зөвшөөрч, хүлээж авах эсэхээс үл хамааран, чуулганд байр суурьтай болж, эрх мэдэлд шунах хүслээ хангах гэсэн хүсэл нь хэзээ ч багасдаггүй, хэзээ ч орхигддоггүй. Тэд ийм амбиц, хүсэлтэй байдаг болохоор аяндаа төрөл бүрийн илрэл харуулдаг. Жишээ нь, тэд хүмүүсийг өдөөн турхирч, “Бүх зүйлийг бурханы үгэнд бүү үндэслэ, бүх зүйлийг бурханы үгтэй, бурхантай бүү холбо. Үнэндээ хүмүүсийн олон санаа, яриа зөв байдаг; хүмүүс өөрсдийн гэсэн үзэл бодол, байр суурьтай байх ёстой” гэж хэлдэг. Тэд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд эдгээр үгийг тараадаг. Үүний зэрэгцээ тэд авьяас чадвар, билиг авьяас, ертөнцөд ашиглаж чаддаг янз бүрийн арга мэхээ идэвхтэй гайхуулж, хүмүүст анзаарагдаж, хүмүүсийн анхаарлыг татаж, өндрөөр үнэлүүлэхээр оролддог. Тэдний идэвхтэй гайхуулдгийн зорилго юу вэ? Энэ нь хүмүүсээр өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, бишрүүлэхийн төлөө байдаг; энэ нь хүмүүсийн дунд байр суурьтай болж, тэгснээрээ албан тушаал хөөцөлдөх, өвөг дээдсээ алдаршуулах хүслээ хангахын төлөө байдаг. Хүмүүс өөрсдийг нь хүндэлж, магтаж, дагаж, дэмжиж, хайрлаж, биширч, тэр ч бүү хэл зусардах үед тэд сэтгэл ханадаг. Түүнчлэн тэд эдгээр зүйлийг цуцалтгүй эрэлхийлж, таашаадаг. Бурханы гэр антихристүүд, ёрын муу хүмүүс болон хүмүүсийн янз бүрийн завхарсан зан чанарыг байнга ил болгодог ч тэд зүрх сэтгэлдээ эдгээрийг басамжилдаг бөгөөд онцгойлон зэвүүцдэг. Тэд ертөнцөд, нийгэмд биелүүлж чадаагүй хүслээ хангахын тулд байр суурь, бусдад өндрөөр үнэлүүлж, бишрүүлэх явдлыг л туйлшран эрэлхийлдэг. Тэгвэл тэдний Бурханд итгэх зорилго юу вэ? Энэ нь энэ амьдралдаа зуу дахин ихийг авч, ирэх ертөнцөд мөнх амьдрахын төлөө биш, үнэнийг хүлээн авч, аврагдахын төлөө бүр ч биш юм. Тэдний Бурханд итгэх зорилго нь бүтээгдсэн зүйлийн хувиар үйлдэх биш, харин албан тушаалтан, эзэн болж, байр суурийн ашиг тусыг эдлэх явдал юм. Чуулганд ийм хүмүүс гарцаагүй байдаг; эдгээр нь чуулганд шургалж орсон мууг үйлдэгчид юм. Чуулган ийм хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүсийн дунд яасан ч холилдуулдаггүй, тиймээс энэ хүмүүс бол зайлуулагдах ёстой хүмүүс юм. Тэдний Бурханд итгэх зорилгыг ялган танихад амархан уу? (Тийм.) Бурханд итгэх санаархал, зорилго болон чуулган дахь төрөл бүрийн илрэлийг нь харгалзан үзвэл тэд ямар төрлийн хүмүүс вэ? (Үл итгэгчид.) Тийм ээ, тэд бол үл итгэгчид. Тэд үл итгэгч байхаас гадна Бурханы гэрт байр суурь, хэтийн ирээдүйг эрэлхийлж, эрх мэдэлд шунах хүслээ хангахыг хүсдэг. Тэдний Бурханд итгэх зорилго нь албан тушаалтан болох явдал юм. Тэгвэл яагаад энэ хүмүүсийг зайлуулах ёстой вэ? Хэн нэгэн: “Хэрвээ үл итгэгчид Бурханы гэрт хөдөлмөрлөж, чуулганы найз нөхөд болоод бага сага тус болж чадвал тэднийг байлгаад байхад зүгээр биш үү?” гэж хэлж магадгүй. Энэ үг үндэслэлтэй юу? (Үгүй.) Яагаад үндэслэлгүй вэ? (Тэдний албан тушаалтан болох хүсэл нь бусдыг үймүүлэх зүйл хийхэд гарцаагүй хүргэх бөгөөд Бурханы гэрийн ажилд ямар ч ашиг тусгүй, ах эгч нарын үнэний эрэлхийлэлд нөлөөлнө.) Аль ч талаас нь харсан, үл итгэгчид үнэнийг эсэргүүцэж, Бурханыг үгүйсгэдэг тул Бурханы гэр тэднийг байлгаж болохгүй. Тэд эерэг үүрэг роль гүйцэтгэхгүй. Тэд албан тушаалтан болохыг эрэлхийлдэг эсэхээс үл хамааран, үл итгэгчийн хувиар хэлдэг үг яриа, илрэл, үйлдэл нь л үймээн учруулж чадах бөгөөд эерэг нөлөө үзүүлэхгүй. Зарим ах эгч тодорхой нөхцөл байдлыг туулах үедээ “Энэ бол Бурханы дээд эрх, бид дуулгавартай дагах ёстой” гэж хэлдэг. Үл итгэгчид дуулгавартай дагаж чадах уу? Тэд босож ирээд үймүүлж, эсэргүүцэхгүй л бол их юм. Тэд зүрх сэтгэлдээ бүр “Бүх зүйлийг бурханы дээд эрх гэж бүү хэл. Хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, жаахан бие даасан байдалтай байх ёстой; бүх зүйлийг Бурханы дээд эрхэд бүү хамаатуул!” гэж ч хэлдэг. Тэд бусдыг доош чангаагаад зогсохгүй, хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд зарим нэг хоёрдмол утгатай, хуурамч гажууд онол ярьдаг. Энэ ичгүүргүй хэрэг биш үү? Тэд шүтлэггүй хүмүүсийн дунд зарим нэг овжин явуулга, арга мэх хэрэглэж чаддаг байж магадгүй ч Бурханы гэр бол эдгээр овжин явуулга, арга мэхийг хэрэглэх газар биш! Зарим хүн эмнэлэг ажиллуулдаг бөгөөд тэнд тариа хийхэд өвддөггүй гэдэг учраас хүн бүр очих дуртай байдаг. Тариа нь яагаад өвддөггүй вэ? Зүүний үзүүрийг мэдээ алдуулагчид дүрсэн болохоор мэдээж өвтгөхгүй. Энэ ухаалаг арга мөн үү? (Үгүй, энэ бол хортой арга.) Гэтэл тэд үүнийг ухаалаг арга гэж үзэн бардамнаж, энэ нь өөрсдийнх нь чадамж, ур чадварыг харуулж байгаа гэж боддог бөгөөд “Чи зөвхөн бурханд дуулгавартай байх, бурханы зохион байгуулалт, бурханы дээд эрхийн тухай л ярьдаг. Чамд над шиг ийм ур чадвар байна уу?” гэж хэлдэг. Энэ ичгүүргүй хэрэг биш үү? (Тийм.) Тэд бүр ийм хортой арга мэхээ сайрхдаг! Үл итгэгчийн сэдэл өвөрлөн чуулганд шургалсан хүмүүс бол чуулганаас зайлуулах ёстой хүмүүс юм. Яагаад? Зүрх сэтгэлдээ энэ хүмүүс үнэнийг эсэргүүцэж, зэвүүцдэг. Бурханд итгэх зорилго нь юу ч байсан, ил хэлж болох эсвэл болохгүй эсэхээс үл хамааран үл итгэгч гэх мөн чанарт нь үндэслэн чуулган тэднийг зайлуулах юм уу хөөх ёстой. Эдгээр үл итгэгч тодорхой зорилготойгоор чуулганд шургалдаг бөгөөд чуулган дотор авьяас чадвараа гайхуулж, амбицаа хэрэгжүүлж, хүслээ хангахыг хүсдэг. Тэд чуулган хэмээх энэ эрхэм нандин газрыг эрх мэдэл эзэмшиж, өөрсдийгөө гайхуулж, хүмүүсийг төөрөлдүүлж, хянах зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашиглахыг хүсдэг. Бурханд итгэх зорилгыг нь харгалзан үзвэл тэд Бурханы сонгосон хүмүүс болон чуулганы ажилд үймээн, саад учруулж чадна. Тиймээс энэ хүмүүсийг Бурханы гэрээс зайлуулах юм уу хөөх ёстой. Удирдагч, ажилчид тэдний үл итгэгч мөн чанарыг нэвт харах ёстой. Чи тэдний илрэлд үндэслэсэн ч бай, эсвэл Бурханд итгэх талаарх байнгын ярианд нь үндэслэсэн ч бай хамаагүй, нөхцөл байдлыг ухамсарлаж, тэд бол үл итгэгчид гэдгийг тодорхой ялган таньмагцаа тээнэгэлзэлгүйгээр шийдвэртэйгээр тэднийг голох ёстой. Ямар ч арга барил, мэргэн ухаан ашигласан хамаагүй, ямар ч аргаар хамаагүй тэднийг зайлуул—энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажил; энэ бол тэдний үүрэх ёстой ажил юм. Энэ бол зайлуулагдах юм уу хөөгдөх ёстой нэг төрлийн хүн юм.

Б. Эсрэг хүйстнээ хайх

Тэгвэл зайлуулагдах юм уу хөөгдөх ёстой хоёр дахь төрлийн хүмүүсийн илрэл юу вэ? Зарим хүн Бурханд итгэх итгэлд хэзээ ч хамрагдаж байгаагүй; тэд зүгээр л үүнд нааштай ханддаг. Тэд Бурханд итгэснээрээ юу эрэлхийлэх, юу олж авах ёстойг мэдэх сонирхолгүй байдаг. Тэд Бурханд итгэдэг хүмүүс нэлээд ачлалтай, заль мэхгүй гэж сонссон тул чуулганаас хайр сэтгэлийн хамтрагч олж, гэрлээд, тогтвортой амьдралаар амьдрахыг хүсдэг. Энэ нь тэдний санаархал, зорилго тул тэд сэтгэлд нийцэх хамтрагчаа хайхаар чуулганд ирдэг. Эдгээр үл итгэгч Бурханд итгэх итгэлийг огтхон ч сонирхдоггүй; тэд Бүтээгч, үнэн, аврагдах, Бурханыг мэдэх, үүргээ гүйцэтгэх болон иймэрхүү бусад асуудлыг огт хайхардаггүй. Тэд Бурханы үгийг сонсож, номлол сонсоод ойлгож чаддаг байлаа ч үүнийг нухацтай авч үзэхийг хүсдэггүй. Тэд зүгээр л сэтгэлд нийцэх хамтрагчаа олохыг хүсдэг бөгөөд мэдээж илүү олон хүнтэй танилцаж, хүрээллээ тэлэхийг найддаг. Тэд сэтгэлд нийцэх хамтрагчаа олох зорилгоор Бурханд итгэдэг. Зарим хүн: “Тэд ийм зорилготойг Та яаж мэдэж байгаа юм бэ? Тэд юу ч хэлээгүй, Танд энэ талаар дурдаагүй шүү дээ!” гэж хэлж магадгүй. Тэд үүнийг зан авираараа харуулдаг. Тэд үүргээ гүйцэтгэх юм уу хэн нэгэнтэй холбоо тогтоохдоо эсрэг хүйсийн хүнээ яаж үргэлж хайж байдгийг хар. Тэд хэн нэгэнд дурлавал тэр хүнтэйгээ байнга нөхөрлөж, ойртон дотносож, мэдээллийг нь үргэлж сураглаж, таньж мэдэхийг хичээдэг. Эдгээр ер бусын үйлдэл, илрэл нь удирдагч, ажилчдын анхаарлыг хангалттай татах ёстой бөгөөд тэд энэ хүний санаархал юу болох, ямар зорилгод хүрэхийг зорьж байгааг ажиглах ёстой; тэдэнд хэн сайн мэдээ номлосон, яагаад тэд эсрэг хүйсийн хүнтэй харилцахыг онцгойлон эрж хайдаг, яагаад үргэлж эсрэг хүйсийн хүнд хэлэх үгтэй байдаг, яагаад эсрэг хүйсийн хүнд онцгой талтай байдаг, ялангуяа өөрсдөд нь таалагдсан хүмүүсийг яагаад онцгойлон сонирхож, санаа тавьдгийг олж мэдэх хэрэгтэй. Ийм хүмүүс Бурханд итгэдэг хүмүүст нааштай ханддаг. Тэд цуглаан, номлол сонсох, Бурханы үгийг нөхөрлөх, магтан дуу дуулах, хувийн туршлагаа нөхөрлөх болон иймэрхүү бусад хэрэг явдлыг нэг их сонирхдоггүй ч ерөнхийдөө саад тотгор, үймээн учруулах ямар нэг зүйл хэлдэггүй. Тэд хамтдаа сайхан амьдрах хайр сэтгэлийн хамтрагч олоход л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ хамтрагчаа олбол тэд дагаад Бурханд итгэж чадна; өөрсдөө эрэлхийлэхгүй байлаа ч хамтрагчаа Бурханд итгэхэд нь дэмжиж чадна. Зарим хүн харьцангуй боломжийн хүн чанартай, тусархуу, аль болох нөхөрсөг, сайхан сэтгэлтэй байхыг хичээдэг. Жишээ нь, тэд бусдыг тэвчиж чаддаг, бэрхшээлтэй хүмүүст асуудлаа шийдвэрлэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хийдэг, эсвэл зарим нэг зөвлөгөө өгдөг гэх мэт. Тэд бусдад харьцангуй сайхан сэтгэлээр ханддаг, хорон санаа агуулдаггүй боловч Бурханд итгэх зорилго, зорилт нь тийм ч хүндтэй биш байдаг. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд хэн ч нөхөрлөсөн бай хамаагүй, үнэнийг хүлээж авдаггүй. Хагас жил, эсвэл нэг, хоёр жил дагасны дараа тэдэнд ямар ч өөрчлөлт гардаггүй. Хэдийгээр тэд итгэхгүй байх тухайгаа юу ч хэлдэггүй, ямар ч саад тотгор, үймээн учруулдаггүй ч Бурханд итгэх хэрэг явдлыг огтхон ч сонирхдоггүй. Ийм хүмүүс чуулганд үлдэх нь тохиромжтой юу? (Үгүй.) Ийм хүмүүсийг зайлуулах ёстой юу? (Тэднийг бас зайлуулах ёстой.) Шалтгаан нь юу вэ? (Яагаад гэвэл, тэд үнэнийг сонирхдоггүй бөгөөд авралын бай биш. Хэрвээ тэд чуулганд үлдэнгээ үргэлж хамтрагч хайж байвал бусдыг үймүүлж, уруу таталтад оруулна; тэд эерэг үүрэг роль гүйцэтгэхгүй.) Яг тийм байдаг. Жишээ нь, зарим хүн мах идэх тун дуртай байдаг. Мах идэхээрээ ажлаа мартдаг. Хэрвээ мах байхгүй бол тэд зарим зөв зохистой ажлыг хийж чаддаг ч мах олдох үед ажил нь саатдаг. Мах тэдний хувьд юу вэ? (Уруу таталт.) Яг зөв, энэ бол уруу таталт. Тэгвэл үргэлж хамтрагч хайж байдаг хүмүүсийг уруу таталтын эх сурвалж гэж үзэж болох уу? (Болно.) Тэд үнэхээр уруу таталтын эх сурвалж мөн. Ийм хүмүүст “Чи Бурханд итгэх, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ чин сэтгэлгүй байна. Чи хэзээ ч чуулганд уусаж чадаагүй, хэзээ ч жинхэнэ итгэгч гэж тооцогдож байгаагүй. Энэ хоёр жил харилцах явцдаа бид чиний зорилгыг харлаа: Чи зүгээр л чуулганаас хамтрагч олохыг хүсэж байна. Энэ нь сайн хүмүүсийг хорлож байгаа хэрэг биш үү? Чуулганы хүмүүс чамд тохирохгүй. Шүтлэггүй хүмүүсийн дунд чамд тохирох олон хүн бий. Яваад шүтлэггүй хүмүүсийн дундаас хэн нэгнийг ол” гэж тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Үүний цаад утга нь тэдэнд “Бид чамайг нэвт харсан. Чи Бурханы сонгосон хүмүүсийн нэг биш. Чи Бурханы гэрийн хүн биш. Чамайг бидний ах эгч гэж үзэж болохгүй” гэж хэлж байгаа хэрэг юм. Ийм хүмүүсийг Бурханы гэрийн зарчмын дагуу чуулганаас зайлуулах ёстой. Ийм маягаар, болчимгүйгээр хамтрагч хайж, бусадтай сээтэгнэдэг энэ хүмүүсийг зайлуулна. Ийм хүмүүсийг ялган танихад амархан биш гэж үү? (Тийм.) Энэ хүмүүс ч бас үл итгэгчид юм. Тэд чуулганд, шашны итгэлд, Бурханд итгэдэг хүмүүст бага зэрэг дуртай байдаг. Тэд зүгээр л Бурханд итгэх боломжийг ашиглан Бурханд итгэдэг хүмүүсийн дундаас өөртэй нь хамт амьдран, өөрт нь бүхнээ зориулан үйлчлэх хамтрагч олохыг хүсдэг. Надад хэл дээ, ийм зүйл байж болох уу? Бид тэднийг хангах ёстой юу? Чуулган ийм хэрэг явдлыг зохицуулах ёстой юу? (Үгүй.) Чуулган тэдний хувийн сонирхлыг хангах үүрэг хүлээдэггүй. Тэд итгэгчдийг сайн хүмүүс, эдгээр итгэгчтэй зөв зүйтэй амьдарч чадна, эсвэл итгэгчид зөв замаар алхаж чадна гэж хэчнээн бодсон ч хэрэггүй—тэдний бодол хамаагүй. Ийм үл итгэгчдийг бас ихэнх чуулганаас олж болно. Энэ хүмүүстэй харьцах арга зам бол бидний дөнгөж сая нөхөрлөсөн аргыг ашиглах явдал юм, эсвэл та нарт илүү дээр арга байгаад, зарчмын дагуу шийдвэрлэж л байгаа бол тэрийгээ ашиглаж болно. Эдгээр үл итгэгчийг янз бүрийн төрлийн ёрын муу хүмүүсийн дунд ангилсан—энэ нь хэрээс хэтэрсэн хэрэг үү? (Үгүй.) Бид чухамдаа үл итгэгчдэд ингэж ханддаг.

В. Гамшгаас зайлсхийх

Чуулганаас зайлуулах юм уу хөөх ёстой өөр ямар төрлийн хүн байдаг вэ? (Өөр нэг төрөл нь гамшгаас зайлсхийхийн тулд л Бурханд итгэдэг хүмүүс юм.) Гамшгаас зайлсхийхийн тулд Бурханд итгэх нь бас хүмүүсийн итгэх нэг зорилго юм. Бурханд итгэдэг ихэнх хүн ч бас ийм хольцтой байдаг биш үү? (Тийм.) Тэгвэл үүнээс болж ямар хүмүүс зайлуулагдах юм уу хөөгдөх ёстой, ямар хүмүүс нь зүгээр л завхралын хэвийн илчлэл харуулж байгаа бөгөөд зайлуулагдах юм уу хөөгдөх ёсгүйг бид хэрхэн ялгах ёстой вэ? Ихэнх хүний хувьд Бурханд итгэх итгэлд нь гамшгаас зайлсхийх сэдэл холилдсон байдаг—энэ бол баримт. Гамшгаас зайлсхийхийн тулд Бурханд итгэдэг хүмүүсийн дундаас та нар зайлуулагдах юм уу хөөгдөх шалгуурт нийцсэн үл итгэгчдийг ялган таних ёстой. Жишээ нь, ийм хүмүүс гамшиг улам ноцтой болж эхлэхийг хараад цуглаанд илүү ойр ойрхон ирж, өмнө нь чуулганд буцааж өгсөн Бурханы үгийн номуудаа хурдхан буцааж аваад, одоо Бурханд нухацтай итгэнэ гэж хэлдэг. Гэвч гамшиг өнгөрөх юм уу багасмагц тэд буцаад бизнес хийж, мөнгө олж, холбоо барих бүх арга хэрэгслээ хаадаг тул ах эгч нар тэднийг олж чаддаггүй, цуглаанд дуудах гээд холбогдож чаддаггүй. Гамшиг тохиох үед тэд ах эгч нарыг идэвхтэй эрж хайдаг ч гамшиг өнгөрөх үед ах эгч нар тэднийг олоход маш хэцүү болж, тэдэнтэй тун ховорхон холбоо барьж чаддаг. Энэ илрэлүүд нэлээд тодорхой биш гэж үү? (Тийм.) Гамшиг байхгүй үед тэд: “Хүмүүс хэвийн амьдралтай байх хэрэгтэй. Бид амьдралаа бодох ёстой. Би өдөр бүр гэртээ хоол хийх ёстой, хүүхдүүдээ сургуульд зөөх ёстой, тиймээс заримдаа цуглаанд ирж чадахгүй. Тэгээд ч амьдрахад мөнгө хэрэгтэй; амьжиргааны бүх зардалд мөнгө төлөх хэрэгтэй болдог. Мөнгө олохгүйгээр бид амьд үлдэж чадахгүй. Энэ ертөнцөд хэн ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй. Бурханд итгэх итгэл бодит байх ёстой шүү дээ!” гэж хэлдэг. Тэд үнэмшилтэй ярьж, хангалттай шалтаг тоочдог бөгөөд мөнгө олж, амьдралаа бодоход хамаг анхаарлаа төвлөрүүлж, хааяа л нэг цуглаанд ирж, Бурханы үгийг унших ховорхон уншдаг. Бурханд итгэх тэдний хандлага халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн байдаг. Гамшиг тохиох үед тэд: “Өө, би бурхангүй байж чадахгүй; надад бурхан хэрэгтэй! Би өдөр бүр бурханд залбирч, түүнийг дуудах ёстой! Би гамшгаас зайлсхийх гээгүй; гол нь зүрх сэтгэлд минь бурхан байхгүй бол болохгүй. Зүрх сэтгэлд минь бурхан байхгүй бол сайхан амьдрал ч хоосон санагддаг!” гэж хэлдэг. Тэд Бурханы талаарх мэдлэгийг нь харуулсан ганц ч үг хэлж чаддаггүй; хэлдэг бүх үг нь өөрсдийн үйлдэл, зан авирыг зөвтгөсөн үг байдаг. Бурханы гэр хүн бүрд хэдэн ном тараадгийг тэд мэддэггүй; номлол ямар сэдэв дээр явж байгааг мэддэггүй; чуулганы амьдралд одоогоор ямар үнэнийг нөхөрлөж байгааг мэддэггүй. Тэд хагас жилд нэг удаа, эсвэл жилд нэг удаа цуглаанд ирдэг. Тэд ирэхээрээ “Шүтлэггүй хүмүүс үнэхээр аймшигтай. Нийгэм шударга бус байна. Энэ ертөнц ёрын муу. Мөнгө олох гэж зүтгэх үнэхээр хэцүү юм! Хүмүүст өгдөг Бурханы ачаа хөнгөн…” гэж хэлдэг. Тэд цуглааны нөхөрлөлийн сэдэв, агуулгатай ямар ч хамаагүй эдгээр хэрэггүй зүйлийг л ярьдаг. Тэд залбиралдаа хэдэн хоосон үг хэлж, Бурханд итгэх тухай хэдэн өнгөц үг хэлээд, өөрсдийгөө итгэгч гэж тооцон, сэтгэл нь амарч, амар амгалан болдог. Энэ Бурханд итгэх итгэл мөн үү? Ийм хүмүүс ямар гээчийн өөдгүй амьтад вэ? Хэрвээ чи тэднээс “Чи яагаад цуглаанд тогтмол оролцдоггүй юм бэ?” гэж асуувал тэд: “Миний нөхцөл бололцоо болохгүй байна. Энэ бол бурханы надад бүрдүүлсэн орчин, би дуулгавартай дагах ёстой” гэж хэлдэг. Энэ үг хэчнээн сайхан сонсогдож байна гээч! Тэд бас “Хар л даа, бурхан надад ийм орчин бүрдүүлж өгсөн. Гэр бүл минь тэр чигтээ надаас хамааралтай, тиймээс би амьдрахын тулд мөнгө олох ёстой! Одоогоор мөнгө олох нь бурханы надад өгсөн даалгавар юм” гэж хэлдэг. Тэд үүргээ гүйцэтгэх тухай, түүнчлэн бүтээгдсэн зүйлийн хариуцлага, хүлээсэн үүргийнхээ тухай огт дурддаггүй, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэх тухай бүр ч дурддаггүй; хааяа нэг цуглаанд ирж, хэдэн юанийн өргөл өргөөд, өөрсдийгөө Бурханы гэрт хувь нэмэр оруулсан гэж боддог. Бас хүүхдүүд нь өвдөхөд Бурханд залбирч, хэд хоногийн дараа хүүхдүүд нь дээрдэх үед чуулганд хурдан очиж жаахан мөнгө өргөөд, дараа нь дахиад л алга болдог хүмүүс бий. Тэд ах эгч нартай харилцах бүрдээ хэзээ ч үнэнийг нөхөрлөдөггүй, Бурханы үгийг ч уншдаггүй. Гамшиг, гай зовлон байхгүй үед тэд хэзээ ч Бурханд залбирдаггүй. Тэдний өдөр тутмын яриа нь үргэлж гэр зуурын аар саар зүйл, зөв буруугийн талаарх маргаан, махан биеийн амьдрал, нийгмийн янз бүрийн үзэгдэл, харсан үзсэн янз бүрийн зүйлийнх нь тухай байдаг; тэд Бурханы үгийг ховорхон нөхөрлөдөг бөгөөд Бурханд итгэхтэй холбоотой чин сэтгэлийн ганц ч үг хэзээ ч хэлдэггүй. Тэд зүгээр л Бурханы халамж, хамгаалалтыг хүртэхийн тулд чуулганд байраа хадгалдаг. Энэ бол тэдний Бурханд итгэх арга зам; тэд үнэнийг огт эрэлхийлэлгүй, зүгээр л амар тайван, ерөөлийг эрж хайдаг. Тэд үнэнийг огтхон ч сонирхдоггүй. Тэд Бурханд итгэснээрээ ашиг тус, нигүүлсэл, ерөөл хүртэхийг л хүсдэг. Тэд дараагийн амьдралыг харж чаддаггүй, үүнд огт итгэдэггүй учраас тэр талаар тоодоггүй. Тэд зөвхөн энэ амьдралдаа Бурханы нигүүлслийг эдэлж, бүх гамшгаас зайлсхийхийг л хүсдэг. Бурхан болон чуулган тэдний хоргодох газар учраас тэд цуглаанд ирэх үедээ гарцаагүй ямар нэг бэрхшээл, гамшигтай тулгарсан байдаг. Ийм хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэгчид мөн үү? (Биш.) Тэд ямар төрлийн хүмүүс вэ? (Ашиг хонжоо хайгчид, үл итгэгчид.) Тэд бол гамшгаас зайлсхийхийн тулд чуулганыг ашиглахыг хүсдэг үл итгэгчид юм. Ийм хүмүүсийг чуулганд үлдээх ёстой юу? (Үгүй.) Тэд цуглаанд ирэхээрээ бусдыг үймүүлж, сэтгэлийг нь тавгүйтүүлдэг. Ихэнх хүн хэтэрхий эелдэг бөгөөд тэднийг болиулахаас санаа зовдог тул тэднийг дураараа чалчиж, Бурханы үгийг идэж, уухад нь хүн бүрийг үймүүлэхийг зөвшөөрдөг. Энэ үед удирдагч, ажилчид яах ёстой вэ? Тэд ийм хүмүүсийг хязгаарлах, олонхын ашиг сонирхлыг хамгаалах, чуулганы хэвийн амьдралыг хадгалах хариуцлагыг үүрэх ёстой биш үү? (Тийм.) Чи тэднээс Бурханы үгийн номуудыг хурааж аваад, чуулганаас гар гэж зөвлөж болно. Хэн нэгнийг чуулганаас гаргахаар ятгах янз бүрийн арга бий—та нар өөрсдөө бодож олж болно. Тэднийг ах эгч нартай дахин холбогдож чадахгүй болгоход л анхаар. Хэн нэгэн хүн: “Энэ хүн сайн шүү дээ. Тэр чуулганд зүгээр л гэр орны аар саар зүйл ярьдаг ч чуулганы ажлыг үймүүлдэггүй, биднийг үүргээ гүйцэтгэхэд саад болдоггүй, тиймээс бид хүлээцтэй хандах ёстой! Бурханд итгэхдээ бид бүх төрлийн хүмүүсийг тэвчиж, хүлцэх ёстой биш үү? Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй!” гэж хэллээ гэе. Тэгвэл чи тэр хүнийг авралын бай мөн эсэхийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэрвээ биш бол бид ялган таньж, тэднийг зайлуулах ёстой биш үү? (Тийм.) Зарим хүн: “Би хэтэрхий эелдэг; чуулганаас гар гэж тэднийг ятгахаас ичиж байна” гэж хэлдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан. Хэрвээ чи зүгээр л тэдэнтэй холбогдохгүй бол тэд чамайг үймүүлэхгүй, хазаарлахгүй. Тэдэнтэй тааралдсан ч харилцах хэрэггүй. Тэдэнтэй Бурханд итгэх хэрэг явдлын талаар ярих шаардлагагүй; тэдэнд зүгээр л шүтлэггүй хүн шиг ханд. Зарим хүн: “Бид тэдэнд хайраар тусалж, өөрсдийн ойлгосон үнэнийг нөхөрлөж болохгүй гэж үү?” гэдэг. Ийм үл итгэгчдийн хувьд, хэрвээ чамд үнэхээр хайр байгаа бол чи оролдоод үзэж болно. Хэрвээ чи тэднийг үнэхээр өөрчилж чадвал тэднийг зайлуулах юм уу хөөх шаардлагагүй. Зарим хүн: “Би хүчин чармайлтаа дэмий үрэхгүй. Тэдэнд туслах нь гахайг усанд оруулахтай адил нэмэргүй; хэчнээн цэвэрлэж угаалаа ч буцаад шаварт хөрвөөнө. Гахай бол яг тийм амьтан; өөрчлөгдөхгүй!” гэж хэлдэг. Хэрвээ чи үүнийг ойлгож чадвал чиний зөв. Чи ийм үл итгэгчдэд туслахын тулд тэдэнд үнэнийг нөхөрлөсөөр байх уу? Та нар ийм утгагүй ажил хийсээр байх уу? (Үгүй.) Энэ үед та нар мунхаг байснаа, хүмүүсийг нэвт хараагүйгээ ухаардаг. Үл итгэгчид өөрчлөгдөж чадахгүй. Бурханд итгэдэг хүмүүс сайн зүйл хийдэг, муу зүйл хийхээс зайлсхийдэг, бусдыг дээрэлхдэггүй, мэхэлдэггүй гэдгийг энэ хүмүүс бас мэддэг. Тэд Бурханд итгэдэг хүмүүсийн талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг тул “Бурхан байдаг гэдэгт итгэдэг”, “Бурханд итгэх нь сайн” гэсэн далбаан дор зүсээ хувиргаж, чуулганд шургалж ороод, хүмүүст өөрсдийгөө ах эгч гэж бодогдуулдаг. Зарим хүн үүнд үнэхээр хууртаж, тэднийг жинхэнэ ах эгч гэж үзэн, байнга эргэж тойрч, тусалдаг. Удаан хугацааны дараа л тэд “Энэ хүн гамшиг, бэрхшээлтэй тулгарах үедээ л чуулганд ирж, хэрэггүй, утгагүй зүйл ярьдаг. Бүх зүйл саадгүй, зүгээр байх үед, амьдрал нь сайхан байх үед тэд хэнийг ч тоодоггүй. Тэднийг ийм өөдгүй амьтад гэдгийг эрт мэдсэн бол бид тэдэнд туслахгүй, ийм их хүч чармайлт гаргахгүй байх байсан!” гэж ухаардаг. Одоо харамсаад нэмэр байх уу? Харамсахад хэтэрхий оройтсон—чи аль хэдийн дэмий олон үг хэлсэн шүү дээ! Товчхондоо, ийм үл итгэгчдийг аль болох эрт ялган таньж, шийдвэрлэж, чуулганаас зайлуулах хэрэгтэй. Тэднийг ах эгч гэж бүү үз; тэд ах эгч нар биш. Бурханы сонгосон хүмүүс л ах эгч нар юм; аврагдаж чадах, Бурханыг шүтэн мөргөхөөр эрэлхийлдэг хүмүүс л ах эгч нар юм. Гамшгаас зайлсхийхийн тулд Бурханы гэрт эргэлдэж, үнэнийг хүлээн авахгүйгээр Бурханы нигүүлслийг шунан эдэлдэг хүмүүс бол үл итгэгчид юм. Тэд ах эгч нар биш, Бурханы сонгосон хүмүүс гарцаагүй биш. Ойлгов уу? Ийм үл итгэгчдэд зарчмын дагуу хандах ёстой; тэднийг зохих ёсоор нь зайлуулах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хариуцлага бөгөөд Бурханы сонгосон хүн бүрийн тодорхой мэдэж байх ёстой зарчим юм.

2021 оны 10 дугаар сарын 23

Өмнөх:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (14)

Дараах:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (29)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger