Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (8)

8. Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх (II хэсэг)

Өнгөрсөн удаа бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын найм дахь зүйл болох “Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх” талаар нөхөрлөсөн. Хэдийгээр наймдугаар зүйл ердөө ганцхан мөр урттай бөгөөд үүрэг хариуцлагынх нь хувьд удирдагч, ажилчдаас үндсэндээ маш энгийн, ганц л зүйлийг шаарддаг ч бид энэ сэдвийн талаар нэг цуглааны турш нөхөрлөсөн. Өнгөрсөн удаа бид энэ сэдвийн яг ямар талуудын талаар нөхөрлөсөн бэ? Энэ нь удирдагч, ажилчдын ямар гол үүрэг хариуцлагыг хөнддөг вэ? (Тэд төөрөгдөл, бэрхшээлтэй тулгарах үедээ цугларч нөхөрлөх ёстой, хэрвээ нөхөрлөлөөр тодорхой болгож чадахгүй бол даруй шийдвэрлэхээр эрж хайж, Дээрхэд мэдээлэх ёстой.) Энэ зүйлийн хөнддөг удирдагч, ажилчдын гол үүрэг хариуцлага бол ажилд оролцож, төрөл бүрийн бодитой ажилд өөрийгөө зориулах явдал юм, ингэснээр ажилд тулгардаг янз бүрийн асуудлыг олж илрүүлж, цаг тухайд нь шийдвэрлэх боломжтой. Хэрвээ янз бүрийн арга хэрэглэсэн ч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй, асуудал хэвээр үлдэж, төөрөгдөл, бэрхшээл болбол удирдагч, ажилчид тэрхүү төөрөгдөл, бэрхшээлийг хуримтлуулах юм уу хойш тавиад тоохгүй орхиж болохгүй, харин үүний оронд тэдгээрийг шийдвэрлэх аргыг даруй бодож олох ёстой. Тэдгээрийг шийдвэрлэх хамгийн сайн арга бол мэдээж ах эгч нар болон өөр өөр түвшний удирдагч, ажилчидтай хамт эрж хайн нөхөрлөснөөр эдгээр асуудал дээр шийдэлд хүрэх явдал юм. Хэрвээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол удирдагч, ажилчид том асуудлыг жижиг болгож, дараа нь тэр жижиг асуудлыг төвөгтэй биш мэт харагдуулахаар оролдох юм уу зүгээр л хойш тавиад үл тоож болохгүй, харин үүний оронд асуудлыг шийдвэрлэхийн тулд Дээрхэд даруй мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайх ёстой. Ийм маягаар ажил ямар ч бэрхшээл, саадгүйгээр жигд явагдана.

Удирдагч, ажилчид ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийг даруй мэдээлж, шийдвэрлэх ёстой

I. “Даруй” гэдгийн тодорхойлолт

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын наймдугаар зүйлд ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийг даруй мэдээлэх тухай дурддаг—энэ бол маш чухал. Хэрвээ өнөөдөр асуудлыг олж илрүүлсэн ч тэр асуудлыг шийдвэрлэхээ найм, арав хоног, тэр ч бүү хэл хагас жил, нэг жилээр хойшлуулбал үүнийг “даруй” гэж нэрлэж болох уу? (Үгүй, болохгүй.) Тэгвэл “даруй” гэж юу гэсэн үг вэ? (Асуудлыг нэн даруй, шууд, тэр дор нь шийдвэрлэнэ гэсэн үг.) Энэ нь арай хатуу биш гэж үү? Хэрвээ бид цаг хугацаатай холбоотой үг хэллэгээр үүнийг тайлбарлавал, асуудлыг нэн даруй, шууд, яг одоо шийдвэрлэхийг “даруй” гэдэг, гэхдээ эдгээр үгийн үгчилсэн утгыг харвал хүмүүсийн хувьд хийхэд амаргүй бөгөөд энэ нь бодитой биш юм. Тэгвэл “даруй” гэдэг үгийг яаж тодорхойлбол оновчтой вэ? Хэрвээ асуудал том биш ч ажилд саад учруулж байвал, мөн хэдхэн цагийн дотор шийдвэрлэж болохоор бол хэдхэн цагийн дотор шийдвэрлэх ёстой—үүнийг даруй гэж үзэж болох уу? (Болно.) Асуудал арай ээдрээтэй, хэцүү бөгөөд хоёр, гурван өдрийн дотор шийдвэрлэж болохоор байлаа гэж бодъё, гэхдээ хүмүүс үнэнийг эрж хайх хичээл чармайлт гаргаж, илүү их мэдээлэл хайж, ганц өдрийн дотор үүнийг шийдвэрлэхээр эрмэлзвэл энэ нь ажилд илүү ашиг тустай биш гэж үү? Яг одоо нэвт харж чадахгүй байгаа, шалгаж, судалж шинжлэх шаардлагатай, бага зэрэг хугацаа шаардсан нэг асуудал байлаа гэж бодъё. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дээд тал нь гурван өдөр шаардагдана. Хэрвээ гурван өдрөөс илүү хугацаа зарцуулбал шийдвэрлэхийг нь зориуд хойшлуулсан гэсэн сэжиг төрөх бөгөөд цаг дэмий үрж байна гэсэн үг. Тиймээс уг асуудлыг гурав хоногийн дотор мэдээлж, эрж хайж, шийдвэрлэх ёстой. “Даруй” гэдэг нь энэ юм. Хэрвээ асуудлыг шийдвэрлэхэд шат шатны харилцаа холбоо, мөрдөн байцаалт шаардлагатай, түүнчлэн шат шатаар мэдээлэл цуглуулах шаардлагатай бол—янз бүрийн үйл явц маш төвөгтэй байсан ч үүнийг мөн л сар сунжруулах ёсгүй. Хэрвээ удирдагч, ажилчид яаравчилж, илүү хурдан ажиллаж, хэдэн тохиромжтой хүнийг сонгон ашиглавал долоо хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзье, тэгвэл энэ нөхцөл байдалд “даруй” гэдэг нь уг асуудлыг нэг долоо хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн үг. Асуудлыг шийдвэрлэхэд долоо хоногоос илүү хугацаа зарцуулах нь зохисгүй—энэ нь даруй биш юм. Энэ бол харьцангуй төвөгтэй ийм асуудлыг шийдвэрлэх цаг хугацааны хязгаар юм. Энэ цаг хугацааны хязгаар юун дээр үндэслэдэг вэ? Тухайн хэрэг явдлын хэмжээ, хүндрэлийн түвшнээс хамаарч энэ нь тодорхойлогддог. Гэвч мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудал, эсвэл хүмүүст зарчим тодорхойгүй байгаа асуудал гэх мэт ихэнх зүйлийг хэдхэн өгүүлбэрээр шийдвэрлэж болно—эдгээр асуудлыг шийдвэрлэх хугацааг ямар хэмжээнд хязгаарлавал “даруй” гэж үзэх вэ? Хэрвээ бид “даруй” гэдгийг хэрэг явдлын хэмжээ, хүндрэлийн түвшнээс нь хамаарч тодорхойлбол ихэнх асуудлыг хагас өдөр хүрэхгүй хугацаанд шийдвэрлэж болно, харин цөөнхийг нь шийдвэрлэхэд дээд тал нь долоо хоног шаардагдаж магадгүй; хэрвээ шинэ асуудал гарч ирвэл тэр нь өөр хэрэг. Тиймээс, хэрвээ бид “даруй” гэдгийг нэн даруй, шууд, яг одоо гэж тодорхойлбол эдгээр үгийн үгчилсэн утгаас үзэхэд энэ нь хүмүүст хатуу шаардлага тавьж буй мэт санагддаг, гэвч цаг хугацааны хязгаарыг нь харвал, хэрвээ хүмүүс даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайвал ихэнх асуудлыг дээд тал нь хагас өдөр, эсвэл нэг хоногийн дотор шийдвэрлэж болно. Цаг хугацааны хувьд үүнийг хэцүү гэж үзэж болох уу? (Үгүй.) Нэгэнт цаг хугацааны хувьд хэцүү биш тул ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийг даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх шаардлагыг биелүүлэх нь удирдагч, ажилчдын хувьд амархан байх ёстой бөгөөд эдгээр төөрөгдөл, бэрхшээл үргэлжлэн оршсоор, шийдвэрлэгдэхгүй байх ёсгүй, ажил дээр удаан хугацаанд хуримтлагдаж бүр ч болохгүй. “Даруй” гэдгийн цаг хугацааны ухагдахууныг одоо та нар бүгд мэддэг болсон байх ёстой—энэ бол удирдагч, ажилчид ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийг шийдвэрлэхдээ цаг хугацааг хэрхэн баримжаалахтай холбоотой асуудал юм. Товчхондоо, “даруй” гэдгийн хамгийн оновчтой тодорхойлолт нь аль болох хурдан үйлдэх явдал юм—өөрөөр хэлбэл, хэрвээ асуудлыг хагас өдрийн дотор мэдээлж, эрж хайж, шийдвэрлэж чадах бол хагас өдрийн дотор шийдвэрлэх ёстой, хэрвээ нэг өдрийн дотор шийдвэрлэж чадах бол нэг өдрийн дотор шийдвэрлэх ёстой—мөн ямар ч саатал гаргахгүй, ажилд нөлөөлөхгүй байлгахаар чармайх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага. Ажил дээр асуудал тулгарч, илрэх үед удирдагч, ажилчид даруй нөхөрлөж, шийдвэрлэх ёстой. Хэрвээ шийдвэрлэж чадахгүй бол хойш тавьж, үл тоож, нухацтай авч үзэхгүй байхын оронд аль болох хурдан Дээрхэд мэдээлж, шийдвэрлэх арга замыг нь эрж хайх ёстой. Асуудал гарч ирэх үед удирдагч, ажилчид даруй шийдвэрлэх ёстой, харин хөдөлж цөхөн, хүлээж, бусдад найдах ёсгүй—удирдагч, ажилчид ийм илрэлүүд харуулах ёсгүй.

II. Асуудлыг даруй шийдвэрлээгүйн үр дагавар

Асуудлыг шийдвэрлэх гол зарчим бол даруй шийдвэрлэх явдал юм. Яагаад даруй шийдвэрлэх ёстой вэ? Хэрвээ олон асуудал гарч ирээд даруй шийдвэрлэж чадахгүй бол нэг талаар, хүмүүс мунгинасан байдалд гацаж, яахаа мэдэхгүй болно, нөгөө талаар, хэрвээ хүмүүс буруу аргад үндэслэн ажиллаж байгаад, дараа нь хийсэн ажлаа дахин хийж, засаж залруулах шаардлагатай болбол үр дагавар нь ямар байх вэ? Маш их хүн хүч, санхүүгийн нөөц, эд материалын нөөц үрэгдэж, зарцуулагдана—энэ бол хохирол. Хэрвээ ажил дээр асуудал гарч, удирдагч, ажилчид үүнийг харахгүй, эдгээр асуудлыг даруй олж илрүүлж, шийдвэрлэж чадахгүй бол олон хүн буруу аргад тулгуурлан ажилласаар байх болно. Хүмүүс эдгээр асуудлыг олж илрүүлээд, шийдвэрлэж, засахыг хүсэх үед эдгээр асуудал чуулганы ажилд аль хэдийн хохирол учруулсан байх болно. Тэгвэл тэр бүх хүн хүч, санхүүгийн нөөц, эд материалын нөөц дэмий үрэгдсэн байх биш үү? Ийм хохирол учирсан нь удирдагч, ажилчид асуудлыг даруй шийдвэрлээгүйтэй холбоотой юу? (Тийм.) Хэрвээ удирдагч, ажилчид ажлыг хянан дагаж, хяналт тавьж, шалгаж, зааварчилгаа өгч чадвал асуудлыг даруй олж илрүүлж, шийдвэрлэж чадах нь гарцаагүй. Хэрвээ удирдагч, ажилчид хааш яаш хандаж, ажлыг хянан дагаж, хяналт тавьж, шалгаж, зааварчилгаа өгдөггүй бол, хэрвээ тэд энэ тал дээр маш идэвхгүй хандаж, асуудал хэт овоорч, дийлдэхээ болих хэмжээнд хүрсэн хойно л тэдгээрийг шийдвэрлэх талаар бодож, Дээрхэд мэдээлэх, Дээрхээс шийдэл эрж хайх тухай боддог бол ийм удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү? (Үгүй.) Энэ бол үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг; ийм удирдагч, ажилчид асуудлыг шийдвэрлээгүйгээр үл барам, харин ч Бурханы гэрийн хүн хүч, эд материалын нөөцөд хохирол учруулж, түүнчлэн чуулганы ажилд асар их саад учруулсан. Удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа цалгардуулж, хайхрамжгүй, хөшүүн, мулгуу байдгаас болж, мөн ажил дээр гарч ирдэг олон асуудлыг даруй олж илрүүлж, шийдвэрлэж чаддаггүй, тэр ч бүү хэл Дээрхэд даруй мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайж чаддаггүйгээс болж олон ажлыг дахин хийх шаардлагатай болдог бөгөөд дахин хийсний дараа зарчмыг олж чадаагүйн улмаас илүү олон асуудал гардаг. Ийм байдал үргэлжлэхийн хэрээр ажлыг дуусгах хугацаа ихэд хойшилж, нэг сард хийх ёстой ажил гурван сар, гурван сард хийх ёстой ажил найм, есөн сар үргэлжилдэг—энэ нь удирдагч, ажилчид бодитой ажил хийхгүй байгаатай шууд холбоотой. Удирдагч, ажилчид ажилдаа хариуцлага хүлээдэггүй—өөрөөр хэлбэл, асуудал гарах үед даруй олж, засаж залруулж чаддаггүй учраас төрөл бүрийн ажил үр дүнд хүрэхгүй, саажсан байдалтай хэвээр үлддэг. Тэгвэл энэ асуудалд хэн шууд хариуцлага хүлээх вэ? (Удирдагч, ажилчид.) Тиймээс удирдагч, ажилчид бодитой ажил хийх нь маш чухал, мөн бодитой ажил хийх явцдаа асуудлыг олж илрүүлэх нь ч бас маш чухал. Заримдаа удирдагч, ажилчид асуудлыг олж илрүүлсэн ч яаж шийдвэрлэхээ мэддэггүй, гэсэн ч тэд Дээрхэд даруй мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайж, шийдвэрлэж чаддаг, ингэх нь бүр ч илүү чухал. Олон удирдагч, ажилчин “Бидэнд өөрсдийн гэсэн ажиллах арга барил бий. Дээрх бидэнд зарчмыг хэлж өгөхөд л хангалттай, үлдсэн бодитой ажлыг бид өөрсдөө хийнэ. Хэрвээ ямар нэг бэрхшээл тулгарвал бид зүгээр л доор хамтдаа нөхөрлөж, залбирахад хангалттай” гэж боддог. Асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт, эсвэл шийдэл нь бүрэн гүйцэд, үр дүнтэй эсэхийн тухайд тэд эдгээр зүйлийн талаар огтхон ч санаа тавьдаггүй, асууж лавладаггүй. Энэ бол ажиллах үедээ тэдний гаргадаг нэг төрлийн хариуцлагагүй хандлага бөгөөд эцэстээ энэ нь чуулган дахь бүх ажил саадгүй явагдаж чадахгүй, ноцтой асуудлууд шийдвэрлэгдэхгүй байхад хүргэдэг. Энэ бол удирдагч, ажилчдын хэв чанар хэт муу, аль эсвэл тэд хариуцлага хүлээдэггүй, бодитой ажил хийдэггүйгээс үүдэн гарсан үр дагавар юм.

Найм дахь үүрэг хариуцлагад үндэслэн хэдэн төрлийн хуурамч удирдагчийг задлан шинжлэх

I. Сүнслэг дүр эсгэдэг хуурамч удирдагчид

Өнгөрсөн удаа бид төөрөгдөл, бэрхшээл гэж юу болох талаар нөхөрлөж, даруй мэдээлж, шийдлийг нь даруй эрж хайх ёстой зарим асуудлыг тодорхойлсон. Үндсэндээ хоёр гол төрлийн асуудал байдаг. Нэг төрөл нь ажил дээр хүмүүсийн эргэлзэж, нэвт харж чаддаггүй асуудал юм. Ийм асуудлын тухайд хүмүүст зарчмыг ухамсарлахад маш хэцүү санагддаг. Хэдийгээр тэд зарчмыг онолын хувьд ойлгодог байж болох ч яаж хэрэгжүүлж, хэрэглэхээ мэддэггүй. Эдгээр асуудал төөрөгдөлтэй холбоотой. Нөгөө төрөл нь хүмүүсийн яаж шийдвэрлэхээ мэддэггүй бодит бэрхшээл, асуудал юм. Энэ төрөл нь төөрөгдөлтэй харьцуулахад арай илүү ноцтой бөгөөд эдгээр нь ч бас удирдагч, ажилчдын мэдээлж, шийдлийг нь эрж хайх ёстой асуудал юм. Өнгөрсөн удаа бид, ажил дээр тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр мэдээлж, эрж хайх нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага гэдгийг голчлон нөхөрлөж, удирдагч, ажилчдын хийх ёстой, анхаарал хандуулах ёстой тодорхой зүйлийн талаар эерэг өнцгөөс нөхөрлөсөн. Өнөөдөр бид наймдугаар зүйлтэй холбогдуулан хуурамч удирдагчид ямар илрэлтэй байдгийг, мөн тэд удирдагчдын хийх ёстой ажлыг хийж, биелүүлэх ёстой үүрэг хариуцлагыг биелүүлдэг эсэхийг задлан шинжилье. Ажил дээр тулгарсан асуудлыг шийдвэрлэх тухайд хуурамч удирдагчид энэ тал дээр гарцаагүй чадваргүй байдаг; тэд ажлын энэ талыг хийж чаддаггүй бөгөөд энэ хариуцлагаа биелүүлж чаддаггүй. Ажиллах үедээ үзэл тээж, “Би ажиллахдаа тийм албархуу байдал гаргадаггүй, мэдлэг, эрдэм, ур чадвар, эсвэл ягшмал сургаал гэх мэт зүйлд анхаарал хандуулдаггүй. Би зүгээр л цуглаан дээр Бурханы үгийн үнэнийг тодорхой нөхөрлөхөд л анхаардаг, тэр л хангалттай. Долоо хоног бүр би жижиг бүлгүүдэд хоёр цуглаан, хоёр долоо хоног тутам удирдагч, ажилчдад нэг цуглаан, сар бүр бүх ах эгч нарт нэг том цуглаан хийдэг. Энэ бүх төрлийн цуглааныг сайн зохион байгуулахад л хангалттай” гэж боддог нэг төрлийн хуурамч удирдагч бий. Энэ бол тэдний ажил хийх үндэс, арга барил юм. Энэ төрлийн удирдагч, ажилчин зүгээр л номлол номлоход тасралтгүй дадлагажиж, бичиг үсэг, хоосон сургаалаар өөрсдийгөө зэвсэглэхэд ихээхэн хүчин чармайлт гаргадаг—тэд цуглаан бүрд зориулан тойм, агуулга, жишээ, нөхөрлөх үнэнийг бэлдэж, тодорхой хүмүүсийн байдал, асуудлыг шийдвэрлэх зарим төлөвлөгөөг ч бас бэлддэг. Тэд удирдагч, ажилчны хувьд сайн номлоход л хангалттай, тэгвэл хариуцлагаа биелүүлчихнэ гэж боддог. Тэд сайн мэдээг түгээх арга нь тохиромжтой эсэх, чуулганы ажилтнуудыг хэрхэн томилж байгаа, эсвэл төрөл бүрийн мэргэжлийн ажил гүйцэтгэдэг ажилтнууд чадварлаг, стандартад нийцсэн эсэх гэх мэт бусад зүйлд санаа тавих шаардлагагүй гэж боддог—эдгээр зүйлийг зааварлагчдаар шийдвэрлүүлэхэд л хангалттай гэж үздэг. Тиймээс ийм төрлийн хүн хаашаа ч явсан, цуглаан, номлол номлоход анхаарлаа төвлөрүүлдэг, мөн ямар ч төрлийн цуглаан хийж байсан, тэд үргэлж номлол номлодог. Гаднаа тэд хүмүүсийг Бурханы үгийг уншиж, магтан дуу дуулж сурахад хөтөлж, хааяа ажлын талаар ярьдаг. Ийм төрлийн хүн, төрөл бүрийн хүмүүст тулгардаг асуудлыг Бурханы ямар үгтэй харьцуулах ёстой, түүнчлэн хүмүүс яагаад сул дорой болдог, тэдэнд ямар байдал үүссэн, эдгээрийг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийн аль үнэнийг нөхөрлөх ёстой гэх мэт байнга нөхөрлөдөг асуудлын талаар мэдэж байдаг. Товчхондоо, тэдний номлол, нөхөрлөл нь үнэн ба хэрэгжүүлэлтийн олон талыг хөнддөг; зарим нь засалттай холбоотой, зарим нь шалгалт, цэвэршүүлэлттэй холбоотой, зарим нь Бурханы үгийг залбиран-уншихтай, зарим нь шүүлт, гэсгээлтийг хэрхэн туулахтай холбоотой гэх мэт байдаг—тэд үнэний янз бүрийн талыг бага сага нөхөрлөж чаддаг. Тэд шинэ итгэгчидтэй уулзахдаа шинэ итгэгчдэд зориулсан номлол номлож, Бурханд олон жил итгэсэн хүмүүстэй уулзахдаа амь-оролтын талаар зарим номлолыг номлож чаддаг. Гэхдээ ямар нэг мэргэжлийн ур чадвар шаардсан ажлын тухайд бол тэд хэзээ ч ажлын талаар асууж сурагладаггүй, үүнтэй холбоотой зүйлийг суралцдаггүй, асуудал шийдвэрлэхийн тулд ямар нэг ажлыг хянан дагаж, ажилд оролцож, гүнзгийрүүлэн ухаж бүр ч чаддаггүй. Тэдний нүдээр бол, номлол номлож, Бурханы үгийг уншиж, магтан дуу сурснаар тэд ажил хийж байгаа бөгөөд энэ нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм; үүнээс гадна бусад бүх ажил чухал биш, бусад хүний хэрэг, өөрсдөд нь ямар ч хамаагүй бөгөөд номлолоо сайн номлож л чадвал санаа амар сууж болно. “Санаа амар сууна” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь цуглааныг дуусгах нь ажлаа дуусгасантай адил бөгөөд амрах цаг болоход тэд амарна гэсэн үг. Чуулганы ажилд ямар ч асуудал гарсан, тэд үл тоодог, хүмүүс асуудал шийдвэрлүүлэхээр тэднийг хайх үед олоход маш хэцүү байдаг. Ажил хэчнээн завгүй болсон ч тэд үдээс хойш дуг хийх ёстой бөгөөд бусад хүн зовлон туулж, төлөөс төлж чадаж байхад тэд тав тухад ташуурдаг. Тэд “Би номлолоо дуусгасан, цуглаан дууссан, та нарт хэлэх ёстой бүхнээ хэлсэн. Надаар өөр юу хэлүүлэхийг хүсээд байгаа юм бэ? Миний ажил дууссан. Үлдсэн нь та нарын ажил. Би та нарт Бурханы үгийг хэлсэн, тиймээс зүгээр л зарчмын дагуу үйлд. Ямар нэг асуудал гарч ирэх тухайд гэвэл, тэр нь та нарын хэрэг, надад ямар ч хамаагүй. Та нар өөрсдөө Бурханы өмнө очиж, залбирч, цугларч, нөхөрлөж асуудлаа шийдвэрлэх ёстой. Намайг хайж ирээд хэрэггүй” гэж боддог. Цуглаан дуусах үед тэд хэзээ ч хэнээр ч асуулт асуулгадаггүй, хэзээ ч асуудал шийдвэрлэхийг хүсдэггүй, асуудал олж илрүүлж бүр ч чаддаггүй. Цуглааны дараа тэд өөрсдийнхөө ажлыг дууссан гэж үзээд, ердийнхөөрөө унтаж, идэж, амардаг. Тэд ямар ч бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчид биш үү? (Мөн.)

Зарим тохиолдолд удирдагч, ажилчин албан тушаалдаа зургаан сар болсон байдаг бөгөөд тэдэнтэй илүү ойр дотно, байнга уулзаж чаддаг хүмүүсээс бусад ихэнх ах эгч нар тэдэнтэй уулзаж харж чаддаггүй. Тэд зүгээр л онлайнаар номлол номлохыг нь байнга сонсдог ч асуудал гарахад удирдагч, ажилчин уг асуудлыг шийдвэрлэдэггүй. Зарим ах эгч нар үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлтэй тулгарч, үүнийг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй, тайван сууж ч чадахгүй маш их түгшиж, удирдагчаа хайж очсон ч олж чаддаггүй. Ийм удирдагч сайн ажиллаж чадах уу? Ах эгч нар удирдагч нь өдөр бүр юунд тэгтлээ завгүй байдгийг огт мэддэггүй, хуримтлагдсан асуудал, бэрхшээл маш их байдаг бөгөөд удирдагч нь хэзээ ирж шийдвэрлэхийг ч мэддэггүй. Хүн бүр удирдагчийг ирж туслахыг тэсэн ядан хүлээдэг боловч хэчнээн удаан хүлээсэн ч удирдагч хэзээ ч ирдэггүй. Ийм удирдагч, ажилчид маш бултамхай бөгөөд өөрсдийгөө сайн нуудаг! Тэд маш сайн номлол номлож, номлол өгснийхөө дараа сайхан хувцаслаад ямар ч ажил хийдэггүй, тав тухад ташуурч болох газарт өөрсдийгөө нуудаг. Тэгсэн хэр нь тэд өөрсдийгөө маш сайн, зөв ажиллаж байна гэж боддог. Тэд өөрсдийгөө хойрголоогүй, номлолоо номлосон, цуглаанаа хийсэн, хэлэх ёстой бүхнээ хэлсэн, тайлбарлах ёстой бүхнээ тайлбарласан гэж боддог. Тэд хэзээ ч ах эгч нартайгаа гүнзгий харилцаж, ажлыг хянан дагаж, ажилд оролцож, нягтлан шалгаснаар тэдэнд тусалж, асуудлыг даруй зохицуулж, шийдвэрлэхэд нь туслахыг хүсдэггүй. Хэрвээ шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарвал Дээрхэд мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайх ёстойгоо ч мэддэггүй. Тэд бас “Ах эгч нар нөхөрлөлөөс сонссоныхоо дараа зарчмыг баримталж чадах болов уу? Ажил дээрээ бэрхшээл, төөрөгдөлтэй дахин тулгарахдаа үнэнийг баримталж, зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадах болов уу? Цаашлаад, ажил дээр хэн эерэг үүрэг роль гүйцэтгэж байна? Ямар хүмүүс сөрөг үүрэг роль гүйцэтгэж байна? Саад тотгор, үймээн учруулдаг хүмүүс, юм сүйтгэдэг хүмүүс, эсвэл үргэлж муу санаа гаргадаг утгагүй хүмүүс байна уу? Сүүлийн үед ажил хэрхэн явагдаж байна вэ?” гэж оюун ухаандаа тунгаан боддоггүй. Тэд ийм асуудлын талаар огт санаа тавьж, асууж сурагладаггүй. Ийм хүмүүс гаднаасаа ажил хийж байгаа мэт харагддаг—тэд номлол номлож, цуглаан хийж, номлолын ноорог, тойм бэлдэж, тэр ч бүү хэл ажлын тайлан бичдэг. Зарим удирдагч бас амийн туршлагынхаа талаар байнга номлол бичдэг; тэд өрөөндөө дараалан гурваас тав хоног байж, тэр ч бүү хэл хэн нэгнээр тусгайлан ус аягалуулж, хоол зөөлгөх хэрэгтэй болдог бөгөөд өөр хэн ч тэдэнтэй уулзаж чаддаггүй. Хэрвээ чи тэднийг бодитой ажил хийхгүй байна гэж хэлбэл тэд гомдож, “Би яахаараа бодитой ажил хийхгүй байна гэж? Би ах эгч нартай хамт амьдарч, үргэлж цуглаан хийж, номлодог. Би амаа хаттал номлодог, заримдаа шөнө дүл болтол унтдаггүй” гэдэг. Гаднаасаа тэд үнэхээр завгүй, зүгээр суудаггүй мэт харагддаг—тэд маш их номлол номлож, ярих, бичихдээ асар их хүчин чармайлт гаргаж, мэдээ, захидал тогтмол дамжуулж, Дээрхийн шаарддаг зарчмуудыг дамжуулж, цуглааны үеэр чин сэтгэлээсээ, тэвчээртэйгээр нөхөрлөж, агуулгыг онцолдог—тэд үнэхээр маш их ярьдаг, гэхдээ тодорхой ажилд хэзээ ч оролцдоггүй, ажлыг хэзээ ч хянан дагадаггүй, ах эгч нартайгаа хамт ямар ч асуудалтай хэзээ ч нүүр тулдаггүй. Хэрвээ чи тэднээс ийм тийм ажил хэрхэн явагдаж байгаа, эсвэл ажлын үр дүн ямар байгаа талаар асуувал тэд мэддэггүй бөгөөд эхлээд хэн нэгнээс асуух шаардлагатай болдог. Хэрвээ чи тэднээс өнгөрсөн удаагийн асуудал шийдвэрлэгдсэн эсэхийг асуувал тэд цуглаан хийж, зарчмын талаар нөхөрлөсөн гэж хэлдэг. Тэгээд чи тэднээс, “Үнэн-зарчмын талаар нөхөрлөсний чинь дараа ах эгч нар үнэхээр ойлгосон уу? Тэд буруу замаар явах боломжтой хэвээрээ юу? Тэдний дундаас хэн нь зарчмыг харьцангуй сайн ойлгодог, хэн нь мэргэжлийн ур чадвартай, хэн нь илүү сайн хэв чанартай, хөгжүүлэх үнэ цэнтэй вэ?” гэж асуулаа гэж бодъё. Тэд эдгээр асуултын алинд ч хариулдаггүй; тэд энэ талаар юу ч мэддэггүй. Тэднээс ажлын байдлын талаар асуух бүрд чинь тэд: “Би зарчмын талаар нөхөрлөсөн, дөнгөж сая цуглаан хийж дууссан, дөнгөж сая тэднийг зассан. Тэд шийдвэртэй байгаагаа илэрхийлсэн, энэ ажлыг сайн хийх шийдэмгий байдалтай байгаа” гэж хэлдэг. Гэхдээ дараагийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар тэд огт мэддэггүй. Тэднийг удирдагч, ажилчны хувьд стандартад нийцсэн гэж үзэж болох уу? (Үгүй.) Энэ төрлийн удирдагч, ажилчны ажиллах арга барил нь зүгээр л Бурханы үгийг уншиж, хүмүүст зарим бичиг үсэг, хоосон сургаал номлох явдал байдаг ч бодитой асуудлыг шийдвэрлэхэд анхаардаггүй, үүнээс ч илүүтэйгээр, Дээрхэд мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайхаас айдаг—Дээрх тэдний жинхэнэ нөхцөл байдлыг олж мэдэх вий гэхээс тэд маш их айдаг. Ийм үйлдлийн шинж чанар юу вэ? Тэд мөн чанарынхаа хувьд ямар төрлийн хүн бэ? Нарийн яривал ийм хүмүүс фарисайчуудын жишээ юм. Фарисайчуудын илрэл дараах байдалтай байдаг: Тэд гаднаа ёсорхуу үйлдэл хийж, эрхэмсэг байдлаар үг хэлж, биеэ авч явж, бүх үг, үйлдэл нь Библид үндэслэдэг, хүмүүстэй уулзаж, ярихдаа Библийн үгээс цээжээр уншиж, Библийн маш олон мөрийг цээжээр давтан хэлж чаддаг. Хуурамч удирдагчид фарисайчуудтай яг адилхан—гаднаасаа чи тэднээс ямар ч өө сэв олж чадахгүй, тэд тун сүнслэг харагддаг. Чи тэдний гаднах яриа, үйлдэл, зан авираас ямар ч асуудал олж илрүүлж чадахгүй ч тэд чуулганы ажилд оршдог олон асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Тэгвэл энэ “сүнслэг” гэдэг нь юу гэсэн үг вэ? Нарийн яривал энэ нь хуурамч-сүнслэг байдал юм. Ийм хуурамч-сүнслэг хүмүүс өдөр бүр маш завгүй байж, том, жижиг бүлгүүдийн хооронд шилжиж, очсон газар бүрдээ Бурханы үгийг номлодог. Гаднаасаа тэд Бурханы үгийг хэнээс ч илүү хайрладаг, Бурханы үгэнд хэнээс ч илүү их хүчин чармайлт гаргадаг, Бурханы үгийн талаар хэнээс ч илүү мэдлэгтэй мэт харагддаг бөгөөд Бурханы үгийн ямар ч чухал хэсгийн хуудасны дугаарыг цээжээр хэлж чаддаг. Хэрвээ хэн нэгэнд асуудал тулгарвал тэд Бурханы үгийн холбогдох хэсгийн хуудасны дугаарыг өгч, унш гэж хэлдэг. Гаднаа тэд бүх зүйл дээр Бурханы үгийг шалгуураа болгож, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы үгийг гэрчилдэг мэт харагддаг бөгөөд тэдэнд ямар ч асуудал байхгүй мэт санагддаг. Гэхдээ чи тэдний хийдэг ажлыг анхааралтай ажиглавал тэд эдгээр бичиг үсэг, хоосон сургаалыг номлож байхдаа асуудлыг олж илрүүлж, шийдвэрлэж чаддаг уу? Хэрвээ тэд үнэний талаар нөхөрлөх замаар, ажлын аль нэг зүйлд урьд өмнө олж илрүүлээгүй байсан асуудлыг олж, бусдын шийдвэрлэж чадаагүй асуудлыг шийдвэрлэвэл, энэ нь тэднийг Бурханы үгийг ойлгодог, үнэний талаар тодорхой нөхөрлөдөг гэдгийг харуулна. Хуурамч-сүнслэг хүмүүс үүний яг эсрэг байдаг. Тэд Бурханы үгийг цээжилж, хаа сайгүй номлодог бөгөөд тэдний оюун ухаан, зүрх сэтгэл нь Бурханы үгээр дүүрэн байдаг. Гэсэн хэдий ч, ажил дээр том, жижиг ямар ч асуудал гарсан, тэд үүнийг харж, олж илрүүлж чаддаггүй. Цуглааны төгсгөлд тэдний хамгийн их айдаг зүйл бол хэн нэгэн бодитой асуудал дэвшүүлж, өөрсдөөс нь шийдвэрлэхийг хүсэх явдал, тиймээс тэд цуглаан дуусмагц шууд явдаг бөгөөд “Хэн нэгэн надаас асуулт асуухад би хариулж чадахгүй бол ямар эвгүй, ичмээр байх бол!” гэж боддог. Энэ бол тэдний жинхэнэ биеийн хэмжээ, үнэн байдал юм.

Та нарын эргэн тойронд ямар удирдагч, ажилчид үнэний талаар нөхөрлөж, асуудал шийдвэрлэхдээ сайн байдгийг, үүргээ гүйцэтгэхдээ ах эгч нартайгаа нэгдэж, хамтдаа ажлаа гүйцэтгэж чаддаг болохыг бодоод үз—ийм удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлж чаддаг. Та нарын эргэн тойронд ямар удирдагч, ажилчид асуудлыг олж илрүүлж, шийдвэрлэхдээ сайн, бодитой ажил хийхэд хамгийн их анхаардаг, ажилдаа хамгийн их үр дүнд хүрдэг болохыг бодоод үз—ийм удирдагч, ажилчид бол маш хариуцлагатай, ухамсартай, үнэнч хүмүүс юм. Эсрэгээрээ, хэрвээ удирдагч бичиг үсэг, хоосон сургаал номлохдоо гойд сайн бөгөөд логиктой, эмх цэгцтэй, гол санаа, агуулгатай, бүтэцтэй номлодог, хүмүүс ч номлолд нь урам зоригтой байдаг ч тэр үргэлж ах эгч нараас зайлсхийж, ах эгч нар асуулт асуух вий гэхээс үргэлж айж, ах эгч нартайгаа хамт асуудлыг шийдвэрлэж, зохицуулахаас айдаг бол тэр удирдагч хуурамч-сүнслэг, хуурамч удирдагч юм. Та нарын эргэн тойрон дахь удирдагч, зааварлагчид ямар төрлийн хүмүүс вэ? Тэд ер нь цуглаанд оролцож, номлол номлохоос гадна ажлыг хянан дагаж, оролцдог уу, ажил дээрээ байнга асуудал олж илрүүлж, шийдвэрлэж чаддаг уу, эсвэл цуглаан дээр харагдчихаад л алга болдог уу? Хуурамч-сүнслэг хуурамч удирдагчид номлох юмгүй болох вий, ах эгч нартай уулзахдаа хэлэх үггүй болох вий гэхээс үргэлж айдаг тул өрөөндөө Бурханы үгийг цээжилж, хэрхэн номлохоо давтдаг. Тэд номлол номлохыг сурч болдог, цээжилснээр хүрч болдог зүйл, яг л мэдлэг олж авах, эсвэл их сургуульд сурахтай адил бөгөөд цуцалтгүй, уйгагүй хичээнгүйлэн суралцах сэтгэлтэй байх ёстой гэж үздэг. Эдгээр хуурамч удирдагчдын тээдэг энэ ойлголт гажууд биш гэж үү? (Тийм ээ.) Ийм хүмүүс өндөр байр сууринаасаа хоосон сургаал номлож, хамааралгүй зарим асуудалд санаа тавиад, удирдагчийн ажил хийж байна гэж боддог. Тэд ажлыг удирдан чиглүүлэх, асуудал шийдвэрлэхийн тулд ажлын талбар дээр хэзээ ч очдоггүй, харин оронд нь өрөөндөө байнга сууж, “өөрсдийгөө тусгаарлан өөрийгөө хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж”, Бурханы үгээр өөрсдийгөө зэвсэглэдэг—ингэх шаардлагатай юу? Ямар нөхцөл байдалд удирдагч, ажилчид чуулганы ажил, ах эгч нарыг түр хойш тавиад, өөрсдийгөө үнэнээр зэвсэглэж болох вэ? Ажил завгүй биш, шийдвэрлэх ёстой бүх асуудал шийдвэрлэгдсэн, анхаарах ёстой бүх хэрэг явдал, тайлбарлах ёстой зарчим тайлбарлагдсан, ах эгч нарт ямар ч асуулт, бэрхшээл байхгүй, саад тотгор, үймээн учруулж байгаа хэн ч байхгүй, ажил саадгүй явагдаж чаддаг, өөр ямар ч саад тотгор байхгүй үед удирдагч, ажилчид Бурханы үгийг уншиж, өөрсдийгөө үнэнээр зэвсэглэж болно—зөвхөн энэ л бодитой ажил хийж байгаа хэрэг юм. Хуурамч удирдагчид ингэж ажилладаггүй; тэд үргэлж анхаарлын төвд байхад анхаарч, өөрсдийгөө гайхуулахын тулд бусдын харж чадах зарим ил харагдахуйц ажил хийдэг. Бурханы үгийг унших, эсвэл номлол сонсохдоо ямар нэг шинэ гэрэл олж чадвал ямар нэг зүйл олж авлаа, үнэн-бодит байдалтай боллоо гэж тэдэнд санагдаж, тэгээд бусдад номлох боломжийг яаран хайдаг. Тэд хоосон сургаалыг системтэй, логиктой, эмх цэгцтэй, гол санаа, агуулгатай байдлаар, алдартай хүний илтгэл, эсвэл эрдэм шинжилгээний лекцээс илүү хүчтэй, гүнзгий байдлаар номлож, үүндээ ихэд сэтгэл ханадаг. Гэсэн ч тэд дотроо, “Энэ номлолыг дуусгасны дараа дараагийн удаа юу номлох вэ? Надад өөр юу ч алга” гэж боддог. Тэгээд тэд дахин “өөрсдийгөө тусгаарлан өөрийгөө боловсруулахад анхаарал хандуулж”, гүн гүнзгий хоосон сургаал хайхаар яаравчилдаг. Тэд чуулганы ажлын байран дээр хэзээ ч харагддаггүй, хүмүүст бэрхшээл тулгарч, шийдвэрлүүлэхээр хүлээж байх үед эдгээр хуурамч удирдагчид хаанаас ч олддоггүй. Хуурамч удирдагчид яг л гэмт хүн гэлбэлзэнэ гэгч болдог биш үү? Тэд бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй атлаа өөрсдийгөө гайхуулахын тулд сүржин номлол номлохыг хүссээр байдаг. Энэ хүмүүс үнэхээр ичгүүр сонжуургүй.

Бүх хуурамч удирдагч бичиг үсэг, хоосон сургаал номлож чаддаг, бүгд хуурамч-сүнслэг бөгөөд ямар ч бодитой ажил хийж чаддаггүй, олон жил Бурханд итгэсэн хэр нь үнэнийг ойлгодоггүй—тэднийг сүнслэг ойлголтгүй гэж хэлж болно. Чуулганы удирдагч байна гэдэг нь зүгээр л жаахан бичиг үсэг, хоосон сургаал номлож, хэдэн уриа лоозон хашхирч, Бурханы үгийг багахан тайлбарлах хэрэгтэй, тэгвэл хүмүүс үнэнийг ойлгоно гэж тэд боддог. Тэд ажил хийнэ гэж юу болохыг мэддэггүй, удирдагч, ажилчдын хариуцлага яг юу болохыг мэддэггүй, Бурханы гэр яг яагаад хэн нэгнийг удирдагч юм уу ажилчнаар сонгодгийг, эсвэл үүгээр яг ямар асуудлыг шийдвэрлэх гэснийг ч мэддэггүй. Тиймээс Бурханы гэр удирдагч, ажилчид ажлыг хянан дагаж, шалгаж, хяналт тавих ёстой, ажилд гарсан асуудлыг цаг алдалгүй олж илрүүлж, шийдвэрлэх ёстой гэх мэтээр яаж ч нөхөрлөсөн, тэд эдгээрийн алийг нь ч хүлээж авдаггүй, ойлгодоггүй. Тэд Бурханы гэрээс удирдагч, ажилчдад тавьдаг шаардлагад хүрч, биелүүлж чаддаггүй, үүргээ гүйцэтгэхтэй холбоотой мэргэжлийн ур чадварын асуудал, түүнчлэн зааварлагчдыг сонгох зарчмын асуудал гэх мэтийг ойлгож чаддаггүй, эдгээр асуудлыг мэдлээ ч гэсэн зохицуулж мөн л чаддаггүй. Тиймээс ийм хуурамч удирдагчдын удирдлага дор Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэхэд тулгардаг мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудлууд төдийгүй, Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэхэд тулгардаг мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудлууд төдийгүй, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтын бэрхшээл ч удаан хугацааны турш шийдвэрлэгдэлгүй үлддэг, мөн зарим удирдагч, ажилчин, эсвэл янз бүрийн ажлын зааварлагчид бодитой ажил хийж чадахгүй байх үед тэднийг цаг алдалгүй чөлөөж, үүргийн хуваарилалтыг нь цаг алдалгүй тохируулдаггүй гэх мэт чуулганы ажилд гардаг бүх төрлийн асуудал шийдвэрлэгдэж чаддаггүй. Эдгээр асуудлын аль нь ч шуурхай шийдэгддэггүй бөгөөд үүний үр дүнд чуулган дахь янз бүрийн ажлын үр ашиг тасралтгүй буурч, ажлын үр дүн улам бүр мууддаг. Боловсон хүчний тухайд, авьяастай, уран яруу ярьдаг хүмүүс удирдагч, ажилчин болдог, харин үнэнийг хайрладаг, шантралгүй шаргуу хөдөлмөрлөж, гомдолгүйгээр цуцалтгүй ажилладаг хүмүүсийг дэвшүүлдэггүй, хөгжүүлдэггүй, тэдэнд үйлчлэл үзүүлэгчид мэт ханддаг, мөн тодорхой давуу талтай янз бүрийн техникийн ажилтнуудыг зохистой ашигладаггүй. Түүнчлэн, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг зарим хүн амийн хангалт авдаггүй тул сөрөг, сул дорой байдалд автдаг. Үүнээс гадна, антихристүүд, ёрын муу хүмүүс хэчнээн их муу зүйл хийсэн ч хуурамч удирдагчид хараагүй юм шиг байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн ёрын муу хүн юм уу антихристийг ил болговол хуурамч удирдагчид тэр хүнд хайраар хандаж, гэмших боломж олгох ёстой гэж ч хүмүүст хэлнэ. Ингэснээрээ тэд ёрын муу хүмүүс, антихристүүдэд чуулганд мууг үйлдэж, үймээн дэгдээх боломж олгодог бөгөөд энэ нь эдгээр ёрын муу хүмүүс, үл итгэгчид, антихристүүдийг зайлуулах, хөөх ажлыг удаашруулахад хүргэж, тэд чуулганд мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлсээр байх болдог. Хуурамч удирдагчид эдгээр асуудлын алийг нь ч зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй; тэд хүмүүст шударгаар хандаж, ажлыг оновчтой зохион байгуулж чаддаггүй, харин оронд нь цадиггүй авирлаж, дэмий ажил л хийдэг бөгөөд үр дүнд нь чуулганы ажлыг замбараагүй, эмх цэгцгүй болгодог. Бурханы гэр үнэний талаар яаж ч нөхөрлөж, чуулганы ажлыг гүйцэтгэхдээ баримтлах ёстой зарчмууд—төрөл бүрийн мууг үйлдэгчид, үл итгэгчдээс хязгаарлах учиртайг нь хязгаарлаж, зайлуулах учиртайг нь зайлуулах, сайн хэв чанар, ухамсарлах чадвартай хүмүүс болон үнэнийг эрэлхийлж чадах хүмүүсээс дэвшүүлж, хөгжүүлэх учиртайг нь дэвшүүлж, хөгжүүлэх—эдгээр зүйлийг тоо томшгүй олон удаа нөхөрлөсөн ч хуурамч удирдагчид ойлгож, ухамсарладаггүй, зүгээр л хуурамч-сүнслэг үзэл бодол, “хайр энэрэлтэй” арга барилаа тууштай баримталдаг. Хуурамч удирдагчид өөрсдийнх нь чин сэтгэлийн, тэвчээртэй зааварчилгаан дор төрөл бүрийн хүмүүс эмх замбараагүй байдалгүйгээр, өөр өөрсдийн үүргийг дэг журамтай гүйцэтгэдэг, хүн бүр нэлээд их итгэлтэй, үүргээ гүйцэтгэхэд бэлэн, шоронд орохоос, аюултай тулгарахаас айдаггүй, хүн бүр зовлон тэвчих шийдэмгий байдалтай, Иудас болохыг хүсдэггүй гэж боддог. Тэд чуулганы амьдрал сайн уур амьсгалтай байгаа нь өөрсдөө ажлаа сайн хийсэн гэсэн үг гэж үздэг. Чуулганд ёрын муу хүмүүс үймээн тарьж, эсвэл үл итгэгчид тэрс үзэл, төөрөгдөл тарааж байсан ч тэд эдгээр зүйлийг асуудал гэж тооцдоггүй бөгөөд үүнийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үздэг. Өөрсдийнх нь ажил даалгасан хүн дур зоргоороо цадиггүй авирлаж, сайн мэдээний ажлыг үймүүлж байхад хуурамч удирдагчид бүр ч нүдэн балай байдаг. “Би тайлбарлах ёстой ажлын зарчмаа тайлбарласан, юу хийхийг нь тэдэнд ахин дахин хэлсэн. Ямар нэг асуудал гарвал надад хамаагүй” гэж тэд хэлдэг. Гэвч тэд тухайн хүн нь зөв хүн мөн эсэхийг мэддэггүй, үүнд санаа зовдоггүй, мөн тухайн хүнд юу хийхийг нь тайлбарлаж, хэлсэн зүйл нь эерэг үр дүнд хүрч чадах эсэхийг, эсвэл ямар үр дагавар авчрахыг мэддэггүй. Хуурамч удирдагчид цуглаан хийх болгондоо эцэс төгсгөлгүй бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг ч эцэст нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Гэсэн ч тэд өөрсдийгөө асар их ажил хийж байна гэж бодсоор, өөрсдөдөө сэтгэл ханаж, өөрсдийгөө мундаг гэж боддог. Үнэн хэрэгтээ, тэдний ярьдаг бичиг үсэг, хоосон сургаал нь мэдлэггүй, хэв чанар муутай мунгинасан, тэнэг, мулгуу тэнэг тэр хүмүүсийг л аргалж чадна. Энэ хүмүүс эдгээр үгийг сонссоныхоо дараа будилж, хуурамч удирдагчдын хэлсэн зүйл маш зөв, тэдний хэлсэн зүйлд буруу юм алга гэж боддог. Хуурамч удирдагчид энэ будилсан хүмүүсийн сэтгэлд л нийцэж чаддаг бөгөөд бодитой асуудлыг огт шийдвэрлэж чадахгүй. Мэдээж, хуурамч удирдагчид мэргэжлийн ур чадвар, мэдлэгтэй холбоотой асуудлыг зохицуулж бүр ч чадахгүй—эдгээр зүйлийн тухайд тэд тун хүчин мөхөс байдаг. Жишээ нь, Бурханы гэрийн бичвэрт суурилсан ажлыг авч үзье. Энэ бол хуурамч удирдагчдын толгойг хамгийн их өвтгөдөг ажил юм. Яг аль хүмүүс сүнслэг ойлголттой, хэв чанар сайтай, бичвэрт суурилсан ажил хийхэд тохиромжтойг тэд таньж чаддаггүй бөгөөд нүдний шилтэй, өндөр боловсролтой хэн ч бай хэв чанар сайтай, сүнслэг ойлголттой гэж үзээд, тэр хүмүүсийг ажилд томилж, “Та нар бүгд бичвэрт суурилсан ажилд авьяастай. Би энэ ажлыг ойлгодоггүй тул энэ бүхэн та нараас л шалтгаална. Бурханы гэр та нараас өөр юу ч шаардахгүй, зөвхөн давуу талаа ашиглаж, хойш суулгүй, сурсан бүхнээ зориулахыг л шаардана. Та нар талархалтай байж, та нарыг өргөснийх нь төлөө Бурханд талархах ёстой” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид хэдэн үр дүнгүй, өнгөцхөн үг хэлснийхээ дараа ажлыг зохицуулчихлаа, хийх ёстой бүхнээ хийчихлээ гэж боддог. Тэдний ажил хийлгэхээр зохицуулсан хүмүүс тохиромжтой эсэхийг тэд мэддэггүй, энэ хүмүүс мэргэжлийн мэдлэгийн хувьд ямар дутагдалтайг, тэдгээрийг хэрхэн нөхөх ёстойг ч мэддэггүй. Тэд хүмүүсийг хэрхэн харж, ялган танихаа мэддэггүй, мэргэжлийн асуудлыг ойлгодоггүй, бичихтэй холбоотой эрдэм мэдлэгийг ч ойлгодоггүй—тэд эдгээр зүйлийн талаар огт мэддэггүй. Тэд эдгээр зүйлийг ойлгодоггүй, ухамсарладаггүй гэж амаараа хэлдэг ч зүрх сэтгэлдээ “Та нар надаас жаахан л илүү боловсролтой, мэдлэгтэй биш үү? Хэдийгээр би та нарыг энэ ажилд залж чиглүүлж чадахгүй ч та нараас илүү сүнслэг, номлол айлдахдаа та нараас илүү дээр, Бурханы үгийг та нараас илүү ойлгодог. Би бол та нарыг удирдаж байгаа хүн, би бол та нарын дарга. Би та нарыг хариуцах ёстой, та нар миний хэлснийг хийх ёстой” гэж боддог. Хуурамч удирдагчид өөрсдийгөө өндрөөр үнэлдэг ч мэргэжлийн ур чадвартай холбоотой аливаа ажлын тухайд ямар ч үнэ цэнтэй санал дэвшүүлж чаддаггүй, ямар ч удирдамж өгч чаддаггүй. Тэд сайндаа л боловсон хүчнийг сайн зохицуулж чадна; дараагийн ажлын алийг ч хийж чадахгүй. Тэд мэргэжлийн мэдлэг олж авахыг хичээдэггүй, ажлыг ч хянан дагадаггүй. Бүх хуурамч удирдагчид хуурамч-сүнслэг байдаг; тэд жаахан бичиг үсэг, хоосон сургаал номлоод л өөрсдийгөө үнэнийг ойлгодог гэж бодон, Бурханы сонгосон хүмүүсийн өмнө байнга гайхуулдаг. Цуглаан болгон дээр тэд хэдэн цагаар номлодог ч эцэст нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Хүмүүсийн үүрэгт хамаарах мэргэжлийн мэдлэгтэй холбоотой асуудлын тухайд тэд ердөө мэдлэггүй; тэд илт мэргэжлийн бус хүмүүс атлаа сүнслэг дүр эсгэж, мэргэжлийн хүмүүсийн ажилд зааварчилгаа өгдөг—ийм байж ажлыг яаж сайн хийж чадах юм бэ? Хуурамч удирдагчид мэргэжлийн мэдлэг сурахыг хичээдэггүй, ямар ч бодитой ажил хийж чаддаггүй нь хүмүүсийн жигшлийг аль хэдийн төрүүлдэг, дээр нь нэмээд сүнслэг хүний дүр эсгэж, сүнслэг үгээ гайхуулдаг нь туйлын эрүүл ухаангүй хэрэг! Энэ нь фарисайчуудаас өөрцгүй. Фарисайчуудын хамгийн эрүүл ухаангүй тал нь Бурхан тэднийг жигшдэг атал тэд үүнийг огт мэддэггүй бөгөөд өөрсдийгөө нэлээд сайн, маш сүнслэг гэж үзсээр байсанд оршино. Хуурамч удирдагчид ингэтлээ өөрийгөө мэддэггүй; тэд ямар ч бодитой ажил хийж чадахгүй нь илэрхий атал сүнслэг дүр эсгэж, хоёр нүүрт фарисайчууд болдог. Тэд бол яг л Бурханы жигшин голж, таягдан хаядаг хүмүүс юм.

Өөрсдийгөө сүнслэг хүн болгон харуулдаг хуурамч удирдагчдын гол онцлог шинж юу вэ? Тэд номлол айлдахдаа сайн. Энэ “номлол” нь жинхэнэ номлол биш. Энэ бол үнэний талаар нөхөрлөдөг номлол биш, үнэн-бодит байдалтай номлол ч биш. Харин бичиг үсэг, хоосон сургаалын номлол; хуурамч-сүнслэг номлол, фарисайчуудын номлол юм. Хуурамч удирдагчид Бурханы үгийн үг, хэллэг дээр шаргуу ажиллахдаа маш сайн, бичиг үсэг, хоосон сургаал номлоход онцгой анхаарал хандуулдаг атлаа Бурханы үгээс хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, үнэн-бодит байдалд хэрхэн орох ёстойгоо хэзээ ч тунгаан боддоггүй. Тэд ердөө бичиг үсэг, хоосон сургаал номлож чаддагтаа сэтгэл хангалуун байдаг; хоосон сургаалыг ойлгомжтой, логиктой номломогцоо ингэх нь хангалттай сайн гэж бодож, өөрсдийгөө үнэн-бодит байдалтай, бусдын өмнө зогсож, ихэрхэж, өндөр байр сууринаас хүмүүст сургамжилж болно гэж боддог. Гаднаас нь харахад тэдний хэлдэг, хийдэг зүйл үнэнтэй холбоотой мэт, тэд саад болж, үймүүлдэггүй мэт харагддаг, мөн эндүү ташаа сургаалыг сурталчилдаггүй, буруу хэвшлийг өдөөн турхирдаггүй мэт санагддаг. Гэсэн ч нэг асуудал байдаг нь тэд ямар ч бодитой ажил хариуцаж, хариуцлагаа өчүүхэн ч биелүүлж чаддаггүй бөгөөд энэ нь эцэстээ ажилд гарсан аливаа асуудлыг олж илрүүлж чадахгүй байхад хүргэдэг. Тэдний ажиллах арга зам сохор хүн тэмтчин явахтай адил: Тэд асуудлын мөн чанарыг огт тодорхой харж чаддаггүй атлаа дүрэм журмыг сохроор хэрэглэхийн тулд үргэлж мэдрэмж, төсөөллөөрөө явдаг, гэсэн ч тэр талаар дэмий ярьсаар байдаг—тэд бодитой асуудлыг шийдвэрлэж огт чаддаггүй. Хэрвээ хуурамч удирдагч үнэнийг үнэхээр ойлгодог байсан бол аяндаа асуудлыг олж илрүүлж, үнэнийг эрж хайн тэдгээрийг шийдвэрлэж чадах байсан. Гэвч хуурамч удирдагчид үнэнийг ойлгодоггүй нь илэрхий атлаа сүнслэг дүр эсгэж, өөрсдийгөө чуулганы ажлыг хийх чадвартай гэж бодон, байр суурийнхаа ашиг тусыг ичих нүүргүйгээр эдэлж зүрхэлдэг. Энэ нь жигшүүртэй биш гэж үү? Тэд өөрсдийгөө жинхэнэ ур чадвартай—номлож чадна гэж боддог. Гэвч тэд бодитой ажил хийж ер чаддаггүй. Хуурамч удирдагчдын мэддэг, номлодог бичиг үсэг, хоосон сургаал нь ажлаа сайн хийхэд нь тусалж чаддаггүй, ажил дахь асуудлыг олж илрүүлэхэд нь ч тусалдаггүй, тулгарсан бүх асуудлыг шийдвэрлэхэд нь тусалж бүр ч чаддаггүй. Хэсэг хугацаанд ажилласны дараа тэд ямар ч туршлагын гэрчлэл ярьж чаддаггүй. Ийм удирдагч, ажилчин стандартад нийцэх үү? Нийцэхгүй нь туйлын тодорхой. Стандартад нийцдэггүй хуурамч удирдагчдыг хэрхэн зохицуулах ёстой вэ? Тэднийг чөлөөлж, таягдан хаях төдийгүй, хэрвээ тэд гэмшихгүй бол сонгууль болох үед тэднийг дахин удирдагч, ажилчнаар сонгож болохгүй. Хэрвээ хэн нэгэн таягдан хаягдсан хуурамч удирдагч, хуурамч ажилчныг сонговол чуулганы ажлыг зориуд үймүүлж, хохироож байгаа хэрэг бөгөөд уг сонгогч тэр хуурамч удирдагчийг биширч, дагадаг, Бурханд үнэнээр итгэдэг хүн биш гэдгийг энэ нь харуулдаг. Та нар хуурамч-сүнслэг хуурамч удирдагчийг сонгож байсан уу? (Сонгож байсан.) Та нар нэлээд хэдийг сонгосон биз. Бурханд олон жил итгэж, Бурханы үгийг их уншиж, олон номлол сонссон, номлож, ажилласан арвин туршлагатай, нэг дор хэдэн цагаар номлож чаддаг хэн боловч ажлыг гарцаагүй хийж чадна гэж та нар боддог. Тэгээд та нар тэднийг удирдагчаар сонгосныхоо дараа ноцтой асуудал олж илрүүлдэг: Ах эгч нар тэднийг хэзээ ч харж чаддаггүй, асуудал гарахад тэднийг хэзээ ч олж чаддаггүй. Тэднийг хаана нуугдаж байгааг хэн ч мэддэггүй, тэд хаа нэгтээ нуугдаж, хэн ч өөрийг нь үймүүлэхийг зөвшөөрдөггүй. Энэ нь асуудал юм. Ажлын эгзэгтэй мөчид тэд үргэлж нуугдаж тоглодог, асуудал шийдвэрлүүлэх шаардлагатай үед ах эгч нар тэднийг хэзээ ч олж чаддаггүй—тэд зүй ёсны үүргээ цалгардуулж байгаа хэрэг биш үү? Зарим хүн удирдагч болмогцоо яагаад ах эгч нартайгаа нүүр тулж зүрхэлдэггүй вэ? Тэд яагаад хаанаас ч олддоггүй вэ? Тэд яг юу хийгээд завгүй байдаг юм бэ? Яагаад тэд бодитой асуудлыг шийдвэрлэдэггүй вэ? Тэд юу хийгээд завгүй байх нь хамаагүй, нэг зүйлд итгэлтэй байж болно: Хэрвээ тэд хэсэг хугацаанд бодитой ажил хийхгүй бол хуурамч удирдагчид мөн бөгөөд тэднийг хурдхан чөлөөлж, өөр хүнийг сонгох ёстой. Та нар ирээдүйд иймэрхүү хуурамч удирдагчийг сонгох уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Сохор хүнийг хөтчөөрөө сонгохын үр дагавар юу гэж та нар бодож байна вэ? Тэр хүн өөрөө сохор юм чинь бусдыг зөв замд хөтөлж чадах уу? Энэ нь яг л Библи дэх Бурханы үгэнд “…Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14) гэж хэлсэнтэй адил юм. Сохор хүн чиглэл, зорилгогүйгээр явдаг; тэд яаж бусдыг удирдаж чадах юм бэ? Хэрвээ хэн нэгэн сохор хүнийг хөтчөөрөө сонговол тэр хүн бүр ч сохор юм. Шүтлэггүй хүмүүсийн дунд “сохор хүнээс зам асуух” гэсэн хэлц үг байдаг. Хуурамч удирдагчийг чуулганы удирдагчаар сонгох нь сохор хүнээс зам асуухтай адил юм. Энэ нь утгагүй зүйл биш гэж үү? Хуурамч удирдагчийн төлөө саналаа өгсөн бүх хүн сохрыг сонгож буй сохор хүмүүс бөгөөд тэдний нэг нь ч үнэнийг ойлгодоггүй.

Зарим хүн хуурамч-сүнслэг хүнийг удирдагчаар сонгох үедээ ихэд баярлаж, “Бидэнд одоо мундаг удирдагч байна. Манай удирдагч номлол айлдахдаа үнэхээр сайн. Тэр маш логиктой, эмх цэгцтэй номлодог, номлол нь маш их утга учиртай” гэж боддог. Ялган таних чадваргүй зарим хүн нулимс дуслуулан сэтгэл нь хөдөлж, энэ удирдагчдаа маш их хоргодож, бүр үүргээ гүйцэтгэхээр явахыг ч хүсдэггүй. Тэд нөхөрлөл сонсохдоо нэлээд тодорхой ойлгодог ч үүргээ гүйцэтгэж байхдаа асуудал олж илрүүлээд яаж шийдвэрлэхээ мэддэггүй бөгөөд “Би удирдагчийн нөхөрлөлийг сонсохдоо бүхнийг ойлгодог юм шиг байдаг, тэгвэл яагаад ажилдаа тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй юм бол?” гэж бодон гайхдаг. Энд ямар асуудал байна вэ? Ийм төрлийн хуурамч удирдагчийн номлодог бүхэн нь бичиг үсэг, хоосон сургаал, хоосон үг хэллэг, уриа лоозон, утгагүй яриа байдаг. Тэдний номлодог зүйл чиний бодитой асуудлыг шийдвэрлэдэггүй; тэд чамайг хуурсан. Тэд чамд хоосон амлалт өгч, асуудал шийдэгдчихсэн мэтээр чамайг эндүүрүүлэхийн тулд хэдэн уриа лоозон хэлдэг, үнэн хэрэгтээ тэд чиний асуудалтай холбоотой үнэн-зарчмын тухай нөхөрлөдөггүй. Ийм маягаар нөхөрлөснөөр яаж асуудлыг шийдвэрлэж чадах юм бэ? Тэдний номлодог хоосон сургаал бодитой асуудалтай ямар ч хамаагүй байдаг; тэд зүгээр л бүх асуудлын мөн чанараас зайлсхийж, хий хоосон байдлаар онолын тухай ярьдаг. Тэд зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал, сүнслэг онол л номлодог. Тэд үнэн-бодит байдал гэж юу болохыг огт мэддэггүй бөгөөд асуудал гарах үед балмагддаг. Тэдний номлодог номлол бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, энэ нь зүгээр л нэг төрлийн онол, нэг төрлийн мэдлэг, хоосон сургаал юм. Ийм төрлийн хуурамч удирдагчид Бурханы үг, үнэнийг нэг төрлийн бичиг үсэг, хоосон сургаал, уриа лоозон мэт номлодог. Тэд бүх бодитой асуудлаас зайлсхийж, хоосон, бодит бус үгийг л номлодог. Эцэст нь юу болох вэ? Тэд хэчнээн удаан номлосон ч тэдний номлол сайндаа л хүмүүсийг урамшуулж, ятгах нөлөө үзүүлж, хүмүүсийг арай илүү урам зоригтой болгож, түр зуурын эрч хүч өгөхөөс биш, өөр ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Үнэн нь бодит байдлаас тасархай байдаггүй, харин бодит байдал болон бодитоор оршдог бүх төрлийн асуудалтай холбоотой байдаг. Тэгэхээр, та нар дараагийн удаа хуурамч-сүнслэг хуурамч удирдагчидтай тулгарахдаа ялган таньж чадах уу? Чадахгүй тохиолдолд, та нар хэн нэгнийг удирдагчаар сонгохыг хүсэх үедээ эхлээд түүгээр хэдэн асуудал шийдвэрлүүл. Хэрвээ тэр зарчмын дагуу шийдвэрлэж, нэлээд сайн үр дүнд хүрч, асуудлыг үнэн-бодит байдлыг ашиглан шийдвэрлэвэл та нар түүний төлөө саналаа өгч болно; хэрвээ тэрээр асуудлын мөн чанар, бодитой нөхцөл байдлаас зайлсхийж, тэр талаар ярихгүй, зөвхөн хоосон сургаал номлож, уриа лоозон хашхирч, дүрэм журам баримталж л чаддаг бол та нар тэр хүний төлөө саналаа өгч болохгүй. Яагаад тэр хүний төлөө саналаа өгч болохгүй гэж? (Учир нь тэд бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй.) Ямар хүн бодитой асуудал шийдвэрлэж чаддаггүй вэ? Зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал номлож чаддаг хүн—тэд бол хоёр нүүрт, хуурамч-сүнслэг фарисайчууд юм. Тэд үнэнийг ойлгоход шаардлагатай хэв чанаргүй, асуудал шийдвэрлэх чадваргүй, асуудал шийдвэрлэж чадахгүй тул хэрвээ чи тэднийг удирдагчаар сонговол тэд гарцаагүй хуурамч удирдагч болно. Тэд удирдагчийн ажил хийж, удирдагчийн үүрэг хариуцлагыг биелүүлж чадахгүй. Тэгэхээр, хэрвээ чи тэдний төлөө саналаа өгвөл тэднийг хохироохгүй гэж үү? Зарим хүн: “Энэ яаж тэднийг хохироож байгаа юм бэ? Бид тэдний төлөө сайн санаж саналаа өгдөг. Тэд жаахан хэв чанартай, хэрвээ бид тэднийг сонговол ажлыг хариуцах хүнтэй болох биш үү?” гэж хэлдэг. Ажил хариуцах хүнтэй байх нь мэдээж сайн зүйл, гэхдээ ийм төрлийн хүн хариуцлага хүлээж чаддаггүй. Тэд онолын талаар хий дэмий ярьж л чаддаг, бодит нөхцөл байдлыг авч үздэггүй, асуудал шийдвэрлэхэд ямар ч нэмэр болдоггүй, тиймээс тэдний төлөө саналаа өгснөөр та нар тэдэнд мууг үйлдэх боломж олгож байгаа хэрэг биш гэж үү? Та нар тэднийг хуурамч удирдагчийн замаар явахад хүргэж байгаа хэрэг биш гэж үү? Тиймээс та нар ийм хүмүүсийг удирдагчаар сонгож болохгүй.

Та нарын байнга харилцдаг, сайн таньдаг эргэн тойрны чинь хүмүүсээс хэн нь зөвхөн хоосон сургаал ярьж чаддаг атлаа бодитой асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүйг та нар ялган таньж чадах уу? Хэн үргэлж сүржин онол номлож, урьд өмнө хэний ч сонсож байгаагүй шинэлэг, өвөрмөц төлөвлөгөө санал болгодог мөртөө үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө, нарийн ширийн зүйлийг хэрхэн хэрэгжүүлж, ажил хэрэг болгохыг асуухаар будилж, үг дуугүй болдог вэ? Тэдний ярьдаг зүйл маш хоосон, огтхон ч бодит бус бөгөөд бодитой нөхцөл байдал, бодитой орчин, хүмүүсийн үнэхээр хүрч чадах зүйл, хүмүүсийн биеийн хэмжээ, мэргэжлийн ур чадварын түвшинтэй холбоогүй, нийцэхгүй байдаг. Үүнээс ч илүүтэйгээр, тэдний хэлдэг зүйл Бурханы гэрийн шаардлагад нийцдэггүй; тэд зүгээр л дэмий ярьж, уран зөгнөлд автаж, санаанд орсон бүхнээ эргэцүүлэлгүйгээр шууд ярьдаг. Тэд хэлсэн зүйлийнхээ төлөө, тэр ч бүү хэл онгирч, сайрхсан ч хариуцлага хүлээх шаардлагагүй гэж боддог. Ийм хандлагаар тэд үзэл бодлоо илэрхийлж, санаа дэвшүүлдэг—тэд хуурамч сүнслэг хүмүүс биш гэж үү? (Мөн.) Онгирох, сайрхах, эсвэл сүржин санаа ярихыг хэн ч нухацтай авч үздэггүй, харин ч энэ нь хэр чадвартайг нь харуулдаг гэж зарим хүн боддог. Хэрвээ ямар нэг зүйлийг буруу хийвэл хариуцлага хүлээх шаардлагагүй, харин зөв хийвэл хүн бүр өөрсдийг нь өндрөөр үнэлнэ гэж боддог тул тэд хүссэнээ хэлж, бүхнийг маш амархан мэтээр харуулдаг. Тэдэнд олон санаа байдаг ч нэгэнд нь ч хэрэгжүүлэлтийн тодорхой төлөвлөгөө байдаггүй, зохих ёсоор хэрэгжүүлж болдоггүй. Үзэл бодол нь цэвэр ч бай, гажууд ч бай, тэд дэвшүүлсэн үзэл бодолдоо нухацтай ханддаггүй. Тэд өнөөдөр нэг юм ярьж, маргааш өөр юм ярьдаг бөгөөд ярьдаг үзэл бодол, онол, үндэслэл нь бүгд маш сүржин хэдий ч бүгд хоосон, бодит бус байдаг. Тэд хааяа нэг хоосон юм уу гажууд биш төлөвлөгөө ярих боловч тэр төлөвлөгөөг яг яаж хэрэгжүүлэхийг нь асуухад хэлж чаддаггүй. Уриа лоозон хашхирч, сүржин үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхдээ тэд маш урам зоригтой, идэвх санаачилгатай байдаг. Харин тодорхой ажил хийж, тодорхой төлөвлөгөө хэрэгжүүлэх болохоор тэд ул мөргүй алга болж, нуугдаж, ямар ч үзэл бодолгүй болдог. Ийм хүмүүс удирдагч байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл ийм хүмүүс удирдагч болохын үр дагавар ямар байх вэ? Тэд өөрсдийгөө ч, бусдыг ч хорлох биш үү? Тэд чуулганы ажлыг саатуулахаас гадна өөрсдөдөө ихээхэн хор хөнөөл учруулна. Тэдний номлодог хоосон сургаал нь зүгээр л хязгаарлагдмал хэдэн зүйл бөгөөд тэрийгээ номлож дуусмагцаа тэд өөр хэлэх зүйлгүй болдог тул үргэлж нуугдаж, “өөрсдийгөө тусгаарлаж, өөрийгөө боловсруулахад анхаарлаа төвлөрүүлэх” ёстой болно. Энэ нь тэдэнд хүндрэл учруулах биш үү? Удирдагч болмогцоо тэдэнд гурван том уул толгойг нь дарж байгаа мэт санагдаж, өдөр бүр ядарч туйлдан, маш их дарамтыг мэдэрнэ—тэд ингэж зовохын хэрэг юу билээ? Тэд удирдагч байх хэв чанаргүй, асуудал тулгарахад зүгээр л төсөөллөөрөө дүрэм журмыг замбараагүй хэрэглэдэг бөгөөд бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй—ийм хүмүүс удирдагч байж чадахгүй. Тэд бодитой ажил хийж чадахгүй тул хуурамч удирдагчид бөгөөд ах эгч нарын амь-оролтыг саатуулсан ч өөрсдийгөө мундаг гэж бодсоор байх болно. Хэрвээ та нар энэ хуурамч сүнслэг хүмүүсийн хэв чанар, ёс жудгийг олж мэдэн, ухамсарлаж чадвал тэднийг удирдагчаар сонгосоор байх уу? Хэрвээ чи өөрөө ийм хүн бөгөөд хэн нэгэн чамайг сонгохыг хүсвэл чи яах вэ? (Би өөрийгөө бага зэрэг мэддэг байх бөгөөд удирдагч байхад тохирохгүй гэдгээ хэлнэ.) Хэрвээ чамайг ингэж хэлсний дараа хүн бүр чамайг сайн гэж бодсон хэвээр байж, чамайг сонгоно гэж зүтгэвэл чи яах ёстой вэ? Тэдэнд “Би удирдагчийн ажил хийж чадахгүй, тэр ажлыг үүрч чадахгүй. Гаднаасаа би жаахан хэв чанартай мэт харагддаг, заримдаа надад сайхан санаа төрж, өчүүхэн гэрэл өгдөг ч ихэнхдээ би зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал номлодог. Би үнэхээр удирдагч, ажилчин байж чадахгүй. Би та нараас дээрдэх юмгүй. Та нар юу ч болсон намайг бүү сонгоорой. Би хамгийн олон санал авсан ч удирдагч болж чадахгүй. Би хэнийг ч хорлож болохгүй! Би өмнө нь удирдагчаар үйлчилж байсан, тухай бүрдээ бүтэлгүйтэж, чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөх болгондоо хэв чанар муутай, ажлын чадамжгүй, бодитой ажил хийж чаддаггүйгээс болдог байсан. Би бичиг үсэг, хоосон сургаал номлож л чаддаг байсан, үүнээс гадна удирдагчдын гүйцэтгэх ёстой хариуцлагын нэгийг ч сайн гүйцэтгэж, биелүүлж чадаагүй. Би хуурамч удирдагч байсан” гэж хэл. Өөрийгөө мэдэх гэдэг нь энэ бөгөөд удирдагч байхад тохирохгүй тухай хэдхэн үг хэлээд орхичихдог хэрэг биш юм. Зарим хүн “Би энэ бүлэгт маш олон жил үүргээ гүйцэтгэсэн, ямар ч байсан ахмад ажилтан гэж тооцогдох ёстой. Би хэзээ ч хувь нэмэр оруулаагүй байлаа ч гэсэн шаргуу ажилласан, яахаараа хэн ч миний давуу талыг олж хараагүй байдаг билээ? Би ч гэсэн удирдагчийн шинж чанартай. Би нэлээд үнэ цэнтэй, бодитоор хэрэглэж болохуйц бодол, санаа, зөвлөгөөг үргэлж санал болгодог. Удирдагчид тэрийг хүлээж авах эсэхээс үл хамааран, ямар ч байсан би бол хандлагатай, бодол санаатай, үзэл бодолтой хүн. Яагаад хэн ч намайг сонгодоггүй юм бэ?” гэж боддог. Хэрвээ чи ингэж боддог бол өөрийгөө ийнхүү үнэлж болно: Чиний тэр бодол, санаа, зөвлөгөө зүгээр л үг хэллэг үү, эсвэл үнэхээр бодитоор хэрэглэж болох уу? Чи ажилд тулгарсан бүх төрлийн бэрхшээлийг олж илрүүлж, шийдвэрлэж чадах уу? Чиний бодол, санааг ашиглаж болохуйц уу? Чи ажлыг үүрч чадах уу? Хэрвээ чиний бодол, үзэл санаа үг хэллэг, хоосон сургаалын түвшинд л байдаг, бодитоор хэрэглэж огт болдоггүй, хамгийн гол нь Бурханы гэрийн ажлын зарчимд ер нийцдэггүй бол чиний хэв чанар яг ямархуу вэ? Чи удирдагчаар сонгогдвол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу? Чи амбицаас болж удирдагч болохыг хүсэж байна уу, эсвэл ачааны мэдрэмжээс болж удирдагч болохыг хүсэж байна уу? Хэрвээ чи үнэхээр ажлын чадамжтай, асуудал шийдвэрлэх чадвартай бөгөөд зарим удирдагч, ажилчин ажлаа маш муу хийж, ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг харах үедээ сэтгэл түгшиж, тэдэнд зөвлөгөө өгдөг ч тэд сонсдоггүй, асуудал шийдвэрлэж чадахгүй атлаа Дээрхэд мэдээлдэггүй, чи Бурханы гэрийн ажлын төлөө санаа зовж, сэтгэл түгшдэг, хуурамч удирдагчид чуулганы ажлыг саатуулж байгааг хараад тэсвэрлэшгүй их шаналдаг бол ачааны мэдрэмжтэй гэдгийг чинь энэ нь харуулж байна. Гэхдээ чамд хэдэн санаа байлаа гээд чи бусдаар хүлээн зөвшөөрүүлж, илүү олон сонсогчтой болж, хүмүүст өөрийнхөө номлол, сүржин яриаг сонсгохыг хүсдэг бол, мөн олны дундаас онцгойрохыг хүсдэг бол энэ нь ачааны мэдрэмж биш, харин амбиц юм. Амбицтай хүмүүс зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л номлож чадна, тэдний санаа ч бас хоосон үг, хоосон сургаал юм. Ийм хүмүүс удирдагч болох үедээ хуурамч удирдагч болох тавилантай бөгөөд хэрвээ ёрын муу хүмүүс бол тэд антихристүүд юм. Хэрвээ чиний санаа хоосон үг хэллэгийн түвшинд л үлддэг бол чи удирдагч болмогцоо хуурамч сүнслэг хуурамч удирдагч бүртэй яг адилхан байх нь гарцаагүй. Чи үргэлж “өөрийгөө тусгаарлан өөрийгөө боловсруулахад анхаарах” болно, эс бөгөөс чамд хямралын мэдрэмж төрж, номлох зүйлгүй байх болно. Хэрвээ чи тэдэнтэй яг адилхан, дээрээс номлож байхдаа ажилд байгаа ямар ч асуудлыг олж илрүүлж чаддаггүй, мэдээж бас ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаггүй бол чи хуурамч удирдагч болох нь гарцаагүй. Эцэст нь хуурамч удирдагчдад юу тохиолддог вэ? Тэд бодитой ажил хийж чаддаггүй учраас албан тушаалаасаа чөлөөлөгддөг—тэд энэ замаар явах тавилантай.

Зүрх сэтгэлдээ үргэлж дургүйцэж, үйлдэл хийхэд бэлэн явдаг олон хүн байдаг бөгөөд удирдагч, зааварлагчийг сонгох цаг болоход үргэлж өөрсдөө сонгогдохыг хүсдэг. Зарим хүн өөрийгөө хамгийн олон жил Бурханд итгэсэн, хамгийн их зовлон зүдүүр туулсан, хамгийн удаан хугацаанд, хамгийн үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн, удирдагч байх шалгуурыг хамгийн их хангасан гэж боддог тул бусдаар өөрийгөө сонгуулахыг хүсдэг. Хэрвээ бусад хүн чамайг сонговол чи юу хийж чадах вэ? Хуурамч удирдагч гэдэг цолыг авахаас зайлсхийж чадах уу? Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу? Эдгээр нь бүгд бодитой асуудал боловч хэн ч ийм зүйлийг бодолцон үздэггүй. Энэ хүмүүсийн дундаас зарим нь хангалттай хэв чанартай байдаг. Тэд үүрэгт нь асуудал гарахад үнэнийг эрж хайж чаддаг бөгөөд үнэнийг ойлгож, зарчмын дагуу асуудлыг зохицуулж чаддаг болох үедээ стандартад нийцэж чадна. Энэ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлж чаддаг, дээрээс нь харьцангуй сайн хүн чанартай байх юм бол стандартад нийцсэн удирдагч, ажилчин болоход ямар ч асуудалгүй—тэдэнд энэ нь тийм ч хэцүү байхгүй. Зарим хүн хийж буй ажлаа хэцүү гэж үргэлж гомдоллож, үнэний тухайд хүчин чармайлт гаргаж, төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд засалт туулах үедээ гомдоллодог. Ийм хүмүүс стандартад нийцсэн удирдагч, ажилчин байж чадах уу? Тэдний санаархал, хандлага нь буруу, тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш, Бурхан тэднээс юу ч шаардсан сөрөг хандлага баримталдаг. Ийм хүмүүс удирдагч, ажилчин болоход зохисгүй. Тэдний зүрх сэтгэлд ачааны мэдрэмж байдаггүй, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэчнээн тодорхой, ойлгомжтой тайлбарласан ч ажлыг сайн хийхийн тулд шаргуу ажиллахыг мөн л хүсдэггүй. Үнэндээ ажлыг сайн хийх нь хэцүү биш. Яагаад хэцүү биш гэж? Нэгдүгээрт, Бурханы гэр чуулганы бүх ажилд зориулсан ажлын тодорхой зохицуулалттай, Дээрх үүнд зориулж тодорхой заалтууд гаргасан тул ямар ч ажил дээр шинийг санаачлахыг, эсвэл бие даан гүйцэтгэхийг та нараас шаарддаггүй. Дээрх та нарт цар хүрээ, чиглэл өгсөн, зарчмыг өгсөн, наад захын стандартыг өгсөн; ажлаа хийхдээ та нар дэмий хүчин чармайлт гаргадаггүй, ямар ч чиглэлгүй байдаггүй. Хоёрдугаарт, ямар ч ажил бай, зааварлагч хэн байх, ажлын гол анхаарал гадаадад эсвэл дотоодод байхаас үл хамааран, хамгийн гол нь Дээрх ах ажлыг онцгойлон хянан дагаж, удирдан чиглүүлж, хяналт тавьж, шалгаж, нягтлан үзэж, байнга асууж лавлаж байгаа. Энэ үйлдэл хэр тодорхой вэ? Дээрх ах зохиол, кино, нэвтрүүлэг, магтан дуу гэх мэтэд бүгдэд нь биечлэн оролцож, хянан дагадаг. Би ч гэсэн зарим ажилд оролцож, та нарт ерөнхий чиглэл, хамрах хүрээг өгдөг. Гуравдугаарт, үнэн-зарчимтай холбоотой ажлын аливаа тал дээр Дээрх та нартай үнэн-зарчмын талаар байнга нөхөрлөж, ажлыг чинь залж чиглүүлдэг; Дээрх бас та нарыг засаж, та нарын төлөө нягтлан шалгадаг бөгөөд Дээрх хэдийд ч та нарын гажуудлыг засна. Дөрөвдүгээрт, боловсон хүчин, захиргааны томоохон ажлын тухайд Дээрх нягтлан шалгаж, шийдвэр гаргаснаар та нарт биечлэн тусалдаг. Үнэн хэрэгтээ та нар ямар ч ажил хийсэн бай, бие даан гүйцэтгэдэггүй; энэ бүхнийг Дээрх зохицуулж, удирдаж, чиглүүлж, нягтлан шалгадаг. Тэгвэл та нар юу хийдэг юм бэ? Та нар зүгээр л бэлэн зүйлийг эдэлдэг—та нар маш их ерөөгдсөн! Та нар юунд ч санаа зовох хэрэггүй; зүгээр л хөл гараа хөдөлгөн ажилдаа орох хэрэгтэй. Энэ бол та нарт оногдсон ажил юм. Та нар ер нь нэмэлт төлөөс төлж байсан уу? (Үгүй.) Дээрх энэ бүх томоохон, чухал ажлыг хийсэн; тиймээс та нарын хийдэг ажил бүгд маш амархан, ямар ч том бэрхшээл байхгүй. Ийм нөхцөлд хэрвээ хүмүүс ажлаа сайн хийхгүй хэвээр байвал энэ нь уучилшгүй бөгөөд тэд зүгээр л зүрх сэтгэл, хүчин чармайлтаа ажилдаа зориулдаггүй, үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй гэдгийг нотолно. Зарим хүн: “Ажил хийхдээ алдаа дутагдалгүй хэн байдаг юм бэ? Хүмүүст жаахан ч гэсэн асуудалтай байхыг зөвшөөрдөггүй юм уу?” гэж хэлдэг. Та нараас ажилдаа төгс оноо авахыг шаарддаггүй; зүгээр л тэнцсэн гэсэн дүн авахыг шаарддаг, тэгвэл та нар удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлсэн гэж тооцогдоно. Энэ нь хатуу шаардлага мөн үү? (Үгүй.) Дээрхийн зааварчилгаа, үзлэг шалгалтын үндсэн дээр тэнцсэн дүн авахад амархан; энэ нь хүмүүс үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг эсэхээс л хамаарна. Хэрвээ тэд үнэний тухайд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй, үргэлж хааш яаш байхыг хүсдэг бол, мөн ажиллахдаа зүгээр л хэлбэрдээд, ямар ч муу зүйл хийхгүй, ямар ч үймээн, саад учруулахгүй, мөс чанарыг нь зовоох зүйлгүй байгаад сэтгэл нь ханадаг бол тэнцсэн дүн авч чадахгүй. Ихэнх удирдагч, ажилчин ажиллахдаа ийм хандлагатай байдаг; тэд жаахан ажил хийдэг ч өөрсдийгөө ядраахыг хүсдэггүй, зүгээр л алтан дундаж байгаадаа сэтгэл ханаж, ажлынх нь үр дүн ямар байх тухайд бол энэ нь Бурханы хэрэг, өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж боддог. Ийм хандлага хүлээн зөвшөөрөгдөхүйц үү? Хэрвээ чи ийм хандлагатай бол чиний хийж чадах ажил маш хязгаарлагдмал бөгөөд чи бүх хүчээ дайчилдаггүй, энэ нь нэг бол чи бодитой ажил хийх чадваргүй, аль эсвэл бодитой ажил хийдэггүй гэдгийг илтгэдэг, тиймээс чамайг хуурамч удирдагч гэж тодорхойлох ёстой—энэ нь туйлын тохиромжтой бөгөөд шударга бус зүйл биш юм. Зарим хүн үргэлж “Таны бидэнд тавьдаг шаардлага хэтэрхий өндөр. Хэрвээ бид энэ ажлыг хийхгүй бол хуурамч удирдагч, тэр шаардлагыг хангахгүй бол бас л хуурамч удирдагч болдог. Та биднийг юу гэж бодоод байна вэ? Бид робот биш, бид төгс биш. Бид зүгээр л жирийн хүмүүс, зүгээр л мөнх бус хүмүүс. Та биднийг жирийн хүн, эгэл хүн бай гэж хэлдэг, тэгвэл яагаад Та биднээс удирдагчийн хувьд ийм өндөр шаардлага тавьдаг юм бэ?” гэж хэлдэг. Үнэндээ Миний та нарт тавьдаг шаардлага өндөр биш. Би чамаас зөвхөн хүний биелүүлэх ёстой хариуцлагыг биелүүлэхийг л шаарддаг. Энэ бол чиний хийх ёстой, заавал хийх ёстой зүйл бөгөөд удирдагч, ажилчны хувьд чиний биелүүлж чадах зүйл юм. Гэвч хэрвээ чи үнэн рүү тэмүүлэхийн тулд шаргуу ажилладаггүй, үргэлж зовлон бэрхшээлээс айж, тав тухад шунадаг бол шалтгаан, шалтаг чинь юу ч байсан, чи хуурамч удирдагч болох тавилантай. Энэ нь хэвийн хүн чанартай хүмүүсийн хүрэх ёстой, насанд хүрэгчдийн өөрсдөө зохицуулах ёстой зүйлстэй адилхан, тухайлбал, насанд хүрсэн хүн өглөө хэдэн цагт босох, өдөрт хэдэн удаа хооллож, хэдэн цаг ажиллах, бохир хувцсаа хэзээ угаах ёстой гэх мэт—чи эдгээр зүйлийг өөрөө зохицуулах ёстой, энэ талаар өөр хэнээс ч асуух шаардлагагүй. Хэрвээ чи бүх зүйлийн талаар бусдаас асуудаг, юу ч ойлгодоггүй бол оюун ухааны хомсдолтой, тэнэг гэсэн үг биш үү? Энэ нь чи өөрийгөө арчилж чадахгүй гэсэн үг биш үү? Ийм хүмүүс удирдагч байж чадах уу? Тэд хуурамч удирдагч биш гэж үү? Ийм хүмүүсийг чөлөөлөх ёстой. Ийм хүмүүс байр сууринаасаа буухгүй зууралдаж, удирдагч байхыг хүссээр байдаг! Чөлөөлөгдсөний дараа зарим хуурамч удирдагчид хэлмэгдсэн мэт санагдаж, уйлахаа больдоггүй. Тэд нүдээ хавдтал уйлдаг. Яагаад уйлдаг вэ? Тэд өөрсдөө ямаршуухан зүйл болохоо мэддэггүй. Хүмүүст Миний тавьдаг шаардлагууд өндөр биш гэж хэлэхдээ Би, чамаас хийхийг шаарддаг зүйл бол чиний хүрч чадах зүйл; чамд зориулсан зам аль хэдийн засагдаж, цар хүрээ нь тогтоогдож, шийдвэрүүд гарсан, чи зүгээр л үйлдэл хийх хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Энэ нь хоол идэхтэй адилхан: Үр тариа, хүнсний ногоо, бүх төрлийн амтлагч, тогоо, зуухыг чамд бэлдсэн, чи зүгээр л хоол хийж сурах хэрэгтэй; энэ бол насанд хүрсэн хүний хийх ёстой, хүрэх ёстой зүйл юм. Хэрвээ чи үүнийг хийж чадахгүй бол тэнэг бөгөөд чамайг насанд хүрэгчдийн хэвийн оюуны чадамжийн хүрээнд байгаа гэж тооцох боломжгүй. Зарим удирдагч энэ бодитой ажлыг хийх чадваргүй тул тэднийг чөлөөлөх ёстой. Тэгвэл хүн ийм төрлийн ажил хийх чадвартай эсэхийг хэрхэн тодорхойлж, тогтоож болох вэ? Хэрвээ чи насанд хүрсэн хүний оюуны чадамжтай, хэв чанартай, насанд хүрсэн хүний эзэмших ёстой ухамсартай, хариуцлагын мэдрэмжтэй бол ийм төрлийн ажлыг хийж чадах ёстой. Хэрвээ чи чадахгүй, эсвэл хийдэггүй бол хуурамч удирдагч юм. Энэ нь ингэж тодорхойлогддог бөгөөд ийм маягаар тодорхойлох нь үнэн зөв юм. Энэ нь хүнийг яллаж, шүүж байгаа хэрэг биш, тэгэхээр энэ нь хатуу байна уу? Баримтууд бүгд ил байгаа, энэ нь огтхон ч хатуу биш юм.

2. Хэв чанар муутай хуурамч удирдагчид

Бид сая, ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайхтай холбоотой нэг төрлийн хуурамч удирдагчийн илрэлүүдийн талаар, мөн ийм хүмүүс яагаад удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чаддаггүйн шалтгааны талаар нөхөрлөлөө. Тийм хүмүүс бол хуурамч-сүнслэг хүмүүс юм; тэд ажил дээрх төөрөгдөл, бэрхшээлийг олж илрүүлж чаддаггүй учраас энэ үүрэг хариуцлагаа биелүүлж чаддаггүй. Энэ бол нэг төрлийн хүн. Өөр нэг төрлийн хүн байдаг: Тэд хуурамч-сүнслэг хүмүүстэй адилхан—тэд бас л ажилд оршдог асуудлуудыг олж илрүүлж чаддаггүй, тийм учраас Дээрхэд даруй мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайж чаддаггүй. Тийм хүмүүс бас л завгүй ажилладаг, тэд зүгээр суулгүй, өдөржин завгүй байдаг. Тэд номлол номлоод завгүй, янз бүрийн газарт байгаа ах, эгч нартай уулзаад завгүй, ажлын зохицуулалт хийгээд завгүй, тэр ч бүү хэл чуулганы ажилд зориулж элдэв зүйл худалдаж аваад завгүй байдаг. Хэн нэгэн өвдвөл эмч олоход нь тусалдаг; хэн нэгний гэрт бэрхшээл тулгарвал санхүүгийн тусламж зохицуулж өгч тусалдаг; хэн нэгний байдал муу байвал санаачилга гарган дэмжиж, асуудлыг нь шийдвэрлэхэд идэвхтэй тусалдаг. Товчхондоо, тэд үргэлж арын албаны зарим ажлаар завгүй байдаг. Тэд чуулганы бодитой ажил, сайн мэдээний ажил, чуулганы амьдрал дахь асуудлуудыг хайхардаггүй. Өдөр бүр тэд нааш цааш гүйсээр өөрсдийгөө ядрааж, чуулганы ажил хэрэг, ах эгч нарын хувийн хэргийг зохицуулж, шийдвэрлээд завгүй байдаг. Удирдагчийн хувьд эдгээр ажлыг хийх ёстой гэж тэд боддог боловч удирдагчийн мөн чанарын ажил юу болохыг хэзээ ч ухаардаггүй бөгөөд хэчнээн шаргуу ажилласан ч чуулганд оршдог бодитой, гол асуудлуудыг олж мөн л чаддаггүй. Тиймээс чуулганы амьдралд үймээн, саад тотгор гарч, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод бэрхшээл тулгарах үед эдгээр удирдагч эдгээр зүйлийг даруй шийдвэрлэж чаддаггүй. Хэдийгээр тэд зүгээр суулгүй ажиллаад завгүй байдаг ч ингэж завгүй байснаар юунд хүрч чадах юм бэ? Чуулганы ажилд олон асуудал байдаг ч тэд олж илрүүлж чаддаггүй. Гаднаа тэд хичээнгүй, ухамсартай, зүгээр суудаггүй мэт харагддаг атал ажилд нь асуудал ар араасаа гарч ирдэг бөгөөд тэд цоорхой нөхөөд завгүй, элдэв “нарийн төвөгтэй, хэцүү асуудлыг” шийдвэрлээд завгүй, чуулганд гарч ирдэг бүх төрлийн ёрын муу хүмүүс болон үймээн, саад учруулдаг хүмүүстэй харьцаад завгүй байдаг. Тэд ийм маягаар завгүй ажилладаг ч хамгийн наад захын асуудлыг ч ялган таньж чаддаггүй. Тэд юу нь сайн хүн чанар, юу нь муу хүн чанар болохыг, юу нь сайн хэв чанар, юу нь муу хэв чанар болохыг, юу нь жинхэнэ авьяас чадвар, мэдлэгтэй байх, юу нь билиг авьяастай болохыг тодорхой ялган таньж чаддаггүй. Тэд бас Бурханы гэр ямар төрлийн хүмүүсийг хөгжүүлдэг, ямар төрлийн хүмүүсийг таягдан хаядаг, ямар хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, ямар нь эрэлхийлдэггүй, ямар хүмүүс үүргээ дуртайяа гүйцэтгэдэг, ямар нь үүргээ гүйцэтгэдэггүй, ямар хүмүүс Бурханы ардууд болж төгс болгуулдаг, ямар хүмүүс хөдөлмөрчид болдог гэх мэтийг ч нэвт харж чаддаггүй. Тэд том ярьж, хоосон онол чалчдаг ч бодитой ажил хийж чаддаггүй хүмүүсийг хөгжүүлэх гол бай гэж үзэж, тэднээр хийлгэх чухал ажлыг зохицуулж, даалгадаг, харин цэвэр ойлгоцтой, хэв чанартай, үнэнийг ойлгох чадвартай хүмүүсийг Бурханд итгээд төдийлөн удаагүй эсвэл биеэ тоосон зан чанар илчилсэн гэх шалтгаанаар дэвшүүлж, хөгжүүлэхийг нь хойшлуулдаг. Иймэрхүү асуудал чуулганд байнга гардаг бөгөөд энэ нь чуулганы ажлын ахицад нөлөөлдөг. Эдгээр нь жинхэнэ асуудлууд боловч энэ төрлийн удирдагч тэдгээрийг харж, олж илрүүлж чаддаггүй, тэр ч бүү хэл огт мэддэггүй. Ёрын муу хүмүүс үймээн, саад учруулах үед тэдэнд ажиглалтад орж, өөрсдийгөө эргэцүүлэх боломж олгодог, харин ёрын муу биш, зүгээр л залуу, мэдлэггүй, зарчимгүй үйлддэг учраас хааяа нэг жижиг алдаа гаргадаг бусад хүний хувьд—тэр алдаа нь зарчмын асуудал биш байхад—энэ төрлийн удирдагч эдгээр алдааг уучилшгүй нүгэл гэж үзэж, тэднийг гэр лүү нь буцаадаг. Ийм төрлийн хуурамч удирдагч өдөр бүр завгүй ажилтай байдаг бөгөөд гаднаа ихээхэн хүчин чармайлт гаргаж, их цаг зарцуулж байгаа мэт харагддаг хэр нь яаж ч ажилласан, хэн ч үүнээс жинхэнэ амийн хангалт авдаггүй. Бурханы сонгосон хүмүүст ямар ч асуудал, бэрхшээл тулгарсан бай, ийм төрлийн хуурамч удирдагч үнэнийг нөхөрлөснөөр тэдгээрийг шийдвэрлэж чаддаггүй, гагцхүү хайрын сэтгэлээр тэднийг ятгаж, Бурханы сонгосон хүмүүсийг зоригжуулахын тулд бичиг үсэг, хоосон сургаал номлож л чадна. Тиймээс ийм хүмүүсийн удирдлага дор Бурханы сонгосон хүмүүс ямар ч амийн хангалт авдаггүй, зүгээр л урам зоригтоо тулгуурлан Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэдэг бөгөөд ямар ч амь-оролтод хүрдэггүй—тэд хэр удаан ингэж үргэлжлүүлж чадах вэ? Үүний үр дүнд зарим хүн байнга сөрөг, сул дорой болж, Бурханы өдөр ирэхийг үргэлж хүсэн хүлээдэг, тэдний хувьд үзэгдэл улам бүр тодорхойгүй болдог бөгөөд тэд асуудалтай тулгарах үедээ Бурханы талаар үзэл, буруу ойлголттой болж, зарим нь бүр Бурханд эргэлзэж, Түүнээс сэрэмжилдэг. Хуурамч удирдагчид эдгээр асуудалтай тулгараад тэдгээрийг огт шийдвэрлэж чаддаггүй, зүгээр л зайлсхийдэг. Тэд үнэнийг эрж хайж, асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы сонгосон хүмүүстэй хамт Бурханы үгийг уншиж, эсвэл Бурханд залбирдаггүй—тэд энэ ажлыг хэзээ ч хийдэггүй. Тэд зүгээр л өдөр бүр арын албаны зарим ажил болон гадна талын тодорхой хэрэг явдлууд, амь-оролт, үнэнтэй ямар ч хамаагүй хэрэг явдлаар завгүй байдаг. Тэд завгүй ажиллаж л байвал үүргээ гүйцэтгэж, харицлагаа биелүүлж байгаа хэрэг, хуурамч удирдагч байж таарахгүй гэж боддог. Үнэн хэрэгтээ, тэд эдгээр арын албаны ажлаар завгүй байх нь ах, эгч нарын амийн ахиц дэвшилд огт тус болдоггүй, Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход хүргэж бүр ч чаддаггүй. Надад хэл дээ, ийм төрлийн хуурамч удирдагчийн хэв чанарт асуудал байдаг бус уу? Тэд юуг ч нэвт харж чаддаггүй, завгүй ажиллаж л байвал бүх асуудал зүгээр л арилж, шууд бусаар шийдвэрлэгдэнэ гэж боддог. Энэ хүмүүс үнэхээр мунгинасан бус уу? Тэдний хэв чанар үнэхээр маш муу биш гэж үү? Тэд юуг ч нэвт харж чаддаггүй, ямар ч бодитой ажил хийж чаддаггүй, энэ нь тэднийг жинхэнэ хуурамч удирдагч, хуурамч ажилчид болгодог. Энэ бол ялган танихад хамгийн амархан хэрэг юм.

Одоо хаа сайгүй чуулгануудад хуурамч удирдагч, хуурамч ажилчид байдаг. Тэд зүгээр л урам зоригтоо найдаж ажилладаг бөгөөд үнэнийг огт ойлгодоггүй. Тэд удирдагч, ажилчны ажил юу болохыг мэддэггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж ч чаддаггүй—тэд зүгээр л өдөржин арын албаны зарим ажлаар сохроор завгүй байдаг. Жишээ нь, чуулган ямар нэг зүйл худалдаж авах хэрэгтэй боллоо гэе. Энэ бол том ажил биш; холбогдох салбарт мэдлэгтэй хэн нэгнийг худалдан авалт хийлгэхээр явуулахад л хангалттай. Гэтэл хуурамч удирдагч хэт их мөнгө үрэхээс айсандаа хамгийн хямдханыг нь худалдаж авахын тулд хэн нэгнийг хэд хэдэн газар луу явуулдаг. Үүний үр дүнд хямдхан бараа худалдаж авч, тэр нь хэдхэн хоног хэрэглээд эвдэрч, өөр нэгийг худалдаж авах хэрэгтэй болдог. Тэд мөнгө хэмнэж чадаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ илүү их мөнгө үрсэн. Энэ нь ажлыг зохицуулах зарчимч арга зам мөн үү? Худалдан авалт хийхдээ алдартай брэнд худалдаж авах шаардлагагүй ч наад зах нь боломжийн чанартай, хэрэглэж болохуйц зүйл худалдаж авах нь тохиромжтой. Хуурамч удирдагчид арын албаны ажлын талаар их санаа зовдог бөгөөд үүнд буруу юм байхгүй. Гэвч тэд Бурханы гэрийн гол чухал ажлыг нухацтай авч үздэггүй бөгөөд энэ бол том алдаа; энэ нь тэд мөн чанарын ажлаа хийхгүй байгаа хэрэг юм. Сайн мэдээний ажил, кино продакшны ажил, бичвэрт суурилсан ажил, туршлагын гэрчлэлийн видеоны ажил, удирдагч, ажилчдыг зохицуулах ажил зэрэг ажлууд бүгд нэн чухал боловч хуурамч удирдагчид тэдгээрийг чухал гэж боддоггүй, ийм ажлуудыг хойш тавиад үл тоодог. Тэд хангалтгүй хэв чанартай, ажлыг яаж хийхээ мэддэггүй боловч суралцах гэж ч хичээдэггүй, харин оронд нь “Энэ ажлыг хэн нэгэн хүн хариуцаж байхад л болно. Би бас хэрэгтэй гэж үү? Би чухал ажлуудыг зохицуулдаг. Эдгээр нь миний санаа зовох шаардлагагүй жижиг сажиг зүйлс. Би тэдэнд зарчмыг хэлж өгсөн бол миний ажил дууссан хэрэг” гэж боддог. Хуурамч удирдагчид гаднаа маш завгүй харагддаг ч тэдний завгүй ажиллаж байгаа зүйлсийг харвал нэг нь ч чуулганы гол чухал ажил биш, нэг нь ч хүмүүсийн амийг хангадаг ажил биш, нэг нь ч үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой ажил биш. Тэдний завгүй хийдэг зүйлс ямар ч үнэ цэнгүй бөгөөд эдгээр хуурамч удирдагч зүгээр л сохроор завгүй байдаг. Удирдагч, ажилчид Бурханы санаа зорилгод нийцэхийн тулд ямар ажил хийх ёстойг тэд мэддэггүй; тэд зүгээр л урам зоригтоо найдаж, хийх дуртай зарим ажлаа хийгээд завгүй байдаг. Тэд ах эгч нар ямар хувцас өмсдөг, ямар үс засалттай, бусадтай хэрхэн харьцдаг, хэрхэн ярьж, биеэ авч явдаг зэрэг чуулганы ажилтай холбоогүй ялихгүй хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй асууж сурагладаг. Энэ бол эвсэг найрсаг, ойр дотно байх явдал, хүмүүсийн бодитой амьдрал дахь асуудлыг шийдвэрлэх нь удирдагчийн хийх учиртай зүйл, хэвийн хүн чанарт байх ёстой зүйл гэж тэд боддог. Тэгсэн хэр нь тэд сайн мэдээний ажил, кино продакшны ажил, магтан дууны ажил, бичвэрт суурилсан ажил, захиргааны ажил, шинэ итгэгчдийг услах ажил, чуулган байгуулах ажил, хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлэх ажил гэх мэт гол чухал ажлуудыг нухацтай авч үздэггүй. Тэд эдгээр ажлын алинд ч оролцдоггүй, хянан дагадаг ч үгүй; эдгээр ажил тэдэнд ямар ч хамаагүй мэт байдаг. Эдгээр хуурамч удирдагч чуулганд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэдэггүй, чөлөөлөх ёстой хуурамч удирдагчдыг чөлөөлдөггүй, ёрын мууг үйлдэж, дураараа дургин муу зүйл хийдэг ёрын муу хүмүүсийг хязгаарлаж, арга хэмжээ авдаггүй, зарим хүн үүрэг гүйцэтгэхдээ хааш яаш, задгай, сахилга батгүй байж, хойрголдог асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөдөггүй. Энэ ямар асуудал вэ? Тэд эдгээр бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй—тэд бодитой ажил хийдэг хүмүүс мөн үү? Тэдний хийдэг ач холбогдолгүй, хамааралгүй ажлууд зүрх сэтгэлд нь шийдвэрлэх чухал санагддаг. Тэд өдөржин тэдгээр үнэ цэнгүй зүйлийг хийгээд завгүй байж, өөрсдийгөө хариуцлагаа биелүүлж, үнэнч байгаа гэж боддог, гэвч Бурханы тэдэнд даалгасан бодитой ажлын нэгийг ч хийдэггүй—ийм хүмүүс хуурамч удирдагчид биш гэж үү? Тэд нийгэм дэх хорооны дарга нартай адил, зүгээр л нэг хорооллын хошуу дүрэгчид юм—тэгвэл тэд Бурханы гэрийн удирдагч, ажилчид хэвээрээ юу? Тэд бол жинхэнэ хуурамч удирдагч, хуурамч ажилчид юм. Энэ хүмүүсийг ямар шалтгаанаар хуурамч удирдагч, хуурамч ажилчид гэж тодорхойлдог вэ? (Яагаад гэвэл, тэдний хэв чанар хэтэрхий муу, тэд бодитой ажил хийж чаддаггүй, зарим нэг ялихгүй хэрэг явдлыг л зохицуулж чаддаг.) Энэ бол тодорхой шалтгаан нь юм. Энэ хүмүүсийн хэв чанар хэтэрхий муу; тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн олон ажлын зохицуулалт уншиж, Бурханы гэрт хэчнээн олон жил үүргээ гүйцэтгэсэн ч бай, эсвэл хэчнээн олон жил удирдагч байсан ч бай хамаагүй, тэд юу хийж байгаагаа, хийж байгаа зүйл нь зөв үү, буруу юу гэдгийг, эсвэл биелүүлэх ёстой хариуцлагаа биелүүлж байгаа эсэхээ хэзээ ч мэддэггүй. Удирдагч, ажилчин гэсэн шошго, цолны талаарх тэдний тодорхойлолт бол завгүй л байвал болно гэдэг явдал юм. Тээрмийн чулуу эргүүлдэг илжиг шиг, тэд хөдөлж чадахаа больтлоо татсаар байдаг бөгөөд үүнийгээ үүрэг хариуцлагаа биелүүлж байна гэж үздэг. Аль зүгт татаж байгаа, татахдаа гаргаж буй эрч хүч нь зөв эсэхээс үл хамааран тэдний хувьд энэ нь үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг юм. Тэдний нэвт харж чаддаггүй олон асуудал байдаг бөгөөд тэд тэдгээрийг шийдвэрлэхийг хичээдэггүй, эсвэл Дээрхэд мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайдаггүй. Тэд хэчнээн олон жил ажилласан, хэчнээн олон жил хүмүүстэй харилцсанаас үл хамааран, хүний илрэл нь итгэлийн суурь нимгэн, үнэнийг ойлгодоггүй шинэ итгэгчийнх үү, эсвэл үл итгэгчийнх үү гэдгийг ч мэддэггүй, мөн хүнийг хэрхэн ялган таньж, тодорхойлох ёстойгоо ч мэддэггүй. Хоёулаа сөрөг байдалтай хоёр хүн байхад тэд алийг нь хөгжүүлэхэд зохистой, аль нь зохистой бишийг мэддэггүй; хоёр хүн үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг хааш яаш байхад аль нь үнэнийг эрэлхийлэгч, аль нь хөдөлмөрчин, аль нь үнэн-бодит байдалд орж чадах, аль нь үнэн-бодит байдалгүй болохыг ялгаж чаддаггүй. Тэд энэ хүмүүстэй олон жил харилцсан байлаа ч удирдагч болмогцоо аль хүмүүс антихристүүдийн замыг дагах боломжтойг мэддэггүй. Тэд хэчнээн олон утгагүй дасгал хийж, хэчнээн олон хэрэггүй ажил гүйцэтгэсэн ч бай, эргэн тойронд нь хэчнээн олон асуудал байсан ч бай, тэд үүнийг мэддэггүй бөгөөд эдгээр нь асуудал мөн гэдгийг ухаардаггүй. Ийм хүмүүс хэв чанар муутай, бодол санаа нь мунгинасан, ажил гүйцэтгэх чадваргүй учраас удирдагч, ажилчны үүрэг хариуцлагыг биелүүлэхэд тэдэнд маш хэцүү байдаг. Зарим энгийн арын албаны ажлыг хийж чадахаас гадна эдгээр удирдагч, ажилчид чуулганы бодитой ажилтай холбоотой юу ч хийх чадваргүй бөгөөд ажилд байгаа ямар ч бодитой асуудлыг харж, шийдвэрлэж чаддаггүй. Ийм удирдагч, ийм хэв чанартай хүнийг хөгжүүлэх нь зохистой байж чадах уу? Тэд төөрөгдөл, бэрхшээл гэж юу болохыг ч мэддэггүй, тэдгээрийг зарчмын дагуу зохицуулж бүр ч чаддаггүй. Чуулганы ажилд тулгардаг асуудлууд маш түгээмэл асуудал байсан ч тэд тэдгээрийг нэгтгэн дүгнэж, ангилж мөн л чаддаггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн нөхөрлөхөө ч мэддэггүй—энэ төрлийн хуурамч удирдагч чуулганд байнга гардаг эдгээр асуудлыг ерөөсөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй. Тэдний хамгийн том асуудал нь төлөөс төлөх дургүй, эсвэл завгүй байж, ядарч зүдрэхээс айдаг явдал биш, харин тэд хэв чанар муутай, оюун ухаан нь тодорхой бус бөгөөд чуулганы чухал ажил болон бодитой ажлыг хийж чаддаггүй. Харин ч тэд зүгээр л арын албаны зарим ажлыг хийж, эсвэл зарим хамааралгүй зүйлд санаа тавих дуртай, тэгээд удирдагч, ажилчны дүрд тоглохыг хүсдэг—тэд хэтэрхий том амбиц, хүсэлтэй мунгинасан хүмүүс биш гэж үү? Хэв чанар муутай удирдагчид сайн мэдээ түгээх ажил, чуулган дахь шинэ итгэгчдийг услах ажил, кино продакшны ажил, бичвэрт суурилсан ажил, түүнчлэн янз бүрийн түвшний удирдагч, ажилчдыг хамарсан боловсон хүчний ажил гэх мэт үнэн-зарчимтай холбоотой, нарийн мэргэжлийн ажил болох чуулганы гол ажлыг ерөөсөө хийх чадваргүй байдаг. Яагаад тэд энэ ажлыг хийх чадваргүй байдаг вэ? Яагаад гэвэл, тэдний хэв чанар хэтэрхий муу, тэд зарчмыг ухамсарлаж чаддаггүй; тэд энэ бүх ажилд тэнцдэггүй бөгөөд хэрхэн хийхийг сурч чаддаггүй. Жишээ нь, ийм удирдагчид таван хүн өгөөд, тэдний боловсролын түвшин, хэв чанар, давуу тал, зан араншинд нь үндэслэн ажил хуваарилахыг шаардлаа гэе. Энэ нь гүйцэтгэхэд амархан ажил уу? Удирдагч, ажилчдын хэв чанартай ямар нэг холбоотой юу? (Тийм.) Дундаж хэв чанартай удирдагч, ажилчид хэсэг хугацаанд таван хүнийг ажиглаж, харилцаж, таньж мэдсэнийхээ дараа харьцангуй зөв ажил хуваарилна. Хэв чанар муутай удирдагч, ажилчид таван хүнийг хэтэрхий олон гэж бодно; хэт олон хүн байх үед тэд будилж, хэрхэн ажил хуваарилахаа мэддэггүй, ажлыг хуваарилсан ч гэсэн тохиромжтой байдлаар хийж байгаа эсэхээ зүрх сэтгэлдээ мэдэхгүй. Боловсон хүчний тухайд ийм байдаг. Хэрэг явдлыг зохицуулах тухайд, жишээ нь тэд хоёр, гурван хэргийг нэгэн зэрэг зохицуулж, шийдвэрлэх шаардлагатай бол эдгээр хэрэг явдлын хоорондын хамаарлыг хэрхэн үнэлж, ялган танихаа мэддэггүй, нийт ажилд саатал учруулахгүйгээр аль асуудлыг эхэлж шийдвэрлэх учиртай, аль асуудлыг дараа нь шийдвэрлэж болохыг дэнслэн үзэж ч чадахгүй. Өөрөөр хэлбэл, тэд давуу, сул талыг дэнсэлж чаддаггүй, чухал, яаралтай дарааллаар нь ажлыг эрэмбэлж чаддаггүй, асуудлыг хэрхэн шийдэхээ мэддэггүй. Гэхдээ тэд удирдагч, ажилчид учраас ямар нэг зүйлийг ойлгохгүй байсан ч ойлгосон дүр эсгэх ёстой, ухаарахгүй байсан ч ухаарсан дүр эсгэх ёстой, аргацаахын тулд тэсэж, зарим хоосон сургаалыг номлож, хэдэн сайхан үг хэлээд яаруу сандруу дуусгахаас өөр яаж ч чадахгүй. Өөрсдийнх нь хэлсэн зүйл үнэн зөв эсэх, зарчимд нийцдэг эсэх, асуудлыг шийдвэрлэж чадах эсэхийг тэд тов тодорхой мэддэг ч зүгээр л аргацаахыг хүсдэг. Хийж буй зүйлээрээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэдгээ маш сайн мэддэг ч Дээрхэд асуудлыг мэдээлдэггүй тул эцэст нь ажлыг саатуулж, чөлөөлөгдөхөд хүрдэг. Надад хэл дээ, энэ хүмүүс тэнэг биш гэж үү? Зарим удирдагч, ажилчид асуудлыг мэдээлэхдээ өнгөрсөн үеэс өнөөг хүртэлх хуучирсан, ач холбогдолгүй бүх үйл явдлыг тоочин ярьдаг бөгөөд тэднийг бөөн юм ярьсны дараа чи ямар асуудал байгааг шинжилж, тогтооход нь туслах хэрэгтэй хэвээр байдаг. Тэд асуудлыг хэрхэн дэвшүүлэхээ ч ойлгодоггүй, асуудлын гол цэг, мөн чанар юу болохыг хэдэн цаг ярьсан ч тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэдний хэлдэг бүхэн зүгээр л өнгөц зүйлстэй холбоотой бөгөөд ердөө л нэг утгагүй яриа! Энэ нь тэдний хэв чанар хэтэрхий муу, ухаан дутуугийн илрэл биш гэж үү? Хэв чанартай хүмүүс эдгээр зүйлийг сонсохыг хүсэх үү? Тэдэнтэй ярьж буй хүн зүгээр л тэдний мэдээлж буй хүний одоогийн нөхцөл байдал, илрэл юу болохыг, ямар байдлын талаар тэд төөрөлдөж, шийдвэрлэж чадахгүй байгааг мэдэхийг хүсдэг. Гэтэл энэ хүмүүс тэр хүн өмнө нь ямар ажил хийж байсан талаар үргэлж ярьдаг бөгөөд одоогийн нөхцөл байдлынх нь талаар ярьдаггүй, эсвэл өөрсдөд нь ямар төөрөгдөл, асуудал байгааг хэлдэггүй. Тэд баахан юм ярьдаг бөгөөд юу яриад байгааг нь хэн ч яг таг хэлж чаддаггүй. Тэд асуулт асуухыг хүссэн ч хаанаас эхлэхээ мэддэггүй, үр дүнтэй байж, хүмүүст ойлгуулахын тулд хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй—тэдэнд хэл яриагаа эмхэтгэх чадвар ч байдаггүй. Энэ нь туйлын муу хэв чанартай байдлын илрэл биш гэж үү? Зарим хуурамч удирдагч хэв чанар муутай бөгөөд асуудал мэдээлэхдээ баахан дэмий, утгагүй зүйл ярьдаг, тэгээд “Би чамд хангалттай их мэдээлэл өгсөн биз дээ? Би бүр энэ асуудлын талаарх өнгөрсөн, одоогийн бүх зүйлийг чамд хэлсэн, тэгэхээр миний асуухыг хүсэж буй асуулт юу болохыг чи одоо хэлж чадахгүй гэж үү?” хэмээн боддог. Чи тэднээс юу ч асуусан, яаж ч чиглүүлсэн, тэд юу хэлэхээ мэддэггүй, асуудлын голыг ярьж хэзээ ч чаддаггүй. Энэ нь тэдэнд өөрийгөө илэрхийлэх үг дутдаг, эсвэл тэдний боловсролын түвшин доогуур байгаагаас болдог юм биш, харин хэв чанар нь муу, уураг тархигүй учраас тэд эдгээр зүйлийг хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй, оюун ухаан нь мунгинуу, бусдад ойлгуулахын тулд өөрийгөө тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэдэнд бага зэрэг ачааны мэдрэмжтэй бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тодорхой асуудлуудын талаар бага сага ойлголттой болдог ч тэдгээрийг хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй, асуудлын мөн чанар юу болохыг ухамсарлаж чаддаггүй, асуудлыг нэгтгэн дүгнэж бүр ч чаддаггүй. Хэв чанар нь ийм муу хүмүүс ажил хийж чадах уу? Тэд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу? Үгүй, чадахгүй. Чи тэдэнд цаг хугацаа, боломж олгож, асуудлыг мэдээлүүлж, тайлбарлууллаа ч гэсэн тэд үүнийг хийж чадахгүй, тэгвэл ийм хүмүүстэй ярилцаад байж болох уу? Тэднийг ашигласаар байж болох уу? (Үгүй.) Яагаад ашиглаж болохгүй гэж? Тэд тодорхой ярьж ч чаддаггүй, бодол санаа, үзэл бодол, хандлагаа илэрхийлэхийн тулд хэл яриа ашиглах хүний хамгийн наад захын зөн совин ч тэдэнд байдаггүй, тэгвэл тэд ямар ажил хийж чадах юм бэ? Хэдийгээр тэд бага зэрэг хүч чадал, шударга хичээл зүтгэл, бага сага хариуцлагын мэдрэмж, нэлээд шударга зүрх сэтгэлтэй байж болох ч хэв чанар нь хэтэрхий муу, тэдэнд яаж ч заасан юу ч сурч чаддаггүй, тэдэнд яаж ярихыг заасан ч гэсэн тэд учрыг нь олж чадахгүй, тиймээс чи бухимдаж, уурлана. Тэд замбараагүй ярьж, чамайг төөрөлдүүлж орхидог; тэд юу ч тодорхой ярьж чаддаггүй, тэдний хэлдэг зүйл зүгээр л утгагүй яриа. Хамгийн хөөрхийлөлтэй нь тэд хүний хэл ойлгодоггүй атлаа сохроор үйлдсээр, өөрсдийгөө чадвартай гэж бодсоор байдаг, тэднийг засахад чинь тэд эсэргүүцдэг. Тэд удирдлагын ажлыг яаж сайн хийж чадах юм бэ? Удирдагч, ажилчны хувьд хэв чанар маш муу болохоор үг хэлээр өөрийгөө илэрхийлэх чадваргүй байх үед тэд ажилдаа чадварлаг хэвээр байж чадах уу? (Үгүй.) Ажилдаа чадварлаг биш гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд ажилд тулгардаг бэрхшээл, асуудлыг даруй олж илрүүлэх чадваргүй гэсэн үг бөгөөд мэдээж, ажилд ямар ч асуудал гарсан, хэзээ ч даруйхан шийдвэрлэж чадахгүй, Дээрхэд даруй мэдээлж, Дээрхээс шийдэл эрж хайж ч чадахгүй гэсэн үг юм—энэ нь тэдний хувьд хэтэрхий хэцүү байдаг, тэд үүнийг хийх чадваргүй. Муу хэв чанартай ийм хүмүүсийн хувьд энэ ажил тэдэнд туйлын хэцүү байдаг; энэ нь яг л загасыг хуурай газар амьдруулахаар албадах, эсвэл гахайг нисгэхээр албадахтай адил—энэ ажлыг хийх нь тэдний хувьд маш их хүч шаардсан хэрэг юм.

Зарим хүн: “Би энэ хүмүүсийг өрөвдөж байна. Тэд элдэв ажил хийж нааш цааш гүйсээр эцэст нь хэв чанар муутайгаасаа болоод хуурамч удирдагч гэж тодорхойлогддог. Тэгвэл тэдний туулсан зовлон бүгд дэмий байсан гэсэн үг үү? Энэ нь хүмүүст шударга бус хандаж байгаа хэрэг биш гэж үү?” гэдэг. Хуурамч удирдагчдыг чөлөөлөх нь Бурханы сонгосон хүмүүс болон чуулганы ажлын төлөө хариуцлага хүлээж байна гэсэн үг, тэгэхээр энэ нь яаж хүмүүст шударга бус хандаж байгаа хэрэг байх юм бэ? Чи хуурамч удирдагчдыг удирдагчийн үүрэг рольд нь үргэлжлүүлэн байлгахаар зүтгэвэл энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаа хэрэг биш гэж үү? Бурханы сонгосон хүмүүсийг хорлох нь хүмүүст шударга бус хандаж байгаа хэрэг биш гэж чи хэлж байна уу? Хуурамч удирдагчийг чөлөөлснөөр Бурханы гэр тэр хуурамч удирдагчийг яллаж байгаа юм биш, тэр хуурамч удирдагчийг там руу илгээж байгаа ч юм биш, харин оронд нь тэр хүнд аврал хүртэх боломж олгож байгаа юм. Хэрвээ тэд хуурамч удирдагч хэвээр байвал аврал хүртэж чадах уу? Тэдний эцсийн төгсгөл юу байх вэ? Чи яагаад асуудлыг ийм маягаар авч үздэггүй юм бэ? Түүнчлэн, Бурханд итгэхийн зорилго юу вэ? Удирдагч байх нь цорын ганц зам биш биз дээ? Удирдагч биш бол хийх өөр үүрэг байхгүй гэж үү? Удирдагч биш, хэв чанар муутай хүмүүст амьд үлдэх ямар ч зам байхгүй гэж үү? (Үгүй, тийм биш.) Тэгвэл хэрэгжүүлэлтийн зам юу вэ? Бидний одоо задлан шинжилж байгаа зүйл бол хэв чанар муутай ийм төрлийн хуурамч удирдагчийн илрэл болон тэдэнд оршдог асуудлууд юм; бид тэднийг яллаж, харааж байгаа юм биш, зүгээр л задлан шинжилж байна. Тэднийг задлан шинжлэхийн зорилго нь энэ төрлийн хүмүүсийг өөрсдийгөө үнэн зөв таньж, чиг баримжаагаа тодорхойлж, өөрсдийнхөө хэр хэмжээг мэдэж, удирдагч, ажилчид гэж юу болох, удирдагч, ажилчид ямар ажил хийх ёстойг үнэн зөв ойлгож, дараа нь эдгээр зүйлийг өөрсөдтэйгөө харьцуулж, удирдагч, ажилчин байхад тохирох эсэхээ харахад хүргэх явдал юм. Хэрвээ чиний хэв чанар үнэхээр маш муу, үг хэлээр өөрийгөө илэрхийлж, бодол санаа, үзэл бодлоо илэрхийлж, эсвэл асуудлыг олж илрүүлж чадахааргүй муу бол чи удирдагч, ажилчин байхад тохирохгүй, удирдагч, ажилчны үүрэг гүйцэтгэхэд тэнцэхгүй, удирдагч, ажилчны ажлыг хийх чадваргүй. Нэгэнт чи хэв чанар муутай тул ингэж өөрийгөө мэддэг байх ёстой. Зарим хүн: “Миний хэв чанар муу—тэгээд юу гэж? Би сайн хүн чанартай, тиймээс би удирдагч байх ёстой” гэж хэлдэг. Энэ зарчим мөн үү? Бусад нь: “Би сайн хүн чанартайгаас гадна зовлон туулж, төлөөс төлөхөд бэлэн, би номлол номлож чадна, итгэлдээ суурьтай, Бурханд итгэснийхээ төлөө шоронд хоригдож байсан. Эдгээр зүйл миний хувьд удирдагч, ажилчин байх хөрөнгө гэж тооцогдохгүй гэж үү?” гэцгээдэг. Удирдагч, ажилчин байхын тулд хүн хөрөнгөтэй байх ёстой гэдэг нь үнэн үү? (Үгүй.) Бидний одоо хэлэлцэж байгаа зүйл бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага бөгөөд энэ сэдвийн хүрээнд бид хэв чанарын асуудлын талаар ярьж байна. Хэрвээ чи хэв чанар муутай бөгөөд эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлж чадахгүй бол чамд байх ёстой өөрийгөө мэддэг байдал бол: “Надад энэ хэв чанар байхгүй, би удирдагч, ажилчин байж чадахгүй. Надад ямар ч хөрөнгө байсан, энэ нь ямар ч хэрэггүй” гэдэг юм. Чи сайн хүн чанартай, найдвартай, зовлон туулах шийдвэртэй, төлөөс төлөхөд бэлэн гэж хэлдэг—тэгвэл Бурханы гэр чамд шударга бус хандсан гэж үү? Бурханы гэр хүн бүрийг хамгийн сайнаар нь ашиглаж, хүн бүрд тохирсон үүрэг ролийг нь оноодог бөгөөд үүнийгээ яг зөв хийдэг. Хэрвээ чи сайн хүн чанартай ч хэв чанар муутай бол хамаг зүрх сэтгэл, хүч чадлаараа үүргээ сайн гүйцэтгэх ёстой; Бурханд сайшаагдахын тулд заавал удирдагч, ажилчин байх албагүй. Чи өөрийгөө зовооход бэлэн байсан ч удирдагчийн зовох ёстой байдлаар өөрийгөө зовоож чадахгүй, удирдагчид байх ёстой хэв чанар чамд байхгүй, чи дутуу дулимаг бол тэгээд яах вэ? Өөрийгөө бүү хүчил, өөртөө бүү хүндрэл учруул; хэрвээ чи 25 килограмм үүрч чадах бол 25 килограммыг л үүр. Хязгаараасаа хэтрүүлэн онгирч, “25 килограмм хангалтгүй. Би бүр ихийг үүрэхийг хүсэж байна. Би 50 килограмм үүрэхийг хүсэж байна. Би ядарч үхсэн ч үүнийг хийхэд бэлэн!” гэж бүү хэл. Чи удирдагч, ажилчин байж чадахгүй ч онгирохын тулд хязгаараасаа хэтрүүлсээр байвал ядарч цуцахгүй ч чуулганы ажлыг саатал учруулж, ажлын ахиц, үр дүнд нөлөөлж, олон хүний амийн ахиц дэвшлийг хойшлуулна—энэ бол чиний үүрч дийлэх хариуцлага биш. Чи хангалттай хэв чанаргүй учраас хэрвээ өөрийгөө мэддэг бол идэвх санаачилга гарган халагдах санал дэвшүүлж, сайн хэв чанартай, үнэнийг хайрладаг, чамаас илүү хариуцлагатай хэн нэгнийг удирдагч, ажилчнаар нэр дэвшүүлэх ёстой. Энэ нь ухаалаг зүйл бөгөөд ингэж гэмээ нь чи үнэхээр хүн чанартай, эрүүл ухаантай хүн, үнэнийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлдэг хүн байх болно. Хэрвээ чи удирдлагын ажлыг хийх чадваргүй учраас албан тушаалаасаa халагдаж, дараа нь өөртөө тохирсон үүргийг сонгож, Бурханд сайшаагдахын тулд үнэнч байдлаа өргөвөл туйлын ухаантай хүн юм. Чи үргэлж “Хэдийгээр би хэв чанар муутай ч хүн чанар сайтай, өөрийгөө зовоож, зовлон туулж, төлөөс төлөхөд бэлэн, би шийдэмгий, хийдэг бүх зүйлдээ та нараас илүү тэсвэр хатуужилтай, уужуу сэтгэлтэй, засалт, шалгалт туулахаас айдаггүй. Хэв чанар минь жаахан муу ч би удирдагч байж чадна” гэж боддог. Хэв чанар муутай байх нь асуудал биш. Энэ нь чамайг яллаж байгаа хэрэг биш, зүгээр л чамайг ангилж, яг юу хийж чадах, ямар үүрэгт тохирохыг чинь тодорхой ойлгуулах гэсэн юм. Гэвч одоогийн асуудал бол чи хэв чанар муутай, удирдагч, ажилчин байх чадваргүй. Чи удирдагч, ажилчнаар сонгогдсон ч энэ ажлыг сайн хийж чадахгүй, гагцхүү ажлыг сүйд хийж л чадна. Хэрвээ чи сайн хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай, өөрийгөө зовоож, төлөөс төлөхөд бэлэн бол чамд тохирох ажил, чиний хийх ёстой үүрэг байх бөгөөд Бурханы гэр чамд тохирсон зохицуулалт хийх болно. Чамайг удирдагч болгохыг зөвшөөрөхгүй байгаа нь Бурханы гэрийн дүрэм журам, зарчимд үндэслэсэн. Гэвч хэв чанар муутай гэдгээс чинь болж Бурханы гэр үүрэг гүйцэтгэх эрхийг чинь юм уу Бурханд итгэж, дагах эрхийг чинь хэзээ ч хасахгүй. Энэ нь тохиромжтой биш гэж үү? (Тийм ээ, тохиромжтой.) Бид энэ явдлын талаар илүү дэлгэрэнгүй нөхөрлөх шаардлагатай юу? Хэв чанар муутай зарим хүн үүнийг сонсоод, “Энэ талаар дахиж бүү нөхөрлө. Би хүний нүүр харахаас ч ичиж байна. Би хэв чанар муутай гэдгээ мэднэ, би дахиж чуулганы удирдагч, ажилчин болохгүй. Би зүгээр л багийн удирдагч, эсвэл зааварлагч болъё, эсвэл хар бор ажил хийж, хоол хийж, цэвэрлэгээ хийе. Юу ч байсан болно. Би гомдоллохгүйгээр ажлын байрныхаа хүнд хэцүүг үүрч, Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагана. Миний хэв чанар муу байгаа нь Бурханы нигүүлсэл бөгөөд үүнд Бурханы сайн санаа зорилго бий. Бурханы хийдэг бүхэн зөв” гэж тунгаан боддог. Хэрвээ чи ийм маягаар аливааг харж чадвал сайн хэрэг, энэ нь чи өөрийгөө зарим талаар мэддэг гэсэн үг. Би энэ асуудлаар удаан нөхөрлөхгүй. Товчхондоо, хэв чанар муутай энэ хүмүүсийн хувьд бид зүгээр л асуудлыг задлан шинжилж, баримтын үнэн мөнийг ил болгож байна, ингэснээр илүү олон хүн энэ хүмүүсийн талаар зөв хандлага, үзэл бодолтой болно, ингэснээр энэ хүмүүс хэв чанар муутай гэдэг асуудлынхаа талаар зөв хандлага, үзэл бодолтой болж, дараа нь өөрсдийгөө үнэн зөв чиглүүлж, өөрт тохирсон байр суурь, үүргийг олж, төлөөс төлөх тэсвэр тэвчээр, зовлон туулах шийдэмгий байдлаа ухаалгаар ашиглаж, хэрэгжүүлж чадна. Энэ нь үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд чинь нөлөөлдөггүй, Бурханы гэр дэх чиний дүр төрхөд ч нөлөөлдөггүй.

III. Залхуу, тав тухад ташуурдаг хуурамч удирдагчид

Бид саяхан хоёр төрлийн хуурамч удирдагчийн талаар нөхөрлөсөн. Өөр нэг төрлийн хуурамч удирдагч байдаг бөгөөд бид “удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага” гэсэн сэдвээр нөхөрлөхдөө тэр талаар байнга ярьж байсан. Энэ төрлийнхөн зарим талаар хэв чанартай, ухаан муутай биш, ажилдаа арга зам, арга барилтай, асуудал шийдвэрлэх төлөвлөгөөтэй байдаг бөгөөд тэдэнд ажил даалгах үед бараг л шаардагдсан стандартын дагуу хэрэгжүүлж чаддаг. Тэд ажилд гарсан ямар ч асуудлыг олж илрүүлж чаддаг, заримыг нь шийдвэрлэж ч чаддаг; зарим хүний мэдээлсэн асуудлыг сонсох үедээ, эсвэл зарим хүний зан авир, илрэл, яриа, үйлдлийг ажиглах үедээ зүрх сэтгэлдээ хариу үйлдэл үзүүлдэг, өөрийн гэсэн санал бодол, хандлагатай байдаг. Мэдээж, хэрвээ энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, ачааны мэдрэмжтэй байдаг бол энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Гэсэн хэдий ч бидний өнөөдөр нөхөрлөж буй энэ төрлийн хүний хариуцсан ажил дээр асуудлууд хараахан шийдвэрлэгдэлгүй үлддэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл энэ хүмүүс бодитой ажил хийдэггүй. Тэд амар хялбарт дурлаж, хүнд хэцүү ажлыг үзэн яддаг, гаднаа зүгээр л хааш яаш хичээл чармайлт гаргадаг, зүгээр сууж, байр суурийн ашиг тусыг эдлэх дуртай, хүмүүст тушаах дуртай, зүгээр л амаа жаахан хөдөлгөж, жаахан зөвлөгөө өгөөд өөрийнх нь ажил дууссан гэж үздэг. Чуулганы ямар ч бодитой ажлыг, эсвэл Бурханы даалгасан чухал ажлыг нухацтай авч үздэггүй—тэдэнд ийм ачааны мэдрэмж байдаггүй, Бурханы гэр эдгээр зүйлийг удаа дараа онцолсон ч гэсэн тэд нухацтай авч үзэхгүй хэвээр байдаг. Жишээ нь, тэд Бурханы гэрийн кино продакшны ажил, бичвэрт суурилсан ажилд оролцох юм уу асууж лавлахыг хүсдэггүй, эдгээр төрлийн ажил хэрхэн урагшилж, ямар үр дүнд хүрч байгааг нягтлахыг ч хүсдэггүй. Тэд зүгээр л шууд бусаар асууж лавлаад, хүмүүс завгүй ажиллаж, энэ ажлыг хийж байгааг мэдмэгцээ цаашид санаа тавихаа больдог. Ажилд асуудал байгааг маш сайн мэдэж байхдаа ч гэсэн, тэд нөхөрлөж, шийдвэрлэхийг мөн л хүсдэггүй, хүмүүс үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг асууж лавлаж, нягталдаг ч үгүй. Яагаад тэд эдгээр зүйлийг асууж лавлаж, нягталдаггүй вэ? Хэрвээ нягталж үзвэл өөрсдийнх нь шийдвэрлэхийг хүлээсэн олон асуудал гарч ирнэ, тэгвэл хэтэрхий их санаа зовоосон хэрэг болно гэж тэд боддог. Хэрвээ үргэлж асуудал шийдвэрлэх шаардлагатай бол амьдрал дэндүү ядаргаатай байх болно! Хэтэрхий их санаа зовбол хоол амттай санагдахаа больж, сайн унтаж чадахгүй, бие махбод нь ядарч, амьдрал нь зовлонтой болно. Тийм учраас тэд асуудал харах үедээ боломжтой бол үүнээс зайлсхийж, үл тоодог. Энэ төрлийн хүний асуудал юу вэ? (Тэд дэндүү залхуу.) Надад хэл дээ, хэн нь ноцтой асуудалтай вэ: залхуу хүмүүс үү, эсвэл хэв чанар муутай хүмүүс үү? (Залхуу хүмүүс.) Яагаад залхуу хүмүүст ноцтой асуудал байдаг вэ? (Хэв чанар муутай хүмүүс удирдагч, ажилчин байж чадахгүй ч чадах чинээгээрээ үүрэг гүйцэтгэх үедээ зарим талаар үр дүнтэй байж чадна. Харин залхуу хүмүүс юу ч хийж чадахгүй; хэв чанартай байлаа ч гэсэн ямар ч нэмэргүй.) Залхуу хүмүүс юу ч хийж чадахгүй. Хоёр үгээр нэгтгэн дүгнэвэл, тэд бол хэрэггүй хүмүүс; тэд хоёрдугаар зэргийн хөгжлийн бэрхшээлтэй. Залхуу хүмүүсийн хэв чанар хэчнээн сайн байлаа ч энэ нь зүгээр л чимэг төдий зүйл; сайн хэв чанартай байлаа ч ямар ч хэрэггүй. Тэд дэндүү залхуу—юу хийх ёстойгоо мэддэг ч хийдэггүй, ямар нэг зүйл асуудалтайг мэддэг ч шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, ажилд үр дүн гаргахын тулд ямар зовлон бэрхшээл туулах ёстойгоо мэддэг ч эдгээр үнэ цэнтэй зовлон бэрхшээлийг тэвчихийг хүсдэггүй—тиймээс тэд ямар ч үнэнийг олж авч чадахгүй, ямар ч бодитой ажил хийж чадахгүй. Тэд хүмүүсийн туулах ёстой зовлон бэрхшээлийг туулахыг хүсдэггүй; тэд зөвхөн тав тухад ташуурч, баяр баясгалантай, чөлөөт цагийг таашааж, эрх чөлөөтэй, амар тайван амьдралаар амьдрахыг л мэддэг. Тэд хэрэггүй биш гэж үү? Зовлон бэрхшээл тэвчиж чадахгүй хүмүүс амьд явахад зохисгүй. Үргэлж шимэгч амьдралаар амьдрахыг хүсдэг хүмүүс бол мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс; тэд бол адгуус бөгөөд ийм хүмүүс хөдөлмөрлөхөд ч тэнцэхгүй. Тэд зовлон бэрхшээл тэвчиж чадахгүй учраас хөдөлмөрлөсөн ч сайн хийж чаддаггүй, үнэнийг олж авахыг хүсвэл тэр нь бүр ч найдваргүй. Зовлон бэрхшээл тэвчиж чаддаггүй, үнэнийг хайрладаггүй хүн бол хэрэггүй хүн; тэд хөдөлмөрлөхөд ч тэнцэхгүй. Тэд бол өчүүхэн төдий ч хүн чанаргүй адгуус юм. Ийм хүмүүс таягдан хаягдах ёстой; энэ нь л Бурханы санаа зорилгод нийцдэг.

Зарим хүн газар тариалангийн ажлыг хариуцдаг бөгөөд тун хичээнгүй байдаг; тэд оюун ухаандаа төлөвлөгөөтэй, улирал бүрд ямар ажил хийхээ мэддэг. Газар хагалах цаг болоход тэд талбай бүр дээр очиж үздэг. Тэд талбай бүрд юу тарихаар төлөвлөснөө тухайн талбайн бодит байдалтай харьцуулж, төлөвлөгөө нь тохиромжтой эсэх, бодит нөхцөл байдалд нийцэж байгаа эсэхийг хардаг. Түүнчлэн, энэ жил хөрс хэр чийглэг, хуурай байгаа, ямар бордоо хэрэгтэй, юу тарихад тохиромжтойг хардаг. Эдгээр зүйлийг хараад, ойлгож авмагцаа үрсэлгээ хийсэн эсэх, хэр их үрсэлгээ хийснийг даруй асууж сураглаад, дараа нь хүлэмж рүү очиж, үрсэлгээ хийж буй хүн найдвартай эсэх, үрсэлгээг сүйтгэх эсэхийг хардаг. Хэрвээ нэг хүн энэ ажлыг хийхэд хүрэлцэхгүй бол хамтран ажиллах өөр нэг хүнийг томилж, тэр хоёр хүн нэг нэгэндээ хяналт тавьдаг. Залхуу хүмүүс ингэж хийх үү? Үгүй, тэгэхгүй. Хэн ч тэдэнд хяналт тавьж, шахаж шавдуулахгүй бол тэд яасан ч биечлэн газар дээр нь очихгүй; Бурханы гэр ажлын ахицын талаар асуухгүй бол тэд яасан ч ажлын бодитой нөхцөл байдлыг шалгах санаачилга гаргахгүй. Хэв чанар муутай хүмүүс юу ч хийсэн бай, өөрсдөө биечлэн хийдэг, гэхдээ тэд юу нь яаралтай, чухлыг юу нь яаралтай, чухал бишээс ялгаж чаддаггүй, зүгээр л сохроор үйлддэг. Харин энэ залхуу хүмүүс хангалттай сэргэлэн, юу ч хийсэн зүгээр л амаа хөдөлгөж, бусдад тушаал өгч ажиллуулах дуртай; тэд өөрсдөө хэзээ ч, юу ч хийдэггүй, бодитой ажил хийж ч чаддаггүй. Тэд “Би зүгээр л утасдаж, эсвэл зурвас илгээж хэдэн асуулт асуухад болно, тэгээд миний ажил дуусна, асуудал шийдэгдэнэ. Хэчнээн тохиромжтой гээч! Удирдагчийн хувьд хэв чанар минь ямар байгааг хар л даа. Би хэдхэн үгээр ажлыг дуусгаж чадаж байна—энэ бас хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг биш гэж үү? Би хариуцлагаа цалгардуулаагүй. Хэрвээ Дээрх надаас эдгээр зүйлийн талаар асуувал би ус цас шиг хариулж, тодорхой тайлбарлаж чадна. Ажлын талбар дээр очиж харах ямар хэрэгтэй юм бэ? Би бэрхшээл, зовлон туулж, наранд арьсаа борлуулах хэрэгтэй болно. Тийм ёс төдий зүйл хийх шаардлагагүй. Болж л өгвөл би өөртөө төвөг удахаас зайлсхийнэ. Өөртөө тэгж хүндрэл учруулах шаардлагагүй” гэж боддог. Тэд хангалттай “ухаантай” биш үү? Ийм төрлийн хүн ажиллахдаа арга саам хайж, амар хялбар зам олохдоо тун гаргууд, өөрийн гэсэн арга зам, арга барилтай байдаг. Тэд юуг ч биечлэн хийдэггүй, юунд ч оролцдоггүй. Тэд зүгээр л ёс төдий утасдаж асуугаад, утсаа таслангуутаа орондоо орж, эсвэл иллэг хийлгэж, махан биеэ жаргааж эхэлдэг. Ийм төрлийн хүн яаж “ажил хийхээ” үнэхээр мэддэг, яаж зүгээр суух боломж олохоо үнэхээр мэддэг, яаж аргацааж, хүмүүсийг хуурахаа үнэхээр мэддэг! Тэд өчүүхэн жаахан хэв чанартай байлаа гээд ямар хэрэгтэй юм бэ? Тэд Коммунист дэглэмтэй улсын албан тушаалтнуудтай адилхан, ажилдаа ирээд зүгээр л цай ууж, сонин уншдаг, ажлын цаг дуусахаас ч өмнө юу идэх, хаашаа явж зугаацахаа бодож эхэлдэг—амьдрал нь үнэхээр сайхан. Энэ төрлийн хуурамч удирдагчийн ажилдаа баримталдаг зарчим нь энэ юм; тэд ямар ч бэрхшээл амсдаггүй, ядарч зүдэрдэггүй, тэгсэн хэр нь албан тушаалтан мэт авирлаж, байр суурийн ашиг тусыг эдэлдэг бөгөөд ихэнх ах эгч нар үүнийг асуудал гэж харж чаддаггүй. Энэ төрлийн хуурамч удирдагч ингэж ажилладаг, тэд ямар ч бодитой ажил хийдэггүй, ажлын явцыг хянан дагаж, шалгахаар газар дээр нь очдоггүй, тэгэхээр тэд ажилтай холбоотой асуудлыг олж илрүүлж чадах уу? (Үгүй.) Хуурамч-сүнслэг хуурамч удирдагчид болон хэв чанар муутай хуурамч удирдагчид нүд нь нээлттэй ч сохор байдаг бөгөөд асуудлыг харж чаддаггүй, тэгвэл энэ төрлийн хэрэггүй хүний хувьд ямар байдаг вэ? Тэд: “Би бодитой ажилд оролцдоггүй, газар дээр нь очиж тэнд ажиллаж байгаа хүмүүстэй нэгддэггүй, тиймээс асуудал гарвал та нар намайг нүд нь нээлттэй ч сохор гэж хэлж болохгүй. Би газар дээр нь очоогүй, асуудлыг хараагүй, тэгэхээр асуудал гарвал тэр нь надад ямар хамаатай юм бэ? Та очоод холбогдох хүмүүсийг нь олох хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ нөхдүүд үнэхээр ов мэхтэй биш үү? Тэд зүгээр л тушаал өгч, хүмүүсийг зөв зохион байгуулахад болно, тэгээд л хариуцлага нь биелсэн, дараа нь чөлөөт цаг, зугаа цэнгэлээ улайм цайм эдэлж болно гэж боддог. Доор нь ямар ч асуудал гарсан, тэд асууж лавладаггүй, хэн нэг хүн асуудлыг Дээрхэд мэдээлбэл л яаран сандран зохицуулдаг. Тэд өдөр бүр байр суурийн ашиг тусыг эдлэх, хаа сайгүй дэмий сэлгүүцэх, ажлыг шалгаж байгаа дүр эсгэхэд л анхаарлаа төвлөрүүлдэг ч үнэндээ жинхэнээсээ асуудалтай байгаа газарт хэзээ ч очдоггүй, чухал ажлыг хэзээ ч шалгадаггүй—энэ нь зөвхөн өнгөцхөн зүтгэл гаргаж, өөрсдийг нь сайхан харагдуулах ажил л хийдэг Коммунист Намын албан тушаалтнуудтай яг адилхан биш үү? Тэд өөрт нь даалгасан ажлыг хийнэ гэж сайхан амлалт өгдөг ч ажлыг хянан дагадаггүй, хяналт тавьдаггүй, газар дээр нь очлоо ч гэсэн зүгээр л хэлбэрддэг. Тэд ажлыг яасан ч өөрсдөө хийхгүй, асуудлыг өөрсдөө шийдвэрлэхгүй. Тэд “Эдгээр зүйлийг хийхийн тулд би зовж, төлөөс төлөх шаардлагагүй. Өөр хэн нэгэн хийж байхад л болно. Би угаасаа ч мөнгө олж байгаа биш, тиймээс зүгээр аргацаагаад явж байхад болно” гэж боддог. Ийм сэтгэлгээтэй байхад тэд ажлаа сайн хийж чадах уу? Тэд оюун ухаандаа жаахан явуулга өвөрлөж, “Идэх хоолондоо л тааруулж ажиллана, өдөр бүрийг хааш яаш өнгөрүүлнэ” гэж боддог. Гэсэн ч тэд хэзээ ч тодорхой ажил хийдэггүй, ажлын талбар дээр хэзээ ч харагддаггүй. Тэгвэл тэд хаана байдаг вэ? Тэд сайн идэж, ууж, унтаж чадах, сайхан, аюулгүй газар өөрийгөө зугаацуулж, ханхүү шиг амьдарч байдаг—тогтмол шүршүүрт орж, тогтмол иллэг хийлгэж, хувцсаа тогтмол сольж, өчүүхэн ч зовлон туулдаггүй. Тэд ямар бодитой ажил хийж чадах, ямар бодитой асуудлуудыг шийдвэрлэж чадах, Бурханы гэрийн ажилд ямар хувь нэмэр оруулсан, энэ бүх сайхан зүйлийг эдлэх ямар эрхтэй талаараа хэзээ ч эргэцүүлдэггүй—энэ талаар хэзээ ч бодож үздэггүй. Энэ хүмүүс ер нь юу юм бэ? Энэ адгийн шаарнууд өөрсдийгөө мэддэггүй, ичгүүр сонжуургүй бөгөөд чуулганы удирдагч, ажилчин байхад тэнцэхгүй.

Бүх хуурамч удирдагч хэзээ ч бодитой ажил хийдэггүй. Тэд удирдагчийн үүрэг ролио албан тушаал мэт үзэж, байр суурийн ашиг тусыг эдэлдэг бөгөөд удирдагчийн хувьд гүйцэтгэх учиртай үүрэг, хийх учиртай ажлаа тээр дараа, төвөг чирэгдэл мэт үздэг. Зүрх сэтгэлдээ тэд чуулганы ажилд хандах эсэргүүцлээр дүүрэн байдаг: Ажилд хяналт тавьж, хянан дагах, шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал дотор нь байгааг мэдэж авахыг шаардахад тэд дургүйцлээр дүүрдэг. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажил, энэ бол тэдний ажил. Хэрвээ чи үүнийг хийдэггүй, хийхийг хүсдэггүй бол яагаад удирдагч, ажилчин байхыг хүссээр байгаа юм бэ? Чи Бурханы санаа зорилгыг бодолцон үздэг учраас үүргээ гүйцэтгэдэг үү, эсвэл албан тушаалтан болж, байр суурийн ашиг тусыг эдлэхийн тулд үүргээ гүйцэтгэдэг үү? Хэрвээ чи албан тушаалтай байхын тулд л удирдагч болсон бол энэ нь жаахан ичгүүр сонжуургүй биш үү? Иймэрхүү хүмүүс ёс жудгаар хамгийн дорд, ямар ч нэр төргүй, ичих нүүргүй байдаг. Хэрвээ чи махан биеийн тав тухыг эдлэхийг хүсвэл дэлхий ертөнц рүү даруйхан буцаад, чадлаараа өрсөлдөж, булаан авч, шүүрэн ав, хэн ч үүнд саад болохгүй. Бурханы гэр бол Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэж, Бурханыг шүтэн мөргөх газар; энэ нь хүмүүс үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх газар юм. Энэ нь хүн махан биеийн тав тухад ташуурах газар биш, хүмүүсийг ханхүү шиг амьдруулдаг газар бүр ч биш. Хуурамч удирдагчид ичихээ мэддэггүй, ичих булчирхайгүй, эрүүл ухаангүй байдаг. Тэдэнд ямар ч тодорхой ажил оноосон бай, тэд үүнийг нухацтай авч үздэггүй, сэтгэлийнхээ мухарт умартдаг; тэд амаараа маш сайн хариулдаг ч ямар ч бодитой зүйл хийдэггүй. Энэ ёс суртахуунгүй хэрэг биш үү? Тэд бодитой ажил хийдэггүйгээр үл барам, дангаараа эрх мэдэл эзэмшиж—санхүү, боловсон хүчин болон бусад бүх хэргийг хянах эрх мэдлийг гартаа атгаж, хүмүүсээр өдөр бүр өөртөө тайлан өгүүлэхийг хүсдэг. Ийм зүйлсийн тухайд тэд үнэндээ маш хичээнгүй байдаг. Дээрхэд ажлаа тайлагнах цаг болоход тэд ах эгч нарын хийсэн ажлын үр дүнг бүгдийг нь өөртөө нааж, ингэснээр Дээрх тэднийг сайн ажил хийсэн гэж эндүүрэхэд хүрдэг, гэтэл үнэндээ бүгдийг нь бусад хүмүүс хийсэн байдаг. Сайн мэдээ номлосноор хэчнээн хүн олж авсан, аль хүмүүсийг дэвшүүлж, хөгжүүлж байгаа, аль хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсөн, аль хүмүүсийг зайлуулсан гэх мэт—эдгээр тодорхой ажлын алийг нь ч тэд хийдэггүй хэр нь үүнийг тайлагнах зориг зүрхтэй байдаг. Энэ хүмүүс ичих булчирхайгүй биш үү? Тэд залилан мэхэлж байгаа биш үү? Ийм хүмүүс маш ов мэхтэй, зальхай! Тэд өөрсдийгөө ухаантай гэж боддог—энэ нь үнэндээ мэхт мэхэндээ гээч хэрэг бөгөөд эцэст нь тэд өөрсдийгөө илчилж, таягдан хаягддаг. Зарим хүн ямар ч ажил хийж, ямар ч үүрэг гүйцэтгэсэн үүндээ чадварлаг бус, үүнийгээ хариуцаж чаддаггүй бөгөөд хүний биелүүлэх учиртай ямар ч үүрэг даалгавар, хариуцлагыг биелүүлж чаддаггүй. Тэд хог шаар биш гэж үү? Тэд хүн гэж нэрлэгдэхэд зохистой юу? Тэнэг, оюуны хомсдолтой, бие махбодын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс бусад амьд яваа хэн боловч үүрэг, хариуцлагаа биелүүлэх учиртай бус уу? Гэвч ийм төрлийн хүн үргэлж арга саам хайж, хойрголдог бөгөөд хариуцлагаа биелүүлэхийг хүсдэггүй; энэ нь тэд сайн хүн байхыг хүсдэггүй гэсэн үг юм. Бурхан тэдэнд хүн байх боломж олгож, хэв чанар, билиг авьяас өгсөн ч тэд эдгээрийг ашиглан үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Тэд юу ч хийдэггүй атлаа алхам тутамдаа таашаал эдлэхийг хүсдэг. Ийм хүн, хүн гэж нэрлэгдэхэд тэнцэх үү? Тэдэнд ямар ч ажил өгсөн—чухал ч бай, жирийн ч бай, хэцүү ч бай, амархан ч бай—тэд үргэлж хааш яаш байж, арга саам хайж, хойрголдог. Асуудал гарахад тэд хариуцлагыг бусдад нялзаахаар оролдож, ямар ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд шимэгч амьдралаа үргэлжлүүлсээр байхыг хүсдэг. Тэд хэрэггүй хог шаар биш үү? Нийгэмд өөртөө найдан амь зуудаггүй хэн байна вэ? Хүн насанд хүрмэгцээ өөрийгөө тэжээх ёстой. Эцэг эх нь хариуцлагаа биелүүлсэн. Эцэг эх нь түүнд тусалж дэмжихийг хүссэн ч гэсэн тэрээр дотроо тавгүй байх болно. Тэрээр эцэг эх нь өөрийг нь өсгөх үүрэг даалгавраа дуусгасан, өөрөө бие бялдар сайтай насанд хүрэгч бөгөөд бие даан амьдарч чадах ёстой гэдгээ ухаарч чаддаг байх учиртай. Энэ бол насанд хүрсэн хүнд байх ёстой наад захын эрүүл ухаан биш гэж үү? Хэрвээ хүн үнэхээр эрүүл ухаантай бол эцэг эхээ мөлжин амьдарсаар байх боломжгүй; тэрээр бусдын доог тохуу болохоос, нэр нүүрээ алдахаас айна. Тэгвэл амар хялбарт дурлаж, ажлыг үзэн яддаг хүн эрүүл ухаантай юу? (Үгүй.) Тэд юу ч хийлгүйгээр юм авахыг үргэлж хүсдэг; ямар ч хариуцлага хүлээхгүй, тэнгэрээс амттан унаж, аманд нь ороосой гэж л хүсдэг; өчүүхэн ч ажил хийлгүйгээр өдөрт гурав хооллож, хэн нэгнээр өөртөө үйлчлүүлж, сайн хоол, унд таашаахыг үргэлж хүсдэг. Энэ нь шимэгч сэтгэлгээ биш гэж үү? Шимэгч хүмүүст мөс чанар, эрүүл ухаан бий юу? Тэдэнд ёс жудаг, нэр төр бий юу? Яавч үгүй. Тэд бүгд бэлэнчлэх сэтгэлгээтэй, арчаагүй амьтад, мөс чанар, эрүүл ухаангүй адгууснууд юм. Тэдний хэн нь ч Бурханы гэрт үлдэхэд тэнцэхгүй.

Хэрвээ чуулган чамд ажил зохицуулж өгөөд, чи: “Энэ ажил намайг олны анхааралд өртүүлэх эсэх нь хамаагүй—нэгэнт надад өгсөн тул би сайн хийж, энэ хариуцлагыг үүрнэ. Хэрвээ надаар зочлох үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулбал би сайн хийхийн тулд бүхнээ зориулна; ах эгч нараа сайн харж хандаж, хүн бүрийн аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийнэ. Хэрвээ надаар сайн мэдээ номлуулахаар зохицуулбал би өөрийгөө үнэнээр зэвсэглэж, сайн мэдээг хайраар сайн номлож, үүргээ сайн биелүүлнэ. Хэрвээ надад гадаад хэл сургахаар зохицуулбал би чин сэтгэлээсээ суралцаж, шаргуу хөдөлмөрлөж, аль болох хурдан, нэг юм уу хоёр жилийн дотор эзэмшихийг хичээнэ, ингэснээр би гадаадынханд Бурханыг гэрчилж чадна. Хэрэв надаас гэрчлэлийн нийтлэл бичихийг шаардвал би нухацтайгаар өөрийгөө дадлагажуулж, юмыг үнэн-зарчмын дагуу харж, хэлний талаар суралцана. Би зохион бичлэг сайтай нийтлэл бичиж чадахгүй байлаа ч гэсэн ядаж л туршлагын гэрчлэлээ тодорхой илэрхийлж, үнэний талаар ойлгомжтой нөхөрлөж, Бурханы төлөө жинхэнэ гэрчлэл хийж чадна, тэгснээр хүмүүс миний нийтлэлүүдийг уншаад босгон байгуулагдаж, ашиг тус хүртэнэ. Чуулган надад ямар ч ажил оноосон бай, би бүх зүрх сэтгэл, хамаг чадлаараа дааж авна. Миний ойлгохгүй ямар нэг зүйл байвал, эсвэл асуудал гарвал би Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэж, ажлаа сайн хийнэ. Ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, өөрт байгаа бүхнээ зориулаад үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгана. Би хийж чадах юм бүхэндээ өөрийнхөө үүрэх ёстой бүх хариуцлагыг үүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ, ядаж л би мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг явахгүй, хааш яаш байж, зальжин загнаж, хойрголохгүй, эсвэл бусдын хөдөлмөрийн үр шимийг эдлэхгүй. Миний хийдэг юу ч мөс чанарын стандартаас доор байхгүй” гэж хэллээ гэе. Энэ нь хүний биеэ авч явах наад захын стандарт бөгөөд үүргээ ийм маягаар гүйцэтгэдэг хүн мөс чанартай, эрүүл ухаантай хүн байх шалгуурыг хангана. Чи үүргээ биелүүлэхдээ ядаж л мөс чанар цэвэр байх ёстой, ядаж л өдрийн гурван хоол идэхэд зохистой, үнэгүй хоол иддэггүй байх ёстой. Үүнийг хариуцлагын мэдрэмжтэй байх гэдэг. Хэв чанар сайтай, муутай байх эсэх чинь, үнэнийг ойлгодог эсэх чинь хамаагүй, чи ийм хандлагатай байх ёстой: “Энэ ажлыг надад оноосон юм чинь би үүнд нухацтай хандах ёстой, би үүнд санаа тавьж, хамаг зүрх сэтгэл, хүч чадлаа ашиглан сайн хийх ёстой. Үүнийг төгс сайн хийж чадах эсэхийн тухайд би баталгаа өгч чадахгүй ч сайн хийхийн тулд хамаг чадлаараа хичээнэ гэсэн хандлагатай байна, үүнд лавтайяа хааш яаш хандахгүй. Асуудал гарах юм бол би хариуцлага хүлээж, үүнээс заавал сургамж авч, үүргээ сайн гүйцэтгэх ёстой.” Энэ бол зөв хандлага юм. Та нар ийм хандлагатай байдаг уу? Зарим хүн: “Надад даалгасан ажлыг би заавал сайн хийх албагүй. Би зүгээр л чадах зүйлээ хийнэ, эцсийн үр дүн ямар байх нь хамаагүй. Өөрийгөө тэгж их ядраах шаардлагагүй, буруу юм хийвэл тэгж их сандрах шаардлагагүй, тэгтлээ их стресстэх шаардлагагүй. Өөрийгөө тэгж их ядраах нь ямар хэрэгтэй юм бэ? Эцсийн эцэст би үргэлж ажиллаж байгаа, үнэгүй хоол идээгүй” гэж хэлдэг. Үүрэгтээ хандах ийм хандлага нь хариуцлагагүй явдал юм. “Хиймээр санагдвал би жаахан ажил хийнэ. Би зүгээр л чадах зүйлээ хийнэ, эцсийн үр дүн ямар байх нь хамаагүй. Тэгж их нухацтай авч үзэх шаардлагагүй.” Ийм хүмүүс үүрэгтээ хариуцлагатай ханддаггүй бөгөөд хариуцлагын мэдрэмжгүй байдаг. Та нар ямар төрлийн хүн бэ? Хэрвээ та нар эхний төрлийн хүн бол эрүүл ухаантай, хүн чанартай юм. Хэрвээ хоёр дахь төрлийн хүн бол Миний сая задлан шинжилсэн хуурамч удирдагчдаас ялгаагүй. Та нар зүгээр л өдөр хоногоо дэмий өнгөрүүлж байна. “Би ядаргаа, бэрхшээлээс зайлсхийж, зүгээр л өөрийгөө илүү их зугаацуулна. Нэг л өдөр намайг чөлөөлсөн ч гэсэн би юу ч алдахгүй. Ядаж л би хэдэн өдөр байр суурийн ашиг тусыг эдэлсэн, энэ миний хувьд хохирол болохгүй. Хэрвээ намайг удирдагчаар сонговол би тэгж л авирлана.” Энэ төрлийн хүний сэтгэлгээг та нар юу гэж бодож байна вэ? Ийм хүмүүс бол үнэнийг өчүүхэн ч эрэлхийлдэггүй үл итгэгчид юм. Хэрвээ чи үнэхээр хариуцлагын мэдрэмжтэй бол энэ нь мөс чанар, эрүүл ухаантайг чинь харуулдаг. Ажил хэчнээн том, жижиг байх нь хамаагүй, хэн чамд тэр ажлыг даалгасан нь хамаагүй, Бурханы гэр чамд даалгасан уу эсвэл чуулганы удирдагч, ажилчин чамд даалгасан уу гэдэг нь хамаагүй, чиний хандлага ийм байх ёстой: “Энэ үүргийг надад даалгасан болохоор энэ бол Бурханы өргөмжлөл, нигүүлсэл юм. Би үүнийг үнэн-зарчмын дагуу сайн хийх ёстой. Хэдийгээр би дундаж хэв чанартай ч энэ хариуцлагыг үүрч, сайн хийхийн тулд чадах бүхнээ зориулахад бэлэн байна. Би ажлаа тааруу хийвэл хариуцлагаа хүлээх ёстой, харин сайн хийвэл энэ нь миний гавьяа биш. Энэ бол миний хийх учиртай зүйл.” Хүн үүрэгтээ хэрхэн ханддаг нь зарчмын асуудал гэж Би яагаад хэлдэг вэ? Хэрвээ чи үнэхээр хариуцлагын мэдрэмжтэй, хариуцлагатай хүн бол чуулганы ажлыг хариуцаж, гүйцэтгэх учиртай үүргээ сайн гүйцэтгэж чадна. Хэрвээ чи үүргээ хөнгөн хуумгай авч үздэг бол Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу, Бурхан болон үүрэгтээ хандах хандлага чинь асуудалтай байна. Үүргээ гүйцэтгэх талаарх чиний үзэл бодол бол үүргээ хааш яаш гүйцэтгэж, зүгээр л аргацаах явдал бөгөөд энэ нь чиний хийхийг хүсдэг зүйл мөн эсэх, чиний сайн хийдэг зүйл мөн эсэхээс үл хамааран чи үргэлж зүгээр л аргацаах хандлагаар ханддаг тул удирдагч, ажилчин байхад тохирохгүй, чуулганы ажил хийхэд тэнцэхгүй. Түүнчлэн, шуудхан хэлэхэд, чам шиг хүмүүс бол арчаагүй амьтад, юу ч бүтээх тавилангүй, зүгээр л хэрэггүй хүмүүс юм. Ямар төрлийн хүмүүс хэрэггүй вэ? Мунхаг хүмүүс, өдөр хоногоо дэмий өнгөрөөдөг хүмүүс. Ийм төрлийн хүмүүс юу ч хийсэн хариуцлагатай ханддаггүй, нухацтай ч авч үздэггүй; юм бүхнийг холион бантан болгодог. Тэдэнтэй үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн, чиний үгийг анхаардаггүй. Тэд “Би хүсэх юм бол ингэж аргацаана. Хэлэхийг хүссэнээ л хэл! Ямартай ч, яг одоо би үүргээ гүйцэтгэж, идэх хоолтой байгаа, тэр л хангалттай. Ядаж л би гуйлгачин болох шаардлагагүй. Нэг л өдөр идэх хоолгүй болбол би тэр үедээ л энэ талаар бодно. Тэнгэр хүнд зориулж гарах гарц үргэлж орхино. Та нар намайг мөс чанаргүй, эрүүл ухаангүй эсвэл мунхаг гэж хэллээ гээд яадаг юм бэ? Би хууль зөрчөөгүй. Сайндаа л би ёс жудаг жаахан муутай, гэхдээ тэр нь миний хувьд тийм ч том гарз биш. Идэх хоолтой байгаа цагт зүгээр дээ” гэж боддог. Энэ үзэл бодлыг юу гэж бодож байна? Өдөр хоногоо дэмий өнгөрөөдөг ийм мунхаг хүмүүс бүгд таягдан хаягдах тавилантай, тэд яагаад ч аврал хүртэж чадахгүй гэдгийг Би чамд хэлье. Бурханд хэдэн жил итгэсэн боловч үнэнийг хэзээ ч хүлээн аваагүй, туршлагын гэрчлэлгүй хүмүүс таягдан хаягдана. Нэг нь ч амьд үлдэхгүй. Хог новш, арчаагүй амьтад бол бүгд үнэгүй хоол идэгсэд бөгөөд таягдан хаягдах тавилантай. Хэрвээ удирдагч, ажилчид зүгээр л үнэгүй хоол идэгсэд бол бүр ч чөлөөлөгдөж, таягдан хаягдах ёстой. Ийм мунхаг хүмүүс удирдагч, ажилчин болохыг хүссээр байдаг; тэд бол зохисгүй. Тэд ямар ч бодитой ажил хийдэггүй хэр нь удирдагч болохыг хүсдэг. Үнэхээр ичгүүр сонжуургүй!

Зарим удирдагч, ажилчид албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа “Удирдагч, ажилчин биш байх сайхан юм аа. Тэгтлээ их санаа зовох, өөрийгөө зовоох шаардлагагүй. Энгийн ах эгч байх сайхан юм. Би яагаад өөрийгөө тэгж их зовоох ёстой юм бэ? Би өөрийгөө ядраах гэж хэв чанартай болоогүй” гэж хэлдэг. Хэн нэгэн хүн тэдэнд “Чи удирдагч, ажилчин биш болсон юм чинь одоо юу хийх вэ?” гэхэд тэд: “Дэндүү ядаргаатай биш, их хүч чармайлт шаардагдахгүй л бол би юу ч хийхэд болно—алхах, юм харах, эсвэл сууж ярих, компьютер харах ч юм уу, төдийлөн удаан хугацаа шаардагдахгүй, бие махбодын зовлонгүй байхад л болно” гэж хариулдаг. Энэ ямар яриа вэ? Хэрвээ та нар сонгосон удирдагч, ажилчин чинь ийм гэдгийг олж мэдвэл зүрх сэтгэлд чинь ямар санагдах вэ? Маш их харамсахгүй гэж үү? (Тэгнэ.) Тэгвэл та нарт энэ талаар ямар нэг бодол төрөх үү? Чи: “Анх би жаахан хэв чанартай гэдгийг чинь хараад, чамайг дэвшүүлж, хөгжүүлж, чамд боломж олгож, илүү олон үнэнийг ойлгуулахыг хүссэн. Чамайг ийм новш гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Би тухайн үед чамайг хүн гэж үзсэндээ харамсаж байна. Эцсийн эцэст хүн биш байсныг чинь би огт төсөөлөөгүй. Чи гахай, нохойноос ч дор, адгийн шаар юм. Чи энэ хүний арьсыг нөмрөхөд тэнцэхгүй, хүн байхад тэнцэхгүй!” гэж хэлнэ. Энэ үг таагүй сонсогдож байна уу? (Үгүй.) Та нарт таагүй сонсогдохгүй байгаа ч энэ төрлийн адгийн шаарт маш таагүй сонсогдохгүй гэж үү? (Тэгнэ.) Ийм адгийн шаар зүрх сэтгэлтэй юу? (Үгүй.) Тэгвэл тэд хэн нэгэн хүн өөрсдийнх нь талаар сайн, муу зүйл ярьж байгааг ялгаж чадах уу? Зүрх сэтгэлгүй хүмүүс ямар ч асуудалтай тулгарсан, өдөр хоногоо дэмий өнгөрүүлэх хандлагаа өөрчлөхгүй. Тэд өөрсдөө ашиг тус хүртэж, ашигтай, тав тухтай байвал л боллоо гэж боддог. Тиймээс өөр хүн юу ч гэж хэлсэн, тэд тоодоггүй. Тэдний алдартай үг нь: “Чи юу ч гэж хэлсэн, намайг яаж ч харж, үнэлсэн, намайг яаж ч тодорхойлж, ямар ч арга хэмжээ авсан, надад хамаагүй!” гэдэг. Энэ хүмүүс зүгээр л адгийн шаар биш гэж үү? Чи юу ч гэж хэлсэн, тэдэнд ямар ч мэдрэмж төрдөггүй, тэд үүнийг нухацтай авч үздэггүй. Яагаад тэд нухацтай авч үздэггүй вэ? Тэд зүгээр л дэмий сэлгүүцэгчид, тэдэнд зүрх сэтгэл байхгүй. Зүрх сэтгэлгүй хүмүүс нэр төр, ёс жудаггүй, чиний хэлсэн юуг ч тоодоггүй, чи хэчнээн хатуу ширүүн ярьсан ч тэд зүрх сэтгэлдээ өвдөлт мэдрэхгүй. Зөвхөн нэр төр, ёс жудаг, эрүүл ухаантай хүмүүс л ийм үг сонсоод зүрх нь зүсэгдэх мэт өвдөж, шаналдаг. Тэд: “Энэ бол биеэ авч явах дорд арга зам, ингэснэрэ хүмүүс намайг дорд үзэхэд хүрсэн, би нэр төрөө алдсан, тиймээс би цаашид тэгж авирлахгүй. Би нэр төрөө сэргээж, хүмүүст дорд үзэгдэхгүй байхыг хүсэж байна. Би нэр төрөө сэргээхийн тулд чармайна, нэр төртэй амьдарч, Бурханыг хангалуун байлгахын тулд юу ч хийх болно” гэж хэлэх болно. Тэд нэр төрийг нь гомдоосон, эмзэг цэг, сул талыг нь хатгасан үгэнд мэдрэмжтэй ханддаг—эдгээр нь зүрх сэтгэлтэй хүмүүс юм. Мэдрэмжтэй, нэр төртэй хүмүүс зөв үг сонсож, эерэг зүйл харж, юу нь зөв, юу нь бурууг ялгах үедээ өөрчлөгдөх шийдвэр гаргадаг, учир нь тэд нэр төртэй, бусдад дорд үзэгдэхийг хүсдэггүй. Тэр дэмий сэлгүүцэгчид, хэрэггүй хүмүүст нэр төр байхгүй, тиймээс чи тэдэнд юу ч гэж хэлсэн, чиний үг хэчнээн зөв зүйтэй, үнэн зөв, үнэнд нийцэлтэй, эерэг зүйл байлаа ч ийм хүмүүст ямар ч нөлөө үзүүлэхгүй, тэднийг өчүүхэн төдий ч хөдөлгөхгүй. Нэр төргүй хүн ямар ч эерэг зүйл, ямар ч дүгнэлт, ямар ч ил болголтод өчүүхэн ч мэдрэмжгүй, амьдралын замаа сонгохдоо ч зөв хандлагагүй байдаг. Тиймээс, чи тэдэнд юу ч гэж хэлсэн, тэднийг яаж ч ил болгож, тодорхойлсон, тэд хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаад тоодоггүй. Тэгвэл ийм хүмүүст үнэнийг номлож, номлол айлдах нь хэрэгтэй юу? Тэднийг засах хэрэгтэй юу? Тэднийг шүүж, гэсгээх хэрэгтэй юу? Үгүй! Ийм хүмүүс зүгээр л хэрэггүй. Тэд өдөр хоногийг аргацааж өнгөрүүлдэг, адгууснуудын ангилалд багтдаг—нарийн яривал тэд хүн биш. Тэд Бурханы үгийг сонсоход тэнцэхгүй. Хэрвээ энэ арчаагүй амьтад, шимэгчид чуулганы удирдагч болбол чуулганд байгаа асуудлыг олж илрүүлж чадах уу? Асуудлыг шийдвэрлэж чадах уу? Мэдээж үгүй. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс асуудал дэвшүүлбэл тэд шийдвэрлэж чадах уу? Тэд мэдээж шийдвэрлэж бас л чадахгүй. Тэд ямар ч асуудал шийдвэрлэж чадахгүй, тэгвэл тэд яаж удирдах ажил хийж чадах юм бэ? Энэ бол төсөөлөхийн аргагүй зүйл! Удирдагч, ажилчдын хувьд хүмүүс ядаж л чуулганы ажилд байгаа асуудлууд болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой холбоотой асуудлуудыг шийдвэрлэж чаддаг байх ёстой. Хэрвээ тэд хэсэг хугацаанд сургалтад хамрагдаж, туршлагатай болж, зарим үнэнийг нөхөрлөж, зарим туршлагын гэрчлэлийн талаар ярьж чаддаг болбол аажмаар удирдах ажилд чадамгай болно. Хэрвээ тэд ямар ч асуудал олж илрүүлж, шийдвэрлэж чадахгүй бол удирдлагын ажил хийх ямар ч аргагүй; тэгэхээр тэд хуурамч удирдагчид бөгөөд тэднийг чөлөөлж, шинэ удирдагчдыг сонгох ёстой.

Удирдагчаар үйлчилдэг хүмүүс ядаж л үнэнийг бага зэрэг ойлгож, жаахан бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ тэд огт туршлагагүй бол ямар ч үнэнийг ойлгодоггүй нь лавтай. Удирдагчаар үйлчилдэг зарим хүн бичиг үсэг, хоосон сургаал номлохдоо сайн бөгөөд ихэнх хүний сайшаал, магтаалыг хүлээж чаддаг. Хэдийгээр хуурамч удирдагчид гаднаа асуултад хариулж чаддаг ч үнэн-зарчмыг нөхөрлөж чаддаггүй. Тэдний номлодог бүхэн хоосон онол бөгөөд ямар ч бодит зүйлгүй байдаг. Хүмүүс тэдний номлолыг сонсох үедээ өөрсдийнх нь дур сонирхолд нийцэж байна гэж боддог бөгөөд ялган таних чадваргүй хүмүүс үүнийг ихэд сайшаадаг. Гэвч дараа нь тэд хэрэгжүүлэлтийн замгүй, хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чадахгүй хэвээр үлддэг. Тэгвэл үүнийг ямар нэг асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж болох уу? Тэд хааш яаш хандаж буй хэрэг биш үү? Ийм маягаар асуудал шийдвэрлэхээр оролдохыг бодитой ажил хийж буйд тооцож болох уу? Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй ч хэрхэн албан тушаалтан шиг авирлахаа мэддэг. Тэд удирдагч болмогцоо хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Хүмүүсийн сэтгэлийг татах явдал юм. Тэд “Шинэ албан тушаалтнууд эрч хүчтэй байдаг” гэсэн арга барилыг баримталдаг: Тэд эхлээд хүмүүст тал засах хэдэн зүйл хийж, хүн бүрийн өдөр тутмын аж байдлыг дээшлүүлэх хэдэн зүйлийг зохицуулдаг. Тэд эхлээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, олон түмэнтэй нийцэлтэй гэдгээ хүн бүрд харуулж, ингэснээр хүн бүр тэднийг магтаж, “Энэ удирдагч бидний эцэг эх шиг л байдаг!” гэцгээдэг. Дараа нь тэд албан ёсоор албан тушаалд очдог. Тэд өөрсдийгөө олон нийтийн дэмжлэгтэй, байр суурь нь бат бэх болсон гэж үздэг; тэгээд байр суурийн ашиг тусыг хүртэх ёстой мэт эдэлж эхэлдэг. “Амьдрал гэдэг бол сайн идэж, сайхан хувцаслахын л нэр”, “Амьдрал богинохон, тиймээс боломжтой үедээ таашаал ав”, “Өнөөдрийн дарсыг өнөөдөр уу, маргаашийн хэрэгт маргааш санаа зов” гэдэг нь тэдний уриа юм. Тэд өдөр бүрийг байгаагаар нь таашааж, чадах чинээгээрээ зугаацаж, ирээдүйн талаар огт боддоггүй, удирдагч ямар хариуцлага биелүүлж, ямар үүрэг гүйцэтгэх ёстойг бүр ч бодолцож үздэггүй. Тэд хэвшсэн ёсоор хэдэн бичиг үсэг, хоосон сургаал номлож, нэр төдий хэдэн ажил хийдэг—ямар ч бодитой ажил хийдэггүй. Тэд чуулган дахь бодитой асуудлуудыг ухан гаргаж, бүрэн шийдвэрлэдэггүй, тэгвэл ийм өнгөц ажил хийх нь ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь хууран мэхэлж буй хэрэг биш гэж үү? Ийм төрлийн хуурамч удирдагчид чухал үүрэг даалгавар даалгаж болох уу? Тэд удирдагч, ажилчдыг сонгох Бурханы гэрийн зарчим, нөхцөл болзолд нийцдэг үү? (Үгүй.) Ийм хүмүүс ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, ямар ч хариуцлагын мэдрэмжгүй хэр нь чуулганд ямар нэг албан тушаал хашиж, удирдагч байхыг хүсдэг—яагаад ийм ичгүүр сонжуургүй байдаг юм бэ? Хариуцлагын мэдрэмжтэй зарим хүн хэрвээ хэв чанар муутай бол удирдагч байж чаддаггүй—хариуцлагын мэдрэмж огт байхгүй, хэрэггүй хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй; тэд удирдагч байх шалгуурыг бүр ч хангахгүй. Ийм ховдог, хойрго хуурамч удирдагчид хэр их залхуу байдаг вэ? Тэд асуудал олж илрүүлээд, энэ нь асуудал гэдгийг мэдэж байсан ч гэсэн нухацтай авч үздэггүй, тоодоггүй. Тэд маш хариуцлагагүй! Хэдийгээр тэд сайн ярьдаг, бага зэрэг хэв чанартай мэт харагддаг ч чуулганы ажлын янз бүрийн асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, ажлыг зогсонги байдалд оруулдаг; асуудлууд овоорсоор байдаг ч энэ удирдагчид тоодоггүй, хэвшил болсон хэдэн өнгөц ажлыг хийх гэж зүтгэдэг. Эцсийн үр дүн нь юу байдаг вэ? Тэд чуулганы ажлыг замбараагүйтүүлж, холион бантан болгохгүй гэж үү? Чуулганд эмх замбараагүй байдал, эв нэгдэлгүй байдлыг бий болгохгүй гэж үү? Энэ бол гарцаагүй үр дагавар юм. Ийм нөхцөлд хуурамч удирдагчид Дээрхэд тайлагнах уу? Мэдээж үгүй. Хэрвээ чуулган дахь хэн нэгэн хуурамч удирдагчдын асуудлыг Дээрхэд мэдээлэхийг хүсвэл тэд зөвшөөрөх үү? Тэд гарцаагүй тэр хүнийг дарж, хааж бооно, Дээрхэд асуудал мэдээлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй бөгөөд тэгсэн хэнийг ч хязгаарлаж, дарж, тусгаарлана. Надад хэл дээ, ийм хуурамч удирдагчид маш жигшүүртэй биш гэж үү? Тэд чуулганы ажилд хэчнээн их хор хохирол учруулсан ч Дээрхэд энэ талаар мэдэгдэхгүй, Дээрхээр бүр ч шийдвэрлүүлэхгүй. Тэд байр суурийнхаа ашиг тусыг эдэлж, нэрэлхүү зан, нэр нүүрээ хамгаалахад л санаа тавьдаг—ийм хүмүүс туйлын жигшүүртэй, ичгүүр сонжуургүй! Тэд ямар ч мөс чанаргүй, хүн чанаргүй биш гэж үү? Дээрх ажлын талаар асууж лавлахад тэд асуудал байхгүй хэмээн эрс шийдэмгий хэлж, Дээрхийг аргацааж, шалтаг тоочдог—ингэснээрээ тэд Дээрхийг мэхэлж, доорх хүмүүсээсээ юм нууж байгаа биш үү? Чуулганы ажлын асуудлууд овоорсоор байдаг бөгөөд хуурамч удирдагчид өөрсдөө шийдвэрлэж чаддаггүй, тэгсэн хэр нь эдгээр асуудлыг Дээрхэд мэдээлдэггүй. Тэд өөрсдийгөө эргэцүүлдэггүйгээр үл барам бас өөрсдийгөө зөвтгөж, сэтгэл амар байж, “Ямартай ч би үүргээ гүйцэтгэхдээ зүгээр суугаагүй; хүний мөнгөөр хооллоогүй. Хэрвээ Дээрх намайг чөлөөлөхгүй бол би удирдагч хийсээр байх болно. Хэрвээ би огцрох өргөдлөө өгвөл Бурханаас урваж байгаа хэрэг биш үү? Үүрэгтээ үнэнч бус байгаагаа харуулж байгаа хэрэг болох биш үү?” гэдэг. Асуудлууд ил болж, Дээрх энэ талаар шалгаж шинжлэх үед тэд мөн л “Би энэ ажлыг хийх хүмүүсийг зохицуулсан. Би хариуцлагаа биелүүлсэн. Хэрвээ ажил сайн хийгдээгүй бол бусдын л буруу. Энэ надад ямар хамаатай юм бэ?” гэж хэлдэг. Энэ хэдхэн үгээрээ тэд өөрсдийгөө хариуцлагаас бүрэн мулталдаг. Энэ хэрэг дээр тэд ямар ч хариуцлага хүлээхгүй мэт байдаг. Тэд өөрсдийгөө эргэцүүлдэггүйгээр үл барам бас өөрсдийгөө зөвтгөж, сэтгэл амар байж, “Ямартай ч би үүргээ гүйцэтгэхдээ зүгээр суугаагүй; үнэгүй хоол идээгүй. Хэрвээ Дээрх намайг чөлөөлөхгүй бол би удирдагч хийсээр байх болно. Хэрвээ би огцрох өргөдлөө өгвөл Бурханаас урваж байгаа хэрэг биш үү? Үүрэгтээ үнэнч бус байгаагаа харуулж байгаа хэрэг болох биш үү?” гэдэг. Хэрвээ чи тэднийг засвал тэд чамайг няцаах олон шалтгаан бодож олж чадна. Тэд өөрсдийгөө энэ хэрэг дээр хариуцлага хүлээнэ гэж хэлэхгүй, өөрсдийнх нь хариуцлага юу болохыг хэлэхгүй, мөн асуудал шийдвэрлэдэггүй, бодитой ажил хийдэггүйнх нь шинж чанар юу болохыг эргэцүүлэхгүй. Ийм хүмүүс маш үзэн ядмаар биш гэж үү? Тэд чуулганы ажлыг зогсонги байдалд оруулж, Бурханы сонгосон хүмүүсийг ийм удаан хугацаанд хорлосон атлаа зүрх сэтгэлдээ өчүүхэн ч харамсдаггүй—тэд хүн мөн үү? Тэдэнд өчүүхэн ч гэсэн мөс чанар, эрүүл ухаан байна уу? “Ийм хүмүүсийг удирдагчаар сонгох ёсгүй” гэж зарим хүн хэлдэг. Онолын хувьд ийм байдаг; гэхдээ сонгогдсон удирдагч, ажилчдын дунд ийм хүмүүс үнэхээр байдаг; энэ бол баримт. Энэ бүхэн Бурханы сонгосон хүмүүс ялган таних чадваргүйгээс болдог бөгөөд ихэнх хүн бялдуучдад дуртайн улмаас зарим хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг сонгодгоос болдог. Тиймээс чуулганы сонгуулийн өмнө удирдагч, ажилчдыг сонгох зарчмуудыг, мөн хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг ялган таних зарчмуудыг илүү их нөхөрлөх ёстой; энэ нь илүү олон хүн зарчмын дагуу саналаа өгөхийг баталгаажуулна. Зөвхөн ингэснээр л чуулганы сонгууль сайн үр дүнд хүрч чадна.

Надад хэл дээ, ийм жигшүүртэй, ичгүүр сонжуургүй дэмий сэлгүүцэгчид удирдагч, ажилчны хувиар чуулганы ажлыг сайн хийж чадах уу? Тэд чуулганд байгаа асуудлуудыг болон Бурханы сонгосон хүмүүст тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл та нар ийм хуурамч удирдагчидтай таарвал яах ёстой вэ? Хэрвээ хэн нэгэн “Бид хэв чанар муутай, ялган таних чадваргүй болохоор хуурамч удирдагчтай таарвал яаж ч чадахгүй” гэж хэллээ гэе. Энэ нь зөв үү? Чуулганы бүх хүн хэв чанар муутай, ялган таних чадваргүй байна гэж байхгүй биз дээ? Ядаж л үнэнийг харьцангуй ойлгодог хэдэн хүн байх ёстой. Тиймээс хэрвээ хэн нэгэн хүн хуурамч удирдагчийг бодитой ажил хийж, ямар ч асуудал шийдвэрлэж чадахгүй байгааг олж мэдвэл үнэнийг ойлгодог хүмүүстэй нөхөрлөж, тэднээс ялган таньж, шийдвэр гаргахыг хүсэх ёстой. Ингэх нь тохиромжтой юу? (Тийм, тохиромжтой.) Яагаад тохиромжтой гэж? Хэрвээ чуулганы удирдагч бодитой ажил хийж чадахгүй бол үр дагавар нь юу байх вэ? Хохирогчид нь хэн байх вэ? Чуулган дахь Бурханы сонгосон хүмүүс биш үү? Хэрвээ хуурамч удирдагч чуулганыг гурваас таван жил хянавал хэчнээн олон хүний үнэний талаарх ойлголт болон бодит байдалд орох оролтод нөлөөлөх вэ? Бурханы авралыг хүртэхэд нь хэчнээн олон хүнийг саатуулах вэ? Энэ үр дагаврыг төсөөлөхийн аргагүй. Тиймээс хуурамч удирдагч бодитой ажил хийхгүй, ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг олж мэдэх нь Бурханы сонгосон хүн нэг бүрийн хувьд том хэрэг бөгөөд ажилд саад учруулахаас зайлсхийхийн тулд тэр хуурамч удирдагчийг даруй ил болгож, мэдээлэх ёстой. Чуулганы удирдагчид бодитой ажил хийхгүй байснаас болж хохирдог хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс юм. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүсийн хэн нь ч тэднийг ил болгож, мэдээлэхгүй, энэ тал дээр бүгд хайхрамжгүй хандвал тэр чуулганд ямар ч найдвар байхгүй. Хэрвээ та нар зүрх сэтгэлдээ хариуцлага хүлээхгүй байх бодол тээж, “Ямартай ч чи бол удирдагч. Чи бодитой ажил хийж чадахгүй атлаа Дээрхэд асуудлаа мэдээлдэггүй—энэ нь чуулганы ажлыг саатуулбал Дээрх чамаас хариуцлага нэхнэ. Энэ бидэнд ямар хамаатай юм бэ? Бид санаа зовоод яах юм бэ? Бид хариуцсан хүмүүс нь биш. Энэ хариуцлага чинийх” гэж боддог байлаа гэе. Хэрвээ та нар зүрх сэтгэлдээ үргэлж ийм үзэл тээдэг бол энэ нь ажлыг саатуулах бус уу? Энэ нь үнэнийг эрэлхийлэх, бодит байдалд орох, Бурханы авралыг хүртэхэд чинь нөлөөлөхгүй гэж үү? Хэрвээ чуулган дахь хэн ч хариуцлага хүлээхгүй бол энэ чуулган Бурханы төлөө гэрчлэл хийж, Бурханы ерөөлийг хүртэж чадах эсэхийг хэлэхэд хэцүү, энэ чуулганд хэчнээн хүн аврал хүртэхийг хэлэхэд бүр ч хэцүү. Хэрвээ энэ чуулган дахь хүн бүр ийм маягаар бодож, ийм үзэл бодолтой байвал энэ чуулганд ямар ч найдвар байхгүй. Кино продакшн багт яг одоо ийм асуудал байгаа биш үү? Танай зарим удирдагч асуудлыг зохицуулдаггүй, мэдээлдэггүй—тэд бол хуурамч удирдагчид. Та нар үүнийг харж чадаж байна уу? Энэ удирдагчид та нарын асуудлыг шийдвэрлэдэггүй—энэ нь асуудал гэдгийг та нар олж хараагүй гэж үү? Та нар үнэндээ үүнд баярлаж байна уу? “Манай удирдагч энэ асуудлыг мэдээлэхгүй байгаа, энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй, тиймээс энэ бол бидний хувьд амарч авах сайхан боломж юм. Ямар сайхан юм бэ! Түүнээс гадна, сүүлийн үед Дээрх энэ хэргийн талаар биечлэн асуугаагүй, тиймээс бид ч гэсэн асуудлыг мэдээлэх шаардлагагүй. Биеийн амрыг харвал яасан юм бэ? Бид киног заавал тийм хурдан хийж, цагт нь дуусгах ёстой гэж үү? Бидний гаргаж байгаа ахиц сайн байгаа! Зураг авалт дуусахгүй байлаа гээд яана гэж? Үүний төлөө биднийг яллана гэж үү?” Энэ та нарын хандлага мөн үү? Бурханы гэрийн ажилд тийм ч хатуу хуваарь байдаггүй тул үүнийг тодорхойгүй хугацаагаар сунжруулж болно, Дээрх асууж, шалгаагүй л бол санаа зовж, ямар нэгэн дарамт мэдрэх шаардлагагүй, шийдвэрлэж чадах асуудлаа шийдээд, чадахгүйгээ орхиж болно гэж та нар боддог уу? Энэ та нарын үзэл бодол мөн үү? (Биш.) Тэгвэл та нар асуудалтай байх үедээ яагаад тэрийгээ мэдээлдэггүй юм бэ? Энэ хуурамч удирдагчид та нарыг хяналтдаа байлгаад байна уу эсвэл тэд та нарыг ухаан мэдрэлгүй болгож, ярьж чадахгүй болгох мансууруулагч, шидэт ханд уулгасан юм уу? Энд ямар асуудал байна вэ? Асуудал байх үед та нар үүнийг мэддэг үү? Хэрвээ мэддэггүй гэж хэлбэл та нар худал хэлж байна; хэрвээ мэддэг атлаа мэдээлдэггүй бол ажлаа цалгардуулж, ноцтой хариуцлага алдаж байгаа хэрэг бөгөөд үүрэгтээ өчүүхэн ч үнэнч биш байна. Чи дэлхий ертөнцөд мөнгө олох гэж ажиллаж байлаа ч гэсэн өчүүхэн цалин хөлсөндөө таарсан байх ёстой. Өнөөдөр Бурханы гэрийн хоолыг идэж байгааг чинь хэлэхийн ч хэрэггүй; чи үүргээ гүйцэтгэж байхдаа аврал эрэлхийлж, ингэснээрээ өөрийнхөө хүрэх газрын замыг засаж, бэлтгэж байгаа. Чи үүнийг Бурханы гэрийн төлөө, эсвэл ямар нэг хувь хүний төлөө, бүр Миний төлөө ч хийж байгаа биш—чи өөрийнхөө төлөө хийж байгаа. Сайхан үгээр хэлбэл, хүмүүс аврал хүртэхийн тулд үүргээ гүйцэтгэж байгаа, гэвч нарийн яривал тэд ерөөл олж авч, сайн хүрэх газартай болохын тулд өөрсдийнхөө төлөө үүнийг хийдэг. Энэ хэргийг чи тодорхой ойлгох ёстой; тэнэг бүү бай. Чи бусад хүний төлөө, эцэг эхийнхээ төлөө үүргээ гүйцэтгэж байгаа юм биш, өвөг дээдэстээ алдар суу авчирч, удмынхаа нэрд хүндлэл авчрахын төлөө хийж байгаа юм биш—чи өөрийнхөө төлөө хийж байгаа. Бурхан чамайг бүтээсэн бөгөөд дэлхийг бүтээснээсээ хойш чамайг эцсийн өдрүүдэд төрнө гэж урьдаас тогтоосон. Тэр чамайг Өөрийн гэрт авчирч, чамд Өөрийн дуу хоолойг сонсгож, Өөрийн үгийг өдөр бүр идүүлж, уулгаж, амиар хангаж, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх боломж олгосон. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хувьд аврал хүртэх хамгийн сайн боломж, бас цорын ганц боломж чинь юм. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэж байхдаа энэ боломжийг сүйтгэвэл эцэст нь гамшигт унах үедээ шийтгэл хүлээх юм уу уйлж, шүдээ хавирах чинь хамаагүй, энэ бүхэн чиний л хийсэн хэрэг, хохь чинь! Энэ нь чиний л буруу байх болно. Бусад хүн чиний хариуцлагыг үүрэх шаардлагагүй, чи ч бас бусдын хариуцлагыг үүрэх шаардлагагүй. Өнөөдөр чиний алхаж буй зам, хийж буй бүхэнд зөвхөн чи л хариуцлага хүлээж чадна, эцсийн үр дагаврыг ч зөвхөн чи л үүрч чадна. Та нарт хэлэх ёстой, ярих ёстой зүйлсээ та нарт ойлгуулж, авралын замд ороход чинь зам засаж өгөх нь л Миний хийж чадах зүйл юм. Би бүхнийг тодорхой тайлбарласан, тиймээс яг яаж үйлдэх нь та нарын хэрэг. Би та нарын хувийн хэрэгт оролцдоггүй; Би зөвхөн Өөрт оногдсон ажлыг л гүйцэтгэдэг, үүнээс илүү ямар ч ажил хийдэггүй. Чи өөрийнхөө хүрэх газрын төлөө үүргээ гүйцэтгэж байгаа нь үнэн биш үү? Хэрвээ чи “Маш олон асуудал байгаа ч манай удирдагч мэдээлэхгүй байгаа, тиймээс би ч бас мэдээлэхгүй” гэвэл энэ нь тэнэг хэрэг биш үү? Хэтэрхий тооцоотой байгаа хэрэг биш үү? Асуудлыг харах үед чиний хариуцлага юу вэ? Чиний хариуцлага бол хүн бүрийг дуудан цуглуулж, өөрсдийгөө тайван байлган, асуудлын талаар эрж хайж, нөхөрлөж, асуудал аль талбарт үүссэнийг харж, асуудлын уг шалтгааныг олох явдал юм. Хэрвээ хэсэг хэлэлцсэний дараа уг шалтгааныг олсон ч та нар өөрсдөө асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Дээрхэд нэн даруй мэдээлэх ёстой. Хэн мэдээлэх ёстой вэ? Чи өөрөө урагш гарч, “Би мэдээлье. Хэрвээ болохгүй бол хэдэн төлөөлөгч сонгоод, хамтдаа мэдээлье” гэх ёстой. Зарим хүн: “Бидэнд удирдагч байхгүй гэж үү?” гэдэг. Чи хариуд нь “Тэр ямар гээч удирдагч вэ! Тэрээр хүний хариуцлагыг огтхон ч биелүүлдэггүй. Тэр бол зүгээр л хүний арьс нөмөрсөн араатан, түүнийг зайлуулж, чөлөөлөх ёстой! Тэр асуудлыг мэдээлэхгүй байгаа болохоор бид өөрсдөө мэдээлэх ёстой—энэ бол бидний хариуцлага. Бид хариуцлагаа биелүүлж байж л Бурхан биднийг хүн гэж үзнэ. Хэрвээ бид хариуцлага юу болохыг тодорхой мэддэг атлаа биелүүлдэггүй бол хүн байхад тэнцэхгүй, Бурхан биднийг хүн гэж үзэх ямар ч боломжгүй” гэж хэл. Хэрвээ Бурхан чамайг хүн гэж үзэхгүй бол чамайг юу гэж үздэг гэсэн үг вэ? Чамайг гахай, нохой гэж үздэг гэсэн үг. Тэгвэл Бурхан чамайг аврах уу? Тэгэх боломжгүй. Тэгэхээр, хэрвээ чи эцэст нь сайн хүрэх газартай болохгүй бол чиний хохь болох бус уу? Чи үүргээ дэмий гүйцэтгэсэн хэрэг болох бус уу? Замаа сонгох нь чамаас хамаарна, түүгээр алхах нь ч бас чамаас хамаарна. Чи ямар ч зам сонгосон, эцсийн үр дагавар нь юу ч байсан, хариуцлагыг нь чи л үүрнэ; чиний алхсан зам, үүнээс үүдэн гарах үр дагаварт өөр хэн ч хариуцлага хүлээхгүй.

Удирдагч, ажилчдын хувьд та нар үүрэг гүйцэтгэхэд гарсан асуудлуудыг үл тоож, бүр хариуцлагаас бултахын тулд янз бүрийн шалтаг, шалтгаан хайж, шийдвэрлэж чадах зарим асуудлаа шийддэггүй, шийдвэрлэж чадахгүй асуудлаа Дээрхэд мэдээлэхгүй, та нарт ямар ч хамаагүй мэт байдаг бол энэ нь хариуцлагаа цалгардуулж буй хэрэг биш үү? Чуулганы ажилд ийм байдлаар хандах нь ухаалаг хэрэг үү, эсвэл тэнэг хэрэг үү? (Тэнэг хэрэг.) Ийм удирдагч, ажилчид зальтай биш үү? Тэд ямар ч хариуцлагын мэдрэмжгүй хүмүүс биш үү? Асуудалтай тулгараад үл тоомсорлодог—тэд сэтгэлгүй хүмүүс биш үү? Тэд ов мэхтэй хүмүүс биш гэж үү? Ов мэхтэй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс юм. Та нар үнэнч шударга хүн байх ёстой, асуудалтай тулгарахдаа хариуцлагын мэдрэмжтэй байх ёстой, асуудлыг шийдвэрлэхийн тулд боломжит бүх аргыг хэрэглэж, үнэнийг эрж хайх ёстой. Та нар яавч ов мэхтэй хүн байж болохгүй. Хэрвээ асуудал гарах үед зөвхөн хариуцлагаас бултах, уснаас хуурай гарах талаар л боддог бол ийм зан авир Бурханы гэрт бүү хэл, шүтлэггүй хүмүүсийн дунд ч буруутгагдана! Ийм зан авирыг Бурхан гарцаагүй яллаж, хараах бөгөөд Бурханы сонгосон хүмүүс жигшиж, голно. Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, ов мэхтэй, зальтай хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи ов мэхтэй хүн бөгөөд зальтай байдлаар авирладаг бол Бурхан чамайг жигшихгүй гэж үү? Бурханы гэр чамайг зүгээр өнгөрөөнө гэж үү? Эрт орой хэзээ нэгэн цагт чамаас хариуцлага нэхэх болно. Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, ов мэхтэй хүмүүст дургүй. Хүн бүр үүнийг тодорхой ойлгон, мунгинаж, тэнэг юм хийхээ болих ёстой. Түр зуурын мэдлэггүй байдлыг уучилж болох ч хэрвээ хүн үнэнийг огт хүлээн авдаггүй бол дэндүү гөжүүд хэрэг. Үнэнч шударга хүмүүс хариуцлага хүлээж чаддаг. Тэд өөрсдийн ашиг, алдагдлыг бодолцдоггүй; зөвхөн Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг хамгаалдаг. Тэд зэрвэс харахад ёроол нь шууд харагддаг, аягатай тунгалаг ус мэт, үнэнч шударга, сайхан зүрх сэтгэлтэй байдаг. Тэдний үйлдэл ч бас ил тод байдаг. Ов мэхтэй хүн үргэлж зальтай байдлаар авирлаж, байнга дүр эсгэж, аливааг нуун дарагдуулж, өөрийгөө маш чанд далдалдаг. Хэн ч ийм хүнийг нэвт харж чадахгүй. Хүмүүс чиний дотоод бодлыг нэвт харж чадахгүй ч Бурхан зүрх сэтгэлийн чинь гүн дэх зүйлсийг шинжиж чадна. Бурхан чамайг үнэнч шударга хүн биш, зальтай амьтан, үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй, Бурханы эсрэг үргэлж ов мэх хэрэглэдэг, зүрх сэтгэлээ Өөрт нь хэзээ ч өгдөггүйг харах үедээ чамд дургүйцэж, чамайг жигшиж, орхидог. Шүтлэггүй хүмүүсийн дунд хөгжин цэцэглэдэг, уран цэцэн үгтэй, гүйлгээ ухаантай хүмүүс бүгд ямархуу хүмүүс вэ? Энэ нь та нарт тодорхой байна уу? Тэдний мөн чанар юу вэ? Тэд бүгд айхтар дотуур тамиртай, туйлын ов мэхтэй, залирхаг, жинхэнэ диаволууд, Сатанууд гэж хэлж болно. Бурхан ийм хүмүүсийг аварч чадах уу? Бурхан диаволууд—ов мэхтэй, залирхаг хүмүүсийг хамгаас илүү жигшдэг—ийм хүмүүсийг хэзээ ч аврахгүй. Та нар яавч ийм хүн байж болохгүй. Ярихдаа үргэлж сонор сэрэмжтэй, соргог байдаг, аливаа зүйлтэй харьцахдаа нөхцөл байдалд тохируулан дүр эсгэж, зулгуйддаг хүмүүсийг Бурхан хамгаас илүү жигшдэг, ийм хүмүүс бол аврахын аргагүй хүмүүс гэдгийг Би чамд хэлье. Ов мэхтэй, залирхаг хүмүүсийн ангилалд багтдаг бүх хүний хувьд, үг нь хэчнээн сайхан сонсогддог байлаа ч бүгд хууран мэхэлсэн, диаволын үг юм. Үг нь сайхан сонсогдох тусам энэ хүмүүс диавол, Сатанууд байдаг. Эд бол яг Бурханы хамгийн их жигшдэг төрлийн хүмүүс юм. Энэ бол туйлын зөв. Та нар юу гэх вэ: Ов мэхтэй хүмүүс, байнга худал ярьдаг хүмүүс, уран цэцэн үгтэй хүмүүс Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Тэд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч чадах уу? Яавч үгүй. Ов мэхтэй, залирхаг хүмүүст хандах Бурханы хандлага юу вэ? Тэр тэднийг жигшин голж, хойш тавиад, анхаарал хандуулдаггүй, тэднийг адгуус амьтадтай адилхан ангиллынх гэж үздэг. Бурханы нүдээр тэд ердөө хүний арьс нөмөрсөн, мөн чанартаа диаволууд, Сатанууд, амьд үхдлүүд төрлийн хүн, Бурхан тэднийг яасан ч аврахгүй. Тэгвэл энэ хүмүүс одоо ямар байдалтай байна вэ? Тэдний зүрх сэтгэл харанхуй, жинхэнэ итгэлгүй байдаг бөгөөд юу ч тохиолдсон хэзээ ч гэгээрч, гэрэлтүүлэгддэггүй. Гамшиг, гай зовлонтой тулгарахдаа тэд Бурханд залбирдаг ч Бурхан тэдэнтэй хамт байдаггүй, тэдний үнэхээр найдаж болох юу ч зүрх сэтгэлд нь байдаггүй. Ерөөл хүртэхийн тулд тэд өөрсдийгөө сайнаар харуулахыг хичээдэг ч мөс чанар, эрүүл ухаангүй учраас яаж ч чаддаггүй. Тэд хүссэн ч гэсэн сайн хүмүүс байж чадахгүй; муу зүйл хийхээ болихыг хүссэн ч өөрсдийгөө хянаж чадахгүй, энэ нь бүтэхгүй. Тэднийг хөөн явуулж, таягдан хаясны дараа тэд өөрсдийгөө мэдэж чадах уу? Тэд үүнийг хүртэх нь зохистой гэдгээ мэдэх боловч амаараа хүлээн зөвшөөрөхгүй, үүргээ бага сага гүйцэтгэж чадах мэт харагдлаа ч гэсэн зальтай байдлаар авирласаар байх бөгөөд ажил нь ямар ч тодорхой үр дүнд хүрэхгүй. Тэгвэл та нар юу гэж бодож байна: Энэ хүмүүс үнэхээр гэмшиж чадах уу? Яавч үгүй. Яагаад гэвэл тэд мөс чанар, эрүүл ухаангүй, үнэнийг хайрладаггүй. Бурхан ийм залирхаг, ёрын муу хүнийг авардаггүй. Ийм хүмүүсийн хувьд Бурханд итгэх ямар найдвар байна вэ? Тэдний итгэл аль хэдийн утга учраа алдсан бөгөөд тэд үүнээс юу ч олж авахгүй байх тавилантай. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлийнхээ явцад үнэнийг эрэлхийлдэггүй бол хэчнээн олон жил итгэсэн ч ямар ч үр дүнгүй; бүр эцсээ хүртэл итгэсэн ч юу ч олж авахгүй. Бурханыг олж авахын тулд хүмүүс үнэнийг олж авах ёстой. Зөвхөн үнэнийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орж байж л тэд үнэнийг олж авч, Бурханы авралыг хүртсэн байх болно; тэгж байж л тэд Бурханы хүлээн зөвшөөрөл, ерөөлийг хүртэнэ; зөвхөн энэ л Бурханыг олж авч буй хэрэг юм. Хэрвээ хүмүүс үнэнийг олж авахыг хүсвэл тэдний хийх ёстой эхний алхам бол хариуцлагаа биелүүлж сурах, өөрөөр хэлбэл үүргээ сайн гүйцэтгэх явдал юм—энэ бол хамгийн үндсэн зүйл. Хүмүүс зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал номлож, бодитой ажил хийдэггүй, хийдэг юмандаа ямар ч хариуцлага хүлээдэггүй, бүхнийг хааш яаш хийж, эцэст нь таягдан хаягддаг хуурамч удирдагчдаас яавч суралцаж болохгүй. Үүргээ гүйцэтгэх нь шалихгүй хэрэг биш; хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа хамгийн их илчлэгддэг бөгөөд Бурхан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргадаг байнгын гүйцэтгэлд нь үндэслэн хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог. Хүн үүргээ сайн гүйцэтгэхгүй байх үед энэ нь юуг илтгэдэг вэ? Энэ нь тэд үнэнийг хүлээн авдаггүй, үнэхээр гэмшдэггүй, Бурханд таягдан хаягдана гэдгийг илтгэдэг. Хуурамч удирдагчид, хуурамч ажилчид чөлөөлөгдөх нь юуг илэрхийлдэг вэ? Энэ бол ийм хүмүүст хандах Бурханы гэрийн хандлага бөгөөд мэдээж ийм хүмүүст хандах Бурханы хандлагыг ч бас илэрхийлдэг. Тэгвэл ийм хэрэггүй хүмүүст хандах Бурханы хандлага юу вэ? Тэр тэднийг жигшин голж, яллаж, таягдан хаядаг. Тэгэхээр та нар байр суурийн ашиг тусад ташуурч, хуурамч удирдагч байхыг хүссээр байна уу?

Хүмүүс Бурханд итгэснийхээ дараа тэдэнд тохиолдож болох хамгийн зовлонтой, хамгийн шаналгаатай зүйл юу вэ? Хамгийн том зүйл бол өөрийгөө цэвэрлэгдэж, хөөгдсөн, Бурханд илчлэгдэж, таягдан хаягдсанаа мэдэхээс өөр зүйлгүй—энэ бол хамгийн зовлонтой, хамгийн уй гашуутай зүйл бөгөөд Бурханд итгэснийхээ дараа хэн ч өөртөө ийм зүйл тохиолдоосой гэж хүсдэггүй. Тэгвэл хүмүүс үүнээс яаж зайлсхийж чадах вэ? Хамгийн наад зах нь мөс чанарынхаа дагуу үйлдэх ёстой, өөрөөр хэлбэл, эхлээд хариуцлагаа хэрхэн биелүүлэхээ сурах ёстой, хэзээ ч хааш яаш хандаж болохгүй, Бурханы даалгасан зүйлийг хойшлуулж болохгүй. Нэгэнт чи хүн тул хүний хариуцлага юу болохыг тунгаан бодох ёстой. Ачлал элбэрэлтэй байж, эцэг эхээ тэжээж, гэр бүлийнхээ нэрийг гаргах гэх мэт шүтлэггүй хүмүүсийн хамгийн их үнэлдэг хариуцлагыг дурдах шаардлагагүй. Эдгээр нь бүгд хий хоосон, ямар ч бодит утга учиргүй. Хүний биелүүлэх ёстой хамгийн наад захын хариуцлага юу вэ? Хамгийн бодитой зүйл гэвэл өнөөдөр чи яаж үүргээ сайн гүйцэтгэх вэ гэдэг юм. Зүгээр л оромдоод сэтгэл ханавал хариуцлагаа биелүүлж буй хэрэг биш, бичиг үсэг, хоосон сургаал л хэлж чаддаг байх нь хариуцлагаа биелүүлж буй хэрэг биш. Үнэнийг хэрэгжүүлж, юмыг зарчмын дагуу хийх нь л хариуцлагаа биелүүлж буй хэрэг. Үнэнийг хэрэгжүүлэхдээ үр дүнтэй, хүмүүст ашиг тустай байвал л чи хариуцлагаа үнэхээр биелүүлсэн байх болно. Ямар үүрэг гүйцэтгэж байгаа чинь хамаагүй, үнэн-зарчмын дагуу тууштай үйлдэж байх үедээ л чи хариуцлагаа үнэхээр биелүүлсэн байх болно. Аливааг хийх хүний арга барилаар оромдож хэлбэрдэх нь хааш яаш байгаа хэрэг; үнэн-зарчмыг баримтлах нь л үүргээ сайн гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг. Чи хариуцлагаа биелүүлж байгаа нь үнэнч байдлын илрэл биш гэж үү? Энэ нь үүргээ үнэнчээр гүйцэтгэж буйн илрэл юм. Хариуцлагын ийм мэдрэмж, ийм шийдэмгий байдал, хүсэл, үүрэгтээ үнэнч байгаагийн илрэлтэй байх үед л Бурхан чамайг ивээж, сайшаан үзэх болно. Чамд ийм хариуцлагын мэдрэмж ч байхгүй бол Бурхан чамд дэмий сэлгүүцэгч, тэнэг хэмээн хандаж, дорд үзнэ. Хүний үзэл бодлын үүднээс бол, энэ нь чамайг хүндлэхгүй, нухацтай авч үзэхгүй, дорд үзэж байна гэсэн үг юм. Чи хэн нэгэнтэй хэсэг хугацаанд харилцаад, тэр хүнийг хий хоосон, бодит бус зүйл ярьдаг, дэмий чалчиж, сайрхаж, том том ярьдаг, итгэл даахгүй хүн болохыг нь харсан бол түүнийг хүндлэх үү? Чи түүнд ямар нэг ажил даалгаж зүрхлэх үү? Магадгүй тэр ямар нэг шалтгаанаар чиний даалгасан ажлыг хойшлуулж болох тул чи тийм хүмүүст юу ч даалгаж зүрхлэхгүй. Чи тийм хүмүүсийг зүрхнийхээ гүнээс зэвүүцэж, тэдэнтэй найзалсандаа харамсана. Чи тэдэнд юу ч даалгаагүйдээ азтай байж гэж бодох бөгөөд хэрвээ даалгасан бол насан туршдаа харамсах байсан гэж бодно. Чи хэн нэгэнтэй харилцаж, яриа хөөрөө, харьцаагаар нь дамжуулан тэр хүнийг хүн чанар сайтайгаас гадна хариуцлагын мэдрэмжтэй болохыг нь харлаа гэж бодъё, чи түүнд ажил даалгахад зүгээр л нэг санаандгүй үг хэлсэн ч тэр зүрх сэтгэлдээ сийлж, чамайг сэтгэл хангалуун байлгахын тулд ажлыг сайн зохицуулах арга замыг бодож, хэрвээ чиний даалгасан ажлыг сайн хийж чадахгүй бол дараа нь чамтай уулзахаасаа ичдэг—энэ бол хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Хариуцлагын мэдрэмжтэй хүмүүст ямар нэг зүйл хэлэх юм уу даалгавар өгөх л юм бол—тэр нь удирдагч, ажилчин, эсвэл Дээрх эсэхээс үл хамааран—тэд үргэлж, “За, тэд намайг ийм өндрөөр үнэлж байгаа юм чинь би энэ хэргийг сайн зохицуулж, тэдний урмыг хугалахгүй байх ёстой” гэж боддог. Чи мөс чанар, эрүүл ухаантай ийм хүмүүст ажил даалгахад сэтгэл амар байхгүй гэж үү? Чиний ажил даалгаж чадах хүмүүс бол гарцаагүй чиний таашаан үздэг, итгэдэг хүмүүс юм. Ялангуяа, хэрвээ тэд чамд зориулж хэд хэдэн ажлыг зохицуулж, бүгдийг нь маш ухамсартайгаар гүйцэтгэж, чиний шаардлагыг бүрэн хангасан бол чи тэднийг итгэл даах хүмүүс гэж бодно. Чи зүрх сэтгэлдээ тэднийг үнэхээр биширч, өндрөөр үнэлнэ. Хүмүүс ийм төрлийн хүнтэй нөхөрлөх дуртай байдаг, Бурханыг хэлэхийн ч хэрэггүй. Та нар Бурхан чуулганы ажил болон хүний гүйцэтгэх ёстой үүргийг итгэл даахгүй хүнд даалгана гэж бодож байна уу? (Үгүй, тэгэхгүй.) Бурхан хэн нэгэнд чуулганы ажлын нэг хэсгийг даалгахдаа тэр хүнээс юу хүлээдэг вэ? Нэгдүгээрт, Бурхан түүнийг хичээнгүй, хариуцлагатай байж, энэ ажлыг том хэрэг мэт үзэж, зохих ёсоор зохицуулж, сайн хийнэ гэж найддаг. Хоёрдугаарт, Бурхан түүнийг итгэл даах хүн байж, хэчнээн их цаг хугацаа өнгөрч, орчин нөхцөл яаж ч өөрчлөгдсөн, хариуцлагын мэдрэмж нь ганхахгүй, ёс жудаг нь сорилтыг давна гэж найддаг. Хэрвээ тэр итгэл даахуйц хүн бол Бурханы санаа амарч, цаашид энэ хэрэгт хяналт тавих юм уу хянан дагахаа болино. Яагаад гэвэл, Бурхан зүрх сэтгэлдээ түүнд итгэдэг бөгөөд тэр хүн өөрт нь даалгасан ажлыг ямар ч алдаа мадаггүйгээр биелүүлж дуусгах нь лавтай. Бурхан хэн нэгэнд ажил даалгахдаа ингэж л найддаг биш үү? (Тийм.) Тэгвэл чи Бурханы санаа зорилгыг ойлгомогцоо Бурханы шаардлагад нийцэж, Бурханы тааллыг олж, Бурханы итгэлийг олохын тулд хэрхэн үйлдэхээ зүрх сэтгэлдээ мэдэх ёстой. Хэрвээ чи өөрийнхөө илрэл, зан авир, үүрэгтээ хандах хандлагыг тодорхой харж чаддаг бол, өөрийгөө мэддэг, юу болохоо мэддэг бол Бурханаас чамайг таашаан үзэхийг, чамд нигүүлслээ үзүүлж, онцгойлон хандахыг шаардах нь утгагүй маргалдаж буй хэрэг биш гэж үү? (Тийм ээ.) Чи өөрөө ч өөрийгөө дорд үздэг, өөрийгөө басамжилдаг атлаа Бурханаас чамайг таашаан үзэхийг шаарддаг—энэ нь зүйд нийцэхгүй. Ийм болохоор, хэрвээ чи Бурхан чамайг таашаан үзээсэй гэж хүсвэл ядаж бусад хүний нүдэнд итгэл даахуйц байх ёстой. Хэрвээ чи бусдыг өөртөө итгүүлж, бусдад таашаагдаж, өндрөөр үнэлүүлэхийг хүсвэл ядаж л нэр төртэй, хариуцлагын мэдрэмжтэй, үгэндээ хүрдэг, итгэл даахуйц байх ёстой. Үүнээс гадна, чи Бурханы өмнө хичээнгүй, хариуцлагатай, үнэнч байх ёстой—тэгвэл чи Бурханы шаардлагыг үндсэндээ биелүүлсэн байх болно. Тэгвэл чамд Бурханы сайшаалыг хүртэх найдвар байна гэсэн үг биш үү? (Тийм.) Үүнд хүрэхэд хэцүү юу? (Үгүй.) Хүмүүс хүртэл итгэл даахуйц хүн олоод ажил зохицуулж, харилцахыг хүсдэг, тэгвэл Бурхан хүмүүсээс үүргээ сайн гүйцэтгэхийг шаардаж, тэдэнд ийм өчүүхэн шаардлага тавих нь хэрээс хэтэрсэн хэрэг үү? (Үгүй, хэрээс хэтэрсэн биш.) Огтхон ч хэтрээгүй. Энэ нь хүмүүст хүндрэл учруулж буй хэрэг биш, харин ч тун зүй зохистой юм. Гагцхүү хүмүүст үүнийг хийх зүрх сэтгэл байдаггүй, тэд Бурханы бодлыг тунгаан боддоггүй, Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй. Тэдний хийж чадах зүйл бол Бурханд байнга шаардлага тавьж, “Та намайг ерөөх ёстой! Та надад нигүүлслээ үзүүлэх ёстой! Та намайг удирдан чиглүүлэх ёстой!” гэж хэлэх явдал юм. Тэгвэл чи юу хийж байгаа юм бэ? Чи үнэхээр мөс чанар, эрүүл ухааныхаа дагуу үүргээ биелүүлж чадах уу? Чи үнэхээр хичээнгүй, хариуцлагатай, үнэнч байж чадах уу? Энэ бол Бурхан чамайг таашаан үзэхийн тулд чиний биелүүлэх ёстой хамгийн наад захын нөхцөл юм. Энэ нь хүмүүсийн шаргуу ажиллах ёстой чиглэл биш гэж үү? Чи Бурханд итгэдэг юм чинь үнэний төлөө, Бурханы шаардлагыг хангахын төлөө чармайх ёстой—энэ бол хүмүүсийн шаргуу ажиллах ёстой чиглэл юм. Хүмүүс зөв чиглэлд шаргуу ажиллах ёстой. Ингэвэл Бурханыг сэтгэл хангалуун байлгах эрэлхийлэл нь цаашид хоосон байхаа болино.

Хуурамч удирдагчдын зүрх сэтгэлд Бурханд итгэх итгэлдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгах талаар ямар нэг ухагдахуун байдаг уу? Тэд ямар нэг хандлагатай юу? Мэдээж үгүй. Тэд зүгээр л ертөнц дээр өдөр хоногийг аргацаах хандлагатай байдаг бөгөөд Бурханд ч гэсэн туйлын хүндэтгэлгүй, басамжилсан байдлаар адилхан ханддаг. Ийм хандлага нь Бурханыг ноцтойгоор гутааж, доромжилдог бөгөөд Бурхан үүнийг жигшдэг. Бурхан тэдэнд амь болон хүний эзэмшдэг бүхнийг өгсөн байхад Бурханы өгсөн бүхэнд, амьдралынх нь төлөө хийдэг зохицуулалтад, Бурханы даалгавар, ажилд болон өөрсдийнхөө үүрэгт хандах тэдний хандлага басамжилсан, үл тоосон байдалтай байдаг. “Үл тоох” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь өдөр хоногийг аргацааж, юуг ч нухацтай авч үзэхгүй байхыг хүснэ гэсэн үг. Бурхан тэдний ийм хандлагыг туйлаас жигшдэг, тийм учраас Тэр ийм хүмүүсийг яасан ч аврахгүй. Энд та нарын ойлгох ёстой зүйл юу вэ? Та нар хэзээ ч ийм хүн байж болохгүй гэдэг юм. Чи удирдагч мөн эсэх, эсвэл удирдагч болох амбиц, хүсэлтэй эсэхээс үл хамааран эхлээд биеэ зөв авч явж сурах ёстой, дэмий сэлгүүцэгч, тэнэмэл, эсвэл танхай этгээд байж яасан ч болохгүй. Биеэ авч явахдаа шулуун шударга хандлагатай, нэр төртэй, хариуцлагын мэдрэмжтэй байх ёстой—энэ бол хамгийн наад захын зүйл. Зөвхөн энэ суурин дээр л хүмүүс Бурханы шаардлагыг хангаж, Түүний даалгаврыг биелүүлж чадна. Хэрвээ чамд ийм өчүүхэн төдий ч суурь байхгүй бол яриад байх зүйл алга.

2021 оны 4 дүгээр сарын 3

Өмнөх:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (7)

Дараах:  Удирдагч, ажилчдын хариуцлага (9)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger