Удирдагч, ажилчдын хариуцлага (3)
3-р зүйл: Үүрэг тус бүрийг сайн гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөх (II хэсэг)
Сүүлийн цуглаан дээр бид удирдагч, ажилчдын хоёр дахь үүрэг хариуцлагын талаар нэмэлт нөхөрлөл хийж, амь-оролтын ямар бэрхшээл байдаг тухай ярьж, хуурамч удирдагчдын тодорхой хэрэгжүүлэлт болон илрэлүүдийг ил болгосон. Дараа нь бид удирдагч, ажилчдын гурав дахь үүрэг хариуцлага—үүрэг тус бүрийг сайн гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөхтэй холбоотой хэд хэдэн явдлыг хэлэлцэж, эдгээр явдалд хандах хуурамч удирдагчдын хандлага, хэрэгжүүлэлт, илрэлүүдээр дамжуулан хуурамч удирдагчдын “хуурамч байдал” хаана харагдсаныг, өөрөөр хэлбэл, хуурамч удирдагчид удирдагчийн хувиар үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаагийн илрэлийг ил болгож, задлан шинжилсэн. Энэ явдлуудыг хэл дээ. (Нэг нь Бурханы үгийн номуудыг хэвлэх тухай байсан. Тэр хуурамч удирдагч бодитой ажил хийгээгүй, зүгээр л хий дэмий хоосон сургаал ярьж байсан. Бас үнэн-зарчмын талаар тусгайлан нөхөрлөөгүй, өчүүхэн төдий ч бодитой ажил хийгээгүй.) Энэ хэрэг дээр тэр хуурамч удирдагч бодитой ажил хийгээгүй, удирдагч болон ажилчны хувиар үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж чадаагүй, уг ажилд хамаатай мэргэжлийн шаардлага, тодорхой зарчмууд, анхааран үзэх зүйлсийг тодорхой нөхөрлөөгүй. Тэд зүгээр л хэдэн уриа лоозон хашхирч, хэдэн хоосон үг хэлчхээд өөрсдийгөө сайн ажил хийлээ гэж бодсон. Бид өөр юу ярилцсан билээ? (Бурханд зориулж сөдөн хүрэм худалдаж авсан тохиолдол бас байсан.) Энэ явдал хуурамч удирдагчдын ямар асуудлыг ил болгосон бэ? (Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, ямар ч хүн чанар, эрүүл ухаангүй байдгийг ил болгосон.) Хэн нэгэн хүн Надад хувцас худалдаж авах үед тэдгээр удирдагч хувцсыг шалгаж өгч тусалсан—энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой ажлын нэг хэсэг мөн үү? (Үгүй, биш.) Тэд өөрсдийнхөө хийх ёсгүй ажлыг хийсэн—энд ямар асуудал байна вэ? (Тэд хийвэл зохих ажлаа хийхгүй байсан.) Энэ нь хуурамч удирдагчдын нэг илрэл юм. Нэгдүгээрт, хуурамч удирдагчид хийвэл зохих ажлаа хийдэггүй гэдгийг энэ нь ил болгосон, хоёрдугаарт, тэд эрүүл ухаангүй бөгөөд эрүүл ухаан, хүн чанаргүй жигшүүртэй зүйлсийг л хийдэг гэдгийг ил болгосон. Та нар ердөө жишээнүүдийг л санаж байгаа ч эдгээр жишээгээр харуулах гэсэн асуудлыг, эсвэл задлан шинжлэх гэсэн эдгээр асуудлын мөн чанарыг нэвт хараагүй. Хуурамч удирдагчид хийвэл зохих ажлаа хийхгүй байгаа талаар Би өөр ямар жишээ ярьсан бэ? (Бурханд зориулан нарийн боов хийсээр байсан нэг нарийн боовчин байсан. Бурхан түүнд битгий хий гэж хэлсэн ч удирдагч, ажилчид түүгээр үргэлжлүүлэн хийлгэж, тэр ч байтугай өөрсдөө нарийн боовыг амталсан.) Хуурамч удирдагчдын ямар асуудлыг энэ жишээ ил болгосон бэ? (Тэд хийвэл зохих ажлаа хийхгүй, эсвэл хийх ёстой ажлаа хийхгүй, хийх ёсгүй ажлаа хийхээр зүтгэдгийг.) Гол нь хуурамч удирдагчид хийвэл зохих ажлаа хийдэггүй, ажлынхаа төв, гол цөмийг ухамсарлаж чаддаггүйг ил болгосон. Үүнээс гадна, хуурамч удирдагчдад нэг ноцтой асуудал байдаг. Тэр нь юу вэ? (Тэд Бурханы үгийг сонсдоггүй, эсвэл Бурханы шаардлагын дагуу ажлыг хэрэгжүүлдэггүй.) Өөр нэмэх хүн байна уу? (Тэд сүнслэг дүр эсгэж, Бурханы ачааг харгалзан үздэг мэт дүр эсгэдэг ч үнэндээ зүгээр л цадиггүй авирлан мууг үйлддэг.) Энэ бол тэдний өөр нэг асуудал мөн. Өөр байна уу? (Тэд үйлдэхээсээ өмнө Бурханы шаардлагыг ойлгохоор оролддоггүй; харин ч өөрсдийнхөө төсөөллийг ашиглан Бурханы хүслийг орлуулдаг.) Энэ нь эрүүл ухаангүй гэх ангилалд багтдаг. Өөр хүн байна уу? (Бурханд зориулан хэн нэгэн хувцас авах явдалд хуурамч удирдагчдын хандаж байгаа байдал нь хэвийн хүн чанаргүй гэдгийг нь илчилсэн.) Хэвийн хүн чанарын ямар тал тэдэнд байдаггүй вэ? Тэд биеэ авч явах дүрмийг ойлгодоггүй, хүмүүжилгүй байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Үнэндээ та нарын дурдсан эдгээр зүйл бол хоёрдогч асуудал; гол асуудал нь юу вэ? Энэ хүмүүс удирдагчид болмогцоо байр суурийнхаа ашиг тус, онцгой хангамжийг эдлэхийг хүсэж, тав тухад шунадаг. Жишээ нь, тэд нарийн боов идэхийг хүсдэг ба хоол хийхдээ сайн хүн харвал хоолыг нь амталж, хорхойгоо дарах талаар боддог. Хийвэл зохих ажлаа хийхгүй, бодитой ажил хийхгүй байгааг нь харахад угаасаа дотор муухайрмаар байдаг байхад дээр нь нэмээд тэд тав тух, сувдаг сэтгэлийн таашаалд шунадаг. Тэд Бурханы төлөө амталж, шалгаж байгаа нэрийдлээр сувдаг хүслээ хангаж, байр суурийнхаа ашиг тусад ташуурдаг. Эдгээр нь бүгд хуурамч удирдагчдын илрэл юм. Антихристүүдийн зан чанар-мөн чанартай харьцуулах үед энэ илрэлүүдийг харгис, хорон муу гэж хэлж болохгүй ч хуурамч удирдагчдын хүн чанар нь хүмүүсийн дургүйг хангалттай хүргэхүйц. Ёс жудгийн тухайд тэд мөс чанар, эрүүл ухаантай байх өдий; хүн чанар нь нэлээд өөдгүй, булай бөгөөд ёс жудаг муутай. Хуурамч удирдагчид бодитой ажил хийж чаддаггүйг эдгээр жишээнээс ажиглаж болно. Энэ бол баримт.
Хуурамч удирдагчид ажил гүйцэтгэх зарчмуудыг нөхөрлөж чаддаггүй
Өнөөдөр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагад үндэслэн хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг үргэлжлүүлэн ил болгоно. Хуурамч удирдагчид үндсэндээ чуулганы чухал, голлох ажлыг хийх чадваргүй. Тэд зүгээр л хэдэн энгийн, ерөнхий хэрэг явдлыг зохицуулдаг; тэдний ажил чуулганы ажилд нийтэд нь шийдвэрлэх, чухал үүрэг роль гүйцэтгэдэггүй, бодитой үр дүнд хүрдэггүй. Тэдний нөхөрлөл үндсэндээ хэдэн улиг болсон, нэгэн хэвийн сэдвүүдийг л хамардаг, бүхэлдээ байнга давтан ярьдаг бичиг үсэг, хоосон сургаал бөгөөд тун хоосон, ерөнхий, ямар ч нарийн ширийн юмгүй байдаг. Тэдний нөхөрлөл, хүмүүс уншаад шууд утгаар нь ойлгож болох зүйлсийг л агуулдаг. Энэ хуурамч удирдагчид Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод тулгардаг бодитой асуудлуудыг шийдвэрлэж огт чадахгүй; ялангуяа хүмүүсийн үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарын илчлэлийг шийдвэрлэж бүр ч чадахгүй. Гол зүйл нь хуурамч удирдагчид сайн мэдээний ажил, кино хийх ажил, эсвэл бичвэрт суурилсан ажил гэх мэт Бурханы гэрийн зохицуулсан амин чухал ажлыг хариуцаж ер чадахгүй. Ялангуяа мэргэжлийн мэдлэгтэй холбоотой ажлын тухайд хуурамч удирдагчид энэ салбарт мэргэжлийн бус хүн гэдгээ нэлээд тодорхой мэдэж байлаа ч суралцдаггүй, судалдаг ч үгүй, бусдад тодорхой зааварчилгаа өгч, тэдгээр ажилтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэж бүр ч чадахгүй. Тэгсэн хэр нь тэд ичгүүргүйгээр цуглаан хийж, хоосон онолын талаар эцэс төгсгөлгүй ярьж, бичиг үсэг, хоосон сургаал хэлдэг. Хуурамч удирдагчид ийм төрлийн ажил хийж чадахгүй гэдгээ маш сайн мэдэж байдаг ч мэргэжилтний дүр эсгэж, ихэрхүү авирлаж, бусдыг зэмлэхдээ үргэлж сүртэй хоосон сургаал ашигладаг. Тэд хэний ч асуултад хариулж чаддаггүй мөртөө далим, шалтаг олоод бусдыг зэмлэж, яагаад тэр мэргэжлийг сурахгүй байгаа, яагаад үнэнийг эрж хайхгүй байгаа, яагаад асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгааг нь асуудаг. Энэ салбаруудад мэргэжлийн бус хүн бөгөөд ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй энэ хуурамч удирдагчид өндрөөс бусдад сургамжилсаар байдаг. Гаднаа тэд бусад хүнд маш завгүй харагдаж, маш их ажил хийж чаддаг, тун чадварлаг мэт байдаг ч үнэн хэрэгтээ тэд бол юу ч биш. Хуурамч удирдагчид мэдээж бодитой ажил хийж чадахгүй, тэгсэн хэр нь урам зоригтойгоор өөрсдийгөө завгүй байлгаж, цуглаан дээр ганц ч бодитой асуудал шийдвэрлэж чадалгүйгээр, өнөөх улиг болсон үгээ үргэлж хэлж, ахин дахин давтдаг. Хүмүүс үүнээс нь маш их залхдаг бөгөөд үүнээс ямар ч босгон байгуулалт авч чаддаггүй. Ийм төрлийн ажил нь хэтэрхий үр ашиггүй, ямар ч үр дүнд хүрдэггүй. Хуурамч удирдагчид ингэж ажилладаг бөгөөд үүнээс болж чуулганы ажил хойшилдог. Гэсэн ч хуурамч удирдагчид өөрсдийгөө асар их ажил хийж байгаа ба маш чадварлаг гэж боддог, үнэн хэрэгтээ тэд чуулганы ажлын ганц ч талыг сайн хийгээгүй байдаг. Өөрсдийнх нь хариуцлагын цар хүрээнд багтдаг удирдагч, ажилчид стандартад нийцэх эсэхийг тэд мэддэггүй, янз бүрийн багийн удирдагч, зааварлагч нар ажлаа хариуцаж чадах эсэхийг ч мэддэггүй, мөн үүргээ гүйцэтгэх явцад нь ах, эгч нарт асуудал гарсан эсэхийг тоодог ч үгүй, асуудаг ч үгүй. Товчхондоо, хуурамч удирдагчид ажил дээр нь гарсан ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй хэр нь эрчимтэйгээр завгүй байсаар байдаг. Бусад хүмүүсийн өнцгөөс бол хуурамч удирдагчид бэрхшээл туулж чаддаг, төлөөс төлөхөд бэлэн, өдөр бүрийг ийш тийш гүйж өнгөрүүлдэг. Хоолны цаг болоход тэднийг ширээ рүү дуудаж ирүүлэх хэрэгтэй болдог, мөн тэд маш их оройтож орондоо ордог. Гэсэн ч тэдний ажлын үр дүн ер сайнгүй байдаг. Хянуур харахгүй бол өнгөн дээрээ ажлын бүх зүйл хийгдэж, хүн бүр үүргээ гүйцэтгээд завгүй байгаа мэт харагдах ч анхааралтай ажиглаж, нягт нямбай байж, ажлыг нухацтай шалгавал жинхэнэ нөхцөл байдал илчлэгдэнэ. Тэдний хариуцлагын цар хүрээнд багтдаг ажлын зүйл бүр замбараагүй, ямар ч зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байдаг. Ажлын зүйл бүрд асуудал, тэр ч бүү хэл цоорхой бий. Ийм асуудал гардаг нь хуурамч удирдагчид үнэн-зарчмыг ойлгодоггүй, өөрсдийн үзэл, төсөөлөл, урам зоригт үндэслэн үйлддэгтэй холбоотой. Хуурамч удирдагчид үнэн-зарчмын талаар хэзээ ч нөхөрлөдөггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэзээ ч эрж хайдаггүй. Тэд мэдээж сүнслэг ойлголтгүй, удирдлагын ажлыг хийж чадахгүй, зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л чалчиж чаддаг, үнэнийг огт ойлгодоггүй хэр нь мэдэхгүй юмаа мэддэг мэт дүр эсгэж, өөрсдийгөө мэргэжилтэн гэж харуулахыг оролддог. Тэдний хийдэг ажил бол зүгээр л оромдсон болох. Асуудал гарахад тэд дүрэм журмыг сохроор хэрэгжүүлдэг. Тэд зүгээр л сохроор үймэн бужигнаж, ямар ч бодитой үр дүн гаргадаггүй. Энэ хуурамч удирдагчид үнэн-зарчмыг ойлгодоггүй, зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал чалчиж, дүрэм журмыг мөрд гэж бусдад зөвлөдөг учраас чуулганы ажлын зүйл бүрийн ахиц удааширч, ямар ч тодорхой үр дүнд хүрдэггүй. Хуурамч удирдагч хэсэг хугацаанд ажилласны хамгийн илэрхий үр дагавар бол ихэнх хүн үнэнийг ойлгож чаддаггүй, хэн нэгэн завхрал харуулах юм уу үзэлтэй болох үед хэрхэн ялган танихаа мэддэггүй, үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёстой үнэн-зарчмыг яавч ойлгодоггүй. Үүргээ гүйцэтгэдэг болон гүйцэтгэдэггүй хүмүүс бүгд хойрго, цадиггүй, сахилга батгүй, тараан хаясан элс мэт эмх замбараагүй байдаг. Тэдний ихэнх нь хэдхэн бичиг үсэг, хоосон сургаал ярьж чадах ч үүргээ гүйцэтгэхдээ дүрэм журмыг л мөрддөг; асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Хуурамч удирдагчид өөрсдөө асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа мэдэхгүй тул үүнийг хийхэд бусдыг удирдаж яаж чадах юм бэ? Бусад хүнд юу ч тохиолдсон бай, хуурамч удирдагчид ингэж хэлж, тэднийг ятгаж л чадна: “Бид Бурханы санаа зорилгыг харгалзан үзэх ёстой!” “Бид үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байх ёстой!” “Бидэнд ямар нэг зүйл тохиолдох үед бид хэрхэн залбирахаа мэддэг байх ёстой, үнэн-зарчмыг эрж хайх ёстой!” Хуурамч удирдагчид эдгээр уриа лоозон, хоосон сургаалыг үргэлж хашхирдаг, энэ нь ямар ч үр дүнд хүрдэггүй. Хүмүүс тэднийг сонссоныхоо дараа үнэн-зарчим гэж юу болохыг ойлгохгүй хэвээр, хэрэгжүүлэлтийн замгүй байдаг. Өнгөц түвшинд харвал, өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоход хүмүүс залбирдаг, үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байхыг хүсдэг ч үнэнч байхын тулд юу хийх ёстой, Бурханы санаа зорилгыг ойлгохын тулд хэрхэн залбирах ёстой, асуудалтай тулгарах үедээ үнэн-зарчмыг ойлгож авахын тулд хэрхэн эрж хайх ёстой гэх мэтийн асуудлыг бүгд ойлгодоггүй. Хүмүүс хуурамч удирдагчдаас асуух үед тэд “Чамд ямар нэг зүйл тохиолдвол Бурханы үгийг илүү их унш, илүү их залбир, үнэний талаар илүү их нөхөрлө” гэж хэлдэг. Хүмүүс тэднээс “Энэ ажил ямар зарчмыг хөнддөг вэ?” гэж асуухад тэд “Бурханы үг мэргэжлийн ажлын хэрэг явдлын талаар юу ч хэлдэггүй, ажлын тэр салбарыг би ч бас ойлгодоггүй. Ойлгохыг хүсэж байгаа бол өөрөө судлаад үз, надаас битгий асуу. Би мэргэжлийн ажлын хэрэг явдал дээр биш, үнэнийг ойлгоход чинь та нарыг хөтөлнө” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид асуултаас бултахын тулд ийм үг ашигладаг. Үр дүнд нь, ихэнх хүн үүргээ гүйцэтгэх оргилуун хүсэл эрмэлзэлтэй байдаг ч үнэн-зарчимд үндэслэн хэрхэн үйлдэхээ мэддэггүй, үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг хэрхэн баримтлахаа ч мэддэггүй. Хуурамч удирдагчдын үүрэг хариуцлагын цар хүрээн дэх ажлын зүйл бүрийн үр дүнг харвал ихэнх хүн өөрсдийн мэдлэг, сурсан зүйл, билиг авьяаст найдан ажлаа хийдэг ба Бурханы тодорхой шаардлагууд юу болох, үүрэг гүйцэтгэх зарчмууд юу болох, Бурханд гэрчлэл хийх үр дүнд хүрэхийн тулд хэрхэн үйлдэх, Бурханы илрэлтийг хүсэн хүлээж байгаа хүмүүст Бурханы дуу хоолойг сонсгож, тэднээр үнэн замыг судлуулж, тэднийг Бурхан руу аль болох хурдан авчрахын тулд сайн мэдээг яаж илүү үр дүнтэйгээр дэлгэрүүлэх гэх мэтийн асуудлыг мэддэггүй. Тэд яагаад эдгээр зүйлийг мэддэггүй вэ? Энэ нь хуурамч удирдагчид бодитой ажил хийж чадаагүйтэй шууд холбоотой. Үүний гол шалтгаан нь хуурамч удирдагчид өөрсдөө үнэн-зарчим гэж юу болохыг мэддэггүй, эсвэл хүмүүс ямар зарчмуудыг ойлгож, дагах ёстойг мэддэггүй. Тэд зарчимгүй үйлддэг ба үүргээ гүйцэтгэхдээ хэрэгжүүлэлтийн зарчим, замыг хайхад нь хүмүүсийг хэзээ ч хөтөлдөггүй. Хуурамч удирдагч асуудал олох үедээ өөрөө шийдвэрлэж чаддаггүй, бусадтай хамт нөхөрлөж, эрж хайдаггүй, ингэснээр ажлын зүйл бүрийг ихэнхдээ дахин хийх шаардлагатай болоход хүрдэг. Энэ нь санхүүгийн болон материаллаг нөөцийг дэмий үрээд зогсохгүй, мөн хүмүүсийн эрч хүч, цагийг үрдэг. Ийм үр дагавар нь хуурамч удирдагчдын маш тааруу хэв чанар болон хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Хуурамч удирдагчид зориуд ёрын мууг үйлдэж, үймээн учруулдаг гэж хэлж болохгүй ч тэд ажлаа хийхдээ үнэн-зарчмыг огт эрж хайдаггүй, үргэлж өөрсдийнхөө дур зоргоор үйлддэг гэж хэлж болно. Энэ бол гарцаагүй. Хуурамч удирдагчид үнэн-зарчмыг ойлгодоггүй, энэ талаар бусдад тодорхой нөхөрлөж ч чаддаггүй; харин оронд нь тэд зүгээр л хүмүүсийг зөнгөөр нь орхиж дураар нь авирлуулдаг. Энэ нь аяндаа, тодорхой ажлыг хариуцсан зарим хүн дураараа дургиж, хүссэнээрээ авирлаж, дуртай бүхнээ хийхэд хүргэдэг. Үүний улмаас бодитой үр дүн цөөхөн гардгаар үл барам чуулганы ажил эмх замбараагүй болдог. Хуурамч удирдагч халагдах үедээ өөрийгөө эргэцүүлж, мэдэж авдаггүй төдийгүй бас үг мушгин маргаж, өөрийгөө өмөөрдөг, үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, гэмших бодол огт байдаггүй. Тэр ч байтугай өөрт нь дахиад нэг боломж олгохыг Бурханы гэрээс гуйж, уг ажлыг гарцаагүй сайн хийж чадна гэж хэлдэг. Та нар түүнд итгэж байна уу? Тэр өөрийгөө огт мэддэггүй, үнэнийг ч хүлээн авдаггүй. Тэгэхээр тэр арга замаа өөрчилж чадах уу? Тэр үнэн-бодит байдалгүй байж ажлыг сайн хийж чадах уу? Тэгэх боломжтой юу? Тэрээр энэ удаа ажлыг сайн хийж чадаагүй—дахиад нэг боломж олговол ажлаа сайн хийж чадах уу? Тэгэх боломжгүй. Хуурамч удирдагчид ажлын чадамжгүй байдаг гэж баттай хэлж болно; заримдаа тэд маш шаргуу хөдөлмөрлөж, нэлээд завгүй байж болох ч энэ нь хий дэмий завгүй байдал бөгөөд ямар ч үр дүнд хүрэхгүй. Хуурамч удирдагчид маш тааруу хэв чанартай, үнэнийг огт ойлгодоггүй, бодитой ажил хийж чадахгүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Энэ нь ажилд олон асуудал гарахад хүргэдэг боловч тэд үнэний талаар нөхөрлөөд асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, ердөө цөөн хэдэн хоосон сургаал ашиглан хүмүүсийг ятгаж дүрэм журмыг мөрдүүлдэг бөгөөд үр дүнд нь ажлыг замбараагүй болгож, эх захыг нь алдагдуулж орхидог. Хуурамч удирдагчид ингэж ажиллаж, бий болгодог үр дагавар юм. Бүх удирдагч, ажилчин үүнийг анхааруулга болгон авч үзэх ёстой.
Чуулганд гардаг янз бүрийн таагүй асуудал нь хуурамч удирдагчидтай шууд холбоотой байдаг—энэ бол зайлсхийх аргагүй асуудал юм. Энэ хуурамч удирдагчид үнэнийг ухамсарлах чадваргүй хэр нь өөрсдийгөө бүхнийг ойлгож, мэддэг гэж боддог, тэгээд өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн үйлддэг. Тэд үнэн-зарчим юм уу Бурханы шаарддаг стандартыг ойлгодоггүй байдлаа шийдвэрлэх гэж үнэнийг хэзээ ч эрж хайдаггүй. Би олон удирдагч, ажилчидтай харилцаж, тэдэнтэй байнга уулздаг. Уулзах үедээ Би тэднээс “Та нарт ямар нэгэн асуудал байна уу? Та нар ажилд гарсан асуудлуудын талаар тэмдэглэл хийсэн үү? Өөрсдөө шийдвэрлэж чадахгүй асуудал байна уу?” гэж асуудаг. Намайг асууж дууссаны дараа тэд гөлөрч, “Бид удирдагч шүү дээ; бидэнд ямар нэг асуудал байж болно гэж үү? Хэрвээ байсан бол чуулганы ажил аль эрт зогсонги байдалд орох байсан биш үү? Энэ ямар гээчийн асуулт вэ? Бид номлол сонсож, нөхөрлөж, Бурханы үгийг гартаа барьдаг. Чуулганыг бид маш олуулаа удирдаж байгаа, Та яахаараа санаа зовсоор байдаг билээ? Ийм асуулт асууснаараа Та биднийг илт дутуу үнэлж байна. Бидэнд яалаа гэж асуудал байх юм бэ? Асуудал байсан бол бид удирдагч биш байх байсан. Таны асуулт үнэхээр зохисгүй юм!” хэмээн зүрх сэтгэлдээ эргэлздэг. Намайг тэднээс ямар нэг асуудал байгаа эсэхийг асуух бүрд тэд ийм байдалтай байдаг—тэд дор бүрнээ хөшүүн, мулгуу байдалтай харагддаг. Чуулганы ажлын янз бүрийн зүйлд маш олон асуудал байдаг ч энэ хүмүүс тэдгээрийг харж, олж илрүүлж ер чаддаггүй. Тэд хувийн амь-оролттой холбоотой асуудал, эсвэл үнэн-зарчимтай холбоотой ажилд оршдог асуудлуудыг гаргаж тавьж чаддаггүй. Тэд эдгээр асуудлыг гаргаж тавьж чаддаггүй тул Би тэднээс “Бурханы үгийг орчуулах ажил хэр явагдаж байна вэ? Одоо хэдэн хэлээр орчуулах ёстойг мэдэх үү? Аль хэлийг эхлээд орчуулж, алийг нь дараа нь орчуулах ёстой вэ? Бурханы үгийг тодорхой хэлүүд дээр хэдэн хувь хэвлэх ёстой вэ?” гэж асуудаг. Тэд: “Аан, тэрийг орчуулж байгаа” гэж хариулдаг. “Орчуулга хэр хэмжээнд явагдсан бэ? Ямар нэг асуудал байгаа юу?” гэж Намайг асуухад тэд: “Би мэдэхгүй; очиж асуух хэрэгтэй” гэж хариулдаг. Би тэднээс эдгээр зүйлийн талаар асуух ёстой байдаг бөгөөд тэд хариултыг нь мэдэхгүй л байдаг. Тэгэхээр энэ бүх хугацаанд тэд ямар ажил хийж байсан бэ? Би тэднээс “Чи өнгөрсөн удаа ах, эгч нарын асуугаад байсан асуудлыг шийдвэрлэсэн үү?” гэж асуухад тэд “Би тэдэнтэй цуглаан хийсэн, бүтэн өдөржин цуглаан хийсэн” гэж хариулдаг. “Цуглааны дараа асуудал шийдвэрлэгдсэн үү?” гэж Намайг асуухад тэд: “Асуудал байсаар байгаа бол бид дахиад цуглаан хийх ёстой гэж Та хэлэх гээд байна уу?” гэж хариулдаг. “Би чамаас цуглаан хийсэн үү, үгүй юу гэж асуугаагүй. Мэргэжлийн асуудал шийдвэрлэгдсэн үү гэж Би асууж байна. Энэ хүмүүс зарчмыг ойлгодог уу? Үүргээ гүйцэтгэхдээ тэд ямар нэг зарчмыг зөрчсөн үү? Чи ямар нэг асуудал олж илрүүлсэн үү?” гэж Намайг хэлэхэд тэд: “Өө асуудал уу? Би шийдвэрлэсэн. Би ах, эгч нарт зориулж цуглаан хийсэн” гэж хариулдаг. Энэ яриа үргэлжлэх боломжтой юу? (Үгүй, боломжгүй.) Энэ яриаг сонсохоор уур чинь хүрч байгаа биз дээ? (Тийм.) Энэ удирдагчид ямар байна вэ? Тэд зүгээр л хуурамч-сүнслэг мангуу хүмүүс биш гэж үү? Тэд удирдагч, ажилчдын хэв чанаргүй; харалган, ажлыг яаж хийхээ ойлгодоггүй, асуулт болгонд “би мэдэхгүй” гэж хариулдаг бөгөөд тэднээс үргэлжлүүлэн асуулт асуугаад байх үед “Ямартай ч би цуглаан хийсэн; зүгээр л хүссэнээ хий!” гэж хариулдаг. Энэ удирдагчид бодитой ажил хийсэн үү? Удирдагчдын хувьд стандартад нийцэх үү? (Үгүй.) Тэд бол хуурамч удирдагчид. Та нарт иймэрхүү удирдагч нар таалагддаг уу? Ийм удирдагчидтай таарвал та нар юу хийх ёстой вэ? Зарим удирдагч ах, эгч нартай уулзаад “Өнөөдөр та нар ямар ч асуудалтай байсан, эхлээд үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар нөхөрлөцгөөе” гэж хэлдэг. Тэгэхэд нь зарим хүн “Бид үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн аргачлалтай холбоотой асуудалтай тулгарлаа. Бид шүтлэггүй хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг мэргэжлийн арга барилыг ашиглах ёстой юу?” гэдэг. Удирдагчдын шийдвэрлэх шаардлагатай асуудал энэ биш гэж үү? Хэрвээ ах, эгч нар хоорондоо нөхөрлөөд зарим асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол удирдагчид хөндлөнгөөс оролцож шийдвэрлэх ёстой—энэ нь удирдагчдын үүрэг хариуцлагатай холбоотой. Эдгээр асуудалтай тулгараад хуурамч удирдагчид юу хийдэг вэ? Тэд: “Энэ бол мэргэжлийн асуудал; энэ та нарын асуудал, надад ямар хамаатай юм бэ? Энэ асуудлын талаар өөрсдөө нөхөрлө, гэхдээ эхлээд би та нарт цуглаан хийж өгнө. Өнөөдрийн цуглаанаар бид эв зохицолтой хамтын ажиллагааны талаар нөхөрлөнө. Та нарын дөнгөж сая асуусан асуулт эв зохицолтой хамтын ажиллагаатай холбоотой. Та нар аливааг хэлэлцэж, хамтдаа нөхөрлөж, илүү их судалгаа хийж чаддаг байх ёстой; хэн ч өөрийгөө зөвтгөдөг байх ёсгүй, олонхын дэмжиж байгаа аливаа шийдвэрийг хүн бүр батлах ёстой—энэ нь эв зохицолтой хамтын ажиллагааны асуулт биш гэж үү? Та нар хэрхэн эв зохицолтой хамтран ажиллахаа, эсвэл асуудал гарах үед хэрхэн хэлэлцэхээ мэддэггүй бололтой. Асуудал болгоноо надаас асуух юм. Надаас юу асуугаад байгаа юм бэ? Би эдгээр зүйлийг ойлгодог уу? Ойлгодог байсан бол та нарт хийх юм үлдэхгүй байх биш үү? Та нар юм болгоныг надаас асуух юм. Энэ миний зохицуулах учиртай асуудал мөн үү? Би зөвхөн үнэний талаар нөхөрлөх үүрэгтэй; мэргэжлийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэ. Надад ямар хамаатай юм бэ? Ямартай ч би та нартай аль хэдийн нөхөрлөж, эв зохицолтой хамтран ажилла гэж хэлсэн—хэрвээ та нар тэгж чадахгүй бол энэ үүргийг битгий гүйцэтгэ. Миний нөхөрлөл дууслаа; явж өөрсдөө асуудлаа шийдвэрлэ” гэж хэлдэг. Энэ удирдагчид асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг мэдэх үү? (Үгүй, мэдэхгүй.) Үүнийг яаж хийхээ мэдэхгүй хэр нь тэд өөрсдийгөө маш үндэслэлтэй гэж боддог ба хариуцлагаас бултахдаа чадамгай. Өнгөн дээрээ тэд ажлаа хийсэн, газар дээр нь очиж үзлэг шалгалт хийсэн, хойрголж залхуураагүй. Гэсэн хэдий ч тэд бодитой ажил хийж, бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь хуурамч удирдагчид мөн гэсэн үг юм. Та нар ийм хуурамч удирдагчдыг ялган таньж чадах уу? Ямар нэг асуудалтай тулгарах үедээ тэд холбогдох үнэний талаар нөхөрлөж чадахгүй: тэд хэдхэн хоосон сургаал, онол л ярьж, тэр нь нэлээд сүртэй, гүн гүнзгий сонсогддог бөгөөд хүмүүс тэрийг нь сонссоныхоо дараа үнэнийг ойлгодоггүй төдийгүй, будилж, толгой нь эргэдэг. Энэ бол хуурамч удирдагчдын хийдэг ажил юм.
Үүрэг тус бүрийг сайн гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөх ажил дээр хуурамч удирдагчид бүрэн илчлэгддэг. Тэд үнэн-зарчмын талаар нөхөрлөж чадахгүй, үүргээ гүйцэтгэхдээ үнэн-зарчмыг мөрдөж, хэрэгжүүлэхэд нь хүмүүсийг хөтөлж чадахгүй, үнэн-бодит байдлыг ойлгож, үүнд ороход нь хүмүүсийг хөтөлж чадахгүй—тэд удирдагчдын биелүүлэх ёстой хариуцлагыг биелүүлж чадахгүй. Тэгээд ч зогсохгүй тэд бас янз бүрийн ажлын зааварлагчид болон төрөл бүрийн чухал ажил хариуцсан ажилтнуудын нөхцөл байдлыг байнга хянаж чаддаггүй, энэ талаар бага зэрэг ойлголоо ч гэсэн тэр нь үнэн зөв байдаггүй. Энэ нь ажлын янз бүрийн зүйлд ихээхэн үймээн, хор хохирол учруулдаг. Энэ бол удирдагч, ажилчдын дөрөв дэх үүрэг хариуцлагатай холбоотойгоор өнөөдөр бидний ил болгох хуурамч удирдагчдын янз бүрийн илрэл юм.
4-р зүйл: Төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнууд болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдалтай байнга танилцаж, тохиромжгүй хүмүүсийг ашигласнаас үүдэн гарах хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангахын тулд шаардлагатай үед үүргийг нь даруй солих юм уу халах
Удирдагч, ажилчид өөр өөр ажлын зааварлагчдын нөхцөл байдлыг ойлгох ёстой
Удирдагч, ажилчдын дөрөв дэх үүрэг хариуцлага юу вэ? (“Төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнууд болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдалтай байнга танилцаж, тохиромжгүй хүмүүсийг ашигласнаас үүдэн гарах хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангахын тулд шаардлагатай үед үүргийг нь даруй солих юм уу халах.”) Зөв, энэ бол ажлаа хийж байхдаа удирдагч, ажилчдын хүрч чаддаг байх ёстой хамгийн наад захын стандарт юм. Та бүхэнд энэ дөрөв дэх зүйлтэй холбоотой удирдагч, ажилчдын үндсэн үүрэг хариуцлага тодорхой байна уу? Удирдагч, ажилчид янз бүрийн ажлын зааварлагчид болон төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнуудын талаар тодорхой ойлголттой байх ёстой. Янз бүрийн ажлын зааварлагчид болон төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнуудын нөхцөл байдлыг ойлгох нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын хүрээнд байдаг. Тэгвэл энэ ажилтнууд хэн бэ? Голчлон чуулганы удирдагчид, дараа нь багийн зааварлагчид, янз бүрийн бүлгийн удирдагчид байдаг. Янз бүрийн ажлын зааварлагч болон төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнууд үнэн-бодит байдалтай эсэх, үйлдэл нь зарчимтай эсэх, чуулганы ажлыг сайн хийж чадах эсэх гэх мэт нөхцөл байдлыг ойлгож, ухамсарлах нь нэн чухал, асар их ач холбогдолтой биш гэж үү? Хэрвээ удирдагч, ажилчид янз бүрийн ажлын үндсэн зааварлагчдын нөхцөл байдлыг бүрэн ухамсарлаж, ажилтнуудад таарсан зохицуулалтыг хийдэг бол тэр нь ажлын зүйл бүрд зүй зохистой хяналт тавихтай адилхан бөгөөд хариуцлага болон үүргээ сайн биелүүлэхтэй тэнцэнэ. Энэ ажилтнуудын талаар зөв зохицуулалт хийлгүй, асуудал үүсвэл чуулганы ажилд асар их нөлөөлнө. Хэрвээ энэ ажилтнууд сайн хүн чанартай, Бурханд итгэх итгэлдээ ул суурьтай, хэрэг явдлыг зохицуулахдаа хариуцлагатай, асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг эрж хайж чаддаг бол тэдэнд ажил хариуцуулах нь олон бэрхшээлээс сэргийлж, хамгийн чухал нь чуулганы ажлыг саадгүй явуулна. Харин янз бүрийн багийн зааварлагч нар найдваргүй, хүн чанар муутай, зан авир тааруу, үнэнийг хэрэгжүүлдэггүй, цаашлаад үймээн, саад учруулах магадлалтай бол энэ нь тэдний хариуцсан ажил болон тэдний удирддаг ах, эгч нарын амь-оролтод нөлөөлнө. Мэдээж тэр нөлөө нь том, жижиг байж болно. Хэрвээ зааварлагч нар зүгээр л үүргээ цалгардуулж, хийвэл зохих ажлаа хийхгүй байх юм бол энэ нь зүгээр л ажлыг жаахан удаашруулж магадгүй; ахиц жаахан удаан, ажил үр дүн багатай байх болно. Харин тэд антихристүүд бол асуудал ноцтой байна: Энэ нь ажил бага зэрэг үр дүн муутай, үр ашиггүй байх асуудал биш—тэд өөрсдийн хариуцсан чуулганы ажлыг үймүүлж, сүйтгэж, ноцтой хохирол учруулна. Иймээс янз бүрийн ажлын зааварлагчид болон төрөл бүрийн чухал ажил хариуцсан ажилтнуудын нөхцөл байдлыг байнга хянаж, хэн нэгэн бодитой ажил хийхгүй байгааг олж мэдвэл цаг тухайд нь дахин хуваарилж, чөлөөлж байх нь удирдагч, ажилчдын зайлсхийж болохгүй үүрэг хариуцлага—маш ноцтой, маш чухал ажил юм. Хэрвээ удирдагч, ажилчид янз бүрийн ажлын зааварлагчид болон төрөл бүрийн чухал ажил хариуцсан ажилтнуудын ёс жудаг, үнэнд болон үүрэгтээ хандах хандлага, түүнчлэн цаг хугацаа, үе шат бүрийн үеэрх байр байдал, гүйцэтгэлийг нь даруйхан мэдэж авч, нөхцөл байдлын дагуу тэр хүмүүсийг цаг алдалгүй тохируулж, зохицуулж чаддаг бол ажил жигд явагдаж чадна. Эсрэгээрээ хэрвээ тэр хүмүүс чуулганд увайгүй авирлан муу зүйл хийж, бодитой ажил хийдэггүй бөгөөд удирдагч, ажилчид үүнийг цаг тухайд нь олж тогтоож чаддаггүй, цаг алдалгүй дахин хуваарилалт хийдэггүй, харин элдэв янзын ноцтой асуудал гарч, чуулганы ажилд нэлээд их хохирол учруулсны дараа л тэдгээрийг зохицуулж, дахин хуваарилалт хийж, нөхцөл байдлыг засаж залруулахаар хааш яаш оролддог бол тэр удирдагч, ажилчид хог шаар юм. Тэд бол халагдаж, таягдан хаягдах шаардлагатай жинхэнэ хуурамч удирдагчид мөн.
Дөнгөж сая бид янз бүрийн ажлын зааварлагчдын бодитой байдал, ажлынх нь үр дүнтэй байдлыг ойлгож, ухамсарлахын ач холбогдлыг өргөн хүрээнд нөхөрлөж, эдгээр бодитой нөхцөл байдлыг ашиглан удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлсэн эсэхийг үнэлж, тэд хуурамч удирдагчид мөн гэдгээ нотлох ямар илрэлийг харуулж байгааг ил болгож, улмаар хуурамч удирдагчдын мөн чанарыг задлан шинжиллээ. Чуулганы ажилд ноцтой асуудал гарах үед хуурамч удирдагчид хариуцлагаа биелүүлж чаддаггүй. Тэд эдгээр асуудлыг цаг тухайд нь олж илрүүлж чаддаггүй, тэдгээрийг цаг алдалгүй зохицуулж, шийдвэрлэж бүр ч чаддаггүй. Энэ нь уг асуудлыг сунжрахад хүргэж, эргээд чуулганы ажлыг саатуулж, хор хохирол учруулж, тэр ч байтугай чуулганы ажил зогсонги байдалд орж, эмх замбараагүй болоход хүргэдэг. Ийм зүйл тохиолдох үед л хуурамч удирдагчид чуулганы ажлын талбар луу дурамжхан очиж ажигладаг ч асуудлыг шийдвэрлэх таарсан, тохиромжтой шийдлийг олж тогтоож чадахгүй хэвээр байдаг бөгөөд эцэст нь зүгээр л шийдвэрлэлгүй орхидог. Энэ бол хуурамч удирдагчдын гол илрэл юм.
Янз бүрийн ажлын зааварлагчдыг сонгох стандарт
Янз бүрийн ажлын зааварлагчид болон төрөл бүрийн чухал ажлыг хариуцсан ажилтнуудыг сонгох стандартыг ихэнх хүн тодорхой хэмжээнд ойлгож байна уу? Жишээ нь, урлагийн ажлын зааварлагч голчлон юу эзэмшсэн байх ёстой вэ? (Тэд энэ салбарт мэргэжлийн ур чадвартай, уг ажлыг хариуцаж чаддаг байх ёстой.) Мэргэжлийн ур чадвартай байх нь нэг онол. Тэгвэл энэ мэргэжлийн ур чадвар гэж яг юуг хэлдэг вэ? Энийг тайлбарлацгаая. Хэрвээ хүн зураг зурах дуртай, бүтээл хийх сонирхолтой ч ийм мэргэжилтэй биш, энэ салбарын талаар мэдлэггүй, зүгээр л үүнд дуртай бол тийм хүнийг урлагийн багийн зааварлагчаар сонгох нь тохиромжтой юу? (Үгүй, тохиромжгүй.) Зарим хүн: “Хэрвээ тэд урлагт дуртай бол энэ ажлыг хийж, аажмаар сурч авч болно” гэдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Үүнд үл хамаарах нэг зүйл бол урлагийн багийн бусад хүмүүс ч бас уг мэргэжлийг мэдэхгүй, энэ хүн арай илүү мэддэг, бусдаас хурдан сурдаг байх явдал. Тэгвэл түүнийг сонгох нь харьцангуй тохиромжтой байх уу? (Тэгнэ.) Энэ нөхцөл байдлыг эс тооцвол, урлаг бүтээхэд оролцсон бүх хүний дундаас зөвхөн энэ хүн л уг мэргэжлийг мэдэхгүй боловч үнэнийг ойлгодог, бүтээл хийх дуртай учраас сонгогдсон бол тэр нь тохиромжтой юу? (Үгүй, тохиромжгүй.) Яагаад тохиромжтой биш вэ? Учир нь тэр хүн эхний юм уу цорын ганц сонголт биш. Тэгвэл ийм төрлийн зааварлагчийг хэрхэн сонгох ёстой вэ? Тэднийг уг мэргэжилдээ хамгийн чадварлаг, туршлагатай хүмүүсийн дундаас сонгох ёстой; өөрөөр хэлбэл, тэд мэргэжлийн ур чадвар, ажлын чадамжийг хоёуланг нь эзэмшсэн мэргэжилтэн байх ёстой—мэргэжлийн бус хүнийг бүү сонго. Энэ бол нэг тал нь. Үүнээс гадна, тэд ачаа үүрдэг, сүнслэг ойлголттой, үнэнийг ойлгож чаддаг байх ёстой. Түүнчлэн тэд Бурханд итгэх итгэлдээ ядаж суурь тавьсан байх ёстой. Үндсэн зарчмууд нь: Нэгдүгээрт, тэд ажлын чадамжтай байх ёстой; хоёрдугаарт, тэд энэ мэргэжлийг ойлгодог байх ёстой; гуравдугаарт, тэд сүнслэг ойлголттой, үнэнийг ойлгож чаддаг байх ёстой. Янз бүрийн ажлын зааварлагчдыг сонгохдоо энэ гурван шалгуурыг ашигла.
Янз бүрийн ажлын зааварлагчдын талаарх хуурамч удирдагчдын илрэлүүд
Ажлын янз бүрийн тодорхой зүйлсийн зааварлагчдыг сонгосныхоо дараа удирдагч, ажилчид зүгээр л хойш суугаад, юу ч хийхгүй байж болохгүй; тэд бас энэ зааварлагчдыг хэсэг хугацаанд сургаж, хөгжүүлж, өөрсдийнх нь сонгосон хүмүүс үнэхээр энэ ажлыг хариуцаж, зөв замд нь оруулж чадах эсэхийг харах ёстой. Үүрэг хариуцлагаа биелүүлэх гэж үүнийг хэлдэг. Сонголт хийх үедээ чи нэр дэвшигчид чинь мэргэжлээ ойлгодог, ажлын чадамжтай, бага зэрэг ачаа үүрдэг, сүнслэг ойлголттой, үнэнийг ойлгох чадвартай байгааг харж, энэ тал дээр шаардлага хангаж байгаа юм чинь бүх зүйл сайхан болно гэж бодоод, “Та нар ажлаа эхэлж болно; би та нарт бүх зарчмыг хэлж өгсөн. Одоогоос эхлээд Бурханы гэрээс хий гэж та нарт даалгасан зүйлийг л өөрсдөө хий” гэж хэллээ гэж бодъё. Энэ нь уг ажлыг явуулах боломжийн арга зам мөн үү? Чи зааварлагчдыг зохицуулмагцаа зүгээр зөнд нь орхиж болно гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл юу хийх ёстой вэ? Удирдагч зааварлагчидтай долоо хоногт хоёр удаа цуглаан хийж, тэдэнтэй үнэнийг нөхөрлөөд л болчихдог, тэдгээр зааварлагч бүгд ухамсартай, найдвартай, бусад хүмүүсийн хэлж байгаа зүйлийг ойлгож чаддаг учраас үнэний дагуу хэрэгжүүлж чадна гэж боддог гэе. Энэ зааварлагчид ажлаа онцгойлон яаж хийж байгааг, бусадтай эв зохицолтой хамтран ажиллаж байгаа эсэх, энэ хугацаанд мэргэжлийн ур чадвартай болсон эсэх, Бурханы гэрээс даалгасан ажлын хэр ихийг хийж дуусгасан болохыг шалгаж, хянан дагах шаардлагагүй гэж тэр удирдагч боддог. Удирдагч, ажилчид ажлыг ийм маягаар зохицуулах ёстой юу? (Үгүй.) Хуурамч удирдагчид ажлаа ингэж хийдэг. Тэд бүх ажлыг нэгмөсөн хийхээр оролдож, зааварлагчдыг зохицуулж, цөөхөн гишүүнтэй баг бүрдүүлээд “Ажлаа эхэл. Хэрвээ та нарт ямар нэгэн тоног төхөөрөмж хэрэгтэй бол надад мэдэгдээрэй, Бурханы гэр та нарт худалдаж авч өгнө. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг бэрхшээл, асуудалтай тулгарвал зүгээр л чөлөөтэй хэл, Бурханы гэр үргэлж та нарт шийдвэрлэж өгнө. Ямар ч бэрхшээл байхгүй бол ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Битгий үймүүлж, саад учруул, сүртэй сүржин санаа бүү хэл” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид энэ хүмүүсийг хамт ажиллуулахаар зохицуулж, тэдэнд хоол унд, орон байр байхад л хангалттай, цаашид анхаарал тавих шаардлагагүй гэж боддог. “Энэ ажлын зааварлагчдыг сонгоод хэр удаж байна вэ? Ажил хэр явагдаж байна?” гэж Дээрхийг асуух үед тэд “Зургаан сар болсон. Бид тэдэнтэй 10 орчим цуглаан хийсэн, тэдний сэтгэл санаа дажгүй байх шиг харагдсан, бас ажил хийгдэж байгаа” гэж хариулдаг. Дээрхийг “Тэгвэл зааварлагчдын ажлын чадвар хэр байна вэ?” гэж асуухад тэд “Зүгээр ээ; тэднийг сонгох үед тэд шилдгүүд нь байсан” гэдэг. Дээрх тэднээс “Тэд одоо ямархуу байна? Тэд бодитой ажил хийж чадах уу?” гэж асуухад “Би тэдэнд зориулж цуглаан хийсэн” гэж хариулдаг. “Би чамаас цуглаан хийсэн үү гэж асуугаагүй; тэдний ажил хэр явагдаж байна гэж асуусан” гэхэд тэд “Сайн байгаа байх аа; тэдний талаар хэн ч муу юм мэдээлээгүй” гэдэг. “Тэдний талаар хэн ч муу юм мэдээлэхгүй байна гэдэг бол стандарт биш. Чи тэдний ажлын чадвар, мэргэжлийн ур чадвар хэр байгааг шалгаж, сүнслэг ойлголттой эсэхийг нь, бодитой ажил хийдэг эсэхийг нь харах хэрэгтэй” гэж Дээрхийг хариулахад тэд “Сонгох үед тэд зүгээр санагдсан. Би хэсэгтээ энэ нарийн ширийнийг асууж лавлаагүй. Хэрвээ Та мэдмээр байвал би дахиад асууя” гэдэг. Хуурамч удирдагчид ажлыг ингэж хийдэг. Тэд өөрсдийнхөө дор байгаа хүмүүстэй эцэс төгсгөлгүй цуглаан хийж, нөхөрлөдөг ч Дээрхийн тухайд гэвэл тэд булзааруулж, хааш яаш хариулт өгдөг. “Би тэдэнд зориулж цуглаан хийсэн. Өнгөрсөн удаад би ажлын талаар нэлээд дэлгэрэнгүй асуусан” гэж хэлдэг нь тэдний хамгийн шилдэг хааш яаш хариулт юм. Тэд Дээрхэд ингэж хариулдаг. Энэ хуурамч удирдагчид бодитой ажил хийж байна уу? Тэд бодитой асуудлуудыг олж тогтоосон уу? Тэр асуудлуудыг шийдвэрлэсэн үү? Зааварлагчдыг зохицуулсныхаа дараа хуурамч удирдагчид зааварлагчид үүрэг хариуцлагаа биелүүлсэн эсэх, үнэнч байсан эсэхийг, ажлыг яаж хийж байгааг, үр дүн нь сайн муу эсэхийг, ах эгч нар тэдний талаар хэрхэн мэдээлж байгааг, эсвэл уг ажилд илүү сайн тохирсон хүмүүс байгаа эсэхийг огт мэддэггүй. Тэд яагаад эдгээр зүйлийг мэддэггүй вэ? Учир нь тэд ийм бодитой ажил хийдэггүй; зүгээр л хэрэггүй зүйл хийгээд өөрийгөө завгүй байлгадаг. Тэд иймэрхүү ажлыг байнга хянаж, шалгаж байх шаардлагагүй, ингэх нь уг зааварлагчдад итгэхгүй байна гэсэн үг болно гэж боддог. Тэдний бодлоор бол цуглаан хийх нь хариуцлага хүлээж, үнэнч байдлаа харуулж байгаа хэрэг юм. Энэ нь хуурамч удирдагчид бодитой ажил хийхгүй байгаагийн үндсэн илрэл билээ.
I. Бодитой ажил хийдэггүй зааварлагчдад хуурамч удирдагчид хэрхэн ханддаг вэ
Хуурамч удирдагчид чуулган дахь төрөл бүрийн ажлын зааварлагчдын янз бүрийн нөхцөл байдлыг үл тоомсорлодог; тэд эдгээр нөхцөл байдлыг ухамсарладаггүй, шалгадаггүй, зохицуулж, шийдвэрлэдэггүй. Зааварлагчдын ямар тодорхой нөхцөл байдал байдаг вэ? Эхнийх нь, зааварлагчид ачаа үүрдэггүй, идэж ууж, зугаа цэнгэл хайж, хийх ёстой ажлаа хийдэггүй, эсвэл бодитой ажил хийдэггүй. Энэ нь ноцтой асуудал биш гэж үү? (Мөн.) Зарим хүн ажлын чадвартай, мэргэжилдээ чадварлаг, хамгийн шилдэг нь байдаг; мөн цэгцтэй ярьдаг, хурц ухаантай бөгөөд хэрвээ тэднээс зааврыг давтан хэлэхийг хүсвэл ганц ч үг гээлгүй давтаж чаддаг, хангалттай ухаалаг; хүн бүрээс нэлээд сайн үнэлгээ авдаг, нэлээд удаан хугацаанд Бурханд итгэсэн байдаг. Үүний үр дүнд тэд зааварлагчаар сонгогддог. Гэхдээ энэ хүмүүс прагматик уу, төлөөс төлж чадах уу, бодитой ажил хийх чадвартай юу гэдгийг хэн ч мэдэхгүй. Хүмүүс тэднийг сонгосон тул эхэндээ тэднийг хөгжүүлж, туршилтын журмаар ашиглахаар дэвшүүлсэн. Гэсэн ч хэсэг хугацаанд ажилласны дараа, тэд мэргэжлийн ур чадвар, туршлагатай хэр нь шунахай, залхуу, төлөөс төлөхийг хүсдэггүй гэдэг нь ил болдог. Тэд бага зэрэг ядармагцаа ажиллахаа больдог, өөрсдийнх нь удирдамж шаардлагатай байгаа, асуудал, бэрхшээл тулгарсан хэнд ч анхаарал хандуулахыг хүсдэггүй. Өглөө нүдээ нээмэгцээ тэд “Өнөөдөр юу идэх билээ? Гал тогооныхон шарсан гахайн мах хийснээс хойш олон хонолоо шүү” гэж боддог. Ихэнхдээ тэд бусдад “Манай төрөлх хотын хөнгөн зууш үнэхээр амттай; бид баяр бүрээр гарч явж, авч иддэг байсан. Сургуульд байхдаа би амралтын өдрүүдээр өөрөө аяндаа сэрэх хүртлээ унтаад, дараа нь нүүрээ угааж, үсээ ч самналгүйгээр явж юм иддэг байсан. Үдээс хойш би гэртээ унтлагын хувцастайгаа видео тоглоом тоглож, заримдаа үүрийн 5 цаг хүртэл тоглодог байсан. Одоо Бурханы гэрийн ажил намайг өдий хэмжээнд хүртэл хүчилсэн, зааварлагчийн хувиар би тодорхой зүйлсийг хийх ёстой. Та бүхэнд ямар сайхан байгааг хар даа; та нар төлөөс төлөх хэрэггүй. Зааварлагчийн хувиар би бэрхшээл туулж чаддаг байх ёстой” гэж үргэлж хэлдэг. Тэд ингэж хэлдэг ч махан биеэс урвадаг уу? Төлөөс төлдөг үү? Тэд гомдлоор дүүрэн байдаг, ямар ч бодитой ажил хийхийг хүсдэггүй. Тэд зүгээр л шахаж шаардах үед хөдөлдөг, хянаж байхгүй бол хааш яаш авирладаг. Үүргээ гүйцэтгэхдээ тэд назгай, сахилга батгүй, ихэвчлэн атгаг санаа гаргаж, хойрголдог, өчүүхэн төдий ч хариуцлагатай биш. Тэдний анзаардаг мэргэжлийн асуудлуудын тухайд гэвэл, тэд бусад хүнд тэр асуудлыг засаж залруулж өгдөггүй, бусад бүх хүн өөр шиг нь хааш яаш авирлахыг хараад баярладаг. Хүн ажилдаа нухацтай хандахыг тэд хүсдэггүй. Зарим зааварлагч гар доорх хэдхэн ажлаа хайнга, хааш яаш хийж дуусгаад, дараа нь телевизийн олон ангит кинонуудыг угсруулан үзэж эхэлдэг. Олон ангит киног угсруулан үзэх шалтгаан нь юу вэ? “Би ажлаа хийж дуусгасан; би Бурханы гэрт үнэгүй хоол идээгүй. Зүгээр л толгойгоо сэргээх гэж амарч байна. Тэгэхгүй бол хэтэрхий их ядраад, ажлын бүтээмж муудна. Ажлын бүтээмжээ сайжруулахын тулд би хэсэг зуур алжаалаа тайлъя.” Тэд шөнийн хоёр, гурван цаг хүртэл кино үзсээр байдаг. Маргааш нь бүх хүн 8 цаг гэхэд өглөөний цайгаа ууж дуусаад, үүргээ гүйцэтгэж эхлэхэд эдгээр зааварлагч унтсаар байдаг ба нар өндөрт хөөрчхөөд байхад ч орноосоо босдоггүй. Дараа нь тэд дурамжхан босож, залхуу биеэ чирэн, суниаж эвшээлгээд, бусад бүх хүн ажлаа эхлүүлснийг хараад залхуу байдлыг нь бусад нь анзаарна гэж айсандаа “Би урьд шөнө хэтэрхий оройтож унтсан, хийх юм маш их, ажлын ачаалал дэндүү их байна. Би жаахан ядарч байна. Урд шөнө бүр ажлын зарим хэсэгт асуудал гарч гэж зүүдэллээ. Өнөө өглөө сэрэхэд хоёр гар минь компьютер дээр юм бичиж байгаа байрлалтай байсан. Миний оюун ухаан үнэхээр бүдэг бадаг байгаа тул үдээс хойш ч бас дугхийх хэрэгтэй байна” хэмээн шалтаг хайж эхэлдэг. Тэд ийм орой босчхоод үдээс хойш ч бас дугхийх хэрэгтэй байдаг—тэд гахай болсон биш үү? Тэд илт хойрголж байгаа хэр нь өөрсдийгөө зөвтгөж, өмөөрөхийн тулд шалтаг тоочиж, шөнө орой болтол үүргээ гүйцэтгээд ядарлаа гэдэг. Тэд олон ангит кино угсруулан үзэж, махан биеийн тав тухад ташуурч, өөрийгөө өөгшүүлсэн байдалтай амьдардаг нь илэрхий атал эцэстээ бүр бусдыг хууран мэхлэхийн тулд сайхан сонсогдохуйц шалтаг тоочдог. Энэ нь хийвэл зохих ажлаа хийхгүй байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Иймэрхүү хүмүүс ажлын чадамжтай, мэргэжлийн ур чадвартай байж болох ч зааварлагчдын хувьд стандартад нийцэх үү? Мэдээж үгүй. Тэд хэтэрхий залхуу, махан биеийн тав тухад ташуурдаг, хоол, нойр, зугаа цэнгэлд шунаж, зааварлагчийн үүрэг хариуцлагыг үүрч, биелүүлж чадахгүй учраас зааварлагч байхад тохирохгүй.
Зарим эмэгтэйчүүд үргэлж хувцас, гутал, оо энгэсэг, хоол хүнс онлайнаар үздэг бөгөөд үзэж дууссаныхаа дараа олон ангит киног угсруулан үзэж эхэлдэг. Хүмүүс: “Чи ажлаа дуусгаагүй байж яагаад олон ангит кино үзээд байгаа юм бэ? Үүнээс гадна, бусад хүнд маш олон асуудал байсаар байгаа. Зааварлагчийн хувиар чи тэдэнд удирдамж өгөх ёстой. Яагаад чи хариуцлагаа хүлээхгүй байгаа юм бэ?” гэдэг. Энэ эмэгтэйчүүд: “Олон ангит кино үзэх нь ч бас миний ажлын нэг хэсэг. Бурханы гэрийн видео болон киног хөгжүүлэх шаардлагатай, би энэ олон ангит кинонуудаас урам зориг олох хэрэгтэй!” гэж хэлдэг. Энэ нь хуурч мэхэлсэн үг биш гэж үү? Хэрвээ чи энэ мэргэжлийг эрхэлдэг бол урам зориг авахын тулд олон ангит кино хааяа үзэх нь боломжийн боловч өдөржин шөнөжин үргэлжлүүлэн үзэх нь урам зориг хайж байгаа хэрэг үү? Ингэх нь ов мэхтэй байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Юу болж байгааг хүн бүр мэдэж байгаа тул ийм зүйл хэлэх нь нэр төр, ёс жудгаа худалдаж буй хэрэг. Зарим хүн аль хэдийн видео тоглоом тоглох зуршилтай болсон, амьдралынх нь ердийн нэг хэсэг болсон байдаг. Гэхдээ зааварлагчаар сонгогдсоныхоо дараа тэд энэ муу зуршил, дутагдлуудаа өөрчлөх ёстой биш үү? (Тийм.) Хэрвээ чи тэдгээрээс урваж чадахгүй бол зааварлагчаар сонгогдох үедээ “Би энэ ажлыг хариуцаж чадахгүй. Би видео тоглоом тоглоход донтсон. Тоглоом тоглох үедээ би ухаанаа алддаг, хэн ч надад саад болж, намайг ятгаж чадахгүй. Хэрвээ та нар намайг сонговол энэ нь ажлыг гарцаагүй саатуулна. Тиймээс хурдал, намайг битгий зааварлагч болго” гэж хэлэх ёстой. Хэрвээ чи энийг урьдчилан мэдэгдэхгүй, сонгогдох үедээ баярлаж, бардамнаж, энэ байр суурийг нандигнадаг ч зааварлагч байх үедээ урьдын адил хүссэнээрээ видео тоглоом тоглосоор байвал энэ нь зохисгүй бөгөөд ажлыг саатуулах нь гарцаагүй.
Зарим зааварлагч зарим нэг муу зуршилтай байдаг. Ах эгч нар тэднийг сонгох үед зарим нь тэдний нөхцөл байдлыг ойлгодоггүй, харин зарим нь энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы төлөө бүтэн цагаар зарлагадаж чадна гэж үзээд, нас ахиж, үнэнийг үргэлжлүүлэн ойлгохын хэрээр залуусын муу зуршил, дутагдал аажмаар өөрчлөгдөж магадгүй гэж боддог. Энэ хүмүүсийг зааварлагчаар сонгохдоо олон хүн ийм хандлага, үзэл бодол өвөрлөдөг. Энэ хүмүүс сонгогдсоныхоо дараа жаахан ажил хийдэг ч төд удалгүй сөрөг болж, “Зааварлагч байх амаргүй юм. Би өглөө эрт босож, оройтож унтах ёстой, алхам тутамдаа бусад хүнээс илүү ихийг хийж, илүү ихийг ажиглах ёстой. Би бас илүү их санаа зовж, илүү их цаг хугацаа, эрч хүчээ зарцуулах ёстой. Энэ ажил хэцүү; дэндүү ядаргаатай юм!” гэж боддог. Үр дүнд нь тэд болих тухай боддог. Хэрвээ чи ачаа үүрдэггүй бол зааварлагчийн ажил хийж чадахгүй. Чи зүрх сэтгэлдээ ачаа үүрдэг бол ажлын талаар санаа зовоход бэлэн байж, бусдаас арай илүү ядарлаа ч гэсэн зовж байгаа юм шиг санагдахгүй. Амрах цаг боллоо ч гэсэн чи “Өнөөдрийн ажил яаж явагдсан бэ?” гэж бодсоор байх болно. Хэрвээ чи шийдвэрлэгдэлгүй үлдсэн нэг асуудлыг гэнэт санавал унтаж чадахгүй. Зүрх сэтгэлдээ ачаа үүрдэг бол чи үргэлж ажлын талаар бодох бөгөөд хэр сайн идэж, амарч байгаагаа хүртэл тоохгүй. Хэрвээ хүмүүс зааварлагчийн хувиар хэтэрхий бага ачаа үүрдэг бол өчүүхэн жаахан урам зориг нь хэдхэн өдөр л үргэлжлэх ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зарим нь цаашид тэвчиж чадахаа болино. Тэд “Энэ ажил маш ядаргаатай юм. Өөрийгөө жаахан зугаацуулж, алжаалаа тайлах арга юу билээ? Жаахан видео тоглоом тоглоё” гэж боддог. Тэд богинохон хугацаанд сайн ажилладаг ч гэнэтхэн видео тоглоом тоглох хүсэл төрдөг. Тоглож эхэлмэгцээ тэд больж чадахгүй; нэгэнтээ үүрч байсан жаахан ачаа нь тоглохын хэрээр үгүй болж, үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийгөө зарлагадах урам зориг, шийдэмгий байдал, эерэг хандлага нь ч бас замхардаг. Хэн нэгэн хүн тэднээс ямар нэг зүйл асуухад тэд тэвчээр алддаг. Тэд нэг бол хүмүүсийг засаж, сургамжилж, тохуурхдаг, аль эсвэл юмыг хааш яаш хийж, ажлаа орхидог. Энэ зааварлагчдад асуудал байгаа биш үү? (Тийм.) Өдрийн цагаар тэд будилуу байдлаар ажлаа арай ядан амжуулж, шөнө нь хэн ч хараагүй байх үед нууцаар видео тоглоом тоглож, шөнөжин цурам хийдэггүй. Эхэндээ тэд “Би өдрийн цагаар ажлаа хойшлуулаагүй. Хийх ёстой бүх ажлаа хийсэн. Би бусдын асуусан бүх асуудлыг шийдвэрлэсэн. Би шөнө унталгүй видео тоглоом тоглох цаг гаргалаа ч энэ бүхэн нь үнэнч байдалд тооцогдохгүй гэж үү?” гэж бодоод сэтгэл амар байдаг. Үр дүнд нь тэд видео тоглоом тоглож эхэлмэгцээ больж чаддаггүй, хэний ч үгийг сонсдоггүй. Хэдийгээр энэ нь бусад хүний амралт юм уу ажлын орчинд нөлөөлдөггүй ч ийм зааварлагчид ажлаа хариуцсан хэвээр байж чадах уу? Ажлаа сайн хийж чадах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд үргэлж шөнөжингөө унталгүй видео тоглоом тоглож, өдрийн цагаар ажиллах ёстой болдог—нэг хүн хэр их эрч хүчтэй байж чадах вэ? Тэд ингэж видео тоглоом тоглохтой зууралдаад байвал ажлын үр ашиг нь өндөр байх уу? Яавч үгүй. Тиймээс тийм зааварлагчид үүргээ гүйцэтгэж, эсвэл ажлаа хариуцаж огт чадахгүй. Хэдийгээр тэд мэргэжлийн ур чадвартай, жаахан хэв чанартай ч тоглох дуртай бөгөөд хийвэл зохих ажлаа хийдэггүй. Ийм зааварлагчдыг халах ёстой биш үү? Хэрвээ тэднийг халахгүй бол ажил саатна. Зарим хүн: “Хэрвээ тэднийг халбал бид тэдэн шиг мэргэжлийн ур чадвартай өөр хүн олж чадахгүй. Тэднээр энэ ажлыг хийлгэх ёстой—тэд видео тоглоом тоглодог ч гэсэн энэ ажлыг хариуцаж чадна” гэдэг. Ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй, буруу.) Хүн нэг дор хоёр зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй; хүмүүс хязгаарлагдмал эрч хүчтэй байдаг. Хэрвээ чи ихэнх эрч хүчээ тоглоход төвлөрүүлбэл үүргээ үнэнчээр гүйцэтгэхэд чинь нөлөөлж, үүргээ үр ашигтай гүйцэтгэх нь эрс багасна. Энэ бол үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандаж буй хэрэг юм. Хүн бүхий л зүрх сэтгэл, хамаг эрч хүчээ үүрэгтээ зориулсан ч гэсэн үр дүн нь зуун хувь стандартад нийцэх албагүй. Чи зүрх сэтгэл болон ихэнх эрч хүчээ тоглоом тоглоход төвлөрүүлбэл бүр ч долоон дор юм болно, чамд үүргээ гүйцэтгэхдээ зарцуулах эрч хүч, бодол санаа төдийлөн их үлдэхгүй бөгөөд үүргээ үр ашигтай гүйцэтгэхэд чинь нөлөөлнө. Нөлөөлнө гэж хэлэх нь болгоомжтой хэлж буй хэрэг; үнэн хэрэгтээ үүргээ гүйцэтгэх үр нөлөө чинь ноцтой хохирол амсана. Тийм зааварлагчдыг олж тогтоовол цаг алдалгүй дахин хуваарилж, халах ёстой, учир нь тэд аль хэдийн засал авахааргүй болсон. Тэдний үүргийн гүйцэтгэл л стандартад нийцэхгүй байгаа юм биш—тэд угаасаа энэ ажлыг хариуцах чадваргүй, ажилдаа ямар ч эерэг үр нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс мэргэжлийн ур чадвар арай багатай ч нухацтай, хариуцлагатай хүнийг олж тэдний ажлыг хариуцуулах нь тэднээс илүү дээр сонголт байх болно.
Дөнгөж сая Би хоол, нойр, зугаа цэнгэлд шунадаг янз бүрийн хүмүүсийн тухай нөхөрлөлөө. Дахиад өөр нэг төрлийн хүн бий. Анх зааварлагчдыг сонгох үед ийм төрлийн хүн уг үүрэг рольд бүх талаар тохиромжтой мэт харагддаг бөгөөд ах, эгч нар түүнийг сонгоход бэлэн байдаг. Тэд энэ хүн сайн хүн чанартай, урам зоригтой, мэргэжилдээ чадварлаг, бас баг дотроо бүх талаар шилдэг, хамгийн хүчтэй нь гэж бодож, түүнийг зааварлагчийн байр сууринд тохирох мэдээжийн сонголт болгодог. Гэсэн хэдий ч сонгосноос хойш хэсэг хугацааны дараа энэ хүн байнга нойрмог байх болж, бүр цуглааны үеэр ч нойрмоглож эхэлдэг. Бусад нь түүнтэй ярих үед тэр үргэлж будилж, асуултад хамааралгүй хариулт өгдөг. Тэр урьд нь ийм байгаагүй байж яагаад гэнэт өөр хүн болчихсон юм шиг санагддаг билээ? Хожим нь нэг хүн, энэ зааварлагчийн нэг хүнтэй ярилцаж байгаа нь хайр дурлалын харилцаатай мэт сонсогдож байгааг санаандгүй олж мэдээд, тэд үнэхээр хайр сэтгэлийн харилцаатай эсэх талаар таамаглал гарч ирдэг. Энэ хэрэг явдал илэрхий болох тусам энэ зааварлагч улам бүр будилдаг. Түүнээс асуулт асуух юм уу ямар нэг зүйлийн талаар ярилцахад хариулт нь урьдынх шигээ хурдан биш, өмнөх шигээ тодорхой, ойлгомжтой сонсогддоггүй. Тэрээр зааварлагчийн хийх ёстой ажлыг улам бага хийж эхэлдэг бөгөөд үүргээ гүйцэтгэх урам зориг нь улам бүр багасдаг. Тэр яг л өөр хүн болчихсон мэт байдаг; хувцас хунар, хувийн арчилгаандаа урьдынхаас илүү анхаарал тавьдаг. Энд нэг асуудал бий. Өмнө нь завгүй ажилтай байх хугацаандаа тэд усанд бараг ордоггүй байсан ч одоо нүүрээ өдөрт хоёр удаа угааж, боломж гарах бүрд үсээ самнаж, толинд харж, бусдаас байнга “Сүүлийн үед миний арьс илүү цайвар болсон гэж чи бодож байна уу, эсвэл илүү бараан болсон гэж бодож байна уу? Яагаад би илүү бараан болсон юм шиг харагдаж байна вэ?” хэмээн асуудаг. Хүмүүс “Зааварлагч та ийм юм ярих чинь маш хөнгөмсөг хэрэг—илүү цайвар юм уу бараан болох нь юунд нөлөөлнө гэж?” гэж хариулдаг. Тэд эдгээр ялихгүй сэдвийн талаар байнга ярьж, ажлаа хийх бодолгүй байдаг. Тэд боломж олдох бүрд хувцас хунар, эмэгтэйчүүд, эрчүүд, хайр дурлал, хүмүүс ямархуу хань ижил сонгох талаар ярилцдаг ч үүргээ гүйцэтгэхэд нь гарсан асуудлыг юм уу тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэзээ ч ярьдаггүй. Энд асуудал байгаа биш үү? Тэд ажлаа хийсэн хэвээр байж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэдний сэтгэлгээ өөрчлөгдсөн, үүргээ гүйцэтгэх явдал тэдний бодол санаанд байхаа больсон. Оронд нь тэдний оюун санаанд хэрхэн хайр дурлалын харилцаа үүсгэх, хэрхэн хувцаслах, эсрэг хүйстнээ хэрхэн өөртөө татах тухай бодол өдөржин эргэлддэг. Шүтлэггүй хүмүүсийн дунд “дурлах” гэх хэллэг байдаг. Энэ хайр мөн үү? Үгүй, энэ бол гүнзгий нүх! Нэг л орсон бол чи буцаж гарч чадахгүй. Үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудын дунд иймэрхүү хүмүүс байдаг уу? (Байдаг.) Бурханы гэр үерхэх хүн хайж байгаа хүмүүст саад болдоггүй ч хэрвээ тэд ингэснээрээ чуулганы амьдралыг үймүүлж, чуулганы ажилд нөлөөлбөл тэр хүмүүсийг цэвэрлэх шаардлагатай. Тэр хосууд өөрсдөө болзоонд явж, бусад хүнд нөлөөлөхгүй байх ёстой. Хэрвээ чи бүх амьдралаа Бурханы төлөө зарлагадахад өөрийгөө зориулсан хүн бөгөөд хайр дурлалын харилцаанд орохгүй гэж шийдсэн бол өөрийгөө Бурханы төлөө зарлагадахад анхаар. Хэрвээ чи хайр дурлалын харилцаанд ороод, ажлаа цаашид хиймээргүй санагдаж байгаа бол зааварлагчийн үүргийг гүйцэтгэх ёсгүй, Бурханы гэр өөр хүнийг энэ байр сууринд сонгоно. Чиний хайр дурлалын харилцаа Бурханы гэрийн ажлыг саатуулж, нөлөөлөх ёсгүй. Ажил үргэлжлэх ёстой. Яаж үргэлжлэх боломжтой вэ? Хайр дурлалын харилцаагүй, мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлыг хариуцаж чадах өөр зааварлагчийг сонгоод, чиний ажлыг шилжүүлж өгснөөр. Бурханы гэр үргэлж ийм маягаар ажилладаг бөгөөд энэ зарчим өөрчлөгдөлгүй байсаар байдаг. Зарим зааварлагч: “Миний хайр дурлалын харилцаа ажилд минь нөлөөлдөггүй; би үргэлжлүүлэн хариуцъя” гэдэг. Бид энэ үгэнд итгэж болох уу? (Үгүй, болохгүй.) Яагаад итгэж болохгүй вэ? Учир нь баримтууд бүгдэд илэрхий байгаа! Хүн хайр дурлалын харилцаатай байх үедээ хайр сэтгэлийн хамтрагчаа л бодож, зүрх сэтгэлийг нь ийм зүйл эзэмддэг тул цуглааны үеэр байнга нойрмоглоод, үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Тиймээс Бурханы гэрийн ийм хүмүүстэй харьцах арга зам зөв зүйтэй бөгөөд зарчимд нийцдэг. Бурханы гэр хайр дурлалын харилцаанд чинь саад болдоггүй, болзох эрх чөлөөг чинь ч хасдаггүй. Чи сэтгэлээ ханатал хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаанд орж болно: хожим нь харамсахгүй, уйлахгүй л бол тэр нь өөрийн чинь шийдвэр. Зарим зааварлагч хайр сэтгэлийн харилцаанаас болж халагдсан. Зарим хүн: “Хүн хайр дурлалын харилцаанд ормогц Бурханд итгэж болдоггүй юм уу?” гэж асуудаг. Бурханы гэр хэзээ ч тэгж хэлээгүй. Хайр дурлалын харилцаатай бүх хүнийг Бурханы гэр голж, хөөх тохиолдол байдаг уу? (Үгүй.) Хэрвээ чи хайр дурлалын харилцаатай бол зааварлагч, удирдагч, эсвэл ажилчин байж болохгүй бөгөөд хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ өөрийгөө зориулахгүй бол бүтэн цагийн үүрэгтэй чуулганаас явах ёстой. Чамайг цаашид Бурханд итгэж болохгүй, эсвэл хөөгдөнө гэж хэн нэгэн хэлсэн үү? Чамайг аврагдаж чадахгүй, хараагдах болно гэж хэн нэгэн шийдвэр гаргасан уу? (Үгүй.) Бурханы гэр хэзээ ч тийм зүйл хэлээгүй. Бурханы гэр чиний хувийн сонголт, эрх чөлөөнд огтхон ч саад болдоггүй; чиний ямар ч эрх чөлөөг огт хасдаггүй, чамд эрх чөлөө өгдөг. Гэхдээ иймэрхүү зааварлагчийн тухайд гэвэл түүнтэй харьцах Бурханы гэрийн зарчим нь түүнийг чөлөөлөөд, түүнийг орлох тохиромжтой хүнийг олох явдал. Хэрвээ тэр үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхэд тохиромжтой бол түүнийг авч үлдэж болно. Тохирохгүй бол түүнийг явуулна. Тэднийг зодохгүй, загнахгүй, доромжлохгүй. Энэ бол ичгүүртэй явдал биш; тун хэвийн зүйл. Тиймээс хүмүүс хайр дурлалын харилцаанаасаа болоод байр сууринаасаа халагдаж, энгийн чуулганууд руу шилжих нь ичмээр хэрэг үү? Тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байгаагүй, үнэнийг сонирхоогүй, өөрсдийн амь-оролтын төлөө огт ачаа үүрээгүй гэдгийг л энэ нь илтгэдэг. Иймэрхүү зааварлагч хийвэл зохих ажлаа хийдэггүй, зөвхөн хайр дурлалын харилцаанд анхаардгийн улмаас чуулганы ажил саатаж, чуулганы ажлын ахиц дэвшилд аль хэдийн нөлөөлсөн нь ноцтой асуудал биш гэж үү? (Мөн.) Тиймээс иймэрхүү зааварлагчийг авч үлдэхэд тохиромжгүй бөгөөд байр сууринаас нь халах ёстой. Зарим хүн: “Түүнийг халах нь арай дэндүү яарсан хэрэг биш үү?” гэдэг. Хайр сэтгэлийн харилцаа эхэлсэн цагаас халагдах хугацаа хүртэл ганц, хоёрхон өдөр өнгөрсөн бол тэрийг яарсанд тооцож болох юм. Харин гурваас таван сар өнгөрсөн бол тэрийг яарсан гэж үзэх үү? (Үгүй.) Хангалттай удаж байж арга хэмжээ авсан, ажил аль хэдийн маш их саатсан—чи яаж түгшихгүй байж чадаж байна вэ? Энэ асуудал биш гэж үү? (Тийм ээ, асуудал мөн.)
Бодитой ажил хийхгүй байгаа, хийвэл зохих ажлаа хийхгүй байгаа зааварлагчдын талаар хуурамч удирдагчид хэзээ ч асууж лавладаггүй. Тэд өөрсдийгөө зүгээр л нэг зааварлагч сонгох хэрэгтэй, тэгээд л болно, дараа нь зааварлагч ажлын бүх хэрэг явдлыг өөрөө зохицуулж чадна гэж боддог. Тиймээс хуурамч удирдагчид ердөө л хааяа нэг цуглаан хийдэг ба ажлыг хянадаггүй, хэр явагдаж байгааг нь асуудаггүй, хөндлөнгөөс оролцдоггүй дарга шиг авирладаг. Зааварлагч асуудалтай байгааг хэн нэгэн хүн мэдээлбэл хуурамч удирдагч: “Энэ зүгээр л жижиг асуудал, зүгээр ээ. Та нар өөрсдөө зохицуулж чадна. Надаас битгий асуу” гэж хэлнэ. Уг асуудлыг мэдээлсэн хүн: “Тэр зааварлагч бол залхуу хоолны тулам. Тэр зөвхөн хоол унд, зугаа цэнгэлд л анхаардаг, бас туйлын залхуу. Үүрэгтээ өчүүхэн төдий бэрхшээл туулахыг ч хүсдэггүй, үргэлж ов мэх гарган хойрголж, ажлаасаа зайлсхийж, үүрэг хариуцлагаасаа бултахын тулд шалтаг тоочдог. Зааварлагч байхад тохирохгүй” гэж хэлбэл хуурамч удирдагч: “Зааварлагчаар сонгогдох үедээ тэр маш сайн байсан. Чиний хэлж байгаа худлаа, үнэн байсан ч гэсэн энэ бол зүгээр л түр зуурын илрэл” гэж хариулна. Хуурамч удирдагч зааварлагчийн нөхцөл байдлын талаар илүү ихийг олж мэдэх гэж оролдохгүй, харин ч уг зааварлагчийн талаарх урьдын сэтгэгдэлдээ үндэслэн хэрэг явдлыг шүүж, шийдвэр гаргадаг. Зааварлагчийн асуудлыг хэн мэдээлснээс үл хамааран, хуурамч удирдагч үүнийг үл тооно. Зааварлагч бодитой ажил хийхгүй, чуулганы ажил бараг зогссон ч хуурамч удирдагч тоохгүй, өөрт нь огт хамаагүй юм шиг байдаг. Хэн нэгэн хүн зааварлагчийн асуудлыг мэдээлэхэд тэд хараагүй царайлдаг нь хангалттай зэвүүцмээр хэрэг. Гэхдээ хамгийн жигшүүртэй нь юу гээч? Хүмүүс зааварлагчтай холбоотой үнэхээр ноцтой асуудлыг мэдээлэх үед тэд эдгээрийг зохицуулах гэж оролдохгүй, тэр ч байтугай элдэв янзын шалтаг тоочиж, “Би энэ зааварлагчийг мэднэ, тэр Бурханд үнэхээр итгэдэг, хэзээ ч, ямар ч асуудал гаргахгүй. Түүнд үнэхээр жаахан асуудал байлаа ч гэсэн Бурхан түүнийг хамгаалж, сахилгажуулна. Тэр ямар нэг алдаа гаргавал тэр нь Бурхан тэр хоёрын л хэрэг—бид үүнд санаа зовох шаардлагагүй” гэж хэлнэ. Хуурамч удирдагчид ийм маягаар өөрсдийн үзэл, төсөөллийн дагуу ажилладаг. Тэд үнэнийг ойлгодог, итгэлтэй мэт дүр эсгэдэг ч чуулганы ажлыг бусниулдаг—тэр ч бүү хэл чуулганы ажил зогсонги байдалд орж, тэд үүнийг мэдээгүй юм шиг царайлсаар байх болно. Хуурамч удирдагчид хэтэрхий хүнд сурталтай байгаа биш үү? Тэд өөрсдөө бодитой ажил хийж чадахгүй, багийн удирдагчид, зааварлагчдын ажилд ч нягт нямбай ханддаггүй—тэд үүнийг хянан дагаж, асууж лавладаггүй. Хүмүүсийн талаарх үзэл бодол нь зөвхөн өөрсдийнх нь сэтгэгдэл, төсөөлөлд үндэслэдэг. Хэн нэгэн хүн хэсэг хугацаанд сайн ажиллаж буйг харах үедээ тэд энэ хүн үүрд сайн байна, өөрчлөгдөхгүй гэж боддог; энэ хүнд асуудал байна гэж хэлсэн хэнд ч итгэдэггүй, тэр хүний талаар хэн нэгэн анхааруулахад үл тоомсорлодог. Та нарын бодлоор хуурамч удирдагчид тэнэг үү? Тэд тэнэг, мунхаг. Юу тэднийг тэнэг болгодог вэ? Тэд нэг хүнд хөнгөн хуумгайгаар итгэл тавьж, энэ хүн сонгогдох үедээ тангараг өргөж, шийдвэр гаргаж, нулимс урсган залбирсан учраас найдвартай гэсэн үг, энэ хүнд ажил хариуцуулахад хэзээ ч, ямар ч асуудал гарахгүй гэж үздэг. Хуурамч удирдагчид хүмүүсийн уг чанарыг огт ойлгодоггүй; завхарсан хүн төрөлхтний жинхэнэ нөхцөл байдлыг мэддэггүй. Тэд: “Хүн зааварлагчаар сонгогдсон байтал яахаараа муу тал руугаа өөрчлөгдөж болох юм бэ? Маш нухацтай, найдвартай санагддаг хүн яаж ажлаасаа зайлсхийж чадах юм бэ? Тэгэхгүй, тийм биз дээ? Тэд маш ёс жудагтай” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид өөрсдийн төсөөлөл, мэдрэмжид хэтэрхий их итгэдэг учраас энэ нь эцэстээ чуулганы ажилд гардаг олон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чадахгүй байхад хүргэж, тухайн зааварлагчийг цаг алдалгүй чөлөөлж, дахин хуваарилахад нь саад болдог. Тэд бол жинхэнэ хуурамч удирдагчид. Энд яг ямар асуудал байна вэ? Хуурамч удирдагчдын ажилдаа хандах арга зам нь хааш яаш байдалтай холбоотой юу? Нэг талаар, тэд агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг улайран баривчилж байгааг харсан тул өөрсдийгөө аюулгүй байлгахын тулд хэн нэгэнд ажил хариуцуулахаар санаан зоргоор зохицуулж, ингэх нь асуудлыг шийдвэрлэнэ, үүнд цаашид анхаарал хандуулах шаардлагагүй гэж боддог. Тэд зүрх сэтгэлдээ юу боддог вэ? “Ийм дайсагнасан орчинд би нэг хэсэгтээ нуугдах ёстой.” Энэ нь махан биеийн тав тухад шунаж буй хэрэг мөн биз дээ? Нөгөө талаар хуурамч удирдагчдад нэг хөнөөлт сул тал байдаг: Тэд өөрсдийн төсөөлөлд үндэслэн хүмүүст хурдан итгэдэг. Энэ нь үнэнийг ойлгоогүйгээс болж байгаа, тийм биз дээ? Бурханы үг завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг хэрхэн илчилдэг вэ? Бурхан итгэхгүй байхад тэд яагаад хүмүүст итгэх ёстой гэж? Хуурамч удирдагчид дэндүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, тийм биз дээ? Тэд “Би энэ хүнийг буруу үнэлсэн байж таарахгүй, миний тохиромжтой гэж үзсэн энэ хүнд ямар ч асуудал байх ёсгүй; тэр бол идэж, ууж, зугаа цэнгэлд ташуурдаг, эсвэл тав тухад дурлаж, шаргуу ажлыг үзэн яддаг хүн лавтайяа биш. Тэр туйлын найдвартай, итгэл даахуйц хүн. Тэр өөрчлөгдөхгүй; хэрвээ өөрчлөгдвөл би түүнийг буруу бодсон гэсэн үг болох биш үү?” гэж боддог. Энэ ямар гээч логик вэ? Чи нэг төрлийн мэргэжилтэн юм уу? Чи рентген нүдтэй юм уу? Тийм онцгой ур чадвартай юм уу? Чи нэг, хоёр жил нэг хүнтэй хамт амьдарч болох ч уг чанар-мөн чанарыг нь бүрэн ил болгох тохиромжтой орчин байхгүй бол тэр хүн үнэхээр хэн болохыг харж чадах уу? Хэрвээ Бурхан түүнийг илчлээгүй бол чи гурав, эсвэл бүр таван жил түүнтэй зэрэгцэн амьдарсан байлаа ч яг ямархуу уг чанар-мөн чанартай болохыг нь харахад амаргүй л байх байсан. Чи түүнтэй бараг уулздаггүй, бараг хамт байдаггүй бол энэ нь бүр ч үнэн байх биш үү? Хуурамч удирдагчид түр зуурын сэтгэгдэл юм уу тэр хүний талаарх өөр нэгний эерэг үнэлгээнд үндэслэн хүнд хөнгөн хуумгай итгэж, тийм хүнд чуулганы ажлыг даатгаж зүрхэлдэг. Ингэснээрээ тэд хэтэрхий харалган байгаа юм биш үү? Тэд болчимгүй авирлаж байгаа юм биш үү? Ингэж ажиллах үедээ хуурамч удирдагчид дэндүү хариуцлагагүй байгаа биш үү? Дээд шатны удирдагч, ажилчид тэднээс “Чи тэр зааварлагчийн ажлыг шалгасан уу? Түүний ёс жудаг, хэв чанар ямархуу вэ? Ажилдаа хариуцлагатай ханддаг уу? Ажил хариуцаж чадах уу?” гэж асуухад хуурамч удирдагчид: “Тэр гарцаагүй чадна! Сонгогдох үедээ тэр тангараглаж, шийдвэр гаргасан. Бичгээр үйлдсэн тангараг нь надад одоо ч байгаа. Тэр ажлыг хариуцаж чадах ёстой” гэж хариулдаг. Хуурамч удирдагчдын үгийг юу гэж бодож байна? Энэ хүн амлалтаа илэрхийлж тангараг өргөсөн юм чинь гарцаагүй хэлсэндээ хүрч чадна гэж тэд боддог. Энэ үг хүчинтэй юу? Өнөө үед амласнаа биелүүлж чаддаг хүн хэд байна вэ? Шийдсэн зүйлээ хэрэгжүүлдэг үнэнч шударга хүн хэр олон бэ? Хүн тангараг өргөлөө гээд тэрийгээ биелүүлнэ гэсэн үг биш. Чи тэднээс “Зааварлагч өөрчлөгдөхгүй гэсэн баталгаа өгч чадах уу? Насан туршдаа үнэнч байна гэсэн баталгаа гаргаж чадах уу? Бурхан хүмүүсийг илчлэхийг хүсэх үедээ тэднийг шалгах янз бүрийн орчныг бүрдүүлдэг. Чи ямар үндэслэлээр түүнийг найдвартай гэж хэлж байгаа юм бэ? Түүнийг шалгаж судалсан юм уу?” гэж асуулаа гэж бодъё. Хуурамч удирдагчид “Тэгэх шаардлагагүй. Ах, эгч нар бүгд түүнийг найдвартай гэж хэлсэн” хэмээн хариулдаг. Энэ үг ч бас буруу. Ах, эгч нар түүнийг сайн гэж хэллээ гээд хүн үнэхээр сайн байх уу? Ах, эгч нар бүгд үнэнтэй гэж үү? Тэд бүгд юмыг нэвт харж чадах уу? Ах, эгч нар бүгд энэ хүнтэй танил уу? Энэ тайлбар бүр ч жигшмээр! Үнэн хэрэгтээ тэр хүн аль эрт илчлэгдсэн. Тэрээр Ариун Сүнсний ажлыг алдсан бөгөөд амар хялбарыг хайрлаж, шаргуу ажлыг үзэн яддаг, ховдоглож, залхуурдаг, хийвэл зохих ажлаа хийдэггүй өөдгүй араншин нь аль хэдийн ил болсон. Үүнийг огт мэдэхгүй хэвээр байгаа хуурамч удирдагчдыг эс тооцвол бусад бүх хүн тэднийг аль хэдийн нэвт харсан—зөвхөн хуурамч удирдагчид л тэр хүнд ингэж их итгэсэн хэвээр байгаа. Энэ хуурамч удирдагчид ямар хэрэгтэй юм бэ? Тэд ямар ч хэрэггүй хүмүүс биш үү? Дээрх газар дээр нь очиж судалж, асууж лавлаад тодорхой зааварлагчдын янз бүрийн илрэлийн талаар мэдэж авсан зарим тохиолдол хүртэл байдаг байхад удирдагчид огт мэдэхгүй хэвээр байдаг. Энэ асуудал биш гэж үү? Энэ удирдагчид бол жинхэнэ хуурамч удирдагчид юм. Тэд бодитой ажил хийдэггүй, зүгээр л хүнд сурталтнууд, мөн хөндлөнгөөс оролцдоггүй дарга нартай адилхан, багахан ажил хийгээд, түүгээрээ амь зууж, өөрсдийгөө зугаацуулах эрхтэй гэж боддог, ямар нэг асуудал гарахад гар сунган тусалдаггүй. Чи байр суурийн ашиг тусыг эдлэх ямар эрхтэй юм бэ? Үнэхээр ичгүүр сонжуургүй! Хуурамч удирдагчид ажиллах үедээ хэзээ ч, ямар ч ажлыг шалгадаггүй, ажлын ахицын талаар асууж лавладаггүй, янз бүрийн багийн зааварлагчдын нөхцөл байдлыг лавтайяа судалдаггүй. Тэд зөвхөн ажил хуваарилж, зааварлагчдыг зохицуулаад, дараа нь хийх юмаа хийчихсэн, ажлаа нэг дор, бүрмөсөн хийж дуусгасан гэж боддог. Тэд “Энэ ажлыг нэг хүн хариуцаж байгаа тул энэ миний хэрэг биш болсон. Би өөрийгөө зугаацуулж болно” гэж үздэг. Энэ нь ажил хийж байгаа хэрэг мөн үү? Ингэж ажилладаг хэн боловч эргэлзээгүй хуурамч удирдагч—чуулганы ажлыг саатуулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлодог хуурамч удирдагч юм.
Хуурамч удирдагчид янз бүрийн багийн зааварлагчдын ажлын нөхцөл байдлыг хэзээ ч асууж лавладаггүй, хянан дагадаггүй. Тэд бас янз бүрийн багийн зааварлагчид болон төрөл бүрийн чухал ажил хариуцсан ажилтнуудын амь-оролт, мөн чуулганы ажил болон үүрэгтээ хандах хандлага, Бурханд итгэх итгэл, үнэн болон Бурханд Өөрт нь хандах хандлагыг асууж лавладаггүй, хянан дагадаггүй, ухамсарладаггүй. Энэ хүмүүс өөрчлөгдсөн үү, өссөн үү гэдгийг мэддэггүй, тэдний ажилд байж болох янз бүрийн асуудлын талаар ч мэддэггүй; ялангуяа ажлын янз бүрийн үе шатанд гарч буй алдаа, гажуудал чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод нөлөөлсөн эсэхийг, эдгээр алдаа, гажуудлыг ер нь зассан эсэхийг мэддэггүй. Тэд энэ бүх зүйлийн талаар огт мэддэггүй. Хэрвээ тэд эдгээр нарийн ширийн нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй бол асуудал гарах бүрд идэвхгүй болдог. Гэхдээ хуурамч удирдагчид ажлаа хийж байхдаа эдгээр нарийн ширийн асуудлыг огт анхаардаггүй. Янз бүрийн багийн зааварлагчдыг зохицуулж, ажлыг хуваарилж өгсний дараа өөрсдийнх нь ажил дуусна гэж тэд боддог—ингэх нь ажлаа сайн хийсэнд тооцогдох бөгөөд өөр асуудал гарах юм бол тэдэнд ямар ч хамаагүй байдаг. Хуурамч удирдагчид янз бүрийн багийн зааварлагчдыг хянаж, чиглүүлж, хянан дагаж чаддаггүй, эдгээр талбарт хариуцлагаа биелүүлдэггүй учраас чуулганы ажлыг эмх замбараагүй болгоход хүрдэг. Энэ бол удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа цалгардуулж буй хэрэг юм. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжиж чадна; хүмүүст ийм чадвар байдаггүй. Тиймээс ажиллах үедээ хүмүүс илүү хичээнгүй, анхааралтай байж, чуулганы ажлын хэвийн ахиц дэвшлийг хангахын тулд ажлын талбар дээр тогтмол очиж, ажлыг хянан дагаж, хяналт тавьж, чиглүүлж байх хэрэгтэй. Мэдээж хуурамч удирдагчид ажилдаа огт хариуцлагагүй ханддаг, янз бүрийн ажлыг хэзээ ч зааварлаж, хянан дагаж, чиглүүлдэггүй. Үүний үр дүнд зарим зааварлагч ажилд гардаг янз бүрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй, ажил хийх хангалттай чадваргүй хэр нь зааварлагчийн үүрэгт ажилдаа үлддэг. Эцэст нь ажил ахин дахин хойшилж, тэд ажлыг ямар ч замбараагүй болгодог. Энэ бол хуурамч удирдагчид зааварлагчдын нөхцөл байдлын талаар асууж лавлаж, хяналт тавьж, хянан дагаагүйн үр дагавар, энэ нь бүхэлдээ хуурамч удирдагчид үүрэг хариуцлагаа цалгардуулснаас үүдэлтэй үр дүн юм. Хуурамч удирдагчид ажлыг шалгадаггүй, хянан дагадаггүй, эсвэл асууж лавладаггүй, нөхцөл байдлыг цаг алдалгүй ухамсарлаж чаддаггүй учраас зааварлагчид бодитой ажил хийж байна уу, ажил хэр явагдаж байна, бодитой үр дүн гаргасан уу гэх мэт зүйлийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Зааварлагчид юу хийгээд завгүй байгаа, эсвэл ямар тодорхой ажил хийж байгаа талаар асуух үед хуурамч удирдагчид: “Би мэдэхгүй, гэхдээ тэд цуглаан болгонд оролцдог, ажлын талаар тэдэнтэй ярилцах бүрд ямар нэг асуудал, бэрхшээлийн талаар ерөөсөө дурддаггүй” гэж хариулдаг. Зааварлагчид ажлаа орхиогүй, хайх бүрд үргэлж тэр хавьд байж л байх юм бол тэдэнд ямар ч асуудал алга гэж хуурамч удирдагчид боддог. Хуурамч удирдагчид ингэж ажилладаг. Энэ нь “хуурамч байдлын” илрэл биш гэж үү? Хариуцлагаа биелүүлж чадаагүй хэрэг биш гэж үү? Энэ бол үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг! Ажлаа хийхдээ хуурамч удирдагчид зөвхөн хэлбэрдэхэд л анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд бодитой үр дүнг эрж хайдаггүй. Гаднаа тэд байнга цуглаан хийж, жирийн хүнээс илүү завгүй харагддаг. Гэвч тэд ямар асуудлыг үнэхээр шийдвэрлэсэн, ямар тодорхой ажлыг сайн зохицуулсан, ямар үр дүнд хүрсэн гэдэг нь мэдэгдэхгүй хэвээр байдаг. Хуурамч удирдагчдыг өөрсдийг нь оролцуулаад хэн ч эдгээр зүйлийн талаар тодорхой хариулт өгч чадахгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байх боломжтой: Хүмүүс ажил дээрээ ямар ч асуудалтай байсан, энэ хуурамч удирдагчид хаанаас ч олддоггүй; газар дээр нь очиж хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж байхыг нь хэн ч, хэзээ ч хараагүй. Тэгвэл хуурамч удирдагчид өдөржингөө ямар ажил хийж байна вэ? Тэдний цуглаан ямар асуудлуудыг шийдвэрлэдэг вэ? Хэн ч лавтай мэдэхгүй бөгөөд тэдний ажлыг шалгах үед хуримтлагдсан, шийдвэрлэгдээгүй өч төчнөөн асуудлууд эцэст нь илэрдэг. Гаднаа хуурамч удирдагчид үнэхээр нэлээд завгүй харагддаг—тэд “үй олон хэрэг явдлыг зохицуулж байгаа.” Гэвч тэдний ажлыг шалгах үед үнэхээр замбараагүй байдаг; энэ нь эх захгүй, ямар ч үнэ цэнгүй байдаг бөгөөд энэ хуурамч удирдагчид жаахан ч болов бодитой ажил хийгээгүй нь илэрхий байдаг. Шийдвэрлээгүй орхисон өчнөөн олон бодитой асуудал байсаар байхад хуурамч удирдагчид ямар ч мөс чанарын ухамсаргүй, өөрийгөө огт буруутгадаггүй мэт байдаг. Түүгээр ч үл барам, тэд өөрсдөдөө ихэд сэтгэл хангалуун байх бөгөөд өөрсдийгөө нэлээд сайн гэж боддог; тэд үнэхээр эрүүл ухаангүй. Ийм хүмүүс чуулганд удирдагч, ажилчид байхад зохихгүй.
Бидний дөнгөж сая нөхөрлөсөн төрлийн зааварлагч нь мэргэжлээ мэддэг, ажлын чадвартай ч ачаа үүрдэггүй, хийвэл зохих ажлаа хийлгүй, ямар ч бодитой ажил хийлгүйгээр бүхэл өдөржингөө хоол, унд, зугаа цэнгэлд ташуурдаг. Хуурамч удирдагчид иймэрхүү зааварлагчийг цаг алдалгүй дахин хуваарилж, халж чаддаггүй бөгөөд энэ нь ажилд саад болж, үймүүлж, ажил амжилттай явагдахад саад хийдэг. Энэ нь хуурамч удирдагчдаас болдог биш үү? Хэдийгээр хуурамч удирдагчид үүнд шууд хариуцлага хүлээхгүй ч үүрэг хариуцлагаа цалгардуулж, хяналт тавих үүрэг ролио хэрэгжүүлж чадаагүйнх нь улмаас ажилд учирсан хохирлыг тэд шууд бусаар хариуцна. Энэ хуурамч удирдагчид хяналт тавих үүргээ биелүүлдэггүй, үүрэг хариуцлагаа цалгардуулдаг, эцэст нь чуулганы ажилд хохирол учруулдаг. Ажлыг хариуцах, үзлэг шалгалт хийх, хяналт тавих, түлхэц өгөх тохиромжтой зааварлагч байхгүйн улмаас зарим ажил бүр зогсонги байдалд орж, замбараагүй болдог. Ажилтнуудыг зүй бусаар ашиглах нь ажилд иймэрхүү хохирол учруулна. Хэдийгээр иймэрхүү зааварлагч жаахан хэв чанартай, уг мэргэжлийг бага зэрэг ойлгодог ч хийвэл зохих ажлаа хийдэггүй, ихэвчлэн өөрийнхөө замаар явдаг, зөв замыг дагадаггүй. Иймэрхүү зааварлагчийн асуудлыг хэн нэгэн мэдээлэхийг хуурамч удирдагчид сонслоо ч гэсэн цаг алдалгүй шалгаж, зохицуулдаггүй бөгөөд энэ нь эцэстээ чуулганы ажлыг царцаадаг. Энэ нь хуурамч удирдагчдын хариуцлагагүй байдлаас болдог биш үү? Тэр ч бүү хэл тэд хариуцлагаас бултахаар оролдож, өөрийгөө зааварлагчийн нөхцөл байдлыг ойлгоогүй, мунхаг, мэдлэггүй байсан хэмээн хэлж, ингэж хэлбэл асуудал дуусна, тэгвэл хариуцлага хүлээх шаардлагагүй гэж боддог. Ажлаа хийхдээ хуурамч удирдагчид үргэлж хааш яаш үйлддэг. Хүмүүс асуудал мэдээлэх үед ч гэсэн тэд асууж лавладаг ч үгүй, зохицуулдаг ч үгүй, юмс буруугаар эргэвэл хариуцлагаас бултах гэж оролддог. Энэ нь хуурамч удирдагчдын нэг илрэл юм.
II. Хэв чанар муутай, ажлын чадваргүй зааварлагчдад хуурамч удирдагчид хэрхэн ханддаг вэ
Хуурамч удирдагчдыг ажиллаж байхад тулгардаг асуудлууд зөвхөн энэ нөхцөл байдлаар хязгаарлагдахгүй—зааварлагчид хэв чанар муутай, ажлын чадваргүй, ажил хариуцаж чадахгүй өөр нэг тохиолдол байдаг. Ийм тохиолдолд хуурамч удирдагчид цаг алдалгүй уг асуудлыг асууж лавлаж, зохицуулж бас чаддаггүй. Яагаад тэр вэ? Хуурамч удирдагчид ажлын чадваргүй, хэв чанар муутай, сүнслэг ойлголтгүй байдаг. Тэд янз бүрийн багийн зааварлагчдын хэв чанар, ажил хариуцах чадвар, эсвэл ажлынх нь нөхцөл байдалд хэзээ ч санаа тавьдаггүй, идэвх санаачилга гарган асууж лавладаггүй. Тэд хэв чанар муутай, ажлаа хариуцаж чаддаггүй зааварлагчдыг нэвт харж чаддаггүй, ийм зүйлийн талаар ч мэддэггүй. Тэд оюун ухаандаа, хүн зааварлагчийн үүрэг рольтой болмогцоо төрөл бүрийн ёрын мууг үйлдэж, олны уур бухимдлыг хүргэж, ах эгч нарт хөөгдөхгүй л бол, эсвэл түүний асуудлыг хэн нэгэн Дээрхэд мэдээлж, Дээрх тэр хүнийг шууд халчихгүй л бол байр сууриндаа удаан хугацаанд байна гэж боддог. Эс бөгөөс хуурамч удирдагчид тэр хүнийг хэзээ ч халахгүй. Нэгэнт ах, эгч нар тэр хүнийг сайн гээд сонгосон юм чинь тэр хүн хамгийн шилдэг сонголт байж таарна гэж тэд боддог. Хэн нэгэн хүн ажил хийж чадах эсэх, зааварлагчаар ажиллахад тохирох эсэхийг тогтоохдоо хуурамч удирдагчид үргэлж төсөөлөл болон дүгнэлтэд түшиглэдэг. Жишээ нь, бүжиглэж мэддэггүй, бүжиг сонгох зарчмыг ойлгодоггүй бүжгийн багийн зааварлагч байсан. Бүжиг дэглэхдээ тэрээр орчин үеийн хэв маягийг сонгох уу, эсвэл сонгодог хэв маягийг сонгох уу гэдгээ мэдэхгүй байв. Шулуухан хэлэхэд түүнд бүжгийн талаар ямар ч мэдлэг байгаагүй. Гэсэн хэдий ч хуурамч удирдагч үүнийг харж чадаагүй. Тэр хүн урам зоригтой, анхаарлын төвд орохыг хүсэж байсан учраас хуурамч удирдагч түүнийг зааварлагчаар сонгож, тэр бүх зүйлийг ойлгодог гэж бодоод, ах, эгч нарыг залж чиглүүлэхийг түүнд зөвшөөрсөн. Сүүлд нь хуурамч удирдагч түүний ажлыг хянан дагаж, ажиглаагүй, эсвэл ах, эгч нарыг хэр сайн залж чиглүүлж байгааг, мэргэжилтэн үү, эсвэл мэргэжлийн бус хүн үү гэдгийг, түүний заасан зүйл тохиромжтой эсэхийг, Бурханы гэрийн шаардлагуудад нийцэж байгаа эсэхийг хараагүй. Хуурамч удирдагч ийм зүйлийг хэлж мэдэхгүй байсан, очиж тэр талаар асууж лавлаагүй. Үүний үр дүнд, бүх хүн удаан хугацаанд ажиллаад ямар ч үр дүн гаргаагүй, эцэст нь хуурамч удирдагчийн сонгосон зааварлагч огтхон ч бүжиглэж чаддаггүй хэр нь мэргэжилтэн мэт дүр эсгэж, бусдад зааварчилгаа өгч байсан нь илэрсэн. Энэ нь ажлыг саатуулсан биш үү? Гэхдээ хуурамч удирдагч энэ асуудлыг олж тогтоож чадаагүй, зааварлагч сайн ажиллаж байгаа гэж бодсоор байсан. Хуурамч удирдагчдын бодлоор бол, хүн хэн байх нь хамаагүй, зоригтой бөгөөд үг хэлж, үйлдэл хийж, ажил хариуцаж зүрхэлдэг л бол хэв чанартай, ажил хариуцаж чадна гэдгийг энэ нь нотолно, харин ийм зүйлийг хийж зүрхэлдэггүй бол уг ажлыг хийхэд хэв чанар нь хангалтгүй гэдгийг энэ нь нотолно. Зарим хүн юу ч хийхээр зоригтой маанаг, болчимгүй түргэн зантай хүмүүс байдаг. Энэ хүмүүс ийм хэв чанартай эсэхээ мэдэхгүй, ажлыг хариуцаж чадах эсэхээ мэдэхгүй ч зааварлагч болж мөн л зүрхэлдэг. Тэднийг уг үүрэгт ажилд орсны дараа ямар ч ажилд ахиц гардаггүй, тэд ямар ч ажил хийлээ гэсэн, хаашаа явах, ямар алхам хийх, ямар зөв санаа гаргахаа сайн мэддэггүй болж таардаг. Хэн ч, ямар ч санал дэвшүүлж болох бөгөөд тэд зөв, буруу эсэхийг нь мэдэхгүй. Хэрвээ нэг хүн юмыг нэг аргаар хийе гэвэл зааварлагч тэрийг зүгээр гэнэ, харин өөр нэг хүн юмыг өөр аргаар хийнэ гэвэл зааварлагч тэрийг ч бас зүгээр гэж хэлнэ. Тэгээд үнэндээ ямар арга барил баримтлах тухайд тэрээр хүн бүрээр санааг нь хэлүүлээд хэн чанга ярьсан нь санаагаа хэрэгжүүлдэг байв. Иймэрхүү хүмүүс ямар ч хэв чанаргүй, юуг ч нэвт харж чадахгүй, ажил нь зүгээр л замбараагүй байдаг ч хуурамч удирдагчид иймэрхүү зааварлагчдыг нэвт харж чадахгүй хэвээр байдаг. Зарим хүн: “Тэр зааварлагч үнэхээр хэв чанар муутай; түүнийг даруйхан халах хэрэгтэй!” гэж хэлдэг. Гэвч хуурамч удирдагчид: “Би түүнтэй ярьсан, тэр үүрэг хариуцлагаа биелүүлэхэд бэлэн байна гэсэн. Түүнд дахиад нэг боломж олгоцгооё” гэж хариулдаг. Та нар энэ үгийг юу гэж бодож байна вэ? Энэ нь тэнэг хүний хэлэх зүйл биш гэж үү? Энэ үгийн юу нь буруу байна вэ? (Энэ нь үүрэг хариуцлагаа биелүүлэхэд бэлэн эсэх тухай асуудал биш; тэр хүн хэв чанаргүй, ажлыг зүгээр л огт хариуцаж чадахгүй.) Тийм ээ, энэ нь тэр хүн хийхэд бэлэн байгаа эсэхийн асуудал биш; харин тэр хэтэрхий хэв чанар муутай, яаж хийхээ мэдэхгүй байгаа явдал—асуудлын гол нь энэ. Тийм учраас хуурамч удирдагчид жаахан уураг тархитай байж, хүмүүсийг үнэлж, энэ зааварлагчид шаардлагатай хэв чанартай эсэхийг харж чаддаг байх хэрэгтэй. Энэ удирдагчид үг яриа, нөхөрлөлд нь үндэслэн, ихэвчлэн зүй зохистой хүрээнд, дэг журамтай арга зам, алхмаар ажилладаг эсэхийг нь ажиглаж, ах эгч нарын санал хүсэлтэд үндэслэн тэдний талаар иж бүрэн үнэлгээ хийх шаардлагатай. Хэрвээ тэд дэндүү хэв чанар муутай, шаардлагатай ажлын чадваргүй бол, хийсэн бүхнээ эмх замбараагүй болгодог бол, ямар ч нэмэргүй хүмүүс бол энэ зааварлагчдыг цаг тухайд нь халах хэрэгтэй.
Газар тариалангийн ажлыг эмх замбараагүй болгосон, фермийн нэг зааварлагч байсан. Тэрээр аль газарт ямар үр суулгахыг мэдэхгүй, аль газар нь хүнсний ногоо ургуулахад тохиромжтойг мэдэхгүй байсан бөгөөд хүн бүртэй хамт эрж хайж, нөхөрлөөгүй—ийм зүйлийн талаар хэрхэн нөхөрлөхөө мэдэхгүй байсан тул зүгээр л нөхөрлөөгүй. Тэрээр хүссэнээрээ тариа тарьж, Бурханы гэрийн зарчмуудыг сэтгэлийнхээ мухарт шидсэн. Үүний үр дүнд тэрээр бүх тариалангийн талбайд замбараагүй тариа тарьж, бага хэмжээгээр тарих ёстой тариаг их хэмжээгээр, их хэмжээгээр суулгах ёстой тариаг бага хэмжээгээр тарьсан. Дээрх түүнийг засах үед тэрээр үл зөвшөөрсөн хэвээр, үр тариаг ингэж тарьсанд ямар ч буруу юм байхгүй гэж бодсон. Надад хэл дээ, иймэрхүү зааварлагчид маш хэцүү байдаг биш үү? Тэрээр Бурханы гэрийн тогтоосон зарчмуудад үндэслэн хэрэг явдлыг хэрхэн зохицуулахаа мэдээгүй, бүтэн цагийн үүрэгтэй чуулганд үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн тоонд үндэслэн хэр их талбайд тариа тарьж, хэр их талбайд хүнсний ногоо тариалах учиртайг тодорхойлох ёстой гэдгээ мэдээгүй. Харин оронд нь тэрээр өөрийнхөө дур сонирхолд үндэслэн тодорхой үр тариаг их, бага тарихаа шийдэж, ингэж хийх нь тун зөв зүйтэй гэж бодсон. Эцэст нь тэрээр мунгинасан байдлаар үр тариа тариалсан. Хожим нь суулгац соёолоод зарим нь шарлаж, бордоо шаардлагатай болсон ч тэрээр хэр ихийг хэрэглэх, хэзээ хэрэглэхээ мэдээгүй. Зарим үр тариа шавжинд идэгдэхэд тэрээр пестицид цацах ёстой юу, үгүй юу гэдгийг мэдээгүй. Зарим хүн пестицид хэрэглэхийг дэмжиж, зарим нь хэрэглэхгүй байхыг дэмжихэд тэрээр будилж, пестицидийн талаар юу хийхээ мэдээгүй. Ийм маягаар ургац хураах улирал болтол тэр мунгинасан. Бас тэрээр үр тариа бүрийн ургалтын улирал хэр удаан үргэлжилдэг, үр тариа тус бүр хэзээ боловсорч гүйцэхийг мэдээгүй. Үүний үр дүнд эрт хураасан тариа нь бага зэрэг ногоон, харин хожуу хураасан тариа нь газар уначихсан. Эцсийн дүндээ, энэ бүхнийг үл харгалзан, ургацаа хурааж, үр тариаг эцэст нь агуулахад хадгалж, тухайн жилийн газар тариалангийн үйл ажиллагаа үндсэндээ дууссан. Фермийн зааварлагч ажлаа хэрхэн хийсэн бэ? (Тэр замбараагүйтүүлсэн.) Яагаад ийм замбараагүй байсан бэ? Энэ асуудлын үндсэн шалтгааныг ол доо. (Түүний хэв чанар туйлын муу.) Энэ зааварлагч туйлын муу хэв чанартай! Хэрэг явдалтай нүүр тулах үедээ үнэн зөв дүгнэлт хийгээгүй, зарчмыг олж чадаагүй, аливааг зохицуулах арга зам, арга барил байгаагүй. Энэ нь үр тариа тарих мэтийн тийм энгийн ажлыг асар эмх цэгцгүй байдлаар зохицуулж, ажлыг ихэд замбараагүй болгосон. Хэв чанар муутайн гол илрэлүүд юу вэ? (Үнэн зөв дүгнэлт байхгүй, зарчмуудыг олж чадахгүй байх.) Энэ үг чухал биш гэж үү? Та нар энийг санаж явах уу? Хүн ямар нэг зүйлтэй тулгарах үедээ үнэн зөв дүгнэлтгүй, зарчмыг олж чадахгүй байх нь туйлын муу хэв чанартайг илтгэдэг. Бусад хүн саналаа хэлж, сэжүүр өгөх тусам энэ зааварлагч улам бүр будилсан. Тэрээр ердөө ганцхан санал байсан бол сайхан байхгүй юу гэж бодсон, тэгсэн бол тэрийг дүрэм журам мэт үзэж, сахин мөрдөж чадах байсан, ингэвэл юм маш энгийн болж, бодох, дүгнэлт хийх шаардлагагүй байх байлаа. Тэрээр олон хүн санал зөвлөгөө өгөхөөс айж байсан, учир нь тэрийг сонсоод хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байсан юм. Үнэндээ ухаалаг, хэв чанар сайтай хүмүүс бусад хүмүүс санал гаргахаас айдаггүй. Илүү олон хүн саналаа хэлэх үед өөрсдийнх нь дүгнэлт төдий чинээ оновчтой болж, алдаа гарах нь улам багасдаг гэж тэд боддог. Ухаан муутай, хэв чанаргүй хүмүүс олон хүний янз бүрийн санаа бодол, санал зөвлөгөөнөөс айдаг; олон эх сурвалжаас гарсан зөвлөгөөтэй нүүр тулаад тэд самгарддаг. Миний дөнгөж сая дурдсан фермийн зааварлагч туйлын муу хэв чанартай байсан биш үү—энэ ажлыг хариуцахад хангалтгүй байсан биш үү? (Тийм.) Зарим хүн: “Магадгүй тэр өмнө нь тариа тарьж байгаагүй байх. Та түүгээр фермийн ажил хийлгэх гэж зүтгэсэн—ингэх нь загасыг хуурай газар амьдруулахаар албадахтай адилхан биш үү?” гэж маргадаг. Урьд нь газар тариалан эрхэлж байсан туршлагагүй гэдэг нь тэр хүн тариа тарьж чадахгүй гэсэн үг үү? Тариа тарих төрөлхийн чадвартай хэн байна вэ? Тариаланчид ийм чадвартай төрдөг юм гэж үү? (Үгүй.) Газар тариалангийн туршлагагүй, яаж тариа тарихаа мэддэггүй, анх тариа тариад ургац авалгүй, идэх үр тариагүй, бүтэн жил өлсөхөд хүрсэн тариаланч ер нь байсан уу? Ийм зүйл тохиолддог уу? (Үгүй.) Хэрвээ үнэхээр тийм юм болсон бол энэ нь хүний үйлдлийн үр дүн биш, байгалийн гамшиг байх байсан. Тийм нөхцөл байдал туйлын ховор! Тариаланчид тариа тарьж амь зуудаг, ганц хоёрхон жил тариа тарьсан хүмүүс ч үүнийг хийж сурдаг. Сайн хэв чанартай хүмүүс газар тариалан эрхлээд арай их ургац хурааж чадна, харин хэв чанар муутай хүмүүс илүү бага ургац хурааж магадгүй. Үүнээс гадна, өнөөгийн дэвшилтэт, арвин их мэдээлэлтэй үед хэрвээ хүн хэв чанартай бол үнэн зөв дүгнэлт, шийдвэр гаргахад энэ мэдээллийг лавлагаа болгон ашиглахад хангалттай. Мэдээлэл хэдий чинээ дэлгэрэнгүй, үнэн зөв байна, дүгнэлт болон шийдвэр нь төдий чинээ оновчтой болж, улам цөөхөн алдаа гаргана. Харин хэв чанар муутай хүмүүс эсрэгээрээ; мэдээлэл их байх тусам улам бүр будилдаг. Эцэст нь тэдний хувьд алхам бүр нь төвөгтэй, асар хэцүү байдаг. Газар тариалан бол цаг хугацаатай уралдах явдал; хэт эртдэх юм уу хэт оройтох юм бол бүтэхгүй. Хэрвээ чи оройтож, зөв цагийг алдах юм бол эцсийн ургацад чинь нөлөөлнө. Газар тариалан эрхлэх явцдаа энэ зааварлагч сандарч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр яарч, алхам бүрдээ шахалтад орж байсан. Тэрээр алхам бүрийг хийж дөнгөсөн ч түүний хувьд маш хэцүү байсан бөгөөд эцэст нь уг ажлыг замбараагүй болгоход хүрсэн. Ийм хүмүүс туйлын муу хэв чанартай байдаг!
Туйлын муу хэв чанартай хүмүүс ганцхан ажлыг ч сайн хийж чаддаггүй; ямар ч ажил хийсэн бай, эмх замбараагүй болгодог. Хэрвээ эдгээр зааварлагчийн удирдагчид нь хэв чанар сайтай, хариуцлагаа биелүүлж чаддаг бол ийм зүйлийг харж чаддаг байх ёстой. Тэд хэв чанар муутай зааварлагчдад тусалж, удирдан чиглүүлж, стандарт тогтоож, хяналт тавих ёстой. Гэвч хуурамч удирдагчид ингэж чаддаггүй; зааварлагчдын хийж чадахгүй зүйлсийг тэд ч бас хийж чадахгүй бөгөөд зааварлагчдад ажил нь хэцүү санагдах юм уу, ажилдаа эргэлзэж, тээнэгэлзэх үед хуурамч удирдагчид тэдэнтэй хамт тээнэгэлздэг. Тэд зааварлагчид ажлаа хэрхэн хийж байгаа, хаа хүрсэн, ямар бэрхшээл тулгарсан, эсвэл ямар төөрөгдөлтэй байгааг ч мэддэггүй. Хэн нэгэн тэр удирдагчаас газар тариалангийн талаар асуухад тэрээр: “Би удирдагч болохоос газар тариалан хариуцдаггүй” гэж хэлсэн. Нөгөө хүн хариуд нь, “Чи удирдагч юм чинь чамаас газар тариалангийн талаар асуухад юу нь болохгүй гэж? Энэ ажил чиний үүрэг хариуцлагын хүрээнд багтдаг шүү дээ” гэхэд тэр удирдагч: “Би чамд асуугаад өгье” гэв. Асуусныхаа дараа тэр: “Бид одоогоор төмс тарьж байгаа” гэж хариулсан. Тэр хүн: “Хэр их төмс тарьж байгаа вэ?” гэж асуухад тэр: “Би тэрийг асуугаагүй, очоод шалгаад өгье” гэж хариулав. Дахин асуусныхаа дараа тэрээр: “Бид хоёр акр газарт тарьсан” гэж хариулжээ. Нөгөө хүн: “Ямар сорт тарьсан бэ? Тэр газар төмс тарихад тохиромжтой юу? Тарихдаа бордоо хэрэглэсэн үү? Төмсний үрийг хэр гүн суулгасан бэ?” гэж асуухад тэр энэ бүхнийг мэдэхгүй байв. Чи эдгээр зүйлийг мэдэхгүй мөртөө асууж лавладаггүй, асуух хүн олдоггүй—ингэх нь юмыг саатуулахгүй юу? Чи бүр удирдагч мөн гэж үү? Удирдагчийн хувиар чи ямар ажил хийж байгаа вэ? Хэрвээ чи гадна талын ийм өчүүхэн жаахан ажлыг хийхэд хүмүүсийг удирдаж ч чадахгүй юм бол удирдагч байхын хэрэг юу байна? Зааварлагчийн хэв чанар ийм муу байхад энэ хуурамч удирдагч үүнийг олж илрүүлж чадаагүй бөгөөд зааварлагчийн хэв чанар ямархуу болох, тариа хэр ургаж байгаа, ургац хураах баталгаатай эсэхийг асуухад тэр: “Чи ийм зүйлийг асууж лавлах шаардлагагүй; газар тариалан бол маш энгийн ажил! Бид талбайд аль хэдийн тарьчихсан биз дээ? Яаж ургац хураахгүй байх юм бэ?” гэж бодож байв. Тэр юу ч бодоогүй, юу ч асууж лавлаагүй, ямар ч ухаангүй байсан. Энэ ямар удирдагч вэ? (Хуурамч удирдагч.) Зааварлагч ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо яах учраа олохгүй, толгойгоо тастуулсан тахиа шиг л байдаг. Тэр хэнээс асуухаа, яаж мэдээлэл олохоо, эсвэл өөр өөр мэдээллийн эх сурвалжаас олон янзын санаа олох үедээ алийг нь сонгохоо мэддэггүй байв. Энэ удирдагч эдгээр нөхцөл байдлыг судалж үзээгүй. Тэрээр ажлыг энэ хүнд даалгасан гэж бодоод, огтхон ч санаа тавиагүй. Зааварлагч ийм муу хэв чанартай байх нь ажлын үр дүнд нөлөөлнө гэж та нар бодож байна уу? (Тийм.) Тэгвэл удирдагч энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх ёстой байсан бэ? Үүнийг судалж, тойруугаар асууж лавлаж, эргэн тойронд нь болсон үйл явдлуудаар, мөн тэр улирлын тариа тариалалтаар дамжуулан уг зааварлагч туйлын муу хэв чанартай, юу ч хийж чаддаггүй гэдгийг олж мэдэх ёстой байсан. Тэр зааварлагч олон жил газар тариалан эрхэлснийхээ дараа ч туршлагаасаа дүгнэлт хийж чадаагүй—тухайн үед яаж тариа тарихаа ч сайн мэдэхгүй байсан—хэв чанар муутай, уг ажилд тэнцэхгүй гэдэг нь удирдагчид тодорхой байх ёстой байсан бөгөөд ийм хүнийг чөлөөлөх ёстой байв! Тэр удирдагч хэн зааварлагч болоход тохиромжтой, хэн энэ ажлыг хариуцаж, сайн хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулахгүй байж чадахыг асууж лавлах ёстой байсан. Хуурамч удирдагчид ийм сэтгэлгээ байсан уу? Тэр эдгээр асуудлыг харж чадсан уу? (Үгүй.) Түүний сэтгэл, нүд нь харалган; таг сохор байв. Энэ бол хуурамч удирдагчдын илрэл юм. Хэв чанар муутай хүмүүсийн тухайд гэвэл, тэднийг ажилд нь хэрхэн удирдан чиглүүлэхээ тэд мэддэггүй, тэдэнд тусалж хэрхэн үзлэг шалгалт хийхээ, бэрхшээлийг нь хэрхэн цаг тухайд нь шийдвэрлэхээ мэддэггүй, мөн хэв чанар муутай хүн ажил хариуцаж чадахгүй, тохиромжтой хүнээр хурдан солих ёстойг бүр ч мэддэггүй. Хуурамч удирдагчид эдгээр ажлын алийг нь ч хийдэггүй; тэд үүнд тэнцэхгүй, энэ бүхний алийг нь ч харж чадахгүй. Тэд харалган хүмүүс биш гэж үү? Зарим хүн: “Магадгүй тэд өөр ажил хийгээд завгүй байгаа байх. Та яагаад тэднээс ийм ач холбогдолгүй, есөн жорын ажил хариуцахыг шаардаад байдаг юм бэ?” гэж хэлдэг. Эдгээр нь удирдагчдын хийх ёстой ажил, яаж есөн жорын ажил гэж үзэж болох юм бэ? Эдгээр хэрэг явдал нь удирдагчдын үүрэг хариуцлагын хүрээнд багтдаг—тэд үүнийг үл тоомсорловол зүгээр үү? Тэгвэл энэ нь үүрэг хариуцлагаа цалгардуулсан хэрэг болно. Ажил дээр удирдагчдын хамар доор өдөр бүр бэрхшээл, асуудал гарч, хүмүүс өдөр бүр тэдгээрийг хөндөж гаргаж ирдэг. Гэвч хуурамч удирдагчдын нүд, сэтгэлийн аль аль нь харалган байдаг. Тэд эдгээрийг асуудал гэж харж, мэдэрч, ухамсарлаж чаддаггүй тул мэдээж үүнийг шийдвэрлэж чадахгүй. Тэрхүү хуурамч удирдагч зааварлагчийн хэв чанар туйлын муу гэдгийг олж мэдэж чадаагүй. Тэр бас зааварлагчийн ажилд гарсан янз бүрийн асуудлыг олж тогтоож чадаагүй. Энэ зааварлагч асуудлыг зохицуулж чадаагүй бөгөөд ямар нэг юм тохиолдоход халуун тогоон дээрх шоргоолж шиг эмх замбараагүй аашилж, зарчимгүй болж, ажлыг эмх замбараагүй болгосон ч тэр хуурамч удирдагч энэ бүхнийг харж, олж илрүүлж чадаагүй. Хуурамч удирдагчдын ажлаа хийдэг нэг л зарчим бий: Ажил бүрийг хариуцах хүнийг томилсон л бол боллоо гэж үздэг бөгөөд зааварлагчийн хэв чанар сайн, муу эсэх, ажлыг сайн хийж чадах эсэх, эсвэл ажилд хэчнээн олон асуудал гарах зэрэг нь өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж үздэг. Ийм удирдагч ажил хийж чадах уу? Тэд яаж ажиллахаа ойлгодог уу? (Үгүй.) Чи яаж ажиллахаа ойлгодоггүй юм бол яах гэж удирдагч хийж байгаа юм бэ? Ийм байж удирдагчаар ажиллавал чи хуурамч удирдагч юм. Хуурамч удирдагчид хэв чанар муутай хүмүүсийн янз бүрийн илрэл, эсвэл үүргээ гүйцэтгэх явцад нь гардаг янз бүрийн асуудлыг харж, олж илрүүлж чаддаггүй. Тэдний зүрх сэтгэл туйлын хөшүүн байдаг. Тэдний нүд, сэтгэл хоёулаа харалган биш гэж үү? Зарим хүн: “Тэд харалган биш. Та үргэлж тэднийг гүтгэж, гүжирдэх юм” гэж хэлж магадгүй. Газар тариалангийн энэ зааварлагчтай холбоотой асуудал маш ноцтой байсан; тэр хуурамч удирдагч түүнтэй өдөр бүр хамт амьдарч, тохиолдсон юм бүхнийг сонсож, харж чадаж байсан. Тэгвэл тэр яагаад эдгээр нь асуудал гэдгийг олж илрүүлж, ухаарч чадаагүй юм бэ? Яагаад эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлээгүй юм бэ? Түүний нүд, сэтгэл харалган байсан бус уу? Энэ асуудал ноцтой байсан уу? (Тийм ээ, ноцтой байсан.) Энэ бол хуурамч удирдагчдын өөр нэг илрэл—сэтгэл, нүд харалган байх явдал юм.
Хэв чанар муутай хүнд ажил даалгахдаа түүний ердийн яриа, ажлын талаар ярилцах үеийн хандлага, үзэл бодол, ажлыг зохицуулах арга барилыг хараад л хэв чанар нь дэндүү муу, сэтгэлгээ нь замбараагүй, юм бүхэнд бага зэрэг харалган, бодлогогүй ханддаг, ямар ч зорилгогүй байдгийг нь мэдэж болно. Юм хийх арга барилыг нь хараад л энэ хүний хэв чанар туйлын муу гэдгийг тодорхойлж болно, тиймээс түүнийг тийм удаан ажиглах ч шаардлагатай гэж үү? Үгүй, шаардлагагүй. Гэвч хуурамч удирдагчдад нэг хөнөөлт асуудал бий; тэр нь юу гэвэл хүн энэ бүх хугацаанд ажлаа орхилгүй хийсээр ирсэн бол, мөн түүнийг муу зүйл хийсэн, саад болж, үймүүлсэн, эсвэл сөрөг, залхуу байсан гэж хэн нэгэн мэдээлж сонсогдоогүй л бол тухайн хүн ажлаа хийж болно гэсэн үг гэж тэд үздэг. Тэд хүний яриа, аливаа хэрэг явдалд хандах хандлага, үзэл бодол, аливааг хийдэг арга барилаар нь хүний хэв чанар, ажил сайн хийх чадварыг нь дүгнэж мэддэггүй. Тэдэнд ийм ухамсар байдаггүй; ийм явдлын тухайд хөшүүн, ямар ч ойлголтгүй байдаг. Тэд хүн зүгээр суухгүй л байвал болно, ажил урагшилж чадна гэсэн ганцхан үзэл бодолтой. Ийм үзэл бодол баримталдаг удирдагч ажлаа сайн хийж чадна гэж та нар бодож байна уу? Тэд ажилдаа шалгуур хангах уу? (Үгүй.) Ийм хүнийг удирдагч болговол ажлыг баллана, тийм биз дээ? Хүн хоол, унд, зугаа цэнгэлд донтон үүрэгтээ хайнга хандаж байхад хуурамч удирдагчид үүнийг шалгаж, шийдвэрлэх гэж зүдэрдэггүй, хүнтэй хэчнээн удаан харилцлаа ч хэв чанар, ёс жудаг нь сайн, муу эсэхийг таньж чаддаггүй. Ийм удирдагчдад удирдагчийн ажлын чадамж байна уу? (Үгүй.) Тэд бол хуурамч удирдагчид юм. Хуурамч удирдагчид хүний хэв чанар сайн, муу эсэхийг ялган таньж чаддаггүй, ийм тодорхой ажлуудыг хийх чадваргүй байдаг. Тэд үүнийг өөрсдийнх нь ажлын нэг хэсэг биш гэж боддог. Энэ нь үүрэг хариуцлагаа цалгардуулсан хэрэг биш гэж үү? Та нар юу гэж бодож байна, хэв чанар муутай хүн ажил хариуцаж чадах уу, эсвэл бага зэрэг хэв чанартай хүн хариуцаж чадах уу? (Бага зэрэг хэв чанартай хүн.) Тиймээс хүний хэв чанар, ажилд тэнцэх эсэхийг нь үнэлэх нь удирдагч, ажилчдын анхаарч, ухаарах ёстой асуудал бөгөөд энэ нь бас удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой ажил юм. Гэвч хуурамч удирдагчид энэ нь ажлынх нь нэг хэсэг гэдгийг ойлгодоггүй, тэдэнд ийм ухамсар байдаггүй бөгөөд хариуцлагынхаа энэ хэсгийг биелүүлж чаддаггүй. Энд л хуурамч удирдагчид үүрэг хариуцлагаа цалгардуулдаг бөгөөд энэ нь бас хуурамч удирдагчид ажилдаа тэнцэхгүй байгаагийн нэг илрэл юм. Энэ бол хоёр дахь нөхцөл байдал: зааварлагч нар хэв чанар муутай, ажлын чадамжгүй, ажлаа хариуцаж чадахгүй байх нь тэдний хэв чанартай холбоотой асуудал юм. Энэ нөхцөл байдалд хуурамч удирдагчид мөн л удирдагчийн үүрэг ролийг гүйцэтгэж чаддаггүй, муу хэв чанартай зааварлагч нарыг цаг тухайд нь чөлөөлж чаддаггүй.
III. Хуурамч удирдагчид, бусдыг зовоож, чуулганы ажлыг үймүүлдэг зааварлагчдад хэрхэн ханддаг тухай
Гурав дахь нөхцөл байдал нь зааварлагч нар бусдыг зовоож, хазаарлаж, чуулганы ажлыг үймүүлэхтэй холбоотой. Өмнө нь бидний ярилцсан нэг дэх нөхцөл байдал гэвэл зарим зааварлагч харьцангуй сайн хэв чанартай, ажлаа хариуцаж чаддаг хэр нь ажлаа нухацтай авч үздэггүй, зүгээр л хааш яаш авирладаг байхад хуурамч удирдагчид үүнийг нь мэддэггүй, тэднийг цаг тухайд нь чөлөөлдөггүй. Хоёр дахь нөхцөл байдал нь зарим зааварлагч муу хэв чанартай, ажил хариуцаж чаддаггүй ч хуурамч удирдагчид үүнийг нь анзаарч чаддаггүй, эсвэл тэднийг цаг тухайд нь сольдоггүй байхтай холбоотой. Энэ гурав дахь нөхцөл байдал бол өөрсдийнх нь хэв чанар сайн муу байхаас үл хамааран зааварлагчид хийвэл зохих ажлаа хийдэггүй, зүгээр л бусдыг зовоож, хазаарлаж, чуулганы ажлыг үймүүлдэг явдал юм. Тэд зааварлагчаар сонгогдсон цагаасаа хойш мэргэжлийн талбараа мэдэж авч, суралцдаггүй, үнэн-зарчмыг ч эрж хайдаггүй, мэдээж бусдыг үүргээ сайн гүйцэтгэхэд нь залж чиглүүлдэггүй. Харин оронд нь боломж олдох бүрд нэгийг нь өөлж гоочилж, нөгөөг нь тохуурхаж дооглодог; боломж л гарвал өөрсдийгөө гайхуулж, юу ч хийсэн хэзээ ч ул суурьтай ханддаггүй. Өнөөдөр хүмүүст ингэж хий гэж хэлээд, маргааш нь өөрөөр хий гэж хэлдэг; дандаа шинэ заль мэх сэдэн, үргэлж онцгойрохыг хүсдэг. Энэ бүхэн нь хүмүүсийг түгшээдэг. Тэднийг ярихад л зарим хүний зүрх нь дэлсдэг. Тэд хүн бүрийг дарж номхруулж, бүгдийг өөрөөсөө айлгаж, үгэндээ оруулмагцаа ихэд баярлан хөөрдөг. Ийм хүмүүс хуурамч удирдагч ч бай, антихрист ч бай, эрх мэдэлтэй ч бай, үгүй ч бай, чуулганы амар тайвныг алдагдуулдаг. Тэд бодитой ажил хийж, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаггүйгээс гадна, хор хутган хүмүүсийн хооронд зөрчилдөөн үүсгэж, чуулганы амьдралыг үймүүлдэг. Тэд үнэнийг ойлгоход нь хүмүүст тусалж чаддаггүйгээс гадна, хүмүүсийг байнга шүүж, ялладаг бөгөөд хүмүүсийг бүх зүйл дээр үгэндээ оруулж, хэрхэн зөв зохистой авирлахаа мэдэхгүй болтол нь хазаарладаг. Ялангуяа амьдралын тал дээр хүмүүс жаахан эрт, эсвэл жаахан орой унтаж болдоггүй. Юу ч хийсэн тэр хүмүүсийн нүүр царайн илэрхийллийг харах хэрэгтэй байдаг тул амьдрал нь туйлын ядаргаатай болдог. Ийм хүмүүс зааварлагч болбол бусад бүх хүнд хэцүү байх болно. Хэрвээ чи тэдэнтэй үнэнч шударгаар ярьж, асуудлыг нь ил болговол тэд чамайг өөрсдийг нь зориуд онилж, ил болгож байна гэж хэлнэ; хэрвээ чи асуудлынх нь талаар тэдэнтэй ярихгүй бол тэд чамайг өөрсдийг нь дорд үзэж байна гэж хэлнэ; хэрвээ чи ажилдаа нухацтай, хариуцлагатай хандаж, тэдэнд зөвлөгөө өгвөл тэд эсэргүүцэн, чамайг өөрсдийнх нь эсрэг дайрч давшилж байна гээд, чамайг биеэ тоосон гэж дуудна. Ямар ч тохиолдолд, чи юу ч хийсэн бай, тэдэнд тааламжгүй санагдана. Тэд үргэлж бусдыг зовоох тухай л бодож, хүмүүсийг хазаарладаг болохоор хүмүүсийн гар хөл хүлээтэй мэт болж, өөрсдийнх нь хийсэн юм бүхэн буруу мэт санагддаг. Ийм зааварлагчид чуулганы ажлыг үймүүлдэг.
Хуурамч удирдагчид өнгөц ажил хийхдээ сайн боловч хэзээ ч бодитой ажил хийдэггүй. Тэд янз бүрийн мэргэжлийн ажилд шалгаж, хяналт тавьж, чиглүүлдэггүй, эсвэл өөр өөр багт цаг тухайд нь очиж нөхцөл байдлыг нь олж мэддэггүй, ажлын ахиц ямар байгаа, ямар асуудал байгаа, багийн зааварлагчид ажилдаа чадварлаг эсэх, ах, эгч нар зааварлагчдын талаар хэрхэн мэдээлж, үнэлдгийг шалгадаггүй. Хэн нэгэн хүн багийн удирдагч, зааварлагчдад хазаарлагдаж байгаа эсэх, хүмүүсийн гаргасан зөв саналыг хүлээн авч байгаа эсэх, авьяастай юм уу үнэнийг эрэлхийлдэг хэн нэгэн дарагдаж, гадуурхагдаж байгаа эсэх, заль мэхгүй хүмүүс дээрэлхүүлж байгаа эсэх, хуурамч удирдагчдыг ил болгож, мэдээлсэн хүмүүс дайралтад өртөж, өшөө авалтад өртөж, цэвэрлэгдэж, хөөгдөж байгаа эсэх, багийн удирдагч, зааварлагчид ёрын муу хүмүүс эсэх, хэн нэгэн тамлагдаж байгаа эсэхийг тэд шалгадаггүй. Хэрвээ хуурамч удирдагчид энэ бодитой ажлын алийг нь ч хийдэггүй бол тэднийг чөлөөлөх ёстой. Жишээ нь, байнга хүмүүсийг хазаарлаж, дарладаг нэг зааварлагч байгаа талаар хэн нэгэн хүн хуурамч удирдагчид мэдээллээ гэе. Зааварлагч зарим зүйлийг буруу хийсэн ч ах, эгч нарыг ямар ч санал гаргахыг зөвшөөрдөггүй, тэр ч бүү хэл өөрийгөө зөвтгөж, хамгаалахын тулд шалтаг хайж, алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Ийм зааварлагчийг даруй чөлөөлөх ёстой биш үү? Энэ нь удирдагчдын цаг тухайд нь засах ёстой асуудал юм. Зарим хуурамч удирдагч өөрсдийнх нь томилсон зааварлагчдын ажилд ямар ч асуудал гарсан, тэднийг хэн нэгэн ил болгохыг зөвшөөрдөггүй, дээд шатны удирдагчдад лавтайяа мэдээлдэггүй—тэр ч бүү хэл хүмүүст дуулгавартай дагаж сур гэж хэлдэг. Хэрэв хэн нэгэн хүн зааварлагчийн асуудлыг ил болговол энэ хуурамч удирдагчид зааварлагчдыг хамгаалж, эсвэл үнэн баримтыг нуун дарагдуулахаар хичээж, “Энэ бол зааварлагчийн амь-оролтын асуудал. Түүнд биеэ тоосон зан чанар байх нь хэвийн зүйл—бага зэрэг хэв чанартай хүн бүр биеэ тоосон байдаг. Энэ бол том асуудал биш, би түүнтэй жаахан нөхөрлөхөд л болно” гэдэг. Нөхөрлөлөөр дамжуулан зааварлагч байр сууриа илэрхийлж, “Би биеэ тоосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Заримдаа би нэрэлхүү зан, нэр нүүр, байр сууриндаа анхаараад, бусад хүний саналыг хүлээж авдаггүйгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бусад хүн энэ мэргэжилд сайн биш, тэд ихэвчлэн дэмий санал гаргадаг болохоор тэднийг сонсдоггүй минь шалтгаантай” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгохыг хичээдэггүй, зааварлагчийн ажлын үр дүнг хардаггүй, хүн чанар, зан чанар, эрэлхийлэл нь ямар болохыг бүр ч хардаггүй. Тэдний хийдэг бүхэн нь юмыг зөөлрүүлж, “Энэ талаар надад мэдээлсэн болохоор би чамайг ажиглаж байгаа. Би чамд дахиад нэг боломж олгож байна” гэдэг. Ярилцсаны дараа зааварлагч гэмшихэд бэлэн гэж хэлдэг ч дараа нь үнэхээр гэмшсэн эсэх, эсвэл зүгээр л худал хэлж, хуурсан эсэхийг хуурамч удирдагчид үл тоодог. Хэрэв хэн нэгэн энэ явдлын талаар асуулт тавивал хуурамч удирдагчид: “Би түүнтэй аль хэдийн ярилцсан, тэр ч бүү хэл Бурханы үгийн олон хэсгийг нөхөрлөсөн. Тэр гэмшихэд бэлэн байгаа, асуудал аль хэдийн шийдвэрлэгдсэн” гэж хэлдэг. Тэр хүн: “Тэр зааварлагчийн хүн чанар ямар вэ? Үнэнийг хүлээн авдаг хүн мөн үү? Чи түүнд боломж олгосон, гэхдээ тэр үнэхээр гэмшиж, өөрчлөгдөж чадах уу?” гэж асуухад хуурамч удирдагчид үүнийг нэвт харж чадалгүй, “Би түүнийг ажигласаар л байна” гэж хариулдаг. Тэр хүн: “Чи түүнийг хэр удаан ажиглаж байна вэ? Ямар нэг дүгнэлтэд хүрсэн үү?” гэхэд хуурамч удирдагчид: “Зургаан сар гаруй болсон ч би одоо хүртэл ямар ч дүгнэлтэд хүрээгүй байна” гэдэг. Зургаан сар гаруй ажиглаад ямар ч үр дүнд хүрээгүй бол энэ ямар гээч ажлын бүтээмж вэ? Хуурамч удирдагчид зааварлагчтай нэг удаа ярилцах нь үр дүнтэй бөгөөд асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг. Энэ санаа үндэслэлтэй юу? Тэд хэн нэгэнтэй ярьж дуусмагц тэр хүн өөрчлөгдөж чадна гэж боддог бөгөөд хэрэв хүн дахиж тэгэхгүй гэсэн шийдэмгий байдлаа илэрхийлбэл цаашид нөхцөл байдлыг дахин асууж лавлаж, мэдэж авалгүйгээр тэр хүнд бүрэн итгэдэг. Хэрэв хэн ч энэ асуудлыг хөөцөлдөхгүй бол тэд хагас жилийн хугацаанд ажлыг судалж, хянан дагах гэж зүдрэхгүй байж ч магадгүй. Тэр зааварлагч ажлыг баллаж орхисон байхад ч хуурамч удирдагчид мэдээгүй хэвээр байдаг. Зааварлагч тэднийг хэрхэн хуурч, тохуурхаж байгааг тэд ялган таньж чаддаггүй. Бүр ч жигшүүртэй нь, хэн нэгэн хүн зааварлагчийн асуудлыг мэдээлэхэд хуурамч удирдагчид үл тоомсорлож, асуудал үнэхээр байгаа эсэх, эсвэл тэр хүний мэдээлсэн асуудал үнэн эсэхийг бодитоор судалдаггүй. Тэд эдгээр асуудлыг бодолцон үздэггүй—өөрсдөдөө үнэхээр дэндүү их итгэдэг! Чуулганы ажилд ямар ч нөхцөл байдал үүссэн хуурамч удирдагчид үүнийг зохицуулах гэж яардаггүй; ямар ч байсан өөрсдийнх нь санаа зовох зүйл биш гэж боддог. Хуурамч удирдагчид энэ асуудлуудад туйлын удаан хариу үйлдэл үзүүлж, маш удаан арга хэмжээ авч, хөдөлдөг, цааргалсаар, хүмүүст гэмших боломж өгсөөр байдаг ба яг л өөрсдийнх нь өгсөн боломж хүмүүст маш үнэ цэнтэй, чухал мэт, хувь заяаг нь өөрчилж чадах мэт байдаг. Хуурамч удирдагчид хүний илэрхийлсэн зүйлээр дамжуулан уг чанар-мөн чанарыг нь харах, уг чанар-мөн чанарт нь үндэслэн ямар замаар алхаж байгааг нь дүгнэх, эсвэл алхаж буй замд нь үндэслэн уг хүн зааварлагч юм уу удирдагчийн ажил хийхэд тохирох эсэхийг харж мэддэггүй. Тэд юмыг тийм маягаар харж чаддаггүй. Хуурамч удирдагчид ажилдаа хоёрхон зүйл хийж чаддаг: нэгдүгээрт, хүмүүсийг дуудаж ярилцаад, хэлбэрдэх; хоёрдугаарт, хүмүүст боломж олгож, бусдад бялдуучилж, хэнийг ч гомдоохгүй байх. Тэд бодитой ажил хийж байна уу? Мэдээж үгүй. Гэвч хуурамч удирдагчид хэн нэгнийг дуудаж ярилцах нь бодитой ажил гэж үздэг. Тэд ийм яриаг маш үнэ цэнтэй, чухал гэж үздэг бөгөөд өөрсдийнхөө чалчдаг хий хоосон үг, хоосон сургаалыг ер бусын ач холбогдолтой гэж үздэг. Тэд ийм яриагаар дамжуулан томоохон асуудлыг шийдвэрлэж, бодитой ажил хийсэн гэж боддог. Тэд Бурхан яагаад хүмүүсийг шүүж, гэсгээж, засаж, шалгаж, цэвэршүүлдгийг мэддэггүй. Зөвхөн Бурханы үг болон үнэн л хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэж чадна гэдгийг тэд мэддэггүй. Тэд Бурханы ажил, Бурханы хүн төрөлхтнийг аврах авралыг хэт хялбарчилдаг! Тэд хэдэн бичиг үсэг, хоосон сургаал ярих нь Бурханы ажлыг орлож, хүний завхралын асуудлыг шийдвэрлэж чадна гэж үздэг. Энэ нь хуурамч удирдагчдын мунхаг, мэдлэггүй байдал биш гэж үү? Хуурамч удирдагчдад өчүүхэн ч үнэн-бодит байдал байдаггүй, тэгвэл тэд яагаад ийм өөртөө итгэлтэй байдаг юм бэ? Хэдэн хоосон сургаал чалчих нь хүмүүсийг өөрсдийгөө мэддэг болгох уу? Энэ нь тэднийг завхарсан зан чанараас нь салгах уу? Эдгээр хуурамч удирдагч яаж ийм мэдлэггүй, гэнэн байж чаддаг байна аа? Хүний эндүү ташаа дадал, завхарсан зан авирыг шийдвэрлэх үнэхээр тийм энгийн гэж үү? Хүний завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэхэд тийм амархан гэж үү? Хуурамч удирдагчид үнэхээр мунхаг, өнгөцхөн! Бурхан хүний завхралын асуудлыг шийдвэрлэхийн тулд ердөө ганцхан арга хэрэглэдэггүй. Тэрээр хүмүүсийг илчилж, цэвэрлэж, төгс болгохын тулд олон арга хэрэглэж, өөр өөр орчныг зохион байгуулдаг. Эсрэгээрээ, хуурамч удирдагчид ажлыг тун нэгэн хэвийн, өнгөцхөн байдлаар хийдэг: Тэд хүмүүсийг дуудаж ярилцаад, бодол сэтгэлгээнийх нь талаар жаахан зөвлөгөө өгч, хүмүүсийг бага зэрэг ятгаад, үүнийгээ бодитой ажил хийж байна гэж үздэг. Энэ нь өнгөцхөн биш гэж үү? Энэ өнгөцхөн байдлын цаана ямар асуудал нуугдаж байна вэ? Гэнэн байдал биш гэж үү? Хуурамч удирдагчид туйлын гэнэн бөгөөд хүмүүс, зүйлсийг ч үнэхээр гэнэн байдлаар хардаг. Хүмүүсийн завхарсан зан чанараас илүү шийдвэрлэхэд хэцүү зүйл үгүй—тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй. Хуурамч удирдагчид энэ асуудлыг огтхон ч нэвт харж чадахгүй. Тиймээс чуулганд байнга үймээн дэгдээж, хүмүүсийг байнга хазаарлаж, зовоодог тийм зааварлагчдын тухайд хуурамч удирдагчид тэдэнтэй ярилцаж, хэдэн үгээр засахаас өөр юу ч хийдэггүй, тэгээд л боллоо. Хуурамч удирдагчид тэднийг цаг тухайд нь дахин хуваарилж, ажлаас нь чөлөөлдөггүй. Хуурамч удирдагчдын энэ арга зам нь чуулганы ажилд асар их хор хөнөөл учруулдаг бөгөөд ихэвчлэн зарим ёрын муу хүний үймээнээс болж чуулганы ажил хойшилж, саатаж, сүйдэж, хэвийн, саадгүй, үр дүнтэй явагдахгүй байхад хүргэдэг—энэ бүхэн нь хуурамч удирдагчид сэтгэл хөдлөлдөө тулгуурлан үйлдэж, үнэн-зарчмыг зөрчиж, буруу хүмүүсийг ашигласны ноцтой үр дагавар юм. Гаднаас нь харахад хуурамч удирдагчид антихристүүд шиг зориуд үй олон ёрын мууг үйлдэж, эсвэл өөрсдийнхөөрөө аливааг хийж, бие даасан хаанчлалаа байгуулдаггүй. Гэхдээ хуурамч удирдагчид чуулганы ажилд гардаг янз бүрийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чаддаггүй бөгөөд янз бүрийн багийн зааварлагчдад асуудал гарч, тэдгээр зааварлагч ажлаа хариуцаж чадахгүй болох үед хуурамч удирдагчид тэдний үүргийг цаг тухайд нь өөрчилж, эсвэл тэднийг чөлөөлж чаддаггүй нь чуулганы ажилд ноцтой хохирол учруулдаг. Энэ бүхэн нь хуурамч удирдагчид үүрэг хариуцлагаа цалгардуулснаас болдог. Хуурамч удирдагчид үнэхээр жигшүүртэй биш үү? (Тийм.)
IV. Ажлын зохицуулалтыг зөрчиж, юмыг өөрийнхөөрөө хийдэг зааварлагчдад хуурамч удирдагчид хэрхэн ханддаг тухай
Зааварлагчид бусдыг тарчлааж, хязгаарлаж, чуулганы ажлыг үймүүлэх гэх мэт чуулганд гардаг ёрын муу үйлдлийг хуурамч удирдагчид цаг тухайд нь зохицуулж чаддаггүй. Үүнтэй адилаар, зарим зааварлагч Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг зөрчиж, юмыг өөрийнхөөрөө хийх үед хуурамч удирдагчид эдгээр асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх зохистой шийдэл олж чаддаггүй. Энэ нь чуулганы ажил болон Бурханы гэрийн эд материал, санхүүгийн нөөцөд хохирол учруулдаг. Хуурамч удирдагчид гэнэн, өнгөцхөн, үнэн-зарчмыг ойлгож чаддаггүй, ялангуяа хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Үүний үр дүнд тэд ажлаа ихэвчлэн өнгөцхөн байдлаар хийж, хэлбэрдэж, дүрэм журам мөрдөж, уриа лоозон хашхирдаг ч ажлын байран дээр нь очиж ажлыг шалгах, зааварлагч бүрийг ажиглаж, асуух, эсвэл эдгээр зааварлагч юу хийсэн, тэдний үйлдлийг чиглүүлдэг зарчим ямархуу болох, дараагийн үр нөлөө нь юу болох талаар цаг тухайд нь асууж лавладаггүй. Үүний үр дүнд тэд ашиглаж буй хүмүүс нь үнэндээ хэн болохыг, юу хийснийг огт мэддэггүй. Иймээс эдгээр зааварлагч Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг нууцаар зөрчиж, юмыг өөрийнхөөрөө хийхэд хуурамч удирдагчид энэ талаар мэддэггүйгээр үл барам, бүр зааварлагчдыг өмөөрөхийг оролддог. Тэд энэ талаар сонссон ч гэсэн цаг тухайд нь шалгаж, зохицуулдаггүй. Хуурамч удирдагчид нэг талаар ажилдаа чадваргүй, нөгөө талаар үүргээ цалгардуулдаг. Нэг жишээ авъя. Нэг удирдагч өөр багаас хасагдсан хүнийг тариалангийн техникчээр сонгожээ. Тэрээр энэ хүн холбогдох туршлага, мэргэшилтэй эсэх, ажлыг сайн хийж чадах эсэх, эсвэл нухацтай, хариуцлагатай хандлагатай эсэхийг шалгалгүйгээр түүнийг тэр үүрэгт ажилд томилсныхоо дараа огт хяналгүй орхиж, “Явж, ногоо тарьж эхэл. Чи үр сонгож болно, ямар ч хэмжээний мөнгө зарцуулсан би батална. Зүгээр л энэ ажлыг өөрөө мэдээд хий!” гэжээ. Удирдагч ингэж хэлсэн тул энэ зааварлагч ажлыг өөрөө мэдээд хийж эхэлсэн. Түүний эхний даалгавар нь үр сонгох явдал байв. Тэр онлайнаар шалгах үедээ “Хүнсний ногооны дэндүү олон төрөл байдаг юм байна—энэ асар уудам дэлхий ер бусын зүйлсээр дүүрэн юм аа! Үр сонгох нь нэлээд хөгжилтэй юм. Би энэ ажлыг өмнө нь хэзээ ч хийж үзээгүй, үүнийг ингэтлээ сонирхоно гэдгээ мэдсэнгүй. Нэгэнт би үүнийг ингэж их сонирхож байгаа болохоор нэг сайн үзээд алдъя!” гэж боджээ. Тэр эхлээд улаан лоолийн үрийн тасгийг нээгээд үнэхээр гайхсан. Төрөл бүрийн сорт, бүх төрлийн хэмжээтэй байсан бөгөөд өнгөний хувьд улаан, шар, ногоон өнгөтэй байв. Нэг төрөл нь бүр алаг өнгөтэй байсан—тэр урьд өмнө хэзээ ч ийм юм харж байгаагүй бөгөөд энэ нь түүний нүдийг үнэхээр нээжээ! Гэхдээ тэр зөв үрийг яаж сонгох вэ? Тэр сорт бүрээс, ялангуяа маш өвөрмөц харагддаг алагласан өнгөтэй төрлөөс бага зэрэг тарихаар шийдсэн. Зааварлагч өөр өөр хэмжээ, өнгө, хэлбэртэй 10 гаруй сортын улаан лооль сонгожээ. Улаан лоолийн үрийг сонгосны дараа хаш сонгох цаг болсон. Ихэвчлэн хүмүүсийн иддэг хашийн төрөл нь урт, нил ягаан өнгийн хаш, эсвэл цагаан хаш байдаг ч тэрээр “Хаш зөвхөн энэ хоёр төрлөөр хязгаарлагдах ёсгүй. Ногоон, хээтэй, урт, дугуй, зууван сортууд бий. Би төрөл бүрээс нь цөөхнийг сонгоё, ингэвэл хүн бүр оюунаа тэлж, бүх төрлийн өөр өөр хаш иднэ. Зааварлагчийн хувьд би үр сонгохдоо ямар чадварлаг, зоригтой, ах, эгч нарт хэрхэн анхаарал тавьж, хүн бүрийн амтыг хангаж байгааг хар даа” гэж боджээ. Дараа нь тэр сонгинын үр сонгов. Нутагт нь нийт 14 төрлийн сонгино байсан бөгөөд бүгдийг нь сонгож дуусмагцаа тэр нэлээд сэтгэл хангалуун байв. Энэ зааварлагч “зоригтой” юу? Хэн ийм олон сорт сонгож зүрхлэх вэ? Дараа нь Намайг энэ явдлыг задлан шинжилсээр байхад нэг хүн бүр: “Орон нутгийн хэмжээнд ердөө 14 сорт байдаггүй; түүний сонгоогүй хэд хэдэн сорт байсаар байгаа!” гэж хэлсэн. Түүний хэлэх гэсэн зүйл бол 14 сорт тийм ч олон биш, зааварлагчийн сонгоогүй өөр сортууд байсаар байгаа тул зааварлагч буруу юм хийгээгүй гэсэн үг байв. Ингэж хэлсэн хүн мулгуу биш гэж үү? Энэ бол мулгуу, хүний хэл ойлгодоггүй, яагаад энэ асуудлыг задлан шинжилж байгааг минь мэдэхгүй байгаа хэрэг юм. Сонгинын үрийг сонгосны дараа зааварлагч дор хаяж найман сортын төмс бас сонгожээ. Ийм олон сорт сонгох зорилго нь юу байсан бэ? Хүн бүрийн оюуныг тэлж, янз бүрийн өөр амтыг амтлуулах явдал байв. Зааварлагч үр сонгох нь ах, эгч нарт ашиг тустай байх зарчимд үндэслэх ёстой гэж үзжээ. Түүний сэдлийг юу гэж бодож байна вэ? Хүн бүрийн өмнөөс бодож, хүн бүрд үйлчлэх хандлагад үндэслэн үйлдэх нь Бурханы гэрийн шаарддаг зарчим мөн үү? (Биш.) Тэгвэл үр сонгох Бурханы гэрийн зарчим юу вэ? Бидний байнга иддэггүй зарим хачин, ховор сортыг бүү тарь. Байнга иддэг сортуудын тухайд гэвэл, хэрвээ бид тэдгээрийг өмнө нь тарьж үзээгүй, нутгийн хөрс, уур амьсгалд тохирох эсэхийг мэдэхгүй бол нэг, хоёр сорт, хамгийн ихдээ гурав, дөрвийг сонго. Нэгдүгээрт, тэдгээр нь нутгийн хөрс, уур амьсгалд тохиромжтой байх ёстой; хоёрдугаарт, ургуулахад амархан, өвчин, хортон шавжид өртөмтгий биш байх ёстой; гуравдугаарт, дараа жилийнхээ үрийг өгөх ёстой; эцэст нь, ургац сайн өгөх ёстой. Хэрвээ амттай ч ургац муутай бол тохиромжгүй. Үр сонгох явдлаас харахад энэ зааварлагч зарчмын дагуу ажилласан уу? Тэр эрж хайсан уу? Дуулгавартай байсан уу? Бурханы гэрийг бодолцсон уу? Үүрэг гүйцэтгэхэд байх ёстой хандлагаар ажилласан уу? (Үгүй.) Тэр цадиггүй авирлаж, муу юм хийж, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг илт зөрчиж, юмыг өөрийнхөөрөө хийж байсан нь тодорхой байна! Тэрээр хувийн сониуч зан, зугаацах хүслээ хангахын тулд Бурханы тахилыг ийм маягаар үрэн таран хийж, ийм чухал даалгаврыг тоглоом мэт үзсэн ч түүний хуурамч удирдагч асууж лавлаж, хөндлөнгөөс оролцолгүйгээр түүнийг хүссэнээр нь авирлуулсан. Түүнээс, “Чиний сонгосон зааварлагч үнэхээр ямар нэг ажил хийсэн үү? Үр дүн нь ямар байсан бэ? Үр сонгох тухайд чи түүнд шалгаж өгч тусалсан уу?” гэж асуухад тэр энэ явдалд анхаарал хандуулаагүй бөгөөд зөвхөн “Үрийг тарьчихсан; тарих үед бид талбай дээр очсон” гэж л хэлсэн. Тэр өөр ямар ч асуудлыг тоогоогүй. Эцэст нь энэ зааварлагчийн асуудлыг хэрхэн олж илрүүлсэн бэ? Тэр бага зэрэг гүзээлзгэнэ тарьсан бөгөөд холбогдох техникийн тодорхойлолтын дагуу гүзээлзгэнийн ургамлыг эхний жилдээ хучих ёсгүй, эсвэл жимс ургуулж болохгүй, бүх цэцгийг нь тайрч авах ёстой; эс бөгөөс хоёр дахь жилдээ ямар ч жимс гарахгүй, эхний жилдээ жимс гарсан ч маш жижигхэн байна. Мэргэжилтнүүд үүнийг зааварлагчид хэлсэн ч тэр сонсоогүй. Түүний тайлбар нь эхний жилдээ гүзээлзгэнийн ургамлыг гялгар уутаар хучиж, жимс ургуулж болно гэсэн онлайн мэдээлэлд үндэслэсэн байв. Үүний үр дүнд үрээр бүрхэгдсэн янз бүрийн хачин хэлбэртэй жижиг гүзээлзгэнэ ургасан—зарим нь исгэлэн, зарим нь чихэрлэг, зарим нь амтгүй—бүх төрлийнх байсан. Асуудал ийм ноцтой болсон байхад тэнд байсан хуурамч удирдагчид үүнийг бүрэн үл тоосон. Яагаад? Учир нь тэд угаасаа тэр гүзээлзгэнийг идэж чадахгүй гэж бодсон тул асуудлыг үл тоомсорлохоор шийдсэн. Ямар нэг зүйлийг идэж чадахгүй байна гэдэг нь үүнийг тоох ёсгүй гэсэн үг үү? Тэдний идэх төмс, сонгинын тухайд гэвэл—тэд тэдгээрийг тоосон уу? Энэ хуурамч удирдагчдын хэн нь ч тоогоогүй; тэд зүгээр л зааварлагчийн хүссэнээрээ авирлахыг харж байсан. Нэг өдөр Намайг тэдэн дээр очиход нэг хүн шанцай хуучирсан, удахгүй хураахгүй бол хэн ч идэж чадахгүй, дэмий үрэгдэнэ гэж мэдээлсэн. Гэвч зааварлагч шанцайг хураалгүй орхихоор зүтгэж, хэрвээ хураавал өөр ногоо тарих хэрэгтэй болно, тэгэх нь төвөгтэй гэж хэлсэн. Энэ талаар мэдэж байсан хэр нь хуурамч удирдагчид юу ч хийгээгүй. Эцэст нь Дээрх тэдэнд шанцайг хурдан хурааж, нөхцөл байдлыг зохицуул гэж тушаасан; эс бөгөөс шанцай газар эзэлж, зуны ногоо тарихад саад болох байв. Ажилд ийм ноцтой асуудал гарсан хэр нь хуурамч удирдагчдын хэн нь ч энэ талаар юу ч хийгээгүй, тэд хүмүүсийг гомдоохоос дэндүү их айсан. Учир нь зааварлагчийг хуурамч удирдагч дэвшүүлсэн бөгөөд түүнийг дэвшүүлснийхээ дараа ажлыг нь хэзээ ч шалгаагүй, хүссэнээрээ авирлахыг нь зөвшөөрч, дэмжлэг үзүүлж, арыг нь даасан, бусад удирдагчид хөндлөнгөөс оролцож зүрхлээгүй, тэдэнтэй гар нийлж мууг үйлдсэн тул эцэст нь маш олон бэрхшээл үүссэн. Энэ бол удирдагчдын хийсэн ажил юм. Тэднийг удирдагчид гэж нэрлэсэн хэвээр байж болох уу? Ийм ноцтой асуудал яг хамар дор нь болж байхад тэд үүнийг шийдвэрлэх нь бүү хэл, асуудал гэж таньж ч чадаагүй. Тэд хуурамч удирдагчид биш гэж үү? (Мөн.) Нэг талаар тэд бялдууч байсан бөгөөд бусдыг гомдоохоос айж байсан. Нөгөө талаар тэд асуудал хэр ноцтой болохыг мэдээгүй, үнэн зөв дүгнэлт хийгээгүй, энэ бол асуудал гэдгийг мэдээгүй, энэ ажил өөрсдийнх нь үүрэг хариуцлагын цар хүрээнд багтдагийг мэдээгүй. Тэд ямар ч нэмэргүй, үрэн таран хийгчид биш гэж үү? Энэ нь үүрэг хариуцлагаа цалгардуулсан хэрэг биш гэж үү? (Мөн.) Энэ бол дөрөв дэх нөхцөл байдал: зааварлагчид Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг зөрчиж, юмыг өөрийнхөөрөө хийх. Бид нэг жишээ татсан бөгөөд энэ хэрэг дээр хуурамч удирдагчид үүрэг хариуцлагаа цалгардуулж байсныг ил болгож, хуурамч удирдагчдын уг чанар-мөн чанарыг илчилсэн.
V. Бие даасан хаанчлал байгуулдаг антихрист зааварлагчдад хуурамч удирдагчид хэрхэн ханддаг тухай
Бас нэг нөхцөл байдал бол зааварлагч дээд тушаалтныхаа эсрэг тэрсэлж, бие даасан хаанчлал байгуулдаг—эдгээр зааварлагч бол антихрист юм. Зааварлагч дорд хэв чанартай, хүн чанар муутай, муу юм хийж цадиггүй авирладаг гэх мэт асуудлын тухайд хуурамч удирдагчид хяналт тавих үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Мөн уг хүн ажилд тохирох эсэхийг тодорхойлохын тулд ийм зааварлагчдын хийж буй ажил болон тэдний асуудлуудыг цаг тухайд нь шалгаж, асууж лавлаж чаддаггүй. Үүний нэгэн адилаар, хуурамч удирдагчид хорлонтой, харгис хүмүүс болох антихристүүдийн уг чанар-мөн чанарыг нэвт харж бүр ч чаддаггүй. Нэвт харж чаддаггүйгээр үл барам, үүний зэрэгцээ энэ хүмүүсээс жаахан айж, бага зэрэг аргагүйдэж, хүчин мөхөстөж, ихэвчлэн антихристүүдэд дөрлүүлэхдээ тулдаг. Энэ нь хэр ноцтой болох боломжтой вэ? Антихристүүд хуурамч удирдагчдын ажлын хүрээнд бүлэглэл байгуулж, өөрсдийн хүчийг цуглуулж, бие даасан хаанчлал байгуулж, эцэст нь эрх мэдлийг гартаа авч, шийдвэр гаргаж эхэлдэг ба хуурамч удирдагчдыг нэр төдий удирдагч болгон хувиргадаг. Энэ хуурамч удирдагчид антихристүүдийн шийддэг, мэддэг зүйлсийг ер мэдэхгүй үлдэж, тэдний талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Ямар нэг зүйл тохиолдож, хэн нэгэн түүнд мэдээлсний дараа л эдгээр зүйлийг мэддэг боловч тэр үед аль хэдийн оройтсон байдаг. Хуурамч удирдагчид бүр антихристүүдээс яагаад өөрт нь мэдэгдээгүйг асуудаг ба тэд: “Чамд хэлээд ямар хэрэгтэй юм бэ? Чи юуны ч талаар шийдвэр гаргаж чадахгүй тул үүнийг чамтай ярилцах шаардлагагүй байсан, бид өөрсдөө шийдвэр гаргасан. Бид чамд мэдэгдсэн ч гэсэн чи гарцаагүй зөвшөөрөх байсан. Чи ямар санал хэлж чадах байсан юм бэ?” гэдэг. Хуурамч удирдагчид ийм хэрэг дээр аргагүйддэг. Хэрвээ чи эдгээр антихристийг ялган таньж, шийдвэрлэж, зохицуулж чадахгүй бол Дээрхэд мэдээлэх ёстой, гэтэл чи тэгж зүрхэлдэг ч үгүй—чи ямар ч нэмэргүй амьтан биш гэж үү? (Тийм.) Ийм хэрэг явдалтай тулгарах үедээ ямар ч нэмэргүй энэ том амьтад Над дээр ирж нулимс унаган гомдоллож, “Энэ миний буруу биш; би тэр шийдвэрийг гаргаагүй. Тэдний гаргасан шийдвэр зөв, буруу байсан нь надтай холбоогүй, учир нь тэд үүнийг хийхдээ надад мэдэгдээгүй, надад хэлээгүй” хэмээн гонгинодог. Тэд үүгээрээ юу гэж хэлж байна вэ? (Тэд хариуцлагаас зайлсхийж байна.) Удирдагчийн хувьд чи эдгээр асуудлыг мэдэж, ухамсарлаж байх ёстой; хэрвээ антихристүүд чамд юм хэлэхгүй бол чи яагаад өөрөө идэвх санаачилга гарган очиж асуудаггүй юм бэ? Удирдагчийн хувьд чи хэрэг явдал бүрийг зохион байгуулж, удирдаж, шийдвэр гаргаж байх ёстой; хэрвээ тэд чамд юу ч мэдэгдэхгүй, өөрсдөө шийдвэр гаргаж, дараа нь чамаар гарын үсэг зуруулахаар нэхэмжлэл илгээж байвал тэд чиний эрх мэдлийг булааж байгаа биш гэж үү? Антихристүүд чуулганы ажлыг үймүүлэхтэй тулгармагцаа хуурамч удирдагчид балмагддаг; тэд чонотой тулгарсан тэнэг хүн мэт арга мухардан, нэр төдий удирдагч болон хувирч, эрх мэдлээ булаалгах зуураа хүчин мөхөстөн зогсдог. Тэд энэ талаар ганц ч зүйл хийж чаддаггүй—ямар арчаагүй амьтад вэ! Тэд асуудал шийдвэрлэж чаддаггүй, антихристүүдийг ялган таньж, ил болгож чаддаггүй, ямар нэг муу үйл хийхийг нь хязгаарлаж лавтайяа чадахгүй. Үүний зэрэгцээ тэд эдгээр асуудлыг Дээрхэд мэдээлдэггүй. Тэд ямар ч нэмэргүй амьтад биш гэж үү? Чамайг удирдагчаар сонгох ямар хэрэгтэй юм бэ? Антихристүүд муу юм хийн цадиггүй авирлаж, тахилыг ил тод үрэн таран хийж, чуулган дотор өөрсдийн толгойлдог хүчийг бүрдүүлж, бие даасан хаанчлал байгуулдаг; харин чи тэднийг хянаж, ил болгож, хязгаарлаж, зохицуулж огт чаддаггүй атлаа Над дээр ирж гомдоллодог. Чи ямар гээчийн удирдагч вэ? Чи үнэхээр ямар ч нэмэргүй амьтан! Антихристүүдийн толгойлсон энэ бүлэглэлүүд юу ч хийж байлаа гэсэн өөр хоорондоо нууцаар ярилцаж, зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргадаг. Тэд удирдагчдад шийдвэр гаргах эрхийг байтугай, юу болж байгааг мэдэх эрхийг ч өгдөггүй. Тэд удирдагчдыг шууд үгүйсгэж, бүх эрх мэдлийг өөрсдөө атгаж, бүхнийг шийддэг. Тэднийг удирдах үүрэгтэй удирдагчид энэ бүхний дунд юу хийж байна вэ? Тэд энэ ажлыг шалгаж, хянаж, удирдаж, шийдвэр гаргаж огт чаддаггүй. Эцэст нь тэд антихристүүдэд эрх мэдлээ алдаж, антихристүүд өөрсдийг нь дээрээс удирдахад хүргэдэг. Энэ асуудал хуурамч удирдагчдын ажлаас үүдэлтэй биш гэж үү? Энэ асуудлын мөн чанар юу вэ? Энэ хаанаас үүдэлтэй вэ? Энэ нь хуурамч удирдагчид хэв чанар муутай, ажлын чадваргүй, антихристүүд тэднийг огт тоодоггүйгээс үүдэлтэй. Антихристүүд “Чи удирдагчийн хувьд юу хийж чадах юм бэ? Би чамайг сонсохгүй хэвээр байна, чамайг алгасаж юм хийсээр байх болно. Хэрвээ чи үүнийг Дээрхэд мэдээлбэл бид чамайг тарчлаана!” гэж боддог. Хуурамч удирдагчид ийм асуудлыг мэдээлж зүрхэлдэггүй. Хуурамч удирдагчид ажлын чадваргүйгээс гадна зарчмыг баримтлах зориггүй, хүмүүсийг гомдоохоос айдаг, үнэнч байдал огт байхгүй—энэ ноцтой асуудал биш гэж үү? Хэрвээ тэдэнд үнэхээр бага зэрэг хэв чанартай бөгөөд үнэнийг ойлгодог байсан бол эдгээр нөхөд муу гэдгийг хараад, “Би ганцаараа тэднийг ил болгож зүрхлэхгүй, тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг илүү их эрэлхийлж, ойлгодог хэдэн ах, эгчтэй нөхөрлөнө. Тэдэнтэй нөхөрлөсний дараа ч антихристүүдийг зохицуулж чадахгүй бол би асуудлыг Дээрхэд мэдээлж, тэднээр шийдвэрлүүлнэ. Би өөр юу ч хийж чадахгүй, гэхдээ би эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой; нэвт харсан асуудал, олж илрүүлсэн асуудлуудаа үргэлжлүүлэн өрнүүлж яавч болохгүй” гэх байсан. Энэ нь асуудлыг шийдвэрлэх арга зам биш гэж үү? Үүнийг бас хариуцлагаа биелүүлсэн гэж үзэж болохгүй гэж үү? Хэрвээ чи ингэж чаддаг бол Дээрх чамайг хэв чанар муутай, ажлын чадамжгүй гэж хэлэхгүй. Гэхдээ чи Дээрхэд асуудал мэдээлж ч чадахгүй тул чамайг ямар ч нэмэргүй амьтан, хуурамч удирдагч гэж тодорхойлдог. Чи хэв чанар муутай, ажлын чадамжгүйгээс гадна антихристүүдийг ил болгож, тэдэнтэй тэмцэхийн тулд Бурханд найдах итгэл, зориг ч чамд байхгүй. Чи ямар ч нэмэргүй амьтан биш гэж үү? Антихристүүдэд эрх мэдлээ булаалгасан хүмүүс өрөвдөлтэй юу? Тэд өрөвдөлтэй сонсогдож магадгүй; тэд ямар нэг муу юм хийгээгүй, ажилдаа маш болгоомжтой, алдаа гаргахаас, засалт туулахаас, ах, эгч нарт басамжлагдахаас ихэд айдаг. Гэсэн ч тэд эцэст нь яг нүднийхээ өмнө антихристүүдэд эрх мэдлээ бүрмөсөн булаалгаж, хэлсэн юм нь үр дүнгүй болж, байсан ч, байгаагүй ч ялгаагүй болдог. Тэд өнгөн дээрээ өрөвдөлтэй харагдаж болох ч үнэндээ нэлээд жигшмээр. Надад хэлээч, хүмүүсийн шийдвэрлэж чадахгүй асуудлыг Бурханы гэр шийдвэрлэж чадах уу? Хүмүүс асуудлыг Дээрхэд мэдээлэх ёстой юу? (Тийм, тэгэх ёстой.) Бурханы гэрт шийдвэрлэх боломжгүй асуудал гэж үгүй, Бурханы үг ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна. Чамд Бурханд итгэх жинхэнэ итгэл бий юу? Хэрвээ чамд ийм өчүүхэн итгэл ч байхгүй бол чи яаж удирдагч байх шаардлагыг хангаж чадах юм бэ? Чи арчаагүй амьтан биш гэж үү? Энэ зөвхөн хуурамч удирдагч байх тухай биш; чамд Бурханд итгэх хамгийн наад захын итгэл ч байхгүй. Чи бол үл итгэгч, удирдагч байхад зохисгүй!
Удирдагч, ажилчдын дөрөв дэх хариуцлагын тухайд бид хуурамч удирдагчид ажлын янз бүрийн зүйл болон зааварлагчдад хэрхэн ханддагийг ил болгохын тулд таван нөхцөл байдлыг жагсаалаа. Энэ таван нөхцөл байдалд үндэслэн бид хуурамч удирдагчдын хэтэрхий муу хэв чанар, чадамжгүй байдал, бодитой ажил хийх чадваргүй байдлын янз бүрийн илрэлийг задлан шинжилсэн. Ийм маягаар нөхөрлөснөөр хуурамч удирдагчдыг ялган таних талаар арай илүү ойлгож авав уу? (Тийм.) За тэгвэл, өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая. Баяртай!
2021 оны 1 дүгээр сарын 23